Ангилал: мэдээ-мэдээлэл

  • УИХ-ын гишүүн С.Батболдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдана

    УИХ-ын гишүүн С.Батболд сонгогдсон тойргийнхоо иргэдийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, өсвөр насны охид хөвгүүдийг спортоор хичээллэх сонирхлыг идэвхжүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг билээ.

    Уламжлал болон зохиогддог уг тэмцээн энэ жил Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14-р хорооны иргэдийн дунд 12 сарын 16, 17-ны өдрүүдэд 35-р сургуулийн спорт зааланд зохион байгуулагдах гэж байна.

    Тэмцээний тэргүүн байранд шалгарсан баг тамирчид цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдана. 2, 3-р байранд шалгарсан багуудад мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах аж.

    Тэмцээний удирдамж:

  • ИБУИНВУ-ын парламент дахь олон улсын парламентын бүлгэмийн төлөөлөгчид манай улсад ажиллаа

    УИХ-ын гишүүн, Монгол-Британийн Парламентийн бүлгийн дарга С.Батболдын урилгаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийлээ.

    Парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эрх баригч Консерватив намаас 3, Хөдөлмөрийн намаас 2, Либерал демократ намаас 1 гишүүн багтсан. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Оюу Толгойн бүтээн байгуулалттай танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, зарим Байнгын хорооны дарга нар болон Монголын Хөрөнгийн бирж, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

    Төлөөлөгчид Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 5,594 дахь арилжааг нээж, цан цохилоо. Цан цохих үйл ажиллагааны үеэр ноён Лимпнигийн Лорд Ховард сэтгүүлч нарт хандан хэлэхдээ ИБУИНВУ болон Монгол улс хоорондын дипломат харилцаа 1963 оноос эхэлсэн бөгөөд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны хамгийн анхны улс нь Их Британи улс байсныг онцлон тэмдэглэв. Хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагааны нэг том бэлэг тэмдэг нь Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн стратеги хамтын ажиллагаа бөгөөд цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

    Дашрамд дурьдахад УИХ дахь Монгол, Британийн Парламентын бүлэг 1996 онд анх байгуулагдсан. 2016 оноос УИХ дахь Монгол, Британийн Парламентын найрамдлын бүлгийн даргаар С.Батболд, дэд даргаар Н.Учрал, гишүүдээр Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, О.Содбилэг, А.Сүхбат, Д.Хаянхярваа, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.

    УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба

  • Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаар олон улсын уулзалт болж байна

    Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаарх Ази Номхон далайн лидерүүдийн Сүлжээний Зүүн хойд Азийн бүсийн анхдугаар уулзалт 2017 оны зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

    Уулзалтад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Монгол зэрэг орнуудын судлаач, ажиглагчид оролцож буй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, нэн ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож буй.

    Уулзалтын үеэр Монголын Хөгжлийн Стратегийн Хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлэв.

    Дээр дурьдсан асуудлуудаар тус Сүлжээний гишүүд болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга асан Нобуясү Абе, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд асан Сүнгхван Ким, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Н.Туяа, түүнчлэн Элчин сайд Ж.Энхсайхан зэрэг оролцогчид байр сууриа илэрхийлэв.

  • Их Британийн Элчин Сайдын Яам хатан хааныхаа 91 насны ойг тэмдэглэлээ

    Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс энэ жил Хатан хаан II Элизабетийн 91 насны ойг тэмдэглэж байна. Тэрбээр 1952 онд хаан ширээг залгамжилсан ба Британийн болоод дэлхийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хаан ширээнд сууж буй Хатан хаан юм.

    Улаанбаатар дахь Британийн Элчин Сайдын Яам энэ сарын 15-д Хатан Хааны төрсөн өдрийг төр, нийгмийн зүтгэлтнүүд, бизнесийн салбарынхан, Британид төгсөгчид болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй тэмдэглэлээ.

    Элчин сайд Катрин Арнолд ‘’Та бүхнийг хүрэлцэн ирж Хатан Хааны төрсөн өдрийг тэмдэглэж буйд баяртай байна. Төрсөн өдөр бол онцлох мөч юм. Британи-Монголын харилцаанд өнгөрсөн жил онцлон тэмдэглэх олон үйл явдал боллоо. Поло тэмцээн, зэрлэг ан амьтдын хулгайн ан болон худалдаалахтай тэмцэх, экспортын стандартыг сайжруулах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих ажлууд зэрэг Британи, Монгол улсуудад төдийгүй дэлхийд чухал хамааралтай олон зүйлс дээр хамтран ажиллаж байна‘’ гэлээ.

    Энэ үеэр Британийн алдарт инноваци, технологи, боловсрол болон соёлыг онцлон тэмдэглэсэн ба тус баярын хүлээн авалтыг Портмейрон, Рэнж Ровэр, Холидэй Инн зэрэг Британийн компаниуд ивээн тэтгэжээ. Төрсөн өдрийн бялууг Элчин сайд, Катрин Арнолд, УИХ-н гишүүн С.Батболд болон what3words хаягжуулалтын систем ашиглан Британийн Гадаад Хэргийн Яамны Төрийн нарын бичгийн даргаас урилга хүлээн авсан Цэсэндолгор гуай нар зүссэн талаар Британийн Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.

  • Өрх толгойлсон 1000 эх, хүүхдийг баярлуулах арга хэмжээ боллоо

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Есүй эх хүүхдийн эрхийг хамгаалах төв ТББ “Сүхбаатарын Батболд” сангийн дэмжлэгтэйгээр өрх толгойлсон 1000 ээж, тэднийг хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээг зохион байгууллаа.

    “Эх үрсийн инээмсэглэл-2017” арга хэмжээнд МУ-ын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд өрх толгойлсон эхчүүд, тэдний хүүхдүүд болон дүүргийн хүүхэд багачуудыг баярлуулж, хамтдаа нэг өдрийг өнгөрөөлөө. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 1000 ээжийг хүүхэдтэй нь баярлуулж байгаа бөгөөд өчигдөр Чингэлтэй дүүргийн 500 ээжийг хүүхэдтэй нь баярлуулсан бол өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 500 ээжийг хүүхдийх нь хамт баярлууллаа.

  • УИХ-ын гишүүн С.Батболд СоцИнтерний дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо


    Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 153 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй СоцИнтерн (Социалист Интернационал) байгууллагын ээлжит 25 дугаар их хурал Колумби улсын Картахена хотод 2017 оны 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд болж байна.

    Уг хуралд МАН-наас оролцож буй төлөөлөгчдийн тэргүүн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Батболд тус байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр 2012 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар 4 жилийн хугацаатай улиран ажиллахаар сонгогдлоо. Холбооны гишүүд С.Батболдыг уг албан тушаалд томилохдоо түүний улс төрийн туршлага, олон улс дахь нэр хүндийг харгалзсан юм байна.

    Тус холбоонд Монголоос ганцхан нам бүртгэлтэй байдаг нь МАН ба С.Батболдоос өмнө дэд ерөнхийлөгчид монгол хүн томилогдож байгаагүй аж.
  • Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг хэлэлцлээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хөтөлбөрийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Батболд асуулт асууж, дараах байр суурийг илэрхийллээ.

    Тэрээр Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлийн шалтгааныг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт, валютын хомсдолтой холбож тодорхойлж байгаа ч яг тодорхой зөв онош тавьж чадаж байгаа эсэх, хөтөлбөрт өнгөрсөн жил төсвөөс гадна байсан 7 их наяд төгрөгийг нэгдсэн төсөвтөө тусгасан эсэх, өрийн бүтэцдээ дүн шинжилгээ хийж чадсан эсэхийг тодруулав.

    Мөн хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газар өнгөрсөн 4 жил хариуцлагагүй, хууль хэрэгжүүлдэггүй, төсвийн сахилга батгүй, хэлсэн амандаа хүрдэггүй, итгэл алддаг байсныг эдийн засгийн хүндрэлийн үндсэн онош гэж үзэж байна. Иймд өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд Грек зэрэг орнуудын адил огцом нэг хоёр төсөл, “стандарт бус” арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээс илүүтэй хүндрэлийн шалтгаанаа зөв тодорхойлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэн Олон улсын валютын сан, бусад улс орнуудтай хамтран хөрөнгө оруулагчдын итгэлийг буцаан олж авах нь зүйтэйг онцлов.

    Түүнчлэн дунд болон урт хугацааны хөтөлбөрийг бодитой ажил болгож хэрэгжүүлэх арга замыг хөтөлбөртөө тусгаж, нэгдсэн стандарттай болохгүй бол 2 жил тутам нэг зүйлээ хэлэлцдэг, эдийн засгийн хүндрэл гарах бүрд давтдаг болоод байгааг анхааруулав.

    Эцэст нь европ стандартыг нэвтрүүлж, Европын холбоонд бараа, бүтээгдэхүүн эксплортлох, Японтой хийсэн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, 2 хөрштэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зэргээр экспорт, нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд Еврол стандартыг нэвтрүүлэх нь чухал тул энэхүү ажлыг хөтөлбөрт тусгах нь чухал гэлээ.

  • УИХ-ын гишүүн С.Батболд Соц-интерний хуралд оролцов

    УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд 2012 оноос дэлхийн зүүний үзэл баримтлал бүхий 170 гаруй намуудыг эгнээндээ нэгтгэсэн Соц-Интерний дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа билээ.

    Тэрээр энэ сарын 21-нд Нью-Иорк хотноо Нэгдсэн Үндэсний Байгуулагын 71-р чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан Соц-Интернийн тэргүүлэгчдийн уулзалтад оролцож, дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудыг зүүний чиглэлийн бодлогоо алдаглуулалгүйгээр хэрхэн шийдвэрлэх талаар илтгэл тавьж, байр сууриа илэрхийлэв.

    Уулзалтын үеэр С.Батболд эдийн засаг, байгаль орчин, салан тусгаарлах үзэл, терроризм зэрэг маш олон асуудал хүн төрөлхтний өмнө нэгэн зэрэг тулгараад буйг онцлоод эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хүн төвтэй, улс орнуудын хамтын ажиллагаа, нэгдмэл байдлыг ашгийн төлөө, хувийн эрх ашгаас дээгүүр тавих нь зүүний чиглэлийн улс төрийн үндсэн чиг баримжаанд нийцнэ гэлээ.

    Мөн тэрээр дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа асуудлаас 3 асуудлыг онцлов. Нэгдүгээрт. Европын холбооны улсуудын нэгдмэл байдлыг хангах нь дэлхийн хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдлыг богино хугацаанд сэргээхээс гадна хөгжиж буй орнуудын аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт. Терроризмийн талаар бодлогыг ислам-төвтэй агуулгаас ангид авч үзэх нь радикал үзлийн эсрэг муслим ард түмэнтэй хамтран тэмцэх боломжийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ нь тус холбооны социал демократ үзэл баримтлалтай нийцэх бөгөөд нэг жишээ нь төв азийн олон соёлт ард түмний энх тайвнаар зэрэгцэн оршиж буй юм. Гуравдугаарт. Байгаль орчны бохирдолын асуудлыг мөн л социал демократ зарчмаар шийдвэрлэх нь зохимжтой. Зөвхөн ашгийн төлөө бодлого, арга барил нь Монгол улсын хөрс, усыг ихээр бохирдуулсан. МАН-ын зүгээс байгаль орчинд ээлтэй бодлогыг баримталж байгаа бөгөөд энэхүү бодлогыг олон улсын хэмжээнд нэвтрүүлж, үлгэр дуурайл болох нь хөгжиж буй орнууд төдийгүй дэлхийн хэмжээнд байгаль хамгаалах үйлсийг дэлгэрүүлэх ач холбогдолтойг онцлов.

  • Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргээсээ гурав дахь удаагаа УИХ-д сонгогдлоо

    УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль орон даяар амжилттай болж өндөрлөлөө. УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өрсөлдөгчөөсөө үнэмлэхгүй олон санал авч УИХ-ын сонгуульд ялалт байгууллаа. Ингэснээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргээсээ гурав дахь удаагаа УИХ-д сонгогдлоо.
    С.Батболд өөрийг халуун дотноор хүлээн авч, сонгуулийн энэ өдрүүдэд дэмжиж ирсэн сонгогчдодоо чин сэтгэлийн талархлаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
    Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийнхээ сонгогчидтой 100 гаруй удаагийн уулзалт ярилцлага зохион байгуулж, сонгогчдынхоо санал бодлыг сонссон юм. С.Батболд сонгогч бүрийнхээ хэлсэн ярьсныг санаж, захисан захиасыг нь ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ Сүхбаатарчууддаа онцолж хэллээ.