Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Ерөнхий сайд С.Батболд БСШУ-ны сайдад үүрэг өглөө

    боловсрол, үүрэг, даалгаварЗасгийн газрын тэргүүний  орон нутагт ажиллах үеэр иргэдийн хамгийн их асууж, санаа зовоож байсан асуудал нь их дээд сургуулиудын сургалтын төлбөр асуудал байсан билээ. Түүний  томилолтын үр дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэж, үүний дотор уг  асуудлын талаар тодорхой шийдвэр гаргасныг өнөөдөр  Ерөнхий сайд  мэдээлэв. Тухайлбал, 2010-2011 оны хичээлийн жилийн бүтэн жилийн сургалтын төлбөрийг эхний хагас жилийн төлбөрөөр авах, өөрөөр хэлбэл есдүгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаагаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн аж. Үүнтэй уялдуулан сургалтын төрийн сангийн зээл төлбөрийг энэ хугацаагаар тооцож үзэх юм байна. Энэ арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг  БСШУ-ны сайдад өглөө.  Харин үүнээс хойших хугацааны төлбөрийн тодорхой хэсгийг Хүний хөгжил сангаас олох боломжийг ирэх оны төсөвт суулгаж өгөх ажлыг зохих хууль дүрмийн дагуу шийдвэрлэхийг   БСШУ-ны  сайд Ё.Отгонбаяр  болон Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус даалгалаа.  Сургалтын төлбөртэй холбоотой бас нэг зүйл нь хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдсэн асуудал байгаа аж. Валютын ханш доогуур байгаа хэдий ч гэсэн энэ богинохон цаг хугацааг ашиглан, бизнес эрхлэгчид хичээлийн хэрэгслийн үнийг үндэслэлгүй  нэмж байгаа нь зохисгүй гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, энэ асуудалд БСШУ-ны сайдыг анхаарч ажиллахыг  үүрэг болгов.

    Мөн түүнчлэн их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг  инфляцын дундаж төвшингөөс  дээш гаргахгүй байх, ялангуяа энэ зарчим төрийн өмчит их дээд сургуулиудад илүү үйлчлэх ёстойг Ерөнхий сайд сануулж байв. Иргэдэд хамгийн гол нь дарамт учруулахгүйгээр  зохион байгуулахыг үүрэг болгож байлаа. Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр яригдсан бас нэг том асуудал нь ажлын байрны хүсэлт байсан. Тэднийг ажлын байраар хангах боломжийн талаар  Засгийн газрын тэргүүн мөн  хөндлөө. Эхний ээлжинд Оюутолгой төсөлд 3200 хүнийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд монгол ажилчдаа бэлдэх боломжийг цаг алдалгүй зохион байгуулах үүрэг ч энэ үеэр өгөгдлөө. 

    Харин БСШУ-ны сайдын хэлснээр  их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг есдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаагаар бодох тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулж их дээд сургуулиудад мэдэгдлээ хүргүүлээд байгаа юм байна. Зарим их дээд сургууль төлбөрөө авчихсан байгаа учир буцаан олголт хийх үүргийг өгчээ. Төлбөрийнхөө талаар   их дээд сургуулиуд мэдээгээ бүрэн гүйцэт ирүүлээгүй байгааг Ё.Отгонбаяр сайд хэлж байв.  Инфляцын дундаж түвшнээс нэмэхгүй байх, нэмсэн тохиолдолд үндэслэлтэй тайлбар авахаа БСШУ-ны сайд мэдэгдэж байсан. Үндэслэлгүй нэмсэн тохиолдолд  Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хариуцлага тооцох болно гэдгээ ч дурдлаа. Харин хичээлийн хэрэгслийн хувьд эцэг, эхчүүдэд хүрэх сурах бичиг өнгөрсөн оны үнээр хүрэх юм байна.

    Оюутолгой төсөлд ажиллуулах  мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бэлтгэх 3200 ажилтны  тухайд энэ компанитай ярилцан, эргэж мэдээлэх тухайгаа дурдаад тухайн хүний чадварыг илүү харж үзэх учраас иргэд бүгд орчихно гэж бодож болохгүйг анхааруулж байв. Өөрөөр хэлбэл тэднээс шалгалт авах аж. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үндэсний зөвлөлийн уул уурхайн салбар зөвлөлийн шугамаар бэлтгэгдэж буй иргэдийг бусад компанид ажилд оруулах асуудлыг ч зохион байгуулж байгаа юм байна. Ажилчдыг бэлтгэхдээ аймаг орон нутаг, нийслэл дүүргээс тодорхой квотоор авах ажээ. Эцэст нь Ерөнхий сайд С.Батболд энэ бүх ажил иргэдэд нээлттэй,  ил тод, мэдээлэл нь зөв хүрсэн байх ёстойг анхаарууллаа

  • С.Батболд : Баялгаа зөв зүйтэй ашиглах нь бидний зорилго

    С.Батболд : Баялгаа зөв зүйтэй ашиглах нь бидний зорилгоАшигт малтмалаа түүхийгээр нь гадагш гаргах бус, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, баялгаа зөв зүйтэй ашиглах нь бидний зорилго. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, чадавхийг бий болгоход ХБНГУ-ын туслалцаа, дэмжлэг чухал. Улс орноо хөгжүүлэхийн тулд засаглалаа сайжруулж, ил тод, нээлттэй, шударга, хариуцлагатай, тогтвортой орчин бий болгоно. Иймээс Европын Холбооны стандартыг бүх шатанд нэвтрүүлэхийг зорьж байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв.

    Тэрээр 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Дирк Нийбел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа ингэж хэллээ. ХБНГУ нь манай улсад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг эхнээс нь тууштай дэмжин, тусламж дэмжлэг үзүүлж ирсэн орны нэг бөгөөд өдгөө харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрээд байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

    Ашигт малтмалын ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаа энэ үед эдийн засаг, санхүү, техник, технологийн салбарт хамтрах, ялангуяа өндөр технологи, тоног төхөөрөмж авах, боловсон хүчин бэлтгэх зэрэгт ХБНГУ-ын  дэмжлэг, туслалцаа хэрэгтэй. Үүнд тус улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд хэлэв.

    Мөн ХБНГУ-д сурч, мэргэжил, боловсрол эзэмшсэн болон герман хэлээр ярьдаг 35 мянга гаруй монгол иргэнээр дамжуулж хүмүүнлэг, соёл, аялал жуулчлалын салбар, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх боломж ч бий гэж тэрээр үзэж байна. 

    Монгол Улс олборлох салбар дахь ил тод байдлыг амжилттай хэрэгжүүлж байгаад ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Дирк Нийбел талархлаа илэрхийлээд манайд үзүүлэх 24,1 сая еврогийн тусламжаа 3 сая еврогоор нэмэгдүүлснээ мэдэгдлээ.

    Энэ мөнгийг Ерөнхий сайдын хэлсэнчлэн уул уурхайн компаниудын засаглалыг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бичил уурхай, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэгт зарцуулах нь зүйтэй гэж ХБНГУ-ын тал үзэж байна.Монгол Улс хөгжлийн шинэ, шилдэг бодлого боловсруулж хэрэгжүүлэн амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа сайд Д.Нийбел илэрхийллээ.  
    ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд анх 1991 онд манай улсад айлчилж байсан юм

  • С.Батболд: Европын холбооны гишүүн орнуудын туршлагыг судлах хэрэгтэй байна

    С.Батболд: Европын холбооны гишүүн орнуудын туршлагыг судлах хэрэгтэй байнаЕвроп стандартыг эх орондоо нутагшуулах ажлыг эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэрээ өглөө. Тус ажлын хэсэг нь Монгол Улсад Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг хэрэгжүүлэх бодлогыг боловсруулах үүрэгтэй юм.

    Хуралдаанаар ажлын хэсгээс боловруулсан төлөвлөгөөний төслийг хэлэлцээд Ерөнхий сайд болон зарим сайд нарын саналыг тусгаж сайжруулахаар боллоо. Социалист замаар замнаж асан зүүн Европын орнууд тухайлбал, Болгар, Унгар, Румын, Чех, Словак, Польш зэрэг улсууд Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг өөрсдийн оронд амжилттай хэрэгжүүлснээр тус холбооны бүрэн эрхэт гишүүн болсон. Европын холбооны гишүүн болоход улс орнуудаас хамгийн түрүүнд тус холбооны стандартыг нэвтрүүлсэн байхыг шаарддаг.

    Манай улс эдгээр улстай уламжлалт харилцаатай, нэгэн үе нийгмийн ижил системтэй байсан учраас Европын холбооны стандартыг нэвтрүүлэхэд эдгээр улсуудын туршлагыг судлах учиртай юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тайлбарлаад “Эдгээр улс орнууд ч манайд туслахад бэлэн байгаа” гэдгийг онцоллоо.

    Мөн манай улс Европын холбоотой түншлэл хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа. Энэ гэрээнд бидний энд яриад буй Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар тусгай бүлэг бий. Европын холбоо үүнийг бүрэн дэмжиж байгаа. Тиймээс энэ төлөвлөгөөгөө дахин боловсруулаад ажлаа яаравчлахыг Ерөнхий сайд С.Батболд даалгалаа. Тус ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг даргалдаг бөгөөд түүний нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишигийг ажиллуулахаар тогтлоо

  • Ерөнхий сайд Хятадын жанжин штабын дэд даргыг хүлээн авч уулзав

    БНХАУ, хятад, уулзалтМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол-Хятадын батлан хамгаалах салбарын жил бүрийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор манай улсад ирээд байгаа БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) Жанжин штабын дэд дарга, генерал Ма Сяотан тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны наймдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж ирснийг, тухайлбал монголын цэргийн албан хаагчдыг БНХАУ-ын цэргийн сургууль, дамжаанд сургах, хамтарсан дадлага сургууль зохион байгуулах, буцалтгүй тусламж олгох чиглэлээр үр ашигтай хамтран ажиллаж байгааг дурдлаа.
    Түүнчлэн Монгол Улсын Батлан Хамгаалах Яаманд (БХЯ) БНХАУ-ын БХЯ-аас үзүүлсэн буцалтгүй тусламжаар Монголын зэвсэгт хүчин Нөхөн сэргээх төвтэй болж байгаа нь дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа монголын энхийг сахиулагчдын бие бялдар, сэтгэл санааг дэмжих чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэдгийг тэмдэглэлээ.

    2009 оны долдугаар сард хоёр орны зэвсэгт хүчин энхийг сахиулах чиглэлээр БНХАУ-д хамтарсан сургууль амжилттай явуулсан нь хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг Ерөнхий сайд мөн онцлоод, цаашид талууд энхийг сахиулах чиглэлээр хамтарсан сургууль, дадлага хийх, манай улсад зохиогддог “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургуульд ХАЧА-иас цэргийн баг оролцуулж хамтран ажиллах, туршлага солилцох боломжтой юм гэдгийг хэллээ.
    БНХАУ нь НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон. Тиймээс хоёр тал НҮБ-ийн хамтын ажиллагааны хүрээнд олон улс, бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, энхийг сахиулах хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна гэж Ерөнхий сайд мөн хэлэв.

    Генерал Ма Сяотан өндөр түвшинд хүлээн авч байгаад Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн мэндчилгээг хүргэлээ. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, тэр дундаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 8 дугаар сарын 18-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛД АЖИЛЛАХ МОНГОЛ АЖИЛЧДЫГ СИСТЕМТЭЙГЭЭР БЭЛТГЭНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд баруун есөн аймагт албан томилолтоор ажиллан иргэдтэй уулзах үед ажлын байр хүссэн, тэр дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хүн олон байсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ талаар онцгойлон ярьж, асуудлыг системтэйгээр шийдэх үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нарт тус тус өглөө. Ингэснээр орон нутгийн залуус Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурч мэргэжил эзэмшиж, улмаар Оюутолгой төсөлд ажиллах боломж нээгдэж байна. Оюутолгой ХХК манай иргэдийг ажлын байртай болгоход зориулж гурван жилийн хугацаанд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн 3300 хүнд мэргэжил эзэмшүүлэх юм.

    2010-2011 оны хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн материаллаг баазыг бүрдүүлэх, сургалтын болон дотуур байрны зардал, суралцагчдад тэтгэлэг олгоход дээрх мөнгөнөөс зарцуулна.   

    Бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилчдыг Оюутолгой төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа уул уурхай, зам, төмөр зам, аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг томоохон төсөл, бүтээн байгуулалтад ажиллуулах талаар Оюутолгой ХХК-тай ярьж тохирохыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Түүнчлэн ажилгүй иргэдийг нэмж сургах боломжийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв бүрээр тооцож, аймаг, нийслэлээс суралцах ажилгүй иргэдийн тоог нарийвчлан гарган, суралцагчдад сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг тогтоох болж байна.

    Ажилгүй иргэдийг сургалтад хамруулахдаа урьдчилан нарийн судалгаа гаргаж, бэлтгэлээ бүрэн хангасны дараа өндөр хэмжээнд зохион байгуулан, сургалтад хамрагдах иргэдийг “Илгээлтийн эзэд”-ийн нэгэн адил тооцож дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм.

    Оюутолгой төсөлд ажиллах гадаадын мэргэжилтэн, ажиллах хүчний тоог жил бүр тогтоохдоо Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа иргэдийн тоог тус компаний монгол ажилтны тоонд оруулан тооцож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Одоогийн байдлаар Оюутолгой төсөлд 4366 хүн ажиллаж байгаагийн 1618 нь гадаадын, 2748 нь монголчууд юм. Оюутолгой төсөл нь дотроо барилга, ган хийц, механик, цахилгаан, дамжуулах хоолой зэрэг бүх салбарыг багтаасан дэд төсөлд хуваагдсан. 2012 он гэхэд ил уурхай ажиллаж жилийн дараа баяжмал үйлдвэрлэж эхлэхээр тооцоолж байна. Энэ жилдээ багтан суурийг нь тавьж, ирэх хавар ган хийцийг босгож, механик, цахилгаан, дамжуулах хоолойн хэрэгслийг суурилуулахаар төлөвлөжээ.  

    Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг Хүний хөгжил сангаас олгох боломжтой

    Инфляцын өсөлтөөс үүдэн их дээд сургуулиудын төлбөр нэмэгдсэн нь сүүлийн үед иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа юм. Тиймээс ард иргэддээ энэ хүндрэлтэй асуудлыг шийдэхэд нь туслах зорилгоор Засгийн газрын хуралдаанаас  сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний талаар тогтоол гаргахаар боллоо.

    Үүнд 2010-2011 оны  хичээлийн жилд их, дээд сургууль коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагч өөрөө хариуцан, үлдэгдэл төлбөрийг 2011 оны нэгдүгээр сараас эхлэн Хүний хөгжил сангийн хишиг, хувиас тооцуулж төлүүлэх зохицуулалт хийхээр болж байна.  Үүнтэй холбогдуулан   сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо 2010 оны 9-12 дугаар сараар тооцох,   2011 оны нэгдүгээр сараас Хүний хөгжил сангаас хишиг хувиа сургалтын төлбөр хэлбэрээр авахтай холбогдуулан санал боловсруулах, сургалтын төрийн сангийн  шалгуур үзүүлэлт, журам холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт даалгалаа.

    Дашрамд дурдахад 2010- 2011 оны хичээлийн жилд их,дээд сургууль, коллежийн дундаж төлбөрийг  726 мянган төгрөг байхаар тооцож байгаа юм байна.  2011 онд Хүний хөгжил сангаас нэг хүнд 500 мянган төгрөг олгогдохоор  төлөвлөгдөж байгаа бөгөөд зөрүүг оюутан өөрөө төлөхөөр байна. Энэ зөрүү нь ойролцоогоор эхний дөрвөн сард ногдох сургалтын төлбөртэй тэнцэхүйц болохоор байна. 

    Том төслүүдийг хэрэгжүүлэхдээ олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг эхний ээлжинд хангахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо

    Засгийн газраас хэрэгжүүлэхээр баталсан  бүтээн байгуулалтын төслүүдийн явцын талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, 2008-2012 оны Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аас баталсан хөтөлбөр төслүүдийн хүрээнд ЗТБХЯ-наас  дараах төслүүдийг хэрэгжүүлэхэд  бэлэн болжээ.  

    Тухайлбал барилгын салбарт 100 мянган айлын орон сууц, 96 сум дундын төв загвар төслийг хийхээр төлөвлөж байгаа бол, Авто замын салбарт 5572 км улсын чанартай автоа зам, 990 км хурдны зам, Улаанбаатар хотод 350 км автозамын шинэчлэлт, мөн Улаанбаатар хотод 212 км авто зам, долоон цэгт гүүрэн гарц барих юм байна. Харин төмөр замын салбарт төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын шинэ төмөр замын суурь бүтэц барих нэгдүгээр үе шатыг эхлүүлэхээр төлөвлөжээ.  Мөн үйлдвэржүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг эхлүүлэх юм байна. Дээрх төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлэхэд шаардлагатай байгаа холбогдох тооцоо, судалгааны ажлуудыг  ч хийж дуусгажээ.

    Засгийн газрын хуралдаанаас дээрх төслүүдийг яаралтай хэрэгжүүлж эхлэх, үүний тулд төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилтын эх үүсвэрийг уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх баталгаа гаргах замаар  бий болгох талаар шийдвэрийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

    Тавантолгой ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтооолыг хэрэгжүүлэх тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын мэдээллээс  үзвэл олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшний уурхай байгуулах, бүс нутгийн зах зээлд нүүрс нийлүүлэх, борлуулах нэгэн гол тоглогч болох зорилгоо хангахын тулд Тавантолгой ордыг ашиглах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч төрийн өмчит компани олборлолтын үйл ажиллагааг явуулах бэлтгэл ажлыг эхлүүлж, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүүлэх талаар нэлээд ажил хийгдээд эхэлжээ. Тавантолгой ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтоолын үзэл санааг дэлгэрүүлж, нарийвчлан зохицуулсан тодорхой шийдвэрийг Засгийн газрын түвшинд гаргах шаардлагатай гэж Д.Зоригт сайд хэллээ.  Ерөнхий сайд мэдээллийг сонссоны дараа энэ ажил нь  нэгдүгээрт нээлттэй ил тод байх, чадварлаг баг ажиллуулах, мөн монгол улс өөрийн эрх ашгаа нэгдүгээрт тавих ёстой гэдгийг сануулаад, бүтээн байгуулалтын томоохон ажлыг   эрчимжүүлэх үүргийг өглөө.

    Хамтарсан Засгийн газарт итгэх  итгэлийг улам батжуулсан томилолт боллоо

    Монгол улсын ерөнхий сайд С.Батболд хөдөөгийн иргэдийн аж амьдралтай газар дээр нь танилцахаар баруун болон төвийн бүсийн есөн аймгаар яваад ирсэн билээ. УИХ болоод Засгийн газрын зарим гишүүд, яам агентлаг, хэвлэл мэдээллийн ажилтнууд бүхий өргөн бүрэлдэхүүнтэйгээр 5600 орчим км газрыг   хорь гаруй хоногийн хугацаанд туулж, нийт ард иргэдтэй 21 удаа уулзалт хийжээ.  Төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын ажил байдалтай танилцан, давхардсан тоогоор 6300 орчим иргэд албан хаагчидтай уулзах явцад 200 гаруй санал шүүмжлэл, хүсэлт гарсан байна. Энэ хугацаанд орон нутгийн хэмжээнд тулгамдаад байгаа 16 асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.

    Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтыг хэлэлцэж, хамтарсан Засгийн газрын хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн танхимын гишүүд дүгнэлээ.  Иргэдийн засгийн газартаа итгэх итгэл улам нэмэгдэж,  хамтарсан Засгийн газар хамтраад юм хийж чадаж байна гэх урам очсон газар бүрт анзаарагдаж байсныг Ерөнхий сайд хуралдааны үеэр тэмдэглэлээ. Засгийн газар сайн ажиллавал бид ч бас ажлаа сайн хийх болно гэдэг эрмэлзэл их байгаагаа иргэд Ерөнхий сайдаас нуугаагүй аж. Малчдын зээлийн асуудал, сургалтын төлбөр, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажлын байрны хүсэлт зэрэг  иргэдийн зүгээс тавьж байсан эдгээр асуудлыг цаг алдалгүй, системтэй шийдэхийг  холбогдох сайд нарт Ерөнхий сайд үүрэг болголоо.

    Тухайлбал, оюутны сургалтын төлбөрийг “Эх орны хишиг”-ээс шийдэх боломжийг судлах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлахад шаардагдах улсын нөөц бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсвийн төсөлд тусгах  зэрэг болон  бусад зайлшгүй шийдэх ёстой асуудлуудыг аймаг бүрээр нь нэг бүрчлэн гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт хугацаа заан үүрэг болголоо.Мөн хэрэгжилтэнд нь хяналт тавих ажлыг зохион байгуулалтайгаар хийхээр Засгийн газрын хуралдаанаас тохирлоо.

    Ерөнхий сайдын энэ удаагийн  томилолт  өндөр ач холбогдолтой болсны хэрээр  мөн   хүлээлт бий болгож байгааг  танхимын гишүүд тэмдэглэлээ.

    ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 220 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 150 000 төгрөг болгов. Харин АИ-92 автобензин болон дизелийн түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварыг хэвээр үлдээж 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ногдуулахаар болов. Бусад алслагдсан боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

    Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар ЭБЭХЯ-наас оруулсан “Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 8 дугаар сард 7 дугаар сартай харьцуулахад А-80 автобензин тонн тутамд 68 ам доллар, АИ-92 автобензин 3 ам доллараар өссөн учир 8 дугаар сарын хилийн үнэ дээр татвар хураамжуудыг тооцож, агуулахын өртөг үнээр худалдах нь зүйтэй гэж үзжээ. Газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 2010 оны 1 дүгээр сард тонн нь 690 орчим ам.доллар байсан бол 8 сард 848 ам.доллар болж өсчээ. Цаашид хилийн үнэ буурах магадлалтай байгаа тул Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нөөцөлсөн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тохиромжтой үе гэж ЭБЭХЯ-наас үзэж байна. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
    Дизель түлшний импортын үнэ 40 мянган төгрөгөөр буурсан хэдий ч өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац хураалтын ажил эхэлж байгаа учир татварыг нэмэхгүй байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

    ИРГЭД ЗАСГИЙН ГАЗАРТАА ХАНДСААР БАЙНА

    Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагуудад 2010 оны 2 дугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 14877 өргөдөл гомдол ирсний 96.6 хувийг барагдуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.0 хувиар нэмэгджээ. Нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.6 хувьтай байна.

    Иргэд төрийн захиргааны төв байгууллагад хандан ихэвчлэн гэр, орон сууцаар хангах, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал  хүсчээ. Харин нутгийн захиргааны байгууллагууд малгүй болсон малчдын нийгмийн асуудал, банкны зээлийг хөнгөлөх, ажлын байр, мөнгөн тусламж, газар эзэмших, гэр, орон сууцтай болоход хөнгөлөлттэй зээл үзүүлэхийг хүссэн өргөдөл хүлээн авсан байна. 

    УСАН САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ТОГТООЛОО

    Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн эргэлтүүдийн цэгүүд,  усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон цэг, ойн сан бүхий газрын хилийн газарзүйн солбицолыг тогтоосон ажлын хэсгийн тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
    Үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл нь цуцлагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгох нөхөн олговрын тухай журам боловсруулж 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болголоо.
    Энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд 3335 талбайн 2833700 газарзүйн цэгийн солбицолыг тогтоож зурагт буулгасан байна. Улсын хэмжээнд 2007 онд  гадаргын усны тоо бүртгэлээр устай бүртгэгдсэн гол горхи, булаг шанд, нуур тойромын 71,6 хувийг хамруулж, энгийн хамгаалалтын бүсийг тогтоожээ. 
    Энэ ажлын хүрээнд 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамж гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд авч нэгтгэсэн байна. Хамгаалалтын бүсийг байршил, геологийн тогтоц зэргээс нь хамаарч хангайн уулархаг нутагт 200-500 м хүртэл, тал хээр, говьд 500-5000 м хүртэл зурвас үүсгэн газарзүйн солбицолыг хэмжиж баталгаажуулжээ.
    Хамгаалалтын бүс тогтоох ажилд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн 483 албан хаагч, иргэн оролцон, ажлын 54 хэсэг гарч 2010 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн 60 гаруй хоног ажилласан байна.

    ТОВЧХОН

    • УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Одбаяр, Б.Батбаяр, Д.Арвин нарын санаачлан боловсруулсан “Дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс зарим газрыг чөлөөлж, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагч нарт уламжлахаар болов. Төсөл санаачлагчид Богдхан уулын болон Дорнод монголын дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг чөлөөлөхөөр тогтоолын төсөл санаачилжээ. Дээрх газрууд нь Дэлхийн Хүн ба Шим мандалын дархан газрын сүлжээнд хамрагдсан, түүнчлэн хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн ашиг сонирхолд нийцүүлэн дархан цаазат газрын зарим хэсгийг чөлөөлөх нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж Засгийн газар  үзлээ.

    • Засгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар оны эхний хагаст цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд түлхэц болох томоохон арга хэмжээг бодит ажил хэрэг болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг нь дэмжих чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Байгалийн гамшиг, зудыг хохирол багатай  даван туулах, малчдад тусламж, дэмжлэг үзүүлэх, хаврын тариалалт, уринш бэлтгэхэд онцгой анхаарсан байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан зэргийг хэлж болох юм. 

    • Засгийн газар оны эхний 7 сард 43 удаа хуралдан 553 асуудал хэлэлцэн шийд гаргасан байна. 18 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар, 4 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, 60 асуудлыг Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлэхээр, 8 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 34 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 33 асуудлыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хойшлуулахаар, 61 асуудлаар Ерөнхий сайдын захирамж, 198 асуудлаар Засгийн газрын тогтоол гаргажээ.

    • Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 141 шийдвэрийн 217 заалтыг Засгийн газар хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс  59 заалт буюу 27.1 хувь нь биелж, 145 заалт буюу 67.3 хувь нь хэрэгжих шатанд, 12 заалтын биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 1 арга хэмжээ тасарсан байна.

    •  “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр худалдан авч нөөцөлсөн бензин, шатахууныг газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад гэрээний үндсэн дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж, орлогыг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор улсын төсөвт төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний болон Сангийн сайдад даалгалаа. 2008 оны 8,9 дүгээр сард нөөцөд авсан 28.29 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнээс одоо 24.09 мянган тонн үлдээд байна.

    • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдааныг 2010 оны 8 дугаар сарын 26-30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.

    • Өмнөговь аймаг дахь Гашуун сухайтын боомтыг “Химийн хорт болон аюултай бодис улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт”-д нэмж оруулав.

    • МИ-8 нисдэг тэрэгний осолд орж бэртсэн Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, дээд түрүүч Ж.Бадамжунайн эмчилгээний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Дээд түрүүч Ж.Бадамжунай нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах үүргээ гүйцэтгэж яваад осолд өртсөн онцгой байдал үүссэн, хөлнийх нь дунд чөмөгний бэхэлгээ төмрийг авах боломж манай улсад байдаггүй учир Засгийн газар хөрөнгийн асуудлыг шийдсэн байна.

    • Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50 000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хэрэгжүүлэх зорилгоор талбайг нөөцөд авлаа. 2010 онд шинээр нийт 24455,45 кв.км талбайд геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийхээр тусгасан бөгөөд үүний 30 хувь буюу 13385.6 кв.км талбайд геологийн судалгааны ажил хийхээр тооцжээ.

    • Монголын Хүүхдийн спортын 4 дүгээр их наадмыг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 2011 оны 8 дугаар сарын 20-ныг дуустал орон даяар зохион байгуулах болов. Наадам нь өсвөр насныхныг спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, спортоор хичээллэх сонирхлыг нь өрнүүлэх, тамирчдын залгамж халааг илрүүлэх,  өсвөр үеийнхний өвлийн болон зуны олимпийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

    • “Монгол туургатан” хүүхдийн өвлийн спортын анхдугаар наадмыг 2011 оны 2 дугаар сард, “Монгол-2011” олон улсын хийн бууны аварга шалгаруулах тэмцээнийг 5 дугаар сард, “Чингис хаан-2011” дэлхийн цомын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг 7 дугаар сард Орхон аймагт, Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов

  • С.Батболд: Аймаг бүрт мах, сүүний үйлдвэр байгуулах шаардлага байна. Үүнийг төрөөс дэмжинэ

    Ерөнхий сайд С.Батболд долоон аймгийн 60 гаруй сумаар 560Q км-ыг туулсан албан томилолтоо өндөрлөж, аялал эхэлсэн Өвөрхангай аймгийн Хархорин суманд эргэж ирэх үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    -Урт хугацааны аялал эхэлсэн газраа дуусч байна. Энэ удаагийн албан томилолтын үр дүнг та юу гэж үзэж байна вэ?

    -Бид ард түмэнтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсч, Засгийн газрынхаа бодлого шийдвэрийг танилцуулах, нөхцөл байдлыг газар дээр нь үзэх зорилготой яваад ирлээ. Ард иргэдийн маань сэтгэл санаа сайхан байна. Хатуу өвлийн зуд турхны дараа баруун болон хангайн бүс нутгаар зуншлага сайхан байлаа. Наадмын дараа намар гэдэг. Орон нутгийн удирдлага, ард иргэд маань өвөлжилтийн бэлтгэлдээ нэлээд анхаарч байгаа нь харагдлаа. Орон нутгийнхан байгаа нөөц боломжоо дайчлаад, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх олон ажил хийж байгаатай ч танилцлаа. Гэхдээ нийтлэг чанартай нэлээд асуудлыг ард иргэд, орон нутгийн удирдлага Засгийн газраас анхаарах хэрэгтэйг ярьсан. Ажлын байрны асуудал чухлаар тавигдаж байна. Үнэхээр ажилтай болж ядуурлаас гарах гарц байна. Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ төлөвлөж байгаа.Хамгийн бодитой зүйл нь бүтээн байгуулалтын томоо-хон төсөл болох Оюутолгой, Тавантолгойн төсөл, Төмөр замын бүтээн байгуулалтын том төсөл, аж үйлдвэрийн цогцолбор, орон сууцны хөтөлбөрийг барьж байгуулахад олон арван мянган ажлын байр шинээр бий болно. Үүнд бид хүнээ бэлтгэхэд онцгойлон анхаарах ёстой. 

    Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд зах зээлд хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлүүдээр залуучуудаа бэлтгэх шаардлагатай байна. Тиймээс орон нутгаас зохих хэмжээнд техникийн мэргэжлүүдээр иргэдийг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах шаардлага байгаа нь харагдаж байна. Үүнд БСШУЯ, НХХЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ зэрэг холбогдох яамд, орон нутгийн удирдлагууд анхаарал тавьж ажиллах үүрэг, даалгавар өглөө. Энэ ажлын явцтай бид ойрын үед танилцах болно.-Хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд юуг анхаарах вэ?-Ажлын байрыг нэмэгдүүлэх бас нэг гарц нь жижиг, дунд үйлдвэрлэл. Үүнийг төрөөс илүү нарийвчлалтай зохицуулж, дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа нь харагдаж байна. Бид нэг зүйлийг дагнахаараа шаардлагагүй хөрөнгө оруулалт, шаардлагагүй хүчин чадал их гаргадаг. Ноолуурын салбарт л гэхэд анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэр хэд дахин илүү гарсан байхад хэрэгцээтэй байгаа нарийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэл бий болоогүй байгаад анхаарах ёстой. Холбогдох яамд, жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлагаас энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийж, төлөвлөлт гаргах, илүү оновчтой, үр дүнтэй болгоход анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудлыг ард иргэд их тавьж байсан. 

    Хэдийгээр санхүүгийн хямралтай байгаа ч Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж жил бүр 30 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Мөн гадаад, дотоодын зээлтэй хамтатгаж, 100 орчим тэрбум төгрөгийг сүүлийн хоёр жилд жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтэд зарцуул-сан. Бид цаашид ч жижиг дунд үйлдвэрийг илүү боловсронгуй болгон, хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ шугамаар Японы Засгийн газартай жижиг, дунд үйлдвэрлэлийн хоёр дахь ээлжийн 50 сая долларын зээлийн талаар ярилцаж байгаа. Цаашид олон улсын болон дотоодын арилжааны банкуудтай хамтарч, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хүртээмжтэй, хугацааг нь урт, хүүг нь бага болгох чиглэлээр Засгийн газар анхаарах шаардлагатай. Ер нь орон нутгийн удирдлагын ажлын үндсэн шалгуур нь ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах явдал гэдгийг шат шатны удирдлагад анхааруулсан байгаа. Мөн орон нутгийн иргэдтэй холбоотой нарийвчилсан мэдээллийн санг бий болгох үүрэг даалгаврыг өглөө. Ингэснээр Засгийн газар цаашид нарийвчилсан мэдээлэл дээр үндэслэсэн төлөвлөгөө хийх боломжтой гэж үзэж байгаа юм. 

    -Малчдаас тавьж байгаа нэг асуудал нь малын түүхий эдийн үнэ ханш сул байгаа талаар байсан. Амьжиргааны эх үүсвэр болсон мах, сүүний борлуулалтад Засгийн газраас анхаарна гэж хэлж байсан?

    -Энэ бол орон нутгаас тавьж байгаа хоёр дахь том асуудал. Манай улс өнгөрсөн жил 44 сая мал тоолуулснаас 9.1 сая толгой мал хорогдож, 10 мянга орчим айл өрх огт малгүй болж, олон арван тэрбум төгрөгийн хохирол учирсан. Засгийн газраас олон арга хэмжээ авснаас хамгийн сүүлд гурван тэрбум төгрөгийн малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Ер нь “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх ажил эхэлж байгаа. Малчдаас тавьж байгаа гол асуудал бол махаа боловсруулж чадахгүй байна, үнэ нь хангалтгүй байна, тууварт их зардал гарч, ченжүүд дунд нь үнэ хөөрөгдөж байна гэж ярьж байгаа. Тэгэхээр Засгийн газраас нийлүүлэгч, худалдан авагч хоёрыг ойртуулахад бүх талаар нь анхаарах хэрэгтэй. Эрхзүйн талаас нь хөдөө аж ахуйн, махны бирж байгуулах ажлуудыг туршилтын байдлаар хийж эхэлсэн. Нөгөө талаас мах, сүүг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд энэ чиглэлийн үйлдвэрийг барих ёстой. Үүнтэй холбоотойгоор Хятадын засгийн газраас 200 сая долларын хөнгөлөлттэй зээлийг мал аж ахуйд зориулж авахаар ярьсан байгаа. Аймаг бүрт мах, сүүний үйлдвэр барьвал малчдыг зах зээлд нь ойртуулж өгөх боломж бүрдэх юм. Нөгөө талаар мах, сүүний . үйлдвэрийг малчдад хувьцаа эзэмшүүлэх хэлбэрээр төрөөс хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг тавьж байна. Энэ талаар хоёр талаас чармайж хэрэгжүүлэх ёстой. Төр бодлогоор нь дэмжиж, малчид илүү зохион байгуулалтад орох ёстой. Орон нутгаар явж бай-хад үйл ажиллагаа нь амжилт-тай явж байгаа хоршоо, нөхөрлөлүүд байна. Тиймээс мах, сүүний үйлдвэрийг орон нутагт томоохон хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх бодлогыг гаргах хэрэгтэй байна. Төрийн зохицуулалттай уул уурхайн томоохон компаниуд гарч байгаатай адил мах, сүүний чиглэлээр зах зээл, борлуулалтыг нь хариуцсан төрийн оролцоотой компани байгуулж ч болох юм гэсэн бодол төрж байна. Ингэснээр малчид маань байгалиас хараат байх эрсдэл багасна гэж үзэж байна. Төрөөс хувийн хэвшлийг дэмжинэ. Тэд махны үйлдвэр байгуулж байгаатай танилцлаа.

    -Ором нутагт өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа гурилын үнэ огцом өссөн талаар аймаг бүрт иргэд ярьж байсан. Үүнд төрөөс ямар арга хэмжээ авах вэ?

    -Хэдийгээр зах зээлийн нийгэмд амьдарч байгаа ч хүн амын амьжиргааны үндсэн хэрэгцээ болсон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшид төрөөс зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнтэй холбог-дуулж, Засгийн газраас тусгай бодлого боловсруулна гэдгээ хэлсэн. Энэ томилолтын үеэр онцгойлон тавьсан нэг зүйл нь гурилын үнийн асуудал. Гурилын үнэ огцом өсч байна гэсэн асуудал нэлээд яригдлаа. Үнэхээр өссөн байна. Дэлхийн зах зээл дээр гурилын үнэ өсөх магадлал байгаа гэсэн судалгаа гарч байгаа. ОХУ-д их халалт болж, 90 гаруй сая тонн ургац хураадаг бол энэ жил Засгийн газрынх нь тооцож байгаагаар 70 орчим сая тонн үр тариа хурааж авна гэж үзэж байгаа юм байна. 

    Тиймээс энэ жил үр тариа экспортлохгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор манай үйлдвэрлэгчид гурилын үнээ өсгөсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм үндэслэл манай орны хувьд харьцангуй бага байгаа. Атрын III аяны хүрээнд манай улс өнгөрсөн онд нийт гурилын хэрэгцээнийхээ 97 хувийг, төмс хүнсний ногооныхоо 50 хувийг дотооддоо хангах хэмжээний ургац хураасан. Энэ жил ч багагүй хэмжээний ургац хурааж авахаар төлөвлөж байна. Үндсэндээ улсын хэмжээнд үр тариагаар 100 хувь хангах, хүнсний ногоогоо 60 хувь хан-гаж болох тооцоог манай мэргэжлийн байгууллагууд гаргасан. Түүнээс гадна энэ оны эхний долоон сарын байдлаар зах зээлд гаргаж байгаа гурилын нийлүүлэлтийг харахад өнгөрсөн оныхоос 20 гаруй хувиар илүү байгаа юм. Энэ утгаараа манайд гурилын үнэ өсөх шалтгаан надад бол харагдахгүй байна. Тиймээс гурилын үнийг өсгөх болсон үндэслэлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгаж үзэх үүрэг өгсөн.

    -Баруун бүсийнхний хувьд хэзээ бүсийн нэмэгдэлтэй болохыг асууж байсан. Үүнтэй холбоотойгоор хөдөөгийн хөгжлийн индекс бий болгох шаардлагатай талаар ярьж байсан?

    -Баруун бүс нутгуудад тулгамдсан нэг асуудал хязгаар нутгийн нэмэгдэл. 5600 км-ийг туулж явахад бидэнд мэдрэгдсэн. Асар их шатахуун, амаргүй замаар нийслэлээс бараа бүтээгдэхүүн татна гэдэг бол их зардал гаргаж байна. Энэ утгаараа төвийн бүсийн нутагтай харьцуулахад тэгш бус байдлаар хэрэглэгчдэд очиж байна. Үүнийг бид шийдэх хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын ТОДОТГОЛЫГ хийхээр тооцож байгаа. Хөдөөгийн хөгжлийн индексийг гаргая. Хөдөө орон нутагт бараа бүтээгдэхүүн өртөг зардлын хувьд ижил тэгш очих ёстой. Төрийн үйлчилгээг хүргэх зардал хөгжлийн индекс дээр нь тулгуурласан зарчмаар хүрэх ёстой. Нөгөө талаар хөдөө очиж байгаа төрийн үйлчилгээ тодорхой стандарттай очих ёстой. Тиймээс хөдөөгийн хөгжлийн индекс, стандартыг Засгийн газар боловсруулж, УИХ-д оруулах болно.

    -Томилолтын үеэр Тайширын усан цахилгаан станцтай танилцсан. Холбогдох хүмүүсийн ярьж байсанчлан энэ станц удахгүй бүрэн хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэж ойлгож болох уу?

    -Дэд бүтэц, эрчим хүч бол баруун бүс нутгийнхний тулгамдсан гол асуудал. Говь-Алтай,3авханд эрчим хүчний байнгын эх үүсвэр байхгүй байгаа нь төрийн үйлчилгээ бүрэн хүрч чадахгүй байгаа гэсэн үг. Төрөөс найдвартай эр-чим хүчээр бүс нутгийг хангах бодлогыг үе шаттайгаар авч байгаа. Тайширын усан цахил-гаан станцтай газар дээр нь очиж танилцлаа. Туршилтын шатандаа ороход бэлэн болсон байна. Бүс нутгийн эрчим хүчийг найдвартай хангахад Могойн голын усан цахилгаан станцыг байгуулах ёстой гэсэн хүлээлт Говь-Алтай, Завханчуудад байна. Энэ хоёр усан цахилгаан станцыг хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарах болно. Замын асуудал байна. Зам тавих ажил удаан ч гэсэн явж байна. Үүнийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс баруун бүсийи замын үндсэн сүлжээг Засгийн газраас баталсан байгаа. Өвөрхангай, Баянхонгор, Ховдын замын асуудлыг үе шаттайгаар үргэлжлүүлнэ. Баруун бүсийн босоо тэнхлэгийн замын асуудлыг энэ томилолтын үеэр шийдсэн байгаа. Хятад улсын засгийн газартай босоо тэнхлэгийн замын санхүүжилтэд хамтран ажиллахаар гарын үзэг зурсан.

    Д. Пүрэвсүрэн /Үндэсний шуудан/

  • Канадын Элчин сайд нутаг буцлаа

    Канадын Элчин сайд нутаг буцлааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Анна Биоликийг бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

    Хатагтай А.Биолик 2008 оноос Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан бөгөөд урьд нь ОХУ-д Ерөнхий консул, Казахстан Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломатч билээ.

    Ерөнхий сайд А.Биоликийг Монгол Улсад суусан Канадын анхны Элчин сайд байсныг нь тэмдэглээд, Монгол Улсад суух хугацаандаа Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Мөн Монгол Улсад ажиллаж байсан хугацаанд хоёр талын харилцаанд гарсан ололт, дэвшлийг хадгалах, хөгжүүлэхэд хатагтай Элчин сайд цаашид анхаарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

    Хатагтай А.Биолик Монгол Улсад ажиллаж байх хугацаандаа хоёр талын уул уурхай, эдийн засаг,  хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулж, тодорхой амжилтад хүрсэн гэдгээ Ерөнхий сайдад хэлэв.

    Тэрээр цаашид ч хоёр талын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататган хөгжүүлэхэд анхаарч, Монгол Улсыг дэмжиж ажиллах болно гэдгээ Ерөнхий сайдад илэрхийллээ

  • Ерөнхий сайдад их аварга Д.Дагвадорж ёслолын урилгаа гардууллаа

    Ерөнхий сайдад их аварга Д.Дагвадорж ёслолын урилгаа гардууллаа Монгол улсын ерөнхий сайд С.Батболдод сумогийн их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр бараалхлаа. Тэрбээр ирэх аравдугаар сарын 3-нд Токио хотын “Кокүгикан” ордонд зодог тайлж,үс авах их ёслолын ажиллагаагаа хийх ажээ. Энэ их ёслолын ажиллагаандаа Ерөнхий сайд С.Батболд болон түүний гэргийг албан ёсоор урьж, урилгаа Засгийн газрын тэргүүнд ийн гардуулсан юм.

    Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, бас эх орноо сурталчлах ажилд асар их үүрэг гүйцэтгэж байгаад нь Монгол улсын Засгийн газар болон монголын ард түмэн туйлын баяртай байдаг. Их аваргын зодог тайлах энэ ёслол Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бас нэг хуудас нээх нь дамжиггүй.  Сумогийн их спортоо  хэдийгээр  орхиж байгаа ч  монгол улсынхаа нэр хүндийг цаашид  олон үйл ажиллагаагаар  өндөрт өргөж,  үргэлжлүүлж явна  гэдэгт бид найдаж байгаа.

    Их аваргынхаа цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн Ерөнхий сайд урилга хүлээн авах үедээ хэллээ.  Их аваргад Ерөнхий сайд  С.Батболд  улам хийморьтой явахыг ерөөн, хийморийн морь  бэлэглэв. Сумогийн их аварга зодог тайлах энэ ёслолын ажиллагаандаа гадаад ,дотоодын 16 мянга гаруй  төлөөлөгч урьж байгаа юм байна. Түүний дотор Японы нэр хүнд бүхий  бизнесмэн,урлаг спортын  эрхмүүд  байгаагаас  гадна дэлхийд данстай төлөөлөгчид ч  багтаж байгаа ажээ. Сумогийн их ертөнцөд ид хаваа гайхуулж,  эх орныхоо нэрийг дуурсгаж  байсан шигээ их аварга маань ёслолын ажиллагааныхаа үеэр олны анхаарлыг  бас  ийн татах  бололтой.

    Харин монголын 100 гаруй төлөөлөөгч түүний зодог тайлах ёслолын ажиллагаанд оролцох ажээ

  • Ерөнхий сайд ХКН-ын гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзав

    Ерөнхий сайд ХКН-ын гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Хятадын Коммунист намын (ХКН) Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ууулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНХАУ-ын харилцааны түвшин, хөгжлийн чиг хандлагад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, сүүлийн жилүүдэд хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа, өндөр дээд түвшний айлчлалууд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.

    Тэрээр Монгол Улсын хөгжлийн чухал энэ үе дээр хөрөнгө оруулалт, технологи, дэд бүтэц, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, хөгжүүлэхэд БНХАУ-ын томоохон компаниудтай хамтарч ажиллах боломж байгааг дурдлаа. Ноён Ван Жаруй Ерөнхий сайдад өндөр түвшинд хүлээн авч байгаад талархал илэрхийлээд, Хятадын Засгийн газар болон ХКН Монгол Улстай харилцаагаа өргөжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа гэж хэлэв.

    Тэрээр 2010 оны зургадугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд шийдсэн асуудлуудын хэрэгжилт, явцын талаар мэдээлэл авах, судлах, хоёр талын эдийн засгийн хөгжлийн томоохон төслүүд хэрхэн хөгжиж байгаа болон хөгжих боломж байгааг судлах зорилгоор Монгол Улсад айлчилж байгаа гэлээ.

    Ноён Ван Жаруй цаашид эдийн засгийн хөгжлийн томоохон төслүүдпийг хөдөлгөөнд оруулах, учирч байгаа саад бэрхшээлийг арилгахад хоёр тал анхааран ажиллах нь чухал байна гэдгийг онцоллоо. Тэрээр “Ерөнхий сайд Таны удирдлага доор Монгол Улсын нийгэм, эдийн засаг хөгжин дээшилж, өсөн дэвшинэ гэдэгт итгэлтэй байна” гэж энэ дашрамд хэлсэн юм.

  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг даалгавар өглөө

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг даалгавар өглөөБодит мэдээлэлтэй, үр дүнтэй  ажил хэрэгч томилолт байлаа
    Ингэж Монгол улсын ерөнхий сайд С.Батболд баруун болоод төвийн бүс нутгаар хийсэн томилолтоо дүгнэж хэллээ. Тэрбээр томилолтоо өндөрлөж, өнгөрсөн бямба гаригт Өвөрхангай аймгийн Хархорин суманд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монгол улсын баруун болоод төвийн бүсийн есөн аймаг,  нийтдээ 60 гаруй сумын нутгаар 5600 орчим км урт замыг хорь гаруй хоногийн хугацаанд туулжээ. Ард иргэдийнхээ аж амьдралыг тэдний дунд орж сонссон, малчидтай газар дээр нь очиж яриа өрнүүлсэн, төр засгаас гаргаж байгаа бодлогын талаарх мэдээллийг хүргэж, бас тэдний тухай бодит мэдээллийг газар дээрээс нь авсан ажил хэрэгч айлчлал байсан байна.

    Таамгаар биш ажил болгох ёстой олон ажлыг энэ хугацаанд тэмдэглэн авч, Засгийн газрын хуралдаанаар эдгээр аймгаар явсан ажлаар томоохон төлөвлөгөө гаргаж ажиллах болно гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байв. Зуд турханы дараа хангай бүсийн эдгээр аймагт зуншлага сайхан байгаа аж. Энэ хэрээрээ ч малчдын сэтгэл санаа тэнийжээ. Гэхдээ наадмын дараа намар гэдэг болохоор өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, түүнчлэн малчид өөрсдөө ихэд анхаарч байгаа нь сайшаалтай хэрэг хэмээн Ерөнхий сайд хэлж байлаа.

    Гурилын үнэ нэмэгдэх бодит шалтгаан байхгүй
    Ерөнхий сайдыг хөдөө орон нутагт ажиллах үеэр иргэд энэ асуудалд нэлээн санаа зовж, шалтгааныг нь гүйцэтгэх засаглалын тэргүүнээс сонсохыг хүсч байсан байна. Үнэхээр 20-30 хувь хүртэл нэмэгдэнэ гэдэг хөдөөнийхөн байтугай хотынхонд ч хүндхэн тусч байгаа билээ. ОХУ-д хэт халалт болж,90 гаруй сая тонн үр тариа хурааж авдаг байсан тэд энэ жил  70 орчим сая тонн үр тариа хураан авах тооцоог гаргаад байгаа юм байна. Үүнээс үндэслэн ОХУ-ын Засгийн газраас үр тариаг экспортлохгүй гэсэн шийдвэрийг манай бизнесмэнүүд, худалдаачид тусган авч үнэ ханшаа өсгөсөн байж болзошгүй хэмээн ерөнхий сайд тэмдэглэж байсан.

    Уг нь бол манай улсад гурилын үнэ өсөх үндэслэл байхгүй аж. Атрын гуравдугаар аяны хүрээнд манай улс өнгөрсөн онд нийт гурилын хэрэгцээнийхээ 97 хувийг, төмс хүнсний ногооны хэрэгцээний 5О хувийг дотооддоо хангах ийм боломжийн ургацыг хураан авсан байна. Энэ жилийн хувьд мөн их хэмжээний ургац авах төлөв ч гараад байгаа аж. Өөрөөр хэлбэл үр тариагаар бүрэн хэрэгцээгээ 100 хувь хангах,төмс хүнсний ногоогоо 60 хувь хангах тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргаад байгаа юм байна.

    Дээрээс нь эхний долдугаар сарын байдлаар зах зээл дээр гаргаж байгаа гурилын нийлүүлэлт өнгөрсөн оныхоос 22 мянган тн-оор нэмэгдсэн ажээ. Энэ агуулгаар харвал гурилын үнэ нэмэгдэх үндэслэл бодитоор харагдахгүй байна гэж Ерөнхий сайд онцолж байлаа. Тийм ч учраас энэ гурилын үнэ нэмэгдсэн шалтгааныг судалж үзэх үүрэг даалгаврыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт  өгөөд байгаа юм байна. Үнийг үнэхээр ченжүүд хөөргөв үү, үйлдвэрүүд хөөргөв үү гэдэг бодит үндэслэлийг тодруулаад ард иргэддээ тайлагнах болно хэмээн Засгийн газрын тэргүүн хэллээ.

    Ажилтай байж ядуурлаас гарна
    Үнэхээр ийм л гарц байгааг Ерөнхий сайд орон нутагт ажиллах энэ үеэрээ тэмдэглэн хэлж явсан байна.  Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Хамгийн бодитой тодорхой зүйл нь бүтээн байгуулалтын томоохон ажлууд  болох Оюутолгой, Таван толгой, Төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд,аж үйлдвэрийн цогцолбор, орон сууцны хөтөлбөрүүдийг барьж байгуулахад олон арван мянган ажлын байр шаардлагатай болно.

    Үүнд бэлтгэх ажлыг Засгийн газраас онцгойлон анхаарах болно гэдгийг тэрбээр онцолж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд зах зээлд хэрэгцээтэй байгаа мэргэжил, тухайлбал техникийн талын мэргэжлээр  иргэдийг суралцуулах, ялангуяа орон нутгаас тодорхой квотоор сургалтад хамруулах үүрэг даалгаврыг  холбогдох яамд буюу БСШУЯ, НХХЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ-уудад өгөөд байгаа ажээ. Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах зуур дээд мэргэжилтэй малчид, тодорхой ажил эрхлээгүй дээд боловсролтонгууд багагүй тааралджээ. Тэднийг хамгийн түрүүнд эдгээр сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах үүргийг орон нутгийн удирдлага хүлээсэн байна. Энэ даалгавраа ойрын үед шалгана гэдгээ ч бас хэлээд авсан.

    Жижиг дунд үйлдвэрлэлийг орон нутагт хамгийн ихээр дэмжинэ.
    Энэ асуудалд төрөөс улам илүү нарийвчлалтай, зохицуулалт хийх шаардлагатай байгаа нь  томилолтын явцад Ерөнхий сайдад анзаарагдсан байна. Төдийлөн оновчтой төлөвлөлт, хувиарлалт хийгдэж чадаагүйд анхаарлаа хандуулах ёстойг тэмдэглэж байна.  Жижиг дунд үйлдвэрийн агентлагаас нарийвчилсан судалгаа  сүлжээ гаргаж,төлөвлөлт хийн үүнийгээ орон нутагтайгаа уялдуулан үр дүнтэй болгох бодлого дутаж байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд онцолж байлаа. Нөгөө талаас жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр олгож байгаа зээлийн асуудалд бас хүндрэл учирч байгааг иргэд ярьж байсан байна.

    Энэ чиглэлээр олгож байгаа хөрөнгө оруулалт жил ирэх тусам уг нь нэмэгдэж байгаа аж. Сүүлийн хоёр жил гэхэд 100 орчим тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтэнд зарцуулагдсан байна. Цаашид ч нэмэхээр төлөвлөж байгаа ажээ.  ХБНГУ-ын Засгийн газраас  50 сая ам.долларын зээлийн асуудал ярьж байгаа бөгөөд удахгүй шийдэгдэнэ гэдгийг дуулгалаа. Түүгээр ч зогсохгүй банк бус санхүүгийн байгууллага, мөн арилжааны банкуудтай хамтарч жижиг, дунд үйлдвэрийн зээлийг хүртээмжтэй , хугацааг нь урт болгох,хүүг нь боломжтой болгох чиглэлээр Засгийн газраас анхаарал тавих ёстой нь анзаарагдлаа хэмээн Ерөнхий сайд хэлж байв.

    Ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах нь орон нутгийн удирдлагуудын ажлын нэг үзүүлэлт байх болно гэдгийг ч тэмдэглэлээ. Ядуу өрхийн тоог тодорхой болгох, ажилгүй иргэдийн тоо ямар үндэслэлээр буурахгүй байна гэдэг нарийвчилсан бүртгэл мэдээллийн сан гаргах үүрэг даалгаврыг ч орон нутгийн удирдлагуудад өгчээ. Ийм бодит мэдээлэлд тулгуурлан, ажлаа төлөвлөх нь Засгийн газарт илүү хялбар байх болно гэдгийг дурдлаа.

    Мах сүүг эдийн засгийн эргэлтэд оруулна
    Ингэх нь хамгийн чухал болохыг Ерөнхий сайд тэмдэглэж байна. Өнгөрсөн зудын гамшиг ч үүнийг бэлээхэн нотлоод өгсөн билээ. Өнгөрсөн онд манай улс 44 сая мал тоолуулсан хэдий ч бараг 10 сая тоо толгой мал хорогдсон байна. 10 мянга орчим айл өрх огт малгүй болжээ. Гурван тэрбум төгрөгийн төсвөөр тэднийг малжуулах ажлыг зохион байгуулж эхэлснийг Ерөнхий сайд хэллээ. Малчдаас тавьж буй нэг томоохон асуудал нь тэд махаа борлуулж чадахгүй байгаа аж.

    Алс холын туувраас гадна ченжүүдэд махаа алдах аюул их байгаа гэнэ. Тиймээс Засгийн газраас худалдан авагч, нийлүүлэгч хоёрыг ойртуулах ийм боломжийг гаргах ёстой юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Туршилтын ажлыг ч энэ хавар хийж, үүнийг цаашид бирж болгох асуудал яригдах аж. Мах сүүний чиглэлийн үйлдвэрүүдийг байгуулахаар гаднаас 200 сая ам.долларын зээлийн асуудал ч яригдаж байгааг дурдлаа.

    Малчид маань ч өөрсдөө зөв зохион байгулалтад орох ёстой бөгөөд малчдаа бизнес арга ухаанд сургах ийм бодлогыг Засгийн газраас тавьж байгаа аж. Уул уурхайд төрийн зохицуулалттай компани байгуулсан шиг хөдөө аж ахуйд мах сүүний чиглэлийн ийм компани байгуулах цаг ойртсоныг ч дуулгалаа. Хэрэв тэгвэл эцсийн дүндээ малчид маань энэ аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн хараат байдлаас гарч чадах үндсэн арга зам ч болох болно гэдгийг дурьдаж байв. Мөн гол нэрийн бүтээгдэхүүнүүд мах,сүү, гурил ,будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг гол бүтээгдэхүүний үнэнд төрөөс зохицуулалт хийх боломж ч бий аж. Энэ талаар тодорхой бодлого боловсруулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.

    Малчдын хүүхдийн сургалтын төлбөрийг Хүний хөгжил сангаас олгоно
    Хүний хөгжил сангаас олгож байгаа бэлэн бус олголтын хүрээнд малчдын хүүхдийн сургалтын төлбөрийн асуудлыг шийдэж болох гарцын талаар Ерөнхий сайд тэмдэглэж байна. 2011 оны төсвийн хуулийн төсөлд Хүний хөгжил сангийн чиглэлээр олгогдох мөнгөнд сургалтын төлбөр, түүнтэй холбогдсон эх үүсвэрийг   хамтад нь шийдэхээр төлөвлөж байгаа аж. Энэ асуудлыг  Төсвийн хуулийг хэлэлцүүлэх  үеэр шийдвэрлүүлэх бодолтой байгаагаа дурдаж байсан.

    Баруун бүсийн нэмэгдлийн асуудал анхаарлын төвд байгаа.
    Ерөнхий сайдын томилолтын үеэр энэ асуудал их хөндөгдсөн аж. Монгол улсын засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тодотголыг хийхээр боловсруулж байгаа юм байна. Төрийн үйлчилгээ орон нутагт  ижил тэгш очих ёстой, тэр үйлчилгээ нь хөгжлийн индексд тулгуурласан, мөн тэр үйлчилгээ нь тодорхой стандартай байх гэсэн зарчмыг Засгийн газар баримталж байна. Хөдөөгийн хөгжлийн стандартыг засгийн газраас боловсруулан УИХ-аар оруулахаар бэлдэж байгаа тухай ч ерөнхий сайд ярилаа. Энэ хүрээндээ бүс нутгийн нэмэгдэл, бүртгэл гэрээний асуудлыг хамт шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

    Мөн түүнчлэн баруун бүс руу чиглэсэн зам удаан ч гэсэн ажил нь явагдаж байгааг дурдаад эрчимжүүлэхэд онцгой анхаарал тавина гэдгийг  тэмдэглэлээ. Говь-алтай, Завхан аймгийн эрчим хүчний асуудалд нааштай хандлагууд гарах цаг ойртсоныг ч дуулгалаа. Ачаалалтттай ажилласан Ерөнхий сайдын томилолт ийн өндөрлөлөө