НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд :
• Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн
• Импортоор нийлүүлэгдэх төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зам, дохиолол, холбооны тоног төхөөрөмж
• Хийн түлшээр ажилладаг, 1500 см/3 хүртэлх хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 5 хүртэл жилийн доторхи суудлын автомашиныг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг тусгажээ.
Харин хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх, үйлдвэрлэснээс хойш 5 хүртэл жилийн доторхи тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг хүлээн авах боломжгүй гэж Засгийн газар үзлээ. Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан махыг татвараас чөлөөлснөөр “ченж”-үүдийн шат дамжлагыг багасгах, махны үнийг хэт хөөрөгдөхгүй байх боломж бүрдэнэ гэж тооцоолж байна. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах талаасаа ч ач холбогдолтой юм.
ИХ СУРГУУЛИУДЫГ ХОТХОНООР ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА
“Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авах, үүнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох яамдын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Эхний ээлжинд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт “Шивэрт”-ийн хөндийд 1000 гаруй га газарт “Оюуны” дагавар хот байдлаар “Силикон вээлий”-гийн хамт байршуулахаар чиглэлд тусгажээ.
Төрийн бус өмчийн сургуулиуд 5-10 мянган оюутантай болон нэгдэж, нийлсэн тохиолдолд төрөөс дэмжлэг үзүүлж газар олгохоор төлөвлөж байна.
Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд “Эрдэнэт” ХХК болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхлүүлнэ. Ховд аймаг дахь “Ховд” их сургуулийг баруун бүсийн, Дорнод аймгийн “Дорнод” дээд сургуулийг зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон, Дархан-Уул аймгийн төвд техникийн чиглэлийн их сургууль байгуулж хөгжүүлэхээр болжээ.
Хотхоны ашиглалтын өмнөх захиргааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэд байгуулан ажиллахаар тогтоод байна. Төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан оюутны байрны тодорхой хэсэг, үйлчилгээний нийт байгууллагыг хувийн хэвшлийн хүч, хөрөнгөөр байгуулна. Хотхонд Шинжлэх ухааны академийн зарим хүрээлэн, төвийг байршуулах нь шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэлийн уялдааг системтэй болгож, үр дүнг сайжруулах нөхцлийг бүрдүүлнэ гэж Засгийн газар үзлээ.
Их сургуулиудын хотхон нь нэгдсэн том мэдээллийн төв буюу номын сан, биеийн тамирын танхим, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газруудтай байна. Их сургуулиудын лаборатори, тэнхимүүдийн мэдэлд байгаа өндөр үнэтэй, нарийн багаж , тоног төхөөрөмжийг төвлөрүүлэн, нийт оюутан, багш, төрийн болон төрийн бус, бизнесийн бүх байгууллагын захиалга, хүсэлтээр үйлчилдэг “Нэгдсэн судалгааны болон туршилтын төв” байгуулахаар төлөвлөжээ.
Их сургуулиудын хотхоныг 2010-2021 онд багтаан үе шаттай барьж байгуулах бөгөөд ингэснээр :
• Дээд боловсролын хөрвөх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар дээшилж, олон улсын тэргүүлэх их сургуулийн жишигт ойртох нөхцөл бүрдэнэ
• Эдийн засгийн хөгжлийн бодит хүч болох оюутан залуучуудын сурч боловсрох, хүмүүжиж төлөвших таатай орчин бүрдэнэ
• Үндэсний их сургуулиудын сургалт, судалгааны орчин нөхцөл, ашиглалт сайжрана
• Сургалтын мэргэжлийн давхардал арилж, бүтэц оновчтой болон, зах зээлийн эрэлтэд нийцсэн тогтолцоо бий болно
• Сургалт – эрдэм шинжилгээ – үйлдвэрлэл – бизнесийн холбоо бодитойгоор хэрэгжиж эхэлнэ
• Монгол Улсын өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг хангах суурь нөхцөл сайжрана гэж Засгийн газар үзэж байна.
ЭНЭ ЖИЛИЙН НААДАМД 600 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 642.3 сая төгрөг зарцуулах боллоо. Нийслэлийн төсөв, баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гадна дутагдаж байгаа 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов. Улаанбаатар-Лүн-Эрдэнэсант чиглэлийн авто замаас “Хүй 7 худаг” дахь хурдан морины барианы газрын үзэгчдийн “Г” зогсоол хүртэлх 3.6 км авто зам барихад шаардлагатай 1.100.0 /нэг тэрбум нэг зуун/ сая төгрөгийг улсын авто замын сангаас санхүүжүүлж, замыг 2010 оны 7 дугаар сарын 5-ны дотор ашиглалтад оруулахыг холбогдох яамдын сайд нарт даалгалаа.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохиож байгаа ажил, үр дүнгийн тухай” Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчингийн мэдээллийг сонсов.Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв.
Үүнд :
• Бүх шатны хурал орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэл тогтоон хамтран ажиллах, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэртээ хэрхэн тусгасан, ямар арга хэмжээ авсан талаар хариуг тогтмол мэдээлдэг байх
• ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд иргэдийн оролцоотой хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэг болох
• ИТХ-ын өдрүүд, хууль эрх зүйн сургалтыг сум, дүүрэг, баг, хороонд тогтмол зохион байгуулж хэвшүүлэх
• ИТХ-ын хуралдааныг нээлттэй хийх, хэлэлцэх асуудлын талаар иргэдэд урьдчилан мэдээлэх, хурлаас гаргасан шийдвэрийг шуурхай сурталчлах зэргээр иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх
• Бүх шатны Засаг дарга, ИТХ, Төлөөлөгчид ажлаа иргэдэд тайлагнах журмыг батлан мөрдүүлэхийг зөвлөлөө.
ТОВЧХОН
• “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналуудыг нэмж тусган Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов.
• “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын нэгдүгээр заалтын “боловсрол, соёлын газрын арга зүйчид” гэснийг “албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын нэрийг “цэцэрлэгийн багш, арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын багшид олгох багшийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл” гэж өөрчлөв.
• 2010 онд гадаад оронд амьдаар нь гаргах зорилгоор барих нэг толгой идлэг шонхрын жишиг үнийг 12 000 мянган ам доллар хэвээр байхаар тогтов.
• Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулахаар боллоо.
• Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байгаа “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” төрийн бус байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул байгуулсан гэрээг цуцлав. Цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээ болон харуул хамгаалалтын асуудлыг мэргэжлийн байгууллагад хариуцуулж, холбогдох зардлыг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлж байхаар тогтлоо.
• Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 6 дугаар хуралдааныг 2010 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов. Хуралдаанаар 5 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлт, үр дүнг хэлэлцэж, хоёр орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Монголчууд биднийгээ баярлуулж, улс орныхоо нэр хүндийг өндөр хөгжилтэй Япон улсад өргөж яваа бөхчүүдээрээ, их аваргуудаараа бахархаж явдаг. Сүүлийн хэдэн башёд амжилттай барилдаж байгаа босоо аваргадаа Засгийн газрын тэргүүн нь баяр хүргэж байна” гэж Ерөнхий сайд С.Батболд Хакухо М.Даваажаргалыг хүлээж авч уулзахдаа хэллээ. Хакухо М.Даваажаргал Ерөнхий сайдтай аав, ээж, эгчийнхээ хамт уулзсан юм.
Европын Холбооны (ЕХ) Европын Комиссын 2010 оны 5-р сарын 31 өдрийн шийдвэрээр зудын гамшигт нэрвэгдсэн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, амьжиргааг нь дэмжих зорилгоор Монгол Улсад 2 сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэхүү тусламж нь зудад нэрвэгдэсэн малчин өрхүүдийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, амьжиргааг нь дэмжих, эрүүл мэнд, эрүүл ахуйг нь сайжруулахад зориулагдах юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ЕХ-ны энэхүү шийдвэрийг тохиолдуулан ЕХ-ны БНХАУ дахь Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн М.Пулц тэргүүтэй төлөөлөгчид, ХБНГУ, БНФУ, ИБУИНВУ, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Монгол Улс дахь БНБУ-ын хэргийг түр хамаарагч, Нидерландын вант Улсын ЭСЯ-ны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.
Дэлхийн 69 орноор бадарчилсан Ж.Золбаяр буюу Амай 2010 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж гадаад паспортоо дурсгав. Тэрээ аяллынхаа явцад 3 гадаад паспорт дуусгасан бөгөөд Ерөнхий сайдад дурсгасан паспорт нь 28 дахь улс буюу Өмнөд Африкт дууссан байна. Монгол хүн, залуучууд хийе бүтээе гэвэл чаддаг, үр дүнд хүрч болдогийг тэрээр 4 жил 6 сар 12 хоногийн аяллаараа харуулснаа хэлээд цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа товч танилцуулав.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газар-Гадаад түншүүдийн хамтарсан бодлогын хэлэлцүүлэг 2010 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Төрийн ордонд болж байна. Төсвийн тогтвортой байдал, нийгмийн халамжийн шинэчлэл, хямралыг даван туулах, банкны салбарын шинэчлэлийн талаархи хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, агентлаг, газар болон иргэний нийгмийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээж үг хэлэн УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нийгэм, эдийн засгийн зарим үндсэн бодлогын талаар гадаад түншүүддээ тоймлон танилцууллаа.
Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Дэлхийн банкнаас Монгол, Хятад, Солонгос улс хариуцсан захирлаар томилогдсон ноён Клаус Роландыг хүлээн авч уулзлаа. Улс хариуцсан захирлаар томилогдоод манай оронд анх удаагаа ирж байгаа ноён Клауст Ерөнхий сайд С.Батболд ажлын амжилт хүсээд маргааш төрийн ордонд болох Монгол Улсын Засгийн газар ба гадаад түншүүдийн хамтарсан бодлогын хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Энэхүү хэлэлцүүлгээр төсвийн тогтвортой байдал,нийгмийн хамгааллын шинэчлэл,банкны салбарын бүтцийн шинэчлэл,бодит салбарыг сэргээн хөгжүүлэх зэрэг чухал асуудлууд хөндөгдөх юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Энэтхэг Улсын Уул уурхай хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга С.Ш.Наир тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд Энэтхэгийн уул уурхайн салбарын удирдах албаны болон бизнесийн төлөөлөгчид Монгол-Энэтхэгийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийг судлахаар хүрэлцэн ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд АНУ-ын Үндэсний Ардчилсан Хүрээлэнгийн (ҮАХ) хөтөлбөрийн захирал, ҮАХ-гийн Индонези дахь төлөөлөгчийн газрын захирал Пол Роуланд, АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Самуэль Гейденсон тэргүүтэй ҮХА-гийн төлөөлөгчдийг 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүн, МАХН-ын даргын хувьд төлөөлөгчдөд хандан ҮАХ МАХН болон Монголын бусад улс төрийн нам, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тусламж дэмжлэг үзүүлж байдагт нь талархал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын