Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын анхны албан ёсны айлчлал Бүгд Найрамдах Унгар Улсад болж өндөрлөлөө. Тэрээр Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын хурлын дарга Катона Бела, Ерөнхий сайд Байнаи Гордон, Будапешт хотын захирагч Д.Габор, Эгэр хотын засаг дарга Хабиш Ласло зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрлээ.
Айлчлалын гол зорилго Европын стандартуудыг монголд нутагшуулах, энэ чиглэлээр бодит ойлголцол, тохиролцоонд хүрэхэд чиглэгдэв. БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой хийсэн хэлэлцээрийн үеэр хөндөж ярьсан гол асуудлуудын нэг нь Европын стандартыг Монголд нэвтрүүлэх, үүнтэй холбогдсон туршлагаас суралцах тухай байв. Хоёр Ерөнхий сайд эн тэргүүнд Европын холбоотой байгуулах Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт энэ тухай тусгай заалтыг оруулж, санхүүжилтийнх нь асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллахаар тохиров. Мөн 2011 оноос БНУУ Европын холбоог тэргүүлэх болж байгаа нь энэхүү тохиролцоог урагшлуулахад тус дэмтэй болохыг хоёр тал цохон тэмдэглэлээ.
Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Унгар улсад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн даатгалын асуудлаарх зохих хэлэлцээрийг энэ ондоо багтаан шийдвэрлэхээр тохиролцов. БНУУ Улаанбаатар хотод байнгын оршин суух төлөөлөгчөө ажиллуулах мөн Улаанбаатар дахь Европын Холбооны аль нэг гишүүн улсын ЭСЯ-аар дамжуулан виз олгож байх зэрэг томоохон асуудлуудаар айлчлалын хүрээнд ойлголцолд хүрэв. Хоёр улсын худалдааны эргэлтийг бодитойгоор нэмэгдүүлэх, боловсролын салбарт хамтран ажиллах, Улаанбаатарын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, геофизикийн хамтарсан хүрээлэн байгуулах, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөл байгуулах, 25 сая ам. долларын хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлуудыг ярилцан шийдвэрлэхээр боллоо.
Унгар улсад ажиллаж, сурч байгаа Монгол иргэдтэй Ерөнхий сайд С.Батболд уулзаж, төр засгийн явуулж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг хоёр орны Засгийн газрын хүрээнд шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлэв. Ерөнхий сайд С.Батболдын айлчлал тусламж, дэмжлэг хүсэхээс илүү чанар шаардлагад нийцсэн стандартын бараа, бүтээгдэхүүн хийдэг арга, технологи шинэ менежмент, ноу-хаугаас суралцах чиглэлийг гол болгосноороо онцлог болж өндөрлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНУУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн их сургуульд зочиллоо. Тэрээр “Монгол-Унгарын соёл, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагаа 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлэв. Уг сургууль нь 70 гаруй жилийн өмнө Монгол судлалын анги нээж хичээллүүлсэн, Б.Ренчин 1956 онд тус сургуульд хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалж, анхны эрдмийн зэрэгтэй нэгэн болсон гэхчлэн онцлог үйл явдлууд нь хоёр орны түүх, соёл, нийгмийн харилцааг өргөтгөн хөгжүүлэх эхлэл болсон. Эдгээр онцлогыг харгалзан уг сургуульд зочилж буйгаа Ерөнхий сайд дурдсан.
БНУУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд С.Батболд тус улсын Улсын Хурлын дарга Катона Белатай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн мэндчилгээг уламжилж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч ирснийг дурдав. Энэ бодлогын хүрээнд УИХ-ын байнгын хороодын шугамаар хамтын ажиллагааг эн тэргүүнд идэвхжүүлэх талаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч Шойом Ласлод бараалхав. Ерөнхийлөгч Шойом Ласло БНУУ Европын холбооны гишүүн орон болсноос хойш анх удаа Монгол улсын Ерөнхий сайд албан ёсоор айлчилж буйд ач холбогдол өгч хамтын ажиллагааны ирээдүй их байгааг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны албан ёсны айлчиллаа Бүгд Найрамдах Унгар Улс /БНУУ/-аас эхэллээ. Айлчлалын хүрээнд С.Батболд БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой уулзлаа. Тэрээр Европын холбооны стандартуудыг бүхий л салбарт хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтоо биелүүлэх үүднээс Европын холбоотой байгуулах “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Европын стандартыг Монголд нэвтрүүлэх тухай тусгай заалт оруулах болсныг мэдээлж, уг асуудлаар Унгар улстай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамгаалах Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжихийг Унгарын талд мөн хүсэлт болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Будапешт хотын захирагч Д.Габортой уулзав. Ерөнхий сайд С.Батболд Будапешт хотын дарга, хотын захиргааны ажилтан, нийт оршин суугчдад талархал илэрхийлж хоёр орны нийслэлийн харилцааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Будапешт хотын захирагч Д.Габор Ерөнхий сайд С.Батболдод оршин суугчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, энэ айлчлал нь хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгааг онцлон дурдлаа.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболдод Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Уоллер бараалхлаа. Уулзалтын үеэр Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг Дэвид Уоллер албан ёсоор мэдэгдэж баяр хүргэв. Ерөнхий сайд С.Батболд ГХ-ны сайд байхдаа энэ саналыг хөндөн тавьж байсан юм. Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болгосноор Олон улсын атомын энергийн агентлаг нь холбогдох санхүүжилтийг хандивлагч орнуудтай хамтран шийдвэрлэх юм байна. Ийнхүү Монгол улсад азийн бүсийн эрүүл мэндийн томоохон загвар төв бий болох боломж бүрдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсад хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр тус улсын Холбооны канцлер Вернер Файманнтай уулзаж, Вена хотноо болсон Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тохирсон зүйлсийг бүрэн хэрэгжүүлэхээр тохиролцов.
Ерөнхий сайд С.Батболд Европын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран ажиллахаар болов. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболдод бараалхсан НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ё.Урамото хийсэн уулзалтын үеэр хөндөж ярив. ЮНИДО нь 1990-ээд оны эхээр Монголын аж үйлдвэржилтийн бодлогын талаар судалгаа явуулсан нь манай улсын хөгжилд чухал нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.