Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ажлын айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ажлын айлчлал эхэллээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны ажлын айлчлалаа 2010 оны 3 дугаар сар 8-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсаас эхэллээ. Ажлын айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал Антонио Мариа Костатай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс НҮБ-д элсээд 50 жил болсныг тэмдэглэж энэ хугацаанд үр дүнтэй хамтран ажилласныг онцлон дурдав. Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчдад тусламж, дэмжлэг үзүүлэх уриалгыг Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах НҮБ-ын албанаас гаргахаар бэлтгэж байгаад талархал илэрхийлэв.

    Мөн Монгол улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хянах туршилтын хөтөлбөрт сайн дураараа оролцсон цөөн орны нэг болж идэвхтэй ажилласныг дурдав. Цаашид Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуурамч эм бэлдмэлийг гадаадаас оруулахгүй байх холбогдох байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, Мансууруулах бодисын ургацын тархалтыг тогтооход шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, арга зүйн чиглэлээр НҮБ-тай  хамтран ажиллах саналуудыг Ерөнхий сайд С.Батболд тавилаа. Энэ саналыг НҮБ хүлээн авч хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.

    Ерөнхий сайд С.Батболд Монгол улсын дипломат албаны бэлэг тэмдэг болсон Алтан гэрэгээг НҮБ-ын Вена дахь салбар төвд дурсгал болгон хадгалуулахаар А.М.Костад гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Бүгд Найрамдах Австри Улсад хийх ажлын айлчлалын бүрэлдэхүүнд тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Р.Буд, Ч.Сайханбилэг, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар, Төрийн дипломат ёслолын газрын захирал Р.Алтангэрэл зэрэг албаны хүмүүс багтан явж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • ОХУ 35 вагон малын тэжээл хандивлав

    ОХУ 35 вагон малын тэжээл хандивлав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Европын зарим улсад албан ёсны айлчлал хийхээр явах замдаа ОХУ-ын нийслэл Москва хотноо түр буудаллаж, Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин, “Росатом” цөмийн эрчим хүчний улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Кириенко, “Ростехнологи” улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов нартай ажлын уулзалт хийв.

    Уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 14 дүгээр хуралдааны бэлтгэлийг хангах, хоёр талын хамтарсан байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо. Хамтарсан хөрөнгө оруулалттай компаниудын хэтийн төлөв, эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг нь сайжруулахаар ярилцаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхийн чухлыг талууд тэмдэглэв. Энэ уулзалтын үеэр Оросын тал зудын улмаас Монголын малчдад учирч буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах үүднээс 35 вагон малын тэжээл хандивлах болсноо мэдээллээ. Ерөнхий сайд С.Батболд Оросын ард түмний дэмжлэг туслалцааг талархан хүлээн авч буйгаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Эмэгтэйчүүддээ баяр хүргэлээ

    Эмэгтэйчүүддээ баяр хүргэлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав нар болох гэж буй Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан төрийн өндөр алба хашиж буй эмэгтэйчүүдийг Төрийн ёслол хүндэтгэлийн Баганат танхимд хүлээн авч уулзан баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хөтөлбөрийг танилцуулав

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хөтөлбөрийг танилцуулавМанай улсад суугаа гадаадын орнуудын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сарын 4-ний өдөр дээрх хүмүүсийг хүлээн авч уулзан энэ талаар ярилцсан байна. Монгол Улсын Засгийн газар анх удаа хувийн хэвшилтэйгээ хамтран бизнесийн орчныг сайжруулах зорилго тавин тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж эхэлснийг гадаадын улсуудын Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид дэмжиж байгаагаа илэрхийлэв.

    Ялангуяа Канад Улс, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк төлөвлөгөөнд тусгасан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэлээ. Төрийн алба тогтвортой байх, ажилтнуудын ур чадварыг сайжруулах,  цахим засаглалыг бүх шатанд нэвтрүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үр ашигтай ажиллагаанд анхаарах шаардлагатай байгааг Элчин сайдууд болон олон улсын байгууллагынхан хэллээ. 

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлаа богино хугацаанд бодитоор хэрэгжүүлнэ. Үүнд гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудын туслалцаа, дэмжлэгийг авч хамтран ажиллахад бэлэн байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэлэв хэмээн Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төсөл удахгүй бэлэн болно

    “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төсөл удахгүй бэлэн болноУлаанбаатар хотын агаарыг цэвэрлэх цогц арга хэмжээний “Утаагүй Улаанбаатар” Үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан боллоо. Ерөнхий сайдын  захирамжаар байгуулагдсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээр ахлуулсан Ажлын хэсэг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төслийг боловсруулсан тухайгаа Ерөнхий сайдад танилцуулав.

    Ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дараах шалтгаанаас үүдэлтэй хэмээн дүгнэсэн байна. Үүнд:
    •    Түүхий нүүрсийг их хэмжээгээр хэрэглэдэг,
    •    Автомашины утаа тортог  их,
    •    Хотод тоосонцор ихтэй,
    •    Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3-6 дахин бага болсон,
    •    Хог хаягдал ихтэй байгаа зэрэг шалтгааны улмаас хамгийн бохир нийслэлийн нэгд тооцогдох болжээ.

    Иймээс гэрийн зуух, нам даралтын зуухыг шинэчлэх, тээврийн хэрэгслийн талаар тусгай бодлого боловсруулах, орон сууцжуулах, шилжилт  хөдөлгөөнийг сааруулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, “100 сумын шинэ төв” бодлогыг хэрэгжүүлж, хот руу чиглэсэн нүүдлийг зогсоох, шинээр зам, гүүр барих зэрэг цогц арга хэмжээ авахаар тусгасан байна. “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хотын агаарын бохирдлыг 2010-2012 онд 30 хувь, 2013-2016 онд 50 хувиар бууруулахаар тооцоолжээ. Үүнд нийтдээ 18.8 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан байна.

    Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт түүхий нүүрсний хэрэглээг багасгах, боловсон түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, цаашдаа түүхий нүүрсний хэрэглээг халах, сайжруулсан загварын зуух хэрэглэх, цэвэр түлшний ахуйн хэрэглээг нэмэгдүүлэх, цэвэр түлшний нөөцийн сүлжээ бий болгох, түүний үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, 2-р цахилгаан станцыг түшиглэн коксжих нүүрсний үйлдвэр байгуулах төсөл хөтөлбөрөө танилцуулав. Дараа нь  ажлын дэд хэсгийн ахлагч нар чиглэсэн асуудлаараа танилцуулга хийж, ажлын хэсгийн гишүүд санал бодлоо илэрхийлэв.

    Ерөнхий сайд Ажлын хэсгийнхэнд хандаж үүрэг өглөө. Тэрбээр “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нь нийт Монголчуудын хамтын хүчээр шийдвэрлэх асуудал бөгөөд энэ ажилд  Засгийн газар манлайлах үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жил ярилаа. Олон ч арга хэмжээ авсан. Гэвч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Агаарын бохирдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоо холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж цогц байдлаар ажиллах хэрэгтэй.

    Ажлын хэсэг тодорхой, алсыг харсан, олон талаас нь хандсан төсөл боловсруулсан байна. Энэ бол сайн хэрэг. Харин үүнийг цаасан дээр үлдээчихэж болохгүй. Ажил болгох ёстой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим нь тодорхой байж шинжлэх ухааны үндэстэй судалгаа, тооцоотой хандаарай. Эдийн засаг болон захиргааны хөшүүрэг хэрэглэхдээ урамшуулал, хариуцлагын хэлбэрийг хамтад нь авч үзэх хэрэгтэй юм. Түүнчлэн шинэ Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гадны туршлага, технологийг ашиглах шаардлагатайг мартаж болохгүй.

    Хөтөлбөрөө эргэн сайн харж нягтлан үзээд тооцоо судалгаагаа нарийн гаргаад ойрын үед Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх хэрэгтэй. Дөрөвдүгээр сард багтаж УИХ-д оруулан хэлэлцүүлэхээр тооцон ажлаа амжуулаарай хэмээн үүрэг өгөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Ахмад дайчид байрныхаа түлхүүрийг гардлаалаа

    АХМАД ДАЙЧИД БАЙРНЫХАА ТҮЛХҮҮРИЙГ ГАРДЛАА Дайнд оролцсон 41 ахмад дайчин орон сууцтай боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сарын 1 – Эх орончдын өдөр байрных нь түлхүүрийг Төрийн ордонд гардуулж баяр хүргэв. Өнөөдрийн байдлаар 1620 ахмад дайчнаас 2009 оны батлагдсан төсвийн хүрээнд 536 нь нэг өрөө байртай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө болон байраа аваад байна. Засгийн газар энэ оны нэгдүгээр улиралд багтаан үлдсэн ахмад дайчдад байр өгөхөөр төлөвлөсөн гэж Ерөнхий сайд хэлэв. Оны эхэнд 77 ахмад дайчинд 2,7 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 20  ахмад дайчинд 0,7 тэрбум төгрөгийн орон сууц олгож, Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 212 дугаар тогтоолын дагуу орон сууц олгох ажлыг эхлүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Даатгалтай иргэнд эмнэлэг, эмчээ сонгох боломжийг олгох хэрэгтэй

    Даатгалтай иргэнд эмнэлэг, эмчээ сонгох боломжийг олгох хэрэгтэйМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Эрүүл мэндийн даатгалын шинэтгэл” үндэсний семинарт оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Манай улс эрүүл мэндийн төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндээ хамгаалахад иргэн бүрийн ухамсартай  оролцоог бий болгох зорилгоор эрүүл мэндийн даатгалыг хэрэгжүүлж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч хууль, тогтоомж холбогдох дүрэм, журам ч байнга өөрчлөгдсөөр ирлээ.

    Өнөөдрийн байдлаар манай орны хүн амын 80 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна. Гэсэн хэдий ч хууль эрх зүйн орчны өөрчлөлтөөс болж 2005-2008 онд эрүүл мэндийн даатгалын сангийн эрүүл мэндийн нийт зардалд эзлэх хувь 26-аас 18 хувь болтлоо буурлаа. Бас дээрх хугацаанд төсвийн нийт зардалд эзлэх эрүүл мэндийн зардал  5-аас 3 хувь болтлоо буурсан байна. Энэ нь улс орны төсвийн нийт зардлын 6-гаас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  зөвлөмж манай оронд хэрэгжихгүй байгааг харуулж байна.

    Харин 2009 онд холбогдох сайд нарын тушаалаар эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөтгөж, 107 оношийн бүлгийн хамаарлаар санхүүжүүлэх, эрүүл мэндийн даатгалын хувьсах зардлын хэмжээг өөрчилсний дүнд 2010 онд эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 76 тэрбум төгрөгт хүрч, эрүүл мэндийн даатгалын сангаас оруулж байгаа хөрөнгийн хэмжээний эрүүл мэндийн салбарын нийт зардалд эзлэх хувь 28 болж өсөхөөр байна.

    Гэвч  эрүүл мэндийн даатгалд оролцогч   талууд болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн эрх үүрэг, хариуцлага тодорхой бус, байр суурь нь хуваагдмал, нэгдсэн бодлогогүй явж ирсэн байна. 2004 оноос хойш боловсруулж эхэлсэн эрүүл мэндийн даатгалын бодлого, стратеги одоо хүртэл батлагдаагүй байгаагаас иргэний эрүүл мэндийн даатгалын хууль олон удаа өөрчлөгдөж, эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтад улс төрийн шийдвэр давамгайлж ирлээ.

    Эрүүл мэндийн даатгалын удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн арга нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай уялдсан үр дүнтэй нэгдсэн тогтолцоо болж чадаагүй байна. Гэхдээ эрүүл мэндийн даатгал хэрэгтэй эсэх талаар өнөөдөр мэтгэлцэх шаардлага байхгүй. Эрүүл мэндийн даатгал янз бүрийн хэлбэр, агуулгаар дэлхийн улс орнуудад амжилттай хэрэгжиж  баялаг туршлага хуримтлагдсан байна. Манай орны хувьд ч энэ чиглэлээр зарим нааштай алхмууд хийгдсэн.

    Засгийн газар эрүүл мэндийн салбарын нийт зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа хөрөнгийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарын эдийн засаг эрүүлжиж, иргэдийн эрүүл мэндийнхээ төлөө тавих анхаарал, нийгмийн өмнө хүлээх хариуцлага дээшлэнэ гэж үзэж байна.

    Бид эрүүл мэндийн даатгалын бодлого, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд:
    •    эрүүл мэндийн даатгалын дунд болон урт хугацааны бодлого, стратегийг тодорхойлох,
    •     эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлэх,
    •     эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах,
    •     оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох,
    •     даатгалтай иргэнд эмнэлэг, эмчээ сонгох  бололцоог олгох,
    •     эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцаж байгаа иргэдийн бүтэц, төлбөрийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох зэрэг тодорхой зорилт тавин ажиллаж байна.
     
    Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр эрүүл мэндийн даатгалын байгууллагын үүрэг, хариуцлага, чадавхи дээшилж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирч, даатгуулагчдын сэтгэл ханамж дээшлэх болно. Засгийн газар эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас оруулж байгаа хөрөнгө, төлбөртэй тусламж, үйлчилгээний  зохистой харьцааг бий болгох нь шинэчлэлийн гол зорилт гэж үзэж байна.

    Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн дийлэнх хэсэг хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бус эмчлэхэд чиглэгдэж байгааг өөрчлөхөд анхаарч ажиллах болно. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр хувь хүнийг эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдлээс хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээх, чанарыг сайжруулах тухай эрүүл мэндийн салбарын үндсэн зорилтыг хангах нөхцөл бүрдэнэ.
     
     Сүүлийн үед эрүүл мэндийн даатгалын хамралт, даатгалын сан нэмэгдэх  хандлага бодитой ажиглагдахгүй байна. Энэ нь малчид, ажилгүй  иргэдийн хамралт  муу, төрөөс хариуцаж байгаа даатгуулагчийн даатгалын төлбөрийн хувь хэмжээ бага байгаатай холбоотой юм. Саяхан Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсанаар иргэн хишиг, хувиасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломж бүрдүүлсэн нь цаашид эрүүл мэндийн хамрагдагсадын хүрээг өргөтгөх боломжийг бүрдүүлж байна.

    Иймд энэ асуудалд манай холбогдох байгууллагууд санаачлагатай ажиллах шаардлагатай байна. Нөгөө талаар  Засгийн газар эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцаж байгаа иргэдийн бүтэц, төлбөрийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох зорилгоор судалгаа хийж байна”хэмээн хэллээ. Семинарт оролцогсод санал бодлоо илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв

  • Ерөнхий сайд С.Батболдтой ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин утсаар ярилаа

    Ерөнхий сайд С.Батболдтой ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин утсаар ярилааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин 2 дугаар сарын 26-ны өдөр утсаар ярив. Оросын талын санаачлагаар зохион байгуулсан ярианы үеэр Засгийн газрын дарга В.В.Путин манай улсад өвөлжилтийн байдал хүндэрч буйтай холбогдуулан найрсаг харилцаатай хөрш орны хувьд бололцоотой тусламж, дэмжлэг үзүүлэхийг мэдэгдлээ. Энэ хүрээнд Монголтой хөрш бүс нутгийн удирдлагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр эхний ээлжинд 50 мянган тонн тэжээлийн буудай нийлүүлэх шийдвэр гаргаснаа уламжилав. Ийнхүү ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинд Монголд болсон зудын гамшигт анхаарал хандуулж буйд Ерөнхий сайд С.Батболд Монголын ард түмэн, Засгийн газрын зүгээс талархал илэрхийллээ. Монгол, Оросын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар Засгийн газрын тэргүүн нар энэ үеэр мөн санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

  • “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлт” семинар дээр хэлсэн үг

    “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлт” семинар дээр хэлсэн үгХатагтай, ноёд оо

    Юуны өмнө энэ танхимд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, үндэсний семинарын үйл ажиллагаанд амжилт хүсье. Эрүүл мэндийн даатгал нь нэг талаас даатгуулагчдад эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд байгууллага, иргэдээс хуулийн дагуу шимтгэл хураагаад тэдэнд  эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэдэг өвөрмөц  тогтолцоо, нөгөө талаас эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу өвчтөний эмчилгээний зардалд эрүүл хүмүүсийн даатгалын мөнгийг ашиглах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг тогтолцоо юм.

    Манай улс эрүүл мэндийн төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндээ хамгаалахад иргэн бүрийн ухамсартай  оролцоог бий болгох зорилгоор эрүүл мэндийн даатгалыг 1994 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бас хууль, тогтоомж холбогдох дүрэм, журам ч байнга өөрчлөгдөж ирлээ. Өнөөдрийн байдлаар манай орны хүн амын 80 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна.

    Гэсэн хэдий ч хууль эрх зүйн орчны өөрчлөлтөөс болж 2005-2008 онд эрүүл мэндийн даатгалын сангийн эрүүл мэндийн нийт зардалд эзлэх хувь 26-аас 18 хувь болтлоо буурлаа. Бас дээрх хугацаанд төсвийн нийт зардалд эзлэх эрүүл мэндийн зардал  5-аас 3 хувь болтлоо буурсан байна. Энэ нь улс орны төсвийн нийт зардлын 6-гаас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  зөвлөмж манай оронд хэрэгжихгүй байгааг харуулж байна.

    Харин 2009 онд холбогдох сайд нарын тушаалаар эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөтгөж, 107 оношийн бүлгийн хамаарлаар санхүүжүүлэх, эрүүл мэндийн даатгалын хувьсах зардлын хэмжээг өөрчилсний дүнд 2010 онд эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 76 тэрбум төгрөгт хүрч, эрүүл мэндийн даатгалын сангаас оруулж байгаа хөрөнгийн хэмжээний эрүүл мэндийн салбарын нийт зардалд эзлэх хувь 28 болж өсөхөөр байна.

    Өнөөдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулагыг боловсруулж байна. Энэ үед улс төрчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид Төрийн ордонд цуглаж  эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлаар санал солилцож  байгаа нь чухал ач холбогдолтой юм. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд бид эрүүл мэндийн даатгалын үр ашгийг бууруулж байгаа цөөнгүй асуудалтай тулгарч байсан.
     
    Тухайлбал, нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалд оролцогч талууд болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн эрх үүрэг, хариуцлага тодорхой бус, байр суурь нь хуваагдмал, нэгдсэн бодлогогүй явж ирсэн байна. Хоёрдугаарт, 2004 оноос хойш боловсруулж эхэлсэн эрүүл мэндийн даатгалын бодлого, стратеги одоо хүртэл батлагдаагүй байгаагаас иргэний эрүүл мэндийн даатгалын хууль олон удаа өөрчлөгдөж, эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтад улс төрийн шийдвэр давамгайлж ирсэн байна.

    Гуравдугаарт, эрүүл мэндийн даатгал нийгмийн хамгааллын тогтолцоонд явж ирсэн 14 жилд даатгалын сангуудын нэгдсэн удирдлагын зардлыг бууруулж байсан сайн талтай ч эрүүл мэндийн даатгалын удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн арга нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай уялдсан үр дүнтэй нэгдсэн тогтолцоо болж чадаагүй байна. Гэхдээ эрүүл мэндийн даатгал хэрэгтэй эсэх талаар өнөөдөр мэтгэлцэх шаардлага байхгүй. Эрүүл мэндийн даатгал янз бүрийн хэлбэр, агуулгаар дэлхийн улс орнуудад амжилттай хэрэгжиж  баялаг туршлага хуримтлагдсан байна. Манай орны хувьд ч энэ чиглэлээр зарим нааштай алхмууд хийгдсэн гэдгийг Та бүхэн мэдэж байгаа.

    Засгийн газар эрүүл мэндийн салбарын нийт зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа хөрөнгийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарын эдийн засаг эрүүлжиж, иргэдийн эрүүл мэндийнхээ төлөө тавих анхаарал, нийгмийн өмнө хүлээх хариуцлага дээшлэнэ гэж үзэж байна. Бид эрүүл мэндийн даатгалын бодлого, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд  нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын дунд болон урт хугацааны бодлого, стратегийг тодорхойлох, хоёрдугаарт, эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлэх, гуравдугаарт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах, дөрөвдүгээрт, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, тавдугаарт, даатгалтай иргэнд эмнэлэг, эмчээ сонгох  бололцоог олгох,  зургаадугаарт, эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцаж байгаа иргэдийн бүтэц, төлбөрийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох зэрэг тодорхой зорилт тавин ажиллаж  байна.
     
    Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр эрүүл мэндийн даатгалын байгууллагын үүрэг, хариуцлага, чадавхи дээшилж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирч, даатгуулагчдын сэтгэл ханамж дээшлэх болно. Засгийн газар эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас оруулж байгаа хөрөнгө, төлбөртэй тусламж, үйлчилгээний  зохистой харьцааг бий болгох нь шинэчлэлийн гол зорилт гэж үзэж байна. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн дийлэнх хэсэг хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бус эмчлэхэд чиглэгдэж байгааг өөрчлөхөд анхаарч ажиллах болно. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр хувь хүнийг эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдлээс хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээх, чанарыг сайжруулах тухай эрүүл мэндийн салбарын үндсэн зорилтыг хангах нөхцөл бүрдэнэ.
     
    Сүүлийн үед эрүүл мэндийн даатгалын хамралт, даатгалын сан нэмэгдэх  хандлага бодитой ажиглагдахгүй байна. Энэ нь малчид, ажилгүй  иргэдийн хамралт  муу, төрөөс хариуцаж байгаа даатгуулагчийн даатгалын төлбөрийн хувь хэмжээ бага байгаатай холбоотой юм. Саяхан Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсанаар иргэн хишиг, хувиасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломж бүрдүүлсэн нь цаашид эрүүл мэндийн хамрагдагсадын хүрээг өргөтгөх боломжийг бүрдүүлж байна. Иймд энэ асуудал дээр манай холбогдох байгууллагууд санаачлагатай ажиллах шаардлагатай байна. Нөгөө талаар  Засгийн газар эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцаж байгаа иргэдийн бүтэц, төлбөрийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох зорилгоор судалгаа хийж байна.

    Эцэст нь хэлэхэд хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, эрүүл мэндийн даатгалын талаархи мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх нь эрүүл мэндийн даатгалын үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болдог байна. Тийм учраас  миний бие энэхүү уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж байна. Та бүхний гаргасан ажил хэрэгч, оновчтой санал бидний шинэчлэн боловсруулж, удахгүй УИХ-д өргөн барих гэж байгаа Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөлд  тусгалаа олох болно.

    Уулзалтын ажиллагаанд дахин амжилт хүсье.
    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөл хуралдав

    Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөл хуралдавМянганы Сорилтын Сангийн Удирдах зөвлөлийн хурал 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд, Удирдах зөвлөлийн дарга  С.Батболд хуралдааныг удирдав. Хурлаар Мянганы Сорилтын Сангийн 2009 оны Худалдан авалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, 2010 оны эхний хагас жилийн худалдан авалтын төлөвлөгөөг батласан байна.

    Мөн “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ хийх тухай”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай”, “Олон нийтийн сургалт, сурталчилгааны компанит ажил гүйцэтгэх тухай”, “Машин, механизмын засвар, үйлчилгээний багш бэлтгэх туршилтын төсөл хэрэгжүүлэх тухай” гэрээтэй танилцав. Мөн хурлаар П.Батсайханыг Замын төслийн, С.Мангалыг Эрчим хүч, хүрээлэн буй орчны төслийн, П.Баярмагнайг Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирлаар тус тус томилов