Монгол Улсын Засгийн газрын 12-р хуралдаан болж УИХ-ын зарим гишүүний санаачлан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргав.
– Улсын Их хурлын гишүүн Э.Мөнх-Очир, Р.Амаржаргал нарын санаачлан боловсруулсан “Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд хуулийн төслийг бүхэлд нь дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагч нарт уламжлахаар тогтов.
– Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Л.Гантөмөр нарын санаачлан боловсруулсан Төрийн аудитын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчдад уламжлахаар болов.
– Улсын Их хурлын гишүүн Н.Ганбямба, Н.Энхболд, Я.Батсуурь, Д.Дондог, Ц.Сэдваанчиг нарын санаачлан боловсруулсан “Өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган хууль санаачлагч нарт уламжлахаар тогтов.
– Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
– Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Оюуны өмчийн хувьд мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хөгжил, олон улсын чиг хандлагад нийцсэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” зорилтыг хэрэгжүүлэх шаардлагын дагуу “Барааны тэмдгийн хуулийн тухай” Сингапурын гэрээнд нэгдэн орохыг соёрхон батлуулахаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
ТОВЧХОН:
– 2010 оны 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын III хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, комиссын Монголын хэсгийн дарга Х.Баттулгад даалгалаа.
– Компьютерийн кирилл ба монгол үсгийн нэгдсэн кодын MNS 5552:2005 стандартыг төрийн байгууллагын албан хэрэгт мөрдүүлэхээр шийдэв.
– Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2009 оны жилийн эцсийн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын болон Байнгын хороодын тогтоол, Засгийн газрын шийдвэрийн заалт, арга хэмжээ бүрийг хяналтад авч, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, биелэлтийг тогтоосон хугацаанд нь бодитойгоор тайлагнах, 2009 оны эцсийн байдлаар тасарсан болон хэрэгжилт нь удааширч байгаа асуудлыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сайд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
– Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 3 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагч талын зардлаар ажлын айлчлал хийхийг зөвшөөрөв.
– Төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс оруулсан төрийн захиргааны нэр бүхий албан хаагчдад төрийн захиргааны тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн төрийн захиргааны нэр бүхий албан хаагчдад эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгох тухай асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.
– Мал өвөлжилтийн нөхцөл байдал онц хүндэрсэнтэй холбогдуулан хөрш орон, олон улсын байгууллагаас ирүүлсэн тусламжийн зарим бараа, материалыг хуваарилах талаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан тусламжийн бараа, материалыг тухайн зориулалтынх нь дагуу өвөлжилт хүндэрсэн аймгуудад хуваарилахыг зөвшөөрч, тээвэрлэлт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод даалгав.
– Засгийн газрын хэрэгжүүлэгч Автотээврийн газрын балансад бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 20 айлын орон сууцыг сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүйгээр хувьчлах болов.
Томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг сонсов
2 дугаар сарын 17-18-наас энэ өвчин хөдөө аймгуудад дэгдэлт байдлаар илэрч эхэлсэн байна. Нийслэлийн хэмжээнд 2 дугаар сарын 22-нд 1174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 322 хүүхэд шинээр хэвтэж, 302 хүүхэд эдгэрч гарсан байна. 23-ны өдөр 235 хүүхэд шинээр хэвтэж 126 хүүхэд эдгэрч гарчээ. Томуу, томуу төст өвчин 2 сараас 2 хүртэлх насны хүүхэд хатгалгаа байдлаар хүндрэх хандлагатай байна. Дүүрэг, аймгуудын нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал хэт ихэсч, өрхийн эмнэлгүүд ердийнхөөс 4 дахин илүү ачаалалтай болж нэг оронд 3 хүүхэд ноогдож байна.
Жич:
Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны төгсгөлд нийслэлийн амаржих газруудад гараад байгаа өнөөгийн хүндрэлтэй байдлын талаар мэдээлэл бэлтгэн зохих албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлаар ирэх баасан гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Томилгоо
Азадын Баатарцогтыг Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилов.
А.Баатарцогт 1957 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
– 1975 онд дунд сургууль
– 1975-1980 онд Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль
– 1988-1991 онд Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академи
– Москва хотноо цэргийн дээд курс, Англи Улсад хэлний курс тус тус төгссөн.
– Оператив-тактикийн цэргийн командын мэргэжилтэй. Хошууч генерал цолтой.
– 1980-1985 онд хилийн дугаар ангид хилийн албаны тасгийн туслах, тасгийн дарга
– 1985-1988 онд Хилийн ба ДЦУЕГ-ын штабт чиглэлийн дарга, тасгийн дарга, штабын дарга
– 1991-1998 онд УАБХЕГ-ын Хилийн цэргийн штабт ахлах офицер, хэлтсийн дарга
– 1998-2004 онд Москва дахь ЭСЯ-нд хилийн албаны төлөөлөгч, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга
– 2004-2009 онд Хил хамгаалах ерөнхий газарт дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан. Төрийн албанд 29 жил, Дипломат албанд 6 жил ажилласан юм.
Засгийн газраас төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэн оюутны хотхон байгуулах замаар боловсролын шинэчлэлийг эхлүүлэх тухай шийдвэр гаргасан билээ. Энэ арга хэмжээний хүрээнд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Оюутны хотхон байгуулах асуудлаар холбогдох албаны хүмүүс зөвлөлдлөө. Зөвлөгөөнийг Ерөнхий сайд С.Батболд удирдав. Тэрбээр зөвлөгөөнд оролцогчдод хандаж “Боловсролын салбарын шинэчлэлийг хийхдээ их, дээд сургуулийн шинэчлэлийг яаж, ямар арга замаар оновчтой хийх талаар санал солилцохоор цуглараад байна.
Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн удирдлагууд 2010 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор”-ын төслийн талаар танилцууллаа. Уг цогцолбор нь хотын 0 цэгээс 40 км, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас засмал замаар 24 км, Хөшигтийн хөндийд баригдах шинэ онгоцны буудлаас 30 км-ийн зайд байрлалтай. Палеонтологийн музей, Хүннү судлалын музей, ХХ зууны монголчууд-Галерей, Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв музей, Эзэн Чингисийн музей, соёлын музей, спортын талбай, автомашины гараж, зогсоол, үйлчилгээний төв, захиргааны барилга, зочид буудал зэрэг 11 байгууламжтай байх юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сониноос жил бүр шалгаруулдаг “Оны алдартан”-аар тодорлоо. Тус сонин нь энэхүү арга хэмжээг есөн жилийн тэртээх могой жил тухайн онд ажил үйлс, алдар гавьяагаараа монгол түмнээ манлайлсан хүмүүсийг олны танил эрхмүүдийн саналаар тодруулж эхэлснээс хойш энэ жил ес дэх жилдээ, есөн алдартнаа шалгаруулсан юм. “Харшлалт” хэмээх шороон үхэр жилийн алдартнуудыг нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон 100 эрхмийн саналаар тодруулахад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг айргийн тавд нэрлэжээ.
Цагаан сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Говь-Алтай аймгийн уугуул, ахмад дайчин М.Лашид гуайнд очин амар мэндийг нь эрж золгов. М.Лашид гуай 8 хүүхэд, ач зээ нийлсэн 30 гаруй хүүхэдтэй болж өдгөө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд энх тунх амьдарч байна. Тэрбээр 1939,1945 оны дайнд оролцон, Говь-Алтай аймагтаа сум, нэгдлийн дарга, Гаалийн хорооны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явжээ.
100 хоног. Энэ бол ердөө 3 сар, дээр нь ганц 7 хоног. Хүлээсэн, гиюүрсэн хүнд урт мэт боловч зорьсон, яарсан хүнд бас бага хугацаа. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар 46 насандаа томилогдсон Сүхбаатарын Батболд Засгийн газрыг тэргүүлээд 100 хонож байна. Хамтарсан Засгийн газрын шинэ тэргүүн “БИД ХАМТДАА ЧАДНА” гэж ажлынхаа гараан дээр мэдэгдсэн юм. Өнгөрсөн 100 хоногт хамтдаа юу амжуулсныг сонирхъё.
Ерөнхий сайд С.Батболд “Доу Жоунс” агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Хөрөнгийн биржээ менежментийн хувьд сайжруулах, олон улсын стандартад нийцүүлэх бэлтгэл ажил хийх болно. Үүний тулд тендер зарлаж, бидний шаардлагад нийцэх гадаадын мэргэжилтнүүд, банкируудаас бүрдсэн өндөр чадвар бүхий багыг бүрдүүлэх юм. Цаашдаа олон улсын хөрөнгийн биржид ашигт малтмалын, дэд бүтцийн болон энергийн нөөцөөрөө гарах болно. Ашигт малтмал, стратегийн ордуудаас олсон ашгийг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэдэд түгээж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан, манай оронд анх удаа болж буй “Монголын эдийн засгийн чуулга”-ны хоёр дахь өдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Чуулганыг санаачлагч болоод идэвхтэй оролцож буй төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Их чухал, ач холбогдолтой чуулган болж байна. Энэ чуулганыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа“ гэж онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор манай улсад анх удаа зохиогдож буй Монголын эдийн засгийн чуулган үргэлжилж байна. Энэ өдөр “Монгол Улсын төсвийн шинэтгэл”, “Уул уурхайн салбарын хөгжил”, “Байгаль орчин-ногоон эдийн засаг” гэсэн гурван салбар хуралдаан болж эдгээр салбарт тулгамдаж буй асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд нээлттэй ярилцлаа. “Монгол Улсын төсвийн шинэтгэл” салбар хуралдааныг Сангийн сайд С.Баярцогт, “Уул уурхайн салбарын хөгжил” хуралдааныг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, “Байгаль орчин, ногоон эдийн засаг” хуралдааныг УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга Д.Энхбат нар удирдав.