Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Ерөнхий сайд С.Батболд: Ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Блүмберг агентлагийн сурвалжлагчид ярилцлага өглөө. Сурвалжлагч байгалийн нөөц баялгаа дэмий сүйтгэж ирсэн олон улс орон түүхэнд байдгийг дурьдаад, Монгол Улс чухам ямар замаар амжилтанд хүрэх гэж байгаа талаар Ерөнхий сайдын бодлыг асуулаа.”Ер нь бусдын алдаа болон туршлагаас суралцах хэрэгтэй. Ашигт малтмалтай холбоотой асуудлуудын хүрээнд аль ч оронд Засгийн газрын байр суурь баримталж буй бодлого, чиглэл нэн чухал.

    Уг чиглэлийг тодорхойлох үүднээс гадны хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдтэй төдийгүй дотоодын мэргэжилтнүүдтэйгээ санал солилцож байна. Энэхүү асуултын хариуг олж, саад бэрхшээлийг даван туулах арга замыг олох зорилгоор эдийн засгийн чуулганыг зохион байгуулсан. Манай оронд иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, улс орны хөгжлийг сайжруулах гол хөшүүрэг болох олон стратегийн ордууд бий” гэлээ. Таван Толгойн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхдээ ард түмний ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьж, түүний дараагаар бусад бусад орнуудтай гэрээ хэлэлцээр хийх нь зүйтэй” гэж тэрбээр ярилцлагадаа хэлэв. Ерөнхий сайд бусад асуудлаар хариулт өглөө

  • Ерөнхий сайд “Ройтерс” агентлагт ярилцлага өгөв

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөв. Монголд анх удаа болж байгаа эдийн засгийн чуулган болон уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл, энхийг сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчин, өвөлжилтийн байдлын талаар сурвалжлагч асууж хариулт авлаа.

    Эдийн засгийн чуулганы үеэр үндэсний хөгжлийн асуудлаар төр, засаг, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн гээд бүх талын төлөөлөл  хамтарч илэн далангүй ярилцаж байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. 1997 онд “Ашигт малтмалын тухай хууль” батлагдсан. Гэвч энэ хуулиар гадаадынханд давуу эрх олгож  монголчуудын эрх ашиг хохирсон гэсэн шүүмжлэл гарснаас тал талаас эрх ашгийг тэнцвэржүүлэх, ил тод, ойлгомжтой байх, тогтвортой, шударга орчинг бий болгохыг зорьж байна. 

    Уул уурхайн салбарын орлогоос олох хөрөнгөөс “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ хувь, хишиг хүртээж эхэлсэн. Цаашид иргэдэд бэлэн мөнгө тараах бус харин эдийн засаг, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх боломжтой бусад хувилбарыг ч ярилцаж байна гэж Ерөнхий сайд хэлэв. Гадаадынхан Монгол Улсын байгалийн баялгийг ашиглан 20 тэрбум ам долларын ашиг олсон. Цаашид монголчууд өөрсдөө дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлд гарч мөнгө босгох нь чухал.

    Бид гадны улс орнуудаас техникийн туслалцаа, зөвлөгөө авч богино хугацаанд амжилтад хүрнэ гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй байна. Хөрөнгийн эх үүсвэрээ зөв тодруулж бодит хөрөнгө хуримтлуулах нь чухал юм гэж тэрбээр хэллээ

  • Монголын хөгжлийн стратегийн зөвлөл байгуулах санал гаргав

    Монголын хөгжлийн стратегийн зөвлөл байгуулах санал гаргав Монголын эдийн засгийн анхдугаар чуулган эхэллээ. Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбар хуралдаанууд хуралдах юм. Энэхүү чуулганаар улсын төсвийн шинэтгэл, уул уурхайн салбарын хөгжил, байгаль орчин, ногоон эдийн засаг, улсын бүртгэлийн болон хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы ажиллагааг нээж үг хэлэв.

    Тэрбээр хэлсэн үгэндээ “Төр, засгийн бодлого амьдралаас хол хөндий байна гэсэн шүүмжлэл олонтаа гардаг. Тэр хол хөндий гэгдээд байгаа зайг ойртуулахад энэхүү чуулган тус дөхөм болно гэдэгт найдаж байна. Бид хөгжлийн гарц, хөгжлийн зам хэмээн өргөн агуулгаар нь ярьсаар ирлээ. Одоо ажил хэрэгт шилжих, бодитой алхам хийх цаг нь боллоо. Яагаад стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна вэ гэсэн тодорхой асуудлаар санал бодлоо солилцож, нэгдмэл ойлголтод хүрэх ёстой.

    Тухайлбал, манай Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах асуудалд нухацтай хандаж 100% төр, ард түмний мэдэлд байлгаж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг цогцолбороор нь бүтээн байгуулж олон мянган ажлын байр бий болгохыг зорьж байна. Одоо эдийн засгийн ардчилал руу түүхэн үсрэлт хийх хэрэгтэй болоод байна. Эдийн засаг, бизнесийн эрх чөлөөг зах зээлийн утгаар нь хангаж чадахгүй болхувь хүний улс төрийн эрх, эрх чөлөө, улмаар ардчиллын ирээдүй, улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа ч хангагдахгүй.

    Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан нь ард иргэд, бизнес эрхлэгчдийнхээ энэ эрх чөлөөнд нь зам тавьж өгч буй бодит алхам юм. Үүнийг иргэд маань санхүүгийн эрх чөлөөтэй  болсон байх хэтийн том зорилгын үүднээс харж ажиллах болно. Энэхүү чуулганаас “Монголын хөгжлийн стратегийн зөвлөл” хэмээх зөвлөлдөх байгууллага байгуулахыг санал болгож байна. Цаашид уламжлал болгон жил бүр ийм чуулганыг зохион байгуулж хэвших хэрэгтэй юм.

    Эдийн засгийн анхдуггар чуулганыг эдийн засгийн ардчллыг хөгжүүлэх, өрөөсгөл бүтэцтэй эмзэг эдийн засгаас тогтвортой өсөлттэй хөгжлийн эдийн засаг руу, эрүүл бус далд эдийн засгаас илтод нээлттэй эдийн засаг руу, хөрөнгө мөнгөний хязгаарлагдмал байдлаас хөрөнгийн зах зээл рүү хийх эрс шийдэмгий алхамын эхлэл байгаасай хэмээн хүсч байна хэмээн тодорхойллоо

  • Ерөнхий сайд оны шилдэг багш нарт шагнал гардууллаа

    ЕРӨНХИЙ САЙД ОНЫ ШИЛДЭГ БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын багш нарын өдрийг тэмдэглэх 44 дэх жилийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд багш сурган хүмүүжүүлэгчдэд хандаж “Манай боловсролын салбарт хийж эхлүүлсэн амжилтаа үргэлжлүүлэх, шинээр хийх зүйл олон байна. Бид боловсролынхоо тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэх ёстой. Монголчууд боловсролоороо, амьдрах чадвараараа, мэргэжлээрээ дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болох учиртай гэсэн зорилт, шаардлага тавигдаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд гол манлайлагч, тулгуур нь багш, сурган хүмүүжүүлэгч гэдгийг та нар минь сайн ойлгож байгаа.

    Олон улсад өрсөлдөх чадвартай, боловсролтой сурагчдыг бий болгох, Кембрижийн тогтолцоог авч хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьсанд талархаж байна. Энэ шаардлагыг үүрч ажиллах багш нарынхаа нийгмийн асуудал, мэдлэг чадварыг дээшлүүлэх, давтан сургалт, дотоод гадаадад мэргэшүүлэн сургах, багш нарынхаа хөгжлийг дэмжихэд төр засгаас анхаарал тавьж Багш нарын хөгжлийн ордон барихаар төлөвлөөд байна.

    Багш нарын цалин, урамшуулал цалинг нэмэх, орон сууцаар хангахад Засгийн газраас анхаарч тодорхой ажлын эхлэлийг тавиад байгаа. XXI зуунд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг бэлтгэх их үйлсийн эзэн, багш, сурган хүмүүжүүлэгч нартаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэе” гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд дараа нь Оны тэргүүний багш нарт шагнал гардууллаа.

    Оны тэргүүний багшаар:
    •    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын нэгдүгээр ахлах сургуулийн хими биологийн багш Дэмбэрэлийн Үдэлгарав
    •    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын хоёрдугаар ахлах сургуулийн математикийн багш Жууяарын Чогмаа
    •    Архайнгай аймгийн Эрдэнэбулган сумын Нэгдүгээр цэцэрлэгийн багш Дариймаагийн Энхтуул
    •    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Нэгдүгээр сургуулийн химийн багш Намсрайн Сүхбат
    •    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Олонлог” сургуулийн математикийн багш Балдандоржийн Ганболд
    •    Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш Цэнджавын Мөнхтуяа
    •    “Монос”  анагаах ухааны дээд сургуулийн багш Халзангийн Мөнхжаргал
    •    “Дархан-Өргөө” дээд сургуулийн багш Лхагваагийн Нина нар шалгарчээ.

    Энэ арга хэмжээний үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Улсын тэргүүний цэцэрлэг, Улсын тэргүүний сургуулийн хамт олонд өргөмжлөлийг нь гардууллаа.

    Улсын тэргүүний цэцэрлэгээр
    •    Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэг
    •    Нийслэлийн Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг
    •    Булган аймгийн Булган сумын 4-р цэцэрлэг
    •    Завхан аймгийн Улиастай сумын нэгдүгээр цэцэрлэг

    Улсын тэргүүний сургуулиар
    •    Өвөрхангай аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль
    •    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль шалгарлаа

  • “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдэв

    “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдэв Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газар, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-2010” үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг нээж үг хэлэв. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа энэ арга хэмжээ улам өргөжсөн нь харагдаж байна. Энэ арга хэмжээ нь бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнийхээ чанарын түвшинг жишиж үзэх, хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнээ танилцуулж сурталчилахаас гадна өөр хоорондоо танилцаж, туршлагаа солилцож, бие биенээсэээ суралцах, өрсөлдөх олон боломжийг олгоно. “Монголд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний нэр төрөл нь олширч чанаржсан нь харагдаж байна.

    Монгол Улсын Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг ямагт дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжинэ. Өнгөрсөн онд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 30.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Иймэрхүү үйлдвэрлэлийг дэмжихийн тулд  цаашид  олон арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Бизнесийн үйл ажиллагаа, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зйүн орчныг боловсронгуй болгох, хүнд суртал аливаа дарамт чирэгдлээс ангид байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2010 оныг “Бизнесийн орчны шинэчлэлийн жил” болгон зарласан билээ. Энэ зорилтоо хэрэгжүүлснээр улс орныхоо өрсөлдөх чадварын түвшинг тодорхойлох, ололт, дутагдлаа олж харах, үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэнэ.

    Засгийн газар энэ онд хийх ажлынхаа үндсэн чиглэлийг тодорхойлсон. Одоо боломжоо ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулахын зэрэгцээ Европын өргөн зах зээлд экспортод гаргах зорилт тавьж байна. Үүний тулд олон улсын стандарт, чанарын  шаардлага хангасан техник, технологи ашиглан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах болно. Энэ талаар Засгийн газраас бүрэн дэмжлэг үзүүлнэ  хэмээв.   Үзэсгэлэн худалдаа энэ сарын 8-ыг дуустал үргэлжлэх юм“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдэв

  • Ерөнхий сайд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгов

    Ерөнхий сайд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болговМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Таван толгой” төслийн Ажлын хэсгийн хуралдааныг удирдаж үүрэг өглөө. Ерөнхий сайд “Хамтарсан Засгийн газрын шийдвэрлэх ёстой олон зорилтын нэг нь “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх асуудал юм. 2009 онд “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэх ажлын үндэс нь тавигдсан. 2010 онд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Юуны өмнө дэд бүтцийг бүрдүүлэх, улс төр, эдийн засаг болон гадаад дотоод асуудлаа тогтвортой байлгах нь нэн тэргүүний асуудал юм.
        
    “Тавантолгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг боловсруулахдаа иргэд, аж ахуйн нэгж мэргэжлийн байгууллагын дунд нээлттэй, ил тод хэлэлцүүлэг явуулж байж хамгийн оновчтой хувилбарыг сонгон шийдэх нь зүйтэй. Энэ хувилбарынхаа дагуу бодлого, зорилтоо тодорхойлон боловсруулж УИХ-ын хаврын чуулганд өргөн барих хэрэгтэй гэв. Дараа нь ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Ажлын хэсгээс хийж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

    Д.Зоригт “УИХ-ын 2007 оны 12 дугаар сарын 40-р тогтоолоор стратегийн ордыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, үндсэн зарчим, удирдамжыг баталсан. “Таван толгой” төслийг боловсруулах Ажлын хэсэг 2009 онд байгуулагдсан. Түүнээс хойш олон улсын 11 компани, консерциумтай эхний яриа хэлэлцээгээ хийлээ.

    Одоо:
    •    2010 онд ордыг ашиглах тулгуур асуудлыг шийдвэрлэх.
    •    Хоёр дахь  шатны хэлэлцээр хийх
    •    Сонгон шалгаруулалтыг  дуусгаж гэрээ байгуулах ажил үлдээд байна гэв.
        Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд “Бидэнд харгалзан үзэх, тооцох хүчин зүйл, тунгаах асуудал олон байна. Хамгийн шилдэг хувилбарыг л онож  сонгох хэрэгтэй. Иймээс:
    •    Таван толгойг төрийн өмчийн компани байгуулан 100% өмчилж, түүнийг дагасан хувилбаруудыг түлхүү судлах,
    •    Кокс,  хими, ган  төмөрлөгийн  зэрэг үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх мастер төлөвлөгөөг боловсруулах,
    •    Урьдчилсан  төлбөрийн асуудлыг анхаарах. Оюутолгойн төслөөс хэд дахин их хөрөнгө хуримтлуулах бодлого баримтлах
    •    Гадаадын томоохон оператор компаниудыг судалж гэрээ байгуулах боломжийг хэрэгжүүлэх
    •    “Таван толгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг 2010 оны эхний хагас жилд багтаан хэрэгжүүлэх зэрэг үүрэг өглөө

  • Цэцэг өргөлөө

    Цэцэг өргөлөө Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 117 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон албаны хүмүүс жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

  • Ерөнхий сайд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдэд талархал илэрхийлэв

    Ерөнхий сайд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдэд талархал илэрхийлэв Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн 85 оронд 35 мянган сайн дурын гишүүдээ илгээгээд буй ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдийг хүлээн авч уулзлаа. ЖАЙКА манай улсад 1991 оноос сайн дурын гишүүдээ томилж энэ хугацаанд 400 гаруй гишүүн томилогдон ажиллажээ. Сайн дурын гишүүд нь томилогдсон орныхоо ард иргэдэд Японы техник технологийн ололттой талыг хөгжиж буй орнуудын бүтээн байгуулалт, хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд ажилладаг байна.

    Ерөнхий сайд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдэд хандаж “Анх Улаанбаатар хотоос эхэлсэн сайн дурын гишүүдийн үйл ажиллагаа эдүгээ хүрээгээ тэлж, Багануур дүүрэг, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь,  Сүхбаатар зэрэг 10 гаруй аймагт ажиллаж байна. Та бүгдийн нийгмийн бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа нь монгол орны хөгжил төдийгүй манай хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, талархал илэрхийлье” гээд “Монгол орон, монголчуудын хэл соёл, зан заншлыг таньж мэдэн, Японы ард түмэнд түгээн хоёр орны ард иргэдийг холбосон гүүр байгаарай” гэж ерөөлөө.

    2004 оноос Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөрийг баталжээ. Тус хөтөлбөрт үндэслэн “Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах, боловсон хүчин бэлтгэхэд туслах”, “Хөдөө орон нутгийг хөгжүүлэх”, “Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн тусламж”, “Эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн хөгжил” зэрэг салбаруудад цэцэрлэгийн багш, бага ангийн багш, компьютерийн мэргэжилтэн, орон нутгийн хөгжлийн ажилтан, хог хаягдлын боловсруулалт, аялал жуулчлал, цахилгаан станцын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ зэрэг мэргэжлээр сайн дурын гишүүд томилогдон ажиллаж байна. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кидокоро Такуо оролцлоо

  • ОУУЗН-ээс 400 мянган швейцар франкийн тусламж олгохоор шийджээ

    ОУУЗН-ээс 400 мянган швейцар франкийн тусламж олгохоор шийджээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод МУЗН-ийн  Ерөнхийлөгч Л.Одончимэд дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчдийнхээ хамт бараалхав. Л.Одончимэд МУЗН-ийн дунд, анхан шатны хороо аймгуудын Онцгой байдлын хэлтэстэй хамтран өвөлжилтийн байдалд үзлэг  хийж  хүндрэлтэй байгаа аймгуудад 60.0 сая төгрөгийн дулаан хувцас ачуулсан байна. Мөн Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн шинжээчдийг урин өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудад  ажиллуулжээ. Үүний үр дүнд Олон улсын Улаан загалмай нийгэмлэгээс 400.000 швейцар франкийн тусламж үзүүлэхээр боллоо.

    Энэ мөнгийг 5 аймгийн 1500 орчим өрхөд  тусламжийн барааг багцлан тараахаар шийдэж байна. Энэ багцад дулаан хувцас, гурил, будаа, зэрэг бараа бүтээгдэхүүн багтах юм гэлээ. Тэрбээр Улаан загалмай нийгэмлэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, энэ нэмэлт, өөрчлөлтдөө Улаан загалмай нийгэмлэгийн үндсэн ажилтнуудыг төрөөс санхүүжүүлэх, тусламжаар гадаадаас ирж байгаа бараа материалд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх зэрэг заалт оруулснаа тайлбарлан төслөө Ерөнхий сайдад гардуулав.

    Ерөнхий сайд МУЗН-ээс санаачлага гарган малчдадаа туслах арга хэмжээ авсанд талархаж буйгаа илэрхийлээд ирж байгаа тусламжийн барааг холбогдох байгууллагуудтай нь ажлаа уялдуулан оновчтой шуурхай хүргэхийг анхааруулаад Улаан загалмай нийгэмлэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналд Засгийн газар анхаарал тавих болно

  • Улсын Их Хурал “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хэлэлцэхээр болов

    Улсын Их Хурал “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хэлэлцэхээр боловЕрөнхий сайд “Зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээ нэгдсэн чуулганы хуралдаанд танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ өвөлжилт хүндэрсэн аймгуудад дэмжлэг үзүүлэх, нөхцөл байдлыг судлах зорилгоор холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгийг өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллуулж шуурхай арга хэмжээ авч, тэдний саналыг Засгийн газрын шийдвэрт тусгах арга хэмжээ авсан болно.

    Улсын нөөцийн өвс, тэжээлийн гуравны хоёрыг малчдад үндсэн болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож, малын эм, биобэлдмэлийг тусламжаар өгч, цаг хүндэрсэн сумдад эмнэлгийн түргэн тусламжийн машин, цахилгаан станц улсын нөөцөөс гаргаж, зам давааны цас арилгах, отрын малчдад эрүүл мэндийн тусламж, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж зарим аймгийн Засаг даргын Тамгын газарт нийт 2,207.9 мянган төгрөг олголоо.

    Хилээр мах гаргах боомтын тоог нэмэгдүүлж, өвс нэвтрүүлэх зорилгоор шинээр түр боомт нээв.

    Малчдад туслах хандивын хөдөлгөөн өрнүүлж, мал өвөлжилтийн нөхцөл байдлыг гадаад орон, хандивлагч байгууллагуудад мэдээлж тусламж дэмжлэг хүсэх зэрэг арга хэмжээ авлаа. Мал өвөлжилтийн ажлыг шуурхай зохицуулах үүргийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд ахалсан Улсын онцгой комисс хариуцан өвөлжилтийг даван туулах олон талт арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, малын тэжээл үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлэх, нийслэлд мах борлуулах ажлыг зохион байгуулах, өвс, тэжээл хүргэх, цаг үеийн байдлыг судлах, малчдад туслах хөдөлгөөн өрнүүлэх ажлыг шуурхай зохицуулан ажиллаж байна.

    12 аймгийн 155 суманд өвөлжилт хүндэвтэр байгаа мэдээ аймгуудаас ирсэн. Ажлын хэсгийн очиж ажилласан дүгнэлтээр 2010 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар мал өвөлжилтийн нөхцөл байдлыг улсын хэмжээгээр авч үзвэл 7 аймгийн 29 сум зудын гамшгийн хэмжээнд хүрсэн, 6 аймгийн 35 суманд өвөлжилтийн нөхцөл зудын хэмжээнд, 14 аймгийн 74 сум зудархуу байдалтай гэсэн дүгнэлт гарлаа. Цаана нь өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй 12 аймгийн 75 сум байна.

    Өчигдрийн байдлаар улсын хэмжээгээр 1.5 сая орчим толгой мал хорогдсон гэсэн мэдээ гарлаа. Үүний дотор 109.0-299.0 мянга хүртэл малын хорогдолтой байгаа Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Дундговь, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад онцгой анхаарал хандуулах шаардлагатай боллоо. Мал өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын нутгийн зөвлөл, төрийн бус байгууллагууд, яам, агентлаг, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, иргэд, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагын зүгээс малчдад туслах хөдөлгөөн өрнүүлэн идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газар дэмжин талархаж байна.

    Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусал гэсэн ардынхаа мэргэн үгийг санаж малчдад туслах энэ хөдөлгөөн, санаачилгыг цаашид улам идэвхжүүлж, байгууллага, иргэн бүр энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцож манай улсын эдийн засгийн гол салбар мал аж ахуйг зудаас хохирол багатай гаргахад туслахыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний бие нийт иргэддээ хандан уриалсан. Засгийн газар мал өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээгээ цаашид үргэлжлүүлэхийн хамт Төрөөс малчдад болон хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр анхааран ажиллах болно. Мөн Монгол мал хөтөлбөрийг дэмжиж батлан хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

    Улсын Их Хурлын тогтоолын төслийн үндэслэл, ач холбогдлын талаар товч танилцуулая.

    2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мал өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболдын мэдээллийг сонсоод цаашид авах арга хэмжээний талаар нэмж шаардагдах 5.666.5 /таван тэрбум зургаан зуун жаран зургаан сая таван зуун/ мянган төгрөгийг 2010 оны улсын төсвийн “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргах нь зүйтэй гэж үзсэн билээ.

    “Зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь өвөлжилт хүндэрсэн аймгуудад олгох санхүүжилтийг 2010 оны улсын төсвийн “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас 3 тэрбум 760 сая төгрөг гаргах саналыг Улсын Их Хуралд оруулж байгаа юм. Өвөлжилт хүндэрсэн 12 аймаг тус бүрт 230.0 сая төгрөг олгож өвс, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч малчдад олгох, эмнэлгийн үйлчилгээг малчиддаа хүргэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахад зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа болно. Цаашид цаг агаарын байдлын улмаас бусад аймагт өвөлжилт хүндэрч болзошгүйг харгалзан үзэж энэ хөрөнгөнөөс 1 тэрбум төгрөгийг Засгийн газрын мэдэлд үлдээж зарцуулах эрхийг олгуулах саналтай байгаа болно.

    “Монгол мал” хөтөлбөрт зарцуулах хөрөнгийг гаргах зөвшөөрөл авч зарцуулаад, Засгийн газар уг хөрөнгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх замаар шийдвэрлэх болно. 

    Энэ тогтоол гарснаар мал өвөлжүүлэх, цаашдаа хаваржуулах ажлын зохион байгуулалтыг сайжруулж, малчдад чиглэсэн бүх төрлийн үйлчилгээг эрс сайжруулах үүрэг, хариуцлага аймаг, сумын бүх шатны удирдлага, ажил хариуцсан ажилтнуудад ногдож байгаа болно. Ингэснээр мал өвөлжилтийн талаар авч буй удирдлага, зохицуулалт, үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, одоогийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх болно гэв. Үүний дараа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн асуултанд хариулав. УИХ “зөвшөрөл олгох тухай” тогтоолыг хэлэлцэхээр боллоо