Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад ОХУ 10 сая рублийн үнэ бүхий тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхан энэ тухай ноот бичгийг гардуулав. Өвс, тэжээл, шатах тослох материал, дулаан хувцас, эм, тариа бүхий эхний ээлжийн 25 чингэлэг ачаа ирэх сарын 2 гэхэд Улаанбаатар хотод ирэх гэж байна. Цаашид ОХУ-аас арилжааны нөхцлөөр өвс, тэжээл нийлүүлэх боломж байгаа гэж Элчин сайд В.В.Самойленко хэлэв. Ерөнхий сайд хэлэхдээ “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Хүнд хэцүү нөхцөлд тусламжийн халуун гараа сунгасан найрамдалт хөрш ОХУ, оросын ард түмэнд Монгол Улсын Засгийн газар, монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв
Ангилал: мэдээ-мэдээлэл
-
ОХУ 10 сая рублийн тусламж үзүүлнэ
-
Ерөнхий сайд нэгдүгээр амаржих газрын засварын хөрөнгийг шийдэхээ амлалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Нэгдүгээр амаржих газар, “Ачтан” эмнэлэгт ажиллалаа. Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт нярайн халдвар дэгдэлт хэлбэрээр гарч, тус эмнэлгийн үйл ажиллагааг энэ сарын 19-ний шөнөөс бүрэн зогсоогоод байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Ерөнхий сайдад хандаж “Энэ гурван сарын хугацаанд 11 мянган ам. метр талбайтай энэ эмнэлэгт иж бүрэн засвар хийе. Хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгөхөд Ерөнхий сайд Та анхаарч өгнө үү” гэлээ.Их засварын ажилд 2.1 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Хэрэв хөрөнгөний асуудал шийдэгдчихвэл гурван сарын хугацаанд чанартай засварлана гэж нийслэлийн удирдлагууд амлаж байв. Нэгдүгээр амаржих газарт харьяалалтай эхчүүдийг ЭНЭШТ, Хоёрдугаар амаржих газар, “Хатагтай”, “Таны төлөө бид” эмнэлэгт хуваарилан үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ нь хүн хүчний нөөц, орон байр, тоног төхөөрөмжийн ачаалал нэмэгдэж дараагийн эрсдэлийг бий болгох вий гэсэн болгоомжлол эмч мэргэжилтнүүдэд байна. Иймээс тус амаржих газрын харьяаны төрөх эхчүүдийг, өөрөөр хэлбэл тус эмнэлгийн төрөх тасгийг “Ачтан” эмнэлэгт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
“Ачтан”-д Нэгдүгээр амаржих газрын төрөх тасгийг гурван сарын турш бүрэн шилжүүлэн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахтай холбоотой 469.6 сая төгрөг төсөвлөжээ. Засвар үйлчилгээ хийсний дараа халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс шинжилгээ авч, ариутгал хийнэ. Энэ ажилд 112 сая төгрөг зарцуулах бөгөөд 2-3 хоногт багтаан хийх ажээ. “Цэвэр орчин бүрдлээ. Эх барих үйл ажиллагаа явуулж болно гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа төрөхөө шилжүүлээрэй” гэж Ерөнхий сайд анхаарууллаа. Нэгдүгээр амаржих газрын бүх эмч, мэргэжилтэнд “Ачтан”-д ажиллах бөгөөд техник тоног төхөөрөмжөө энд суурилуулах юм байна.
Ерөнхий сайд С.Батболд “Ойрын өдрүүдэд Засгийн газрын хуралдаанаар Нэгдүгээр амаржих газрын их засварт шаардагдах төсвийн талаар хэлэлцэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдүүлэх шаардлагатай байна. Их засварын ажилд гурван сар магадгүй үүнээс илүү хугацаа ч зарж болох. Тулгамдсан цаг үед Засгийн газар, эрүүл мэндийн салбараас тавьж буй хүсэлтийг хүлээж авч, 190 ор чөлөөлж, нэгдсэн байдлаар ажиллах боломж олгож байгаа “Ачтан” эмнэлгийнхэнд талархаж байна” гэлээ
-
Ерөнхий сайд “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр боловсруулах үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа.Ажлын хэсэг нь:
• Улаанбаатар хотын гэр хороолол, автомашин, нам даралтын зуухнаас гарах утааг бууруулах асуудлыг судлан боловсруулах,
• Улаанбаатар хотод тортог тоосыг бууруулах
• Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хот төлөвлөлт, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр авах арга хэмжээ
• Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг ажлын байр бүхий газарт нүүлгэн шилжүүлэх, Улаанбаатар хотод шилжин суурьшигчдын урсгалыг сааруулах, зогсоох,
• Хөтөлбөрийг сурталчлах, сургалт сурталчилгаа явуулах чадавхийг бүрдүүлэх асуудлыг судлан санал боловсруулах үүрэг бүхий ажлын таван дэд хэсэгтэй ажлын хэсэг байгуулснаа зарлаж анхны хурлаа хийлээ.“Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх ахалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр орлогч даргаар нь ажиллана. Засгийн газрын холбогдох яамд, харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагуудын дарга, Нийслэлийн Засаг даргын гурван орлогчоос бүрдсэн энэ ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь ажиллах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд хурлын эхэнд “Улаанбаатарыг минь Утаанбаатар гэх боллоо. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хувь хүмүүс, эрдэмтэн, судлаачид дор бүрнээ ямар нэг хэлбэрээр утаатай тэмцэх ажил хийгээд, туршаад, санал санаачилга гаргаж байна. Ийм сэтгэл, идэвх санаачилга гарч байгаа нь нааштай зүйл. Одоо бидэнд энэ санал санаачилга, хийж байгаа ажлаа нэгдсэн уялдаатай, төлөвлөгөөтэй болгох ажил дутаж байна. Энэ бол аль ч Засгийн газар, Их хурлын үед ярьдаг, хийдэг ажил. Гэсэн ч үр дүн гарахгүй байгаа нь үнэн.
Ойрын хугацааанд хийж буй ажлаа уялдаатай болгох, дунд хугацаанд хийх ажлаа төлөвлөх, урт хугацаанд хийх ажлынхаа төсөөллийг бодитой гаргаж ирэх үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр шаардлагатай. “Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөрийг ирэх хоёрдугаар сард багтаан УИХ-д танилцуулна. Тиймээс хурдтай ажиллах шаардлагатай. Гэхдээ яаран хөнгөн хандаж хэдэн цаас нийлүүлээд оруулж ирж болохгүй” гэж анхааруулаад ажлын хэсгийнхэнд хоёр долоо хоногийн дараа хөтөлбөрийн төслөө Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг бүх шатны байгууллагад байгаа төсөл хөтөлбөрийг нэгтгэн, судалгаа хийж, ойр, дунд, урт хугацааны гэсэн гурван зорилтод тулгуурласан үйл ажиллагааны нарийвчилсан дэс дараалал бүхий санхүүгийн төлөвлөгөө гаргах юм. Хөтөлбөр батлагдсаны дараа Засгийн газраас хэрэгжүүлэх зөвлөл байгуулан ажиллахаар төлөвлөж байна.
Утаанаас салах сонгодог арга бол гэр хорооллыг орон сууцжуулах. Энэ ажилд багагүй хэмжээний хөрөнгө шаардагдах нь тодорхой. Ерөнхий сайд энэ асуудлыг хөндөн “Орон сууцжуулах хөтөлбөрийг шийдэхэд хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэйг тооцож гарга. Мөнгө төгрөг байхгүй юм чинь, том ажил хийнэ гэж төлөвлөөд хоосон өнгөрч магадгүй гэж болгоомжлох хэрэггүй. Хэрвээ бидэнд ийм эх үүсвэр, санхүүжилт шийдээд өгвөл Улаанбаатарыг утаагүй, эрүүл хот болгоод өгье гэсэн нарийн төлөвлөгөө л гаргаад ир. Ялангуяа орон сууцжуулах, дэд бүтцийнхээ талаар илүү тодорхой, тооцоо судалгаатай баримт дэлгэх хэрэгтэй. Бодит ажил болгох зоримог төлөвлөгөө хэрэгтэй байна” хэмээлээ.
Мөн тэрбээр “Өмнө ярьж байсан хэдэн цаасаа нийлүүлээд дахиад хэдэн сайхан цаас нэмээд гаргавал энэ асуудал шийдэгдэхгүй, бодитой судалгаа гаргаж хөрөнгө гаргаж шийдэгдэнэ. Ийм тодорхой ажил хэрэгтэй байна гэж хатуухан санууллаа
-
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн улс төрийн намууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн төр, захиргааны байгууллага, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлсэн байна.1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр монголчууд анхдугаар Их Хурлаа хийн анхны Үндсэн хуулиа баталж, Ардын эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан, улсын дээд эрхийг Улсын Их Хуралд, түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулахаар тогтсон түүхтэй
-
Бизнесийн орчны шинэтгэлийн зөвлөл хуралдав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Бизнесийн орчны шинэтгэтгэлийн жил”-ийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн анхдугаар хуралдааныг удирдав. Ерөнхий сайд Зөвлөлийн бүрэлдэхүүнд хандаж “… энэ ажлыг уриа лозун болгохгүйн төлөө анхааран идэвх зүтгэл гаргаж бодитой, үр дүнтэй ажил хэрэг болгох хэрэгтэй юм. Бизнесийн орчныг тогтвортой, ойлгомжтой болгох, иргэд, аж ахуйн нэгж бизнес эрхлэхийн тулд хүлээж суудаг биш, үйл ажиллагаанд шууд оролцдог, хяналт тавьдаг, тийм боломжийг хангасан орчныг бүрдүүлэх ёстой.Үүний тулд тодорхой хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага гарах нь мэдээж бөгөөд энэ чиглэлээр эрх бүхий байгууллагууд богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай” хэмээн онцлов. Төлөвлөгөөний төсөл нь Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” тайланд суурилсан бөгөөд Монгол Улсын бизнесийн орчинд тулгамдаж байгаа үндсэн асуудлуудыг “Бизнес эхлүүлэх”-ээс “Бизнес хаах” хүртэл 10 тулгуур үзүүлэлт, үе шат бүрээр нь тодорхойлон авах арга хэмжээг нарийвчлан тусгажээ.
Төлөвлөгөө хэрэгжсэнээр:
• Бизнес эрхлэх хууль, эрх зүйн нөхцөл сайжирч, санхүүжилтийн шинэ боломж бололцоог бий болгон, санхүүгийн эрсдэл зардлыг бууруулна.
• Бизнес эрхлэх үйл ажиллагааг хөнгөвчилснөөр бизнес эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэж, бизнесийн үйл ажиллагааны үргүй зардал, эрсдлийг бууруулна.
• Бизнес эрхлэх боломж өргөжсөнөөр, зах зээлд шинээр орж ирэх компанийн тоо нэмэгдэж бизнесийн эрүүл, шударга өрсөлдөөн бий болно.
• Одоо байгаа бизнесийн байгууллагуудын хувьд зах зээлээ өргөжүүлэн, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломж бүрдэж ажлын байрны тоо нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм -
Ерөнхий сайд амбан захирагчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын Воронеж мужийн амбан захирагч бөгөөд Монгол Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай үүрэг гүйцэтгэгч төлөөлөгч А.В.Гордеевийг хүлээн авч уулзав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 2009 онд ихээхэн үр дүнтэй байсныг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Засгийн газрын дарга В.В.Путин болон бусад өндөр албан тушаалтан Монгол Улсад айлчилсныг онцоллоо.Монгол Улс ОХУ-тай харилцах харилцаандаа цаг ямагт тэргүүлэх ач холбогдол өгдөг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө чармайлт гарган ажиллаж байна гэв. Воронеж мужийн амбан захирагч А.В.Гордеев ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлаад харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.
ОХУ цаашид төмөр зам, цөмийн эрчим хүч, уран, санхүүгийн салбар дахь харилцаандаа ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ чиглэлээр хийж буй болон хийх ажил багагүй байна гэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд амбан захирагчтай санал нэг байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаа харилцан ашигтай, үр дүнтэй байх нь чухал гэв