Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010.01.06

    Иргэн хишиг, хувь хүртэх журмыг батлав

    Засгийн газрын 2010 оны анхны ээлжит хуралдаан хуралдаж олон асуудал хэлэлцсэний дотор  Иргэнд хишиг, хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай  тогтоол гаргахаар болов.

    Уг тогтоолоор:
    • “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”, “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”, “Хүний хөгжил сан” дэвтрийн загварыг батлав.
    • Иргэний бүртгэлийн зөрчилгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь үе шаттай хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулахыг НХХ-ийн сайд Т.Гандид,
    • Иргэнд 2010 онд олгох хишиг, хувийг 2 хувааж олгох бөгөөд эхний ээлжинд 70.000 төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод,
    • Иргэн бүрт олгох “Хүний хөгжил сан” дэвтэр, маягт хэвлүүлэх ажлын гүйцэтгэгчийг энэхүү ажлыг хийж гүйцэтгэх чадвартай этгээдүүдийг оролцуулан, үнэ болон нийлүүлэх хугацааг харгалзан шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг НХХ-ийн сайд Т.Гандид,
    • Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт,
    • Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт,
    • Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувь хүртээх дэвтэр олгох, хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг НХХ-ийн сайд Т.Гандид,
    • Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх, Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх ажлыг зохион байгуулахад иргэний бүртгэл болон нийгмийн халамжийн байгууллагад бүх талын дэмжлэг үзүүлж, эрх хэмжээнийхээ хүрээнд хүн хүч, хөрөнгө нөөц дайчлан гаргаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

    Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журмаас:

    Иргэн хишиг, хувь хүртэхийн тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.  Үүнд:
    • Иргэний үнэмлэх, 16-аас доош насны хүүхдэд төрсний гэрчилгээ,
    • 16-аас доош насны хүүхдийн хувьд эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэх,
    • Хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт,
    • Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар,
    • Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан иргэний хишиг, хувийг авах бол нас барсны гэрчилгээ, түүний хуулбар, / Тайлбар: Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд тухайн иргэнд хуваарилагдсан боловч аваагүй байсан хишиг, хувийг өв залгамжлагчид нь олгож болно /
    • Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулийн газрын тодорхойлолт, итгэмжлэл зэрэг юм.

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэв
         
    Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн барихаас өмнө ажлын журмаар дахин ярилцаад дараа нь УИХ-д өргөн барихаар болов. Энэ хуулийн төслийг батлан мөрдүүлснээр төсвийн бодлого, стратегийг тодорхойлоход төсвийн удирдлагын  зарчим ба төсвийн тусгай шаардлагыг тогтоож, дунд, урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангахад хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын үүрэг хариуцлага өндөрсөж, төсвийн тусгай шаардлагад суурилсан төсвийн удирдлагын эрх зүйн шинэ орчин бүрдэх юм.               

    Нягтлан бодох бүртгэлийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хөтлөнө

    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Уг төслөөр тус хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар шийдэв.

    Үүнд:

    • “харилцагч санхүүгийн байгууллага” гэсэн нэр томъёог уг хуулийн нэр томъёоны хэсэгт нэмж тусгах,
    • “аж ахуйн нэгж байгууллага нь улирал, жилийн санхүүгийн тайланг батлагдсан маягтаар болон цахим хэлбэрээр хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад тушаана” гэж нэмэх,
    • “шийтгэврийн хуудасны загварыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана” гэж оруулах,
    • Нягтлан бодох бүртгэлийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр хөтлөнө гэж өөрчлөн найруулахаар боллоо.

    Товчхон

    • 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНЭУ-ын Шинэ Дели хотноо болох Улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёлын салбарын хамтын ажиллагааны Монгол-Энэтхэгийн хамтарсан хорооны II хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Тус хуралдаанд оролцох төлөөлөгчдийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ахлах юм.
    • Томуугийн цартахлын А хүрээний шинэ вирүсын халдварын өвчлөл үргэлжилсээр байгаатай холбогдуулан  ИБУИНВУ-аас худалдан авах 540.000 хүн/ тун вакцины үнэ, тариур, тээврийн зардалд шаардагдах 2.500.000.000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
    • “Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
    • Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймгийн зарим сумын нутгийг хамран орших Чойрын богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь  аймгийн нутагт орших Бага газрын чулуу, түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болов.
    • Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг 2010 оны 1 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал, 2010 оны 1 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийхийг зөвшөөрөв.
    • Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр “Сонгодог урлаг”, “Үндэсний өвийг тоон системд оруулан хадгалах” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг тус тус танилцуулав.
    • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 1-дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд БНТУ-д ажлын айлчлал хийхийг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов
    • Газрын тосны хайгуулын Дарьганга-XXIV талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” компанитай байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналыг тусган ҮАБЗ-д танилцуулахаар тогтов

  • Ерөнхий сайд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

    ЕРӨНХИЙ САЙД НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Дебора Коминиг хүлээн авч уулзав. Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  Монгол Улсад айлчилсан нь чухал үйл явдал гэж онцлов.

    НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хатагтай Дебора Коминигийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. НҮБ-тай харилцах харилцаа нь бусад улс оронд загвар болж байдгийг хатагтай Дебора Комини хэлээд Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төвийг Монгол Улсад нээсэн нь чухал үйл явдал гэж тэмдэглэв. Мөн Мянганы хөгжлийн зорилтуудыг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж байгааг хатагтай Дебора Комини үнэлэв.

    2011 онд Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой тохионо. Цаашид талууд хөгжлийн тулгамдсан асуудал, уул уурхай, байгаль орчин, хүн амын бодлого зэрэг чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлыг НҮБ тууштай дэмжинэ гэж хатагтай Дебора Комини хэллээ.
    НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Дебора Комини үүрэгт ажлаа хүлээлгэн өгч бүрмөсөн нутаг буцах юм

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.30

    2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ээр зарлав

    Засгийн газрын энэ оны отгон хуралдаан буюу 86 дахь хуралдаанаас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж тогтоол гаргав. Уг тогтоолд:
    • “Бизнесийн орчныг шинэтгэх талаар хууль, тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах,
    • Засгийн газар, эрх бүхий албан тушаалтнаас батлан гаргасан бизнесийн холбогдолтой дүрэм, журмыг шинэчлэх ажлыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх,
    • Энэ ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хуралдаанаар батлуулах,
    • “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд   эрхэлсэн салбар, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллахыг  холбогдох албан тушаалтнуудад даалгах зэрэг заалт орлоо. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийг Ерөнхий сайд даргалах бөгөөд орлогч дарга нь Тэргүүн шадар сайд байх юм.

    Гишүүд нь Сангийн, ЗТХБ-ын, ХХААХҮ-ийн ЭБЭХ-ний сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон ГХЯ, БСШУЯ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ХЗДХЯ, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар, ТӨХ, МҮХАҮТ, Хөрөнгийн бирж, ГЕГ, ТЕГ, МХЕГ зэрэг байгууллагаас төлөөлөл орох боллоо. Энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлын тухай тодорхой хугацаанд олон нийтэд нээлттэй  шуурхай мэдээлж байхыг Ерөнхий сайд үүрэг болгов.

    Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ       

    “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 

    Үндсэн чиглэлийн зорилго нь:
    • хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх,
    • төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжих, нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох /IPO хийх/ замаар төрийн оролцоог багасган хувийн хөрөнгө оруулалтыг татах явдал юм.

    Хувьчлалын үндсэн зарчим нь:
    • эдийн засаг дахь төрийн хувь хэмжээг багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх,
    • төрийн өмчийн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф зах зээлийн зарчмаар тогтох боломжийг бүрдүүлэх,
    • төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй арга хэлбэрийг нэвтрүүлэх, түүнд олон улсын дэмжлэг, зөвлөгөөг ашиглах явдал хэмээн үзэж байна.

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоов

    Эрүүл мэндийн даатгалын 2010 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай хэлэлцээд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг үндэслэн тогтоол гаргахаар шийдвэрлэв.

    Уг тогтоолд:
    • 2009 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоох,
    • Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын хураамжийг 500 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний сарын хураамжийг 4000 төгрөгөөр тус тус тогтоох  тухай заалаа.

    Товчхон:
    • УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган зарчмын хувьд дэмжиж буйгаа хууль санаачлагчид уламжлахаар болов.
    • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Ази, Номхон далайн бүс нутгийн хүн амыг шувууны томуугаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хянах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээний төслийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцээ хийсний дараа уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг гаргахаар тогтов.
    • Шинээр үүсгэн байгуулагдсан Төрийн банкны үйл ажиллагааг дэмжих, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 100.0 /нэг зуу/ тэрбум хүртэл төгрөгтэй тэнцэх Засгийн газрын бондыг арилжаалахыг Сангийн сайдад зөвшөөрөв.
    • Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлын зорчигч үйлчилгээний гол барилгын архитектурын шийдлийн талаарх хувилбартай танилцав

  • Ерөнхий сайд МҮОНР-д ярилцлага өглөө

    Ерөнхий сайд МҮОНР-д ярилцлага өглөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн сурвалжлагчид  2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ярилцлага өгөв. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд улиран өнгөрч буй онд улс орны хэмжээнд олсон ололт, үзүүлсэн амжилтыг нэгтгэн дүгнэхдээ Эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх боломжийг хангасан томоохон төслүүд хэрэгжих үндэс суурь нь тавигдсан жил боллоо. Үр тариа, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц ургац хураан авлаа. Шинээр шийдвэрлэх олон ажлын эхлэлийг тавьсан он байлаа. Мөн сургамж дагуулсан жил байв.

    Монголчууд бидэнд эд баялаг, хүний нөөцийн боломж байна. Бодлогын суурь ч бүрэлдсэн. Хамгийн гол нь нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглахын тулд зөв бодлого баримтлах, тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх, харилцан ойлголцох, тогтвортой ажиллах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь юу юунаас чухал гэдгийг ойлгуулсан жил байлаа гэж дүгнэж болох юм. Цаашид улсынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, уул уурхайн салбарыг  эдийн засгийн эргэлтэд баттай оруулах, орлогыг хүн рүүгээ чиглэсэн бодлого баримтлах гэх зэрэг нэн тэргүүн ээлжинд анхаарах олон асуудал байна” гэлээ.

    Түүнчлэн монгол хүн бүр эрүүл, ажилтай, боловсролтой байх боломжийг хангахын төлөө анхаарах, төрийн байгууллагын бүх шатанд хүнд суртлыг арилгах, төр, иргэдийн хоорондын харилцаа тунгалаг, нээлттэй, ойлгомжтой байх, иргэний оролцоо, хяналтыг идэвхжүүлэх нь манай ажлын үндсэн зорилго юм гэв. Дараа нь Ерөнхий сайд С.Батболд цаг үеийн асуудлаар сурвалжлагчийн асуултад хариулав

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын эрүүл мэндийн салбарынхантай уулзахдаа хэлсэн үг

    ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ШИНЭЧЛЭЛИЙГ ЦОГЦООР НЬ ХИЙЦГЭЭЕ

    Хүн эрүүл байвал бүхнийг хийнэ. Эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

    Орчин үед аливаа улсын дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг эрүүл иргэдээ хэрхэн хөгжүүлснээр нь тодорхойлдог боллоо. Тиймээс би “эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг төлөвшүүлэх” талаар өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлж байгаа билээ. Сая эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй олон зүйлүүдтэй танилцлаа. Өндөр технологийг ашиглаж, зайн оношилгоо хийх, теле медициний талаар сайн эхлэлүүд байна. Мөн эрүүл мэндийн салбарын интернет номын санг байгуулж сайхан үйл хэргийг эхлүүлж буйд баяр хүргэе. Эрүүл мэндийн салбар том модоор төсөөлвөл мөчир хэсгээрээ ургаж байгаа боловч үндэс суурь нь хир зөв тавигдсан бэ гэдэг нь эргэлзээтэй байна.

    Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт олсон ололт, нааштай зүйл олон байна. Гэвч эмчилгээ оношилгооны чанарыг дээшлүүлэх, эмнэлгийн үйлчилгээнд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй болгох гэх мэт олон тулгамдсан асуудлууд бидний өмнө бий. Тиймээс бид хийж амжаагүй зүйл, хүлээгдэж буй үр дүнд бодит дүгнэлт өгч, тулгарч буй бэрхшээл, түүнийг гэтлэх арга зам, салбараа хэрхэн хурдацтай шинэчлэх гарцыг тодорхойлох талаар ярилцах ёстой. Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг цогцоор нь зорилготой, бүх шатанд хийж, уялдаа холбоотойгоор ахиц дэвшилд хүргэх шаардлага байна. Монголынхоо хүн амын тоог улам нэмэгдүүлэх, ард иргэдээ эрүүл байлгах үүднээс эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг дараах гурван чиглэлээр явуулах нь зүйтэй.Үүнд :
     
    1.    Хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх,

    2.    Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ давамгайлсан тогтоцлоог бий болгох,

    3.    Оношилгоо, эмчилгээний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох,

    Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг иж бүрнээр өөрчлөхөөр боловсруулагдаж буй хууль, дүрэм, журам нь цаашид хийх цогц шинэчлэлийн үндэс суурь болох учиртай. Дээр дурдсан зорилтуудаа ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгохын тулд Эрүүл мэндийн салбарын байгууллага хоорондын уялдаа бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, санхүүжилтийг өөрчлөх, хүний нөөцийн хөгжилд онцгой анхаарч нэгдмэл нэг чадавхи, тогтолцоонд шилжих хэрэгтэй.

    Эрүүл мэндийн салбарын байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр:
     
    Өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг цаашид оновчтой болгон шинэчилж, салбарууд нь саланги задгай, бие биедээ саад тотгор болох биш, уялдаа холбоотой болох зорилт тавьж ажиллах учиртай. Тиймээс эрүүл мэндийн тухай хуульд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах, холбогдох мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгаж Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-аар батлуулахыг ЭМЯ-нд үүрэг болгож байна. Түүнчлэн Улаанбаатарын эмнэлгүүдийн тогтолцоог ч эргэж харах, боловсронгуй болгох шаардлага байгааг тэмдэглэх нь зүйтэй. Хүн хоорондын харилцааны чиглэлээр биш системийн өөрчлөлтөөр хангах нь чухал байна.
     
    Хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх чиглэлээр:  
     
    Монголчууд бид сэтгэлгээний том өвчтэй байна. Бид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгомоор байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, төсвийн хөрөнгийг энэ чиглэлд зарцуулдаг болох хэрэгтэй. Тиймээс дархлаажуулалтын томоохон хөтөлбөрийг энэ салбарт хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх хэрэгцээ, шаардлага ч бас байна. Мөн хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх талаар бүх нийтийг хамарсан кампанит ажлыг зохион байгуулах шаардлагатай.

    Эрүүл аж төрөх ажил нь бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх энэ ажлаас эхлэнэ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт эрүүл хүнс хэрэглэх, эрүүл ахуйн дэглэм сахих, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх цогц мэдлэг эзэмшүүлэх бодит алхам хийх хэрэгтэй. Орчин үеийн дэлхийн боловсролын тогтолцоонд хүүхэд багаасаа бие бялдараа хэрхэн хөгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах аргачлал Мичиганы загвар зэргийг боловсрол сургалтын хөтөлбөрт оруулсан байдаг. Энэ мэт бэлэн хэв загвар, хэм хэмжээг шууд нутагшуулан хэрэглэх хэрэгтэй. Ер нь бүх нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг иргэний боловсролын нэгдсэн тогтолцооны нэг гол асуудал болгон суулгаж өгөх талаар тодорхой хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй.

    Биеийн тамираар тогтмол хичээллэх зуршил мөн л бага наснаас төлөвшиж амьдралын нэг хэв маяг болдог. Манай иргэд биеийн тамираар тогтмол хичээллэх боломж хомсоос гадна тийм орчин нөхцөл бас үгүйлэгдэж байна. Энэ асуудалд шинэ хандлага, санаачилга чухал. Эрүүл хот, эрүүл ажлын байр, эрүүл сургууль санаачилгыг дэмжин тэтгэх талаар томоохон алхам хийх цаг болсон. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх бодлогыг УИХ-аар саяхан баталлаа.

    Үүнийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллах нь зөв болно. Бидний хувьд бодитой ажил болгох ёстой нэг ажил бол архи, тамхи үл хэрэглэх, осол гэмтлээс зайлсхийх зэргээр эрсдэлт зан үйлээс татгалзах нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд онцлон анхаарах хэрэгтэй. Архидалттай тэмцэх ажил тодорхой үр дүнд хүрээгүй байтал шинээр  мансуурах донгийн асуудал тавигдаж эхлэх боллоо. Үл тэвчих, үл хэрэглэх нийгмийн орчинг бүрдүүлэх талаар шинэлэг бодлогыг ажил хэрэг болгох шаардлагатай.
     
    Орчин үед эмийн хэрэглээний асуудал зарим талаараа хорт зуршлын хэмжээнд хүрлээ. Эм, сүлжээний гэж нэрлэгддэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээ иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулаад зогсохгүй, айл гэрийн эдийн засагт ихээхэн дарамт болж байна. Иймээс хууль тогтоомжийг ягштал мөрдүүлэх, шаардлагатай бол эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх талаар санаачилгатай ажиллахыг мэргэжлийн хяналт эрхэлсэн байгууллага анхаарах хэрэгтэй. Мөн цар тахал, гамшгийн үед эмийн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар холбогдох хүмүүс бодлого боловсруулан мөрдлөг болгох арга хэмжээ авахыг үүрэг болгож байна. Үүнтэй холбогдуулан манай уламжлалт анагаах ухаанд суурилсан үндэсний эмийн үйлдвэрлэлийг ч гэсэн дэмжиж хөгжүүлэх нь зүйтэй. 
     
    Эрүүл мэндийн салбарын хувьд томоохон асуудал бол санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, олон улсын стандартад нийцүүлэх:
     
    Эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах олон шаардлага цаг үеэс урган гарч наад зах нь манай 30 гаруй мянган иргэд гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явж, олон арван сая доллар зарцуулсан тухай мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл манай улсын эрүүл мэндийн салбарт зарцуулагдах учиртай ихээхэн хэмжээний мөнгө гадаад урсгалтай боллоо. Энэ нь иргэд маань гадаадын эмнэлгүүдийг хөгжихөд бус дотоодынхоо эмнэлгийг хөгжихөд хувь нэмрээ оруулдаг механизмыг бүрдүүлэхийг шаардаж байгаа хэрэг. Тийм учраас олон улсын стандарт шаардлагад нийцсэн оношилгоо, эмчилгээний төвийг аль нэг нэгдсэн эмнэлгийг түшиглэн гадаадын зээл тусламжийн хүрээнд төсөл болгон хэрэгжүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын зүгээс зохих дэмжлэгийг үзүүлэх болно. 

    Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, эрүүл мэндийн даатгалыг бэхжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулж асуудлыг холбогдох газруудаар хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй. Манай улсын эрүүл мэндийн зардалд төсвийн санхүүжилтийн эзлэх хувийн жин сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж 2008 онд 79 хувьд хүрсэн. Харин эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн эзлэх хувь эсэргээрээ буурч 18 хувь болсон явдал бол энэ салбарын санхүүжилтийн тогтолцооны нэг гажуудал юм.

    Төрөөс эмнэлгийн тусламж үйлчилгээг шууд санхүүжүүлэх биш бүх нийтийг хамарсан, өрсөлдөөнт, хоёр шатлалтай даатгалын тогтолцооны хүрээнд шийдвэрлэдэг олон улсын стандарт байна. Эмнэлгийн үйлчилгээний өрсөлдөөнт орчинг бүрдүүлснээр эмнэлгийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж харагдаж байгааг манай хоёр хөрш орны туршлагаас харах ёстой. Монголын эмнэлгүүдийг ингэж хөгжих орчинг бүрдүүлэх нь бидний нэг зорилт байх учиртай.

    Бодлогын энэхүү шинэ чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн суурь үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулж шийдвэрлүүлэх талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд анхаарч холбогдох бусад байгууллагуудтай хамтран шийдвэрлэхийг үүрэг болгож байна. Манай эрүүл мэндийн салбарт осол аваар, гэнэтийн болгоомжгүй зүйлээс үүдэлтэй төлөвлөгдөөгүй зардал их гарч түүнийг нь улс нуруун дээрээ үүрч байна. Тиймээс цаашид төлөвлөгдөөгүй зардлыг буруутай этгээдээр нь төлүүлэх хууль эрх зүйн орчинг нь бий болгох хэрэгтэй. Энд манай эрүүл мэндийн яам анхаарч ажиллах ёстой.
     
    Төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт бараа, үйлчилгээ нийлүүлэх сонгон шалгаруулалт шударга бус явагддаг тухай мэдээлэл их бий. Сонгон шалгаруулалтын дүнд авсан бараа бүтээгдэхүүн нь орчин үеийн техник технологийг тэтгэх бус тоног төхөөрөмжийн цуглуулга болсон цөөнгүй жишээ байна. Иймээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг багцаар нь шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Тухайлбал орчин үеийн шаардлагад нийцсэн техник, найдвартай засвар үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн тогтолцооны цахим хувилбар, хүний нөөцийн сургалт гэсэн олон улсын жишиг байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. Тиймээс Засгийн газар аливаа тендер буюу бараа, үйлчилгээ худалдан авахыг зохицуулж буй хууль эрх зүйн орчинг өөрчлөх талаар холбогдох хүмүүст нь үүрэг даалгавар өгсөн.   

    Эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог сайжруулж, хүний нөөцийн хэрэгцээг хангах асуудал байна.

    Сүүлийн жилүүдэд манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөц гүнзгий хямралд ороод байна. Тухайлбал хөдөө орон нутагт ялангуяа сум, сум дундын эмнэлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрс дутагдаж, хүн амын 40 орчим хувийг эзэлдэг хөдөөгийн иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хангалттай түвшинд авч чадахгүйд хүрлээ. Тиймээс ур чадвартай, ажиллах эрмэлзэлтэй хүний нөөцийг оновчтой төлөвлөх, сургаж чадавхийг нь дээшлүүлэх, тэнцвэртэй тоогоор байршуулан ажиллуулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа сул, хамтын ажиллагаа дутагдалтай байна. Уг нь иргэн бүр эрүүл мэндийн тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээг баталгаатай хүртэх эрх зүйн орчинтой байх ёстой.

    Нийслэл, аймгийн төвүүдэд засаг захиргааны бүтцийг дагуулж бус харин иргэдийн чөлөөт сонголтыг хангасан байдлаар өрхийн эмнэлгийг хөгжүүлэх нь зүйтэй. Харин сум, багийн түвшинд өөр зарчим барих шаардлагатай. Сумын эмнэлгийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх төдийгүй нийгмийн эрүүл мэндийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлдэг гол бүтэц болгон шинэлэг байдлаар хөгжүүлэхийг цаг үе биднээс шаардаж байна.

    Олон улсын хандивлагч байгууллагуудаас эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр оруулдаг хандив тусламжийг нэгдсэн нэг санд төвлөрүүлэн, нэг удирдлагаар хангаж, зориулалтаар нь зүй зохистой ашиглах хэрэгтэй. Эх үүсвэрийн зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлдэг, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах нь зөв.

    Эдгээр зорилтуудаа ойрын хугцаанд бодитой ажил хэрэг болгохын тулд эрүүл мэндийн салбарын удирдлагууд идэвхи, санаачлагатай ажиллах шаардлагатай. Ард иргэд өөрийн орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд итгэх итгэл буурах болсон хандлагыг өөрчилж, эрүүл мэндийн боловсрол олгох төгсөлтийн өмнөх, дараах сургалтын чанарт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Сургалт явуулах орчин, дадлага хийх эмнэлгээр хангах нөхцлийг сайжруулж, олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд ЭМЯ, БСШУЯ хамтран анхаарч ажиллахыг даалгаж байна.

    Эрүүл мэндийн салбарын удирдлагууд,

    Эмч, эмнэлгийн ажилтнууд аа,
     
    Төр засаг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй та бүхнийхээ цалин хангамж, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Ялангуяа алслагдсан хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэгдэл, урамшуулал олгохыг саяхан Эрүүл мэндийн хүний нөөцийн зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэж уг асуудлыг боловсруулах чиглэл өгсөн. Мөн 4000 орон сууц хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт ажиллагсадаас 675 хүнд хөнгөлттэй нөхцлөөр орон сууц олгохоор квот тогтоож өглөө. Энэ мэтээр нийгмийн асуудалд бодитой хандах ёстой гэж бодож байна.

    Хүний амьдрал, эрүүл явахтай холбоотой байдаг энэ салбартаа шинэчлэлийг цаг алдалгүй цогцоор нь хийх шаардлага байна. Өнөөгийн салбарынхаа бодит байдалдаа зөв дүгнэлт өгч, өөрчлөлтийг үр дүнтэй болгоё. Энэ салбарын өөрчлөлт шинэчлэлтээс ард түмний маань, Монголчууд бидний  амьд явах, амьдралын баталгаа, эрүүл аж төрөх ёс зүй гээд олон зүйл шалтгаална. Шинэчлэлийг цогцоор нь бид хамтдаа хийж чадна. Засгийн газар та бүхэнтэйгээ хамтран ажиллах, бодлого зорилгоо хэрэгжүүлэхэд бэлэн байна. 

    Амжилт хүсье. Баярлалаа.

  • С.Батболд : Эрүүл мэндийн салбар том модоор төсөөлвөл мөчир хэсгээрээ ургаж байгаа боловч үндэс нь хир зөв тавигдсан бэ гэдэг эргэлзээтэй байна

    С.Батболд : Эрүүл мэндийн салбар том модоор төсөөлвөл мөчир хэсгээрээ ургаж байгаа боловч үндэс нь хир зөв тавигдсан бэ гэдэг эргэлзээтэй байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны байранд эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Аливаа улсын дэлхийд өрсөлдөх чадварыг эрүүл иргэдээ хэрхэн хөгжүүлснээр нь тодорхойлдог. Иймээс “Эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг төлөвшүүлэх” талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглэв. Эрүүл мэндийн салбарт олсон ололт, амжилт их ч цаашид анхаарах, тулгамдсан асуудал ч цөөнгүй байна. Иймээс энэ салбарын шинэчлэлийг бүх шатанд цогцоор нь, зорилготой, уялдаа холбоотой хийх нь ахиц дэвшилд хүрэх арга зам гэж Ерөнхий сайд үзэж байна.

    Шинэчлэлийг хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ давамгайлсан тогтолцоо бий болгох, оношлогоо, эмчилгээний чанарыг олон улсын стандартад хүргэж, тэгш, хүртээмжтэй болгох чиглэлээр хийх нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэлэв. Эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа, холбоо, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, санхүүжилтийг өөрчлөх, хүний нөөцийн хөгжилд онцгой анхаарч нэгдмэл чадавхи, тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж Ерөнхий сайд үзэж байна. Эрүүл мэндийн тухай хуульд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн  төвүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах, мэргэжлийн хүмүүсийн саналыг тусган Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-аар батлуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов.

    Мөн Улаанбаатар хотын эмнэлгүүдийн  тогтолцоог ч эргэж харах, боловсронгуй болгох шаардлага байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Ард иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгож төсвийн хөрөнгийг энэ чиглэлд зарцуулдаг болох  нь чухал гэж Ерөнхий сайд үзэж байна. Хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх талаар бүх нийтийг хамарсан ажил зохиох, иргэдийг нийтийн бие тамираар хичээллэдэг орчин нөхцөл бүрдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

    Эм, сүлжээний гэж нэрлэгддэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээг хязгаарлах, хууль тогтоомжийг мөрдүүлж, шаардлагатай бол хууль, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхэд санаачлагатай хандахыг Ерөнхий сайд анхааруулав. Мөн цар тахал, гамшгийн үед эмийн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар бодлого боловсруулан мөрдлөг болгох, үүнтэй холбогдуулан уламжлалт анагаах ухаанд суурилсан үндэсний эмийн үйлдвэрлэлийг ч дэмжиж, хөгжүүлэхийг  холбогдох байгууллага, хүмүүст үүрэг болгосон байна. Жилд манай 30 гаруй мянган иргэн гадаад оронд их хэмжээний мөнгө зарцуулж, оношлогоо, эмчилгээ хийлгэдэг. Энэ тогтолцоог өөрчлөн олон улсын стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээний төвийг гадаадын зээл, тусламжийн хүрээнд байгуулах, шаардлагатай бол Засгийн газар ч дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв.

    Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, даатгалыг бэхжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын хэсэг байгуулж асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Гадаадын орнуудад төрөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээг шууд санхүүжүүлэх бус, харин бүх нийтийг хамарсан, өрсөлдөөнт, хоёр шатлалтай даатгалын тогтолцооны хүрээнд шийдвэрлэдэг стандарт тогтсон. Үүнийг нэвтрүүлэхийн тулд санхүүжилтийн суурь үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулж, шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн яамны удирдлагад үүрэг болгов.
    Осол аваар, гэнэтийн болгоомжгүй зүйлээс болж гарч байгаа төлөвлөгдөөгүй  зардлыг улс нуруундаа үүрдэгийг болиулж буруутай этгээдээр төлүүлдэг хууль, эрх зүйн орчин бий болгох нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна.

    Бараа, үйлчилгээ нийлүүлэх сонгон шалгаруулалт шударга бус явагддаг тухай мэдээлэл их гардаг. Үүнийг цэгцлэхийн тулд тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийддэг байхыг Ерөнхий сайд зөвлөж Засгийн газар ч холбогдох арга хэмжээг авна гэв. Хөдөө орон нутагт эмч, эмнэлгийн ажилтнуудын тоо эрс дутагдалтай байгаад дүгнэлт хийн хүний нөөцийг оновчтой төлөвлөх, ажиллах хүний чадавхийг дээшлүүлэх, тэнцвэртэй тоогоор байршуулахад анхаарахыг Ерөнхий сайд сануулав.

    Нийслэл, аймгийн төвүүдэд өрхийн эмнэлгээ иргэд сонгодог байх, сумдын түвшинд анхан шатны тусламж үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлдэг гол бүтэц болгож шинэ байдлаар хөгжүүлэх цаг болсныг Ерөнхий сайд анхаарууллаа. Олон улсын хандивлагч байгууллагаас үзүүлж байгаа хандив, тусламжийг нэгдсэн нэг санд төвлөрүүлэн, нэг удирдлагаар хангаж, зориулалтын дагуу зарцуулах, эх үүсвэрийн зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах нь зөв гэж Ерөнхий сайд үзэж байна.

    Гадны эмнэлэг, эмчийг шүтсэн буруу жишгийг өөрчлөхийн тулд бэлтгэн гаргаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын чанарт онцгой анхаарах, орчин нөхцлийг нь бүрдүүлэхийг Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгав. Эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд амаллаа. Алслагдсан, хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэгдэл, урамшуулал олгох асуудал боловсруулахыг даалгасан. Мөн салбарын 675 хүнд хөнгөлттэй нөхцлөөр орон сууц олгохоор квот тогтоосныг Ерөнхий сайд хэлэв.  

    Ерөнхий сайд С.Батболдыг үг хэлсний дараа Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит клиникийн 3 дугаар эмнэлэг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон онлайнаар холбогдож ажлаа танилцуулан тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар саналаа хэлэв. Төр , засгаас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээ авч байгааг эмч нар үнэлж байгаагаа илэрхийллээ.

    Гэмтэл, согог судлалын үндэсний төв гэхэд л нарийн мэргэжлийн тоног, төхөөрөмжтэй болсноор гадаадад өндөр үнэтэй хийдэг өвдөг, түнх, нурууны мэс заслыг эх орондоо амжилттай хийж байгааг Ерөнхий сайдад дуулгав. “Цаашид мэс заслын тоног төхөөрөмж, материал, хэрэгслийг  гаалийн татвараас чөлөөлөх, тухай эмнэлэг үйлдвэрлэгчтэй шууд харилцан шаардлагатай зүйлсээ авдаг болох нь чухал. Үүнд ойролцоогоор 8 тэрбум төгрөг хэрэгтэй бөгөөд хөрөнгийн асуудлыг шийдчихвэл манайхан гадаадын орнуудаас хэд дахин хямд үнээр эх орондоо мэс засал хийлгэх боломжтой” гэж эмнэлгийн  ерөнхий захирал С.Отгонгэрэл хэлэв.

    Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг Олон улсын магадлан итгэмжлэл авахыг зорьж байгаа ч хөрөнгө мөнгө дутагдалтай байна. Мэс засал, эрчимт болон нөхөн сэргээх эмчилгээний санхүүжилт ч дутмаг байгаа талаар эмнэлгийн захирал Б.Батсуурь хэллээ. “Төрөлт эрс нэмэгдэж байгаа энэ үед нийслэлд дөрөвдүгээр амаржих газрыг нэн даруй байгуулах, удам зүйн лаборатори байгуулах зэрэгт төр, засгаас дэмжлэг үзүүлэх, 2010 онд Ерөнхий сайдын ивээл дор үндэсний чуулган зохион байгуулах”-ыг Эх нялхсын эрдэм, шинжилгээний төвийн захирал хүсэв.

    Дэлхий нийтийг хамарсан томуугийн А хүрээний /H1N1/  вирус болон бусад халдварт өвчний эсрэг хийж байгаа ажлынхаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцуулав. Тус төв томуугийн А хүрээний /H1N1/ вирусийг оношлох зориулалтын  лабораторгүйгээс эмч, ажилтнууд халдвар авах, тархах магадлал өндөртэй. Иймээс гуравдугаар зэрэглэлийн зориулалтын лабораторитой болох, сүрьеэ өвчтэй хүмүүсийн сувилал байгуулах, эмч, ажилчдыг орон сууцтай болгох, 23 жил болж байгаа цэвэрлэх байгууламжаа шинэчлэхэд дэмжлэг  үзүүлэхийг хүсэв.

    Уулзалтад оролцсон эмч, ажилтнууд мэдлэг, чадвараа дээшлүүлэх, Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь гаргаж бие даалгах, өрхийн эмнэлгийн санхүүжилтийг шинэчлэн, эмч, сувилагчдын цалин, нийгмийн асуудлыг нь шийдэх, иргэн хүн өрхийн эмчээ өөрсдөө сонгодог байх, хүн амын тоо бүртгэлийг цахим хэлбэрт оруулах зэрэг санал, хүсэлт гаргалаа

  • Иргэн бүрт 120 мянган төгрөг олгоно

    ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ

    Иргэн бүрт 120 мянган төгрөг олгоно “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” болон  ”Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай“ УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харъяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2010 онд Хүний хөгжил сангаас 120,000 төгрөг олгохоор тогтоолын төсөлд  тусгасан байна.

    Мөн иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 оны 10 дугаар сард багтаан явуулах, үүнтэй холбогдуулан иргэний ухаалаг үнэмлэх олгох суурь дэд бүтэц, иргэний биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор Засгийн газар шийдвэрлэжээ. Дээрх хоёр тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс хүслээ. “Хүний хөгжил сангийн тухай хууль” батлагдсантай холбогдуулан УИХ-аас Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн. Хүний хөгжил сангаас олгох мөнгөнөөс гадна бүртгэлийн асуудал яригдаж байгаа нь хэвлэл, мэдээллийн салбарын өгч байгаа дохио гэж ойлгосон. Ард иргэдийн амьжиргаатай холбоотой энэ асуудлыг холбогдох Байнгын хороо, намын бүлгүүдээр яаралтай хэлэлцүүлэн улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ” гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэв

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.23

    Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталлаа

    Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноор хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай асуудал өмнөх нийгмийн үеэс илүү хурцаар тавигдаж, хэрэглэгчийг төлөөлөн ажиллах анхны бүтэц болох төрийн бус байгууллага буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг 1990 онд байгуулагдаж байжээ. 1991 онд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг баталж, 1992 онд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг хүлээн зөвшөөрч, 1993 онд “Монголын хэрэглэгчдийн эрхийн тухай тунхаг” улмаар 2003 онд “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг шинэчлэн найруулж баталснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндэс суурь тавигдсан юм.

    Гэвч сүүлийн 20 жил хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн хуулийн хэрэгжилт үндэсний болон орон нутгийн хэмжээнд хангалтгүй байгаатай холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэж батлав. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Тэргүүи шадар сайд, Сангийн сайд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 1 улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Тэргүүн шадар сайдад, хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт хангах үр дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

    Хилийн дэглэмийн тухай гэрээний төслийг дэмжив

    Монгол Улс БНХАУ-тай 4709.658 км газар нутгаар хиллэдэг бөгөөд хилийн дэглэм, харилцааны асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулж иржээ. Даяаршиж буй зах зээлийн эдийн засгийн өнөө үед хар тамхи, мансууруулах бодис, галт хэрэгсэл, хууль бус хориотой бараа, хүнийг хууль бусаар хил давуулах, худалдаалах зэрэг хил дамнасан хэрэг зөрчил ихээр гарах болсон. Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, уул уурхайн салбарт өргөжин тэлснээр хил орчмын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагааны агуулга, цар хүрээ, тэнд ажиллаж амьдрагсдын тоо, шилжин суурьших, зорчих хөдөлгөөн өссөн.

    Монгол Улс, БНХАУ-ын хилийг 2001-2005 онд хоёр дахь удаа хамтран шалгасан үр дүнгийн баримт бичгийн агуулгад нийцүүлэх, хилийн тэмдгийн дугаар өөрчлөгдсөн тул Талуудын хилийн төлөөлөгч нарын хариуцах хэсгийг шинэчлэн тогтоох холбогдох өөрчлөлтийг гэрээнд тусгах зэрэг шалтгааны улмаас гэрээг шинэчлэх шаардлага гарсны дагуу “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Байнгын хорооны шийдвэр гарсны дараа уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг ажлын шугамаар олгохоор тогтлоо.

    Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн дүнг танилцуулав

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны “Улсын үзлэг явуулах тухай” 37 дугаар захирамжийн дагуу явуулсан архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүн болон цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Төв комиссын ажлын хэсэг төрийн 96 байгууллагыг, Салбар комиссын ажлын хэсэг төрийн болон төрийн өмч оролцсон 2956 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, үйл ажиллагааны түвшинг тогтоож, үнэлгээ өгч ажилласан байна. Улсын үзлэгийн нэгдсэн дүнгээс үзэхэд дундаж үзүүлэлт нь аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэмжээнд 92.0%, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд 89.3%, яамд 92.3%, агентлагууд 91.7% дүгнүүлсэн нь 2004 оны улсын үзлэгийн дундаж үзүүлэлтээс 4.5%-иар өссөн амжилттай гарчээ.

    Товчхон

    • Монгол Улсын үндэсний энгийн паспортыг ХБНГУ-ын үнэт цаасны компанид хэвлүүлсний зардалыг санхүүжүүлэх эх үүсвэрт зориулж Улсын бүртгэлийн Ерөнхий газарт улсын төсвийн хөрөнгөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр олгохыг Сангийн сайдад зөвшөөрөөд, буцаан төлүүлэх арга хэмжээ авахыг Тэргүүн шадар сайдад даалгалаа.
    • УИХ-ын гишүүн Г. Баярсайханы санаачлан боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газар “Хууль тогтоомжийг 2009-2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тул уг төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
    • УИХ-ын гишүүн Д. Дамба-Очир нарын санаачлан боловсруулсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газраас Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг нэгтгэж шинэчилэн найруулахааар ажиллаж байгаа тул төсөлд тусгагдсан саналыг Засгийн газраас санаачлан боловсруулж буй хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж  хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
    • УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийн санаачлан боловсруулсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
    • Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуулиар Цөмийн энергийн газар болон Цөмийн энергийн комиссын чиг үүрэгт зарим өөрчлөлт оруулсан тул тус комиссын дүрмийг шинэчлэн батлахаар боловсруулсан “Цөмийн энергийн комиссын дүрэм батлах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
    • УИХ-ын 2009 оны 38 дугаар тогтоолд заасан Засгийн газраас санаачлан боловсруулж, 2009 онд УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн төслийн боловсруулалтын явцыг хэлэлцээд хангалтгүй байгааг тэмдэглэн, боловсруулалтын шатанд байгаа хуулийн төслүүдийг эцэслэн, 2010 оны эхний хагас жилд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг  сайд нарт үүрэг болгов.
    • Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригтын 2009 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд ИБУИНВУ-ын Лондон хотноо зохион байгуулагдсан “Монгол Европын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д оролцож, тус улсад хийсэн айлчлал болон БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны урилгаар 2009 оны 12 дугаар сар 6-8-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал, 2009 оны 9 дүгээр сарын 11-13ны өдрүүдэд БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдсан “Зуны Давос 2009” шинэ удирдагчдын чуулга уулзалтанд оролцсон тухай тайланг Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

  • Ерөнхий сайд санхүү, эдийн засгийн салбарынхантай уулзлаа

    Ерөнхий сайд санхүү, эдийн засгийн салбарынхантай уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газарт ажиллаж санхүү, эдийн засгийн салбарынхантай уулзав. Шилжилтийн түвшнээс гарч эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх боломж манай улсад байна. Иймээс ирэх жилүүдийн хөгжлийн төлөвлөлтөө тодорхой хийх нь маш чухал  байгааг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ эхэнд тэмдэглэв. Гэхдээ төлөвлөгөө гэхэд хэцүү мөрөөдөл мэтийн зүйл бичээд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бодлогын ямар орчин хэрэгтэйг мартдаг зуршлаасаа салахгүй бол олон сайхан зорилт цаасан дээр үлдэнэ гэдгийг Ерөнхий сайд анхааруулав. Ирэх 2011 оны төсвийг боловсруулж эхлэхээс өмнө ойрын жилүүдийн хөрөнгө оруулалтын бодлогыг  чамбай, нухацтай боловсруулах нь чухал байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.

    Үүний тул  гадаад, дотоодын, хувийн хэвшлийн, зээлээр хийгдэх хөрөнгө оруулалтын мэдээллээ нэгтгэж,  салбарын яамд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулж бэлтгэхийг Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагад үүрэг болголоо. Ирэх оны эхээр зохион байгуулах “Монголын эдийн засгийн чуулга уулзалт”-аар эдийн засгийн хөгжлийн гол бодлого, санхүүжилтийн зарчим, сүүлийн 20 жилийн эдийн засгийн өөрчлөлт, ирээдүйн хөгжлийн стратеги, том төсөл хөтөлбөрийн бодлогын уялдааг хангахад санаачилгатай оролцох ёстойг Ерөнхий сайд анхааруулав.

    Цаашид илүү хурдацтай, хөгжлийн зөв замаар явахын тулд одоо мөрдөж байгаа төсвийн бодлогодоо томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй болсоныг Ерөнхий сайд тэмдэглэв. Зөвхөн төсвийн бодлогоор бүгд шийдэгдэхгүй ч нийгэм, эдийн засгийн олон асуудал төсвөөс хамааралтай учир шинэчлэлийг хэд хэдэн үндсэн чиглэлээр хийх ёстой гэж Ерөнхий сайд томъёолжээ. Төсвийг УИХ-аас баталснаас хойш хугацаанд ирэх оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай холбогдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруулалтыг явуулах зэрэг бүх бэлтгэл ажил хийгдэж дуусахаар тооцон төсвийг батлах хугацааг өөрчлөх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна.

    “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийг батлан гаргаснаар уул уурхайн салбараас хамааралтай өнөө үед төсвийн зарлагыг хязгаарлаж, энэ салбараас орж ирэх орлогын тодорхой хэсгийг тогтворжуулалтын санд хуримтлуулан, орлого буурсан үед төсвийн алдагдлыг нөхөн санхүүжүүлж байх зохицуулалт бий болно гэж Ерөнхий сайд тэмдэглэв. Орон нутгийн удирдлагад төсвийн хөрөнгийг зарцуулах эрх мэдлийг түлхүү өгч, орон нутагт тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг хамт шилжүүлэх хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэлэв. 
              
    Төрийн болон нийгмийн үйлчилгээг иргэдэд хүргэх нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлж, хөрөнгө оруулалтыг үзэмжээр, хэн нэгэн албан тушаалтанд олдсон харьцангуй давуу байдлаар шийдвэрлэдэг зарчмыг халах ёстой. Аль ч шатанд хөрөнгө оруулалтын хуваарилалт нь тогтсон стандарт, аргачлалын үндсэн дээр тэгш хуваарилагддаг шинэ тогтолцоог бий болгох нь чухал байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Төсвийн байгууллагад хамгийн их хүндрэл учруулж байгаа тендерийн асуудлыг нэг тийш шийдэх. Үүний тулд тендерийг шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай, шуурхай болгох. тендер дагасан авлига, хээл хахуулыг ч цэгцлэх болсон тухай иргэд, бизенс эрхлэгчдийн санал, гомдлыг бодолцохыг Ерөнхий сайд анхааруулав.

    Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчлөх, ялангуяа захиалагчийн хяналт, холбогдох стандартыг сайжруулах талаар Сангийн яам судалж, холбогдох төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөллийн санал бодлыг тусгаж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхийг даалгав. Бонд гаргах, бондын орлогыг ашиглах нь гадаад зах зээлээс хөрөнгө  босгох нэг арга, хэрэгсэл. Одоогоор бондыг гол төлөв төсвийн орлогын алдагдлыг нөхөх, банк, санхүүгийн байгууллагын активыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор гаргаж байгааг Ерөнхий сайд буруу гэж хэлэв. 

    Хөрөнгийн эх үүсвэрийг хөгжлийн зориулалтаар ашиглахгүй байгаа энэ арга, хэлбэрээ өөрчилж хөгжлийн бодлого, чиглэлтэй уялдуулан бондын эрэлт хэрэгцээг наад зах нь 2-3 жилийн өмнө урьдчилан төлөвлөдөг байх, борлуулалтын орлогоор хөгжлийн төслүүдийг санхүүжүүлдэг байх нь чухал. Азийн бондын зах зээлд Монгол Улсын нэрийн бонд өнөөг хүртэл арилжаалагдаагүй байгаад дүгнэлт хийхийг Ерөнхий сайд анхааруулав. Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах болсоны нэг учир шалтгаан нь дутагдаж болох хөрөнгө, хаанас хэрхэн бүрдүүлэх, хөрөнгө босгох арга хэмжээг эртнээс бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх зорилготойг ойлгож , хэрэгжүүлээгүй явж ирсэнээ анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд сануулав.

    Хил, гааль, гадаад худалдаатай холбоотой нэгдсэн нэг стандарттай болох нь манай улсын хөгжлийн нэг чухал үзүүлэлт гэж Ерөнхий сайд үзэж байна.
    Ингэснээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, тогтсон нэг стандарт, журмаар хурдан шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй болно. Мөн үйл ажиллагааны давхардал арилж, цаг хугцаа, орон тоо хэмнэн, гадаад худалдааг хөнгөвчлөх бодлого зорилтод өөрчлөлт гарч үр дүнд хүрнэ гэж Ерөнхий сайд хэлэв. Гадаад худалдааг хөнгөвчлөх, хилийн боомтуудын дамжин өнгөрүүлэх чадварыг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг шинэ өнцөгөөс харж, олон улсын түвшний хил, гаалийн үйлчилгээг нэг дор хөнгөн, шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлсэн “Цогцолбор боомт”-ыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажил хийхийг холбогдох байгууллагад даалгалаа.

    Татвар, гаалийн байгууллагын ажилтнуудтэй холбоотой авилга, хээл хахууль, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл багасч байгааг Ерөнхий сайд сайшаагаад  цаашид ч шинэчлэлийн чиглэлээр хийх ажил их байгаа. Эрхэлж байгаа ажлын онцлог, байгууллагын хяналт , шалгалтын тогтолцооноос хамаарч авлигад өртөх эрсдэл өндөр гэж судлаачид үзсээр байгааг сануулав. Монгол Улсын өмнө бий болж байгаа асар их боломж, цаашдын хөгжлийн хүрч болох амжилтад гадныхан ихээхэн итгэл найдвар тавьж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хамтдаа зөв сэтгэж, зөв бодож, идэвх санаачлагатай ажиллан амжилтад хүрнэ гэлээ

  • Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчилж, шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай болгоё

    Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчилж, шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай болгоё Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Санхүү, эдийн засгийн салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтанд хэлсэн үг

     

    Монгол улсын хөгжил, санхүүгийн бодлого, зорилтыг тодорхойлж байдаг та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Санхүүгийн хямрал гадаад худалдаа, түүхий эдийн үнэ ханшаар дамжин манай улсад чамгүй хүндээр туссаныг статистикийн тоо баримт, дуусаагүй олон барилга байгууламжууд, ажилгүй болсон иргэд, алдагдсан боломжууд илтгэн харуулж байна. Хямрал ямар хэмжээнд манай улсад нүүрлэснийг төсөв, түүний орлогын бүрдэлтээс бас харж болно. Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 180 гаруй тэрбум төгрөгөөр тасалдлаа. Үүний дотор гадаад худалдаа, импортын үйл ажиллагаанаас олохоор тооцож баталсан гаалийн, НӨАТ-ын зэрэг татварын орлого 130,0 гаруй тэрбум төгрөгөөр дутагдах нь тодорхой боллоо.

    Дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа зарим улс орон хямралыг 2009 онд давах болсноо зарлаж, зарим нь 2010 оны эхний хагас жилд гэтлэн гарч цаашдын өсөлтөө хангана гэж мэдэгдэж байна. Тэгвэл Монгол улс хэзээ санхүүгийн хямралаас гарах вэ гэдгийг олон нийт мэдэхийг хүсэж байна. Үүнд манай эдийн засаг, санхүүгийн төв байгууллагууд, ялангуяа улсын сан хөмрөгийг удирдаж байгаа Сангийн яам тодорхой судалгаа хийж, хариултыг өгөх үүрэгтэй. Эдийн засгийн энэ уналтаас сэргэлтэд хүрэх зорилтыг тодорхой тусган ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

    Хөгжлийн төлөвлөлт – мөрөөдөл үү, бодит бодлого уу?

    Манай улсад шилжилтийн түвшнээс гарч, эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх боломжууд тодорхой харагдаж байгаа. Ийм үед ирэх жилүүдийн хөгжлийн төлөвлөлтөө тодорхой хийх нь маш чухал. Түүндээ зорилтыг салбар, бүс нутаг тус бүрээр нэн тодорхой болгосон байх шаардлагатай. Гэхдээ төлөвлөгөө гэхэд хэцүү, мөрөөдөл мэтийн зүйл бичээд энэ төсөөллөө амьдралд хэрэгжүүлэхийн тулд бодлогын ямар орчин хэрэгтэйг огт мартдаг ердийн зуршлаас салахгүй бол бидний өмнөө тавьсан олон сайхан зорилт цаасан дээрээ л үлдэнэ. Өнөөдрийг хүртэл бид 20 жилийн туршид тийм цаас үйлдвэрлэсээр л байгаа.

    Үндсэн чиглэл, үзэл баримтлал, бодлого гэсэн том нэртэй олон бичиг баримтуудыг уншихад хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг нэг нэггүй төлөвлөж, хаана, ямар нэртэй, ямар үйлдвэр баригдаж, хэдий хэмжээтэй, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тооцоолсон атлаа үүний тулд бодлогын ямар алхам хийхээ тодорхой болгож тавихгүй байна. Эдийн засгийн өөрчлөлтийг эхлээд 20 жил болоход өнөөг хүртэл төр хувийн хэвшлийнхээ зааг ялгааг ойлгоогүй юм болов уу гэж заримдаа бодогдохоор байдаг. Төр засаг гэдэг чинь хувийн хэвшилдээ бодлогын орчин бүрдүүлдэг, хувийн хэвшлийг дэмждэг, харин бизнесийг хувийн хэвшил хийдэг гэдэг маш хялбархан зарчмыг төлөвлөлт хийхдээ мартаж болохгүй.

    Төр засаг хувийн хэвшлийг дэмжих цөөхөн боловч ихээхэн нөлөөтэй арга хэрэгсэлтэй. Түүний хамгийн чухлын нэг нь татвар. Ийм ч учраас татварын бодлогыг боловсруулдаг Сангийн яамны зөв эсвэл буруу алхам, ганцхан шийдвэр нь л салбарын яамны төдийгүй улсын эдийн засгийн бодлогыг бүрэн эргүүлэх боломжтой байдаг. Үүний нэг жишээ нь бидний үйлдвэржилтийн бодлого. Бид өнөөдөр нэмүү өртөгийг дэмжиж байгаагаа бүх түвшиндээ ярьдаг. Гэтэл татварын хувьд өнөөдөр дэлгүүр ажиллуулах, үйлдвэр эхлүүлж хөрөнгө оруулах хоёрт зарчмын ямар ч ялгаагүй. Өнөөдөр түүхий эдийг ухаж гаргах, харин тэр түүхий эдээ монголдоо боловсруулж бага боловч нэмүү өртөг нэмэх хоёрт бас бараг ялгаа алга гэж хэлэхэд хилсдэхгүй. 

    Үүний нэг гол шалтгаан эдийн засгийн төлөвлөлт нь бодит амьдралаас тасарсан, явцуу орчинд хийгддэгтэй шууд холбоотой. Энэ жил хуучин загвараараа улсын төсвөө дуулиан, шуугиантайхан баталлаа. Ирэх 2011 оны төсвийг боловсруулж эхлэхээс өмнө бид Монгол Улсын ойрын жилүүдийн хөрөнгө оруулалтын бодлогыг маш чамбай, нухацтай байдлаар боловсруулах хэрэгтэй. Гадаад, дотоодын, хувийн хэвшлийн, зээлээр хийгдэх хөрөнгө оруулалтын талаар мэдээллээ нэгтгэж салбарын яамд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран судлан боловсруулж бэлтгэхийг Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагуудад үүрэг болгож байна.

    Иймд ирэх оны эхээр зохион байгуулахаар төлөвлөж буй “Монголын эдийн засгийн чуулга уулзалт”–ын хүрээнд эдийн засгийн хөгжлийн гол бодлого, санхүүжилтийн зарчим, сүүлийн 20 жилийн эдийн засгийн өөрчлөлт, ирээдүйн хөгжлийн стратеги, том төсөл хөтөлбөрүүдийн “Бодлогын уялдааг хангах” асуудалд та бүхэн санаачилгатай оролцох ёстой.

    Төсвийн бодлого – тодорхой, тогтвортой, тэгш

    Манай улс цаашид илүү хурдацтай, хөгжлийн зөв чиг, замаар явахын тулд юуны өмнө одоо мөрдөж буй төсвийн бодлогодоо томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Зөвхөн төсвийн бодлогоор бүхий л асуудал шийдвэрлэгдэхгүй. Гэхдээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн олон асуудал төсвөөс ихээхэн хамаардаг. Тиймээс төсвийн бодлогын хүрээнд хийх шинэчлэлийг дараахь хэдэн үндсэн чиглэлээр хийх ёстой гэж бодож байна. 

    Үүнд:

    1. Төсвийг УИХ-аас хэлэлцэн баталж байгаа цаг хугацааг шинэчлэн өөрчлөх;
    Ингэснээр улсын төсвийг УИХ-аас баталснаас хойшхи цаг хугацаанд ирэх оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай холбогдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг явуулах зэрэг бүхий л бэлтгэл ажлууд хийгдэж дуусахаар тооцож төсвийг батлан гаргах цаг хугацааг нааш нь татаж өөрчлөх хэрэгтэй.

    2. Төсвийн тогтвортой байдлыг хангах;
    Төсвийн тэнцвэрт байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн огцом алдагдлыг бууруулахад төсвийн хариуцлагын тогтолцооны хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал юм. Сангийн яамнаас боловсруулж байгаа “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг батлан гаргах нь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай эдийн засагтай өнөө үед төсвийн зарлагыг хязгаарлаж, тус салбараас орж ирэх бүх орлогын тодорхой хэсгийг тогтворжуулалтын санд хуримтлуулж, орлого буурсан үед төсвийн алдагдлыг нөхөн санхүүжүүлж байх зохицуулалтыг бий болгох юм. Саяхан УИХ-аар батласан ирэх оны төсвийн үзүүлэлтүүдээс авч үзвэл улсын нэгдсэн төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 38,8 хувьд хүрч байна. Бид тавьсан зорилтдоо төсвийн зарлагыг нэмэгдүүлнэ гэж зориогүй боловч бидний алсын бодлогогүй төлөвлөлт нь ийм өндөр хэмжээний зарлагатай байх гарцаагүй байдалд хүргэлээ. Улсын төсвийн өндөр хэмжээний зарлага нь алсдаа засаглалын үнэлгээ, бизнес эрхлэлтийн орчны үзүүлэлтийг улам доош чангаагаад зогсохгүй сайжруулах ёстой гэж зорьж байгаа улс орны гадаад нэр хүндэд таагүй нөлөө үзүүлдэг.

    3. Төв, орон нутгийн төсвийн харилцааг тэнцвэржүүлэх;
    Өнөөдөр орон нутагт ногдож буй үүрэг, хариуцлагатай нь төсвийн хөрөнгийн зарцуулалтын эрх хэмжээ үнэхээр дүйцэхгүй байгаа гэсэн шүүмжлэл их гарах боллоо. Өмнө хэрэгжиж байсан тогтолцоо тухайн үедээ хэрэгтэй байсан бол одоо үр дүн муутай байна. Тиймээс орон нутгийн удирдлагад төсвийн хөрөнгийг зарцуулах эрх мэдлийг түлхүү өгөх, орон нутагт тавигдаж буй зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг хамт шилжүүлэх хэрэгтэй.

    4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжүүлэх зарчмыг шинэчлэн тогтоох;
    Төрийн болон нийгмийн үйлчилгээг иргэдэд хүргэх нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх замаар, хөрөнгө оруулалтыг ямар нэгэн үзэмжээр, хэн нэгэн албан тушаалтанд олдсон харьцангуй давуу байдлаар шийдвэрлэдэг зарчмыг халах ёстой. Засаг захиргааны аль ч шатанд хөрөнгө оруулалтын хуваарилалт нь тогтсон стандарт, аргачлалын үндсэн дээр тэгш хуваарилагддаг шинэ тогтолцоог бий болгомоор байна.  

    5. Худалдан авах ажиллагааны тогтолцоо буюу тендерийн журмыг шинэчлэх;
    Төсвийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хамгийн их хүндрэл учруулж байгаа асуудал бол тендер юм. Тиймээс төсвийн шинэчлэлийн хүрээнд худалдан авах ажиллагааны тогтолцоо, тендерийг улам шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай, шуурхай болгох ёстой. Аливаа тендерийг дагасан авилга, хээл хахуулын асуудлыг ч цэгцлэх болсон тухай иргэд, бизнес эрхлэгчдийн санал, гомдлыг ч бодолцох нь зүйд нийцнэ. Үүний зэрэгцээ захиалагчийн хяналтын ажлыг дан ганц  салбарын яамны асуудал мэтээр өөрөөс түлхэх нь туйлын хариуцлаггүй юм. Энд нэг л жишээг бид бүгд бодолцох ёстой. Яахаараа Японы тусламжаар баригдсан Улаанбаатар хотын Нарны зам бараг 10 жил томоохон засваргүй байж болоод байдаг. Харин яг хажууд нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн замыг жилд хэдэн удаа нөхөх шаардлагатай байдаг юм бэ? Хариулт бол маш ойлгомжтой. Нэг л хүн, нэг л байгууллага тендерийн баримт бичгээ боловсруулаад, тендерээ зохион байгуулаад, сонгон шалгаруулаад, захиалагчийн хяналтаа хэрэгжүүлээд, ажлаа хүлээж авдаг байхад шударга хариуцлага тооцох тогтолцоо бүрдэхгүй байгаа нь ойлгомжтой. Иймд Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчлөх ялангуяа захилагчийн хяналт, холбогдох стандартыг сайжруулах асуудлыг Сангийн яамны хамт олон та бүхэн сайтар судалж, холбогдох төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөллийн санал бодлыг тусгаж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой.

    Гадаад зах зээл – санхүүжилтийн эх үүсвэр

    Гадаад зах зээлээс хөрөнгийн эх үүсвэр бий болгох нэг арга хэрэгсэл бол бонд гаргах, бондын орлогыг ашиглахтай холбогдсон асуудал юм. Өнөөдөр бондыг гол төлөв төсвийн орлогын алдагдалыг нөхөх, банк, санхүүгийн байгууллагын активыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор гаргаж  байна. Энэ бол хөрөнгийн эх үүсвэрийг хөгжлийн зориулалтаар ашиглаж байгаа хэрэг биш. Улс орны цаашдын хөгжлийн бодлого, чиглэлтэй уялдуулан Сангийн яамнаас бондын эрэлт хэрэгцээг наад зах нь 2-3 жилийн өмнөөс урьдчилан төлөвлөдөг байх, борлуулалтын орлогоор хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр болгон ашиглах шаардлагатай. Дэлхийн зах зээлд Монгол Улсын бондыг таниулах, сурталчлах зэрэг олон талын ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.  Азийн бондын зах зээлд Монгол Улсын нэрийн бонд өнөөг хүртэл арилжаалагдаагүй байгаад бид эхний ээлжинд дүгнэлт хийх ёстой.

    2003 оноос бидний мөрдөж, хэрэглэж ирсэн Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах болсны нэг гол учир шалтгаан бол дутагдаж болох хөрөнгө, түүний эх үүсвэрийн тооцоог урьдчилан харах, хаанаас хэрхэн бүрдүүлэх, хөрөнгө босгох арга хэмжээг эртнээс бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх зорилготойг үндсэндээ ойлгож, хэрэгжүүлж чадаагүй явж ирснээ бас анхаарах хэрэгтэй байна. 2009 онд алтны санхүүжилт нэрээр гаргасан бонд нь Монголын Засгийн газрын анхны бонд байлаа. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газрын зээлжих эрхийг 11 хувиас дээгүүр тогтоосноор гадаад зах зээл дээр хувийн хэвшлийн зээлжих түвшинд энэ нь сөргөөр нөлөөлснийг цаашид харгалзах хэрэгтэй.     

    Өрсөлдөх чадвар – төрийн үйлчилгээний чанар

    Өнөөдөр бидний өмнө өрсөлдөх чадварын асуудал чухлаар тавигдаж байна. Хувийн хэвшлийнхэн энэ асуудлыг ойлгоод байдаг. Гэтэл төрийн байгууллагууд удаан хойрго хандаж байна. Тиймээс би “Монгол Улсаа бүс нутагтаа татвар, эрх зүй, хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвараар өндөр үзүүлэлттэй орон болгохын төлөө чармайж ажиллах ёстой”-г бусад салбарынхантай хийсэн уулзалтынхаа явцад онцлон хэлж ирсэн. Өнөөгийн байдлаар хилийн боомтод гааль, хилийн цэрэг, гадаадын иргэн, харъяатын алба, улсын мэргэжлийн хяналт, авто тээврийн байгууллага гэсэн 6 байгууллага тус бүртээ үйл ажиллагаа явуулж байна. 

    Эдгээр байгууллагууд өөр өөрийн үйл ажиллагааг тус тусын дүрэм, журмаар зохицуулдаг. Бас өөр өөрийн байранд үйл ажиллагаа нь явагддаг. Хэрвээ бид өндөр хөгжилтэй улс орнуудын хилийн боомтын үйл ажиллагаанд мөрдөгддөг стандартыг авч хэрэгжүүлбэл эдгээр олон байгууллагын үйл ажиллагаа нь ил тод, тогтсон нэг л стандарт, журмаар хурдан шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй зохицуулагдах болно. Ингэснээр үйл ажиллагааны давхардал арилж, цаг хугацаа, орон тоог хэмнэж, гадаад худалдааг хөнгөвчлөх бодлого зорилтод ч өөрчлөлт гарч үр дүнд хүрнэ. Хил, гааль, гадаад худалдаатай холбоотой нэгдсэн нэг стандарттай болох нь манай улсын хөгжлийн нэг чухал үзүүлэлт юм.

    Гадаад худалдааг хөнгөвчлөх, хилийн боомтуудын дамжин өнгөрүүлэх чадварыг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг шинэ өнцөгөөс харж, олон улсын түвшний хил, гаалийн үйлчилгээг нэг дор хөнгөн, шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлсэн “Цогцолбор боомт”-ыг хөгжүүлэх асуудлыг бодлого, төлөвлөлтдөө тусган хэрэгжүүлэх нь зүйтэй.  Энэ асуудлыг судалж шийдвэрлэх талаар судалгаа шинжилгээ хийж танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгож байна.

    Татвар, гаалийн байгууллагууд улсын төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна аж ахуй, бизнес эрхлэгчид, иргэдтэй өдөр тутамд харьцаж тэдэнд үйлчилгээ үзүүлдэг. Олон нийтийн дунд явуулж ирсэн санал асуулга, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Азийн сангаас удаа дараа хийсэн судалгааны үр дүнд манай татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагаанд оршиж буй хүнд суртал, авилгын зарим илрэл, хандлагын талаар дурдагдсан байдаг. Сүүлийн жилүүдэд гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч нартай холбогдсон авилга, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаарх таагүй мэдээ багассан нь саашаалтай.

    Ер нь татвар, гаалийн чиглэлээр олон ажил хийгдэж үйл ажиллагаа нь сайжирч, ахиц дэвшилд хүрч байна. Цаашид ч гэсэн шинэчлэлийн чиглэлээр хийх ажил их бий. Мөн эрхэлж байгаа үйл ажиллагааны онцлог, байгууллагын хяналт шалгалтын тогтолцооны байдлаас хамаарч авилгад өртөх эрсдэл өндөр гэж судлаачид үзсэн хэвээр байна. Үүнийг анхаарч, урьчилан сэргийлэх, зөрчил илэрсэн тохиолдолд арга хэмжээ авч, хариуцлага тооцдог байх шаардлагатай.

    Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, судлаачид Монгол Улсын өмнө бий болж байгаа асар их боломж, түүнчлэн цаашдын хөгжлийн хүрч болох амжилтад  ихээхэн итгэл найдвар тавьж буйгаа илэрхийлж байна. Монгол хүн бүр ажилтай, дундаж орлоготой, чанартай боловсролтой, эрүүл саруул амьдрах орчин нөхцөл, боломжоор хангагдсан тийм л улс оронд амьдрахыг хүсч байна. Энэ бол хоосон мөрөөдөл биш. Бидэнд ойрын ирээдүйд олдож байгаа бодит боломж юм. Энэ бүх итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, боломжийг бодит байдал болгон хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ зөв сэтгэж, зөв бодож, идэвхи санаачлагатай ажиллацгаая. Бид хамтдаа Монгол Улсаа хөгжүүлж чадна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.