Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Сү.Батболд: Бидний үед асуудлыг зарчмаар нь л шийдээд явдаг байсан

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь намын бүлгийн гишүүд нэлээд ширүүхэн мэтгэлцээд авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Сү.Батболд  “МАН төр барьж байхдаа ч, Засгийг тэргүүлж байхдаа ч сөрөг хүчний  горимын  саналыг зарчмаар  нь шийдээд явдаг байсан. Гэтэл одоо байдал ямар байгааг өнөөдрийн чуулганы хуралдааны жишээ бэлээхэн харуулж байна.  МАН-ын бүлгийн дарга, бүлгийн гишүүд горимын санал тавиад байхад өөрсдийн баримталж буй байр сууриар тайлбар хийгээд явчихлаа шүү дээ. Ардчиллаа хөгжүүлье гэж аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ сөрөг хүчнээ нам дарчих гээд л байна.  Олонхиороо асуудлыг түрж, богино хугацаанд шийддэг, өөрсдөд нь таалагдаагүй зүйлээ дардаг, дуугарах юм бол танхимын нөгөө талаас зэрэг хашгиралдаж, хуралд даргалагч давуу эрхээ эдэлж микорофон хаах зэргээр өнөөдрийн чуулганы хурал явагдлаа. Сөрөг хүчин нь өөрсдийн байр сууриа зарчмаар нь, горимоор нь тавих гэхээр боомилдог. Энэ зүйл өнөөдөртөө асуудлыг шийдээд байгаа мэт боловч улс орны хөгжлийн асуудал, эдийн засгийн хямралд энэ нь  уршгийг улам л дагуулж байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг хойшлуулж, хугацааг нь бүр тодорхойгүй болгож хаялаа.  Бидний үед лав ийм зүйл байсангүй. Хамтарсан Засгийн газрын үед ч, манай Засгийн газрын үед ч бид асуудлыг зарчмаар нь л явуулдаг байсан.  Хэрэв яг өнөөдрийнх шиг  бид та нарт хандсан бол юу болох байсан бол, хачин л юм болох байсан даа” гэв.  

  • Сү.Батболдын хүү Харвардын бизнесийн сургуулийг төгссөн анхны монгол оюутан болов

    УИХ-ын гишүүн Сү.Батболдын том хүү Б.Баттүшиг Харвардын бизнесийн их сургуулийг төгссөн тухайгаа өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Тэрбээр тус сургуульд мастер хамгаалсан анхны монгол оюутан болсон байна. Сонирхуулахад УИХ-ын гишүүн Сү.Батболд 1990 онд Лондон хотын бизнесийн удирдлагын их сургуулийг төгссөн анхны монгол оюутан болж байжээ. Харин энэ удаа хүү нь Харвардын бизнесийн их сургуульд мастераа хамгаалсан монгол оюутнуудын анхдагч болж байгаа нь энэ аж. 

  • Сү.Батболд: ”Чалко”-гийн гэрээг засаад явах боломж Засгийн газарт байгаа

    Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар  2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Батболдын хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татлаа.  

    Тодруулбал тэрбээр “Биднийг Засаг барьж байх үед янз бүрээр хардаж сэрдэж байсан.  Ялангуяа Тавантолгой дээр хийгдсэн “Чалко”-гийн гэрээ бол үүний хамгийн том жишээ.  Хардах эрх та бүхэнд бий.   Гэрээ хэлэлцээ дутуу хийгдсэн, үнэ ханш нь бага гээд л янз бүрээр шүүмжилж байлаа. Түүнийг сайжруулах үүрэг нь Засгийн газарт  бий шүү дээ. Бид ч гэсэн Оюутолгойн гэрээн дээр гарсан алдаа дутагдлыг сайжруулаад  явж байсан түүх бий. Аливаа юмны оношийг зөв тавибал эмчилгээ зөв хийгддэг. Энэ Засгийн газар Чалкогийн гэрээг дахин ярина гээд ачилтыг нь хэдэн сараар зогсоосон. Үр дүнд нь зээл нь буураагүй. Тэр үед үнэ ханш нь ч бас гайгүй байсан байх. Энэ хохирлыг тооцож үзсэн үү, өөрөөр хэлбэл Чалкогийн гэрээг маргааны сэдэв болгосон хохирлыг тооцож үзсэн үү. Алдаатай байсан уу, үгүй юу гэдэг дээр намуудын төлөөлөл орсон ажлын хэсгийг УИХ-ын дэргэд байгуулж дүгнэх хэрэгтэй юм. Хоёрдугаарт ДНБ-ийн өсөлтийн хурдац 2012 оноос эхлэн буурч байгаа бөгөөд 2014 оны  эхний улирлын гүйцэтгэл цаашдын төлөв байдлаас харахад өнгөрсөн хоёр жилийн дунджаас ч дахин буурч болзошгүй байна гэж та бүхэн танилцуулгадаа дурьджээ. Үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ” хэмээн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяраас асуулаа. 

    Эдийн засгийн хөгжлийн сайд хариуд нь “Чалкогийн гэрээний хувьд таны хэлсэнтэй санал нэг байна. Хоёр намын бүлгээс хамтарсан  ажлын хэсэг гарч, энэ асуудлыг дотооддоо нэг шийдэлд хүрч хаах хэрэгтэй. Хий хоосон зүйл дээр маргаад яах вэ дээ гэсэн хариулыг өгсөн юм. 

    Харин түүнийг хариултыг сонсоод С.Батболд гишүүн “Хэдэн  сар ачилтаа зогсоочихоод бүх бурууг Өмнөх Засгийн газрын алдаа гэсэн. Одоо харин дөнгөж ойлгоод хамтарч шалгая гэж  байгаа нь нэг талаар харамсалтай. Нөгөө талаар оройтсон ч гэлээ ийм шийдвэрт хүрч байгаа нь сайн хэрэг. Энэ асуудлыг дотроо яриад шийдчих юмсан гэж Уул уурхайн Сайд Д.Ганхуяг өглөөний чуулган дээр ярьж байсан. Уг нь ийм боломж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байсан юм шүү дээ” гэсэн юм.

  • Сү.Батболдын зөвлөгөө

    МАН-ын экс дарга, УИХ-ын гишүүн Сү.Батболд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Зоригтоос асуулт асуух үеэрээ эрх баригч хүчинд зөвлөгөө өгч зангараг заав.

    Тэрээр “Аль ч нам Засгийн эрхэнд  гарсан  улс орныхоо хөгжлийн бодлогыг тууштай, тогтвортой урт хугацааны баримтлал, чиг хандлагатай байлгая гэж боддог. Бид ч мөн адил энэ бодлогыг барьсаар ирсэн.  Сөрөг хүчин л гэсэн шиг бүх зүйлд сөрөг байдаг гэж биднийг шүүмжилдэг ч улс орныхоо эрх ашгийг хөндсөн асуудал дээр бид харин саналаа нэмэрлэж, ярилцах ёстой юм. Тунхаглал, хүсэл мөрөөдлийн жагсаалт,  үндэслэлгүй тоо гаргаж дугуйг дахин бүтээх хэрэггүй.  Улс орны хөгжлийн макро  эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд, хүний хөгжлийн томоохон индексүүд,  бусад улс оронтой харьцуулсан харьцуулалт гэх мэт тодорхой хэдэн үзүүүлэлтээр дүгнэдэг ийм систем рүү орох ёстой юм. Үе үеийн Засгийн газруудынхаа үйл ажиллагааг ч ингэж дүгнэдэг болох хэрэгтэй. Ингэж байж Засгийн газрын бодлого нь тогтвортой, хэмжүүртэй болж үр дүнг нь ч дүгнэхэд хялбар. Эдийн засгийг эрчимжүүлэх  төлөвлөгөө энэ агуулгад нийцэж  чадаж байна уу, УИХ-ын бусад гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдтэй хэр уялдаж өгч байгаа вэ” гэсэн юм.

    Үүнд УИХ-ын гишүүн Д.Зоригт  “Эдийн засгийг эрчимжүүлэх энэ төлөвлөгөөндөө бид дөрвөн зорилт тавьж байгаа. Хөгжлийн төлөвлөлт нь сонгуулийн амлалтад өртөмтгий, савладаг. Энэ төлөвлөгөөгөөр тэр савалгааг алга болгоно гэж бодож байгаа. Өргөн  утгаараа олон улсын жишигт нийцүүлсэн тэдний туслалцаа дэмжлэг авсан ийм төлөвлөгөө болсон” гэж хариулна билээ.

  • Сү.Батболд: Дугуйг дахин бүтээх хэрэггүй

    Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сайд нарын  “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Аливаа хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд гишүүд шинээр санал дэвшүүлж мэтгэлцдэг зарчимтай. Ингээд гишүүдийн юу ярьсныг товчлон хүргэе. 

    Сү.Батболд: Тогтвортой, мэдлэгтэй, ойлгомжтой байх ёстой гээд л та бүхэн ярилаа. МАН ийм л байр суурь дээр байгаа.  Бид сонгуульд үнэмлэхүй ялсан ч гэсэн ярилцаж, хэлэлцэж л ирсэн. Одоо олонхи болсон та бүхэн биднийг байнга л дайрсан, загнасан байдалтай байх юм. 

    Сөрөг хүчнээ байнгын хорооддоо тэгш хувиарлаач. 20 гаруй гишүүнтэй байх ёстой байнгын хороон дээр бид гурвуулаа л сууж байна шүү дээ. Хууль номоороо бол энд бид 3/1 болоод сууж байх учиртай. Парламентын туршлага мэдлэг, сөрөг хүчнийг зохих ёсоор нь ажиллууулах тэр  ардчиллын хуулиа яагаад энд мөрдөхгүй байгаа юм.  Юм ярих гэхээр мөн чанар л гэх юм. Бидний мөн чанар арай өөр. Улс орны нийгмийн хөгжлийг урагшлуулахын төлөө ярьдаг. Одоо эдийн засгийн байдал ямар байгаа билээ, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан, аж ахуйн нэгжүүд  үүдээ хааж байгаа  гээд энэ талаар ярих олон асуудал бий. Үүнийг ярих, гарцыг олохын төлөө л байгаа.  Та бүхэн харин улс төрийн  үүсээд байгаа нөхцөл байдлаа олуулаа шийдэхгүй удаад байгаа биз дээ.   Одоо орж ирсэн саналаараа саналаа хураагаад улс төрийн энэ гацаатай байдлаа шийдье. 

  • Сү.Батболд: Бид үргэлж зөвшилцөж ирсэн

    Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сайд нарын  “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Аливаа хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд гишүүд шинээр санал дэвшүүлж мэтгэлцдэг зарчимтай. Ингээд гишүүдийн юу ярьсныг товчлон хүргэе. 

    Сү.Батболд: Тогтвортой, мэдлэгтэй, ойлгомжтой байх ёстой гээд л та бүхэн ярилаа. МАН ийм л байр суурь дээр байгаа.  Бид сонгуульд үнэмлэхүй ялсан ч гэсэн ярилцаж, хэлэлцэж л ирсэн. Одоо олонхи болсон та бүхэн биднийг байнга л дайрсан, загнасан байдалтай байх юм. 

    Сөрөг хүчнээ байнгын хорооддоо тэгш хувиарлаач. 20 гаруй гишүүнтэй байх ёстой байнгын хороон дээр бид гурвуулаа л сууж байна шүү дээ. Хууль номоороо бол энд бид 3/1 болоод сууж байх учиртай. Парламентын туршлага мэдлэг, сөрөг хүчнийг зохих ёсоор нь ажиллууулах тэр  ардчиллын хуулиа яагаад энд мөрдөхгүй байгаа юм.  Юм ярих гэхээр мөн чанар л гэх юм. Бидний мөн чанар арай өөр. Улс орны нийгмийн хөгжлийг урагшлуулахын төлөө ярьдаг. Одоо эдийн засгийн байдал ямар байгаа билээ, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан, аж ахуйн нэгжүүд  үүдээ хааж байгаа  гээд энэ талаар ярих олон асуудал бий. Үүнийг ярих, гарцыг олохын төлөө л байгаа.  Та бүхэн харин улс төрийн  үүсээд байгаа нөхцөл байдлаа олуулаа шийдэхгүй удаад байгаа биз дээ.   Одоо орж ирсэн саналаараа саналаа хураагаад улс төрийн энэ гацаатай байдлаа шийдье. 

  • Ерөнхий сайд С.Батболдын Монгол Улсын 2012 оны төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өгсөн мэдээлэл

    Ерөнхий сайд  С.Батболдын Монгол Улсын 2012 оны төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өгсөн мэдээлэлМонгол Улсын Засгийн газраас 2012 оны улсын төсвийн төслийг боловсруулан хуулийн хугацаанд УИХ-д өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2012 оны төсөв нь сонгуулийн бүрэн эрхийн хугацааны  сүүлийн жилийн  төсөв гэдгээрээ онцлог болсон юм.  Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн биелүүлэхэд чиглэсэн нөөц боломжоо шахуу дайчилсан төсөв гэж үзэж байна.

    2012 оны эцэст нэг хүнд ногдох ДНБ 6.4 сая төгрөг буюу 5362 ам.долларт хүрнэ. 2012 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 35.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39.5 хувь байхаар боловсрууллаа.

    Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ний 4.1 хувьд хүрлээ. (2011 оны төсвийн алдагдал 9.9 хувиар батлагдсан. Үүнтэй зэрэгцүүлж үзвэл 2012 оны төсвийн алдагдал 2.4 дахин буурахаар байна)

    Энэ оны төсвийн хүрээнд 4 гол зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвөлж байна  

    1.Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хувиарлалтыг хангах,байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх,
    2.Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх,
    3.Төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дэмжих,
    4.Хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг болно.

    Мөн: Нийслэл болон орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлнэ,
    -“Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ,
    -Байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ,
    -Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулж 71,2 тэрбум төгрөгийг төсөвт тусгалаа,
    -“Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж, мал аж ахуйг эдийн засгийн идэвхитэй эргэлтэнд оруулна,
    -Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байрыг олноор бий болгоход анхаарна,
    -2012 онд их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэмжээг ихээхэн нээмгдүүлэхээр төлөвлөлөө. 2012 онд улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ нь 2011 оны батлагдсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс 2.4 дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

    -Ард иргэд бүтээн байгуулалтын асуудлаас гадна сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөг болон цалин тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төсөвт тусгагдсаныг сонирхож байгаа байх,
    -Тиймээс энэ талаар товч мэдээлэл хийе,

    Нэг. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар.
    -Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2012 онд нийтдээ 53 хувиар нэмнэ,
    -Үүний үр дүнд цалин 2008 оны түвшингээс 2 дахин нэмэгдэнэ,  
    -Энэ арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 200.0 мянган төгрөгөөр нэмэгдэж 600.0 мянган төгрөгт хүрнэ.
    -Цалин нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай нэмэгдүүлэх зарчим баримтлана,
    -Иймд төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд ижил мөнгөн дүнгээр буюу /80000 төгрөгөөр/, дараагийн ээлжинд ижил хувиар /буюу  23  хувиар/ нэмэгдүүлэхээр тооцлоо.
    -Энэ арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны түвшингээс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ,
    -Цалин нэмэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 3 талт үндэсний хороогоор хэлэлцүүлж, талууд нэгдсэн зөвшилцөлд хүрлээ,
    -Энэ удаад тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг тэтгэвэрийн шинэчлэлийн асуудалтай хамтад нь шийдэж, суурь тэтгэвэрийн тогтолцоонд шилжүүлнэ,
    -Эхний шатанд бүх хүний тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр, дараагийн шатанд тэтгэврийн хэмжээг харгалзан ялгаатай нэмэгдүүлэхээр тусгалаа.
    -Тэтгэвэрийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлж, 2008 оны түвшингээс 2 дахин өсгөнө,

     Хоёр. Хүний хөгжил сангаас  1,500,000 төгрөг олгох талаар
    -Хүний хөгжил сангаас  1,5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар иргэдэд олгоход зарцуулах хөрөнгийг тооцож 2012 оны төсөвт тусгалаа.
    -Үүнд иргэн бүрт сар тутам олгож буй 21000 төгрөгийг 2012  оны эхний хагас жилийг дуустал  олгож, иргэн бүрт  500,0 мянган төгрөг бэлнээр олгох гэсэн зорилтоо хэрэгжүүлнэ.
    -1.000.000 төгрөгийн хувь хишгийг нийгмийн бүлгүүдэд дараах байдлаар хүртээхээр Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт тусгалаа. Үүнд:
    -Ахмад настан, хөгжлийн брэхшээлтэй нийт 334.2 мянган иргэдэд 1 сая төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 334.2 тэрбум төгрөг,
    -Нийт 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр нийт 83.6 тэрбум төгрөг,
    -Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум төгрөг,
    -Орон сууц худалдан авсны урьдчилгаа төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсөвлөлөө,
    -Ойролцоогоор 600 мянган иргэнд 1.5 сая төгрөг бүрэн олгогдож дуусна,
    -Үлдэж буй 2.2 сая иргэнд 1 сая төгрөгийг хүртээхдээ Тавантолгой болон стратегийн ордууд дээр Засгийн газар хөрвөх бонд гарган эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Хуримтлуулсан эх үүсвэрийг бэлэн мөнгө болгон хувиргаж болох сонголт бүхий хувьцааг иргэдэд олгоно.  

  • Шарын гол Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцно

    Шарын гол Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцно Нийслэлийн Баянгол дүүрэг үртсэн шахмал түлш буюу коксжсон шахмал түлш хэрэглэж байгаа анхны дүүрэг болж байгаа юм байна. Тэдний ажлын явц бодит байдалд ямар байгааг Ерөнхий сайд мөн очиж үзлээ. Тус дүүргийнхний нэг жилд  хэрэглэж байгаа 33 мянган тонн нүүрс ийнхүү утаагүй технологиор солигдож байгаа ажээ. Түлшний асуудлаа дүүрэг дүүргээр ийнхүү шийдээд явж байгааг Ерөнхий сайд С.Батболд сайшаалаа. Харин түлшээ өдий болтол нийлүүлэхгүй байгаа Шарын гол, Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн мэрд үүрэг болгов.

    Өөрөөр хэлбэл төсвөөс татаас авчихаад үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа бол хатуу хариуцлага тооцох ёстой гэлээ. Утаагүй технологийг гэртээ туршиж байгаа тус дүүргийн нэгэн  айлаар Ерөнхий сайд орлоо. Гэр хороололд  дэд бүтцийг бий болгоод өгчихвөл тохилог амьдрах нөхцлийг энэ залуухан  гэр бүл харуулж чадсан байна. Шалаа халдаг болгож, мөн дулаан хангамжаа ч шийдсэн байв. Харин цахилгааны үнийг 50 хувь хөнгөлөх  шийдвэрийг хүлээж байна гэх тэдний асуултад Засгийн газрын тэргүүн таатай хариу  барилаа. Ийм дэвшилтэт технолги ашиглаж, зуух түлш, гэрээ дулаалж байгаа тэдэнд зориулж шөнийн  цахилгааны үнийг 50 хөнгөлөх шийдвэр гаргасныг Ерөнхий сайд С.Батболд  дуулгалаа. Энэ нь оройны 18 цагаас өглөөний 9 цаг хүртэл үйлчлэх тариф юм.  

    Агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх бас нэг чухал зүйл нь иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр бөгөөд төв болоод Яармаг хороололд шинэ хорооллыг барьж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, энэ жил 20000 айлыг орон сууцанд оруулна гэсэн мэдээллийг өгсөн. Нийслэлээ нийслэл шиг болгохоор зорьж байгаа Засгийн газрын зорьсон ажил урагштай байгаад Ерөнхий сайд тун сэтгэл хангалуун байна. Ямартай ч нийслэл болоод дүүргийнхэн хариуцсан ажлаа дажгүй сайн хийж байна гэх үнэлэлт өглөө. Харин энэ эхлүүлж байгаа ажил хурдан, шударга, нээлттэй, чанартай  байх ёстой гэдгийг анхааруулж, бас үүрэг өглөө

  • Коксжсон түлшний үйлдвэр ашиглалтад орно

    Коксжсон түлшний үйлдвэр ашиглалтад орно Агаарын бохирдлыг бууруулахын тулд гарц хайж байгаа дараагийн ажил нь утаагүй  түлшний асуудал багтаж байгаа. Энэ хүрээнд “ТЭЦ-2” ТӨК-ийг түшиглэн байгуулж байгаа хагас коксжсон түлшний үйлдвэртэй  Ерөнхий сайд танилцлаа. Иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа энэ ажлын явц 60 хувьтай байгаа аж. Төлөвлөж байгаагаар анхны түлшээ ирэх оны 12 дугаар сард нийлүүлэх ёстой ч иргэдийн хүлээлтээс шалтгаалан хугацаагаа наашлуулж, оноос өмнө багтаах зорилго тавьжээ. Улсын төсвөөс 17 тэрбум төгрөг  “залгиж” байгаа тус ажил нь цоо шинэ технологи бөгөөд агаарын бохирдлыг үндэс сууриаар нь шийдэж байгаа анхны жилийн анхны бүтээгдэхүүн болох юм.

    Үр өгөөжтэй, утаагүй  энэ түлшний үнийн зөрүүг татаас  болон ваучер хэрэглэх замаар иргэдээ хохироолгүй, эдийн засгийн дарамт багатайгаар тэдэнд хүргэх  эхний шатны ажлууд өгсөн үүрэг чиглэлийн дагуу  хийгдэж эхэлснийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Мөн дараагийн алхам нь зуухны асуудал бөгөөд АНУ-ын МСС-ийн тусламжтайгаар утаагүй технологид суурилсан, утааг эрс багасгах  энэ ажлыг төрийн оролцоо дэмжлэгтэйгээр эхлүүлээд байна. Одоогийн байдлаар ийм технологи бүхий зуухыг 8900 гаруй айл аваад байгаа бөгөөд 6500 орчим айлд суурилуулах ажлыг эхлүүлжээ.

    Хэрвээ ийм зуух 90 мянга орчим айлд тараавал утаа 40 хувиар буурна хэмээн ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт танилцуулж байлаа. Зуух түлшээр утааны асуудлыг 100 хувь бууруулах боломжгүй, нөгөө талаар иргэдээ орон сууцжуулснаар энэ ажил давхар шийдэгдэх боломжтойг ч тэрбээр дурьдаж байв. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын үзэж байгаагаар хагас  коксжсон түлшний үйлдвэр бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихвэл утаанд асуудал байхгүй гэлээ.

    Мөн иргэд зуух авахдаа хойрго хандаж байгаа нэг шалтгаан нь хуучин зуухаа шинэ зуухаар сольж байгааг таашаахгүй байгаа аж. Гал голомт гэдэг утгаар тэд зуухаа өгөхгүй байгаа гэнэ. Харин МСС-ийнхний үзэж байгаагаар тэд яндангаа авч үлдээд  байгаагаас ажил үр дүнгүй болох шалтгаан болж байгаа юм байна. Ямартай ч иргэддээ энэ асуудлыг сайн ойлгуулж ажиллах хэрэгтэйг Засгийн газрын тэргүүн зөвлөлөө.

  • Нийслэлийн утаа энэ өвөл лавтай 10 хувь буурна

    Нийслэлийн утаа энэ өвөл лавтай 10 хувь буурна Нийслэлчүүд бидний хувьд агаарын бохирдол, утаа нь санаа  зовоосон асуудлын нэг байсаар удаж байна. Хийхээсээ илүү ярьж, шүүмжлэгсэд ч их байлаа. Юутай ч С.Батболдын тэргүүлсэн Засгийн газраас энэ асуудлыг шинжлэх ухааны үндэстэй,  санхүүжилтыг нь цогц байдлаар  шийдэж агаарын бохирдлыг бууруулахаар бодит ажлыг эхлүүлээд байгаа юм.  Өөрөөр хэлбэл энэ  бодит ажлын эхний үр дүн  энэ өвөл тавигдах  эсэх,  эхлүүлж ярьсан асуудал газар дээрээ ямар байна, бэрхшээл зовлон нь юу байна гэдэгтэй танилцахаар Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс өмнөх цагаа зарцууллаа.

    Агаарын бохирдлыг бууруулж байгаа нь энэ гээд өргөс авсан мэт болохгүй ч өөрсдийн нөхцөл бололцоонд тааруулан хэд хэдэн ажлыг хийж эхлүүлжээ. Юуны өмнө  энэ ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын халаалтын зуухнуудыг нэгтгэж, төвлөрсөн халаалтын системд холбох барилга угсралтын ажилтай Засгийн газрын тэргүүн танилцлаа. Энд нам даралтын 160 гаруй жижиг зуух төвлөрсөн халаалтад оржээ.

    Нийслэлийн хэмжээнд 900 гаруй ийм зуух байдаг бөгөөд жилд 27 мянга тонн түүхий нүүрс түлж,агаарыг тэр хэмжээгээр бохирдуулж байсан энэ явдал энэ өвлөөс багасч, агаарын бохирдол лавтай 10 хувиар буурна хэмээн  ажлаа танилцуулсан мэргэжилтнүүд ярьж байна. Харин дэнжийн 1000, Амгалангийн орчимд үүнээс ч илүү зуухыг төвлөрсөн халаалтад шилжүүлэх техникийн шийдэл байгаа ч хөрөнгө төсвөөс болоод ажлаа эхлүүлж чадахгүй байгааг тэд учирлаж байлаа. Монгол улсын Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэхэд шаардлагатай 3 орчим тэрбум  төгрөгийг  ирэх жилийн төсвийн тодотголд оруулан шийднэ гэдгээ амалсан нь ажил гүйцэтгэгсдэд ихээхэн урмыг өглөө.

    Төвлөрсөн дулаанд холбоно гэдэг агаарын бохирдлыг бууруулахад томхон гараа болж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, ирэх жил энэ ажил улам эрчимжих болно гэдгийг тэмдэглэлээ. Баянзүрх дүүргийн энэ орчимд 10 мянга орчим өрх, олон  аж ахуйн нэгжүүд байдаг бөгөөд  төвлөрсөн дулаанд холбогдсоноор энэ хавьд газрын үнэ өсч байгаа мэдээ чих дэлсч байлаа. Ямартай ч гэр хорооллынхон   орон сууцны айлуудаас дутахгүй тохьтой сайхан амьдрах нөхцөл бүрдэж байгаад  гүйцэтгэх засаглалын тэргүүн олзуурхааад авна лээ.