Ангилал: үйл-явдал-event

  • Должинсүрэн: Би С.Батболдын төлөө саналаа өгнө. Энэ бол миний эх орныхоо төлөө хийж чадах зөв сонголт

    Сонгуульд ялах намын нэр дэвшигч С.Батболдыг дэмжиж, итгэл хүүлгэж байна гэдгийг өдгөө 90 насыг зооглож буй Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн Должинсүрэн гуай өнөөдөр нэр дэвшигч С.Батболдтой уулзах үеэр аминчлан хэллээ. Мөн тэрээр “хөгшин би өнөөдөр хоосон хонож байж болно, үүнд би санаа зовохгүй байна. Харин эх орон минь тайван байгаасай гэж хүсч байна. Би С.Батболдын төлөө саналаа өгнө. Энэ бол миний эх орныхоо төлөө хийж чадах зөв сонголт” гэлээ.

    УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхөж байгаа хэдий ч УИХ-ын сонгуулийн 61-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд сонгогч бүртээ хүрч ажиллахаар тойргийнхоо иргэдтэй биечлэн уулзаж, аж амьдралтай нь танилцсаар байна. Өчигдөр Сүхбаатар дүүргийн 11, 12-р хорооны сонгогчдын аж амьдралтай танилцаж, тулгамдаж байгаа асуудал бүрийг өөрийн биеэр очиж сонссон билээ. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13, 14-р хороонд ажиллаж, тус хорооны хамгийн өндөр настай азай буурлуудын амар мэндийг асууж, санал бодлыг сонслоо. Тус хороонд Сүхбаатар дүүргийн хамгийн өндөр настай буюу 80-аас дээш настай иргэд олноор амьдардаг байна.

    Сүхбаатар дүүргийнхэн нэр дэвшигч С.Батболд итгэл хүлээлгэж байна

    Нэр дэвшигч С.Батболд эхлээд Сүхбаатар дүүргийн 13-р хорооны өндөр настан С.Шүрэндаа гуайнд зочиллоо. Увс аймгийн угуул С.Шүрэндаа гуай өдгөө 75 насыг зооглож байгаа бөгөөд есөн хүүхэдтэйгээ ач, зээ 30-уулаа болж өнөр өтгөн сайхан амьдарч байна. С.Шүрэндаа гуай өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэтгэврийн мөнгө төдийлөн сайн нэмэгдсэнгүй гэдгийг нэр дэвшигчид онцолж хэлж байв. Мөн ач, зээ нарынх нь ихэнхи их, дээд сургууль төгсч өндөр боловсрол эзэмшсэн ч ажилгүй, орлогогүй амьдарч байгааг хэлсэн. Тиймээс ирэх дөрвөн жил ажлын байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч, тойрогтоо олон ажил хийхийг нэр дэвшигч С.Батболдод захиж, түүнд амжилт хүслээ.

    Нэр дэвшигчийг Сүхбаатар дүүргийн 13, 12-р хорооны ахмад настан, иргэдтэй биечлэн уулзах үеэр хамгийн их яригдсан асуудал бол цэцэрлэг сургуулийн хүрэлцээ, дахин төлөвлөлтийн асуудал байлаа. Тус хороонд сургууль, цэцэрлэг бараг байдаггүйгээс болж хүүхдүүд нь Чингэлтэй, “100-айл”-ын Ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж байгааг хэлж байв. Тиймээс ирэх дөрвөн жил сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, шинээр барих шаардлагатай байгааг сонгогчид нэр дэвшигчид онцлон захилаа.

    Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд тус хороодын ихэнхи өрхийн хашааны газар нийслэлээс тогтоосон газар чөлөөлөлтийн бүст багтжээ. Гэхдээ нэг өрөө байр худалдан авахад ч хүрэлцэхгүй мөнгөөр хашааны газрыг нь үнэлж байгааг иргэд учирлаж байсан юм. Мөн зарим айлуудын хувьд хашааны газрын тал хэсэг нь дахин төлөвлөлтөд хамрагдаж, тал хамрагдаагүй зэрэг олон зөрчилтэй асуудал байгааг хэлсэн.

    Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийн асуудалд анхаарал хандуулж, иргэнийг хохироохгүй байх ёстой. Өнөөдөр иргэдийн хувьд хашааны газар том өмч гэдгийг сануулж, 20, 30 сая төгрөгөөр үнэлж болохгүй. Миний бие УИХ-д дахин сонгогдвол уг асуудлыг анхаарлын төвд авч, иргэнийхээ эрх ашгийн төлөө ажиллана” гэдгийг хэлсэн. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт хашаандаа амины орон сууц барих нөхцөлийг дэмжиж ипотекийн зээлд хамруулахаар тусгасан байгааг хэлсэн.

    Мөн нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн 83 настай Ц.Хумбаан, У.Намсрай Мөнхтогоо, Түмэнжаргал, 13-р хорооны иргэн М.Чимэд, мөн тус хорооны иргэн Енгэрэн зэрэг ахмадуудынхаа амар мэндийг асууж, санал бодлыг сонссон. Уулзсан өрх айл, хүн бүр нэр дэвшигч С.Батболд итгэл хүлээлгэж байгаагаа хэлэхийн хамт айл өрх, иргэн бүртээ хүрсэн зөв бодлого хэрэгжүүлж ажиллахыг түүнээс хүсч байлаа.

    Ингээд нэр дэвшигч С.Батболд айл өрхийн аж амьдралтай танилцсаны дараа орой 19 цагаас 23.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14-р хорооны сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

  • Сонгуульд ялах намын нэр дэвшигчийг дэмжинэ, яагаад гэвэл…

    Энэ үгийг Сүхбаатар дүүргийн сонгогчид нэр дэвшигч С.Батболдтой уулзах үеэр хэлж байлаа. Учир нь, энэ удаагийн сонгуульд хувь хүн, хувь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Зөвхөн ялсан намын мөрийн хөтөлбөр л хэрэгжих учраас сонгуульд ялах намын нэр дэвшигч С.Батболдыг дэмжинэ. Тэгж байж тойрогтоо ажил хийлгэнэ. Түүнээс бус ялагдах намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгч дүүргээрээ сөрөг хүчин болмооргүй байна гэдгийг Сүхбаатар дүүргийн сонгогчид өнөөдрийн уузалтын үеэр онцолж хэллээ. Ингээд УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хорооны сонгогчидтойгоо хийсэн уулзалтын сурвалжлагыг дэлгэрэнгүй хүргэе. Нэр дэвшигч С.Батболд эхлээд 12 дугаар хорооны айл өрхийн аж амьдралтай танилцаж, иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрийн биеэр гэрт нь очиж сонслоо.

    Сонгогчид Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд сургууль, цэцэрлэг байгуулж өгөхийг хүслээ

    Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд бие даасан сургууль, цэцэрлэг огт байдаггүй юм байна. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр 2012 онд тус дүүргээс УИХ-д сонгогдохдоо сургууль цэцэрлэг барина гэж амласан ч өдий хүртэл нэг ч сургууль, цэцэрлэг бариагүй гэдгийг тус хорооны иргэн Я.Раднаабазар нэр дэвшигчид учирлав. Тиймээс С.Батболд УИХ-д сонгогдож ирэх дөрвөн жил тус хорооны сургууль цэцэрлэгийн багтаамж, хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм.

    Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “МАН-ын мөрийн хөтөлбөрт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Тухайлбал Ерөнхий боловсролын сургуулиуд гурав биш хоёр ээлжээр хичээллэх орчныг бүрдүүлнэ. Мөн Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрт дүүрэг хороо бүрт нэг цэцэрлэг, нэг сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэдгийг онцолж хэлсэн. Нэр дэвшигч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Я.Раднаабазарынд зочилж, тэдний амьдралтай биечлэн танилцсан юм. Я.Раднаабазар эхнэр 9 хүүхдийн хамт амьдардаг байна. Хүүхдүүд нь их, дээд сургууль төгссөн ч ажлын байрны хүрэлцээ муу байгаагаас хөдөлмөрийн насны дөрвөн хүүхэд нь ажилгүй гэртээ ээж аавтайгаа байгаа аж. Хамгийн бага охин нь арван настай ч эхээс төрхдөө тархиндаа харвалт өгснөөс болж явж чаддаггүй байнгын асаргаанд байдаг бөгөөд эхнэрийнхээ тэтгэврийн мөнгөөр хоолтой хонож байгаагаа учирлаж байв. Я.Раднаабазар “хүүхдүүд маань бүгд ажилтай болчихвол амьдрал минь сайжирна” гэдгийг нэр дэвшигчид хэлэхийн зэрэгцээ ирэх жилүүдэд ажлын байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд анхаарал хандуулахыг хүсэв

    Дараа нь, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амьдарч буй Дорнод аймгийн угуул До.Ганхуяг гуайнд нэр дэвшигч С.Батболд зочиллоо. Нэр дэвшигч С.Батболд өөрөө Дорнод аймагт төрж, өссөн учраас До.Ганхуяг гуайтай нутаг орон, ээж аавынхаа талаар хуучилсан юм. До.Ганхуяг гуай таван хүүхэдтэй бөгөөд хүүхдийн нь хоёр нь ажил хийж, нэг нь ажилгүй, хоёр нь сургуульд сурдаг байна. До.Ганхуяг гуай орон сууцанд орох хүсэлтэй ч орлого нь хаана ч хүрэхгүй байгааг учирласан. Харин одоо байгаа хашааны газрыг нь дахин төлөвлөлтөд хамруулж орон сууцжуулах асуудал дөрвөн жил яригдаж байгаа ч ажил хэрэг болохгүй байгааг хэлсэн.

    Нэр дэвшигч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрээс 7 буудал хүртэл дулаан, бохир, цэвэр усны дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж хашаандаа амины орон сууц барьж, ипотекийн зээлд хамруулна гэдгийг хэлж байв.

    Жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ


    Хашаандаа хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бүтээлч айл өрх Сүхбаатар дүүргийн 12-р хороонд олон байна. Тухайлбал, цагаан шохойг хэвэнд оруулж бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийж зарж буй Д.Эрдэнэбаярын гэр бүлийнхэнтэй уулзлаа. Өөрөө, мөн эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй тэд хэний ч гар харалгүй өөрсдийн бизнесээ эхлүүлэн сайхан амьдарч байгааг нэр дэвшигчид хэлж байв. Харин бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй ч зээлд хамрагдаж чадахгүй байгааг хэлж байв. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Итгэлийн сан” байгуулж бизнес эрхлэгчдийг дэмжиж барьцаа хөрөнгөгүйгээр бага хүүтэй зээл олгох боломжийг бий болгоно гэдгийг нэр дэвшигч С.Батболд хэлсэн. Бизнес эрхэлж, ажлын байр нэмэгдүүлж буй иргэн, аж ахуйн нэгжийг зөв бодлогоор дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.

    Дараагийн зочилсон хөдөлмөрч айл бол Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амьдран суудаг Х.Батнасангийнх. Эднийх хоёр хүүхдийнхээ хамт хашаандаа гурван бүлээрээ амьдардаг аж. Хүүхдүүд нь барилга заслын ажил хийдэг болохоор 48 ам мерт бүхий байшингаа сайхан тохижуулж, тухтай сайхан амьдарч байгааг хэлж байв. Нэр дэвшигч С.Батболд цаашид гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг дэмжиж хашаандаа орон сууц барьж, тухтай орчинд амьдрах айлууд олон болох ёстой гэдгийг хэлсэн.

    Нэр дэвшигчийг Сүхбаатар дүүргийн 12-р дугаар хорооны айл өрхүүдээр орж, аж амьдралтай нь танилцах үеэр ажилгүй, орлогогүй хүнд нөхцөлд амьдарч байгаагаа аминчлан хэлж байсан иргэн олон байсныг энд дурдах ёстой. Сонгогчид нэр дэвшигч С.Батболдод ард иргэддээ ажилтай болгохын төлөө зөв бодлого хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулахын хамт түүнд амжилтыг хүслээ.

    Ингээд нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн 12-р хорооны айл өрхийн аж амьдралтай танилцсаны дараа үдээс хойш 15.00 цагаас 23.00 цаг хүртэл Сүхбатар дүүргийн 11, 12, 13, 14-р хорооны сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

  • С.Батболд: Иргэн бүр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй авах тогтолцоог бий болгоно

    УИХ-ын сонгуулийн 61-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргийн 12, 13, 14-р хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар санал бодлоо хуваалцлаа.

    Цалин тэтгэврийг жил бүр үе шаттай нэмнэ

    Уулзалтын үеэр Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн Цэцэгмаа хэлэхдээ “Амьдрал маань өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд дээшлэх биш дордлоо. Би 2009 онд 54 мянган төгрөгийн халамжийн тэтгэврийг авдаг байлаа. Ингээд С.Батболдын Засгийн газар гурван жил ажиллахдаа цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр авдаг болсон. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд миний тэтгэвэр 21 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Өрх толгойлсон 11 хүүхэдтэй надад 221 мянган төгрөгийн тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй байна. Улсын өр л улам нэмэгдэж, ард түмний амьдрал дордож, ажилгүй хүний тоо өссөөр байна. Ирэх дөрвөн жил зөв бодлогоор энэ хүндрэлээс гарч, ард түмнийхээ амьдралыг өөд нь татахын төлөө ажиллаарай” гэж нэр дэвшигч С.Батболдоос хүслээ.

    Энэ сонгуульд МАН олонхи болж, Засгийн газрыг тэргүүлбэл, цалин тэтгэврийг жил бүр үе шаттай нэмнэ гэдгийг нэр дэвшигч сонгогчиддоо хэлсэн. Мөн ахмадуудад зориулан “Насны хишиг” хөтөлбөр хэрэгжүүлж, 70-аас дээш насныханд үндсэн тэтгэвэр дээр нэмэлт тэтгэвэр өгдөг болно гэдгийг онцолж хэлсэн юм.

    Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн гол тулгуур нь боловсролтой, эрүүл монгол хүн


    Мөн улсаа эдийн засгийн хямралаас гаргах зөв бодлогыг хэрэгжүүлж, мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана гэдгийг тодотгов. 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал болж Монгол Улсын эдийн засаг хасах нэг хувьд хүрч байсан хүнд үетэй С.Батболдын Засгийн газар нүүр тулж байсан. Тэр хүндрэлийг зөв бодлого хэрэгжүүлж давж гарсан туршлага нэр дэвшигч С.Батболд бий. Өнөөгийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, улсаараа, ард иргэдээрээ өрийн дарамтад орж, хүнд үе ирж байгааг нэр дэвшигч иргэдэд сануулсан. Тиймээс энэ хүнд үед тогтвортой бодлого хэрэгжүүлж, фракц, бүлэглэлийн эрх ашгийн төлөө биш, нийт монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах тулхтай нам, туршлагатай улстөрчийг сонгох хэрэгтэй гэдгийг сонгогчдод уриалав. Сүхбаатар дүүргийн сонгогчдын хувьд нэр дэвшигч С.Батболдын Монголын төрд ажилласан туршлага, мэдлэгт итгэж байгаагаа илэрхийлж, түүнд амжилт хүсч байв.

    Сүхбаатар дүүргийн 61-р тойрогт нэр дэвшигч С.Батболд “МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай намын хувьд зорилтод бүлгийнхэнд чиглэсэн халамжийн бодлогоор дэмжиж дундаж давхаргатай иргэдийг бий болгоно. Тиймээс зорилтод бүлэгт чиглэсэн халамжийн бодлогыг үргэлжлүүлнэ” гэдгийг онцолсон. Мөн иргэн бүртээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй хүргэдэг тогтолцоог бий болгохын төлөө ажиллана гэв. Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн гол тулгуур нь боловсролтой, эрүүл монгол хүн гэдгийг онцолж, хүн ардынхаа боловсрол, эрүүл мэндэд анхаарах ёстой гэсэн юм.

    МАН-ын мөрийн хөтөлбөрт эдийн засгийн хямралаас үе шаттай гарч, иргэн бүртээ хүрсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Тухайлбал, хүүхэд бүртээ ялгаварлалгүйгээр хүүхдийн мөнгө олгож, “цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж хүүхэд төрүүлсэн эхийн НДШ-ийг таслахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хүүхэд төрүүлж өсгөх бүрт ээжүүдийн ажилласан хугацааг 1.5 жилээр тооцох эрх зүй орчныг бүрдүүлнэ. Ажлын байр шинээр бий болгож буй аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжиж, шинээр татвар бий болгохгүй зэрэг иргэн бүрийн амьдралд чиглэсэн асуудлыг ажил хэрэг болгож ажиллана гэдгийг сонгогчдод хэлж байв.

  • С.Батболд: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ

    УИХ-ын сонгуулийн 61-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Багануур дүүрэгт ажиллалаа. Нэр дэвшигчийн Багануурын сонгогчидтойгоо санал бодлоо хуваалцах уулзалт өглөөний нар мандахтай зэрэгцэн эхэлж, хамгийн сүүлийн уулзалт нар жаргах үед өндөрлөлөө.

    Багануурчууд С.Батболдод итгэж байгаагаа илэрхийллээ


    Нэр дэвшигч С.Батболд эхлээд Багануурын “Цахилгаан түгээх сүлжээ компанийн ажилчидтай уулзав. Дараа нь Багануур дүүргийн тавдугаар хорооны сонгогчидтойгоо уулзалт хийсэн юм. Нэр дэвшигч уулзалтын эхэнд улс орны маргаашийн төлөө чухал сонголт хийх өдөр ойртож байгааг сануулж, иргэдийг зөв сонголт хийхийг уриаллаа. Мөн улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед сонгогчид намуудын мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж, тулхтай нам, туршлагатай хүнийг сонгох хэрэгтэй гэсэн юм.

    “Багануур дүүргийг дөрөв хувааж, хорооны хэмжээнд үнэлж болохгүй. Цаашид Багануур дүүргийг хотын статустай болгож, дэд бүтцийн бааз суурьд тулгуурлан аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгийг нэр дэвшигч С.Батболд хэлсэн. Мөн нэр дэвшигч С.Батболд Монгол Улсын 26 дахь сайдаар ажиллаж байхдаа гаргасан Багануурт их сургуулиудын хотхон байгуулах шийдвэрээ ажил хэрэг болгож ажиллана гэдгийг сонгогчиддоо хэлсэн юм. Багануур дүүргийн тавдугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдийн дэд бүцтийн асуудлыг шийдэж, хашаандаа амины орон сууцанд амьдрах нөхцөлийг бий болгож, ипотекийн зээлд хамруулах боломжтой гэдгийг онцоллоо.

    Багануур дүүргийн тавдугаар хорооны сонгогчид нэр дэвшигч С.Батболдод итгэж байгаагаа илэрхийлж, түүнд амжилт хүсч байлаа. Мөн өмнө ажиллаж байсан туршлага, мэдлэг боловсролоо дайчилж өнөөгийн улс төр, нийгмийн хүнд байдлаас гаргахыг хүсч байв.

    М.Энхболд: С.Батболд бол туршлагатай, мэдлэгтэй улстөрч


    Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэдтэй уулзсаны дараагаар дүүргийн “Соёлын төв”-д МАН-ын дарга Миеэгомбын Энхболд Багануур дүүрэгт УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг дэмжиж уулзалт зохион байгууллаа.

    МАН-ын дарга Багануур дүүргийн сонгогчидтой уулзах үеэр “МАН энэ сонгуульд зайлшгүй амжилттай оролцох ёстой. Хүний амьдралын үе шат болгонд ямар бэрхшээл, асуудал тулгарч байгааг тодорхойлж, түүнийг хэрхэн шийдэх аргаа нэг бүрчлэн тусгасан мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгогчиддоо хүргүүлсэн. МАН сонгогч олны итгэлийг хүлээж, Засгийн эрхийг авч чадвал юун түрүүнд Монгол төрийн үйл ажиллагааг цэгцтэй, нэгдсэн бодлоготой болгож, Мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана. Улс орноо өрнөөс, эдийн засгаа хямралаас гаргана” гэлээ. Эдийн засаг, улстөрийн энэ хүнд үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд, Хууль зүйн сайд асан Э.Мөнх-Оргил, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нар шиг туршлагатай улстөрчид Монголын төрд хэрэгтэй байна. Тиймээс МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй. МАН-ын ялалтад Багануурчуудын сонголт маш чухал.Энэ удаагийн сонгуульд Монголын ард түмэн ялах ёстой” гэлээ.

    Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлж, цалинг үе шаттай нэмнэ


    Дараа нь нэр дэвшигч С.Батболд Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч ажилчидтай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтын эхэнд нэр дэвшигч С.Батболд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй ажилладаг эмч нарт талархал илэрхийлсэн юм. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг жил бүр үе шаттай нэмэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан гэдгийг С.Батболд эмнэлгийн ажилчдад танилцуулав. Мөн жил бүр аймаг, дүүрэг бүрээс 20 эмч мэргэжилтэнг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургахаар тусгасан байгааг хэлж байлаа.

    Бизнес эрхлэгч 1.5 төгрөгөөс бага орлоготой бол албан татварыг 1 хувь болгоно

    Дараа нь Багануур дүүргийн тавдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Багануур эсгий” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Уг компани нь нийт 20 гаруй хүнийг тасралтгүй ажлын байраар ханган ажиллаж байна. Эдийн засаг хүнд үед олон иргэнийг ажлын байраар хангаж, цалинтай, орлоготой байлгаж байгааг нь нэр дэвшигч сайшааж байв. Бизнесийн үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжиж, 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжээс нэг хувийн татвар авах нөхцөлийг бүрдүүлж, төрийн хүнд суртлыг багасгана гэдгийг хэлж байв. Мөн бизнес эрхлэгчдэд зориулан “Итгэлийн сан”-г байгуулж, барьцаа хөрөнгөгүйгээр бага хүүтэй зээл олгох нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэдгийг С.Батболд нэр дэвшигч хэлсэн. Өрхийн болон жижиг дунд бизнесийг зээл болон татварын бодлогоор дэмжсэнээр ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл буурах боломжтой гэдгийг нэр дэвшигч С.Батболд онцоллоо.

    “Багануур эсгий” компанийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Багануурт дүүрэгт амьдардаг 21 аймгийн сонгогчдийн төлөөлөлтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлоо солилцов.

  • С.Батболд: Өнөөдрөө дүгнэж чадсан нь маргаашийнхаа төлөө зөв шийдвэр гаргана

    УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд тойргийнхоо сонгогч дэмжигчидтэйгээ уулзлаа. Улаанбаатар хотод сүүлийн хоёр өдөр бороо орж, Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хорооны зарим айл өрхүүд үерт автаж, маш хүнд орчинд амьдарч байна. Эдгээр айл өрхийн иргэдтэй нэр дэвшигч С.Батболд уулзаж, сэтгэлийн дэм өгч, холбогдох албаныханд шаардлага тавьж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

    Гурван хүн тутмын нэг нь арилжааны зээлийн дарамтад амьдарч байна

    Сүүлийн хоёр өдөр Улаанбаатар хотод хэдий тасралтгүй бороо орж байгаа ч нэр дэвшигч С.Батболд болзсон цагтаа Сүхбаатар дүүргийнхээ сонгогчидтойгоо уулзсаар байна. Нэр дэвшигч өнөөдөр үерт автсан айл өрхүүдийн байдалтай танилцсаны дараагаар Сүхбаатар дүүргийн 11, 12, 13 дугаар хорооны сонгогчидтойгоо уулзлаа. Нэр дэвшигч С.Батболд иргэдтэй уулзах үеэр өнөөгийн нийгэм эдийн засгийн байдлыг тоймлон ярилаа. Тэрээр “Маргаашийн төлөө шийдвэр гаргахын тулд өнөөдрийг заавал дүгнэж ярих ёстой. Өнөөдрөө дүгнэхийн тулд өчигдрийг ярих ёстой” гэлээ. Өнөөдрийн Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал нийтээрээ хүнд, улс маань өрөнд орж, ард иргэд маань ажилгүй орлогогүй байгааг нэр дэвшигч С.Батболд сонгогчдод хэлж байв. Одоогоос дөврөн жилийн өмнө цалин тэтгэврээ нэмдэг, иргэд нь ажилтай орлоготой байсан. Монголын Улсын эдийн засаг түүхэнд хамгийн өндөр 17.5 хувиар өсч байсан. Харин өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд цалин, тэтгэврээ нэмээгүй, ажилгүй орлогогүй иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэж, иргэд нь зээлийн дарамтад амьдарч байгааг сануулав. Тухайлбал, өнөөдөр тэтгэврийн насны арван хүн тутмын найм нь тэтгэврийн, ажил эрхэлж байгаа гурван хүн тутмын хоёр нь цалингийн, хоёр малчны нэг нь малчны зээлтэй амьдарч байгааг хэлэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван иргэн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар зээлтэй амьдарч байгаа аж. Мөн Монгол Улс гаднаас авсан зээлийн өрийн хүүгийн төлбөрт жилд 970 тэрбум төгрөг төлж байна. Гадаадын зээлийн хүүд төлж байгаа мөнгөөр цалин, тэтгэврээ 300-350 мянган төгрөгөөр нэмэх, 1000 цэцэрлэг, 300 сургууль барих мөнгө юм.

    Нэр дэвшигч С.Батболд өнөөгийн эдийн засгийн байдал хүнд байгаа нь дээр дурдсан үзүүлэлтээр жишээлж тайлбарлав. Харин эдийн засгийн энэ бүх хүндрэл нь эрх барьсан АН-ын бодлогын алдаа, фракцын зөрчлөөс эхтэй гэдгийг нэр дэвшигч С.Батболд хэлсэн юм. Тиймээс маргаашийнхаа төлөө зөв шийдвэр нь буруу бодлогыг засах, эдийн засгаа өрнөөс, хямралаас гаргахад чиглэнэ гэдгийг онцолж хэллээ. Мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллаж, иргэд өр зээлийн дарамтаас гаргаж, цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх юм байна. Мөн иргэн бүрээ ажилтай орлоготой амьдруулахын тулд иргэн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг онцолж хэлсэн юм.

  • С.Батболд: Иргэн бүрийн амьдралыг бодож аливаа ажлыг судалгаатай, чанартай хийх ёстой

    УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын тойргийнхоо сонгогчидтойгоо санал бодлоо хуваалцах уулзалт үргэлжилсээр байна. Нэр дэвшигч С.Батболд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13 хорооны үерт автсан айл өрхүүдийн нөхцөл байдалтай шуурхай танилцлаа. Мөн тус дүүргийн 11 хорооны ахмадуудтай уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал солилцлоо. Ингээд уулзалтын дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байна.

    11 сая төгрөгөөр барьсан ус зайлуулах хоолой, далан 10 минут орсон бороонд нуржээ

    Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Хангай-23, Ногоон талбайн 1-7, Аршааны 1-16 гудамжны айлууд урьд шөнийн орсон борооноос болж үерт автжээ. УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд үер автсан өрхүүдийн байдалтай газар дээр нь очиж танилцаж, иргэдийн санал бодлыг хуваалцаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан юм.

    Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны төв замын зүүн хэсэгт 20 орчим хоногийн өмнө үерийн ус зайлуулах хоолой, далан барьсан ч урьд шөнийн орсон бороонд үерийн ус зайлуулах хоолой эвдэрч, далан нурсан байдалтай байв. Уг хороонд нийт 11 сая төгрөгөөр далан болон үерийн ус зайлуулах хоолойг саяхан барьжээ. Гэтэл 10 минут орсон ширүүн борооноор далан нурснаас болж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг өрхүүдийн 80 гаруй хувь нь үерт автаад байна. Нэр дэвшигч С.Батболд үерийн ус зайлуулах хоолой, далан барих ажлыг чанаргүй гүйцэтгэсэн компанид хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг сануулав. Мөн нийслэлийн холбогдох албан тушаалнуудад энэ талаар шаардлага хүргүүлж, иргэдийн хохироохгүй байх ёстой гэдгийг нэр дэвшигч хэлсэн юм.

    Инженерийн тооцоо судалгаагүй бага хүчин чадалтай ус зайлуулах хоолой тавьснаас болж их хэмжээний усархаг бороо ороход үерийн далан, хоолой эвдэрч өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэд хүнд нөхцөлд амьдарч байгаа аж.

    Нэр дэвшигч С.Батболд “аливаа зүйлийг жижиг том гэлтгүй судалгаа шинжилгээ, тооцоотой хийх ёстой. Дүүрэг, хороонд хийгдэж байгаа дэд бүтцийн ажлууд чанар муутай байгаагийн илрэл. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд хийсэн үерийн ус зайлуулах хоолой, далангийн ажил маш муу хийгдсэн байна. Иргэн бүрийнхээ амьдралыг бодож тооцоотой, судалгаатай чанартай ажил хийх ёстой” гэдгийг онцолж хэллээ. Иргэдийг тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж үерийн далангийн асуудлыг шийдвэрлэх шаардлагыг холбогдох хүмүүст нь тавина гэдгийг хэлээ.

    Нэр дэвшигч С.Батболдыг 13 дугаар хороонд очих үед иргэд гэрт нь тогтсон усыг саваар зөөж гаднах гудамжиндаа асгаж байв. Зарим айлын хашаа нурж, заримынх нь хашаа тэр чигтээ усанд автсанаас болж цахилгааны утас нь тасарсан байдалтай байв. Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо нам газарт байрладаг учраас уерт автсан зарим айлын бохир хальж, бохир сорих машин дуудаж соруулж байлаа. Иргэдийн хувьд гэртээ суух ч газаргүй болтлоо усанд автсан байгааг учирласан юм. Бороо үргэлжлэн ороод байвал гэртэйгээ хамт үерт урсах дээрээ тулаад байна гэдгийг Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэд нэр дэвшигч С.Батболдод хэлж байв.

    Ахмадууд түрээсэлж байгаа орон сууцаа өмчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

    Үерт автсан айл өрхүүдийн байдалтай танилцсаны дараагаар нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ахмадын хотхон”-ы ахмадуудтай уулзаж ярицлаа. Тус хороонд Сүхбаатар жанжины зээ хүү Ц.Хүрэлсүх амьдардаг бөгөөд нэр дэвшигчийг уулзалт зохион байгуулах сургаар өөрийн биеэр хүрэлцэн ирж сонгуулийн ажилд нь амжилт хүслээ. Ц.Хүрэлсүх гуай есөн хүүхэдтэй бөгөөд өдгөө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд энх тунх сайхан амьдарч байна. Тэрээр С.Батболдыг улс орны эдийн засаг болон улсийн хүнд байдлаас гаргах чадвартай хүн гэдэгт итгэж байгаагаа хэлж, түүнд амжилт хүсэв.

    Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах “Ахмадын хотхон”-д амьдарч буй ахмадууд тус байрыг түрээсэлж амьдардаг юм байна. Харамсалтай нь, байр түрээсэлж байгаад тухайн өндөр настай ахмадууд насбарсан бол шууд дараагийн түрээслэгчид шилжүүлдэг юм байна. Ахмадууд түрээсэлсэн байраа өмчлөх хүсэлтэй байгааг нэр дэвшигчдэд учирласан. Нэр дэвшигч С.Батболд сонгуульд ялалт байгуулбал заавал эргэн ирж, ахмадуудын асуудлыг шийдэж өгнө гэдгийг хэллээ.

    Дараа нь Сүхбаатар дүүргийн 11 хорооны нийт сонгогч дэмжигчидтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Ажил тарсны дараагаар зохион байгуулсан учраас сонгогчид олноор цугласан байв.

  • С.Батболд: Хашаандаа амины орон сууц баривал ипотекийн зээлд хамруулна

    Гэр хороололд эхлээд дэд бүтэц татахын төлөө ажиллана

    УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатарын дүүргийн 11, 12, 13, 14 хорооны сонгогчидтойгоо санал бодлоо солилцож, мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт үргэлжилж байна. Нэр дэвшигч С.Батболд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11, 12, 13 хорооны иргэд, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Сонгогчид ажлын байрны хүрэлцээ муу, амьдрах орчин нөхцөл хүнд байгааг нэр дэвшигчид учирласан. Тухайлбал, дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байгаагаас газаргүй, амьдрах гэр оронгүй болсон олон иргэн байгаа ажээ. Сүхбаатар дүүрэгт дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажил ерөнхийдөө зогсонги байдалд байгаа аж. Тиймээс гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах, тав тухтай орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэхийг нэр дэвшигч С.Батболдоос сонгогчид нь хүслээ. Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 7 буудал хүртэлх дэд бүтцийн асуудлыг шийдэж, магистраль шугам сүлжээ татах төлөвлөгөөгөө ажил хэрэг болгож хэрэгжүүлнэ” гэдгийг хэлж байв. Гэр хорооллын дэд бүцтийн асуудлыг эхэлж шийдсэнээр дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, мөн иргэд өөрийн хашаандаа амины орон сууц барих боломж бүрдэнэ гэдгийг тодотгов. МАН-ын мөрийн хөтөлбөрт хашаандаа амины орон сууц барьсан иргэдийг дэмжиж, ипотекийн зээлд хамруулахаар тусгасан байгааг нэр дэвшигч хэлж байв.

    Сонгогчид нэр дэвшигчээс ажилгүйдлийг бууруулж, ажлын байрны хүрэлцээг нэмэгдүүлж, улс орноо хямралаас гаргахыг хүсч байлаа. Нэр дэвшигч С.Батболд “Ажилгүйдлийг бууруулж, эдийн засгаа хямралаас гаргах цогц бодлогыг хэрэгжүүлж, Мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана гэдгийг хэлэв.

    Өрхийн аж ахуй бичил бизнесийг дэмжиж татвараас хөнгөлнө


    Дараа нь нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Тод оймс” компанийн ажилчидтай уулзсан юм. “Тод оймс” компани нь 2011 онд анх зургаан ажилтантай үйл ажиллагаа эхлүүлсэн бол өдгөө 50 гаруй иргэнийг ажлын байраар хангаж, дотоодынхоо оймсны хэрэглээ хангаж, гадаадад ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлож, үйл ажиллагаа өргөжүүлсэн байна.

    Тус компанийн ажилчдын 90 гаруй хувь нь Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороонд амьдардаг байна. Сүүлийн хоёр жил эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, орлого багасч, татварын дарамт хүндээр тусч байгааг “Тод оймс” компанийн менежер Б.Ууганбаяр нэр дэвшигч С.Батболдод учирлав.

    Нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн олон иргэнийг ажилтай, орлогтой амьдралаа авч явахад дэмжлэг болж буй тус үйлдвэрийн нийт ажилчдад талархаж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Мөн тэрээр “ Ажилгүй байгаа иргэдээ ажилтай болгохын төлөө ажиллана” гэдгийг хэлж байсан юм. Ингэхдээ нэр дэвшигч С.Батболд ирэх жилүүдэд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж ажиллах талаар гурван зүйлийг МАН-ын мөрийн хөтөлбөрөөс тодотгож хэлсэн юм. Нэгдүгээрт, төрийн хүнд суртлыг багасгаж, ажил хийж байгаа хүнийг дарамталдаг биш, дэмжиж ажиллана. Хоёрдугаарт, бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжээ татварын бодлогоор дэмжинэ. Шинээр татвар бий болгохгүй, нэмэхгүй байхаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжээс нэг хувийн татвар авах орчныг таатай болгоно. Татварын хөнгөлөлт үзүүлснээр компанийн ашиг нэмэгдэж, ажилчдын цалин, нийгмийн асуудлыг шийдэж, үйлдвэрлэл өргөжих боломжтой болно. Гураддугаарт, хувиараа жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгоно. Ингэхийн тулд “Итгэлийн сан” байгуулж тэндээс бизнес эрхлэгчдэд зээл олгох нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг нэр дэвшигч С.Батболд онцоллоо.

  • С.Батболд: Хямралд өртөөгүй нэг ч монгол хүн байхгүй

    ИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд дүүргийнхээ иргэд, сонгогчидтойгоо санал бодлоо хуваалцах уулзалт үргэлжилж байна. Нэр дэвшигч С.Батболд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны сонгогчидтой уулзаж, санал бодлоо солилцлоо. Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 , 13, хороо бол нийслэлийн дахин төлөвлөлтөд хамрагдах хотын төвд байршилтай бүс юм. Тус хорооны иргэдийн газрыг дахин төлөвлөлтөд хамруулж, орон сууцжуулна гэж Хотын захиргаанаас ярьдаг ч өдий хүртэл бодит ажил хэрэг болоогүй байна. Тиймээс цаашид дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхдээ иргэдийг хохироохгүй, газрыг нь илүү цэнэтэй болгохын төлөө хичээж ажиллана гэдгийг нэр дэвшигч С.Батболд сонгогчдод хэлж байв. Мөн иргэдийг хашаандаа амины орон сууц барих нөхцөлийг дэмжиж, ипотекийн зээл олгох боломжийг мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа бөгөөд МАН УИХ-д олонхи болж иргэдээ орон сууцжуулах ажлыг үе шаттай зохион байгуулах боломж бий гэдгийг хэлсэн.

    Сүхбаатар дүүргийн 11 хорооны иргэдийн хувьд дахин төлөвлөлтийн асуудлаас гадна ажлын байрны хүрэлцээ муу, ажилгүйдлийн асуудал хүнд байгааг нэр дэвшигч С.Батболдод учирлав.

    Нэр дэвшигч С.Батболд “өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын эдийн засгийн байдал хүндэрч, ажилгүй иргэдийн тоо өссөөр байгаа нь үнэн. Эрх баригч намын буруу бодлого улс орныг засаглалын хямралд оруулж, өнөөдөр иргэдийн ажил амьдралд сөргөөр нөлөөлж байна. Ажилтай байсан нь ажилгүй, зээлгүй байсан зээлтэй, орлоготой байсан нь орлогогүй болж улсаараа өрөнд орлоо. Өнөөгийн эдийн засгийн хямралд өртөөгүй нэг ч монгол хүн байхгүй. Монголчууд нийтээрээ тэтгэврийн, цалингийн, малчны зээлтэй, улс нь гадаад зээлийн хүүгийн дарамтад орсон. Жилд гаднаас авсан зээлийн хүүнд 1000 цэцэрлэг, 300 сургууль барих мөнгийг төлж байна. Бид ирэх дөрвөн жилд улс орноо хямралаас гаргаж, иргэддээ ажилтай, орлоготой болгох шаардлага зайлшгүй тулгарч байна” гэлээ.

    Эдийн засгийг хямралаас гаргаж, мэргэжлийн газар байгуулж, ажилгүйдлийн асуудлыг шийдэх олон асуудлыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа аж. Тухайлбал, өрхийн аж ахуй болон бизнес эрхлэгчдийг дэмжиж “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална гэдгийг хэлсэн. Тодруулбал, барьцаа хөрөнгөгүйгээр бизнес эрхлэгчдэд зээл болгох боломжийг бий болгохоор тусгасан байна.

    Уулзалтын төгсгөлд Сүхбаатар дүүргийн 11 хорооны сонгогчид нэр дэвшигч С.Батболдод дөрвөн жилийн өмнө уг хороонд өөрийн хөрөнгөөр худаг байгуулж өгсөнд үргэлж талархаж явдаг гэдгээ илэрхийлж, амжилт хүслээ. Уг худаг нь Сүхбаатар дүүргийн 11, 12 хорооны иргэдийн ундны усаа хангах гол эх үүсвэр болсон гэдгийг сонгогчид хэлсэн юм.

    Сүхбаатар дүүргийн Увс аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд С.Батболдыг дэмжихээ илэрхийллээ


    Дараа нь нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүрэгт ажиллаж, амьдарч буй Увс аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр Увс аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд Сүхбаатар дүүргийн 61 тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Батболдыг дэмжихээ илэрхийлсэн юм. Мөн Увс аймгийн угуул, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж уулзалтад хүрэлцэн ирж нутгийнхандаа хандаж нэр дэвшигч С.Батболдыг дэмжихийг уриалж үг хэлсэн юм.

    Ц.Нямдорж: С.Батболд бол Монголын төрд том гавьяа байгуулсан хүн

    УИХ-ын гишүүн Ц. Нямдорж хэлэхдээ “С.Батболд бол Монголын төрд том гавьяа байгуулсан хүн. ОХУ-д төлөх “Их өр”-ийг тэглэх арын албыг хариуцсан гол хүний нэг нь Сүхбаатарын Батболд байсан. Монгол Улсын эдийн засгийг түүхэнд хамгийн өндөр хувиар өсгөсөн Ерөнхий сайд байсан хүнийг дэмжихийг та бүхэндээ уриалж байна. Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн байдал хүндэрч байна. Манай улс Украины араас явж байна. Сонгогч та бүхэн зөв сонголт хийж улс орноо босгомоор байна. Энэ сонгууль эх орон тусгаар тогтнолын төлөө сонгууль болох ёстой. Улсынхаа төлөө бүгдээрээ зөв сонголт хийцгээе. Хямралыг давсан туршлага МАН-д, С.Батболдод байна. С.Батболдын төлөө саналаа өгөөрэй гэж дахин хүсмээр байна” гэлээ.

  • С.Батболд: Оюунлаг, бүтээлч залуустаа тулгуурлан хөгжинө

    МАН-аас УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт нэр дэвшиж буй Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргийн XII хорооны залуус, эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцлаа.

    Уулзалтын эхэнд нэр дэвшигч С.Батболд “Сонгууль бол цаасан дээр нэр дугуйлаад хар машинаар уншуулах төдий зүйл биш юм. Ирээдүйнхээ төлөө чухал сонголт хийх түүхэн агшин юм” гэдгийг хэлээд залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцож, хариуцлагатай сонголт хийхийг уриаллаа.

    Залуустай хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигч С.Батболд гурван зүйлийг онцолж ярьсан юм.

    Нэгдүгээрт боловсролын салбарыг дэмжиж, сайн боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байгааг нэр дэвшигч С.Батболд онцолсон. Залуусын хувьд заавал их дээд сургууль төгсөхдөө биш чадвартай боловсон хүчин болж төлөвших нь чухал гэдгийг хэлээд сурсан мэргэжилдээ эзэн болох ёстойг залууст захиж хэлсэн юм. МАН-ын мөрийн хөтөлбөрт залууст чиглэсэн олон чухал асуудлыг тусгасныг тэрээр тодотголоо. Тухайлбал, оюутнуудад зориулж “Боловсролын зээлийн сан” байгуулж, их дээд сургуульд суралцах хугацаанд оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгож, эргээд сургуулиа төгсч ажилд орсныхоо дараа зээлээ төлж болох боломжийг мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа юм. Мөн “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж сурангаа цагийн ажил хийх боломжийг олгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг С.Батболд нэр дэвшигч онцолж ярив.

    Хоёрдугаарт, ажилгүйдэл, ажлын байрны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг тэрээр онцолсон юм. Төр засаг ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэхийн тулд улсын хэмжээний томоохон төслөө дэмжиж, нарийн мэргэжлээр төгссөн залуусыг ажлын байраар хангах боломжтой болно. Мөн жижиг дунд бизнес, өөрөө өөртөө ажлын байр бий болгох иргэн, аж ахуйн нэгжийг тусгай бодлогоор дэмжиж ажилласнаар ажилгүйдлын асуудлыг шийдэх бүрэн боломж байгааг нэр дэвшигч С.Батболд хэлж байв. Ажилгүйдлийн асуудлыг шийдэхийн тулд ажлын байраа нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжийг татвараас хөнгөлж, жилийн орлого нь 1.5 тэрбумаас бага бол татварыг нэг хувь болохоор МАН-ын мөрийн хөтөлбөрт заасан байна. Мөн бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж иргэнд барьцаа хөрөнгөгүйгээр зээл ойлгох боломжийг бүрдүүлэхээр тус тус тусгажээ.

    Гуравдугаарт, залуучуудын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилтай орлоготой залуусыг орон сууцаар хангах боломжийг ирэх дөрвөн жилд зөв бодлогоор дэмжиж эхлүүлнэ гэлээ.

    Ингээд Сүхбаатар дүүргийн залуустай уулзсаны дараагаар дүүргийнхээ Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүдтэй уулзаж ярилцлаа. Монгол Улсын нийт хүн амын 55 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох чухал гэдгийг нэр дэвшигч С.Батболд онцолж хэлсэн. Тэрээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг санаачилж, батлуулсан юм. Ингэснээр УИХ-ын сонгуульд улстөрийн намаас нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх заалтыг бодлогоор дэмжиж батлуулснаа онцлов. Мөн тэрээр шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжинэ гэдгээ илэрхийлж байв. Мөн нэр дэвшигч С.Батболд намын мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүд, эхчүүд дэмжсэн олон чухал ажил багтсан гэдгийг хэлсэн. Тухайлбал, хүүхэд төрүүлсэн эхчүүд хүүхдээ өсгөх хугацааг 1.5 жилээр тооцож, “цалинтай ээж” хөтөлбөрт хэрэгжүүлэх тусгасан байна. Мөн хүүхдээ 3 нас хүртэлх асрах хугацаанд ээжүүдийн Нийгмийн даатгал төлсөн хугацааг таслаахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

    Нэр дэвшигч С.Батболдыг дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзах үеэр МАН-ын гишүүн Т.Ганди нэр дэвшигчийг дэмжиж үг хэлсэн юм. Т.Ганди “МАН-ын мөрийн хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэх тулд бид хөлтэйгээ цуг ажиллах ёстой. УИХ хууль тогтоох учиртай. Хууль тогтоох байгууллагын, Монгол Улсын хөгжлийн галт тэрэгний зүтгүүрийн толгойд суусан хүний нэг С.Батболд. Энэ замаасаа гарч, амиа бодож болохгүй, өөр вагонд сууж болохгүй. Өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан, эдийн засгаа өндөр хувиар өсгөж улсынхаа бодлогыг томоор нь харж байсан хүн л бодлогыг хэрэгжүүлж чадна” гэлээ.

  • Багануурыг дөрөв байтугай дөч хуваасан ч сонголтондоо үнэнч байна гэдгээ сонгогчид илэрхийлэв


    УИХ-ын сонгуульд Сүхбаатар, Багануур дүүрэгт нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Багануур дүүргийн сонгогчидтойгоо уулзлаа. Тэрээр Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэн, бизнес эрхлэгчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сонгогчдын санал бодлыг сонссон юм.

    Нэр дэвшигч С.Батболд иргэдтэй уулзах үеэр ирэх дөрвөн жилд Багануурт дүүрэгт хийж, хэрэгжүүлэх ёстой хэд хэдэн зүйлийг чухалчлан ярьсан юм. Тэдгээрээс онцолбол, УИХ-д сонгогдвол Багануур дүүргийг хотын статустай болгох ажлыг эрчимжүүлж, бодит ажил хэрэг болгоно гэдгээ хэллээ. Багануур дүүргийн дэд бүтцийг хөгжүүлж хотын статустай болгох бүрэн боломж байгааг нэр дэвшигч онцолсон юм. Ардчилсан намынхан өнгөрсөн дөрвөн жилд Багануур дүүргийг хот болгоно гэж амласан ч, бодит амьдрал дээр хот байтугай хорооны хэмжээнд үнэлж, Багануур дүүргийг сонгуулийн дөрвөн тойрогт хуваасан гэдгийг мөн дурдлаа.

    Багануурын сонгогчид ч уулзалтын үеэр Багануур дүүргийг дөрөв хуваасан явдалд сэтгэл эмзэглэж явдгаа нэр дэвшигч С.Батболдод учирлав.

    “Би эх оронтойгоо баймаар байна”


    -Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэн Н.Хавалхаан: Ерөнхий сайд асан С.Батболд УИХ-д сонсогдож, Багануур дүүргийг хот шиг хот болгох хэрэгтэй. Өнөөдөр Багануур дүүргийг дөрвөн хэсэгт хуваагдчихаад байна. Уг нь хаяанд байгаа Налайх, Багахангай, Баганууртай нэг тойрог болгож болох л байсан. Энэ дүүрэг, бүс нутгаас УИХ-д заавал нэг төлөөлөл байх ёстой. Ард түмэн одоо АН-д хууртахаа больё, сонголтоо зөв хийцгээе. Улс орон дааж давшгүй өрөнд орж, ард түмний амьдрал хэцүү, ядуурч зовох нь одоо дүүрч гэж бодъё. Харин энэ их өрөндөө Монгол Улсынхаа газар нутгаа битгий наймаанд тавиарай гэж хүсч байна. Улсаа “Их өр”-өөс гаргаж байсан туршлагатай МАН-аас нэр дэвшигч С.Батболдод би саналаа өгнө. Би эх оронтойгоо баймаар байна.

    Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэн Э.Энхтуяа: Өнгөрсөн жил АН-ынхан Багануур дүүргийг хот болгон зарлаж Хотын захирагчаа сонгох сонгууь болсон. Харамсалтай нь, АН Багануурын хот болгоно гэж зарлачихаад сонгуулиар хорооны хэмжээнд үнэлж дөрвөн хэсэг хуваалаа. Ард түмнээ ингэж дорж үзэж болохгүй. АН-ынхан манай дүүргийг дөрөв хувааж саналыг худалдаж авна гэж санасан байх. Дөрөв хуваасан ч Багануурчууд сонголтондоо үнэнч гэдгээ харуулаарай.

    Нэр дэвшигч С.Батболд “АН-ын Багануур дүүргийг дөрөв хуваасан гол шалгааныг иргэд та бүхэн мэдэж байна. 2012 оны сонгуульд улс орон даяар АН ялж байхад Багануурт МАН 100 хувь ялсан. ИТХ, Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн адил. Тиймээс АН-ынхан “Багануурыг нэг тойрог болговол МАН ялчихна, бид дөрөв хуваачихвал АН ялна” гэж тооцсон. Багануурыг дөрөв хуваасан хариуг Багануурчууд та бүхэн сонголтоороо өгөх ёстой. Багануурыг дөрөв байтугай дөч ч хуваасан МАН-д үнэнч гэдгээ харуулаарай” гэж уриалав.

    Мөн тэрээр Багануур дүүргийг нэг цул болгоно гэдгийг та бүхэнд хэлье. МАН-аас Сүхбаатар Багануур дүүрэгт нэр дэвшиж буй дөрвөн гишүүн нийлж Багануур дүүргийг нэг цул, хотын статустай болгох асуудлыг яриа төдий биш бодит ажил болгохын төлөө явна гэдгийг хэлэв.

    Дараа нь нэр дэвшигч С.Батболд Ерөнхий сайд байхдаа Багануурт их, дээд сургуулиудын хотхон байгуулах шийдвэр гаргасан ч АН-ынхан Засаг барьж байхдаа хэрэгжүүлээгүй гэдгийг тодотгож хэлсэн. Тухайн үед оюутны их хотхоныг Багануурт байгуулахаас гадна дэд бүцтийн таатай орчныг ашиглан техник технологийн паркийг байгуулах санаачилгыг гаргаж байсан юм. Нэр дэвшигч С.Батболд УИХ-д дахин сонгогдвол санаачилсан ажил, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм.

    Нэр дэвшигч С.Батболд Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэдтэй уулзсаны дараа хадгаламж зээлийн хоршооллын ажилчидтай уулзаж санал бодлоо солилцсон вм. МАН-ын мөрийн хөтөлбөрт жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж, барьцаа хөрөнгөгүйгээр зээл авах боломжийг судалж, ажлын быайр шинээр бий болговол татвараас чөлөөлөхөөр тусгасан байгааг дуулгасан юм.