Ангилал: үйл-явдал-event

  • С.Батболд: Бонд бус сайн бодлого л хямралаас гаргана

    УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын уурхай, дулаан цахилгаан түгээх сүлжээ компанийн ажилчид болон Цагдаагийн албан хаагчидтай уулзан санал бодлоо хуваалцаж мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

    Уулзалтын эхэнд нэр дэвшигч С.Батболд нийслэл Улаанбаатар хот төдийгүй, Монгол Улсын зүүн бүсийн цахилгаан дулааны тасралтгүй эх үүсвэрээр хангаж ажиллах нэр хүндтэй ажлыг гүйцэтгэж байгаа Багануурын уурхай болон цахилгаан түгээх сүлжээ компанийн ажилчдад талархал илэрхийлэв.

    Энэ удаагийн сонгууль эдийн засаг, улстөрийн хүнд үед болж байгааг нэр дэвшигч С.Батболд хэлсэн юм. Тэрээр Монголд эдийн засгийн, засаглалын хямрал нүүрлэсэн үед сонгууль давхцаж байна гэлээ. Тэрээр цааш тайлбарлахдаа, “2008-2012 Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаанд эдийн засаг 17.5 хувиар өсч, ард түмэн ажилтай орлоготой байсан. Энэ эрчээрээр өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг урагшлах ёстой байсан ч харамсалтай нь уруудсан” гэв. Үүнийг нэр дэвшигч С.Батболд эдийн засгийн голлох үзүүлэлтээр жишээлж тайлбарлав. Дөрвөн жилийн өмнө эдийн засгийн өсөлт 17.5 хувь байсан бол энэ онд манай улсын эдийн засаг 0.1 хувь болж буурлаа, гаднын хөрөнгө оруулалт таван тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр тэгтэй тэнцлээ. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 1280 төгрөг байсан бол 2000 болж чангарлаа. Мөн эдийн засгийн хямралыг илтгэж буй ажилгүйдлийн төвшин хоёр дахин нэмэгдэж 143 мянган иргэн ажилгүй, орлогогүй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар 7.5 тэрбум ам.доллар буюу манай Засгийн газрынхаас арав дахин их зээл авсан ч цалин тэтгэврээ нэмсэнгүй, харин өр л нэмэгдлээ” гэлээ. Эдийн засаг бүхэлдээ уналтад орж, өрийн дарамтад орсон байгааг Багануурчуудад тайлбарласан юм. Энэ бүх хүндрэл нь эрх баригч намын нэгдсэн бодлого, төр засгийн, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогогүйгээс болсон гэдгийг сануулав.

    Эдийн засгийн энэ хүнд үед намууд сонгуульд оролцохдоо улстөрийн тогтвортой бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө “уралдаж”, улс орны өнөөгийн хүндрэлийг давах ёстойг нэр дэвшигч С.Батболд хэлсэн. Мөн С.Батболд нэр дэвшигч “тулхтай нам, туршлагатай, мэдлэгтэй хүмүүс ирэх дөрвөн жилд УИХ сонгогдож бодлогын алдааг засч, тогтвортой хөгжлийн бодлоготой болох ёстой. Ер нь Монгол Улсыг бонд бус сайн бодлого л хямралаас гаргана” гэв. МАН мөрийн хөтөлбөрт эдийн засгийн хямралаас бодлогыг тусгасан байгаа юм. Тухайлбал, мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана. МАН засаг барьж байх хугацаанд дэлхийн эдийн засгийн хямралаас үүдсэн хүндрэлийг амжилттай давсан туршлагатай. Нэр дэвшигч С.Батболд бодлого, мөрийн хөтөлбөр, туршлага мэдлэгийг харж зөв сонголтоо хийнэ гэдэгт итгэж байгааг сонгогчдод хэллээ.

    Дараа нь С.Батболд нэр дэвшигч “2012 оны сонгуульд АН Багануур дүүргийг хот болгоно гэж ярьчихаад өнөөдөр харин мартсан байна. Хэлсэн ярьснаа мартаж Багануурын тойргийг дөрөв хуваасан. Багануурыг яагаад дөрвөн тойрогт хуваасныг та бүхэн мэдэх үү, мэдэж байгаа байх. Товчхон хэлэхэд та бүхний сонголт АН-ынханд таалагддаггүй, МАН-д саналаа өгдөг гэж та бүхний саналыг саармагжуулах гэж дөрөв хуваасан юм. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Монголын төр ард түмнээ ингэж үзэл бодлоор нь, сонгуулийн санал өгсөн байдлаар нь ялгаварлан гадуурхах ёсгүй. АН-ынхан эрх мэдлээрээ Багануурын сонгуулийн газрыг зургийг өөрчилсөн ч, Багануурынхан та бүхний үзэл бодол, сонголтыг өөрчилж хувааж чадахгүй. Харин Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж Багануур дүүргийг хотын статустай болгож хөгжүүлцгээе” гэж сонгогчдод уриаллаа.

  • Сүхбаатар дүүргийн залуус Сүхбаатарын Батболдыг дэмжихээ илэрхийллээ

    УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргийн залуустай уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Монгол Улсын ирээдүй хойч үе болсон залуусын санал бодлыг сонсох нь маш чухал гэдгийг нэр дэвшигч С.Батболд уулзалтын эхэнд онцлов.

    Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд, ажилгүй орлогогүй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Үүнд хамгийн түрүүнд өртөж байгаа нь залуус. Учир нь, өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд ажилгүй байгаа иргэдийн ихэнхи нь 18-35 насны залуус байгаа юм. Их дээд сургууль төгссөн гурван оюутан тутмын нэг нь ажилгүй байгааг статистик харуулж байгааг нэр дэвшигч С.Батболд хэлсэн.

    Залуусын хувьд их дээд сургуулиа төгсөөд “одоо л нэг ээж аавдаа тусалж, ажилтай орлоготой болох нь гэж” баярладаг байсан бол өнөөдөр сургуулиа төгсөхөөсөө айж, “төгсөөд ажилд орж чадах болов уу” гэж ярьдаг болсон гэдгийг нэр дэвшигчид учирласан.

    Нэр дэвшигч С.Батболд “оюутан, залуус сургалтын төлбөрөө зээлээр төлж, сургуулиа төгссөний дараа ажил эрхлэх явцдаа эргүүлэн төлөх боломж бүрдүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан гэдгийг залууст тайлбарлалаа. Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд оюутныг цагаар ажиллах боломж нэмэгдүүлж, аж ахуй нэгжийг урамшуулах замаар “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэлээ. Мөн сургуулиа төгсөөд тогтвор суурьшилтай ажлын байраар хангах, үйлдвэр үйлчилгээний салбарыг хөгжүүлж, нөхөрлөл хоршоо байгуулж өөрөө өөртөө ажлын байр бий болгох нөхцөлийг дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн.

    Төрийн өмчит их, дээд сургуулиудыг хувьчлахгүй бөгөөд удирдах зөвлөлийг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж, сургалтын орчин, чанарыг дээшлүүлэх ёстой гэв. Мөн энэ нэр дэвшигч С.Батболд “Хүн мэргэжлийг биш, мэргэжил хүнийг голдог. Хүний амжилт мэргэжлийн болон хувь хүний ур чадварын зөв хослолд тулгуурлана. Тиймээс залуус эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, хийж буй ажилдаа улам илүү татагдаж гэмээнэ хөдөлмөрийн үр шимийг хүртэнэ” гэдгийг залууст зөвлөсөн юм. Нэр дэвшигч С.Батболд 1992-2000 он хүртэл хэрхэн бизнес хийж, хувийн компаниа хөл дээрээ босгож байсан түүхээсээ залуустай хуваалцсан юм. Тэрээр 1992 онд “Алтай Холдинг” компаниа байгуулсан бөгөөд өдгөө тус компани нь 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, Монголын шилдэг татвар төлөгч компанийн нэг болсон. Нэр дэвшигч С.Батболд бизнесийн санаа гаргаж ажлаа эхлүүлэх тэр мөчөөс маш олон саад бэрхшээл гардаг. Харин тэр бүхэнд шантарч суух биш, алдаа, бэрхшээл бүрээс суралцаж, илүү хурцлагдаж, эрч хүчтэй байснаараа хүн амжилтад хүрдэг. Тиймээс залууст аливаа ажлыг эхлүүлэхдээ шантрахгүй, эрч хүчтэй байхыг зөвлөлөө.

    Ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэхэд төр анхаарч, бодлогоор дэмжих үүрэгтэй бөгөөд энэ чиглэлд тэрээр байнга анхаарч ажиллана гэдгийг хэлж байв.

    Нэр дэвшигч С.Батболдыг Сүхбаатар дүүргийн залуустай уулзах үеэр түүнийг дэмжиж Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг, Төрийн соёрхолт жүжигчин Д.Болд, Номинталст хамтлагийн ахлагч Д.Батсүх, жүжигчин Чапи нар ирсэн.

    Энэ үеэр Д.Болд “ Залуус та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцож, ирээдүйгээ бодсон зөв сонголт хийгээрэй. Миний хувьд энэ сонгуульд С.Батболд ахыг дэмжиж байгаа, маш олон жил дэмжсээр ч ирсэн. Урлаг соёл, спортын залуусыг үргэлж дэмжиж, ойлгож ярилцаж чаддаг хүн. Өнөөдөр Монголын урлаг соёлын салбар зогсонги байдалд байна. Урлагийн салбарт ч улстөрийн байдал нөлөөлж байна. Туршлагатай, мэдлэгтэй, урлагийн салбарыг ойлгож дэмждэг учраас С.Батболд ахыг би дэмжиж байна, та бүхэн ч бас дэмжээрэй” гэж уриалав.

    Мөн уулзалтад ирсэн Сүхбаатар дүүргийн залуус нэр дэвшигч Сүхбаатарын Батболдыг дэмжихээ илэрхийлж байна. Ингээд иргэдийн сэтгэгдлийг сонирхлоо.

    -Сүхбаатар дүүргийн 12 хорооны иргэн О.Мөнхбаатар: Залуус мөнгө төгрөг өгсөнд биш шударга өрсөлдөж, зөв бодлого ярьж байгаа хүмүүст саналаа өгөөрөй гэж уриалж байна. Миний хувьд хоёр намын мөрийн хөтөлбөртэй сайтар танилцсан. МАН-ын мөрийн хөтөлбөрийг харахад оюутан залуус руу чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр авч, сургуулиа төгсөөд ажил дээр гараад төлөхөөр зохицуулна гэж заасан нь маш зөв санагдсан. Би өнгөрсөн хавар үйлдвэрийн механик инженерийн чиглэлээр сургуулиа төгссөн ч ажил олдохгүй байна. Манайд аж үйлдвэр хөгжөөгүй, үйлдвэрүүд баригдаагүй болохоор ажлын байр олдохгүй байна. Үйлдвэрүүд олноор байгуулж, хөгжүүлснээр ажлын байр нэмэгдэж залуус орлогтой боломжтой харагдаж байгаа. Хамгийн гол төр зөв бодлогоор дэмжих хэрэгтэй байна гэлээ.

    -Сүхбаатар дүүргийн иргэн О.Оюунтунгалаг: Миний хувьд энэ жил сургуулиа төгсөнө. Хамгийн эрэлттэй мэргэжил гэж цэцэрлэгийн багшаар сурч байгаа. Сургуулиа төгсөөд ажлын байранд санаа зовохгүй байгаа. Харин энэ жил сургалтын төлбөртөө санаа зовж байсан юм. Манай ах бид хоёр их дээд сургуульд сурч, эцэг эхэд маань хоёр хүний төлбөр хүнд тусч байгаа. Өнгөрсөн дөрвөн жил суралцах хугацаанд жил бүр сургалтын төлбөр нэмэгдэж, энэ хэрээр ар гэрийн амьдралд хүнд тусч байсан. Харин МАН-ын мөрийн хөтөлбөрт оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно гэсэн нь маш зөв алхам гэж бодож байна гэлээ.

  • “Дөрвөн жилийн өмнө улс бондын мөнгөөр амьдардаггүй, би даралтны эмээ ширхэглэж авдаггүй байлаа”

    УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргийн 12, 13 хорооны сонгогч, дэмжигчидтэйгээ уулзлаа. Сүхбаатар дүүргийн уг хороонд 32-ын тойрог, долоон буудал орчмын гэр хорооллын айл өрхүүд хамаардаг юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө хөдөлмөрийн насны ажилгүй хоёр иргэний нэг нь ажилтай орлоготой, манай улсын ажилгүйдлийн төвшин нэг оронтой тоонд байлаа. Тэгвэл өнөөдөр хөдөлмөрийн насны таван иргэн тутмын дөрөв нь ажилгүй, орлогогүй амьдарч байна. Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр ажилгүй иргэдийн тоо 143 мянгад хүрчээ. АН-ынхан 2012 сонгуулиар “Ажилтай, орлоготой монгол хүн” гэсэн уриа лоозон ярьж гарч ирсэн ч бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадсангүй. Үүнийг Сүхбаатар дүүргийн сонгогчид нэр дэвшигч С.Батболдод батлан хэллээ.

    Нэр дэвшигч С.Батболдыг Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, ярилцах үеэр олон иргэд амьдрал хүнд байгааг учирлаж байв. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэн П.Лхамсүрэн “дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад ард түмний амьдрал улам дордлоо. Өнөөдөр манай дүүрэгт хоол хүнсээ авч чадахгүй хоосон хонож байгаа өрх олон байна. Хөгшүүл нь даралтны эмээ авч чадахгүй, ширхэглэж авах хэмжээнд хүртлээ ядарлаа. Ер нь дөрвөн жилийн өмнө улс бондын мөнгөөр амьдардаггүй, би даралтны эмээ ширхэглэж авдаггүй байсан. Ард түмний амьдрал ийм хэмжээнд хүрсэн байхад “амьдрал дордоогүй” гэж ярихаасаа эрх баригч нам ичих хэрэгтэй. Өмнө нь ядаж л сард 21 мянган төгрөг аваад хоосон хонодоггүй байлаа шүү дээ” гэлээ.

    Мөн тэрээр өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд гишүүн УИХ-д дахин сонгогдож ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн юм.

    Нэр дэвшигч С.Батболд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ынхан цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх биш, өр авах ажлыг хамгийн гаргууд хийсэн гэдгийг сонгогчдод сануулав. Тухайлбал, С.Батболд Ерөнхий сайдын үед манай улс гаднаас 665 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийг нэг хувийн хүүтэй зээлж байсан. Гэтэл АН засагласан дөрвөн жилийн хугацаанд 7 тэрбум ам.долларыг гаднаас 11 хувийн хүүтэй зээлж, өнөөдрийн байдлаар Монгол Улсын өр 21 тэрбум ам.доллар буюу 43 их наяд төгрөгт хүрээд байна. АН-ын Засгийн газар дөрвөн жилийн өмнөхөөс зургаа дахин их мөнгийг хэрэглэсэн ч улс орны байдал сэргэсэнгүй, харин ч уналтад орлоо. Энэ их мөнгөөр ард түмний цалин тэтгэврийг нэмсэн үү гэвэл нэмсэнгүй. Харин өр л нэмэгдсэн гэдгийг нэр дэвшигч хэлж байсан юм.

    Нэр дэвшигч С.Батболд дөрвөн жилийн өмнө Ерөнхий сайдын ажлаыг хүлээлгэн өгөхдөө Хөгжлийн банкны дансанд 580 сая доллар буюу нэг их наяд төгрөгтэй хүлээлгэж өгсөн бол өнөөдөр улсын данс улааж, өрөндөө баригдаж, цалин тэтгэвэр арай ядан олгож байна. Эцэстээ энэ бүх хүндрэл эрх баригч намын эв нэгдэлгүй байдал, эрх ашгийн зөрчилдөөнөөс үүдэлтэй гэдгийг нэр дэвшигч С.Батболд сонгогчдод хэлсэн. Ирэх дөрвөн жил улс орны байдал хүнд байхыг олон улсын байгууллагууд сануулж байгаа. Тиймээс тулхтай нам, туршлагатай хүнийг дэмжиж эдийн засгийн хямрал, улстөрийн бодлогын алдааг засах боломж байгааг нэр дэвшигч С.Батболд онцолж хэлэв. 2008 оны эдийн засгийн хямралыг зөв бодлогоор даван гарч байсан мэдлэг, туршлага С.Батболд нэр дэвшигчид байгаа учраас сонгогчдынхоо итгэлийг алдахгүй гэдгийг хэллээ.

    Ингээд нэр дэвшигч С.Батболд иргэдийн санал бодлыг сонслоо.

    -Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэн Ганболд: Аливаа зүйл зөв бодлогоор явбал оргилд хүрдэг. Цаашид төр барих хүмүүс нэг зорилготой, сэтгэлтэй эв нэгдэлтэй улс орноо удирдаж, ард түмний амьдралыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Нурсан эдийн засгаа босгохын тулд мэдлэгтэй, туршлагатай хүн төрд хэрэгтэй. Ийм хүний нэг нь С.Батболд гэж итгэж байна.

    -Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэн н.Осоржав: Өнгөрсөн дөрвөн жилийн хууль бус УИХ ажиллаж, хууль бус хууль баталж, улс орон нэг хүний санал, эрх ашгаар явдаг боллоо. Нэг Монгол хүний эрх ашгийн төлөө бус нэг нам, фракцын эрх ашгаар улс орноо удирдаж, эцэстээ иргэд нь ажилгүй орлогогүй, хоосон хонож байна. Засаг төрийг тогтворгүй болгож, удаа дараа огцруулж дөрвөн жилийг дуусгалаа. Үндсэн хуулийн цэц, Мэргэжлийн хяналтын газар, Авлигатай тэмцэх газар удирдлагагүй байна. Улсын хууль, хяналтын байгууллагыг ингэж олон сар удирдлагагүй, улс орон эзэнгүй юм шиг байлгаж болохгүй. Энэ бүхнийг тулхтай улстөрийн хүчин, туршлагатай хүмүүс гарч засах шаардлага бидний өмнө байна. МАН туршлагатай тулхтай нам. Нэр дэвшигч С.Батболд бол мэдлэг боловсролтой, зүтгэлтэй төрийн хүн. Өмнө нь Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд хийж байсан учраас улс орноо хүндрэлээс гаргана гэж итгэж байна.

    Сүхбаатар дүүргийн 12, 13 хорооны иргэдийн дараа нь үерийн далан, борооны ус зайлуулах хоолой байхгүйгээс гэр, хашаа нь усанд автаж, хүндрэлтэй орчин нөхцөлд амьдарч байгаагаа хэлж байв. Нэр дэвшигч С.Батболдыг энэ асуудалд анхаарал хандуулж, шийдэх шаардлагатай байгааг захилаа.

  • ​С.Батболд: Монгол Улс граммын эдийн засагтай боллоо

    МАН-аас УИХ-ын сонгуулийн 61 тойрогт нэр дэвшиж буй Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргийн 11, 12 хорооны сонгогчидтой уулзлаа. Сүхбаатар дүүргээс анх УИХ-д сонгогдож улмаар Монголын Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажилласан С.Батболдыг дүүргийн сонгогчид халуун дотно хүлээн авлаа. Нэр дэвшигч С.Батболд “УИХ-д сонгогдсон цагаасаа тойргоо солилгүй, сонгогчдоосоо урваж шарвасангүй. Тийм шалтгаан, шаардлага байхгүй” гэдгийг хэлсэн юм. Нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчидтой танилцуулж, өнөөгийн нийгэм эдийн засгийн байдлыг цөөн зүйлээр дүгнэж хэллээ. Эдийн засгийн хүндрэл улам даамжирч, улсаараа гадаадын өр, иргэд аж ахуйн нэгжүүд арилжааны банкны зээлийн дарамтад амьдарч байна гэв. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа 10 хүний найм нь, гурван аж ахуй нэгжийн хоёр нь, хоёр малчин өрхийн нэг нь арилжааны банкны зээлтэй, олсноо зээлийн хүү төлбөртөө төлж амьдарч байна. 2012 онд МАН дансандаа мөнгөтэй, ханш нь тогтвортой, иргэд нь ажилтай, орлоготой, талхаа таллаж авдаггүй, тосоо граммладаггүй, зээлийн дарамтгүй өндөр өсөлттэй эдийн засгийг хүлээлгэн өгсөн. Харин өнгөрсөн дөрвөн жил улсын данс улааж, долларын ханш 2000 хүрч, ажилгүйчүүдийн тоо гурав дахин нэмэгдэж, талхаа таллаж авдаг граммын эдийн засагтай болсон гэдгийг нэр дэвшигч С.Батболд сонгогчдод тайлбарлав.

    АН-ынхан эдийн засаг хямраагүй, ард түмний амьдрал сайжирсан гэдэг ч Сүхбаатар дүүргийн 11, 12 хорооны сонгогчид нэр дэвшигч С.Батболдтой уулзах үеэр амьдрал хүнд, залуус ажилгүй, ахмадууд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаагаа учирлав.

    Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 11 хорооны иргэн Туул хэлэхдээ, “Засгийн газраас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг гурван зуун мянгаар худалдан авах шийдвэр гаргаж иргэд даваа гаригаас арилжааны банкин дээр хонон өнжин оочерлож байна. Гэхдээ хотын төвөөр биш, захын дүүргийн гэр хорооллын банкууд дээр иргэд урт дараалал үүсгэсэн. Үүнээс гэр хорооллын иргэдийн амьдрал ямар төвшинд байгааг харж болно. Өдрийнхөө хоол хүнсээ авч чадахгүй, хоосон хонож буй айл өрх олон байна. Энэ хүмүүс л өнөөдөр мөнгөний сургаар банкин дээр оочерлож байна. Ард түмний сэтгэлзүйгээр ингэж тоглож, доромжилж болохгүй” гэлээ.

    Нэр дэвшигч С.Батболд “Тавантолгойн ордын лиценз гаднынхны мэдэлд байсан. 1990 оны үед бизнес эрхэлж байх үед Тавантолгойн ордыг эзэмшиж байсан гаднын компани лицензийн төлбөрөө төлж чадахгүй хамтрагч хайж байсан. Тэр үед миний бие өөрийн бизнесээ босгосон амжилттай ажиллаж байсан юм. Тэгээд Тавантолгойн лицензийг хамтран эзэмших болсон. Ингээд хэсэг хугацааны дараа Тавантолгойн ордын лицензийг төрд буцаан өгсөн. Дараа нь 2009 онд Ерөнхий сайд болсныхоо дараа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар нэлээд эрчимтэй ажилласан. Ордыг ард түмний мэдэлд байх ёстой гэж үзээд “Эрдэнэс-Тавантолгой” гэж компани байгуулж, тэндээс иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн юм” гэлээ. Мөн тэрээр өнөөдөр сонгуультай уралдаж Засгийн газар иргэдийн хувьцааны 30 хувийг худалдаж авна гэж байна. Хамгийн гол нь иргэдийн эзэмшиж буй хувьцаа үнэ цэнэтэй, хувийг нь нэг удаа худалдаж авдаггүй, жил бүр ногдол ашиг авдаг байх ёстой гэсэн юм. Анх иргэдэд 1072 хувьцааг эзэмшүүлсэн шигээ эргээд иргэдийн хувьцаа үнэ цэнэтэй болгож, амилуулахад анхаарал хандуулах ёстой хүний нэг нь С.Батболд гэдгийг Сүхбаатар дүүргийн иргэд онцолж захилаа.

    Сонгогчдын ярьсан дараагийн асуудал гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой байлаа. Дахин төлөвлөлт нэрээр иргэдийн өөрт нь байгаа хашааны газрыг нь авч орон сууц бариад эргээд орон сууцанд оруулна гэсэн ч өнөөдөр орон сууц битгий хэл, гэр оронгүй, хашааны газар ч үгүй болсон олон иргэн байгааг учирлаж байв. Тиймээс иргэдийг хохироохгүйгээр орон сууцжуулах ажлыг хийх хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байсан. Хашааныхаа багахан газраас өөр өмчгүй иргэдийн газрыг булааж орон сууц барьж болохгүй гэдгийг сонгогчид хэлсэн.

    Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэдийг хашаандаа амины орон сууц барих нөхцөлөөр дэмжиж, бага хүүтэй зээл хамруулахаар тусгасан. Мөн өнгөрсөн хугацаанд хашааны газраа алдсан, байраар солино гэж итгээд өнөөдөр байр ч үгүй, хашааны газар ч үгүй болсон иргэдийн хохирлыг барагдуулах тодорхой ажил хийхээр төлөвлөсөн гэлээ.

  • С.Батболд: Багануурын сонгогчдыг яагаад дөрвөн тойрогт хуваасныг та бүхэн мэдэх үү

    МАН-аас УИХ-ын сонгуулийн 59, 60, 61, 62 дугаар тойрогт нэр дэвшигчид Багануур дүүрэгт сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Анх 1980 онд Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулагдсан Багануур дүүрэг өдгөө Монгол Улсын аж үйлдвэр, эрчим хүчний гол эх үүсвэрийн төв болж, нийт хүн амын тоо 32 мянгад хүрээд байна. Багануур дүүргийн сонгогчид МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдий халуун дотноор хүлээн авлаа. Халуун, дотно гэдэг нь Багануур дүүргийн Соёлын төв өргөөний 500-600 хүний суудалтай хоёр заал дүүрэн хурсан олны алга ташилт, сэтгэл хөдлөлөөс харагдаж байсан юм. Тус дүүрэгт МАН-аас УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд, 59 дүгээр тойрогт Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, 60 дугаар тойрогт Хуульзүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, 62 дугаар тойрогт Ц.Цогцолмаа нар нэр дэвшиж байгаа билээ.

    Мэргэжлийн Засгийн газар байгуулна


    УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Батболд эрх баригч АН-ын хэрэгжүүлсэн буруу бодлогын уршгаар эдийн засаг хямарсан гэдгийг иргэдэд сануулж, улс орны өнөөгийн байдал ямар байгааг сонгогчдод цөөн үгээр тайлбарлав. Тэрээр “АН-ын Засгийн газар өнгөрсөн дөрвөн жил цалин тэтгэврийг 20 мянган төгрөгөөр л нэмж, цагтаа 17.5 хувиар өсч байсан эдийн засаг 0.1 хувь хүртлээ саарч, гадаадын хөрөнгө оруулалт 23 дахин буурч, улсын валютын нөөц шавхагдаж, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, улсын данс хоосорсноос харж болохоор байна” гэлээ. Дөрвөн жилийн өмнө 1280 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 2000 төгрөгт хүрч, Монголын ард түмэн нийтээрээ хямарч, улс орон өрөндөө баригдаж, өнөөдөр нэг Монгол иргэн 14 сая төгрөгийн өртэй, гадаадын өр зээлийн зөвхөн хүүнд жилдээ 970 тэрбум төгрөг төлж байгааг сануулав. Зээлийн хүүнд төлж буй 970 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэврийг дунджаар 300 мянгаар нэмж, 1000 цэцэрлэг, 300 сургууль барих мөнгө гэдгийг тайлбарласан. Энэ бүх эдийн засгийн сөрөг үзүүлэлт АН-ын бодлогын алдаа, эрх ашгийн зөрчлөөс үүдэлтэй. МАН УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, өнөөгийн эдийн засгийн хямралаас гарах, төрийн бодлогын алдааг засах туршлагатай, мэдлэгтэй хүмүүсийг сонгож мэргэжлийн Засгийн газар байгуулахад сонгогчдын дэмжлэг чухал гэдгийг онцолж хэлэв.

    Багануурт их сургуулиудын хотхон байгуулах шийдвэрээ заавал хэрэгжүүлнэ

    Дараа нь, нэр дэвшигчид сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө танилцуулж, Багануур дүүргийн хөгжлийн талаар ярилцав.

    Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “Багануур дүүргийг хотын статустай болгох асуудлыг олон жил ярьж байна. 2012 оны сонгуульд АН Багануур дүүргийг хот болгоно гэж ярьчихаад өнөөдөр харин мартсан байна. Хэлсэн ярьснаа мартаж Багануурын тойргийг дөрвөн хуваасан. Багануурыг яагаад дөрвөн тойрогт хуваасныг та бүхэн мэдэх үү, мэдэж байгаа байх. Товчхон хэлэхэд та бүхний сонголт АН-ынханд таалагддаггүй, МАН-д саналаа өгдөг гэж та бүхний саналыг саармагжуулах гэж дөрөв хуваасан юм. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Монголын төр ард түмнээ ингэж үзэл бодлоор нь, сонгуулийн санал өгсөн байдлаар нь ялгаварлан гадуурхах ёсгүй. АН-ынхан эрх мэдлээрээ Багануурын сонгуулийн газрыг зургийг өөрчилсөн ч, Багануурынхан та бүхний үзэл бодол, сонголтыг өөрчилж хувааж чадахгүй. Харин Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж Багануур дүүргийг хотын статустай болгож хөгжүүлцгээе гэж сонгогчдод уриаллаа.

    Мөн тэрээр “миний бие Ерөнхий сайд байхдаа Багануур дүүрэгт их сургуулиудын хотхон байгуулах шийдвэрийг гаргаж байсан. Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулж, их дээд сургуулиудыг Багануур дүүрэг рүү нүүлгэж, дэд бүтэц оюуны жишиг дагуул хот болгох зорилтыг дэвшүүлж байсан юм. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жил энэ бодлогыг тасалдуулж, шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй. УИХ-д дахин сонгогдож, Ерөнхий сайд байхдаа гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэн Багануурт дүүрэгт их сургуулиудын хотхон байгуулж, тус дүүргийг боловсролын, аж үйлдвэрийн хөгжлийн төв болгох ёстой” гэлээ. Түүнчлэн Багануурын уурхайг түшиглэн аж үйлдэврийн парк байгуулах асуудлыг судалж, шийдэрлэх болно гэдгийг сонгогчдод хэлсэн юм.

    Ажлын байр бий болговол татвар болон байрны түрээсийг хөнгөлнө

    Нэр дэвшигч С.Батболд Багануур дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонслоо. Багануурын нүүрсний уурхайн ажилчдын бээлийг Багануурчууд өөрсдөө үйлдвэрлэж байна. Сард 10 мянган ажлын бээлий үйлдвэрлэх үйлдвэрийг иргэн Амгалан байгуулж, гурван хүнийг ажлын байраар хангаж байгаа аж. Мөн Багануурын уурхайн ажилчдын хувцасыг нөхөрлөл, хоршоо хэлбэрээр 20-25 оёдолчин дотооддоо оёж байна. Жилдээ нийт 150-160 сая төгрөгөөр уурхайн ажилчдын хувцасыг Багануурчууд дотооддоо үйлдвэрлэж байгаа юм байна.

    Үйлдвэр эрхлэгч Чанцал сургуулийн дүрэмт хувцас, үндэсний дээл хувцас оёдог бөгөөд дөрвөн хүнийг ажлын байраар хангадаг байна. Тэрээр хэлэхдээ цаашид бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр авч ашигтай ажиллавал 40 хүнийг дороо сургаж, ажлын байраар хангах боломжтой гэдгийг хэлсэн. Захаас бараа татах гэхээр НӨАТ-ын баримт олгохгүй байгаа учраас үнэтэй зардаг дэлгүүрээс материалаа татаж ашигтай ажиллаж чадахгүй байгааг хэлж байв.

    Энэ үеэр нэр дэвшигч С.Батболд жижиг дунд бизнес эрхлэгчдэд хандаж “МАН-ын мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгчдийг дэмжих олон заалт тусгасан. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэдийн эргэлтийн хөрөнгөд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Мөн ажлын байр олноор бий болгож буй аж ахуйн нэгж, иргэнд татварын хөнгөлөлт үзүүлж, ажлын байрны түрээсээс хөнгөлөх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан байгаа” гэдгийг онцолж хэллээ.

    Ахмад дайчныд зочилж, хүндэтгэл үзүүллээ

    Бизнес эрхлэгчидтэй уулзсаны дараа ахмад дайчин, С.Намхай гуайнд зочилж, хүндэтгэл үзүүлэв. С.Намхай гуай өдгөө 95 насыг зооглож байгаа ч хөл хөнгөн, ухаан саруул, цэцэн үгтэй өвөө байв. С.Намхай гуай дайнд оролцож байсан түүхээсээ нэр дэвшигчтэй хуучилж, дараагаар нь С.Батболдыг УИХ-д заавал дахин сонгогдож, Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээс гаргахыг хүслээ.

    Дараа нь нэр дэвшигч С.Батболд Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэдтэй уулзаж санал бодлоо хуваалцлаа. Энэ үеэр тус дүүргийн иргэн Мягмар гэр хорооллын иргэдийг хашаандаа байшин барих нөхцөлөөр хангаж, залуусыг ажлын байртай болгох ямар ажлыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасныг нэр дэвшигчээс асуусан юм. Нэр дэвшигч С.Батболд хариулахдаа, МАН-ын мөрийн хөтөлбөрт гэр хорооллын иргэдийн орон сууцны асуудлыг шийдэхийн тулд хашаандаа амины орон сууц баривал бага хүүтэй ипотекийн зээлд хамруулахаар тусгасан байгаа гэлээ. Өөрөөр хэлбэл, хашаандаа амины орон сууц барьж буй иргэдийг дэмжиж бага хүүтэй зээлд хамруулах боломжийг нээнэ гэдгийг хэлж байв. Харин ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд аж ахуйн нэгжийг дэмжиж, татвараас хөнгөлж, төрөөс хувиараа бизнес эрхлэх зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэдгийг сонсогчдод хэллээ.

  • С.Батболд: Ерөнхий сайд хүн алдах эрхгүй, өмнөх ерөнхий сайд нар алдаанаас нь зугтах эрхгүй

    УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өнөөдөр тойргийнхоо сонгогчидтой уулзаж, санал бодлоо хуваалцлаа.

    Уулзалтын эхэнд С.Батболд УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа цөөн үгээр тодорхойллоо. Тэрээр “Дөрвөн жилийн өмнө 17.5 хувиар өсч байсан эдийн засгийг АН-ынхан өнөөдөр нэг хувьд хүргэж, улс орон өрөндөө баригдлаа. Ажилтай, орлоготой хоёр иргэн тутмын нэг нь банкинд зээлтэй, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой нь хүнсний дэлгүүрт өртэй, талхаа таллаж, тосоо граммлаж авч байна.

    Ам.долларын ханш 2000 давж, цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй. Тэгсэн хэрнээ жилд 970 тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн төлбөрт төлж байна. Зээлийн хүүд төлж байгаа энэ их мөнгөөр бид 1000 цэцэрлэг, 300 сургууль барьж, 2012 онд өгч байсан 21 мянгыг иргэн бүрт бүтэн нэг жилийн турш өгөх мөнгө. Бүтээснийг нураахад хугацаа багаддаггүй юм байна. Явж байсан зөв бодлогыг цөөхүүлээ ч зогсоож болдогийг бид өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харлаа. Хэрвээ энэ зааланд сууж байгаа хүмүүсийн дийлэнх олонхийн амьдрал дөрвөн жилийн өмнөхөөс сайжирсан бол АН-ын хоёр Засгийн газрыг шүүмжлэх нь улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд надад зохимжгүй.

    Харин энэ зааланд байгаа та бүхний олонхийн, ард түмний маань дийлэнх олонхийн амьдрал дордсон, улс орон бодлогогүй яваад баларч байгааг хараад дуугүй суух, хувиа бодоод чиэмээгүй явах, одоо ажиллаж байгаа Ерөнхий сайдын алдаатай нь эвлэрэх ёс суртахууны эрх улсын Ерөнхий сайд байсан хэнд ч байхгүй ёсгүй” гэв. Нэр дэвшигч С.Батболд цааш хэлэхдээ, “алдаа засах, ачаа татахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Иргэд та бүхэн зөв сонголт хийж, сонгогдсон нь зөв шударга ажиллаж байж эдийн засгийн хямрал, энэ их өр зээлийн ард гарна.

    Сүхбаатар дүүргийнхэн та бүхнийхээ 2012 оны сонгуулиар хийсэн сонголтыг би хүндэтгэнэ ээ. Харин сонгогдсон хүмүүс нь та бүхний итгэлийг алдсан үгүйг, таны өгсөн санал өрхийн нэг хүнд 14 сая төгрөгийн өр болон ирж байгааг та бүхэн эргэцүүлж бодож, үнэнийг ойлгоно гэдэгт би итгэлтэй байна гэв.

    Дараа нь нэр дэвшигч С.Батболд иргэдийн байр суурийг сонслоо.

    -Сүхбаатар дүүргийн иргэн: Таныг мэдлэг боловсролтой, туршлагатай улстөрч гэдгийг мэдэж байна.

    Тиймээс УИХ-д дахин сонгогдож улс орноо хөгжүүлж чадна гэдэгт итгэж байна. Энд зүйлийг сонгогчийнхоо хувьд захиж хэлье. Хүн ажилтай байвал орлоготой байж чадна. Тиймээс ажлын байраа нэмэгдүүлж, олон мянгаараа ажилгүй байгаа залуусыг ажлын байртай болох нөхцөлийг хангаж ажиллахыг хүсье.

    -Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэн З.Ганбаатар: Хөгшин бид хоёр нийлээд 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Сүүлийн хоёр сарын тэтгэврээ урьдчилан авч идээд дууссан. Өнөөдөр гар дээрээ мөнгөгүй зээлтэй сууж байна. Үр хүүхдүүд маань ажилгүй, орлогогүй байхад бид зээл авч туслахгүй бол амьдрал нь хэцүү байна. Тиймээс ажлын байраа нэмэгдүүлж, иргэдийнхээ амьдралыг дээшүүлэх хэрэгтэй байна.

    -Сүхбаатар дүүргийн 10 хорооны иргэн О.Ананд: Би улстөр сонирхдоггүй байлаа. Сүүлийн жилүүдэд бизнес хийж үзээд улстөрийг сонирхгүй байж болохгүй, зөв хүнийг сонгуульд сонгох ёстой гэж үзээд энд ирлээ.

    АН-ынхан хямрал болоогүй гэж ярьж байна. Гэтэл бизнес хийж байгаа хүний хувьд хямрал болоогүй гэж хэлж чадахгүй. Хямралыг биеэрээ мэдэрч өнөөдөр ажилчдынхаа цалинг өгч чадахгүй явна. Иргэдийн амьдрал хүнд байна. Өмнөх хямралыг давж байсан туршлагаараар өнөөгийн эдийн засагт зөв бодлого хэрэгжүүлэхийг хүсье. Хэнийг сонгохоос, аль намыг дэмжихээс иргэдийн амьдрал шалтгаална гэв.

    Иргэд нэр дэвшигчдэд саналаа хэлсний дараагаар С.Батболд гишүүнийг дэмжин ажилладаг олны танил хүмүүс байр сууриа мөн илэрхийллээ.

    Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт: Сүүлийн 10 гаруй жилд С.Батболд гишүүнийг би сайн мэднэ. Итгэж болох хүн. Монгол Улсын төрд 16 жил ажиллахдаа амласан хэлсэн зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг, хийдэг хүн. Тавантолгойн ордыг төрд буцаан өгч чадсан. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд болсныхоо дараа Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс-Тавантолгой”-гоос 1072 хувьцааг эзэмшүүлсэн. МАН-ын мөрийн хөтөлбөрт 1017 хувьцааг амь оруулна гэж тусгасан. С.Батболдыг УИХ-д дахин сонгож, эхлүүлсэн ажлыг нь гүйцээх боломж олгох хэрэгтэй.

    -Номин талст хамтлагийн ахлагч Д.Батсүх:Хэлсэндээ хүрдэг, ярьснаа биелүүлдэг хүн. Тиймээс залуучууддаа хандаж хэлэхэд, С.Батболд ахыг дэмжээрэй гэж хүсмээр байна. Залуус бид мэдлэгтэй, туршлагатай хүнийг сонгоцгооё гэж уриалав.

  • Н.Жанцанноров: Тэвчээр барагдлаа, одоо амар амгалан амьдармаар байна

    УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч С.Батболдын сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт өнөөдөр АСА циркт болж, түүнийг дэмжихээр Сүхбаатар дүүргийн олон иргэд энд цугларчээ.

    Уулзалтыг нээж, нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “ Та бүхэнтэйгээ улирлын сайхан, өдрийн сайн цагийн эхлэл дээр уулзаж байгаадаа баяртай байна. Миний бие дөрвөн жил завсарлаад өөрийн болон МАН-ын шийдвэрээр Сүхбаатар дүүрэгтээ дахин нэр дэвшлээ. Анх намайг УИХ-д илгээж, улмаар Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд болох “сүүн зам” тавьсан хүмүүс бол Сүхбаатар дүүргийнхэн та бүхэн юм. Миний бие нь Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа улсынхаа эдийн засгийг 17.5 хувь хүртэл өсгөж цалин тэтгэврийг 2 дахин нэмэгдүүлж иргэн бүрдээ сар болгон 21 мянга, хүүхдийн 20 мянган төгрөг өгч ахмад настан оюутнуудад 500 мянган төгрөг олгох зэргээр эдийн засгийн өдөр өсөлтийг өгөөжийг айл бүрийн хаалгаар оруулж халаасанд нь мэдрүүлсэн билээ.

    Албаны үгэн баримтаас үзвэл 4 жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалт өнөөдрөөс 23 дахин их, гадаад валютын нөөц 3 тэрбум доллараас илүү байсан нь эдийн засгийн өсөлтийн үр дүн юм. Амьдралын энгийн үнэнээс харахад өнөөдөр 2000 гарчихсан доллар 4 жилийн өмнө 1280 төгрөгтэй тэнцэж та бидний өдөр тутмын хэрэглээ болох атар талх 1260 биш 834 төгрөгийн үнэтэй байсан нь эдийн засгийн өсөлтийн шууд өгөөж билээ. Энэ өсөлт өөрөө бий болоогүй зөв бодлогын үр дүн байлаа. Өнөөдөр харин Монгол улсын нийгмийн амьдрал эдийн засгийн орчин ямар байна вэ.

    Товчоор хэлэхэд Монгол улс өнөөдөр фракцуудын эрх ашигт хүлэгдсэн төртэй, талхаа таллаж авдаг граммын эдийн засагтай, хүүхдээ цэцэрлэгт, ахмадаа байранд сугалаагаар тодруулж оруулдаг сугалааны төрийн үйлчилгээтэй боллоо. Улсын гадаад өрийн хэмжээ өлгийтэй нялхсаас өтгөс буурлууд хүртлээ нэг хүнд 14 сая төгрөг ногдож байна. Ер нь муу хүнийг зар зарсан хойноо өр гэдэг л боллоо. Ийм цаг үед засаглах нам нь тулхтай улс төрийн хүчин, төр түших улсын их хурлын гишүүд нь туршлагатай улс төрчид байж гэмээнэ эдийн засгийн хямрал энэ их өрийн дарамтаас гарч чадна.

    Эдийн засгаа 17.5 хувь өсгөсөн, 2009 оны хямралын амжилттай давсан бидний туршлага дахиад хэрэгтэй боллоо. Бидэнд хийх ажил их байна” хэмээн онцолсон юм.

    Ёслолын ажиллагаанд Монгол улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, хөгжмийн зохиолч Долгион, Камертон хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, ТV коктейль хамтлагийн жүжигчин Цолмон, Сүхбаатар дүүргийн иргэн ахмад настан Оросоо , сагсан бөмбөгчин Билгүүн нар уригдан ирсэн юм.

    Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түүнийг дүгнэн хэлэхдээ “ Монгол урлагийг дэлхийд гаргахад хувь нэмрээ оруулсан цөөхөн Ерөнхий сайд нарын нэг байлаа. Мөн намын нэрийг сольсон гавьяатай хүн. Төлөвшсөн намын тулхтай улс төрчийг сонгож амар амгалан амьдармаар байна, тэвчээр барагдлаа ” гэсэн бол, МХАҮТ-ын дарга Л.Лхагважав “ Эдийн засгийн хасах 1.6 хувь байсан эдийн засгийг 17.5 хувь болгож чадсан макро эдийн засагч. Таван толгойн лицензийг төрдөө буцааж өгсөн, Монгол Японы эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээрийг хийсэн алсан хараатай стратегич “хэмээн дүгнэсэн юм.

    Харин хөгжмийн зохиолч Долгион “Түүнийг Ерөнхий сайд байхад эдийн засаг хүчтэй байлаа. Том том төслүүдийг эхлүүлсэн зангарагтай улс төрч” гэсэн бол дуучин Д.Болд “Сүхбаатарчуудад энэ хүн маш хэрэгтэй болоод та бүхэн ингэж олноороо, хүн багтахын аргагүйгээр цуглажээ” хэмээн онцоллоо. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт эдийн засгийн өсөлтийг сэргээх, өр зээлийн асуудлаас салгах даалгаврыг нэр дэвшигч С.Батболдод өгөхийг уриалж байв. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэр бол хөгжлийн стратегич буюу зам заагч бөгөөд эдийн засгийн хямралыг ард түмний нуруунд үүрүүлэлгүйгээр авч гарч чадах хүн гэдгийг дурдаж байв.

  • С.Батболд: Эх орон нэг монгол хүнээс эхэлдэг

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд МАН-ын залуучуудын төлөөлөл болох НАМЗХ-ны гишүүдтэй уулзлаа. Тэрээр “Монгол Улсын хөгжлийн гарц” сэдвээр илтгэл тавьж, улс орны хөгжил, хувь хүний хөгжил, намын хөгжлийн талаар залуучуудтай сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Түүний илтгэлээс товчлон нийтлэв.

    “Замын зураг”-гүйгээр зорьсон газртаа хурдан очиж чадахгүй

    Монгол Улсын хөгжлийн төсөөлөл, хэтийн төлөв, аль нам сонгуульд ялснаас үл хамаараад заавал баримтлах хөгжлийн нэгдсэн бодлого байхгүйгээс болоод өнөөдөр бид улсаараа харанхуйд тэмтчиж яваа юм шиг болжээ. Очих газар буюу хөгжлийн чигийг заасан “замын зураг” бидэнд алга. Өөрөөр хэлбэл, бид газрын зураггүй, чиг заах луужингүйгээр ойд төөрч яваатай бараг л адилаар урсгалаараа тэмтчиж явна. Харин эрх барьсан нам нь нөгөө намаа үгүйсгэдэг зарчим ноёрхлоо. Түүнээсээ болоод заримдаа овоо явж байсан ажлаа ор тас үгүйсгэх, бүр орвонгоор нь эргүүлээд хаячих юм. Төр, засгийн бодлогын залгамж чанар тэр бүр хадгалагдахгүй байна. Өмнөх Засгийн газрынхаа хүрсэн цэгээс цааш явахгүй, хүргэсэн амжилтыг үргэлжлүүлж чадахгүй байна.

    Ойд хоёулаа ч явсан, олуулаа ч явсан хэн нэг нь ахалж урд явж зам заадаг даа. Тэр хүнийг эрх баригч намтай зүйрлэбэл, бид “зам заадаг хүн”-ээ солих бүртээ “өмнөх зам заагч”-ийнхаа хүргэсэн газраас цааш явахгүй, буцаж байрнаасаа хөдлөх, заримдаа бүр өөр зүгт явах гэж зүтгэх юм. Энэ нь түрүүний ярьдаг, хэн ахалж зам заахаас үл хамааран баримтлах нэгдсэн “газрын зураг”-гүйгээс болж байна.

    Би ойрын жишээ авъя. 2008-2012 онд улс орны эдийн засаг ямар байсныг та бүхэн санаж байгаа. 2008-2009 онд эдийн засаг хямралтай байлаа. Санхүүгийн салбарын хүндрэл нь хямрал болон давалгаалах төлөв ажиглагдаж, банкинд мөнгөө хадгалуулсан иргэд санаа зовниж байв. Дэлхийн болон Азийн хямралын цикль, цохилтод манайх автаж байсан үе. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, төмрийн үнэ дэлхийн зах зээл дээр уначихсан, ер нь маш хэцүү байлаа. Нөхцөл байдал хэдийгээр биднээс бараг хамаарахгүйгээр хүндэрч байсан ч, төр төмөр нүүрээ харуулах ёсгүй, хямралыг зах зээлийн урсгалд нь даатгаад орхиж болохгүй, харин ч эрх баригч нам, Засгийн газар “зам заагч”-ийн үүргээ илүү ухамсарлах ёстой гэж бид үзсэн.

    Тийм учраас ард түмэндээ хандаж банкны хямралд санаа зовох хэрэггүй, арилжааны аль нэгэн банк дампуурахад хүрвэл та бүгдийн мөнгөн хадгаламжийг төр хариуцах шийдвэрийг манай Засгийн газар гаргасан. Ингэснээр иргэдийнхээ ч, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаагүй. Улмаар улс оронд банкаар дамжсан санхүүгийн тогтвортой байдлыг бий болгож чадсан. Үр дүн ч гарсан. Олон жил гацсаар ирсэн Оюутолгой төслийг эхлүүлж эдийн засгийн нааштай өсөлтүүд гарсныг хүмүүс мэдэж байгаа. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд эдийн засагчид, гадны судлаачид хүртэл Монгол Улс эдийн засгийнхаа эрчимтэй хөгжлийн гараан дээр очлоо гэж дүгнэж байсан. Бүр тодруулбал, Монгол Улсын эдийн засагт эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгой төсөл, түүнийг дагасан бизнесийнх гэдгийг олон хүн хэлж байлаа.

    Оюутолгойн араас Тавантолгойг ч эхлүүлж чадсан. Монгол Улсын эдийн засаг 2010 онд 11 хувийн өсөлттэй байсан бол, 2011 онд 17.5 хувьд хүрсэн. 2012 онд үүнээс буурахгүй түвшинд байна гэсэн урьдчилсан төсөөлөлтэй, хагас жилийн гүйцэтгэл ч үүнийг баталж байв. Энэ дүгнэлтийг бид өөрсдөө хийгээгүй юм. Дэлхийн банк, ОУВС-гийнхан “Та бүхэн яг энэ бодлогоо бариад явбал Монгол Улсын эдийн засаг дараагийн 20 жилд жил бүр 15-аас доошгүй хувийн хурдацтай өсөж, Азидаа нэгдүгээрт, дэлхийд тэргүүлэх хурдтай өсөлттэй эдийн засагтай болно” гэдэг дүгнэлт гаргаад, олон нийтийн хэвлэл мэдээллээр цацаж байсан. Харин энэ их өсөлтөө ард түмний амьдралд яаж наах, айл болгоны гэрт яаж оруулах, иргэн бүрийнхээ халаас хэтэвчинд яаж мэдрүүлэх вэ гэдэг нь бидний дараагийн том зорилго байлаа.

    Эдийн засгийн өсөлтийн тодорхой хувь нь бүтээн байгуулалт руу буюу эрчим хүч, үйлдвэрлэл, дэд бүтцэд чиглэж улс орны хөгжлийг хангах ёстой. Бас тодорхой хувь нь монгол хүн монгол айлд наалдаж үр шимээ өгөх ёстой гэж үзсэн. Эдийн засаг өсч л байгаа бол цалин тэтгэвэр нэмэгдэх ёстой. Иймд цалинг дунджаар 2.5 дахин нэмсэн. Дээр нь хоёр намын амласан бэлэн мөнгөний амлалтыг өгсөн. Иргэн бүртээ сар болгон 21 мянган төгрөг өгдөг байсан. Иргэддээ бэлэн мөнгө тараалаа гэж шүүмжилдэг. Энд алдаа, сургамж байсныг нуухгүй ээ. Гэтэл эдийн засаг өсч л байгаа бол түүний өгөөжийг иргэн бүр нийгмийн бүтээн байгуулалтаас гадна шууд хүртэх нь хүнээ, дундаж давхаргаа дэмжих зүүн төвийн үзэл баримтлалтай намын зөв бодлого байсан гэж би одоо ч үздэг. Бас нэгэнт амласан л бол ард түмнээ хуурч болохгүй, улстөрийн хүчин хариуцлагатай, сонгуулийн амлалт биелдэг байх учиртай гэдэг үүднээс манай Засгийн газар хүний өөрийн намын гэлтгүй зүтгэсэн, өгсөн. Ер нь цаашдаа бол бэлэн мөнгийг хэт хавтгайруулж олгохоосоо ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, амьдралын баталгаажих түвшнээс доогуур амьдралтай гэр бүлд, хүүхдүүдэд, оюутнуудад нийгмийн зорилтод хэсэг рүүгээ чиглүүлэх нь илүү оновчтой. Тийм бодлогыг бид одоо ч гаргаж хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Энэ бүгдийг бид гаднаас авсан бонд, зээлийн өрөөр хийгээгүй. Ердөө хоёрхон жилийн өмнө бид өнөөдрийнх шиг улсаараа бондын мөнгөөр амьдардаггүй байлаа.

    Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлтийн хурд маш эрчтэйгээр саарлаа. 17.5 хувь хүрч байсан өсөлт энэ оны дүнгээр 5.3 хувьтай гарах төлөвтэй. Мөнгө төгрөг байхгүй боллоо. Цалин тэтгэвэр нэмэх, иргэн бүртээ мөнгө өгөх нь байтугай, хүүхдийн мөнгөө өгч чадахгүйд хүрлээ. 2015 оны төсөвт яаж ийгээд эрх баригчдын энэхүү алдаатай бодлогыг зогсоох ёстой. УИХ дахь манай МАН-ын бүлэг ч төсөв хэлэлцэж байгаа энэ хариуцлагатай цаг үед дээрх байр сууринаас хандаж байна.

    Би Засгийн газрыг тэргүүлж байх хугацаандаа гурван удаа төсөв батлуулж байв. Хамгийн өндөр нь 4.9 их наядын төсөв байсан. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны төсөв нь 7.9 их наяд, дээр нь Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4.0 их наяд төгрөг байв. “Чингис” бондын 1.5 сая ам.долларын нөөцтэй, өнөөдрийн ханшаар бараг 3.0 их наяд төгрөг руу дөхөх байх. Хөгжлийн банкны 580 сая ам.доллар бас “Самурай” бондын хөрөнгө, Засгийн газар өөрөө 1.0 тэрбум төгрөгийн бонд гаргачихсан. БНХАУ-тай Монголбанк төгрөг юаны своп хэлцэл хийгээд, тэрнээсээ 1.0 тэрбум гаруйг нь аваад ашиглачихсан. Манай Засгийн газрын үеийн төсвийн зарцуулалтаас тав дахин их төсвийн эх үүсвэртэй мөртлөө цалин, тэтгэврийг яагаад нэмсэнгүй вэ, яагаад ард түмэн рүү хандсан нийгмийн халамжийн бодлого явахгүй байна вэ. Энэ их мөнгө ерөнхийдөө АН-ын угшилтай, тэднийг дэмждэг компаниудаар гүйцэтгүүлж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болоод явчихвуу, сум хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн мөнгө хаагуур, юунд хуваарилагдав, хэрхэн зарцуулагдав гэдгийг тодорхой мэдэх юм алга. Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгө л гэхэд ард түмэндээ сар бүр 21 мянгаар тараахад таван жилд хангалттай хүрэлцэх мөнгө байлаа шүү дээ. Иргэн бүртээ 1.2 сая төгрөг өгч болох мөнгийг л үнэ тогтворжуулах нэрээр гаргалаа. Тэгээд үнэ тогтворжсон билүү гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүйгээр долларын ханш, хүнсний гол нэрийн барааны үнийн өсөлтөөс бэлээхэн мэднэ. Яагаад ийм хариуцлагагүй, бодлогогүй явж, Эдийн засгийн өсөлтийн хурд огцом саараад байгааг асуухад Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Хятадын зах зээл муу байна, Америкийн зах зээл муу байна гэж хариулах жишээтэй. Ямар нэг хэмжээгээр нөлөөлөл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ манайхан өөрсдөө бодлогын алдаа гаргаж, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, ард иргэдийн итгэлийг алдсанд л хэргийн гол учир оршиж байгаа юм.

    Энэ хавар Австралд хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөлтэй уулзалтад манай Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар мөн АН-ын зарим УИХ-ын гишүүд оролцжээ. Тэндэхийн 160 гаруй бизнесмэн цуглаж, УИХ-ын гишүүдтэй санал солилцсон байгаа юм. Та бүхэн яагаад Монголд хөрөнгө оруулалтаа зогсоочихов, яагаад Монголд ирэхгүй байна вэ гэж асуухад уул уурхайн баялаг, хөршийн таатай орчин, ардчилсан нийгмийн тогтолцоо гээд олон сайхан давуу тал танай улсад бий. Гэхдээ танай улсад итгэхэд хэцүү, хуулиа огцом өөрчилж байна, худлаа ярьж байна, тийм учраас 2016 оны сонгуулийн дүнг харна гэж хариулсан байна лээ. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулагчид хүртэл манай сонгуулийг, “зам заах дараагийн заагчийг” хүлээж байна шүү дээ. Энэ нь өөрөө биднийг, Монгол Улсыг хөгжлийн загвар концепцтой байх ёстой юм байна, тэр нь сонгуулиас сонгуулийн хооронд биш, дунд хугацааны, 10, бүр 20 жилийн хөтөлбөр байх ёстой юм байна гэдгийг хэлж байгаа юм.

    Энд нэг жишээ хэлэхэд Катарыг 1990 оноос өмнө “тэмээн дээр байсан улс” гэж ярьдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд Катарын ДНБ-ий үйлдвэрлэл 120 тэрбум ам.доллар болжээ. “Тэмээн дээр байх” үед нь 5.0 тэрбум ам.доллар хүрэхгүй байсан юм билээ. Хүн ам нь нэг сая хүрэхгүй шүү дээ. Тэд яаж ингэж чадав гэхээр хөгжлийн нэгдсэн бодлоготой, тэр бодлогоороо тууштай, улсаараа зөвхөн урагшаа явсан. Харин манайд ийм бодлого байхгүй, бүгдийг шинээр эхлэх гэхийн зэрэгцээ улсаараа биш, зөвхөн сонгуульд ялсан намаараа, тэр намынхан л урагшаа явах гэж зүтгээд байна. Энэ бидний, Монгол Улсын хөгжлийн загвар биш ээ.

    Дэлхийн улс орнуудыг гурван хэсэгт хувааж үзэж, эндээс сонголтоо хийх хэрэгтэй. Ядуурал нэлээд ихтэй Африк, Латин Америкийн улсууд, баялагтай орнууд, хөгжилтэй орнууд гэж гурав хувааж болно. Норвеги, Шинэ Зеланд гэх мэт хөгжилтэй орнууд хөгжлийн зөв төлөвлөлт хийж чадсан учир иргэд нь бүтээгч болсон. Энэ улсуудын ялгаа нь засаглалд нь байна. Бид тэдгээрээс шилдэг засаглалыг нь сонгон авах ёстой. Судалгаан дээр үндэслэсэн, бусдын зөв сайныг ухаалаг авсан, дугуйг дахин бүтээх шаардлагагүй, илүү шинийг хийх тийм загвар руу орох ёстой. Манайд бол хэн хурц тод, чангаар үг хэлэв гэдгээр л хөгжлийн бодлогоо тодорхойлдог болжээ гэж twiittert бичсэн байсныг уншсан юм байна.

    Ийм эмоциор, ийм популизмаар явсан буюу савалтууд манай хөгжлийг сааруулж байна. Ухамсартай, бодлогын төлөвлөлт, судалгаатай хөгжил рүү явах ёстой. Үүнийг үндэсний зөвшилцлийн хүрээнд ярих ёстой. Нэн ялангуяа манай намын залуус та бүхэн үүнд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой юм шүү. Одоогоор дэлхийн аль ч улс оронд төр, засгийг улстөрийн намаар дамжуулж байгуулж байна. Тийм учраас улстөрийн намын үүрэг оролцоог хэт үгүйсгэх боломжгүй. Гэхдээ улстөрийн намууд байгаа учраас Монгол Улс байгаа юм биш шүү дээ. Монгол Улс байгаа учраас улстөрийн намууд байгаа юм. Тийм учраас эрх ашгийн эрэмбийн эхэнд ямагт улс, үндэстний эрх ашиг байдаг, өнөөдрийнх шиг улстөр нь урдаа явж эдийн засгаа чирж унагадаг бус, эдийн засаг нь өмнөө гарч улстөрөө хөтөлж явдаг тийм эрүүл нийгмийг бүтээх нь монгол хүн бүрийн мөрөөдөл. Үр хойчдоо тийм нийгэм үлдээх нь бидний үүрэг.

    Их мөнгө, ганган машин сайхан амьдралын хэмжүүр биш

    Бид хүний хөгжлийг эрхэмлэх ёстой. Эдийн засагт үл хөдлөх хөрөнгө үнэт цэнэтэй бол улс оронд хамгийн үнэт капитал бол хүн. Цээжээ дэлдсэн нөхдүүдийг нийгэм нь дагаад хэт саваад ирэхээр үл итгэлцэл, болгоомжлол бий болж, үүний уршгаар эдийн засгийн өсөлтөө сааруулж, өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжил гэдэг зүйлийг алга болгоод байна. Германы Бундестагийн ордны хаалган дээр ийм бичиг байдаг гэсэн. “Бидний эрхэм зорилго бол герман хүний эрх ашгийг, герман хүний хөгжлийг тэтгэхэд оршино” гэж. Манайд ч гэсэн монгол хүний эрх ашгийг, монгол хүний хөгжлийг яаж зөв тэтгэх вэ гэдэг дээр төр засаг фокусаа тааруулах ёстой.

    Хүний хөгжил хүүхдээс, хүүхэд наснаас эхэлнэ. Хүүхэд эрүүл өсөх ёстой. Эрүүл хүнд л саруул ухаан оршино. Саруул ухаантай хүн л зөв шийдвэр гаргаж чаддаг. Манай Засгийн газраас Эрүүл монгол хүн, эрүүл монгол хүүхэд хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхэд бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэлж байсан нь энэ санааг төрийн бодлого болгож байсан хэрэг. Эрүүл мэндийн дараа боловсрол хамгийн чухал. Боловсролын зөв стандарт тогтоомоор байна. Бид Кэмбрижийн стандартыг нутагшуулах талаар нэлээн ажлуудыг хийсэн боловч энэ Засгийн үед “гадаад нэртэй” гээд солигдсон сурагтай байна лээ. Амьдралын ухааныг англи хэл, интэрнэттэй нь хосолж заадаг энэ академик сургалтыг дэлхийн 130 гаруй орон хэрэгжүүлээд явж байна. Амжилтын нэг жишээ нь Сингапур. Дүүрэг, аймгаас эхлээд бүх сургууль энэ тогтолцоо руу орж, төр зохих зардлыг гаргах ёстой гэж үзэж байв. Харин сая огцорсон Засгийн газар энэ эрчийг сааруулсан, гэхдээ арай ч зогсоочихоогүй болов уу гэж найдаж байна.

    Хүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсролтой болгох, ажилтай байлгах, монгол хүнээ бүтээлч хүн болгох чиг рүү л бид явах ёстой юм. Бэлэнчилдэг, өрсөлдөх чадвараа хангаж чаддаггүй, хар ухаан, лоббиг чухалчилдаг, хэсэг бүлэг хүнийг аргадаж, аргалж амьдардаг биш, орчин үеийн өрсөлдөөнтэй ертөнцөд тэмцэж амьдрах залуу үеэ бид бэлдэх ёстой. Энэ зарчмаас бид ухрах ёсгүй.

    Эх орон нэг монгол хүнээс эхэлдэг. Эх оронгүй хүн гэж байдаггүй. Нэг иргэнээс, нэг монгол хүнээс эхэлж Монгол Улс бий болно. Нэг монгол хүний эрүүл саруул, боловсролтой, идэвх эрмэлзэлтэй, дэлхийн хүмүүстэй хөл нийлж алхах чансаатай болгох зорилт нь нийт Монголоо хөгжүүлэх зорилтын түлхүүр, оньс юм.

    Хүний ертөнцөд ирээд буцах тэр хугацаандаа хүн сайхан амьдрах ёстой. Тэр сайхан амьдралаа хүн өөрөө бүтээх ёстой. Үүний тулд эрүүл, боловсролтой байх нь хамгийн чухал. Түүнээс бус, мөнгө бол сайхан амьдралын баталгаа, эх үүсвэр биш. Мөнгө бол сайханд амьдрахад хэрэгтэй хэрэгсэл л болохоос сайхан амьдралд хүргэдэг гол хөдөлгүүр биш. Харин сайхан амьдралд хүргэдэг хөтөч нь, сайхан амьдралын гол тулгуур нь эрүүл мэнд, боловсрол юм. Нэг сайхан үг байдаг юм. Хүн өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр байх ёстой гэж. Өөрийнхөө амьдралын гол дүрд бусдыг тоглуулаад өөрөө туслах дүрд нь тоглоод явна гэдэг бол гунигтай. Өөрөөр хэлбэл, залуус та бүхэн өөрийнхөө амьдралыг өөрсдөө л бүтээ, бусдын цүнхийг барьж гүйгээд биш, өөрийнхөө цүнхийг барьж яваад өөрийнхөө амьдралыг бүтээхийн төлөө зүтгээрэй. Хүн болгон нь учиргүй их мөнгөтэй, айл болгон хаустай байх нь манай нийгмийн хамгийн том зорилго биш шүү. Их мөнгө, өндөр шилэн байшин, гоё ганган машин бол эцсийн зорилго биш, сайхан амьдралын хэмжүүр ч биш. Хамгийн гол нь эрүүл, боловсролтой иргэдтэй, хүчтэй дундаж давхаргатай аюулгүй орчин бүхий амгалан амьдрах нийгэм бол бидний, ялангуяа залуус та бүхний бүтээх стандарт шүү.

    Тэд МАН-гүй АН-д ашигтай гэдэг бол, бид АН-гүй байх нь Монголд хохиролтой гэж үздэг

    Дэлхийн улс орнуудын улс төрийн намуудын хөгжлийн түүх, төлөвшлийг аваад үзвэл олон намын тогтолцоо байсаар байгаа хэдий ч сүүлдээ хоёр үндсэн чиглэлд хуваагдаж байна. Энэ бол төвөөсөө баруун тийшээ, төвөөсөө зүүн тийшээ гэсэн хоёр чиглэл. Сүүлийн үеийн чиг баримжааг харахад төв рүүгээ тэмүүлсэн зүүн төвийн үзэл баримтлал харьцангуй давуу байдлаар зонхилж, барууны намууд нь ч мөн төв рүүгээ тэмүүлэх хандлага ажиглагдаж байна.

    МАН бол сонгодог утгаараа зүүн төвийн чиглэлийн нам гэдгээ зарлаад тодорхойлчихсон, нийгмийн чиг баримжаатай нам юм. Энгийнээр тайлбарлахад зүүн болон баруун төвийн үзэл баримтлалын үндсэн шинж бол төрийн оролцоо, төрийн зохицуулалт ямар хэмжээнд байх ёстой юм гэдгээр л илэрхийлэгдэж байгаа зүйл. Төрийн оролцоо хэтрээд, бүх юмыг зохицуулаад, 100 хувь төрөөс хамааралтай явах юм бол энэ нь мэдээж хэрэг коммунизм, социализм болно. Төрийн зохистой оролцоо байх ёстой. Яагаад гэвэл чадвартай, ухаалаг, зохицуулалттай хэсэг нийгмээ авч явдаг. Олон төрлийн чадвартай олонлог ийнхүү оршихын зэрэгцээ ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэтчилэн төрийн халамж, анхааралд заавал байх ёстой бүлэг, салбарууд бий. Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол гэх мэт том салбарууд байдаг. Зүүн төвийн нам энэрэнгүй төрийн оролцоог зохистой хэмжээнд барьж, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог нийгэмд хүртээмжтэй хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

    Нийгэмд баян ядуугийн ялгаа хэтэрхий их байх ёсгүй. Нийгэм юун дээр тогтож, тогтвортой байх ёстой юм бэ гэвэл зүүн төвийн үзэл баримтлалаар бол нийгмийн дундаж давхарга хамгийн гол цөм нь, үнэт зүйл нь юм. Нийгмийн бүлэг хэсгүүд тодорхой хэв шинжээрээ ялгарах ч чинээлэг дундаж давхарга дийлэнх хувийг эзлэх ёстой. Үүн рүү чиглэсэн нийгэм эдийн засгийн бодлогыг явуулдаг улс төрийн хүчнийг зүүн төвийн үзэл баримтлалтай нам гэж нэрлэдэг. Энэ нь мнай МАН-ын үзэл баримтлал, улстөрийн бодлого гэсэн үг л дээ.

    Эгнээндээ 200 орчим орны улс төрийн намуудыг нэгтгэж чадсан Соц интернационалын Азийн гол намуудын нэг болж чадсан явдал бол бидний бахархал юм. МАН-ын явуулж буй бодлого, бидний түүхэн нэрээ сэргээж чадсан, шинэчлэл явуулж чадаж байгаа чадварыг маань үнэлж СоцИнтерн манай намыг дэмжиж Ази тивд идэвхитэй үүрэг, үйл ажиллагаа хариуцуулдаг ба энэ ч утгаараа СоцИнтернийн Дэд Ерөнхийлөгчөөр миний бие ажилладаг. Хамгийн сүүлд буюу энэ оны аравдугаар сард Нью-Йоркт болсон СоцИнтерний хуралд оролцож, мэдээлэл солилцож байхад энэ чиглэлийн намууд Европт сонгуульд түлхүү амжилт гаргаж илүү эрх баригч болж байгаа гэж ярьж байна лээ. Хойд Европын орнууд, Скандинавын орнууд, түүний дотор Швед, Норвеги зэрэг улсын нийгмийн хөгжил харьцангуй тогтвортой, дэлхийд үлгэр жишээ болж байна. Тэдний модель загваруудыг аваад үзвэл бүгдээрээ л зүүн төвийн үзэл баримтлалтай намууд байх жишээний. Ийм намууд олон жил төр барьж, нийгмийн чиг хандлагатай бодлогыг тууштай явуулж ирсний дүнд хүчирхэг дундаж давхаргатай, тогтвортой нийгмийг бүрдүүлж чадсан байна. Бодлогынхоо төвд дундаж давхаргыг тавьсан намууд эрх баригч болж чадаж. Иргэд нь ч, нийгэм нь ч үүнийг хүсдэг.

    Эндээс үзвэл манай МАН зөв чиг хандлагатай, зөв байр суурь дээр байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. СоцИнтерний Нью-Йоркт болсон хурлын үеэр жендерийн асуудлыг хөндөж байна лээ. Эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог шийдвэр гаргах түвшинд хангаж өгөх ёстой гэсэн үзэл баримтлалыг зүүн төвийн намууд хүчтэй ярьдаг. Энэ чиг хандлагыг МАН анх мэдэрч, эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувиас доошгүй байхаар дүрмэндээ хийсэн юм.

    Зүүн төвийн намуудын одоо ярьж байгаа гол сэдэв эдийн засгийн тэгш байдлын асуудал байна. Баян, ядуугийн зааг ялгааг ойртуулах, дундаж давхаргаа дэмжих энэ бодлогыг олон улсын түвшинд ч, манай улс төрийн намуудын түвшинд ч ярих ёстой болжээ. Эдийн засгийн тэгш байдлын асуудлыг шинэ бодлого болгон дэвшүүлэх цаг иржээ. Гэтэл АН-ын хувьд барууны чиг баримжаатай мөртлөө явуулж буй бодлого нь заримдаа хэт зүүнийх болоод явчихдаг. Сонгуулиас сонгуулийн хооронд савласан, аль чиглэлд яваад байгаа нь ойлгомжгүй ийм бодлого явуургүй. Анх Хүүхдийн мөнгийг хавтгайд нь тараах санаачилгыг гаргаж, хэрэгжүүлж байсан шүү дээ, АН. Хавтгайрсан амлалтуудын санаачилгыг тэд гаргаж л байсан. Гэсэн хэрнээ амлалтын авторыг манайх руу түлхэнэ гэж жигтэйхэн.

    Зүүний гэж үздэг МАХН-тай эвсэл болоод засаг байгуулаад явж байх жишээтэй. Явуулж буй бодлого нь баруун юм уу, эсвэл зүүн юм уу, эсвэл ямар ч бодлого байхгүй юм уу, тэрнээсээ болоод дотроо ойлголцохгүй яваад байна уу ч гэмээр. Ер нь товчоор хэлбэл, МАН бол сонгодог утга, институцийнхээ хувьд улстөрийн нам болж чадсан, тэгж улам төлөвшиж яваа бол АН-ынхан маань арай болоогүй, тэгж чадахгүй байгаа нь засаглаж байгаа байдлаас нь харагдаж байна. Эрх барьж байгаа намын нөхөд минь хурдан төлөвшиж, байх ёстой байраа эзлээд, өөрсдийн үзэл баримтлал, итгэл үнэмшлээр улс төрийн болоод нийгмийн үйл ажиллагаа явуулаасай гэж бид хүсдэг. Бид тэднийг муу муухай байгаасай, уналтад ороосой гэх мэтээр сөргөөр хандаж байсангүй.

    Ардчиллын институт гэдэг утгаар ч, улс төрийн намууд бэхжин төлөвших нь Монголд хэрэгтэй гэдэг үүднээс дутуу үнэлэх, мөн үгүйсгэж байгаагүй. Харин зөв төлөвшөөсэй, улс орны хөгжил зөв яваасай, зах зээлийн үндсэн зарчмаараа баруун, зүүн гэсэн энэ хоёр хандлагаа баримтлаасай гэж боддог. Харамсалтай нь АН-ын зарим нөлөө бүхий хүмүүс МАН-ыг байхгүй болгох хэрэгтэй, булшлах хэрэгтэй гэх мэт хариуцлагагүй ярианууд гаргадаг. МАН байхгүй болох нь АН-ын л тэдгээр хүмүүст хэрэгтэй гэдэг бол, бидний зүгээс АН байхгүй болох, бүр сул муу байх нь Монгол Улсад хохиролтой гэж үздэг. Бидний ялгаа энэ. Яагаад зүүн, барууны гэж ялгарах хэрэгтэй гэвэл энэ бол дэлхийн чиг хандлага. Ингэж зүүн, баруунаараа ялгарна гэдэг маань лекцийн эхэнд ярьсан “хөгжлийн зам зураг”-ынхаа дагуу зорьсон газартаа аль нам нь Монгол Улсаа, монголчуудаа хурдан хөгжилд хүргэх вэ, гэдгээрээ л өрсөлдөж, ард түмнээрээ шүүлгүүлж байгаа хэрэг шүү дээ. Хэрвээ ингэж ялгарахгүй юм бол сонгууль хийхийн хэрэг байхгүй болно.

    Залуучууд та нар өөрийн намаас гарч буй бодлогын баримт бичгүүдийг сайн унших хэрэгтэй. Нийгмээ манлайлж, эрүүлжүүлэх фронтод нэгдэх цаг болжээ. Бид дараагийн сонгуульд нэг зарчмыг хатуу барих ёстой гэж бодож байна.

    Шинэ нүүр царай, шинэ бодлого, шинэ эрч хүчтэй залуусыг улс төрд түлхүү оруулах хэрэгтэй. Тэгэхийн тулд та бүхнээс санаачилга, манлайлал, идэвхтэй оролцоог хүлээж байна. Манай нам уламжлал залгамж чанар сайтай, бие биеэ нөхдөг, хурдан шинэчлэгдэж чаддаг нам. АН-ын удирдлагуудыг хар л даа. 20 гаруй жилийн өмнө өнөөгийн улстөрчид нь намынхаа гол дүр болоод зогсож л байсан, одоо ч бас хэвээрээ л байна. Гэтэл энэ хооронд манай намын хэдэн үе солигдов? Манай удирдлагууд солигдсон ч гэлээ, бид өмнөх үеэ хэзээ ч үгүйсгэж байсангүй. Илүү ардчилсан, илүү эрч хүчтэй нам бол манайх. Харин үүнийгээ ажил хэрэг болгох идэвх жаахан сул байгаад анхаарах ёстой.

    Тиймээс залуус та бүхнээс маш их зүйлийг хүлээж байгаа шүү гэдгийг давтан хэлэхийг хүсч байна. Бас нэг тогтолцоогоор нөгөө тогтолцоог хэт үгүйсгэж, нэг тогтолцоог хэт шүтэж болохгүй. Бизнест үндэсний хөрөнгө оруулагчдын эрх ашгаас давсан гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тэрэнтэй адилаар улстөрд ч улс үндэсний, эх орны эрх ашгаас давсан, харшлах улстөрийн үзэл баримтлал, ямар нэгэн тогтолцоо гэж байх учиргүй гэдгийг бас хэлэхийг хүсч байна.

    Ингээд залуучууд хэзээ ч хөгжлийн манлайлагч, санаачлагч, бүтээгч байж ирсэн уламжлалыг улам баталгаажуулж өмнөх үеэсээ илүү ихийг хийж бүтээж эх орныхоо хөгжилд илүү их хувь нэмэр оруулахыг та бүхэндээ хүсэн ерөөе.

  • ​”Бид хамтдаа чадна” ном хэвлэгдэн гарлаа

    УИХ-ын гишүүн, Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд асан С.Батболдын ” Бид хамтдаа чадна” ном хэвлэгдэн гарлаа. 2009-2012 онуудад Ерөнхий сайд байсан тэрбээр Засгийн газрыг тэргүүлж байхдаа хийж гүйцэтгэсэн ажлуудаа товчлон эмтхэтгэснээс гадна УИХ –ын чуулган түүнчлэн, орон нутагт ажиллах үеэрээ иргэдэд хандан хэлсэн үгээ ч нэгтгэжээ. Нийтдээ дөрвөн ботиор хэвлэгдэн гарсан тус номонд сонирхолтой гэрэл зургийн түүх мөн багтсан байна.

  • Сү.Батболд СоцИнтернийн комисст ажиллана

    Дэлхийн Социалист интернационалын тэргүүлэгчид өнгөрсөн өдрүүдэд НҮБ-ын чуулганы үеэр АНУ-ын Нью-Йорк хотноо хуралдаж, олон улсын байдал, энх тайван, аюулгүй байдлын асуудлаар тус хөдөлгөөний хийх ажил, дэлхийн эдийн засгийн байдал болон цаг уурын өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцлээ. Хуралд ӨАБНУ-ын ерөнхийлөгч Я.Зума, Нигерийн Ерөнхийлөгч М.Исуфу, Бельгийн Ерөнхий сайд Э.Ди Рупо, Австрийн Ерөнхийлөгч асан A.Гусенбауэр нар хүрэлцэн иржээ. Монгол Улсаас МАН-ыг төлөөлж Социнтерний дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар оролцлоо. УИХ-ын гишүүн Сү.Батболд  хуралд хэлсэн үгэндээ улс орнуудын эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд улс орнуудын эрх тэгш байдлыг хангахын чухлыг цохон тэмдэглэв. Тэрээр эдийн засгийн хүндрэлээс амжилттай гарахын тулд хүн амын хувьд амаргүй арга хэмжээнүүдийг авахад хүрдэг бөгөөд энэ цаг үед Социнтерний гишүүн орнууд эдийн засгийн тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэх нь улс орнуудын хөгжилд нааштай нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Хуралд оролцогчид ч зарим улс орны эдийн засаг хямралтай байгааг дүгнэж, хямралт байдлаас гарах арга хэмжээг төлөвлөхдөө эдийн засгийн тэгш эрхийн зарчмаар хандахын чухлыг тэмдэглэж байсан юм. Хурлаас эдийн засгийн тэгш эрхт байдлыг судлах олон улсын комисс гаргахаар шийдвэрлэж, уг комисст Социнтерний дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, ЭҮКН-ын дарга Соня Ганди, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Я.Зума, Бельгийн Ерөнхий сайд зэрэг олон улсын нэр хүндтэй зүтгэлтнүүд ажиллахаар болжээ.  Тус комиссыг Бельгийн Ерөнхий сайд Э.Ди Рупо тэргүүлэх аж.