Ангилал: үйл-явдал-event

  • Говьсүмбэр аймагт дулааны станц барих ажил эхэллээ

    Говьсүмбэр аймагт найдвартай, иж бүрэн дулаан хангамжийн системийг байгуулж, хэрэглэгчдийг хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар жилийн турш тасралтгүй хангах дулааны станц баригдахаар шав тавилаа.

    Энэхүү станц 2024 онд бүрэн ашиглалтад орсоноор төр, хувийн хэвшлийн 90 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй орон сууц дулаан болон хэрэглээний халуун усанд холбогдох юм.

    Шинээр баригдах дулааны станц нь орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудлуудын нэг болсон агаарын бохирдлын асуудлыг бууруулахад үлэмж их хувь нэмэр оруулна.

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний санаачлан хэрэгжүүлж буй төвлөрлийг бууруулах зорилтын хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даахаар болсон. Говьсүмбэр аймагт дулааны станц ашиглалтад орсоноор энэхүү бодлогын хүрээнд олон тооны хямд өртөг бүхий тохилог орон сууц баригдах нөхцлийг бүрдүүлэх юм.

    Шинээр суурилагдах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух нь ашигт үйлийн коэфциент (85-90%) өндөртэй тул түлшний бүрэн шаталт явагдсанаар нүүрсний хэрэглээ, үнсний гаралтыг бууруулах юм. Мөн дулааны станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын утааны гол бохирдуулагчдын дундажтай харьцуулахад хүхэр, азот, тоосонцрыг 70-90 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.

    УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба

  • УИХ-ын гишүүн С.Батболд СоцИнтерний хуралд илтгэл тавив

    Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 133 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй СоцИнтерн (Социалист Интернационал) байгууллагын Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

    Уг хуралд МАН-аас тус холбооны Дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Батболд оролцож, “Украйн дахь нөхцөл байдал ба дэлхий нийтийн энх тайвныг хадгалахад зүүний чиглэлийн үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавив.

    Ташрамд дурдахад, СоцИнтернд Монголоос ганцхан нам бүртгэлтэй байдаг нь МАН ба С.Батболд 2012 оноос тус холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

  • Сар шинийн мэндчилгээ

    СОРИЛТЫГ ТУУЛЖ ЯЛАЛТАД ХҮРДЭГ

    Цагийн сайхан, хүслийн дээд бүхэн сар шинэтэй цуг учран золгодог, бүрдэн үргэлжилдэг хэмээн гойд билэгшээн үздэг монгол түмэн зон олноороо хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр муу үйл үйлдэхийг бүү хэл, осол задгай үг хэлэхийг хүртэл цээрлэн тэвчиж, дандаа билэг дэмбэрэлийг бодож, ашид ариун ерөөлийг дээдэлж, ахас ихсээ хүндэлж, нялхас багачуудаа баясгаж, айл хотол, ахан дүүсээрээ магнай тэнийн баясан бахдаж ирсэн нэн эртний уламжлалтай, төгс их түүхт баярын өдөр билээ.

    Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол монгол түмний хувьд, хахир өвлийг цариг тэнхлүүн давж, урин хавартай учран золгож буй цаг наашилсны эхлэл өдөр төдийгүй, хүн бүрий эрдэнэт биеийг олж төрснөө тэмдэглэдэг нэгэн ёсны нийтийн баярын даллагатай гойдын сайхан өдөр юм.

    Хульжирч буй хулгана жилийн сүүл, угтан золгож буй XVII жарны төмөр үхэр жилийн босгон дээр манай дундговьчууд, говьсүмбэрчүүдийн хувьд ярьж тэмдэглүүштэй олон сайхан үйл явдал өрнөн дэлгэрч байгаад бид бүхэн гойд билэгшээн тэмдэглэж байна.

    Зуншлага оройтож, хол ойрын нүүдэл дагасан малын хөлөөр өвөлжөө бэлчээр нэн хүндэрсэн ч, манай малч түмний цуцашгүй хөдөлмөр, нүүдэллэн очсон нутаг орны хүмүүсийн халуун сэтгэлийн үрээр хахир өвлийг хохирол багатай давж, хаврын тэргүүн сартай золголоо. Үүний ч баталгаа болж, дөнгөж өчигдөрхөн Монгол Улсын Засгийн газраас уламжлал ёсоор Улсын аварга малчид, саальчдыг шалгаруулахад, манай хоёр аймгийн найман шилдэг малчид тэдний дунд нутаг орныхоо нэрийг дуудуулж, аймаг сумдынхаа ард олны сэтгэлийг баясгаж, урмыг төрүүлэв. Тэднийхээ тухайд энэ мэндчилгээндээ нэг бүрчлэн дурдмаар байгаа ч, цаг хэмнэх үүднээс Монгол Улсын аварга саальчнаар тодорсон Дашдаваагийн Хорлоогийн амжилтын талаар цухас дурдъя.

    Говийн байгаль хахир, говийн малын сааль сүү татуу гэх бодлыг хөдөлмөр зүтгэлээр нөхөж болдогийг, сум, аймаг, нийслэл хотоос хичнээн хол ч байсан өрх бүхэн үйлдвэрлэгч байж болохыг саальчин Д.Хорлоо бүрэн харуулж чадсан учраас энэ жилийн аварга саальчнаар тодорлоо. Д.Хорлоо бол өрх гэрийнхээ малыг сааж, өөрийн гэсэн нэрийн олон сайхан бүтээгдэхүүнийг бий болгож, нэрд гарчээ. Ийм бүтээгч, үйлдвэрлэгч малчид улам олон болох нь дамжиггүй.

    Говийн хоёр аймгийн төсөв гойд чамлалтай байдаг тухай олон жил яригдаж ирсэн бол, гарч буй төмөр үхэр жилийг их бүтээн байгуулалтын жил хэмээн нэрлэхүйц тийм далайцтай ажил өрнөсөн жил болно гэж найдахаар төсөв батлагдлаа. Энэ бол говь нутгийн хоцрогдлыг арилгах гэсэн төр засгийн бодлого шийдвэрийн тусгал мөн.

    Та бидний үдэж байгаа хулгана жил ч тэр, одоо бидний баясан угтаж буй үхэр жил ч ялгаагүй, их сорилтын он жилүүд гэхэд болно. Тулсан бүхнийг та бид туулах ёстой, туулах туулахдаа амжилт бүтээл дүүрэн, итгэл зориг төгөлдөр цаг хугацааны нэгэн сорилт хэмээн туулах ёстой. Тэгсэн цагт ялалт бүхэн ирнэ.

    Гарч буй энэ үхэр жил бол олон их ой тэгшрэх утга төгс он жил билээ.

    XVII жарны төмөр үхэр жилдээ улс орноороо, аймаг сумаараа, төрөл садан олноороо эрүүл энх, амар амгалан, дүүрэн баяртай, түвшин жаргалтай, амжилт бүтээлээр ундарч байхын ерөөл дэвшүүлье.

    Сар шинэдээ сайхан золгоорой!

    Монгол Улсын 26 дахь Ерөнхий Сайд,

    Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболд

  • УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын албанаас мэдэгдэл гаргалаа

    Сүүлийн өдрүүдэд зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн С.Батболдыг Оюу толгойн гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, улмаар гэрээний яриа хэлэлцээнд хууль бусаар нөлөөлөх замаар авлига авсан мэт, Эрдэнэт УБҮ-д хууль бус “шахаа” хийсэн, гадаадад байр, өмч хөрөнгө нуусан гэх зэргээр илт худал гүтгэлгийг зохион байгуулалттайгаар түгээж байгааг няцааж, дараах мэдэгдлийг хийж байна.

    Нэгдүгээрт, С.Батболдыг “10 гаруй улсад 100 гаруй компани, олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй” гэх зохиомол хэрэг нь бүхэлдээ энд тэндээс хамж шимсэн авцалдаа, логикгүй хов живийн цуглуулга, С.Батболдтой ямар ч хамааралгүй гадны бизнес эрхлэгчдийн компаниудын нэр, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт байна гэдгийг албан ёсоор холбогдох бүх газар мэдэгдсэн. Улмаар энэхүү гүтгэлгийг тарааж буй этгээдүүд үнэнд гүйцэгдэн Нью Йоркийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлээс С.Батболдын нэрийг өөрсдөө татан авсан болно. Эрдэнэт УБҮ, Эрдэнэс Оюу Толгой ХХК зэрэг хуулийн этгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тэр бүү хэл Монгол Улсын Засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хуурамчаар ашиглан маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр эхлүүлсэн нь гадаадын шүүхийн тогтолцооны нэр хүндийг ашиглах, олон нийтийг төөрөгдүүлэхэд чиглэсэн улс төрийн бохир арга гэдэг нь энэхүү шүүхийн ажиллагааны үеэр тодорхой мэдэгдсэн болно. Гэтэл гүтгэлэг тараагчид үнэнд ялагдсанаа огт дурсахгүй, мэдээгүй мэт цариалан үндэслэлгүй нь нотлогдсон “Нью-Йоркийн шүүхийн хэргийн материал” гэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тангад ном мэт зогсолтгүй тарааж байгаа нь энэ бүх гүтгэлэг эртнээс төлөвлөсөн, улс төрийн зорилготой үйлдэл болохыг харуулж байна.

    Хоёрдугаарт, гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдийн өөрсдийнх өгсөн баримтаар аль 1997 оноос дэлхийд томд тооцогдох “Самсунг” компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, Эрдэнэтийн УБҮ-тэй хамтарсан “ЭрдСам” компанийн дэд захирал байсан, түүнээс хойш Монголд зэсийн баяжмалын бизнес 20 шахам жил эрхэлсэн Солонгос бизнесмен Чёон Чү Ёон болон түүний бизнес хамтрагчдын компани, өмч хөрөнгийг С.Батболдод хамааралтай болгон нялзаах гэсэн нь ээлжит нэгэн гүжир гүтгэлэг юм. Тухайн бизнесмэн нь С.Батболдыг Ерөнхий сайд болохоос 12 жилийн өмнө зэсийн баяжмалын бизнесээ хийж л байсан, Ерөнхий сайдаас буусных нь дараа ч олон жил энэ бизнесээ эрхэлсээр байсан нь гүтгэлэг тарааж буй хүмүүсийн өөрсдийн өгсөн баримтаар нотлогдоод байна. Олон жил Монголд бизнес хийсэн хүний танилын хүрээ өргөн биз. Гэтэл тэр олон хүнээс заавал С.Батболдтой түүний компани, өмч хөрөнгийг холбох гэсэн оролдлого нь цаанаасаа улс төрийн зорилготой үйлдэл гэдгийг дахин нотолж байна. Эдгээр гадаадын иргэдийн үүсгэн байгуулан Эрдэнэт үйлдвэртэй бизнес эрхэлж байсан “Catrison Limited”, “Cliveden Trading AG”, “Genetrade Limited”, “Lidex Holdings Limited” гэх мэт компаниудыг С.Батболдынх мэтээр гүтгэж,  олон нийтийг цочроох зорилгоор эдгээр компаниуд нь 400 сая долларын гэрээ хийсэн гэж байгаа атлаа С.Батболд тэнд хувьцаа эзэмшиж байсан эсвэл ямарваа нэгэн ашиг хүртэж байсан нэг ч баримт нотолгоо байхгүй. Байх ч үндэслэлгүй учраас дан хоосон хардлага, цуу яриа цуглуулж энэхүү гүтгэлгийг зохиож байгааг нь гадны шүүхэд ч тодорхой мэдэгдэж холбогдох шүүхийн шийдвэр гарсан болно. УИХ-ын гишүүн С.Батболд Эрдэнэтэд шахааны бизнес хийж байгаагүй, хийх шаардлага ч байхгүйг олон нийт эрхбиш ойлгохтойгоо байгаа.

    Гуравдугаарт, С.Батболд болон түүний хамаарал бүхий хэн нэгэн, хуулийн этгээд оффшор бүсэд данс, мөнгө, байр орон сууц, өмч хөрөнгө ил болон далд эзэмшдэггүй. Гүтгэлэгт дурдаад буй олон арван сая долларын үл хөдлөх хөрөнгө, оффшорт байгаа мэтээр гүжирдээд байгаа данс нь С.Батболдын өмч гэсэн нэг ч нотлох баримтгүй, байх ч үндэслэлгүй учраас энэхүү гүжир гүтгэлгийг цэвэр цуу яриа, хий хоосон хардлага болгон тараасан. Зүгээр л бусдын өмчлөлийн байрны фото зураг гаргаж ирээд С.Батболдын өмчилдөг байрны нотлох баримт мэтээр гүжирдэж байна. Ийм ч учраас Нью Йоркийн шүүх дээр үнэн ялж нэр нь дурьдагдсан Солонгосын бизнесмений өмч болох С.Батболдод огт хамааралгүй энэ эд хөрөнгийг царцаахгүй гэсэн шийдвэр гаргасан. Лондон, Гонконг гэх мэт хотуудад тухайн Солонгосын бизнесмены эзэмшиж байгаа өмч хөрөнгө ч гэсэн С.Батболдод хамааралгүй, нэр дурдагдаад байгаа газруудад болон гадаадад  С.Батболдод орон сууц, өмч хөрөнгө байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд шүүх хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлж байгаа. С.Батболд нь дотооддоо ч энэ тухайгаа олон жилийн турш баримт нотолгоотой тайлбар, мэдээлэл өгч, холбогдох байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг хуулийн дагуу өгөх ёстой бөгөөд өгч ч ирсэн болно.

    Дөрөвдүгээрт,  Оюу толгойн гэрээ анх байгуулагдсаны дараа С.Батболд Ерөнхий сайд болж тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх зэрэг Монгол Улсад ашигтай, хөрөнгө оруулагч талд алдагдалтай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсныг буруутгаж гадаадын шүүхэд энэ бүх гүтгэлгээ зохиож өгснийг дотоодын хөлсний бичээчид дурьдалгүй өнгөрч байгаа. Олон түмэнд нээлттэй баримттай зүйлсийг улс төрийн зорилгоор харлуулахын тулд хөлсний байгууллагад “захиалга” өгч, Монголын талын ахиц дэвшлийг нөгөө талд өгсөн давуу байдал хэмээн эрээ цээргүй гүтгэлэг зохиож, шүүхэд хандах үндэслэлээ болгосон байгаа. Энэ бол цагааныг хар гэх гэсэн, харыг цагаан гэх гэж олон түмнийг хуурах гэсэн бузар гүтгэлэг, улс төрийн бохир тоглолт. Олон мянган удаа давтаад байвал үнэн болно гэж зүүдэлж яваа тэд энэхүү гүтгэлгээ гадаад дотоодын хэвлэлд түгээж байгаа нь эдгээр шийдвэрийг цуцлах гэсэн оролдлого байх гэсэн их хардлага дагуулж байна. Зээлийн хүүг бууруулсан, татвар нэмснийг эсэргүүцэн гүтгэлэг зохион тарааж байгаа хүмүүс хэний талд үйлчлээд байгаагаа сайтар бодох хэрэгтэй. Лав л Монголын талд биш.

    Энэ бүх гүтгэлэг дайралтыг хэдэн тэрбум төгрөг гарган нарийн зохион байгуулж, өөрийн улсын иргэнийг гадаадын хөлсний байгууллагад “захиалж” мөрдүүлэн “зохион бичлэг” бичүүлж байгаа, гадаад дотоодын хэвлэлд зохион байгуулалттай гүтгэж байгаа, гадаадын шүүхийн байгууллагыг өөрийн дотоодын улс төрийн тоглоомондоо ашиглах гэсэн оролдлого хийж байгаа, энэ этгээдүүд нэг л зорилготойгоор энэ бүх зүйлийг хийж байгаа. Тэртээ 2004 оноос хойш сонгуулийн жил бүр УИХ-ын гишүүн С.Батболдын улс төрийн нэр хүндийг харлуулж, хийсэн бүтээсэн ажлыг гутаах, олныг төөрөгдүүлэх ажиллагаа явагдаж ирсэн. Энэ бол  үеэ өнгөрөөсөн тархи угаах улстөрийн бохир технологи гэдгийг ард түмэн ялгаж салган ойлгож байгаа.

    Энэ удаа ч бүр төсвийн хөрөнгө мөнгө, төрийн байгууллагын эрх мэдлийг хууль бусаар ашиглаж байна. Гүжир гүтгэлэг зохион тараагчдын үйлдэл хэрээс хэтэрч, гэр бүл, үр хүүхдийг нь бузар гүтгэлэгтээ хамруулах боллоо. Иймд энэ мэт гүтгэлгийг зохион тарааж буй хүмүүсийг зохих хуулийн дагуу арга хэмжээ авахаа УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын албанаас үүгээр мэдэгдэж байна.

    УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын алба

  • С.Батболд: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ

    УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа

    -Коронавирусийн тахлыг дагаад эдийн засгийн идэвхжилтийг сэргээх асуудал хурцаар тавигдаж эхэллээ. 2008-2009 оны эдийн засгийн хямралыг давж чадсан Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ? 

    -Тэр үетэй харьцуулах юм бол хэд дахин илүү хүнд нөхцөл байдалтай улс орон, дэлхий ертөнц тулгарч байна. Энэ хүнд хэцүү үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг хамгаалахаас гадна нийтэд хүртээмжтэй, үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж чадаж байна. Жижиг дунд болон ер нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг эрсдэл багатай хувилбараар сэргээн дэмжих шийдлүүдийг хэрэгжүүлэх асуудлыг УИХ, Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна, цаашид ч энэ тал дээр илүү их хүч хаяж ажиллах ёстой болж байна.

    Тухайн үед Оюутолгой, Таван толгойн төслүүдийг шинээр эхлүүлэх нь өөрөө маш том хүчин зүйл болж байсан бол одоо ч мөн адил боловсруулах үйлдвэр, барилгажилт, дэд бүтцийн томоохон бусад төслийг идэвхжүүлэх нь чухал. Үүнд Засгийн газраас анхаарал хандуулж ажиллаж байгаа нь зөв. Энэ хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулж улам үр ашигтай, мэдлэг боловсролтой залуу боловсон хүчнээр удирдуулсан хувийн хэвшлийн ирээдүй улам хүчирхэг болно гэдэгт итгэж байна.     

    -Таван толгойн төсөл гэж та сая дурдлаа. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн 10 жилийн ой болж байна. Тавантолгойн орд газрын талаар чухал шийдвэрүүдийг таныг гаргаж байсан талаар олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байх?

    -Тиймээ, 1998 онд бизнесийн салбарт байхдаа эзэмших эрхийг нь авч байсан Тавантолгойн ордын лицензийг төрдөө өгсөн. Дараа нь Ерөнхий сайд байхдаа 2012 онд  1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өгөх  шийдвэрийг гаргасан. Хувьцаа эзэмшиж буй иргэн бүр өнгөрсөн жил ногдол ашгаа авсан нь монголчууд эх орныхоо байгалийн баялгаас  шууд ашиг хүртсэн анхны тохиолдол болсон. Мөн манай Засгийн газрын үед 2012 оныг дуустал Монгол Улсын иргэн бүр “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг,Тавантолгойн хувьцаа, ахмадын нэг сая төгрөг, оюутны сургалтын хоёр удаагийн төлбөр нэг сая төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлбөр, сар бүр 21 мянган төгрөг зэрэг хэлбэрээр энэ ордын үр шимийг хүртсэн.

    -Тавантолгойн ордын өнөөдрийн болон цаашдын ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

    -Тавантолгойн орд газар  өнөөдөр  Монгол Улсын эдийн засаг болон нийгмийн амин чухал төсөл болтлоо өргөжиж тэллээ. Шууд 2000 орчим ажлын байран дээр нэмээд шууд бусаар 20 мянга гаруй ажлын байр бий болгож мянга мянган Монгол гэр бүл амьдралаа авч явж байна. Цалин тэтгэврээс эхлээд бүх зүйлийг санхүүжүүлдэг улсын төсвийн орлогын томоохон хувийг дан ганцаараа бүрдүүлж байна. Энэ хүнд хэцүү үед монгол гэр бүл болгон үр хүүхдэдээ зарцуулж байгаа мөнгийг ч энэ ордоос төр засаг “хүүхдийн мөнгө” хэлбэрээр гаргаж байна.

    Шударга ёсны хамгийн бодит бөгөөд тод илрэл нь энэ орд болж байна. Тавантолгойн орд нь цаашид ч том төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан бизнес идэвхжилтийг сэргээх үндсэн хэрэгсэл болох эдийн засгийн ач холбогдолтой. Гэхдээ том хөгжлийн ач холбогдол үүнээс ч өргөн байх учиртай.

    -Том хөгжил гэдгийг  тодруулбал?

    -Хамгийн гол нь Монголын ард түмнийг дундаж давхаргын амьдралын түвшин рүү хөтлөх боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог санхүүжүүлэх учиртай. Ард түмний өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээх идэвх санаачилга нь олон улсын стандартын боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцооноос эхлэх учиртай. Мөн ард түмний энэ идэвх санаачилгыг дэмжсэн татварын дарамт багатай, зээл нь хүртээмжтэй, хүү нь багатай бизнесийг дэмжих тогтолцооны нэг багана нь болох учиртай юм. Үүний зэрэгцээ ардчилсан Монгол Улсад иргэн хүн айдасгүйгээр өөрийгөө илэрхийлэн илүү эрх чөлөөтэй амьдрах бие даасан тусгаар төрийн дархлааг баталгаажуулах учиртай. Товчхондоо Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн бие даасан байдал, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болох учиртай.

    -Манай сонины  100  жилийн ойн тусгай дугаарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн нэрсийг зарлахад таны нэр орсон байсан. Энэ  тухайд таны хувийн байр суурийг сонсъё?

    -МАН  100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга  нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна.

    -Та амжилттай  яваа улстөрч, бас Монголын томоохон компанийг босгосон хүн. Өөрийн амжилтыг товч дүгнэвэл?

    -Би өнгөрсөн 20 гаруй жил улстөрийн тавцанд ажиллах хугацаандаа ардчилал, хүний эрх, хөгжил нь хамгийн чухал үнэт зүйл гэсэн зарчим баримталж ирсэн. Эв нэгдлийг хангаж, дэвшилтэт үзэл бодлыг чиг баримжаа болгон ажиллаж ирсэн. Үүний жишээ гэвэл гаднынханд зарж үрэлгүйгээр төрдөө Тавантолгойн орд газрыг ашиглах лицензийг буцаан өгч ард түмний өмч болгосон. Боловсролын салбар, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлсэн туршлага надад бий. Миний удирдаж байсан хамтарсан Засгийн газрын үед Монголын эдийн засаг түүхэнд хамгийн өндөр  буюу 17.5 хувийн өсөлт үзүүлж дээд амжилт тогтоож байлаа. Ядуурал анх удаа хоёр оронтой тоогоор  буурч, айл өрхийн орлого бараг хоёр дахин нэмэгдсэн. Энэ бол үг биш статистикийн бодит тоо баримт. Тоо  худлаа ярьдаггүй.

    МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газар ковидын цар тахал дэгдэхээс өмнө 2012-2016 оны хооронд шаланд  унасан байсан эдийн засгийн өсөлтийг хурдасгаж чадсан. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан өндөр өсөлтийн үеэ сэргээж эхэлсэн. Цар тахлын үе дуусч ойрын ирээдүйд ийм боломжоо хэрэгжүүлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хувь хүний хувьд улс төрд орохоосоо өмнө нь би 1990 оноос бизнес хийсэн. Олон салбарт хүч үзэж, их ч хөдөлмөрлөсөн. Миний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд одоо 3000 гаруй ажлын байр бий болгож, улсад хэдэн арван тэрбумын татвар төлж байна. Товчхондоо  ийм байна. 

    -Сүүлийн үед таны тухай хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлэлтэй холбоотой гэж бодож байна уу.  Жишээлбэл,  таныг Оюутолгойн гэрээг байгуулахад нөлөөлөн зээлийн хүүг бууруулсан хэмээн буруутгасан мэдээлэл гараад байна л даа?

    -Монголын улстөрчдийн талаар зохион байгуулалттай харлуулсан мэдээлэл гарах бүрт цаана нь нэг далд санаа дагалдаж байдаг нь нууц биш болсон. Жишээ нь би Ерөнхий сайдаар томилогдоод буюу 2011 онд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг гэрээнд орж, Монголын тал олон зуун сая ам.долларын төлбөрөөс чөлөөлөгдсөн. Анх энэ гэрээг байгуулснаас хойш Монголын тал ашигтайгаар өөрчлөлт оруулсан ганцхан тохиолдол энэ юм. Олны нүдэнд илт, тоо баримтаар нотлогдсон үнэнийг мушгин гуйвуулна гэдэг нь улс төрийн зорилгоор хүний санаанд оромгүй гүтгэлэг зохиож байгаагийн илрэл. Зөвхөн энэ удаад ч биш. Сүүлийн 20 жил би элдвээр хэлүүлсэн. Харин би ажлаа сайн хийх нь л чухал, “…жингийн цуваа явж л байдаг” гэдэг зарчмаар хандаж, тайлбар няцаалтыг тэр болгон хийж байгаагүй нь өрөөсгөл байжээ л гэж бодож сууна. 

    -Бас Оюутолгойн татварыг бууруулсан гэх асуудлыг ч тантай холбодог шүү дээ?

    -Ямар ч ор үндэслэлгүй гүтгэлгийн бас нэг туйл. Миний удирдсан Засгийн газар Нидерланд, Люксембүрг зэрэг улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрийг цуцлах асуудлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Ингэснээр Оюутолгойн төслөөс Монголын талын авах татварын хэмжээ 0-10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлж олон зуун сая ам.доллараар татварын орлого өссөн. Манай Засгийн газар татварыг бууруулсан биш нэмсэн гэдэгтэй маргах ямар ч аргагүй бодит үнэн юм. 

    -Тэгвэл ямар зорилгоор ийм зүйл зохиож байна гэж та хэлэх вэ?

    -Бодит баримтыг санаатайгаар гуйвуулсан мэдээ гадаадад гаргуулаад байгаа нь татвар нэмж, зээлийн хүүг бууруулсан бодлогыг нь эсэргүүцээд байгаа юм уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Улс төрийн зорилгоор гүтгэлэг зохиож байгаа нь тодорхой. Гэхдээ яг Оюутолгойтой холбоотой, хэнд ч ойлгомжтой асуудлыг гүйвуулж надад нялзаах гээд байгаа зорилгыг  би ойлгохгүй байгаа. Дотоодод иргэний шүүхэд үүсгэсэн иргэний маргаан нь “маш нууц” гэсэн тэмдэгтэй учраас тэнд бас ямар детектив зохиол бичиж гүтгэх гэж байгааг нь ч мэдэхгүй байна.

    “Ардчилал, хүний эрх, хөгжил нь хамгийн чухал”

    -Маш нууц иргэний маргаан гэж байдаг  хэрэг үү?

    -Дотоодын шүүхэд  өгсөн материалаа “маш нууц” зэрэглэлд оруулчихсан юм байна лээ. Ер нь иргэний маргааныг оролцогчдоос нь нуугаад төрийн маш нууцад хамруулаад үзье гэхээр үзүүлэхгүй  хоёр сар орчим явна гэдэг нь хуулийн ямар бүдүүлэг зөрчил вэ. Маргааны материалуудтай танилцахгүй бол өмгөөлөгчид өмгөөллөө яаж хийх вэ, тэгсэн хэрнээ түүнийгээ гаднын өмгөөлөгчид болохоор маш нууцаас гаргалгүй өгч байгаа нь ямар ноцтой ялгаварлан гадуурхалт вэ. Илт үндэслэлгүй, хуулийн маргаан үүсгэх шалгууруудыг огт хангаагүй нэхэмжлэл гаргачихаад үүнийгээ нуугаад байгаа юм уу. Би төрд олон жил зүтгэж буй хүн, эрх биш  төрийн нууцад юу  хамаарах эсэхийг ялгана шүү дээ. Энэ асуудлаар зохих хуулийн байгууллагад нь хандаж байгаа.

    -Таныг гадаадад байр, өмчтэй хөрөнгөтэй гэх мэдээлэл байсхийгээд л гарах юм?

    -Би энэ талаар саяхан хэвлэлд ярилцлага өгсөн. Надад оффшорт данс ч байхгүй, мөнгө ч байхгүй, байр ч байхгүй. Хэн нь зөв, хэн нь буруутай болохыг манай шүүх үнэн зөвөөр тогтооно гэдэгт итгэлтэй байна. Эхнээсээ үнэн ялж, Нью-Иоркийн шүүх энэ маргаанд дурдагдаад байгаа Солонгос бизнесмений өмч хөрөнгийг царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч гэх хуулийн компани нь гаргасан гомдлоосоо миний нэрийг татсан байна лээ.

    -Гадаадад зохион байгуулалттай таны эсрэг ажиллагаа явуулж байна гэж үзэж байна уу?

    -Би хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтэн гаднын хувийн ашгийн төлөө байгууллагад иргэнээ захиалан мөрдөж, тагнаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрөөд байгаа.  1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед гадаад хэл дээр хэргийн материал гэх гүтгэлэг ирж, түүнийг нь Монголд үг дуугүй гүйцэтгэж байсан “Лхүмбэ”-ийн хэрэг шиг юм болж байгаа юм биш үү. Миний хувьд энэ эрээ цээргүй ажиллагаандаа миний гэр бүл, үр хүүхдийг оролцуулан гүтгэн доромжилж байгаатай хэзээ ч эвлэрэхгүй ба хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа, гүйцэтгэх ажлын хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулах болно.

    Гаднын хувийн детектив компанийг хөлсөлсөн энэ их мөнгийг хаанаас, ямар зориулалтын хөрөнгөнөөс, хэний захиалга, даалгавраар гаргасныг хуулийн байгууллагууд шалгах ёстой. Би энэхүү гүжир гүтгэлэгтэй хатуу тэмцэх болно. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг ухаант ардын үг байдаг даа. Ярилцлагын төгсгөлд нийт Монголчууддаа гарч буй 2021 ондоо болон Ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо цар тахлын аюулаас ангижирч, эдийн засаг нь тогтворжин өсч, ардчилал, хүний эрх, эрх зүйт төрөө дээдэлсэн хөгжил дэвшлийн шинэ зууныг амжилттай эхлүүлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Эх сурвалж: Монголын үнэн сонин

  • Хулд, Луус сумынхан У.Хүрэлсүхийн багийг дэмжинэ

    МАН-аас УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог Дундговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар 6 дугаар сарын 08-нд Дундговь аймгийн Луус, Хулд суманд ажиллалаа.

    Иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлого, шийдвэр иргэнээ дээдэлж, улс орныхоо хөгжлийн гарцыг эрэлхийлж байгаа учраас Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр, зорилго зорилтыг дэмжиж байгаагийн зэрэгцээ нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжихээ илэрхийлж байсан нь бусад сумдад хийсэн уулзалтуудтай ижил уур амьсгалтай байв.

    Луус сумын иргэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  Засгийн газрын гаргасан бодлого шийдвэр иргэндээ чиглэсэн, улс орны хөгжилд чиглэж байгаа учраас намын мөрийн хөтөлбөрийг дэмжихийн зэрэгцээ нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг бүтэн багаар нь дэмжихээ илэрхийлэв.

    Тус суманд жилүүдэд сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ сайжирсан төдийгүй 80 хүүхдийн багтаамж бүхий дунд сургуулийн дотуур байр баригдаж байгаад эцэг, эхчүүд талархалтай байлаа.

    Хулд сумын иргэдийн хувьд Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамыг шинэчлэх мөрийн хөтөлбөрийн заалтыг дэмжиж, сум орон нутгийг орон сууцжуулах хөтөлбөр хүндээ чиглэсэн зөв бодлого гэдгийг хэлж байна. Мөн мөрийн хөтөлбөртөө малыг эрүүлжүүлэх чиглэлд мал эмнэлгийг улсын өмчит болгож байгаа нь тал бүрийн ач холбогдолтойг онцолсон. 

    Орон нутгийн иргэдийн хувьд мөрийн хөтөлбөрт тусгасан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн бодлогын хүрээнд хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр, “Цалинтай ээж”, хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртлэх насны хүүхдийг хамруулах боломжтой яслийн үйлчилгээг сэргээх заалтыг дэмжиж байна.

    Дундговь аймаг нь мал сүргийн тоогоороо улсдаа олон жил тэргүүлсэн. Тиймээс орон нутагт мах, сүүний үйлдвэр барих заалт бол тэдний хүсэл биелэх сайхан үйл хэрэг гэж үзэж байна.

    Мөн сонгогчид У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн бодит ажлуудыг цаашид үргэлжлүүлэх 6 дугаар тойрогт нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжиж, хүчээ нэгтгэхээ илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны уулзалтад идэвхтэй оролцож байна.

    УИХ-ын сонгуулийн 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв

  • Гурвансайхан, Өлзийт сумдын иргэд говь нутгийн “брэнд” бүтээгдэхүүнийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн заалтыг дэмжиж байна

    Улсын Их Хурлын сонгуулийн 6 дугаар тойрог, Дундговь, Говьсүмбэр аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар 6 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдад ажиллаж, иргэд олонтой уулзалт хийлээ.

    Уулзалтын үеэр иргэд орон нутгийн хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, говь нутгийн “брэнд” бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ гэсэн зорилтыг тусгасныг нүдээ олсон зорилт гэж үзэж байлаа. Учир нь Өлзийт сум тэмээн сүргийнхээ тоо толгойгоороо улсдаа тэргүүлдэг, ингэний айргаараа алдартай нутаг юм. Иймд иргэд ингэний айргаа үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, хил залгаа аймаг, сумд, нийслэлийн зах зээлд нийлүүлэх боломж бүрдүүлэхэд Монгол Ардын Намаас нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг онцгой анхаарч өгөхийг хүсэж, Монгол Ардын Намын нэр дэвшигчдээ багаар нь дэмжихээ илэрхийлэв.

    Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн зорилтын хүрээнд хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн “Цалинтай ээж хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 3 хүртэлх насны хүүхэдтэй бүх эхэд ялгаваргүйгээр тэтгэмж олгох зорилтыг орон нутгийн эхчүүд, эмэгтэйчүүд сайшааж байв.

    Мөн тус намын мөрийн хөтөлбөрт Дундговь аймгийн гурван суманд мах, сүү, хоёрдогч түүхий эд боловсруулах “Бизнес инкубатор” байгуулахаар тусгасан. Үүнийг Гурвансайхан сумын малчид орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чухал заалт хэмээгээд сонгуулийн маргаашаас хийж хэрэгжүүлэхийг захиж, Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг нутгийн олондоо уриалж байлаа.

    УИХ-ын 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв

  • Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаар олон улсын уулзалт болж байна

    Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаарх Ази Номхон далайн лидерүүдийн Сүлжээний Зүүн хойд Азийн бүсийн анхдугаар уулзалт 2017 оны зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

    Уулзалтад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Монгол зэрэг орнуудын судлаач, ажиглагчид оролцож буй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, нэн ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож буй.

    Уулзалтын үеэр Монголын Хөгжлийн Стратегийн Хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлэв.

    Дээр дурьдсан асуудлуудаар тус Сүлжээний гишүүд болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга асан Нобуясү Абе, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд асан Сүнгхван Ким, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Н.Туяа, түүнчлэн Элчин сайд Ж.Энхсайхан зэрэг оролцогчид байр сууриа илэрхийлэв.

  • Өрх толгойлсон 1000 эх, хүүхдийг баярлуулах арга хэмжээ боллоо

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Есүй эх хүүхдийн эрхийг хамгаалах төв ТББ “Сүхбаатарын Батболд” сангийн дэмжлэгтэйгээр өрх толгойлсон 1000 ээж, тэднийг хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээг зохион байгууллаа.

    “Эх үрсийн инээмсэглэл-2017” арга хэмжээнд МУ-ын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд өрх толгойлсон эхчүүд, тэдний хүүхдүүд болон дүүргийн хүүхэд багачуудыг баярлуулж, хамтдаа нэг өдрийг өнгөрөөлөө. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 1000 ээжийг хүүхэдтэй нь баярлуулж байгаа бөгөөд өчигдөр Чингэлтэй дүүргийн 500 ээжийг хүүхэдтэй нь баярлуулсан бол өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 500 ээжийг хүүхдийх нь хамт баярлууллаа.

  • Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргээсээ гурав дахь удаагаа УИХ-д сонгогдлоо

    УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль орон даяар амжилттай болж өндөрлөлөө. УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өрсөлдөгчөөсөө үнэмлэхгүй олон санал авч УИХ-ын сонгуульд ялалт байгууллаа. Ингэснээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргээсээ гурав дахь удаагаа УИХ-д сонгогдлоо.
    С.Батболд өөрийг халуун дотноор хүлээн авч, сонгуулийн энэ өдрүүдэд дэмжиж ирсэн сонгогчдодоо чин сэтгэлийн талархлаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
    Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийнхээ сонгогчидтой 100 гаруй удаагийн уулзалт ярилцлага зохион байгуулж, сонгогчдынхоо санал бодлыг сонссон юм. С.Батболд сонгогч бүрийнхээ хэлсэн ярьсныг санаж, захисан захиасыг нь ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ Сүхбаатарчууддаа онцолж хэллээ.