Ангилал: Uncategorized

  • Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд

    Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Сүхбаатарын Батболд 

  • ЯАМДЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болж яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон зарим агентлагийн дарга нарыг томиллоо. Засгийн газар төрийн ажлыг тасралтгүй, жигд явуулах үүднээс Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон нэр бүхий хүмүүсийг ийнхүү ээлжит бус хуралдаанаасаа ажилд нь томилсон байна.

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Бадамждоржийн Батхишигийг Гадаад харилцааны яамны, Намжилын Түмэндэмбэрэлийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо. Түүнчлэн Лувсандагвын Амарсанааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын, Пүрвээгийн Дэлгэрнаранг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын даргын албан тушаалд томиллоо. Дээрх хүмүүсийг тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлагыг нь харгалзан томилсон байна.

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг

    1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд 10 жилийн сургууль, 1979 онд ЗХУ-ын Ленинград хотын Их сургууль төгссөн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Тэргүүн шадар дипломат болон доктор, дэд профессор цолтой. УБДС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого судлах төв, Нийгмийн ухааны институтэд Эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, МАХН-ын Төв хорооны дэд дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, БНБУ-д суух Элчин сайд, Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан. Төрийн албанд 33 жил ажиллаж байгаа юм.

    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл

    1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1977 онд 10 жилийн сургууль, 1985 онд ЗХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2001-2002 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, төгссөн. Улс ардын аж ахуйн төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй. Доктор. МАХН-ын Төв хорооны Сэтгүүлүүдийн нэгдсэн редакцид утга зохиолын ажилтан, “Боловсрол” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Прогноз” төвийн дэд захирал, МАХН-ын Удирдах зөвлөлд Сан хөрөнгө эрхлэх газрын дарга, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Улаан-Үд хотод суух Ерөнхий консул, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал, Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 26 жил ажиллаж байна.

    Бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа

    1953 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1971 онд 10 жилийн сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Москва хотын Нийгэм, улс төрийн дээд сургууль төгссөн. Барилгын инженер-эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Дархан хотын Байшин үйлдвэрлэх комбинатад эдийн засагч, комбинатын дарга, Дархан хотын Барилгын үйлдвэрлэлийн нэгдлийн дарга, Дархан хотын АДХГЗ-ны дарга, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга, БНХАУ-д суух Элчин сайд, МАХН-ын Ажлын албаны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байгаа юм.

    Авто тээврийн газрын дарга П.Дэлгэрнаран

    1964 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1983 онд 10 жилийн сургууль, 1989 онд ЗХУ-ын Москва хотын Цэргийн улс төрийн дээд сургууль, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Ерөнхий цэргийн офицер, хуульч мэргэжилтэй. Талх, чихрийн үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны дэд дарга, хотын Залуучуудын холбооны тэргүүн, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, УИХ дахь МАХН-ын бүлэгт референт, “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан,  Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн Өмчийн газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, Авто тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажиллаж байгаа юм.

  • ЗАСГИЙН ГАЗАР САНХҮҮГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын таатай нөхцөл олгохыг зорьж татвартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан, нүүрсний 20 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн, Иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан зэрэг нь онцлох сэдэв байлаа ~


    Засгийн газрын хуралдаанаар “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийн нэгдүгээр шатны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хэрэгжилттэй танилцаад,  ажлаа эрчимжүүлэхийг сайд нар болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд даалгалаа. 2011-2013 онд хэрэгжих Үндэсний стратегийн нэгдүгээр шатанд 36 ажил хийхээр тусгасан бөгөөд 2011 онд хэрэгжүүлэх 12 ажил дунджаар 51 хувийн биелэлттэй байгаа нь хангалтгүй гэж Ерөнхий сайд үзэн ийм үүрэг өгсөн байна.

    Засгийн газар сүүлийн гурван жил төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой судалгааны үр дүнд татвартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Ерөнхий сайд С.Батболдоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов.

    Ингэснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг дээшлүүлэх, орлого нь тодорхой бус болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын таатай нөхцөл, хөнгөлөлт үзүүлэх асуудал хүчтэй яригдаж эхэллээ. Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцлов. Хэрэв тухайн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогын дүн  50 сая төгрөгөөс дотогш байвал “НЭГ” хувийн татвар төлж байхаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгасан гэж сайд хэллээ.

    Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргагч аж ахуйн нэгж, иргэний татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөг байвал татвар төлөгчөөр бүртгэгддэг бол үүнийг 50 сая төгрөг болгохоор тусгажээ. Мөн орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь, хэмжээг тодорхой хязгаарт өөрчлөх эрхийг орон нутагт олгохоор хуулийн төсөл боловсруулсан байна.

    Засгийн газар ийнхүү санхүүгийн шинэчлэлийг эхлүүлж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээнд санхүүгийн эрх чөлөө олгох /өршөөл/ ажлыг эхлүүлж, санхүүгийн бүртгэлийн тайлан тооцоог нэг мөр цэгцтэй, шударга явуулах нь зүйтэй гэж сайд Т.Бадамжунай хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АХАЛНА

    Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулан байгууллаа. Харин аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо бүрт тухайн шатны Засаг дарга Ажлын хэсгийг ахлах болжээ. Иргэний үнэмлэх нь УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад зайлшгүй хэрэгтэй төдийгүй сонгуулиас өмнө үнэмлэхийг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд төрийн болон орон нутгийн байгууллагын дэмжлэг туслалцаа, оролцоо шаардлагатай учир Засаг дарга нарыг тухайн орон нутаг дахь Ажлын хэсгийн ахлагчаар томилсон байна.

    Үнэмлэх олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Ажлын хэсгийн ахлагч нарт даалган, иргэний үнэмлэхний олголтын талаар 6 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг сайд Ц.Нямдоржид үүрэг болголоо. Иргэний үнэмлэхийг 496 нэгжээр дамжуулан шууд олгохоор төлөвлөөд байна. Үнэмлэх хэвлэх байр, тоног төхөөрөмж бэлэн болсон бөгөөд нууцлал бүхий бэлдэцийг 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний хооронд Финлянд Улсаас авчирна. Энэ дагуу үнэмлэхийг 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 11 хүртэл хугацаанд тасралтгүй хэвлэж, иргэдэд тараах юм. Иргэний үнэмлэх нэг удаа олгоход шаардагдах хураамжийг иргэдээс авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “НҮҮРСНИЙ АЮУЛГҮЙН НӨӨЦ” БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТӨСВИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

    Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулж 7 тэрбум 305 сая 800 мянган төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Олгосон зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, энэ онд багтаан бүрэн буцаан төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгажээ.

    “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг өвлийн оргил ачааллын үед 20 хоногийн нөөцтэй байлгахаар тооцсон байна. Зээл нь станц, уурхайнууд хооронд өр авлага үүсгэхгүй байх, хуримтлагдсан өр авлагыг бууруулах, эдийн засаг, санхүүгийн чадавхийг нь дээшлүүлэхэд дэмжлэг болох учиртай юм. Түүнчлэн уурхайнууд энэ оны 2 дугаар улиралд хийхээр төлөвлөсөн уулын тоног төхөөрөмж, технологийн автомашин, механизмуудын засвараа хугацаанд нь гүйцэтгэх боломж бүрдэж, нүүрсний нөөц бэлдэх тээврийн хэрэгслүүдийн найдвартай байдал ч бий болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 82 ХУВЬТАЙ БАЙНА

    Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2011 оны байдлаар 82 хувьтай. Зарим зорилтын энэ онд хүлээгдэж байгаа үр дүнг тооцож үзэхэд эхний хагас жилийн байдлаар 87 орчим хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Засгийн газар 2010 онд санхүү, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, үр дүнд нь бий болсон олон эерэг үзүүлэлтийг тогтворжуулан, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө, санхүүгийн үндэс сууриа бэхжүүлж чаджээ.

    Тэгвэл өнгөрсөн онд нэн тэргүүнд макро эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтэц, бүтээн байгуулалт, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих замаар эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлжээ. Энэ ололт амжилтдаа тулгуурлан ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах, иргэдийн бодит орлогыг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхэд, залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын заримынх нь үр дүн гарч байгааг сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.

    Түүнчлэн 2011 он  тодорхой хугацааны дараа үр дүн нь мэдэгдэх олон ажлыг эхлүүлж, хэрэгжих эх суурийг нь тавьсан жил болсон байна. Цаашид Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг, дунд үйлдвэр, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэх, нөөц нь тогтоогдсон стратегийн зарим ордыг эргэлтэд оруулах зэрэг зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг сайтар нягтлан, сайд нараас гаргасан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн тухай, Онц байдлын тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
    • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг сайд Ц.Дашдоржид даалгалаа. 
    • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалтад “химийн хорт” гэсний өмнө “тэсэрч дэлбэрэхээс бусад” гэж, 15 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 4 дэх заалтад “тэсэлгээний хэрэгсэл” гэсний дараа “импортлох, экспортлох, худалдах” гэж нэмэхээр төсөлд тусгажээ. 
    • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг томиллоо. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хил орчим, бүс нутгийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй энэ комиссын хуралдааныг жил бүр хоёр улс ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 16 дугаар хуралдаан энэ жил Улаанбаатар хотноо болох юм.
    • Шинжээч эмч, криминалистик, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, туслах ажилтан нарын онцгой нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар бодож олгоно. Мөн эдийн засгийн шинжээч, галт зэвсэг, гар, мөрний сангийн ажилтан, санч, оператор, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч, шуурхай албаны жолооч, жижүүр нарт 15 хувь, захиргаа, санхүү, аж ахуйн ажилтан болон бусад албан хаагчдад 10 хувь байхаар тооцон олгох болов. Шүүх шинжилгээний ажилтнууд нь өдөрт зөвхөн цогцосноос ялгарах 22 төрлийн хорт бодисоор амьсгалж, эд эс, хими, биологи, физик, криминалистикийн лабораторид олон төрлийн хорт бодис, урвалжтай цаг тутам харьцдаг нь эрүүл мэндэд нь хортойгоор нөлөөлдөг байна.
    • Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Б.Буянжавт Бригадын генерал цол хүртээлгэхийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
  • ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болов. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсантай холбогдуулан төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг тогтоон, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны жагсаалтыг баталсан, нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг өөрчилж нэмсэн зэрэг нь онцлох шийдвэр байлаа ~

    Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн баталлаа. Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэх хугацааг наашлуулж энэ оны 02 дугаар сарын 01, 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон нэмэхээр тохиролцсон юм. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ.

    Энэ дагуу төрийн албан хаагчдын цалинг 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 23 хувиар нэмэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 630 мянган төгрөгт хүрч байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллаганы мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар дундаж цалин 410 мянган төгрөг байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

     

    НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

    Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс сард 70 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 103 мянга 600 төгрөгөөр тогтоон мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2,5 дахин нэмэгдэж байна. Түүнчлэн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-нээс сард 40 мянга, 05 дугаар сарын 01-нээс сард 48 мянган төгрөгөөр тогтоон мөрдөх болов.

    Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ одоогоор 53 мянга 800 төгрөг байгаа нь бүсүүдийн дундаж хүн амын амьжиргааны доод түвшнээс 50 орчим хувиар бага байгаа юм. Энэ тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 52 мянга орчим хүн авдаг байна.

    Тэгвэл байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 27 мянга орчим иргэнд олгодог 31 мянга 200 төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг  05 дугаар сарын 01-нээс 48 мянган төгрөгт хүргэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙГ 35 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЛЭЭ 

    Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмэн энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгохыг Засгийн газрын хуралдаанаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайд нарт даалгалаа. Ингэснээр 318,2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр нэмэгдэж байгаа бөгөөд дундаж тэтгэвэр 27,8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөгөөр шинэчлэн тогтоож 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр болсон байна.

    Харин 05 дугаар сарын 01-нээс дахин нэмснээр тэтгэвэр энэ онд 53,8 хувиар, 2008 оныхоос 2 дахин нэмэгдэнэ. Гэхдээ тэтгэврийг 5 дугаар сарын 01-нээс нэмэх үед эрх зүйн зарим өөрчлөлт гарч болзошгүй байгаа юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг НХХЯ дахин оруулж хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАРИГДАХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА

    “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын хоёрдахь ээлжийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нэгдэх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44 мянга 700-гаар нэмж 124 мянга орчим болголоо. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар олгож байна. Жагсаалтад өнөөдөр нэмж орсон 44 мянга 700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр.квадрат хүртэл талбайтай орон сууц юм.  

    Жилийн 6 хувийн хүүтэй зээлээр иргэдийг орон сууцтай болгох энэ хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ. Хоёрдахь жагсаалтад орсон орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    БНХАУ-ЫН БАНКНААС 200 САЯ  ХҮРТЭЛ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВНА

    Төрийн албан хаагчдын орон сууцны хороолол барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “Экспорт, импорт” банктай 200 сая ам.доллар хүртэлх дүнгээр зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөв. Зээлийн хөрөнгөөр төрийн албан хаагчдын орон сууцны хороолол, хотхон байгуулах барих ажлыг зохион байгуулж, гэрээний хэрэгжилт, барилгын ажлын явцыг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг салбарын сайд, банкны удирдлагад даалгалаа. Түүнчлэн зээлийн нийт дүнгийн 15 хувьтай тэнцэх хөрөнгийн санхүүжилтийг барилгажилтын хугацаанд төсөвт жил бүр тусган шийдвэрлэж байх боллоо.

    Энэ зээл нь 15 жилийн хугацаатай, жилд лебор+1 хувийн хүүтэй, эхний 3 жилд зээл, зээлийн хүүгийн төлбөр хийгдэхгүй бөгөөд   зээлд хамрагдахаар БСШУЯ, БХЯ, ХЗДХЯ-наас 6285 айлын орон сууцны захиалга ирүүлээд байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр БСШУЯ, Сангийн яам болон БНХАУ-ын “Экспорт, импорт” банк хооронд “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл” болон ”Багш нарыг хямд өртөгтэй орон сууцаар хангах” төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан байна. Төсөлд “Зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно” гэж тусгасан нь Үндсэн хуульд заасан “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасныг хэт явцууруулсан шинжтэй байна гэж үзлээ. Мөн энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилсан бөгөөд төслийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчийн саналыг  хамтад нь авч үзэх боломжтой гэдгийг уламжлахаар боллоо.
    • Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тухай УИХ-ын гишүүн Х.Баттулга нар хуулийн төсөл санаачилсан. Энэ нь “Хүнийг үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалттай нийцэхгүй байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох хуультай тул дэмжих боломжгүй хэмээн хууль санаачлагч нарт уламжлахаар боллоо.
    • УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Нийгмийн даатгалыг сангууд, үүний дотор тэтгэврийн сан нь иргэн өөрийн ирээдүйн нийгмийн баталгаанд зориулан урьдчилан төлсөн шимтгэлээс бүрддэг бөгөөд тухайн үедээ төлж чадаагүй шимтгэлийг нөхөн төлүүлэх нь даатгалын үндсэн зарчимтай нийцэхгүй байгаа тухай хууль санаачлагчид уламжлахаар боллоо. Түүнчлэн холбогдох хуульд заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэйд нийгмийн халамжийн тэтгэвэр олгох хууль 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэ хуулийн дагуу тэтгэврийн насны бүх өндөр настан тэтгэвэр авах эрх зүйн орчин бүрдэж байгааг анхаарахыг ч уламжилсан байна.
    • “Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлсэн дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Үүнтэй холбогдуулан орон нутагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө иргэдээр урьдчилан хэлэлцүүлж сонголт хийж байх журам, аргачлал батлан хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, Засаг дарга нарт үүрэг болголоо. .
    • Энэ сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 28 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Эдгээрээс А-80 автобензин 30, АИ-92 автобензин 36, дизелийн түлш 16 хоногийн нөөцтэй байгаа тухай мэдээ гарчээ. Урд саруудын байдлаас харахад үлдэгдэл нөөцийн хэмжээ дунджаар 15 хоногоор илүү байгаа бөгөөд энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай гэсэн үг юм. Шатахууны үнэ 1 дүгээр сартай харьцуулахад 120-140 төгрөгөөр буурсан байна.