“Монгол IPO- 2012” форум өнөөдөр Улаанбаатар хотноо нээгдэж байна. Тус чуулганы нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Монгол улсын Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр томоохон алхам хийсний нэг нь Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаж байгаа явдал юм. Энэ ажлын үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн тогтолцоонд зарчмын томоохон өөрчлөлт орж, шинэ үе эхэлж байгаа тул IPO хийж хөрөнгө босгох хүсэлтэй Монголын үндэсний компаниуд болон Монголын компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой олон улсын хөрөнгө оруулагчдыг хооронд нь зуучлах зорилгоор уг форумыг зохион байгуулж байгаа ажээ.
Тус форумд Лондонгийн хөрөнгийн биржийнхэн болон тус хотод төвтэй олон улсын санхүүгийн байгууллага, Хонконг, Сингапурын хөрөнгийн биржийн төлөөллүүд хүрэлцэн иржээ. Хөрөнгийн зах зээлийн зарчим нь адилхан нэг дүрмээр тоглох учраас энд тунгалаг орчин үүсэх давуу талтай хэмээн Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Болд форумын нээлтийн үеэр дурьдаж, хөрөнгийн биржийг дэлгүүртэй зүйрлэвэл ямартаа ч бид 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй “дэлгүүр”-ээ нээлээ. Цаашдаа бүтээгдэхүүнүүд нь олон төрөл болж, складны бараа ч гарч ирэх байх аа хэмээн найдаж буйгаа тэмдэглэж байлаа.
Уг ёслолын ажиллагааны үеэр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Бид эдийн засгийн эргэлтийг сонгодог тогтолцоогоор дэмжих бодлого барьж байна. Манай эдийн засаг санхүүгийн эх үүсвэрийнхээ 5-10 хувийг л хөрөнгийн зах зээл дээрээс босгож байна. Үндсэндээ 90-ээс дээш хувийг арилжааны банкны өндөр хүүтэй, богино хугацаатай зээлээр босгодог. Зах зээлийн бусад орнуудад энэ харьцаа 50:50 хувьтай байдаг. Манай улсад ийм харьцаатай болгох боломж маш их бий. Энэ боломжийг бодитой болгохын тулд мехнанизм нь тодорхой байх ёстой юм. Засгийн газраас энэ асуудлыг зүгээр яриад суух биш, ажил хэрэг болгох, ямар аргаар хийх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна.
Миний бие Засгийн газрын тэргүүний хувьд хөрөнгийн зах зээлийг бодитойгоор хөгжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх тухайлбал гадны ч, дотны ч компаниуд хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож байх тэр боломжийг бүрдүүлж өгье гэж ихээхэн чармайж, багагүй ажлын ард гараад байна. Зах зээлийн эцэг болсон Лондонгийн хөрөнгийн биржийг урьж, ажиллуулж байгаа. Хөрөнгийн биржийн дэд бүтцийг, боловсон хүчнийг, эрх зүйн зохицуулалтыг зах зээлийн харилцааны сонгодог зарчимд нийцүүлэх өрсөлдөх чадвартай бирж болгон ажиллуулах нөхцөл бүрдлээ. Одоо эрх зүйн орчны зарим шийдвэрийг Монгол улсын төр засаг, УИХ-аас гаргаж өгөх ёстой юм.
Энэ жил хөрөнгийн бирж маань олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаатай болох үед бид үүнийгээ бүрэн дүүрэн ашиглана. Энэ форум болж байгаа нь ч үүнтэй бас холбоотой. Боломж нь байгаа ч яаж ашиглах тэр түлхүүр механизм бүрэн болоогүй учир бид ашиглаж чадахгүй байсан. Одоо тэгвэл энэ үйл ажиллагаа цэгцэрч, эхлэх болжээ гэдгийг энэ форум ч бас харуулж байгаа хэрэг. Засгийн газрын зүгээс ач холбогдол өгч байгаа хэд хэдэн зүйл бий. Нээлттэй, ил тод, өрсөлдөх чадвартай ийм улс оронд баялаг их байсан ч, бага байсан ч эдийн засаг нь амжилттай хөгжиж, хөгжингүй орон болж чаддаг юм байна.
Тиймээс бид компанийн засаглалыг ил тод, цөөнхийн өмчлөлөөс олон нийтийн өмчлөл рүү хувьцаа хэлбэрээр явуулах шийдвэрийг гаргаж байгаа. Жишээ болсон анхны алхам нь Тавантолгойн 536 хувьцааг ард иргэддээ тараасан. Монгол улсын иргэн бүр хөрөнгийн биржийн харилцаанд орох эрх нь ийнхүү нээгдсэн. Хөрөнгийн биржээр дамжин тэдэнд үр өгөөж нь очино. Таван Толгой компанид ч иргэд хяналтаа тавина. Бусад томоохон компаниудыг, ялангуяа төрийн өмчит компаниуд болох “ Эрдэнэт”, МЦХ компани, МИАТ, эрчим хүч, төмөр замын хувьчлалыг бид яг энэ зарчмаар нээлттэй явуулна. Өөр томоохон компаниудыг ч бид хөрөнгийн зах зээл дээр гарахыг уриалж байна хэмээн ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.








Энэ үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, ололт амжилт, алдаа дутагдал, цаашдын зорилтыг хэлэлцэж туршлага солилцох Үндэсний зөвлөлгөөн ирэх даваа гаригт Төрийн ордонд эхэлнэ. “Нэг цонхны үйлчилгээ” (НЦҮ)-ний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт сэдвээр уг зөвлөлгөөнийг зохион байгуулах юм байна. Энэ үеэр 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, хоёр сум, хоёр хороонд байгуулагдсан НЦҮ-ний төвүүдийн үйл ажиллагааны тухай мэдээлэл солилцох ажээ. Тус зөвлөлгөөнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцоно. Зөвлөлгөөнөөс НЦҮ-ний үйл ажиллагааг улам сайжруулахтай холбоотой зөвлөмж гарч, мөн энэ сэдвээр илтгэлийн уралдаан ч болох юм байна.
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны улсын төсвийн төслийг боловсруулан хуулийн хугацаанд УИХ-д өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2012 оны төсөв нь сонгуулийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилийн төсөв гэдгээрээ онцлог болсон юм. Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн биелүүлэхэд чиглэсэн нөөц боломжоо шахуу дайчилсан төсөв гэж үзэж байна.
Нийслэлийн Баянгол дүүрэг үртсэн шахмал түлш буюу коксжсон шахмал түлш хэрэглэж байгаа анхны дүүрэг болж байгаа юм байна. Тэдний ажлын явц бодит байдалд ямар байгааг Ерөнхий сайд мөн очиж үзлээ. Тус дүүргийнхний нэг жилд хэрэглэж байгаа 33 мянган тонн нүүрс ийнхүү утаагүй технологиор солигдож байгаа ажээ. Түлшний асуудлаа дүүрэг дүүргээр ийнхүү шийдээд явж байгааг Ерөнхий сайд С.Батболд сайшаалаа. Харин түлшээ өдий болтол нийлүүлэхгүй байгаа Шарын гол, Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн мэрд үүрэг болгов.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд гарц хайж байгаа дараагийн ажил нь утаагүй түлшний асуудал багтаж байгаа. Энэ хүрээнд “ТЭЦ-2” ТӨК-ийг түшиглэн байгуулж байгаа хагас коксжсон түлшний үйлдвэртэй Ерөнхий сайд танилцлаа. Иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа энэ ажлын явц 60 хувьтай байгаа аж. Төлөвлөж байгаагаар анхны түлшээ ирэх оны 12 дугаар сард нийлүүлэх ёстой ч иргэдийн хүлээлтээс шалтгаалан хугацаагаа наашлуулж, оноос өмнө багтаах зорилго тавьжээ. Улсын төсвөөс 17 тэрбум төгрөг “залгиж” байгаа тус ажил нь цоо шинэ технологи бөгөөд агаарын бохирдлыг үндэс сууриаар нь шийдэж байгаа анхны жилийн анхны бүтээгдэхүүн болох юм.
Нийслэлчүүд бидний хувьд агаарын бохирдол, утаа нь санаа зовоосон асуудлын нэг байсаар удаж байна. Хийхээсээ илүү ярьж, шүүмжлэгсэд ч их байлаа. Юутай ч С.Батболдын тэргүүлсэн Засгийн газраас энэ асуудлыг шинжлэх ухааны үндэстэй, санхүүжилтыг нь цогц байдлаар шийдэж агаарын бохирдлыг бууруулахаар бодит ажлыг эхлүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ бодит ажлын эхний үр дүн энэ өвөл тавигдах эсэх, эхлүүлж ярьсан асуудал газар дээрээ ямар байна, бэрхшээл зовлон нь юу байна гэдэгтэй танилцахаар Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс өмнөх цагаа зарцууллаа.