Ангилал: Uncategorized

  • Зуслангийн замын ачаалал буурах боломж бүрдлээ

    Зуслангийн замын ачаалал буурах боломж бүрдлээ Бидний нэрлэж дадсанаар Сансарын Шатахуун түгээх станцаас Дамбадаржаа хүртлэх 6,7 км, тэндээсээ цааш дахин цоо шинэ замаар 6 км давхиад Шадивлангийн гүүр хүрлээ. Нийт 12,7 км зам толь шиг зурайж байна. Гүүр нь ч мөн шинэ. Улс орон маань хөгжлийн гараан дээр ирсэн, бүтээн байгуулалтын олон ажлууд өрнөж байгаагийн нэгээхэн илрэл болох автозамын ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр танилцлаа.

    Дамбадаржаа хүртлэх 6,7 км татсан замыг манайхан Дарь-Эхийн зам гэдэг. 1970-аад онд ашиглалтад орсноос нь хойш ганц удаа ч гар хүрч засвар хийгээгүй энэ замын өргөн нь 7 метр байсныг энэ жил хоёр метрээр өргөтгөж шинэчлэн тавиад бүрэн дуусчээ.

    Дамбадаржаагийн хийдийн баруун хаяанаас эхлээд Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртэлх 6 км авто зам болоод гүүрийн ажил 85 хувьтай, ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад орох ч ирэх долоо хоногт ажил үндсэндээ дуусчихна хэмээн Нийслэлийн Авто замын газрын дарга О.Од Засгийн газрын тэргүүнд ажлаа тайлагнахдаа хэлсэн юм. Автомашин зорчих хэсгийг шинэчлэхийн зэрэгцээ явган хүний замыг ч мөн тавьжээ.  

    1960-аад онд ашиглалтад орсон, Шадивлангийн модон гүүр 50 гаруй жилийн элэгдлээ даахгүй бараг нурж унах дөхөөд байсан юм.  Тэр орчмын айлууд гүүрээр машинтай гарахаасаа айдаг болоод удаж буй. Харин одоо энэ бүхэн түүх болон үлдэж байна. Модон гүүрийг засварлаж, бетонон гүүр тавихын зэрэгцээ шинэ зам татаж өгсөн нь хаяагаа улам тэлж буй хотын захын оршин суугчдын сэтгэлд хүрсэн ажил болжээ.  Өнгөрсөн хавар энэ замын шинэчлэлтийн ажилтай танилцаж байснаа Ерөнхий сайд хэлээд богино хугацаанд сайхан зам тавьсан байна гэж “Эйч Кей Би” холдинг  компанийн хамт олныг сайшаалаа. Мөн энэ шинэ зам, гүүрийн ажил дууссанаар хойд чиглэлийн зуслангийн замын ачаалал мэдэгдэхүйц буурах нь хамгийн том ололт  юм гэж замын ажилтай танилцах зуураа Засгийн газрын тэргүүн хэлж байлаа.  

    Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 30 км замыг шинэчилсэн бол энэ жил энэ тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ эрчээ алдахгүй ажиллаж чадах аваас 2013 он гэхэд Улаанбаатарын зам бүрэн шинэчлэгдэх боломжтой гэнэ. Энэ жил замын ажлын тендерийг эрт зарласан, санхүүжилтийг цагт нь өгч чадаж байгаа зэрэг нь ажил хугацаандаа дуусах болоод чанарт нөлөөлж байгаа талаар мэргэжилтнүүд Ерөнхий сайдад танилцуулаад эдгээр нь зам барилгын компаниудын хөрөнгө бэхжих, ажиллах хүчний чадвар нэмэгдэхэд нөлөөлж байгааг хэлж байлаа.

  • Нарны гүүрийг наадмаас өмнө ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд захилаа

    Нарны гүүрийг наадмаас өмнө ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд захилаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дараа нь Улаанбаатар хотын төвийн замын ачаалллыг мэдэгдэхүйц бууруулна хэмээн тооцоолж байгаа нэгэн томоохон төслийн явцтай газар дээр нь танилцлаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн Энхтайвны гүүрээр л гэхэд өдөрт 30 орчим мянган машин зорчдог. Төмөр зам болоод Нарны зам дээргүүрх гүүрэн гарц буюу Их тойруугийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбох энэхүү гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайвны болоод  Гурвалжингийн гүүрийн ачаалал, ялангуяа төв замын ачаалал эрс буурна хэмээн тооцоолж байгаа юм.

    Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй энэхүү төслөөр баригдах гүүрэн гарцын нийт урт нь 895 метр урт, хөдөлгөөний 4 эгнээтэй ажээ. Гүүрэн гарцыг ирэх жилийн 11 дүгээр сард ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа талаар мэргэжилтнүүд танилцууллаа. Монгол Улсын Ерөний сайд гүүрэн гарцын ажилтай танилцах зуураа 2012 оны Үндэсний их баяр наадмын өмнө зорчих хэсгийг ашиглалтад оруулах боломж байгаа талаар сонирхоод үүнийг судалж, анхаарч ажиллахыг зөвлөх болоод гүйцэтгэгч компанийн урирдлагуудаас хүслээ. Гүүрэн гарцын ажлын зөвлөхөөр “Си Ти Ай инжиниринг интернэшнл” ХХК, гүйцэтгэгчээр Жей Эф И Инжиниринг корпорац ажиллаж байгаа ажээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд зам болоод гүүрэн барилгын ажилтай танилцсаныхаа дараагаар хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. Ингэхдээ тэрбээр, Нийслэлчүүдийн төр засагт тавьдаг асуудлын нэг бол яах аргагүй зам гүүрийг сайжруулахтай холбоотой асуудлууд байдаг. Замын ажлын явц сайн байна.  Замын хөдөлгөөний ачаалллыг бууруулахад чиглэсэн гарц, өргөтгөл уулзварууд шинээр хийгдэж байна. Нийслэлийн удирдлагууд замын шинэчлэлтийн ажлыг сайн зохион байгуулж байна гэж хэллээ.  

    Мөн өнгөрсөн жил Гурвалжингийн гүүрийн ажил чанартай хийгдэж дууссан. Өнөөдөр илүү их ач холбогдол өгч буй нь Энгельсийн энэ гүүрэн гарц байна. Төлөвлөсөн ажил хугацаандаа хийгдэж, ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Гүүрийг хугацаанд нь ашиглалтад өгөх учиртай, үүнд нийслэлийн удирдлагууд анхаарч, гүйцэтгэгч компаниуд шаргуу ажиллаж ирэх жилийн наадмаас өмнө ашиглалтад оруулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Ингэхдээ цаг хугацаа шаардах хэдий ч зорчих хэсгийг нээх талаар нийслэлийн удирдлагууд анхаарч ажиллаарай гэсэн чиглэл өглөө.

    Замын ажилд онцгой анхаарал тавьж ажиллах учиртай. Энэ эхлэлийг Монгол Улсын Засгийн газар тавьсан гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд замын ажилд шаардагдаж буй хөрөнгийг нийслэл болон улсын төсвийн тодотголд зохих хэмжээгээр суулгах ёстой гэдгийг энэ үеэр мөн анхаарууллаа. Замын компаниуд ажил үүргээ сайн гүйцэтгэж байгаа ч төлбөр нь удааширдаг тохиолдол бий.

    Энэ асуудлыг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэж байгаа. Тиймээс эрх зүйн орчин нь бүрдсэн. Бонд гаргах, санхүүжилтийн асуудлыг шийдэхэд цаг хугацаа шаардаж байгаа. Үүнд Засгийн газар анхаарал тавьж богино хугацаанд хөрөнгийг нь баталгаатай шийдэх талаар анхаарч ажиллана гэдгээ Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ үеэр илэрхийлээд зам барилгын ажил нь улирлын чанартай тул хөрөнгийг нь цаг тухайд нь яаралтай шийдэх нь чухал гэдгийг онцолж байлаа.

    Үүнээс гадна үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж чадахгүй байгаа аж ахуйн нэгжийн гэрээг эргэж харах, хатуу хариуцлага тооцох учиртайг Ерөнхий сайд С.Батболд  нийслэлийн удирдлагуудад энэ үеэр хэлээд гэрээний дагуу ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг зарчим мөрдөгдөх ёстойг анхаарууллаа

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 21-ний лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛЫГ ХЭЛЭЛЦЭЭНД УРИНА

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хөрөнгө оруулагч талд танилцуулах, яриа хэлэлцээ хийх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв. Энэ дагуу Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, 50 хувьд хүргэх болон нөөц ашигласны нэмэлт төлбөрийн асуудлаар “Айвенхоу Майнз Лимитед” болон “Рио Тинто Интернейшнл Холдингс Лимитед”  компанид албан бичиг явуулж, яриа хэлэлцээнд урихыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

    Хуралдааны дараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сайд нарын мэдээллээс үзвэл төсөл сайн хэрэгжиж байгаа бөгөөд энэ сарын 25-нд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлын 50 хувийг гүйцэтгэж дуусах юм байна. Гэхдээ өмнө нь хөрөнгө оруулагч талтай хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө авч үзэн, УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу цаашид анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх тухай үүргийг Засгийн газрын хуралдаанаас авсан тухай ярилаа. Дашрамд дурьдахад Оюутолгой төсөл дээр 9 мянга гаруй монгол иргэн ажиллаж байгаагийн зэрэгцээ 3 мянга гаруй хүн төслийн шугамаар суралцаж байгаа юм. 

    Засгийн газрын хуралдаанаар мөн 2012 оны төсвийн төслийн тухай хэлэлцэж эхэллээ. Төсвийн төслийг хуулийн хугацаанд нь Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна.

    ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

    Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн талаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжин УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 4 дүгээр цахилгаан станцад хэрэгжих “Эрчим хүчний үр ашиг II”төсөлд 8,5 сая евро, “”Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөлд 4,5 сая евро авна.  

    Эрчим хүчний төслийн дагуу Европ болон ХБНГУ-д өргөн хэрэглэж байгаа дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлж цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах түүхий нүүрсний хэрэглээг багасгах юм. Харин хүнсний хангамжийг сайжруулах төслийн хүрээнд СХД-ийн Жаргалант тосгоноос Төв аймгийн  Батсүмбэр сум хүртэл 29,4 км хатуу хучилттай зам тавихаар төлөвлөжээ. Манай улсын авах зээл нь жилийн 0,75 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс үндсэн өрөөс 10 жил чөлөөлөгдөнө.

    Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн болон Техникийн хамтын ажиллагаа 1992 оноос эхэлсэн бөгөөд тус улсаас манайд 265 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгоод байна. Мөн хуралдаанаар Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

    Төслийн хүрээнд дулааны цахилгаан станцад нүүрсний утааг механик болон химийн аргаар шүүдэг Австрийн туршлага, техник, технологи нэвтрүүлэх, Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр байгуулах, Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хотын цэвэр, бохир усны хоолойг шинэчлэх технологи нэвтрүүлэх, усалгаатай газар тариалангийн загвар аж ахуй байгуулахаар төлөвлөжээ. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр 2 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд 40 сая хүртэлх еврогийн нөхцөлт хөнгөлөлттэй зээл авах юм.

    УРГАЦ ТЭЭВЭРЛЭХ ЗАМЫГ ЗАСНА

    Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгийн ургац тээврийн замыг засварлахад шаардлагатай 292 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Замын эвдрэлийг төлөвлөсөн хугацаанд, технологийн дагуу чанартай гүйцэтгүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон байна.  

    Энэ дагуу ургац тээвэрлэлтийн гол зам болох Дархан-Сүхбаатар чиглэлийн 305 км-ийн салдаг уулзвараас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сум хүртэлх 107 км, Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө-Хүдэр хүртэлх 180 км, Орхон аймаг-Булган аймгийн Сэлэнгэ сум /Ингэт толгой/ хүртэлх 45 км, Хулстайн  гурван даваа, Хялганат тосгон дундах 17 км, Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Ханатайн бригад хүртэлх Цуурайн давааны 17 км, Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэлх 11 км, Жавхлант сум хүртэлх 8 км, Төв аймгийн Багахангай-Угтаалцайдам-Цээл сум хүртэлх 121 км, нийт 468 км замд засвар хийнэ.  

    Өнгөрсөн онд хөрөнгийн эх үүсвэр байгаагүйгээс ургац тээвэрлэлтийн замын засварыг хийж чадаагүй бөгөөд энэ онд бороо ихтэй байснаас замууд ихээр эвдэрсэн байна. Мөн газар тариалалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор замын чиглэл, урт нь нэмэгдэж, замын засварт зарах хөрөнгө ч жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Авто замын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллан засвар хийх шаардлагатай замын байдалтай танилцаж саналаа ирүүлсэн байна.

    НЭН ХОВОР АМЬТДЫГ ХАМГААЛНА

    “Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нэн ховор, ховор амьтдын тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, уугуул нутагт нь хамгаалж, сэргээн нутагшуулах зарчим баримтлана. Мөн мазаалай, хавтгай, монгол бөхөн зэрэг устаж болзошгүй нэн ховор амьтдын удмын санг хамгаалах, ан амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх гээд төрийн гүйцэтгэх зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод, иргэний нөхөрлөлд тодорхой нөхцөл, болзлын дагуу гэрээний үндсэн дээр хариуцуулах, ан амьтдыг ашиглагч нь хамгаалдаг, төлбөр төлдөг байхыг зорьж байна.

    Хөтөлбөрийг 2021 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд улсын болон орон нутгийн төсөв, Байгаль хамгаалах сан, олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Манай улс олон улсын 14 конвенцид нэгдэн орсон бөгөөд “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” конвенцид 55 зүйл, “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай” конвенцид 81 зүйл, дэлхийн ховордсон амьтны жагсаалтад 19 зүйл амьтан бүртгэгдсэн байна.

    ИТАЛИ УЛСАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМ АЖИЛЛУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

    Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Итали Улс манай орны үндсэн түүхий эд болох ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд, алт, бусад эрдэс баялгийг боловсруулах технологиороо дэлхийд тэргүүлдэг. Энэ нь дээрх салбаруудад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөгжүүлэх ихээхэн боломжтой гэсэн үг юм.

    Мөн Элчин сайдаа яамаа нээн ажиллуулах нь Европын Холбоо, тэр дундаа “Их найм”-ын гишүүн, манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд зээл олгож, тусламж үзүүлдэг Итали Улстай худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн хөгжүүлэх, Ромд төвтэй олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд улсынхаа бодит оролцоог нэмэгдүүлэх, тус улсад оршин сууж байгаа иргэдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах зэрэгт чухал хувь нэмэртэй гэж үзэж байна.

  • Бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарынхан чуулж байна

    Бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарынхан чуулж байнаБүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын 5 дугаар зөвлөлгөөн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордоны Их танхимд эхэллээ. Нэгдсэн хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улсын санхүү, эдийн засгийн хөгжил, сорилт, шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, салбар хуралдаануудаар Макро эдийн засгийн тогтвортой байдал, тулгарч буй эрсдэлүүд, Банк, санхүүгийн тогтолцоо, хөгжлийн чиг хандлага, Сайн засаглал-нягтлан бодох бүртгэл, хяналт, Төсөв, төрийн сангийн шинэчлэлийн талаар хэлэлцэн зөвлөмж гаргах юм. Улсын 5 дугаар зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны V зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны V зөвлөлгөөнд  оролцогчид оо,

    Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

    Монгол Улсынхаа санхүү эдийн засгийн салбарт хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

    Манай хамтарсан Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирлээ. Ялангуяа уул уурхайн салбарын төслүүдийг эхлүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр олон санаачилга гарган ажил хэрэг болгож байна.

    Moнгол Улсын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтаар Хөрөнгийн зах зээл, Өрсөлдөх чадвар, Улсын бүртгэлийн шинэчлэл, Төсвийн шинэтгэл, Уул уурхай, Ногоон эдийнзасаг зэрэг улс орны хөгжилтэй холбоотой асуудлаар олон талын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрсэн нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал “Бизнесийн орчныг шинэчлэх жил”-ийн хүрээнд олон ажил хийж, шинэ боломжуудыг нэмэгдүүллээ. Олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын компаниуд хөл тавьж эхэлсэн нь үүний нэг илрэл юм.Монголчууд өөрсдийнхөө газар нутагт эзэн байж, түүнийхээ үр шимийг нийт олноор хүртдэг тийм цаг ирж байна. Үүнийг дагаад олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар ч бид томоохон өөрчлөлт хийлээ. Төсвийн шинэчлэлийн хүрээнд “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийг Улсын Их Хурлаар баталлаа.

    Эдийн засгийн бодит өсөлтийг 2011 онд 10.8 орчим хувь байхаар төсөөлж байсан. Гэвч  2011 оны эхний хагасын байдлаар эдийн засгийн бодит өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувьд хүрсэн нь ойрын жилүүдэд ажиглагдаагүй өндөр өсөлт гэдгийг санхүүгийн салбарын төлөөлөл Та бүхэн сайн ойлгож байгаа. Улсын нэгдсэн төсвийн орлого болон тусламжийн хэмжээ 2011 оны эхний 8сард 2,757.0тэрбум төгрөг боллоо. Харин зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2,530.0тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийнтэнцвэржүүлсэн нийт тэнцэл 186.3тэрбум төгрөгийн ашигтай байна.

    Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр, Монгол Улсын эдийн засаг 2011 онд 12.0хувь, үүнээс уул уурхайн салбар 8.0 хувиар, бусад салбар 12.9 хувиар өсөхөөр байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар дамжин эдийн засгийн бусад салбарын өсөлт нэмэгдэж эхэллээ. Харин эдийн засгийн энэ өсөлтийг иргэн бүртээ хүргэх талаар Засгийн газар ихээхэн анхаарч ажиллах болно.

    Улс орны нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдээр илэрхийлэгдсэн Монгол Улсын байр суурь олон улсын тавцанд улам дээшиллээ. Тухайлбал аж ахуй, бизнес эрхлэх боломж нөхцөл, татварын ачаалал, татвар төлөлт, гадаад худалдаа, хөрөнгийн бүртгэл, ажил эрхлэх боломж зэрэг олон шалгуур үзүүлэлтийг багтаасан Бизнесийн орчны өрсөлдөх чадварын үзүүлэлтээр манай улс 2010 онд 139 орноос 99 дүгээр байрт орсон нь багагүй амжилт билээ. Энэ амжилт ололтоо бататгах, ахиулах нь бидний цаашдийн бодлого үйл ажиллагаанаас шууд шалтгаалах болно.  

    Эдийн засаг өсч, төсвийн орлого, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн үр дүнд их бүтээн байгуулалтыг эхлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх,  хүүхэд залуусын сурч боловсрох орчинг сайжруулах, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эдийн засгийн баттай үндэс суурь амжилттай тавигдаж байна.

    Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд бүртгэл, санхүү,  эдийн засгийн тэргүүний ажилтнуудын бүтээлч санаачлага, шинэ сэтгэлгээ, зоримог үйл ажиллагаа, нөр их хөдөлмөр, бүтээлч оролцоо голлох үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Бүртгэл, санхүү гэдэг ойлголт зөвхөн өнөөгийн байгаа хөрөнгө мөнгийг бүртгэж данслах, хамгаалахаар хязгаарлагдахаа байсан. Харин төрийн болон хувийн хөрөнгө мөнгийг зохистой зарцуулах, санхүүгийн олон төрлийн шинэ арга хэрэгслийг ашиглан зүй зохистой байршуулах, өсгөн арвижуулах, аливаа эрсдэлээс хамгаалж байх нь Та бүхний үйл ажиллагааны  үндсэн зорилт болох учиртай.

    Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас тавьж байгаа нийтлэг шаардлага, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлын үзүүлэлтийг хангаж ажиллах, өөрийн улсын хөгжлийн түвшинд нийцсэн санхүүгийн  тогтвортой байдлыг мөрдөж ажиллах нь чухал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Бид эдийн засаг, хөгжлийнхөө бодлогыг зөв зүйтэй  хэрэгжүүлснээр  бага орлоготой улс орны эгнээнээс дунд орлоготой орнуудын эгнээнд багтаж орох цаг хугацаа ойрхон боллоо. Бас тийм боломж, сорилт бидний өмнө тавигдаж байна. Үүнийг бид хамтдаа даван туулж чадна.  

    Бүртгэл, санхүү эдийн засгийн тэргүүний ажилтнууд Та бүхэн тулгамдсан асуудлуудынхаа шийдлийг ярилцаж, үзэл бодол байр сууриа чөлөөтэй илэрхийлж, Улсын зөвлөлгөөнөө амжилттай өндөрлөнө гэдэгт итгэж байна. Улс Монголын маань эдийн засаг, санхүүгийн салбар өргөжин тэлж, өсөн нэмэгдэхийг ерөөж, зөвлөлгөөнд амжилт хүсье.

  • Мал сүргийг эрүүлжүүлэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөр малчны хотонд хүрлээ

    Мал сүргийг эрүүлжүүлэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөр малчны хотонд хүрлээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 09 сарын 17-ны энэ бямба гаригийг монгол эх орны шавхагдашгүй баялаг болсон мал сүргийг эрүүлжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд зориуллаа. Тэрбээр өнөө өглөө Соёлын төв өргөөнд эхэлсэн “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-д оролцсоноор ажлаа эхэлсэн юм. Таван эрдэнэ болсон мал сүргээ эрүүлжүүлэх, үйлдвэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх замаар нөхөн төлжих үндэсний баялгаа эдийн засгийн эрчимтэй эргэлтэд оруулах зорилго бүхий “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг өнөөдрөөс улс орон даяар эхлүүлж байгааг Ерөнхий сайд зарласан. Эдгээрийг хийж хэрэгжүүлэхэд, ажил хэрэг болгоход малын эмч мэргэжилтнүүд гол үүрэг гүйцэтгэх учир Ерөнхий сайд С.Батболд  “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-ийг санаачлан хийлгэсэн юм.

    Тэрбээр дараа нь Сүхбаатарын талбайд болсон “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийн албан ёсны нээлтэд оролцлоо. Энэ үеэр Монголын бүх мал сүргийг угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулах тухай Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, малыг эрүүлжүүлэхэд нэн шаардлагатай эхний ээлжийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, тарилга туулгалтыг аймаг, сумын малын эмч нар болоод холбогдох хүмүүст гардуулахдаа одоо эдгээрийг бүх сум, бүх малчин өрхөд хүргэх малын эмч нарын ажил үлдлээ гэдгийг онцолж байсан билээ.   

    Энэ өдрийн үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн малчны хотонд очиж, малд паразит өвчнөөс сэргийлэх үйлчилгээ үзүүлэх, малыг ээмэгжүүлэх болон бүртгэлд хамруулах ажлыг хэрхэн эхлүүлж байгаатай газар дээр нь танилцлаа. Төв аймгийн 9400 гаруй малчны нэг, мянгат малчин Л.Лхам гуай өнгөрөгч зун зуншлага болоод газрын гарц сайн байсан, мал тарга тэвээрэг сайхан авлаа гэсээр Ерөнхий сайдаа угтсан юм. Малаа эрүүл байлгах төрийн бодлогын талаар Ерөнхий сайд С.Батболд  яриа өрнүүлж, мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард маань эрүүл байх учиртай.

    Эрүүл монгол хүн улс орноо хөгжүүлнэ, бидний хөгжлийн үндсийн үндэс нь эрүүл мал байгаа юм гэж ярьж байлаа. Мөн тэрбээр “Монголын Засгийн газар малчдаа дэмжинэ ээ. Та бүхэн маань хүнд хөдөлмөр эрхэлдэг, хүнд ажилтай хүмүүс. Бид малчин өрхийг үйлдвэрлэл эрхэлдэг нэгж, харин малчдаа мэргэжилтэн гэж хүлээн зөвшөөрч баталгаажуулна гэж гэрийн эзэнтэй хуучлах зуураа ярилаа. Зуунмод сумын Улаан хад гэдэг газарт намаржиж байгаа Л.Лхам гуайнх 1300 гаруй толгой малтай бөгөөд тэдний малыг ээмэгжүүлэх, бүртгэл хийж байгаатай нь Ерөнхий сайд С.Батболд хотонд нь очиж танилцсан юм. Ингэхдээ Ерөнхий сайд бид нэг жилд малдаа гурван удаа хүрэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  бүх мал сүргийг угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулах юм гэдгийг онцолж байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Таван-Эрдэнэ” хөтөлбөр орон нутагт хэрхэн эхэлж байгаатай танилцсаныхаа дараагаар сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Ингэхдээ энэ бол маш чухал арга хэмжээ болж байна. Улс орон хөгжинө гэдэг бол хүн ард маань эрүүл, эрүүл хүнс тэжээлээр хангагдсан байх ёстой. Эдийн засаг маань ганц уул уурхай биш өөр бусад салбарт тулгууртай байж хөгжинө.  Манай улсад уламжлалт бөгөөд орчин үеийн эрчимжсэн мал ахуй, газар тариаланд тулгуурласан хүчирхэг хөдөө аж ахуй хөгжих ёстой. Уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хос морьтой байж бид урагшилна аа. Шавхагдашгүй их ундаргатай хөдөө аж ахуй бол манай улсын том баялаг.

    Энэ баялгийн үндэс нь таван эрдэнэ болсон таван хошуу мал маань юм. Таван хошуу малаа өсгөж үржүүлэх, эрүүл байлгахад Засгийн газар анхаарал тавьж ажиллах үүрэгтэй. Малчдаа дэмжих “Монгол мал” хөтөлбөрийг УИХ баталж, Засгийн газар хэрэгжүүлж байна. Энэ ажлын нэг хэсэг болсон малаа эрүүлжүүлэх хөтөлбөрийг өнөөдөр улс орон даяар эхлүүллээ гэдгийг онцлоод Засгийн газар хөдөө аж ахуй мал сүргээ дэмжих бодлогыг цаашид ч мөн үе шаттайгаар хэрэгжүүлэх болно гэдгийг тэмдэглэлээ

  • Тавантолгойтой зэрэгцэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ

    Тавантолгойтой зэрэгцэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ Монгол Улсын Засгийн газар “Атрын 3” аян зарлаж, хэрэгжүүлснээр газар тариалангийн салбар сэргэж, эх орны хөрсөнд ургасан улаан буудай, төмс, хүнсний ногоогоор хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахаар болоод байгаа. “Атрын 3” аянтай зэрэгцүүлэн “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд санаачлан эхлүүллээ. Тавантолгойтой зэрэгцэх “Таван-Эрдэнэ” ч хэмээн тодотгож болох юм. Энэхүү хөтөлбөрийн эхлэл болсон “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн” өнөөдөр буюу 2011-09-17-нд Соёлын төв өргөөнд болж монгол орны өнцөг булан бүрээс ирсэн малын эмч, мэргэжилтэн, малчдын 1400 гаруй төлөөлөгч оролцлоо.

    Тус зөвлөлгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Хөрөнгийн урсгал уул уурхай, аж үйлдвэрлэл рүү чиглэлээ. Үүнийг дагаад ажиллах хүч хийгээд хүн амын шилжилт хөдөлгөөн энэ зүг хошуурах боллоо. Энэ буруу зүйл биш ээ. Гэхдээ бид ганцхан уул уурхай гээд уламжлалт эдийн засгийн үндэс суурь болсон мал аж ахуйн бодлогоо орхигдуулж, цалгардуулж болохгүй ээ. Ингэвэл “Уулын буга хараад унасан морио мартав” гэгчээр эцэстээ буга ч үгүй, морь ч үгүй болж хоосроно. Ийм байдалд орохгүйн тулд байгалийн баялгаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломж бидэнд байгаа гэлээ.

    Олон зуун жилийн байгалийн шалгарлыг даван туулсан манай мал сүрэг манай улсын эдийн засгийн суурь, ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, баталгаа нь болж ирсэн. Мөн улс орны Дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод тодорхой байр суурийг эзэлдэг. Тийм ч учраас бид мал сүргээ эх орны шавхагдашгүй баялаг, “Таван-Эрдэнэ” хэмээн тодотгож байгаагаа тэмдэглээд үндэсний баялаг болсон мал сүрэгтээ онцгой анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлээ эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвартай салбар болгоход нь төрийн төдийгүй малын эмч нар ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ. Ингэхдээ тэрбээр хүний эмч бол хүнийг эмчилнэ, малын эмч бол хүн төрөлхтнийг эмчилдэг гэдэг үгийг иш татаж байлаа.

    Малын эмч, мэргэжилтнүүд эрсдэлтэй хүнд хэцүү нөхцөлд, өөрөөр хэлбэл дөрвөн цагийн эргэлтэд малыг эрүүлжүүлэх, өвчлөлийг нь бууруулах, сэргийлэх чиглэлээр ажилладаг. Энэ нь малаасаа өвчин эмгэг авахад нөлөөлж байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ онцлоод тиймээс ч малын эмч нарыг хүнд хөдөлмөр эрхэлдэг гэсэн ангилалд оруулах талаар тодорхой арга хэмжээ авна гэдгээ дуулгасан нь мал аж ахуйн салбарын хөгжлийн тулгуур болсон малын эмч нарыг баярлуулсан мэдээ байлаа. Малын эмч нарын ажлын үр дүнгээс хүнсний хангамж, түүний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн хувь заяа, цаашилбал үндэсний боловсруулах үйлдвэрүүдийн ирээдүй шууд хамааралтайг мартаж болохгүй гэдгийг тэрбээр мөн сануулж байсан.

    Засгийн газар хөдөө аж ахуйн салбартаа ихээхэн анхаарч ирсний нэг илрэл нь өнөөдрөөс хэрэгжүүлж эхлүүлэх “Таван Эрдэнэ” арга хэмжээ юм. Энэхүү “Таван эрдэнэ” бодлогын хүрээнд гурван жил дараалан нийт мал сүрэгт вакцинжуулалт, угаалга, туулгалтын үнэ төлбөргүй арга хэмжээг төрөөс хариуцан хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан гэж Зсгийн газрын тэргүүн хэллээ. Энэ нь “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл гэдгийг ч тэрбээр тодотголоо. Малыг эрүүлжүүлэх нь зөвхөн малд зориулсан, малчдад өгөөжтэй арга хэмжээ биш юм. Энэ бол нийт ард иргэдэд үр өгөөжөө өгөх, улс орны эдийн засгийг тэтгэх өргөн хүрээтэй бодлого шийдвэр билээ. Мал эрүүл байж хүнс эрүүл байна. Хүнс эрүүл байж хүн ам маань эрүүл байх учиртайг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.

    Баягалийн баялгаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломжийг бий болгох зорилго бүхий “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, ажил хэрэг болгоход малын эмч мэргэжилтнүүд гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү зөвлөлгөөнийг санаачлан хийлгэж байгаа юм.

    “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн нь хөдөө орон нутагт өнөөдөр мал эмнэлэг, малын эмч нар ямархуу байгаа болон хүнд хэцүү байдал, түүнээс гарах арга зам болон хойшид ямар арга хэмжээ хэрэгжүүлбэл зөв зүйтэй байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн санал шүүмжлэл өрнөсөн халуухан арга хэмжээ болсон юм. Төлөөлөгчдийн хэлсэн санал, зөвлөмжийг нэг бүрчлэн тэмдэглэн авч хойшид хэрэгжүүлэх ажилдаа тусгаж, хийх ажлаа төлөвлөхийг  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зөвлөлгөөнийг зохион байгуулагчдад даалгалаа

  • Монгол Улсын бүх мал сүргийг, угаалга, туулгалт, вакцинжуулалт 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулна

    Монгол Улсын бүх мал сүргийг, угаалга, туулгалт, вакцинжуулалт 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулнаБайгалийн баялгаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломжийг бий болгох “Таван-Эрдэнэ” хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд санаачлан хэрэгжүүлж буй юм. Энэ хүрээнд бямба гаригийн амралтын энэ өдөр олон ажил өрнөж байгаагийн нэг нь Соёлын төв өргөөнд өглөө эхэлсэн “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн” байсан юм. Зөвлөлгөөний дараагаар Сүхбаатарын талбайд “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийн албан ёсны нээлт боллоо.

    Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Монгол Улсынхаа бүх сумаас ирсэн малын эмч, мэргэжилтнүүдийн улсын зөвлөлгөөн амжилттай өндөрлөж байна. Зөвлөлгөөнөөр олон чухал асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэр, уриалга гаргалаа. Одоо түүнийгээ хэрэгжүүлэх ёстой” гэдгийг эхлээд тэмдэглэлээ. Мөн Монголын бүх мал сүргийг угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулах тухай Засгийн газрын шийдвэрийг танилцуулаад уг ажлын шууд эхлэл болгож Монгол Улсын малчин өрх болгонд хүрч хэрэгжих, бүх мал сүрэг хамрагдах “Таван-Эрдэнэ” арга хэмжээний нээлтийг хийж байна гэдийг онцоллоо.

    Малыг эрүүлжүүлэхэд нэн шаардлагатай эхний ээлжийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, тарилга туулгалтыг бүх суманд хүргэх ажлыг энэхүү арга хэмжээгээр эхлүүлж байгааг Ерөнхий сайд энэ үеэр зарлаад энэ ажлыг бүх малчин айл өрхөд хүргэх малын эмч нарын ажил үлдлээ гэдгийг ч мөн хэлсэн юм.  Энэ нь нийт мал сүргийг эрүүлжүүлэх, улмаар нийгэм эдийн засгийн олон талын учир холбогдолтой. Ач холбогдлыг ард иргэдэд эхнээс нь ойлгуулж,  сум, багийн хэмжээнд оновчтой зохион байгуулж зохих үр дүнд хүргэх нь Малын эмчийн улсын зөвлөлгөөнд оролцогсод, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн үүрэг гэдгийг Засгийн газрын тэргүүн анхааруулж байлаа.   

    “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийн үр дүн мал сүргээр дамжаад, малын ашиг шим, түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг ашигладаг үйлдвэр аж ахуйн нэгж, Монголын бүх ард иргэдэд ач тусаа өгөх учиртай. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хөрш орны Засгийн газрын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагийн дотор ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 375 сая рублийн үнэ бүхий 34,0 сая тун малын шүлхий өвчний вакцин, 22 ариутгал халдваргүйжүүлэлтийн машин нийлүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд дурдаад энэхүү тусламжийг үзүүлсэн ОХУ-Засгийн газарт гүн талархал илэрхийллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Таван-Эрдэнэ” арга хэмжээний нээлтийн ёслолны үеэр “Монгол мал” хөтөлбөр”-ийн хүрээнд 100 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт үйлчилгээний автомашиныг хүлээлгэн өглөө. 2012 онд Монгол Улсын бүх сумын мал эмнэлэг үржлийн тасаг машинтай болох юм байна

  • Монгол бөх Геннисийн амжилтын төлөө

    Монгол бөх Геннисийн амжилтын төлөө Монгол бөхчүүд Геннисийн номд орохын төлөө хүч үзэн барилдаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд монгол эх орныхоо өнцөг булан бүрээс барилдахаар ирсэн хүчит 4096 бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Энэхүү дэлхийн дээд амжилтыг тогтоохын төлөө зохион байгуулж буй өвөрмөц арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлэхдээ манай улсын түүхэнд ийм олон бөх барилдаж байгаа нь анхны тохиолдол болж байна. 2,8 сая хүн амтай манай улсад 6002 бөх гэдэг бол рекорд амжилт юм гэж хэллээ.

    Мөн дэлхийн дээд амжилтуудыг тодотгон бичдэг энэхүү номд багтвал Монгол Улсаа сурталчлах томоохон арга хэмжээ болох юм гээд энэ нь дэлхий дахинд улс эх орон, соёл түүх, зан заншил, үндэсний спортоо сурталчлахад Монгол бөхийн холбоо, Монголын бөхчүүдийн оруулж байгаа хувь нэмэр юм гэдгийг тодотголоо.

    Энэхүү барилдаан нь ард иргэдийнхээ дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Энэхүү түүхэн ховор барилдаанд зодоглож буй бөхчүүд үнэн хүчийг үзүүлж, Монгол хүний ур ухаан, хурд хүчний гайхамшигт барилдаан, үндэсний спортын дэг жаягийг дэлхий ертөнцөд харуулах учиртай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд бөхчүүдэд хандаж хэллээ