Ангилал: Uncategorized

  • С.Батболд: Төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү төр, ард түмэнд үнэнчээр ажилладаг мэргэшсэн хүн байх ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Төрийн албаны шинэтгэл сорилт боломж” сэдэвт төрийн албаны үндэсний чуулганд хэлсэн үг

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

    Төрийн албаны үндэсний чуулгандаа хүрэлцэн ирж, Төрийн ордондоо цуглан чуулж байгаа Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр энд монголын хамгийн олон иргэдийг эгнээндээ багтаасан төрийн албаныхан гэдэг том айлын бүх ангилал, зэрэглэлийн албан хаагчдын төлөөлөл иргэний нийгэм, бизнесийн байгууллага, иргэдийнхээ төлөөлөлтэй хамтран чуулж, алдаа оноогоо хэлэлцэж, ажил төрлөө сайжруулах арга замаа ярилцах нь ихээхэн онцлогтой, ач холбогдолтой  арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. 

    Ийм чуулганыг зохион байгуулах шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн албаны шинэтгэлийг Удирдах хорооны хурлаас гаргасан. Засгийн газар 5 сард шийдвэр гаргаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороог Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулахаар тогтож, дүрмийг нь баталж өгсөн. Удирдах хороо үйл ажиллагааныхаа ойрын болон хэтийн зорилго, зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахын тулд юуны өмнө төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх шаардлага, түүнд тулгарч болзошгүй сорилт, боломж, бас өөрсдийн сайн муу талуудаа үндэсний хэмжээний төлөөлөлтэй өргөн дэлгэр ярилцъя гэдгээ  анхныхаа хурлаар хэлэлцэж тогтсон.

    Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Үнэхээр ч хэлэлцэж ярилцах зүйл та бидэнд олон бий. Та бүхэн чуулгандаа идэвхтэй оролцож, цаашдын стратеги  бодлого чиглэлд үнэтэй санал санаачлага бүхий хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдрийн энэ чуулганд Монгол улсад суугаа гадаад орны элчин сайдууд, НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөл, мөн Канад улсын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч хатагтай Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Эрхэм Зочиддоо та бүхний өмнөөс халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.

    Чуулганы зочид төлөөлөгчид өө,

    Хатагтай ноёд оо,

    Монгол улс хөгжлийн шинэ гараан дээрээ ирлээ. Бид ардчиллын гэгдэх нийгмийн өөрчлөлтийн 20 жилийг ардаа орхилоо. Энэ хугацаанд алдсан олсон зүйлийн талаар бишгүй ярьсан. Одоо угтах ирээдүйн 20 жилээ төлөвлөн, хийж бүтээх учиртай. Ирэх 20 жил бол улс нийгмийн эрчимтэй хөгжлийн, эх орны их бүтээн байгуулалтын он жилүүд байх болно. Энэ бүхний үр дүнд Монгол хүн хөгжиж, хүний хөгжлийн таатай нөхцөл бүрдэнэ. Үүнд бид итгэлтэй байна. 

    Эдийн засаг тэлж байна. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Улсын болоод хувийн салбарт алсдаа өгөөжтэй бодит бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эрч хүчээ авч эхэллээ. Хүний хөгжлийн сангаар дамжиж иргэдэд байгалийн баялгийн хувь хишиг бага багаар очиж эхэлсэн. Хөгжлийн банкийг байгуулж, эдийн засгийн томоохон хөтөлбөр төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдүүлэх хөшүүргийг бий болголоо.   

    Нэг үгээр хэлбэл, манай Засгийн газар ээлж өнгөрөөх, гал унтраах байдлаар биш холыг харсан, хөгжлийн бодлогоор ажиллахыг хичээж байна. Алийн болгон бид “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэсэн сэтгэлгээгээр ажиллахав. Хэдийгээр нийгмийн зарим хэсгийн амьдралд “өнөөдрийн уушиг” нь чухал байгааг ойлгож  буй хэдий ч бид нөхцөл байдлыг өөрчилж, өөрөөр сэтгэж, өөр өнцгөөс харж, том зорилт тавихыг чухалд үзэж хамтран зүтгэж байна. “Оюу толгой”, “Таван толгой”, “Шинэ төмөр зам”, “Сайншандын аж үйлдвэр” цогцолбор, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг хөгжилд хөтлөх хөтөлбөр, төслүүд бэлтгэгдэж, ажил хэрэг болж амьдралд биелэлээ олох эхлэлийн гараан дээр байна. Энэ бол дотоод нөхцөл байдал, хүчин зүйл юм.

    Гадаад орчин, нэг талаасаа, бидэнд эдийн засгийн таатай боломжийг бүрдүүлж байгаа ч, нөгөө талд нь, хүндхэн сорилтууд хүлээж байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, экологийн хямрал, байгалийн баялгийн төлөөх ил далд өрсөлдөөн, дэлхийн хүн амын хүнсний хомсдол, түүний аюулгүй байдал, элдэв өвчин тахлын хил хязгааргүй тархалт, харийн соёлын түрэлт зэрэг өдрөөс өдөрт ойртон нүүрлэж буй эрсдэл сорилтууд нь үндэсний оршин тогтнол, айл өрхийн аюулгүй байдал, Монгол хүний хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц бодит аюул заналыг сануулж байна. Дотоод, гадаад энэ бүх нөхцөл байдал нь биднийг хөгжлийн философио, засаглалын хэв загвар, өгөөж бүтээмжээ дахин шинээр харахыг шаардаж байна.

    Тэгвэл эрсдлийг багасгаж, сорилтыг давж, боломжийг ашиглаж, хөгжлийг түргэсгэх гол хөшүүрэг нь зөв менежмент бүхий сайн засаглал юм. Үүнд эргэлзэх явдалгүй. Энэ бол бидний итгэл үнэмшил байх ёстой. Би Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэг жил найман сар болж байна. Энэ хугацаанд бүх аймаг, орон нутагт ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж зовлон жаргалыг нь сонслоо. Тэдэнд асуудал, бэрхшээл байна. Амьдрал өрнөж байгаа газар асуудал байх нь мэдээж. Гэхдээ хүмүүс нэг л зүйлд, тодруулбал, төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажилдаа болоод хүнд хандах хандлагад нь сэтгэл дундуур байгаа нь ажиглагдсан.

    Мөн дээрх хугацаанд боловсролын шинэчлэл, хөрөнгийн зах зээл, санхүү, бизнесийн орчны шинэтгэл, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүч, эрдэс баялаг, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан гээд үйлдвэрлэлийн бараг бүх салбараар орж, хүн ам нийгмийн эрсдэлт бүлгүүд, хүүхэд залуучууд, гэр бүлийн тулгамдсан асуудлаар үгээ хэлж, үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж ирлээ. Салбарын яам, агентлаг, төв, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хэдэн мянган албан хаагч ажиллаад байгаа хэрнээ гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт энэ хугацаанд гарсан гэж бардам хэлэх үндэслэл бага байна. Хүн амын амьдралд шууд мэдэгдэхүйц өөрчлөлт дорвитой гарахгүй байна. Энэ бүхнээс Монголын төрийн албаны ажил хэрэг,  түүний гүйцэтгэлийн үр өгөөж ямар байна вэ? гэдэг нь тодорхой болно.

    Тэгэхлээр бид засаглалын хэлбэр маягаа илүү үр өгөөжтэй болгож, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Засаглалын үр ашигтай механизмыг тогтоох, төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагыг эрс сайжруулах нь эдийн засаг, нийгмийн том зорилтуудыг хэрэгжүүлж,  улс орны болоод монгол хүний хөгжлийг хангах гол түлхүүр, үндсэн хөшүүрэг гэж би үзэж байна. Хөгжиж ирсэн улс орны туршлага, тэдний амжилтын нэг нууц ч энд байна. Тиймээс төрийн албаны шинэтгэлийг ярих нь нийгмийн хэрэгцээ шаардлага, өнөө цагийн дуудлага юм.

    Энэ дуудлагыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлж баяр хүргэе. Асуудлыг олон талаас нь ажил хэрэгчээр, ний нуугүй ярилцахыг та бүхнээс хүсье.

    Эрхэм нөхөд өө,

    Төрийн албаны шинэтгэл нь байнгын тасралтгүй үйл явц юм. Бүр 1980-аад оноос эхлэн дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улс орнуудын өмнө Төрийн захиргааны шинэтгэлийн асуудал тавигдсаар ирсэн байна. Энэ хооронд захиргааны шинэтгэлийн олон үзэл онол, хандлагууд бий болж засаглалын практикт нэвтэрч, эерэг сөрөг үр дагаваруудыг дагуулсаар, туршлага, сургамж хуримтлуулсаар өнөө хүрч иржээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд өөрчлөлт шинэчлэлийн хэд хэдэн үеийг дамжин монгол улсын төрийн албаны тогтолцоо институтын хувьд цоо шинээр бүрэлдэн тогтжээ.

    Өнөөгийн манай төрийн албаны тогтолцоонд ололттой, дэвшилтэй зүйл мэдээж багагүй бий. Гэхдээ дутагдал доголдол нэлээдгүй байгааг амьдрал өөрөө харуулж байна. Ард иргэд шүүмжлэн хэлэлцэж байна. Ерөнхийлөн шүүмжлэх, хавтгайруулан үгүйсгэх биш дутагдал доголдол нь хаанаа, юундаа байна вэ? гэдгийг нарийн оношлон тогтоох нь цаашдын шинэтгэлийн стратеги зорилтыг тодорхойлоход чухал ач тустай. Шинэтгэлийн гол зорилго нь нэгэнтээ хэлбэржин тогтсон институтын тогтолцоог дахин задлан, шинээр эмхлүүлэхийг зорих биш, харин одоогийн бүтэц тогтолцоог боловсронгуй болгон тогтвортой байдлыг хангах, улмаар түүний дотоод үйл ажиллагаа соёл хандлага, төрийн албан хаагчдын бодол сэтгэлгээ, арга барилын шинэтгэлийг эрчимжүүлэхэд оршино гэж үзэж байна.

    УИХ-аас баталсан “Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлтийг зохион байгуулах ажил цаг хугацааны хувьд 2010 оноор дуусгавар болсон ч дунд хугацааны стратегийн зорилго, эрхэмлэн дээдлэх зүйлс, монгол төрийн албаны үнэт зүйл хэм хэмжээ болж хараахан бүрэн төлөвшөөгүй. Тиймээс бидний хийхийг хүсч буй шинэтгэлийн стратеги зорилт эндээс урган гарах учиртай.

    Мэргэшсэн, тогтвортой, мерит зарчимд суурилсан төрийн албаны үр өгөөжтэй, иргэддээ үйлчилдэг, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх явдал гэж тодорхойлж болох байна. Ерөнхий сайдын албыг хүлээн аваад УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Төрийн жинхэнэ албанд гавьяа зүтгэлийн буюу Меритократ тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна” гэж тэмдэглэсэн байр суурь хэвээр байгааг дахин нотлон хэлэхийг хүсч байна.

    Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшний ялгааны нэг үндэс нь засаглалд байна. “Засаглалын ялгаа” байгаа учраас зарим нь хөгжиж, зарим нь хөгжлийн өндөрлөгт хүрч чадахгүй байна. Хөгжлийн зөв шийдвэр гаргах үндсэн нөхцөл нь сайн засаглалын стандарт юм. Тиймээс бид сайн засаглалын стандартыг төвд ч, орон нутагт ч, нутгийн өөрөө удирдах ёсонд ч нэн даруй нэвтрүүлэхийг хичээх учиртай. 

    Сайн засаглалын нэг үндсэн шинж бол төрийн алба мэргэшсэн, тогтвортой байж, иргэддээ чанарын үйлчилгээ үзүүлэх явдал мөн. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл юм. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйлс багтана. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд бид дээрх зүйлийн алинаар нь ч тогтвортой тууштай байдлыг хадгалж чадаагүй явж ирсэн байна. Засгийн газрууд байн байн солигдож байсан нь үүнд нөлөөлсөн нэг хүчин зүйл яах аргагүй мөн. Сүүлийн 15 жилд 9 засгийн газрын нүүрийг үзээд байгаа бөгөөд бүрэн эрхийн хугацаагаараа ажилласан нь нэг л байна.

    Засгийн газрын халагдах солигдох үйл явцыг дагалдаад бүтэц зохион байгуулалтын элдэв өөрчлөлтүүд, боловсон хүчний халаа сэлгээ төв орон нутаггүй хийгдсэн нь төрийн албаны тогтвортой байх зарчмыг алдагдуулаад зогсохгүй, эцсийн дүндээ  иргэдийн амьдралд халгаатай, бүтээн байгуулалтад саадтай байсны горыг  бид өнөөдөр ч даван туулж чадаагүй байна. Эндээс сургамж авах нэгэн зүйл харагдана. Засгийн газрын кабинетийн  бүрэлдэхүүн өөрчлөгдлөө ч засгийн газрын бүтцийн байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэлийн тогтвортой байдлыг хадгалахыг эрмэлзэх нь чухал юм байна. Энэ чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар мэргэшсэн, туршлагатай төрийн албан хаагчид тогтвортой ажиллаж, төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа тасалдалгүй хэвийн явагдах нөхцлийг эрх зүйн бүрэн дархлаатай болгох нь чухал байна.

    Төрийн жинхэнэ албаны ажилтнуудын ангилал, зэрэглэлийн стандартыг ч тодорхой болговол зохино. Тухайлбал, яам агентлагийн хэлтэс, газрын дарга нар болон ерөнхий менежерүүдэд тавигдах шаардлагыг бусад улс орны ижил түвшний менежерүүдэд тавигддаг орчин үеийн шаардлагын түвшинд маш тодорхой стандартчилж өгөх ёстой. Төрийн албаны тухай хуулинд тодорхой нэмэлт өөрчлөлтүүдийг оруулъя. Төрийн болоод төв, орон нутгийн байгууллагад тогтвортой ажилласан хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог болохыг хуулчилъя. Тухайлбал, төрийн яаманд магадгүй 3 аас 5 жил ажилласан туршлагатай, ёс зүйтэй, ур чадвартай болохоо харуулж чадсан хүнийг хэлтэс, газрын дарга болгодог, карьерийн зарчмаар албан тушаалд дэвшүүлдэг байх тодорхой өөрчлөлтүүдийг төрийн албаны тухай хуулинд оруулъя. Энэ талаар та бүхэн зөвлөлдөж ярилцах ёстой. 

    Төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү стандарт шаардлагыг хангасан сайн менежер, зохион байгуулагч, төрд сэтгэлтэй хүн ажилладаг байх ёстой. Төрийн шийдвэр гаргах тогтолцоог нотолгоо, судалгаа, бодит тооцоонд тулгуурласан зарчимд шилжүүлэх нь бодлогын тогтвортой байдлыг хангах, нэг хүчин зүйл мөн. Төрийн албаны тогтвортой байдал, засаглалын чадавхийг сулруулж, хүний нөөцийн бодлогыг алдагдуулахад хүргэсэн нэг зохисгүй хандлага бол улс төрийн нөлөөлөл гэсэн ерөнхий нэрийн дор халхавчлагдсан зүй бус оролцооны зохисгүй үр дагавар юм.

    Намчирхах, нутгархах, бүлгэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил хэрэг, хүний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлдөг энэ зүй бус зохисгүй оролцоо, хандлагыг таслан зогсоох улс төр, эрх зүйн баталгааг бүрдүүлэх ёстой. Энэ талаар та бүхэн салбар хуралдаан дээрээ сайн ярьж, хэрхэх тухайгаа хэлэлцэж тогтоно бизээ. Сайн засаглалын нэг гол шалгуур бол иргэддээ ойр байх, тэдний төлөө чанартай, адил тэгш, алагчлалгүй үйлчилгээ үзүүлдэг байх явдал мөн.

    Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” хэмээн бид хуульчилсан. Үүнийг хуулийн хуурай заалт, хоосон тунхаг байлгалгүйгээр төрийн албан хаагч бүр үйлдэл, сэтгэл болгон хувиргаж, үйл ажиллагаагаараа нотлон харуулахыг амьдрал та биднээс шаардах боллоо. “Өндөр чанартай үйлчилгээг ард түмэндээ хүргэх” нь дэлхийд жишиг болохуйц стандарт бүхий Канад улсын төрийн албаны хамгийн нэгдүгээр эрхэм зорилго болдог байна.

    Үнэндээ улсынхаа ард иргэдэд чин сэтгэлээсээ үйлчлэх гэсэн үзэл бодол бүх төрийн албан хаагчдын зүрх сэтгэлд шингэсэн байвал зохино. Сэтгэл л байвал таны үйлчилгээ хүнд хүрнэ. Үг яриа, үйлдэл, зан үйл, үйлчилгээ, ажлаас таны сэтгэлийг иргэд мэдэрч, харж, уншиж байгаа. Иргэд та биднээс их юм шаардахгүй. Гагцхүү бодитой, нээлттэй сэтгэл шингэсэн үйлчилгээ, хүн ёсны харилцааг л хүсч байна.

    Төрийн байгууллагын ажил, үйлчилгээний соёлд эргэлт гаргахад хувийн хэвшлийн байгууллага, тэндхийн ажилтнуудаас санаа авах, сурах юм их бий. Хөндий харьцаа, хөшүүн хойрго байдал, хүлээлгэж уях, хариу нэхэх байдлын илрэл нь шуурхай түргэн, шударга тэгш хандаж, угтаж авч тосч үйлчилдэг үйлчилгээний хэм хэмжээг мэдэх болсон манай иргэдийн уур уцаарыг хүргэх нь гарцаагүй. Төрийн нэрээр хувийн ажлаа амжуулж, төрийн алба гэсэн вакум орчинд сууж хүнд суртлын үүр уурхай болсон зарим хандлагыг өөрчлөхийг ард иргэд шаардаж буйг бид анзаарахгүй байж болохгүй.

    Өнөөдөр төрийн нэрийн өмнөөс нийтдээ 150 гаруй мянган албан хаагч ажиллаж байна. Тэдний 113 мянга гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагчид бөгөөд тэд өдөр тутам төрийн нийтлэг үйлчилгээг иргэдэд хүргэх үүрэгтэйгээр ажилладаг. Төрийн тусгай, төрийн захиргаа, улс төрийн албан хаагч хэн нь ч байсан өдөр бүр хүнтэй харилцаж  байгаа. Энэ олон хүнийг хүний төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд нэгтгэн зангидвал “олны хүч оломгүй далай” гэгч болно. 

    Ард түмэндээ үйлчлэх андгай тангараг бүхий төрийн албан хаагч та бүхэн нийтээрээ эрхэмлэн дээдлэх, үнэт зүйл, чин эрмэлзлээ анхны чуулганаараа тунхаглан илэрхийлж, сахин мөрдөх нь зүйтэй. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, түмний төлөө төрийн нэрийн өмнөөс үнэнч шударгаар зүтгэж байгаа хэнийг ч манай ард түмэн мэднэ, хүндэтгэнэ. Төр тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж нэр төрийг нь хамгаалахыг хичээнэ. Ингэж ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж та бүхнээр уламжлан ажлын амжилт, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

    Монгол улсын төр, тэр дундаа Засгийн газар бол хамгийн том ажил олгогч, ажил үйлчилгээний хамгийн том захиалагч, хамгийн их хөрөнгө оруулагч мөн. Ажил олгогчоос ажил эрхлэгчид тавих болзол, шаардлага цөм стандартчилагдсан байх учиртай. Энэхүү стандарт нь хэн нэгэн хүнд зориулагдсан биш хийж гүйцэтгэх ажил үйлчилгээний цар хүрээ, чанар, хүртээмж, соёл, хариуцлагын хэмжээгээр тодорхойлогдох ёстой. Дээр нь энэ стандарт бидний жишиг болгохыг зорьж буй улс орны төрийн байгууллагын ижил түвшний албан тушаалд тавигддаг стандартын хэмжээнд буюу түүнд дөхөж очсон байх шаардлагатай болоод байна. Даяаршил, нийгмийн хөгжил, биднийг тосон ирж буй хөгжлийн давалгаа үүнийг шаардаж байна.

    Манай төрийн байгууллагын ажил үйлчилгээ, албан хаагчдын мэдлэг, ур чадвар дэлхийн түвшний төрийн албаны стандартаас л доогуур байх юм бол төрийн алба бол улс орны хөгжлийн хөтөч байна гэдэг үг зүгээр л хоосон зүйл болно. Төрийн захиргааны шинэтгэл, улсын салбарын шинэ удирдлага, сайн засаглал, шинэ хэв маягийн Засгийн газар, төрийн шинэ менежмент, эзэн агентийн харилцаа, ажил үйлчилгээний өртөг зэрэг төрийн захиргааны үзэл онолын мөн чанарыг илэрхийлсэн ойлголтууд нь зөвхөн онолын ном зохиолд хэрэглэгддэг эсвэл зарим хүний цэцэрхсэн хоосон үг болж үлдэнэ. Бид үүнийг хүсээгүй. Үгийг үйл хэрэг, онолыг практик хэрэглээ болгохыг та бүхнээс хүсч байна.

    Төрийн засаглалын өгөөж, үр дүнг дээшлүүлэхэд компанийн засаглалын зарим сайн стандартаас суралцвал зохино. Компанийн ажлын байранд тавигдах шаардлага, удирдлагын менежмент, стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ, хяналт шинжилгээ, тайлагнал гэж бидний ярьдаг зүйл цөм стандартчилагдсан, тэгэхдээ бүр дэлхийн түвшинд гэж ярих хэмжээнд хүрчээ. Төрийн байгууллагаас шаардаад, бидний хүрэх гээд хүсээд байгаа ажил үйлчилгээ, менежментийн стандарт жишиг бидний дэргэд ойрхон байна. Үүнээс суралцацгаая, тэдэнтэй уралдацгаая гэж уриалмаар байна.

    Төрийн байгууллагын хөгжил, төрийн албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадвар, харилцааны соёл, хүнд хандах сэтгэлээс, төрийн албаны шинэтгэлийн хувь заяа шууд хамаарах нь тодорхой. Тийм л хүнийг олж тодруулах, сонгон шалгаруулах, ажилд томилох, сонгоход Төрийн албаны зөвлөл болон түүнд оролцогч эрх бүхий субьектүүд нэгдмэл бодлого, нэг л шалгуураар ханддаг, шинэ соёлын хэм хэмжээг хэвшүүлэх нь зүйтэй.

    Улс төрийн намууд ч энд тодорхой үүрэг хүлээх ёстой. Тэд төр, иргэнээ хүндэтгэж байгаа л бол төрийн албаны стандарт шаардлагад нийцэх хамгийн сайн боловсон хүчнийг л төрд илгээвэл зохино. Ингэж чадвал ажил хэргийн нэгдмэл эрх ашгийн үүднээс ашиг сонирхлын зөрчил үүсэх ёсгүй. Харин хаана энэ стандарт зөрчигдөж, иргэдийн итгэл хүлээхгүй хүнийг төрийн албанд зүтгүүлнэв, тэнд сонирхлын зөрчил үүсэж, намынхаа ч, төрийн албаны ч нэр хүндийг унагаадаг муу зуршил, дутагдлыг өөрчилье гэж намуудад хандан уриалья. Энд бас л стандарт шаардлага, хуулийн зохицуулалт хэрэгтэй. Холбогдох хууль тогтоомжуудад ийм зохицуулалт хэм хэмжээг суулгаж өгөхөд цаг алдмааргүй байна.

    Мерит зарчимд суурилсан мэргэшсэн, чадварлаг төрийн албаны ажилтан, албан тушаалтанд зайлшгүй байх бас нэг гол шалгуур шинж бол чин шударга, хариуцлагатай байх чанар билээ. Үүнийг ч иргэд хүсэж шаарддаг, бас шүүмжилж баалдаг. Ингэх ч эрхтэй. Тиймээс салбар хуралдааны хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллага, төрийн зарим албан хаагчдын шударга бус, хариуцлагагүй үйлдлийн талаар баримттай, эзэнтэй, тодорхой яригдана гэж бодож байна. Үүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан анхааралдаа авбал зохино. Чухамдаа шударга, зөв шүүмжлэл шинэчлэлийн хөшүүрэг, хөтөч болно гэдэгт би санал нэг байна.

    Шударга хариуцлагатай байх нь ерөөс хүн бүрт байвал зохих эрхэм чанарууд мөн. Гэхдээ төрийн байгууллага болон хувийн хэвшилд ижилхэн эрэмбийн ажил, албан тушаал эрхэлж байгаа 2 хүн байхад иргэд төрийн албан хаагчаас нь дээрх чанарыг илүү нэхэмжилж, хүсэмжилдэг буюу илүү өө сэвийг олж хардаг байна. Энэ бол төрөө хүндэтгэх уламжлалт хандлагын үүднээс бол төрийн албаа цэвэр ариун байлгах, шударга бус хүнийг шургалуулахгүй байх гэсэн бодол эрмэлзлэл, орчин үеийн ойлголтоор бол татвар төлөгчид түүнд хяналтаа тавьж, хариуцлага нэхэж байгаагийн илэрхийлэл юм. Шударга бус, хариуцлагагүй хүнийг хэн ч хаана ч цалинжуулахыг хүсэхгүй нь тодорхой. Төрийн албанд ч энэ зарчмыг хатуу мөрдлөг болгох ёстой. Хариуцлага тооцдог маш тодорхой механизмуудыг Төрийн албаны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжуудад нэмж суулгаж өгье.

    Хаа газрын төрийн алба ёс зүйн асуудалд ихээхэн анхаарал хандуулах болжээ. Төрийн албанд ажилд авах, албан тушаал дэвшүүлэхдээ мэдлэг, мэргэшлийн ур чадвараас гадна тухайн хүний биеэ зөв авч явдаг, эрх мэдлээ урвуулан ашигладаггүй, улс төрийн нөлөөнд автдаггүй, зүй бус авирладаггүй, ноцтой алдаа гаргадаггүй байх зэрэг шинжүүдийг зарим улс орон төрийн албаныхаа үндсэн шалгуур болгодог болжээ. Үүнийг ч манай төрийн алба жишиг болгох хэрэгтэй. Засгийн газар өнгөрсөн оны эцсээр “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрэм”-ийг баталж гаргасан нь энэ чиглэлээр хийсэн нэг ажил юм.

    Энэ дүрмийг мөрдөж хэрэгжүүлэх нь чухал. Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлүүд төрийн албан хаагчдыг мэргэшүүлж чадваржуулахын зэрэгцээ илүү өндөр ёс зүйтэй болгох, иргэдэд ёс зүйн үлгэрлэл, манлайлал үзүүлдэг болгох талаар, төрийн албаны эрхэмлэл, үнэт зүйлийг нийтэд түгээх талаар сургалт, соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх шаардлагатай байна. Төрийн алба шударга, хариуцлагатай байх гэдэг нь зөвхөн төрийн албан хаагч нэг бүрийн ёс зүй, хариуцлагаар хязгаарлагдахгүй. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагаа, түүний шийдвэр гаргах арга механизм, гүйцэтгэлийн хэмжүүр, шалгуур, үнэлгээ нь нээлттэй, ил тод, шударга байх зарчимаар бас тодорхойлогдоно.

    Шударга бус, хариуцлагагүй байсныхаа төлөөсөнд асар их төлбөр төлж байгаагаа нийгмээрээ ухаарч сэхээрч байна. Тиймээс энэ шаардлагыг иргэд Та бидэнд нэхэл хатуутай тавьж байгаа нь зүй ёсны юм. Иймд та бид хичээх учиртай. Ажил албандаа илүү хариуцлагатай, шударгаар ажиллахын тулд бид хэнд ч, юунд ч төлөөс төлөхгүй, зарлага гаргахгүй, харин ч итгэл, хүндэтгэлийг олно. Төрөө гэх ард түмний итгэл сэргэж ирнэ. Тэгэхээр энд тухайн хүний хүсэл зориг л хэрэгтэй. Та бүхэнд ийм хүсэл зориг, эрмэлзлэл бий гэдэгт итгэж байна. Надад тийм итгэл эрмэлзлэл, хүсэл зориг байна. Шударга, хариуцлагатай төрийн албаны төлөө бид хамтран ажиллацгаая.

    Чуулганы эрхэм төлөөлөгчид өө,

    Нэн түрүүнд ард түмэндээ үйлчлэх эрхэм зорилгоо ухамсарласан, хүний төлөө сэтгэл, хүсэл зоригтой, шударга, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн тогтвортой албан хаагчдаас бүрдсэн, үйл ажиллагаа нь нээлттэй, уян хатан, чадварлаг, иргэддээ ойр, стандартны төрийн албыг хөгжүүлэхийн төлөөх өөрийн байр суурь, үзэл баримтлалаа товч илэрхийллээ. Та бүхэн үүнийг баяжуулан хэлэлцэж, төрийн албаны шинэтгэлийг улам эрчимжүүлэх талаар санал бодлоо шингээсэн зөвлөмж чиглэлийг энэ чуулганаас гаргавал удирдах хорооны төдийгүй төрийн албаны цаашдын ажил хэрэгт ач тустай байх болно.

    Төрийн албаны шинэтгэлд нийгмийн бүх бүлэг, хэсгийн зөв оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Төрд иргэний хяналт, хэвлэл мэдээлэлийн байгууллагын үүрэг нэн чухал. Төрийн үйл ажиллагааны төвлөрөлийг бүхий л шатанд багасгаж, ачааллыг нийгэмд жигд хуваарилан эрх үүрэг, оролцоо-хяналтын тэнцвэртэй тогтолцоог бий болгоход анхаарах цаг болсон. Төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийнхний зүгээс үр ашигтай түншлэл, эрүүл шударга өрсөлдөөн нь төрийн албаны шинэтгэлд түлхэц болно. Зөв алхам, нааштай өөрчлөлтийг дэмжих гадаад хамтрагч дэмжигч нар ч байна. Тэдний сайн туршлага ч бидэнд боломж олгож байна.

    Ийнхүү хамтын хүчин чармайлтаар төрийн албаны шинэтгэлийг ашигтай үр өгөөжтэй хэрэгжүүлж чадваас хөгжилтэй улс орон, бүтээгч ард түмэн болох боломж улам ойртоно. Учрах сорилтыг даван туулж, сайн засаглалын стандартыг бий болгосноороо Монголчууд бид эх орон, байгалийн баялагийнхаа эзэн нь байж, иргэний эрх чөлөөгөө бүрэн эдэлж, тав тухтай амьдралын орчин бүрдэж, үндэстнээрээ хөгжих болно. Хөгжил бидэнд ойртон ирж байна.

    Түрхрэн ирэх хөгжлийн шинэ давалгааг төрийн албаны шинэтгэлээр угтан тосч, түрлэг нэмэн, эх орондоо их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе.

    Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

    Төрийн ордон.    2011.06.23

  • Монгол улсын хүний хөгжлийн тав дахь удаагийн илтгэлийг танилцуулав

    Эмзэг байдлаас тогтвортой хөгжилд: байгаль орчин, хүний хөгжил сэдвийн дор байгаль орчны тулгамдсан асуудлууд хүний хөгжилд хэрхэн нөлөөлж буй болон нөлөөлж болохыг бодит тооцоо судалгаанд үндэслэн гаргасан Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энд хэлсэн үгэндээ Монголын ард түмний ирээдүйн төлөө бид өнөөдрөөс эхлэн юу хийх ёстойг бодит жишээн дээр тулгуурлан харуулснаараа чухал хэрэгцээт судалгааны ажил болсныг онцоллоо. Мөн цаашид анхаарвал зохих бодлогын зөвлөмжүүдийг багтаасан манай улсын хөгжилд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан харж, сануулж анхааруулж байгаа хэрэг юм гээд илтгэлд хот, хөдөөгийн ард түмний эмзэг өртөмхий  байдлыг тодотгож харуулсны зэрэгцээ хүний хөгжлийг хангахын тулд цаашид анхаарвал зохих олон асуудлыг дэвшүүлснийг Засгийн газрын тэргүүн сайшаан хүлээж авах ёстой гэлээ.

    Хүний хөгжлийг бэхжүүлэхийн зэрэгцээ хүрээлэн байгаа орчны эмзэг байдлаас тогтвортой байдал руу шилжихэд тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэхийн төлөөх хүчин чармайлтад энэхүү илтгэл хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаагаа Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу энэ үеэр илэрхийллээ.

    Хүний хөгжлийн илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон эрдэмтэн судлаачид хамтран гаргасан байна.  Манай улс хүний хөгжлийн илтгэлийг анх 1997, 2001, 2003, 2007 онуудад боловсруулан гаргасан байдаг юм.

  • ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

    “Төрийн албаны шинэтгэл, сорилт, боломж” сэдэвт Үндэсний чуулган 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд ажлаа хүлээн авсныхаа дараахан УИХ-ын чуулганд үг хэлэхдээ төрийн албыг шинэчлэн, дунд, доод шатанд байгаа хүнд суртлыг халах ёстой. Төрийн жинхэнэ албанд төр, ард түмэндээ чин шударгаар ажилладаг мэргэшсэн тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна гэж мэдэгдсэн юм. Энэ зорилтоо ажил хэрэг болгохын тулд олон улсад хамгийн шилдэг туршлага хэмээн үнэлэгдсэн Канад загвар болох мерит тогтолцоог судлан, эх орондоо нутагшуулах чиглэлээр ажиллаж байна. Улмаар Ерөнхий сайд Канад Улсад айлчлах үеэрээ хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан бөгөөд тус улс бүх талаар дэмжихээ ч илэрхийлсэн юм. Төрийн албаны шинэчлэлийг цаасан дээр лоозон болгон үлдээлгүй, цаг алдалгүй хийх ёстой гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна. Тиймээс төрийн  албаны шинэчлэлийг тууштай эхлүүлэхийн тулд үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр эхэлсэн чуулганд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, орон нутгийн бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдын төлөөлөл, төрийн бус байгууллага, бизнес, иргэд, манай улсад суугаа гадаад орны Элчин сайдууд, НҮБ, олон улсын байгууллагын төлөөлөл, Канад Улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, хатагтай Мария Баррадос гээд 650 гаруй оролцож байна. Чуулганаар төрийн албаны шинэтгэлийн стратегийг тодорхойлох, төрийн алба, төрийн албан хаагчийн талаар хуульд оруулах өөрчлөлт, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн түвшинг улс орны хөгжлийн хурдац, нийгмийн хэрэгцээ, шаардлагад хэрхэн нийцүүлэх талаар хэлэлцэн нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэх юм. Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хорооны дарга С.Батболд оролцон төрийн албаны шинэтгэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр төрийн болон төв, орон нутгийн байгууллагад тогтвортой ажилласан хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог байхыг хуульчлахын зэрэгцээ төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү стандарт, шаардлагыг хангасан сайн менежер, зохион байгуулагч, төрд сэтгэлтэй хүн ажилладаг байх ёстойг онцлон тэмдэглэлээ. Намчирхах, нутгархах, бүлгэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил, хүний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлдөг зүй бус, зохисгүй оролцоо, хандлагыг таслан зогсоох улс төр, эрх зүйн баталгааг бүрдүүлэх ёстой. Мэргэшсэн, тогтвортой, мерит зарчимд суурилсан төрийн албаны үр өгөөжтэй, иргэддээ үйлчилдэг, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш бүх аймагт ажиллан иргэдтэйгээ уулзаж жаргал, зовлонг нь сонссон. Хэдийгээр асуудал, бэрхшээл байгаа ч хамгийн гол нь төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, хариуцсан ажил болон хүнтэй харьцах харьцаанд сэтгэл дундуур байдгаа иргэд хэлж байсан юм.Үүнийг Ерөнхий сайд сануулаад яам, агентлаг, төв, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хэдэн мянган албан хаагч ажиллаж байгаа хэрнээ гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт гарсан гэж бардам хэлэх үндэслэл бага байна. Иргэдийн амьдралд шууд мэдэгдэхүйц дорвитой өөрчлөлт гарахгүй байна гэж шүүмжлэлтэй хандав. Иймээс засаглалын хэлбэр, маягаа илүү үр өгөөжтэй болгож, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Засаглалын үр ашигтай механизмыг тогтоох, төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагыг эрс сайжруулах нь эдийн засаг, нийгмийн том зорилтуудыг хэрэгжүүлж,  улс орны болон хүний хөгжлийг хангах гол түлхүүр, үндсэн хөшүүрэг гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. Энэ нь ч хөгжсөн орнуудын туршлага, тэдний амжилтын нэг нууц. Тиймээс төрийн албаны шинэтгэлийг ярих нь нийгмийн хэрэгцээ шаардлага, өнөө цагийн дуудлага гэж тэрээр онцлов. Шинэтгэлийн гол зорилго нь одоогийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгон тогтвортой байдлыг хангах, улмаар үйл ажиллагаа, соёл, хандлага, төрийн албан хаагчдын бодол сэтгэлгээ, арга барилын шинэтгэлийг эрчимжүүлэхэд оршино гэж Ерөнхий сайд хэллээ. Засаглалын ялгаа байгаа учир улс орнуудын зарим нь хөгжиж, зарим нь хөгжиж чадахгүй байна. Хөгжих үндэс нь сайн засаглалын стандарт. Тиймээс сайн засаглалын стандартыг төв, орон нутаг, нутгийн өөрөө удирдах ёсонд нэн даруй нэвтрүүлэхийг хичээх учиртай. Сайн засаглалын нэг үндсэн шинж бол төрийн алба мэргэшсэн, тогтвортой байж, иргэддээ чанарын үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг гэдгийг  тэрээр сануулав. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйл багтана. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд  эдгээрийн алинаар нь ч тогтвортой тууштай байдлыг хадгалж чадаагүйг Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Төрийн жинхэнэ албаны ажилтнуудын ангилал, зэрэглэлийн стандартыг тодорхой болгох ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ нь яам, агентлагийн хэлтэс, газрын дарга болон ерөнхий менежерүүдэд тавигдах шаардлагыг бусад улс орны ижил түвшний менежерүүдэд тавигддаг орчин үеийн шаардлагын түвшинд тодорхой стандартчилж өгнө гэсэн үг юм. Ажил албандаа илүү хариуцлагатай, шударгаар ажиллахын тулд бид хэнд ч, юунд ч төлөөс төлөхгүй, зарлага гаргахгүй, харин ч итгэл, хүндэтгэлийг олно. Төрөө гэх ард түмний итгэл сэргэж ирнэ. Үүний тулд тухайн хүний хүсэл зориг хэрэгтэй. Ийм хүсэл, зориг, эрмэлзэл өөрт нь байгаагийн адил төрийн албан хаагчдад бий гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд шударга, хариуцлагатай төрийн албаны төлөө хамтран ажиллахыг уриаллаа. Манай улсын төрийн байгууллагад 150 гаруй мянган хүн ажиллаж байна.  Тэдний 113 мянга гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагч юм.

  • Ерөнхий сайд С.Батболд Азийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  2011 оны зургадугаар сарын 23-ны өдөр Азийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд С.Батболдыг  Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний бүгд хуралдаанд оролцох үеэр тус Азийн нийгэмлэгийнхэн уулзалт хийж байсан юм. Энэ удаад тэд манай оронд айлчилж байгаа нь энэ ажээ.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд  эрхэм зочдыг манай улсад тавтай айлчлахыг уриад, Азийн нийгэмлэг нь Монгол улс АНУ хоёрын хоорондын харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ. Монгол улсын өнөөгийн байдал, хөгжлийн бодлогын ирээдүйн зорилтын тухай мэдээллийг Засгийн газрын тэргүүн тэдэнд дуулгахын зэрэгцээ ялангуяа боловсролын системийг чанартай болгоход Засгийн газраас ихээхэн чармайлт тавьж байгааг онцолж байв. Монгол улсыг гадаадад таниулах түүнчлэн хөгжлийн тулгуурын нэг ч гэж хэлж болох уул уурхай,  хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн салбаруудыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа гэдгийг тэмдэглээд, энэ бүх зорилтыг хэрэгжүүлэх үйлсд Азийн нийгэмлэгийнхэн хамтарч ажиллана  гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Харин эрхэм зочдын хувьд эх орондоо урьж, бас хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд, Монгол орны хувьд хөгжлийн асар их ирээдүй байгаа шүү гэдгийг онцолж байлаа. Байгалийн асар их нөөцтэй байгаа нь өөдрөг ирээдүй гэдгийг ч тэмдэглэв. Азийн нийгэмлэгийн төлөөлөгчид  манай улсад айлчлах хугацаандаа Засгийн газрын гишүүд болон иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболдын айлчлал Монгол улс, БНХАУ-тай нэг зиндаанд харьцах суурийг тавилаа

    Ерөнхий сайд С.Батболдын айлчлал Монгол улс, БНХАУ-тай нэг зиндаанд харьцах суурийг тавилаа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Тус айлчлалын үр дүнгээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хуралд Сангийн сайд С.Баярцогт, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны стратеги төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Г.Батжаргал нар хүрэлцэн иржээ. Юуны өмнө Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын тус улсад хийсэн айлчлал нь хоёр орны сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэснээрээ түүхэнд үлдэх, ач холбогдолтой айлчлал боллоо гэж Сангийн сайд С.Баярцогт тодотголоо. Улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хамгийн гол нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах,хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Хятадын стратегийн түншлэлийн гол агуулга ажээ.

    Айлчлалын хугацаанд Ерөнхий сайд С.Батболд  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай хэлэлцээ хийж, хоёр талын 10 баримт бичигт гарын үсэг зурсан нь эдийн засгийн харилцаанд өөрчлөлтийг авчирсан баримтууд боллоо хэмээн Сангийн сайд дурьдаж байна. 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нөхцөлийг талууд тохирч, ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Хятадын тал 100 хувь санхүүжүүлэх ажээ. Урьд нь  Хятадын талаас олгож байсан зээлийн нөхцөл хатуу байсан төдийгүй 100 хувь бие дааж санхүүжүүлж байсан түүх үгүй юм. Мөн төслийн гүйцэтгэгчээр урьд өмнөх жишгээр бол Хятадын компаниуд давуу эрхтэй оролцож байсан бол энэ удаад Монгол хятадын оролцоо тэнцвэртай байхаар Ерөнхий сайдын энэ айлчлалаар тохиролцсон нь онцгой ач холбогдолтой яриа хэлэлцээ байлаа гэж Сангийн сайд С.Баярцогт тодотголоо.

    Манай тал 500 сая ам.долларын энэ зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарт ашиглах юм байна. Мөн энэ удаагийн айлчлалаар хятадын талаас үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээ ихэсч, 60 сая юаныг өгөхөөр болсон нь бодлогын хувьд том хэмжээний өөрчлөлтийг авчирлаа хэмээн С.Баярцогт сайд тэмдэглэлээ. Нэг удаагийн тусламжаар 60 сая юаныг хятадын тал манайд өгч байсан түүх бас үгүй юм. 320 сая юаны буцалтгүй тусламжийн үлдэгдэл хэсгийг Оюутны хотхон, Бээжингийн гудамжны тохижилт зэрэгт зарцуулахаар болж байгаа аж.

    Айлчлалын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БХАТИХ-ын байнгын хорооны дарга У Бангуо, БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож тодорхой үр дүнд хүрлээ. Хоёр улсын хамтарсан бизнес форум болж, 600-д бизнес эрхлэгчид оролцсоноос гадна Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  Циньхуагийн их сургуульд зочилж, “ Зүүн Хойд азийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн асуудал” сэдвээр лекц уншиж, монгол оюутнуудтай уулзалт хийсэн байна.

    Харин БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын хэлснээр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Таван жилээр хийж буй энэ хамтын ажиллагааны үр дүнд энэ оны хувьд 400 гаруй монгол оюутан бакалавр, магистр, докторын зэргээр тус улсад суралцахаар болжээ. Мөн түүнчлэн айлчлалын хугацаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын “ Яньшань” нефть боловсруулах үйлдвэртэй танилцсан бөгөөд газрын тос олборлох, боловсруулах, нефть бүтээгдэхүүн, шатахуун нийлүүлэх,үйлдвэрлэх асуудалд урт хугацаанд тогтвортой байдлаар хамтран ажиллахаар болсон гэдгийг Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч хэвлэлийн бага хурлын үеэр нэмж тодотголоо.

    Газрын тос боловсруулах үйлдвэр барихад хятадын талаас шаардлагатай санхүүжилт, техникийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн манай саналыг тэд нааштай хүлээн авчээ. Орос хятадын хооронд барих байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Монголын нутгаар дамжуулах Монгол улсын Ерөнхий сайдын саналыг тэд судалж үзэхээр болсон байна. Улаанбаатар- Бээжингийн чиглэлийн хурдны галт тэрэг явуулах боломжийн талаарх саналыг ч идэвхтэй судалж үзнэ гэдгээ амалжээ. 1949 оноос хойш манай улс төмөр замын шинэ урсгал, хурдны галт тэрэг барих тухай асуудлыг урд хөрштэйгөө ийнхүү ярьж эхэллээ.  Мөн байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурлсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжихээ  ч илэрхийлсэн байна.

    Харин Гонконгд хийсэн айлчлалын хувьд  Монгол улсын Ерөнхий Консулын газрыг тус улсын Засаг захиргааны онцгой бүсд нээж, Улаанбаатар- Гонконгийн хооронд шууд нислэгтэй болсон нь онцлог боллоо гэдгийг хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид тэмдэглэлээ. Дэлхийн санхүүгийн төв болох Гонконгд Монголын компаниуд арилжаанд оролцож эхлэх боломж бүрдэв. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал манай улсын урд хөрштэйгөө харилцах харилцаанд  ийнхүү түүхэн хуудас нээлээ.

    Индонезийн хувьд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Зүүн азийн хуралдаанд хүндэт зочноор оролцсон аж. Тайланд, Сингапурын ерөнхий сайд нар оролцсон тус хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ эрсдэлд Монгол улс ямар хариу өгөх вэ сэдвээр гол илтгэл тавьсан байна. Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгчид бараалхаж, санал бодлоо солилцсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Төрийн алба нээлттэй, шударга, мэргэшсэн, тогтвортой байгаасай

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо хамтран “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулганыг энэ сарын 23-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Нийслэл, хөдөө орон нутгаас 600 гаруй төлөөлөгч оролцох энэхүү үндэсний чуулганд оролцохоор Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, хатагтай Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирээд байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эдгээр албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Канадын Парламентийн сонгууль саяхан болж, сонгуулийн үр дүнд одоогийн Ерөнхий сайд Стивен Харперын нам ялалт байгуулж, Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж байгааг нь уламжлахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хатагтай М.Барродосоос хүслээ. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын Төрийн албаны комисс хооронд байгуулсан “Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, мэдээлэл харилцан солилцох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэхүү баримт бичгийг ажил хэрэг болгоход техникийн болон санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа. Энэ асуудалд тусламж хүссэн Монгол Улсын Засгийн газрын тэргүүний захидлын хариуг ирүүлсэнд талархаж буйгаа мөн илэрхийллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү уулзалтын үеэр үйл ажиллагаа нь нээлттэй, шударга, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн тогтвортой төрийн албыг хөгжүүлэхээр зорьж байгаагаа хэллээ. Мөн Монголын Төрийн албаны зөвлөл Канадын төрийн албаны комиссын загвараар хөгжиж, туршлагаас нь суралцах нь шинэчлэлийн том боломж байх болно гэж тэмдэглэлээ.

    Монгол Улсын Засгийн газар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг шинэчлэх бодитой ажил эхлүүлэхийн төлөө байгаа. Ийм зорилгоор энэ сарын 23-нд “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулагдах гэж байгааг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.  

    Төрийн албаны боловсон хүчнийг чадваржуулах, ур чадвараар нь сонгон шалгаруулах механизмыг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргахдаа баримт, тооцоо, судалгаа, бодит чадвар, чадамж дээр үндэслэсэн төрийн албатай болох нь чухал байгааг ч мөн дурдлаа. Ингэхдээ Канадын төрийн албаны шинэчлэлийн /МARIT загвар/ туршлагыг Монголд хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа онцлоод Канадын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Олон улсын хөгжлийн агентлаг энэ шинэчлэлийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ.

    Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, хатагтай Мария Баррадос Монголын сайхан оронд дахин айлчилж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд эрхзүйн талаар мэргэшсэн чадалтай хуульчид “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулганд оролцохоор ирсэн. Тэдгээр хүмүүс төрийн албыг хөгжүүлэх, шинэчлэх хамгийн шилдэг зөвлөгөө, туршлагаа хэлж өгнө гэдэгт итгэж байгаага тэмдэглэлээ. Мөн тус чуулганыг үргэлжлүүлэн ярилцлага, сургалт эхлүүлэхээр төлөвлөснөө дурдаад Монгол Улсын Төрийн албаны шинэчлэл бусад улсад орнуудынхтай харьцуулахад хурдан хугацаанд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэлээ. Үүний учрыг тэрбээр Канадын Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлж ач холбогдол өгч захидал ирүүлсэн нь үүнийг баталж байна. Ерөнхий сайдын гарын үсэг зурсан ийм захидал Канад улсад гарцаагүй биелүүлэх ёстой баримт бичиг байдаг хэмээн тайлбарлалаа.

    Монгол Улсын Төрийн албаны шинэчлэлд Канадын загварыг х нэвтрүүлэхийн төлөө хатагтай Мария Баррадос чин сэтгэл гарган ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд талархлаа илэрхийлээд энэ шинэчлэл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ

  • Ерөнхий сайд Хонконгод хүрэлцэн ирлээ

    Ерөнхий сайд Хонконгод хүрэлцэн ирлээБүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакартад болсон Зүүн Азийн асуудлаарх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр  хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг  2011 оны зургадугаар сарын 13-ны орой БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод хүрэлцэн ирэхэд  БНХАУ-ын албаны хүмүүс болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар нар  угтан авлаа.

  • БНХАУ-ын дэд даргатай уулзлаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд зургадугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын дэд дарга Си Жиньпинтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар  БНХАУ-д айлчилж, ноён Си Жиньпинтэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай хийсэн албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, тодорхой үр дүн авчирсан төдийгүй хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан ач холбогдолтой уулзалт болсныг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэллээ.

    Түүнчлэн сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхээр тохиролцож, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх хамгийн гол нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ  түвшинд гаргах, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Хятадын стратегийн түншлэлийн гол агуулга гэдгийг онцоллоо. Харин ноён Си Жиньпиний хувьд Монгол улсын Ерөнхий сайдын айлчлал амжилттай болж байгаад талархал илэрхийлээд, энэ айлчлал хоёр улсын түүхэнд орох том айлчлал боллоо гэдгийг тэмдэглэн хэлэв.

    Мөн энэ үеэр ноён дэд дарга Си Жиньпин Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн эрхт байдал, хөгжлийн замыг хүндэтгэж байгаагаа  дахин нотоллоо. Хоёр улсын түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхээр тохирсон нь үнэхээр чухал ач холбогдолтой хэрэг боллоо гэдгийг ч тэрбээр онцолсон бөгөөд Монгол бол хүчирхэг ард түмэн. Хөгжлийн асар их боломж байгаа шүү гэдгийг тэмдэглэж байв. Хятад, Монгол хоёр улс нь хөршүүд учраас хамтдаа хөгжиж, дэлхийд үлгэр жишээ болох боломж бийг ч дурьдаад, ард түмний эрх ашгийг  нэгдүгээрт тавин ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газрын бодлогыг дэмждэг гэдгээ илэрхийллээ.

    Ноён Си Жиньпин монголд элэгтэй гэдгээ уулзалтын үеэр дахин дахин илэрхийлж байсан бөгөөд уулзалтын товлосон хугацаа нэг цаг гаруй үргэлжиллээ. Мөн өдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Цинхуа их сургуульд зочилж, лекц уншлаа.Дараа нь БНХАУ-д суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзалт хийв. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал ийнхүү өндөрлөлөө гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Бодит үр дүн авчирсан, томоохон эдийн засаг, зээл, тусламжийн асуудлыг шийдсэн түүхэнайлчлал болов

    Бодит үр дүн авчирсан, томоохон эдийн засаг, зээл, тусламжийн асуудлыг шийдсэн түүхэнайлчлал болов Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

    • Айчлалын эхэнд Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий консулын газрыг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод нээв.
    • Улаанбаатар-Хонконгийн хооронд шууд нислэг нисч эхлэв. “МИАТ” компанийн Төлөөлөгчийн газрыг нээв.
    • Дэлхийн томоохон санхүүгийн төв болох Хонконгод Монголын компаниуд арилжаанд оролцож эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал манай улсын урд хөрштэйгөө харилцах харилцаанд түүхэн хуудас нээлээ.
    • Айлчлалын үеэр Ерөнхий сайд Вэнь Зябаотай хэлэлцээ хийж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо, БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин нартай тус тус уулзав.
    • Хоёр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо нухацтай солилцож, тодорхой үр дүнд хүрэв.
    • Бизнес уулзалт – хоёр талын 600-аад бизнес эрхлэгч оролцов.
    • Циньхуагийн Их сургуульд зочилж “Зүүн Хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн асуудал” сэдвээр лекц уншиж, Монгол оюутнуудтай уулзалт хийв.

     

    Хоёр орны харилцааны түвшинг шинэ өндөр шатанд гаргасан айлчлал:

    Түүхэн замнал-түүхэн айлчлал:

    1960  –  “Найрамдал, харилцан туслалцах гэрээ” Ю.Цэдэнбал-Жоу Эньлай

    1994  – “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ”П.Жасрай-Ли Пэн

    2003  –  Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоосон Хамтарсан мэдэгдэл Н.Багабанди-Ху Жинтао

    2011  –  Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдэгдэл. С.Батболд-Вэнь Зябао

    Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ нотлов.

    Стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулга нь –

    ЗЭЭЛ ТУСЛАМЖ:

    • 320 гаруй сая юанийн буцалтгүй тусламжийг ашиглаагүй байгаа бөгөөд манай талаас уг үлдэгдэл хэсгийг оюутны хотхон, Бээжингийн гудамж байгуулах төслүүдэд ашиглахаар тохирсон. 
    • “Их сургуулийн хотхон байгуулах” төсөлд зарцуулах санал дэвшүүлсэн
    • Гадаад орнуудаас авсан хамгийн том хөнгөлөлттэй зээл – 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг талууд тохирч, Ерөнхий хэлэлцээрт гарыг үсэг зурсан – хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарт ашиглана.
    • 60 сая юань – Нэг удаагийн айлчлалаар БНХАУ-аас хамгийн их буцалтгүй тусламж олголоо.
    • Хятадын талтай тохиролцсон арилжааны зээлийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр улсын Хөгжлийн банкууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх  нь зүйтэй гэж Талууд тохиров.

    ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧ:

    • Уул уурхай, эрчим хүчнийбаялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчим.
    • Нүүрс, цахилгаан эрчим хүч, түлш шатахууны худалдаа өргөжих хандлагатай байгаа тул зарим тодорхой барааны хувьд нөхцөл, үнэ, тээвэрлэлт, байгаль орчинтой холбогдсон асуудал зэргийг зохицуулсан Ерөнхий хэлэлцээрүүд байгуулахыг санал болгосон.
    • Уул уурхайн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдгээрийг түшиглүүлэн жижиг, дунд үйлдвэр хөгжих нөхцлийг  бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн.
    • Байгаль орчинд халгүй, өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтыг уул уурхай төдийгүй бусад салбарт түлхүү оруулахад ач холбогдол өгөхөө илэрхийлсэн. 
    • Эрчим хүч экспортлох, импортлох Ерөнхий гэрээ байгуулж, гэрээний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд эрчим хүч нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэлтийг дэмжихийг санал болгосон.

    Газрын тос:

    • Газрын тос олборлох, боловсруулах, нефть бүтээгдэхүүн, шатахуун нийлүүлэх, үйлдвэрлэх асуудалд урт хугацаанд тогтвортой байдлаар хамтран ажиллахаар тохиролцов:
    • Газрын тосны бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх,
    • Газрын тос боловсруулах үйлдвэр барихад Хятадын талаас шаардлагатай санхүүжилт, техникийн дэмжлэг үзүүлэхийг хүссэнд нааштайгаар судалж үзэхээр болсон.  
    • ЯньшанийнГазрын тос боловсруулах үйлдвэртэй танилцсан. 
    • Монгол Улсаас БНХАУ руу экспортолж буй газрын түүхий тосны оронд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны багц бүтээгдэхүүн авч байхсаналыг илэрхийлсэн.
    • Гуравдагч орнуудаас авах түүхий тосыг Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд боловсруулж, түүнээс гаргасан газрын тосны бүтээгдэхүүний зарим хэсгийг импортоор авч байх санал тавьсан. 

    ХИЙН ХООЛОЙ:

    • Орос, Хятадын хооронд тавих байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Монголын нутгаар дамжуулах саналыг манай тал хоёр хөрштэйгээ ярьж байгаа билээ.
    • Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын 3 талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжүүлэх саналыг дэвшүүлэв. Хятадын тал үүнийг идэвхтэй судлахаар болов.

    Таван толгой:

    • Зах зээл, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх ач холбогдолтой гэдэг утгаар нь хөрш орнуудын ашиг сонирхлыг оруулах бодлогыг баримталж байгаа.
    • Ер нь Монголын Оюутолгой, Тавантолгойн зэс, нүүрсний хувьд БНХАУ нь гол зах зээл юм.  Иймд БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцоог бид дэмжинэ.
    • Энэ утгаараа БНХАУ-ын Засгийн газрын дэмжиж буй “Шинхуа” группийг Тавантолгойн төслийг  хэрэгжүүлэх олон улсын консорциумд идэвхитэй оролцуулахаар талаар ярилцав.

    Оюу толгой:

    • Хятадаас эрчим хүч авах асуудлаар “Оюутолгой” компанид туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
    • Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж, хамтын хөгжлийг урагшлуулах нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнө удаан хугацааны хөдөлгөгч хүч байх болно.
    • Харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих – Монголын тал ч БНХАУ-д хөрөнгө оруулалт хийх зам нээгдлээ.
    • Оюутолгй төслийг эрчимжүүлэхийн тулд Хятадын талаас эрчим хүч нийлүүлэх асуудлаар холбогдох байгууллагуудын хооронд яриа хэлэлцээг даруй эхлүүлэхээр тохиролцов.
    • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэх.

    Дэд бүтцийн салбар:

    • “100’000 орон сууц” төсөлд Хятадын талаас хөрөнгө оруулах саналыг дэвшүүлсэн.
    • Зам сайжруулах – УБ
    • Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлд хурдны зам барих,
    • Түүнчлэн Улаанбаатар–Бээжингийн чиглэлийн хурдны галт тэрэг явуулах боломжийг  талууд хамтран идэвхтэй судлах болов. 
    • Транзит тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг өргөтгөх талаар талууд үргэлжлүүлэн санал солилцох хэрэгтэй байна. 

    ТӨМӨР ЗАМ:

    • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлог”-ыг хэрэгжүүлэх талаар сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтуудыг тайлбарлан ярилцав.
    • Төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцов.
    • Холбогдох яам, байгууллагууд шаардлагатай бол өмнө нь байгуулсан баримт бичгүүдийг боловсронгүй болгох, шинэчлэх чиглэлээр эрчимтэй ажиллахаар болов.

    Байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжихээ илэрхийлсэн.

    • Транзит тээвэр, далайд гарах нэмэлт гарцыг нээх талаар асуудал тавьж, хамтран ажиллахаар болов.
    • Хилийн боомтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэвтрэх хүчин чадлыг дээшлүүлэхээр тохиров.

    Хүмүүнлэг, иргэд хоорондын найрсаг хандлагыг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, эрүүл мэнд нь стратегийн түншлэлийн харилцааны нийгмийн үндэс суурь юм.

    Соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлд Монголын талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа Хятадын тал илэрхийлсэн. – Хэлэлцээрт зурав.

    Олон улс болон бүс нутгийн асуудлаар

    • Монголын талыг АПЕК-т элсэхийг Хятадын тал дэмжиж буйгаа илэрхийлсэн.
    • Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо байгуулж байгаад Хятадын тал баяр хүргэсэн. БНХАУ, Япон Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны механизмд Монгол Улс нэгдэж орох сонирхлоо илэрхийлэв.