Ангилал: Uncategorized

  • Хоёр орон хамтран ажиллах ихээхэн нөөц боломж байгаа

    Хоёр орон хамтран ажиллах ихээхэн нөөц боломж байгааНэг Азийн төлөөх Солонгос Монголын харилцаа” сэдэвт Солонгос Монголын бизнес форум өнөөдөр Чингис зочид буудалд эхлэв. Тус бизнес форумд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо.

    Засгийн газрын тэргүүн  тус форумын үйл ажиллагаанд амжилт хүсч,  хэлсэн үгэндээ “  Энэ оны гуравдугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орон харилцаагаа бүх салбарт гүнзгийрүүлэх, ялангуяа хоёр талын сонирхол, нөөц боломжид тулгуурласан ирээдүйд чиглэсэн харилцан үр ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирсон билээ. Энэхүү айлчлалын дараахан Солонгосын бизнесийн болон төр, засгийн эдийн засгийн гол байгууллагуудын төлөөлөгчид Монголд ийнхүү хүрэлцэн ирж манай төр, хувийн хэвшлийнхэнтэй ажил хэрэгч яриа өрнүүлж,  санал солилцож байгаад баяртай байна.

    Солонгосчууд Монголыг Чингис хааны өлгий нутаг гэдгээр сайн мэднэ. Тэгвэл Монгол улс өнөөдөр бүс нутагтаа төдийгүй олон улсын хэмжээнд эдийн засгийн өсөлтийн хурд,нөөц боломжоороо танигдаж эхэллээ. Монгол улс 1990 оноос эхлэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилсан, хүмүүнлэг, зах зээлийн эдийн засгийн харилцаанд тулгуурласан нийгмийн тогтолцоо руу шилжих зорилтыг харьцангуй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа цөөн орнуудын нэг юм. Манай улс 30 гаруй сая малтай, байгалийн арвин их баялагтай, хоёр том зах зээлтэй хаяа нийлэн оршдог бөгөөд хүн амын 70 гаруй хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг, боловсролын түвшин өндөр зэрэг эдийн засгийн олон давуу хүчин зүйлүүдтэй.

    Бид эрдэс баялаг, мал аж ахуй, газар, байгалийн болон хүний давуу хүчин зүйлүүдээ эдийн засгийн эргэлтэнд оруулж, тогтвортой өсөлтийг бий болгох, хүний хөгжлийг хангах, улмаар ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахыг зорьж байна. Үүний үр дүнд 2011-2015 онд гэхэд манай улсын ДНБ дунджаар 15 хувиас доошгүй өсөх, нэг хүнд ногдох орлого 2,2 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөдөр Монгол Улсад Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газрыг ашиглах, түүнийг дагасан дэд бүтэц, хүний нөөц, банк санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

    Дан ганц уул уурхай төдийгүй 100 мянган айлын орон сууц, төмөр зам, чөлөөт эдийн засгийн бүтэц, эрчим хүчний нэмэлт эх үүсвэр, Сайншандын аж үйлдвэрийн бүс, автозам зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой олон мега төсөл хэрэгжиж байна. Монгол Улсын эдийн засаг  2010 онд  6.1 хувиар өсч, энэ онд 7 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. 2010 онд гадаад худалдааны нийт бараа эргэлт  өмнөх оныхоос 50 гаруй хувиар өслөө. Монгол Улсын хүний хөгжлийн индекс 2010 оны байдлаар 0.765 болж 2007 оныхоос 3,6 хувиар нэмэгдлээ.  

    БНСУбол манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн харилцаатай орнуудын нэг бөгөөд гадаад бодлогын гуравдагч хөрш, бүс нутаг дахь хамгийн ойрын түнш билээ. Хоёр улс газар нутгийн хувьд ойр, соёл, сэтгэлгээний  нийтлэг зүйл олонтой, бие биедээ элэгсэг дотно ханддаг нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд харилцааны бат бэх үндэс тавигдах таатай нөхцөл болсон билээ. Хоёр орны “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Тvншлэл”-ийн харилцааг цаашид шат ахиулж худалдаа, хөрөнгө оруулалтыг далайцтай нэмэгдүүлэх замаар бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл, хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлэхийг зорьж байна.

    Монгол Улсын Засгийн газар эрдэс баялаг, уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд түшиглэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр, мөн эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын салбарыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Энэ чиглэлээр БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалт, тэргүүний болон байгальд ээлтэй дэвшилтэт технологи, хүний нөөцийн хамтын ажиллагаанд бид ач холбогдол өгч  хамтран ажиллах болно. Түүнчлэн байгаль орчин, аялал жуулчлал, технологи, инноваци, хөдөө аж ахуй, барилга, ложистик зэрэг бусад салбарт хоёр орны бизнес эрхлэгчид, төр, засгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллагууд хамтран ажиллах ихээхэн нөөц боломж байгааг энэ ялдамд тэмдэглэе.

    Монгол Улсын Засгийн газар хоёр орны бизнес эрхлэгчид болон бизнесийг дэмжигч бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагаанд цаашид дэмжлэг үзүүлж, ийм төрлийн ажил хэрэгч уулзалт, арга хэмжээг тогтмолжуулж өргөжүүлж ажиллах болно. “Нэг Азийн төлөөх Солонгос Монголын харилцаа” сэдэвт энэхүү Солонгос Монголын бизнес форумхоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бодитойгоор урагшлуулах нөөц, боломжийн талаар санал бодлоо илэн далангүй ярилцсан ажил хэрэгч арга хэмжээ болно гэдэгт итгэж байна” хэмээн тэмдэглэсэн юм.

    Тус бизнес форумыг БНСУ-ын эдийн засгийн өдөр тутмын сонин болох “ Мэйл генжэ” сонины газар санаачлан зохион байгуулж байгаа  юм байна. Бизнес форумд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Солонгос Монголын бүлгийн дарга Жөн Жан Сөн, БНСУ-ын мэдлэгийн эдийн засгийн тэргүүн дэд сайд Юн Сан Жиг нарын хүндэт зочид хүрэлцэн иржээ. Солонгосын “ Мэйл генжэ” сонин  өмнө нь ийм бизнес форумыг Вашингтон, Бээжин, Токио, Мумбай зэрэг хотуудад зохион байгуулсан бөгөөд энэ удаа Улаанбаатар хотноо хийж байгаа нь ихээхэн онцлог ажээ

  • Нийслэлийн зүрхэнд “Тусгаар тогтнолын хөшөө” сүндэрлэлээ

    Нийслэлийн зүрхэнд “Тусгаар тогтнолын хөшөө” сүндэрлэлээМонгол улсын тусгаар тогтнолын үйл явц бүртэй салшгүй холбоотой, бидний нэрлэж заншсанаар “Ялалтын талбай”-д Монголын төрт ёс, түүхэн уламжлал, үе үеийнхний тэмцэл ялалтыг илтгэн харуулсан “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” сүндэрлэлээ. Ийнхүү ард түмний бахархал болсон есөн хөлт цагаан туг, гал, нар, сар зэрэг тусгаар тогтнолын билэгдлийг агуулсан гэрэлт хөшөө бүхий талбай 2011 оны 6 дугаар сарын 5ны өдөр нээлтээ хийлээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболд энэхүү  нээлтийн ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ Өнөөгийн та бид бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсдаа эрх чөлөөтэй, энх амгалан амьдарч буй нь үндэс угсаа газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үе үеийн эх оронч эрэлхэг хөвгүүд, ахмад үеийнхний хатуу ширүүн сорилтуудыг халуун амь бүлээн цусаа хайрлахгүй даван туулж чадсан агуу их үйл хэргийн үр дүн билээ. Энэхүү гэрэлт хөшөө нь тэдний маань тэмцэл зүтгэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч, хойчийн үеийнхэнд сануулсаар байх болно гэлээ.

    Мөн тэрээр өнөө ба ирээдүй үеийнхэн маань тусгаар тогтнолоо хичээл зүтгэл, үнэн сэтгэл, бодит бүтээн байгуулалтаар бататган бэхжүүлсээр байх учиртайг тэмдэглээд Монгол улсын минь тусгаар тогтнол, бүрэн эрх байдал батжин бэхжиж, ард түмний минь золбоо хийморь өөдлөн бадрах болтугай хэмээн ерөөлөө. Түүхэнд тэмдэглэснээр Богдын хүрээ байгуулах газрыг шинжиж явсан эрдэмтэн, мэргэд ар Халхын нутгийн баруун хэсэгт “Чингэлтэй” хэмээх билэгтэй сайхан уулын энгэрт Сэлбийн голын сэргэлэн шар дэнж /одоогийн Чандмань төвийн ард/-ийг сонгон шав тавьсан түүхтэй. Ийнхүү энэ газарт 1778 онд анх Их хүрээ Хүй мандлаас нүүдэллэн ирж, Богдын шар өргөөг барьж гал голомтоо бадраасан байдаг.

    1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан тэр жил гадаадын түрэмгийллээс сэргийлэх, гадны ноёрхлыг таслан зогсоох зорилгоор Богд хаан зарлиг гаргаж, худалдаа эрхэлж байсан орос, хятад, америк зэрэг гадаадын пүүсийн худалдаачдаас татвар хураамж авах хэлбэрээр шахалт үзүүлж эхлэхэд худалдаачид одоогийн Чандмань төвийн урд талбайд жагсаал цуглаан олонтаа хийдэг байжээ.

    Мөн 1921 оны долдугаар сарын 6-ны өдөр Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын ардын журамт цэрэг болон Улаан армийн анги, нэгтгэл одоогийн Чандмань төвийн урд талбайд цугларан, “Сүхбаатарын талбай” руу хөдөлсөн түүхтэй. Иймээс тэрхүү талбайг “Ялалтын талбай” хэмээн нэрийдэж ирсэн байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын жилүүдэд мөн л энэхүү талбай нь хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан үзэл санааны индэр болж байсан юм.

    Өнөөдөр энэхүү талбайг дээрх түүхэн эх сурвалжаас улбаалан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр “Тусгаар тогтнолын талбай” хэмээн албан ёсоор нэрийдэж, “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” ийнхүү нийслэлийн зүрхэнд сүндэрлэлээ.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Тусгаар тогтнолын талбайн “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-ний нээлтийн ажиллагаанд хэлсэн үг

    Тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,

    Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

    Хүндэт зочид төлөөлөгчид өө,

    Бидний Монголчууд төв Азийн цээжинд төр улсаа үүсгэн байгуулж, үеийн үед үндэс угсаагаа хамгаалж хүчирхэгжин мандахын зэрэгцээ бууран доройтсон ч гэсэн тусгаар тогтнолоо дахин олж өнөө цагийн хөгжил дэвшилд хүрч ирсэн намтар баян цадиг түүхтэй ард түмэн билээ.

    Монгол нутагт төрт улс үүсэн байгуулагдсаны 2220, Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойнууд бол үндэсний ой санамжид үүрд мөнхөрч үлдсэн, үеийн үед дуурсагдах гайхамшигт үйл явдлууд мөн. Буурал их түүхийн маань бахархах үйл явдлыг гэрчлэх эдгээр түүхэн тэмдэглэлт ойнууд энэ жил давхцан тохиож байна. 

    Энэ их ойнуудыг бид утга төгс, ёслол төгөлдөр тэмдэглэж өнөд дурсагдах үйл хэргийг дархлан бүтээх учиртай. Ойг угтсан олон бүтээлч ажил өрнүүлж буйн нэгэн тод илрэл нь Тусгаар тогтнолын талбайг шинэчлэн тохижуулж, “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-г сүндэрлүүлэн босгох явдал мөн. 

    Монголын төрт ёс, түүхэн уламжлал, үе үеийнхний тэмцэл ялалтыг илтгэн харуулсан, монгол архитектур, уран бүтээлчдийн оюун ухаан, уран гараар бүтээгдсэн “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”–ний нээлтийн ёслолыг Та бид өнөөдөр хийж байна. Ёслолын ажиллагаа маань нар хур тэгширсэн зуны дунд хөх морин сарын шинийн 4-ний дашнямтай билэгт сайн өдөр тохиолоо.

     Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, бичиг соёл, гүн ухаан, хүсэл тэмүүллийн гайхамшгийг чимэг болгон харуулсан энэ сүрлэг хөшөө өргөн утга агуулгатай “гэрэлт цамхаг”, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх “үнэт дурсгал”, үүрд мөнхөд оршихуйн ”билэгдэл” мөн.

    Өнөөгийн Та бид бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсдаа эрх чөлөөтэй, энх амгалан амьдарч буй нь үндэс угсаа, газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үе үеийн эх оронч эрэлхэг хөвгүүд, ахмад үеийнхний хатуу ширүүн сорилтуудыг халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй даван туулж чадсан агуу их үйл хэргийн үр дүн билээ. Энэхүү гэрэлт хөшөө нь тэдний маань тэмцэл, зүтгэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч, хойчийн үеийнхэнд сануулсаар байх болно.

    “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” тийш ирэх ардын минь зам балрахгүй. Эрт цагийн хүн чулуу, буган хөшөөнөөс эхлээд өнөөдрийн бидний дархлан босгож байгаа “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” хүртэл эцэг дээдэс, эх орны түүхийн талаар олон зүйлийг илтгэн өгүүлэх болно.

    Бидний өвөг дээдсийн дархлан хамгаалж, өвлүүлж уламжлуулсан төр улсын тусгаар тогтнол бол үндэстний маань оршин тогтнох, ард түмний минь эрхэмлэн дээдлэх хамгийн үнэ цэнэтэй зүйл мөн. Өнөө ба ирээдүй үеийнхэн маань тусгаар тогтнолоо хичээл зүтгэл, үнэн сэтгэл, бодит бүтээн байгуулалтаар бататган бэхжүүлсээр байх учиртай.

    Эдүгээ Монголын тусгаар тогтнол Монгол хүний хөгжлөөр тодорхойлох тийм үед бид оршин амьдарч байна. Монгол хүний хөгжил, бидний өрсөлдөх чадвар өсөх тусам тусгаар тогтнол маань баталгаажих болно. Иймд Монгол Ардын Нам, манай Засгийн газрын зорилго бол Монгол хүн хөгжих, дэвжих нийгмийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө байж ирснийг батлан хэлье. Энэ цаг үед дэлхий дахинаа эх орныхоо тусгаар тогтнолыг тунхаглан зарлаж байгаа авъяаслаг, чадварлаг Монголчуудаараа бахархаж байна.  

    Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-г цогцлооход  өөрсдийн оюун ухаан, авьяас билэг, ур чадвараа дайчлан оролцсон уран бүтээлчид, нийт хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Энэхүү гэрэлт хөшөө Монголын ард түмний итгэл үнэмшлийн, эрхэм тэмүүллийн баталгаа, тусгаар тогтнолын тунхаглал болж сүндэрлэлээ. 

    Монгол хүн бүрийн итгэл, бахархал, омогшлыг бадрааж, Улсынхаа нийслэлд “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-ний ёслолын ажиллагааг нээснийг мэдэгдье. Монгол Улсын минь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал батжин бэхжиж, ард түмний минь золбоо хийморь өөдлөн бадрах болтугай.

    2011 оны 6 дугаар сар 05.

  • С.Батболд: Нийт мал сүргийг вакцинжуулалт, туулгалт, угаалгад жилд 3 удаа бүрэн хамруулах ажлыг удахгүй эхлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ цаашдын бодлого, чиглэлийн талаар Улсын Их Хурлыннэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

    УИХ-ын дэд дарга аа,

    УИХ-ын  эрхэм гишүүд ээ,

    Мал аж ахуй нь олон зуун жилийн турш манай ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, өвөрмөц соёл иргэншлийн уламжлалыг хадгалж, дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод тодорхой байр суурь эзэлдэг. Тиймээс манай Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж ирлээ. Манай улс 2010 оны жилийн эцсийн байдлаар 32.7 сая малтай, 160,0 мянган малчин өрхтэй  байна. Өнгөрсөн онд мал аж ахуйгаас 493.7 сая литр сүү, 264,4 мянган тонн мах, 12,7 сая ширхэг арьс шир, хонины ноос 22,4 мянган тонн, ноолуур 6,4 мянган тонн тус тус бэлтгэсэн нь энэ салбарын хөгжлийн том ирээдүйг илтгэн харуулах үзүүлэлт юм.

    чуулган, мэдээлэл

    Өнөөдөр Монгол оронд байгалийн баялгийн нөөцөө ашиглан уул уурхайг хөгжүүлэх сайхан боломж нээгдсэн ч улсын эдийн засагт мал аж ахуйн эзлэх байр суурь хэвээр хадгалагдаж, улам өгөөжтэй, үр дүнтэй байх төлөв харагдаж байна. Газрын хэвлийн нөөц баялаг нөхөн сэргээгддэггүй бол мал аж ахуйд хөдөлмөрөө шингээн ажиллаж чадвал үр төл, үржил шим, ашиг орлого нь тасралтгүй нэмэгдэж байдаг.

    Нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн олон мянган жилийн туршлагаараа Монголын ард түмэн дэлхий нийтэд гайхагдах соёл иргэншлийг бий болгосон. Гэвч дэлхийн уур амьсгал, байгаль экологийн өөрчлөлтийн улмаас бэлчээрийн доройтол, цөлжилт ихсэж, ган, зудын давтамж ойртох боллоо. Ийм үед байгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, олон улсын чиг хандлагатай уялдуулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын бодлого,үйл ажиллагааг оновчтой болгон эрчимжүүлэх, зарим арга хэмжээг шинээр төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байлаа.  

    Манай Засгийн газар хөдөө аж ахуй, малчид, мал руугаа хандсан бодлого, шийдвэрүүдийг тодорхойлон боловсруулж өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байна. Бас шаардлагатай эрх зүйн баримт бичгийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, мал аж ахуйн хөгжилд онцгой анхаарал хандууллаа. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг батлуулж, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д эх орондоо үйлдвэрлэсэн мах, сүү, хүнсний ногоог татвараас чөлөөлөх чиглэлээр нэмэлт оруулж, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийг Улсын Улсын Их Хурал өчигдөрхөн хэлэлцэн батлаад байна.  

    Хууль батлагдсанаар биржийн сүлжээ бий болгож, мал, малын гаралтай түүхий эд болон малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах механизмыг оновчтой болгох нөхцөл бүрдэнэ. Мөн малын гаралтай түүхий эдийг үнэгүйдүүлэхгүй байх, малчдын хүч, хөдөлмөрийг зөв үнэлэх нөхцөл бий болох юм. Малчид нэг талаасаа үйлдвэрлэгчид, нөгөө талаасаа томоохон ажил олгогчид билээ. Тиймээс үйлдвэрлэгч–малчид маань явуулын худалдаачдын гарыг хараад суух биш өөрсдөө, айл хотлоороо, баг, сумаараа нэгдэж, хамтын хоршоо бий болгон эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ашиг орлоготой сайхан амьдрах өргөн боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хүн амын хүнсний хэрэгцээ нэмэгдэж байгаа нь малчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх таатай боломж, нөхцлийг бүрдүүлж байна. Энэ боломжийг малчид маань бүрэн дүүрэн ашиглах ёстой.

    Төрөөс малчдын талаар баримтлах бодлого нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн гол бүтээгч эзэн болох малчин хүнийг хөгжүүлэх, малчдын амьдралын төвшинг дээшлүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл малчин хүн рүүгээ хандсан эрх зүйн баримт бичиг болсон. Харин “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр мал руугаа чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьсан. Энэ бүхэн нь малчдын нийгмийн асуудал, мал аж ахуйг хөгжүүлэх шинэ бодлого, түүхэн шийдвэр, томоохон хөрөнгө оруулалт болсон.

    Бэлчээрийн мал аж ахуйдаа зохицсон монгол ахуй, монгол дээл хувцас, эдлэл хэрэглэл, уламжлалт ёс заншлаа өдөр ирэх бүр бага багаар гээж, “нүүдэлч малч сэтгэлгээ”, “холч монгол ухаан” улам бүр алсарсаар байгааг зориуд тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Орчин цагийн Монгол малчин морио моторт хүлгээр, монгол дээлээ курткаар сольж  байгаа нь хувь хүний эрх мэт боловч нөгөө талаасаа малдаа ээлгүй, байгаль орчиндоо халгаатай үйлдэл болохыг мал дагаж насыг элээсэн буурлууд маань хэлж сануулах боллоо. Үүнд залуу малчид маань дүгнэлт хийж, ахмад буурлуудаа хүндэлж, уламжлал заншлаа дээдэлсэн, байгаль орчиндоо ээлтэй, мал сүрэгтээ сайн нөлөөтэй малч арга ажиллагааг аж ахуй эрхлэхдээ мөрдлөг болговоос зохилтой.  

    Малчин хүн малаа чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, сүргийн бүтцийг зохистой барих, малын гарал үүслээ тодорхой болгох, мал сүргээ эрүүлжүүлэхэд санаачилга гаргаж, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллах хэрэгтэйг Засгийн газрын тэргүүний хувьд анхааруулан ажиллаж ирлээ. Мал эмнэлэг, үржлийн  ажил, үйлчилгээг орон нутагт оновчтой хослуулан зохион байгуулснаар мал сүргийг төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, малын чанар, ашиг шимийг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах, чанартай түүхий эд нийлүүлэх, малчдын хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл, биржийг хөгжүүлэх үндсэн нөхцөл бүрдлээ. 2011 оноос мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлж, бүх суманд мал эмнэлэг, үржлийн тасгийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулж байна.

    Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлээс хамааралтай олон жилийн нүүрийг үзлээ. Бидний шийдвэрлэхээр зорьж байгаа нэг асуудал бол дотооддоо нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд УИХ-аас гаргасан томоохон бодлого, хөтөлбөрүүд үр дүнгээ өгч, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хөдөө орон нутагт биеллээ олж, малчид, иргэдийн орлого нэмэгдэж байна. Тухайлбал, ноолуурын зах зээлийн үнэ 3 жилийн өмнө 25,0 мянга байсан бол одоо 50-70 мянган төгрөг болсон.

    Засгийн газар ноолуурын салбарт 100 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад нэмж тэмээний ноос, хонины нэгдүгээр зэргийн 1 килограмм ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх томоохон арга хэмжээ болж байна.  

    2011-2012 оныг мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжихэд онцгой анхаарч төрөөс малчдынхаа талаар олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Малчдынхаа эрүүл мэндийг илүү анхаарч, сум, орон нутгийн өрх, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, малчдын хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд бүрэн хамруулах, XXI  зууны иргэн, малчин өрх айл ямар байх тэр жишигт ойртуулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Гэхдээ энэ салбар зөвхөн төрийн дэмжлэгээр бус мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, малчдын өөрсдийнх нь хичээл зүтгэл, идэвх, санаачилгаар өрнөн дэлгэрэх учиртай.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Мал аж ахуйн салбарын бодит нөхцлийг ойлгох, хөдөө орон нутгийн ажил байдалтай танилцахын тулд миний бие 21 аймгийн 70 гаруй сумаар нийт 15600 км явж, нутгийн удирдлага, малчид, иргэдтэй уулзаж санал, бодлыг нь сонслоо. Малчдын гаргасан олон бүтээлч саналуудыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэн тодорхой төлөвлөгөө болгон хэрэгжүүлж байна. Мөн бодлого, шийдвэрт тусгаж, орон нутгийн ард иргэдийн зарим хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэж ирлээ.

    Түүнчлэн Улсын Их Хурлаас батлан гаргасан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хөдөөгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн удирдлага, малчид, мал аж ахуйн мэргэжилтний 1500 гаруй төлөөлөгчийг хамруулсан үндэсний зөвлөгөөнийг 4 бүсэд зохион байгууллаа. Энэ зөвлөлгөөнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч хоёрт нь Ерөнхий сайдын хувьд оролцож малчид, мал аж ахуйн талаархи бодлого, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн. Бүсийн зөвлөлгөөнүүдэд Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд оролцож, санал бодлоо хэлж Засгийн газар, орон нутагт хандан тодорхой чиглэл өгсөнд талархаж байна. Уг зөвлөлгөөний үеэр гарсан үнэтэй санал санаачилгыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.

    Малчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах бодлогын хүрээнд 2010 онд хийсэн судалгаагаар 80.4 мянган малчин эрүүл мэндийн даатгалд, 20.0 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан дүн гарлаа. “Хүний хөгжил сан”-гаас малчдын 2011 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлж байна. Малчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Суурь тэтгэврийн тухай болон Малчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж байна. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд уг асуудлыг тусгасан.Мөн малчдын өр зээлийг шийдвэрлэхэд Засгийн газар ихээхэн анхаарч байна. Энэ зорилгоор малчдын өр зээлийг “Хүний хөгжил сан”-гийн хүрээнд шийдвэрлэхээр судалж байна.

    2009-2010 оны өвөл, хаврын зудын сургамжид Засгийн газар дүгнэлт хийж, 2011 онд бүх түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр тодорхой үүрэг, даалгавар өгч ажилласан. Өнгөрсөн өвөл зарим аймаг, сумын нутагт олон жилийн дунджаас ахиу цас орж, хүйтэн байсан ч аймаг, сум, малчид, иргэд өөрсдийн түвшинд өвс, тэжээл, хашаа, саравч, хэвтэр бууцаа сайн бэлтгэснээр өвөл, хаврыг өнтэй давж, эх мал жилбэтэй төллөж дуусах дөхөөд байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд оны эхний нийт малын 1,6 хувь буюу 534,3 мянган мал зүй бусаар хорогдоод байгаа нь олон жилийн дундажаас бага үзүүлэлт юм. Энэ онд нийт төллөх ёстой 15,4 сая хээлтэгч малын 77,9 хувь буюу 12,0 сая орчим мал төллөж, гарсан төлийн 97,7 хувь нь бойжиж байна. Энэ нь мөн л олон жилийн дунджаас өндөр үзүүлэлт боллоо.

    Хөдөө орон нутагт ажиллах үед хээлтүүлэгч малын хүрэлцээ хангамж, угшлын асуудал чухлаар тавигдах болсон нь анзаарагдлаа. Өнөөдөр хээлтүүлэгч малын хүрэлцээг бод малд хэвийн, бог малд 2,0 дахин нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Энэ нь 2009-2010 оны өвөл, хаврын зудын улмаас бог малын хээлтүүлэгч ихээр хорогдсоноос үүдэлтэй юм. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үржлийн сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч мал бойжуулж, борлуулах аж ахуйн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийн тодорхой хувийг энэ чиглэлд зарцуулснаар асуудлыг ойрын 2 жилдээ багтааж  шийдвэрлэх болно. Мөн энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, биотехнологи, зохиомол хээлтүүлгийн арга хэлбэрийг өргөжүүлэн ажиллахад анхаарч байна.

    УИХ-ын гишүүд ээ,

    Засгийн газар мал сүргийг өвчин, эмгэгээс эрүүлжүүлэх бодлогыг нэн тэргүүний зорилт болголоо. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр баруун долоон аймгийг малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөгүй, вакцин хэрэглээгүй тайван бүс нутгийн статуст хамруулж олон улсын түвшинд зарлах хүсэлтийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад тавиад байна. Энэ нь эхний ээлжинд Монгол Улсын баруун бүс нутгаас мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэх юм.

    Цаашид малын чанартай эм, био бэлдмэлийг аль болох дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах бодлого, чиглэл барьж байна. Малын эм, био бэлдмэл үйлдвэрлэх улсын үйлдвэрээс гадна хувийн үйлдвэрүүдийг шинээр бий болгох, малчдад үйлчилгээ хүргэж байгаа хувийн мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжүүдийн материаллаг бааз, чадавхийг сайжруулах чиглэлээр санхүү, зээл, татварын бодлого хэрэгжүүлнэ. Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын урт хугацааны 25.0 сая ам. долларын хөнгөлөлтэй зээлээр “Биокомбинат” төрийн өмчийн үйлдвэрийн газарт техник, технологийн шинэчлэл хийнэ. Ингэснээр тус үйлдвэр Европын Холбооны Үйлдвэрлэлийн зохистой дадлыг бий болгох (GMP)шаардлага ханган, мал эмнэлгийн ажил, үйлчилгээнд хэрэглэх эм, био бэлдмэлийн чанар, баталгаат байдал олон улсын стандартын түвшинд  хүрэх болно.

    Шүлхий өвчний гаралт Зүүн өмнөд Азийн бүс нутаг, манай хөрш орнуудад сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Манай улсын зүүн бүсэд малын гоц халдварт шүлхий өвчин 2010 онд гарч малчдын болон улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулсан. Энэ өвчинтэй тэмцэхийн тулд Засгийн газар цаг тухай бүрт нь тодорхой арга хэмжээ авч ажилласнаар өвчлөлийг бүрэн зогсоож, малчдад учирсан хохирлыг барагдуулсан. Цаашид зүүн бүсийн мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд жил бүр хамруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.Шүлхий өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжийн талаархи судалгааг Олон улсын Цөмийн энергийн агентлагийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлнэ.

    Засгийн газар мал эмнэлэг, үржил, үйлчилгээний хүрээг өргөтгөх, үр дүнг дээшлүүлэх зорилгоор тодорхой зүйлүүдийг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал энэ онд бүх малыг паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх, бүх үхэр, цөм сүргийн малыг  ээмэгжүүлэн,  бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулна. Мал сүргийг нэг стандартын хувийн дугаартай болгож, бүртгэлд авах, тухайлбал, адуунд “цахим чип” суулгах зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ нь мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг баталгаажуулж, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэн гадаад, дотоодын зах зээл, худалдаанд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

    Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, манай орны нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон байна.Бэлчээрийн доройтол, цөлжилтийг сааруулах зорилгоор “Бэлчээрийн тухай хууль”-ийн төсөл боловсруулсан. Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу уг хуулийн төсөлд нийт малчин өрхийн 10-аас доошгүй хувиас санал асуулга авч байна. Малын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр индексжүүлсэн даатгалыг 2006 оноос 3 аймагт туршин хэрэглэж, 2011 онд 15 аймаг болгон өргөтгөж, 2012 оноос бүх аймагт хэрэгжүүлэх болно.

    Засгийн газар бэлчээрийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр зарцуулах төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж ирлээ. Бэлчээрийг усжуулах,  хортон мэрэгч шавьжтай тэмцэх, хашиж хамгаалах, отрын бэлчээр шинээр бий болгох зэрэгт 2010, 2011 онд 6.0-7.0 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ хүрээнд манай Засгийн газар аймаг дундын отрын бүс нутаг 2-ыг бий болгож, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх арга хэмжээг 2008-2010 онд 2611.3 мянган га талбайг хамруулан зохион байгуулсан.  Цаашид Засгийн газраас аймаг, сум дундын отрын бэлчээр нутгийг өргөтгөн хамгаалах, усжуулах, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлж, тэжээлийн агуулах, отрын бүс нутагт салхи, шуурганаас хамгаалсан бод, бог малын хашаа, хороо барих зэрэгт анхаарч хөрөнгө оруулалтыг ээлж дараатай нэмэгдүүлэх болно.

    Бэлчээрт нийт 36.0 мянга гаруй худаг ашиглагдаж байгаагийн 68 хувь нь гар худаг, 32 хувь нь инженерийн хийцтэй худаг байна. 2008-2010 ондинженерийн хийцтэй 1000 худаг гаргаж, 1500 худаг засварлаж, малчдын хүчээр 1600 гар худаг гаргасан. Хөдөөгийн хүн амыг болон 40,0 сая толгой малыг найдвартай усны эх үүсвэртэй болгоход инженерийн хийцтэй 8000 худгийг шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд тогтоолоо. Үүнийг үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд тодорхой зардлуудыг төсөвт тусган ойрын жилүүдэд шийдвэрлэнэ.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар зарим нааштай үр дүн гарч байна. Эрчимжсэн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн тэжээвэр амьтан үржүүлж байгаа ферм, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн 3 жилд 458-аар нэмэгдэж 1295 боллоо. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд сүүний 6 цогцолбор загвар аж ахуй байгуулж, 44 ферм, иргэнд цэвэр үүлдрийн үхэр олгох дэмжлэг үзүүлсэн. “Сүү” хөтөлбөрийн хүрээнд фермерийн аж ахуйнуудын дунд сүү хөргөж хадгалах 20 төв, 24 хөргүүрийн тоног төхөөрөмж, сүү боловсруулах 30 үйлдвэр, цех шинээр ашиглалтад оруулж, сүүлийн жилүүдэд 1367.0 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг 60 гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэх бүс нутгийн хилийн зааг, түүний эзлэх хувийг тогтоох асуудлыг шийдвэрлэж энэ хоёр салбарын бие биеэ нөхөх органик холбоог бүрдүүлэх шаардлагатай боллоо.

    Газар тариалангийн салбарыг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан зохистой хөгжүүлэх, малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх боломж манай улсад бий. Зүүн, баруун бүс нутгийн газар тариаланг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар хураан авах ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх, улмаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон, бие биеэ тэтгэсэн үндэсний томоохон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

    Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг түүхий эдэд нь тулгуурлан аймаг, сумын түвшинд барьж байгуулах, гадаадад экспортлох, хил орчмын бүс нутгуудад байршуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай байх төдийгүй алслагдсан бүс, аймаг, орон нутгийн хөгжил, малчдын амьжиргаанд сайнаар нөлөөлөх юм. Үүнд зориулан 2009, 2010 онд жижиг, дунд үйлдвэрийг өргөтгөх, шинээр байгуулахад улсаас тус бүр 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр дэмжсэн. Харин одоо 150.0 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах тухай Улсын Их Хурал хэлэлцэж байгаад талархал илэрхийлье.

    Манай улсад чанар сайтай мах, сүү, ноос ноолуур, арьс ширний асар их нөөц байна. Юуны өмнө сүү, махны боловсруулах үйлдвэрүүдийг олон улсын шаардлагын дагуу бодлогоор байгуулж, дотоодын хэрэгцээгээ сүү, махаар хангах, улмаар экспортлох ажлыг шуурхай зохион байгуулна. Мэдээж олон томоохон үйлдвэр барьж байгуулахад төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй байж болно. Гадаадын зээл тусламжийг ашиглах, хөрөнгө оруулалтын үр ашигтай санал боловсруулах олон хувилбар манай Засгийн газарт бий.  

    Төрийн өндөрлөгүүдийн гадаад албан ёсны айлчлалын хөтөлбөрт мал аж ахуйн хөгжлийн асуудал чухал байр суурийг эзэлж ирсэн. Тухайлбал өнгөрсөн жил Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд монгол малыг эрүүлжүүлэх, улмаар мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцсан. Үр дүнд нь малын гоц халдварт шүлхий өвчнөөс нийт мал сүргийг эрүүлжүүлэхэд зориулан ОХУ-аас 375,0 сая рублийн буцалтгүй тусламжийг мал эмнэлгийн салбарт үзүүлэхээр тохиролцсон. Энэ хөрөнгийг малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, 6 аймаг, нийслэлийн өвчлөмтгий мал сүргийг хоёр жилийн хугацаанд вакцинжуулж эрүүлжүүлэхэд зарцуулна. Тусламжийн эхний шатны 8,5 сая тун вакцин ачигдахад бэлэн болж, уг баримт бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сая гарын үсэг зурлаа.

    Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр тохирсон 200 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд Монгол Улсад мах, сүү боловсруулах үйлдвэрийн цогцолбор барих, малчид, өрхийн тариаланчдад зориулсан газар тариалангийн болон хадлангийн иж бүрдэл бүхий 8000 бага оврын трактор авахаар ажиллаж байна. Энэ мэтээр Улсын Их Хурал, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт авч, хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ хангалттай байна. Гэсэн хэдий ч, тухайн бодлого, үйл ажиллагааг анхан, дунд шатанд ойлгож хэрэгжүүлэх тал дээр анхаарах зүйл байгааг тэмдэглэж байна.

    Манай Засгийн газар цаашид мал аж ахуйн талаар дараахь асуудалд анхаарлаа төвлөрүүлж ажиллах болно:

    • XXI зууны малчин гэсэн ойлголтыг шинээр төсөөлж, малчин хүн бол үйлдвэрлэгч бөгөөд мэргэшсэн болохыг хүлээн зөвшөөрч, аж ахуй эрхлэх мэдлэгтэй, данс тооцоотой болгохоор ажиллана.
    • Малчдыг хөдөлмөрөө хоршиж хоршоо, нөхөрлөл, бүлэг болж ажиллахыг дэмжинэ. Манай улсын санаачлагаар НҮБ 2012 оныг “Олон улсын хоршооны жил” болгон зарласан. Одоо энэ ажлын бэлтгэлийг хангаж байна.
    • Хөдөөд ажиллаж байгаа малын эмч, мал зүйчдыг давтан сургах, мэдлэг чадварыг сайжруулах, тоог нэмэгдүүлэх нь төрөөс мал аж ахуйн талаар явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны эцсийн үр дүнг дээшлүүлэх нэг нөхцөл гэж үзэж байна.
    • Хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилгоор нийт мал сүргийг вакцинжуулалт, туулгалт, угаалгад жилд 3 удаа бүрэн хамруулахаар энэ жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна.

    Ийнхүү манай хамтарсан Засгийн газрын мал аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас тоймлон танилцууллаа. УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг мал аж ахуйн бодлогын талаар явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэхийг хүсье.

                 Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011оны 06 дугаар сарын 03-ны өдөр                   Улаанбаатар хот

  • Бээжингийн олимпын амжилтаа бататгана гэдгээ дасгалжуулагч, тамирчид амлалаа

    Бээжингийн олимпын амжилтаа бататгана гэдгээ дасгалжуулагч, тамирчид амлалаа “Лондон 2012” олимпын наадам эхлэхэд 421 хоног үлдлээ. Тиймээс энэ богинохон хугацааг амжилттай төлөвлөж олимпийн бэлтгэл ажлыг улам эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны ээлжит хурлын үеэр үүрэг болголоо. Ерөнхий сайдын тэргүүлдэг тус  хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдсан юм.

    Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас спортыг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, улсаас Үндэсний шигшээ багийн цалин, бэлтгэл цугларалт, тэмцээн, эм витаминжуулалт, хувцас хэрэглэл, материал худалдан авах зардалд 2009-2011 онд 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан.  Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчдад  2011 он гарсаар 168 сая 300 мянган төгрөгийн шагнал олгоод байгааг тэмдэглэлээ.

    Үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны эхний зургаан сарын байдлаар тив дэлхий, олимпын эрхийн болон олон улсын тэмцээнээс 106 медаль авснаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар Лондонгийн олимпод оролцох эрх авсан амжилтыг Монгол Улсын Ерөнхий сайд сайшаагаад тэдний араас олон шилдэг тамирчид олимпийн эрхээ авна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

    ОНБҮХ-ны ажлын төлөвлөгөөг батлахтай холбоотойгоор тус хорооны гишүүд, спортын холбоодын удирдлагууд саналаа хэлж, асуулт хариулт хэлбэрээр хурал үргэлжилсэн. Тэнд санал хэлсэн хүн болгон Засгийн газраас  спортын салбарт онцгой анхаарал тавьж буйд талархаж байлаа. Тухайлбал, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч, ардын багш, Ч.Насантогтох  “Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа учир манай тамирчид оролцъё гэсэн тэмцээн уралдаан болгондоо оролцож чадаж байгаа.  Одоо 18 тэмцээнд оролцох дутуу.  Олимпын эрхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, олимпын эрх арваас дээшийг авна гэдгээ амлаж байна.

    Мөн Бээжингийн олимпод авсан алтан медалиа бататгахын төлөө зүтгэнэ” гэлээ. Мөн “Энэ Засгийн газрын үед Орхон аймагт олимпын сайхан баазтай болсон. Баазын ахуй хангамжийг сайжруулмаар байгаа” гэсэн саналаа тэрбээр уламжилсан юм. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Би та нартай ижил энэ салбарт олон жил зүтгэж яваа. Сүүлийн жилүүдэд Засгийн газар спортын салбарт онцгой анхаарал тавьж байгаа. Би олон жил гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцсон, ингэж төр зардлыг нь дааж байгаагүй. Олон ч тэмцээн уралдаанаас шагнал авсан ч төр засгаас ингэж мөнгөн шагнал авч байгаагүй. Төрийн энэ их хайр халамжийг манай тамирчид амжилтаар хариулах учиртай. Үүний тулд зохион байгуулалттай, сахилга баттай, ёс зүйтэй байхыг тэрбээр ахмад тамирчны хувиар зөвлөсөн билээ.   

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын гишүүн байхдаа Б.Бат-Эрдэнэ болон нэр бүхий хэдэн гишүүнтэй хамтран Бээжингийн олимпод бэлтгэхэд шаардлагатай 2 тэрбум төгрөгийн төслийг УИХ-аар батлуулсан. Тухайн үед спортын салбарт ийм их хэмжээний мөнгө зарлагадлаа гэж шүүмжлэх хүмүүс байсан ч үүний үр дүн гарч Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Б.Баатаржав Монголын ард түмний 44 жил хүлээсэн алтан медалийг эх орондоо авчирсан. Яг үүн шиг тодорхой төсөл боловсруулж ажиллахыг Олимпод бэлтгэх үндэсний хорооны тэргүүн, Ерөнхий сайд С.Батболд хорооны гишүүддээ зөвлөсөн юм.    

     

    Мөн тэрбээр холбоодуудын хэлсэн саналыг ажлын төлөвлөгөөнд тусгаж, нааштайгаар шийдвэрлэх болно гэдгээ илэрхийлээд тамирчид, дасгалжуулагчдадаа санхүүгийн хувьд Засгийн газар цаашид ч дэмжлэг үзүүлнэ. Харин та бүхнийг сэтгэл зүрхээрээ дэмждэг ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулаарай. Бээжингийн олимпын буухиаг Лондонд үргэлжлүүлэх учиртай. Амжилтын 90 хувь нь бэлтгэл сургуулилалт байдаг гэдгийг хорооны гишүүд болон Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоодын удирдлагуудад анхаарууллаа. Тус хурлаас Олимпын наадамд бэлтгэх үйл ажиллагаанд нэмэлтээр шаардагдах 850 сая төгрөгийг 2011 оны төсвийн тодотголд, 3,4 тэрбум төгрөгийг 2012 оны төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт нарт зөвлөсөн тогтоол гаргалаа.

    Мөн хурлын үеэр 2010 онд тивийн наадам, тив дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, 46 тамирчин, 18 дасгалжуулагчдад шагналыг нь гардуулаа. Мөн Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны 2011 оны ажлын төлөвлөгөөг баталж, “Олимп хөгжил” сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. Тус зөвлөлийг “Лондон-2012 олимп”-ын тамирчдын багийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд ахлахаар боллоо. Мөн энэ үеэр Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцуулав

  • Хүүхдийг зөв хүн болж төлөвшүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана

    Хүүхдийг зөв хүн болж төлөвшүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана Зургадугаар сарын 1-ийг манай улс 1952 оноос хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ баярыг үндэсний хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан цөөхөн улс орны нэг нь манайх. Хүүхэд багачуудын маань хүсэн хүлээдэг энэ баярт өдрийг өнөөдөр улс орон даяар тэмдэглэж байгаа бөгөөд нийслэлд “Эрүүл орчинд инээмсэглэж амьдарцгаая” уриан дор тэмдэглэж байна. Сүхбаатарын талбайд болсон Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр-Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд үг хэлэхдээ “Үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан сайн сайхан амьдралд хүргэхийн төлөө хөтлөн яваа эцэг эхчүүддээ, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хөөр баяр инээд баяслаар дүүрэн байгаа хүүхэд багачууддаа Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Хүүхдийн эрхийг хамгаалах,хөгжлийг хангахын төлөө хамтран ажилладагдотоод гадаадын байгууллага, хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

    Мөн тэрбээр “Улс төрийн хүсэл эрмэлзэл байсан цагт их хөрөнгө шаардахгүйгээр  хүний хөгжлийг хангаж болдог гэдгийг олон орны туршлага, түүх харуулж байна. Хүний хөгжлийг хангаж Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой болгох нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэл мөн. Улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд хүүхдийн хөгжилд цогцоор хандах, хүмүүжил ёс суртхууны талаарх уламжлал, шинэчлэлийг хосолсон шинэ үзэл баримтлалыг гарган хүүхдийн эрхийг бодитоор ханган хэрэгжүүлэх талаар бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

    Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон ажиллаж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд “Эцэг эх нь ажилтай, гэр бүл нь орлоготой байж хүүхдүүддээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүртээх орчныг бүрдүүлнэ. Ингэснээр хүүхдүүд маань хараа хяналтгүй байх,  хүнд  тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхагдах байдал үгүй болно. Ялангуяа эцэг эхчүүд хүүхэддээ зориулах цаг завтай байх, “хүн болж” төлөвшихөд нь онцгой анхаарлаа хандуулах, хүссэн мэргэжлээ эзэмшихэд нь хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд бүх талын дэмжлэг үзүүлэхэд Засгийн газар бодлогоо чиглүүлэх болно гэдгийг онцоллоо.

    Ингэхдээ амьдралын анхдагч орчин болсон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүүхдэд ээлтэй хөгжлийн орчин бүрдүүлэхийн төлөө гэр бүл, байгууллага хамтдаа хүчин зүтгэхийг уриаллаа

  • 1500 хүүхэд Ерөнхий сайдын нэрэмжит бэлэг хүлээн авлаа

    Хүүхдийн соёл амралтын хүрээлэн өчигдөр өглөө эрт хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Асрамжийн төвийн болоод  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл зэрэг 1500 гаруй багачууд Ерөнхий сайдын нэрэмжит бэлэг  хүлээн авч байгаа нь энэ бөгөөд тус арга хэмжээг Монголын сайтуудын холбоотой хамтран зохион байгуулсан юм. Мөн түүнчлэн эдгээр хүүхдүүд тус соёл амралтын хүрээлэнгийн хэд хэдэн тоглоомонд үнэгүй тоглох эрхийн бичгээр шагнууллаа.Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ бүх арга хэмжээ зохиогдож байгаа ажээ.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    засгийн газрын хуралдаанБНХАУ-ААС 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВНА

    БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгох 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд байгуулах Ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн шийдвэр гарсны дараа хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар болсон байна.

    500 сая ам.долларыг мах, хуурай сүү боловсруулах үйлдвэр, гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авахад зарцуулна. Мөн “Шинэ зууны боловсрол”, “Цахим эрүүл мэнд”, Баруун 4 зам, Баянбүрд, Саппорогийн аюулгүйн тойргийг багтаасан “Замын олон түвшний огтлолцол” төсөл, автозамын уулзвар, төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.  

    Төслүүдийн санал, техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгааг боловсруулж Сангийн яаманд энэ оны 6 дугаар сард багтаан хүргүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгалаа. 500 сая ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 7 жил чөлөөлөгдөх бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

    Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” болон “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль”-д нэмэлт оруулахаар төсөл санаачилсан байна. Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Тэтгэврийн хэмжээг тогтоохдоо уламжлалт аргачлалаар бус, шууд механик аргаар тооцон тэнцүүлэх нь бодлогын хувьд тэтгэвэр тооцох суурь зарчмыг алдагдуулах сөрөг талтайг анхаарах нь зүйтэй гэж үзсэн байна.

    Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн дагуу “Нийгмийн даатгалын сан”-гаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг цалин хөлсний хэмжээтэй уялдуулж байгаа нь тэтгэврийн зөрүүг арилгаж чадахгүй байгаа. Иймээс тэтгэврийн даатгалын шинэтгэлийн хүрээнд тэтгэврийн олон давхаргат тогтолцоо, ялангуяа өндөр насны суурь тэтгэврийг бий болгох шаардлагатай.

    Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, боловсронгуй болгох, бага тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх, огт тэтгэвэр авдаггүй иргэдэд тодорхой хэмжээний тэтгэвэр олгохын тулд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас боловсруулж байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уг хуулийн төслийг нэг мөр авч үзэх нь зүйтэй гэсэн байна. Засгийн газар энэ асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байгаа юм. 

    • Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн ажлын удирдамжийг зөвшөөрлөө. 2011 оны 6 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо болох энэ хуралдаанд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Монгол Улсын Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга М.Энхболдод даалгасан байна.
    • “Цахим гарын үсгийн тухай” хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    • “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийн шинжилгээ хийсэн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай танилцуулав. Үүнтэй холбогдуулан тариалангийн газрын хөрсний агрохимийн шинжилгээг хуульд заасны дагуу хийлгэж дүгнэлт гаргуулж байх, хөрсний үржил шимийг сайжруулах, ойн зурвас байгуулах, нөхөн сэргээх, хамгаалахад шаардагдах бордоо, ургамал хамгааллын бодисын жил бүрийн хэрэгцээг тооцож холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайдад даалгалаа.

  • АНУ-ын сенатын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд манай оронд айлчилж байгаа АНУ-ын сенатын гишүүн Рой Блант тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улс ардчилал зах зээлийн замыг сонгож, энэ хугацаанд АНУ бүх талаар дэмжин тусалж ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд, ялангуяа Мянганы сорилтын сангийн гүйцэтгэсэн үүргийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн юм.  Мөн түүнчлэн ирэх долдугаар сард Ардчиллын хамтын нийгэмлэгийн хурлыг Монгол улс даргалах болсондоо баяртай байна гэлээ. АНУ-ын сенатын гишүүн Рой Блант энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улс идэвхтэй оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, АНУ нь эдийн засгийн өндөр хурдацтай хөгжиж байгаа Монгол улсын худалдаа эдийн засгийн түнш үргэлж хэвээр байх болно хэмээн тэмдэглэлээМонгол улсын Ерөнхий сайд С.Батболд манай оронд айлчилж байгаа АНУ-ын сенатын гишүүн Рой Блант тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улс ардчилал зах зээлийн замыг сонгож, энэ хугацаанд АНУ бүх талаар дэмжин тусалж ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд, ялангуяа Мянганы сорилтын сангийн гүйцэтгэсэн үүргийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн юм.

    Мөн түүнчлэн ирэх долдугаар сард Ардчиллын хамтын нийгэмлэгийн хурлыг Монгол улс даргалах болсондоо баяртай байна гэлээ. АНУ-ын сенатын гишүүн Рой Блант энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улс идэвхтэй оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, АНУ нь эдийн засгийн өндөр хурдацтай хөгжиж байгаа Монгол улсын худалдаа эдийн засгийн түнш үргэлж хэвээр байх болно хэмээн тэмдэглэлээ

  • Энэтхэг улстай мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллана

    Энэтхэг улстай мэдээлэл технологийн салбарт хамтран ажилланаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын  31-ний өдөр БНЭУ-ын Гадаад харилцааны төрийн дэд сайд Е.Ахамед тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр талын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөсөнд баяр хүргээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцоллоо.

    Мөн тэрээр цаашид мэдээллийн технологи, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг хэлээд Энэтхэгийн Засгийн газраас Р.Гандигийн нэрэмжит урлаг үйлдвэрлэлийн сургуулийг өргөтгөх, шинэчлэхэд туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал дэвшүүллээ. Түүнчлэн БНЭУ-ын Ерөнхий сайд Манмохан Сингхт мэндчилгээ дэвшүүлж байгааг энд дашрамд уламжлахыг хүслээ.

    Энэтхэгийн Засгийн газраас олгох 20 сая ам.долларын зээлээр Аутсорсингийн төв, Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах ажлыг эрчимжүүлж, ойрын хугацаанд шийдвэрлэхийг Ерөнхий сайд С.Батболд холбогдох сайд нарт хэллээ. Ноён Е.Ахамед цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаад Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийллээ. Тэрээр гангийн үйлдвэр байгуулах санал тавьсныг Ерөнхий сайд дэмжиж Санамж бичиг байгуулах нь зүйтэй гэв.