Ангилал: Uncategorized

  • Өмнийн говийнхон Нийслэл хотноо соёлын өдрүүдээ зохиож байна

    Өмнийн говийнхон Нийслэл хотноо соёлын өдрүүдээ зохиож байнаУлаанбаатар хотноо эхэлсэн Өмнөговь аймгийн соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцож байгаа сумдын Засаг дарга нарыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав. Тэрээр аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд нийслэл хотноо соёлын өдрүүдээ зохион байгуулж байгаа говийн зон олонд Засаг дарга нараар нь дамжуулан Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүслээ. Цаг үеийн ажил төлөвлөсний дагуу өрнөж байгааг Ерөнхий сайд дурдаад цаашид улс, орон нутаг, ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, сум, аймаг гэхээсээ илүү улс, бүсийн хөгжлийн төлөө том харж, хамтарч ажиллахыг Засаг дарга нарт зөвлөв.

    Олон жил ярьсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хамтарсан Засгийн газар байгуулж, ажлыг нь эхлүүлсэн. Говийн бүс Монгол Улсын хөгжлийн гол цэг болж дэлхийн улс орнууд хүртэл анхаарлаа хандуулж байгаа энэ үед бүтээн байгуулалтын ажлыг бүх талаар дэмжиж, туслах учиртай. Орон нутагт хүнд суртал, эрх ашгаараа нэгдсэн бүлэг, хуулийн зөрчилтэй заалт гээд ажилд хүндрэл учруулж байгаа зүйлийг төр, засаг нэн даруй шийдвэрлэхийн төлөө байна, тухайн сумдын удирдлага ч өөрөөс шалтгаалах бүхнээ хийх ёстой гэж Ерөнхий сайд санууллаа. Уул уурхайн салбар гэлтгүй байгалийн үзэсгэлэнт газарт түшиглэн аялал жуучлалыг хөгжүүлэх асар их боломж Өмнөговьчуудад байгааг тэрээр мөн хэлэв

  • Ерөнхий сайд таэквондогийн их мастер цол хүртлээ

    Ерөнхий сайд таэквондогийн их мастер цол хүртлээМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод 2011 оны 5 дугаар сарын  30-ны өдөр БНСУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чанг Жи бараалхаж, Таэквондогийн хүндэтгэлийн 7-р дан буюу их мастер цолны батламжийг гардууллаа. Таэквондогийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, спортод элэгтэй хүмүүс энэхүү хүндэтгэлийг хүлээдэг байна. Сүүлийн жилүүдэд манай тамирчид олимп, тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн, уралдаанд өндөр амжилт гаргаж, улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа нь тамирчдын нөр их хүч, хөдөлмөрийн үр шим төдийгүй Монгол Улсын Засгийн газраас спортыг хөгжүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч анхаарч байгаагийн илрэл юм.

    Спортод элэгтэй төрийн тэргүүнүүдэд дэлхийн улс орнууд хүндэтгэлийн зэрэг, цолоо олгодог энэхүү жишгийн дагуу өмнө нь Ерөнхий сайд С.Батболд 2002 онд Гадаад харилцааны дэд сайдын албыг хашиж байх үедээ Японы Киокушинкай каратэгийн 5-р даныг хүртэж байжээ. Энэ хүндтэй зэргийг ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин болон бусад нэр хүндтэй хүмүүс хүртэж байсан байна. Ирэх жил Англи улсад болох “Лондон-2012” дэлхийн зуны спортын 30-р олимпод баг тамирчдаа бэлтгэн оролцуулах үндэсний хороог ахалж байгаа Ерөнхий сайд тамирчиддаа онцгой анхаарал хандуулан бүх талаар тусалж, дэмжин ажиллаж байна.

  • НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    УИХ-ын дэд дарга, гишүүд ээ,

    Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа,

    Энхийг сахиулагч цэрэг дайчид аа,

    Хатагтай, ноёд оо,

    Та бүхэндээ “НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн баярын мэндийг хүргэн мэндчилж байна.

    Манай улс энхийг эрхэмлэгч, энхийн төлөөх улс орон билээ. Монголын төр, ард түмэн энхийг сахиулагч эрэлхэг хөвгүүдээрээ бахархаж, хүндэтгэж ирсэн. Энэ жил Монгол Улсын Батлан хамгаалах яамны 100 жил, Зэвсэгт хүчний 90 жилийн түүхэн ой тохиож байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхэн маань эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баттай хамгаалж ирсэн бахархам сайхан намтар, түүхтэй. Энэ бахархам түүхээ даян дэлхийн амар амгалан, аюулгүй байдлын төлөөх энхийг дэмжих ажиллагаанд оруулсан хувь нэмрээрээ баяжуулсаар байна.

    Монгол цэргүүд энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцох болсон нь Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцын түүхэн ололтуудын нэг юм. Өнгөрсөн хугацаанд Конго, Баруун Сахар, Ирак, Афганистан, Косово, Сьерра-Леон, Гүрж, Этиоп-Эритрей, Чад, Судан зэрэг дэлхийн 3 тивийн 10 гаруй улсад манай 5000 гаруй цэргийн албан хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ. Монгол цэргийн ур чадвар, тэсвэр тэвчээр, хатуужил дэлхийн хэмжээнд үнэлэгдлээ. 

    Монгол Улсын энхийн үйлсэд оролцсон цэргийн тоог хүн амтай нь харьцуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орны нэг болж чадсан. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн нэмэгдэж, гадаад харилцаа улам бүр нээлттэй, чөлөөтэй болж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

    Өнөөдөр Монгол цэрэг мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхи, бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэлжилтээрээ ямагт манлайлж ирсэнд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бахархалтай байна. Монголын төр гадаад орны амаргүй нөхцөлд үүргээ гүйцэтгэж ирсэн энхийг сахиулагчидаа урамшуулан шагнасаар байх болно. Цаашид ч бид энхийг сахиулагч цэргийн алба хаагчдынхаа хийсэн бүтээснийг үнэлэх, үйл хэргийг нь алдаршуулах, ажлын орчин нөхцөл, зэвсэг техникийг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх талаар тодорхой бодлого хэрэгжүүлнэ.  

    Олон улсын энхийн хүчин чармайлтын талаархи Монгол Улсын байр суурийг анхнаас нь дэмжиж хамтран ажилласан НҮБ болон батлан хамгаалах, цэрэг техникийн салбарт хамтран ажилладаг улс орнуудад гүн талархал илэрхийлье. Эх орныхоо нэрийн хуудас болж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн нийт энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон бүх хүнд Засгийн газрынхаа өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсынхаа төлөө, даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэж буй энхийг сахиулагчдийн маань суу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай.

    Сүхбаатарын талбай.                                                        2011.05.28

  • ОХУ-тай хэлэлцээр байгуулна

    “Нэг улсын иргэдийг нөгөө улсын нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлүүлэх тухай” Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэнд олгохоор болсон байна. Хэлэлцээр байгуулснаар хүлээн авагч улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүн  тухайн улсын гадаадын иргэдтэй холбогдолтой хууль тогтоомж, хоёр тал нэгдэн орсон олон улсын гэрээнүүдэд заасан эрх, эрх чөлөө, эрх зүйн хамгаалалт эдлэнэ. Мөн хүлээн авагч улсын хууль, тус улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэд оршин суух зэрэгтэй холбоотой хүлээх үүргийг ч хэлэлцээрийн төсөлд тусгасан байна.

    Иргэд хүлээн авагч улсын хууль, тогтоомжийн дагуу зөвхөн  мэргэжлийн боловсрол буюу тусгай мэргэжил шаардах ажил хийх тохиолдолд тэдний боловсролын баримт бичгийг хүлээн авагч улс өөрийн орны боловсрол, мэргэжлийн бичиг баримттай адилтган хүлээн зөвшөөрөх юм. ОХУ-ын Шилжин суурьшилтын албаны мэдээгээр 2009 онд манай улсын 46 мянга гаруй иргэн ОХУ-ын хил нэвтэрсний 76 хувь нь тус улсын холбогдох байгууллагад бүртгүүлсэн байна. 2010 онд ОХУ-ын 771, энэ оны 5 дугаар сарын байдлаар 819 иргэн манай улсад зохих хууль тогтоомж, зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. 

    Энэ нь иргэдийн шилжих хөдөлгөөн хоёр улсын нийгэм, эдийн засагт тодорхой хувь нэмэр өгдөг учир тэдний эрхийг хангахад чиглэсэн зохицуулалт бий болгох шаардлагатайг харуулж байгаа хэрэг юм. Иймээс асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна

  • “ICT 90 EXPO“ үзэсгэлэн нээлтээ хийлээ

    “ICT 90 EXPO“ үзэсгэлэн нээлтээ хийлээМонгол Улсад мэдээлэл, харилцаа, холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийн хүрээнд “Өнгөрснөөс суралц, Өнөөдрөө мэдэр, Ирээдүйг бүтээ” уриатай “ICT 90 EXPO” үзэсгэлэн “Мишээл Экспо” төвд нээлтээ хийлээ. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүдээс гадна дэлхийн томоохон үйлдвэрлэгч болох Gemalto, Alcatel-Lucent, Keynote, Apple, Oracle зэрэг компани энд үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ толилуулж эхэллээ. 1920-оод онд хэрэглэж байсан утасны аппаратаас эхлээд 3D технологи хүртэлх үе шаттай танилцаж, мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн салбар  манай улсад асар хурдацтай хөгжиж байгааг энэ үзэсгэлэнгээс харж болно.

    Ганцхан жишээ гэхэд гар утсаар зөвхөн ярьдаг байсан бол одоо хүссэн мэдээллээ гар утаснаасаа сонсож, үзэж, интернетээр дамжуулан олон улсын мэдээ, мэдээлэл авах нь манайд жирийн үзэгдэл болон хувирч байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технолгийн салбарын улс орны нийгэм, эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Мөн Засгийн газар “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”, “мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах төсөл”, “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах үндэсний хөтөлбөр” гээд ирээдүйд чиглэсэн томоохон ажлыг эхлүүлсэн. Үүний үр шимийг айл өрх, иргэн бүр хүртэх болно гэж онцлон хэллээ. 

    Мөн энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход нь анхаарна гэж Засгийн газрын тэргүүн амласан байна. Тэрээр энэ сарын 25-26-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын улсын зөвлөгөөн”-д оролцож үг хэлэхдээ ч энэ тухай дурдаж байсан. Мэдээллийн өндөр технологийг нэвтрүүлж төрийн бодлого, үйлчилгээг хурдан шуурхай болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажилгүйдлийг багасгах, худалдааг хөнгөвчлөх,  мэдээллийн ил тод,нээлттэй байдлыг хангах, хүнд суртлыг арилгах боломжуудыг бий болгож бэхжүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байгааг  онцлон тэмдэглэсэн юм

  • Майкрософт компани хамтран ажиллахаа илэрхийллээ

    Монгол Улс технологиороо дэлхийд тэргүүлсэн “Майкрософт” компанитай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн илэрхийлсэн. Тэгвэл Ерөнхий сайд С.Батболдын дээрх саналыг дэмжиж  талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн тус компанийн ерөнхийлөгч ноён  Стив Болмерын захидлыг “Майкрософт”-д 10 гаруй жил программ хангамжийн чиглэлээр ажиллаж байгаа Л.Бат-Өлзий хэмээх залууөнөөдөр гардуулан өглөө. Тэрээр Улаанбаатар хотноо Мэдээлэл технологийн улсын зөвлөлгөөнд оролцохоор иржээ.

    Монгол залуусын нэр хүндийг өндөрт өргөж дэлхийн жишигт хүрч ажиллаж байгаа  та бүхнээр бид бахархаж байна. Монгол залуус бүхий л салбарт ажиллаж чаддаг юм байна гэдгийг өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт  байгаа тэд харуулж чадаж байна хэмээн Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн тэрээр манай улсын хувьд Мэдээлэл технологийн давуу талыг тэргүүн  ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, программ хангамжийн лиценз зөвшөөрлүүд, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг мэдээлэл технологийн салбарт цогц бодлого боловсруулах, системчлэх шаардлага тулгарч байгаа гэдгийг онцлоод,  энэ бүхнийг хийхэд “Майкрософт” компанитай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа  тэмдэглэлээ.             

    Ерөнхий сайдын хэлсэн лицензтэй программыг цаашдаа ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн саналыг дэмжиж байна гэдгээ “Майкрософт” компанийн хэлтсийн дарга Л.Бат-Өлзий хэлээд Монголын 12 залуу одоо “Майкрософт”-д ажиллаж байна. Сүүлийн хоёр сарын дотор хоёр ч залуу шинээр ажилд орсон гэдгийг дуулгалаа. Энэ бол монгол залуус хаана хэнээс ч дутахааргүй ажиллаж, өсч хөгжиж, манлайлж байгаагийн тод жишээ юм. Сурсан мэдсэнээ нутаг эх орон иргэддээ тустайгаар ашиглаж Монгол орныхоо хөгжил дэвшилд улам илүү хувь нэмэр оруулна гэдэгт илтгэлтэй байна

  • Гуравдугаар амаржих газрын шинэ барилгын ажил эхэллээ

    Гуравдугаар амаржих газрын шинэ барилгын ажил эхэллээ Монгол Улсын Засгийн газар хүнийхээ хөгжилд, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч, хамгийн их хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийж буй. Өнгөрсөн жилийн мөн өдийд Нэгдүгээр амаржих газрын их засварын ажилд шаардлагатай байсан 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгийг яаралтай шийдвэрлэхээ мэдэгдэж байсан. Үүний үр дүнд иж бүрэн засвар хийсэн. Одоо тус эмнэлгийн хашаанд  150 ортой өргөтгөлийн ажил  ид өрнөж байна. Түүнчлэн 10 аймагт тус бүр 50 ор бүхий төрөх эмнэлэг байгуулахаар төлөвлөснөөс Завхан, Баянхонгор, Ховд, Говь-Алтай зэрэг аймгийнх ашиглалтад ороод байна.

    Мөн өнгөрсөн сарын 27-нд нийслэлийн Хан-Уул дүүрэгт Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн шав тавьсан. 300 ортой энэ эмнэлэг ирэх жилийн дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Энэ үйл явдлаас яг нэг сарын дараа буюу тавдугаар сарын 27-ны энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Гуравдугаар амаржих газрын барилгыг шинээр барих ажлыг эхлүүлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү арга хэмжээнд оролцохдоо “Өнөөдөр онцгой сайхан арга хэмжээ болж байна” хэмээн тодотгоод Засгийн газар хүнийхээ хөгжилд анхаарч олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл бол энэ үйл явдал юм гэдгийг хэлсэн.

    Тэрбээр мөн өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлах явцдаа 16 хүртлэх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх  35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг эх орондоо барихаар Кувейтийн талтай яриа хэлэлцээр хийж нааштай шийдвэрлүүлэхээр болсон.Мөн БНСУ-д улсад айлчлах үеэрээ тус улсын эрүүл мэндийн  шинжлэх ухааны ололтыг манай улсад нэвтрүүлэхээр ярилцсан. Энэ хүрээнд Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад Үндэсний оношлогооны төв барих болсон. Энэ талаар холбогдох хүмүүс анхаарч ажиллаж байгаа гээд монгол хүн эрүүл, боловсролтой, ажилтай, орон сууцтай байх учиртай. Энэ зорилтын төлөө анхаарч ажиллаж байна. Монгол хүн эрүүл байх нь хамгийн чухал. Иймд манай Засгийн газар эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.

    Барилгын ажлыг гүйцэтгэх “Их өргөө” ХХК-ийн удирдлага, тэдний ажилчдад ийм хариуцлагатай, буянтай ажлыг чанарын өндөр түвшинд хийж, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг Засгийн газрын тэргүүн чиглэл болгоод Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын удирдлагуудыг ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч ажиллахыг даалгалаа. Нийслэлийн Гуравдугаар амаржих газар нь 1966 онд 150ортойгоор Найрамдалын раионы төрөх эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан. 1990-ээд онд төрөлт эрс буурсан тул 1998 онд  татан буулгасан.

    Хоёр жилийн дараа 45 ортойгоор дахин ашиглалтад оруулсан байна. 300 мянга орчим хүн амтай нийслэлийн нэгэн том дүүргийн хувьд Гуравдугаар төрөхийн энэ хүчин чадал гологдож байгаа нь нууц биш. Тус төрөх эмнэлгийн захирал, 45 ортой ч өдөртөө 95-100 эх хүлээж авдаг тухайгаа яриад шинэ эмнэлгээ ашиглалтад орсны дараагаар жирэмсэн эхчүүдийг хүлээж авахаас гадна төрөхийн өмнөх болон дараах эмчилгээ үйлчилгээ үзүүлэх,  охид эмэгтэйчүүдийн тасаг, физик, уламжлалт эмчилгээний тасаг нээж ажиллуулах хүчин чадалтай болно. Иймд эмч ажилчдынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургахад анхаарч ажиллаж байгаа талаараа ярьсан юм.                                                             

    Нийслэлийн Баянзүрх  дүүргийн “Энэрэл” эмнэлгийн суурин дээр барьж эхэлсэн Гуравдугаар амаржих газрын шинэ барилгыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Очирбат болон хотын удирдлагууд оролцлоо

  • Иргэний нийгмийн төлөвшилд Ерөнхий сайд гарц хайж байна

    Иргэний нийгмийн төлөвшилд Ерөнхий сайд гарц хайж байна Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын  26-ны өдөр Иргэний  нийгмийн тогтвортой хөгжлийг  хангах төрийн бодлогын төсөл, үзэл баримтлал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанд оролцож, өөрийн санал бодлоо илэрхийллээ. Өндөр хөгжилтэй орнууд тухайлбал Европ, АНУ зэрэгт иргэний нийгмийн төлөөлөл, төрийн бус байгууллагууд нь мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн тэр хэмжээгээрээ нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог жишээ олон бий. Ийм улс орны иргэд нь өндөр боловсролтой, авилгал хээл хахуулиас ангид, тулгарч буй бэрхшээлийг хамтарч шийдэх чадвар суудаг ажээ.

    Манай улсын хувьд ийм орон зай үгүйлэгдэж,  иргэний нийгэм нь гудамжинд “ажлаа” хийдэг дүр зургийг бид харсаар эдүгээ 20 жилийг үдэж байгаа. Тэгвэл тэр орон зайг нөхөхөөр, тэдэнд төрийн дэмжлэг үзүүлж мэргэжлийн түвшинд хүргэх санал санаачилгыг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд гарган, тодорхой ажлыг хийж эхлүүлээд байна. Өөрөөр хэлбэл иргэний нийгмийг төлөвшүүлэх бодлого нь  манай улсад хоцрогдоод байгааг онцолж, энэ тал дээр гарц хайхаар иргэний нийгмийн төлөөллийг ийн урьжээ.

    Өнгөрөгч хоёрдугаар сард тэрбээр  Иргэний нийгмийн төлөөллийг хүлээн авч уулзан, Иргэний нийгмийн зарчим, хэв шинж, хэлбэр бүтэц, Засгийн газраас баримтлах стратегийг тусгасан бодлого үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсгийг байгуулахсаналыг  гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар Монгол улсын сайд ,ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарыг томилсон юм. Ажлын хэсэг  байгуулагдсанаасаа хойш  нэлээд зүйлийг хийж амжуулсныг уулзалтын үеэр мэдээлж байв. 

    Тус ажлын хэсгийн боловсруулсан бодлого, баримт бичгүүдийн хүрээнд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, бүтээлчээр оролцохыг Ерөнхий сайд энэ үеэр уриалаад,  энэ бодлогуудыг цогцоор авч үзсэнээр төр, иргэний нийгмийн  харилцаа, хамтын ажиллагааны асуудалд хандах бидний хандлагыг цогц болгож, гарах шийдвэрийг  оновчтой тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа. Одоо та бүхэн боловсруулсан төслүүдийг тал талаас нь нухацтай хэлэлцэн дутсаныг нь нөхөж, засч залруулж төрийн байгууллага болон олон нийтээр хэлэлцүүлж болохуйц хэмжээнд хүргэх ёстой гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, бид иргэний нийгмийн төлөвшлийн асуудлаараа сүүлийн 20-иод жил  хийгдээгүй асуудлыг нэгтгэн шинжилж, өөрийн үйл ажиллагаандаа бодитой үнэлгээ өгөх гэж байна. Иргэний нийгмийн үзэл баримтлалыг Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу, олон улсын туршлагад  тулгуурлан боловсруулах ёстой гэдгийг  санууллаа.

    Мөн тэрбээр нээлттэй Засаглалын тунхаглал болон энэ баримт бичгээс  гарах үзэл баримтлал, зарчим, стандарт, шалгуур үзүүлэлтүүд төр, ТББ-ууд, иргэний нийгмийн хамтын ажиллагаанд баримтлах бодлого болох учиртай гээд, төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогыг боловсруулахад төрийн байгууллага, албан тушаалтнууд бид  судалгаа, тоо баримт, мэдээллүүдийг гаргаж  өгөх ёстой.Шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй гаргаж өгөхийг төрийн байгууллагын ажилтнуудад Ерөнхий сайд С.Батболд  энэ үеэр үүрэг болголоо.

    Уг бодлогын баримт бичгийг  энэ оны сүүлээр  Иргэний нийгмийн байгууллагуудын үндэсний чуулганаар төр, иргэний нийгмийн өргөн төлөөллийг төв, орон нутгаас оролцуулан хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа ажээ. Засгийн газраас анх удаа иргэний нийгмийг төлөвшүүлэх, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх  санал санаачилгыг гаргаж байгаад талархаж байгаагаа уулзалтад оролцогсод илэрхийлж байв. Ингээд уулзалтад оролцсон иргэний нийгмийн төлөөллийн  зарим нэг төлөөлөгчидтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.

    Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Ж.Батболд:

    Иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн 20 жилийн хугацаанд төртэй хамтран ажиллах талаар тодорхой алхмуудыг хийж ирсэн хэдий ч төдийлөн үр дүнд хүрсэн удаагүй. Харин саяхнаас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ чиглэлээр санаачилга гарган ажиллаж, хууль эрх зүй бодлогын хүрээнд асуудлыг цэгцэлж, шийдвэрлэх  алхам хийж байгаа нь маш зөв зүйтэй юм. 

     

    МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Т.Ундаръяа:

    Бид цаашид Монгол Улсаа Ардчилсан замаар хөгжүүлье, нийгмийн шударга ёсыг хангасан сайхан нийгэмд амьдаръя гэвэл төр, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллахаас өөр аргагүй. Энэ удаад Засгийн газрын зүгээс чин сэтгэлээсээ хамтраад иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах бодлогыг аль болох зөв боловсруулан гаргая гэж байгаа нь талархууштай.  Энэ хүрээнд хамтдаа нээлттэй шударга байх зарчмаар  хамтран ажиллах хэрэгтэй гэсэн эрмэлзэл байна гэж бодож байна. Энэ бол маш чухал юм. 

    Бие даасан шинжээч Д.Сүхжаргалмаа:

    Энэхүү Ардчилсан нийгмийн суурь харилцааны талаарх бодлогын баримт бичиг гаргахаар Ерөнхий сайд иргэний нийгмийнхэнтэй хамтран ажиллаж  байна. Энэ асуудалд нэг хүний болон бүлэг хүмүүсийн үзэмжээр хандаж болохгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байгаа.  Үүнийг  бодлогоор, хуулиар зохицуулах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаад төрийн бус байгууллагынхан талархалтай байгааг энд хэлмээр байна.  

    Иргэдийн Алъяанс төвийн захирал Ж.Занаа

    Ерөнхий сайд С.Батболдын хэлж ярьж байгааг харахад өнгөрсөн 20 жил иргэний ардчилсан нийгмийг байгуулахдаа юун дээр алдсан, одоо бид цааш нь яаж сайжруулах ёстой вэ гэдгийг харж,  асуудлыг шийдвэрлэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна гэж анзаарлаа. Мэдээж асуудал олон янз байгаа. Энэ олон арга хэлбэрүүдээс бид аль болох үр дүнтэй, ойлголцож болох тэр хэлбэрийг сонгох болно.

  • ЗГХЭГ-ынхан 100 жилийн ойн арга хэмжээгээ мод тарьж эхлүүллээ

    мод таривЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар болон тус газрын ажилтнууд өнөөдөр Төрийн ордны зүүн талд мод тарилаа. Энэ нь Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ойн хүрээнд хийгдэх олон ажлын эхнийх бөгөөд ой тэмдэглэх ажил үүгээр эхэлж байгаа юм байна.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд хэлтэс, албаараа нийлж усан хэмээх тодотголтой, 6-10 жил үрслүүлсэн гацуур модыг худалдаж авчээ. Гацуурыг мод үржүүлэг, мод, бут сөөгний худалдаа, тохижилт, ногоон байгууламжийн үйлчилгээ эрхэлдэг “БД” компани бэлтгэсэн бөгөөд ургаагүй тохиолдолд нөхөн тарих баталгаа гаргасан байна

  • Дизелийн түлшнээс импортын татвар авахгүй

    засгийн газрын хуралдаанИмпортоор оруулж ирж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг “0” хувиар тогтоон 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ нь Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх, Ульхан майхан боомтоор автобензин, дизелийн түлш оруулж ирэхэд хамаатай юм. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирэх 90 хүртэл октантай автобензинээс 170 мянга, 90 ба түүнээс дээш бол 230 мянган төгрөгийн татвар авах бол дизелийн түлшинд татвар ногдуулахгүй юм байна.

    Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар импортоор оруулж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварын хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Энэ дагуу АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг  170 мянган төгрөг болгож, дизелийн түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 10 мянган төгрөг болгон бууруулсан юм. 2011 оны 5 дугаар сарын байдлаар дизелийн түлш улсын хэмжээнд 5200 тонн байгаа нь 4 хоногийн нөөц гэсэн үг юм. Иймээс Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. 

    Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг уурхайнуудаас бусад нүүрсний уурхайд дизелийн түлш нийлүүлэхийг 10 хоног түр зогсоох талаар газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. Энэ нь шатахууны хомсдолын улмаас ноцтой хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм. Мөн улсын нөөцөөс 2050 тн дизелийн түлш гаргахыг Шадар сайд М.Энхболдод зөвшөөрч, түлшийг одоогийн мөрдөж байгаа жижиглэнгийн үнээр газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжид олгох, борлуулалтын орлогоор нөөцийг нөхөн бүрдүүлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа. 

    Нийтийн тээвэрт дизелийн түлшний хэрэглээг багасгах зохицуулалтын арга хэмжээ авч хатуу хяналт тавих үүргийг сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар хүлээж байна. Түүнчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт нийт 60 мянган тонны автобензин, дизелийн түлшний багтаамжтай  улсын нөөцийн агуулах барихад шаардагдах хөрөнгийг “2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон “2012 оны төсвийн тухай хууль”-д тусгаж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Мөн манай улсын газрын тосны бүтээгдэхүүний 20 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 32 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгахаар тогтов. 

    Гадаадаас газрын тосны бүтээгдэхүүн татаж авах асуудлаа яаралтай зохицуулж, шуурхай ажиллах, ажлын явцын талаар тогтмол мэдээлэл өгч байхыг Ерөнхий сайд С.Батболд холбогдох сайд, агентлагийн дарга нарт санууллаа. Мөн салбарын сайд болон агентлагийн удирдлагууд хоёр хөршид ажиллаж энэ талаархи яриа, хэлцээг эрчимжүүлэх үүрэг авсан байна. Гал унтраах байдлаар олон жил явж ирснийг өөрчилж нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг ойрын үед эрчимтэй эхлүүлэх, энэ ажлын явцын талаар ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст  үүрэг болголоо.

    Дэлхийн улс орнуудад нефть бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна. Хойд хөршид ч байдал хүнд байгаа бөгөөд тус улсын Засгийн газар өнгөрсөн сард экспортын татвараа нэмж, гадаадад гаргах бүтээгдэхүүнийхээ хэмжээг хязгаарласан юм. “Роснефть” компани энэ сард 17 мянга орчим тонн дизелийн түлш л нийлүүлээд байгаа нь сард дунджаар 34 мянган тонн түлш хэрэглэдэг манай улсад хүндрэл учруулж байна.

    Нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх талаар салбарын яамнаас ОХУ-ын талд албан бичиг хүргүүлснээс гадна Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хойд хөршид ажилласан юм. Энэ дагуу “Роснефть” компани энэ сард нэмж 8 мянган тонн түлш олгохоо албан ёсоор мэдэгдсэн ч өнөөг хүртэл ачуулаагүй байна. Манай улс ганцхан “Роснефть” гэлгүй ОХУ-ын “ТИК-БП” компаниас тонн тутмыг нь 1250 ам.доллараар тооцон нийт 16 мянган тонн түлш авахаар тохиролцсон. Энэ түлш ирэх сарын 10-ны үед ирэх төлөвтэй байна Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ГОВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭГДСЭН БОДЛОГООР ЗАНГИДНА

    Өмнөговь аймагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажил улс орны хөгжилтэй салшгүй холбоотой учир нэгдсэн бодлогоор ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгов. Ялангуяа ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд тус тусдаа хатуу хучилттай зам тавих бус, хөрөнгө, хүчээ нэгтгэн нэг зам барих нь зүйтэй. Үүнийг Засгийн газар нэгдсэн бодлогоор зангидах ёстой гэж тэрээр онцлон анхаарууллаа. Эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалт зэрэг салбарт эхний ээлжинд хийх шаардлагатай ажлын болон дунд хугацааны  төлөвлөгөө боловсруулж 14 хоногийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн ахалсан Ажлын хэсэгт даалгасан байна.

    Энэ дагуу Ажлын хэсэг “Өмнийн говийн хөгжлийн стратеги төлөвлөгөө” болон Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг түргэтгэж, дэд бүтэц, хот байгуулалтыг цогц байдлаар шийдвэрлэх, Мандалговь-Даланзадгадын 163 км, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгойн 251 км хатуу хучилттай замын ажлыг түргэтгэх, “Гурвансайхан” онгоцны буудлыг өргөтгөхийг судалж шийдвэрлэх, Тавантолгой-Даланзадгадын 110 квт-ын цахилгааны шугамын угсралтын ажлыг түргэтгэхэд анхаарах юм.  

    Хэдийгээр албан ёсоор Ханбогд, Цогтцэций сум 3 мянга гаруй хүнтэй ч одоо 10 мянгад хүрч байгаа учир 10 ортой эмнэлгээс эхлээд сургууль, цэцэрлэгийг нь  өргөтгөх, шинээр барих шаардлагатай болоод байна. Энэ асуудлыг судалж танилцуулахыг салбарын сайд нарт хуралдаанаас даалгалаа.  Түүнчлэн орон нутагт хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс ажилд ханддаг, мэдээлэл буруу, хуулийг өөрөөр ойлгодог зэргээс шалтгаалан зөрчил гарч байгаа бол ойрын үед арилгах, орон нутгийн Тавантолгой компаний үйл ажиллагааг  ил тод, нээлттэй болгох, шаардлагатай бол бүтэц, зохион байгуулалт, менежментийг нь өөрчлөх, их бүтээн байгуулалтын ажилд энэ компанийг оролцуулахыг Ерөнхий сайд С.Батболд аймгийн удирдлагад үүрэг, чиглэл болгов.   

    Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын орон нутагт үзүүлж байгаа нөлөөлөл, цаашид анхаарах асуудлын тухай Засаг дарга Б.Бадраагийн мэдээллийг сонссоны дараа ийм шийдвэр гаргасан байна. Говийн бүсэд өрнөж байгаа их бүтээн байгуулалтын ажлын хүрээнд усны шугам татах гэхэд лиценз эзэмшигч нь зөвшөөрөхгүй байна хэмээн Ханбогд, Цогтцэций сумын удирдлага газар чөлөөлөхгүй хэдэн сар болж байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Улс орны хөгжилд чөдөр тушаа болж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахад болохгүй гэх газаргүй тухай ч хуралдааны үеэр хөндөгдөв. Газрын асуудлыг энэ сарын 28-ны дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ гэдгээ аймгийн Засаг дарга Б.Бадраа сайд нарт амалсан байна.  

    Мөн Тавантолгойгоос өдөр бүр хүнд даацын 500 машин нүүрс тээвэрлэж байгаль орчин, хөрс сүйтгэж, хүний амь эрсдэж байгаад Засгийн газрын гишүүд анхаарал хандуулж энэ талаар тодруулга авлаа. Говьд их хэмжээний тоосжилт үүсэн, зарим ургамал ургахаа больж, ан амьтан дайжин, малчид ч амьдрах аргагүй болоод байна. Иймээс төмөр зам тавих нь хамгийн зөв шийдэл гэж Засаг дарга хэллээ. Нэгэнт хүн амьдрах аргагүй болсон бол малчдын өвөлжөө, хаваржааг нүүлгэх, худаг гаргах зэрэг зардлыг хатуу хучилттай зам тавихгүй хэрнээ нүүрс олборлож, тээвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд гаргах ёстой гэж сайд нар үзэж байна.

    Хэдийгээр сонгуулийн дүн өөр гарсан ч улс орны хөгжил, нийтийн эрх ашгийн үүднээс хоёр нам хамтарч Засгийн газраа байгуулан ажиллаж байгаа. Засгийн газрын бодлого, гаргасан шийдвэр дунд, доод шатандаа хувийн эрх ашиг, сонирхол, улстөржих байдлаас болж хэрхэвч саатах ёсгүй. Тиймээс зарчмаа барьж ажилла гэж Ерөнхий сайд С.Батболд хуралдааны эцэст хатуу анхааруулав хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ОЮУТОЛГОЙ КОМПАНИАС УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР АВНА

    “Оюутолгой” компаниас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах гэрээ байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайдад даалгалаа. Урьдчилгаа төлбөрийг 2012 оноос эхлэн “Оюутолгой” компанийн төлбөл зохих холбогдох татварын ногдуулалтаас суутган тооцож, урьдчилгаа төлбөрөөс тухай бүр нь хасалт хийх юм байна. Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийн хооронд байгуулсан “Засгийн газрын бонд худалдан авах тухай гэрээ”-нд заасан хүүг 3 хувиас 1.59 хувь хүртэл бууруулах, Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хөрөнгө оруулагчийн төлсөн хоёрдахь урьдчилгаа төлбөр болох 50 сая ам.долларыг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай учир ийм арга хэмжээ авах болжээ.

    Хөрөнгө оруулагчтай гуравдахь урьдчилгаа төлбөр болох 100 сая ам.долларыг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө авахаар тохиролцсон бөгөөд гэрээний дагуу нийт 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт жилийн 1.59 хувийн хүү төлнө. Төлбөрийг хүүгийн хамт хөрөнгө оруулагчийн татварын өрөөс суутгаж тооцож барагдуулахаар төлөвлөсөн байна. Урьдчилгаа төлбөрийг үе шаттай авахаар заасны дагуу Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор буюу 2009 оны 10 дугаар сард эхний 100 сая ам.долларын бондын төлбөрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж хөрөнгө оруулагчаас хүлээн авсан юм. 

    ТӨСВӨӨС ГАДУУР ЗАРДАЛ ГАРГАХГҮЙ БАЙХЫГ ДААЛГАВ

    Орон нутгийн 2011 оны төсвийн нэгтгэл, төсвийн хууль зөрчсөн шийдвэрүүдийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв.

    Үүнтэй холбогдуулан :

    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдаагүй төсвөөс гадуур зардал гаргахгүй байх
    • Төсвийн жилийн сүүлийн сард төсөвтөө тодотгол хийхгүй байх
    • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд урсгал зарлага тусгахгүй байх
    • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2011 оны төлөвлөгөөнд батлагдсан урсгал зарлагыг зориулалтын ангилалд шилжүүлэн батлуулах
    • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2011 оны төлөвлөгөөнд хувийн хэвшилд олгохоор батлагдсан хөрөнгө оруулалтыг залруулах
    • Төсвийн орлого, зарлагаа нэмэгдүүлснээр төлөвлөгдсөн орлого тасарсан нь улсын төсөвт хуульчлагдсан орлогын төлөвлөгөөг таслах үндэслэл болохгүй тул орлогыг бүрэн төвлөрүүлэх
    • Улсын төсөвт хуульчлагдсан орлогын төлөвлөгөөг бууруулж батлахгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    Зөрчил гаргасан Засаг даргын жилийн үйл ажиллагааны үнэлгээнд төсвийн хууль зөрчсөн дээрх үйлдлийг судлан үзэж, холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын хуралдаанаас мөн даалгасан байна. Улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр УИХ-аас баталсан дүнгээс Өмнөговь аймаг 16.4 тэрбум төгрөг, Өвөрхангай 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжгүй гэж үзсэн нь төсвийн орлогыг 18 тэрбумаар бууруулан, төсвийн алдагдлыг Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.8 хувь болгон нэмэгдүүлэх төлөвтэй байна. .

    Зарим аймаг хөрөнгө оруулалтад тооцогдсон хөрөнгөөс урсгал зарлага санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал Төв аймагт 705.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцогдсон байсан ч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа 80.8 сая төгрөгийг урсгал арга хэмжээнд шилжүүлэн баталсан байна. Сүхбаатар аймаг 83.2, Ховд аймаг 75, Улаанбаатар хот 200 сая төгрөгийн урсгал зарлагыг хөрөнгө оруулалтын зарлагадаа оруулан санхүүжүүлэхээр зарлагын зүйл ангиа буруу батлуулсан. Баян-Өлгий аймаг 47 сая төгрөгийг хувийн хэвшлийн байгууллагад шууд хөрөнгө оруулалтад олгохоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баталж  хууль зөрчжээ.  

    Бүх аймгийн орлого давж биелсэн боловч орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэхээр батлагдсан 11.2 тэрбум төгрөгийг Булган, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг төвлөрүүлээгүй байна. Аймгуудад хийсэн аудитын шалгалтаар хууль биелүүлэхгүй байх зөрчил удаа дараа гарсаар байгаа нь илэрлээ. Баянхонгор аймаг 2010 оны төсвийн тодотголыг 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцүүлэн 120 сая төгрөг, 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мөн 2010 оны давсан орлого 109 сая төгрөгийг хуваарилах шийдвэр гаргасан байна. Энэ нь санхүүгийн жил дуусгавар болсон байхад төсөв хуваарилуулсан нь батлагдсан төсвийн төлөвлөгөөнөөс гадуур зардал гаргаж хууль зөрчсөн хэрэг болжээ.

    ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЖЭЭ

    “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр” амжилттай хэрэгжсэн гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Уул уурхай, барилга, зам, тээвэр зэрэг дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд төрөөс зайлшгүй анхаарах бодит шаардлага байгаа тул үндэсний 4 дэх хөтөлбөрийг батлан ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгав. 2005-2010 онд хэрэгжүүлсэн Үндэсний 3 дахь хөтөлбөрийн биелэлт 81,2 хувьтай байна. Тайлант хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүтэц, тогтолцоог боловсронгуй болгоход чухал алхам хийжээ.

    Хөтөлбөрийн хүрээнд бүтэц, зохион байгуулалт, хяналтын зохистой тогтолцоо бүрдэж, сургалт, сурталчилгаа, мэдээлэлд өөрчлөлт гарсан, нийгмийн түншлэлийн талуудын ажлын хүрээ өргөжиж, нийгмийн өмнө хүлээх хариуцлага нэмэгдэн, хөдөлмөр, нийгмийн харилцааны асуудлыг шийдвэрлэх нэг арга механизм болсон, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлж эхэлсэн гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам үзэж байна.

    • Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Р.Буд нарын санаачилсан “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гарсан саналыг тусган хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.
    • Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2010 оны үйл ажиллагаанд гарсан ажлын онцлог, шинлэг арга барил, цаашид анхаарах асуудлыг ажилдаа хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт Засгийн газрын хуралдаанаас зөвлөлөө.
    • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын анхдугаар илтгэлийг хэлэлцэн дэмжиж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэхээр тогтов.