Ангилал: Uncategorized

  • С.Батболд: Би ч гэсэн Facebook, Twitter-ийг ард түмнийхээ санаа бодлыг сонсох, залуусыхаа хүсэл эрмэлзлийг ойлгох гүүр болгон ашигладаг

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөлгөөнийг нээж хэлсэн үг

    Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,  

    Хатагтай ноёдоо,  

    Та бүхэнд, Монгол Улсад мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Орчин үеийн мэдээлэл, шуудан, харилцаа холбооны шинэ үеийн түүх 90 жилээр хэмжигдэж байна. Гэвч бидний өвөг дээдэс өртөө улаагаар дамжуулан энэ салбарын эх суурийг олон зууны өмнө тавьж хүн төрөлхтний хувьд анхдагч болсон гайхам уламжлал бидэнд байгаа. Олон зууны өмнө бидний өвөг дээдсийн эх суурийг тавьсан энэ салбар өргөжин тэлж хил хязгааргүй болж хөгжлөө.

    Монгол улсын хувьд ч Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбар нь хамрах хүрээ, хөгжлийн хурдаараа бусад салбараа тэргүүлж байгаа билээ. Энэхүү манлайлал нь мэдээлэлжсэн нийгмийг бий болгоход оршиж байна. Мэдээллийн өндөр технологийг нэвтрүүлснээр төрийн бодлого, үйлчилгээг хурдан шуурхай болгох, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажилгүйдлийг багасгах, худалдааг хөнгөвчлөх,  мэдээллийн ил тод нээлттэй ажиллагааг бүрэн хангах, хүнд сурталыг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ардчиллын боломжууд  улам нэмэгдэж баталгаажих юм. Ийм боломжуудыг бий болгож бэхжүүлэхийн төлөө манай Засгийн газар ажиллаж байна. 

     

    1955 онд зохион байгуулагдсан харилцаа холбооны салбарын Улсын анхдугаар зөвлөлгөөнөөр тус салбарын талаар баримтлах нэгдсэн суурь бодлого, төлөвлөгөө шаардлагатай  байгаа талаар хэлэлцэн шийдэлд хүрч байсан.  Уг зөвлөлгөөнөөс гаргасан бодлогын баримт бичгийн дагуу хөдөө орон нутаг сум суурин газарт холбооны үйлчилгээг хүргэх их аянг эхлүүлэн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, үндэсний мэргэжилтэй боловсон хүчний асуудалд анхаарсан нь орчин үеийн хөгжлийн эх суурь болсон юм. Харин улсын анхдугаар зөвлөлгөөнөөс хойш 40 жилийн дараа энэ салбарын үндсэн сүлжээг аналоги технологиос тоон технологид шилжүүлэх ажил эрчимтэй хийгдэж,  суурин телефоны холболт, хот хоорондын дамжуулах системүүд, хотын кабель шугамын байгууламжуудыг иж бүрэн шинэчиллээ.   

    Өнөө үед харилцаа холбооны салбарыг либералчилах асуудал зайлшгүй тавигдаж байна. Энэ зорилгоор шударга өрсөлдөөн, зохицуулалтын бие даасан тогтолцоог бий болгох үүднээс Харилцаа холбооны зохицуулах хороог одоогоос 15 жилийн өмнө байгуулсан. Харин 2004онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг бие даан байгуулсан зэрэг нь энэ салбарт ач холбогдол өгч хөгжлийн хурдыг түргэтгэж өгсөн гэж хэлж  байна. Бид тэргүүлэх салбарынхаа хөгжлийг түргэтгэхийн тулд хууль эрх зүйн асуудалд ч ихээхэн анхаарах ёстой. Тиймээс харилцаа холбооны тухай хуулинд нэмэлт өөрчлөлтийг цаг тухай бүрт нь оруулж ирсэн. Цаашид ч цаг үеийн шаардлагын дагуу тодорхой өөрчлөлтүүдийг хийж хэрэгжүүлэх ёстой. Мөн хуулийн дагуу мэдээллийн эрх чөлөөг хангах нь илүү нээлттэй, илүү бат бэх ардчиллын үндэс суурь болно.

    Манай улс өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээний  хувьд дэлхийн дунджаас доогуур байна. Гэсэн хэдий ч амжилт бахархал энэ салбарт олон байгааг 90 жилийн түүхэн ойн босгон дээр онцлон тэмдэглэх ёстой. Гар утасны нэвтрэлтийн түвшин 90 хувиас илүү болж  ярианы үйлчилгээ дэлхийн дунджаас дээгүүрт хүрлээ. Мөн үүрэн телефоний оператор компаниуд үйл ажиллагаандаа “ISO-9001” Олон улсын стандарт болон үйлчилгээний салбарт шинэчлэл авчрах Сингапурын “Service Excellence” стандартыг нэвтрүүллээ. Харилцаа холбооны энэ салбараас нийгмийн хариуцлага, татвар төлөлтөөрөө бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн олон аж ахуйн нэгж төрөн гарлаа. Үйлчилгээ үнэ тарифын хувьд ч олон нийтийн сэтгэлд нийцлээ. Мэдээлэл технологийн салбарт монгол хүний ур ухаан дэлхийн түвшинд үнэлэгдэж байна. Yahoo,Google,Microsoft, Facebookгээд мэдээллийн технологийн дэлхийн хэмжээний компаниудад монгол залуус ажиллаж ур ухаанаараа бусадтай өрсөлдөж чадаж байна. Энэ бүхэн мэдээлэл технологийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх ирээдүй манай улсад байгааг харуулна.  

     

    Улс орныхоо ачаанаас үүрэлцэж, эрчимтэй хөгжиж, манлайлал үлгэр дууриал болж байгаа энэ салбарын улсын зөвлөгөөнөөр олон асуудлыг  та бүгд хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Орчин үед мэдээллийн эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж, технологийн хөгжил ч үүнийг даган хурдасч богино хугацаанд ихээхэн хөрөнгө оруулалттай техникийн шинэчлэл хийхийг шаарддаг боллоо. Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд компьютер болон интернэтийн хүртээмжийг дээшлүүлж, гар утасны хэрэглээг эрс нэмэгдүүлж чадсан. Цаашид айл бүрт шилэн кабель, хүн бүрийг утасгүй интернэттэй болгохын төлөө ажиллах ёстой.  

    Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компанийн тоо олон ч гэсэн хэрэглэгчдэд үзүүлж буй хурд, чанар, зохицуулалтын орчин ч сайнгүй байгааг анхаарах нь зүйтэй. Энэ зөвлөгөөнөөр уг асуудлаар тодорхой зорилго чиглэл тавигдана гэдэгт итгэлтэй байна. Улс орны тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудын мэдээллийн технологийг тэргүүн ээлжинд  шинэчилж байх ёстой. Мэдээллийн технологийг боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л салбарт  ашиглах талаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна. Жишээ нь, эмчийн хүрэлцээ муутай байгаа хөдөө орон нутгийн иргэдийг зайнаас оношлох эмчлэх тогтолцоог бүрдүүлэх нь бидний холын биш ойрын зорилт болох ёстой. 

    Бид дэлхийн даяаршлын үед үндэсний соёл, боловсролыг контент буюу агуулгаар дамжуулан  системтэйгээр хөгжүүлэх, дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Мэдээллийн технологийг нэвтрүүлснээр хүн амын амьдралын чанар, түвшин дээшлэх учиртай. Бас улс орны хөгжлийн боломжуудыг хангаж өгнө. Энэ бол 90 жилийн түүхтэй салбарынхны хийх ёстой ажлын нэг хэсэг гэж ойлгож байна. Сүүлийн үед мэдээлэлжсэн нийгэм, хавтгай дэлхий гэж их ярих боллоо. Өөрөөр хэлбэл, бидний аж амьдрал, мэдээллийн хүртээмж нь хайлтын системийг хэрхэн бүрэн дүүрэн, зөв ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч байна.

    Улс төрийн дэглэм нь ямар байхаас үл хамааран улс орнууд өөрсдийн хайлтын системийг зориуд дэмжин ажиллаж байгааг бид анхааралтай ажиглах, давуу боломжуудыг нэвтрүүлэх бэхжүүлэх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэвэл манай хоёр хөрш маань Google-ийг бус өөрийн хайлтын системийг түлхүү ашиглаж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Интернэтийн хайлтын систем нь тухайн улсын шинжлэх ухааны ололт дэвшлийн нэг томоохон илрэл юм. Энэ хандлагыг та бүхэн ойлгож бодлого шийдвэртээ тусгана гэдэгт итгэж байна.   

    Монголын залуучууд нийгмийн сүлжээ буюу Facebook, Twitter зэргийг  өргөнөөр хэрэглэдэг боллоо. Би ч гэсэн Facebook, Twitter-ийг өөрийн бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх, ард түмнийхээ санал бодлыг сонсох, залуусынхаа хүсэл эрмэлзлийг ойлгох гүүр болгон ашиглах ёстой гэж үздэг.  Сүүлийн үеийн мэдээллээр 160000 орчим монголчууд Facebook ашигладаг гэсэн тоон судалгаатай танилцлаа. Энэ бол Монголчууд тэр дундаа залуучууд маань шинэ соргог зүйлд хурдан дасан зохицдогийн нэгэн жишээ юм.

    Хэдийгээр интернэт нээлттэй, хил хязгааргүй мэт боловч хувь хүний, байгууллагын, улс орны нууц, халдашгүй, аюулгүй байдалд ямар нэг хэмжээгээр нөлөө үзүүлж болзошгүй юм. Гэхдээ Facebook, Twitter гэх мэт нийгмийн сүлжээнүүдийг хаах, хориглох явдал байж болохгүй. Учир нь нийгмийн сүлжээ нь манай улс оронд иргэний сэтгүүл зүй, ардчиллыг, олон ургалч үзэл бодлыг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь бид үүний давуу болон сул талуудыг мэдэж байх, зөв ашиглах, зөв нутагшуулах явдал туйлаас чухал юм.

    Бид улс орондоо бүртгэл мэдээллийн үл үзэгдэх томоохон дэд бүтцийг барьж байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү дэд бүтцийг зөвөөр барьж байгуулж чадвал аливаа үйлчилгээ худалдааг гэрээсээ худалдан авах боломжууд төгс хэлбэрээрээ бүрдэнэ. Гар утасны үйлчилгээ, хэрэглээ ч гэсэн иргэн бүрт ижил тэгш болгох талаарх бодлого, дэмжлэг хэрэгтэй байна.

    Мэдээллийн технологийн орчин үеийн үсрэнгүй хөгжлийг дагаад боловсон хүчний асуудал ч бидний анхаарлын төв байх ёстой. Бид техник технологийн хөгжлийн тухай ярихаасаа илүү боловсон хүчнийхээ хөгжлийн тухай ярьдаг болмоор байна. Тиймээс мэдээллийн технологийн боловсролыг олгодог тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын тогтолцооны талаар ч гэсэн та бүхэн  ярьж зөвлөлцөх байх аа. Орчин үеийн шинэ технологи, инновацийг хөгжүүлэх санхүүжилтийн олон арга замууд байгааг, АНУ, Европын холбоо, Япон зэрэг технологи хөгжсөн орнуудын туршлагыг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Өнөөдрийн уул уурхайгаас хэт хараат болж буй Монголын эдийн засгийг төрөлжүүлж зөөлөн буюу технологийн дэд бүтцийн хөгжил нөлөөлөл үзүүлдэг болгох бодлого чухал байна. Энэ асуудлаар ч гэсэн та бүхнийг бодлогоо тодорхойлоход хувь нэмрээ оруулна  гэдэгт итгэж байна. Программ хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээг өргөнөөр нэвтрүүлснээр мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлэх нөхцөл бололцоо бүрдэх юм. Ийм учраас энэ удаагийн Улсын зөвлөлгөөнөөр Монгол улсад уг салбарыг хөгжүүлэх зөв бодлогыг тодорхойлох ёстой гэж би хувьдаа ойлгож байна.

    Өнгөрсөн жил та бүхний төлөөлөлтэй уулзахдаа орчин үеийн жишиг стандартад нийцсэн Силикон Ваалий-Цахиуран Хөндийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн кампустай уялдуулан байгуулах  төсөл санаачилга гаргаж ярилцсан . Өнөөдөр энэ ажлын явц, та бүхэн үүрэг оролцооныхоо талаар санал солилцож ажлыг түргэтгэх талаар нэгдсэн шийдвэр гарган хамтран хөгжүүлэх талаар ярилцана  гэдэгт итгэж байна. Бид мэдээллийн кластерийг хөгжүүлж байж энэ салбараа бүрэн бэхжүүлнэ. Мөн мэдээллийн кластерийг европын стандартын дагуу хөгжих гэж буй хөрөнгийн зах зээлтэй уялдуулахад анхаарах хэрэгтэй байна. Тиймээс та бүхнийг хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж, энэ чиглэлийн сандарт туршлагад тулгуурласан шинэ бодлогыг бий болгон хэрэгжүүлэх талаар санал бодол байр сууриа илэрхийлэхийг хүсье.

    Манай мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар, түүний хамт олны өмнө хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээг бусад салбарт нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх, уялдуулах, салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөдөө, орон нутагт үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлж ижил тэгш болгох зэрэг олон чухал зорилтууд тавигдаж байна. Бодлогоо зөв тодорхойлж, гарцаа олж амжилттай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.  

    Та бүхнийг Улсын зөвлөлгөөний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эх орныхоо  хөгжилд хэрэгтэй чухал санал, санаачилгыг  гаргаж хэрэгжүүлэхийг хүсье. Монгол Улсын мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарыг  өөрчлөн шинэчилж, өргөжүүлэн хөгжүүлж нийгмийн салбар бүрт хүрч үйлчилдэг болгоё.   

                Мэдээлэл, Харилцаа, Холбооны Улсын зөвлөлгөөнийг нээснийг мэдэгдье!

                                      Анхаарал тавьсанд баярлалаа

  • Ерөнхий сайд С.Батболдын “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, түүний хэрэгжилтийн талаар УИХ-ын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

    Ерөнхий сайд С.Батболдын “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, түүний хэрэгжилтийн талаар УИХ-ын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл Улсын Их Хурлын дарга,

    Эрхэм гишүүд ээ,

    УИХ-аас 2004 онд баталсан “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл танилцуулж байна. Та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулгыг тараасан тул товч илтгэе. “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”нь Үндэсний хөгжлийн цогц бодлого болон нийгмийн хамгаалал, хөдөлмөр, эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг бүхий л салбарын бодлого, хөтөлбөрийн гол агуулга, үндсэн зарчим нь болж ирснээрээ ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс энэ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газраас тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ.

    Засгийн газраас монгол хүн бүрийг эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэх замаар хүний хөгжлийг хангахыг үйл ажиллагааны  тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Мөн хүн амын өсөлтийг хангах, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах нь манай Засгийн газрын нэн тэргүүний зорилго билээ. Манай улс өргөн уудам газар нутагтай, цөөн бөгөөд харьцангуй залуу хүн амтай, хүн амын нягтаршил нь хот,хөдөө, бүс нутгаараа харилцан адилгүй. Бас хот,суурин газарт хүн ам илүү төвлөрсөн, нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон онцлог шинжүүдтэйбилээ.

    Манай улсын хүн ам 2010 оны эцсээр 2780.8 мянгад хүрч, өмнөх оноос 1.8 хувиар өслөө. Нийт хүн амын 63.3хувь нь хотод, 37,7хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Хүн амын 27.3хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 63.9хувийг 15-64 насныхан, 8.8хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж байна. Хүн ам насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуужих хандлагатай болж, хүн ам зүйн цонхны нэн таатай үе үргэлжилж байна. Эрдэмтэн, судлаачдын тооцоогоор хүн ам зүйн цонхны энэ үе 2025 он хүртэл үргэлжилнэ. Тиймээс энэ таатай үеийг ашиглаж эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг хөдөлмөрийн нөөцөө бүрэн ашиглахуйц ажиллах хүчний шингээлт сайтай ажлын байр бий болгоход чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн төрөх насны эмэгтэйчүүдийн тоо өндөр байгаа энэ үед хүн амын зохистой төрөлтийг дэмжин, тогтвортой өсөлтийг хангах замаар хүн ам зүйн цонхны үеийг удаан хугацаанд үргэлжлүүлэх боломж ч бас бий гэж үзэж болно.  

    Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжсэн нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлсэнээр зарцуулсан хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, 2005-2010 онд нийт 626,4 тэрбум төгрөгт хүрлээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд 1000 хүнд ноогдох төрөлт 2004 онд 18,1 байсан бол 2009 онд 25,5 болж өслөө.

    Улс орны хөгжлийн түвшинг харуулдаг гол үзүүлэлт бол хүний хөгжлийн индекс билээ. Монгол Улсын хүний хөгжлийн индекс 2010 оны байдлаар 0,765 болж, 2007 оныхоос 3,6 хувиар нэмэгдлээ. Үүнд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ялангуяа уул уурхайн салбарын орлого нөлөөлсөн. Гэвч эдийн засгийн энэ өсөлт хүн амын амьжиргаанд төдийлөн эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа учир ядуурал буурсангүй. Уул уурхайн салбар ажлын байр бий болгохоос илүү төсвийн орлого бүрдүүлэлтэд сайн нөлөө үзүүлж байна. Тиймээс байгалийн баялгийн орлогыг ажлын байр нэмэгдүүлэх,  ядуурлыг бууруулахад оновчтой хуваарилан зарцуулах шаардлага байсаар байна.

    Байгалийн баялгаас олох орлогыг иргэддээ тэгш, шударгаар олгох эрх зүйн үндсийг бүрдүүлж, бэлнээр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, оюутны сургалтын төлбөр хэлбэрээр өгөх ажлыг зохион байгуулж ирлээ. Төрийн үйлчилгээг иргэддээ оновчтой хүргэхэд хүн амын бүртгэл, мэдээллийг төгөлдөршүүлэх нь нэн чухал билээ. Тиймээс иргэний шинэчилсэн  бүртгэлийн улсын үзлэгийг зохион байгуулж, 16-аас дээш насны хүн амын 96 хувь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна. Мөн гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулж эхэллээ. Ингэснээр гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн эдлэх нөхцөл боломжийг цоо шинээр бүрдүүлнэ.

    Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, улс орны хөгжилд түлхэц болохуйц төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүүлж их бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь монгол хүнийг хөгжүүлэх, ажилтай, орлоготой болгох үндсэн арга зам гэж үзэж байна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэхэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого ихээхэн үүрэг гүйцэтгэж ирлээ. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнд 2009-2010 онд улсын төсвөөс 60 тэрбум төгрөгийг зарцуулж, нийт 11.7 мянган ажлын байр шинээр бий болгосон. Энэ нь хүний хөгжлийг хангах бодлогын нэгэн зорилт юм.  

    Шилжих хөдөлгөөний улмаас хүн амын нягтаршил нутаг дэвсгэрийн хэмжээнд жигд биш болж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод нэг хавтгай дөрвөлжин км-т 246,8хүн ногдож байхад баруун бүсэд 0,9, зүүн бүсэд 0,7, төвийн бүсэд 1,0, хангайн бүсэд 1,4байна. Улаанбаатар хотын хүн амын өсөлт нийт хүн амын өсөлтөөс бараг 2 дахин өндөр байгаа нь хөдөөнөөс шилжих хөдөлгөөн эрчимжиж, хотжих үйл явц түргэн хурдацтай явагдаж буйг харуулах боллоо.  

    Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа шилжих хөдөлгөөний гол шалтгаан болж байна. Иймээс засаг захиргааны нэгжийн хуваарийг оновчтой болгох, хөдөөгийн сургууль, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бүсийн нэмэгдлийг бий болгох, жижиг,дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг хөдөөд түлхүү дэмжих, бүс нутгийн хөгжлийн төв болон дагуул хотуудыг хөгжүүлэх замаар нийслэл дэх хүн амын төвлөрлийг сааруулахшаардлага гарч байна.

    Хүн амын дотоод шилжих хөдөлгөөнөөс гадна гадаад шилжих хөдөлгөөний асуудалд Засгийн газраас онцгой анхаарч байна. Гадаадаас ажиллах хүчин авах, гадаадад ажиллах хүчин гаргах бодлогоо өнөөгийн нөхцөл байдал, улс орны хөгжил, хэтийн төлөв ирээдүйд гарах үр дагавартай уялдуулан шинэчлэх шаардлага  амьдралаас урган гарч ирлээ. Тухайлбал, гадаадаас зөвхөн өндөр ур чадвар, боловсролтой мэргэжилтэнг авах, гадаад руу өндөр боловсрол, ур чадвар, мэргэжил эзэмшүүлэхээр илгээх чиглэлээр хууль тогтоомжийг болвсронгуй болгох нь чухал юм. Энэ бодлогын эхлэл болгон гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуучуудын мэдлэг, чадварыг эх орныхоо хөгжилд ашиглах зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

    Үе үеийн Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд манай улсын эхийн эндэгдлийн түвшин 2004 онд анх удаа 100,000 төрөлтөнд 98.8 болж хоёр оронтой тоонд шилжсэн. Мөн эхийн эндэгдэл өндөртэй орноос эндэгдлийн түвшин багатай орны тоонд орсон. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улс эхийн эндэгдлийн түвшин 100,000 төрөлтөнд 45,5 болсон нь 1990 оны түвшингээс 4 дахин, 2009 оны түвшингээс 2 дахин буурсан гэсэн үг юм.  

    Боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 2,9 хувь, суурь боловсролд хамрагдалт 1,7 хувиар өслөө. Боловсролын чанар, үр өгөөжийг тогтмол дээшлүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх, бүх шатны сургуулиудыг олон улсын нийтлэг жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэх боломжийг хангах бодлого хэрэгжүүлж байна. Энэ зорилгоор Кембрижийн олон улсын стандарт, хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Их, дээд сургуулийн сургалтын чанарт онцгой анхаарч, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг 16 болгон цөөлж хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг тодорхой болголоо.  

    Хүний хөгжлийг хангах, амьдралын чанарыг сайжруулахын тулд юуны өмнө орон байрны асуудлыг шийдвэрлэх нь чухал юм. Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, нөхцлийг нь сайжруулахад чиглэсэн эдийн засаг, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ. Төрийн албан хаагчдад зориулсан 4000 айлын орон сууцыг урт хугацаанд хөнгөлөлттэй зээлээр олгох асуудлыг үндсэнд нь шийдвэрлээд байна. Засгийн газраас гаргасан 800 тэрбум төгрөгийн бондоор бага орлоготой иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг жилийн 6 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ бодлогын хүрээнд манай хамтарсан Засгийн газар 100.000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    Энэ мэтээр “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирлээ. Гэхдээ “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд дараах асуудалд анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна.

    • Хүн амын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаанд тулгуурлан ойрын ирээдүйд хүн амын хөгжилд гарах өөрчлөлт, хандлага, түүнээс гарч болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогод өөрчлөлт оруулж, боловсронгуй болгох,
    • Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан үндэсний бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох шаардлага ч бий боллоо. Өнөөгийн хүн амын хөгжлийн чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар төрийн захиргааны бие даасан байгууллагыг төв, орон нутгийн хэмжээнд байгуулах,
    • Гэр бүлийн дагнасан шүүх байгуулах, гэр бүл, хүүхдийн эрхийн асуудлыг хариуцсан байгууллага, гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр “Гэр бүлийн тухай хууль”-ийг боловсронгуй болгох,
    • Өсвөр үе, залуучуудын өөрийнхөө болон нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог дэмжих замаар чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай, боловсролтой, соёлтой иргэн болгон төлөвшүүлэх чиглэлээр төрийн захиргаа, орон нутаг, иргэний нийгэм, иргэдийн хүч, оролцоог дайчлан ажиллах,
    • Түүнчлэн нийгмийн халамжийн хамрах хүрээг оновчтой тогтоох замаар гэр бүл, өрхийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх,  
    • Орон нутгийн удирдлага нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үйлчилгээнд хэнийг хамруулахаа иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоотой шийдвэрлэдэг байх тогтолцоо бий болгох,  
    • Хүн амын өсөлт, бүс нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр бодлогын хэрэгжилтийг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг болно.

    “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг цаашид хэрэгжүүлэхдээ УИХ-ын эрхэм гишүүд Та бүхний санал, зөвлөмжийг тусган ажиллах болно. Тиймээс та бүхнийг энэ бодлогын талаар байр сууриа илэрхийлэхийг хүсч байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011 оны 5 дугаар сар 20

  • Жендэрийн хөгжлийн үзүүлэлтийг урагшлуулах, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллана

    Жендэрийн хөгжлийн үзүүлэлтийг урагшлуулах, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллана Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооноос хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэхүү хуулийг өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд УИХ баталж Монгол Улс Жендэрийн тухай хуультай болсон.  Манай улсын эрх зүйн орчны хувьд шинэ үзэгдэл авчирсан энэ хууль хэрэгжиж эхэлснийг тэмдэглэсэн нэгэн үйл явдал өнөөдөр боллоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны дарга С.Батболд хуулийг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэн, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, дэмжин ажилласан НҮБ, Хүн амын сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлж, зарим хүмүүст өргөмжлөл, талархлын бичиг гардуулсан юм. Ингэхдээ Ерөнхий сайд “Манай улс жендэрийн хөгжлийн индексээр дэлхийн 174 улсын дунд 92 дугаар байрт яваа.

    Энэ нь 2002 оноос 3 байраар урагшилж, харин 1993 оноос даруй 9 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Үүнд бид дүгнэлт хийх учиртай. Монгол Улс Жендэрийн тухай хуультай болоход хувь нэмрээ оруулж, манлайлан оролцсон та бүхний ажлыг өнөөдөр үнэлж байгаа ч энэ нь цаашид төлөвлөсөн ажлаа үргэлжлүүлж бодит үр дүнд хүргэх ёстой гэсэн үүрэг хүлээлгэж байгаа юм. Бүгдээрээ жендэрийн хөгжлийн үзүүлэлтийг урагшлуулах, хуулиа хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллая, та бүхэн манлайлагч шүү” гэж хэллээ. Мөн жендэрийн эрх мэдлийн хэмжүүр болон хүйсээр тэгшитгэсэн парламентын төлөөллийн индексээр ч бууралттай байгааг бид өөрчлөх ёстой гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн онцлоод Жендэрийн эрх тэгш байдыг хангах тухай хууль эдгээр зорилтыг хэрэгжүүлэх бодит арга зам болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны гишүүн, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө энэ үеэр эх орондоо ардчилсан, тэгш байдлыг хангасан, хүний хөгжлийг дэмжсэн нээлттэй, шударга, иргэний нийтлэг эрх ашгийг эрхэмлэж оролцоог нь хөхиүлсэн төрийн бүх шатны удирдлагын үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэхэд эл хууль их үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэлж байлаа

  • Иргэддээ ойрхон ажиллахыг Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарт зөвлөв

    Иргэддээ ойрхон ажиллахыг Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарт зөвлөв Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр аймгийн Засаг дарга нартай уулзалт хийлээ. Тэд АНУ-д богино хугацааны сургалтад хамрагдаж, номын дуу сонсоод ирсэн юм байна. Сонгууль хүртэлх үлдэж байгаа бага хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өөрийн аймаг бүрийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг зуун хувь хангаж ажиллахыг гүйцэтгэх засаглалын тэргүүн уулзалтын эхэнд үүрэг болгоод, та бид нэг багийн гишүүд, ард түмэндээ дүнгээ тавиулахад богино хугацаа үлдээд байна шүү гэдгийг санууллаа.

    2011 оныг Засгийн газраас “ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаад, жилийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны шугамаар нэлээд олон ажил зохион байгуулж байна. Ялангуяа жилийн ажлын хүрээнд шийдвэрлэх санхүүжилтийн эхний хэсгийг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжлийн сангийн хөрөнгүүдийг бүрэн шийдэж бүх аймаг орон нутагт шилжүүлсэн гэдгийг тэмдэглэлээ. Мөн ойрын үед аж үйлдвэрийн салбар, ЖДҮ-ийг дэмжих 300 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа.

    Үүний дараа ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг аймаг бүрт бараг тав дахин нэмэгдүүлэн хувиарлах болно хэмээх мэдээллийг Ерөнхий сайд С.Батболд тэдэнд дуулгав. Эдгээр хөрөнгийг үр дүнтэй зарцуулж, аймаг орон нутгийн хөгжлийг хангах, шинээр ажлын байр бий болгож түүндээ орон нутгийн ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг нэг бүрчлэн хамруулан мэргэшүүлэх чиглэлээр биечлэн анхаарч, энэ талын судалгаа тайлангаа ч нарийвчлан гаргаж өгөхийг Аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

    Үүний зэрэгцээ ЖДҮ эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж байгаа, үүнд саналаа нэмэрлэхийг ч тэдэнд анхааруулав. Засгийн газраас гаргасан шийдвэр яг хаанаа, хэнд хүрэхгүй байгааг тодорхой судалж, санал дүгнэлтээ өгөх, энэ дагуу ажлаа зөв зохион байгуулахыг Ерөнхий сайд Аймгийн засаг дарга нарт үүрэг болгохын сацуу энэ бүх ажил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг үр дүнтэй болгох гол арга хэмжээ гэдгийг тодотголоо.

    Ажлаа бид цаасан дээр буулгах биш, бодитоор харуулах хэрэгтэй хэмээн Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний эхний таван сарын биелэлтийг авч үзвэл хэрэгжилт нь 80 хувьтай гэх дүгнэлт гарчээ, энэ бол цаасан дээрх үзүүлэлт. Гэхдээ  ажилтай болсон иргэдийн  тоо нэгдүгээр улирлын дүнгээр 6800 хүн гэж гарсан нь ажил удааширалтай явагдаж байгаагийн илрэл гэж  Ерөнхий сайд үзэж байна .

    Өнөөдөр хамгийн их ажилгүй иргэдтэй байгаа Баян-Өлгий аймаг гэхэд л мэдээгээ ирүүлээгүй байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэйг анхааруулаад, Увс, Өмнөговь аймгийн сумдад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил зохион байгуулагдаж эхлээгүй байгаа гэх мэдээ байгаа нь байж болохгүй зүйл гэдгийг хатуу санууллаа. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн жилийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нэлээдгүй үүргийг Аймгийн засаг дарга нарт өглөө. Тухайлбал, орон нутагт байгаа ажил эрхлээгүй хүмүүсийн судалгааг нэр овог, байршил, регистерээр нь гарган аймгуудын хөдөлмөр эрхлэлтийн албадаар дамжуулан шинэчилсэн маягтаар бүртгэн нэгдсэн мэдээллийг энэ сардаа багтаан Үндсэний хороо, НХХЯ-нд ирүүлэхийг үүрэг болгов.

    Мөн түүнчлэн энэ оноос  эхлэн орон нутагт шинээр бий болох ажлын байруудад ажилгүй хэн гэж иргэнийг ажиллуулахаа аймаг, хүн нэг бүрээр тооцон уялдуулсан ажиллах хүчний баланс хийж биелэлтийг нь зохион байгуулж ажиллахыг даалгалаа. Нэг аймгийн хэмжээнд 7-10 мянган хүнийг балансжуулах тооцоо хийх асуудал бол  хүнд хэцүү ажил биш гэдгийг Ерөнхий сайд сануулж байна. Сум баг, иргэнд  чиглэсэн сурталчилгааны арга хэмжээг эрчимтэй зохион байгуулах үүргийг ч энэ үеэр өглөө. Энэ оны аймаг, орон нутгийн удирдлагын ажлыг дүгнэх нэг гол үзүүлэлт нь  ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн бодит  ажил  байх болно  гэдгийг Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр тэмдэглэлээ.

    Аймгийн Засаг дарга чармайн ажиллаж байгааг  Ерөнхий сайд онцлоод “  Өнгөрсөн өвлийг бид аятайхан өнтэй давсан , үүнд тайвширч болохгүй юм.  Зүүн болон  төвийн бүсийн аймгуудаар явж байх үеэр хур бороотой, мал төлөлт ид явагдаж,  газар тариалангийн ажил ид өрнөж байсныг харлаа. Бид урагшаа харж хурдтай ажиллах ёстой “ гэлээ. Түүнчлэн манай улсын хувьд энэ жил  өмнөх жилүүдээ бодвол илүү тоо толгой төл хүлээн авах магадлал , аятайхан өнгө аяс байна гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглээд, Засгийн газар ч  шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх болно гэдгийг онцоллоо.

    Тухайлбал тариаланчдыг шатах тослох материалаар тасралтгүй хангах талаар онцгойлон анхаарч ажиллах болно гэдгийг дуулгаж байна. Орон нутагт Ерөнхий сайдыг ажиллаж байх үед эрүүл мэндийн салбарын хүнд суртал, хариуцлагагүй байдлыг иргэд ихээхэн шүүмжилж байжээ. Тиймээс иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, энэ салбарын үйл ажиллагаанд Засаг дарга нар  хатуу анхаарал  тавьж ажиллахыг  Ерөнхий сайд С.Батболд зөвлөлөө.  Энэ жил тэмдэглэлт ой, баяр нааадам ихтэй байгаа учир зөв зохистой тэмдэглэж, зунжин намаржин найр наадмаа сунжруулахгүй байх асуудал ч энэ үеэр хөндөгдлөө.

    Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын эцсийн үр дүн иргэнд, Монголчуудад маань хэрхэн наалдаж, үр ашгаа өгснөөр гарч ирнэ. Хийгээд байдаг, тэр нь хүндээ очихгүй байгаа нь мэдээлэл муу хүрсэнтэй холбоотой. Хийх гэж байгаа ажлаа иргэддээ сайн ойлгуулж, мэдээлэл сурталчилгааг сайн хүргэхийн чухлыг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд, шаардлагатай  бол хэвлэлийн албадтай хамтарч ажиллаж болохыг ч дурьдлаа

  • Олон улсын эрх авсан сургалтын төвийн хамт олонд амжилт хүслээ

    Олон улсын эрх авсан сургалтын төвийн хамт олонд амжилт хүслээ “Эх орныхоо өнцөг булан, талбар бүрт очиход хийж  бүтээх сэн, өнөөдрийн байгаагаасаа урагшаа алхах юм сан, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болох юм сан гэсэн хүсэл тэмүүлэл, бодитой ажил үйл ажиллагаа өрнөж байгаад сэтгэл хангалуун явдгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Сантис” сургалтын төвд болсон арга хэмжээний үеэр  илэрхийлээд “Энэ бүгд амаргүй, гэхдээ хичээл зүтгэл байхад ажил урагшилж, бүтдэг гэдгийн жишээг “Сантис” сургалтын төв харууллаа” гэлээ Тэрбээр өнөөдөр буюу 2011 оны тавдугаар сарын 20-ны үдээс хойш Монгол Америкийн хамтарсан “Сантис” боловсролын төвд болсон “TOEIC” /Test of English as a Foreign Language/тестийг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааны нээлтэд оролцсон юм.

    Монголын боловсролын салбарт Кембрижийн стандартыг нэвтрүүлэх  зэрэг томоохон зорилт тавьсан Засгийн газрын тэргүүн энэ үеэр төрийн албан хаагчдад олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулж шинэ стандарт нэвтрүүлэхэд гадаад хэл, ялангуяа англи хэлний чадвар зайлшгүй нэг шалгуур нь болно гэдгийг тэмдэглээд энэ шалгуурыг тогтоох олон улсын эрх авсан “Сантис” сургалтын төвийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

    Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “TOEIC” тестийг 1979 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өнөөдөр Япон, Солонгос, Тайланд, Канад зэрэг 120 орчим орны 10 мянга гаруй албан байгууллага ажлын байрны англи хэлний түвшинг тодорхойлох үндсэн шалгуур болгон албан ёсоор хэрэглэдэг байна. 12 дахь жилдээ англи хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж буй Монгол Америкийн хамтарсан “Сантис” сургалтын төв нь АНУ-ын нэр хүнд бүхий  ETS төвийн шалгуурыг хангаж энэхүү эрхийг авчээ

  • 14 дүгээр сургуульд Кембрижийн стандарт нэвтрүүлэхийг Ерөнхий сайд дэмжлээ

    14 дүгээр сургуульд Кембрижийн стандарт нэвтрүүлэхийг Ерөнхий сайд дэмжлээ “Анги маань саруулхан, сайхан хэвээрээ байна. Би энэ ангид сурч байсан юм” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн 14 дүгээр сургуулийн 10-ын “Д” ангийнхантай уулзахдаа хэллээ. Мөн “Манай ангийн багшийг Ичинхорлоо гэдэг байсан, багш маань сургуулиараа ирж байгаа биз дээ” гэж дурсамж уудаллаа. Вьетнамын ерөнхийлөгч асан Хо Ши Минийн нэрэмжит, энэ түүхэн хүний төрсөн өдрөөр эрдмийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хамт олны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус сургууль дээр өнөөдөр очлоо.

    Ингэхдээ “10-ын “Д” ангийнхны бичсэн захидлыг уншаад, эрдмийн баярт ирж оролцооч гэсэн урилга аваад ирсэн. Чин сэтгэлээсээ бичсэн захидал, надад их таалагдсан” гэж Ерөнхий сайд С.Батболд сурагчдад хандан онцлон хэлсэн билээ.  Захидал бичсэн тус ангийн дарга Энхзул “Бид ирэх хавар төгсөнө. Тан шиг мундаг сайн хүн болоод сургууль, багш нараа эргэнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Би ч гэсэн ангийн дарга байсан” гээд хоёр үеийн ангийн дарга нар тэрхэн зуур хөөрөлдөөд авлаа.

    Нийслэлийн 14 дүгээр сургуульд өнөөдөр 2500 гаруй хүүхэд сурч байна. Энэ хавар 11 дүгээр ангийг 147, есдүгээр ангийг 233 хүүхэд төгсч байгаа гэнэ. Засгийн газрын тэргүүн 30 жилийн өмнөх төгсөгчдийнх нь нэг ажээ. Сургуулийнхаа нэр хүндийг өргөж яваа төдийгүй Монгол Улсын боловсролын салбарт том шинэчлэлийг эхлүүлж буй төгсөгчөөрөө бахархаж байгаагаа сургуулийн удирдлагууд энэ үеэр илэрхийллээ. Ингэхдээ тэд Ерөнхий сайд С.Батболдод “Та төгссөн сургуулиа Кембрижийн тогтолцоог нэвтрүүлэх лаборатори сургуулийн нэг болгож өгөөч” гэсэн хүсэлт дайж амжсан билээ.

    Бидний үед сургууль маань физикийн гүнзгийрүүлсэн сургалттай гэдгээрээ алдартай байсан. Энэ амжилтаа улам бататгаж физик, математикийн сургалттай болсон төдийгүй дүүрэг, нийслэл, улсын хэмжээнд тэргүүний сургууль болж ажиллаж чадаж буйд баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд цаашид энэ эрч хүч, туршлагаа улам хөгжүүлэхийг сургуулийн хамт олноос хүслээ. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар боловсролын салбарт том шинэчлэлт эхлүүлж байгаа.

    Монгол хүний боловсрол олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай байх, ерөнхий боловсролын сургуулийг төгсч байгаа  хүүхдүүд ямар ч орны төгсөгчдөөс дутахааргүй, харин ч тэдэнтэй боловсрол мэдлэгээрээ өрсөлдөх чадвартай байх ёстой. Ингэхийн тулд Засгийн газар боловсролын системээ шинэчилж байгаа. Үүний нэг хэлбэр нь олон улсад туршигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх явдал юм. Анхны лаборатори сургуулийг өнгөрсөн жил байгуулсан. Тус сургууль болон БСШУЯ Кембрижийн сургуультай гэрээ байгууллаа. Ирэх хичээлийн жилээс улсын хэмжээнд ерөнхий боловсролын 30 сургуулийг энэ стандартаар хичээллэх лаборатори сургууль болгохоор бэлтгэл ид хийгдэж байна гэсэн мэдээллийг тэрбээр өгсөн юм.

    14 сургуулийн маань удирдлагууд бидэнд ийм лаборатори сургууль болох боломж нөхцөл, чадвартай, санаачилгатай багш, сурагчид байгаа. Та төгсөгчийн хувьд дэмжиж төрөлх сургуулиа Кембрижийн тогтолцоог нэвтрүүлэх лаборатори сургууль болгооч гэсэн хүсэлт надад тавьсан гэдгийг Ерөнхий сайд онцлоод БСШУЯ-ынхнаас ийм боломж бий эсэхийг тодуулсан, тэд 14 дүгээр сургуулийнхан чадна, тэдэнд боломж байгаа гэж хэлсэн. Би ч гэсэн үүнд эргэлзэхгүй байна гэсэн юм. 

    Монгол Улсын Ерөнхий сайд эрдмийн баярт оролцож үе үеийн төгсөгч, ахмад багш нар, сурагч хүүхдүүдэд хандаж “30 жилийн дараа төгссөн сургууль дээрээ ирлээ. Дүү нартайгаа, багш нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Мөн “Манай сургууль сайхан түүхтэй. 60 жил гэдэг бол Монгол Улсын хөгжилд, боловсролд оруулсан хувь нэмэр нь асар их гэдгийг гэрчлэх баримт. Үе үеийн төгсөгчид улс орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулж, тэднээрээ дүү нар, багш нар маань бахархдаг.

    Манай сургууль урлаг спорт, улс төр нийгмийн олон од төрүүлсэн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай анхны төгсөгч, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал ч энэ сургуулийг төгссөн. Одоо төгсч буй, сурч буй та нараар дараа үеийнхэн чинь бахархах болно, хичээн суралцаарай” гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус сургуульд зөөврийн 10 компьютер бэлэглэлээ. Мөн компьтерийн иж бүрэн танхим байгуулж өгөхөө амласан юм. Тус кабинет нь ирэх хичээлийн шинэ жилээс ашиглалтад орох юм байна

  • Шинэ үеийн төлөөлөгчид уламжлалт харилцаагаа сэргээхийг хүслээ

    Монгол улсын Ерөнхий сайд,  МАН-ын дарга С.Батболд  манай улсад айлчилж байгаа  Румын улсын Парламентын гишүүн, Румын- Монголын  парламентын бүлгийн дарга, Румыний социал демократ намын дарга Виктор- Виорел Понта тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Эрхэм төлөөлөгчдийг олон жилийн дараа Монгол улсад айлчилж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд, манай хоёр орон олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэсэн гэдгийг дурьдаад , Румын улс нь Европын  холбооны идэвхтэй гишүүн орны хувьд Европын стандартыг нутагшуулахаар зорьж буй  Монгол улсыг дэмжиж ажиллана гэдэгт итгэж буйгаа уулзалтын  үеэр онцоллоо.

    Харин  Румынаас ирсэн  эрхэм зочдын хувьд найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд,энэ уулзалт нь хоёр орны харилцааг шинэ зуунд сэргээн хөгжүүлэхэд анхны алхам болж буйг тэмдэглэж байв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа холдож, элчин сайдын яам байтугай консулын газаргүй , хөрөнгө оруулалт худалдааны хамтын ажиллагаа бараг тасарсан нь харамсалтай  байна гээд,  энэ харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн сэргээе гэдгээ илэрхийллээ.

    Мөн тэд  шинэ үеийн төлөөлөгчид  гэдгээ онцолж, консулын газраа  нээх, эдийн засгийн хувьд хэрхэн хамтрах боломж байгааг судлах, тус улс нь  нүүрсний салбарт тулгуурласан эрчим хүчний салбарт туршлагатай тул энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойг ч онцолж байлаа.  Европарламентын гишүүн орны хувьд  нэг найз чинь нэмэгдэж, сэргэж байна шүү гэдгийг тэмдэглэж, мөн СоцИнтерний гишүүн намуудын хувьд ч хамтран ажиллах бүрэн боломж энэ айлчлалаар нээгдэж байна гэдгийг эртний харилцаат улсын эрхэм зочид дуулгалаа. Бас тэд МАН-ыг ирэх сонгуульд амжилттай оролцохыг ерөөж,  уулзалтад оролцсон АН-ын гишүүд энэ үгэнд гомдохгүй байх аа хэмээн хошигнож байв.

    Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Румыний төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, манай хоёр орны хувьд харилцаагаа хөгжүүлэх хөрс суурь бий. Дипломат төлөөлөгчийн газар нээх тухай саналыг дэмжиж байна , энэ талаар судалгаа хийхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг  болгоно гэлээ . Мөн тэдний Монгол улсад хийж буй айлчлал хоёр орны харилцаанд чухал хөрс тавьсан гэдгийг онцлоод энэ хөрсийг сайн ургуулахад хоёр тал идэвхтэй ажиллах ёстойн чухлыг тэмдэглэлээ. Шинэ удирдагчид  шинэ сэтгэлгээ төрүүлж буйг ч  онцоллоо

  • Газар тариалангийн салбарт Европ стандарт нэвтрүүлж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сар 17-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам, Борнуур, Батсүмбэр суманд ажиллаж хаврын тариалалтын үйл явцтай газар дээр нь очиж танилцлаа. Тэрээр ажлаа тус аймгийн Угтаалцайдам сумын “Агро комплекс” компанийн тариалалтын явц, техник шинэчлэлийн байдалтай танилцсанаар эхэлсэн юм. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг  “Агро комплекс” компани  Угтаалцайдам суманд 1000, Борнуур суманд 350 га-д тариалалт хийжээ. Герман улсын Класс фирмийн өндөр хүчин чадлын трактор, комбайн, хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машинаар техникийн парк шинэчлэл хийснээр ажил нь эрс эрчимжиж чанаржсан тухайгаа тэд ярилаа.

     

    Түүнчлэн Засгийн газрын тэргүүний дэвшүүлсэн Европ стандартыг нутагшуулах бодлогын хүрээнд 1500 га-д ашиглах боломжтой газар тариалангийн Европ техник технологийг оруулж ирснээ тус компанийн захирал Н.Сүхбаатар Ерөнхий сайдад танилцуулаад Засгийн газраас  газар тариалангийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан нь  тариалан эрхлэгчдэд томоохон дэмжлэг болсон төдийгүй шинэ стандарт, менежмент, техник технологи нэвтрүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

    Мөн энэ үеэр “Агро” комплекс компани малын тэжээлийн тариаланг нэмэгдүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Чех улсын Зетор болон Пармет компанийн тракторын үйлдвэртэй хамтран ажиллах, эдгээр үйлдвэрийн техникийг Монголд угсрах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр  жилд 80-120 морины хүчин чадалтай 200-300 трактор, мөн хөрс боловсруулах техникийг эх орондоо угсрах юм.

     

    УГТААЛЦАЙДАМ ДАХЬ ЭЛЕВАТОР 2012 ОНЫ УРГАЦ ХҮЛЭЭН АВНА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 онд 8-р сард Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт байрлах 36.0 мянган тонны багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг ашиглалтад оруулах, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээ мэдэгдэж холбогдох албадад үүрэг чиглэл өгсөн юм. Энэ ажлын биелэлт ямархуу байгааг Ерөнхий сайд шалгалаа. Өнгөрсөн хугацаанд элеваторын барилгын болон тоног төхөөрөмжийн засварт шаардагдах зардлын тооцоог гаргаж Япон, БНХАУ-ын талд санал хүргүүлснээр Япон Улсын Засгийн газар 3,5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

    Үүний дагуу  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендерийн бичиг баримтыг боловсруулсан. 2012 оны ургацыг энэхүү элеваторт хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байгаа тухай Хүнс хөдөө аж ауйн хөнгөн үйлдвэрийн яамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Баяртулга танилцууллаа. Хэлсэн ярьсан зүйл бодит ажил болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд энд онцлоод хөрөнгийн эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн энэ ажлын тендерийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Төв аймаг төдийгүй Монгол Улсын газар тариалангийн салбарт чухал ач холбогдол бүхий энэхүү байгууламж ашиглалтад орсноор газар тариалан, хүнсний хангамж, ажлын байр гээд олон асуудал шийдэгдэнэ гэлээ.

     

    Энэ ажлыг цаг хугацаанд нь шуурхай, чанартай зохион байгуулж, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахыг Засгийн газрын тэргүүн  орон нутгийн удирдлагууд болон ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд үүрэг болголоо. 36 мянган тонн багтаамжтай төмөр бетон элеваторыг 1988-1990 онд барьж байгаад дуусгалгүй орхисноор барилга, тоног төхөөрөмж нь тоногдсон байна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын гаргасан шийдвэр биеллээ олж, жилээс жилд тариаланчдын санааг зовоож байдаг буудайн хадгалалтын асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөл бүрдэж байгааг хал үзэж хашир суусан тариаланчид ярьж байна.

     

    Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Угтаалцайдам сумаас Борнуур сумыг зорин явахдаа замаасаа хазайн хонины бэлчээрт саатаж тус сумын Талын-Уул багийн малчин Н.Лхагвасүрэнтэй уулзаж зуншлага, амьдрал ахуй ямар байгаа талаар яриа өрнүүлэн Засгийн газрын тэргүүндээ хандаж хэлэх зүйл бий эсэхийг лавлалаа. Энэ үеэр гарын бэлгээ ч гардуулсан юм. Засгийн газрын тэргүүнтэйгээ санаандгүй таарсан  залуу малчин хэд хэдэн ихэр төл хүлээн авснаа дуулгаад өнөөдөр их азтай өдөр байна. Ерөнхий сайдтайгаа малынхаа бэлчээрт уулзлаа. Танд амжилтай хүсье хэмээн малчин Н.Лхагвасүрэн ярьж байлаа.   

    ЗАСГИЙН ГАЗАР 20 ШАХАМ ЖИЛ АШИГЛАГДААГҮЙ БОРНУУРЫН УСЛАЛТЫН СИСТЕМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ

    Хаврын тариалалтын их ажлын явцтай танилцсан Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Борнуур сумын услалтын системийн үйл ажиллагааг нээх ёслолд оролцлоо. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2010 оны 5-р сарын 16-ны өдөр Засгийн газрын тэргүүнийг ирж услалтын системийн байдалтай танилцах үед далан, толгойн барилга, ус хуваарилах суваг, шуудуу нь эвдэрч унасан дахин ашиглах найдлага бага хэмээн нутгийн иргэд ярьж байсан бол өнөөдөр ийнхүү ашиглалтад орж байна.

    Түүх сөхвөл Борнуур суманд байгаа услалтын систем 1964 онд ашиглалтад орсон. 3 сая м/куб ус нөөцлөн 1120 га талбай услах хүчин чадалтай ч 1993 онд үерт автан далан нь сэтэрчээ. 1990-ээд оноос хойж засвар хийгдээгүй, ашиглагддаггүй байсан уг байгууламжийн засварт шаардагдах 530 гаруй сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэх, ирэх онд ашиглалтад оруулах хатуу үүргийг Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр өгч, биелэлтэд нь биечлэн хяналт тавихаа жилийн өмнө амлаж байсан юм. Энэхүү амлалт биелэлээ олсон нь услалтын систем ажиглалтад орсноор харагдаж байна.

    Услалтын системийн хөрөнгийн асуудлыг шийдэгдсэнээр боомтын илүүдэл ус гаргах бетон байгууламжийг шинээр барьж, их биеийн сэтэрхийг бөглөх зэрэг ажлуудыг хийжээ. Мөн 24,0 мянган шоо метр усны багтаамжтай усан санг шинээр барих, 420 га талбайг усаар хангах хуваарилах сувгийг сэргээн засварлах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ ажлын үр дүнд Борнуур сунад төмс, хүнсний ногооны тариалалт нэмэгдээд зогсохгүй, Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж байгаа юм.

     

    Ерөнхий сайд С.Батболд усалгааны системийн ажилтай биечлэн танилцаад “ажил чанартай сайн хийгдсэн байна” хэмээн дүгнэлээ. Мөн тэрээр хэлсэн үгэндээ энэхүү услалтын систем ажиллаж эхэлснээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болж нийслэлчүүдийг дотооддоо тарьж ургуулсан чанартай аюулгүй төмс хүнсний ногоогоор бүрэн хангах нөхцөл бүрдэж байгааг онцлоод хамгийн гол нь бидний гаргасан шийдвэр, ярьсан ажил нэг жилийн хугацаанд бодиттой ажил болж хэрэгжиж байгаа нь томоохон ахиц дэвшил, бид аливаа асуудалд ингэж ажил хэрэгч хандаж, ам ажлын биелэлт зөрдөггүй байх нь чухал гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ. Услалтын систем шийдэгдсэн нь тариаланчид ногоочид бидэнд маш том дэм юм. Үйл ажиллагаа нь зогсооход хүрээд байсан таван аж ахуй сэргэж, нэгжээс авах ургацын хэмжээ ч нэмэгдэнэ. Нутгийн иргэдийн хүнсний ногоо тариалах идэвх ч нэмэгдэж байна гэдгийг тариаланчид ярьж байлаа. 

    ГААЛИЙН ХӨНГӨЛӨЛТ ТАРИАЛАНЧДАД ТОМ ДЭМЖЛЭГ БОЛЖЭЭ

    Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Батсүмбэр сумын “Агро альфа” компанийн тариалангийн талбайд саатлаа. Тус компани усалгаатай газар тариаланд Голланд Улсын “Санте”, “Импала”, “Витара” сортын үрийн болон хүнсний төмс, малын тэжээлийн ургамал тариалж байна. Канад улсын технологиор жилдээ 136 га-д усалгаатай төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалж 1500 тонн төмс, 1500-2000 тонн дарш бэлтгэн зах зээлд борлуулдаг байна.

    Тариаланчид Монгол Улсын Засгийн газар тариаланд шаардагдах трактор, комбайн, усалгааны тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордооны гаалийн болон НӨАТ-ыг чөлөөлсөн нь газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, усалгаатай талбайг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэл хийхэд томоохон  дэмжлэг болж байгааг хэлээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх чиглэлээр дорвитой шийдэмгий алхам хийж байна хэмээн Ерөнхий сайд С.Батболдод урам өгч илүү сайн ажиллахыг хүслээ. Мөн энэ онд дуусгавар болж байгаа энэхүү шийдвэрийг дахин нэгээс хоёр жилээр сунгахыг хүсч байна.

    Засгийн газар дээрх шийдвэрийг 2016 он хүртэл үргэлжлүүлэхээр санал  боловсруулж холбогдох яамдаас санал авахаар хүргүүлээд байгаагаа Ерөнхий сайд энэ үеэр дуулгасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа  “Монгол төмс” хөтөлбөр үр дүнгээ өгч байгааг ногоочид ярьж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр үрийн шинэчлэлийн ажил хийгдэж, нэгж талбайгаас авдаг ургацын хэмжээ 50 хувиар нэмэгдэж, импортоор орж ирж байгаа төмсний хэмжээ 3,5 дахин буурсан байна.

     

    Засгийн газрын тэргүүний энэ удаагийн тариалалттай танилцах ажил Батсүмбэр сумын “Поливит” компанийн талбайд очиж, чацаргана тариалалтын явцтай танилцсанаар өндөрлөлөө. Тус компани уулын болон гол горхи, булгийн усаар тэжээгддэг, инженерийн хийцтэй Үдлэгийн услах системийг түшиглэн 36 га-д 2000 оноос чацаргана болон үхрийн нүд тариалах үйлдвэрлэлийг эрхлэн явуулж байна. Чуйская, Обская, Обилная зэрэг чацарганы сортууд, үхрийн нүдний Приморский чемпион зэрэг сортуудыг тариалсан байна.

    Жилд нийт 400 мянган ширхэг суулгац үржүүлэх хүчин чадалтай тус компани одоогийн байдлаар 620 мянга гаруй суулгац “Хар хорин” компанид, 300 мянган гаруй суулгац Засгийн газрын “Чацаргана” хөтөлбөрт  нийлүүлээд байгаа тухай болон цаашид чацарганаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байгаагаа “Поливит” компанийн захирал Д.Пүрэв танилцууллаа. Ерөнхий сайд С.Батболд засгийн газраас хэрэгжүүлж байгаа Чацаргана хөтөлбөрийн үр дүн бодит амьдралд хэр гарч байгааг асууж олон талын ач холбогдолтой экологийн цэвэр бүтээгдэхүүн чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх, дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй экспортод чиглэсэн үйл ажиллагаа  явуулахын чухлыг ярьж байлаа.  

    Байгаль цаг агаарын таатай нөхцөл бүрдэж, газрын чийг урьд жилүүдээс илүү байгаад тариаланчдын сэтгэл өндөр байна. Ер нь энэ жилийн хувьд төмс хүнсний ногоо, үр тарианы өндөр чанартай, дотоодын шинэчлэгдсэн үрээр тариалалт хийсэн төдийгүй хөрс боловсруулалтын 70 гаруй хувь нь дэвшилтэд технологиор хийсэн нь энэ жилийн тариалалтын нэг давуу тал юм хэмээн ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай ярилаа.

     

    Энэ жил манай улс 281,2 мянган га талбайд үр, үүнээс 276,4 мянган га уриншийн талбайд улаан буудай тариалах юм. Үүнд 46,8 мянган тонн үр шаардлагатай. Өнгөрсөн онд 36,8 мянган тонн улаан буудайн үр нөөцөлсөн бөгөөд дутагдаж байгаа 10 орчим мянган тонн үрийг дотоодоос бүрэн хангах боломжтой гэж салбарын яам тооцоолжээ. 2010 онд манай улс 344,5 мянган тонн улаан буудай хураан авч, 276,4 мянган га талбайд дэвшилтэт технологиор, чанар сайтай уринш боловсруулж хаврын тариалалтад бэлтгэжээ. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чацарганы мод тарив

  • С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулах их аянд хамтдаа зүтгэхийг уриаллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011оны 5-р сарын 15-ны өдөр “Цэвэр агаар бэлэглэе” өдөрлөгт оролцож эрчим хүчний хэмнэлттэй зуухны анхны галыг өрдлөө. Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэлэхдээ хэдийгээр урин дулаан цаг ч гэлээ удахгүй бид өвөлтэй золгоно. Нийслэлчүүдийн санааг хамгийн их зовоож байгаа асуудал яах аргагүй утаа. Үүнийг бид хамтдаа шийдвэрлэх ёстой гээд Хамтарсан Засгийн газар 2009 оноос эхлэн утааны асуудлыг шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж, АНУ-аас үзүүлж байгаа дэмжлэг туслалцааг Улаанбаатар хотын утааг бууруулах асуудалд чиглүүлэхийг Мянганы сорилтын сантай ярилцаж тохироод байна.

    АНУ-ын Мянганы сорилтын сан манай улсад 285 сая америк долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болж үүнээс 47,2 сая америк долларын  санхүүжилтийг агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төсөлд оруулахаар шийдвэрлэсэн. Үүний дүнд энэ ажлыг 2010 оноос Чингэлтэй дүүрэгт эхлүүлж өнөөдөр бид энэхүү төслийн хүрээнд утааг 80 хувиар бууруулах утаагүй зуухыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байна гэлээ. Мөн тэрээр Засгийн газар энэхүү хэмнэлтэд зуухыг үндсэн үнээс нь 45-77 хувийг хөнгөлөлттэйгээр иргэдэд олгоно. Энэ нь цэвэр агаар хүсч байгаа иргэн бүрт айл өрх бүрт олгож байгаа урамшуулал юм гээд, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах аянд хамтдаа зүтгэхийг уриаллаа.

    Төслийн хүрээнд урьдчилсан байдлаар энэ онд нийслэлийн 70 гаруй мянган өрхийг энэхүү утаагүй зуухаар хангаад зогсохгүй цаашид нийслэлийн гэр хорооллын бүх айл өрхийг эрчим хүчний хэмнэлтэт  зуухаар хангах зорилт тавин ажиллаж байна.  Өнөөдөр нэг айл өрх нийт орлогын 40 хувийг түлээ нүүрсэнд зарцуулж байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл үүнийг дор хаяж 30 хувиар хэмнэнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд  гаргажээ. “Цэвэр агаар” төслийн хүрээнд хийгдэж байгаа энэхүү зуух нь 5-8 ханатай гэрийг халаахаас гадна амины орон сууцанд хэрэглэх бололцоотой.

    Чингэлтэй дүүргээс эхэлж байгаа энэ төсөл ирэх 10-р сар гэхэд нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжинэ. Засгийн газар Мянганы сорилтын сантай хамтран байгуулсан гэрээний дагуу 45-77 хувийг санхүүжүүлнэ. Тухайлбал жижиг зуух авсан тохиолдолд үлдэж байгаа 70 гаруй мянган төгрөгийг  иргэд өөрсдөө төлнө. Мөн бэлгийн картаар ах эгч, найз нөхөд, байгууллагынхаа ажилтан албан хаагчдад энэхүү эрчим хүчний хэмнэлттэй зуухыг авч өгөх бүрэн боломжтой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хүн бүхний хүчин чармайлт чухал учраас энэ ажил идэвхтэй оролцохыг Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт энэ үеэр хэллээ

  • Монгол улсын хөгжлийн түүх нэгээр нэмэгдлээ

    Монгол улсын хөгжлийн түүх нэгээр нэмэгдлээ Банк санхүүгийн салбарт шинэ хуудас нээгдсэн, хөгжлийн түүхэнд шинээр бичигдэх нэгэн үйл явдал өнөөдөр боллоо. Монгол улсын Хөгжлийн банкны нээлтийн ёслолын ажиллагаа болж, тус арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Хөгжлийн банкны эдийн засагт оруулах хувь нэмэр, хүлээлт, үүрэг хариуцлага маш өндөр  гэдгийг ёслолын ажиллагаанд оролцсон Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, хөгжлийн түлхэгч хүч болсон банк  байх ёстой гэдгийг онцолж байв. Нэг сар гаруйхны өмнө Лондонгийн хөрөнгийн биржтэй менежмэнтийн гэрээ байгуулж байсан бол, өнөөдөр Хөгжлийн банкны нээлтийг хийж байгаа нь цаг үеийн захиалга болж байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд дурьдаад, өнгөрсөн 20 жил бид хөгжлийн шатуудаа туулж ирсэн ч түүнийгээ сайжруулах, эргэж харах нөхцөл байдал тулгарч байна.

    Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө  шат дараалсан арга хэмжээ авч, энэ тухай ч хангалттай ярилаа. Харин эндээс бид бодит  ажил руу шилжих  ёстой, энэ ажил нь үр дүнгээ өгөх ёстой. Үүний нэг шийдэл нь Засгийн газраас Хөгжлийн банк байгуулж байгаа явдал юм. Энэ банкаар дамжуулан тэргүүн ээлжинд “ Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, “ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “ Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ. Дэлхийн жишиг стандарт ч дагаж мөрдөгдөх эхлэл болох юм.

    Монгол улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байна. Энэ цаг мөчид бид ирээдүйн эдийн засгийн өсөлтийг тэтгэх салбаруудыг бий болгон дэмжих Хөгжлийн санхүүгийн тусгайлсан байгууллагыг байгуулж байна. Гараа  сайн бол, бариа сайн гэдэг шүү дээ. Энэ хэмжээгээрээ үүрэг хариуцлага гэж ойлгох хэрэгтэйг Гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглээд, олон улсын түвшинд өрсөлдөхүйц ажиллах чадвартай мэргэжлийн баг энэ банкыг авч явах учиртайг шинэ банкны удирдлагуудад зөвлөөд ажлын өндөр амжилт хүслээ.

    Дээрх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой нийт 800 тэрбум төгрөгийн өрийн бичгийг дотоодод арилжаалахыг Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд зөвшөөрөөд байгаа билээ. Энэ нь таван жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн , 10 жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн өрийн бичиг байх ажээ. Хөгжлийн банк нь улс орны хуримтлалыг ашиглан тэргүүлэх ач холбогдолтой салбаруудад Засгийн газрын хөгжлийн бодлогын дагуу урт хугацаатай, хүү багатай зээлийг олгож, үндэсний эдийн засгийн шинэ бүтцийг бий болгох байгууллага юм.

    Тус банкаар дамжуулан анх удаа 800 тэрбум төгрөгийн бонд гаргаж байгаа бөгөөд хэдий хэмжээний мөнгийг, ямар хүүтэйгээр олгохыг Сангийн яамтай нарийвчлан ярьж байгааг ёслолын ажиллагааны дараа хэвлэлийн бага хурал хийх үеэр Хөгжлийн банкны монгол талын тэргүүн дэд захирал Л.Болормаа мэдээлж байлаа. Мөн тус банкны гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь Монгол улсын иргэн байхаар хуульд тусгасныг баримтлан ажиллаж байгаа ажээ. Хяналтын хувьд Монгол банкны оролцоо хязгаарлагдмал гэдгийг Сангийн сайд С.Баярцогт тэмдэглэж байсан бөгөөд үйл ажиллагаагаараа арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй юм байна