Ангилал: Uncategorized

  • Монгол улсын Ерөнхий сайд зүүн гурван аймагт ажиллах томилолтоо Хэнтий аймгаас эхэллээ

    Монгол улсын Ерөнхий сайд зүүн гурван аймагт ажиллах томилолтоо Хэнтий аймгаас эхэллээМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 04-09-ний өдрүүдэд зүүн аймагт томилолтоор ажиллахаар Улаанбаатар хотоос мордлоо. Тэрээр 5 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын иргэдтэй уулзаж Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа бодлого, түүний хэрэгжилт, цаашдын зорилтын талаар  танилцуулав.

    Ерөнхий сайд Хэнтийчүүдэд хандаж хэлсэн үгэндээ  “2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, улс орны эдийн засгийг үүрч яваа бизнес эрхлэгчдийнхээ ажиллах орчинг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх,төрийн байгууллагын хүнд суртлыг халах, шат дамжлагыг багасгах хууль эрх зүйн орчинг сажруулах чиглэлээр олон ажил эхлүүлсэн. Тухайлбал ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл чирэгдэл  үүсгэж байсан 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, цаашид ч энэ чиглэлд анхаарч ажиллана” гэж хэллээ.

    Мөн хэн бүхний анхаарлыг татаж, талархлыг хүлээж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж байгаа ажил, хүрэх үр дүнгийн талаар Ерөнхий сайд иргэдэд танилцууллаа. Энэ жилийн ажлын хүрээнд өрх бүрээс нэг хүн, ялангуяа 40-өөс дээш насныхныг ажилтай болгохыг Засгийн газар зорьж байгаа бөгөөд оны эцэс гэхэд 70 мянга гаруй ажлын байр бий болгоно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны албан хаагчид, сум, багийн Засаг дарга, хувийн хэвшил, ард иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллийн хамтын ажиллагаа, үүний дотор Хэнтийчүүдийн оруулах хувь нэмэр ч чухал гэж Ерөнхий сайд хэллээ. 

     “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536+1 ширхэг хувьцааг иргэн бүртээ ижил тэгш, хүртээмжтэй, ил тодоор хуваарилахаар шийдвэрлэн, улмаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорьж байгаа тухай гүйцэтгэх засаглалын тэргүүн ярилаа. Уул уурхайн салбарыг түшиглэн бүтээн байгуулах “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн 1100 км төмөр зам барих, бүх аймгийг хатуу хучилттай замаар холбох ажлыг Засгийн газар санаачлан, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Энэ бүхний үр дүн алсдаа мэдрэгдэнэ.  Улс орны хөгжил, хэрэгцээг угтан харж, нийгмийн сайн сайхны төлөө хамтарсан Засгийн газар ажиллаж байна гэж Ерөнхий сайд онцоллоо.

    “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт зүүн бүсийн зөвлөгөөнийг Ерөнхий сайдын ивээл дор Дорнод аймагт зохион байгуулах гэж байгаа. Энэ зөвлөгөөнд оролцож, малчдынхаа санал бодлыг сонсож, байр сууриа илэрхийлэх нь Ерөнхий сайд С.Батболдын зүүн гурван аймагт ажиллаж байгаа албан томилолтын бас нэг хэсэг юм.

    “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар 329 суманд тус бүр гурван хүний орон тоотой “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулсны дүнд 658 мэргэжилтэн ажлын байртай болсон. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 5,3 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил 51 тэрбум болж өссөн юм. Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд анх удаа аймаг бүрт 800 сая, 5 бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр 24 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход зориулж 24 тэрбум төгрөгийг төсөвт шинээр суулгасныг Хэнтий аймгийн иргэд талархан хүлээн авч байна.

     Ерөнхий сайдын хөндсөн бас нэг сэдэв нь өөрсдийн хүчээр гурил, төмс, хүнсний ногоогоо хангах тухай байлаа. Өнгөрсөн онд манай улс хэрэгцээт үр тариа, төмсөө 100 хувь, хүнсний ногооны 54 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн. Энэ онд олсон амжилтаа бататгаж, улмаар газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн тоо, хэмжээг өсгөх, улс орны эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, удмын санг хамгаалахыг зорьж байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэв.

    Засгийн газар боловсролын салбарт шинэчлэл хийхийн тулд шат дараалсан арга хэмжээ авч байгааг Хэнтий аймгийн иргэд дэмжиж байна. Засгийн газар төрийн өмчийн их, дээд 42 сургуулийг 16 болгон цөөлсөнөөс гадна мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг чадавхжуулах, бэхжүүлэх, шинээр барихыг илүүд үзэж байгаа юм. Зүүн бүсийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг ирэх онд Хэнтий аймагт  байгуулах бөгөөд жилд 2 мянга гаруй хүнийг сургана. Энэ төвийн ажил жигдэрснээр аймаг хөгжиж дэвжих боломж бүрдэнэ гэдэгт  нутгийн иргэд итгэлтэй байна.

    Засгийн газар монгол хүнээ хөгжүүлэхийг чухалчилж энэ хүрээнд олон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг жишээ болох олон улсын Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Хэнтий аймагт нэг сургууль энэ стандартаар хичээллэж эхлэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлэв. “Хүний хөгжил сан”-гаас иргэддээ өгч байгаа хишиг, хувь Ерөнхий сайдын хэлсэн үгэнд дурдагдлаа. Иргэд сар бүр бэлэн мөнгөө авахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зорилгоор ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө нийлж 21 мянган төгрөгөө бөөнд нь авах боломжийг Засгийн газар бүрдүүлсэн. Үлдэх 1 сая төгрөгийг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц, малчны болон бусад зээлийн төлбөрт зарцуулна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутнуудын төлбөрөөс 500 мянган төгрөгийг бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн нь үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, банкны зээлийн дарамтыг багасгасан нь ахуй амьдралд нь дэмжлэг болж байгаа гэдгийг Хэнтий аймгийн цөөнгүй иргэн хэлж байлаа. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттайгаар нэмж байгаа Засгийн газарт иргэд талархаж байгаа нь Хэнтий аймагт болсон уулзалтаас харагдлаа. Цаашид Засгийн газраас хийх, хэрэгжүүлэх ажил их ч цаг хугацаа давчуу гээд бэрхшээл саад багагүй байна. Гэсэн ч бид зорьсондоо хүрэхийн төлөө ажиллаж, үүний тулд захиргааны шинэтгэлийг эрчимжүүлж, төрийн албыг чадавхжуулах, иргэдэд орй, түргэн шуурхай болгох талаар шат дараатай арга хэмжээ авна Ерөнхий сайд хэллээ.

    Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд Хэнтийчүүдэд хандаж цаашид анхаарч ажиллах зүйлийг сануулав. 2009 оноос эхлэн санхүүгийн хувьд бүрэн бие дааж ирсэн Хэнтий аймаг айл өрх бүрээ амьдралын хангалттай эх үүсвэртэй болгоход анхаарах, иргэд ч бусдаас бадар барихгүйгээр амьдралаа залгуулахад анхаарах хэрэгтэй байна гэлээ. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн зээлийг очих ёстой эзэнд нь хүргэх ёстойг онцгойлон анхаарууллаа. Аймаг, орон нутаг боловсон хүчнээ бэлтгэх, бэхжүүлэхийн тулд гадаадын улс орнуудад 30 гаруй хүүхэд сургаж байгааг Ерөнхий сайд сайшаалаа.

    Төрийн байгууллагын ажлын ил тод байдлыг хангахад анхаарч,  тендерийг шударгаар, ил тод явуулах, хяналтыг сайжруулахын тулд иргэний нийгмийн төлөөллийг ажлын хэсэгт оруулдаг болсон, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум энэ жил улсын хэмжээнд загвар сумаар шалгарсан зэрэг олсон ололт, амжилтаа бататгахыг Ерөнхий сайд хүсэв.

    Банкнаас зээл авах гэхэд барьцаа хөрөнгө шаарддаг, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зээлийн хүүг хөнгөвчлөх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, зүүн бүсийн  оношлогооны төвийг Өндөрхаан хотод байгуулах зэрэг санал, хүсэлт гаргаж байлаа. Уул уурхайн орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо хөгжлийг түргэтгэн, иргэн бүрээ ажилтай, орлоготой болгож, монгол хүнээ хөгжүүлэхийг зорьж байгаа хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа.

    Мөн хий хоосон ярих биш хийж чаддаг гэдгээ Тавантолгойн хувьцаа, сар бүр бэлнээр олгож байгаа 21 мянган төгрөг, оюутнуудын сургалтын төлбөр, бага орлоготой иргэдээ 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах, ажлын байр бий болгох чиглэлээр болитой, үр дүнтэй ажил хийж байгааг Хэнтийчүүд Ерөнхий сайд С.Батболдод хэлж, хамтарсан Засгийн газрыг илүү сайн ажиллаарай гэсэн итгэл тээж байгаагаа хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хэнтий аймагт ажиллах үеэрээ “Атар чандгана сүү” компанийн сүүний фермерийн ажилтай танилцав. Энэ ферм Өлзийт сумын иргэдийг ажилтай, орлоготой болгоход тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа юм

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа хэлсэн үг 2011 оны 05 дугаар сарын04-ний өдөр                                      Өндөрхаан хот

    Хан Хэнтий нутгийн эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье,

    Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш анх удаа Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ирж, дэлгэр зуны эхэн сарын шинийн нэгний хур бороотой энэ өдөр Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа билэгшээж байна. Уулзах хүсэл, төлөвлөгөө өнгөрсөн жилээс эхтэй ч учрал ерөөл өнөөдөр тохиолоо. Эзэн Чингэс хааныхаа гал голомтыг сахиж ирсэн ажилч, хөдөлмөрч Та бүхэнтэйгээ уулзсан завшааныг ашиглаж Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар ярьж, санал бодлоо хуваалцахыг хүсч байна.

    2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлснээс хойш гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Миний бие Засгийн газрын тэргүүний үүргийг хүлээж аваад жил зургаан сар боллоо. Энэ хугацаанд улс орныхоо өнөө, ирээдүйд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийг тодорхойлж ард олноо ажилтай орлоготой болгох, аж ахуйн нэгж, иргэдээ дэмжиж, хөгжлийг түргэтгэх, хэтийн зорилтуудаа дэвшүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар ихээхэн зүтгэл гарган ажиллаж байна.  

    Тухайлбал 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж,улс орны эдийн засгийн ачааг үүрч яваа бизнес эрхлэгчдийнхээ ажиллах орчинг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын хүнд суртлыг халах, шат дамжлагыг цөөлөх, хууль эрх зүйн орчноо сайжруулах зэргээр олон ажлыг эхлүүлсэн. Ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл чирэгдэл үүсгэж буй 100 гаруй зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагуудад шилжүүлж, бүртгэлтэй холбоотой хураамжуудыг хоёр дахин багасгалаа.

    Манай улсад ажилгүйдлийн түвшин 9.2 хувьтай байна. Тиймээс Засгийн газар ажилгүйдэл ядуурлын асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодлого зорилтоо тодорхой болгох зорилготойгоор 2011 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж олон ажлуудыг эхлүүллээ. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулах, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэн бүртээ хүрч ажиллахын зэрэгцээ өрх бүрээс нэг хүнийг ажил, хөдөлмөртэй болгох замаар энэ жилд 70 мянга гаруй  ажлын байрыг шинээр бий болгохзорилт тавиад байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны албан хаагчид, түүний дотор сум, багийн дарга нар, аймаг, орон нутгийн удирдлага, хувийн хэвшлийнхэн, ард иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллийн идэвхтэй оролцоо дэмжлэг чухал юм.

    Манай Засгийн газар улс орноо хөгжүүлэх, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, ядууралтай тэмцэх, хамгийн гол нь иргэнээ хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх явдал гэж үзэж, энэ асуудалд онцгой анхаарч байна. Ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг багасгах нь зөвхөн ядуурлыг бууруулах төдийгүй нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргийг багасгах, хүн ардын эрүүл амьдарч аж төрөх нөхцлийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой.

    Зарим тохиолдолд аймаг орон нутагт шинээр гарсан ажлын байрны нөхцөлийг голох, ажлаас халшрах, биеэ оторлож хойш сууснаар тухайн аж ахуй нэгжид ажиллах боловсон хүчин олдохгүй байх явдал гарч байна. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг нь зах зээлийн харилцааны өнөө үед ч нэн чухал боллоо. Хэн хөдөлмөрлөнө, тэр дэвжинэ. Хөгжлийг хүсч буй бол хөдөлмөрлөхөөс өөр гарцгүй. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн үр дүнд хичнээн хүн ажилтай болов гэдэг тоо баримт чухал ч гэсэн шинээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн амьдрал ахуйд ямар өөрчлөлт, дэвшилт гарав гэдэг үүнээс илүү чухалгэж бодож байна. Танай аймаг, орон нутгийн удирдлагуудын ажлыг жилийн эцэст Засгийн газар дүгнэхдээ энэ л шалгуур үзүүлэлтийг гол болгоно гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

    Эрхэм хүндэт ард, иргэд ээ,

    Хамтарсан Засгийн газар байгуулснаар олон жил яригдсан асуудлуудыг шийдвэрлэж улс орны хөгжилд илүү тааламжтай нөхцөл бүрдүүлж эхлээд байна. Та бүгдийн сайн мэдэх Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны өдийд байгуулсан. Одоо орд газрыг ашиглах, уурхайн үйлдвэрийн ажил ид өрнөж байна. Ирэх оноос үйлдвэр ашиглалтад орж бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байна.

    Мөн Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглахтай холбоотой асуудлын талаарх төрийн бодлого, үзэл баримтлалыг Засгийн газар боловсруулан Улсын Их хурлаар батлуулсан. Ингэснээр Таван толгойн орд газрын 536 ширхэг хувьцааг иргэн бүртээ үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх шийдвэрийг манай Засгийн газар гаргалаа. Монгол хүн бүр эцэг өвгөдөөс өвлүүлж үлдээсэн өгөөж баян байгалийнхаа хишиг, хувийг ижил тэгш хүртэхийн зэрэгцээ эзэн хүний хувьд хараа хяналтаа тавих үүрэг, боломжуудыг бүрдүүллээ.

    Стратегийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хангаснаар нааштай эхлэлүүд бий болж, бүтээн байгуулалтын ажлуудад манай ард иргэд, аж ахүйн нэгжүүд идэвхи санаачилгатай оролцож, өргөн уудам говь нутагт хүн ам олноор суурьшиж эхлээд байна. Манай улсын уул уурхайн салбарын нийт ажиллагсадын тоо  48.000 хүрлээ. Өнөөгийн байдлаар Оюу толгой төсөлд 4600 гаруй монгол ажилтан ажиллаж байна.

    Ашигт малтмалын салбар Монгол орны ирээдүйн хөгжилд гол нөлөө үзүүлэх нь тодорхой болсон бөгөөд манай улс нүүрс, алт, зэс, уран, нефт болон бусад төрлийн ашигт малтмалын арвин нөөцтэй болох нь батлагдаж байгаа. Тиймээс цаашид стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг нарийн тооцоо судалгааны үндсэн дээр, ээлж дараалан улс орны эрх ашгийн үүднээс ашиглалтанд оруулах бодлогыг баримтлана.

    Хувийн хэвшлийнхэн маань уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг эх орныхоо өнцөг булан бүрт хийсээр байна. Өмнөговь, Сэлэнгэ, Ховд зэрэг аймгуудад томоохон бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн. Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй. Олборлосон ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах нь чухал боллоо. Тиймээс томоохон орд газруудыг түшиглэн төвлөрсөн аж үйлдвэрийн парк бий болгох, ирээдүйд үр өгөөжөө өгөх их бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.

    Засгийн газраас баталсан “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр” зэрэг баримт бичиг нь энэхүү бодлого, зорилгод чиглэж байгаа юм. Орд газруудыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолборыг Сайншандад байгуулахаар шийдлээ. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, газрын тос боловсруулах, хар металлургийн, коксийн, гангийн, нүүрс химийн, барилгын материалын зэрэг томоохон үйлдвэрүүд баригдана.Үр дүнд нь манай улс байгалийн баялгаа түүхийгээр нь гадагш гаргахгүй, харинболовсруулж, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад илүү үнэтэй худалдаалах боломжууд нээгдэнэ.

    Урьдчилсан тооцоогоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар эдийн засгийн бодит өсөлт эрс хурдацтай нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 60 орчим хувьд хүрнэ. Мөн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин нэмэгдэхийн зэрэгцээ айлөрх бүрийн орлого мэдэгдэхүйцөсч ард иргэдийн аж амьдралд нааштай өөрчлөлтгарах ирээдүй ойртлоо.

    Уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг дагаж улс орныхоо дэд бүтцийн хөгжлийг хангах нь бидний бас нэгэн том зорилт сорилт болж байна. Энэ зорилгоор Даланзадгад – Тавантолгой – Цагаан суварга – Зүүнбаян – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсангийн чиглэлийн 1100 км шинэ төмөр зам барих ажлыг саяхан эхлүүллээ. Энэхүү бүтээн босголтод гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс гадна орон нутгийн ард иргэд, оюутан залуусыг татан оролцуулах бодлогыг түлхүү баримтлана. Бид бас бүх аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажлаа үргэлжлүүлэн хийнэ.

    Улаанбаатараас Хэнтий хүртэл хатуу хучилттай авто замаар явахад туйлын таатай байна. Гэвч замыг чанаргүй хийж, дахин засварлаж байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авах хэрэгтэй. Энэ мэтээр дэд бүтцийн салбарт харагдахуйц олон бүтээлч ажлуудыг эхлүүллээ. Үр дүн нь алсдаа иргэн бүрт мэдрэгдэнэ. Бид өнөө маргаашыг биш арав, хорин жилийн алсыг харж, зорьж ажиллаж байна. Монгол Ардын Намын XXVI Их хурлаас дэвшүүлсэн “Их бүтээн байгуулалт”-ын зорилт ч үүнд чиглэгдэнэ. Манай нам сонгуульд ялсан ч улс орны хөгжил, хэрэгцээг угтан харж, нийгмийн сайн сайхан ирээдүйн төлөө Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Өнөөдөр үүнийг шүүмжилж эсэргүүцэгчид байгаа ч ирээдүйд улс орны хөгжилд дэвшил гарсан гэж дүгнэх нь гарцаагүй.       

    Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл уламжлалт мал аж ахуйгаа тогтвортой хөгжүүлж шинэ шатанд гаргах нь уул уурхайгаас дутахааргүй ач холбогдолтой юм. Иймээс “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүний нэг илрэл нь “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт улсын зөвлөгөөн юм. Энэхүү зөвлөлгөөнийг баруун, хангайн, төв, зүүн гэсэн 4 бүсүүдэд хийхээр шийдвэрлэж, Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа. Дорнод аймагт болох Зүүн бүсийн улсын зөвлөлгөөнд оролцож байр сууриа илэрхийлж, малчдынхаа санал бодлыг сонсох нь энэ удаагийн ажлын бас нэгэн зорилго болж байгаа.

    “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны нэгжийг бүх сумдад байгуулан гурван хүний орон тоотой “Мал эмнэлэг, үржлийн тасаг”-ийн ажлыг эхлүүллээ. Ингэснээр манай улсын 329 суманд шинээр658 мэргэжилтэн ажлын байртай боллоо. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвөөс 2010 онд 5.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2011 онд 51.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх болно.

    Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгоор анх удаа аймаг бүрт орон нутгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон дунджаар 800.0 сая, 5 бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр 24.0 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт шинээр суулгасан. Аймаг, сумдад зарцуулагдах эдгээр мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих чиглэлд түлхүү зарцуулах ёстой гэсэн Засгийн газрын байр суурийг илэрхийлье. Орон нутгийн удирдлагууд үүнд анхаарах ёстой.

    Энэ бүхэн хөдөөгийн хөгжлөө дэмжсэн, хүнрүүгээ хандсан бодлогын илрэл юм. “Монгол мал” хөтөлбөрийн эцсийн зорилго нь ч гэсэн малчин хүнийг хөгжүүлэх, чадавхижуулах, амьдралын түвшинг нь дээшлүүлэхэд л чиглэгдэх учиртай. “Атрын IIIаян” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьж, тариаланчдыг дэмжих олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрлээ.2010 онд манай улсын газар тариалангийн салбарынхан дотоодын хэрэгцээний үр тариа болон төмсөө 100 хувь хангах боломжийг бүрдүүлсэн.

    Хүнсний ногооныхоо 53,7 хувийг хангасныг Та бүхэн мэдэж байгаа. Энэ онд гаргасан амжилтаа ахиулах, бататгахын төлөө ажиллах болно. Энэ нь газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх тэлэх төдий бус улс орныхоо эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, удмын санг хамгаалахтай холбогдолтой стратегийн чухал зорилт билээ. Засгийн газар боловсролын салбарт томоохон шинэчлэлийг хийж байна. Тухайлбал төрийн өмчийн 42 их, дээд сургуулийг 16 болгон цөөллөө. Их, дээд сургуулийг гэхээсээ илүү мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг шинээр барьж байгуулахыг илүүд үзэж байна.

    Тиймээс Засгийн газар, УИХ-аас Зүүн бүсийн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг Хэнтий аймагт барьж 2012 онд ашиглалтанд оруулна. Жилд төрөл бүрийн мэргэжилтэй 2000 гаруй хүнийг сургах энэхүү төвийн үйл ажиллагаа жигдэрснээр Хэнтий аймагт томоохон дэвшлийг авчирна гэж бодож байна. Их, дээд сургуулийг хотоос нүүлгэн олон улсын жишиг стандартын дагуу хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлого гаргалаа. Үүний эхлэл болгож Налайхын ойролцоо Шивээтийн хөндийд ШУТИС-ийн хотхоныг барьж байгуулахаар ажил нь эхэлж байна.

    Боловсролын салбарын шинэчлэл их, дээд сургууль Мэргэжлийн сургалт үлйдвэрлэлийн төвүүдэд хийгдэхээс гадна ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх насны хүрээг ч гэсэн хамарна. Энэ жилээс олон улсын Кембрижийн стандартын дагуу монгол улсын 21 аймаг, нийслэл хотод 30 лабартори сургуулийг хичээллүүлж эхлүүлнэ. Танай аймагт ч гэсэн нэг сургууль олон улсын Кембрижийн стандартаар хичээллэж эхлэх учиртай. Цаашид бүх аймаг сумын сургуулийг энэ тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр манай хүүхдүүд олон улсын стандартын дагуу суралцаж төгсөх, дэлхийн жишигт нийцсэн боловсролтой болох боломж нээгдэнэ. 

    Хүнээ хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх нь бидний хамгийн том зорилт болох учиртай. Тиймээс миний бие хүнийхээ хөгжилд анхаарах болно гэдгээ олон удаа хэлж ярьж, бодлого зорилтоо хүнийхээ хөгжилтэй уялдуулж ирлээ. Энэ зорилгоор “Хүний хөгжил сан”-г УИХ, Засгийн газраас байгуулсан. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр бүхэн энэхүү зорилгодчиглэж байна. Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, бүтээлч байх боломжийг бүрдүүлэх үүднээс нийгмийн баялагаас хишиг, хувь хүртээх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг тогтмол олгож байна.

    Өмнө нь 120.000 төгрөг  олгосныг Та бүхэн маань авсан байх гэж бодож байна. Цаашид сар бүр олгож байгаа 21.000 төгрөгийг өрхийн бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжиын зориулалтаар ах дүү хамаатан садан, өрх гэр найз нөхдөөрөө нийлэн хөрөнгө оруулна гэсэн тохиолдолд бөөнөөр нь өгч болох асуудлыг Засгийн газар судалж байна. Энэ мэтээр 500.000 төгрөгийг ард түмэндээ бэлэн хэлбэрээр олгоно. Харин үлдэх 1.000.000 төгрөгийг боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах болно. 

    Засгийн газрын тогтоол гаргаж, их, дээд сургууль, коллежийн суралцагчийн төлбөрөөс 500,0 мянган төгрөгийг 2011 оны 1 дүгээр сараас “Хүний хөгжил сан”-гаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь манай ард иргэдэд учирч байсан оюутны сургалтын төлбөрийн болон банкны зээлийн дарамтыг багасгаж, тэдний ахуй амьдралд дэмжлэг болохуйц зөв зүйтэй шийдвэр болсныг хүмүүс хэлцгээж байгаа.

    Иргэдийнхээ нийгмийн халамж, хамгааллын асуудлыг цэгцлэх, хурдан шуурхай хүргэх талаар Засгийн газар бодлогоо шинэчилж байна. Улс орны эдийн засгийн чадавхи, хөрөнгө санхүүгийн хэмжээ өсөхийн хэрээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ бодлогын үүднээс 2010 оны 10 дугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар, 2011 оны 4 дүгээр сарын 5 өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөн 30 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлэн өгч байна.

    Засгийн газраас эдийн засаг, нийгмийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлаа товчлон дүгнэхэд ийм байна. Засгийн газарт хийх, хэрэгжүүлэх ажил их бий. Бас цаг хугацаа давчуу, бэрхшээл саад багагүй байна. Гэвч бид зорьсондоо хүрэхийн төлөө ажиллана. Үүний тулд захиргааны шинэтгэлийг эрчимжүүлж, төрийн албыг чадавхижуулах, иргэдэд ойр, түргэн шуурхай болгох талаар шат дараатай арга хэмжээ авах болно.

                        Эрхэм хүндэт Хан Хэнтийчүүд ээ,

    Хан Хэнтийчүүд маань буурал түүхийн шар хуудаснаа мөнхрөн үлдсэн арвин баялаг түүхтэйгээс гадна алдартан гавъяатан олноор төрсөн сайхан нутаг билээ. Тухайлбал, Улсын баатарШ.ГонгорХ.ДамбаЭ.Бат-үүл, Хөдөлмөрийн баатар Ц.Чойдорж,Л.Дамдинсүрэн, УИХ-ын гишүүнБ.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Н.Ганбямба, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх зэрэг улс төр,урлаг соёл хөдөлмөрийн олон алдартнууд төрөн гарсныг Монголчууд бид сайн мэдэх билээ.

    Хувьсгалч, баатарлаг, хөдөлмөрч уламжлалаараа Та бүхэн улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглье. Одоо шинэ зууны Хэнтийчүүд Та бүхнийг XXI зууны монголын их бүтээн байгуулалт сорихоор угтаж байна. Та бүхэн их бүтээн байгуулалтын талбарт ажиллан түвшин сайхан амьдралаа цогцлоох учиртай.

    Хан Хэнтий нутгаа хөгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд Та бүхэн болон аймгийн удирдлагууд багагүй зүтгэл гарган ажиллаж байгааг харахад таатай байна. Өлзийт тосгоны Атарчандгана компанийн 1000 үнээний фермийн үйл ажиллагаатай танилцаж, бусдад үлгэр дууриал болох сайн эхлэл байгааг харлаа. Тус аймаг өөрийн онцлогт тохирсон “Хэнтий аймгийн хөгжлийн цогц хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.

     2009 оноос эхлэн Хэнтий аймаг санхүүгийн хувьд бие даан ажиллаж улсын төвлөрсөн төсвөөс санхүүгийн дэмжлэг авахгүйгээр орлогоо өөрсдөө бүрдүүлдэг болсон. Одоо айл өрх бүрийг амьдралын хангалттай эх үүсвэртэй болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Айлаас гуйж, алгаа тосохгүйгээр амьдралаа залгуулна гэдэг иргэн хүний нэр төрийн хэрэг төдийгүй эрх чөлөөтэй байхын үндэс юм. Та бидний сонголт үүний төлөө байна. 

    “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас олгосон зээлээр танай аймагт 23 аж ахуйн нэгж шинээр байгyyлагдаж, 57 аж ахуйн нэгж үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөтгөж, шинээр 242 ажлын байр нэмэгдүүлжээ. Үүнд танай аймагт ”Жижиг дунд бизнесийн дэмжих сан” байгуулж банкаар дамжуулахгүй, хүүгүй эргэлтэнд оруулсан тэрбум гаруй төгрөгийн хувь нэмэр их байгааг хэлэх нь зүйтэй. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-д зээлийг хүрэх ёстой эзэнд  нь хүргэж ажиллах хэрэгтэй байна. Ийм боломж ч бий.  

    Аймаг орон нутгийн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд анхаарч БНСУ-ын Тайжон хотын Хан Мин Их сургуульд жил бүр 20 оюутан, БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий боловсролын сургуульд 10 хүүхэд сургах болсон зэрэг олон бүтээлч ажил хийж, санаачлагатай ажилласныг дэмжиж байна. Орон нутагт хөгжлийг авчрах шинэ цагийн боловсон хүчин нэн чухал. Хөгжсөн хүн л улс орноо, орон нутгаа дэвшилд хүргэнэ. Эдгээр амжилт ололтуудаа цаашид бататгаж, нутаг орны хөгжил ард иргэдийн амьдрал, нийгмийн тулгамдсан олон асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж ажиллахыг хүсье. Үүнд орон нутгийн төрийн байгууллагын үүрэг нэн чухал гэдгийг хэлье.

    Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад Та бүхэн анхаарч тендэр шалгаруулалтыг ил тод явуулах, хяналтыг сайжруулах зорилгоор иргэний нийгмийн төлөөллийг ажлын хэсэгт оруулдаг болжээ. Мөн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэний нийгмийн төлөөллийг багтааж, хэлэлцэж буй асуудлынхаа талаар орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа талаар нутгийн удирдлага танилцууллаа.

    Хэнтий аймгийн Засаг даргын Ерөнхий сайдтай байгуулсан гэрээний биелэлт боломжийн түвшинд байгаа. Гэхдээ гэрээний биелэлт ард иргэдэд хүрч, хүлээн зөвшөөрөгдөж байж үнэн бодит үнэлгээ болох учиртай. Эцсийн байдлаар иргэд төрийн ажил үйлчилгээнд хэр их сэтгэл ханамжтай байна, амьдралд нь мэдэгдэхүйц нааштай ямар өөрчлөлт гарсан эсэхээр үр дүн нь үнэлэгдэнэ. Хэнтий аймаг 2010 онд мал сүргээ өсгөж, 2.2 сая орчим толгой мал тоолуулсан.Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд манай Хэнтийчүүд бусдаас тусламж ирэхийг урьтал болголгүй өвөл, хаврынхүнд сорилтыг ажилч хичээнгүй хөдөлмөрөөр, өөрсдийн нөөц бололцоогоор даван гардагийг тэмдэглэх ёстой.

    Засгийн газраас аймаг, нийслэлийн 2009 оны ажлыг дүгнэхэд Хэнтий аймаг эхний 5-д орсон. Үүний зэрэгцээ улсын тэргүүний загвар сумыг бүс бүрээс шалгаруулж Засгийн газраас 100.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан. Энэ жил Зүүн бүсийн сумдаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум загвар сумаар шалгарсныг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс улс орныхоо загвар сум болж, үлгэр жишээчээр түүх намтраа баяжуулж байгаа Өмнөдэлгэр сумынхандаа Засгийн газрын өмнөөс баяр хүргэж амжилт хүсье. Мөн Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн иргэдийн удаа дараагийн хүсэлтийн дагуу Бор-Өндөрийг сум болгох асуудлыг Засгийн газар хурлаараа хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг асуудлыг удахгүй УИХ-д оруулахаар бэлтгэж байна.

    Хэнтий аймаг “Мянганы зам”–ын хэвтээ тэнхлэг болох Багануур-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай замд бүрэн холбогдож, аймгийн нийт сумд цахилгаан, эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэртэй болсноор тав тухтай орчинд ажиллаж амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдсэн. Үүрэн телефоны 4 оператор бүх сумдад байгуулснаар тус аймгийн холбоо үйлчилгээний хүртээмж сайжирч, дотоод, гадаадтай шууд харилцах нөхцөл бүрдсэн,интернет ашиглах боломжтой болсон. Ийнхүү орон нутгийн хувьд нийгмийн болон хүний хөгжлийн суурь үндэс, үйлдвэрлэлийн дэд бүтэц үндсэндээ бүрджээ. Одоо эдгээр боломжоо ашиглаж, өөрсдийн санаачилга, хөдөлмөр зүтгэлээр сайн сайхан амьдралаа бүтээх нь нэн чухал болоод байна.

    Хан Хэнтийчүүд Та бүхний хөгжлийн бас нэг эх үндэс бол баялаг түүхтэй, онгон дагшин, гоо үзэсгэлэнт байгальтай билээ. Хан Хэнтийн нуруу, Хэрлэн, Онон, Улз, Балжийн гол, Гурваннуур, Аварга тосон, Тарс, Хангал, Хөхнуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Их Монголын буурал түүхийн хуудаснаа мөнхөрч, хүн төрөлхтний Мянганы түүхт хүнээр тодорсон их эзэн богд Чингис хааны амьдрал үйлсийн улбаа мөрийг үндэс мөчир, ширхэг чулуу бүртээ хадгалсан Бурхан Халдун, Хар зүрхний Хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Дэлүүн болдог, Хажуу булаг зэрэг түүхэн дурсгалт газрууд олон байна. Энэ газар орныг түшиглэнаялал жуулчлалыг цогц байдлаар үлгэр жишээ болгож хөгжүүлэх өргөн боломжнэмэгдэж байгаа юм.

    Гэхдээ эдгээр онгон догшин байгалиа хайрлан хамгаалах нь Та бүхний төдийгүй Монгол хүн бүрийн ариун үүрэг гэдгийг онцлон тэмдэглье. Учир нь эдгээр газар нутаг бол уугуул Монгол хүний шүтээн болсон ариун өлгий гэдгийг бид бүгдээрээ мартах учиргүй. Тиймээс “Их эзэн Чингэс-Түүхийн дурсгалт газрууд” хэмээх соёл, түүхийн дурсгалын хөтөлбөрийг санаачлан боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байна. Ажлын хэсэгт манай улсын нэртэй түүхчид, соёл, архелогийн эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс багтаж байгаа.    

    Цаашид өргөн уудам түүхт газар шороо, байгалийн их нөөц баялагтаа тулгуурлан хөдөө аж ахуй,аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлж нутаг ус, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ажиллах боломж нэмэгдлээ. Аливаад сэтгэлээсээ хандаж, амжилт гаргаж, илүүг бүтээж, ихийг хийж, эзэн Чингэс хааныхаа ариун голомтыг сахин хамгаалж, аз жаргалтай амар тайван аж төрөхийн өлзийтэй ерөөлийг Хан Хэнтийн бүх ард иргэдээ хүсэн ерөөе.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Дэлхийн топ 50 их сургуульд суралцах оюутнуудын төлбөрийг Засгийн газар даахаа амлалаа

    Дэлхийн топ 50 их сургуульд суралцах оюутнуудын төлбөрийг Засгийн газар даахаа амлалаа Өөрийн авьяас чадвараар дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах эрх авсан оюутан залуучуудын сургалтын төлбөрийг Засгийн газар бүрэн даахаар боллоо. Энэхүү боломжийг баталгаажуулсан нэгэн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болсон юм. 2008-2010 оны математик, физик, хими, биологи, мэдээллийн технологийн улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан болон олон улсын олимпиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-3 дугаар дамжаанд суралцаж байгаа оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах юм байна. Эдгээр оюутнуудыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзлаа.

     

    Өөрсдийн эзэмшиж буй мэргэжилдээ амжилт гарган, үеийнхнээ манлайлж байгаа эдгээр оюутнуудад хандаж Ерөнхий сайд С.Батболд үг хэлэхдээ өндөр боловсрол, өрсөлдөх чадвартай иргэдтэй улс орон хөгждөг. Тийм ч учраас манай Засгийн газар боловсролын салбартаа онцгой анхаарал тавьж байгаа гээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавиад байгаа гэдгийг тэмдэглэлээ. Мөн оюутан залуучуудын сурах орчныг сайжруулах, хичээл сургуульдаа амжилт гаргах, сурах бололцоог нэмэгдүүлэхийн тулд Налайхын Шивээтийн хөндийд Оюутны хотхон байгуулна, тус хотхоны барилгын ажил эхэлж байгааг ч мөн хэлсэн үгэндээ онцолсон.  

    Өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их сургуулиудад шилдэг залуучуудаа суралцуулахад дэмжлэг үзүүлэх нь Засгийн газрын үүрэг. Харин оюутан, залуучууд та бүхэн дэлхийн эхний 50 их сургуульд тавигдаж буй шаардлагыг ханган инженер, техник, технологи, байгалийн ухааны мэргэжлээр элссэн тохиолдолд сургалтын төлбөр, амжиргааны зардлыг Сургалтын төрийн сангаас олгох болно гэдгийг Засгийн газрын тэргүүн энэ уулзалтын үеэр дуулгалаа. Оюутнуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургах, тэдний тоог нэмэгдүүлэх, шалгаруулалтыг нээлттэй, шударга явуулдаг байхад Засгийн газраас анхаарч байгаагийн нэг илрэл нь улсын чанартай олимпиадуудад амжилт гаргасан оюутан залуучуудад ийм баталгаа олгож байгаа явдал юм. Та бүхэн энэ эрхийг өөрийн авьяас чадлаараа олж авлаа.

    Одоо үр дүнг нь үзэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд дэлхийд нэр хүндтэй сургуульд мэргэжил эзэмшээд эх орндоо эргэн ирж ихийг бүтээхийг хүслээ. Гадаадын их, дээд сургуульд суралцагчдад Сургалтын төрийн сангаас 16 мянган ам.долларын тэтгэлэг үзүүлдэг. Харин дэлхийн топ 50 сургуульд суралцах эрх авсан оюутнуудын төлбөрийг энэ тоонд хязгаарлахгүй, тэтгэлгийг нь бүрэн олгоно. Энэ талаар асуудал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг БСШУ-ы сайдад үүрэг болголоо.

    Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Корнеллийн их сургуульд элссэн МУИС-ийн математик, компьютерийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Э.Энхзаяад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр сурах батламжийг нь гардуулсан юм. Мөн Засгийн газрын тэтгэлгээр өндөр хөгжилтэй орны 50 их сургуульд суралцах боломж олгосон захидлыг манлайлагч оюутнууд Ерөнхий сайдаас хүлээн авлаа.

    Энэ жил ямар нэгэн шалтгаанаар сургуульд элсэж чадахгүй хоцорсон ч энэхүү батламж ирэх жил ч мөн хадгалагдана, тиймээс ийм сайхан боломжийг алдах эрх та бүхэнд байхгүй, хичээн суралцаарай гэж БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хэллээ. Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх авсан, улсын олимпиадуудад эхний гурван байр эзэлсэн эдгээр 44 оюутан дэлхийн топ 50 их сургуульд хандан суралцах хүсэлтээ тавихад Засгийн газар ийн санхүүжилтийн баталгаа гаргаж өгч байгаа нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах авьяаслаг залуучуудад олгож буй том боломж гэдгийг уулзалтад оролцсон эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байсан юм.

    Тухайлбал, АНУ-ын Корнеллийн их сургуульд элссэн Э.Энхзаяагийн ээж Ч.Баярмаа “Аав бид хоёр нь хүүгийнхээ ихийг сурах хүсэл эрмэлзэлд нь яаж дэмжлэг үзүүлэх вэ гэж их боддог байсан. Бид яаж хичээгээд ч дэлхийн том сургуулийн сургалтын төлбөрийг дийлэхгүй. Оюуны өндөр чадавхитай хүүхдүүдээ төр засгаас ийн дэмжиж, сургалтын төлбөрийг нь дааж байгаад маш их баяртай байна” гэж телевиз, сонины сэтгүүлч, сурвалжлагчдад ярилцлага өгөхдөө хэлж байлаа

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд алтан мөрдөстнүүдэд хүндэтгэл үзүүллээ

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд алтан мөрдөстнүүдэд хүндэтгэл үзүүллээМонгол Улсад цэргийн цол-генерал цол бий болсон өдрийг тохиолдуулан Засгийн газрын тэрүүн С.Батболд 2011 оны 4 дүгээр сар 28-ны өдөр генералуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий гэдэгчлэн тэрхүү цэрэг эрсийн мөрөөдлийг бодит  биелэл болгож чадсан генералууд та бүхнээр цэрэг эрс, Монголчууд бид үргэлж бахархдаг хэмээн Ерөнхий сайд С.Батболд алтан мөрдөстнүүдтэй уулзах үеэрээ тэмдэглэлээ.

    Улс орныхоо аюулгүй байдал тусгаар тогтнолын төлөө энхийн манаанд зогсч байгаа эрхэм генералууд та бүхэн энэхүү өндөр хариуцлагатай үүрэг, нэр төрөө өргөж явахын зэрэгцээ цаашид улс орны хөгжил дэвшил, батлах хамгаалахын шинэчлэлд өөрсдийн хувь нэмрийг оруулан, хойч үе шинэ залуу офицеруудад арга туршлагаа харамгүй хайрлаж, биднийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна. 10 дахь жилдээ тэмдэглэж байгаа түүхэн өдрийг тохиолдуулан Монголын төр эрхэм генералууд та бүхэнд хүндэтгэл үзүүлж, энэхүү ариун, нэр хүндтэй үйлсэд тань  өндөр амжилт хүсч, сайн  сайхныг хүсэн ерөөе хэмээн Ерөнхий сайд хэллээ.  

     

    1944 онд шинээр нэвтэрсэн  генерал цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай  гавъяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж анхны 11 хүнд олгосноос хойш эдүгээ энэ эрхэм хүндэт цолыг 155 хүн хүртээд байгаа ажээ. Монгол Улсын генералууд эрх орон, улсын хил хязгаараа батлан хамгаалах, аюулгүй байдал нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд урьдын адил өөрсдийн хувь нэмрийг оруулах болно гэдгээ “Монгол генерал төв”-ийн тэргүүн хошууч генерал С.Баасанхүү энэ үеэр илтгэсэн бол,Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Л.Моломжамц генералууд биднийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Монгол Улсын генералуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье хэмээлээ.

    Өнөөдөр Монгол Улсын генералуудаас 34 нь Төрийн болон цэргийн ажил үүргээ  гүйцэтгэж байгаа бол 47 генерал нь  бэлтгэл болон чөлөөнийхөө амралтыг эдэлж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын генералуудаас Монгол Улсын баатар 6, Хөдөлмөрийн баатар 2, Гавъяат цолтон 8 төрөн гарсан байдаг юм байна. 

  • 300 ортой Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэг ирэх жил ашиглалтад орно

    300 ортой Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэг ирэх жил ашиглалтад орно Өнгөрсөн жил Нэгдүгээр амаржих газрын засварын хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар богино хугацаанд шийдвэрлэж, иж бүрэн засварлаж ашиглалтад оруулсан. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэр үед энэ бол эх үрсийнхээ төлөө хийх бидний ажлын эхлэл хэмээн тэмдэглэж байлаа. Тэгвэл энэ ажлын үргэлжлэл болж яг нэг жилийн дараа буюу өнөөдөр, 2011 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэгт Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Улаанбаатар хотын удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхан болон уг эмнэлгийг барих “Нийслэл өргөө”, “ПУМА” констаркшнийн удирдлага, барилгачид оролцсон юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шав тавих ёслолын үеэр хэлэхдээ “Төр засаг эрүүл мэндийн салбартаа, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллаж байна. 10 аймагт тус бүр 50 ортой төрөх эмнэлэг барихаар төлөвлөсөн. Барилгын ажил нь одоо эхнээсээ явж байна” гэлээ. Мөн өнгөрсөн жил Нэгдүгээр амаржих газраа шинэчилсэн, одоо дэргэд нь төрөх эмнэлгийн өргөтгөл барьж томсгож байгаа. Гуравдугаар амаржих газрыг энэ онд шинэчилж барихаар холбогдох хүмүүст үүрэг өгөөд ажиллаж байгаа гэдгийг хэлээд сүүлийн 20 гаруй жилд эрүүл мэндийн салбарт ийм том хөрөнгө оруулалт бүхий цогцолбор байгууламж ашиглалтад ороогүй.

    Тиймээс энэхүү арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байна. Монгол Улсын хүн ам сүүлийн жилүүдэд эрс өсч байна. Тиймээс ийм том төв барих гарцаагүй шаардлагатай байгааг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд барилгын ажлыг гүйцэтгэх хоёр компанийн удирдлагуудад, тэдний ажилчдад хандаж эмнэлгийн барилгыг төлөвлөсөн цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулахыг онцгойлон анхаарууллаа. Эмнэлэг, ор хүрэлцэхгүйгээс хүүхдүүд, эхчүүд эмнэлгийн хонгилд ор засан хэвтэн эмчлүүлж байгаад сэтгэл  өвдөж байлаа гэж Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлээд тиймээс бид өнөөдөр ярих биш хийх ёстой байна гэлээ. 

    Өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлах явцдаа 16 хүртлэх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх  35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг эх орондоо барихаар Кувейтийн талтай яриа хэлэлцээр хийж нааштай шийдвэрлүүлэхээр болсон.Мөн БНСУ-д улсад айлчлах үеэрээ тус улсын эрүүл мэндийн  шинжлэх ухааны ололтыг манай улсад нэвтрүүлэхээр ярилцсан. Энэ хүрээнд Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад Үндэсний оношлогооны төв барих болсон. Энэ талаар холбогдох хүмүүс анхаарч ажиллаж байгаа гээд монгол хүн эрүүл, боловсролтой, ажилтай, орон сууцтай байх учиртай. Энэ зорилтын төлөө анхаарч ажиллаж байна. Монгол хүн эрүүл байх нь хамгийн чухал. Иймд манай Засгийн газар эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.

    Эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэл хийх шаардлагатайг Монгол Улсын Ерөнхий сайд тэмдэглэж, ажил хэрэг болгох үүргийг өгөөд байгаа. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас тус салбарт хийх цогц шинэчлэлийн төлөвлөгөөг баталж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр нааштай ахиц гарч эхэлсэн. Өнөөдөр шаваа тавьсан Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэг ч энэ хүрээнд хийгдэж буй ажлын нэгэн чухал хэсэг юм. Хан-Уул дүүргийн Яармагийн дэнжид сүндэрлэх найман давхар, 300 ортой энэхүү Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэгийн барилгын ажлыг ирэх жилийн дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөсөн бөгөөд улсын төсвөөс 19 тэрбум төгрөг төсөвлөжээ. Уг эмнэлэг нь Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийн дагуу баригдаж байгаа бөгөөд энэ орчмыг эрүүл мэнд, спорт олимпын цогцолбор болгох зорилт тавьжээ

  • Хүний эрхийн комисс илтгэлээ өргөн барилаа

    Хүний эрхийн комисс илтгэлээ өргөн барилаа Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэлийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод тус комиссоос  өнөөдөр өргөн барилаа.Энэ удаагийн илтгэлээрээ тус комиссын 2002-2010 онд гаргасан 9 илтгэлийн санал зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэсэн нь онцлогтой гэж Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж  уулзалтын үеэр онцлон тэмдэглэж байв. Мөн түүнчлэн энэ илтгэлээрээ Хүний эрхийн үндэсний комисс УИХ , Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад хандан  долоон санал, зөвлөмж гаргасан юм байна.

    Тэдгээр санал зөвлөмжид өмнөх илтгэлд дурьдагдсан санал зөвлөмжүүдээс хэрэгжээгүй болон хагас биелэлттэй байгаа зүйлүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээг яаралтай авахыг дурдсаны зэрэгцээ Хүний эрхийн конвенцын биелэлтийн талаарх Засгийн газрын илтгэлд өгсөн зөвлөмж, Хүний эрхийн комиссын хүний эрх, эрх чөлөөний илтгэлд дурдсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад шаардагдах  хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн тухай хуульд бололцоогоороо тусгаж байхыг дурдсан  хэмээн Ж.Бямбадорж дарга ярилаа. Ийм илтгэл жил бүр гарах ажээ

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    засгийн газрын хуралдаанБАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО    

    Засгийн газар бага орлоготой иргэдээ орон сууцжуулахад онцгой анхаарч үе шаттай арга хэмжээ авч байна. Иргэд орон сууцтай болох хүсэл их байдаг ч банкны зээлийн хүү өндөр, хугацаа бага, урьдчилгаа төлбөрийн боломжгүй учир ихээхэн хүндрэл учруулж байлаа. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага орлоготой иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах санхүүжилтийн загварыг хэлэлцэн баталлаа.   

     

    Бага орлоготой, анх удаа орон сууцтай болохоор хүсэлт гаргасан иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулахтай холбогдон гарах журмуудыг боловсруулан хамтран баталж, орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахыг сайд С.Баярцогт, Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгав. Үүний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Шадар сайд М.Энхболдод даалгалаа.

    Хөгжлийн банкны эх үүсвэр болон дамжуулан зээлдүүлж байгаа хүү хоорондын зөрүү, Хөгжлийн банкны холбогдох үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг сайд С.Баярцогтод даалгажээ. “Хүний хөгжил сан”-гаас хуваарилагдсан хишиг, хувийг орон сууцны зээлд ашиглах хүсэлт гаргасан иргэнд төлбөрийн дансны бүртгэл хийж, орон нутаг дахь захиалгыг тухайн аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар гүйцэтгүүлэн, биелэлтийг нэгтгэхийг “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн даргад үүрэг болголоо.

    Ипотекийн хоёрдогч зах зээлийг дэмжих үүднээс санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдуулан Монголын Ипотекийн Корпорацид урт хугацаат зээлийн санхүүжилт олгох талаар судалж шийдвэрлэх, “Хүний хөгжил сан”-гаас иргэдийн хишиг, хувийг орон сууцны зээлд ашиглахтай холбогдуулан шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусгахыг сайд С.Баярцогт, Т.Ганди нарт даалгалаа. Шинэ суурьшлын бүсэд орон сууц барихад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авахыг сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭН ТОГТООЛ ГАРГАВ

    “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, ашиглалтад хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнтэй холбогдуулан сумын хөгжлийн сангийн үлдэгдэл хөрөнгийг “Сум хөгжүүлэх сан”-д шилжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх, шинээр ажлын байр бий болгох, үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зарцуулна.

    Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дээд хэмжээ жилд 3 хүртэл хувь, хугацаа нь 36 сар хүртэл байх юм. Сангаас олгох зээлийн хүүгийн орлогын 50 хүртэл хувийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр төсөл сонгон шалгаруулах, зээлийн ашиглалтад хяналт тавих ажлыг зохион байгуулахад зарцуулж болно. Үлдэх хувийг сангаас олгох зээлийн эргэлтийн хөрөнгө болгож ашиглахаар журамд тусгасан байна. Сангаас зээл авч төсөл хэрэгжүүлэх этгээд нь тухайн сумандаа бүртгэлтэй, Сум хөгжүүлэх сан болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өмнө нь авсан зээлийн өргүй, зээлээ зориулалтын дагуу ашиглаж хугацаанд нь төлөх чадвартай байх ёстой юм. Мөн журмаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг, Засаг даргын чиг үүргийг нарийвчлан тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    НӨӨЦӨӨС УЛААН БУУДАЙН ҮР ӨГНӨ

    2011 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс улаан буудайн 5100 тонн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, борлуулалтын орлогоор нь энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэхээр болов. Улаан буудайн нэг тонн үрийг 560 мянган төгрөгөөр худалдах чиглэл баримтлахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

    Энэ хавар манай улс 281,2 мянган га талбайд үр, үүнээс 276,4 мянган га уриншийн талбайд улаан буудай тариалах юм. Үүнд 46,8 мянган тонн үр шаардлагатай. Өнгөрсөн онд 36,8 мянган тонн улаан буудайн үр нөөцөлсөн бөгөөд дутагдаж байгаа 10 орчим мянган тонн үрийг дотоодоос бүрэн хангах боломжтой гэж салбарын яам тооцоолжээ. 2010 онд манай улс 344,5 мянган тонн улаан буудай хураан авч, 276,4 мянган га талбайд дэвшилтэт технологиор, чанар сайтай уринш боловсруулж хаврын тариалалтад бэлтгэжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

    “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хуулийн зарим зүйл, заалтын талаар санал ирүүлсний дагуу судалгаа явуулж,  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийг нутаг дэвсгэрийн байршил, согтууруулах ундааны агууламжийн зэрэглэл зэргээс хамааруулан ялгаатай байхаар тусгажээ.  

    Тухайлбал, спиртын өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд нэг сая төгрөг, аймгийн төвд 600 мянга, сумдад 300 мянга, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн төвд 200 мянга, сумдад 100 мянган төгрөг байхаар боллоо. Мөн спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 300, аймгийн төвд 200, сумдад 100 мянга, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 100, аймгийн төвд 70, сумдад 40 мянган төгрөг байхаар тусгажээ.

    Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон бодисуудыг импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг 10 сая төгрөг болгож , бусад химийн бодис экспортлох, импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналын дагуу тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар тэмдэгтийн хураамжийн зарим хувь хэмжээг холбогдох тооцоо судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлог, хүрээ зэргийг харгалзан нийтлэг бус ялгавартай байдлаар тогтоох нөхцөл бүрдэх юм.

    ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хурлын Байнгын хороотой хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Байнгын хороо дэмжсэн тохиолдолд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болжээ. Төсөл нь “Дээд боловсролын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах, Дээд боловсролын засаглал, менежмент, санхүүжилтийг сайжруулах, Тэгш байдал ба хүртээмжийг сайжруулах” гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй юм.

    Төслийн хүрээнд дээд боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулж, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандарт тогтоон, хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх юм байна. 2016 оны 11 дүгээр сарын 30 хүртэл хэрэгжүүлэх энэ төсөлд Азийн хөгжлийн банкны 20 сая ам.доллар зарцуулах бөгөөд зардлын 90 хувийг Азийн хөгжлийн банк, 10 хувийг Засгийн газар гаргахаар төлөвлөжээ.

    Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдэх хугацаанд жилийн 1,5 хувь байх юм. Манай улс өрсөлдөх чадвараараа 2011 онд 139 орноос 99 дүгээр байранд орж өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй дээшилсэн ч дотоодын сургалт, судалгааны төвийн боломж, бололцоогоороо сүүл мушгиж, дээд боловсролын системийн болон удирдлагын чанараар 135-136 дугаар байрт оржээ.

    Энэ нь эдийн засгийн хурдацтай өсөлт, уул уурхайн салбарын хөгжлийг дагасан чадварлаг боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангахын тулд дээд боловсролын системийг шинэчилж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх чадвартай сургалт бий болгох зайлшгүй шаардлагатай болсныг харуулж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    БОР-ӨНДӨР ХОТЫГ СУМ БОЛГОХЫГ ЗАРЧМЫН ХУВЬД ДЭМЖИВ

    Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөр хотыг салгаж, шинээр Бор-Өндөр сум байгуулахыг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дархан сумыг хэвээр үлдээж, шинээр Бор-Өндөр сум байгуулах тухай Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсан байна. Мөн Хэнтий аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гурван гишүүн ч энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

    Дархан сумын 2008 оны орон нутгийн сонгуулийн мандатыг хуваахдаа 1908 хүн амтай 1,2,3,4 дүгээр багт тус бүр нэг, үлдсэн 21-ийг нь 9311 хүн амтай 5 дугаар баг болох Бор-Өндөрт өгсөн байна. Дархан сумын дээрх багууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, хүн амын тоонд нь бус, газар нутгийн хэмжээнд хуваах ёстой гэсэн шаардлага тавьж, орон нутгийн хурлын сонгуульд оролцоогүй юм. Үүнээс болж сумын иргэд хоорондоо талцаж, сонгуулийн асуудлаас үүссэн маргаан эцэслэн шийдэгдэлгүй өнөөг хүрчээ.

    Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх гэхэд тухайн үеийн орон нутгийн сонгуулийн тойрог, салбар хэсгийн хороод татан буугдсан учир боломжгүй, шинээр байгуулагдсан тойрог, салбар, хэсгийн хороод шийдвэр гаргавал шүүхийн байгууллага хүчин төгөлдөр бус гэж үздэг юм байна. Иймд Хэнтий аймаг, Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ.

    САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

    Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-2 төслийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Нэмэлт санхүүжилт болох 11 сая ам.долларын зээл нь хүүгүй бөгөөд зээлийн үйлчилгээний шимтгэлд жилийн 0.75 хувийн хураамж төлж, зээлийг 20 жилд багтаан буцаан төлөхөөс эхний 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. 

    11 сая ам.долларын дийлэнхийг Олон нийтийн санаачилга, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага, Бичил санхүүгийн хөгжлийн сан гэсэн бүрэлдэхүүн хэсэгт хуваарилагдаж, орон нутагт дэд төслүүд хэрэгжүүлэхэд зарцуулах юм. “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хүрээнд орон нутагт төсвийн хуваарилалтын төвлөрлийг сааруулах, хөгжлийн чиг хандлагыг анхан шатнаас тодорхойлон гаргаж хөрөнгө оруулалт хийх, хөгжлийн гарцаа тодорхойлох аргачлалыг турших, Засгийн газраас хэтийн бодлогоо тодорхойлоход баримтлах загвар бий болгох юм.

    ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

    “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллан, улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болгов. Төлөвлөгөөг Улсын Их Хурлын тогтоолын заалт бүрээр задлаж нарийвчлан боловсруулсан байна.

    Тухайлбал Багануур, Шивээ-Овоогийн уурхайн болон эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт  болгон тооцох, төвийн бүсийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасын хэмжээгээр компани, уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хаахаар төлөвлөөд байна.

    Мөн хэрэглэгчдэд ирэх ачааллыг хөнгөвчлөхийн тулд 3 жилийн хугацаанд Багануур, Шивээ-Овоогийн уурхай болон төрийн өмчийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасыг бууруулахгүй байх, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануурын болон бусад уурхайг түшиглэн байгуулах, 3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр тусгажээ. Үүний дүнд төрийн өмчийн компаниудын дүнгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдэн, богино хугацаат өр төлбөр, хэрэглэгчдээс авах авлага буурна. Мөн төлбөр барагдуулах чадвар нэмэгдэж, компаниудын санхүүгийн байдал эрүүлжинэ гэж Засгийн газар тооцоолж байна.

    АМРАЛТЫН ӨДРӨӨ АЖИЛ ХИЙЖ ИДЭВХТЭЙ ӨНГӨРҮҮЛЬЕ   

    Жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгох талаар гаргасан уриалгаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 786 мянга гаруй хүн байдаг бөгөөд нэг хүн жилдээ нийтээр тэмдэглэх баяр, ээлжийн болон амралтын бусад өдөр гээд 130 өдөр амардаг байна. Энэ нь нэг жилийн бүх өдрийн 34.5 хувийг амралт, баяр тэмдэглэхэд зориулдаг гэсэн үг юм.

    Иргэд амарч, баярлаж цэнгээд байх бус, харин нийгмийн сайн сайхны төлөө жилд ганцхан өдөр сайн дураараа хөдөлмөрлөхөд 12,5 тэрбум төгрөгийн баялаг бүтээж чадна гэсэн тооцоо гарсан байна. Иймээс нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот, сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийхэд зарцуулъя гэж төрийн бус байгууллагууд, иргэд цөөнгүй удаа Засгийн газарт ханджээ.

    Саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Энэ дагуу “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийг орон даяар хэвшүүлэн, цаашдаа үндэсний бүтээмжийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөдөлмөрийн харилцааны түншлэгч талуудад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам уриалж байна.  

    “Улаанбаатарын Дулаан цахилгаан станц-5” төслийн талаар ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. 

    НЭГДСЭН ТӨСВИЙН I ДҮГЭЭР УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ

    Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн 1 дүгээр улирлын гүйцэтгэлийг Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 3 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 126.2 хувь, нийт зарлага 71.3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 83.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 517.7 тэрбум төгрөгөөр бага байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3 дугаар сарын гүйцэтгэлээр 904.7 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 187.6 тэрбум төгрөг буюу 26.2 хувиар давж биелсэн байна. Энэ нь 2010 оны мөн үеийнхээс 63.1 хувь буюу 349.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

    Нэгдсэн төсвийн нийт зарлага 1,151.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс 821.5 тэрбум төгрөгийн буюу 71.3 тэрбумын гүйцэтгэлтэй гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 23.7 хувь буюу 157.4 тэрбум төгрөгөөр өссөн нь “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд олгох бэлэн мөнгө нэмэгдсэн, оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох болсонтой холбоотой байжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.    

    Засгийн газрын хуралдаанаар мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотын эрчим хүчний 5 дахь эх үүсвэр, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын чиглэл, Үндэсний их баяр, наадмыг зохион байгуулахад шаардагдах зардал зэрэгтэй танилцаж байна.

    ТОВЧ МЭДЭЭ

    • “Саарал чоно хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханд уламжлахаар тогтлоо. Тоо толгой нь эрс цөөрч байгаа учир салбарын сайдын тушаалаар зарим аймаг, сумын нутагт саарал чоно агнахыг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай хориглосон. Иймд байгалийн тэнцэл алдагдах, байгалийн нөөцийн хомсдлоос сэргийлэх зорилгоор саарал чоныг хамгаалах, говь, тал, хээрийн бүсэд чоно, үр төлийг нь агнах, барихыг хориглосон бие даасан хууль гаргалгүйгээр одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзсэн байна.
    • Жүдо бөхийн дэлхийн цом, дэлхийн мастеруудын тэмцээн, “Астана-Алма-Ата-2011” Азийн өвлийн спортын VII наадам, “Гуанжоу-2010” Азийн паралимпийн Xнаадам, казах-күрес, сумо бөхийн дэлхийн аварга, кураш бөх, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, таэквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 46 тамирчин, 18 дасгалжуулагчид мөнгөн шагнал олгохоор тогтлоо.
    • “Ус ба ойн тогтвортой менежмент” сэдэвт Ази, Европын уулзалтын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг 2011 оны 10 дугаар сарын 10-11-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.