Ангилал: Uncategorized

  • Бид азтай ард түмэн

    Өргөн уудам газар нутагтай, хөрсөн дороо эрднэсээр дүүрэн,уул уурхай,эрчимжсэн мал аж ахуй,газар тариалан өндөр хөгжсөн Австрали Улс Монгол  орныг “байгалийн түншээ” хэмээн сонирхож байна. Өөрөөр хэлбэл, бурхнаас заяасан баялгаа зөв зохистой ашиглах, хүнээ чадавхтай, улсаа хөгжилтэй болгох Монгол УлсынЗасгийн газрын бодлогыг дэмжсэн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна гэдгээ Австралийн тал бүхий л түвшиндээ илэрхийлж байна. Энэ ч утгаараа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 39 жилийн түүхэнд анх удаагийнх болж байгаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албан ёсны айлчлалдтэд ихээхэн бэлтгэсэн, өндөр ач холбогдол өгч байгаа нь үйл явдлын өрнөлөөс илт харагдаж байна.

    Эдийн засгийн хүчин чадлаар улсдаа тэргүүлдэг Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч  хатагтай Мари Башир Ерөнхий сайд С.Батболд, гэргий Х.Отгонтуяа нарыг хүндэтгэн барьсан үдийн зоогт Австралийн хөгжлийн зүтгүүр болсон бизнесийн томчууд, нөлөө бүхий улс төрчид, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж бүтэн 2 цагийн турш мужийн захирагчийн тансаг ордон Монголоор амьсгалав. Австралидаа нэр хүндтэй, муж улсаа чадварлаг удирддаг хэмээн үнэлэгдсэн хатагтай Мари Башир зочноо хүндэтгэн хэлсэн үгээ “Монгол Улс бол бахархам түүхтэй гайхалтай орон. Би нэг удаа очоод л шууд сэтгэл татагдсан.

    Монгол хүмүүс найрсаг сайхан сэтгэлтэй бас ухаалаг авъяастай. Энд хүрэлцэн ирсэн бүх Австрали хүнийг би Монголд зочлон очиж нүдээр үзээрэй гэж хэлэх байна” хэмээн эхлэв. Мөн Австралид мэргэжил эзэмшсэн цөөнгүй монголчууд байгаа. Одоо ч сурч байгаа. Монголд элэгтэй Австрали хүн олон байдаг. Тэд хоёр улсын харилцааны гүүр болж эдийн засаг худалдаа, боловсрол, эрүүл мэнд хүмүүнлэг гэх мэт олон салбарт идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломж бий. Бид та бүхэнтэй найрсаг харилцахдаа чин сэтгэлээсээ баяртай байх болно  гэж хатагтай Мари хэлээд “Ерөнхий сайд Батболд Таны айлчлалд амжилт хүсье. Дахин дахин манай оронд ирээрэй” гэлээ.

    Засгийн газрын тэргүүн хариу талархал илэрхийлж хэлсэн үгэндээ хоёр талын сонирхлыг хүндэтгэсэн харилцан ашигтай түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү анхны айлчлал ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байна гээд Сидней хотод болсон Бизнес форумд уул уурхай, хөдөө аж ахуй, төслийн гээд олон салбарын төлөөлөл бүхий томоохон хөрөнгө оруулагчид оролцсон ажил хэрэгч  чухал арга хэмжээ болсныг тэмдэглэлээ.

    Ингэхдээ байгалийн баялаг ихтэй өргөн уудам газар нутагт  эрх чөлөөтэй амьдарч байгаа Монгол Австрали хүмүүс азтай хүмүүс. Энэ баялгаа иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө зөв ашиглах учиртай. Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого барьж байна гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Мөн Монгол хүнийг сургах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх чиглэлээр боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийлээд мужийн захирагч хатагтай Мари Баширыг Монголд айлчлахыг урилаа.

  • Австрали Монгол Улсыг итгэлт түншээ гэж үзлээ

    Австрали Монгол Улсыг итгэлт түншээ гэж үзлээ Монголын Засгийн газар хариуцлагатай уул уурхай, түүний дотор ногоон уурхайг хөгжүүлэх зорилт тавьж байна. Эдийн засгийн үр ашгийг монгол хүндээ хүртээх, түүнчлэн улсынхаа эрх ашгийг хамгаалах нь тэргүүн зэргийн зорилт болж байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр болсон Монгол-Австралийн бизнес форумын нээлтэд оролцохдоо тэмдэглэлээ.

    Тэрбээр цааш нь хэлэхдээ “Монгол, Австрали хоёр улс нь эдийн засгийн бүтцийн хувьд төстэй зүйл ихтэй. Австрали Улс уул уурхайг хөгжүүлэхдээ байгаль орчны нөхөн сэргээлтэд хэрхэн анхаардгийг өчигдөр “Mount owen” нүүрсний уурхайтай танилцахдаа газар дээр нь очиж үзлээ. Бидний хувьд зөвхөн уул уурхай төдийгүй бүх салбарт, тухайлбал, боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломж их байна. Энэ дундаа  боловсон хүчин бэлтгэх Монгол Улсын зорилтод хоёр улс харилцан хамтран ажиллах шаардлагатай байна“ хэмээсэн юм.

    Австралийн тал энэхүү арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь уулзалтаас харагдаж байлаа. Бизнес форумд Австралийн талаас 110 орчим компанийн төлөөлөл ирсний 80 гаруй нь төсөл болон уул уурхайн салбарынхан байв. Тэдгээрийн 30 орчим нь манай улсын компаниудтай идэвхтэй хамтран ажилладаг юм байна. Австралийн компаниуд үйл ажиллагааны танилцуулга хийх үеэр Монголд үйл ажиллагаа эрхэлдэг “Лейтон Холдингс” компани орон нутгийн хөгжилд ихээхэн анхаарч, туслалцаа үзүүлж байгаа талаараа танилцуулж байлаа.

    Уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарын хөрөнгө оруулагчид оролцож олон асуудал хөндөгдсөн бизнес форум боллоо. Форумын явцад Австралийн тал манай улсыг итгэлт түншээ гэж үзлээ. Ардчилал тууштай хөгжсөн, хямралыг амжилттай давж, хөрөнгө оруулалтын хувьд таатай эрх зүйн орчин бүрдсэн учир хамтын ажиллагаагаа өрнүүлэхэд татгалзах зүйлгүй гэдэг нь мэдэгдэж байна.

    Түүнчлэн Австралийн тал уул уурхайн салбарт хамгийн дэвшилтэт технологийг Монголд оруулахад бэлэн гэдгээ  илэрхийлсэн юм. Тэд нэг талаас манай улсыг бизнесийн түншээ гэж үзэж байгаа ч нөгөө талаас өрсөлдөгчөө хэмээн харж байгаа нь уулзалтын явцад харагдаж байлаа.

    Форумын үеэр дэлхийд нэр хүнд бүхий санхүүгийн мэдээллийн агентлаг болох “Блүүмберг”-ийн сэтгүүлч “Том төслүүдийнхээ IPO-г хэзээ яаж хийх вэ, хэдийд зарлах вэ “гэсэн асуулт тавьсан юм. Энэ асуултад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Энэ онд багтаах бодолтой байна. Одоо дэлхийн тэргүүний 55 байгууллагын саналыг судалж байна. Шалгаруулсны дараа ажил эхлэнэ. Тухайн чиглэлийн мэргэжлийн байгууллагууд тухайлбал, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компани бэлтгэл ажлаа амжилттай явуулж байна” хэмээн хариуллаа

  • Орон сууц амьдралынх нь баталгаа болдог

    Орон сууц амьдралынх нь баталгаа болдог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дараа нь Сингапурын нийтийн орон сууцны үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Сингапурын “Орон сууц ба хөгжлийн зөвлөл” нь хүн амд зориулан орон гэр барих асуудлыг хариуцдаг юм байна. Байгуулагдсанаас хойшхи 50 жилийн хугацаанд хүн амын 80 гаруй хувь нь амьдарч буй 990 мянган орон сууцыг барьж чаджээ. Оршин суугчдын 95 гаруй хувь нь орон сууцаа өөрийн болгосон байна.

    Сингапур Улсын олон нийтийг орон сууцжуулах хөтөлбөр амжилттай болсны шалтгааныг Засгийн газрын хүчтэй дэмжлэг, орон сууц авах схем, цогц хотхоноор хөгжүүлэх, өмчийн менежмент зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Нийтийн орон сууцыг худалдан авахад төвлөрсөн тэтгэврийн сангийн хадгаламжаа ашиглахыг 1968 онд Засгийн газар зөвшөөрсөн нь орон сууц авах томоохон давалгааг бий болгожээ. Өнөөдөр орон сууц авах схемээр орон сууцанд амьдрагчдын 90 гаруй хувь нь өөрийн байраа өмчлөх боломжтой болсон байна.

    Сингапурын энэ жишээг гадны улсууд авч хэрэгжүүлсэн тохиолдол бий юу гэсэн Монгол Улсын Ерөнхий сайдын асуултад “ Манай улс 1960-1980 оны үед танай улсын яг одоогийн байдлыг амсч байсан. Ер нь Засгийн газрын зээл тусламж, хөрөнгө оруулалтын сангуудын дэмжлэг, ард түмний өөрсдийн сэтгэхүй орчин их чухал үүрэгтэй юм билээ. Үүнд мэргэжлийн байгууллагын менежмент чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Орон сууц өөрийн дулаан гэр орноос гадна амьдралын баталгаа болох нөхцлийг бүрдүүлж өгснөөрөө энэ ажил амжилттай болсон” гэдэг тайлбарыг холбогдох мэргэжилтнүүд нь өгч байв

  • Нүүрсний уурхайн тэдний туршлагаас суралцана

    Нүүрсний уурхайн тэдний туршлагаас суралцана Монгол Улсын Ерөнхий сайд Австрали улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь хоёр улсын харилцааны түүхэн дэх анхны айлчлал юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Австралийн “Экстрата” компанийн “ Mount Owen” нүүрсний уурхайтай танилцахдаа манай улсын уул уурхайн салбарт ч гэсэн хариуцлагатай уул уурхай гэдэг шалгуур тавигдах ёстой. Энэ салбарт тэдний туршлагаас суралцана  хэмээн хэллээ. “Австрали улс уул уурхайн орон гэдгээрээ алдартай.  Рио Тинтогоос эхлээд олон том компани бий. Үүн дотроо “Экстрата” компанийн нүүрсний уурхай олон чухал онцлогтой. Энэ уурхай манай Таван толгойн ордтой технологийн хувьд их төстэй гэж ярьж байна. Нүүрсний дэд бүтэц, зохион байгуулалт, маркетинг, менежмент гээд олон асуудлыг амжилттай шийдэж байгаа нь бидний анхаарлын татаж байгаа юм.

    Зөвхөн энэ талбайгаас 80 сая орчим шороо зөөж байж найман сая тонн нүүрс гаргаж авсан гэж байна. Энэ бол нүүрсний хувьд томоохон үйл ажиллагаа. Манайхан энэ туршлагыг хуваалцах, өөрсдөө зохион байгуулж олборлолт, борлуулалт хийх боломжтой. Энд компаниуд нь гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг гэж сонслоо. Тиймээс манай улсын Таван толгой мэтийн уурхайнууд нүүрс олборлоход ямар зохион байгуулалт, маркетинг, менежменттэй ажиллах ёстой юм гэдгийг харж болно.

    Эднийх манай говийн аймгуудтай бүтцийн хувьд их төстэй юм. “Экстрата” компани уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж хэрэглэж, аюулгүй ажиллагааг хангаж, уул уурхайн салбарын хөгжилд ахиц гаргаж байгаагаараа шалгарсан гэж байна. Ер нь дэлхийд уул уурхайн компаниудад маш өндөр шаардлага тавигдаж байгаа. Ялангуяа,байгаль орчны талаасаа, нийгмийн идэвхтэй оролцооны асуудал чухлаар тавигдах болсон. Ийм шаардлага, технологийн тал дээр амжилттай ажиллаж байгаа компани гэж байна. Манай улсын уул уурхайн салбарт ч гэсэн хариуцлагатай уул уурхай гэдэг шалгуур тавигдах нь тодорхой” хэмээн дүгнэсэн юм.

    Тус уурхай нь Австралийн хэмжээнд байгаль орчин болон аюулгүй байдлын стандарт нормыг хамгийн сайн хангасан уурхайнуудын нэг аж. Жилд 15 сая тонн нүүрс олборлодог бөгөөд үүнийхээ дийлэнх хэсгийг боловсруулж, хагас коксжсон хэлбэрээр Зүүн Азийн орнуудын төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг юм байна. Австрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Сидней хотноо суралцаж, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана

  • С.Батболд: Сингапураас туршлага судлах, дэмжлэг авах асуудал их байна

    С.Батболд: Сингапураас туршлага судлах, дэмжлэг авах асуудал их байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад айлчилж байх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    -Эрхэм Ерөнхий сайдаа Сингапур улсад та албан ёсны айлчлал хийж байна. Та айлчлалынхаа талаар сэтгэгдлээ хуваалцахгуй юу ?

    Сингапур бол харьцангуй бага хугацаанд хөгжиж чадсан, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараараа тэргүүлж  яваа улс. Монгол Улсын хувьд Сингапурын хөгжил, дэвшлээс суралцах зүйл их байна. Тийм учраас олон салбар дээр хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ улсын олон салбар дэлхийн түвшинд хүрч, хөгжиж чадсан. Тухайлбал Сингапур хүний эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, сургалтын чанар, орон сууцны барилгажилт хөтөлбөрийн тогтолцоо нь маш өндөр түвшинд байна. Ер нь Сингапурын мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжил нь маш өндөр.Энэ нь иргэдээ хөгжүүлэх бодлого барьж ажилласан Сингапурын Засгийн газрын бодлоготой холбоотой юм.

    Сингапурт баялаг байхгүй, манайх шиг өргөн уудам газаргүй. Зөвхөн хүнээ хөгжүүлэх, түүн дээр суурилаад улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг Сингапур улс барьж байна. Үүний нэгэн адил Монгол Улсын Засгийн газар хүнээ хөгжүүлэх бодлогод тэргүүн зэргийн анхаарал тавьж байгаа. Хүнээ хөгжүүлнэ гэдэг маань ерөнхий зүйл биш. Энэ нь нэгдүгээрт нь эрүүл  хүн , хоёрдугаарт мэргэжилтэй, боловсролтой, чадвартай хүн байх ёстой. Гуравдугаарт иргэд нь аятай тухай орчинд аж төрөх явдал. Энэ бол аливаа улс орны хөгжлийн суурь.Сингапур улс яг энэ асуудлыг маш сайн шийдэж чадсан байна.Тиймээс бид Сингапураас туршлага судлах, дэмжлэг авах асуудлаар Сингапурын Ерөнхий сайдтай уулзлаа.

    Сингапурын Ерөнхий сайдтай хийсэн албан ёсны уулзалт маш ажил хэрэгч, үр дүнтэй боллоо. Сингапурын Ерөнхий сайдын аав нь болох Ли Куан Ю  энэ албыг хашиж байсан. Тэр хүн энэ улсыг дэлхийн хэмжээний улс шиг улс болгосон. Харин хүү нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн, улс орноо амжилттай удирдаж байна. Монгол Улстай олон жилийн найрсаг харилцаатай, Азийн адилхан жижиг орны хувьд хамтран ажиллаж, бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ, таны бодлыг сонирхоё?

    -Сингапур улс анх Кембрижийн сургалтын системийг нэвтрүүлж, энэ нь  үр дүнгээ өгч  маш өндөр түвшинд хүрсэн. Уулзалтын үеэр  бид  энэ тухай  ярилцлаа. Өөрийн оронд чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн тулд багш нарыг Сингапурт сургалтад хамруулах, хамтарсан хөтөлбөр зохион байгуулах асуудал хөндөгдлөө.

    Мөн Сингапурын эрүүл мэндийн салбарт ч хамтран ажиллах тухай ярилцсан. Түүнчлэн Сингапур улс цэвэр усны нөөцийн хомсдолтой. Үүгээрээ  манай улстай адил боловч энэ асуудлыг шийдэж чадсан асар их туршлагтай орон. Манай говийн аймгуудад усны нөөц гэдэг бол тулгамдсан асуудал болоод байгаа. Тийм учраас усны менежментээ сайжруулах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, дахин ашиглах талаар  энд ярилцлаа.

    Сингапур  улс орон сууцны асуудлыг нэлээн сайн шийдэж өгсөн тухай ярьж байна, энэ талаар татэдэнтэй юу ярилцсан бэ?

    -Орон сууцны хангамж гэдэг бол хамгийн чухал асуудал. Өнөөдөр Сингапурын нийт хүн амын 80гаруй хувь нь орон сууцанд амьдарч байна. Үүнд Засгийн газрын дэмжлэгийг маш сайн тусгаж өгсөн байдаг юм байна. Тиймээс манайх эдний туршлагыг судалж, орон сууцны хөтөлбөрөө сайжруулж, засч залруулах хэрэгтэй байна. Холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд энэ айлчлалын бүрэлдэхүүнд явж байгаа. Тэгэхээр тусгай ажлын хэсэг гаргаж, холбогдох хүмүүстэй нь уулзаж, туршлага судалж, өөрийн оронд тохируулан хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.

    Айлчлалын үеэр Сингапурын Орон сууцны зөвлөлтэй хамтран ажиллах асуудлыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд ярьсан. Тийм болохоор Орон сууцны зөвлөлтэй хамтран ажиллах, мэдлэгээ хуваалцах, туршлага солиилцох асуудал нээлттэй. Ер нь орон сууцны асуудал гэдэг бол хөгжлийн гол тулгууруудын нэг байдаг. Сингапурын Ерөнхийлөгч Р.С.Натан  гуайгаас нэгэн сурвалжлагч “Таны Сингапурын хөгжилд оруулсан хамгийн том хувь нэмэр юу вэ” гэж асуухад “Сингапурын ард түмнийг орон сууцаар хангасан явдал маань энэ улсын хөгжилд оруулсан хамгийн том хувь нэмэр” гэж хариулсан гэдэг юм билээ. Тийм учраас би орон сууцны асуудлыг зах зээлийн аргаар, Засгийн газрын оролцоо дэмжлэгтэйгээр нухацтай шийдэх шаардлагатай байна гэж үзэж байгаа.

  • Мэдлэгт суурилсан эдийн засгийг Монгол Улс хөгжүүлнэ

    Мэдлэгт суурилсан эдийн засгийг Монгол Улс хөгжүүлнэ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалаа дүгнэж мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын гол зорилго нь гэж хэллээ. Газар болоод байгалийн баялаггүй мөртөө дэлхийн хэмжээнд хүртэл хөгжиж чадсан Сингапур улсын туршлагаас авах зүйл их байгааг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байна. Иргэдийнхээ тархи руу чиглэсэн бодлогоор энэ улс хөгжилд хүрчээ. Өөрөөр хэлбэль боловсрол дээр нэмэх боловсрол, бас дахин боловсрол гэх зарчмыг хөгжлийн бодлогоо болгосноор амжилтад хүрсэн туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаа нь тус улсын удирдлагуудын манай Ерөнхий сайдтай уулзсан элэгсэг дотно уулзалтуудаас илт харагдаж байлаа. Мөн хөгжлийн хоёр дахь том механизм нь айл болгоныг орон сууцтай болгосноо нэрлэлээ.

    Хиллэдэг хөрш болон  хүн амын тоогоороо манайхтай тун төстэй тус улсын хөгжилд хүргэсэн дээрх хоёр туршлагыг Монголынхоо хөрсөнд шууд авч хэрэгжүүлэх бодлогыг Монгол улсын Засгийн газар барих болно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байна. Сингапур улс дээрх бодлогыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд  30 гаруй жилийг зарцуулсан бол манай улсын хувьд төр засаг иргэд нь хамтраад нэгэн зорилгоор зүтгэвэл үүнээс богино хугацаанд иргэдээ өрсөлдөх чадвартай , хүн амаа орон сууцтай болгох бүрэн боломж харагдаж байна гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. Түүнчлэн Сингапур улс  хөгжилд хамгийн их тус нэмэр болдог шинжлэх ухааны салбарт тус улс ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд ДНБ-ий 2.8 хувийг уг салбарт зориулдаг тухай сонирхолтой мэдээг дуулгаж байлаа. 2015 онд энэ тоогоо 3.9 хувьд хүргэх ажээ.

    Сингапур улс нь 3 сая 500 мянга орчим хүн амтай бөгөөд үүний 500 мянга нь гадны улсын өндөр мэргэжлийн иргэд байдаг юм байна. Мэдлэгт суурилсан эдийн засгийн бас нэг  жишээ энэ бөгөөд манай улс ч эндээс суралцах боломжтойг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр тэмдэглэж байв. Мөн тус улс усны асуудлаа гайхалтай сайн зохицуулж чадсан  нь ч зочдын анхааралд байсан юм. Энэ тал дээр  мөн хамтран ажиллахаар айлчлалын үеэр тохиролцлоо.  Богинохон  хугацаатай ч гэсэн Монгол Улсын засгийн газрын тэргүүний  Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлал ажил хэрэгч, хоер талын харилцааг хөгжлийн шинэ шатанд гаргасан хөгжилд хурд нэмсэн амжилттай айлчлал болж өнгөрлөө хэмээн Засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй уулзах үеээрээ дурьдаад, богцондоо дүүрэн бэлэгтэй буцлаа гэж дүгнэлээ.

    Ерөнхий сайд С.Батболд  айлчлалынхаа хугацаанд тус улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапурын Ерөнхийлөгч С.Р.Натанд бараалхсан.  Мөн түүнчлэн Азидаа тавд ордог Сингапурын хөрөнгийн биржээр зочилж, тус улсын Орон сууцны үзэсгэлэнг үзэж сонирхон ажил хэргийн уулзалтыг ч зохион байгуулав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж чадсан ажил хэргийн айлчлал болж өнгөрлөө хэмээн хоёр тал үзэж байна.

  • Сингапурт сурч, ажиллаж буй монгол иргэдтэй уулзлаа

    Сингапурт сурч, ажиллаж буй монгол иргэдтэй уулзлаа Тус улсад эдүгээ 460 гаруй оюутан суралцдаг аж. Тэдний төлөөлөлтэй Ерөнхий сайд С.Батболд уулзаж, санал бодлыг нь сонсон, дотно яриа өрнүүллээ. Мэдээллийг тэд өдөр тутам авч байгаа ч гэсэн Засгийн газрын тэргүүнээс мэдээлэл сонсоно гэдэг ховор боломж юм. Тийм ч болохоор олон иргэд цуглаж, Ерөнхий сайдаасаа мэдээлэл сонслоо. Хамтарсан Засгийн газар эдийн засгийн их гараан дээрээ ирээд байгааг, олон ажлыг бодит болгох түүхэн чухал цаг үе ирснийг Ерөнхий сайд тэдэнд дуулгаад, энэ их ажилд гадаадад амьдарч байгаа оюутан та бүхний оролцоо чухал гэдгийг тэмдэглэж байв.

  • Монголын тухай үзэсгэлэн нээгдэв

    Монголын тухай үзэсгэлэн нээгдэв Монгол Улсын Ерөнхий сайдын Сингапур улсад хийж байгаа айлчлалын хүрээнд тус үзэсгэлэнгийн нээлт болсон юм. Монголын тухай ойлголтод чухал ач холбогдол бүхий энэ үзэсгэлэнг Сингапурын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй жуулчдын төв Марина Сандс музейд нээжээ. Дэлхийг тойрон аялах чадамжтай энэ үзэсгэлэн АНУ-ын Хюьстон хотоос дөнгөж ирээд байгаа нь энэ байлаа.XIIIзууны үеийн зэр зэвсэг, XVIIзууны үеийн эмэгтэй хүний шарил гэх мэт сонирхолтой 200 гаруй үзмэр тавигдсан байв.

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөөг баталж салбар хороодоо байгуулав

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөөг баталж салбар хороодоо байгуулав

    Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж иргэдээ ажилтай, айл өрх бүрийг орлоготой болгохыг зорьж байна. Ялангуяа өрх бүрийг үйлдвэрлэгч болгож, ажил олгогч бүр 1-ээс дээш ажлын байр бий болгох, залуучууд, 40-өөс дээш насныхан, цэргийн алба хаагчдыг ажлын байраар хангах зэрэг зорилтот тодорхой хүмүүс рүү чиглэсэн бодлого нь энэ жилийн ажлын нэг зорилт юм.

    Жилийн ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд хэдэн хүн ажилтай болсон, удирдлага, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авсан зэргийг голлон авч үзэж байгууллага, албан тушаалтны ажлыг дүгнэх болно гэдгээ ч Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Мөн манайд хэрэгжиж байгаа аливаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн дүнд хэдэн ажлын байр бий болж байгааг ч нарийвчлан үзэх юм.  

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд мэдээллийг ил тод, ойлгомжтой хэлбэрээр иргэд, аж ахуйн нэгжид хүргэхэд яам, холбогдох байгууллагууд онцгой анхаарахыг Ерөнхий сайд сануулж байна. Энэ нь хамгийн энгийнээр хэлэхэд ажил хайж, зээл авахаар хөөцөлдөж байгаа иргэн хаана, хэнд хандахаа, ажил олгогч сул ажлын байрандаа хүн авах захиалгаа хаана өгөхөө мэддэг болгохыг хэлж байгаа хэрэг юм. Энэ талаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих  Үндэсний хорооны анхдугаар хурлын үеэр яригдлаа.    

    Иргэдээ ажилтай, орлоготой болгох нь Засгийн газраас байнга хэрэгжүүлж ирсэн ажил. Гэхдээ байгаа нөөц, боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ нь бодлого, эдийн засаг, нийгэм, бизнесийн байгууллага хоорондын уялдаа муу, ажил нь тэр бүр нээлттэй, ил тод, ойлгомжтой бус, мэдээлэл иргэдэд хүрдэггүй, ялангуяа төрийн бүх шатны байгууллагын хоорондын уялдаа холбоо тун хангалтгүй байгаатай холбоотой гэж Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. 

    Уялдаа холбоо, мэдээлэл дутмагаас болж дэвшүүлсэн зорилт үр дүнд хүрдэггүй, Засгийн газар тавьсан зорилтоо салбарын яамандаа хариуцуулаад орхидог. Энэ нь эцэстээ жилийнхээ ажлыг чанартай зохион байгуулдаггүй, “шоудлаа” гэсэн шүүмжлэл дагуулахад хүргэдэг тухай ч энэ үеэр хөндөгдлөө. Ерөнхий сайд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн ажилтай танилцах үед “Говь” компани 300 хүнийг сургаж ажилд авах зар тараасан ч хүн ирээгүй тухай дурдагдсан. Энэ нь нэг талаар мэдээлэл ил тод, ойлгомжтой бус байгаатай холбоотой гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлж байсан юм. 

    Мөн Оюутолгойд ажиллуулахаар тэтгэлэг өгч сургаж байгаа 2300 хүнийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар тусдаа бүртгэсэн нь яам хоорондын уялдаа, ялангуяа зохион байгуулалт муу байгаагийн илрэл. Иймээс ажил олгогч, иргэдийг хэрхэн холбож, бэлэн байгаа 40 мянган ажлын байранд ажилгүй 40 мянган хүнээ яаж оруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй гэж Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг сануулсан бол яамдууд тусдаа ажиллаад байх биш харилцан уялдаатай байж, нэг нэгнээ нөхөж байх нь зүйтэй. Үүнд илүүтэй анхаарч ажиллахыг Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Х.Ганбаатарт Ерөнхий сайд үүрэг болголоо.    

    Зээл авч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг хэрхэн яаж авах нь ч ойлгомжгүй байгааг засч залруулах шаардлага гарч байна. Өрх, иргэнээ ажилтай, орлоготой болгон улмаар үйлдвэрлэлээ дэмжих нь чухал. Тухайлбал 600 орчим мянган төгрөгийн үнэтэй оёдлын сүлжих машиныг ажиллуулж чадах чадвартай хүнд нь өгчихвөл тухайн айл өдөртөө тодорхой тооны цамц, савхин бээлий оёно. Хамгийн гол нь тухайн өрхийн бүтээгдэхүүнийг авах үйлдвэр, аж ахуйн нэгжтэй холбох нь  чухал байгааг Ерөнхий сайд зөвлөв. Гэрээр бээлий оёх, түүнийгээ борлуулах зах зээл байгаа нь ч хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхантай уулзах үед тодорхой харагдаж байсныг тэрээр дурдлаа.

     Хүмүүсээ ажилтай болгохын тулд ажилгүй хүнийхээ тоог нарийвчлан гарах учиртай. Иймээс аймаг, нийслэл, сум, дүүрэг, багт ямар мэргэжлийн хэдэн хүн ажилгүй байгааг тодорхой болгохоор ажилгүй иргэнийг регистрийн дугаараар нь, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн кодоор нь бүртгэж нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэхээр төлөвлөжээ.    

    Үндэсний хорооны хуралдааны үеэр жилийн ажлын санхүүжилтийн талаар яригдлаа.  

    Энэ жилийн ажлын хүрээнд Засгийн газраас ажлын байр нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг эрс нэмэгдүүлэх юм. Тухайлбал  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Мэргэжлийн боловсролыг дэмжих сан, Япон Улсын 2 үе шатттай зээл, банкуудын чөлөөт үлдэгдэл, бонд зэрэг эх үүсвэрийг сайтар ашиглах, үүнд Монголбанкны оролцоо, хамтын ажиллагаа маш чухал байгааг Ерөнхий сайд онцолж байлаа.

    Их бүтээн байгуулалт дагасан жижиг, дунд үйлдвэр, өөрөө өөрийгөө авч явдаг жижиг, дунд үйлдвэрлэл гэсэн хоёр чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж Сангийн сайд С.Баярцогт хэллээ.

    УИХ-ын чуулганаар баталсаны дагуу Засгийн газар 2 их наяд төгрөгийн баталгаа гаргах эрхтэй болсон. Цаашид “Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн баталгааны тухай хууль”-ийг УИХ хэлэлцэнэ. Мөн эргэлтийн хөрөнгийн зээлийн дэмжлэг үзүүлэхдээ зөвхөн Засгийн газар бүх хариуцлагыг үүрэлгүй тухайн аж ахуйн нэгжтэй ч үүрэг, хариуцлагаа хуваалцах ёстой. Иймээс харилцан 50, 50 хувийн хариуцлага хүлээдэг байх нь зүйтэй. Яамд, аймаг, суманд байх хөдөлмөр эрхлэлт болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон сангийн мөнгийг юунд зориулж байгаа нь ойлгомжгүй учир цаашид нэгдсэн бодлогоор зарцуулдаг болгох хэрэгтэй  гэж тэрээр үзэж байна.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 25-30 мянган ажлын байр бий болгох бололцоотой. Энэ жилийн хувьд өмнөө тавьсан цаг үеийн зорилтоо богино хугацаанд хэрэгжүүлэхэд 360 тэрбум төгрөг шаардлагатай учир санхүүжилтийн асуудлыг шуурхайлахыг салбарын сайд Т.Бадамжунай  хүсч байлаа.

    Иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг төрийн мөнгөний бодлоготой уялдуулж хийх нь үр дүнтэй болно гэж Ерөнхий сайд үзэж байна.

    Монголбанкны хувьд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийг дэмжиж 100 тэрбум төгрөгийн бонд гарган 15 мянган ажлын байр бий болгох боломжтой гэсэн тооцоо хийсэн байна. Гэхдээ бонд гаргах тохиолдолд заавал УИХ-аар хэлэлцүүлэх учир энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй бололтой. Иймээс өөр эх үүсвэр хайх шаардлага гарч мэдэх учир Монгол банк, Сангийн яам хамтран санхүүжилт босгох тал дээр санал, санаачлага гаргаж ажиллахыг Ерөнхий сайд зөвлөж байлаа.

    Хурлаас Үндэсний хорооны Шуурхай удирдлагаар хангах дэд хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Санхүүжилтийн асуудал хариуцсан дэд хорооны даргаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр /орлогч даргаар Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг/, Эрх зүйн орчныг сайжруулах асуудал хариуцсан дэд хорооны даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг томиллоо.

    Үйлдвэрлэлийн бодлогын уялдааны асуудал хариуцсан дэд хороог Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Сурталчилгааны асуудал хариуцсан дэд хороог Х.Ганбаатар, Иргэд, хөдөлмөрчид, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн дэд хороог МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар ахлах болсон байна.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг үр өгөөжтэй, уялдаатай, Засгийн газраас хараат бус явуулах, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах үүднээс Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны болон Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатарыг Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар томиллоо. Энэ нь Засгийн газрын дэвшүүлсэн зорилтыг гардаж зохион байгуулах, хяналт тавих үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн анхны тохиолдол юм.

    Үндэсний хороо сар бүр хуралдан ажлын үр дүнг яам, аймаг, нийслэл бүрээр авч үзэх бол 3 дугаар сард болох хурлаар дэд бүтэц, уул уурхай, зам, тээвэр, эрчим хүчний салбарт хийх ажлын талаар нарийвчлан ярилцах юм.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хаана оршин суудаг, ямар мэргэжилтэй, мэргэжилгүй хэдэн хүнийг ажилтай болгосноор нь бидний ажлыг иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, иргэд оны эцэст дүгнэнэ. Бид сайн ажилласан байгууллага, хүмүүсээ урамшуулж, үр дүнгүй, муу ажилласан төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцно. Төр–үйлдвэрлэгч-иргэн харилцан хамтран ажиллахад төр манлайлах үүрэг гүйцэтгэх ёстой. Иймээс аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд ажиллаж байгаа төрийн албан хаагчид энэ жилийн ажлын гол зохион байгуулагч байх учиртайг Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцгойлон анхаарууллаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    2011 ОН:ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

                Жилийн ажлын хүрээнд хөдөө орон нутагт шинээр байгуулагдсан боловсруулах үйлдвэр болон мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид бий болгосон ажлын байрны тооноос хамаарч татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийн татвар, санхүүгийн ачааллыг багасгах, аж ахуйн нэгжийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах  асуудлыг судлан шийдвэрлүүлнэ. 

    Уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, зам, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөр болон холбогдох тендерийн баримт бичигт үндэсний ажиллах хүчнийг бэлтгэж, ажлын байраар хангахыг тусгайлан заах, хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллах юм. 

    Үндэсний ажиллах хүчнийг бэлтгэх урт хугацааны төлөв хийж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд элсэгчдийг ажил олгогчийн захиалга, санхүүжилтээр сургах тогтолцоонд шилжих, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэргэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын дадлагын бааз байгуулах, тэдгээрт татварын хөнгөлөлт үзүүлэхийг судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. 

    “Монгол мал”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр” болон энэ салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд малчдыг эрсдэлээс хамгаалах, аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Мөн байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгох хөтөлбөр, төслийг нийтийг хамарсан хэлбэрээр зохион байгуулж, ажилгүй, орлого багатай иргэдийг хамруулах юм.

    Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн түншлэлийн арга, механизмыг боловсронгуй болгож хөгжүүлэх чиглэлээр ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлж ажиллахаар болсон юм. 

  • Хөрөнгийн биржээр зочиллоо

    Хөрөнгийн биржээр зочиллоо Сингапур Улсын Хөрөнгийн бирж нь Азидаа эхний тавдугаарт ордог аж. Тус биржийн үйл  ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа явцад танилцлаа. Засгийн газрын тэргүүн энд хэлсэн үгэндээ “Монгол Улс эдийн засгийн хурдтай хөгжлийн гараан дээр ирээд байна. Хөгжлийн томоохон төслүүд хэрэгжих шатандаа орлоо. Энэ үед хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь чухал байгаа тул манай хамтарсан Засгийн газар хөрөнгийн биржийн үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулж байна” хэмээн тэмдэглэн хэлж байлаа.

    Азийн санхүүгийн гол төв болсон Сингапурын Хөрөнгийн бирж Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч биржийн ерөнхийлөгч танилцуулж байв. Монголын Хөрөнгийн бирж Сингапурын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаас хойш гурван жил болох гэж байгаа юм байна. Сингапурын биржид ойролцоогоор 800 гаруй компани бүртгүүлээд байгаа бөгөөд 650 тэрбум сингапур долларын хөрөнгийн зах зээлтэй. Энэ нь олон улсын бирж дээр маш дээгүүр гэсэн үзүүлэлт бөгөөд зах зээлийн хөрөнгө оруулалтын 40 хувийг гадаадын компаниудаас олж авч байгаа ажээ.

    Биржийн ерөнхийлөгчийн танилцуулснаар сүүлийн үед тус биржид олон улсын томоохон компаниудын хувьцаа хүчтэй орж ирж байгаа. Шинэ компаниудыг хүчтэй татах нь хамгийн том зорилт болж байна гэдгийг тэрээр тэмдэглээд, Сингапурын хөрөнгийн бирж нь Азийн гүүр хэмээн тодорхойлж байв. Сингапурын Хөрөнгийн биржид дэлхийн 3000 орчим худалдаачин ажиллаж буй учир мэргэжлийн гэдэгт ард иргэд нь ихээхэн итгэлтэй байдаг ажээ.

    Хөрөнгийн бирж зах зээлээ өргөжүүлэх, худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн төрлийн үнэт цаас болон хоёрдогч бүтээгдэхүүнээ танилцуулчихаад байгаа бөгөөд 2010 оны санхүүгийн жилийн эхний хагас жилд 118 сая долларын цэвэр ашиг олсон байна. Хөдөө аж ахуй, эрчим хүч, хүнд үйлдвэрийн  чиглэлийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ их өсч байгаа учир сүүлийн үед энэ чиглэлийн хувьцаа өсөх магадлалтай байгааг тайлбарлаж байна.