Ангилал: Uncategorized

  • Сингапур туршлагаасаа хуваалцахад бэлэн

    Сингапур туршлагаасаа хуваалцахад бэлэнСингапур Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийсний дараа Сингапур улсын Ерөнхийлөгч С.Р.Натанд бараалхлаа. Монгол улс нь ойрын жилүүдэд урьд өмнө байгаагүй хурдаар хөгжих боломж нээгдэж байгаа бөгөөд энэ боломжийг бодит ажил болгохдоо дэлхийн тэргүүний туршлага, тухайлбал Сингапурын туршлагыг судалж, хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн С.Батболд уулзалтын үеэр илэрхийллээ. Мөн Сингапур нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадсан учир манай орны хөгжлийн загвар болох боломжтойг дурьдаж байлаа.

    Сингапур Улсыг хөгжлийн загвар улс хэмээн тодорхойлсонд Ерөнхийлөгч С.Р.Натан тун баяртай байгаагаа илэрхийлээд, энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ тэмдэглэсэн юм. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдсон юм байна. Ноён С.Р. Натан Монголд тун элэгтэй нэгэн бөгөөд энэ ч утгаараа манай  улсын хөгжлийн тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Монгол, Сингапур хоёулаа хоёр хөрштэй, хүн амын тоогоороо ойролцоо зэрэг ижил төстэй зүйл багагүй байгааг тэрбээр тэмдэглээд, харин  Сингапур Улс далайд гарцтайгаараа ялгаатай.

    Энэ нь Сингапурыг хөгжилд хүргэсэн  нэг шалтгаан төдийгүй бас давуу тал гэдгийг тэмдэглэж байсан юм. Мөн монголчуудын сонирхоод байгаа орон сууцны асуудал дээр өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа ч илэрхийллээ. Сингапурчуудын хувьд орон сууцыг үл хөдлөх хөрөнгө болгон өөрчилж,  иргэдийнхээ амьдралынх нь баталгаа болгож чаджээ. Ноён Ерөнхийлөгч хөгжлийн асар хурдацтай явж байгаа тус улсын хувьд цаг хугацаа асар чухал, тиймээс хамтын ажилллагааны хувьд хэлбэрээ тогтоох нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм. Мөн тэрбээр Монголд очих хүсэлттэй байгаагаа ч  энэ үеэр дуулгаад амжлаа.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад албан ёсны айлчлал хийж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ удаагийн Засгийн газрын тэргүүний албан ёсны айлчлал нь 9 жилийн дараа болж байгаагаараа онцлог юм. Тиймээс ч хоёр тал энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг угтах ёслол Истана ордны өмнөх талбайд болж, энэ үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэлээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн 10 жилд мэдэгдэхүйцээр идэвхжижирсэн. Цаашид Монгол Улс Сингапур Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүхий л боломжийг ашиглан хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх нөөц боломж бий. Ялангуяа, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл мөн банк санхүүгийн салбарт хамтран ажиллах боломж байгаа гэдгийг дурдаад, Монгол Улс эрдсийн нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хөгжлийн хурдцыг түргэтгэх их ажлыг эхлүүлээд байна.

    Манай Засгийн газар уул уурхай дагасан эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн томоохон бүтээн байгуулалтын ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжиж ирсэн. Сингапур Улс энэ чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа дуулгасан юм. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн хэлэхдээ “Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт Сингапур Улстай хамтран ажиллах сонирхолтой байна. Тухайлбал, өмнөд, говийн бүс нутагтаа манай улс Дулааны цахилгаан станц, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Иймд тус хоёр байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад Сингапур Улсын Темасек холдинг зэрэг томоохон компаниуд хөрөнгө оруулж хамтран ажиллахад манай Засгийн газар дэмжих болно” гэлээ.

    Тэрбээр мөн хэлсэн үгэндээ Монгол Улс эрчимтэй хотжиж байгаа улс бөгөөд хүн амыг орон сууцаар хангах, ард иргэдийн амьдрах орчинг сайжруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал болоод байна. Иймд бид хүн амаа орон сууцаар хангах асуудлыг иж бүрэн шийдсэн туршлагатайорон болох Сингапурын хот байгуулалтын туршлагаас судлах, техник туслалцааны хүрээнд зөвлөх авч ажиллуулах, манай Засгийн газрын дэвшүүлсэн хүн ам, орон сууцжуулах “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт орсон “100000 орон сууц” төслийг хэрэгжүүлэхэд Сингапурын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

    Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт Кембрижийн стандартыг навтрүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ талаар Сингапурын туршлагыг судлах, техникийн туслалцаа авах, ялангуяа багш мэргэжилтнүүдийг Монголд хүлээн авч ажиллуулах сонирхолтой байна. Мөн мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадсан Сингапур Улсын туршлагаас судлахыг хүсч байгаа бөгөөд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт Сингапурын талтай хамтран ажиллах  боломж   байгааг хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ашиглах нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

    Албан ёсны айлчлалаар Сингапур улсад хүрэлцэн ирсэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод  Сингапурын Ерөнхий сайд  Ли Хсиен Лүүнг талархал илэрхийлээд, цагт баригдалгүй чөлөөтэй  уулзах боломж гарч байгаад  сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Тэрээр тус улсын анхны Ерөнхий сайд, Сингапурын эдийн засгийн хөгжлийн эцэг гэгддэг Ли Кван Ю-гийн хүүхэд гэдгээрээ олон улсад танил болсон юм.Ноён Ли Хсиен Лүүнг Монгол Улсын Ерөнхий сайдыг хамтын ажиллагааны  олон чухал санаа хөндлөө гэдгийг дурдаад Монгол Улс зудын гамшгийн улмаас 10 сая малаа алдаж, нэлээд их хохирол амссан ч эдийн засаг нь өнгөрсөн онд найман хувийн өсөлттэй гарсан нь гайхалтай үзүүлэлт. Үүнд таны толгойлсон Засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлого үр дүнгээ өгсний илрэл гэж бодож байна гэлээ.

    Мөн Монгол Улс хөгжлийн шинэ үеийн гараанд байгааг Сингапурын Ерөнхий сайд тэмдэглэлээ. Тэрбээр манай улсын талаарх мэдлэг нимгэн гэдгээ нуугаагүй ч саяхан Монгол Улсад болсон Азийн парламентын чуулганд оролцсон төлөөлөгчид нь Монголын талаар маш сайхан сэтгэгдэлтэй ирснээ Ерөнхий сайдтайгаа хуваалцсаныг ноён Лүүнг зочиндоо сонирхуулан хэлж байлаа. Гадаа  хасах 35 хэмийн хүйтэн байсан ч сэтгэл нь халуун, цог золбоотой ард түмэн юм байна, улс нь хурдтай хөгжих замдаа оржээ гэдэг мэдээллийг Сингапурын парламентын төлөөлөгчид нь Засгийн газрын тэргүүндээ хэлжээ. 

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Сингапур улсад хийж байгаа албан ёсны  айлчлал нь хоёр улсын  харилцаа,  хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  ч Сингапурын Засгийн газрын тэргүүн илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хөндөж тавьсан салбаруудад, тухайлбал  орон сууц, боловсрол, эрүүл мэнд, банк санхүүгийн салбарт олсон ололт амжилт, туршлагаасаа хуваалцахад бэлэн буйгаа ч дуулгасан юм.

    “Хүний хөгжил “ сангийн шугамаар иргэн бүртээ хүртээж байгаа мөнгө Сингапурын Ерөнхий сайдыг гайхшруулав. Тэрээр манай Ерөнхий сайдаас энэ тухай сонирхоод, энэ мөнгийг тогтмол тараах уу, эсвэл нэг удаагийн арга хэмжээ уу хэмээн асууж байлаа. Монгол Улс байгалийн баялаг ихтэй болохоор ийм арга хэмжээ авах боломжтой байх, Сингапурын хувьд ийм баялаггүй учир хүн амаа амьдрах, ажиллах, сурах таатай орчныг бүрдүүлэхэдл гол анхаарлаа хандуулдаг тухайгаа ярьж байлаа. Өөрөөр хэлбэл,Сингапур хүн өөрөө л сайн ажиллаж, өрсөлдөх чадвартай байх ёстой гэдэг зарчим  энэ улсад үйлчилдгийг ноён Ерөнхий сайд Ли Лүүнг энэ үгээрээ илэрхийлсэн бололтой.  

    Харин Сингапурын хувьд хууль эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлж чаджээ. Ингэхдээ иргэдээ орон сууцаар хангах замаар хөрөнгөжүүлэх, энэ нь амьдралынх нь баталгаа болж өгөх тал дээр төр нь хэрхэн татвар, санхүүгийн бодлогоор дэмжлэг үзүүлдэг тухайгаа Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг Монгол Улсын Ерөнхий сайдад  сонирхуулаад, энэ тал дээр  олсон ололт, хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн байна гэдгээ хэллээ.

    Ерөнхий сайд С.Батболд ч Монгол Улсын хувьд хөгжлийн ийм чиг хандлагыг баримталж байгаа, иргэдийнхээ эрүүл мэнд боловсрол, орон сууцны асуудалд хамтарсан Засгийн газар гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа, энэ тал дээр Сингапурын жишгээс суралцах зүйл байгааг ч тэмдэглэв. Айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын Ерөнхий сайд нар  биечлэн анхаарал тавьж, ажиллах болно гэдгээ харилцан илэрхийлэв. Мөн үүнд Сингапурд нээгдэж байгаа Монгол Улсын Элчин сайдын яамны үүрэг ч чухал гэдгийг тэмдэглэлээ.

    Мөн энэ өдөр Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчид Натад бараалхаж, мөн Сингапурын Хөрөнгийн бирж болон тус улсын Орон сууцны хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа

  • Ерөнхий сайд Сингапур, Австрали улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг-ийн урилгаар 2011 оны 2 дугаар сарын 16-19-нд Сингапурт Улсад, Австрали Улсын Ерөнхий сайд Жулиа Гиллардын урилгаар мөн сарын 19-24-нд Австрали Улсад тус тус албан ёсны айлчлал хийнэ.

    Ерөнхий сайд С.Батболд Сингапур, Австрали Улсын Ерөнхий сайд нартай яриа хэлэлцээ хийж, Монгол Улсаас эдгээр улстай тогтоосон найрсаг харилцааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, техникийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно.
    Айлчлалын үеэр Монгол-Сингапур, Монгол-Австралийн бизнесийн форум тус тус зохиогдоно.

    Ерөнхий сайд С.Батболд Сингапурын Ли Кван Ю-гийн нэрэмжит Төрийн  бодлогын Их сургуульд Монгол Улсын хөгжлийн асуудлаар лекц уншина. Мөн Марина Сандс урлагийн музейд зохиогдох Чингис хааны өв олон улсын үзэсгэлэнг нээнэ.

    Австрали Улсад хийх айлчлалын үеэр хоёр тал хөдөө аж ахуй, боловсролын салбарын яамд хооронд болон Австралийн Үндэсний их сургууль, МУИС-хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

  • Засгийн газар Иргэний нийгмийнхэнтэй хамтарч ажиллахад бэлэн

    Хүнс болон хөнгөн үйлдвэрийн мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзаж санал бодлыг нь сонссон Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс хойших цагаа Иргэний нийгмийн төлөөлөлд зарцууллаа. Эдүгээ манай улсад 12600 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээрээс 170 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэдний төлөөллийг Ерөнхий сайд ярилцлагад урьсан нь энэ юм.  Нийгмийн толь болсон олон асуудлыг ямар нэг захиалгаар биш өөрсдийн сэтгэл зүрхээрээ хийдэг тэднээс чин үнэн үг гарч байсан бөгөөд  тийм ч болохоор Засгийн газрын тэргүүн тэдэнд цагаа харамласангүй.

    Ерөнхий сайд эхлээд тэдэнд тодорхой саналуудыг тавилаа. Тухайлбал  Иргэний нийгмийн зарчим, хэв шинж, хэлбэр бүтэц, Засгийн газраас баримтлах стратегийг тусгасан “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого”–ын үзэл баримтлалыг боловсруулах хоёр талын ажлын хэсгийг байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх арга замыг тэдэнд дуулгалаа.  Энэ бодлогын хүрээнд Олон Улсын байгууллагуудын оролцоотойгоор Иргэний нийгмийн байгууллагуудын индексийг боловсруулах, суурь судалгаа хийлгүүлэх,Сайн засаглалыг бий болгоход иргэний нийгмийн үүрэг оролцоог хангах талаар тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулах, Засаглалын ил тод нээлттэй байдлыг бий болгох талаарх санаачилгуудыг дэмжиж хэрэгжүүлнэ гэдгээ ч тэмдэглэлээ.  

    Тиймээс “Нээлттэй засаглалын тунхаг”-ийг Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтран гаргах саналтай байгаагаа  онцлов. Түүнчлэн нэг хувийн татварын асуудлыг бас хөндлөө. “Татвар төлөгч иргэн Хүн амын орлогын албан татварынхаа 1 хувийг нийгэмд ач тустай үйл ажиллагаа явуулдаг аль нэг төрийн бус байгууллагад зориулан нэр зааж тодорхойлж өгөх” санаачилга байдаг. Ийм санаачилгыг Унгар, Словак, Литва, Польш, Румын улс татварын хуульдаа өөрчлөлт хийх замаар хэрэгжүүлж байна.

    Үүнийг хамтдаа судалж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллацгаая хэмээх уриалгыг  Иргэний нийгмийн төлөөлөлийнхөн баяртайгаар хүлээн авлаа.  Энэ уулзалт  үр дүнгүй, хэлбэр төдий болох юм  биш биз гэсэн  тэдний хатуухан асуултад  Ерөнхий сайд С.Батболд “ Би ажлаа авсны дараа Засгийн газрын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод хариуцуулах саналыг дэвшүүлж байгаа. Энэ хүрээнд ч өнөөдөр та бүхнийг урьсан. Тиймээс бүгдээрээ асуудлыг хамтран ярилцаж нэг алхам урагшилсан, нээлт хийсэн уулзалт хэмээн ойлгоорой” гэх хариултад урам орсон Иргэний нийгмийн төлөөлөл учирч буй асуудлуудаа ч нэг бүрчлэн ярилаа.

    Засгийн газрын хуралдаанд төрийн бус байгууллагын төлөөлөлийг оруулж болох уу, бас гадаад айлчлалд төлөөлөл баймаар байна. МҮОНТ-д  иргэний нийгмийн цаг гаргаж өгөх, Засгийн газарт иргэний нийгмийхэнтэй харьцах төлөөллийг бий болгоё, ИТХ-ыг иргэний байгууллагад өгөх хэрэгтэй  гэх саналууд  нийтлэг хөндөгдөж, хамгийн гол нь иргэн хүн нийгмийн төлөө сайн дураараа яаж зүтгэх вэ гэдгийг нээлттэй болгож өгөх ёстойг дурьдаж байсан юм.

    Салбар бүрийнхээ зовлонг тоочиж, цаг багагүй авсан тэдний саналыг сонссоны дараа Ерөнхий сайд  цаашид ийм уулзалтыг танхимынхантайгаа хамтран зохион байгуулах боломжтойг тэмдэглэлээ. Хууль гарахаас өмнө Мэргэжлийн холбоод болон Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг багтаасан  ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар  Монгол улсын сайд ,ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарыг томиллоо. Үүний дараа хэлэлцүүлэг зохион байгуулж болохыг ч дуулгасан юм. Монгол улсын Засгийн газар  Иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр онцоллоо

  • С.Батболд: Иргэний нийгмийг Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулдаггүй. Харин эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсч бойждог юм

    Ерөнхий сайдын “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого” сэдэвт иргэний нийгмийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтанд хэлсэн үг

     

    Иргэний нийгмийн төлөөлөгчид өө,

    Та бүхний амрыг айлтгаж, саяхан Монгол даяараа ёслон тэмдэглэсэн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

    Монгол Улсын Засгийн газар төрийн гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, та бүхэн улс орноо гэсэн чин сэтгэлт зон олны сайн дурын нэгдэл, эх оронч, иргэнлэг ардчилсан байгууллагын төлөөлөгчид билээ.  Иймээс эв зохицол, элгэмсүү зөөлний билэгдэл болсон туулай жилийн эхэнд шинийн наймны билэгт сайн өдөр та бүхэнтэйгээ уулзаж байна. Энэхүү уулзалт монголын уламжлалт ухаалаг сэтгэлгээгээр бол арга билгийн нэгдэл буюу төр-иргэний  харилцааны  ажил хэрэгч уулзалт юм.

    Бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг зорьж буй ард түмэн. Нийгмийн ардчилал, иргэний оролцоог эрхэмлэсэн Үндсэн хуулийн үзэл санааны дагуу 1997 онд “Төрийн бус байгууллагын тухай” хуулийг батлан хэрэгжүүлж байгаа нь  ардчиллын томоохон  ололтын нэг билээ.

    Манай улсын ардчилсан өөрчлөлтийн хорин жилийн нэгэн чухал ололт нь иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил, төлөвшил, чадавхи, үйл ажиллагааны  үр дүн байсан төдийгүй ардчилсан нийгмийн илэрхийлэл, ардчиллын цаашдын хөгжлийн баталгаа, суурь болно. Тиймээс Монгол Улсад иргэний нийгмийг хөгжүүлэх, иргэдийн санал санаачлагын олон хэлбэр, бүтэц, арга барил тогтон хөгжиж байна. Иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагынхан улс орны эдийн засаг, нийгэм, улс төрд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг болсон төдийгүй ажил олгогч, ажлын байр бий болгодог, иргэний оролцоог хангадаг салбар гэдэг утгаар нь авч үзэх цаг болсон.

    Хамгийн сайн санал, санаачилга, шийдэл жирийн ард иргэдийн ухаанаас ундаргатай. Тиймээс иргэдийнхээ санаа бодол, санал санаачилгыг үйл ажиллагаа, шийдвэртээ тусгахыг илүүд үзэж, иргэний нийгмийг төлөвшүүлэхийн төлөө анхаарч ажиллах нь төрийн үүрэг мөн. Гэхдээ иргэний нийгмийг Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулдаггүй. Харин эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсч бойждог. Энэхүү эрх зүйн орчин  нөхцлийг нь бүрдүүлж,  баталгаажуулах талаар бид хамтран ажиллах ёстой.

    Иргэний нийгэм бол  иргэд, төр засгийг хооронд нь холбож өгөхөөс гадна төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэддээ үр өгөөжөө өгөх сайн засаглалын шаардлага хангасан стандартаар ажиллахад онцгой үүрэгтэй. Энэ утгаар нь иргэний нийгмийг хөгжүүлэх, тогтолцооны хувьд бэхжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөөдөр манай иргэний нийгэмийнхэн төрөөс ил тод, шударга, нээлттэй байдлыг  шаардаж байгаа нь зүй ёсны асуудал гэж хүлээн авдаг.

    Миний бие Засгийн газрын тэргүүний хувьд Европын холбооны стандартуудыг нийгмийн салбар бүрт нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж ирлээ. Энэ бодлого зорилт иргэний нийгмийн байгууллагын хүрээнд ч бас яригдах ёстой. Төв болон Зүүн Европын улс орнууд бодлогынхоо үйл явцад төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодыг оролцуулах шинэчлэлийг хурдацтай хийж байгаа туршлагаас суралцах хэрэгтэй. Эдгээр орнуудын туршлагаас харахад иргэний нийгмийг бэхжүүлэхэд туслах төрийн албан тушаалтанг бий болгох, төрийн бус байгууллагын харилцаа хамтын ажиллагааг тодорхой болгосон үндэсний хөтөлбөр, бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлэх замаар иргэдийн сайн дурын нэгдлийг дэмжиж байна.

    Олон улсын стандартаар авч үзвэл Иргэний нийгмийн байгууллагыг бүтэц, орчин, үнэт зүйлс, үр нөлөө гэсэн 4 гол хэмжигдэхүүнээр нь судлан авч үзэж, чиг баримжаа, зорилтыг нь үнэлдэгийг Та бүхэн сайн мэдэж байгаа. Харин манай иргэний нийгмийн байгууллагынхан эдгээр хэмжигдэхүүнээр өөрсдийгөө ч гэсэн үнэлж дүгнэх цаг болсон. Иргэний нийгэм нь өөрөө иргэний болоод ардчиллын өндөр соёлтой байх учиртай. Иргэний нийгмийн байгууллага нь сайн төлөвшсөн гэгддэг Филлипин Улсад “Төрийн бус байгууллагуудын ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдүүлдэг туршлага бий. Бид бүгд өөр өөрсдийн үнэлэмж хандлагатай, үзэл бодол байр суурь маань ялгаатай ч гэсэн түүнээ ойлгон бие биенээ хүндэтгэн зэрэгцэн орших явдлыг эрүүл ардчилсан нийгмийн үндсэн шинж гэж үздэг. Бүрэлдэн төлөвшиж байгаа энэхүү орчин нөхцлийг цаашид баталгаажуулан бэхжүүлэх нь Та бидний хамтын ажиллагааны зарчим болох учиртай. 

    Өнөөдөр манай Иргэний Нийгмийн байгууллагуудын өмнө тогтсон санхүүжилт байдаггүй, татварын ээлтэй орчин бүрдээгүй, үйл ажиллагаа нь зөвхөн төсөл, хөтөлбөр зэргээр хязгаарлагддаг, нийслэл хотод хэт төвлөрсөн хэрнээ амьжиргааны түвшин доогуур, боловсрол багатай иргэдийн оролцоо төлөөлөл бага зэрэг олон бэрхшээл байгааг хэлэх ёстой.

    Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг үүсгэн байгуулах эрх иргэн бүрт нээлттэй байгаа. Үр дүнд нь Монгол улсын хэмжээнд 12.000 орчим төрийн бус байгууллага, 60 орчим  мэргэжлийн холбоод үйл ажиллагаа явуулж ирлээ. Үүнээс татварын тайлангаа өгдөг 178 төрийн бус байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа байна. Энэ баримт иргэний нийгмийн хөгжлийг харуулсан нэгэн үзүүлэлт юм. Харин эдгээр төрийн бус байгууллагуудын маань төлөвшил ямархуу байна вэ? гэдэг асуудал анхаарал татаж ирлээ. Иргэний нийгмийн байгууллагууд гэж зөвхөн төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодоо ойлгосоор байх уу? Өргөн дэлгэр хүрээнд үүнийг яаж томъёолох вэ? Иргэдийн сайн дурын санаачлагууд, бие даан үйл ажиллагаа явуулж буй тогтсон бүтэцгүй үйл ажиллагаанууд, сонирхлын клубууд, иргэний хөдөлгөөнүүдийг аль ангилалд оруулах вэ? гээд эрх зүйн хувьд төлөвшүүлэх олон асуудал амьдралаас урган гарч байгааг анхаарах ёстой.  Уг нь “Иргэний нийгэм” хэмээх ойлголтод төрийн бус бүтцийг, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллага, олон нийтийн сайн дурын үүсэл санаачилгын бүхий л байгууллагыг хамруулан ойлгодог билээ.

    Улсын бүртгэлийн газар бүртгэлтэй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ, нөлөөллийн орчин харилцан адилгүй байна. Зарим нь  байгуулагдснаасаа  хойш нэг ч үйл ажиллагаа явуулаагүй байхад зарим нь тодорхой чиглэлээр мэргэшин чадваржиж, олон нийтийн зүгээс ихээхэн дэмжлэгтэй болжээ. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах, хүний эрхийг хангах,  хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах, спорт, соёл урлагийг хөгжүүлэх, жендерийн эрх тэгш байдлын асуудлаар сайн ажиллаж байна.  Гэвч үйл ажиллагааны цар хүрээ, түүнийг нь үнэлэх шалгуурын орчин, орлогын эх үүсвэр, төрийн бус байгууллага  хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нарийвчилсан тоо, олон нийтийн санаа бодолд төдийгүй эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаарх тоймтой судалгаа байхгүй байна. Энэ нь 2005 оноос хойш Монголын Иргэний нийгмийн байгууллагуудын индексийг үнэлж дүгнэсэн иж бүрэн судалгаа хийгдэж байгаагүйтэй ч холбоотой. Тиймээс цаашид ийм төрлийн судалгаа хийлгэх нь Засгийн газар иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах бас нэг чиглэл болох ёстой.

    Иргэний нийгмийн эрхэм төлөөлөгчид өө,

    Манай хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллахыг эрмэлзсээр ирсэн. Тухайлбал, Засгийн газар 2008 онд “Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тухай” тогтоол гаргаж, иргэний нийгмийн зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн жил Засгийн газар, Иргэний нийгмийн зөвлөл хамтран “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого” чуулга-уулзалтыг зохион байгуулж тодорхой асуудлуудыг хөндөж ярилцсан. Мөн Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцэн зохих шийдвэрүүд гаргасан. Тухайлбал 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хийх бэлтгэлийг хангаж, Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгасны дагуу тодорхой ажлууд хийгдэж байна. Засгийн газар 2010 онд “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэний нийгмийн зөвлөлүүдэд албан бичиг явуулж, саналуудыг нэгтгэн боловсруулж үйл ажиллагаандаа тусгаж ажилалаа.

    Миний бие Засгийн газрын гишүүддээ салбарын иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах үүрэг, чиглэл өгсөөр ирсэн. Түүний дагуу яамдууд улс орны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсвийн гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгаль орчныг хамгаалах, хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгааллыг сайжруулах, уул уурхайн салбарын хөгжилд хяналтын тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан тодорхой санхүүжилтийн асуудлыг  шийдэж ирлээ.

    Тухайлбал, 2010 онд:

    • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам 17 төрийн бус байгууллагатай 94.0 сая төгрөгийн,
    • Байгаль, орчин аялал жуулчлалын яам 40 орчим төрийн бус байгууллагад 134.0 сая төгрөгийн,
    • Боловсрол, соёл шинжлэх ухааны яам 156.2 сая төгрөгийн,
    • Эрүүл мэндийн яам 38 иргэний нийгмийн байгууллагуудад 300 сая төгрөгийн,
    • Сангийн яам 4 төрийн бус байгууллагад 38 сая төгрөгийн,
    • Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам 235.6 сая төгрөгийн санхүүжилтийг төрийн бус байгууллагуудад өгч гэрээгээр ажил гүйцэтгүүлсэн тухай тайлан мэдээ ирүүлсэн.  

    Мөн аймаг, нийслэлийн засаг дарга нарт ч орон нутгийн төрийн бус байгууллагуудыг бэхжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Өвөрхангай аймаг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт шинжилгээ хийлгэх ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг тогтмолжуулж байгаа бол Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар төсвийнхөө гүйцэтгэлд Нээлттэй нийгэм форум, бусад төрийн бус байгууллагуудтай хамтарч мониторинг хийсэн гээд тодорхой эхлэлүүд байна. Энэ бүх эерэг эхлэлүүд хангалтгүй учир тогтмолжуулан өргөжүүлэх нь чухал юм.

              Засгийн газар иргэний нийгмийн байгууллагуудын хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийхээр зорьж байна. Энэ зорилгын  хүрээнд “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та бүхний санал, санаачилгуудыг тусган нээлттэй хэлэлцүүлж байна. Гэвч хэлэлцүүлж буй шинэ хуулийн төсөлд урагшлах биш ухралт хийсэн шинжтэй олон зүйл заалт байгаа талаарх шүүмжлэлийг ширхэгчлэн шинжих болно. 1997 онд батлагдсан “Төрийн бус байгууллагын тухай” хууль нь яагаад болохгүй байгаа талаар ямар нэгэн судалгаа хийгдээгүй, нарийвчлан ярилцах олон асуудал бий гэсэн зарим хүмүүсийн санал бодол байр суурийг ч анхааран үзнэ.

    “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдэд иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх, хөгжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг гэрээгээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаарх бодлого тодорхой байгаа.

    Тиймээс төрийн зарчим чиг үүрэг, үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх тухай асуудлыг сүүлийн үед ихээхэн ярьж байна. Эрх зүйн зохицуулалт ч бий. Манай Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 400 гаруй хуульд төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхтэй холбоотой 107 заалт байгаа гэсэн мэдээ бий.

    Төсвийн мөнгийг хэмнэх гэж төрийн бус байгууллагад чиг үүргийг нь шилжүүлэх гэж байна уу? Төрийн үйлчилгээг  илүү чанартай, хүндээ хүргэж  гүйцэтгэнэ гэж өгөх гэж байна уу? Тухайн салбарт иргэний нийгмийн байгууллагууд илүү ойр гэж үзээд ийм шийдвэр гаргах гэж байна уу? Үнэхээр төрийн чиг үүргийг шилжүүлэх, шилжүүлэн авах асуудалд төр, иргэний нийгэм хоёулаа бэлэн байна уу? Төрийн чиг үүргийг төрийн бус байгууллага аваад ашиг орлогын байдлаар хэрэгжүүлбэл яах вэ? Хүлээлгэх хариуцлага тодорхой байгаа юу? Төрийн байгууллагын чиг үүргийг яриад байдаг хэрнээ төрийн бус байгууллагын чиг үүргийг яагаад онцолж ярихгүй байна вэ? Ер нь чиг үүргийг шилжүүлэх гэдэгт юуг ойлгож байна? гээд олон асуултанд бид хамтдаа хариулт өгөх ёстой гэж үзэж байна.

    Түүний зэрэгцээ төрөөс үзүүлж байгаа аливаа дэмжлэг нь Иргэний нийгмийн байгууллагуудын хяналт тавих үндсэн шинжийг алдагдуулахгүй байх, санхүүжүүлэх хэлбэрээр төрийн хяналт тогтоох болно гэсэн болгоомжлол байгааг ч бодолцох шаардлагатай.

    Удирдлагын академиас хийсэн “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх” нь сэдэвт судалгаанаас үзэхэд бодлого хөтөлбөр боловсруулах, төсөл хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, хяналт шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах зэрэг төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг мэргэжлийн холбоодод шилжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийжээ.

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас судалгаа хийж 25 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод 140 гаруй төрлийн үйлчилгээг шилжүүлж болно гэсэн саналаа Засгийн газарт танилцуулсан. Уг асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж шийдвэрлэхээр ажиллаж байна. Гэхдээ төрийн зарим чиг үүргийг гэхээсээ илүү төрийн үйлчилгээг төрийн бус байгууллагуудад гэрээний үндсэн дээр санхүүжилтийн хамт өгч гүйцэтгүүлэх байр суурь нь илүү үр дүнтэй байхыг үгүйсгэхгүй.

    Төрийн зарим үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхэд тухайн байгууллагын боловсон хүчний чадавхийн асуудал чухал байна. Төрийн бус байгууллагад тавих шалгуур үзүүлэлтийн төслийн хэлэлцүүлгийг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн явцад төрийн бус байгууллагын шалгуур үзүүлэлтийг бодитой тооцох, ил тод, нээлттэй зарчмаар шалгаруулах механизм бүрдүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд уян хатан байдлаар авч үзэх шаардлагатайг онцолсон. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс эдгээр санаачилгыг гаргаж байгаагийн зэрэгцээ Засгийн газар ч гэсэн төрийн зарим үйлчилгээг иргэний нийгмийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх талаар тодорхой ажил хийж байна.

    2010 оны “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Мэргэжлийн холбоод, ТББ-уудаар эхний ээлжинд гэрээний үндсэн дээр:

    • Нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл,
    • Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл,
    • Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж баталгаажуулах зөвшөөрөл,
    • Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох зөвшөөрөл,
    • Авто замын материал, туршилт шинжилгээний лаборантын мэргэжлийн үнэмлэх олгох зөвшөөрөл,
    • Авто замын материал туршилт шинжилгээний лаборантын шинжилгээний дүгнэлт гаргах,
    • Мэргэжлийн үнэмлэх /автогрейдерчин,  индүүчин/ олгох  зөвшөөрөл,
    • Хүнсний үйлдвэрийн ажлын байранд дүгнэлт гаргах,
    • Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
    • Авто тээврийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн гэрчилгээ олгох зэрэг 10 үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхээр  шийдвэр гаргасан.

    Ийнхүү манай Засгийн газар төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргаж эхлүүллээ. Цаашид ч салбар тус бүрээр нь асуудлыг шийдвэрлэнэ. Ингэхдээ итгэл хүлээлгэх, хариуцлага тооцох механизмыг ч бас тодорхой болгоно.

    Засгийн газрын тэргүүний хувьд Иргэний нийгмийн хяналтын тогтолцоог төрийн байгууллага төдийгүй төрийн өмчит аж ахуйн нэгжид бий болгох санаачилгыг гаргаад удаагүй байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төлөөлөн удирдах зөвлөлд иргэний нийгмийн төлөөлөл, хараат бус гишүүдийг оруулахыг холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу Төрийн өмчийн хорооноос “Төрийн өмчийн оролцоотой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Уг журмын дагуу “МИАТ”, “Монголын хөрөнгийн бирж”, “Монгол Улсын Хөгжлийн банк”, “Эрдэнэс Таван толгой” зэрэг компаниудад цөөнгүй хараат бус гишүүдийг томилоод байна. Цаашид энэ бодлогыг тууштай баримтлана. Энэ нь иргэний нийгмийн хяналтыг төрд бодитойгоор бий болгох, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг өргөжүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хянаж, олон нийтэд мэдээлдэг, ашигтай ажилладаг болгох зэрэг олон давуу талтай юм.

    Засгийн газар иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, дархлааг нь бий болгохын  тулд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно.

    1.    Иргэний нийгмийн зарчим, хэв шинж, хэлбэр бүтэц, Засгийн газраас баримтлах стратегийг тусгасан “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого”–ын үзэл баримтлалыг боловсруулах хоёр талын ажлын хэсгийг байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, Энэ бодлогын хүрээнд Олон Улсын байгууллагуудын оролцоотойгоор Иргэний нийгмийн байгууллагуудын индексийг боловсруулах, суурь судалгаа хийлгүүлэх,

    1. Сайн засаглалыг бий болгоход иргэний нийгмийн үүрэг оролцоог хангах талаар тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулах. Засаглалын ил тод нээлттэй байдлыг бий болгох талаарх санаачилгуудыг дэмжиж хэрэгжүүлнэ. Тиймээс “Нээлттэй засаглалын тунхаг”-ийг Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтран гаргах,

    3.    Нэг хувийн татварын асуудлыг шийдвэрлэх. “Татвар төлөгч иргэн Хүн амын орлогын албан татварынхаа 1 хувийг нийгэмд ач тустай үйл ажиллагаа явуулдаг аль нэг төрийн бус байгууллагад зориулан нэр зааж тодорхойлж өгөх” санаачилга байдаг. Ийм санаачилгыг Унгар, Словак, Литва, Польш, Румын улс татварын хуульдаа өөрчлөлт хийх замаар хэрэгжүүлж байна. Үүнийг хамтдаа судалж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллацгаая.

    4.    “Нийгмийн даатгалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодоос тавьж байгаа саналыг  судлаж шийдвэрлэх,

    5.    “Төрийн бус байгууллагын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын ажлын хэсгийг өргөтгөж иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулах,

    1. Төр, иргэд, иргэний нийгмийн харилцааг боловсронгуй болгоход мэдээллийн сүлжээ бий болгох, технологийн хөгжил дэвшлийг ашиглах ёстой гэж үзэж байна. Энэ талаар тодорхой бодлого боловсруулж танилцуулахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар, Иргэний нийгмийн зөвлөлд даалгаж байна,
    2. Иргэний нийгмийн байгууллагуудын хүсэлтийн дагуу Засгийн газартай хамтран ажиллах Иргэний нийгмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах,
    3. Иргэний нийгмийн хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс орнуудын туршлагаас үзвэл ашгийн төлөө бизнесийн байгууллагууд нь төрийн бус байгууллагаа дэмждэг тогтолцоо бүрэлдэн төлөвшсөн байна. Бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагатай компанийн хувьд иргэний нийгмийн хөгжилд өөрийн томоохон хувь нэмрийг оруулах ёстой. Энэ бол ашгийн төлөөх байгууллагуудаа иргэний нийгмийн байгуулагуудтай хамтад нь хөгжүүлэх томоохон алхам юм.
    4. Мэргэжлийн холбоодод төрийн зарим үйлчилгээг гэрээгээр  шилжүүлэн хийлгэх нь  илүү боломжтой гэж үзэж байна. Тиймээс мэргэжлийн холбоодын туршлага, чадавхиас бусад иргэний нийгмийн байгууллагууд суралцах нөхцлийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.

    Иргэний нийгмийн эрхэм төлөөлөгчид өө,

    Энэ жилийн 7 сараас 2013 оны дунд үе хүртэл Манай Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг даргалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж байна. Уг хөдөлгөөнийг даргалах 2 жилийн хугацаанд манай Засгийн газар холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг зорих болно. Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн нэг хэсэг болох иргэний нийгмийн үйл явцад ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөгчид болон шинжээчид оролцдог билээ. Тиймээс ардчилал, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.  

    Төр хувийн хэвшлийн түншлэлийг Засгийн газар идэвхтэй өрнүүлж байна. Харин одоо төр-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх нь чухал юм. Уг хурал ийм зорилтын эхлэл болох учиртай. Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг даргалах бэлтгэл ажлын хүрээнд болон цаашид ч олон улсын арга хэмжээнүүдэд оролцох манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд иргэний нийгмийн төлөөллийг зайлшгүй оролцуулах хэлбэрт шууд шилжих хэрэгтэй гэж үзэж байна.

    Эцэст нь тэмдэглэн хэлэхэд иргэний нийгмийн байгууллагуудаа бэхжүүлэх нь мэргэжлийн холбоод, хэдхэн төрийн бус байгууллагуудын асуудал биш, Засгийн газар иргэд олон нийтийнхээ сайн сайхны төлөө ажиллах эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлэх, бүхэлдээ улс орныхоо хөгжлийг хангах чухал арга механизм гарцаагүй мөн. Тиймээс иргэдийнхээ санал санаачилгыг дэмжиж, хөгжлийн төлөө хамтдаа урагшилцгаая.

     

    Анхаарал тавьсанд баярлалаа

     

    2011 оны 2 дугаар сар 11.                        Төрийн ордон

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөөг баталж салбар хороодоо байгуулав

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөөг баталж салбар хороодоо байгуулавМонгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж иргэдээ ажилтай, айл өрх бүрийг орлоготой болгохыг зорьж байна. Ялангуяа өрх бүрийг үйлдвэрлэгч болгож, ажил олгогч бүр 1-ээс дээш ажлын байр бий болгох, залуучууд, 40-өөс дээш насныхан, цэргийн алба хаагчдыг ажлын байраар хангах зэрэг зорилтот тодорхой хүмүүс рүү чиглэсэн бодлого нь энэ жилийн ажлын нэг зорилт юм.

    Жилийн ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд хэдэн хүн ажилтай болсон, удирдлага, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авсан зэргийг голлон авч үзэж байгууллага, албан тушаалтны ажлыг дүгнэх болно гэдгээ ч Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Мөн манайд хэрэгжиж байгаа аливаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн дүнд хэдэн ажлын байр бий болж байгааг ч нарийвчлан үзэх юм.  

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд мэдээллийг ил тод, ойлгомжтой хэлбэрээр иргэд, аж ахуйн нэгжид хүргэхэд яам, холбогдох байгууллагууд онцгой анхаарахыг Ерөнхий сайд сануулж байна. Энэ нь хамгийн энгийнээр хэлэхэд ажил хайж, зээл авахаар хөөцөлдөж байгаа иргэн хаана, хэнд хандахаа, ажил олгогч сул ажлын байрандаа хүн авах захиалгаа хаана өгөхөө мэддэг болгохыг хэлж байгаа хэрэг юм. Энэ талаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих  Үндэсний хорооны анхдугаар хурлын үеэр яригдлаа.    

    Иргэдээ ажилтай, орлоготой болгох нь Засгийн газраас байнга хэрэгжүүлж ирсэн ажил. Гэхдээ байгаа нөөц, боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ нь бодлого, эдийн засаг, нийгэм, бизнесийн байгууллага хоорондын уялдаа муу, ажил нь тэр бүр нээлттэй, ил тод, ойлгомжтой бус, мэдээлэл иргэдэд хүрдэггүй, ялангуяа төрийн бүх шатны байгууллагын хоорондын уялдаа холбоо тун хангалтгүй байгаатай холбоотой гэж Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. 

    Уялдаа холбоо, мэдээлэл дутмагаас болж дэвшүүлсэн зорилт үр дүнд хүрдэггүй, Засгийн газар тавьсан зорилтоо салбарын яамандаа хариуцуулаад орхидог. Энэ нь эцэстээ жилийнхээ ажлыг чанартай зохион байгуулдаггүй, “шоудлаа” гэсэн шүүмжлэл дагуулахад хүргэдэг тухай ч энэ үеэр хөндөгдлөө. Ерөнхий сайд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн ажилтай танилцах үед “Говь” компани 300 хүнийг сургаж ажилд авах зар тараасан ч хүн ирээгүй тухай дурдагдсан. Энэ нь нэг талаар мэдээлэл ил тод, ойлгомжтой бус байгаатай холбоотой гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлж байсан юм. 

    Мөн Оюутолгойд ажиллуулахаар тэтгэлэг өгч сургаж байгаа 2300 хүнийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар тусдаа бүртгэсэн нь яам хоорондын уялдаа, ялангуяа зохион байгуулалт муу байгаагийн илрэл. Иймээс ажил олгогч, иргэдийг хэрхэн холбож, бэлэн байгаа 40 мянган ажлын байранд ажилгүй 40 мянган хүнээ яаж оруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй гэж Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг сануулсан бол яамдууд тусдаа ажиллаад байх биш харилцан уялдаатай байж, нэг нэгнээ нөхөж байх нь зүйтэй. Үүнд илүүтэй анхаарч ажиллахыг Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Х.Ганбаатарт Ерөнхий сайд үүрэг болголоо.    

    Зээл авч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг хэрхэн яаж авах нь ч ойлгомжгүй байгааг засч залруулах шаардлага гарч байна. Өрх, иргэнээ ажилтай, орлоготой болгон улмаар үйлдвэрлэлээ дэмжих нь чухал. Тухайлбал 600 орчим мянган төгрөгийн үнэтэй оёдлын сүлжих машиныг ажиллуулж чадах чадвартай хүнд нь өгчихвөл тухайн айл өдөртөө тодорхой тооны цамц, савхин бээлий оёно. Хамгийн гол нь тухайн өрхийн бүтээгдэхүүнийг авах үйлдвэр, аж ахуйн нэгжтэй холбох нь  чухал байгааг Ерөнхий сайд зөвлөв. Гэрээр бээлий оёх, түүнийгээ борлуулах зах зээл байгаа нь ч хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхантай уулзах үед тодорхой харагдаж байсныг тэрээр дурдлаа.

     Хүмүүсээ ажилтай болгохын тулд ажилгүй хүнийхээ тоог нарийвчлан гарах учиртай. Иймээс аймаг, нийслэл, сум, дүүрэг, багт ямар мэргэжлийн хэдэн хүн ажилгүй байгааг тодорхой болгохоор ажилгүй иргэнийг регистрийн дугаараар нь, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн кодоор нь бүртгэж нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэхээр төлөвлөжээ.    

    Үндэсний хорооны хуралдааны үеэр жилийн ажлын санхүүжилтийн талаар яригдлаа.  

    Энэ жилийн ажлын хүрээнд Засгийн газраас ажлын байр нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг эрс нэмэгдүүлэх юм. Тухайлбал  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Мэргэжлийн боловсролыг дэмжих сан, Япон Улсын 2 үе шатттай зээл, банкуудын чөлөөт үлдэгдэл, бонд зэрэг эх үүсвэрийг сайтар ашиглах, үүнд Монголбанкны оролцоо, хамтын ажиллагаа маш чухал байгааг Ерөнхий сайд онцолж байлаа.

    Их бүтээн байгуулалт дагасан жижиг, дунд үйлдвэр, өөрөө өөрийгөө авч явдаг жижиг, дунд үйлдвэрлэл гэсэн хоёр чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж Сангийн сайд С.Баярцогт хэллээ.

    УИХ-ын чуулганаар баталсаны дагуу Засгийн газар 2 их наяд төгрөгийн баталгаа гаргах эрхтэй болсон. Цаашид “Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн баталгааны тухай хууль”-ийг УИХ хэлэлцэнэ. Мөн эргэлтийн хөрөнгийн зээлийн дэмжлэг үзүүлэхдээ зөвхөн Засгийн газар бүх хариуцлагыг үүрэлгүй тухайн аж ахуйн нэгжтэй ч үүрэг, хариуцлагаа хуваалцах ёстой. Иймээс харилцан 50, 50 хувийн хариуцлага хүлээдэг байх нь зүйтэй. Яамд, аймаг, суманд байх хөдөлмөр эрхлэлт болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон сангийн мөнгийг юунд зориулж байгаа нь ойлгомжгүй учир цаашид нэгдсэн бодлогоор зарцуулдаг болгох хэрэгтэй  гэж тэрээр үзэж байна.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 25-30 мянган ажлын байр бий болгох бололцоотой. Энэ жилийн хувьд өмнөө тавьсан цаг үеийн зорилтоо богино хугацаанд хэрэгжүүлэхэд 360 тэрбум төгрөг шаардлагатай учир санхүүжилтийн асуудлыг шуурхайлахыг салбарын сайд Т.Бадамжунай  хүсч байлаа.

    Иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг төрийн мөнгөний бодлоготой уялдуулж хийх нь үр дүнтэй болно гэж Ерөнхий сайд үзэж байна.

    Монголбанкны хувьд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийг дэмжиж 100 тэрбум төгрөгийн бонд гарган 15 мянган ажлын байр бий болгох боломжтой гэсэн тооцоо хийсэн байна. Гэхдээ бонд гаргах тохиолдолд заавал УИХ-аар хэлэлцүүлэх учир энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй бололтой. Иймээс өөр эх үүсвэр хайх шаардлага гарч мэдэх учир Монгол банк, Сангийн яам хамтран санхүүжилт босгох тал дээр санал, санаачлага гаргаж ажиллахыг Ерөнхий сайд зөвлөж байлаа.

    Хурлаас Үндэсний хорооны Шуурхай удирдлагаар хангах дэд хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Санхүүжилтийн асуудал хариуцсан дэд хорооны даргаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр /орлогч даргаар Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг/, Эрх зүйн орчныг сайжруулах асуудал хариуцсан дэд хорооны даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг томиллоо.

    Үйлдвэрлэлийн бодлогын уялдааны асуудал хариуцсан дэд хороог Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Сурталчилгааны асуудал хариуцсан дэд хороог Х.Ганбаатар, Иргэд, хөдөлмөрчид, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн дэд хороог МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар ахлах болсон байна.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг үр өгөөжтэй, уялдаатай, Засгийн газраас хараат бус явуулах, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах үүднээс Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны болон Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатарыг Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар томиллоо. Энэ нь Засгийн газрын дэвшүүлсэн зорилтыг гардаж зохион байгуулах, хяналт тавих үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн анхны тохиолдол юм.

    Үндэсний хороо сар бүр хуралдан ажлын үр дүнг яам, аймаг, нийслэл бүрээр авч үзэх бол 3 дугаар сард болох хурлаар дэд бүтэц, уул уурхай, зам, тээвэр, эрчим хүчний салбарт хийх ажлын талаар нарийвчлан ярилцах юм.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хаана оршин суудаг, ямар мэргэжилтэй, мэргэжилгүй хэдэн хүнийг ажилтай болгосноор нь бидний ажлыг иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, иргэд оны эцэст дүгнэнэ. Бид сайн ажилласан байгууллага, хүмүүсээ урамшуулж, үр дүнгүй, муу ажилласан төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцно. Төр–үйлдвэрлэгч-иргэн харилцан хамтран ажиллахад төр манлайлах үүрэг гүйцэтгэх ёстой. Иймээс аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд ажиллаж байгаа төрийн албан хаагчид энэ жилийн ажлын гол зохион байгуулагч байх учиртайг Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцгойлон анхаарууллаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    2011 ОН:ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

                Жилийн ажлын хүрээнд хөдөө орон нутагт шинээр байгуулагдсан боловсруулах үйлдвэр болон мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид бий болгосон ажлын байрны тооноос хамаарч татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийн татвар, санхүүгийн ачааллыг багасгах, аж ахуйн нэгжийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах  асуудлыг судлан шийдвэрлүүлнэ. 

    Уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, зам, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөр болон холбогдох тендерийн баримт бичигт үндэсний ажиллах хүчнийг бэлтгэж, ажлын байраар хангахыг тусгайлан заах, хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллах юм. 

    Үндэсний ажиллах хүчнийг бэлтгэх урт хугацааны төлөв хийж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд элсэгчдийг ажил олгогчийн захиалга, санхүүжилтээр сургах тогтолцоонд шилжих, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэргэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын дадлагын бааз байгуулах, тэдгээрт татварын хөнгөлөлт үзүүлэхийг судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. 

    “Монгол мал”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр” болон энэ салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд малчдыг эрсдэлээс хамгаалах, аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Мөн байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгох хөтөлбөр, төслийг нийтийг хамарсан хэлбэрээр зохион байгуулж, ажилгүй, орлого багатай иргэдийг хамруулах юм.

    Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн түншлэлийн арга, механизмыг боловсронгуй болгож хөгжүүлэх чиглэлээр ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлж ажиллахаар болсон юм. 

  • Ажил хайж буй иргэдэд мэдээлэл нээлттэй байх ёстой

    Ажил хайж буй иргэдэд мэдээлэл нээлттэй байх ёстой Говь компани энэ жил 300 ажлын байр шинээр зарласан хэдий ч ирж байгаа нь тун ховор, энэ үзүүлэлтийн 60 хувийг хангахтай үгүйтэй байна гэх энэ мэдээлэл Ерөнхий сайд С.Батболдыг багагүй гайхшрууллаа. Учир нь ажилгүйдлийн түвшин өндөр байхад ажилд орохгүй байгаагийн учрыг лавлаж, хамтран шийдэхээр  өчигдөр тэрбээр Төмөр замын дээд сургууль болон Монгол Солонгосын техникийн  коллежийн үйл ажиллагаатай танилцах зуураа хүнд болон хөнгөн  үйлдвэрүүдийн удирдлагуудыг ярилцлагад урьсан юм.

    Говь компани дээр ажиглагдсан  байдал нь иргэдэд мэдээлэл хүрэхгүй байгаатай холбоотой гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд онцолж байв. Тиймээс хөдөлмөрийн биржийг улам боловсронгуй болгож, иргэн үйлдвэрлэл, сургалтын хамтын ажиллагааны хослолыг тодорхой болгох хэрэгтэйг зөвлөлөө. Энэ нь олон нийтэд маш тодорхой байх төдийгүй орон нутгийн түвшинд ч мэдээлэл авч байх бололцоог бүрдүүлэхийг БСШУЯ, НХХЯ болон харьяа агентлагуудад үүрэг болголоо. 

    Өөрөөр хэлбэл зохион байгуулалтын хувьд үйлдвэрлэгч, сургалтын төв, иргэдийг холбосон хамтын ажиллагааг тодорхой болгох зайлшгүй шаардлага байгааг энд онцолж байлаа. Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр шинэ бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөр, ажлуудыг эхэлж  байхад ерөнхий зохион байгуулалт нь хангалтгүй байгаад Засгийн газрын тэргүүн шүүмжлэлтэй хандаж, мэдээллийг ард иргэдэд нээлттэй, хүнд суртлыг багасгасан, илүү боловсронгуй ажил санаачилж Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

    Хөдөлмөрийн яармаг форум зохион байгуулах ажил ч эдгээрт хамаарагдаж эдгээрийн үр дүнд ажилгүйдэл бодитойгоор буурах  ёстойг ч санууллаа. Ажлын байрандаа сургалтад хамрагдаж болох  duel системийг нэвтрүүлэхэд хууль эрх зүйн орчин  нөлөөлж байгааг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар ярьж байсныг Ерөнхий сайд анхааралдаа авснаа ч дуулгасан.Хөдөлмөр эрхлэлтийн энэ жилийн ажил бодитой үр дүнтэй байх хатуу болзлыг Ерөнхий сайд тэдэнд тавиад, дугаар хорооны иргэн Дорж ажилтай болсон эсэхэд биечлэн анхаарал тавих болно гэдгээ бас  санууллаа.   

    Ерөнхий сайдад танилцуулсан зарим мэдээллээс дурдахад Оюутолгойн уурхай дээр эдүгээ 5600 гаруй монгол ажилчин ажиллаж байгаа бөгөөд энэ харьцаа цаашид ч хатуу мөрдөгдөх юм байна. Харин хоёр жилийн дараа энэ харьцаа 90:10 буюу 90 хувь нь монголчууд болох зорилготой байгаа ажээ. Энэ хугацаанд тус компаниас 36 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийтдээ 3000 орчим иргэдийг сургалтад хамруулжээ. Эд зөвхөн Оюутолгойд ажиллах биш, бусад хэрэгцээтэй салбарт ч ажиллах боломжтой юм байна. Харин хамгийн анхаарал татаж байгаа хөдөлмөрийн  биржийн хувьд  бэлтгэл ажил  дуусч, үйлдвэрлэгч ажил хайгчдыг холбох том ажил эхлэх гэж байгаа ажээ.

  • Шинэ төмөр зам барих боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх боломжтой

    Шинэ төмөр зам барих боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх боломжтой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийг бодитой ажил болгож, ажилгүйдлийг шийдэх зорилт тавьсан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өнөөдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдэд ажиллалаа. Ерөнхий сайд эхлээд Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд, дараа нь ажил олгогчид, аж ахуйн нэгж байгууллагуудтай түншлэн ажил олгогчийн захиалгат сургалтыг явуулж, туршиж байгаа Монгол Солонгосын техникийн коллежид очлоо. Тус коллежид болсон уулзалтад Монголын Ажил олгогч эздийн холбоо, хүнд болон хөнгөн үйлдвэрийн удирдлагууд оролцсон. Энэ уулзалт нь өнгөрсөн мягмар гаригт Монгол Улсын Ерөнхий сайдын албан өрөөнд болсон ноос, ноолуур болон арьс шир боловсруулах салбарын үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтын үргэлжлэл боллоо. Учир нь Ерөнхий сайд үйлдвэрлэгчидтэй уулзах үеэрээ Засгийн газраас дэмжээд өгвөл хөнгөн үйлдвэрийн мэргэжил сургалтын төв байгуулах боломж байгаа эсэх талаар асууж, санал солилцож байсан юм.  

    Өнгөрсөн 2010 онд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон. Энэ хүрээнд эхний ээлжинд Тавантолгойгоос Сайншанд хүртлэх 1100 км төмөр зам барих ажлын бэлтгэл ид хийгдэж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд нэн түрүүнд боловсон хүчин хангалттай байх учиртай гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаанбаатар Төмөрзам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагуудад онцгой анхааруулаад тус мэргэжил сургалтын төвийн одоо байгаа хүчин чадалд түшиглэн хүмүүсээ сургах, сургалтын төвөө өргөтгөх, бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч захиалагч нартай хамтран ажиллаж байгаа хэлбэрүүдээ улам боловсронгуй болгож эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

    Төмөр замын салбарт ойрын ирээдүйд нэлээд олон ажлын байр шаардлагатай байгаа. Улсаас төлөвлөсөн зорилт, шинэ бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй сургалт, үйл ажиллагаагаа уялдуулж сургалтын бааз, хөтөлбөрөө өргөтгөх боломжийг судлахыг мөн даалгаад захиалагч нартай хамтран ажиллах тал дээр БСШУЯ, ЗТБХБЯ, Төмөр замынхан хорших учиртайг хэллээ.

    Төмөр замын газрын тооцоолсноор шинэ төмөр зам барихад 5000 гаруй мэргэжилтэй ажилчин даруйхан бэлтгэх шаардлагатай байгаа. Манай сургалтын төвийн хүчин чадал нэг удаад 400 гаруй хүн л сургана. Тиймээс энэ сургалт үйлдвэрлэлийн төвийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлмээр байна гэсэн хүсэлтээ тус төвийн удирдлага Засгийн газрын тэргүүнд энэ үеэр уламжлаад уг асуудал шийдэгдээд материаллаг баазаа нэмэгдүүлчихвэл тус төв нь Улаанбаатар Төмөр зам гэсэн үйлдвэрлэлийн том баазтай учраас төмөр замын боловсон хүчин бэлтгэх ажлыг дааж чадна гэдгээ амлалаа.

    Төмөр замын дээд сургуулийн дэргэдэх Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 2007 оны долдугаар сард байгуулагдсан. Үүнээс хойш 1000 гаруй залуусыг 12 мэргэжлээр сургасан бөгөөд тэдний 90 хувь нь ажлын байраар хангагдсан гэсэн мэдээллийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн захирал Т.Очирхүү өглөө. Тус төв нь сургалтын бааз сайтай, төрөлжсөн олон танхимтай, жилд 400 гаруй залуусыг сургаж төмөр замд үйлдвэрлэлийн дадлага хийлгэж мэргэжил эзэмшүүлдэг юм байна. “Оюутолгой” төслөөс Засгийн газартай тохиролцсоны дагуу 40 залуу мэргэжил эзэмшиж байгаа гэнэ. Тэд Оюутолгойд Төмөр замын чиглэлээр ажиллах анхны боловсон хүчнүүд болох юм байна

  • Хүн ам, орон сууцны тооллогод 2 сая 650 мянга 673 хүн хамрагджээ

    Хүн ам, орон сууцны тооллогод 2 сая 650 мянга 673 хүн хамрагджээ 2010 оны 11 дүгээр сарын 19-ний мэдээгээр хүн ам, орон сууцны тооллогод 714 784 өрхийн 2 сая 650 мянга 673 хүн хамрагдсан урьдчилсан дүн гарчээ. Гэхдээ үүнд Гадаад харилцааны яам болон интернетээр тоологдсон иргэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яамны шугамаар тоологдсон цэргийн албан хаагч, сэжигтэн, хоригдол, яллагдагчийн тоо ороогүй байгаа юм.

    Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комисс 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж ажлынхаа явцыг хэлэлцсэн байна. Тоологдсон өрх, хүн амын тоо, нас, хүйс, тэдний амьдарч байгаа орон сууцны төрлийн талаарх эцсийн дүнг энэ оны 7 дугаар сард багтаан эцэслэн гаргах ёстой. Энэ ажлыг тогтоосон хугацаанд нь хийж дуусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд гишүүдэд үүрэг болголоо.

    Мэдээлэл боловсруулах ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо аймгуудын тооллогын мэдээг цахим санд оруулж дууссан бөгөөд нийслэлийн  дүүргүүдийн материалыг шалган хүлээн авч байна. Манай улсын хувьд анх удаа интернет ашиглан гадаадад байгаа иргэдээ тоолсон, газар зүйн мэдээллийн систем үүсгэсэн нь энэ удаагийн тооллогын томоохон ажлын нэг хэсэг. Хүн ам, орон сууцны тооллогыг 2010 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд 30 мянган тоологчийн хүчээр орон даяар амжилттай зохион байгуулсан юм

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар найдвартай хангах улмаар баруун аймгуудын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор  Завхан аймгийн Тэлмэн суманд дулааны цахилгаан станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Станцыг Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах бөгөөд 2012 оны сүүл гэхэд Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар бүрэн хангах 30 МВт чадалтай эхний хэсэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  

    Дулааны цахилгаан станц байгуулах талаар байгуулсан гэрээг Концессын хуулийн хүрээнд шинэчлэн зохих журмын дагуу байгуулж, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгалаа.

    Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар цаг үеийн тулгамдсан асуудал болох Завхан, Говь-Алтай аймгийн цахилгаан хангамжийн талаар хэлэлцэн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд чиглэл болгосон юм. Энэ дагуу дулааны цахилгаан станц барих, Алтай-Улиастайн эрчим хүчний систем болон Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах чиглэлээр хамтарч ажиллах Санамж бичигт Эрдэс баялаг, эрчим хүчний яам,  “Шинэ Азиа Майнинг групп” ХХК гарын үсэг зурсан байна.

    Мөн Могойн голын уурхайг түшиглэн 60 МВт-ын хүчин чадалтай станцыг “барих-ашиглах-өмчлөх” нөхцлөөр барих гэрээ байгуулжээ. Үүнээс хойш техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тоног төхөөрөмж, технологи сонгох, захиалах, барилгын зураг төсөл хийх, геологийн судалгаа, тооцоо гээд эхний шатны ажил хийгдэж дууссан.  Одоо Тэлмэн-Могойн голын 95 км, Могойн гол-Мөрөнгийн 175 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил хэвийн үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

    Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан санхүүжүүлж байхаар болов. Үндэсний стратеги нь бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг харилцан ашигтайгаар хөгжүүлж, ажлын байр, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

    “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийн хүрээнд :

    ·         Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэх

    ·         Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлогоор хөхиүлэн дэмжих

    ·         Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох

    ·         Хувийн хэвшлийн хөгжлийг хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, хүний нөөцийн бодлогоор дэмжих юм байна.

    Стратегийг 2011-2013, 2014-2016 онд хоёр үе шаттай хэрэгжүүлснээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллах таатай орчин бүрдэн, хөрөнгө, санхүүгийн олон төрлийн эх үүсвэр бий болж, Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, төсвийн бүрдүүлэлт нэмэгдэнэ. 2010 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд хувийн хэвшлийн 68 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Эдгээрийн 40 орчим мянга нь  идэвхтэй ажиллаж сүүлийн 4 жилийн байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 64.4-71.9 хувийг бүрдүүлж байгаа гэсэн судалгаа гарчээ.

    Татварын нийт орлогын 30 орчим хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар эзэлж, ажиллах хүчний 70 гаруй хувь буюу 800 мянга гаруй хүн энэ салбарт ажиллаж байгаа нь ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад томоохон үүрэг гүйцэтгэж байгаагийн илрэл юм. Дэлхийн банкны гаргасан судалгаагаар манай улс бизнес эрхлэх орчин, нөхцөл байдлаараа 2009 онд 181 орноос 58, 2010 онд 183 орноос 60 дугаар байрт орсон. Энэ нь зээлжих нөхцөл таатай бус, хугацаа богино, хүү өндөр, төрөөс бизнест үзүүлэх үйлчилгээ ил тод бус, зөвшөөрөл, лиценз авах шат дамжлага олон, санхүүжилтийн олон хэлбэрийн эх үүсвэр бий болгох эрх зүйн орчин бүрдээгүй зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. Иймээс хувийн хэвшлийг дэмжиж, хөгжүүлэхээр Засгийн газар үндэсний стратеги боловсруулж хэлэлцэн баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ АВНА

    Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-5 дахь заалтад хамаарах цэргийн албан хаагч, мөн хуулийн 8.1, 8.2-т заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон иргэн нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй. 

    Хуулийн 19.1-д заасан үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн цэргийн албан хаагчид сүүлийн 5 жилийн цалин, хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин, хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгох юм. Хуулийн 8.1-д заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан хүн сүүлийн 5 жилийн цалин, хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин, хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй.

    Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн, цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгасан шийдвэр гарсны дараа цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг өөрийнх нь хүссэнээр олгож болохоор журамд тусгажээ. Энэ журам зэвсэгт хүчин, хил, дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний, онцгой байдлын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамаарна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ 2 САЯ ГАРУЙ ТӨГРӨГӨӨР ХААНА

    Цэргийн дүйцүүлэх албыг 2011 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний нөхөн төлбөрийн хэмжээг 2,632,770 /хоёр сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун дал/ төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтлоо. Мөн хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлав. Өнгөрсөн онд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа анги, салбар, аврах отряд, хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн байгууллагад тодорхой тооны залуус цэргийн албаа дүйцүүлэн хааж цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшсэн байна.

    Үүний зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, байгалийн гамшиг, ослын хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцжээ.

    ТАВАНТОЛГОЙН ОРДЫГ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОВ

    Тавантолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны явцын тухай танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар сонсон танилцуулга, урьдчилсан сонгон шалгаруулалтын явцыг Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын 39 тоот тогтоолын хүрээнд Засгийн газар уг орд газрыг ашиглахтай холбоотой асуудлыг удаа дараа хэлэлцэн тогтоол, шийдвэр гарган ажиллаж байгаа. Үүний дүнд Тавантолгойн ордын Цанхийн зүүн талбайд уурхайн ажлыг эхлүүлж, нүүрс экспортод гаргаж эхлэхэд бэлэн болсон байна.

    Ордыг ашиглах үйл ажиллагааг цаашид хариуцах “Эрдэнэс Тавантолгой” компаний хувьцааг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд арилжаалах бэлтгэлээ хангаж байна. Тавантолгойн ордын тодорхой хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн эхний үе шат дуусах дөхөж байна. Үүний дараа оролцогчидтой УИХ-ын тогтоолын дагуу дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, боомт ашиглалт, урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийн хамтран ажиллах нэгдсэн компани /консерциум/-ийг шалгаруулна.

    2011 он Тавантолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны эхлэлийн гол жил учир Засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал тус ордоос эхний ээлжинд 2 сая орчим тонн нүүрс олборлож экспортод гаргах, төслийн санхүүжилт босгох, “Эрдэнэс Тавантолгой” компанийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид гаргах, усны хангамж, баяжуулах үйлдвэр, уурхайчдын хотхон, цахилгаан станц, авто зам зэрэг их бүтээн байгуулалтын олон ажлыг эхлүүлэх юм.

    ЭНЭ САРД ДИЗЕЛИЙН ТҮЛШНЭЭС ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР АВАХГҮЙ

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 190 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 160 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. АИ-92 автобензинд 230 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээсэн бол дизелийн түлшнээс авч байсан 20 мянган төгрөгийн онцгой албан татварыг “0” болгосон байна.

    Энэ шийдвэрийг 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 2011 оны 2 дугаар сард А-80 автобензин тонн тутамд 72, АИ-92 автобензин 21, дизелийн түлш 78 ам. доллараар тус тус өссөн байна. 

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

    Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцаа, эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих тохиолдолд цахилгаан, дулааны үнийг индексжүүлэх, үнийн нөлөөллийг тооцох аргачлал болон салбарын ажилд баримтлах бодлого норм, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн хохирлын нөлөөг багасгах, түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэг асуудлын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл санаачилсан байна.

    Засгийн газар нь эрчим хүчний үнэ, тарифыг индексжүүлэх журам батлах, эрчим хүчний аюулгүйн нөөцийн жагсаалт батлах, нөөц бүрдүүлэх, түүний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, нэгдсэн сүлжээний арилжааны үйл ажиллагааг зохицуулсан зах зээлийн дүрэм батлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэгт салбарын хэмжээний бодлогыг боловсруулахад шаардагдах зарим дүрэм, журам боловсруулан батлах, халаалтын улирлын хугацааг тогтоох, хүний нөөцийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үүргийг нэмж тусган, байгууллагын эрх, үүргийг тодотгож өгсөн байна.

    Эрчим хүчний дамжуулалтын шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна орон нутгийн удирдлагын эрх, үүргийн нэг байхаар тусгасан байна. Зохицуулах газрыг Зохицуулагчдын зөвлөл болгон өөрчилж даргыг нь аж ахуйн ажлаас чөлөөлж, зөвхөн зохицуулалтын ажлаа хийх, зөвлөлийн бие даасан байдлыг хангах, орон тоог нэмэгдүүлэн үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэхээр төлөвлөжээ.

    АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООВ

    Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын албан, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.056 хувь байхаар тогтлоо. Алдангийн хэмжээг тогтоохдоо арилжааны банкуудаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүнд үндэслэсэн байна. 2010 оны 11 сарын байдлаар зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 20.15 хувь, сарын 1.68 хувь, хоногийн 0.056 хувь байжээ.

    БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ БАТЛАВ

    Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт орших “Дарьганга-XXIV” талбайд үйл ажиллагаа явуулах тухай Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдийг сайжруулах, гэрээний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж, роялти /байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр/ 10 хувь байсныг 10.75 хувь, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүн хуваалтын доод хэмжээ 40 хувиас эхэлж байсныг 43 хувиар эхлүүлж, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний дээд хэмжээ 60 хувь байхаар харилцан тохиролцсон байна.

    Мөн хуралдаанаар газрын тосны хайгуулын Төхөм-Xталбайд Газрын тосны газар, “Монголын алт” ХХК-тай байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг зарчмын хувьд дэмжиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. “Монголын алт” ХХК газрын тосны хайгуулын үе шат болох 5 жилд нийт 22 390 000 мянган ам. долларын хөрөнгө оруулалт хийж геологи, хайгуул, геофизик, чичирхийллийн судалгаа, хайгуулын өрөмдлөгө хийх юм.

    ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА

    Манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/- ийг тэргүүлэн ажиллана. Үүнийг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо. Манай улс 2011 оны 7 дугаар сараас эхлэн АОХН-ийг даргалах эрхийг Литва Улсаас хүлээн авах юм. Энэ хугацаанд манай улс ардчиллын үнэт зүйлсийг улам бүр хэвшүүлэх, улмаар шинэ тулгар ардчиллыг тогтворжуулах, ардчиллын боловсролыг хөгжүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэхийг зорьж ажиллахаар төлөвлөж байна. 

    АОХН нь ардчиллыг дэмжин, ардчиллын хэм хэмжээ, институцийг түгээн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллага юм.