Ангилал: Uncategorized

  • Ерөнхий сайд ноолуур, ноос боловсруулах салбарынхныг гэрийн даалгавраа хийхийг даалгалаа

    Ерөнхий сайд ноолуур, ноос боловсруулах салбарынхныг гэрийн даалгавраа хийхийг даалгалааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс хойшхи ажлын цагаа ноолуур, ноос, арьс шир боловсруулах салбар болон ой модны үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгчидтэй уулзахад зарцууллаа. Эдийн засагт үр өгөөж ихтэй, ажлын байрыг илүү олноор нэмэгдүүлэх боломж бүхий хөнгөн үйлдвэр тэр дундаа ноос, ноолуур боловсруулах салбарын үйлдвэрлэгчидтэй Засгийн газрын тэргүүн эхлээд уулзаж салбарын хөгжлийн талаарх тэдний байр суурь, тодорхой саналыг сонслоо.

    Засгийн газрын тэргүүн уулзалтын эхэнд өнгөрсөн жил хийж бүтээсэн, суурийг нь тавьсан ажлуудаа үр дүнд хүргэж, ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг бодитой нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах зорилгоор Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарласан. Магадгүй уул уурхайн салбараас ч урт хугацаанд, илүү үр өгөөжтэй байж чадах хөнгөн үйлдвэр, тэр дотроо ноос ноолуурын салбарынханд зах зээлд өрсөлдөх боломж бололцоо их байна. Харин энэ боломжийг тус салбарынхан бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа талаар дурдаад хөнгөн үйлдвэрийн салбарт Засгийн газар онцгой анхаарч туулай жилийн гараан дээр тэднийг хүлээн авч уулзан санал солилцож байгаагаа хэлсэн юм.

    Төр засгийн гол үүрэг бол зах зээлийн боломжийг нь нээж өгөх явдал. Харин тухайн салбарынхан энэхүү боломжийг ашиглах тал дээр идэвх санаачилгатай ажиллахыг уриаллаа. Ингэхдээ нэгдсэн бодлого хөтөлбөр гаргаж өмнөө тулгарч байгаа асуудлаа цогцоор нь шийдэж байж салбар өөрөө хурдацтай урагшилж хөгжинө. Та бүгд татвар тогтоогоод бага хүүтэй зээл өгчихвөл бүх зүйл болчих юм шиг яриад байна. Боловсон хүчин бэлтгэх, ажлын байр бий болгох зэрэг нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой гэлээ.

    Зах зээлд боломж бий болгох тал дээр салбарынхан өөрсдөө идэвх санаачилгатай ажиллахыг Засгийн газрын тэргүүн уриаллаа. Тэдний үйлдвэрлэлийн бүтэц зохион байгуулалтын талаар хоршиж хамтарч ажиллах санал гаргаж буйг дэмжээд энэ саналыг ажил хэрэг болгохдоо  төр, засаг удирдан чиглүүлэх биш төрийн бус мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч нар илүү идэвх санаачилгатай ажиллах ёстойг тэмдэглэлээ. Ингэхдээ Засгийн газраас салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавихдаа мэргэжийн холбоодыг илүү түлхүү оролцуулж байх зорилт тавьж ажиллаж байгаагаа дурдлаа.

    Ноолуурын салбар манай улсад ямар ач холбогдолтой талаар ном хаялцахаасаа илүүтэй цаашид ямар ажил хийх гэх мэт санал санаачилгатай ирж, ажил ярьсан уулзалт хийхийг тэдэнд анхаарууллаа. Ингэхдээ Ерөнхий сайд “Нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад зах зээл гэхчлэн бүхий л салбарт ноолуурын салбар ямар ач холбогдолтойг бүгд мэднэ. Тиймээс энэ удаагийнх шиг улс төржихөө больё. “Монгол ноолуур” нэгдлийн бүтэц зохион байгуулалт ямар байх юм, үүнд засгийн ямар оролцоо, дэмжлэг шаардлагатай байна гэхчлэн тодорхой санал боловсруулан энэ сарын сүүлээр болох Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон ноолуур, ноос боловсруулах салбарын үйлдвэрлэгчдэд үүрэг болголоо.

    Газар тариалангийн салбарт тухайлбал, гурил, будааны импортын татварт НӨАТ тавьж байгаа шиг ноос, ноолуурын салбарт ч импортыг хязгаарлах талаар төрийн бодлого гаргаж болно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд үйлдвэрлэгчид, холбоод нэгдээд энэ асуудлаар санал боловсруулах, үйлдвэрлэгчид мэргэжлийн холбоондоо ач холбогдол өгч, бодлого боловсруулах  чадавхийг нь нэмэгдүүлэх шаардлагатай, эдгээрт төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар асууж сонирхлоо.  Энэчлэн бодитой ажил хэрэгч саналуудтай уулзалтад ирж байхыг дахин анхааруулаад уул уурхайн салбарынхан илүү санаачилгатай ажиллаж байгааг жишээ болгож байлаа.

    Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр ноос, ноолуурын үйлдвэрүүд нэгдээд төр засгийн дэмжлэгтэйгээр хөнгөн үйлдвэрийн мэргэжил сургалт үйлдвэрийн төв байгуулах боломж байгаа талаар лавлаад Мянганы сорилтын сангаас ийм төв байгуулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Гэтэл танай холбоо санал өгөөгүй гэдгийг онцлон хэлээд “Аливаад бүтээлч талаас нь хандаач ээ. Бүгд л их гоё яриад байдаг. Бүгд улстөрч баймааргүй байна. Тодорхой ажил, санал л яримаар байна. Ажлын сайн санал өгөөч, энэ өрөөнд улс төрийн мэдэгдлүүд сонсмооргүй байна. Одоо эндээс гараад ярилц, тодорхой саналууд боловсруул. Ингэж чадвал дараа хийх уулзалт техник эдийн засгийн үндэслэл ярьсан ажил хэрэгч уулзалт болно гэлээ. Ингэхдээ тэрбээр “Та бүхнийг дэмжье гэсэндээ ийм хатуу үг хэллээ шүү” гэж байлаа.

    Нэг удаагийн шийдлээр бүгдийг төгс төгөлдөр шийдэж чадахгүй, боломж ч байхгүй. Хамтарч ажиллах үйл ажиллагааны эхлэл, үүнийг төрийн бодлоготойгоор урагшлуулах суурь уулзалт боллоо. Энэ салбарын ажлыг бага багаар урагшлуулах боломж, шаардлага байгаа. Болж өгвөл томхон ахиулах боломжийг эрэлхийлж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтад ирсэн хүмүүст хандаж хэллээ.

    Уулзалтад “Ээрмэл”, “Буян”, “Гоёо”, “Алтай кашмир”, “Сор кашмир”, “Ханбогд кашмир” ХХК болон “Эрдэнэт хивс”, “Монгол нэхмэл” ХК-ийн гүйцэтгэх захирлууд болон ХХААХҮЯ, Сангийн яам, Монгол банкнаас албаны хүмүүс оролцлоо

  • С.Батболд: Эцсийн үр дүн нь тодорхой төсөл, хөтөлбөрийг Засгийн газар дэмжинэ

    С.Батболд: Эцсийн үр дүн нь тодорхой төсөл, хөтөлбөрийг Засгийн газар дэмжинэЭцсийн үр дүн нь тодорхой, иргэдээ ажилтай, орлоготой болгосон төсөл, хөтөлбөрийг Засгийн газар бодлого, хөрөнгө санхүүгээр дэмжихэд бэлэн. Хамгийн гол нь тухайн салбарын мэргэжлийн холбоо бодлогоо боловсруулж, түүнийг нь  хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй байна. Засгийн газраас үзүүлэх ёстой дэмжлэгийг нь үзүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрээр 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Арьс ширний холбооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзан энэ салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, төр, засгаас өгч болох тусламж, дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

    Энгийн жишээ хэлэхэд, сонирхсон айл өрхийг оёдлын машинаар хангаж, хүмүүсийг нь сургах, зах зээлээ олоход нь туслах замаар ажлын байр бий болгох төсөл, хөтөлбөр байвал дэмжинэ. Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас аймаг бүрт квот тогтоон өгч, борлуулалт сайтай бээлий оёх хүсэлтэй иргэдийг дэмжих боломж байна. Ингэснээр дор хаяж 8 мянган ажлын байр бий болох боломж байгаа гэсэн мэргэжлийн холбооны судалгааг Ерөнхий сайд дурдаад энэ хэрээр тухайн өрхийн амьдрал ахуй ч дээшилнэ гэж үзэж байна гэлээ.   

    Ажлын байр бий болгох, техник, технологоо шинэчлэх, технологийн бодлогоо хөгжлийн бодлоготойгоо уялдуулах, үндэсний үйлдвэрлэл, ялангуяа өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, Аж үйлдвэрийн парк, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах, экспорт, импортын бодлого зэрэг чиглэлээр төр, засгийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тодорхойлж Засгийн газарт асуудлаа оруулах нь зүйтэй. Төлөвлөлт, зохион байгуулалтаа хоёр талаасаа хийж, байгаа боломжоо сайн ашиглаж ажиллая. Засгийн газрын гол үүрэг бол зах зээлийн боломжийг нь нээж өгөх. Энэ тал дээр ахицтай зүйл багагүй байгаа гэж Ерөнхий сайд үйлдвэрлэгчдэд хэллээ.   

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд томоохон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулахдаа өөрсдөө үйлдвэрлэх боломжтой ажлын хувцас, бусад шаардлагатай зүйлийг заавал дотоодын аж ахуйн нэгжээр хийлгэж байх хувилбар байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд зөвлөөд хөтөлбөрөө Засгийн газарт оруулахдаа энэ асуудлыг тусгахыг үүрэг болголоо. Төрийн хяналт, зөвшөөрлийн зарим чиг, үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлж байгаа учир тухайн салбарын мэргэжлийн холбоо чадваржих ёстойг Ерөнхий сайд анхааруулж илүү үүрэг, хариуцлагатай байхыг санууллаа.

    Арьс ширний холбооны ерөнхийлөгч Б.Энх-Амгалангийн тавьсан Алтанбулагийн чөлөөт бүсэд арьс ширний үйлдвэрлэлийн нэгдсэн төв байгуулах газрын асуудлыг шийдэх, хөдөө аж ахуйн бирж, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах, гарал үүслийн гэрчилгээ олгох эрхийг салбарын мэргэжлийн холбоонд шилжүүлэх зэрэг саналыг Ерөнхий сайд  судалж үзэн тодорхой шийд гаргана гэж амлалаа.    

    Энэ 7 хоногт багтан хөнгөн үйлдвэрлийн салбарын талаар авах арга хэмжээний талаар Ажлын хэсэг хуралдаж хэлэлцэнэ. Энэ хуралд Ерөнхий сайдаас гадна Тэргүүн шадар сайд, Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Сангийн сайд нар,  Монголбанк, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, мэргэжлийн холбоодын удирдлага зэрэг холбогдох бүх байгууллагын төлөөлөл оролцох юм.

    2 дугаар сарын сүүлээр болох Засгийн газрын хуралдаанаар хөнгөн үйлдвэрийн салбарынхны боловсруулсан бодлогын талаар хэлэлцэнэ

  • Бид ченжийн нийгэмд амьдраад байна. Үүнийг арилгах эрх зүйн харилцааг бий болгох шаардлагатай байна

    Бид ченжийн нийгэмд амьдраад байна. Үүнийг арилгах эрх зүйн харилцааг бий болгох шаардлагатай байнаАливаа бараа бүтээгдэхүүн ченжийн гараар дамждагийг арилгах, эрх зүйн харилцааг бий болгох хэрэгтэй байна. Засгийн газрын зүгээс зах зээлийн боломж нөхцөлийг бүрдүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Мэргэжлийн холбоод энэ боломжийг ашиглаж, идэвх санаачилгатай ажиллаж чадвал тулгамдсан асуудлаа шийдэх бүрэн боломж байна гэж Ерөнхий сайд С.Батболд Ойчдын нэгдсэн холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэлээ.

    Тус холбоод “Ойн тухай үндэсний хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөр батлагдсанаар тэдний өмнө тулгамдаад байгаа мод бэлтгэх, боловсруулах  үйлдвэрүүдийн техник технологийг шинэчлэх, ойн гүнд орж, ашиглалтын нас гүйцсэн ойд нэвтрэх ойн зам гаргах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой тул ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж өгөхийг хүслээ.

    Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, сургууль, цэцэрлэгийн ширээ сандлаас эхлээд байгууллага аж ахуйн нэгжийн тавилгыг дотоодынхоо бүтээгдэхүүнээр хангах, импортын түүхий эдийг нэмүү өртгийн татвараас чөлөөлөх, Модны бирж байгуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг хэлж байна. Үүнээс гадна мод бэлтгэх асуудалд төрийн зохицуулалт шаардлагатай байгааг холбоодын төлөөлөл хэллээ.

    Ерөнхий сайд С.Батболд Шинэ бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг бид эхлүүлж байна. Үүнд үндэсний үйлдвэрүүд, тэр дотроо боловсруулах, хөнгөн үйлдвэрүүдийн оролцоо ихээхэн чухал. Бид үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж импортыг багасгах, эсвэл татварын босгыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэхийн тулд өөрсдийн бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж үнэ ханш дээр манай үйлдвэрлэгчид илүүтэй анхаарч өрсөлдөх чадвартай байх нь юу юунаас чухал гэдийг Засгийн газрын тэргүүн хэллээ.

    Сайн юм хийж байгаа компани байгааг би үзэсгэлэнгээс харсан. Харин өөрсдийгөө нийгэмд сурталчлах тал дээр зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Мөн эдийн засгийн үр ашгаас гадна ой модны нөөцийг зохистой  ашиглах тал дээр давхар анхаарах ёстой. Бид ченжийн нийгэмд амьдраад байна. Энэ тогтолцоог өөрчилж үйлдвэрлэгч хэрэглэгчдийг шууд холбох боломжийг бүрдүүлэх тал дээр хаа хаанаа идэвх санаачилгатай ажиллая. Салбарын өмнө тулгамдсан асуудлаа шийдэх тодорхой саналуудаа тусгасан бодлого хөтөлбөрөө нэгдсэн журмаар гаргаад 2 дугаар сарын сүүлээр Засгийн газрын хуралдаанд  оруулж ирэхийг ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд нарт болон салбарын мэргэжлийн холбоодод үүрэг болголоо

  • ТӨРИЙН ЗОЛГОЛТ БОЛОВ

    Төрийн золголт боловXVII жарны цагаагчин Төмөр туулай жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэний дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай золгов. Золголтын дараа Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлэн гэрийн жавар үргээж, төр түвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа.

    Өмнө нь төр, засгийн удирдлагууд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очдог байсан бол энэ жил Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав нар Төрийн ордонд морилон ирж төрийн 3 өндөрлөгтэй золгон, хотол олныхоо сайн сайхны төлөө ном хурж байгаа тухай айлтгав. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд хамгийн өндөр настай буурлуудын гэрт очиж золгодог байсан уламжлал энэ жил өөрчлөгдлөө.

    Сар шинийн нэгний энэ өглөө ахмадуудаа төлөөлж Төрийн ордоны ёслол, хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирсэн АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Ц.Готов, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Хөдөлмөрийн баатар, IIIэмнэлгийн мэдрэлийн тасгийн зөвлөх, доктор, профессор Ж.Хайрулла, Аж үйлдвэрийн салбарын зөөлөн эдлэлийн анхны Хөдөлмөрийн баатар оёдолчин Л.Дашням, Ардын жүжигчин, профессор Д.Жаргалсайхан, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Б.Бааст, БХЯ-ны Ахмадын хорооны дарга, хошууч генерал С.Гомбосүрэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд асан Д.Ёндон нартай төрийн 3 өндөрлөг золгож, гарын бэлгээ гардуулан дурсгалын зураг авахуулжээ.

    Сар шинийн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэл, мэдээллийн ажилтнуудад өгсөн ярилцлагадаа “Сайхан өдөр болж байна. Үүнийг гарч байгаа Туулай жилд ард түмэн, улс орны маань ажил, амьдрал ч өөдрөг сайхан байхын шинж гэж бэлэгшээж байна. Энэ билэгт сайн өдөр ахмадуудынхаа төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монгол түмэн төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    УЛААНГОМЫН ДУЛААНЫ СТАНЦЫГ ХЭВИЙН АЖИЛЛУУЛАХЫН ТУЛД 120 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

    Увс аймгийн Улаангом хотын Дулааны станцад гэмтэл гарч айл өрх, албан байгууллагуудын халаалт, дулаан доголдон, аваарийн байдалд орсон тул 2 дугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар асуудлыг нарийвчлан хэлэлцэж шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэлээ. Гарсан аваарь болон учирсан хохирлыг арилгах, станц, дулааны шугам, сүлжээг сэргээж, хэвийн үйл ажиллагаанд оруулахад нэн тэргүүнд шаардлагатай 120 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар болсон байна.  

    Станцыг хэвийн ажиллуулах, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй хангах, учирсан хохирлыг тогтоох талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нарт даалгалаа. Энэ ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг 3 дугаар сарын 1-ний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар даалгасан байна.

    Цаашид орон нутгийн удирдлага, станцын эзэд хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй байгааг Засгийн газрын олон гишүүн хэлж, осол аваарь гарсан шалтгааныг шалгаж тогтоох, хэнд ямар хариуцлага тоооцох тухай асуудал ч давхар хөндөгдөх учиртай гэж байлаа. Энэ жил нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч зарим аймагт -50 хэм хүрч байгаа тул өвөлжилт, хаваржилтад илүү анхаарч, хоорондын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах, үнэн зөв мэдээллийг шуурхай өгч байхыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл,, мэдээллийн албанаас мэдээллээ.   

     БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ЦОГЦООР НЬ ХӨГЖҮҮЛНЭ

    “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох замаар дундаж наслалтыг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын хөгжлийн түвшинг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх нь хөтөлбөрийн гол зорилго юм. Хөтөлбөрийг 2020 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатыг 2011-2015 он, хоёрдахь шатыг 2016-2020 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн байна.

    Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндсэн 4 зорилтын хүрээнд нийтийн биеийн тамирт зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн удирдлага, төлөвлөлт, салбар хоорондын уялдаа холбоо, оролцоог сайжруулах, биеийн тамир, спортын материаллаг баазыг бэхжүүлэх замаар нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хэрэглээ болгох, тамирчдын амжилтыг дэлхийн түвшинд хүргэх зорилт, арга хэмжээг хөтөлбөрт тусгажээ.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг нь улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт даалгав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг эрхэлсэн салбар, орон нутгийн жил бүрийн төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хандивлагч байгууллагын хөтөлбөр, төсөлд тусган санхүүжүүлэх юм.

    ЗАСГИЙН ГАЗАР 2010 ОНД 65 УДАА ХУРАЛДЖЭЭ

    Өнгөрсөн онд 669 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 254 асуудалтай танилцаж Засгийн газрын 350 тогтоол, Ерөнхий сайдын 109 захирамж гаргасан байна. 89 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 43 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 15 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 8 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 26 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 54 асуудлыг гишүүдээс гаргасан саналын дагуу дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

    ·         “Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг Монгол Улсын 2011 оны төсвийн жилд 1,985.2 тэрбум, 2012 оны төсвийн жилд 1,720.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөөд байна. Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргах нь дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийн обьектууд, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлуулах, Дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгож төрөлжилтийг хөгжүүлэх замаар улс орны хөгжлийг түргэсгэхэд санхүүгийн гол хөшүүрэг болох юм. Зээлийн баталгааны дээд хэмжээг Улсын Их Хурлаас тогтоосноор “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д заасан тусгай шаардлагуудыг хангуулах, зөвхөн нэн тэргүүний гэж үзсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах боломжийг бүрдүүлэх аж холбогдолтой гэж үзэж байна.

    ·         “Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн Холбооны хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн хээрийн IIшатны эмнэлгийн асуудлаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэгт олголоо.

    ·         Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцсон дүнг сайшаав. Чуулганы мөрөөр болон 66 дугаар чуулганд бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа. Чуулганы Ерөнхий шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож олон улсын тулгамдсан асуудлаар улсынхаа байр суурийг илэрхийлсэн юм.

    ·         Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.056 хувь байхаар тогтлоо.

    ·         Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан нэр бүхий соёлын ажилтан, уран бүтээлчдэд нийт 139 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. 

    ·         Ховордсон ан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • Монгол улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа нь нэг талаар сайн, нөгөө талаар эрсдэл дагуулах магадлалтай

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Стев Барнеттар болон ОУВС-ийн монгол дахь суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа. ОУВС-ийн ажлын хэсгийнхэн манай оронд арав гаруй хоног ажилласан бөгөөд энэ ажлынхаа үр дүнг Ерөнхий сайдад танилцуулахаар ийн иржээ.

    Манай оронд хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн Стэндбай хөтөлбөрийг амжилтттай хэрэгжүүлж дууссанд сэтгэл хангалуун байгаагаа ОУВС-ийнхан илэрхийлээд 2011 оны төсвийн талаарх дүгнэлтээ Монгол улсын Засгийн газрын тэргүүнд дуулгасан юм. Монгол улсын эдийн засаг маш хурдацтай хөгжиж байна гэдэг дүгнэлтийг ОУВС-ийн ажлын хэсгийнхэн гаргаад байгаа бөгөөд энэ нь нэг талаар сайн, нөгөө талаарэрсдэл дагуулах магадлалтай гэдгийг тэд анхааруулж байна.

    2011 оны төсөв ДНБ-ий 52.1 хувьтай тэнцэх хэмжээний байгаа нь төсвийн хэт тэлэлтэй холбоотойг анхаарууллаа.Мөнинфляци тодорхой түвшнээс нэмэгдэж, 20 хувиас давах дүр зураг харагдаж байгааг ОУВС-ийн ажлын хэсгийнхэн хэлж байна. Түүнчлэн аль болох ядуусд чиглүүлж байгаа Стэндбай хөтөлбөрийг үргэлжлүүлэх зөвлөгөөг ч бас өглөө.

    Макро эдийн засгийн эдгээр үзүүлэлтээс харахад эцсийн дүндээ энэ бүгд нь Монголын хувийн хэвшлийн салбарт нөлөөлж, тэд өрсөлдөх чадвар сул  болж магадгүй байгааг ОУВС-ийн шинжээчид ярьж байна. Харин Монгол улсын Засгийн газраас явуулж байгаа эдийн засгийн чиглэлийн бодлогууд тодорхой үр дүнгээ өгч байгааг судалгаа харуулж байна гэсэн дүгнэлтийг ОУВС хийжээ.  

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэдний дүгнэлтийг сонссоны дараа та бүхний анхааруулж байгаа бүх зүйл Засгийн газрын анхаарлын төвд байгаа, Төв банкныхантайгаа ч  хамтарч ажиллаж байнагэдгийг дурьдлаа. Ирэх гуравдугаар сард эдийн засгийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, энэ үеэр эдгээр асуудлыг олон талаас нь хэлэлцэхээр төлөвлөж байгаа.

    Мөн Монгол улс зөвхөн уул уурхайг түшиглэсэн эдийн засгийн бодлогоос гадна жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг түлхүү хөгжүүлэх бодлого барьж буйгаа Ерөнхий сайд дуулгаад, хүнсний ногоогоор өөрсдийн хэрэгцээгээ хангадаг болсон нь хөрш зэргэлдээ орнуудынхаа үнийн өсөлтөд автдаг байсан цаг хойно өнгөрснийг тэмдэглэж байсан юм. Үнэтэй зөвлөгөө өгч, бас Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэдэнд талархлаа илэрхийллээ

  • С.Батболд: Иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажиллана

    С.Батболд: Иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажилланаӨнөөдөр Иргэний нийгмийн өдөр. Энэ өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ

    Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг манай улс Үндсэн хуулиндаа тунхагласан. Энэхүү тунхаглалыг хэрэгжүүлэх зорилгоор 1997 онд “Төрийн бус байгууллагын тухай” хуулийг батлан хэрэгжүүлж ирлээ. Уг хуулийг баталсан 1 дүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон зарласан. Энэхүү түүхт өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан эх орондоо иргэний нийгмийг бэхжүүлэх их үйл хэрэгт сэтгэл зүтгэл гаргаж ирсэн иргэний нийгмийн төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагыг санаачлагчид, түүнд ажиллаж ирсэн бүх хүмүүст баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

    Иргэний нийгмийн өдөр бол иргэдийн эрх ашиг, нийгмийн сайн сайхан, сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийнхний төдийгүй иргэн бүрийн баярын өдөр билээ. Иргэний нийгмийн байгууллагууд иргэд төр засгийг хооронд нь холбож өгөхөөс гадна төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сайн засаглалыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын удирдлага, лидерүүд нь нийгэм олон нийтэд танигдаж улс орныхоо өмнө тулгамдаж буй асуудлуудыг харж, хөндөж, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь манай нийгмийн том үнэт зүйлс юм. Энэ утгаараа иргэний нийгмийг бэхжүүлэх, баталгаажуулах нь бидний бодлого, зорилт байх учиртай.

    Өнгөрсөн 20 жилд бид ардчилсан нийгмийг байгуулж чадлаа. Харин ирэх 20 жилд ардчиллын институцуудыг төлөвшүүлэх, түүний дотор иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажиллана. Манай улсад энэ оны эхний байдлаар 12000 орчим төрийн бус байгууллагууд бүртгэгдэж олон салбарт үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Иргэний нийгмийн байгууллага сайн хөгжиж бэхэжсэн, иргэдийн оролцоог бүх салбарт бий болгосон улс орны бодлого зөв байдаг. Ийм орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж ирлээ. Засгийн газрын тэргүүний хувьд иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх, үйл ажиллаагааг нь өргөжүүлэх талаар олон ажлыг хийж, хэрэгжүүлж ирлээ.

    Сайдууд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өөрсдийн хариуцдаг салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, санхүүжилт өгөх талаар үүрэг даалгавар өгөн хэрэгжүүлж байна. Иргэний нийгмийн хяналтын тогтолцоог төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжид бий болгох санаачилгыг анх удаа гарган хэрэгжүүлж ирлээ. Мөн төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын санал, санаачилгыг Засгийн газар судлан үзэж холбогдох шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр бэлтгэж зарим эхлэлүүдийг тавилаа. Засгийн газраас төрийн бус байгууллагыг бэхжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар олон удаа хэлэлцүүлэг өрнүүлж бүх талуудын санал санаачилгыг тусган хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

    Цаашид иргэний нийгмийн байгууллагын өмнө тулгамдаж буй санхүүжилт, татвар, хууль эрх зүйн ээлтэй орчин бүрдүүлэх, иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлалыг боловсруулах хамтын ажиллагаанд шинэчлэлийн бодлого явуулахад анхаарна. Баярын энэ өдөр иргэний нийгмийн асуудлаар Засгийн газартай хамтран ажиллаж ирсэн Иргэний нийгмийн зөвлөлд ч мөн талархаж байгаагаа илэрхийлье. Улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэний хяналтыг бий болгоход иргэний нийгмийнхний идэвх санаачилга, хичээл зүтгэл чухал үүрэгтэйг ухамсарлаж, ололт амжилтаа бататгаж ажиллахыг хүсье.                          

    Монгол Улсын Ерөнхий сайд                     С.Батболд

    2011 оны 1 дүгээр сар 31

  • Багш нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Ерөнхий сайд амлалаа

    Багш нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Ерөнхий сайд амлалаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын 40 гаруй мянган багш нарыг төлөөлж Спортын шинэ ордонд цугласан 5000 орчим багш нарт баярын мэнд хүргэж үг хэлэхдээ, боловсролын шинэчлэлийн гол хөдөлгөгч хүч нь багш нар. Та бүхэн үйл ажиллагаа, арга барилаа цаг үргэлж шинэчлэхгүй бол хэчнээн ярьсан ч шинэчлэл хийгдэхгүй.  Энэ шинэчлэлийг хийх багш нарынхаа асуудлыг бид нэн тэргүүнд шийдэх ёстой гэдгийг онцоллоо. Тиймээс ч тэдний хувьд эмзэг сэдэв болоод байгаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд дорвитой арга хэмжээ авна гэдгээ Ерөнхий сайд С.Батболд амлалаа.

    Багш нарыг орон сууцаар хангах чиглэлд тодорхой санал боловсруулж ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэхийг Боловсрол соёл шинжлэх ухааны болон Сангийн сайдад үүрэг болгосон гэсэн Ерөнхий сайдын мэдээлэл  Монголын багш нарын баярын 45 дахь өдрийн хамгийн том бэлэг боллоо. Мөн тэрбээр багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, ажлын урамшууллыг сайжруулахад төр засгийн зүгээс тууштай анхаарах болно гэдгээ ч мөн илэрхийллээ.

    Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, Кембрижийн сургалтын  стандартыг нэвтрүүлэх эхлэлийг тавьсан, их, дээд сургуулийн тоог цөөлсөн,  Оюутолгой төслийн хүрээнд хөрөнгө оруулалт хийгдэж томоохон бүтээн байгуулалтад оролцох 3300 залуусыг сургаж эхэлсэн зэрэг өнгөрсөн онд хийсэн ажлаа бахархан нэрлэж Монголын багш нар өнөөдөр Нисэхийн цагаан хаалганы ойролцоо сүндэрлэсэн спортын шинэ ордон хуран чууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр улсын тэргүүний сургууль, цэцэрлэгийн хамт олонд болон оны тэргүүний багш нарт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нар баяр хүргэж, шагналыг нь гардууллаа