Ангилал: Uncategorized

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Шинжлэх ухааны академийн Их чуулганд хэлсэн үг

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Шинжлэх ухааны академийн Их чуулганд хэлсэн үг

    С.Батболд: Шинжлэх ухааны академи одоогийн бүтэц, тогтолцоондоо дүгнэлт хийж, давхардлыг арилгах, их сургуулиуд, бизнестэй хамтрах хэрэгтэй

    Эрхэм хүндэт академичид, эрдэмтэд мэргэд ээ!

    Өнөөдөр туулай жилийн босгон дээр Монголын шинжлэх ухааны академийн Их чуулганд оролцож, улс орныхоо шинжлэх ухаан технологийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаархи бодлоо Та бүхэнтэйгээ хуваалцах боломж олдсонд баяртай байна. Шинжлэх ухааны академийн Их чуулган гэдэг бол зөвхөн эрдэмтдийн  төдийгүй, улс орны хэмжээний томоохон арга хэмжээнд тооцогддог.

    Өнөөдөр шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хувилбай хаан”-ы одонг авч байгаадаа баяртай байна. Энэ нь шинжлэх ухааны байгууллагуудтайгаа хамтран ажиллаж олон асуудлыг шийдвэрлэх ёстойн илрэл боллоо. Бас сая эрдэмтдийнхээ бүтээлийн үзэсгэлэнг үзэж, нааштай олон эхлэл байгаатай танилцлаа. Дэлхийн хөгжилтэй болон хөгжиж буй орнууд мэдлэгт суурилсан эдийн засаг бий болгох, хөгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Тиймээс бид шинжлэх ухааны салбараа улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх замаар эдийн засаг дахь шинжлэх ухааны өгөөж, нийгэм дэх шинжлэх ухааны нэр хүндийг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах хэрэгтэй.

    Монгол улсад шинжлэх ухааны салбар үүсч хөгжиж, үндэсний чадавх бий болсноос хойш олон арван жил өнгөрчээ. Анх ОХУ-ын Шинжлэх ухааны академийн загвараар байгуулагдсан манай шинжлэх ухааны байгууллагууд олон жилийн турш хуучин социалист орнуудын академиудтай хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Харин сүүлийн 20 жилд дэлхийн бусад улс орны шинжлэх ухааны байгууллагуудтай харилцах олон боломж нээгдлээ. Гэсэн хэдий ч ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас эхлэн шинжлэх ухааны салбарт шийдлээ хүлээсэн тодорхой асуудлууд хуримтлагдсан гэдэгтэй манай эрдэмтэд санал нийлэх байх аа.

    Хамгийн түрүүнд санхүүжилт муудаж, салбарын боловсон хүчин сарнилд орсон зэрэг олон бэрхшээлийг шинжлэх ухааны салбар даван тууллаа.

    Шинжлэх ухаан, технологийн салбарын мастер төлөвлөгөө батлагдаж, бүтцийн томоохон өөрчлөлт хийгдэж, эрдэм шинжилгээний 72 байгууллага нэгжийг 22 хүрээлэн төв болгон Шинжлэх ухааны академи, их, дээд сургууль, зарим яамны харьяалалд шилжүүлж, эрдэм шинжилгээний 17 байгууллагыг “Судалгаа-туршилт-үйлдвэрлэл-бизнес”-ийн 8 корпораци болгон зохион байгууллаа. Салбарын эрх зүйн үндсэн баримт бичгийг боловсруулан гаргаж, эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулиудыг түшиглэн технологийн инкубатор байгуулж, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологиудыг шинэчлэн тогтоосон.

    Мөн шинжлэх ухаан, технологийн салбарыг үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай холбох, санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх чиглэлээр тавигдаж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасган бүтцийг зохистой болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, өндөр технологийг нутагшуулж, хөгжүүлэхэд чиглэсэн “2010-2014 онд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг Засгийн газар баталснаар шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж байгаа төсвийн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх, салбарын нөөцийг төвлөрүүлэхэд чухал алхам болсон.

    Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас шинжлэх ухааны салбарын санхүүжилтэд чамгүй анхаарч ирлээ. Тухайлбал Одон орон геофизикийн судалгааны төвийн олон жилийн судалгааны үр дүнг Засгийн газар хэлэлцээд “Газар хөдлөлтийн гамшгийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Энэ тогтоолын дагуу Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг судлах, газар хөдлөлийн аюул, эрсдэлийн үнэлгээг нарийвчлан тогтоох, геофизикийн ажиглалтын байнгын цэг байгуулахад зориулж нийт 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.

    Шинжлэх ухааны корпорациудын ихэнх нь өнөө маргаашаа аргацаах хэлбэрээр явж байна гэхэд хилсдэхгүй биз ээ. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт бага байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ санхүүжилт бага байгаагаас чадавх сул, чадавх сулаас итгэлгүй, мухар эргүүлэгт орчихсон байна гэж шүүмжилдэг. Санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхийн өмнө салбарын бүтэц, зохион байгуулалт, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа нь хүлээгдэж буй хэмжээнд байна уу гэдгийг эргэцүүлмээр байна. Шинжлэх ухааны академийн Их, Бага чуулганаар санхүүжүүлэхээр гаргаж буй судалгааны сэдэвт ажлууд өнөөгийн бидний өмнө тавигдаж буй хөгжлийн зорилтууд, тэргүүлэх чиглэл, цөм технологи зэрэгтэй хэр уялдаж байна вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдах ёстой. Энэ чиглэлээр үнэлгээ хийж үзэхийг Шинжлэх ухааны академи, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгаж байна.

    Угаасаа хангалттай байж чадахгүй санхүүжилтийг хуваарилахдаа ”эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэдэг зарчим баримталснаар аль алинд нь дорвитой судалгаа хийхэд хүрэлцэхгүй байдал шинжлэх ухааныг хагас өлсгөлөн байлгах нэг үндэс болж байна гэдгийг эрдэмтэн мэргэд та бүхэнтэйгээ ярилцах ёстой. Шинжлэх ухааны салбарт хувийн хэвшлийн санхүүжилттэй хамтарсан судалгааны тоо хэд байна вэ? Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний байгууллагууд, академи хүрээлэнгүүдийн хоорондын хамтарсан судалгааны тоо хэмжээ өнөөдөр яагаад өсөхгүй байна вэ?, Академийн одоогийн бүтэц маань тэргүүлэх чиглэл, цөм технологитой хэрхэн уялдаж байна вэ? гээд олон асуултыг бид ярилцан шийдэж, хариулт өгөх цаг болжээ.

    Монгол улс жижиг эдийн засагтай, хүн ам цөөтэй, шинжлэх ухаан технологийн салбарын хүний нөөцийн чадамж боломж хязгаарлагдмал зэргийг эргэцүүлэн бодож, шинжлэх ухаан технологийн салбарт байгаа нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх шаардлагатай. Ялангуяа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ойрын үеийн чиг хандлагыг харгалзан, шинжлэх ухаан, технологийн салбарын гүйцэтгэх үүрэгт онцгой анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.

    Өнөөдөр мэдээлэл, харилцаа холбооны салбарт 400 компани үйл ажиллагаа явуулж, 21 оронд манай компаниуд аутсорсинг хийж байна. Манай шинжлэх ухаан энэ процесст хэрхэн оролцож байгаа нь төдийлөн харагдахгүй байна. Монголын эрдэмтэд шинэ сортын үр гаргах, шинэ үүлдрийн хонь гаргах гээд чамгүй судалгаа хийжээ. Гэтэл Дарханы 144 шинэ сортын үрийн нөөц хэдэн арван тонноор хэмжигдэж, Орхон үүлдрийн хонины тоо хэдхэн зуугаар тоологдож байгаа өнөө үед үйлдвэрлэлд нэвтрүүлэх тухай ярихад амаргүй гэдэг нь ойлгомжтой.

    Хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар багагүй хүч хөрөнгө зарцуулж буй өнөө үед шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц бололцоог үүнд чиглүүлж, чадвар чадавхыг нь ашиглаж, хөрөнгө зардлаа хэмнэмээр байна. Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн мониторингийн судалгаанаас үзэхэд 1000 хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор бид дэлхийд дээгүүр байр эзэлдэг боловч шинжлэх ухааны тодорхой судалгааны чиглэлд ногдох судлаачийн тоо, чадавх сул гэсэн дүгнэлт гарч байна.

    Монгол улсад үйлдвэрлэж буй үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 95 хувь технологийн багтаамж доогууртай гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд хорт хавдрыг эмчлэх, сэргийлэх чиглэлээр ажиллаж, дотоодын эмийн үйлдвэрлэлийн хувь хэмжээг  өсгөх, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гүн боловсруулалтыг нэмэгдүүлэх зэрэг нааштай сайн эхлэл харагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ ийм нааштай эхлэл харьцангуй цөөн, үр дүн нь гарт баригдахаар их биш байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

    Манай шинжлэх ухаанд тулгамдаж буй эдгээр асуудлыг бидэнтэй адил тогтолцооноос шилжихдээ хамгийн зөв шийдлийг олсон бусад орны олон жишээ, загварыг судалж, манайд илүү зохицох туршлагуудыг санаачилгатай, зоригтой хэрэглэмээр байна. Энэ чиглэлд Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиуд, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай. Шинжлэх ухаан, технологийн салбарын идэвх санаачилгыг өрнүүлэхэд тус болох эрх зүй, эдийн засгийн зохистой орчныг бүрдүүлэхэд шаардагдаад байгаа бодлогын алхмуудыг санал болгож шийдвэрлэх ёстой.

    Шинжлэх ухааны академи одоогийн бүтэц, тогтолцоондоо дүгнэлт хийж, давхардлыг арилгах, их сургуулиудтай уялдуулах, бизнестэй хамтрах бололцоотой болгох, батлагдсан тэргүүлэх чиглэл, цөм технологитойгоо уялдуулмаар байна. Ингэхдээ өөрийн орны эдийн засаг, санхүү, хүний нөөцийн боломжоо харгалзан прагматик хандлагыг урьтал болгох хэрэгтэй. Шинжлэх ухааны санхүүжилтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, санхүүжилт, судалгааны үр дүн, өгөөжийг нотлох, захиалагч нь үйлдвэрлэгч байх зарчмыг нэвтрүүлэх шаардлагатай байна.

    Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага та бидний өмнө тавигдаж байна. Судалгааны академик эрх чөлөөг хүндэтгэн үзэж, судалгааны ерөнхий чиглэлээ зөв тогтоож, улсын ерөнхий хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатайг анхаарах ёстой. Шинжлэх ухааны ололтыг олон түмэнд, нийгэмд ойлгуулан түгээн дэлгэрүүлэх ажлыг ч орхигдуулах ёсгүй. Иргэд, олон нийтийн шинжлэх ухааны ерөнхий мэдлэг дулимагаас үүдэн салбарын олон нийтийн дэмжлэг сул, зарим үед эрдэмтэн судлаачдын дуу хоолойг улс төржсөн дуу хоолой орлоод байгааг ч анхаарах ёстой.

    Тэргүүлэх чиглэлүүдэд эрдэмтэд судлаачдын идэвхийг өрнүүлэн Та бүхний нааштай санал, санаачилгыг дэмжиж, салбарын үр өгөөж, үнэлэмжийг дээшлүүлэх гэсэн чин эрмэлзлийг минь дэмжинэ гэж итгэж байна. Өнөөгийн бидний шүүмжлээд байгаа мухар эргүүлгээс шинжлэх ухааныг татаж гаргахад эрдэмтэн мэргэд, академич бүрийн идэвх, санаачилга юу юунаас чухал гэдгийг зориуд хэлэхийг хүсч байна. Хэрэв бодлого ойлгомжтой, үр дүн тодорхой, үйл ажиллагаа ил тод, оролцоо хангагдсан, олон түмэн дэмжсэн байвал шинжлэх ухааны салбар төр, засгийн дэмжлэгтэйгээр улс орны хөгжлийн чухал хүчин зүйлийн нэг болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

    Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ,

    Манай улсын хувьд асар том боломж, шинэ зорилт, сорилтууд тулгарч байна. Энэ бүхнийг даван туулахад эрдэмтэн мэргэд та бүхнээс олон зүйл шалтгаалах учраас Засгийн газрын тэргүүний хувьд шинжлэх ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж ажиллах болно гэдгээ хэлье. Манай экспортын бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүнд өртөг шингээж чадахгүйгээр түүхий эд чигээр нь гаргаж байгаад Засгийн газар дорвитой өөрчлөлт хийхээр аж үйлдвэрийн цогцолборуудыг барьж байгуулахаар зорьж байна.

    Манай эрдэмтэд өөрийн орны нүүрсний нийт 50 гаруй ордын 43-ынх нь нүүрсийг судлан техникийн бүрэн шинжилгээ хийж, нэмүү өртөг шингэсэн кокс болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх ирээдүй бүхий санал боловсруулсан нь улс орны хөгжлийн бодлоготой нийцэж байна. Түүнчлэн үнэт, өнгөт, ховор металл, нефть, уран, барилгын материал зэрэг эрдсийн түүхий эдийн байршлын зүй тогтлыг илрүүлэх “Ашигт малтмалын зураг” зохиосон нь төр, засгийн бодлогод илүү үр өгөөжтэй ашиглагдах ёстой.

    Байгалийн баялгаа улс орныхоо, хүнийхээ хөгжилд зарцуулах, шавхагдашгүй баялаг бүтээх зайлшгүй шаардлага бий. Энэ бодлогын нэг зорилт болгож Монголын геологи, эрдэс баялгийн үндэсний төв байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих кокс, химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд Шинжлэх ухааны академи, үндэсний эрдэмтэн мэргэд бодитойгоор оролцох ёстой гэж бодож байна. Сайншандын цогцолбор, Ховор металл, Атомын станц, Эрчим хүч хэмнэх, Экспортын хөтөлбөр гэх мэт эдийн засгийн тулгамдаж буй зорилтууд, тэргүүлэх чиглэлүүдэд шинжлэх ухааныг чиглүүлэх ёстой.   

    Манай орны уул уурхай, металлургийн үйлдвэрлэлийн өнөөгийн хөгжилтэй уялдан бусад үйлдвэр, үйлчилгээ, судалгаа шинжилгээний ажил эрс нэмэгдэж анализын өндөр хүчин чадлын лаборатори байгуулах шаардлагатай боллоо. Тиймээс Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийг орчин үеийн зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр ханган нефть, нефтийн бүтээгдэхүүн, геологи, эрдэс төмрийн орчны бохирдол, усны чанарын болон хөдөө аж ахуйн, хүнс, биологийн дээжийн шинжилгээ хийх үндэсний чадамжтай болгох нь зүйтэй гэж үзэж байна. 

    Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулийн эрдэм судлалын ажилтай уялдуулах талаар тодорхой ажил хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн боломжийг их, дээд сургуулийн багш нарын судалгаатай уялдуулах ёстой гэсэн үг юм. Дэлхийн нийтийн хандлагаас харахад их, дээд сургуульд суурилсан шинжлэх ухааны хүрээлэнгийн салбар илүү өгөөжтэй нь нотлогдсон гэж ярьж байгааг нийт эрдэмтдээрээ, салбараараа хэлэлцэн шийдвэрлэхийг салбарын сайдад үүрэг болгож байна.

    Өнгөрсөн онд Засгийн газрын хурлыг монголын говьд хийлгэх үеэрээ Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн боловсруулсан бэлчээрийн доройтол, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутагт бэлчээрийг нөхөн сэргээх технологийг нэвтрүүлэх саналтай танилцаж, дэмжин хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ. “Бэлчээр сайжруулах экологийн туршилт судалгааны төв”-ийг цаг алдалгүй байгуулах хэрэгтэйг дурдъя.

    Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд технологийн шинэчлэл хийх, эдийн засгийн дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхайн маш сайн хөгжсөн гадаадын технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Энэ талаар гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Засгийн газар бүх талаар дэмжинэ. Шинжлэх ухааны академийн өмнө тулгамдсан, бас миний хөндсөн асуудлуудыг энэ оны эхний хагаст Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нарт үүрэг болгож байна.

    Эцэст нь хэлэхэд, 2011 онд Монголд анхны орчин үеийн шинжлэх ухааны байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсаны 90 жил, Шинжлэх ухааны академийн 50 жилийн түүхэн ойг тэмдэглэх ажилд амжилт хүсч, эрдэмтэн мэргэд та бүхнийхээ эрдэм судлал, оюуны нөр их хөдөлмөр тань улам өргөн дэлгэр байхыг ерөөе.

    Анхаарал хандуулсанд баярлалаа!

    2011.01.27.       Хүүхдийн номын ордон

  • Ерөнхий сайд С.Батболд В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ

    Ерөнхий сайд С.Батболд В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинд цахилгаан утас илгээж, ОХУ-ын “Домодедово” нисэх онгоцны буудалд террорист халдлага болсны улмаас олон хүн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ. Цахилгаан утсанд “Москва хотын олон улсын “Домодедово” нисэх онгоцны буудалд халдлага болж олон хүний амь нас эрсэдсэн тухай мэдээг бид цочирдон хүлээн авлаа.

    Танд болон амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр тэдний ойр дотнынхонд, Оросын ард түмэнд Монголын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. Монгол Улс алан хядах ажиллагаа, терроризмын бүх хэлбэрийг буруушаадаг. Терроризмтой хийж буй ОХУ-ын төр засгийн удирдлага, ард түмний тэмцлийг бид бүх талаар дэмжиж байна” гэжээ.

  • Ерөнхий сайд Австралийн парламентын төлөөлөгчдийн танхимын даргатай уулзав

    Ерөнхий сайд Австралийн парламентын төлөөлөгчдийн танхимын даргатай уулзавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ази-Номхон далайн орнуудын 19 дүгээр чуулганд оролцож байгаа Авсрали Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Харри Женкинс тэргүүтэй төлөөлөгчдийг 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа. Австралийн төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд тус улсад болсон үерийн улмаас хүний амь нас эрсдэж, эд материалын их хохирол учирч байгаад эмгэнэл илэрхийлэв.

    Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганд Австрали Улс өндөр түвшний төлөөлөгчдөө оролцуулж байгаад Ерөнхий сайд талархаж, хоёр талын харилцаа, ялангуяа парламент хоорондын харилцаа идэвхжиж байгааг тэмдэглэв. Хоёр улс өндөр дээд хэмжээний харилцан айлчлалаа тогтмолжуулж үргэлжлүүлэх, бүс нутаг, Зүүн хойд Азийн асуудлаар бие биеэ харилцан дэмжиж ажиллах нь чухал. Монгол Улс Австралитай харилцах харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгөн Элчин сайдын яамаа Канберра хотод ажиллуулж байгаагийн адил австралийн тал ойрын үед Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт найдаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.   

    Австралийн Засгийн газрын тэтгэлгээр сурч, боловсрол эзэмших монголчуудын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, тус улсын Засгийн газар хөгжлийн албан ёсны тусламжийнхаа хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөнд талархал илэрхийлэв. Боловсрол, хөдөө аж ахуй, стандартчилал, уул уурхай гээд олон салбарт  Австрали Улстай  хамтарч ажиллах, туслалцаа, дэмжлэг авч, туршлага судлах сонирхолтай байна гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ.

    Ази-Номхон далайн орнуудын парламентын төлөөлөгчид Улаанбаатар хотноо цуглан олон чухал асуудал хэлэлцэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг Австрали Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Харри Женкинс онцлоод Монгол Улс энэ чуулганыг амжилттай зохион байгуулж байгааг тэмдэглэв. Олон жилийн өмнөөс харилцаа тогтоон хамтран ажиллаж, анд нөхөд болсон манай хоёр улсын харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр хэллээ.

    Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй австралийн аж ахуйн нэгжүүд монголын нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлөх олон арга хэмжээ зохион байгуулж байгааг энд ирээд мэдсэн. Зайлшгүй хийх ёстой энэ ажлыг цаашид улам өргөжүүлэх хэрэгтэй гэж Парламентын төлөөлөгчдийн  танхимын дарга хэлэв. Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцсан монгол залуус эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө мэдлэг, боловсролоо зориулж байгаад тэрээр олзуурхаж, цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн төлөө байна. Ерөнхий сайд таны хэлсэнчлэн харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх олон боломж, бололцоог бид ажил хэрэг болгох ёстой гэлээ.

    Ялангуяа уул уурхайн салбарт олсон ололт, амжилт, туршлагаасаа монголчуудтай хуваалцахдаа бид баяртай байх болно. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ирэх 3 дугаар сард хийх албан ёсны айлчлалд Австрали Улс ихээхэн ач холбогдол өгч хүлээжбайгаа. Энэ айлчлалхоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэж ноён Харри Женкинс хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    Засгийн газрын хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ӨМНӨГОВИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

    “0” зогсолт хийсэн Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станцын нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанаар тусгайлан хэлэлцэв. Станцад гарсан аваарийг арилгах, тоног, төхөөрөмж, дулааны шугам сүлжээг сэргээн засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулахад 1,4 тэрбум шаардлагатай гэж Эрдэс баялаг, эрчим хүчний яам, харъяа газрын удирдлагууд танилцууллаа.

    Станцын газардуулгын хүрээний зэс голтой кабель утсыг хулгайлснаас гэмтэл гарч станц зогссон байна. Үүний улмаас станц доод тал нь 1 сарын хугацаанд өөрийн бүрэн хүчин чадлаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг газар дээр нь ажиллаж байгаа Ажлын хэсэг гаргажээ. Эвдэрсэн турбогенераторын статорын ороомгийг манайд засварлах боломжгүй учир БНХАУ-д тээвэрлэн аваачиж засуулахад 260 сая төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна.

    Шаардагдах 260 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэснээс гадна 14 хоног дизель станц ажиллуулах, цагийн байдал, хийж байгаа ажил, авах арга хэмжээний талаархи саналаа Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болголоо. Станцын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд жил бүр төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө гаргаж засвар, үйлчилгээ хийдэг байсан зэргийг шалгаж, тодруулах ёстой. Мөн эрчим хүчний аюулгүй ажиллагааны чанарыг шалгах Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд хэлж байлаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    НӨӨЦИЙН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧДАД ХУДАЛДАНА

    Мал өвөлжилтийн байдал хүндэрч байгаа учир орон нутаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалж байгаа өвс, тэжээлийг улсын нөөцөд бэлтгэсэн үнээр нь худалдахыг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Мөн Улсын нөөцөөс Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 2 ширхэг дизель станц олгож, энэ оны 2 дугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгав. Өвөрхангай аймаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах шаардлагатай 600 тн өвсийг тээвэрлэн хүргэхэд зориулж 56 сая, Улсын нөөцөөс олгох дизель станцыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 60 сая, нийт 116 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт  олгохоор тогтлоо.

    Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвийг өдөрт 4 цаг цахилгаанаар хангаж байсан дизель станц 2011 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр эвдэрсэн байна. Үүнээс болж байдал хүндэрсэн учир сумын удирдлага дизель станц олгох хүсэлтээ Улсын Онцгой комисст гаргажээ. Манай улсын нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байгаа бөгөөд нягтарч хатуурсан цаснаас болж 14 аймгийн 87 сумын нутагт мал бэлчихэд хүндрэл үүсээд байна. Ялангуяа Увс, Завхан, Өвөрхангай аймгийн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар цасны зузаан 20 см-ээс их болж, нягтарч хатуурснаас малаа байнга тэжээхэд хүрчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    1949 ОНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НЭМЭЛТ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА

    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам. доллараар нэмэгдүүлэх зорилгоор тус нийгэмлэгийг үүсгэн байгуулсан 1949 оны Хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурах бүрэн эрхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад олгов. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, техник, техонлогийг шинэчлэх зорилгоор дүрмийн санг нь хоёр талын ижил хувийн оролцоотойгоор 250 сая ам. доллараар нэмэгдүүлэхээр хувь нийлүүлэгчид тохиролцсон юм. 

    Хэдийгээр тээвэрлэсэн ачаа, зорчигчийн хэмжээ нэмэгдсэн ч “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг өөрийн хөрөнгөөр шаардлагатай техникийн шинэчлэлээ хийх боломжгүй байгаа. Нийгэмлэг сүүлийн 25 жилд техникийн дорвитой шинэчлэл хийгээгүй. Үүнээс болж хөдлөх бүрэлдэхүүний паркийн 65 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан, 25 жилээс дээш ашиглаж байгаагаас гадна 400 км гаруй замд их засвар хийх шаардлагатай байгаа юм.  

    ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООВ

    Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хүн ам, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах хүрээг харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг өөрчлөн тогтоолоо. Энэ дагуу 1500 хүртэл хүн амтай суманд 9, 1501-3000 хүртэл хүнтэй суманд 11, 3001-5000 хүртэл бол 12, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 14, 10 000-20 000 бол 17, 20 000 мянгаас дээш бол 19 байхаар болов.  

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 85 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхыг 40 хүртэл, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 43 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 40 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 32, Багахангайд 23 /нормативаар ажиллах орон тоо орохгүй/ хүртэл байхаар тогтсон байна. Тогтоол гарсантай холбогдуулан сум, дүүрэг, хороонд ажиллаж байгаа бүртгэлийн ажилтныг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжид шилжүүлэх боллоо.

    ТОВЧХОН

    ·         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ, Я.Батсуурь, Ж.Сүхбаатар нарын боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн үндсэнд нь дэмжив. Гэвч төслийг илүү боловсронгуй болгоход чиглэсэн хохирлын хэмжээ, гэмт хэрэгтний гэм буруу, үйлдсэн арга, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хэлбэр, давтан үйлдсэн зэрэг ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд ангилалыг хуульчлах, эд хөрөнгө хураах, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулж болох зохицуулалт бий болгох нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.

    ·         “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө” болон  “Цөмийн энергийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн явцын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх материалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Хөтөлбөрийг 2009-2012, 2013-2021 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шатанд хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх бүх талын нөхцөлийг хангах бол  хоёрдугаар шатанд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хөтөлбөрт шаардагдах 4 их наяд 394 тэрбум төгрөгийг улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө, зээл, тусламжаар бүрдүүлэх юм.

  • Японы парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Японы парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааМонгол Улсын Ерөнхий С.Батболд 2011 оны 1 дүгээр сар 25-ны өдөр Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганд оролцож байгаа Япон Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дөрвөн есийн хүйтэнд халуун сэтгэлээр манай улсад айлчлан, Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж  байгаад Ерөнхий сайд Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ.

    Монгол Улс гадаад бодлого, хамтын ажиллагааны хүрээнд гуравдагчтүнш төдийгүй стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байгаа Япон Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг.Эдийн засгийн хамтын ажиллагаа, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин ээлтэй технологи ашиглах, нэмүү өртөг бий болгох,өндөр технологид тулгуурласан хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжих сонирхолтой байгаагаа тэрээр илэрхийллээ.

    Энэ бүх боломжийг ажил болгох үүднээс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж,худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд хэлээд хоёр орны харилцаа,хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхэд парламентчдын тэр дотроо Японы парламентын гишүүдийн дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархлаа. Мөн энэ онд Японы талаас өндөр дээд хэмжээний, тухайлбал Япон Улсын Ерөнхий сайд Н.Кан Монгол Улсад айлчилна гэдэгт, мөн айлчлалын үеэр хөндөх хамтын ажиллагааны томоохон асуудлыг урагшлуулахад энэхүү айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.

    Японы парламентын төлөөлөгчдийн ахлагч Акихиша Нагашима цаг зав гарган хүлээн авч уулзсанд Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Улаанбаатар хотод цаг агаар хүйтэн байгаа ч  халуун дотноор угтан авсанд баяртай байнагэв. Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын харилцаа,хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Одоо ч хоёр орны найрамдалт харилцаа өргөжин тэлж байгаад талархал илэрхийлье гэж Япон Улсын төлөөлөгчдийн ахлагч хэлээд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулахад анхаарлаа хандуулах болно гэлээ. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байнагэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

     

  • Монгол Хятадын харилцаа шинэ шатанд гарна

    Монгол Хятадын харилцаа шинэ шатанд гарна Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын БХАТИХ-ын дэд дарга, хатагтай Ян Жуньчиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хатагтай Ян Жуньчи нь манай оронд болж байгаа Ази, номхон далайн парламентчдын 19 дүгээр чуулга уулзалтын төлөөлөгчдийн нэг юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд хэлэхдээ манай оронд зочлон ирсэн тэдэнд талархаж буйгаа илэрхийлээд, хоёр орны хувьд харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа. Харилцааны энэ түвшингээ улам бататган, хүрсэн энэ боломжоо цаашид улам тэлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

    БНХАУ-тай улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол гээд бүх л салбарт харилцааны тааламжтай нөхцөл бүрдсэн төдийгүй манай орны хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод, хоёр тал харилцааны түвшнээ шат ахиулж стратегийн түвшинд хүргэхээр ажиллаж буйгаа дуулгасан юм. Стратегийн түншлэлийн гол агуулгыг хоёр тал хэлэлцэн тохиролцож, ойрын хугацаанд энэ уулзалтыг хийх нь зүйтэй гэдэг саналыг ч энэ үеэр хэллээ.

    Хоёр талын хооронд өндөр дээд хэмжээний айлчлал тогтмол явж ирсэн, өнгөрсөн онд БНХАУ-ын төрийн зөвлөлийн  ерөнхий сайд манай оронд айлчилсан бол, энэ жил Ерөнхий сайд миний бие БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна. Энэ айлчлалаар тохирсон зүйлийг бодит болгох, томоохон төслөөр ахиц гаргах бодолтой байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр илэрхийлж, иргэдээ харилцан солилцуулах, тэдний харилцаа хоёр орны хувьд хамтын ажиллагаа улам хөгжих гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч тэмдэглэж байв.

    Харин хатагтай Ян Жуньчигийн хувьд манай улсад анх удаа ирж байгаа гэдгээ дуулгаад, онгоцноос  буунгуут л монголчуудын дулаан, сайхан уур амьсгалыг мэдэрсэн гэдгээ онцолж байлаа. Сүүлийн жилүүдэд хоёр орны хувьд өндөр, дээд хэмжээний уулзалтууд тогтмолжиж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг эрхэм зочин мөн  илэрхийлээд, Монгол улсын ерөнхий сайдын  БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, чухал ач холбогдолтой айлчлал болно гэдгийг тэмдэглэж байв.

    БНХАУ нь эдийн засгийн нээлттэй бодлого явуулж ирснээр эдийн засгийн хөгжил хурдацтай хөгжсөн, одоо улс төрийн шинэчлэл хийхээр төлөвлөж буйгаа БНХАУ-ын БХАТИХ-ын дарга Ян Жуньчи онцлоод, дараагийн хөгжлийн тогтвортой бодлогоо тодорхойлсноо, олон улсын хамтын ажиллагаанд ч хувь нэмэр оруулах бодлого барьж буйгаа дуулгалаа. Мөн түүнчлэн Монголын парламентад залуу төрийн түшээд олон болсныг  хэлээд, залуу улс төрчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ч онцолж байв.

    Зочин хатагтай Ерөнхийсайдаас БНХАУ-ын ямар хотуудаар очиж үзсэнийг сонирхлоо. Харин Ерөнхий сайд С.Батболд хашиж байсан албан тушаалынхаа журмаар олон хотуудад очиж байснаа хуучилж, энэ дундаас Тяньжин хотын дэвшил, ялангуяа  тус хот  руу хурдан галт тэргээр 30-хан минутад очиж байсан нь үнэхээр хөгжлийн гайхамшиг гэдгийг хэлж байв. Манай улсын хөгжил ч удахгүй ийм болно гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол улсын Засгийн газрын тэргүүн илэрхийлээд, удахгүй Улаабаатар- Бээжингийн хооронд ийм хурдны галт тэрэг тавьбал хамтын ажиллагааны гол гүүр болох бололцоотойг ч үгүйсгээгүй юм. Эрхэм зочныг зуны  дэлгэр цагт Монгол улсад дахин айлчлахыг урилаа. Хатагтай Ян Жунчинь баян чинээлэг байхын тулд зам тавих хэрэгтэй гэдэг хятад ардын үгийг иш татан ерөөл тавилаагэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.