Ангилал: Uncategorized

  • ОХУ-ны Холбооны Зөвлөлийн дарга С.М.Мироновыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлэвОХУ-ын нийслэл Москва хотын “Домодедово” олон улсын нисэх онгоцны буудалд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 35 хүн амь насаа алдан 130 гаруй хүн шархадсан эмгэнэлт явдал болсонд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.М.Мироновт эмгэнэл илэрхийллээ. С.М.Миронов Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганд улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд эх оронд нь алан хядах ажиллагаа болсон учир яаралтай буцах болсон байна.

    Ерөнхий сайд С.Батболд  хүндэт зочныг хүлээн авч уулзах үеэрээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байдагт нь талархаад Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойд ОХУ-ын төр, засгийн төлөөлөл, 3 дугаар сард болох МАН-ын 90 жилийн ойн арга хэмжээнд “Шударга Орос” намын төлөөлөгчид оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

    Мөн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хийх ажил эхнээсээ хэрэгжиж байгааг  тэмдэглэлээ. Монгол Улс Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганыг амжилттай зохион байгуулж байгаад ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов талархал илэрхийллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Их өрийн асуудлыг бүрмөсөн шийдсэн нь хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд цоо шинэ хуудас нээснийг тэрээр тэмдэглээд хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэв. 9 дүгээр сард Эрхүү хотноо болох Байгалийн эдийн засгийн форумд Монгол Улсаас оролцох төлөөлөгчдийг Ерөнхий сайд С.Батболдыг ахалж оролцохыг С.М.Миронов хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд : Ази-Номхон далайн орнуудын парламентчид монголд чуулж байгаа нь нэр төрийн хэрэг

    С.Батболд : Ази-Номхон далайн орнуудын парламентчид монголд чуулж байгаа нь нэр төрийн хэрэгМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганд оролцож байгаа орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарыг 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзахдаа Ази-Номхон далайн орнуудын парламентчид Монголд чуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг гэж цохон тэмдэглэв.

    Энэ чуулган нь оролцогч орнуудын парламент хоорондын харилцаа төдийгүй бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг урагшлуулахад ихээхэн хувь нэмэр оруулна. Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах бөгөөд чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчны салбарт илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах сонирхолтой байна. Бүс нутаг, Зүүн Ази, Зүүн хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлогыг Монгол Улс тууштай дэмжиж, үр ашигтай оролцохыг зорьж байна гэж Ерөнхий сайд хэлэв.

    Мөн Зүүн хойд Азийн асуудлыг хэлэлцэж байх албан ёсны механизм бий болгох тухай 2000 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 55 дугаар чуулганы үеэр гаргасан Монгол Улсын саналыг дэмжихийг төлөөлөгчдийн тэргүүн нараас хүслээ. Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган нь нийтийн ашиг сонирхол, улс төр, эдийн засгийн асуудлаар бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх, итгэлцэл бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдагаа харуулсаныг тэрээр тэмдэглээд энэ удаагийн чуулган, чуулганаас дэвшүүлэх зарчмуудыг хэрэгжүүлэх ажилд амжилт хүсэв.   

    Чуулганаар бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, эдийн засгийг асуудлыг хэлэлцдэг бөгөөд энэ удаа 17 орны 260 орчим төлөөлөгч ирсэн байна. Манай улс энэ чуулганд бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн үеийн хамтын ажиллагаа гэсэн 6 тогтоолын төслийг хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ази, Номхон далайн Парламентчдын 19 дүгээр чуулга уулзалт дээр хэлсэн үг

    С.Батболд : Ази-Номхон далайн орнуудын парламентчид монголд чуулж байгаа нь нэр төрийн хэрэгЭрхэм хүндэт парламентчид аа,

    Та бүхэнд энэ өдрийн амгаланг айлтгая.

    Юуны өмнө Ази, Номхон далайн парламентчдын 19 дүгээр чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монгол оронд тавтай зочлохыг урья.

     Ази, Номхон далайн бүс нутгийн парламентчид анх 1993 онд Токио хотноо хуран цуглаж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж, хөгжил цэцэглэлийг хангахын төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэхээ тунхаглаж байсан тэртээгээс эдүгээг хүртэл энэхүү чуулга уулзалт дэлхийд нэр хүндтэй, нөлөө бүхий парламентчдын форум болон төлөвшжээ.

    Нийгэм улс төр, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёл иргэншил, шашин шүтлэгийн хувьд өөр хоорондоо үлэмж ялгаатай олон орны парламентчдыг эгнээндээ нэгтгэсэн Ази, Номхон далайн парламентчдын чуулга уулзалт нь бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. 

    21 дүгээр зуун Ази, Номхон далайн бүс нутгийн эрин болно гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Эдүгээ энэ бүс нутагт АНУ, Хятад, Япон гээд дэлхийн хамгийн том эдийн засагтай гурван орон багтаж байна. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал эх үүсвэр болох хөгжиж буй улс орнууд ч энэ бүс нутагт олноороо оршиж байна.

    Манай бүс нутгийн улс орнууд өөр хоорондын ялгаатай, онцлогтой байдлаа сорилт бус боломж болгон хувиргаж, аливаа маргаан сөргөлдөөнөөс  зайлсхийж чадвал эдийн засгийн өсөлтийг бүх нийтээрээ хангаж, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, байгаль орчны доройтол, гоц халдварт өвчний тархалт,ядуурал гээд бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, интеграцийн үр шимээс харамгүй хүртэх сайхан  ирээдүй бидний өмнө нээлттэй байна. Ийм ирээдүйг ойртуулахад эрхэм хүндэт парламентчид Та бүхний дэмжлэг туслалцаа, хүчин чармайлт нэн чухал билээ.

    Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогыг тууштай явуулж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай  гадаад бодлогын эрхэм зорилго, тулгуур багана юм. Энэ зорилтын хүрээндАзи, Номхон далайн бүс нутаг, Зүүн Ази,  болон Зүүн хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлогыг  Монгол Улс тууштай дэмжиж, үйл ажиллагаанд нь үр ашигтай оролцохыг зорьж байна.

    Бид АСЕАН-ы Бүсийн чуулга (АРФ), Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны Зөвлөл (ПЕКК), Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ (ACD), Ази-Европын чуулга уулзалт (ACEM)-д гишүүнээр элсч, Зүүн Азийн хамтын нийгэмлэг байгуулахад чиглэсэн үйл явц, тухайлбал Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох, мөн АПЕК-т гишүүнээр элсэхийг эрмэлзэж байна. 

    Манай улсын оршин байгаа Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг урт удаан хугацаанд хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Умард болон Өмнөд Солонгосын харилцааг хэвийн болгох нь Зүүн хойд Ази төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил, цэцэглэлийн угтвар нөхцөл юм. Энэ зорилгын үүднээс Зүүн хойд Азийн асуудлыг хэлэлцэж байх албан ёсны механизм бий болгох саналыг Монгол Улс анх 2000 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 55 дугаар чуулганы үеэр дэвшүүлж байсан. Ийм механизм байгуулах шаардлага өнөө үед улам бүр нэмэгдсээр байгааг энд онцлон тэмдэглэж байна.

    Солонгосын хойгийн хурцадмал байдал сүүлийн үед харьцангуй намжиж, холбогдох талууд яриа хэлцээ эхлүүлэхийг уриалж, түүний дотор зургаан талт хэлэлцээнд оролцогч талууд уг хэлэлцээг сэргээхэд чиглэсэн хүчин чармайлтаа идэвхжүүлж байгаад баяр хүргэж байна. Эдүгээ Ази, Номхон далайн бүс нутгийн сайн сайхан ирээдүйн төлөө бүс нутагт, нэн ялангуяа Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг баттай тогтоох явдал юу юунаас ч илүү чухал байна.

    Бид бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд боломжтой бүхий л арга хэрэгслээ дайчлан уйгагүй ажиллах учиртай. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээ ч чухамхүү үүнд л чиглэж ирсэн. Гэвч ойрын жилүүдэд бүс нутагт өрнөсөн үйл явцаас холбогдох талуудын байр суурь хангалттай уян хатан байсан уу гэдэг асуудал гарцаагүй урган гарч ирж байна. Шинэ нөхцөл байдал талуудыг асуудалд улам илүү нухацтай хандаж, өрөөлөөс илүү өөрсдийн үйл ажиллагаанд шүүмжлэнгүй өнцгөөс хандах шинэлэг арга барилд шилжихийг шаардаж байна.

    Эрхэм хүндэт парламентчид аа,

    Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалах үүрэг хүлээж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна. Энэхүү нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг амжилттай хэрэгжүүлэхэд дэлхийн хамтын нийгэмлэг, түүний дотор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай нягт хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаандаа ардчиллын үнэт зүйлсийг улам бүр хэвшүүлэх, улмаар шинэ тулгар ардчиллыг тогтворжуулах, ардчиллын боловсролыг хөгжүүлэх, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэхийг зорьж ажиллана.

    Манай энэ хүсэл сонирхлыг Парламентчид та бүхэн уулзалтынхаа төгсгөлийн баримт бичигт тусган, хамтран ажиллахаа илэрхийлнэ гэдэгт би итгэлтэй байна, ингэж уриалж байна. Монгол Улс, Индонези Улсын санаачлан зохион байгуулж ирсэн Ардчиллын төлөөх Балийн чуулга уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж байна. Монгол бол баялаг түүхтэй, өнө эртний төрт ёсны уламжлалтай орон. Харин Монголын ардчилал шинэ тулгар гэдгийг бид мэдэж байгаа билээ. Ардчилал, зах зээлийн харилцааны замыг сонгосноос хойшхи 20 жилд  манай нийгэмд олон нааштай өөрчлөлтүүд гарсан ч томоохон сорилтууд тулгарч байна.

    Төлөвлөгөөт эдийн засгаас хувийн хэвшилд тулгуурласан эдийн засагтай болж хөгжих боломж манай улсын хувьд харьцангуй богино хугацаанд бүрдэж байгаа ч мөн бэрхшээл тохиож байна. Манай улсын эдийн засаг 2010 онд 6.1 хувь өссөн дүн гарсан. Манай эдийн засаг эмзэг, гадаад дотоод хүчин зүйлд ихээхэн өртөмтгий байна. Манай оронд сүүлийн хэдэн жил бараг жил бүр тохиох болсон ган, зуд улс орны эдийн засаг, нийгэмд багагүй хохирол учруулж байна. Байгалийн энэ гамшигт байдлаас үүссэн хохирлыг арилгахад НҮБ болон банк, санхүүгийн олон улсын байгууллага, хандивлагчдаас үзүүлсэн тусламж дэмжлэгт манай ард түмэн, малчид чин сэтгэлээсээ талархаж байна.

    Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудаа 2015 он гэхэд хэрэгжүүлэхийг зорьж байна. Хөгжлийг тэтгэх, ядуурлыг бууруулах, хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх асуудлууд манай Засгийн газрын үйл ажиллагааны анхаарлын төвд байна. Манай улс Мянганы хөгжлийн зорилтууддаа “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх” зорилтыг тусган ажиллаж байна.

    Аливаа орны парламент бол ардчиллын гол институт бөгөөд ард түмний хүсэл сонирхол, бодол санааны илэрхийлэл билээ. Тиймээс та бүхэн дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө нийтлэг байдлаар тулгарч байгаа, мөнхүү хамтын хүч чармайлт, хүсэл зориг шаардсан эдгээр асуудалд анхаарлаа хандуулж ярилцана гэж итгэж байна.

    Эрхэм зочид оо,

    Манай улсад тавтай морилохыг дахин уръя. Манай Монголын цаг улирлыг тогтоох заншлаар бол одоо “идэр гурван ес” эхлээд дундаа орж байна. Өвлийн хүйтний оргил үе. Гэвч та бүхэн ийм хүйтнийг үл тоон Монгол оронд халуун сэтгэлээ тээж иржээ. Их баярлалаа. Монголчууд өвлийн зочноо зун ирэхийг урьдаг. Би энэ ёсыг бас дагахыг хүсч байна.

    Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

    /2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр, Төрийн ордон/

  • 2010 оны онцлох хүнээр Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэжээ

    News агентлаг, Ардын эрх сонин 2010 оны онцлох хүнээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, МАН-ын дарга Сүхбаатарын Батболдыг нэрлэсэн байна. Түүний удирдсан Засгийн газар Монголд уул уурхайн хоёр дахь том төслийг хэрэгжүүлэхээр Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ-аар батлуулсан. Уг ордын нийт нөөцөөс Монгол Улсын бүх иргэдийн нэр дээр хувьцаа болгон эзэмшүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдэд арилжаалах болон олон улсын бирж дээр нээлттэй хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох шийдвэрийг батлуулсан. Энэ хэрээрээ ч хамгийн их шүүмжлэл дагуулж, сайн муу  үг дуулж яваа хүн бол Ерөнхий сайд С.Батболд гэж тус сонины тоймч бичжээ.

    Мөн “Монголчууд олон Ерөнхий сайдын нүүр үзсэн ч Засгийн газрыг тэргүүлж асан тэдгээр нөхдийн дотор С.Батболд шиг баялаг бүтээх салбар, бодит секторт ажиллаж байсан нь үгүй. Бүгд улстөрчид байв гэж дүгнээд Монголын 2,7 сая хүний хоолтой хоолгүй, ажилтай ажилгүй явах нь Ерөнхий сайд, түүний тэргүүлсэн Засгийн газраас ихээхэн шалтгаалдаг. Тиймээс ч түүний бизнесийн салбарт олсон амжилт нь улс орны эдийн засгийг сайжруулахад нөлөөгөө үзүүлнэ гэж монголчууд найдаж байна. Цаг хугацаа түүний ард биш, өмнө байна” гэж бичжээ.

    90 жилийн түүхтэй МАХН нэр болоод имижээ энэ л хүний үед сольж,  хувьсгалт үзэл суртлаасаа татгалзан орчин үеийн улс төрийн нам болох зохион байгуулалтад орж эхэллээ гэсэн байна. “News” агентлаг, “Ардын эрх”  сонин хамтран 2004 оноос Оны онцлох хүнийг нэрлэж  иржээ.

  • Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарч байна

    Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг шийдэхийн тулд бүх талын оролцоо, бүх талын хяналтын тогтолцоо чухал гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.Тэрээр хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Чингис” зочид буудалд зохион байгуулсан “Монгол хөрс, монгол хүнс” зөвлөлдөх уулзалтад оролцохдоо ингэж хэлэв.

    Манай улс хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарч хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх, үзүүлж байгаа дэмжлэг зохицуулалтаа нэмэх зэргээр тодорхой зорилт дэвшүүлж үр дүнд хүрч байгаагийн нэг нь “Атрын III” тариалангийн үндэсний хөтөлбөр. Хөтөлбөрийн хүрээнд 2010 онд хүнсний улаан буудайн импортын хараат байдлаас гарч, улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн, хүнсний ногооны 60 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн нь үүний баталгаа юм.

    Тухайлбал иргэдээ гурилаар хангах бодлого явуулсны дүнд өнгөрсөн жил 143 мянган тонн гурил үйлдвэрлэсэн нь 2008 онтой харьцуулахад 2 дахин өссөн тухай Ерөнхий сайд хэлээд энэ бол бидний хамтын хүч, хөдөлмөрийн үр дүн гэлээ. Засгийн газар “Монгол мал”, “Хүнсний баталгаат байдал”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх” зэрэг хөтөлбөр, баримт бичиг батлуулж хэрэгжүүлж байгаа. Мөн “Хүнсний аюулгүй байдал”, “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” зарлан энэ хүрээнд хүнсний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хэвийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх орчин нөхцлийг нь бүрдүүлсэн нь үр дүнд хүрсэн.

    2008 онд хүнсний салбарынхан 186 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2010 онд 282 тэрбумд хүрч, бүтээгдэхүүний чанар, сав, баглаа боодол өдрөөс өдөрт сайжирч байгаа зэргийг хэлж болно. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ цаашид хүнсний хангамжид олсон ололт амжилтаа бататгах, тогтворжуулах, өргөжүүлэх шаардлага байгааг онцолж төр, засгаас баталсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг уялдуулах, нэгдсэн бодлогоор хангахын тулд иргэд, олон нийт, орон нутгийн төрийн байгууллагууд санаачилгатай байх, гаргасан санаачилгыг нь Засгийн газар дэмжих, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлж үүрэг, хариуцлагыг нь нэмэгдүүлэх зэрэг менежмент чухал байгааг тэмдэглэв.

    Тэрээр өрх бүр үйлдвэрлэгч байж орлогоо нэмэгдүүлэн, амьжиргаагаа авч явах, иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх, эх орныхоо баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг сонгож, зохистой хэрэглээ бий болгохыг уриаллаа. Ерөнхий сайд С.Батболд хэдхэн хоногийн өмнө мах, махан бүтээгдэхүүн болон гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, салбарын мэргэжлийн холбооны удирдлагуудтай уулзаж үйлдвэрлэлийн бодлого, татвар, санхүү, зээл гээд төр, засгаас үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцсан юм.

    Энэ уулзалтын үеэр гарсан санал, санаачлага болон “Монгол хөрс, монгол хүнс” зөвлөлдөх уулзалтаас гарах зөвлөмжийг ажилдаа тусган эрх зүйн орчинг сайжруулах, дэд бүтэц бий болгох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд анхаарна гэдгээ Ерөнхий сайд уулзалтад оролцогсдод амлалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

  • Улсын сайн малчны шагналыг гардууллаа

    Сайн малчин цол тэмдэгийг гардуулавХөдөлмөрч чанар, бүтээлч ажлаараа онд өнтэй орсон олон зуун малчдын дундаас шалгарч энэ жил улсын сайн малчин 43 төрсөн. Тэргүүний сайн малчдынхаа үлгэр дууриал, ажил хөдөлмөрийг сайшаан урамшуулахын зэрэгцээ орон нутагт өвөлжилт ямар байна, өвлийн бэлтгэлээ хэрхэн базаасан зэрэгтэй танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн бямба гаригт буюу нэгдүгээр сарын 22-нд Өвөрхангай аймийн Бүрд суманд ажиллалаа. Тэрбээр тус сумын Бага алаг гэдэг газарт өвөлжиж байгаа Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Сэрээнэндоржийн Сандагдоржийнд зочилж “Улсын сайн малчин”-ы шагналыг нь гардуулсан юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн жилийн Алтан төлийн эзэн, энэ жилийн Улсын сайн малчин С.Сандагдоржид шагнал гардуулахдаа,  мал аж ахуйн үйлдвэрлэлийг зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгох, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж, байгаль цаг уурын эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж, нутаг орон айл саахалтынхаа малчин түмэнд үлгэр дууриал болж байгаа таны нөр их хөдөлмөр, тэвчээр хатуужил малч ухаан, хуримтлуулсан туршлагыг тань өндрөөр үнэлж байна гэж хэллээ.

    Мөн малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг орчин үеийн аж ахуй эрхлэх тогтолцоонд шилжүүлэн даатгалд хамруулж, данс бүртгэлтэй аж ахуйн хэлбэрт оруулж ашиг орлогоо нэмэгдүүлэх, цаашдын ажил хөдөлмөртөө улам илүү амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

    Малчдын талаар төрөөс баримтлах төрийн бодлого хэрэгжиж эхэлсэн жил боллоо “Монгол мал”  үндэсний хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа гэж өнгөрч буй бар жилийг дүгнэж байгаагаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн энэ үеэр илэрхийллээ. Мөн энэ жил байгаль цаг агаар ивээж, өнтэй сайхан өвөл болж малчдын маань сэтгэл тэнүүн сар шинээ угтаж байна. Өнгөрсөн хатуу өвлөөс малчид маань сургамж авч, өвлийн бэлтгэлээ сайн базаажээ. Орон нутгийн удирдлага, Засгийн газраас ч мөн өвлийн бэлтгэлд нэлээд анхаарсны дүн гарч байна гэлээ.

    Өвөрхангай аймагт өнгөрсөн жил хатуу, ширүүн өвөл болж зуд турхан тохиолдож олон тооны малаа алдсан хэдий ч улсын сайн малчин гурав төрсөн нь малч түмний минь уйгагүй хөдөлмөрийн илрэл гэдгийг Засгийн газрын тэргүүн улсын сайн малчныд зочилж ирсэн малчдад хэллээ. Отрын бүс нутгийг зохион байгуулах ажлыг Засгийн газар шийдэж хэрэгжүүлж эхэлсний үр дүн гарч байгааг Улсын сайн малчин С.Сандагдорж болон аймаг, сумын удирдлагууд  Засгийн газрын тэргүүнд энэ үеэр дуулгаж байлаа.

    Малын тоо толгойгоор улсын хэмжээнд ямагт эхний гурван байрт шалгардаг Өвөрхангай аймаг өнгөрсөн жилийн зудад сая гаруй малаа алдаж, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2 сая гаруй толгой мал тоолуулж, малынхаа тоо толгойгоор улсын хэмжээнд наймд жагсчээ. Гэсэн ч улсын сайн малчин гурав төрсөн нь малчдад маань урам хайрласан сайхан үйл явдал болж байна гэж аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн ярилаа. Өвөрхангай аймагт энэ өвөл мөн л цас ихтэй, ялангуяа, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Зүүн баян улаан суманд өвөлжилт хүндхэн байна. Цас ихтэйгээс зам даваа хаагдаж,  зам засч гаргахад хөрөнгө их гарч байгаа. Аймгийн зүгээс үүнд анхаарч байгаа ч хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа талаараа Засаг дарга нь Ерөнхий сайд С.Батболдод уламжилсан бөгөөд тэрбээр анхаарч үзэхээ хэлсэн юм.

    Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1-р багийн малчин, хөдөө аж ахуйн салбарт ажиллаад  30 орчим жил болж буй  улсын сайн малчин С.Сандагдорж удам дамжсан малч хүн бөгөөд тэднийх  хонь голдуу 3000 гаруй толгой малтай, малаа үр төлөөр нь өсгөсөн, арав гаруй хүнийг ажлын байраар хангасан, малгүй өрхийг малжуулсан, зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ тоо чанарыг өсгөсөн зэрэг амжилтаар улсын сайн малчны болзлыг хангасан байна. Тэрбээр эцэг эхээс 14-үүлээ бөгөөд тэдний ах дүү нар дундаас улсын начин гурав, аймгийн цолтой мөн гурван бөх, спортын мастер нэг төрснөөс гадна аймгийн аварга малчин нэг байгаа гэж улсын сайн малчин С.Сандагдорж ярилаа гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.