Ангилал: Uncategorized

  • Чөлөөтийнхөн ирэх олимпоос 2 алт авах зорилготой байна

    Чөлөөтийнхөн ирэх олимпоос 2 алт авах зорилготой байнаЧөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Лондоны олимпоос 2 алтан медаль авахаар зорьж байна. Амжилтад хүрэхийн тулд бэлтгэл сургуулилтаа шаардлага хангасан танхимд хийх шаардлагатай байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод уламжиллаа. Монголын чөлөөт бөхийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайдад бараалхаж энэ талаар санал солилцов.

    Спортын ордны А танхимыг Чөлөөт бөхийн холбооны мэдэлд 2012 он хүртэл өгөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг тэд Ерөнхий сайдаас хүслээ. Холбооныхон өөрийн хөрөнгөөр энэ танхимыг засварлаж, бэлтгэл сургуулилт хийх шаардлага хангасан байртай болохоор төлөвлөсөн байна.

    Олимпоос медаль авах том эрх ашгийн төлөө хамтран ажиллана. Спортыг эртнээс дэмжиж ирсний хувьд Чөлөөт бөхийн холбооныхны хүсэлтийг бодит ажил хэрэг болгоход туслана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Мөн ахмад, дунд, залуу гурван үе хамтарч зүтгэн олон сайхан ялалтаар ард түмнээ баясгаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлсэн байна.

    2011 он чөлөөтийнхний хувьд гялалзсан амжилтын жил болж тив, дэлхийн аваргаас алтан медаль, оролцсон бусад тэмцээн бүрээс 4-5 медаль хүртэж, Чөлөөт бөхийн холбоо шилдэг холбоогоор шалгарсанд Засгийн газрын тэргүүний хувиар болон тамирчдын багийн нөхрийн хувьд баяр хүргэж, ирэх жилийн дэлхийн аварга, 2012 оны Лондоны олимпод улам их амжилт гаргахыг тэрээр хүсэн ерөөв.

    Гараа сайн бол бариа сайн гэдэг. Улс мөнгөгүй, бизнес эрхлэгчид ч хөрөнгө муутай байсан үед чөлөөт бөхийг дэмжиж, удирдлагаар нь ажиллаж байсанд Чөлөөт бөхийн холбооныхон Ерөнхий сайдад талархаад тэр цагаас өнөөг хүртэл  медалийн буухиа тасраагүй гэлээ. Уулзалтын үеэр 2012 онд Лондон хотноо болох олимпийн наадам, олимпийн эрх авах томоохон тэмцээн, бэлтгэл сургуулилтын талаар ярилцав

  • Ололт амжилтаа бататгахыг Ерөнхий сайд нийт гаальчдаас хүслээ

    Монгол Улсын гаалийн байгууллага 2010 онд хийсэн ажлаа дүгнэж онцлох 10 ажлаа тодруулснаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр танилцууллаа. Мэдээллийн технологийг нэвтрүүлэх ажилд эргэлт гаргалаа. Энэ нь гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн цаг зардлыг хэмнэсэн чухал арга хэмжээ болсон. Монгол Улсын нийт ард иргэдэд ач холбогдолтой зүйл боллоо. Ингэснээр манай байгууллага мэдээлэл технологийн чиглэлээр олон улсын түвшинд хүрлээ гэж Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ уулзалтын үеэр гаалийн байгууллага гүйцэтгэж буй үүргийн хувьд ч, улсын төсөвт оруулж буй орлогын хувьд ч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг сайшаалаа.  Өнөөдөр гаалчид 847 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 150 тэрбум төгрөгөөр давуулан  биелүүлжээ.

    Үйл ажиллагаагаа нээлттэй илүү чадварлаг болгосон гэж танилцуулж байна. Мэдээллийн технологийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа үр өгөөжтэй болгож байгаа зэрэг нь танай байгуууллага,  хамт олны үйл ажиллагаа сайжирч байгаагийн нэг илрэл гээд цаашид зөв зүйтэй ажлуудаа улам баталгаажуулах, бизнес эрхлэгчид, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд гарч байгаа нааштай алхмуудаа улам сайжруулж шуурхай болгохыг Засгийн газрын тэргүүн үүрэг болголоо.

    Гаалийн байгууллагаар үйлчлүүлж байгаа байгууллага, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн зүгээс гаальчидтай холбоотой гомдол санал  цөөрсөн нааштай үзүүлэлт байна. Төрийн байгууллагын үйлчилгээг  иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлж, тэдэнтэй нүүр тулж ажилладаг хүмүүс бол гаалийнхан. Тиймээс иргэдтэйгээ харилцааны зөв соёлтой, хуулийн дагуу ажиллах, энэ жилийн үнэлгээнүүдээ тогтворжуулж, хэвшмэл болгох, улам бэхжүүлэх ажилд ирэх жилд анхаарахыг хүслээ.

    Түүнчлэн бага орлоготой, нэг удаагийн эргэлтийн мөнгөөр бизнес хийж байгаа иргэддээ зохих хөнгөлөлтүүд үзүүлэх ийм боломжийг судалж, ажил хэрэг болгохыг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудалд сэтгэл зовниж байгаагаа энэ үеэр мөн илэрхийлээд манай улсын хүн амын 70 хувь нь залуучууд. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарахыг үүрэг болгоод хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулахаас сэргийлэх, илүү анхаарал тавих хэрэгтэй гэлээ.

    Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд чамгүй олон ажлыг зохион байгуулсан  гаалийн байгууллагынханд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд гаалийн байгууллагын нийт ажилтан, ажилчдад ажлын амжилт хүслээ. Мөн үйл ажиллагаа сайжирч орлого нэмэгдэхийн хэрээр мэргэжилтнүүдээ чадавхижуулах, нарийн мэргэжлийн чиглэлээр сургалтад хамруулах, гадаад оронд туршлага судлах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган дэмжиж ажиллахыг Сангийн сайд болон Гаалийн ерөнхий газрын даргад зөвлөлөө.

  • С.Батболд: Хайр халамжийн гадна нэг ч хүүхэд үлдэх учиргүй

    С.Батболд: Хайр халамжийн гадна нэг ч хүүхэд үлдэх учиргүй Монгол Улсын хүүхэд бүрт төр засгийн, аав ээжийн хайр халамж хүрч байх учиртай. Энэ хайр халамж, халуун дулаан элчийн гадна нэг ч хүүхэд үлдэх ёсгүй. Үүний төлөө төр засаг, багш нар, эцэг эх бид нар ажиллах ёстой гэж Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны шилдэг хүүхдүүд болон “Хүүхдийн нөхөр буяны эзэн”-ээр шалгарсан хүмүүст шагнал гардуулах үеэр хэллээ.

    Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний комиссоос тухайн жилд авьяас зүтгэл, ажил үйлс, сурлага, урлаг, спортын амжилтаараа шалгарсан тэргүүний хүүхдүүдээ Төрийн ордонд хүлээн авч, шагнал гардуулдаг уламжлал бий.

    Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон энэхүү ажиллагаанд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, тус зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нар оролцож, Монгол орныхоо өнцөг булан бүрээс бүтээл авьяасаараа онцгойрон шалгарч ирсэн хүүхдүүдэд шагнал гардууллаа. Мөн хүүхдийн төлөө сэтгэл зүрхээрээ ажилладаг “Хүүхдийн нөхөр буяны үйлстэн” өргөмжлөл хүртсэн томчуудад баяр хүргэлээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  2010 онд ажил үйлс, сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлан, бахархал болж  шалгарсан хүүхдүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ололт амжилтаа ирэх жилд улам бататгаж илүү өндөр амжилтад хүрэх ерөөл өргөлөө.

    Мөн хүүхдийн нөхөр буяны үйлстэн та бүгдийн сайхан сэтгэл зүтгэл, ариун үйлс тань улам үр өгөөжөө өгч, хүүхдүүдийн маань амьдрал улам өөдрөг байх болтугай гэсэн ерөөл дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр Монголынхоо нийт хүүхэд багачууд болон хүүхдийн төлөө буяны үйлс хийж байгаа сайхан сэтгэлт хүмүүст талархал дэвшүүлж мэндчиллээ.

    2010 оны шилдэг хүүхдээр,
    Урлаг, уран бүтээлийн номинац
    • Дорноговь аймгийн Сайншанд сумын Хоёрдугаар сургуулийн долдугаар ангийн сурагч Батхүүгийн Билгүүн
    • Булган аймгийн Булган сумын харьяат, Эрээн хотын Монгол үндэсний дунд сургуулийн сурагч Батбаярын Долгор
    • Нийслэлийн “Олонлог төв” сургуулийн сурагч Алдарцогтын Орхонтуул

    Сурлагын амжилт, танин мэдэхүйн номинац
    • Ховд аймгийн Жаргалант сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Алтангэрэлийн Баясгалан
    • Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сурагч Батсайханы Батхуяг

    Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс номинац
    • Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Нямдоржийн Нямбаяр

    Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн номинац
    • Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн сурагч Баярсүрэнгийн Билгүүн
    • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р сургуулийн сурагч Адъяагийн Цолмончимэг

    Бүтээлч, мэргэжлийн чиг баримжаа номинац
    • Нийслэлийн Ирээдүй цогцолборын 1-р ахлах сургуулийн сурагч Отгонбаярын Оюунтөгс

    Биеийн тамир, спортын номинац
    • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сурагч Отгончулууны Сүхболд
    • “Галакси” дунд сургуулийн сурагч Өлзийбаярын Дүүрэнбаяр
    • Нийслэлийн 45 дугаар сургуулийн сурагч Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ
    • Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Бат-Эрдэнийн Оюунсувд
    • Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сурагч Пүрэвийн Болортуяа
    • Биеийн тамирын дээд сургуулийн оюутан Баатарзоригийн Батцэцэг
    • Биеийн тамирын дээд сургуулийн оюутан Ганбатын Эрдэнэболд
    • Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сурагч Мөнхбаатарын Нямжаргал
    • Төв аймгийн Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагч Батхүүгийн Сумъяабазар
    • Баян-Өлгий аймгийн Бастама ахлах сургуулийн сурагч Хуатын Ерган

    Эр зориг, авхаалж самбаа номинац
    • Дорнод аймгийн Баян-Уул сумын сурагч Алтангэрэлийн Уранбаяр нар тус тус шалгарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Гурванбулагийнхан Ерөнхий сайд С.Батболдод талархлын бичиг явуулжээ

    Гурванбулагийнхан Ерөнхий сайд С.Батболдод талархлын бичиг явуулжээ Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар болон “Уул” хөдөлгөөний гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархаж байгаагаа илэрхийлэн захидал явуулжээ.

    Захидалд “Манай Гурванбулаг сум нь цэвэр усны нөөц бүхий газар билээ. Гэтэл 1999  оноос алтны аюул нүүрлэж, гүний усыг хайр гамгүй хэрэглэж, голын эргээс 200 метр зайд хөрс хуулснаас Шар усны гол ширгэсэн. Сумын төвийнхөн ундаалдаг цорын ганц худгийн дэргэд “Жэ энд Ю гоулд” компани алт ухахаар сумын иргэдийг айлгаж байсан яг тэр үед буюу өнгөрсөн 11 дүгээр сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар ашиглалтын лицензүүдийг цуцалж өгсөн төрийн мэргэн бодлогод Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ард иррэд ихэд талархаж байна” гэжээ.

  • Монгол улсын ¬Ерөнхий сайд С.Батболдын хилийн чанадад буй монголчууддаа илгээсэн мэндчилгээ

    Монгол улсын ¬Ерөнхий сайд С.Батболдын хилийн чанадад буй монголчууддаа илгээсэн мэндчилгээӨссөн гэр, төрсөн нутгаасаа алсад, өргөн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, угтан ирэх шинэ оны мэндийг хүргэе.

    НҮБ-ын хөгжиж буй болон далайд гарцгүй орнуудын бодлого, мониторингийн газрын дарга С.Эрдэнэбилэг, “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Жамул, Москва дахь ЮНЕСКО-гийн төлөөлөгчийн газрын дарга Д.Бадарч, АНУ-ын Силикон Ваалий компанийн мэргэжилтэн Ш.Баатар, Финляндын Аабо их сургуулийн багш, доктор Ц.Цэрэн-Онолт,Yahoo-гийн инженерЧ.Ганболд, Google компанийн мэргэжилтэн Б.Сувдмаа, Майкрософт компанийн инженер Л.Бат-Өлзий, БНСУ-ын Инчоны “Дусан” электроник компьютерийн үйлдвэрийн ажилтан Д.Базаррагчаа, Японы сумогийн их аварга М.Даваажаргал, Английн Лондон коллежийн оюутан Э.Энхмөрөн, Бангалор хотын бизнесмэн Х.Ганбат гээд хувь заяаныхаа эзэн болж харьд яваа мянга мянган Монгол иргэддээ Засгийн газрынхаа нэрийн өмнөөс, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд мэндчилж байна.  

    Шинэ зууны эхний арван өндөрлөж, хоёр дахь арван эхлэх оны зааг дээр Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Та бүхэндээ хандаж байна.

    Эх оронд тань өвлийн жавар хайруу ч хүмүүсийн сэтгэл халуун байна. Хорин жилийн тэртээх энэ л өдрүүдэд монголчууд шинэ амьдрал, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэсгим хүйтнийг үл ажран жагсан цуглаж, үгээ хэлж, эрх чөлөөтэй амьдралын замыг эргэлт буцалтгүй сонгож байсан билээ. Өнөөдөр Монгол улс өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо цэгнэн дүгнэж, ирэх 20 жилийн зорилго зорилтоо тодорхойлон харж байгаа үе.

    Улиран одож буй ондололт, амжилт, ахисан, алдсан нь юу байв гэдгээ дүгнэн хэлэлцдэг нь шинэ жилийн өмнөх энэ өдрүүд юм. 

    2010 онд эдийн засаг тогтворжлоо. Засгийн газар “Хүний хөгжил”-дөө анхаарч, ард олноороо анх удаа эцэг өвгөдөөсөө үлдээсэн байгалийнхаа баялгаас хишиг,хувь хүртэж эхэллээ. Монгол орон65.000иргэнээр бүл нэмж өнөр олуулаа боллоо. Сүүлийн 15 жилд байгаагүй арвин ургац авлаа. Шинэ бүтээн байгуулалт, шинэ төмөр зам, шинэ аж үйлдвэрийн цогцолборууд, шинэ орон сууцны хорооллууд баригдахаар боллоо.Европын стандарт, Канадын технологийг монголынхоо боломжтой салбаруудад нутагшуулахаар боллоо. Монгол хүний билэг, авъяас тодорч, спорт, урлагийн салбарт тив, дэлхийн олон аврагууд төрлөө.

  • Бага цалинтай хүмүүст Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх зорилт тавьж ажиллана

    Бага цалинтай хүмүүст Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх зорилт тавьж ажиллана МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН “ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛД ХЭЛСЭН ҮГ
     
    Онол, практикийн бага хуралд оролцож буй төлөөлөгчдөдөө энэ өдрийн мэнд хүргэе.

    Та бүхэндээ Засгийн газрын болон Жендерийн Үндэсний хорооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.  Төр улс, нийгмийн үндэс болсон монгол гэр бүлийн хөгжлийн маш чухал асуудлаар ярилцах энэ бага хурлыг төлөвлөснийхөө дагуу зохион байгуулж байна.

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “…Гэр бүл бат бэх байх, уламжлалт ёс заншлыг хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд аюулгүй орчинд эрүүл өсөж хөгжих, авъяасаа хөгжүүлэх, сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, хувь заяандаа эзэн болж төлөвших нөхцөлийг бүрдүүлэх, Нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийн харилцааны үнэт зүйл, ёс зүйг төлөвшүүлэх талаар соён гэгээрүүлж, зөвлөн туслах үйлчилгээний шинэ төрлүүдийг хөгжүүлнэ…” гэж тусгагдсан. Энэ дагуу гэр бүл, хүүхэд, залуучуудын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар нухацтай хэлэлцэхээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд үүрэг, чиглэл өгч, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, үндэсний ба олон улсын, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч та бүхэн энэ асуудлаар хуралдаж байна.

    Нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийг бэхжүүлэх, хүн бүрийг нийгмийн идэвхтэй, эрх тэгш гишүүн болгон төлөвшүүлэхийн төлөө бодлого, эрх зүйн орчноо боловсронгуй болгоход эдүгээ дэлхий нийтээрээ ихэд анхаарах боллоо. Мөн нийгмийн баялгийн хуваарилалтыг гэр бүл бүрт тэгш, шударга, хүртээмжтэйгээр хүргэх талаар олон санал санаачилга өрнөж байна.

    Манай ард түмэн “Өрх гэр-төр улс”, “Төр улс-өрх гэр” гэсэн үзэл номлолыг баримтлан, өрх гэрээ өөд татан дэвжээх нь төр засгаа төвшитгөн засахын адил гэж үзэн ахуй амьдралаа зохицуулдаг сайхан уламжлалтай. Монгол төр нь иргэн, гэр бүлээ дээдэлсэн бодлого явуулж, гэр бүл нь төрийнхөө өмнө үүрэг хариуцлага хүлээж харилцан шүтэлцээтэй явж ирсэн.

    Гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлыг төрийн бодлогын төвд байлгаж, гэр бүлийг бэхжүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, гэр бүлийн харилцаанд, үндэсний соёл, ёс заншлаа хадгалах, хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэх, гэр бүлд төрөөс үзүүлэх  нийгмийн үйлчилгээг өргөжүүлэх нь гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах өнөөгийн бодлогын гол зорилтуудын нэг билээ.

    Засгийн газрын тэргүүний хувьд гэр бүлийн институцийг бэхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллахаа нэг бус удаа илэрхийлж ирсэн. Тиймээс хүний хөгжлийг хангах, гэр бүлийг дэмжих нь Засгийн газрын бодлого үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг байх болно. Гэр бүл бүр сэтгэл хангалуун амьдрах орон байртай, ажил төрөлтэй, амьжиргаандаа хүрэлцэхүйц орлоготой, үр хүүхдүүд нь эрүүл чийрэг, сайн боловсрол, мэргэжилтэй болж өсөн дэвжих нөхцлийг бүрдүүлэх эдийн засаг, нийгмийн өсөлтийг хангахыг Засгийн газар зорьж ирлээ.

    Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг тогтмол өсч байгаа төдийгүй 2010 он бидний хувьд хямралын дараахь эдийн засгийн сэргэлтийн онцлог жил байлаа. Энэ оны эхний 11 сарын байдлаар өрхийн мөнгөн орлого 465.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 87.8 мянган төгрөгөөр буюу 23.2 хувиар өсчээ. Ажилгүйдлийн түвшин ч мөн 1.9 пунктээр буурсан таатай мэдээ бий.

    Цаашид манай эдийн засагт уул уурхай голлох байр суурь эзэлнэ. Засгийн газраас уул уурхайн баялагтаа түшиглэн Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглаж эхлэх бодлого хөтөлбөрөө гаргаад ажилдаа орлоо. Орд баялаг ашигласнаас олох ашиг орлогыг авто болон төмөр зам, эрчим хүчний сүлжээг өргөтгөх, орон сууцны хороолол барьж байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтад зарцуулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжлийг хангах, өрхийн амьжиргааг дэмжихэд зориулах замаар дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлнэ.

    Улсын төсвийн орлого нэмэгдэж,  зарим боломж бий болж байгаа хэдий ч бүх зүйлийг зөвхөн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй. Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн боловсруулж, уг хуулийн хүрээнд үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай зорилтот бүлэгт оновчтой хүргэх замаар өрх бүрийг тогтмол орлоготой, амьжиргааны эх үүсвэртэй болгоход анхаарч байна.

    Гэр бүлийн эдийн засаг нь тогтвортой, сайн сайхан амьдрах боломжтой байх нь манай орчин үеийн гэр бүлийн нийтлэг зорилт болох ёстой. Үүний тулд төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага суларч, хүний мөс чанар муудаж, гэр бүлийн үнэт зүйлс алдагдаж, задрал явагдаж байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэн судлаачид хийх боллоо. Үнэхээр ч манай гэр бүлүүд сэтгэл, итгэл, оюуны үнэт зүйлээс илүү материаллаг хүчин зүйлийг шүтэн, уламжлалт ёс заншил, амьдрах арга ухаан, ураг төрлийн нандин хэлхээ холбоо алдагдах болсны саар жишээ хэвлэл мэдээллээр цөөнгүй гарч байна.

    Монгол хүн бүр гэр бүлийн үнэт зүйлсийг дээдэлж, бэхжүүлэх талаараа идэвхи санаачилга, сэтгэл зүтгэл гаргах цаг болжээ. Гэр бүл дэх эцэг эхийн харилцаа, ёс суртахуун, зөв заншил уламжлал нь тухайн гэр бүлд өсөн торниж буй хүүхдийн ирээдүйн амьдралын толь болдог. Иймд улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн маань өсч торних гэр бүлийн орчинг халуун дулаан, эвсэг зөөлөн байх нөхцлийг бүрдүүлэхэд төр, иргэний нийгэм, гэр бүл, эцэг эх, хүн бүрийн үүрэг хариуцлага маш чухал гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

    Ядуурал, архидалт, нийгмийн бухимдал, гэр бүлийн хүчирхийлэл нь сэтгэл зовоосон асуудал хэвээрээ байна. Зуд, байгалийн гамшгийн нөлөө, ажлын байрны хомсдлоос үүдэлтэй хот суурин газар руу шилжих хөдөлгөөн саарахгүй байна. Үүний улмаас түүнийг дагасан нийгмийн хүндрэл бэрхшээл  тухайлбал орон гэргүй, орлогогүй өрхийн тоо өсч, наад захын хэрэгцээг хангахгүй орчинд амьдрах гэр бүлийн тоо нэмэгдэх боллоо. Мөн эцэг эхийн үр хүүхэддээ тавих хараа хяналт суларснаас хүүхэд багачууд аливаа гэмт хэрэгт өртөх, гэр орноосоо дайжих явдал ч байсаар байна. 

    Ийм хүнд нөхцөлд амьдарч байгаа олон өрхийн орон байрны асуудлыг шийдэх, “Халамжийн орон сууц” хөтөлбөрийг НҮБ, Хабитат зэрэг олон улсын байгууллагын туршлага, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлэх цаг болсон. Өсвөр үеийг хүмүүжүүлэх, гэр бүлийн боловсрол олгох, шинэ гэр бүлийг бэлтгэн бэхжүүлэх нь зөвхөн төр засгийн ажил биш юм.

    Манай телевизүүдээр дамжуулж буй нийт нэвтрүүлгийн 60 гаруй хувь нь сөрөг мэдээллийг ямар нэг хэмжээгээр агуулдаг гэсэн судалгаа гарчээ. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн гэр бүлийн хөгжлийг хангах  үйл хэрэгт нэн хариуцлагатай хандах цаг болсон гэдгийг цохон тэмдэглэе.

    “Гэр бүл-өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт энэ онол практикийн хурал НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн туслалцааны баримт бичигээ шинэчлэн боловсруулж байгаа үед зохион байгуулж байгаагаараа ач холбогдолтой юм. Учир нь НҮБ-аас манай улсад үзүүлэх хөгжлийн туслалцааг өнөөдрийн хурлаас дэвшүүлэх гэр бүлийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    Засгийн газрын тэргүүний хувьд би гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх талаар дараах санал, санаачилгуудыг гаргаж, хэрэгжүүлэхэд нь анхаарч ажиллах болно.
    – Гэр бүл, эмэгтэйчүүд, жендэр, хүүхэд залуучуудын асуудлаар Төрийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах бүтэц бий болгон ажиллуулна.
    – Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Өрхийн амжиргааг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд батлан хэрэгжүүлнэ.
    – Өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар шинэ санаачилга гаргана. Мөн он удаан жил ханилсан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн иргэдийг урамшуулдаг, алдаршуулдаг тогтолцоо бий болгох саналтай байна. Өөрөөр хэлбэл бат тогтвортой, өнөр сайхан гэр бүл нь манай нийгмийн уламжлалт үнэт зүйл хэвээр байх учиртай. 
    – Гэр бүлд чиглэсэн төрийн үйлчилгээ, дэмжлэгийн тогтолцоог шинэ шатанд гаргах цаг болсон. Гэр бүлийг дэмжих хөрөнгийг хүнд сурталд биш шууд гэр бүлд нь хүргэдэг болгомоор байна. Гэр бүлийг дэмжсэн аливаа үйлчилгээг төрийн зүгээс санхүүжүүлэх арга замыг бид нээн хэрэгжүүлнэ.
    – Гэр бүлийг бэхжүүлэхэд эцэг хүний хариуцлагыг дээшлүүлэх шаардлага ч байна. Ялангуяа хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог ёс суртахуун, хууль эрх зүйн механизм бий болгох ёстой. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай Засгийн газар бүх талаар дэмжинэ.
    – Хүн амын орлогын албан татварыг ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, гэр бүлийг бэхжүүлэх зорилгоор өөрчлөн шинэчлэх санал байна. Тухайлбал, бага цалинтай хүмүүст хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх зорилт тавьж ажиллана. Энэ бодлогоо би ядуурлыг бууруулахад зохих үр дүнтэй, иргэнд, гэр бүлд хүрсэн өгөөжтэй зүйл гэж харж байна.
    – Нийгмийн хамгааллын бодлогод өөрчлөлт оруулж хувь хүн, хүн амын бүлгүүдэд бус гэр бүлд чиглэсэн, гэр бүл төвтэй байхыг эрхэмлэн хэрэгжүүлнэ. Түүнчлэн гэр бүлд дэмжлэг үзүүлэх гол шалгуур нь тухайн гэр бүл өөрөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэгч байх явдал болно. Гэр бүлийн хөгжилд аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийнхний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, тэдний оролцоог бий болгох шинэ санал санаачилгуудыг өрнүүлэх хэрэгтэй байна. Ажлаа бодох нь зүйн хэрэг боловч ажилтан, ажилчдынхаа нийгмийн, ар гэрийн асуудлыг хэрхэвч орхигдуулах учиргүй ээ.

    Эцэст нь хэлэхэд, гэр бүлийн талаарх бодлогоо баяжуулж, шинэчлэх шаардлага байгааг цохон тэмдэглэе. Зөв бодлого нь гэр бүлийн салалт, хүчирхийллээс үүдэлтэй манай нийгмийн олон асуудлыг засч залруулж гэр бүлийг бэхжүүлэн түүний хөгжлийг хангаж чадна. Тиймээс л би гэр бүлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө байна.

    Ирэх жилийн хүрээнд гэр бүлийн хөгжлийн асуудлыг хариуцсан өнөөгийн бүтэц, тогтолцоо, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох, гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Та бидний хамтын хүчин чармайлт энэ жилд зохих үр дүнд хүрч гэр бүлийн цоо шинэ үнэт зүйлсийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.

    “Ажилдаа урамтай явж, гэртээ баяртай ирэхийг аз жаргал хэмээнэ” гэсэн хэлц үг бий. Энэ бол иргэн бүр ажилтай, орлоготой, хамт олонтой, тав тухтай орон байртай, гэр бүлдээ сэтгэл хангалуун байхыг илэрхийлсэн үг биз ээ. Ийм орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллана. Онол, практикийн энэ бага хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэж айл өрх, гэр бүлийн талаар үнэтэй санал зөвлөмж гаргана гэдэгт найдаж байна.

    Онол практикийн бага хуралд амжилт хүсье.

    2010 оны 12 дугаар сар 23

  • С.Батболд: Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог болъё

    С.Батболд: Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог болъё “Ажилдаа урамтай явж, гэртээ баяртай ирэхийг аз жаргал хэмээнэ” гэсэн хэлц үг бий. Энэ бол иргэн бүр ажилтай, орлоготой, хамт олонтой, тав тухтай орон байртай, гэр бүлдээ сэтгэл хангалуун байхыг илэрхийлсэн үг биз ээ. Ийм орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлээд бодитой хэдэн саналыг дэвшүүллээ.

    Хүн амын орлогын албан татварыг ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, гэр бүлийг бэхжүүлэх зорилгоор өөрчлөн шинэчлэхийг Ерөнхий сайд Төрийн ордонд өнөөдөр болсон “Гэр бүлийн чиг хандлага, тулгамдсан асуудал” онол практикийн бага хурлын үеэр дэвшүүллээ.

    Тухайлбал, бага цалинтай хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэхийн төлөө ажиллана. Энэ бодлогоо би ядуурлыг бууруулахад зохих үр дүнтэй, иргэнд, гэр бүлд хүрсэн өгөөжтэй зүйл гэж харж байгаа гэж тайлбарлалаа. 

    Гэр бүлийг бэхжүүлэхэд эцэг хүний хариуцлагыг дээшлүүлэх шаардлага ч байна. Ялангуяа, хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог ёс суртахуун, хууль эрх зүйн механизм бий болгох ёстой. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгийг ч шуудхан хэллээ.

    Мөн Засгийн газрын тэргүүний хувьд тэрбээр гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх талаар зарим санал, санаачилга гаргаж, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно. Он удаан жил ханилсан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн иргэдийг урамшуулдаг, алдаршуулдаг тогтолцоо бий болгох саналтай байна. Өөрөөр хэлбэл бат тогтвортой, өнөр сайхан гэр бүл нь манай нийгмийн уламжлалт үнэт зүйл хэвээр байх учиртай гэсэн юм.

    Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг тогтмол өсч байгаа төдийгүй 2010 он бидний хувьд хямралын дараахь эдийн засгийн сэргэлтийн онцлог жил байлаа. Энэ оны эхний 11 сарын байдлаар өрхийн мөнгөн орлого 465.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 87.8 мянган төгрөгөөр буюу 23.2 хувиар өсчээ. Ажилгүйдлийн түвшин ч мөн 1.9 пунктээр буурсан таатай мэдээг Монгол Улсын Ерөнхий сайд дуулгалаа.

    Цаашид манай эдийн засагт уул уурхай голлох байр суурь эзэлнэ. Засгийн газраас Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглаж эхлэх бодлого хөтөлбөрөө гаргаад ажилдаа орлоо. Орд баялаг ашигласнаас олох ашиг орлогыг авто болон төмөр зам, эрчим хүчний сүлжээг өргөтгөх, орон сууцны хороолол барьж байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтад зарцуулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжлийг хангах, өрхийн амьжиргааг дэмжихэд зориулах замаар дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дурдлаа. Ингэхдээ улсын төсвийн орлого нэмэгдэж,  зарим боломж бий болж байгаа хэдий ч бүх зүйлийг зөвхөн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй.

    Тиймээс Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн боловсруулж, уг хуулийн хүрээнд үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай зорилтот бүлэгт хүргэх замаар өрх бүрийг тогтмол орлоготой, амьжиргааны эх үүсвэртэй болгоно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

    Ядуурал, архидалт, нийгмийн бухимдал, гэр бүлийн хүчирхийлэл нь сэтгэл зовоосон асуудал хэвээрээ байна. Зуд, байгалийн гамшгийн нөлөө, ажлын байрны хомсдолоос үүдэлтэй хот суурин газар руу шилжих хөдөлгөөн саарахгүй байна. Үүний улмаас түүнийг дагасан нийгмийн хүндрэл бэрхшээл  тухайлбал орон гэргүй, орлогогүй өрхийн тоо өсч, наад захын хэрэгцээг хангахгүй орчинд амьдрах гэр бүлийн тоо нэмэгдэх боллоо. Мөн эцэг эхийн үр хүүхэддээ тавих хараа хяналт суларснаас хүүхэд багачууд аливаа гэмт хэрэгт өртөх, гэр орноосоо дайжих явдал ч байсаар байна.

    Ийм хүнд нөхцөлд амьдарч байгаа олон өрхийн орон байрны асуудлыг шийдэх, “Халамжийн орон сууц” хөтөлбөрийг НҮБ, Хабитат зэрэг олон улсын байгууллагын туршлага, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлэх цаг болсон гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

    Энэхүү онол, практикийн бага хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэж айл өрх, гэр бүлийн талаар үнэтэй санал зөвлөмж гаргана гэдэгт найдаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үгийнхээ төгсгөлд дурдлаа. Монгол Улсын Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, НҮБ-ийн Хүн амын сан хамтран “Гэр бүлийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал” сэдэвт онол практикийн бага хурал Төрийн ордонд болж байна.

    Гэр бүлийн хөгжлийг цогцоор нь авч үзэж, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үндэсний тогтолцоог боловсронгуй болгох, өрхөд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүүхэд хамгааллын асуудлыг дорвитой шинэчлэхэд төрийн бодлого, зохицуулалтыг илүүтэй хандуулах хэрэгтэй байгааг хуралд оролцогсод хэлж байлаа. Тиймээс  НХХЯ ирэх онд гэр бүл, хүүхэд хамгааллын асуудалд анхаарч ажиллахаар зорилтоо тодорхойлоод байгаа талаар НХХ-ийн сайд Т.Ганди хурлын үеэр мэдэгдлээ

  • “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмлээ

    “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмлээЗасгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам. доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дүрмийн сангийн Оросын талд ногдох 125 сая ам. долларыг энэ онд багтаан Оросын талаас гаргуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа. Харин дүрмийн санг нэмэгдүүлэхэд шаардлагатай монголын талын 125 сая ам. долларыг 2011 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосон байна. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор дүрмийн санг нь хоёр талын ижил хувийн оролцоотойгоор 250 сая ам. доллараар нэмэгдүүлэхийг хувь нийлүүлэгчид тохиролцжээ.

    Хэдийгээр тээвэрлэсэн ачаа, зорчигчийн хэмжээ нэмэгдсэн ч “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг өөрийн хөрөнгөөр шаардлагатай техникийн шинэчлэлээ хийх боломжгүй байгаа юм. Нийгэмлэг сүүлийн 25 жилд техникийн дорвитой шинэчлэл хийгээгүй. Үүнээс болж хөдлөх бүрэлдэхүүний паркийн 65 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 25 жилээс дээш ашиглаж байгаагаас гадна 400 км гаруй замд их засвар хийх шаардлагатай байна.

    ТӨМӨР ЗАМЫН ПАРКИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

    БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийг төмөр замын зам барилга, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэхэд ашиглахаар Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

    “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-өөс 24,307,840 ам. доллар үлдсэн байна. Зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх гэрээг  БНХАУ-ын Төмөр замын өмнөд корпорацитай шууд байгуулж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад, БНХАУ-ын Эксим банктай 2010 оны 9 дүгээр сард байгуулсан “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцээр байгуулахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгалаа.

    ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

    “Шинэ зууны боловсрол, Цахим эрүүл мэнд стратеги төсөл” болон “Бага оврын трактор худалдан авах, угсрах үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

    Эдгээр төслийг БНХАУ-ын Засгийн газар хоорондын 300 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаархи Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэл” төслийн оронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

    “Шинэ зууны боловсрол төсөл”-ийн хүрээнд улсын хэмжээнд сургууль бүрт 2 цахим хөдөлгөөнт лаборатори нэвтрүүлж, 60 хүртэл зөөврийн компьютер нийлүүлэн өндөр хурдны интернетээр холбоно. Мөн багш бүрийг зөөврийн компьютертэй болгож сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан цахим номын сан, бичил цахим эрүүл мэндийн шинжилгээний төв бий байгуулах юм.

    “Бага оврын трактор худалдан авах, угсрах үйлдвэр байгуулах төсөл”-ийн хүрээнд 20-25 морины хүчтэй, хадлангийн зориулалттай бага оврын 1,100 трактор, 30-35 морины хүчтэй, хүнсний ногооны зориулалттай дунд оврын 170 тракторыг иж бүрдлийн хамт худалдан авч, жилд 1000 ширхэг бага оврын тракторыг иж бүрдлийн хамт угсрах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна.

  • Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ

    Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ Монгол улсын засгийн газар Монголын мянганы сорилтын сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн төслийн дагуу 21 аймгийн эрүүл мэндийн газарт орчин үеийн тоноглол бүхий автомашин, аймаг дүүргийн эмнэлэгүүдэд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж гардууллаа.

    Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ Засгийн газар Монгол хүнээ эрүүл байлгах асуудалд онцгойлон анхаарах учиртай. Бид эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс 10 гаруй хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Мөн ирэх онд 250 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт суулгаж аймаг орон нутагт томоохон эмнэлгүүдийг барьж байгуулах ажлын эхлэлийг тавиад байна.

    Түүнчлэн цаг агаарын хүндрэлтэй алслагдсан аймаг орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг автомашинаар хангах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэлээ.

    Ёслолын ажиллагааны үеэр 21 аймгийн Эрүүл мэндийн Газар болон дүүргийн эрүүл мэндийн газрын дарга нарт тус бүр 44500 мянган ам. долларын үнэ бүхий “Toyota Landcruiser” автомашын түлхүүр, 9 дүүрэг, 21 аймгийн эмнэлгүүдэд 9,2 сая ам.долларын нийт өртөг бүхий бүрэн тохижуулсан сургалтын өрөөг өгсөн хаяг, дурсгалын пайзын хамт гардуулан өглөө.

    Монголын  мянганы сорилтын сангаас эрүүл мэндийн салбарт нийтдээ 39,1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвөлсөн байна. Энэ хүрээнд нэг болон хоёрдугаар шатлалтын эмнэлгүүдэд даралт ихдэх өвчин, чихрийн шижин, хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, амилуулахуйн суурь тусламжийн чиглэлийн эрт илрүүлэлт, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.

    Ийнхүү 285 сая ам,долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын гэрээний заалт, бодит ажлын үр дүн хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарыг дэмжих чиглэлээр амжилттай хэрэгжиж байна. 

  • С.Батболд: Үүрэг даалгавар хэрхэн биелүүлж байгаагаа ард түмэндээ тайлагнах цаг болсон

    С.Батболд: Үүрэг даалгавар хэрхэн биелүүлж байгаагаа ард түмэндээ тайлагнах цаг болсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ жил Монгол орныхоо баруун, төв, хангай, говийн бүсийн 18 аймгийн 70 гаруй сумдын нутагт ажилласан. Орон нутагт ажиллах үеэрээ ард иргэд, малчид, хөдөлмөрчдийн санаа бодлыг сонсож хөдөөгийнхний өмнө тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн ард иргэд, аймаг, сумдын удирдлагаас тавьсан санал хүсэлт, тулгамдсан хөрөнгө оруулалтын шинжтэй 98 асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хоёр удаагийн хуралдаанаар хэлэлцүүлж, хийх ажлын төлөвлөгөө батлан сайд нарт үүрэг чиглэл өгсөн зэрэг хөдөө, орон нутгийн иргэд, малчдын талаар тодорхой бодлого барин ажиллаж байгаагаа  өнөөдөр аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай Төрийн ордонд уулзахдаа хэлж,  ирж буй 2011 онд хэрхэн ажиллах, ямар асуудалд түлхүү анхаарах талаар нь үүрэг даалгавар өглөө.

    Засгийн газрын түвшинд орон нутагт тулгарч буй асуудлуудыг шийдээд байдаг. Гэтэл тэр нь хөдөө орон нутагт эзэндээ хүрэхгүй, хэрэгжилт нь удаан, бас төрийн мэдээлэл үнэн бодитой хүрэхгүй гуйвуулж няцаасан хандлага байгааг Ерөнхий сайд хэллээ. УИХ-аар батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны төлөвлөгөөг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын төсвөөс 2010 онд 5,3 тэрбум төгрөг зарцууллаа. Мөн Засгийн газраас бүх сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулах асуудлыг шийдвэрлэж 329 суманд 658 мэргэжилтэн ажиллуулан тэдгээрийн цалин, үйл ажиллагааны зардлыг хариуцаж байгаа талаар Ерөнхий сайд С.Батболд дурдаад малчдын талаар Засгийн газраас баримтлах бодлого тодорхой байгаа.

    Энэ бодлогыг та бүхэн хэрхэн, яаж орон нутагт хэрэгжүүлж байна вэ? Малчдыг сургах асуудал хэдэн хувьтай байна вэ? Малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж чадаж байна уу? Малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудал ямар шатандаа явж байна вэ? Хичнээн малчин нэрийн данстай болсон? Малчин бүрт эмнэлгийн үйлчилгээг үзүүлж чадаж байна уу? гээд та бүхнээс олон асуултад хариулт авмаар байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх үүргийг Засгийн газраас та бүхэнд өгсөн.

    Хэрэгжилт нь ямар байгааг Засгийн газарт төдийгүй хөдөөгийн малчин иргэдэд тайлагнах цаг нь болсон. Ажлаа хийхгүй байгаа дарга нартай хатуухан хариуцлага тооцно гэдгийг нүүр нүүрээ харан уулзаж байгаа дээрээ хатуу анхааруулъя гэлээ. Мөн отор нүүдлээр яваа малчдаас ихээхэн хэмжээний татвар хураамж авч, дарамт үүсгэдэг хандлага их байгааг аймаг, орон нутгийн удирдлагууд Та бүхэн анхаарах хэрэгтэй гэдгийг санууллаа. Засгийн газраас төсвийн шинэчлэлийн хүрээнд анх удаа орон нутагт  хөрөнгө оруулалтаар аймаг бүрт дунджаар 800.0 сая төгрөг, 5 бүсийн хөгжилд  дэмжлэг болгон дунджаар 24.0 сая төгрөгийг тус тус  2011 оны төсвийн тухай хуульд тусгаж Улсын Их Хурлаар батлуулсан.

    Засгийн газраас бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг багасгах зорилго тавьж байгаа. Энэ бодлогынхоо хүрээнд орон нутагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх эрхийг хүлээх хариуцлагын хамт орон нутагт нь шилжүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа.

    Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар улсын болон бүс нутгийн шинж чанартай худалдан авалтыг Засгийн газрын тусгай агентлаг төвлөрсөн байдлаар зохион байгуулна. Харин аймаг, нийслэлийн хувьд худалдан авах ажиллагааг өөрсдөө бие даан зохион байгуулахаар болж өөрчлөгдөх юм. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболд аймаг, нийслэлийн удирдлагуудад хэлэхдээ “Ингэснээр орон нутагт төсвийн эрх мэдэл бодитойгоор шилжиж, төвлөрөл саарч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт оновчтой болж, ажлын байр нэмэгдэх, амьдарч буй орчноо өөрсдөө сайжруулах санаачлага идэвхитэй өрнөх боломж бүрдэнэ. Энэ бүх шинэ онцлог нь аймаг, нийслэлийн удирдах ажилтан Та бүхнээс үүрэг хариуцлагаа улам илүү ухаарч ажиллах, үйл ажиллагаандаа дорвитой шинэчлэл хийхийг шаардаж байна гэлээ.

    Даяаршиж буй өнөөгийн нийгэмд тулгамдсан олон асуудлыг төрийн байгууллагууд  дангаар шийдвэрлэх боломжгүй болсон талаар Засгийн газрын тэргүүн хэллээ. Тиймээс төрийн болон орон нутгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцох оролцооны ач холбогдол нэмэгдэж байгаа. Иймд нутгийн удирдлагын байгууллагууд аливаа асуудлыг боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих  ажилд хувийн хэвшил, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийнхнийг оролцуулах боломжийг илүү бодитой бүрдүүлж ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд анхаарууллаа. Энэ бодлогын хүрээнд орон нутгийн төрийн бус байгууллагуудад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо. Гэхдээ аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар иргэдийнхээ оролцоогүйгээр асуудлаа шийддэггүй байх зарчим баримтлах ёстой гэлээ.

    Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар Ерөнхий сайд С.Батболд энэ уулзалтын үеэр мөн хөндлөө. Энэ хүрээнд төрөөс үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтын дарамт, шат дамжлагыг судалж, эрх зүйн орчныг сайжруулах, үйлчилгээг хөнгөвчлөх, төрийн байгууллагын зарим чиг үүргийг  мэргэшсэн  төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын эхлэл бодитоор тавигдав. Энэ талаар төрийн захиргааны төв байгууллагууд төдийгүй мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан идэвхтэй  ажиллаж тодорхой саналууд гарч, зарим үр дүнд хүрч  байна.

    Тухайлбал, уг ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийж, бизнес эрхлэгчид мэргэжлийн байгууллагуудын дунд явуулсан өргөн хэлэлцүүлгийн мөрөөр саад чөдөр болж байсан 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаар эхний ээлжинд 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн холбогдох 21 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

    Харин аймгийн удирдах ажилтнууд энэхүү нэн хариуцлагатай ажилд  төдийлөн ач холбогдол өгөхгүй, ажиллахгүй байгааг Ерөнхий сайд анхааруулаад ажлын үр дүнг тооцохдоо үүнийг харгалзах болно гэдгийг ч хатуухан хэллээ. Түүнчлэн бизнесийн орчны шинэтгэлийг зөвхөн энэ онд хийгээд зогсохгүй, цаашид үргэлжлүүлэн бодит үр дүнд хүрэх ёстой. Тиймээс ирэх 2011 онд ч гэсэн энэ асуудлын талаар орон нутагтаа тодорхой ажил хийхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад дахин үүрэг болголоо.

    Мөн 2011 онд улсын төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ихээхэн ажил хийгдэнэ. Иймд ажлын байр шинээр бий болгох, мэргэшилтэй ажилчид бэлтгэх, мэргэжил олгоход тал талаасаа анхаарч ажиллая. Орон нутагт хэрэгжиж байгаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, энэ жил улсын төсвөөс  орон нутгийн хөгжил, бие даасан байдлыг хангах зорилгоор аймаг, нийслэлд олгож байгаа хөрөнгө оруулалт, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг  ажлын байр шинээр бий болгоход чиглүүлж ажиллах ёстойг тэрбээр сануулаад улс орон, бус нутагт шинээр бий болж байгаа санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг үр дүнтэй ашиглах ёстой. Үүнд орон нутгийн удирдлагууд Та бүхний мэдээлэл, зөвлөгөө, удирдлагын манлайлал чухал үүрэг гүйцэтгэх учиртай гэдгийг тэмдэглэлээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нэг багийн хамт олондоо хандаж хэлсэн үгийнхээ төгсгөлд “Өвөлжилт, хаваржилтын цаг үеийн амаргүй ажилд байнга анхаарч ажиллах хэрэгтэй. Хүйтний эрч эрс чангарч, зарим аймаг, сумдад өвөлжилтийн байдал хүндэрч сэтгэл түгшээж эхэллээ. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилийн сургамжид тулгуурлан орон нутгийн удирдлагууд Та бүхэн ажилдаа хэрхэн хандсаныг, үүрэг даалгаврыг яаж биелүүлснийг илтгэн харуулах нэгэн том шалгуур болно гэж би харж байна” гэсэн юм.

    Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг нар өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах зорилго бүхий семинарт оролцож байгаа юм. Тэд маргааш Монгол Улсын сайд, төсвийн ерөнхийлөнч захирагч нартай байгуулах гэрээнд гарын үсэг зурна