Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй айлчлал Санкт Петербург хотод очсоноор үргэлжиллээ. Пискаревскийн хүндэтгэлийн цогцолборт хүрэлцэн очиж, эх орон хөшөөнд цэцэг өргөсний дараа Санкт Петербург хотын захирагч хатагтай В.И.Матвиенкотой уулзалт хийсэн юм.
Хоёр орны хамтын ажиллагаа, түүний дотор Улаанбаатар, Санкт Петербург хотуудын хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар гол яриа өрнөж, тус хотод сурч буй оюутны тоог нэмэх, харилцан үзэсгэлэн гаргах, мэргэжилтэн солилцох, хот төлөвлөлт, урлаг соёлыг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.
Санкт Петербург нь холбооны хотын статустай бөгөөд хаант Оросын нийслэл, түүх соёл урлагийн төв гэдгээрээ онцлогтой юм байна. Эрмитаж, Мариинский гэх мэт музей театраараа дэлхийд алдартай тус хотод хүн амын бодит орлого нь огцом өсч байгаа гэх үзүүлэлт гарчээ. 2010 оны эхний хагас жилд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 8.3 , боловсруулах салбар нь 10.1 хувь өссөн бөгөөд агаарын болон төмөр замын тээврийн чухал зангилаа хот болж чаджээ. СанктПетербургаас ОХУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч В.В.Путин төрсөн гэдгээрээ тус хотынхон бахархдаг юм байна. Энэ хотод монголын олон залуус боловсрол эзэмшсэн бөгөөд одоо ч их дээд сургуульд нь манай улсын 200 гаруй оюутан суралцаж байна.
ОХУ-д нийтдээ монгол улсын 1500 гаруй оюутан суралцдаг ажээ. Уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд гэргийн хамт алдарт Эрмитажийн музей үзэж, “Мариинский”-ийн эрдмийн театрт “Хунт нуур “ бүжгийн жүжиг үзлээ. Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал ийнхүү өндөрлөлөө
ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлалыг Монгол Оросын харилцааг шинэ шатанд гаргалаа гэж хоёр тал дүгнэжээ. Ерөнхий сайд С.Батболдын хувьд Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш хойд хөршдөө хийж байгаа анхны айлчлал бөгөөд гадаад харилцааг эдийн засагжууллаа гэдэг дүгнэлтээр айлчлалын ач холбогдлыг цэгнэж байна. Монгол Оросын харилцаанд байсан тодорхойгүй асуудлуудад энэ айлчлал цэг тавьж, цаашид олон зүйл яаж хөгжих нь тодорхой боллоо гэдгийг хоёр тал онцлон тэмдэглэсэн байна. Тэр ч байтугай ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин манай ерөнхий сайд С.Батболдтой хэлэлцээ хийх үеэрээ монголоор “ Тохирлоо ” гэдэг үгийг хэлсэн нь энэ айлчлалын дуулгах сонины нэг яах аргагүй мөн биз ээ.
ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Засгийн газрын дарга В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Уулзалтаар Монгол, Оросын харилцааны тулгамдсан асуудлууд, хоёр орны хоорондын харилцааг хөгжүүлэх цаашдын төлөвийг хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцлоо.
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Нэгдсэн Орос намын Дээд Зөвлөлийн дарга, ОХУ-ын Төрийн Думын дарга Б.Н.Грызловтой уулзлаа. Ноён Грызлов Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг ордныхоо гадна хүндэтгэн угтаж ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал нь амжилттай болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзав. Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар өөрсдийн төгссөн сургууль болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн тухай, оюутан насныхаа дурсамжаа ярилцаж нөхөрсөг уур амьсгалаар уулзалт яриаг эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургуульд зочилж эрдэмтэн, багш оюутнуудад “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдэвт лекц уншив. Ерөнхий сайд С.Батболд 1986 онд тус сургуулийг төгссөн бөгөөд 24 жилийн дараа дахин сургуульдаа зочлон ирсэндээ сэтгэл их хөдөлж байгаагаа хэлээд сургуулийнхаа хамт олонд ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Тээврийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр улсын харилцааны тулгамдсан асуудлууд, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов
Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын тус улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд С.Батболдыг Москва хотын “Внукова” олон улсын нисэх онгоцны буудалд буухад хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ.