Ангилал: Uncategorized

  • С.Батболд: Улстөржилт, талцлаа зогсоож, судалгаа үндэслэлтэй хөгжлийн бодлогоо яримаар байна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо. Ирэх жилийн нийгэм эдийн засгийн өнгийг тодорхойлох энэхүү тогтоолын төсөлд тооцоо судалгаатай, бодит байдлаа онилсон, эдийн засгийн хувьд хамгийн чухал төсөл хөтөлбөр арга хэмжээг үндсэн чиглэлийн баримт бичигт тусгах талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Ирэх жил эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Батболдын хэлсэн үгийг хүргэж байна.

    Тэрээр “Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл бол маш чухал баримт бичиг. Яагаад гэвэл тухайн жилдээ төрийн бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын бодлого, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлийг нэг зорилгод зангидах үндсэн арга хэрэгсэл бол энэ баримт бичиг байх учиртай. Тийм учраас энэ Үндсэн чиглэл юуны түрүүнд бодлогын баримт бичиг байх учиртай.

    Бодлогын баримт бичиг байхын тулд тавьж байгаа зорилт нь маш тодорхой, хүрэх үр дүн нь хэмжигдэхүйц, бусад улс орнуудтай харьцуулах боломжтой байх ёстой. Одоогоор бидэнд өгсөн баримт бичигт маш олон тоо баримт байна. Бүр нэлээд нарийн мэргэжлийн төвшний хүн ойлгохоор тоо статистик их байна. Харин үүн дээр нэмээд ерөнхийд нь бодлогын дүгнэлт хийх харьцуулсан үзүүлэлтүүдийг нэмэх ёстой гэж бодогдож байна.

    Жишээ нь, Дэлхийн эдийн засгийн форумаас хийсэн хамгийн сүүлийн Эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 137 орноос 101 бичигдсэн байна. Энэ бол 2016 оны тоог үндэслэж хийсэн үнэлгээ юм байна лээ. Гэтэл 2011-12 онд Монгол Улс 96-д жагсаж байсан. Зүүн Ази болон Номхон далайн орнуудын бүс нутгийн голч үзүүлэлтээс хамгийн хол хоцорсон үзүүлэлтүүд нь санхүүгийн зах зээлийн хөгжил, төрийн бодлого гарган хэрэгжүүлэх тогтолцооны чанар, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил гэх мэт үзүүлэлтүүд байна. Тус судалгаагаар хамгийн их анхаарах ёстой гэж үзсэн зүйл бол гадаад валютын зохицуулалт хэт их байна, авилгал хээль хахууль газар авсан байна гэжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс эрхэлж гаргадаг Хүний хөгжлийн үзүүлэлтээр манай улс дэлхийн 188 орноос 92-т орсон байна. 2015 оны тоонд хийсэн дүгнэлт байна лээ. Дэлхийн Банкны Бизнес эрхлэх орчны судалгаагаар манай улс 62-т бичигдсэн байна.

    Засгийн газрын ажлыг дүгнэхдээ УИХ бодит тоо баримт дээр үндэслэж дүгнэж сурах хэрэгтэй. Улстөржсөн биш, нэг нэгэндээ буруу тохох гэж улайрч, талцаж хэрэлдэх биш харин шинжлэх ухаанч, судалгаа тоон дээр үндэслэсэн дүгнэлт хийж сурч байж л хөгжлийн бодлого өөрөө тогтворжино.

    Ийм учраас энэ энэ удаа Үндсэн чиглэлтэй хамт УИХ-аас гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг батлаж өгөх нь чухал гэж бодож байна.

    Тэгэхээр бидний хувьд бас ийм шалгуур үзүүлэлтийг боловсруулж Үндсэн чиглэлтэй хамт батлаж хэвшиж сурах хэрэгтэй байна. Тэр үзүүлэлт нь юу байж болох вэ гэхээр ДНБ-ий өсөлт, төсвийн баланс, инфляци, Засгийн газрын олон улсын зээлжих төвшин гэх мэт макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлт байх ёстой. Дээрээс нь Дэлхийн эдийн засгийн форумын Эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр тогтоосон зэрэглэл, Дэлхийн Банкны Бизнес эрхлэх орчны судалгаа гэх мэт үзүүлэлтийг оруулж дэлхийн бусад орнууд, бүс нутгийн орнууд, бидэнтэй адил төстэй хөгжилтэй орнуудтайгаа өөрсдийгээ харьцуулж үзэх хэрэгтэй. Мөн нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого, эх нялхсын эндэгдэл, орон сууцны эзэмшиж буй хувь хэмжээ, агаарын бохирдлын төвшин, төрийн үйлчилгээний сэтгэл ханамжийн үзүүлэлт зэрэг нийгмийн амьдралын чанарыг илэрхийлэх үзүүлэлт бас орох нь зүйтэй.

    Энэ шалгуур үзүүлэлтийн дагуу шаардлагатай бол эхний үедээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниудаар жилдээ нэг удаа тайлан гаргаж Үндсэн чиглэлтэйгээ хамт хэлэлцдэг болмоор байна. Монголын томоохон компаниуд бүгд л ийм аудит жил болгон хийлгэж болоод байхад төр засаг хийлгэхэд хүндрэл гарахгүй гэж бодож байна.

    Ийм шалгуур үзүүлэлт тогтоож байж, тэр шалгуур үзүүлэлтээ бие даасан байгууллагаар үнэлүүлж байж бид Засгийн газрын, УИХ-ынхаа ажлыг бодитоор дүгнэж сурнаа. Үнэндээ бол энэ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь дан ганц Засгийн газрын биш, УИХ-ын ажлын үзүүлэлт байх учиртай. Хий хоосон улстөржилтээр эсвэл нүд хуурсан гоё үгээр биш бодит тоон дээр үндэслэж дүгнэлт хийх эхлэл нь энэ болох учиртай” гэлээ.

  • Ерөнхий сайдаас хариу ирлээ !!!

    “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлж иргэддээ ногдол ашиг хуваарилах талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгынхаа хариултыг авлаа.
    Ерөнхий сайдын хариулт болон “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр 1072 хувьцаанд 2019 оноос ногдол ашиг хуваарилах болжээ. Тус компани 2017 онд 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.


    Анх манай Засгийн газар иргэддээ 1072 хувьцаа эзэмшүүлж, миний бие Ерөнхий сайдын хувьд “Энэ хувьцаа удахгүй мөнгө болж, жил бүр ашгаа өгнө” гэхэд олон хүн эргэлзэж байлаа. Тэр эргэлзээг бодитойгоор тайлах цаг ойртож л байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд, 2012 оноос хойш тооцож үзэхэд удаан байна, цаг хугацаа их л алдаж байна. 1072 хувьцаа бол хувьцаагаар дамжуулж, зах зээлийн зарчмаар иргэн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртэх хамгийн оновчтой хэлбэр. Иймд 1072 хувьцаа, түүнд ноогдол ашиг хуваарилах нь Тавантолгойн төслийг хөдөлгөхөөс дутуугүй ач холбогдолтой.

  • УИХ-ын гишүүн С.Батболд Их Британи улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Мэлоүнтэй уулзав

    Улсын Их хурлын гишүүн, Монгол-Их Британы Парламентийн бүлгийн дарга С.Батболд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Мэлоүнийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Элчин сайд Филип Мэлоүн Британийн Ерөнхий сайд Монгол Улстай харилцах Худалдааны элчээр Парламентын гишүүн Жулиан Найтыг томилсныг онцлоод хоёр орны харилцааг өргөжүүлэх, энэ дотроо боловсрол, батлан хамгаалах, эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллахаа тэмдэглэв.

    УИХ-ын гишүүн С.Батболд энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж буйг дурдаад харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар Элчин сайдтай санал солилцов.

  • С Батболд: Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээр бодит байдалдаа дүгнэлт хийлгэмээр байна

    Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх үеэр өөрийн санал бодлоо илэрхийллээ.

    Энэ ажлыг хий уриа лоозон биш бодит ажил болгох үүднээс мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бүхий дэд хороо байгуулан өмнө гарсан бодлого шийдвэр, технологийн нөхцөл байдал, аюул занал, боломжуудын талаар нарийвчилсан судалгаа хийлгэж, дүгнэлт хийх хэрэгтэй байна.

    Ингэснээр цахим орчинд бидний дэвшүүлж буй зорилтуудад хүрэх арга зам, хууль эрх зүйн орчныг хэрхэн өөрчлөх шийдлүүд илүү тодорхой, бодит болох юм.

  • С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардлага байхгүй

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдтой ярилцлаа.

    -Та УИХ-ын гишүүний хувьд Засгийн газарт хоёр асуулга тавьжээ. Заавал яагаад 1072 хувьцааг онцолсноос ярилцлагаа эхлэх үү?

    -Сая Засгийн газар “Эрдэнэт”-ийн 10 хувийг иргэдэд өмчлүүлэх шийдвэр гаргаж байх шиг байна. Энэ шийдвэрийнхээ үнэ цэнийг олон түмэнд бодитой мэдрүүлэхийн тулд эхлээд Тавантолгойн 1072 хувьцаагаа амилуулж, иргэддээ ноогдол ашиг хуваарилах хэрэгтэй. Манай Засгийн газар анх 1072 хувьцааг тарааснаас хойш таван жил болж, дөрөв дэх Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Өмнөх засгийн газар бүгдээрээ л 1072 хувьцааг амилуулна гэдэг байсан боловч аль нь ч бодитой, иргэдэд үр дүнгээ өгсөн ажил хийж чадсангүй. Энийг би хийх хүсэлгүйдээ юм уу, эрхзүйн орчингүй учраас, иргэдээ мөнгөжүүлэх сонирхолгүйдээ хийхгүй байна гэж бодохгүй байгаа. Нэг л аргаа олохгүй, зориглож чадахгүй байгаа юм болов уу гэж хардаг. Уг нь Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад бүх үйл явц цаашаа төр, засгийн ямар ч оролцоогүйгээр өөрөө явчихна. Зах зээл өөрөө зохицуулчихна гэсэн үг. Жишээ нь, хэрвээ 1072 хувьцаандаа ногдол ашиг хуваарилж байсан бол эдийн засгийн хүндрэлтэй энэ үед иргэдэд санхүүгийн хувьд хувь нэмэр болох л байлаа. Өнөөдөр Тавантолгойн ордыг газрыг эзэмшигч төрийн өмчийн Эрдэнэс-Тавантолгой компанийн 14 орчим хувь нь ард иргэд, дотоодын аж ахуйн нэгжүүдийнх. Энэ компани 2017 онд зөвхөн хагас жилийн дүнгээр бараг 300 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 300 тэрбум төгрөгийн 14 хувь нь 42 гаруй тэрбум төгрөг. Агуулгын хувьд өөр ч гэсэн эдийн засгийн ач холбогдлыг нь авч үзвэл төрийн албан хаагч нарт 300 мянган төгрөг өгөхөд 50 тэрбумыг улсын төсвөөс зарцуулж байгаатай бараг дүйцэх хэмжээний мөнгө. Иргэд 1072 хувьцаанд ногдох ашгаа авах нь авна, Хөрөнгийн бирж дээр арилжих нь арилжина. Иргэд өөрсдөө эдийн засгийн харилцаанд, 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэд орж эхэлнэ. Тэгэхээр хөрөнгийн бирж дээр 1072 хувьцааг арилжих ажлыг эрчимжүүлэх талаар Засгийн газар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг асууж байгаа юм.

    -Хувьцаа арилжиж эхлэх нь ногдол ашиг хүмүүсийн гарт очихоос өөр ямар давуу талтай вэ?

    Нэгд, Хөрөнгийн бирж дээр 1072 хувьцааг арилжиж эхэлснээр зарах нэг нь зарж, урт хугацаанд хувьцааны ногдол ашиг авахаар хадгалах нэг нь хадгалж таарна. Хүмүүс өөрсдөө захиран зарцуулах өмчтэй болж байна гэсэн үг. Хоёрт, уул уурхайн хөгжил иргэн тус бүрт яаж тусч, ямар ач холбогдолтой вэ гэж байнга маргалддаг. Мэдээж хэрэг улсын төсвөөр дамжин цалин, тэтгэвэр, сургууль цэцэрлэг, зам холбоо гээд шууд ашиг тус бий. Эдийн засгийн нийт өсөлтөөс ч очиж буй шууд бус том нөлөөлөл бий. Гэхдээ иргэн бүрт үр ашгийг нь шууд утгаараа хүргэх хамгийн сонгогдог дэвшилтэт арга бол хувьцаа. Хүн болгон тухайн өмчийн нэг хэсгийн эзэн нь болж, олох үед нь олж, алдах үед нь алдана гэсэн үг. Жинхэнэ утгаараа уул уурхайн баялгийн эзэн нь болж байна, олигархын биш ард түмний капитализм яг ингэж л бий болно. Гуравт, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглалын талаар байнга гомдол гардаг. Идлээ уулаа, хөрөнгө мөнгийг нь үрэн таран хийлээ гэж байнга бичиж ярьдаг. Үүнийг шийдэх хамгийн дэвшилтэт арга бол Хөрөнгийн биржийн дүрмийн дагуу төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, хувьцаа эзэмшигч иргэдийн хяналтад оруулах юм. Тайлангаа тавьдаг, аудит хийдэг, захирлуудыг нь төрөөс биш, хувьцаа эзэмшигчдийг төлөөлж буй мэргэжлийн төлөөлөн удирдах зөвлөл нь томилдог болно гэсэн үг. Манай урд, хойд хоёр хөршийн төрийн өмчийн томоохон компаниуд ийм л дэвшилтэт аргаар шинэчлэгдэж, нээлттэй зарчмаар илүү ашигтай ажиллаж, дэлхийд өрсөлдөх чадвартай болж байна.

    -Төрөөс дэндүү их мөнгө халамжинд зарцуулж байна гэж шүүмжилдэг. Энэ нэг ёсны халамж мөн юм биш үү. Төрөөс мөнгө зарцуулах уу?

    -Энэ бол халамж биш. Төрөөс, төсвөөс ямар ч мөнгө зарцуулахгүй. Компани нь ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг хуваарилах л асуудал. Цаг хугацааны хувьд нүүрсний үнэ харьцангуй гайгүй байгаа үед энэ ажлыг хийх ёстой. Нүүрсний үнэ огцом хэлбэлздэгийг сүүлийн 10 жилд бид бүгд харж анзаарч байгаа . Үнэтэй байхад нь арилжиж эхлэх юм бол хувьцааны үнэ харьцангүй өндөр байна гэсэн үг. 2010 онд ард иргэддээ 1072 хувьцааг хуваарилах шийдвэрийг гаргахдаа нийт хувьцааны үнийг 1 сая төгрөг гэж тооцоолж байсан. Цаг хугацааны хувьд 2018 ондоо багтааж нүүрсний үнэ харьцангуй өндөр байгаа дээр Хөрөнгийн бирж дээрх арилжааг эхлүүлж иргэдийн хувьцааг үнэд хүргэхийг хичээх хэрэгтэй. Одоо 1072 хувьцаа цаасан дээрх бүртгэл биш, иргэдийн халаасанд мөнгө болж очих цаг болсон гэж энэхүү ажлыг санаачилж эхлүүлсэн хүний хувьд бодож байна. Тиймээс Засгийн газрыг энэ ажлыг эрчимжүүлэхийг хүсэж асууж байгаа юм.

    -Нөгөө асуулга нь юуны тухай вэ?

    -Хоёр дахь нь асуулга гэхээсээ санал юм даа. Шинэ Улаанбаатар төслийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон гэж үзэж байгаа. Шинэ гэхээр хуучнаа хаяад явна гэсэн үг биш. Жишээ нь шинэ, хуучин Дархан гэж байдаг шиг Улаанбаатарын ойр хэсэгт дахиад шинээр нэг дагуул хот төлөвлөж хөгжүүлэх цаг нь болсон. Үүний тулд 21/100, 10/6 гэсэн хоёр хөтөлбөр дэвшүүлж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2021 оныг дуустал 100 мянган айлыг орон сууцжуулах санаа юм. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо билгэшээж ийм том зоригтой зорилт дэвшүүлж хүрэхийн төлөө ажиллах ёстой. 10/6 нь байрны зээлийн хүүг 6, урьдчилгааг 10 хувь болгох хөтөлбөр. Манай Засгийн газрын үед орон сууцны хөнгөлөлттэй зээлийг анх 6 хувиас эхэлж байсан. Одоо зах зээл дээр 30 хувийн урьдчилгаа төлөөд 8 хувийн хүүтэй зээл авах өрхийн тоо ерөнхийдөө ханасан учир төр дараагийн боломжит хувилбарыг гаргаж иргэддээ санал болгох хэрэгтэй. Сая Засгийн газраас урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7 болгоно гэсэн нь маш зөв санаачилга. Гэхдээ энэ бол нийт хотын хэмжээнд хэрэгжинэ. Миний санаа бол энэ хоёр дэд хөтөлбөрийг зөвхөн Шинэ Улаанбаатар төслийн хүрээнд буюу шинэ суурьшлын бүст суурьших айл өрхүүдэд олгохоор журамлах нь зөв байх. Өөрөөр хэлбэл, айл өрхүүдийг нүүх, шинэ бүст суурьшихад нь орон сууцны онцгой хөнгөлөлт үзүүлье гэж байгаа юм.

    -Уг нь утаа буурна, хотын замын ачаалал багасна гээд ач холбогдол ихтэй юм байна. Бүтэх, хийх эхлэх магадлал хэр вэ, бас л улс төрийн шоу болчихгүй юу?

    -Нийслэлийн 200 мянган айлын тал нь орон сууцанд орвол утаа буурна. Замын ачаалал тэр хэвээр буурна гэсэн үг. Хамгийн гол нь, утаа, замын түгжрэл хоёроос илүү ноцтой гамшиг биднийг угтаж байгаа. Тэр нь усны хомсдол. Утаа хортой, үнэхээр гамшиг мөн ч, жилийн гурван сарын л асуудал. Харин усны нөөцгүй, бохир устай байвал Улаанбаатарынхан гурав ч хонож чадахгүй. Тийм учраас утаа, усны хомсдол хоёроо давхар бөгөөд төгс шийдэх арга нь шинэ суурьшлын бүс буюу Шинэ Улаанбаатар төслийг эхлүүлэх явдал. Бид асуудлаа, бэрхшээлээ ингэж гүнзгий харж, тогтвортой бодлого хэрэгжүүлж байж шийднэ. Хот маань өнөөдөр хүн амын өсөлт, дэд бүтцээ дийлэхгүй байгаа энэ үед бидэнд томоор харсан, зоригтой шийдэл хэрэгтэй. Түүнээс бус, өнөөдрийнх шиг сонгуулийн дөрвөн жилийн “нас”-тай бодлогоор явбал Улаанбаатарын утаагаа ч төгс шийдэж чадахгүй. Зөвхөн айл өрхүүдийг, томоохон захуудыг нүүлгэх нь хангалтгүй. Төрийн байгууллагууд өөрсдөө үлгэрлэж, хотоос нүүх хэрэгтэй. Хэрвээ төрийн байгууллагууд, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нүүвэл тэндээс үйлчилгээ авдаг, асуудлаа шийдүүлдэг хувийн хэвшлийнхэн дагаад нүүнэ.

    Алтай Холдинг өдөртөө бараг 33 сая төгрөг татварт төлдөг

    -Та ярилцлага тэр болгон өгөөд байдаг хүн биш учраас энэ удаа заавал асуух ёстой хэдэн зүйл байна. Таныг хүмүүс их олон дүрээр мэдэх юм. Томоохон бизнесмэн гэж зарим нь хардаг. Заримд нь МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн том улстөрчийн дүрээр танигдсан. Сүүлийн үед харин Тавантолгой уул уурхайг тойрсон томоохон улстөр бизнесийн бүлэглэгийн толгойлогч гэж зарим нь харж байна. Тэгэхээр та ер нь жинхэнээсээ аль нь юм бэ гэдгийг олон нийт ч бас ойлгохгүй байх шиг байна. Энэ талаар товч ярилцъя. Болох уу?

    Болноо болно.

    -Та “Алтай холдинг” компаниа анх хэзээ байгуулсан бэ, өмнө хаана ажиллаж байсан бэ?

    -Би 1986 онд сургуулиа төгсөж ирээд тухайн үеийн Зөвлөлтийн барилгын нэгтгэлд эдийн засагчаар анх ажилласан. Хуучны хүмүүс мэднэ дээ, СОТ-3 гэдэг байсан юм. 1, болон 10-р хорооллыг ид барьж байх үед нь би ажиллаж байсан юм. Дараа нь Гадаадтай эдийн засгаар харилцах Улсын хороонд ажилласан. Тэгээд 1992 онд бусдын жишгээр хувийн хэвшилд би орж бизнес хийхээр шийдсэн. Тэгээд л Алтай трэйдинг гэдэг компаниа байгуулсан. Тэр үед Батболд гэж хүн улс төрд сураггүй, надад ч улс төрд орох тухай бодол байсангүй. Компаниа хөл дээр нь босгох гэж явсаар 2000 он хүргэсэн. Тэр үед манай “Алтай холдинг” компани аль хэдийнээ олны танил, Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж болсон байсан л даа. Тухайн үедээ хувийн хөрөнгө оруулалттай ноолуурын анхны үйлдвэрүүдийн нэгийг барьж байгуулсан, дуусаагүй зогсонги байдалд орсон байсан Чингис зочид буудлын барилгыг ихээхэн хөрөнгө оруулж бүрэн ашиглалтанд оруулж, улсын өрийг бүрэн төлж барагдуулсан, гадаад дотоод худалдаа эрхэлдэг, уул уурхайд хөрөнгө оруулалттай ийм аж ахуйн нэгж байсан. Хажуугаар нь Монголын сагсан бөмбөгийн “Алтайн бүргэд” багийг ивээн тэтгэж байсан. Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн ажлыг 1994 оноос 10-аад жил хийж энэ спортыг шилжилтийн хамгийн хүнд хэцүү үед нь чадахын хэрээр дэмжсээн. Ер нь бол Монгол Улсын хувийн хэвшлийн хамгийн томоохон компанийн нэг нь болсон байсан.

    -Одоо бүр томорсон уу, цар хүрээ, үйл ажиллагааны хувьд?

    -Том гэдгийг ямар шалгуураар харах вэ гэдгээс л болох байх. Манай компани болон харьяа, хөрөнгө оруулалттай компаниуд 2017 оны жишээгээр ярих юм бол улсад татвар, шимтгэл, хураамж хэлбэрээр жилдээ 17 тэрбум гаруй төгрөг төлж байна. Одоо компаниуд тэр цэцэрлэг, сургууль гэж жишээ ярьж харьцуулах дуртай болсон байна лээ. 2400 шахам багшийн цалинг бүтэн жил өгөх мөнгө л дөө. Өдөртөө бараг 47 сая төгрөг гэсэн үг. Алтай холдинг, харьяа компаниуд өөрийн үндсэн болон гэрээт ажилтан, түрээслэгч нараа оролцуулбал 3000 шахам ажлын байр бий болгоод байгаа аж ахуйн нэгж. 2000 оноос хойш компанийг мэргэжлийн менежерүүд удирдаж байгаа. Энэ хугацаанд цар хүрээ нь өргөжиж, харилцаа холбоо, мэдээллийн технологи гэх мэтийн салбарт хөрөнгө оруулсан. Алтай холдингийн хамт олны хамгийн сүүлийн амжилттай хэрэгжүүлсэн төсөл гэвэл Е-март дэлгүүр байна. Энэ бол 90 хувийн Монголын хөрөнгө оруулалттай үндэсний компани. Солонгосоос худалдааны хамгийн дэвшилтэт технологи, мэдээлэл, мэдлэг оруулж ирж олон нийтэд аль болох тааламжтай, орчин үеийн үйлчилгээг харьцангуй хямд үнээр хүргэхийг компанийн хамт олон хичээж байгаа нь харагдаж байгаа. Энэ жил Блумбэргийн хамгийн шилдэг аж ахуйн нэгжийн шагнал хүртсэн байна лээ.

    -Одоо та Алтай холдинг компанид хэдэн хувь эзэмшдэг вэ?

    -Би багахан хувь эзэмшдэг. Дийлэнхийг нь манай гэр бүлийн гишүүд эзэмшдэг.

    -Та анх 2000 онд улс төрд орсон. Зарим хүмүүс бодохдоо таныг төрөөс төрсөн тэрбумтан, улсаас мөнгө төгрөг авч баяжсан гэж бодоод байх шиг байгаа юм.

    -Миний хувьд төрийн ажилд орохоосоо өмнө Монгол Улсдаа хамгийн томоохон аж нэгжүүдийг босгосон байсан. Одоо ч манай компани багад орохгүй. Манай Алтай холдинг компани намайг улс төрд явж байгаа энэ хугацаанд төрийн нэг ч тендерт орж байгаагүй. Улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авч байгаагүй. Өөрөөр хэлбэл, би гэрээ засчихаад улс төрд орсон гэх үү дээ. Төрийн дэмжлэгээр, төрийн мөнгөөр орон гэр, компаниа тохижуулж өөд татсан юм надад байхгүйг би хэний ч өмнө бардам хэлнэ.

    -Чингис зочид буудал биш үү?

    -Биш ээ, энэ бол аль 1994 онд болсон тендер. Тэр үед би улс төрд байтугай улс төрийн намд элсээгүй байсан үе. Тухайн үед манай компани 4 компанитай нээлттэй дуудлага худалдаанд өрсөлдөж хамгийн өндөр үнэ улсад өгснөөр Чингис зочид буудлын дутуу барилгыг өр төлбөртэй нь худалдаж аваад өдий зэрэгт хүргэсэн. Сүүлийн үеийн олон сайхан зочид буудлууд баригдахаас өмнө Чингис зочид буудал л ганцаараа Улаанбаатарт ирсэн гаднынхны өмнө Монголын нэр нүүрийг тахалдаг байлаа. Одоо ч тийм байгаа. Тэр үед хувьчилж аваад өнөөдөр балгас болгочихсон, эсвэл ор сураггүй алга болчихсон олон барилга, байгууламж бий. Дампуурч, зориулалтыг нь өөрчлөөд явсан ч газрууд маш олон байна. Хэрвээ манай компани тухайн үед зориглоогүй бол Чингис зочид буудлын барилга өнөөдөр сураггүй байгаа тэдгээр объект шиг л болох байсан байх. Манай нийгэм заримдаа бас л сонин шүү. Огт сураггүй болсон, бүтээн байгуулалт болоогүй, улсад ямарч татвар төлөхгүйгээр “алга болсон” хувьчлалуудын тухай огт ярьдаггүй. Тэгсэн хэрнээ нүдэн дээр нь бүтээн байгуулалт болоод, ажлын байр бий болгоод, улсад татвар төлөөд яваагаа л шүүмжлээд байдаг.

    Надад оффшорт нэг ч компани, нэг ч данс байхгүй

    -Сүүлийн үед оффшорын талаар их ярилцаж Таныг оффшорт олон сая доллар нуусан гээд байгаа. Та оффшорт данстай, компанитай юу?

    -Надад оффшорт нэг ч данс, нэг ч доллар, юань, иен, аль ч улсын гадаад валют байхгүй, байгаа ч үгүй. Надад нэг ч оффшорын компани байхгүй. Саяхан батлагдсан хуулийн дагуу миний гэр бүлийнхэн, ах эгч нарт ч бас байхгүй.Алтай холдинг” компани, түүний харьяа компаниуд өнөөдөр 80 орчим тэрбум төгрөгийн зээлтэй. Голомт, Хас, Худалдаа хөгжил гээд банкнуудаас энэ их мөнгийг зээлж олон зуун ажлын байр бий болгож, шинэ төслүүдээ санхүүжүүлж байгаа. Энэ зээлэндээ жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн хүү төлдөг. Хэрэв тийм их мөнгө оффшорт байсан бол миний хувьцаа эзэмшдэг компаниуд яах гэж энд ийм их хүүг шал дэмий төлж зээл авах вэ? Эрүүл хүний ухаанаар бодоход энд оруулж ирээд бизнестээ эргэлдүүлж, өр зээлээ төлөөд илүү их ашигтай ажиллахаа бодно биз дээ. Би улс төрд явах хугацаандаа улсаас нэг ч удаа тендер авч байгаагүй учраас хөрөнгөө нууж хааж, оффшорт аваачиж хийх шаардлага надад байхгүй. Хилийн цаана мөнгөө нуучихаад энд өндөр хүү төлөөд суух “бизнесийн ухаан” надад байхгүй ээ, дэлхийд тийм ухаан байдгийг ч мэдэхгүй.

    -Таныг Бату майнинг гэдэг оффшор компанитай гэж яригдаад байгаа.

    -2003 онд Монгол Улсад бүртгэлтэй Бату гэж компанид 18 мянга орчим долларын хөрөнгө оруулсан. Тэр компанид би 10 гаруй хувь эзэмшиж байсан. Удалгүй гаднын хөрөнгө оруулагчид нь компаниа оффшорт бүртгүүлэхэд бүх хувьцаа зэмшигчид нь хувьцаагаа хөрвүүлж оффшор компанийн хувьцаа эзэмшигчид болсон. Яг үнэндээ бол тухайн үед тэр үйл явдлыг нь сайн мэдсэн ч юм байхгүй, ойлгосон ч юм байхгүй хөрөнгө оруулагчдыг дагаад л бүртгүүлсэн байх. Угаасаа хуульд харшилсан зүйл огт байгаагүй юм чинь.Тэгээд хоёр жилийн дараа, 2005 онд тэр мөнгөөр зараад гарсан. Ийм л явдал болсныг гуйвуулж мушгиж яриад байгаа. Энэ бол бизнест байдаг хэвийн үзэгдэл. Ийм олон жишээ бий. Сүүлийн 27 жилд Монголд хөрөнгө оруулах хэдэн мянган оффшорт бүртгэлтэй компани байсан. Одоо ч гэсэн байсаар л байгаа.

    Энэ мэтээр бизнесийн ердийн практикийг улс төрийн зорилгоор мушгиж гуйвуулаад байж болохгүй л дээ.

    -Энэ бүхнийг их нууцлалтай олны нүднээс далд хийсэн гэж яриад байгаа.

    -Энэ бол хуулийн дагуу хийсэн, Монгол улсын бүх бүртгэлийн байгууллагад нууж хаалгүйгээр мэдэгдэж хийсэн хөрөнгө оруулалт байсан. Нууж хаах ямар ч шаардлага байгаагүй. Хэрэв нууж хаах гэсэн бол өөрийнхөө нэрээр би бүртгүүлэх үү. Өөрийнхөө нэрийн данснаас тэр 18 мянган долларыг шилжүүлж хөрөнгө оруулах уу. Ер нь тэгээд ч 18 мянган долларын хөрөнгө оруулалтыг нуух хэрэг надад байхгүй. Тухайн үеийн ханшаар 18 мянган доллар гэдэг 20 орчим сая төгрөг л байсан. Надад тэгж 20 сая төгрөг оффшорт аваачиж нуух шаардлага байхгүй.

    -Бату майнинг компани нь уул уурхайн лицензтэй байсан, тэр лицензийг та уул уурхайн асуудал хариуцсан сайд байхдаа авч өгсөн гээд байгаа.

    -Тэр үед уул уурхайн бизнес Монголд төдийлөн хүмүүсийн анхааралд өртөөгүй, өнөөдрийнх шиг олны анхаарлын төвд байгаагүй. Зүгээр л нэг бизнесийн салбар гэж ойлгогдож, олон нийт ч тэгж хүлээн авч байсан үе. Тийм ч учраас аль 1997 онд батлагдсан Ашигт малтмалын хуулиар түрүүлж өргөдлөө өгсөн компанид нь хайгуулын лицензийг нь шууд л өгдөг байсан. Одоогийнх шиг ийм сонгон шалгаруулалт гэж юм ч байгаагүй. Бату майнинг гэдэг компани яг хэдэн лицензтэй байсан, яаж авсан, тэр нь юу болсныг нь би үнэндээ нэг их сонирхож яваагүй учраас сая энэ асуудал дэгдэхээр нь л асууж мэдлээ. Тэгсэн намайг Үйлдвэр, худалдааны сайд болохоос өмнө бараг бүх лицензээ авсан юм билээ. Бодвол өргөдлөө өгөөд л авсан биз. Өөр арга угаасаа байгаагүй. Би Бату майнингийн энэ лицензүүдийн асуудалд хэзээ ч оролцож байгаагүй, мэдэж ч байгаагүй, ямар ч нөлөө үзүүлж байгаагүй. Үүнийг гэрчлэх нэг хүн бол одоогийн УИХ-ын гишүүн Лу.Болд. Тэр үед хамтарсан Засгийн газар байсан учраас Ардчилсан намынхан Ашигт малтмалын газрын даргаа авч томилсон. Тэр нь Лу.Болд байсан. Хэрэв би ямар нэгэн байдлаар лиценз өгч авалцахад оролцсон бол энэ олон сонгуулийн үеэр АН-ынхан чимээгүй өнгөрөөхгүй л дээ.

    -Таныг уул уурхайтай холбож ярьдаг сэдэв Тавантолгойгоос эхэлсэн байх. Энэ ордын лицензийг авсан компани таных байсан гэдэг.

    -2000 оноос өмнө би хувийн хэвшилд байхад Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байсан хэдэн дотоодын бизнесмен над дээр ирээд хөрөнгө оруулаач гэсэн санал тавьсан. Тэр үед нүүрс ч их хямдхан, Хятад ч ийм их нүүрс хэрэглэдэггүй байсан үе. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани хүртэл Тавантолгойн лицензийг нь эзэмшиж байгаад ашиггүй гээд өмнө нь орхиод гарсан байдаг. Тэр лицензийг нь хэдэн монголчууд хуулийн дагуу аваад сүүлдээ лицензийн төлбөрөө дийлэхээ болиод над дээр ирсэн л дээ. Тэгээд нилээд хэдэн жил тэр лицензийн төлбөрийг нь төлж, хөрөнгө оруулагч хайж яваад эцэстээ улсад буцаасан. Ийм том орд газар үр ашгаа ард олонд өгөх ёстой юм байна. Нэг компанийн өмч байж болохгүй юм байна гээд төрд буцааж өгсөн. Нэг ч хүрз нүүрс гаргаж авалгүйгээр, гаднынханд заралгүйгээр төрдөө буцаасан. Тэгээд хувь заяаны төөргөөр ч юм уу би Ерөнхий сайд байхдаа Тавантолгойн орд газрын лицензийг эзэмшиж байгаа компанийн 1072 хувьцааг ард иргэддээ олгох шийдвэрийг УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж гаргасан. Ерөнхий сайд байхдаа миний хийсэн хамгийн том ажлуудын нэг гэж би боддог.

    -Та Гадаад хэргийн дэд сайдаас эхлээд Ерөнхий сайд хүртэл төрийн өндөр албан тушаал хашиж ирлээ. Таныг хийсэн хамгийн чухал гурван зүйлээ нэрлээч гэвэл та алийг нь хэлэх вэ?

    -Улс орны хөгжилд томоохон хувь нэмэр болохуйц олон ажлыг хэлж болно байх. Ерөнхий сайд байхдаа томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг хийсэн. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлт 17.3 хувьтай байсан. Дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт байсан тухайн үедээ. Эдийн засгийн өсөлтийн үр ашгийг айл өрх болгонд хүргэхийг хичээсэн. Ажлын байр ихээр бий болж, анх удаа ажилгүйдлийн түвшин 9 орчим хувь хүртлээ буурсан. Ядуурал анх удаа 10 гаруй хувиар буурсан. Манай Засгийн газраас иргэн бүрт Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаа, Эрдэнэс Монголын хувьцаа өгсөн. Хүний хөгжлийн сангаас сар бүр 21 мянган төгрөг, ахмадууд 1.5 сая төгрөгөө авсан. Хоёр жил дараалан 500 мянган төгрөгөөр оюутнуудын сургалтын төлбөрийг төлсөн. Зах зээлийн шилжилтийн үед завсардсан байсан олон арван мянган хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн. Төрийн албан хаагчдын цалинг 2 дахин нэмсэн. Жишээ нь анх ажилд орсон бага ангийн багшийн цалин 2008 онд 350 мянга байсан бол 2012 оны сонгуулийн өмнө 570 мянга болсон. Энэ тухайн үедээ 400 орчим доллар байсан гэсэн үг. Өнөөдрийн мөнгөөр 1 сая орчим төгрөг гэсэн үг. Энэ бүх ажлын үр дүнд айл өрхийн мөнгөн орлого хоёр дахин нэмэгдэж 1 сая орчим болсон. Энэ ажлаараа, энэ ажлыг хийсэн багаараа би бахархдаг. Зүүн төвийн дэвшилтэт бодлогын цөм болсон дундаж давхаргыг улам нэмэгдүүлэх бодлогоо бид тууштай хэрэгжүүлсэн гэж боддог. Өнөөдөр ч ийм дэвшилтэт үзэл санаатай бодлогоосоо манай нам ухарч болохгүй.

    -Эцэст нь асуухад Та Ерөнхий сайд байсан хүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажлыг хэрхэн дүгнэж байгаа вэ. Саяхан 100 хоногийн ажлын тайлангаа тавилаа?

    Аль ч Засгийн газарт нэг адилхан зовлон байдаг. Хийх ажил их, харин зарцуулах мөнгө нь хаанаа ч хүрэхгүйн зовлон гэж. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч тийм зовлон байх шиг байна. Тэгэхдээ энэ Засгийн газрын эхлэлийг би эергээр харж байгаа. Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн засгийн газрын шинээр хийсэн дэвшилтэт ажил байна. Нэлээд зоримог хэд хэдэн шийдвэр гаргалаа. Татвараа бууруулж, тэтгэврийн насны асуудлыг шийдлээ. Тэтгэвэр, цалинг нэмнэ гэсэн. 2012-16 онд хуримтлагдсан өрийг барагдуулж байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар боллоо, Улаанбаатарын утааг бууруулахын тулд 2019 оноос түүхий нүүрсийг хотод оруулахгүй гэж байна. Эдгээр зоримог шийдвэрүүдээ хэрэгжүүлж чадвал эндээс Монгол Улс, монголчууд л хожно. Ганц МАН, түүний Засгийн газар хожихгүй. Одоо хүүдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоно гэж байна. Цалинтай ээж хөтөлбөр, ахмадууд буурлууддаа насны хишиг олгож эхлэх болон бусад арга хэмжээнүүд хэрэгжиж эхэллээ. Иргэд рүүгээ чиглэсэн бодитой ажлуудыг эрчтэй хийж байгааг би зөв эхлэл гэж харж байгаа. Одоо том төслүүдээ улам эрчимтэй хөдөлгөх, иргэдээ мөнгөжүүлэх, тэдний нэр дээр цаасан дээр бүртгэлтэй байгаа 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахад тодорхой ажил хийж хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ талаар, 1072 хувьцааг мөнгөжүүлэхэд Засгийн газар юу хийх талаар би Ерөнхий сайдаас тодорхой хариулт хүлээж байгаа. Хамтарч ажиллахын тулд энэ талаар асуулга тавьсан гэж ойлгож болно. Бидэнд өнөөдөр тарааж бужигнуулсан, үймж, хэрэлдсэн маань багадаагүй ээ. Одоо бүтээж амьдардаг цаг. Амжилтад хэрэлдэж хийрхэж бус, хийж бүтээж хүрдэг гэдгийг ганц Засгийн газар биш, нийгмийн төрийн бүх шатандаа, ялангуяа иргэдээ төлөөлж байгаа улс төрчид, төрийн албаныхан сайтар ойлгож нэгдэж ажилладаг цаг.

    Эх сурвалж: Өдрийн сонин

  • Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 75 ортой хүүхдийн цэцэрлэг нээгдлээ

    Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 75 ортой хүүхдийн
    цэцэрлэг улсын төсвийн санхүүжилтээр баригдаж, ашиглалтад орлоо. УИХ-ын гишүүн
    С.Батболд тойргийнхоо тулгамдсан асуудлын нэг болох сургууль, цэцэрлэгийн
    хүртээмжийг сайжруулах чиглэлээр онцгой анхааран ажилладаг бөгөөд тус
    цэцэрлэгийн барилгын санхүүжилт зогссон байсныг шийдвэрлэж, 2017 улсын төсөвт нэмэлт санхүүжилт суулгаж, ажил хэрэг болгосон байна. Ингэснээр Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд сургуулийн
    өмнөх боловсрол олгох анхны цэцэрлэг ийнхүү үүд хаалгаа нээлээ.

    Нээлтийн үеэр С.Батболд гишүүний зөвлөх тус цэцэрлэгийг
    ашиглалтад оруулахад гүн туслалцаа үзүүлсэн байгууллага хамт олон болон
    цэцэрлэгийн барилга барих газрыг чөлөөлж өгсөн айл өрх, албан байгууллагуудад
    хорооны иргэдийн өмнөөс талархал илэрхүүлэв. Мөн С.Батболд гишүүний ажлын
    албанаас цэцэрлэгийн үйл ажиллагаа, сургалтын орчин, материаллаг баазыг
    нэмэгдүүлэх зорилгоор үнэ бүхий зүйлсийг хүлээлгэн өгөв.

  • УИХ-ын гишүүн С.Батболдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдана

    УИХ-ын гишүүн С.Батболд сонгогдсон тойргийнхоо иргэдийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, өсвөр насны охид хөвгүүдийг спортоор хичээллэх сонирхлыг идэвхжүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг билээ.

    Уламжлал болон зохиогддог уг тэмцээн энэ жил Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14-р хорооны иргэдийн дунд 12 сарын 16, 17-ны өдрүүдэд 35-р сургуулийн спорт зааланд зохион байгуулагдах гэж байна.

    Тэмцээний тэргүүн байранд шалгарсан баг тамирчид цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдана. 2, 3-р байранд шалгарсан багуудад мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах аж.

    Тэмцээний удирдамж:

  • ИБУИНВУ-ын парламент дахь олон улсын парламентын бүлгэмийн төлөөлөгчид манай улсад ажиллаа

    УИХ-ын гишүүн, Монгол-Британийн Парламентийн бүлгийн дарга С.Батболдын урилгаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийлээ.

    Парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эрх баригч Консерватив намаас 3, Хөдөлмөрийн намаас 2, Либерал демократ намаас 1 гишүүн багтсан. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Оюу Толгойн бүтээн байгуулалттай танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, зарим Байнгын хорооны дарга нар болон Монголын Хөрөнгийн бирж, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

    Төлөөлөгчид Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 5,594 дахь арилжааг нээж, цан цохилоо. Цан цохих үйл ажиллагааны үеэр ноён Лимпнигийн Лорд Ховард сэтгүүлч нарт хандан хэлэхдээ ИБУИНВУ болон Монгол улс хоорондын дипломат харилцаа 1963 оноос эхэлсэн бөгөөд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны хамгийн анхны улс нь Их Британи улс байсныг онцлон тэмдэглэв. Хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагааны нэг том бэлэг тэмдэг нь Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн стратеги хамтын ажиллагаа бөгөөд цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

    Дашрамд дурьдахад УИХ дахь Монгол, Британийн Парламентын бүлэг 1996 онд анх байгуулагдсан. 2016 оноос УИХ дахь Монгол, Британийн Парламентын найрамдлын бүлгийн даргаар С.Батболд, дэд даргаар Н.Учрал, гишүүдээр Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, О.Содбилэг, А.Сүхбат, Д.Хаянхярваа, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.

    УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба

  • Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаар олон улсын уулзалт болж байна

    Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаарх Ази Номхон далайн лидерүүдийн Сүлжээний Зүүн хойд Азийн бүсийн анхдугаар уулзалт 2017 оны зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

    Уулзалтад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Монгол зэрэг орнуудын судлаач, ажиглагчид оролцож буй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, нэн ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож буй.

    Уулзалтын үеэр Монголын Хөгжлийн Стратегийн Хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлэв.

    Дээр дурьдсан асуудлуудаар тус Сүлжээний гишүүд болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга асан Нобуясү Абе, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд асан Сүнгхван Ким, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Н.Туяа, түүнчлэн Элчин сайд Ж.Энхсайхан зэрэг оролцогчид байр сууриа илэрхийлэв.