Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ОХУ-ын Тээврийн сайд Игорь Евгеньевич Левитинийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар тохиролцсон худалдаа, эдийн засгийн зарим асуудлын биелэлтийн талаар ярилцав
Ангилал: Uncategorized
-
ОХУ-ын тээврийн сайдыг хүлээн авч уулзав
-
Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов
Монгол улсын Засгийн газар Европын холбоотой ойрын жилүүдэд хамтран ажиллах тухай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл Европын холбооны 2011-2013 оны олон жилийн баримжаалсан хөтөлбөрийг баталгаажууллаа. Уг арга хэмжээ нь Европын холбооны элчин сайдууд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзах уулзалтын хүрээнд болсон бөгөөд Европын холбооны Монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Михаел Пульш, Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт нар гарын үсэг зурлаа. Европын холбоо Монгол улсыг хамтын ажиллагааны чухал түншээ гэж үзэх болсны нотолгоо гэж албаны хүмүүс дүгнэж байв.2011-2013 оны олон жилийн баримжаалсан хөтөлбөрийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрт зориулж жилд таван сая евро зарцуулахаар төлөвлөсөн ба ингэснээр Монгол улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтын хэмжээ 2007-2011 оны үеийнхээс 40 хувиар нэмэгдэж байгаа юм байна. Арга хэмжээний үеэр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ “ Монгол улс гуравдагч хөршийн үзэл баримтлалын хүрээнд Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө эрмэлзэн ажилладаг.
Монгол улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн өөрчлөлтийг Европын холбоо болон гишүүн улсууд эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд Монгол улсын Засгийн газар болон монголын ард түмэн гүн талархаж байдаг. Европын холбоотой түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг энэ оны эцсээр байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Монгол улс Европын холбоотой бүх талаар хамтран ажиллах нэг хэсэг ажил нь өнөөдөр гарын үсэг зурсан санамж бичиг байлаа. Ингэснээр Европын норм стандартыг Монголд нутагшуулах ажил бодитоор хийгдэж эхэллээ.
Европын холбооноос үзүүлэх техникийн тусламж, мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр биднийг дэмжиж хамтран ажиллах чиглэл тусгагдаж байгаа нь Монгол улсын Засгийн газрын дэвшүүлж байгаа хүсэл эрмэлзлэлийг дэмжиж байгаагийн нэг том илэрхийлэл юм” хэмээн тэмдэглэн хэллээ.
Уг хөтөлбөр нь хүний нөөцийн хөгжилд чиглэсэн үндсэн хоёр хөтөлбөрт зарцуулагдах юм. Засаглал, ардчилал хүний эрх, институцын шинэчлэлд стандарт, хэм хэмжээг сайжруулах чиглэлээр төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр 8 сая еврогийн хөтөлбөр хэрэгжих бол, тогтвортой амьжиргааны хөгжил орон нутагт байгаль хамгаалах чиглэлээр мөн техник мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжихэд 7 саяыг зарцуулах ажээ.
Европын холбооны монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Михаел Пульш уулзалтын төгсгөлд тэмдэглэн хэлэхдээ Монгол улс бий болж буй эдийн засгийн шинэ боломжуудаа ашиглахад нь дэмжлэг үзүүлэхийг Европын холбоо чухалчилж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр нэн эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд зориулж хөтөлбөрийг зориулах гэж байгаадаа баяртай байна гэлээ
-
Ерөнхий сайдынх хүн ам орон сууцны тооллогод хамрагдлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдынх өнөөдөр зочин олонтой байлаа. Тооллогын улсын комиссын гишүүд, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тооллогын комиссын тоологч нар, хэвлэл мэдээллийн 40 гаруй төлөөлөгч Их тэнгэр дэх гэрт нь өглөө эрт зочиллоо. Хүн ам орон сууцны тооллого “Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриатайгаар өнөөдөр Монгол орон даяар нэгэн зэрэг эхэлж, ийм олон хүн Ерөнхий сайдындаа зочилсон хэрэг.Монгол Улс ХХ зууны туршид хүн амаа 9 удаа тоолжээ. Үүний анхных нь болох 1918 оны тооллогоор 647.5 мянган хүн амтай байсан бол 2000 оны Хүн ам, орон сууцны тооллогоор манай улсын хүн ам 2373.5 мянга болсон байлаа. Хорьдугаар зууны эхэнд 125,2 мянган өрхтэй байсан Монгол Улс 2000 онд 541,1 мянган өрхтэй болж 4,3 дахин өссөн байжээ. Тэгвэл 2010 онд бид хэдүүлээ болсон бэ.
Түүхийн үнэт лавлагаа болох хүн ам зүй, эдийн засаг нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, улс орны хөгжлийн бодлогыг боловсруулахад гол эх сурвалж болох энэхүү тооллогод Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэр бүлийн хамт 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө хамрагдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд НҮБ-ын зөвлөмжийн дагуу 10 жилд тутамд нэг удаа явагддаг энэхүү арга хэмжээний цар хүрээг Засгийн газраас цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь судалгаа болно гэж үнэлж байгаагаа тэмдэглээд улс орны төдийгүй дэлхийн хэмжээний ач холбогдолтой Хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тооллогын үр дүнд улс орны цаашдын хөгжлийн төлөвлөлт, бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ. Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан бодлого үйл ажиллагаандаа ашиглана гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байлаа.
Мөн тооллого энэ сарын 11-17-нд, долоохон хоногт улс орон даяар болно. Хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан том ажил. Бүх шатны Засаг дарга нар энэ ажилд онцгой анхаарч, тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож, зохион байгуулах учиртай гэж үүрэг болголоо.
Гадаадад олон монголчууд амьдарч байгаа. Улсын маань хэчнээн иргэн гадаад оронд амьдарч, ажиллаж сурч байна вэ гэсэн нарийн судалгаа, тоо баримт өнөөдөр алга. Энэ тооллогоор бодит байдалд ойртсон мэдээлэлтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд энэ үеэр илэрхийллээ. Гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хэрэгжүүлэх, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх, эх орондоо эргэж ирэх бодлогыг боловсруулахад энэ тооллого ихээхэн ач холбогдолтой. Тиймээс гадаад улс орон дахь дипломат төлөөлөгчийн газрын удирдлагууд идэвхтэй оролцох учиртайг тэмдэглэлээ
-
С.Батболд: МАН улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна
-Монголын ууган хэвлэл “Үнэн” сонины 90 жилийн ойн баярын өмнө МАН-ын дарга Тантай ярилцаж байгаадаа таатай байна. Юуны өмнө Танд МАН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Монгол Улсын хоёр зууны түүхтэй ууган хэвлэл “Үнэн” сонины мянга мянган уншигчид, тус сонинд ажиллаж байсан үе үеийн сэтгүүлчид, уран бүтээлчид, ажилтнууд, идэвхтэн сурвалжлагч та бүхэнд 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. МАН-ыг үүсгэн байгуулагч их жанжин Дамдины Сүхбаатарын санаачлагаар анхны дугаараа зон олондоо хүргэсэн “Үнэн” сонин ардын хувьсгал, ардчилсан өөрчлөлтөд нийгмийн сэтгэл зүйг бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан. Энэхүү торгон агшинд 90 жилийн түүхт өдөр МАН-ын төв хэвлэл “Үнэн” сониныхоо хойморт уригдан ярилцлага өгч байгаадаа миний бие ч мөн адил баяртай байна. Би сониныхоо идэвхтэй уншигчдын нэг. Ард иргэдээ соён гэгээрүүлэх үйлсэд уриалан дуудаж, нийгмийн оюун санаа, мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн сонин гэж үнэлж явдаг.
-Та бидний ярилцлага олон чухал үйл явдал давхацсан үед болж буйгаараа бэлгэшээлтэй юм. Манай сонины 90 жилийн ойн өмнө МАН-ын XXVI их хурал хуралдсан нь нийгмийн анхаарлыг зүй ёсоор татсан. Шинэчлэлийн уур амьсгал тээсэн их хурлаар улс орныхоо 20 жилийн ололтыг дүгнэж, 20 жилийн зорилтоо тодорхойлж, МАН хэмээх уугуул нэрээ сэргээсэн нь улс орны төдийгүй намын амьдралд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо. МАН-ын даргын хувьд XXVI их хурлын үр дүнг хэрхэн үнэлж байгаа вэ?
-Бидний ажил амьдралыг урагшлуулах ямар шийдлүүдийг гаргах бол гэж ээлжит XXVI хурлын үйл явцыг олон нийт ажиглан харж байсан. МАН-ын XXVI их хурал тавьсан зорилтоо амжилттай биелүүллээ. Юуны өмнө ардчилал, зах зээлд шилжсэн 20 жилийн амьдралаа үнэлж цэгнэн, ирэх 20 жилд юу бүтээж, юуны төлөө эрмэлзэж ажиллахаа тодорхойллоо. МАН нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгон баяжуулж, Хичээн эрмэлзэх зүйл буюу мөрийн хөтөлбөр, намын дүрэмдээ тодорхой хэмжээний өөрчлөлт орууллаа. Одоо бидэнд их хурлаас гаргасан түүхэн шийдвэрүүдээ ажил хэрэг болгож, хэдэн өдрийн турш манай намын их хурлын үйл ажиллагааг ажиглаж, үнэлэлт дүгнэлт байсан иргэдийнхээ итгэл, хүлээлтэд бодит хариулт өгөх учиртай. Намын даргын ажлыг зургаан cap гаруйн өмнө XXV их хурлаас байгуулагдсан бага хурлын төлөөлөгчдийн итгэл найдвараас хүлээж авсан. XXVI их хурлын төлөөлөгчдөөс мөн итгэл найдвар тээсэн баталгаа дахин гардлаа. Энэхүү итгэл найдвар, хүсэл сэтгэлийг хичээл зүтгэлээр хариулахын төлөө зүтгэнэ. XXVI их хурлын өмнө нийт намын гишүүдээрээ хэлэлцүүлсэн “Шинэчлэл, манлайлал, хөгжил” тунхагт тусгасан үндсэн санаа зорилго маань одоо ажил хэрэг болох эхлэл тавигдлаа. Их хурлаараа баталсан шинэчлэлийн шийдвэрүүдээ амьдралд хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх түүхэн хариуцлага ирлээ гэж ойлгож хүлээж авч байгаа. Энэ үйл хэргийг манлайлж хэрэгжүүлж ажиллах итгэл сэтгэл, үүрэг хариуцлагыг надад олгосон журмын нөхөддөө талархаж байна.
-МАН хэмээх уугуул нэрээ сэргээсэн энэ цаг мөчөөс үйл ажиллагаа, арга барилаас эхлээд бүх зүйл шинэчлэгдэх байх аа. Нэр, үзэл баримтлалаас эхэлсэн намын шинэчлэл цаашид яаж түүчээлэх вэ?
-Намын удирдлага хариуцлагыг өөрөөсөө эхэлж тооцдог байгаасай гэсэн хүсэлт саналыг XXVI их хурлын төлөөлөгчид надад тавьж байсан. Хариуцлагыг өөрөөсөө эхэлж манлайлж чанд мөрдөж ажиллана. Бодож төлөвлөж байгаа ажил их байна. Эхлүүлсэн ч зүйл нэлээдгүй бий, эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажил ч цөөнгүй. Юун түрүүнд намаа жинхэнэ утгаараа ард түмний нам, жирийн гишүүддээ ойрхон байлгаж, эргэх холбоотой болгохын төлөө ажиллана. Намын нийт гишүүддээ нээлттэй, ил тод байна. Боловсон хүчний бодлого, нэр дэвшүүлэлтэд шударга, зөв хандаж, зөвхөн ажил мэргэжилдээ эзэн болж чадна гэсэн шалгуураар нүдийг нь олсон томилгоо хийхийн төлөө ажиллана. Намын шийдвэр гаргагч механизм тодорхой, судалгаа тооцоо, боломжид үндэслэдэг зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно. Намын стандартыг бүх шатанд хэрэгжүүлэхийн төлөө санал санаачлагатай ажиллана гэж бодож байна. Үүний зэрэгцээ намынхаа эгнээг залуусаар өргөжүүлэх, намынхаа нэр хүнд имижийг олон улсын хүрээнд өргөх, гадаад харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө олон зүйлийг хийж төлөвлөж байгаа.
-Та XXVI их хуралд “Шинэчлэл, манлайлал, хөгжил” улстөрийн илтгэл тавихдаа МАХН шинэчлэгдэж байж улс орон хөгжинө гэж онцолсон. Үүний тулд намын зүгээс ямар шинэчлэлүүд хийгдэх ёстой вэ?
-Манай намын үе үеийн их хурал Монголын нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн. Учир нь их хурал бүрээс намын амьдралын төдийгүй Монгол Улсын хөгжилд нөлөөлөхүйц жинтэй шийдвэрүүд гардаг. Манай нам улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна. Энэ бүтээн байгуулалтын эцсийн зорилго, үр дүн нь монгол хүний хөгжил, сайн сайхны төлөө байх ёстой. МАН бүхий л бодлогоо хүнээс ургуулан гаргаж, шүтэлцүүлж, гол цөмд нь монгол хүнийг тавьж байна. Энэ бол манай намын бодлогын үндэс юм. Намаа цаг үеийн асуудлыг мэдэрч чаддаг, хэрэгжилтийг нь хангаж чаддаг улстөрийн хүчин байлгахын төлөө бид зорьж байгаа. Ийм болохоор намын маань шинэчлэл, өөрчлөлтийн асуудал зөвхөн манай намын гишүүдийн хэрэг төдий биш, нийт монголчуудын ирээдүйтэй холбоотой үйлс юм. Бидний шинэчлэл зөвхөн намынхаа төлөө төдий биш. Намын шинэчлэл нь манай төрийн шинэчлэлийн нэг хэсэг. Төрөө шинэчлэн сайжруулснаар улс орноо, амьдралаа шинэчилж, хөгжил дэвшилд хүрэх учиртай. Бага хурлаас сонгогдон байгуулагдах байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан нь намын бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэхэд ач холбогдолтой. Манай нам төрийн бодлогын шинжлэх ухааны үндсийг дээшлүүлэх замаар улс орныхоо хэтийн хөгжлийг бодитойгоор төлөвлөн ажиллаж чадна. МАХН бол бидний амьдралын хамгийн үнэ цэнэтэй эрхэм зүйл болсон тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл, уламжлалаа баталгаажуулж, түүхэн цаг үеүдэд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийг манлайлж ирсэн улстөрийн хүчин болохын хувьд их хурлуудынхаа шийдвэр бүрт шинэ нөхцөл байдалд тохируулан шинэчлэлийн бодлогоо тодотгон хэрэгжүүлж ирсэн. Намаа шинэчлэх замаар төр, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа. Бидний зорьж буй өөрчлөлт шинэчлэлт, бидний хийх их бүтээн байгуулалт, бидний бий болгох шударга ёс, хариуцлагын тогтолцоо, бидний манлайлал, зорилго тэмүүлэл манай улсад хөгжлийг авчирна гэдэгт итгэлтэй байна.
Н.ХАЖИДСҮРЭН
-
Ерөнхий сайд С.Батболд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүлийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд найрамдах Турк улсын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Батболд уулзалтын эхэнд хэлэхдээ: Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улс төр нийгэм эдийн засгийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд Батлах хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ноён Вежди Гөнүлийн айлчлал ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд цэргийн сургалт, боловсон хүчин бэлтгэхэд Туркын талаас дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.Манай улс Олон улсын энхийг сахуилах үйл ажиллагаанд идэвхитэй ороцож байна. Цаашид хоёр орны энхийг сахиулах хамтын ажиллагааг хөгжүүлхийн чухлыг тэмдэглээд Туркын улсын ерөнхий сайдад халуун дотно мэндчилгээ дамжуулахыг хүслээ. Турк улсын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүл: Цаг гарган хүлээн авч уулзсанд Монгол улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа, Батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Өнөөдөр Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр 60 оюутан тус улсад сурд¬гаас цэргийн салбарт 12 сонсогч сурч байгаа тухай дуулгаад цаашид тэтгэлгээр суралцах сонсогчийн тоог нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Түүчнлэн ноён Вежди Гөнүл Туркын хоёр орны цэргүүд Афганистан Улсад мөр зэрэгцэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаад баяртай байна гэлээ.
Бүгд найрамдах Турк улсын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүлийн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын цэргийн буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж манай батлан хамгаалах салбарт нийт 800 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлэх болсон байна
-
Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд ард түмэндээ хандаж үг хэллээ
Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж
байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд,
Тооллогын улсын комиссын дарга С.Батболд
ард түмэндээ хандаж үг хэллээМонголын нийт ард иргэд ээ,
Манай оронд ажиллаж, амьдардаг гадаадын харъяат болон харъяалалгүй хүмүүс ээ. Энэ оройны 00 (тэг.тэг) цагт товлож Монгол орон даяар хүн ам, орон сууцны тооллогыг эхлүүлэх гэж байна.Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу ээлжит тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор Монгол Улс явуулахаар бэлтгэлээ базаагаад байна. Өнөөгийн байдлаар дэлхийн 53 улсын 2,6 тэрбум хүн тоологдоод байна. Манай хөрш ОХУ өнгөрсөн 10 дугаар сарын 14-25-нд, БНХАУ энэ сарын 1-ээс хүн амаа тоолж өнөөдөр дуусаж байна. БНСУ, Аргентина улсад мөн ийм ажил өрнөж байна. Энэ онд дэлхийн нийт хүн амын 58 хувь тоологдох юм. Манай улс 1918 оноос хойш хүн амаа 10 дахь удаагаа тоолох гэж байна.
Хүн ам, орон сууцны тооллого нь хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, нийгэм эдийн засгийн олон чухал хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцох, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл бүрдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой.
Энэ тооллогын үр дүнд тулгуурлан улс орны нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжлийн төлөвлөлт, хөгжлийн бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ. Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа ашиглах боломж нөхцөл бүрдэнэ. Тооллого бол үнэт лавлагаа болж үлдэнэ.
Хүн ам, орон сууцны тооллого явуулах урьдчилсан бүх нөхцөл хангагдсан гэж улсын комисс үзэж байгаа. Энэ удаагийн тооллогын ажилд улсын хэмжээнд 30 гаруй мянган хүн дайчлагдан ажиллаж байгаагийн дотор 17 мянган тоологч, шалгагч нар тооллогын ажлыг гардан гүйцэтгэнэ. Бэлтгэл ажлын хүрээнд эдгээр хүмүүсийн шат шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тооллогын үр дүнг нэгтгэн гаргах, гадаадад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийг интернэтээр тоолох программ хангамж, асуулга, заавруудыг бэлтгээд байна. Одоо ажил хариуцсан хүн бүр үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ, зүтгэл чармайлт гарган ажиллахаас энэ чухал ажлын эцсийн үр дүн шалтгаалах мөч тулж ирлээ.
Тооллого энэ сарын 11-17-ны хооронд долоохон хоногт улс орон даяар нэгэн зэрэг явагдах ихээхэн хэмжээний хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан ажил байгаа юм. Бүх шатны Засаг дарга нарт энэ ажилд онцгой анхаарч тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож зохион байгуулах үүрэг даалгавар өгч байна. Үйлчилгээний газруудын хуваарийг оновчтой зохицуулах, ялангуяа, согтууруулах ундааг хязгаарлах талаар өөр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож байна.
Зарим аймагт шүлхий өвчин гарсныг Та бүхэн мэднэ. Эдгээр аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, тооллогын ажилдаа нэгэн зэрэг анхаарч ажиллах хэрэгтэй. Тооллогын комиссын гишүүдийн олонх нь манай Засгийн газрын гишүүд байгаа. Сайд бүр хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч оролцохыг мөн анхааруулъя.
Тооллогын ажлыг амжилттай явуулахад манай нийт иргэдийн оролцоо, эх оронч сэтгэл нэн чухлыг эцэст нь тэмдэглэе. Улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой 10 жилд ганцхан удаа явагддаг хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхитэй оролцохыг уриалж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргалаа
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа АИ-92 автобензины тонн тутамд 200 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 170 000 төгрөг болгов. Мөн нэг тонн дизелийн түлшинд 135 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 20 000 төгрөг, А-80 автобензинд 210 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 150 000 төгрөг болгов. Бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар шийдвэрлэлээ. Дээрх үнийг 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс мөрдөнө.
Ингэснээр дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна. 2010 оны 11 дүгээр сард АИ-92 автобензины импортын үнэ тонн тутамдаа 41 мянга, дизелийн түлш 184 мянга, А-80 автобензин 81 мянган төгрөгөөр тус тус өссөн учир онцгой албан татварыг бууруулах шаардлагатай болжээ.
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ЭНЭ САРЫН 15 ГЭХЭД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАНА
Түлш, эрчим хүчний зарим үйлдвэр, компаний өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргалаа.
Энэ дагуу :
• Үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хүрээнд хийж байгаа ажлуудыг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулж, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгах
• 2010 оны улсын төсөвт Завхан аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель станцын алдагдлын санхүүжилтэд олгохоор тусгагдсан хөрөнгөөс хэмнэгдсэн 250 сая төгрөгөөс “Дулаан Шарын гол” ХК-ний 2010 оны 10-12 дугаар сарын үйл ажиллагааны зардалд 188 сая төгрөг, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумын цахилгаан эрчим хүчний хангамжид 2010 оны 5 дугаар сар хүртэл БНХАУ-аас импортолсон цахилгааны үнийн зөрүүд шаардагдах 62 сая төгрөгийг салбарын сайдын багцад зохицуулалт хийх замаар
• Говь-Алтай аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель станцын алдагдлын санхүүжилтэд олгохоор 2010 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгөөс хэмнэгдсэн 318 сая төгрөгөөс аймгийн Эрчим хүчний үйлдвэрт дутагдаж байгаа дизелийн түлш худалдан авах
• Нүүрс ачилтыг нэмэгдүүлэн нүүрс тээвэрлэх вагоны хангамжийг сайжруулж, 2010 оны 11 дүгээр сарын 20-ны дотор дулааны цахилгаан станцуудад 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ 61 ХУВЬТАЙ БАЙНА
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын тогтоолоор Макро эдийн засгийн, Бодит салбарын хөгжлийн, Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн, Ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах, Гадаад бодлого, батлан хамгаалах, Засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого гэсэн 6 бүлэг, 35 зорилт, 474 арга хэмжээтэйгээр баталсан.Дээрх арга хэмжээний хэрэгжилтийн явц 2010 оны эхний 3 улирлын байдлаар 64.1 хувьтай байгаа тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынwww.cabinet.gov.mn веб сайтаас авч болно.
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ ӨМНӨХӨӨС ӨСЧЭЭ
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2010 оны 3 дугаар улирлын дүнтэй танилцав. 4047 шийдвэрийн 6207 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажилласнаас 1739 заалт буюу 28 хувь нь биелж, 4361 заалт буюу 70.3 хувь нь хэрэгжих шатанд, биелэлтийг тооцох хугацаа болоогүй 99, тасарсан арга хэмжээ 8 байна. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 74.3 хувийн биелэлттэй байгаа нь өмнөх улирлаас 1.7 пунктээр өссөн гэсэн үг юм.
Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 141 шийдвэрийн 229 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авлаа. Эдгээрээс 56 заалт буюу 24.4 хувь нь биелж, 163 заалт буюу 71.1 хувь нь хэрэгжих шатанд, 10 заалтын биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 2 арга хэмжээний хэрэгжилт удаашралтай байна.
ХУУЛЬ БУС НАЙМАА ХИЙСЭН ДИПЛОМАТ АЖИЛТАН АЖИЛГҮЙ БОЛНО
Гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд улс орон, байгууллага, хамт олныхоо нэр хүндэд харш үйлдэл, эс үйлдэл санаатай гаргаж, хил дамнасан хууль бус худалдаа наймаа хийх, дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин, дипломат элчийн зар, шуудан, ачааны хэвлэмэл хуудсыг ашиглан ашиг хонжоо олох зорилгоор бусдад дамжуулах, хууль бусаар ашиглах, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг зөрчил гаргах нь цөөнгүй байна.
Иймд дипломат ажилтны сахилгыг өндөржүүлэх үүднээс дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд дипломат албанаас шууд халахаар шинэчилсэн “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-д тусгалаа. Дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний гэр бүлийн гишүүд дээрх төрлийн зөрчил гаргавал тэднийг томилсон эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулна.
Дипломат албанд ажиллагчид нь “гэр бүлийн гишүүд”-ийнхээ гаргасан үйлдэл, эс үйлдэлд Үндсэн хуульд заасны дагуу шууд хариуцлага хүлээхгүйг харгалзан үзсэн байна. Энэ дагуу тэднийг ёс зүйн болон суугаа орны хууль тогтоомж, олон улсын хил гаалийн дүрэм, журам зөрчихгүй, дипломат дархан эрх, ямба, дипломат болон албан паспортыг хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байх үүрэг хүлээлгэжээ.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч, Ерөнхий консул нь сахилгын дүрэмд заасан зөрчил гаргасан тохиолдолд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг мэдээллийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шалгаж, зөрчил хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл саналаа тухайн хүнийг томилсон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, зохицуулж байх боллоо.
Сахилгын дүрмийг шинэчлэн баталснаар дипломат албанд албан тушаал эрхлэх шаардлага өндөрсөж, цаашид албаны удирдлага, зохион байгуулалт, дипломат ажилтны ажлын хариуцлага сайжирна гэж Засгийн газар үзлээ. Дипломат ажилтан нь төрийн тусгай албан тушаалд хамаардаг бөгөөд ажлын онцлог, шинж чанараас шалтгаалан Монгол Улсын болон суугаа орны хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцид заасан хэм хэмжээг сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ёс зүйн өндөр хариуцлага, сахилга бат, дэг журмыг сахих ёстой юм.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ЁС ЗҮЙН ДҮРЭМТЭЙ БОЛОВ
Төрийн захиргааны алба нь шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх гэсэн үндсэн 5 зарчмыг эрхэмлэн дээдлэнэ. Дээрх зарчмуудын хүрээнд төрийн захиргааны албан хаагчийн үүрэг гүйцэтгэхдээ удирдлага болгох ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс болон дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг дүрмэнд тусгасан байна.
Тухайлбал:
• Төрийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх
• Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ алагчлалгүй хандаж, үйлчлүүлэгчдийн нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх
• Хамт ажиллагсад болон бусад төрийн албан хаагчидтай ажил хэрэгч, эвсэг хамтран ажиллах чадвартай байх
• Төрийн байгууллагын эд хөрөнгөд ариг гамтай хандах
• Мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх үүрэг хүлээж байна.
Түүнчлэн хөрөнгө орлогоо мэдүүлэх, төр, байгууллагын болон хувийн нууцыг хамгаалах, улс төрийн хувьд төвийг сахих ёстой.
Төрийн захиргааны албан хаагчаас ёс зүйн аливаа зөрчил болон зөрчил гарч болзошгүй тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх, мэдээллийн нууц, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдсэн байх, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхэд олон нийтийн болон дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгах, дүгнэлт гаргах зэргийг тусгай журмаар зохицуулах юм.ТОВЧХОН
• Улсын Их Хурлаас татаж авсан 2011 оны төсвийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
• “Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал өгөв. Засгийн газраас 5 зүйл бүхий, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах бодлогын чиглэл, зарлигийг хэрэгжүүлэх арга зам, хугацаа, энэ асуудлаар нийтэд хандсан уриалга гаргахыг санал болголоо.
• Уул уурхайн салбарын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Жагсаалтад цэвэр зэс, цайр, мөнгө, хар тугалга болон баяжуулсан нүүрс, нүүрснээс гаргаж авсан кокс, хагас кокс зэрэг 17 бүтээгдэхүүнийг хамруулсан байна. Гэхдээ шинээр үйлдвэрлэгдсэн уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнийг жагсаалтад оруулах асуудлыг тухай бүр нь Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлж байхыг холбогдох сайд нарт даалгав. Экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнд НӨАТ-ын /”0”/ хувь хэмжээ хэрэглэх, бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтоохоор хуулинд заасан байдаг юм.
• НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Шадар суурин төлөөлөгчийн газрын урсгал зардлыг улсын төсөвт тусгахаар болов. Тус байгууллагатай явуулах олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэн, үр дүнд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
• “Урьдчилсан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын техник, технологийн болон иж бүрэн шинэчлэлийн 1 дүгээр үе шатны ажилд шаардагдах 1 тэрбум 740 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргад төсвийн зээл хэлбэрээр олгохоор тогтлоо. Арьс ширний урьдчилан цэвэрлэх байгууламж “Харгиа” ХК-ийн барилга, байгууламжийг Нийслэлийн өмчид шилжүүлэн авч, “Урьдчилан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулан эхний цэвэрлэгээ, ашиглалтын ажлыг нь эхлүүлээд байгаа юм. -
“Монголын үнэн” сонины 90 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхий сайд оролцлоо
“Монголын үнэн” сонин өнөөдөр 90 нас хүрлээ. Намаасаа ч , ардын хувьсгалаас ч ах тус сонины 90 жилийн ойн баярын хурал өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсон юм. Мөн хүндэт зочноор УИХ-ын дарга ч уригдсан байлаа. “ Монголын үнэн” сонинд ажиллаж байсан үе үеийн төлөөллийн сэтгүүлчид, ажилчид мөн уншигчид нь баярын хурлын зочдын эгнээг тэлжээ.Монгол улсын Ерөнхий сайд зочдод хандан хэлсэн үгэндээ “Элдэв хүндрэл бэрхшээлийг нэр төртэйгөөр даван туулж чаддаг, намаасаа хэдэн насаар ах тус сонин монгол түмнийхээ оюуны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын төлөө зүтгэж ирлээ. Тус сонины 90 жилийн ой бол чухамдаа монголын тогтмол хэвлэлийн, монголын оюун санааны , монголын ард түмний 90 жилийн түүх юм гэдгийг бид бахархалтайгаар хэлэх учиртай.
Уугуул нэрээ сэргээн авсан “Монголын үнэн” сонины анхны дугаар өнөөдөр, яг 90 жилийн дараа төрсөн сар, өдөртөө таарч хэвлэгдэв. 1920 оны 11 дүгээр сарын 10-нд хэвлэгдсэн “Монголын үнэн” сонин анхны дугаараа “ Ард олны эрх чөлөө дэлхий дахинаа наран мэт бадраг, Монгол улсын язгуур үндэс эрдэм соёл нь дэлгэрэн мандах болтугай” гэж уриалсан уриаг одоо ч манай намын төв хэвлэл баримтлах учиртай билээ. Манай сонин нийтлэлийн тэнцвэртэй байдлыг цаашид ч хангах бодлого барих хэрэгтэй.
“ Хэцүүг ч гэсэн хийж бүтээхээ зорьё”гэсэн уриаг би их хуралдаа дэвшүүлсэн билээ. Монгол хүн бүр эрүүл, соёлтой, чинээлэг амьдралтай, боловсролтой, түвшин суртахуунтай, эх оронч иргэн болж төлөвшихөд “ Монголын үнэн” сонин бүх л боломжоо дайчлах учиртай “ хэмээн хэллээ. Ёслолын ажиллагаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл,Өдөр тутмын сонинуудын холбоо, Сонинуудын холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирж баяр хүргэсэн бөгөөд тус сонины ойд зориулсан эссе бичлэгийн уралдаанд түрүүлсэн оюутан сурагчдын шагналыг энэ үеэр гардууллаа
-
Төв аймагчууд ургацын баяраа хийлээ
Төв аймагчууд 2010 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Зуунмод хотноо Ургацын баяраа хийж, ололт амжилтаа дүгнэлээ.
Ургацын баярт оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УРГАЦЫН БАЯРТ ОРОЛЦОХДОО ХЭЛСЭН ҮГ
Эрхэм хүндэт Төв аймагчууд аа!
Тариаланч нөхөд өө!
Эрхэмсэг хатагтай ноёд оо!“Атрын гурав дахь аян”-ы 3 дахь Ургацын баяраа тэмдэглэж байгаа Төв аймгийн тариаланчид, бүтээлч хөлдөлмөрчид та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор манай улс түүхэндээ гурван удаа Атрын аяныг зарлаж, хэрэгжилтийг амжилттай зохион байгуулсан билээ.
Анхны болон хоёр дахь атрын аян нь тэр үеийн ЗХУ болон бусад орны тусламжтайгаар газар тариалангийн аж ахуйнуудыг шинээр байгуулах, иж бүрэн техникжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, инженер техникийн ажилтан, механикжуулагчид бий болгох бүхэл бүтэн цогц бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж энэ салбарыг биеэ даасан салбар болтол нь хөгжүүлсэн аянууд байлаа. Эдгээр аяны хүрээнд Монгол Улс улаан буудайн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортод гаргадаг байв.
Харин 2008 онд Засгийн газраас баталсан “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийг дэмжих хөтөлбөр нь зах зээлийн нөхцөлд хувийн хэвшил бүхий аж ахуйн нэгжид тулгуурлан газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний хангамжийг дотоодын үйлдвэрлэлээр хангахад чиглэсэн төрийн бодлого, үйл ажиллагаа байлаа.
Засгийн газар “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зах зээлийн нөхцөлд газар тариалангийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, эдийн засгийн урамшууллыг бий болгон тариаланчидаа дэмжих, техникийн шинэчлэл хийх, улмаар дэвшилтэт технологи нэвтрүүлэн хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний аюулгүй бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломжийг бүрдүүлэхэд анхаарсан болно. Мөн Засгийн газар, орон нутгийн удирдлага хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын цогц арга хэмжээ авч, хэрэгжилтийг жил бүр дүгнэж ирсэн нь өнөөгийн амжилт гаргах нэг нөхцөл болж байлаа.“Атрын гурав дахь аян”-ы зорилтыг амжилттай хэрэгжүүлэгч үндсэн хүч нь манай орны тариаланчид, газар тариалан эрхлэгч аж ахуй нэгж, түүний удирдлага, инженер техникийн ажилтнууд, мэргэшсэн ажилтнууд Та бүхэн байсныг өнөөдөр дахин онцлон тэмдэглэж нийт тариаланчиддаа баяр хүргэж байна.
“Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажилласны үр дүн нь газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн тоо өсч, хураан авсан ургацын хэмжээ нэмэгдэж, гурил, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах болж, тариалангийн үйлдвэрлэл нь бие даасан байдлаа дээшлүүлж, эрчимтэй хөгжиж эхэллээ. Энэ хугацаанд газар тариалангийн салбарт ашиглагдаж байгаа зүтгэх хүчний техникийн 80 хувь, үр тариа хураах комбайны 65 хувийг бүрэн шинэчиллээ. Газар тариалангийн салбарт бий болсон энэ ололт нь манай орны хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд ч чухал түлхэц өгснийг энд онцлон тэмдэглэж байна.
2010 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр улсын хэмжээгээр 361.7 мянган тонн үр тариа, 167.8 мянган тонн төмс, 88.3 мянган тонн хүнсний ногоо, 38.2 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авсан нь хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн суурь жил болох 2007 оны ургацтай харьцуулахад үр тариа 245.4 мянган тонн, төмс 54.2 мянган тонн, хүнсний ногоо 9.2 мянган тонноор тус тус ахиу байна. Амжилт бүтээл илтгэсэн энэ тооны цаана манай газар тариалангийн аж ахуйн тариаланч, механикжуулагч, ногоочдын шинэ залуу халаа бэлтгэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурах бодитой үр дүн гарч байна.
Төв аймагчууд аа!
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа спорт урлагийн шинэхэн ордондоо ургацынхаа баярыг тэмдэглэж байгаа Төв аймгийн тариаланч ногоочид та бүхэн 2010 онд 81.0 мянган тонн үр тариа, 50.1 мянган тонн төмс, 11.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авсан нь улсын хэмжээний нийт үр тарианы 22.5 хувь, төмсний 30 хувь, хүнсний ногооны 13.2 хувийг хангах үзүүлэлт бөгөөд сүүлийн 25 жилд нэг жилд хураан авч байгаагүй арвин их ургац хураан авчээ.
Ийнхүү “Атрын гурав дахь аян” үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоос үр тариаг 128 хувиар, төмс, хүнсний ногоог 118 хувиар тус тус биелүүлсэн бахдам амжилт гаргаж, энэ онд га-гаас хурааж авсан ургацынхаа хэмжээгээр улсдаа тэргүүлсэн танай аймгийн тариаланч, ногоочдод Засгийн газрын өмнөөс халуун баяр хүргэж байна.
Тус аймгаас сүүлийн жилүүдэд ажлын тогтвортой өндөр амжилт гаргасан Жаргалант сумын “Дэлгэр-Уянга” ХХК, “Хөх баянбулаг” ХХК, “Жинсрэгт хайрхан” ХХК, Баянцогт сумын “Гуна” ХХК, Угтаалцайдам сумын “Элсэнцагаан” ХХК, “Чандмань-дөл” ХХК, Сүмбэр сумын “Өгөөж-Сүмбэр” ХХК-ууд улсын ургацын аварга тариаланч хамт олноор, Батсүмбэр сумын ногоочин Д.Лувсан, Борнуур сумын ногоочин Л.Энхтайван, Т.Хишигтогтох нар улсын тэргүүний тариаланчаар тус тус шалгарсан байна.
Мөн Баянцогт сумын “Гуна” ХХК-ны захирал Ц.Сүрэнхорлоо, Баянчандмань сумын иргэн А.Бадарчин, Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК-ны механикжуулагч Р.Төмөрбаатар, Цээл сумын тариаланч Х.Батжаргал, Жаргалант сумын “Хөх баянбулаг” ХХК-ны захирал Ж.Ариунболд нар Монгол Улсын гавъяат механикжуулагч, агрономч цол хүртсэн нь Төв сайхан нутгийн хөдөлмөрчид тариаланч, механикжуулагчид, ногоочдын бахархал болж байна.
Төв аймгийн тариаланч хөдөлмөрчдийн энэ сайхан амжилт нь “ажил хийвэл ам тосдоно” гэдгийн бодит үлгэр жишээ болж, ажил хөдөлмөрт олон түмнийг уриалан дуудаж, атрын аяныг улам өргөжүүлж эрчимжүүлэхэд хүч нэмлээ.
Манай Засгийн газар газар тариалангийн салбарыг атрын аяны их бүтээлийн талбар болгож, үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн талаар дэвшүүлсэн зорилт нэг бүрийг хэрэгжүүлэхийн төлөө цаашид ч онцгойлон анхаарч ажиллах болно.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх нэг гол түлхүүр бол тариалах талбайн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нэгж талбайгаас хураан авах ургацыг нэмэгдүүлэх, манай орны нөхцөлд тохирсон чанарын өндөр үзүүлэлт бүхий шинэ сортын үрийг бий болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нутагшуулах, хүнсний ногооны нэр төрлийг олшруулан нийт ургацын хэмжээг тогтвортой өсгөх явдал мөн.Манай орны байгаль цаг уурын нөхцөл хуурайшиж байгаа нь юуны өмнө усалгаатай тариаланг хөгжүүлэх, зуны богино хугацаанд арвин ургац өгөх нутагшсан сорт бий болгох, түүнд тохирсон техник технологи хэрэглэх, чадварлаг инженер техникийн ажилтан, мэргэжсэн ажилчидтай болох, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэн бүрийн санхүүгийн чадавхийг сайжруулах, хураан авсан ургацаа хадгалах агуулахын аж ахуйг хөгжүүлэх, ургац тээврийн замыг засварлах, шинээр тавих зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Төв аймгийн тариаланчдын хувьд нийслэл хотын дэргэд, зах зээлд хамгийн дөт зам харилцаатай давуу талаа ашиглан эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх замаар үр тариа, төмс, хүнсний ногоо, мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ашиглалтгүй байгаа талбайд малын тэжээлийн ургамал тариалах, улмаар түүнийг боловсруулах үйлдвэр байгуулах нь нэн чухал байна.
Засгийн газрын зүгээс тус аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт байрлах 36.0 мянган тонны багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг ашиглалтанд оруулах, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, тариаланчид малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор бага оврын тракторын иж бүрдлээр хангах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг дуулгахад таатай байна.
Атрын гурав дахь аяныг амжилттай хэрэгжүүлсэн Төв сайхан нутгийн ажилсаг, хөдөлмөрч тариаланч, механикжуулагч, ногоочид, тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг, тэднийг дэмжин тусалдаг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага Та бүхэндээ ажлын их амжилт хүсэхийн ялдамд цаашдын тань жил жилийн алтан намрын ургац арвин байж, ажил үйлс тань сэтгэлчилэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.Ургацын баяраа хийж байгаа Та бүхэндээ дахин халуун баяр хүргэе.
Анхаарал тавьсанд баярлалаа
-
2.7 сая Монголчууд бид дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ
МАХН-ын дарга,
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын
МАХН-ын XXVI Их хуралд тавьсан
“Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” сэдэвт улс төрийн илтгэл2010.11.04
МАХН-ын XXVI Их хурлын хүндэт төлөөлөгчид өө,
Журмын нөхөд өө,
Эрхэм зочид, хатагтай, ноёд оо,
Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, намын хамт олныхоо итгэл сэтгэлийг тээж, эх орныхоо өнцөг булан бүрээс хуран цугларсан төлөөлөгчиддөө чин сэтгэлийн баяр хүргэж, зочиддоо гүн талархал илэрхийлье.Өнөөдөр МАХН-ын удирдах байгууллага болох XXVI Их хурал үйл ажиллагаагаа эхэлж байна. Манай намын үе үеийн Их хурал Монголын нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн. Учир нь их хурал бүрээс намын амьдралын төдийгүй Монгол Улсын хөгжилд нөлөөлөхүйц жинтэй шийдвэрүүд гардаг. Энэ удаа ч мөн адил манай намын их хурал руу олон нийтийн анхаарал хандаж байна.
Арвин ургацынхаа ард гарч амсхийж буй тариаланчид, айсуй өвлийг их ажлаар угтаж буй малчид, амьдралынхаа ирээдүйг эргэцүүлж яваа залуус, алдаа оноог минь дэнслэх ахмадууд, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, банкны зээлээ хэрхэн төлөх вэ, яаж ажилтай орлоготой болох вэ гэж санаашран буй хүмүүс, тэтгэвэр, тэтгэмж, халамж, даатгалын үр өгөөжийг тооцож суугаа иргэд, шинэ бүтээн байгуулалт, ажлын байр бий болгох талаар сэтгэж зүтгэж яваа бизнес эрхлэгч бүгд та бидний шийдвэрийг хүлээж байгаа. Та бидний гаргах шийдвэрүүд нь улс орны хөгжил цэцэглэлт, түмэн олны ажил амьдралтай шууд холбоотой учраас тэр билээ.
Хамгийн их догдлон харж буй хүмүүс бол манай намын мянга, мянган гишүүд, дэмжигчид юм. Тэдэндээ их хурлын төлөөлөгч та бүгдийн өмнөөс халуун дотно мэндчилгээг дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,
Улс орондоо шинэ эдийн засаг, зах зээлийн харилцаа, улс төрийн ардчиллыг тогтоон төлөвшүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулахаар 20 жилийн тэртээгээс бидний сонгосон зорилт амжилттай хэрэгжсээр байна. Энэ бодит хөрс суурин дээрээ тулгуурлаж “шилжилтийн” гэсэн сэтгэлгээг цэглэж, их бүтээн байгуулалт өрнүүлэх, хөгжилтэй улс орон, бүтээгч ард түмэн болох түүхэн цаг үе тулж ирлээ гэж манай нам үзэж байна.Их бүтээн байгуулалтын агуулга зорилт нь монгол хүнийг бүх талаар хөгжүүлж, иргэн бүр тав тухтай, хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Улс орныхоо цаашдын хөгжлийн асуудлаар том зорилго, зорилт дэвшүүлэх, түүнийгээ биелүүлэх, үүнд учрах сорилт бэрхшээлийг даван туулах чадвартай улс төрийн хүчин бол МАХН юм гэж ард иргэдийн маань дийлэнх олонхи нь үзэж байгаа. Үүнийг удаа дараагийн сонгуулийн дүн ч харуулсан. Сүүлийн үеийн судалгааны дүн ч бас ийм байна. Энэ бүхэн манай намд урам зориг хайрлаж, эрч хүч, итгэл найдварыг бадрааж, улс орноо үсрэнгүй хөгжүүлэхэд бусдаас илүү хариуцлага хүлээх, түүхэн үүргийг бидэнд дахин оноож байна.Сэтгэлгээгээ, үйл ажиллагаагаа шинэчилж, өнгөрснөө зөв дүгнэж, ажил үйлс, зохион байгуулалтаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөн сайжруулж, бодлого зорилгоо улам тодорхой болгож, бодитоор хийж бүтээж байж л манай нам ард түмнийхээ итгэл, найдварыг биелүүлэх болно. Дэлхий дахинаа өрнөж буй даяарчлалтай холбогдон Монгол Улсын гадаад байдал ч өөрчлөгдөж байна. Даяаршиж буй дэлхий ертөнц, өөрчлөгдөн буй өрсөлдөөнт нийгэмд оршин тогтнож, улмаар хөгжил дэвшлийн манлайлагч улс төрийн хүчин байхын тулд цаг ямагт шинэчлэгдэж байх учиртай. МАХН өөрийгөө өөрчилж шинэчилсээр ирсэн. Сүүлийн 20 жилийн түүх үүнийг гэрчилнэ. Цаашид ч тийм байх болно. Тиймээс манай намын шинэчлэл нь өөнтөгч нэгний хэлж байгаа шиг “өнгөлөн далдлалт” биш үүрэг хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагааны шинэчлэл юм. Өргөн олон түмнийхээ тусад, улс орноо хөгжүүлэхийн тулд шинэчлэгдэх ёстойгоо ухамсарлаж байна. Өнөө маргаашийн эсвэл сонгуулийн хугацаагаар хэмжигдэх “богино зайн” биш угтан ирэх 20 жилийг тоссон урт хугацааны стратеги бүхий шинэчлэлийн тухай ярьж байна. Үүний тулд та бид туулж ирсэн 20 жилийнхээ туршлага, сургамжийг эргэн санах учиртай.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
Ардчилсан өөрчлөлтийн 20 жил: түүхэн сургамж, өнөөгийн байдал1990 оны эхнээс идэвхжиж эрчимжсэн нийгмийг өөрчлөн байгуулах, ардчилах үйл явцын эхний оргил үр дүн бол мөн оны 7 дугаар сард болсон тэр үеийн БНМАУ-ын АИХ-ыг сонгож байгуулах анхны ардчилсан, чөлөөт сонгууль байлаа. Үр дүнд нь олон намын төлөөлөлтэй төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага- АИХ, байнгын ажиллагаатай хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал гэсэн 2 танхимтай парламентын шинэ хэв маяг хэлбэршин тогтсон нь чухал ололт байлаа. Үр дүнд нь хүний эрх, эрх чөлөөг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний стандартад хүргэж хууль эрх зүйн хувьд баталгаажсан гэж хэлж болно.
Энэ цаг үеэс эхлэлтэй удаа дараагийн парламентаас гаргасан бодлогын шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгуулагдсан Засгийн газруудын үйл ажиллагаа нь ардчилсан өөрчлөлтийн гэх тодотголтой өнгөрсөн 20 жилийн өнгө аясыг тодорхойлж ирлээ. Өнгөрсөн 20 жилд эдийн засгийн уналт өсөлт, иргэдийн амьжиргааны эрсдэл, улс төрийн ялалт, ялагдал, түүнийг дагасан Монгол хүний бахархал омогшил, бухимдал, цөхрөл цөм багтана. Энэ хэрээр алдаа онооны арвин сургамж үлдээжээ. Иймд өнгөрсөн түүхээ эргэцүүлж нухацтай дүгнээд улс орныхоо ирэх 20 жилийг ухаалгаар харж, бодлого зорилтоо тодорхойлох нь улс төрийн туршлагатай, тулхтай намын өөртөө хүлээх журамт үүрэг мөн.
Ардчиллын 20 жилийн ойн хүрээнд ололт амжилтаа бид бишгүй ярьж байгаа. Үнэхээр ч ололт амжилт бий. Тухайлбал улс төрийн салбарт шинэ Үндсэн хуулиа баталж, үндсэн хуульт төрийн байгууллагын тогтолцоо, парламентат ёс, олон нам, иргэний нийгэм, өрсөлдөөнт чөлөөт сонгууль хэлбэршин тогтнож, улс төрийн эрх, эрх чөлөө хүртээмжтэй болсон.
Эдийн засгийн салбарт, өмчийн болон аж ахуйн олон хэлбэр, хэвшил бий болж, хувийн өмч хуулиар хамгаалагдаж, өдгөө ДНБ-ний 70 орчим хувийг хувийн хэвшил бүтээж байна. Улсын үйлдвэрийн газрууд, мал сүрэг, орон сууцны хувьчлал, газар өмчлөлийн шийдвэрүүдийг гаргаж, эдийн засгийн харилцааг зах зээлийн зарчимд нийцүүллээ. Үүний үр дүн ч гарч байна. Тухайлбал эрдэнэт мал сүргийн тоо хорин жилд 10 гаруй саяар өслөө. “Атрын III аян”-ыг эхлүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж, үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах үндсийг бүрдүүллээ. Гадаад худалдаа, валютын ханш, үнэ, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгож, эдийн засаг бүхэлдээ нээлттэй боллоо. Дэд бүтцийн салбар хөгжиж өнгөрсөн хорин жилд хатуу хучилттай авто зам 2824 км болж 2.4 дахин нэмэгдсэн бол үүрэн холбоо хэрэглэгчид давхардсан тоогоор 2.3 саяд хүрлээ.
Нийгэм, оюун санааны амьдралд үг хэлэх, хэвлэн нийтлэх, шүтэн бишрэх, бүтээн туурвих эрх, эрх чөлөө бүрэн нээлттэй болж, олон ургальч үзэл, чөлөөт хэвлэл, эвлэл, холбоод, сүм хийд, шашны нэгдэл, бүлгүүд нийгэмд байр сууриа бодитой эзлэх боллоо. Боловсрол, соёл, эрүүл мэнд, халамж, даатгал, нийгмийн үйлчилгээний бусад бүх салбарт улсын болон хувийн хэвшил зэрэгцэн оршиж, өрсөлдөн уралдах болсон. Соёл, урлаг, шинжлэх ухааны салбарт шинэ санаа, нээлт бүхий үнэ цэнэтэй оюуны бүтээл туурвигдах нөхцөл бүрдлээ.
Монгол хүний бие бялдар, билиг оюуны авъяас чадвар, мэдлэг ухааны үнэлэмж дэлхийн тавцанд гарлаа. Спорт, урлагийн салбарт олимп, тив, дэлхийн олон аваргууд төрлөө. Монгол хүн оюун ухаан, мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөж, нэр хүндтэй үйлдвэр, компани, урлаг, соёл, шинжлэх ухааны байгууллагад уригдан ажиллаж, олон улсын хөгжилд хувь нэмэр оруулдаг боллоо. Монголын компаниуд дэлхийн зах зээлд гарч, монголын гэсэн олон брэндүүд бий болж эхэллээ.
Монгол Улсын гадаад харилцаа бүрэн нээлттэй болсноор манай улс олон улсын Валютын сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын нэр хүндтэй олон байгууллага, нийгэмлэг, эвсэл, холбооны бүрэн эрхт гишүүн болсон. Ингэснээр бүс нутаг, тив, дэлхийд бүрэн гарцтай болж, тэр түвшний бодлого, үйл ажиллагаанд оролцож, улмаар улсын дотоод хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлж чадлаа. Ийнхүү улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санаа, гадаад орчны хүрээнд гарсан эерэг, дэвшилттэй зүйл, ололт амжилтыг МАХН онцлон тэмдэглэж байна. Энэ амжилт ололтоор МАХН бахархах бүрэн эрхтэй. Манай намын мянга мянган гишүүдийн зүтгэл, оролцоо энд бий. Сайн үйлийг бүтээлцсэн МАХН-ын бүх гишүүддээ, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, нэр төртэй амьдарч байгаа Монгол хүн бүртээ намынхаа Их хурлын өмнөөс халуун баяр хүргэж, амжилт хүсье.
20 жилийн ололт амжилтыг хамтран бүтээлцсэн бусад улс төрийн нам, хүчнүүдэд ч мөн талархлаа илэрхийлье.Төлөөлөгч, нөхөд өө,
Өнгөрсөн 20 жилд энэ мэт гэрэл гэгээтэй, бахархах зүйл байгаа ч алдаа, эндэгдэл багагүй гарсан. Гэхдээ энд өнгөрсөн үеийн бүх зовлонг тоочихгүй ээ. Тэгэх ч боломжгүй, тийм ч зорилготой Та бид цуглаагүй. Гагцхүү бидний бодлого, үйл ажиллагааны дутагдал, алдаа юу вэ? Түүнээс үүдэлтэй нийгмийн сөрөг үзэгдлийн үр дагавар, уршиг юу вэ? Түүнийг яаж засаж залруулах вэ? гэсэн сургамж, дүгнэлт, цаашдын бодлогоо ярих учиртай. Энэ учир шалтгааны үүднээс 20 жилийнхээ өндөрлөгөөс эргэн харахад бид ямар хүндрэлтэй нүүр тулгараад байгааг багцалж үзвэл:
Нэг: Ядуурал, ажилгүйдэл буурахгүй байна,
Хоёр: Байгаль орчны доройтол, хямрал газар авч байна,
Гурав: Нийгэм эдийн засгийн шударга ёсны хүсэмжлэлд бид бүрэн хариу өгч чадахгүй байна.
Дөрөв: Хүмүүжил, ёс суртахууны доройтолыг зохих ёсоор засаж залруулж чадахгүй байна.
Тав: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дархлааг сайжруулах шаардлагатай байна.
Энэ таван багц асуудал нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, нэн тулгамдсан асуудал болоод байна. Эндээс 20 жилийн ололт амжилт ямар үнэ цэнээр ямар хохирол амсаж ирсэн нь харагдана.Монгол хүнийхээ амьдралыг сайжруулах тал дээр сүүлийн 20 жилд дорвитой ахиц гаргаж чадахгүй байна гэсэн гашуун ч гэсэн үнэн дүгнэлтийг хийхээс өөр арга алга. Ядуурал, ажилгүйдэл манай нийгмийн хамгийн том “өвчин” болоод байна. Өнөөдрийн байдлаар аваад үзэх юм бол хүн амын 2-3 хувь нь чинээлэг, 60 орчин хувь нь дундаж орлоготой, 38 хувь нь ядуу байна. 20 жил өөрчлөлт шинэчлэлт ярьж, том бодлого хөтөлбөр дэвшүүлж, уйгагүй их ажилласан ч гэсэн бид хүссэн амжилтандаа хүрсэнгүй. Ард түмний минь амьдрал сайжирсангүй. Дэлхий Банкны судалгаагаар 1998 онд хамгийн өндөр буюу 43 хувьтай байсан ядуурал аажмаар буурч байгаа хэдий ч Статистикийн газрын мэдээгээр 2009 оны байдлаар иргэдийн маань 38.7 хувь ядуу амьдарч байна. Харьцуулалтын аргын ялгаа байгаа ч энэ тоо нь нэг л зүйлийг илэрхийлж байна.
Ядуурал дорвитой буурсангүй. Шилжилтийн эхэн үед эдийн засгийн суурь бүтэц эвдрэн хүн амын зарим хэсгийн амьжиргааны түвшинг буурч туйлдах сөрөг үр дагаварт хүргэсэн билээ. Үүнээс болж ард иргэдийн дунд урьд өмнө байгаагүй баян, хоосны ялгарал үүсэж цаашид улам нэмэгдэх аюул гараад байна. Манай намын зорилт бол баян хоосны туйлд хуваагдсан нийгмийг биш харьцангүй чинээлэг дундаж давхарга зонхилсон, нийт нийгмээрээ эвтэй, сэтгэл хангалуун амьдардаг тийм нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилготой юм.
Шилжилтийн үед манай эдийн засаг ихээхэн уналтанд орлоо. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1990 оноос хойш буурсан. Эдийн засаг сэргэсэн 2005 онд л 1989 оныхоо түвшинд хүрсэн байна. Хувьчлалыг оновчтой хийж чадаагүйгээс болж олон үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагаа зогсож, олон зуун барилга байгууламж хоосон балгас болж, зарим нь бүр устаж арилсан юм. Хөдөө аж ахуйн нэгдлүүд татан буугдаж, худаг ус, хашаа хороо тоногдон сүйрч эргээд нөхөхөд хүндрэлтэй томоохон гарз хохирол боллоо. Манай намын санаачилгаар тухайн үедээ хийгдэж байсан их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон олон үйлдвэр аж ахуйн газар устаж үгүй болж ажилгүйдэл ядуурал ихээр нүүрлэсэн.
Аж үйлдвэрийн салбар зогсонги байдалд орсныг өөрчлөх гэж олон жил чармайсан ч боловсруулах салбар гэхэд 2004-2008 оны дунджаар ДНБ-ний дөнгөж 6 орчим хувийг эзлэх хэмжээнд хүрч байна. Энэ нь бага орлоготой улс орнуудынхаас 3-4 дахин доогуур үзүүлэлт юм. Тиймээс боловсруулах салбарынхаа үйлдвэрлэлийг өсгөх нь бидний бас нэгэн зорилт, сорилт болж байна.
Аж үйлдвэр, банк хоёр харилцан бие биенээ дэмжиж хөгжих бололцоог тэр болгон бүрдүүлж чадсангүй. Банк санхүүгийн олон байгууллагууд дампуурч олон мянган энгийн иргэд хохирсон. Буруутай этгээдүүдэд үйлдсэн хэрэгт нь тохирсон хариуцлага тооцсонгүй гэж олон иргэд бухамдаж байна. Бид бүх бурууг үүрдэг төртэй биш буруутай этгээдэд нь хариуцлага хүлээлгэж чаддаг шударга төртэй байхын төлөө зүтгэнэ. Хөрсөн доорхи баялагийг нээж, ашиглахдаа алдаа, дутагдал гарснаас болж байгаль сүйрч, гол мөрөн бохирдож, эх ундрага нь татарч, хүмүүсийн аж амьдралд хүндрэл учруулж байна. Тиймээс төрөөс тавих хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, иргэний нийгэм, ард иргэдийн сайн үйлсийн оролцоог дэмжиж тэтгэх, түгээн дэлгэрүүлэх, байгалийн баялагийг зөв ашиглах шинэ бодлогыг бид л хэрэгжүүлэх үүрэгтэй.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарт амжилт байгаа хэдий ч өмнө хүрсэн түвшингээсээ доошилж, ялангуяа хүртээмж нь багасч, тэгш адил чанартай үйлчилгээг нийтээрээ хүртдэг суурь зарчмаас ухарлаа. Одоо эдгээр салбаруудад суурь шинэчлэлт хийж Монгол хүн бүрийг боловсролтой, эрүүл болгохын төлөө өөрчлөлтийн бодлогоо эхлүүлж байна.
Хөдөө, хотод сургууль завсардсан, нийслэлд гудамжны хүүхэд бий болж, нийгмийн оюун санааны амьдрал хямралд орж, гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх болсон нь өнгөрсөн 20 жилийн бас нэг том алдаа юм. Нийгмийн шударга ёс алдагдаж, хууль ёс завхарч байгаа мэт ойлголт олон нийтийн дунд тархаж байгаа нь өнгөрсөн он жилүүдээс үлдсэн сөрөг үзэгдэл төдийгүй өнөөгийн том эмгэнэл юм. Хүн бүр хуулийн өмнө адил эрх эдэлж, тэгш үүрэг хүлээх учиртай байтал хууль ялгавартай үйлчилдэг гэсэн дүгнэлтийг олон нийт хийж байна. Яагаад ийм дүгнэлт газар авч байна вэ? гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Хууль хүн бүрт тэгш шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх нь та бидний эрхэм зорилго мөн.
Нийгэм улс орныг гутааж байгаа нэн аюултай үзэгдэл бол авилгал хээл хахууль юм. Энэ үзэгдлийг бид таслан зогсооно. Сүүлийн хорин жилээ эргэж харах юм бол нухацтай дүгнэлт хийх зүйл олон байна. Бид шилжилтийн гэх тодотголтой 20 жилийн бартаа, саадтай замыг даван туулж төгсгөлд нь ирлээ гэж бодож байна. Өнгөрсөн 20 жилд нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоотой парламент ёс руу, үзэл сурталчилсан нийгмээс чөлөөт ардчилсан нийгэм рүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн засаг руу харилцааны зарчмын хувьд шилжилт хийж чаджээ. Гэхдээ энэ шилжилтийг хийхэд асар их үнэ төлжээ. Одоо бид чанарын хувьд ахиц дэвшил гаргаж ажилгүйдэл ядуурлын асуудлыг шийдэхэд дорвитой алхам хийх шаардлагатай байна.
Ийнхүү улс орныхоо ардчилсан өөрчлөлтийн түүхийг ололт амжилт, алдаа дутагдлын аль алинаар бичиж үлдээлээ. Одоо биднийг их бүтээн байгуулалтын урт зам, агуу их үйл хэрэг бүтээх цаг үе тосон хүлээж байна. 20 жилийн өмнө боломжгүй байсан олон зүйл өнөөдөр боломжтой боллоо.Монгол мөрөөдлийг биелүүлэхийн төлөө итгэл үнэмшил, тэмүүлэл зорилготой байх цаг ирлээ. “Бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй гэх явдал огт үгүй” гэж манай намыг үндэслэгч Дамдины Сүхбаатарын хэлж сургаж байсан хуучиршгүй үгийг санацгаая. Ийм ариун зорилго, эв нэгдэлтэй байгуулагдсан манай намынхан одоо ч нийт нэгэн үзүүрт сэтгэлээр их бүтээн байгуулалтыг эхлүүлэх итгэл төгс хэвээр байна. Тиймээс одоо ирэх 20 жилээ угтан төлөвлөж, бодлого зорилтоо ярьцгаая.
ХОЁРДУГААР ХЭСЭГ
МАХН-аас ойрын 20 жилд Их бүтээн байгуулалтын талаар баримтлах бодлого, зорилтЭрхэм нөхөд өө,
Манай нам улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна. Энэ бүтээн байгуулалтын эцсийн зорилго, үр дүн нь монгол хүний хөгжил, сайн сайхны төлөө байх ёстой. Учир нь нам бүхий л бодлогоо хүнээс ургуулан гаргаж, шүтэлцүүлж, гол цөмд нь Монгол хүнийг тавьж байна. Энэ бол манай намын бодлогын үндэс юм.
Хүний амь амьдрал, эрх, эрх чөлөө, нэр төр, өмч хөрөнгө бол халдашгүй нандин зүйл мөн гэсэн үзэл санааг нам тууштай баримталж ажиллах болно. Улс орны хөгжлийн эцсийн хэмжүүр нь хүний хөгжил, иргэдийн амьжиргааны түвшин, чанар байх учиртай. Бид хөгжлийг тодорхойлохдоо улс орны өрсөлдөх чадварын индекс, хүний хөгжлийн индекс, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ зэргийг дэлхийн стандартын нэгдмэл хэмжүүрээр хэмжиж байх нь зүйтэй. Ингэж байж 2.7 сая Монголчууд бид энэ дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ гэдгээ тов тодорхой харах болно. Өөрөөр хэлбэл Монголчууд бид хүн төрлөхтний хөгжлийн, дэлхий ертөнцийн хүмүүсийн яг аль хавьд нь явна вэ гэдгээ багцаалж байх хэрэгтэй. Ийм стандарт хэмжүүрээр харвал өнөөдөр Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн улс орнуудын дотор 114 дүгээр байранд байна. Энэ үзүүлэлтээр 2015 онд 65-р байранд, 2021 он гэхэд эхний 50-р байранд орохоор зүтгэх тодорхой зорилт саналыг дэвшүүлж байна.
Ийм учраас манай намын ойрын үеийн зорилт бол :
• Монгол хүнийг ажилтай, орлоготой болгох,
• Монгол хүнийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрүүл байлгах нөхцлийг бүрдүүлэх,
• Монгол хүнийг дэлхийн түвшний боловсролтой болгох,
• Монгол хүн гэмт хэрэггүй, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх,
• Монгол Улсыг энэ бүхнийг дааж чадах эдийн засгийн чадавхитай орон болгоход оршино.
Монгол хүний төлөө гэсэн нэгэн багц зорилгод багтах эдгээр зорилтод хэрхэн, яаж хүрэх вэ гэдэг талаар одоо ярилцъя.
Монгол хүн бүр ажил, орлоготой байх нь хөгжин дэвшихийн үндэс мөн
Ажил хөдөлмөр бол амьдралын үндэс билээ. Монголчууд үүнийг “ажил хийвэл ам тосдоно” гэсэн маш энгийн гаргалгаагаар илэрхийлдэг. Бидний цаашдын 20 жилд хийх хамгийн том ажлын нэг бол ажилгүйдэл ядуурлыг бууруулах явдал. Цөөн хүнтэй Монгол орон баялагийн асар их нөөцтэй атлаа ядуурал ихтэй байгаа нь эмгэнэл юм.Өнгөрсөн хугацаанд ядуурлыг бууруулах чиглэлээр төрөөс, олон улсын ба гадаад, дотоодын төрийн бус байгууллагаас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, асар их хөрөнгө мөнгө зарсан. Хүмүүнлэгийн байгууллагууд ч хандив өглөг их тараалаа. Байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч ядуурлын эргүүлэг улам гүнзгийрэх шинжтэй боллоо. Ийм байдлыг эцэс болгож, “ажилгүйдэл-ядуурал, ядуурал- ажилгүйдэл” гэсэн мухар эргүүлэгээс гарах гарцыг МАХН олж харах ёстой. Энэ бол их бүтээн байгуулалт. Их бүтээн байгуулалт бол асар том хөдөлмөрийн талбар, ажлын байрны багтаамж ихтэй зах зээл юм. Тэнд ажил ундарч, хүн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, хөгжин дэвжинэ. Ажилгүйдлийг бууруулж, ядуурлаас гарах бодитой гарц, хөгжил дэвшилд хүрэх баттай зам энэ юм. Манай нам бүтээн байгуулалтыг удирдах арвин туршлагатай учир энэ ажлыг манлайлж чадна. Их бүтээн байгуулалтанд гар бие оролцож, хийж бүтээснээрээ бахархах хүсэл эрмэлзэлд хөтлөгдсөн мянга, мянган гишүүд, Монголын нийт ард түмэндээ итгэж байна.
Манай намд бүтээн байгуулалтын маш тодорхой бодлого, хөтөлбөр байна. Эдийн засгийн бодлого бүхэлдээ үүнд чиглэгдэх болно. Монгол хүн бүр үндэснийхээ баялагаас оролцооныхоо хэрээр шударга хүртэх, иргэн бүр ажил хөдөлмөр эрхлэн байнгын орлоготой болох боломжтой байхаар хүний амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцөл бололцоог хангах нь намын эдийн засгийн бодлогын үндсэн зорилт байсаар байх бөгөөд эхний ээлжинд хүний хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлого баримтлах нь зүйтэй.
Энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ орчин цагийн дэвшилтэт зүүн төвийн социал-демократ намын хувьд зах зээлийн эдийн засаг дахь харилцааг тууштай эрчимжүүлэх, төрийн зохицуулалтыг оновчтой болгох, эдийн засгийн нийгмийн баримжааг гүнзгийрүүлэх зарчмыг баримтална. Ойрын хугацаанд уул уурхайн салбар нь эдийн засгийн хөдөлгүүр, орлогын үндсэн эх үүсвэр байх болно. Иймд стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нь төр засгийн үүрэг тул гадны хөрөнгө оруулалтын хяналтын тогтолцоог бий болгож, дотоодын, ялангуяа орон нутгийн бараа үйлчилгээг худалдаж авах зарчмыг хуульчилж, уул уурхайн салбараас орох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна.
Бид эрдэс, түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн газруудыг цогцолбор хэлбэрээр түлхүү хөгжүүлэх шаардлагатай. Манай намын хэтийн зорилго нь мэдлэгт суурилсан, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай, хүнд болон боловсруулах аж үйлдвэр хослон хөгжсөн эдийн засагтай болоход оршино.
Үүний зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо бага хэмжээгээр ч хамаагүй үйлдвэрлэж, эрчим хүчний хангамж, шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулан дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, эрчим хүч экспортлох шаардлагатай байна. Шинээр ашигт малтмалын орд газруудыг ашиглах, уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжин бүс нутгуудыг холбосон, далайд гарах боломжийг бүрдүүлж, Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэх төмөр замыг сүлжээг өргөтгөнө. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн нэмүү өртөг үйлдвэрлэх салбаруудыг дэмжиж, түүнийг дагалдах дэд бүтцийг бий болгоход онцгой анхаарна.
Их бүтээн байгуулалтын буухиа галт тэрэг нэгэнт хөдөлсөн. “Шинэ бүтээн байгуулалт”, “Шинэ төмөр зам” зэрэг улс орны хэмжээний том төслүүдийг санаачилж, төрийн бодлого болгон батлуулж эхний алхмаа хийгээд байна. Цаашид улам хурдлуулж, эрчийг нь авахуулах болно. Үүний тулд аймаг бүрт нэг томоохон төсөл хэрэгжүүлэхийг бид зорьж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт Асгатын мөнгөний ордыг, Дорнодод ураны орд газруудыг, Дорноговьд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг, Өмнөговьд Оюутолгой, Тавантолгойн орд гэх мэт төслүүдийг эхлүүлж үр дүнд хүргэнэ. Эдгээрийг дагаад олон арван мянган ажлын байр бий болгоно.
Үүний зэрэгцээ ажлын байр олноор бий болох барилга, зам гүүр, аялал жуулчлал, харилцаа холбоо, худалдаа, банк, санхүүгийн болон үйлчилгээний бүх төрлийн салбарыг тодорхой бодлоготойгоор үе шаттай хөгжүүлнэ. Орчин үеийн мэдээллийн болон нано, био зэрэг өндөр технологийг дэмжин инновацийг хөгжүүлэх замаар эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарна. Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах, хөрөнгө оруулалтаар дэмжих, банк санхүү, даатгалын тогтолцоог зах зээлийн горимд бүрэн оруулах, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, менежментийг сайжруулах зэрэг олон асуудал манай эдийн засгийн бодлогод багтаж байна.
Ядуурлыг бууруулах, харьцангүй чинээлэг нийгмийн дундаж давхаргыг бий болгоход төрөөс жижиг дунд бизнесийг дэмжих нь чухал гэдэгтэй бүгд санал нийлнэ. Өнөөдөр энэ чиглэлээр тодорхой ахиц байна. Анх удаа төсөвт тэрбум, тэрбумаар хөрөнгө суулгаж, орон нутагтаа төсөл шалгаруулж жижиг дунд бизнест санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Татварын таатай орчинг бүрдүүлж өгснөөр бизнесийн нааштай орчин бүрдэж эхэллээ. Гэхдээ олон чиглэлээр хийгдэж байгаа ажлыг нэгтгэж, илүү үр ашигтай болгож, хувийн хэвшлийн удирдлага, менежментийн зарчмыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах цаг нь болжээ. Олон улсын шугамаар орж ирсэн төслийг нэг газар удирдаад, төсвөөс өгсөн ажлыг өөр газар удирдаад, хөдөлмөр эрхлэлтийн шугамаар гуравдах газар ажиллаад байгаа нь бодит үр дүн гаргахад хүндрэл учруулж байна. Үүнийгээ ч засаж залруулах хэрэгтэй.
Өрхийн амьжиргааг дэмжих микро-бизнесийн талаар зориуд цохож хэлье. Энэ асуудлыг бүр мөсөн орхигдуулсан байна гэхэд хилсдэхгүй. Гол төлөв гэр бүлийнхээ хүрээнд ажилладаг, томоохон барьцаа тавьж зээл авах чадваргүй мөртлөө хэдэн зуун мянга, цөөн хэдэн сая төгрөгөөр эргэлдэж байгаа микро-бизнесүүд олон арван мянган гэр бүлийг ажил амьдралтай болгож, ядуурлын ирмэгээс холдуулж байна. Иймд төрөөс өрхийн амьжиргааг дэмжих микро-бизнесийн орчин, тогтолцоо, санхүүжилтийн асуудлыг шийдэх зорилт дэвшүүлж ажиллана.
Хөдөө аж ахуй бол манай улсын хамгийн чухал эдийн засгийн том салбар билээ. Түүнийг эрсдэлээс үл хамаарах, үр ашигтай, эрчимжсэн, өөрийгөө бүрэн тэтгэх чадвартай, үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилгоор Хөдөөг цогцлуулах 21-р зууны бодлого, үйл ажиллагааг бид эхлүүлнэ. Хөдөөгийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд мал аж ахуйн салбарт “Малчин-хоршоолол-үйлдвэрлэл” гэсэн шинэ эргэлтийг бий болгон, малчдын “өөрөө-өөртөө туслах”, “өөрөө-өөрийгөө удирдах” иргэний нийгмийн бүтцийг үүсгэн хөгжүүлэхийг дэмжих, малчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тусгай мэргэжил эзэмшүүлэх, малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах замаар амьдралын дадал, заншилд өөрчлөлт оруулах чиглэлийг баримталж байна.
Тариаланчдын ургуулсан улаан буудайд урамшуулал өгч байгаатай адил эрүүл, өндөр ашиг шимтэй малтай малчдад болон үндэсний үйлдвэрт тушаасан түүхий эд, бүтээгдэхүүнд урамшуулал олгодог тогтолцоог бий болгоно.Монгол улсынхаа үндэсний соёл, ёс заншил, өв уламжлалын үнэт баялгийг эрхэмлэн шүтэж, их ачааг нуруундаа үүрч яваа малчин түмнээ дээдэлж, мал сүргээ хамгаалах манай намын уламжлалт бодлого хэвээр байх болно.
“Атрын III аян”-ны хүрээнд өрнөсөн шинэчлэлийг эрчимжүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг стратегийн салбар болгож, Монгол Улс экспортлогч орон болохыг зорино. Тиймээс байгаль дэлхийнхээ ашиг шимийг хүртэж, эх орныхоо хөгжлийг тэтгэж байгаа тариаланчдаа дэмжсэн бодлогоо улам өргөжүүлнэ.
Ажлын байрны тоог нэмэгдүүлэхэд Төв банкны бодлого, үүрэг чиглэл чухал юм. Дэлхийд олон оронд байдаг жишгийн дагуу Төв банк нь үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүргээс гадна, үүний зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдал болон хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжих гэсэн хоёрдогч чиг үүргийг хүлээдэг болгох нь зүйтэй. Иймээс цаашид Төв банкныхаа чиг үүргийг өргөжүүлж, үнийн тогтвортой байдал ба хөдөлмөр эрхлэлт гэсэн тэнцвэртэй хоёр асуудлыг бодлогынх нь үндсэн чиг үүрэг болгох талаар судлан үзэх нь зүйтэй гэж үзэж байна.Ийнхүү их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эдийн засгийг тэлэх замаар Монгол хүн бүр ажлын байртай болсноор манай улс байгалийн баялагт дулдуйдсан хэрэглэгч “баян улс” байхаасаа илүү хөдөлмөрөөрөө баялаг бүтээдэг бүтээгч ард түмэнтэй жинхэнэ хөгжилтэй улс орон болно. Тэр цагт бүтээн байгуулалтын эдийн засаг бүгдэд үр шимээ өгч хүн бүр үндэснийхээ баялагаас оролцооныхоо хэрээр шударгаар хүртэх тогтолцоо бүрдэнэ. Ойрын 20 жилийн хэтийн төлөвөө манай нам ингэж тодорхой харж байна. Иймд их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийн тулд бид бүх боломж нөөцөө дайчлах нь ойлгомжтой. Саад бэрхшээлд шантрахгүйгээр “Хэцүү ч гэсэн хийж бүтээхийг зорьё” гэсэн уриагаар бүтээн байгуулалтаа өрнүүлж чадвал хүссэн зүтгэсэндээ заавал хүрэх болно. Та бид үүнийг хийж чадна. Энэ их үйл хэргийг манлайлан зүтгэхийг Их хурлын төлөөлөгч та бүхэндээ, намын нийт гишүүддээ хандан уриалж байна.
Эдийн засгийн өсөлт нь хүний хөгжлийн үндэс болох ёстой
Бид сая хөгжлийн төлөө гэсэн Монгол хүнийг хэрхэн бэлтгэх тухай ярилаа. Тэгвэл одоо хүний төлөөх хөгжлийн тухай цөөн хэдэн зүйл хэлье.
Хүний хөгжлийн материаллаг үндэс нь эдийн засаг түүний өсөлт юм. Иймээс манай намын эдийн засгийн бодлого энэ зүг чиглэх ёстой. Манай эдийн засгийн өсөлтийн эмзэг, бүтцийн өрөөсгөл байдлыг өөрчилж, тогтвортой өсөлтийн баттай суурийг бүрдүүлэх нь манай намын эдийн засгийн бодлогын үндсэн чиглэл байх болно. Эдийн засгийн тогтвортой, баттай өсөлтийг хангаж чадсанаар нийгмийн асуудал, хүний хөгжлийн зорилтуудыг амжилттай шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.Иймд манай нам эдийн засгийн болон нийгмийн бодлогын уялдаа холбоог хангахад онцгой анхаарна. Учир нь сүүлийн 5 жилд нэг хүнд ногдох орлого 38.5 хувиар өссөн байхад ядуурлын түвшин буурахгүй байгаад дүгнэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөөд байдаг, ажилгүйдэл ядуурал буурахгүй харин ч нэмэгдээд байдаг. Ийм урвуу хамаарал, гаж үзэгдэл нь манай эдийн засгийн тогтолцоо, нийгмийн баялагийн хувиарлалтын төрийн механизм эрүүл бус байгааг, эдийн засаг нь нийгэмдээ, хүндээ, өгөөж муутай байгааг илтгэж байна. Тиймээс бид энэ асуудлыг ирээдүйн бодлогодоо зайлшгүй харгалзаж үзэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох учиртай.
Өнөөдрийн нийгэмд тэгш биш байдлын тухай асуудал ихээхэн хөндөгдөж байна. Тиймээс орлого хувиарлалт, санхүүжилт, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал төдийгүй амьдралын гарааны тэгш байдал, ижил хүртээмжийг дэмжсэн бодлогыг зүүн төвийн намын хувьд илүү хүчтэй тавих зайлшгүй шаардлага байна.
1999 оноос хувь хүний шимтгэлийн хуримтлалаас хамааран тэтгэвэр тогтоох нэрийн дансны шинэ тогтолцоонд шилжсэн билээ. Гэвч тэтгэврийн хэмжээ тэтгэвэр авагчийн амьдралд хүрэлцэж байгаа эсэхийг хянан дүгнэж үзэх хэрэгтэй байна. Цаашид манай нам ахмад настны амьжиргаанд бодитой дэмжлэг үзүүлэхүйц байхаар тэтгэврийн шинэчлэл хийнэ.
Нийгмийн халамжийн үйлчилгээний 2008 оны гүйцэтгэлийг 1996 оныхтой харьцуулбал хамрагдсан хүний тоо 5 дахин, зарцуулсан хөрөнгийн хэмжээ 10 дахин нэмэгджээ. Нийгмийн халамжийн нийт зардлын 30 орчим хувь нь л тэтгэмж авбал зохих хэсэгт очиж, үлдсэн 70 хувь нь улс төрийн намуудын сонгуулийн амлалтаас үүдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Тиймээс халамжийг очих ёстой эзэнд нь, эмзэг хэсэгт нь онож олгох төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Бас хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг ч шуурхайлан шийдэж энэ салбарт шинэчлэлийг зоригтой эхлүүлнэ. Мөн нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож бүх хүн тэтгэврийн харилцаанд хамрагдах баталгааг хангах болно.Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнтэй, хувийн хэвшлийн бүтээгч чанарыг хөгжүүлсэн, их бүтээн байгуулалт, их үйл хэргийн талаар ярилцдаг, дундаж давхарга нь олонхийг бүрдүүлдэг тийм нийгмийг байгуулах нь бидний ирэх 20 жилийн том зорилт мөн.
Бүтээн байгуулагч хүн эрүүл байх ёстой
“Эрүүл биед саруул ухаан оршино” гэж эцэг өвгөд маань сургаж ирсэн. Бас “Эрүүл мэнд хамгийн үнэт баялаг” гэсэн эртний үг бий. Эрүүл биетэй, саруул ухаантай, эх оронч сэтгэлтэй, эзэн Монгол хүн бол манай улсын эрхэм дээд баялаг билээ. Устах аюулын эрмэгт тулсан ядуу буурай, өвчин зовлонд баригдсан XX зууны эхэн үеийн хагас сая Монголчуудыг эмчлэн эдгэрүүлж 2.7 сая хүргэсэн нь XX зууны түүхэн ололт, МАХН-ын нэг гавъяа мөн. Уг нь энэ салбарт болж бүтэж байгаа юм багагүй бий. Энгийн нэг жишээ дурдахад л Мянганы хөгжлийн зорилтуудад дурдсан эх, нялхасын эндэгдлийг 2015 он гэхэд хоёр дахин бууруулах зорилтыг бид бүрэн биелүүлэх боломж бүрдээд байгаа. Гэхдээ нэгээс бусад бүх эрхтэн эрүүл байгаад ч ганц л эрхтэн эмгэгтэй бол хүнийг бид цоо эрүүл гэж үздэггүй шиг эрүүл мэндийн салбарт ч дутагдалтай, доройтолтой байгаа зүйлс нь түүнийг бүхэлд нь доголдолтой болгон харагдуулж байгаа нь нууц биш. Цаашид хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжих таатай нөхцөл бий болгох нь төрийн эн тэргүүний үүрэг байх ёстой гэж үзнэ.Эрүүл хүнс хэрэглэх нь эрүүл аж төрөх ёсны анхдагч нөхцөл юм. Тиймээс хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцооны асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй байгааг онцлоё. Нийт иргэдийг биеийн тамираар тогтмол хичээллэх нөхцөл боломж бий болгож, биеийн тамираар хичээллэсэн хүн бүрийг бүх талаар дэмжих орчин, нийгмийн уур амьсгал бүрдүүлэх нь нэг их хөрөнгө шаардахгүй хийх ажил. Энэ бүхэнд манай гишүүдийн манлайлал чухал.
Гэхдээ хамгийн гол асуудал нь яагаад манайд эмчилгээгүй эмгэгтэй хэмээн оношилсон хүн гадаадад очоод эрүүл хэмээн оношлогддог юм бэ? Яагаад эрүүл хэмээн явуулсаар байсан зарим нь гадаадад очоод архаг эмгэгтэй гэсэн хатуу онош сонсдог юм бэ? Онош яагаад ийм хол зөрдөг юм бэ? Нэгэнт оношилсон эмгэгийг яагаад гадаадад илүү эмчлээд, энд эмчилж болдоггүй юм бэ гэх зэрэг олон “яагаад” гэсэн зүй ёсны асуултууд шил шилээ даран гарах боллоо.
Төрөөс иргэдэд үзүүлэх суурь үйлчилгээний нэг болох эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжих таатай нөхцөлийг бүрдлүүлэх талаар дараах зүйлийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна.Тухайлбал:
Нэг: Европ болон өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн салбарын стандарт, арга зүй, “ноу-хау”, технологийг Монголд нэвтрүүлэхийг зорино.
Хоёр: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хувиарлалтыг оновчтой, зарцуулалтыг үр ашигтай болгох шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарын орлогын тэгшитгэлийг халж, сайн ажилладаг, ур чадвар, боловсрол өндөртэй нь илүү хөлс авдаг байх шударга тогтолцоог нэвтрүүлэх болно.
Гурав: Эрүүл мэндийн даатгалын системд өрсөлдөөнт хоёр тогтолцоог нэвтрүүлэхийг зорино. Өрсөлдөөнт гэдэг нь даатгалын байгууллагууд нь даатгуулагчаа нэмэгдүүлэх гэж хоорондоо өрсөлддөг, эмнэлгийн байгууллагууд нь даатгалын байгууллагыг өөртөө татах гэж шударга ханддаг орчинг бүрдүүлэх тухай юм. Өөрөөр хэлбэл, даатгалын байгууллага – эмнэлэг – даатгуулагч гэсэн олон улсын стандартад нийцсэн тогтолцоог нутагшуулах гэсэн санаа юм.
Дөрөв: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатай байна. Манай улс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3 шатлалын зохион байгуулалтай хэдий ч бодит амьдрал дээр дүүргийн эмнэлэгүүд нь эрүүл мэндийн хоёр дахь шатны үйлчилгээгээ үзүүлэхгүй, харин гурав дахь шатны эмнэлэгүүд нь тэднийн үүргийг гүйцэтгэж, улмаар сонгодог утгаар нь нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлж чадахгүй байна. Иймд цаашид манай орны өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн бүтэц, зохион байгуулалтын оновчтой хувилбарыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг дэс дараатай төлөвлөж, ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
Тав: Эрүүл мэндийн салбарт төр ба хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг болно.
Монгол хүн эрүүл байхын нэг үндсэн нөхцөл бол экологийн аюулгүй орчинд амьдрах явдал билээ. Гэтэл хүний энэ үндсэн эрх хотод ч, хөдөөд ч зөрчигдөж байна. Монголын байгаль орчны бохирдол доройтол нь манай өнөөгийн хамгийн ноцтой, хамгийн эмзэг нэн тулгамдсан бүх нийтээр анхаарлаа хандуулбал зохих асуудлын нэг боллоо. Байгаль экологийг сэргээх нь зарим талаар хүний өвчнийг анагаахаас хэцүү. Гэхдээ арга зам, гарц олон бий.Байгаль орчныг хамгаалах бодлого манай намын үзэл баримтлалд онцгой байр суурь эзэлдэг. Эдийн засаг, эрх зүй, сурталчилгааны чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон хөтөлбөр, төслүүд манай намд бий. Энэ бүхнийгээ бид цаг алдалгүй хийж хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх ёстой.
Боловсролтой хүн бүхнийг бүтээнэ
Их бүтээн байгуулалтыг хийх хүн заавал боловсрол, мэргэжилтэй, дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай байхыг цаг үе биднээс шаардаж байна. Энэ нь нэгдүгээрт, манай бүтээн байгуулалт өөрөө том цар хүрээтэй, орчин үеийн техник, технологийн өндөр түвшнийг шаардаж байгаагаас, хоёрдугаарт, орчин үеийн бүтээлч сэтгэлгээтэй бүтээлч иргэн гэдэг бол дэлхийн хүний стандартад нийцсэн шаардлагаар нөхцөлдөж байгаа юм.МАХН XX зууны Монгол оронд жинхэнэ боловсролын хувьсгал хийж, бүх нийтийг бичиг үсэгтэй, бага, дунд, тусгай мэргэжлийн боловсролтой болгож, дээд боловсрол, үндэсний шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөрийн бүх салбарт манлайлагч үндэсний сэхээтнүүдийг төрүүлсэн бахархам түүхтэй.
Өнгөрсөн 20 жилд манай нийгэмд тохиосон нэг эмгэнэл бол хот, хөдөөгийн олон хүүхэд сургууль завсардаж, нийслэлд гудамжны гэх хүүхдийн нэгэн давхраа үүссэн төдийгүй, нийгэмд оюун санааны хомсдол бий болсон явдал билээ. Энэ нь хүний мөс чанар, зан суртахуун, ёс зүйн эвдрэлд хүрснээр гэмт хэрэг, нийгмийн элдэв сөрөг үзэгдлүүдийг төрүүлсэн. Энэ бүхнийг засаж залруулах асуудал нийгэмд нэн хурцаар тулгараад байна.Эдгээр бэрхшээлтэй асуудлыг даван гарах, улмаар дэлхийд өрсөлдөх боловсролын чадавхитай Монгол хүнийг сургаж бэлтгэх түүхэн үүргийг манай нам биелүүлнэ. Үүний тулд боловсролын салбартаа олон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн. Энэхүү өөрчлөлт шинэчлэлтээ эрчимтэйгээр улам гүнзгийрүүлэх шаардлага байна