Ангилал: Uncategorized

  • Монгол Улсыг БНФУ дэмжиж ажиллах болно

    Монгол Улсыг БНФУ дэмжиж ажиллах болно Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад ажлын айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, Үйлдвэр, Ажил  эрхлэлтийн яамны Гадаад Худалдаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай  Анн-Мари Идрак тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.

    Ерөнхий сайд БНФУ-ын Засгийн газраас ус цэвэршүүлэх чиглэлээр болон байгаль орчны салбарт Монгол Улсад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, цаашид уул уурхайн салбараас гадна хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ач холбогдолтой байгааг тэмдэглэж хэллээ.

    Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай МУ-ын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал нь хоёр талын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд гарган, өөр олон салбарт хамтран ажиллах бололцоог бий болгож байгааг Ерөнхий сайд хэлэв.Хатагтай Анн-Мари Идракийг дагалдан ажил хэрэгч хүмүүсийн бүрэлдэхүүн нь Монгол-Францын бизнес форумд амжилтттай оролцсон нь  Монгол Улстай танилцах, шинэ түншүүдтэй болох, хоёр талын ажил хэрэгч хүрээний хүмүүсийг ойртуулсан чухал алхам боллоо гэж Ерөнхий сайд С.Батболд дүгнэлээ.Хатагтай Анн-Мари Идрак Монгол Улсад хийж байгаа айлчлал нь амжилттай болж байгааг дурдаад, БНФУ нь Монгол Улсын гуравдахь хөршийн харилцааг хөгжүүлж байгаадаа баяртай байдаг гэв.

    Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ажил хэрэгч хүмүүсийг уулзуулж байх нь чухал. Монгол Улсын бизнесийн орчинг францын ажил хэрэгч хүрээнийхэн ихэд сонирхож байна. Сая болж өнгөрсөн бизнес форум үүнийг дахин нотлон харуулсан бөгөөд цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагаа хөгжих нэгэн суурь болж өгнө гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр хэлэв.Францын тал Улаанбаатар хотын ус цэвэршүүлэх байгууламжийг шинэчлэх ажилд хамтран ажиллахаар болсон. Түүнчлэн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улстай хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэж хатагтай Анн-Мари Идрак уулзалтын үеэр тэмдэглэж байлаа.

    Цаашид цөмийн эрчим хүч, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн сацуу Монгол Улсын Ерөнхий сайдын дурдсан салбаруудад Монгол-Францын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно гэж тэрээр хэллээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд эрдэм шинжилгээ, археологийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг мөн дурдаад, ирэх жил Үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн ойн хүрээнд музейн орон гэгддэг БНФУ-д Монгол Улсын тухай үзэсгэлэн гаргах, сурталчлах талаар арга хэмжээ авч байгаа тухай хэллээ.

    “Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өндөр, дээд хэмжээний айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны Монгол Улсад хийж байгаа айлчал нь хоёр орны хамтын ажиллагааг улам дэлгэрүүлэн хөгжүүлэхийн  илэрхийлэл боллоо” гэж Ерөнхий сайд мөн тэмдэглэлээ. Ярианыхаа төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНФУ-ын Ерөнхий сайд Франсуа Фийонд мэндчилгээ дамжуулж, түүнийг Монгол Улсад айлчлан ирэхийг урилаа

  • Монгол хүн бүр ажилтай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна

    Монгол хүн бүр ажилтай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна Хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг нь Монгол хүн бүр ажилтай болох явдал юм. Хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрийн чадвартай Монгол хүн бүр ажлын байртай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө манай Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Эхнээсээ үр дүн нь гарч байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  “Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” хөдөлмөрийн үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

    Хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн бодлогын талаар Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлэхдээ ажлын байрны өсөлт нь ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг багасгахад хамгийн их нөлөөлдөг. Ойрын жилүүдэд уул уурхай, боловсруулах салбаруудад 40 мянган ажлын байр бий болно гэсэн судалгаа бий. Энэ нь манай нийт бүртгэгдсэн ажилгүйчүүдийг ажилтай болгохуйц тооцоо, төсөөлөл юм гэдгийг онцлолоо.

    Иймд эдгээр ажлын байранд тэнцэх хүнийг бэлтгэх асуудал ч чухал байгаа. Тиймээс Засгийн газраас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэхэд онцгой анхаарч ажиллаж байна.  Төрөөс болон Мянганы сорилтын сан, ажил олгогч компаниудын зүгээс санхүүжилт гарч Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдийг жинхэнэ утгаар нь ажиллуулах, ажлын байр идэвхтэй хайж байгаа залуусыг нийслэл болоод хөдөө орон нутгаас квотоор элсүүлэх, зах зээлийг холбоход чиглэсэн ажлууд идэвхтэй өрнөж байна. Тиймээс төрөөс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хувь хүмүүс өөрсдөө хичээж, бүтээлч, өндөр бүтээмжтэй байх учиртай гэсэн юм.

    Мөн уул уурхай, өндөр технологи, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад шинэ техник технологи, материал ашиглаж машин тоног төхөөрөмж ажиллуулж чадахуйц мэдлэгтэй, ур чадвартай, бүтээлч, хөдөлмөрийн сэтгэлгээ, соёлд төлөвшсөн багш, эмч, инженер, техникийн ажилчид эрэлт хэрэгцээтэй байна. Нийгмийн халамжаас, улсын төсвөөс тэжээгддэг бус харин “бүтээгч монгол”, хөдөлмөрч хүнийг бид төлөвшүүлэн хөгжүүлэх ёстой гэж Засгийн газар үзэж байгаа. Бүтээгч монгол хүнийг нийгмийн дундаж давхарга болгон төлөвшүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн өмнө тулгамдаад байгаа маш олон асуудалд шийдэл олох боломжтой гэдгийг Засгийн газрын тэргүүн хөдөлмөрийн үндэсний чуулганы индрээс хэллээ.

    Монгол Улсын Засгийн газраас санаачлан Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран Төрийн ордонд зохион байгуулж байгаа “Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” хөдөлмөрийн үндэсний чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллага, МАОЭХ, МҮЭХ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Азийн бүтээмжийн байгууллага, БНСУ-ын Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төв болон манай улсын иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хурлын төлөөлөгчдөд төдийгүй хөдөлмөрийн зах зээлд оролцогчид болох Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, компаниуд болон иргэд юу хийвэл зохилтой  талаар товч байр сууриа илэрхийллээ.

    Ингэхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүн, Засгийн газраас иргэддээ илүү сайн боломжийг бүрдүүлж, томоохон хөрөнгө оруулалтын төслөөр дамжин ажлын байрыг олноор бий болгох, иргэдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж өрсөлдөх, хөрвөх чадавхийг нэмэгдүүлэх,  цалин хөлсний оновчтой тогтолцоог бий болгох нь зүйтэй гэдгийг  Ерөнхий сайд онцоллоо.

    Энэ хүрээнд цалин хөлсийг аажмаар нэмэгдүүлж Монгол хүн гадаадад авч байгаа цалинг эх орондоо авдаг болгох, цалин хөлсийг бүтээмж ур чадвартай холбох систем бий болгох, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг ажлын байрны эрэлт хэрэгцээтэй уялдуулах, ажлын байрыг шинээр гаргагч болсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тууштай дэмжиж, ажлын байраа нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлдэг байх шаардлагатай байна гэдгийг чуулганы төлөөлөгчдөд илэрхийлээд ард иргэдийн маань амьдралд мэдэгдэхүйц бодит үр дүн авчрах чуулган болно гэдэгт найдаж байгаагаа хэллээ

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын “Хөдөлмөр хөгжлийн үндэс” үндэсний чуулганы нээлтэд хэлсэн үг

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын “Хөдөлмөр хөгжлийн үндэс” үндэсний чуулганы нээлтэд хэлсэн үг2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  Төрийн ордон

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
    Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.

    Одоогоос нэг жилийн өмнө миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганд хандаж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл, баримтлалын талаар тодорхой ярьсан. Манай хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг нь МОНГОЛ ХҮН БҮР АЖИЛТАЙ БОЛОХ явдал юм. Хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрийн чадвартай Монгол хүн бүр ажлын байртай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

    “Хөдөлмөр хөгжлийн үндэс” үндэсний чуулга уулзалтын сэдэв нь зөвхөн Монгол улсын хэмжээнд төдийгүй, саяхан болж өнгөрсөн НҮБ-ын ээлжит чуулганы үеэр хамгийн их яригдаж, анхаарлыг татсан асуудал юм. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэлхийн хэмжээнд хүний хөгжилтэй уялдуулж, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал байгаа юм.

    Энэ асуудал дэлхийн хэмжээнд анхаарлын төвд орж, өнгөрсөн 2004-2008 онуудад эдийн засгийн өсөлт нь өндөр байсан боловч ажилгүйдэл, ядуурал мэдэгдэхүйц  буураагүй байгаа манай улсын хувьд ч онцгой ач холбогдолтой юм. Эдийн засгийн өсөлтийн гол зорилго нь хүний амьжиргааг сайжруулах, хувь хүн, өрх гэр бүлийн сайн сайхан байдлыг улам нэмэгдүүлж зорилтоо биелүүлдэг байх естой. 

    Монгол улс цаашдын хурдацтай хөгжлийн шинэ үеийн гараанд ирээд байгаа олон үзүүлэлт, судалгаанаас тодорхой болж байна. Ирэх жилүүдэд хүрэхээр төлөвлөгдөж байгаа энэхүү эдийн засгийн өсөлт нь зөвхөн тоо хэмжээний өсөлт байх бус, харин иргэдийн,  хувь хүмүүсийн амжиргааны түвшинг бодитойгоор өөрчилж, ажлын байр нэмэгдүүлсэн, чанарын өсөлт байх ёстой. Ийм өсөлтөд хүргэх нь төрийн нийгэм, эдийн засгийн урт хугацааны бодлогын үндэс юм.

    Аливаа нийгэм эдийн засгийн хөгжлийн үндэс суурь нь хөдөлмөр, хүн байгаа юм. Иймээс “ХҮНЭЭ ХӨГЖҮҮЛЖ, УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛДЭГ” зарчмыг бид тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол улсын хувьд Хүний хөгжлийн индекс 2009 оны байдлаар 0.742 буюу дэлхийд 115-д байгаа нь  харьцангүй доогуур үзүүлэлт байгаа юм.

    Өнөөгийн нийгэмд байгаа хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн талаарх тулгамдсан асуудлууд, нөхцөл байдалдаа үндэслэн бид Монгол хүн бүрийг ажлын байртай болгох дээрх зорилтоо хэрэгжүүлэх алхам бүрийг маш тодорхой болгох шаардлагатай болж байна. Сайшаалтай нь өнгөрсөн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн чиглэлээр судлагаа явуулж байгаа манай төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудын багш, судлаачдын хийсэн цөөнгүй тооны судалгаа нь бидэнд үнэ цэнтэй эх сурвалж, материал болж байгаад талархаж байна.

    Одоо бид шинээр хууль, хөтөлбөрийн төсөл боловсруулах зэрэг цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан, эцсийн үр өгөөж нь төдийлөн харагдахгүй ажилд хөрөнгө, хүчээ тарамдуулалгүйгээр илүү бодитой, практик ажлаа хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

    Манай улсын хувьд ажил, хөдөлмөрийн бүх талыг төрөөс зохицуулдаг байсан үеэс 20 жилийн хугацаа өнгөрч өдгөө зах зээлийн харилцаа төлөвшин хөгжиж, хувийн хэвшлийг түлхүү хөгжүүлсэн эдийн засгийн бүтэцтэй болоод байгаа ч хөдөлмөрийн зах зээл сонгодог утгаар хараахан бүрэлдэн бий болоогүй байна.  Иймээс хөдөлмөрийн зах зээлийн талаарх төрийн зохицуулалт, бодлогыг илүү оновчтой болгож, хөдөлмөрийн зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлэх нь чухал байна.

    Төрийн бодлогын хувьд ойрын хугацаанд улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоон батлаж, ард түмэн, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар, түнш донор орнуудад Монгол улс ойрын жилүүдэд ямар салбаруудаа түлхүү хөгжүүлж, бүсчилсэн хөгжлийг хэрхэн хэрэгжүүлэх, дэд бүтэц, зам тээврийн сүлжээг хэрхэн хөгжүүлэх гэж байгаагаа ил тод, нээлттэй болгож  замналаа тодорхой болгох нь чухал. Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын бодлого цэгцтэй болж, Монгол улсын хөгжлийн ирээдүйн дүр зураг тодорхой болно.

    Төрөөс хөдөлмөрийн зах зээлийг зохицуулахдаа хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд ажлын байрыг олноор бий болгоход анхаарч ажиллана. Ажлын байрны өсөлт нь ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг багасгахад хамгийн их нөлөөлдөг гэж судлаач нар үздэг. Ойрын жилүүдэд уул уурхай, боловсруулах салбаруудад 40 мянган ажлын байрыг бий болно гэсэн судалгаа, төсөөлөл байгаа. Энэ нь манай нийт бүртгэгдсэн ажилгүйчүүдийг ажилтай болгохуйц төсөөлөл юм.

    Нөгөө талаас эдгээр ажлын байранд тэнцэх хүнийг бэлтгэх асуудал мөн чухал байна. Аливаа улсын хөгжлийн түвшин нь хүмүүсийн хөдөлмөрийн чадвараас, мөн хувь хүний ажил эрхлэх, санаачлах, хөдөлмөрлөх соёл, өөрийн зүтгэл, хандлагаас ихээхэн шалтгаалдаг. Өнөөгийн даяаршсан дэлхийд хөрөнгө, технологи хил дамнасан байдалтай байхад харин хүний нөөцийг бэлтгэх, дайчлах, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх  төрийн бодлогын гол зорилгуудын нэг болж байна. 

    Нийгмийн халамжаас, улсын төсвөөс тэжээгддэг бус, харин “БҮТЭЭГЧ МОНГОЛ”, хөдөлмөрч хүнийг бид төлөвшүүлэн хөгжүүлэх ёстой гэж манай Засгийн газар үзэж байна. Бүтээгч Монгол хүнийг нийгмийн дундаж давхарга болгон төлөвшүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн өмнө тулгамдаад байгаа маш олон асуудалд шийдлийг олох боломжтой.

    Монгол улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшин, цаашдын хэтийн төлөв нь ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар бүрэн хангах таатай боломжийг олгож байгаа бол хүн амын насны бүтэц, хөдөлмөрлөх насны залуучуудын эзэлж байгаа хувь, Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг жил тутам төгсөж  байгаа тодорхой мэргэжил, ур чадвар бүхий ажиллах хүчний нийлүүлэлт нь цаашид эрэлт хэрэгцээтэй байгаа ажиллах хүчний эрэлтийг хангах гэсэн ийм 2 талын таатай боломжийг бүрдүүлж байна.

    Иймээс “Насан туршдаа суралцах” (School of Lifelong Learning) гэсэн санаачлагыг дэвшүүлж, хүмүүст насны туршид боловсрол олгон хөрвөх чадварыг сайжруулж, хоер дах мэргэжилтэй болоход төрөөс дэмжлэг үзүүлж, аж үйлдвэр, ажил олгогчид, ажилчид болон төр хоорондын түншлэлийн хүрээнд түүнийг хэрэгжүүлж, ажилчдын боловсрол, сургалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний гол зорилго нь насанд хүрсэн ажилчдыг байнга суралцахыг дэмжиж, цаашид насан туршийн ажлын байраар хангагдах боломжийг нэмэгдүүлэх явдал юм.

    ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХ ЦААШДЫН ЗОРИЛТУУД

    Төрөөс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хувь хүмүүс нь өөрснөө хичээж, бүтээлч, өндөр бүтээмжтэй байх шаардлагатай. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг Монгол ардын зүйр үг байдагтай адил хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлийг авч үзэхдээ ямар ажлыг нь төр, ямар ажлыг нь ажил олгогчид, ямар ажлыг хөдөлмөр эрхлэгчид хийх естой зах зээлийн жам ёсоор нь сайтар ялгаж, бодлогоо боловсруулах нь амжилтын суурь болно.

    Уул уурхай, өндөр технологи, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад шинэ техник технологи, материал ашиглаж машин тоног төхөөрөмж ажиллуулж чадахуйц мэдлэгтэй, ур чадвартай, бүтээлч, хөдөлмөрийн сэтгэлгээ, соёлд төлөвшсөн багш, эмч, инженер, техникийн ажилчид эрэлт хэрэгцээтэй байна.

    Иймд, мэдлэг ур чадварт суурилсан эдийн засгийн нөхцөлд ажиллах боловсон хүчнийг тодорхой бодлогын хүрээнд бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлийг сонгодог утгаар нь уян хатан, салбар болон бүс нутгийн хооронд хөдөлмөрийн нөөц хөрвөх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.

    Үүний тулд хөдөлмөрийн зах зээлд оролцогчид болох бүх талууд (Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, компаниуд болон иргэд өөрсдөө) юу хийвэл зохих вэ гэсэн асуудлаар товч байр сууриа илэрхийлье:

    • Засгийн газраас иргэддээ илүү сайн боломжийг бүрдүүлж, томоохон хөрөнгө оруулалтын төслөөр дамжин ажлын байрыг олноор бий болгох,
            • Иргэдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж өрсөлдөх, хөрвөх чадавхийг нэмэгдүүлэх
            • Цалин хөлсний оновчтой тогтолцоог бий болгох. Энэ хүрээнд цалин хөлсийг аажмаар нэмэгдүүлж Монгол хүн гадаадад авч байгаа цалинг эх орондоо авдаг болгох, цалин хөлсийг бүтээмж ур чадвартай холбох систем бий болгох.

    • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системд шуурхай хамрагдах, ажлын байраа хайж олох илүү сайн боломжийг олгоё. “Үндэсний ажиллах хүчний мэдээллийн тогтолцоо”-г (development of an enhanced Manpower information system) бүрдүүлж, бодлого боловсруулагч, ажил олгогч, сургалт үйлчилгээний газар болон хувь хүмүүст шаардлагатай мэдээллийг улсын хэмжээгээр нэгдсэн байдлаар шуурхай хүргэх. Бүрэн зөв, тодорхой, цагаа олсон мэдээлэлгүйгээр ажиллах хүчний төлөвлөлтийг гүйцэтгэх нь бүтэхгүй асуудал юм.

    • Ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг ажлын байрны эрэлт хэрэгцээтэй уялдуулж, мөн хөтөлбөрт хөдөлмөрийн ур чадвар, чадамж, үр бүтээлч сэтгэлгээний талаар тодорхой сэдэв, агуулгыг шинээр оруулж шигтгэх, төлөвшүүлэх.

    • Иргэдэд үндсэн мэргэжлээс гадна, шаардлагатай гэж үзвэл зах зээлд илүү эрэлт хэрэгцээтэй байгаа Хоёрдогч мэргэжилд суралцах, шинээр мэргэжил олж авах тогтолцоог бүрдүүлж төрөөс дэмжлэг үзүүлэх.

    • Ажил олгогчидтой зөвшилцсөний үндсэн дээр төрөөс зохион байгуулж буй сургалт нь аж үйлдвэрийн шаардлага, хүсэлттэй нийцэж, цаашид илүү ажлын байр, өндөр цалинтай болох боломжийг бүрдүүлсэн байхаар хэрэгжүүлэх.

    • Компаниуд, ажил олгогчид өөрийн зүгээс ажиллах хүчинг бэлтгэх, сургах тал дээр нийгмийн хариуцлагыг хүлээж ажиллах хэрэгтэй байна. Өндөр хөгжилтэй орнуудад бизнес эрхлэгчид, ажил олгогчид нь Ажлын байран дахь сургалтад (on-the-job training)  ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Ингэснээр компаниуд хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчид томоохон хувь нэмрийг оруулдаг юм байна.  Ажиллах хүчний сургалтыг зөвхөн төр дангаараа хийхгүй. Өндөр ур чадвартай, хариуцлагатай ажилтантай байх нь бүхий л талуудад хэрэгтэй.

    • Ажлын байрыг шинээр гаргагч болсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тууштай дэмжиж, ажлын байраа нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд ямар нэг хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг болье.

    •  Хөдөлмөрийн чадварын тодорхой стандарт, шаардлагыг боловсруулж, эдгээрийг хангасан сургалтанд хамрагдсан ажилчныг баталж, тодорхойлох.
     
    • Нэг цэгийн ажил мэргэжлийн зөвлөлгөө өгдөг төвийг байгуулж, ажилчдад ажиллах хүчний зах зээл, ур чадварын шаардлага, ажлын байр, сургалтын талаар зөвлөлгөө, нэгдсэн мэдээллийн эх үүсвэрээр хангах.

    • “ЗӨГИЙН ҮҮР” хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаадад байгаа ур чадвартай ажиллах хүчийг эх оронд татах. 

    • Гадаад орнуудаас авч байгаа ажиллах хүчний талаар төрөөс баримтлах бодлого чиглэлээ дахин нухацтай авч үзэх. Цаашид дунд болон урт хугацаанд шинээр бүрдэж байгаа хөгжлийн боломжууд, шинэ ажлын байранд юуны өмнө үндэсний ажиллах хүчин, иргэдээ түрүүлж авдаг байх тогтолцоог эрх зүй, санхүүгийн болон зохицуулалтын олон талаас нь хангаж өгье.

    Эцэст нь “Хөдөлмөр, хөгжлийн үндэс” гэсэн сэдвийн дор нээлтээ хийж байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх Үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, ард иргэдийн маань амьдралд мэдэгдэхүйц бодит үр дүнтэй чуулган болно гэж найдаж байгаагаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.

    Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалааШҮЛХИЙНИЙ  ЭСРЭГ ВАКЦИНД 300 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Олон улсын хорио цээрт, мал, амьтны гоц халдварт энэ өвчний тархалт буурахгүй, өвчлөл гарах эрсдэл өндөр байгаа учир ОХУ-аас 600 мянган тун вакцин худалдан авах, тарилгын үйлчилгээний зардалд шаардлагатай 300 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

    БНХАУ болон Олон Улсын Цөмийн энергийн байгууллагаас буцалтгүй тусламжаар өгч байгаа 600 мянган тун вакциныг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тогтлоо. Нийт 1 сая 200 мянган тун вакциныг шүлхийгээр өвчлөх эрсдэл бүхий бүс нутгийн малыг вакцинжуулах арга хэмжээг оновчтой зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгав.

    Шүлхий өвчний тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим орон нутгийн удирдлага хангалтгүй ажиллаж байгааг Засгийн газрын гишүүд хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн 10, Дорнод аймгийн 6 суманд нийт  20938 мал шүлхийгээр өвчилснөөс 20819 малыг устгажээ. 916154 малыг вакцинжуулж үзлэг танадалт, устгал, ариутгал халдваргүйжүүлэлт хийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

    Мөн 1 сая 200 мянган тун вакциныг Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн 13 суманд хуваарилж 2,4 сая толгой малыг вакцинжуулж байна.  
    Өвчин гарсан аймгуудтай хил залгаа Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг болон Улаанбаатар хотын 330 гаруй мянган бод, 7.1 сая бог малыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, тогтмол танадалт хийж хяналтдаа авчээ.

    2010 оны 8 дугаар сард шүлхий өвчин гарснаас хойш Улсын Онцгой комисс 5 удаа хуралдан Засгийн газарт 4 удаа асуудал оруулж шийдвэрлүүллээ. Өвчний голомтонд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан 26 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг,  Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн 2 бүлэг ажилласаар байна.

    ОРХОН ГОЛЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛНА

    Орхон голын ай савд багтах Ар Улаан чулуут, Шийртийн голын өөрчилсөн гольдролыг сэргээж сэтэрсэн даланг засварлахаар боллоо. “Алтан дорнод монгол”, “Монгол газар” ХХК-ий байгаль орчинд учруулсан экологийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, нөхөн төлбөр, нөхөн сэргээлттэй холбоотой зардлыг дээрх аж ахуйн нэгжүүдээс гаргуулна.

    Мөн Орхон голын дагуу амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралд ноцтой нөлөөлж болзошгүй байгаа учир голын урсац бүрэлдэх эх, голын хөндий, ай сав газарт олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээр боллоо. 
    Гол мөрний бохирдлыг хянах, бохирдолтын эх үүсвэрийг тогтоодог явуулын лабораторийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай хөрөнгийг эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж, лабораторийг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 2011 оны төсвийн багцаас санхүүжүүлэхээр болов.

    Өвөрхангай, Архангай аймагт ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 7 дугаар сард нэгдсэн үзлэг хийхэд Орхон гол их хэмжээний бохирдолтой урсаж байгаа нь илэрчээ. “Алтан дорнод монгол”, “Монгол газар” ХХК-иуд Орхон голын урсацыг бүрдүүлж тэжээдэг Өлийн, Шийртийн, Улаан чулуут, Өлзийт тээлийн голын хөндийд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, алт олборлож байгаа юм.

    “ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

    Засгийн газрын хуралдаанаар “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. 
    Энэ нь хүн амын эрүүл мэндийг сайжруулж өсөлтийг дэмжих, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хүн амын эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.
    Хөтөлбөрт стратегийн үйл ажиллагааг үндсэн 6 чиглэлийн боловсруулж оруулсан байна.  
    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ :
      • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх
      • Нотолгоонд тулгуурласан шинэ техник, технологи нэвтрүүлсэн байх
      • Жендерийн мэдрэмжтэй байх
      • Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхдээ төрийн зохицуулалттай, салбарын онцлог бүхий зах зээлийн чиг баримжаатай байх 
      • Хөтөлбөрийн хэрэгжилт нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн санаачлага, оролцоонд тулгуурласан байх гэсэн зарчмыг баримтлах юм.  
    “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг 2010-2015 он, хоёрдугаар үе шатыг 2016-2021 онд хэрэгжүүлнэ. 

    ЗАСГИЙН ГАЗРЫН 9 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

    Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар 9 дүгээр сард “2011 оны төсвийн тухай”, “Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай”, “Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

     2011 оноос “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт сар тутам 21 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрт зориулан оюутан бүрт 500 мянган төгрөг буюу нийт 82 тэрбум, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийн даатгалд 9,3 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. БНХАУ-ын Засгийн газраас олгох 300 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Баруун бүсийн авто замын төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгожээ. Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулав. Ингэснээр дотоодод жижиглэнгээр борлуулах газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөхгүй, тогтвортой байх боломж бүрджээ.

     Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг 30 хувиар өсгөн нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмлээ. АНУ-ын Засгийн газраас олгох 9.5 сая ам долларын буцалтгүй тусламжийг “Эдийн засгийг хөгжүүлэх, Ардчилал ба засаглал” төсөлд зарцуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Нийслэлийн 1 дүгээр амаржих газрын барилгыг буулгаж амаржих газрын барилгыг шинээр барих ажлыг эхлүүллээ. БНСУ-ын буцалтгүй тусламжийн 5 сая ам долларын хөрөнгөөр “Монгол-Солонгосын Техникийн коллежийн чадавхийг сайжруулж политехник коллежи болгон өргөтгөх төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

    3300 ажилгүй хүнийг 3 жилийн хугацаанд Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдэд сургаж мэргэшүүлэн ажлын байраар хангах төсөл хэрэгжүүлэх санамж бичигт БСШУЯ, НХХЯ болон “Оюутолгой” ХХК  гарын үсэг зурсан байна. Гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэхийн тулд нийт 2,152.4 сая төгрөгийг  вакцин худалдаж авах, үйлчилгээний хөлсөнд зарцуулахаар холбогдох арга хэмжээ авлаа. Дорнод, Сүхбаатар аймагт халдваргүйтлийн болон дуудлагын үйлчилгээний зориулалтаар автомашин өгч, ариутгалын бодис, хамгаалах хувцас хэрэгсэл зэрэг  шаардлагатай бусад дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэв. Хэнтий, Дорнод аймгийн хонь, ямаан сүрэгт гоц халдварт цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин хийж дууссан байна.

    Сум бүрт Мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгж байгуулах шийд гаргалаа.  ХУД-ийн нутагт гарсан шувууны “Ньюкасл” өвчний эсрэг шуурхай арга хэмжээ авсны дүнд 21 хоногийн дотор өвчин дахиж гараагүй учир хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. 12 аймгийн 1729 өрхийг 3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр малжуулах хуваарь, санхүүжилтийг батлан мөнгийг нь аймгуудад шилжүүлжээ. “Байгаль хамгаалах намрын аян”-ыг 3 үе шаттайгаар орон даяар зохион байгуулж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сантай хамтран “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зуржээ. 

    ТОВЧХОН

    • Төмөр замаар тээвэрлэх тарифын тухай Монгол Улсын засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, оросын талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүхээр ахлуулан байгуулав.

    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийн талаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган  хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

    • Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, С.Оюун, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Д.Энхбат нарын санаачлан боловсруулсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаараар тогтлоо. 

    • Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Н.Батбаяр, Ц.Цэнгэл нарын санаачлан боловсруулсан “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж тодорхой саналуудыг хууль санаачлагч нарт уламжлахаар болов.

    •  “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр“-ийг байгуулах нь зүйтэй гэж үзэв. 

    • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 10 дугаар сарын 27-29-ний өдөр Япон Улсын Нагоя хотноо болох Биологийн олон янз байдлын тухай олон улсын Конвенцийн талуудын 10 дугаар бага хурлын сайд нарын дээд хэмжээний уулзалтад яамны гадаад арга хэмжээний зардлаар оролцохыг зөвшөөрөв. 
     
    • 2010 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын 8 дугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, комиссын монголын хэсгийн дарга Т.Бадамжунайд зөвшөөрлөө. Хурлаар бараа солилцоо, худалдааг өргөжүүлэх, ажиллах хүч болон газар тариалан, усжуулалт, далайн тээвэр, уламжлалт анагаах ухаан, ойжуулалт, төмөр замын өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын чиглэлээр ярилцаж тохиролцоонд хүрэх зорилго тавьжээ

  • ХБНГУ-тай дэд бүтцийн салбарт хамтран ажиллана

    ХХБНГУ-тай дэд бүтцийн салбарт хамтран ажилланаБНГУ-тай төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэрийн салбарт хамтран ажиллахыг Засгийн газар дэмжинэ гэж  Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Петер Рамзауэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа ингэж хэлэв.

    Хоёр улсын улс төрийн харилцаанаас гадна худалдаа, эдийн засаг, нийгмийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж харилцаагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх ёстой. Монгол Улс өргөн уудам нутаг, уул уурхай болон хөдөө аж ахуйн их баялагтай бол ХБНГУ-ын өндөр техник, технологитой. Эдгээрийг  хослуулж харилцан ашигтай ажиллахын төлөө байна. Үүнд эрхэм сайдын айлчлал  ихээхэн хувь нэмэр оруулна гэж тэрээр тэмдэглэлээ. Монгол Улсын хөгжлийн загвар нь Европын холбоо, тэр дундаа ХБНГУ юм. Энэ үүднээс Европын стандартыг өөрийнхөө онцлогт тохируулан эх орондоо нутагшуулах чиглэлээр ч багагүй ажил хийж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлэв.

    ХБНГУ-ын Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Петр Рамзауэр манай улсад хийж байгаа айлчлалынхаа үеэр төмөр замын салбарт хамтран ажиллах талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдтай ярилцсан байна. ХБНГУ-ын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт татан оруулах сонирхол байна. Мөн автозам, агаарын тээврийн чиглэлээр хамтран ажиллавал үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийллээ.

    Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан ХБНГУ-ын Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга цаашид хөдөө аж ахуйн салбарт шинэ техник, технологи нэвтрүүлж сургалт явуулах боломж байгааг Ерөнхий сайдад танилцууллаа

  • Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийлээ

    уих, мэдээлэлМонгол улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны аравдугаар сарын 8-ны УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан дээр 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

    Засгийн газраас ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах зорилгоор холбогдох яамдад чиглэл өгөн ажиллаж байгааг Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ дурдав. Түүнчлэн түлш эрчим хүч, мал аж ахуй , хадлан тэжээл зэрэг чиглэлээр тодорхой ажлууд хийж байгааг дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд засгийн газрын тэргүүн болон танхимын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.  Эрхэм гишүүдийг саяхан тойрогтоо ажиллах үеэр иргэд Засгийн газрыг сайн ажиллаж байгааг, ард түмэндээ ойрхон чухал шийдвэрүүдийг гаргаж байгааг сайшаажээ. Энэ тухай ч гишүүд асуултандаа дурдаж байлаа.

    Тухайлбал Х.Жекей гишүүн “ Засгийн газар сайн ажиллаж байгааг очсон газар бүрт иргэд ярьж байна. Баруун бүсийн нэмэгдлийн асуудлыг түргэн шийдэж өгөх боломж бий эсэх,  махны экспортод ямар саад бэрхшээл учирч байгааг, мөн баруун аймгуудад гурилын үнийг бууруулах талаар Засгийн газар ямар бодлого барин ажиллаж байгааг ” лавлаж байсан бол О.Чулуунбат, А.Тлейхан, Ш.Сайхансамбуу нарын гишүүд ч мөн энэ санааг илэрхийлж байлаа.

    Гишүүдийн  асуултын хариултаас үзэхэд манай улсад малын шүлхий өвчин гарсан учир салаа туурайтай малын махын экспортыг хориглоод байгаа бөгөөд  одоогийн байдлаар зөвхөн адууны махыг л гаргаж байгаа юм байна. Эрүүл малын мах экспортлох хүсэлтээ манай улс хэд хэдэн оронд  илэрхийлснээс  Иран, Саудын араб, Индонезоос нааштай хариу ирсэн ажээ. Харин баруун бүсийн нэмэгдлийн тухайд Ерөнхий сайдыг баруун аймгуудад ажиллах үеэр ч энэ асуудал маш ихээр хөндөгдөж байсан юм. Орон нутагт ажилласан томилолтын дагуу гүйцэтгэх засаглалын тэргүүн Засгийн газрын тогтоол гарган  ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд уг асуудал шийдэгдэх болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар дурдлаа

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл2010 оны 10 дугаар сарын 8

    Төрийн ордон

    2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын тухай

    Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ.
    Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

    Улсын Их Хурлын чуулганы  хуралдааны дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээллийн цагаар миний бие 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл хийж байна. Засгийн газраас  2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах зорилгоор холбогдох яамдад чиглэл өгөн ажиллаж ирлээ.

    2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар түлш, эрчим хүч; мал аж ахуй; зам, тээвэр, барилга, нийтийн аж ахуй  болон бусад салбарын 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хөрөнгийн болон зохион байгуулалтын хэд хэдэн асуудлыг шийдвэрлэн холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой асуудлуудаар үүрэг даалгаврыг өгч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.

    Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс базаах талаар Засгийн газар нилээд анхаарал тавьж ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрээр нүүрсний аюулгүй нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж дулааны цахилгаан станцуудыг нүүрс нөөцлөх эргэлтийн  хөрөнгөтэй  болгож,  улмаар  “Багануур”ХК,  “Шивээ-Овоо”,  “Шарын гол” ХК-иудын өр авлагыг барагдуулах, эдгээр компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах, их засварын ажлаа хийх  нөхцөлийг бүрдүүлэх, түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 4.9 (дөрвөн тэрбум есөн зуун сая) тэрбум төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээний үндсэн дээр ашиглуулж 2010 онд багтаан төрийн өмчит дулааны цахилгаан станцуудаас буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд цахилгаан станцууд нүүрсний төлбөрөө уурхайнуудад төлж чадахгүй байсан гол хүндрэл арилж, цахилгаан станцууд 2010 оны хувьд уурхайнуудад өргүй, харин илүү төлөлттэй байна гэсэн дүн мэдээтэй байна.

     2010 оны 10  дугаар сарын 1-ний байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц нүүрсний салбарт 91.9, эрчим хүчний салбарт 86.0,  аймаг, нийслэлийн ус суваг, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын дүнгээр 91.2 хувийн биелэлттэй, уурхайнуудын  авахад   бэлэн   нүүрсний  нөөц  965,0 мян. тонн байна. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг өвлийн их ачааллын үед 20 хоногийн нөөцтэй буюу 278,7 мянган тонн байлгахаар төлөвлөж байгаа бөгөөд  өнөөдрийн байдлаар 237,0 мянган тонн нүүрсний нөөцтэй байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 57,0 мянган тонноор илүү байна. Улаанбаатар хотын өвлийн бэлтгэл ажлын явц 10 дугаар сарын 1-ны байдлаар 95,1 хувьтай, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа компанийн орон сууцнууд халаалтаа 100.0 хувь авсан байна.

    Засгийн газрын нөөц сангаас  Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн Дулааны станцийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж 783.0 сая төгрөгийг гаргасан.  Харин Сэлэнгэ, Дорноговь аймгийн дулааны станцуудын засварын ажил хөрөнгө, санхүүгийн дутагдлаас шалтгаалан хугацаа алдан оройтож эхэлсэн бөгөөд  Сэлэнгэ аймгийн дулааны станцын өвлийн бэлтгэл ажил дунджаар 50.0 хувьтай, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын дулааны станц 65.0 хувьтай, Дорноговь аймгийн дулааны станц хөрөнгийн дутагдлаас шалтгаалан төлөвлөсөн засвараа бүрэн хийж чадаагүй байгаа тул Сэлэнгэ, Дорноговь аймгийн төв болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын дулаан хангамжийн асуудлыг найдвартай болгох асуудлыг үлдсэн хугацаанд зохицуулж шийдвэрлэхээр ажиллаж  байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилтөд Засгийн газар анхаарлаа хандуулж, онцын хүндрэл бэрхшээлгүй даван туулах талаар нилээд ажил зохион байгуулан хэрэгжүүлэхээр  ажиллаж байна.

    Энэ жил улсын хэмжээнд 164,0 мянган малчин өрхөд 35,7 сая толгой малыг өвөлжүүлэх урьдчилсан тооцоо гарсан байна. Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд нийт 995,3 мянган тонн хадлан, 58,4 мянган тонн ногоон болон гар тэжээл бэлтгэх, түүний дотор аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт нийт малыг 30-аас доошгүй хоног нэмэгдэл тэжээлээр тэжээх хэмжээний өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх даалгавар өгсөн. Нийт нутгаар зуншлага, бэлчээрийн ургац сайн байгаа тул хадлан, тэжээл бэлтгэх ажилд 90,2 мянган хүн, 8242 том, жижиг оврын техник ажиллаж байгаа нь өнгөрсөн оныхоос ажиллах хүчний тоо 35,2 хувиар, техник хэрэгсэлийн тоо 40,0 гаруй хувиар илүү байна.

    Мөн орон нутагт хадлангийн техник хэрэгсэлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 940,0 сая төгрөгийн хөрөнгөөр хадлангийн 151 иж бүрдэл трактор, техник хэрэгсэлийг худалдан авч малчид, иргэдэд 50 хувийн хөнгөлтэй үнээр нийлүүлсэн байна. Үүнээс гадна  гадаад орон, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хадлан, тэжээлийн техник хэрэгсэлийг худалдан авч Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Орхон аймгуудад хөнгөлттэй нөхцлөөр олгосон нь хадлан бэлтгэлийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц боллоо.“Малын тэжээл” хөтөлбөрийн хүрээнд Архангай, Төв, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг аймагт ногоон тэжээл тариалах жил болгон зарлаж нийт 230,0 сая төгрөгийн үнэ бүхий 200,0 тн ногоон тэжээлийн үр олгон тариалалтыг зохион байгуулснаар дээрх аймгуудад таримал тэжээлийн хэмжээ өмнөх оныхоос 1,5 дахин нэмэгдлээ.  

    Орон нутагтаа хадлан бэлтгэх боломжгүй говийн аймагт Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгаас нөөц хадлангийн 170,0 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон бөгөөд Дундговь, Өмнөговь аймагт төвийн бүсээс худалдан авсан өвсийг сумдад татаж тээвэрлэхэд зориулан 300,0 сая төгрөгийн хөрөнгийг олгосон  болно.  Дээрх арга хэмжээний үр дүнд улсын хэмжээнд 995,3 мян.тн байгалийн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс 1 сая 53 мянган тн байгалийн хадланг  бэлтгээд байгаа нь өнгөрсөн оныхоос 96,0 мянган тн-оор илүү буюу 105,8 хувьтай байна.

    Өнгөрсөн жилийн зудын хүндрэлийг даван туулахад зориулан  Оросын Холбооны Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгосон 56,8 мянган тн тэжээлийн арвай буудайг орон нутгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Засгийн газрын шийдвэрээр хувиарлан олгохоор шийдвэрлэж, аймаг, нийслэлд нийт 31,2 мянган тн-ыг, 25,6 мянган тн-ыг хорголжин тэжээл бэлтгүүлэх зориулалтаар улсын нөөцөд авсан нь тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.  

    Өнгөрсөн жил улсын нөөцөд хадгалагдаж байсан өвс, тэжээлийн ихэнх хувийг Засгийн газрын шийдвэрээр орон нутагт хувиарлан олгосон тул нөөцийг тогтоосон тоо, хэмжээнд нь нөхөн бүрдүүлэх  ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу улсын төсвийн хөрөнгө болон өвс, тэжээлийг худалдан борлуулсны орлогоор зохион байгуулж байна. 2010 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар 2010 оны батлагдсан төсвийн хүрээнд улсын нөөцөд бэлтгэх шаардлагатай малын тэжээлийн 69,0 хувь, өвсний 42,0 хувийг бүрдүүлээд байгаа бөгөөд 11 дүгээр сард багтаан 100 хувь бүрдүүлж аймаг, орон нутгийн цэгүүдэд байршуулахаар бэлтгэж байна.

    Хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах үндсэн зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд шинэ худаг барьж байгуулахад 3.5 тэрбум, газрын доорхи усны хайгуулын ажилд 500.0 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж,  19 аймагт инженерийн хийцтэй 258 худаг шинээр барьж байгуулахаас 193 худгийг  ашиглалтад хүлээлгэн өгсөн. 

    Түүнчлэн бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад АНУ-ын Мянганы сорилтын сангийн төслөөс нийт 3,1 сая ам.долларын хөрөнгө гарган Уланбаатар, Дархан-уул, Орхон, Өвөрхангай, Дорнод аймагт инженерийн хийцтэй 300 орчим худгийг шинээр  гаргах  ажлыг энэ оны 10 дугаар сараас зохион байгуулж хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай аймагт инженерийн  хийцтэй  27 худгийг шинээр барьж,  16 худгийг  сэргээн засварлах  ажлыг хийж дуусгаад байна. Дээрх арга хэмжээний үр дүнд 2010 онд нийт 301 инженерийн хийцтэй худгийг  ашиглалтад хүлээлгэн   өгснөөр  1500 гаруй малчин өрх болон 1,3 сая гаруй малыг усаар хангах боломжийг бүрдүүллээ.  

    Ургац хураалтын ажлын явцын талаар Та бүхэнд сонордуулъя.

    Энэ жил улсын хэмжээнд 329.8  мянган тонн буудай, 156.1  мянган тонн төмс, 90.1 мянган тонн хүнсний ногоо, 20.5 мянган тонн  тосны ургамал, 19.6 мянган тонн  малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар ургацын урьдчилсан  балансаар тогтоогдсон. Өнөөдөр хийж байгаа мэдээллийн танилцуулгыг Та бүхэнд урьдчилан тараасан тул дэлгэрэнгүй тоо баримтыг дурдалгүйгээр дүгнэж хэлэхэд үр тариа хураалт 89,5 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 95.9 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 7,5 мянган тонноор, төмс хүнсний ногоо 3,8 мянган тонноор илүү байна. 

    Бусад салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч дурдая. Өвлийн цаг агаарын хүндрэлтэй үед авто, замын байгууламжийг авто тээврийн хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор авто замын цэгүүдэд ажиллах шуурхай ажлын хэсгийг байгуулж ажиллуулах бэлтгэлийг хангалаа. Тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэнд нь хангагдсан байна. Нийслэлийн нийтийн тээврийн өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу автопаркуудын дулаан, цэвэр усны шугам сүлжээний засварын ажил хийж дууссан ба өвлийг хүндрэлгүй давах бүрэн боломжтой байна. Тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэнд нь хангагдлаа. 

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 187 барилгад их засвар хийгдсэнээс боловсролын салбарын 150 барилгыг засварласан байна.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хэмжээнд их засварын ажлын гүйцэтгэл 98,0 хувьтай байна. 2010-2011 оны хичээлийн шинэ жил эхлэхэд Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Сэлэнгэ аймгууд сургууль, цэцэрлэг их засварын ажлаа цаг хугацаанд нь бүрэн дуусгасан байна.

    Энэ хавар Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Увс аймгуудын нутагт болсон байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас боловсролын салбарын барилга байгууламжид 219.1 сая төгрөгийн хохирол учирсныг боловсролын салбарын их засварын хөрөнгөөс хуваарилан яаралтай засварлах ажлыг хийж дуусгаад байна. Тухайлбал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын  сургуулийн уурын зуухны барилгын их засвар, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын цэцэрлэгийн барилгын дээврийн их засвар, Булган аймгийн Сэлэнгэ сумын  сургуулийн дотуур байрны барилгын сантехникийн их засвар, Булган аймгийн Бугат сумын дотуур байр, соёлын төв, цэцэрлэгийн барилгуудын нэгдсэн уурын зууханд их засвар хийлээ.

    2010 оны улсын төсөв, төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар нэмэгдсэний дүнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажилд өмнөх оноос бодитой ахиц гарлаа. Эрүүл мэндийн салбарт он дамжсан 10 барилга байгууламжид  7.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээс Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эмнэлгүүд ашиглалтад орж, Баян-Өлгий, Төв, Өвөрхангай аймгийн спорт цогцолборын барилга, Ховд, Баянхонгор аймгийн төрөх эмнэлгийн барилгыг  ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Энэ онд шинээр эхлэх 26 барилгад 12,3 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн бөгөөд 54 барилга байгууламжид хийх засварын ажлын гүйцэтгэл 81.0 хувьтай, биеийн тамир, спортын салбарын  засварын ажил бүрэн хийгдсэн байна.

    Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын парк шинэчлэл амжилттай хийгдэж 131 автомашиныг аймаг, сумын эмнэлгүүдэд олгоод байна. Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг бүхэлд нь авч үзэхэд засвар, үйлчилгээ хийх ажлын төлөвлөгөө үндсэндээ биелэгдэж, шинээр эхлэх томоохон барилгуудын суурь тавигдаж, машин, тоног төхөөрөмж, эм, бараа худалдан авах ажил бүрэн хийгдсан байна. 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан бөгөөд, дутуу, хүндрэлтэй асуудлуудыг үлдсэн хугацаанд шийдвэрлэхээр Засгийн газар ажиллаж байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” зөвлөлгөөнд хэлсэн үг

    “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” зөвлөлгөөнд хэлсэн үг Юуны өмнө энд хуран цугласан эрдэмтэд, судлаачид та бүхний энэ өдрийн амрыг эрье! Чухал  сэдвээр та бүхэн зөвлөлгөөн хийж байгаад баяртай байна. Аливаа хөгжил шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд суурилан хөгжиж урагшилж явдаг. Иймд өнөөдрийн зөвлөлгөөнөөс шинжлэх ухаан, үйлдвэрлэл хосолсон хөгжлийн бодлого боловсруулах шинэ санаануудыг тусгасан зөвлөмж гарах байх гэдэгт найдаж байна.

    Би өнгөрсөн зургадугаар сард ШУА-ийн удирдлагуудыг урьж уулзаж, цаашид улс орны хөгжлийг шинжлэх ухаантай яаж уялдуулах, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг яаж уялдуулан хөгжүүлэх талаар саналаа солилцсон. Энэ ярилцлагын хүрээнд өнөөдөр энэ зөвлөгөөнийг хийж байна гэж ойлгож байна. Манай орны хөгжлийг авч үзэхэд нэлээд нааштай зүйлүүд их байгаа боловч анхаарах зүйл бас их байна. Дэлхийн банкнаас гаргадаг өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс чамгүй урагшилж 18 пунктээр урагш ахисан үзүүлэлт гарсан. Гэвч энэ бол тууштай биш үзүүлэлт юм. Би хойш татаж байгаа зүйлүүдийн талаар яримаар байна. Манай улсын дэд бүтэц, санхүүгийн тогтолцооны хангалтгүй байдал, технологийн инновацийн  хөгжил сул дорой  байна гэсэн шалгуурт орсон байна.  Иймд бид энэ тал дээр дүгнэлт хийх ёстой.

    Дараагийн нэг анхаарах асуудал бол нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр хөгжүүлэх явдал юм. Манай үндсэн үйлдвэрлэл бол хөдөө аж ахуй, уул уурхай. Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнд  аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь 28.7 хувь, түүн дотроо боловсруулах үйлдвэрийн салбарын эзлэх хувь дөнгөж 6 хувь байна. Манай орны экспортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг ба өртөг шингээж чадахгүй, бүтээгдэхүүнээ түүхий эд чигээр нь гаргаж байна гэсэн үг юм.

     Манай орны бас нэг бэрхшээл бол далайд гарцгүй орны зардал юм. Бид дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг далайд гарцгүйгээсээ болж гаргаж байна. Тухайлбал, зэсээр жишээ авахад 25 хувийн баяжмал, 75 хувийг шороог зөөж байна гэсэн үг юм. Бид түүхий эдээ түүхийгээр нь гадаадад гаргаж, дээрээс нь далайд гарцгүйн улмаас транзит тээврийн  зардал нэмэгдэж байгаа юм. Үүнд бид анхаарах ёстой. Яаж бид үндэсний эдийн засгаа үр өгөөжтэй, нэмүү өртөг шингэсэн байх их гарааг яаж тодорхойлох, төр засгаас бодлогоор яаж дэмжих талаар цогц бодлого боловсруулах хэрэгтэй байна.

    Манай орныг эмзэг эдийн засагтай гэж гадаадад үздэг. 1-2 зүйлийн бүтээгдэхүүний зах зээлээс шууд хамаардаг эдийн засгийг эмзэг гэж нэрлэх бөгөөд манай эдийн засаг бол ганцхан зэсийн зах зээлээс шууд хамаарч байгаа юм.  Сүүлийн үед түүхийгээр гаргаж буй бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж байна. Иймд экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх, төрлийг нь нэмэгдүүлэх, ганц бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг нь багасгахад бид бодлогоо хандуулах ёстой.

     Манайд мэдлэгт суурилсан эдийн засгийн суурийг тавих талаар хийсэн зүйл бий. Бид Мянганы хөгжилд суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулсан. Шүүмжлэл их байдаг. Энэ нь хэр үндэслэлтэй юм бол, үнэхээр хэт өргөн дэлгэрэнгүй, бүхий л салбарыг хамарснаас алдаа гарсан уу гэдгийг бодох л хэрэгтэй. Гадаадын орнуудын туршлагаас харахад тодорхой салбарыг сонгон авч, түүнийг хөгжүүлэх зорилт, түүндээ хүрэх арга замыг тодорхойлсон байдаг. Бид Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог байгуулсан,  манай орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийг гаргаж, хөгжлийн зорилт, түүнд хүрэх арга замыг тодорхойлох үүрэгтэй  байгууллага.  УИХ-аас Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх шаардлагатай томоохон төслүүдийн жагсаалтыг  гаргаад  байна.

    Өндөр технологийг хөгжүүлэх баримт бичгийг гаргалаа. Удирдлагын институтийг боловсронгуй болгох арга хэмжээ авч байна.  Мөн өндөр технологийг хөгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
    Улсын хөгжлийн бодлогын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс “Хөгжлийн банк”-ийг байгуулахаар болоод байна. Энд мөн улс орны томоохон асуудлууд тэр дотроо шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог  дэмжсэн томоохон төслүүдийг дэмжих, санхүүжүүлэх зорилготой. 
    Мөн эрхзүйн орчныг боловсронгуй болгоход тодорхой алхмуудыг хийж байна. Бид концепцийн хууль, үйлдвэрийн технологийн паркийн эдийн засгийн орчны тухай хууль, төрөөс аж үйлдвэрийн парк байгуулах тухай хууль зэрэг олон хуулиудыг батлан гаргаад байна.

    Бодлогын хөгжлийн талаар үйлдвэржилтийн хөтөлбөрийг 2009 онд баталсан бол энэ онд “Зөгийн үүр” хөтөлбөрийг батлан гаргалаа. Энэ хөтөлбөрөөрөө гадаад оронд ажиллаж амьдарч байгаа үндэсний мэргэжилтнүүдээ татаж авчрах бодлого баримталж байна. Энэ мэт олон арга хэмжээнүүдийг бид авч хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид ч олон арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Та бүхний зохион байгуулж байгаа энэ зөвлөлгөөнөөс ч гэсэн олон арга хэмжээний шинэлэг санаанууд гарна гэж найдаж байна. Эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны ажил, их дээд сургуулийн эрдэмтэн багш нарын оюуны чадамжийг хэрхэн уялдуулах, санхүүжилтийн шинэ эх үүсвэр олох, гаднын орны дэвшилтэт технологиудыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах зэрэгт анхаарах шаардлагатай байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд суурь судалгааны ажлаас гадна шинжлэх ухаан технологийн төслийн хавсарга судалгааг хийхэд илүү анхаарч орчин үеийн шинэлэг стандарт, аргазүй, аргачлалыг сурч эзэмших зорилтыг хэрэгжүүлэх нь чухал юм. Үүнийг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

    ШУА-ийн удирдлагуудтай уулзсан уулзалтын үеэр бид ярьсан. Бидний адил хөгжиж байгаа ижил төстэй орны шинжлэх ухааны ололт амжилтаас судалъя. Тухайлбал Зүүн Европын орнуудын стандартыг  судлах, зөв зүйтэйг нь авч хэрэгжүүлье. Яагаад вэ гэвэл, социализмын үед бид СЭВ-ийн орнуудын түвшинд нэг ижил стандартыг мөрдөн ажилладаг байсан. Одоо тэр орнууд маань Европын холбооны бүрэлдэхүүнд орж нэг айл болж, Холбооны Герман, Англи зэрэг өндөр  хөгжилтэй орнуудын стандартыг аваад хөгжиж байна. Иймд бид Европын холбооны гишүүн орнуудтай түншлэл, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулахаар тохиролцоод байна.

    Дараагийн нэг чиглэл бол технологийн асуудал юм. Технологийн хувьд бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж ирсэн. Тэгвэл одоо өөрийн орны нөхцөлд тохирсон гаднын технологийг шилжүүлэх, нутагшуулахад илүү их анхаарах шаардлагатай байна.  Би саяхан Канад улсад айлчлаад ирлээ. Канад улсын хөгжил, зан заншил өөр ч гэсэн байгаль цаг агаар нь манайхтай адил, өвлийн хүйтэнд 50 хэм хүртэл хүйтэрдэг нь жирийн үзэгдэл, цэвдэг хөрстэй, хүйтэн орон юм. Энд эдийн засгийн дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй маш сайн технологиор хөгжсөн байна. Иймд энэ технологиудыг өөрийн оронд шилжүүлэх, нутагшуулах чиглэлээр судлах  хэрэгтэй байна.  Канад улсын эдийн засгийн гол салбар нь  манайхтай адил  хөдөө аж ахуй, уул уурхай байсан. Энэ салбаруудын хөгжлөөрөө загвар орон болсон төдийгүй Чили улсад Канадын уул уурхайн технологи нэвтэрсэн байна. Иймд бид байгаль цаг уурын  ижил төстэй орны хувьд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, мал аж ахуй, зам барилгад өөрийн өртөг багатай технологийг нэвтрүүлэх, хуулбарлах, шилжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр гаднын холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлэх болно.

    АНУ-ын Натогийн цэргийн командлагчаар ажиллаж байсан, одоо эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаа  нэр хүнд бүхий генералтай уулзахад надад нэг зүйл хэлсэн юм. Та нар Хятадын хөгжлийг анхааралтай хар. Хөгжлийн гол түлхүүр нууц нь өндөр хөгжилтэй гадаадын орны  технологийг нутагшуулах, шилжүүлэхийг төрийн бодлого болгосон явдал юм гэж ярьсан. Иймд бид гаднын дэвшилтэт технологиудыг шилжүүлэх, нутагшуулахад их анхаарах хэрэгтэй.

    Бидэнд санхүү мөнгө, эрхзүйн орчин гэх мэт олон зовлон бэрхшээл бий. Судалгааны ажлын бодит үр дүн гарч чадахгүй байна. Энэ талаар бодлогын асуудлыг хөндсөн  үр дүнтэй зөвлөлгөөн болох байх. Энэ зөвлөлгөөнд их ач холбогдолтой нэр өгсөн байна. Энэ нэрийг агуулгаар баяжуулсан  зөвлөлгөөн болно гэж найдаж энэхүү зөвлөгөөнийг нээж байна.

  • Төв аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболдын Төв аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгЗуунмод хот 2010 оны 10 дугаар сарын 7

    Эрхэм хүндэт Төв аймгийн нийт ард иргэд ээ
    Та бүхэн минь Тавтай сайхан намаржиж байна уу?

    Намрын нар ээсэн өдрүүд үргэлжилж, ургац хураах, өвөлжилтийн бэлтгэл хангах их ажил өрнөсөн энэ цаг үед домог түүхт Богдхаан уулаа түшин орших Төв сайхан нутгийн ард иргэд Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.

    Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би энэ онд бүх аймгаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах, Засгийн газраас хэрэгжүүлж  байгаа болон хийхээр төлөвлөж буй ажлаа олон түмэндээ тайлагнан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин ажиллаж байгаа юм. Ийм зорилгоор наадмын дараахнаас төв, баруун болон говийн бүсийн 17 аймгаар явж, иргэдтэйгээ уулзаж, ахуй амьдрал, ажил байдалтай нь танилцлаа.

    Аймгууд өөр өөрийн онцлогтой олон сайхан бүтээлч ажил хийж хэрэгжүүлэн, зарим үр дүнд хүрч байгаа нь сайшаалтай. Үүний зэрэгцээ төр, засгийн хэмжээнд анхааралдаа авч нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх асуудал ч цөөнгүй байгаа нь уулзсан орон нутгийн удирдлагууд, ард иргэдийн маань санал хүсэлтээс илт харагдаж байна. 

    Өнгөрсөн хугацаанд ажилласан аймгуудынхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаар хоёр ч удаа тусгайлан хэлэлцэж, тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Тодруулан хэлэхэд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бирж болон мах боловсруулах үйлдвэрийн сүлжээ байгуулах, малгүй болсон малчдын банкны зээлийн өрийн зарим хэсгийг “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт хүртээх хишиг, хувиас нөхөн төлүүлэх, зарим аймаг, суманд нэн шаардлагатай бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг  шийдвэрлэх зэргээр ажиллаж байна.

    Энэ удаа би аймгийн ард иргэд та бүхэнтэйгээ уулзаж улс орон, төр засгийн үйл ажиллагаа, орон нутгийн олон тулгамдсан асуудлаар санал солилцож, заримыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой өргөн бүрэлдэхүүнтэй ирж уулзаж байна. Эрс тэс уур амьсгал, эмзэг онгон хөрс, ургамалтай манай орны хувьд  байгаль, экологийн сөрөг өөрчлөлтийн үр дагавар хурцаар мэдрэгдэх боллоо.  Дулааны улирлын хугацаа богиносож, хэт халалт, хүйтрэлт, хуурайшилт явагдаж бэлчээрийн даац хомсдсон нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл түшиглэн амьдарч буй  иргэдийн амьдралд хүндээр тусах боллоо. 

    Үүнд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг анх удаа цөлжилт ихээр явагдаж  байгаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг Гашууны хоолойд хийлээ. Хуралдаанаар  манай оронд төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгарч буй цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж, хурдацтай явагдах цөлжилт түүний дэлхий дахинд үзүүлж буй нөлөөллийн асуудалд бусад орны анхаарлыг хандуулах зорилтыг тавьсан юм. Монгол оронд хэрэгжүүлэх Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийг Засгийн газрын дээрх хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
     
    Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын зэрэгцээ, эцэг өвгөдөөс үлдээсэн баялагийг зөв зохистой ашиглан эдийн засгаа тэлэх, хүн ардынхаа хөгжил дэвшил, сайн сайхан амьдрах  нөхцлийг  бүрдүүлэх нь  Засгийн газар бүрийн  эрхэм зорилт төдийгүй түүний сорилт, шалгуур болдог. Энэ жишгийн дагуу манай хамтарсан Засгийн газар асуудлын хүнд бэрхээс халгаж халшралгүй, өнөө маргаашаар аргацаалгүйгээр ирээдүйд үр дүнгээ өгөх их бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

    Их бүтээн байгуулалтын ажлын гол зорилго нь улс орноо аж үйлдвэржүүлэхэд оршино. Учир нь орчин үеийн эдийн засгийн өсөлтийн үндэс тулгуур нь аж үйлдвэржүүлэлт, өндөр технологи, мэдлэг мэдээлэл боллоо.  Тиймээс ч аж үйлдвэржүүлэх бодлого улс орны маань хөгжлийг шинэ шатанд гаргана хэмээн манай Засгийн газар үзэж байгаа юм.

    Манай орны их бүтээн байгуулалт, эрчимтэй хөгжил, Засгийн газраас явуулж буй эдийн засгийн шинэчлэлийн асуудлыг дэлхийн олон улс орон, хөрөнгө оруулагчид багагүй сонирхож тодорхой санал, санаачилга гаргаж байна. Өөрөөр хэлбэл Монгол улс маань дэлхийн анхаарлын төвд байна. Хэдхэн хоногийн өмнө миний бие АНУ-д болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний хуралдаанд оролцож, Канад, Японд айлчлахад энэ хандлага улам бүр нэмэгдэж байгааг мэдэрлээ.
     
     Эрхэм хүндэт ард, иргэд ээ!

    Улс оронд олон жилийн туршид яригдаж байсан боловч бүрэн шийдэж чадаагүй асуудлуудын зангилааг хамтарсан Засгийн газар тайлж, бүтээн байгуулалтын зарим томоохон ажлыг эхлүүллээ. Тухайлбал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар одоо үйлдвэрлэлийн бэлтгэл ажил ид өрнөж байна.

    Мөн Таван толгойн орд газрыг ашиглах талаарх төрийн бодлого, үзэл баримтлалыг Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр  Монгол улсын иргэн бүр эх орныхоо байгалийн баялгаас хишиг хүртэх, орд газрыг эзэмших болон түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажилд манай иргэд, дотоодын аж ахуйн нэгж  давуу эрхтэйгээр оролцох, цаашид үндэсний компаниудын өсөн бэхжих бодлого эрх зүйн үндэс баталгаажиж байгаа юм. Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэлүүд ч ач холбогдлоо өгч эхэллээ. Тухайлбал, оны эхний саруудын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдэж, өнөөгийн байдлаар зөвхөн Оюу толгой төсөлд 3600 гаруй монгол ажилчид ажиллаж байна. 

    Үүнээс гадна манай хувийн хэвшлийнхэн Өмнөговь аймгийн Ухаа худаг, Нарийн сухайт, Сэлэнгэ аймгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, түүнийг дагалдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчтэй өрнөж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр дулааны цахилгаан станцыг барьж байгуулж байна. Ийнхүү ашигт малтмал, уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил эх орны маань өнцөг булан бүрт өрнөж эхэллээ.

    Үйлдвэрлэлийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилбэл 2012 оноос Таван толгойн, 2013 оноос Оюутолгойн орд газрын үндсэн олборлолт эхэлж, түүхий эд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргана. Ашигт малтмалыг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ ажлын байраар хангах, элбэг хангалуун амьдруулахад төр засаг бодлогоо чиглүүлж байна.

    Оюутолгойн үндсэн олборлолт эхлэхэд Эрдэнэт үйлдвэрээс 3 дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоо судалгаа бий. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байсан зарим он жилд Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн орлогын 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан. Ойрын жилүүдэд Оюутолгой, Тавантолгойд бий болж байгаа томоохон бүтээн байгуулалтын үр дүнд Монгол улсын төсөв болон хүн амыг ирэх 30-40 жилд мөнгөн орлогоор тасралтгүй хангах болно. Аж үйлдвэржилтийн бодлогыг цогцоор хэрэгжүүлснээр улс орны хөгжил шинэ шатанд гарна гэсэн төсөөлөл, тооцоо байна. 

    Засгийн газраас баталсан “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” зэрэг баримт бичиг нь энэхүү бодлого, зорилгод чиглэж байгаа юм. Эдгээр хөтөлбөр, чиглэлийн дагуу улс орны эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор Оюутолгой, Тавантолгойн орд газрыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолборыг Сайншандад байгуулахаар зорьж ажиллаж байна. Аж үйлдвэрийн цогцолбор  байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, газрын тос боловсруулах, хар металлургийн, кокс химийн, нүүрс химийн, барилгын материалын үйлдвэр зэрэг улс орны цаашдын хөгжлийг тодорхойлсон томоохон үйлдвэр баригдана.

    Ингэснээр Монгол Улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох боломжтой болно. Томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж, хэдэн мянган шинэ ажлын байр бий болж, орчин үеийн аж үйлдвэрийн хот, төвүүд үүснэ.

    Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар урьдчилсан тооцоогоор манай улсын эдийн засгийн бодит өсөлт эрс хурдацтай нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 60 орчим хувьд хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин нэмэгдэх, өрх гэр бүлийн орлого хурдацтай өсөх зэргээр ард иргэдийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарна гэсэн тооцоо байна.
     
    Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад эхний ээлжинд нийт 5000 гаруй инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчин шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо гарлаа. Тиймээс ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн, одоогоор ажилгүй байгаа залуучуудыг инженер техник, гагнуурчин, бетон цутгагч, засварчин зэрэг ажил мэргэжлээр сургах шийдвэрийг манай Засгийн газар гаргасан. Энэ онд эхний удаа 3000 гаруй залуучуудыг ямар нэгэн төлбөргүйгээр холбогдох чиглэлийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд  сургаж эхэллээ.

    Ингэхдээ орон нутгаас, иргэдээс гаргасан санал хүсэлтийн дагуу аймаг тус бүрээс суралцах залуучуудын квот гаргаж, бүтээн байгуулалтын ажилд бүх аймгийн залуучуудыг адил тэгш хамруулна. Тиймээс залуучуудын маань өөрсдийн сахилга хариуцлага, санаачлагатай байдлаас л олон зүйл шалтгаалах болно гэдгийг сайтар ухаарч, анхааран суралцах  ёстой.
     
    Саяхан батлагдсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн нийт 1000 гаруй км төмөр зам  барина. Үүнийг гүйцэтгэснээр эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц өгч, олон шинэ ажлын байр бий болох боломж бүрдэнэ.

    Аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам төслийн зэрэгцээ 2011-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг сэргээх, нийслэл болон хүн ам төвлөрсөн хот суурин, бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, орон  сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх олон томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

    Аж үйлдвэржүүлэлт, шинэ бүтээн байгуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, олон шаттай зөвшөөрлийн тогтолцоог өөрчлөх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, эдийн засгийг ардчилахад чиглэсэн удирдлага зохион байгуулалтыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Уул уурхай, аж үйлдвэрийн салбараас гадна манай орны эдийн засгийн нэг үндсэн тулгуур болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар онцгойлон анхаарч байна.

    Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангах түвшинд хүрэх нь бидний ойрын зорилт юм. Энэ нь зөвхөн тухайн салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий бус манай эдийн засгийн, улс үндэстний маань хүнсний аюулгүй байдлын чухал холбогдолтой  том зорилт гэдгийг хэлье.

    Атрын III дугаар аян үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьж, тариаланчдыг дэмжих олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрлээ. Энэ онд ургацын урьдчилсан балансаар 330 гаруй мянган тонн улаан буудай хураан авч, 250 орчим мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой боллоо. Ингэснээр гурилын хомсдол гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн тооцоо, судалгааг холбогдох яамнаас  гаргаж байна.

    Өнөөдрийн байдлаар 298.0 мянган тонн үр тариа, 147.5 мянган тонн төмс, 77.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч, үр тарианы 85.3 хувь, төмс, хүнсний ногооны 90.9-91.9 хувийг хураан аваад байна. Ажиллаж байгаа хүн, техникийн хүчин чадлаар тооцоход энэ сарын 15-ны дотор ургац хураалтын талбайн ажлыг дуусгах бүрэн боломжтой.

    Төв аймгийн тариаланчид энэ онд улсын хэмжээний үр тарианы дөрөвний нэг, төмсний гуравны нэгийг дангаараа үйлдвэрлэсэн амжилт үзүүлснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэ нь Төв аймгийн иргэд, тариаланчид та бүхнээс эх орныхоо хүн амын хүнсний хэрэгцээг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад оруулж буй томоохон хувь нэмэр юм.

    Мал аж ахуй бол манай орон нутгийн үндсэн салбар, хөдөөгийн иргэдийн маань амьжиргааны гол эх үүсвэр билээ. Энэ утгаараа Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар хэрэгжүүлэхээр холбогдох арга хэмжээг авч эхэлсэн. Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд болж,  мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан.

    Зудын улмаас 44 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9,7 сая толгойгоор хорогдож, олон арван тэрбум төгрөгийн шууд  хохирол учирч, 8700 гаруй өрх огт малгүй болсон. Зудын хор хохирлыг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газраас саяхан тогтоол гарган  “Малчин өрхийг малжуулах журам”-ыг батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг 2010 онд малжуулна. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, аймаг бүрт олгож эхэлсэн.

    Манай Засгийн газрын тэргүүлэх үндсэн гол зорилго бол Монгол хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа. 

    Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь улс орны, ард иргэдийн маань нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70 мянган төгрөг олгосон.
     
    Мөнгийг бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартай учир, цаашид сар бүр тогтмол олгож байхаар шийдлээ. Тухайлбал, энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10 мянган төгрөг олгож байгаа бол 2011 оноос эхлээд сар бүр 21 мянган төгрөг олгохоор тогтож байна. Үүнийг удахгүй 2011 оны улсын төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн төсвийг хэлэлцэн батлах үед эцэслэн шийдвэрлэж, баталгаажуулах болно. Үлдэх 1.0 сая төгрөгийг иргэдэд боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болон орон сууцны, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр олгохоор судалгаа тооцоог холбогдох яам, байгууллагууд хийж байна.

    “Сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  Засгийн газрын тогтоол гаргаж, их, дээд сургууль, коллежийн суралцагчийн төлбөрөөс 500,0 мянган төгрөгийг 2011 оны 1 дүгээр сараас “Хүний хөгжил сан”-гаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн.
      
    Энэ арга хэмжээ нь манай ард иргэдэд учирч байсан оюутны сургалтын төлбөрийн болон банкны зээлийн дарамтыг багасгаж, тэдний ахуй амьдралд томоохон дэмжлэг болохуйц зөв зүйтэй шийдвэр болсон гэж олон түмэн дэмжиж байгаад баяртай байна. Мөн энэ оны 10 дугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдлээ. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд түүнийг энэ оны IV улирлаас өгч эхлэхээр төлөвлөөд байна. Засгийн эрхийг барьж байгаа улс төрийн хүчнийг тэргүүлж байгаагийн хувьд сонгогчдынхоо өмнө өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө бүх талаар чармайн ажиллах болно.

    Төв аймгийн ард, иргэдээ,
     
    Засгийн газар эдийн засаг, нийгмийн бодлогын дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын ажил, үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ төрийн өмчит аж ахуйг удирдах арга барилдаа ч шинэчлэл хийхийг эрмэлзэж байна. Энэ чиглэлээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн.

    Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс, бүс нутгийн шинж чанартайгаас бусад бүх бараа, ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааруулан тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно.

    Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх  эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлэх зэрэг арга хэмжээг авна. Мөн бүх шатанд хариуцлагын тогтолцоог бий болгож, хууль дүрмийг чанд мөрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн ёс суртахууны эсрэг үзэгдэлтэй тууштай тэмцэж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахад ч онцгойлон анхаарч ажиллаж байгаа, ажиллах ч болно.

    Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ойрын ирээдүйн  бодлого, зорилтын талаар  Та бүхэнд товч танилцууллаа.

    Төр засгийн шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүх салбар, орон нутгийн түвшинд  бодит ажил болон өрнөж, түүний үр дүн ард иргэдэд шууд хүрч   байх учиртай. Тийм ч учраас энэ удаагийн томилолтын нэг зорилго бол гаргасан шийдвэрийг аймаг, сум, багийн түвшинд иргэдэд хүргэх талаар хэрхэн ажиллаж байгаа, иргэдийн санал бодол ямар байгаатай танилцах, мөн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх ямар арга хэмжээ авч болох талаар санал бодлоо солилцоход чиглэж байна.

     Эрхэм хүндэт ард, иргэд ээ!

    Миний бие аймаг орон нутагт томилолтоор ажиллахдаа тэдгээрийн хөгжлийн түвшин, давуу тал, хөгжих боломжийг харьцуулан бодож явдаг. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод манай улс мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээрээ хангах зорилт дэвшүүлсэн. Төв аймаг гурилаас бусад хэрэгцээгээ хангаж байгааг сайшаан тэмдэглэж байна. Манай улсын Төв аймгийн хувьд бусад аймагтай харьцуулахад олон давуу талтай. Газар зүйн байрлын хувьд нийслэл болон Дархан зэрэг томоохон зах зээлд ойр, таатай байршилд оршдог. Дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, төмөр болон авто замаар бусад аймгуудтай төдийгүй манай улсын хөрш ОХУ, БНХАУ-тай харилцах боломжтой.

    Төв аймгаас манай улсад нэртэй олон шилдэг сэхээтэн, эрдэмтэн төрөн гарсан боловсон хүчний чадавхи сайтай. Тухайлбал их зохиолч Д.Нацагдорж, Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Х.Уртнасан, Т.Цэнд-Аюуш, Л.Цогзолмаа, Ардын жүжигчин Д.Дамдинсүрэн, Д.Цэрэндулам, Г.Гомбосүрэн, А.Очирбат, О.Ганбаатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Төрийн шагналт, академич Т.Шагдарсүрэн, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Б.Бадар-Ууган зэрэг шинжлэх ухаан, урлаг соёл, спортын олон зуун алдартны өлгий нутаг билээ.

    Мөн Д.Бодоо, Д.Чагдаржав, Ц.Дамбадорж, Ж.Самбуу, М.Энхболд зэрэг Монгол төрийн төрийн нэрт зүтгэлтнүүд төрөн гарсаныг ч дурсахгүй байж болохгүй. Өнөөдөр ч гэсэн Монгол улсын төр засгийн томоохон албан тушаалд Төв аймгийн уугуул олон арван хүн итгэл зүтгэл гарган амжилттай, үр бүтээлтэй ажиллаж буйг дурдахад таатай байна. Төв аймаг эдгээр давуу тал, аятай нөхцөлүүдээ ашиглан зах зээлийн харилцаанд шилжсэн он жилүүдэд эдийн засаг, нийгмийн салбарт багагүй амжилт олсон. Төв аймаг улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээрээ аймаг, нийслэл дотроо 4-т орох амжилтыг үзүүлж байна.

    Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор 2007 оноос “Аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн сан”-г төр-нутгийн захиргаа-банкны байгууллагын оролцоотой анх удаа байгуулан бүх сумдыг хамруулан төсөл сонгон шалгаруулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр 213 төсөлд 1.7 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон байна. Эдгээр болон бусад арга хэмжээний дүнд өнөөгийн байдлаар танай аймагт 177 жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй хүн ажиллаж байна.

    Энэ уулзалтад орохын өмнөхөн бид “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн 2010” үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаатай танилцлаа. Жил бүр уламжлал болгон явуулдаг уг арга хэмжээ үр дүнгээ өгч, бүтээгдэхүүний нэр төрөл нь нэмэгдэн өргөжиж,  аймгийн шилдэг 56 нэр төрлийн брэндтэй болсон нь бахархууштай үйлс юм.

    Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл хөгжиж эхэлж байгаа ч аймгийнхаа түүхий эдийн нөөцийн багахан хэсгийг л боловсруулж байна. Тухайлбал, сүүний үйлдвэрүүд хүчин чадлынхаа 19.4 хувийг ашиглаж, жилд үйлдвэрлэж байгаа сүүний 1.3 хувь, махны 0.3 хувь, хонины ноосны 30.0 орчим хувийг л үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, үлдэх хэсгийг нь 100 хувь түүхийгээр нь зах зээлд нийлүүлж байна. Үүнээс үзэхэд орон нутгийн дээрх нөөцөд тулгуурлан мах, сүү, төмс, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс шир, буудай зэрэг түүхий эдийг боловсруулах нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх ихээхэн нөөц боломж харагдаж байгааг хэлэх нь зүйтэй.

     Нийслэл хотыг даган хурдацтай хөгжиж буй эрчимжсэн аж ахуйн хэрэгцээнд нэн шаардлагатай тэжээлийн хэрэгцээг хангах таатай боломж, бэлэн зах зээл байгааг ч ашиглах хэрэгтэй. Засгийн газрын шийдвэрийн дагуу Төв аймаг нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах томоохон зорилтыг шийдвэрлэх ёстойг сануулах нь зүйтэй. Энэ ажилд ахиц гаргах зайлшгүй шаардлага байгааг аймгийн удирдлагууд анхаарах ёстой.

    Аймгийн эдийн засгийн бүтцэд боловсруулах салбарын эзлэх хувийн жин бага байгаад дүгнэлт хийж, аймгийн ИТХ-ын хуралдаанаар зориуд хэлэлцэн “Төв аймгийг 2010-2016 онд үйлдвэржүүлэх төлөвлөгөө баталсныгаа хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай. Төр, засгийн бодлого, шийдвэрийг амьдралд бодитой хэрэгжүүлэх нь иргэн бүрийн хүчин чармайлтаас бүрэн хамаарна. Иймд өрх, иргэн бүр хичээнгүйлэн ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь туйлын чухал юм.
     
    Монгол Улс минь, Төв сайхан аймаг маань цэцэглэн хөгжих болтугай.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Төв аймагт “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Төв аймагт “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байнаТөв аймгийн Зуунмод хотод “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны нээлт 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд болон албаны бусад хүмүүс оролцов.

    “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг Засгийн газар анхнаас нь дэмжиж байсны дүнд аймаг, сумд өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнээрээ алдаршиж байгаагийн дотор Төв аймаг багтаж, багагүй амжилт олж байна. Үүнийгээ цаашид бататгаж, орон нутгийнхаа давуу тал, боломжийг ашиглан монгол түмний бахархал болохуйц чанар сайтай, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж улс орныхоо төдийгүй олон улсын зах зээлд гаргахыг Ерөнхий сайд С.Батболд Төв аймагчуудад хандаж хүсэн ерөөв.

    Төв аймаг 27 сумтай. Сум бүр аж үйлдвэр, хүнс, газар тариалан, мал аж ахуйн брэнд бүтээгдэхүүнээ “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд толилуулж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн төр, захиргааны байгууллага сумдаа эдийн засгийн 4 бүс болгон ажлын байр, татварын орлогоо нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, газар тариаланг сэргээх зорилт тавин ажиллаж байгаа юм. Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгосны дагуу Төв аймаг 2010 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан байна. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний төсөлд тэрбум гаруй төгрөгийн зээл олгож, холбогдох арга хэмжээ авсаны дүнд Төв аймагт  177 жижиг, дунд үйлдвэр ажиллаж, тэдгээрт 1000 гаруй хүн ажиллаж байна.

    Ерөнхий сайд С.Батболд Төв аймагт хэрэгжиж байгаа “Нэг сум-Нэг суурин” хөтөлбөрийн үр дүнг үнэлж цаашид бусад аймаг сумдтай хамтарч томоохон үзэсгэлэн худалдаанд оролцох, улмаар түүхий эдээ 100 хувь ашиглаж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо төдийгүй гадаад зах зээлд борлуулах боломж их байгаа, энэ чиглэлээр идэвхтэй ажиллахын чухлыг бизнес эрхлэгчдэд болон  аймгийн төр, захиргааны удирдлагад хандаж онцлон хэллээ.

    Ингэхдээ орон нутгийн нөөцөд тулгуурлан мах, сүү, төмс, хүнсний ногоо, ноос ноолуур, арьс шир, буудай зэрэг түүхий эдийг боловсруулах нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц боломж байна. Нийслэл хотыг даган хурдацтай хөгжиж байгаа эрчимжсэн аж ахуйн хэрэгцээнд нэн шаардлагатай тэжээлийн хэрэгцээг хангах таатай боломж, бэлэн зах зээл байгааг ашиглах хэрэгтэй. Засгийн газрын шийдвэрийн дагуу Төв аймаг нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах томоохон зорилтыг шийдвэрлэх ажилд ахиц гаргах зайлшгүй шаардлага байгаад аймгийн удирдлагууд анхаарахыг сануулав. 

    “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөн 1970-аад оны сүүлээр Япон Улсын Ойта мужид үүсч одоо дэлхийн 30 орчим оронд амжилттай хэрэгжиж байна. Манай улсын хувьд 2002 онд энэ хөдөлгөөнийг Баянхонгор аймагт туршиж 2005 онд “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм