Ангилал: Uncategorized

  • Төв аймгийнхан хамтарсан Засгийн газарт өндөр үнэлгээ өгч байна

    засгийн газар, төв аймагМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Зуунмод хотноо болсон “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй танилцсаны дараа аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзав.

    Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцууллаа. Ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ажлын байр бий болгож, эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх,  Их бүтээн байгуулалт, “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн хэрэгжилт, цалин, тэтгэврийн нэмэлт, Атрын III аян, боловсролын салбарын шинэчлэл, төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх, цөлжилтийг сааруулах зэрэг чиглэлээр олон ажил хийж, цаашид ч хийхээр зорьж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэв.

    Төв аймаг энэ онд улсын хэмжээний үр тарианы дөрөвний нэг, төмсний гуравны нэгийг дангаараа үйлдвэрлэж гурилаас бусад хэрэгцээгээ өөрсдөө хангаж байгааг тэрээр сайшаалаа. Гэхдээ мах, сүү, хонины ноос гэхэд л 0.3-30 хувийг нь л үйлдвэрийн аргаар боловсруулж үлдсэнийг нь түүхийгээр зах зээлд нийлүүлсэн хэвээр байгааг анхааруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, нөөц бололцоогоо сайтар ашиглахыг сануулав.

    Мөн нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах үүргээ биелүүлэх, аймгийг 2010-2016 онд үйлдвэржүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Төр, засгийн бодлого, шийдвэрийг амьдралд бодитой хэрэгжүүлэх нь иргэн бүрийн хүчин чармайлтаас бүрэн хамаарна. Иймд өрх, иргэн бүр хичээнгүйлэн ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь туйлын чухал гэж Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд тэмдэглэв. 

    Хамтарсан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ялангуяа эдийн засаг, нийгмийн чиглэлээр авч байгаа бодит ажил үр дүнгээ өгч байгааг уулзалтад ирсэн иргэд илэрхийлж байлаа. Мөн Ерөнхий сайд С.Батболдыг Монгол хүнийхээ төлөө, сульдсан эдийн засгаа сэргээн хөгжүүлэхийн төлөө санаа тавьж сайн ажиллаж байгааг иргэд онцолж улам сайн ажиллана гэсэн хүлээлт өндөр байгааг ч хэлж байлаа. Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Засгийн газартай хамтарч нутгийнхаа дэд бүтцийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг чиглэлээр олон ажил хийж байгааг иргэд үнэлж байдгаа уулзалтын үеэр илэрхийлж байв.

    Тэд аймгийн төвийн ашиглалтгүй байгаа дулааны станцыг ажилуулж эхлэх, гар аргаар алт олборлогчдыг цэгцлэх, газар тариалангийн салбарын техник, технологийг шинэчлэхэд туслалцаа үзүүлэх,  хугацаат цэргийн албан хаагчдыг мэргэжилтэй болгож байх, хариуцлага, сахилга батыг сайжруулах, Улаанбаатар-Төв аймгийг холбосон замын чанарыг сайжруулах, Төв аймаг-Налайхын замыг хатуу хучилттай болгох талаар асууж хариулт авлаа

  • С.Батболд: Мэдлэг, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх шаардлага байна

    С.Батболд: Мэдлэг, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх шаардлага байнаМонгол Улсын Ерөнхий сайд, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дарга С.Батболд “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” сэдэвт зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийнхээ эхэнд Дэлхийн банкнаас гаргадаг өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс сүүлийн таван жилд 130-аад орноос 119-99 дүгээр байруудыг эзэлж байна гэдгийг тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Доош татаж буй үзүүлэлтүүд нь институц, дэд бүтэц, санхүүгийн тогтолцоо, технологи, инновацийн сул хөгжил юм. Өнөөгийн байдлаар манай дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь 28,7, боловсруулах салбарын эзлэх хувь дөнгөж 6,2 байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм” гэлээ.

    Экспортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа, ойрын жилүүдэд баялгийн салбараас хамаарах хамааралт улам бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг тэрбээр дурдлаа. Засгийн газрын тэргүүн манай улсад шинжлэх ухааныг үйлдвэрлэлтэй холбох, мэдлэг, технологид суурилсан эдийн засгийн үндсийг тавих, инновацийн эдийн засгийг хөгжүүлэх бодит шаардлага байгааг дараах үндэслэлүүдээр тайлбарласан юм.

    Хөдөө, аж ахуй, аж үйлдвэрийн эрчимжилт багатай эдийн засгийн хөгжлөөс мэдлэгийн эдийн засагт шилжих  шилжилтийг эхлүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг улам дээшлүүлэх, шинжлэх ухаан технологийн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох, үндэсний баялгийг богино хугацаанд нэмэгдүүлэх зэрэгт эрдэмтэн судлаачдын үүрэг чухал болохыг Ерөнхий сайд онцолж байлаа. Мөн тэрбээр шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд зүүн Европийн орнууд болон Канад Улсын хөгжлийн загвар, үйлдвэрлэл, технологийн стандарт, хөгжлийн туршлагаас судлахыг зөвлөгөөнд оролцогчдоос хүсээд хөгжиж буй улс орны хөгжлийн нэг гол тулгуур нь өндөр хөгжсөн орнуудын технологи, хөгжлийн туршлагаас судлах, хуулбарлах бодлого барьдаг талаар зарим орны хөгжлөөр жишээ аван тайлбарлалаа.

    Шинжлэх ухаан, технологийн суурь судалгаанаас гадна эдийн засаг, нийгмийн салбар бүрт хэрэгжүүлж байгаа судалгаа, төсөл, аж ахуйн үйл ажиллагаанд шинжлэх ухааны дэвшилтэд ололт, шинэ стандарт, арга зүйг аль болох шуурхай нэвтрүүлэх тогтолцоо, үүнийг дэмжих арга замуудыг хэрэгжүүлэх зорилт бидний өмнө байна. Богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй байж магадгүй ч ажил хэрэг болгох зөв хандлагаа тогтоох нь зүйтэй. Үүнд энэ зөвлөгөөн үр дүн үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд тодотголоо.   

    Улс орны эдийн засагт ойрын жилүүдэд бий болохоор байгаа нааштай өөрчлөлт, хандлага, дотоодын боловсон хүчний нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, улс орныхоо хөгжлийг түүхий эдийн экспорт, борлуулалтад түшиглэсэн үе шатнаас дараагийн илүү хурдацтай, дэвшилттэй хөгжлийн үе шатад хүргэх нь бидний эрхэм зорилго. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэдгийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн чухалчлан хэллээ.

    Монгол Улсын Төрийн ордонд өнөөдөр болсон “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” сэдэвт энэхүү зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгууллаа

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав. ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООВ

    Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Энэ дагуу УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Онцгой албан татварын хэмжээг тухай бүр нь шинэчлэн тогтоож байгаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай” хэлэлцэн шийд гаргалаа.

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 150 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 210 000 төгрөг, АИ-92 автобензинд 170 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 200 000 төгрөг болгон нэмлээ. Харин дизелийн түлшинд 215 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 135 000 төгрөг болгон бууруулсан байна. Бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр болов. Энэ шийдвэр энэ 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд үүний үр дүнд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлд худалдаж байгаа жижиглэнгийн үнийг өсгөхгүй, тогтвортой байх боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Хилийн үнэ буурахад Засгийн газар татвар нэмэх арга хэмжээг үе шаттайгаар авч УИХ-аас олгогдсон хэмжээнд буюу А-80 автобензинд 252 000, АИ-92 автобензинд 259 000, дизелийн түлшинд 265 000 төгрөгт дөхүүлэх арга хэмжээ авч ирсэн юм.

    Ингэснээр Засгийн газраас дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн тохиолдолд татварын хувь, хэмжээг бууруулж дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлтийг сааруулах татварын нөөц бий болгож байна. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 10 дугаар сард А-80 автобензин тонн тутамд 34 ам доллар, АИ-92 автобензин тонн тутамд 23 ам доллараар буурч, дизелийн түлш тонн тутамдаа 74 ам доллараар өссөн байна.

     Товчхон

    •  2010 онд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болон цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Булган, Дорнод, Орхон, Увс, Хэнтий аймагт учирсан хохирлыг арилгах, 2010 оны эхний хагас жилд гарсан гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албаны аврагч, алба хаагчдын томилолт, урамшууллын зардал болон Улсын нөөцөөс гаргах барааны хуваарийг хавсралтаар батлав. Нийт 569,020,280.0 /таван зуун жаран есөн сая хорин мянга хоёр зуун наян/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. 
     
    •  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр IV” төслийн буцалтгүй тусламжийн гэрээний төслийг зарчмын хувьд дэмжив. Хэлэлцээ хийсний дараа буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайдад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргана. Азийн хөгжлийн банкнаас олгох 14 сая ам долларыг Улаанбаатар хотын эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, Хүний нөөцийн хөгжил, Эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

    •  “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд нийт 1262510,7 мянган төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэхээр Төрийн өмчийн хороо төсөл боловсруулсан байна.

    •  “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөө”-г хавсралтаар батлав. Төрийн архивын мэдээлэл, эрэлт хайлтын автоматжуулсан нэгдсэн сан байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор төрийн архивуудад 175 гэрээт операторчийг 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ажиллуулна. Шаардагдах цалингийн болон тоног төхөөрөмжийн зардлыг улсын төсөвт тусгаж байхыг холбогдох яамдын сайд нарт даалгав.

    •  Манай улсад өргөнөөр ашиглаж байгаа цахим гарын үсгийг энгийн гарын үсгийн нэгэн адил хүчинтэйд тооцож баталгаажуулдаг болох, түүнийг ашиглах журмыг тодорхой болгон, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтэц бий болгох шаардлагатай болсон байна. Иймээс Цахим гарын үсгийн тухай, Иргэний, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн, Татварын ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Иргэний бүртгэлийн тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг нэмж тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов

  • Оттавагийн конвенцид Монгол улс элсэн ороход бүх талаар дэмжинэ

    Оттавагийн конвенцид Монгол улс элсэн ороход бүх талаар дэмжинэ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Йорданы хунтайж, “Явган цэрэг эсэргүүцэх мин  хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох, устгах тухай” Оттавагийн конвенцийн Ерөнхийлөгчийн тусгай элч, эрхэмсэг ноён Миред Раад Аль-Хуссейныг 2010 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Монгол Улс Оттавагийн конвенцид нэгдэн орох хүсэлтээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулганы үеэр болон Канад Улсад хийсэн айлчлалынхаа явцад дахин нотолсон хэмээн онцолж байлаа. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс, Йорданы вант Улсын хооронд 1981 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд хоёр улсын хоорондын найрсаг сайн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд ч бие биенээ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Мөн түүнчлэн Монгол Улс НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 2010-2010 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхэд Йорданы вант Улс дэмжсэнд Йорданы Засгийн газарт талархал илэрхийллээ.

    Йорданы хунтайж Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсонд баяр хүргээд, Йорданы вант Улс болон түүний тэргүүлж байгаа сангийн хувьд Монгол Улстай харилцаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийллээ.
    Мөн мингүй дэлхий ертөнцийг байгуулах Монгол Улсын эрмэлзлэлийг өндрөөр үнэлж байна гэж эрхэмсэг ноён Миред Раад Аль-Хуссейн хэллээ. Тэрбээр “Явган цэрэг эсэргүүцэх мин хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох, устгах тухай” Оттавагийн конвенцид Монгол Улсыг элсүүлэхийг бүрэн дэмжиж байгаагаа энэ дашрамд хэллээ.

    Уулзалтад Оттавагийн конвенцийн хэрэгжилтийг дэмжих нэгжийн захирал К.Бринкерт, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Г.Гоулдхоук, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Японы Ерөнхий сайдтай уулзлаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Японы Ерөнхий сайдтай уулзлааКанад улсад хамтарсан Засгийн газрын тэргүүний хувиар анхны айлчлалаа хийсэн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ удаагийн айлчлалаа  амжилттай өндөрлөж дэлхий дахинд өөрийн хүч авъяас билгээрээ хүндлэгдсэн  мэргэжлийн сумо бөхийн 68 дахь удаагийн их аварга Ёкузона Асашёорюу Дагвадоржийн Японд болж байгаа  үс авах,  зодог тайлах ёслолд оролцож  байна. Энэ арга хэмжээнд оролцохоор Япон улсад ирэх үеэр тус улсын Ерөнхий сайд Наота Кан Ерөнхий сайдыг өргөөндөө өөрийн хүсэлтээр хүлээн авч уулзалт хийлээ.

    Энэ уулзалтанд улс төрийн нэр нөлөө бүхий төлөөлөгчид  байснаас  гадна  дэлхийд томоохон нэр нөлөө бүхий бизнесийн төлөөллийнхөн оролцсон нь анхаарал татаж байлаа.  Япон улсын ерөнхий сайд Наота Кан НҮБ ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар  чуулганы үеэр Нью- Йорк хотноо уулзалт хийсний дараагаар ийнхүү эх орондоо уулзалт хийж байгаадаа баяртай  байгаагаа илэрхийлж  байв. Хэдийгээр өчигдөр амралтын өдөр байсан ч Японы ерөнхий сайдын ордонд болсон уулзалтанд Японы төдийгүй дэлхийд нэр хүндтэй  компаниудын төлөөлөл оролцсон. 

    Уулзалтын эхэнд Японы улсын Ерөнхий сайд зочноо хүндэтгэн хэлсэн үгэндээ Нью- Йорк дахь уулзалт Токио хотноо үргэлжилж байгаад баяртай байна гээд их аварга Асашёорюугийн гайхалтай барилдаан болон Монголын их аваргуудад өөрийн биеэр шагнал гардуулж байснаа бахархан дурслаа. Мөн Нью -Йоркт уулзахдаа ашигт малтмал, дэд бүтэц болон бусад салбарт  хөрөнгө оруулалт хийх, газрын ховор элементийг ашиглахад хамтран ажиллах тухай хөндөн ярилцсан. Энэ дагуу энэ оны аравдугаар сард  Японы судалгааны баг Монголд очиж хайгуул хийхээр бэлтгэж байгааг мэдээллээ. Мөн энэ өдрийн арга хэмжээнд Японы нэр хүндтэй томоохон компаниудын ерөнхийлөгчдийг урьснаа ч дуулгалаа.

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ НҮБ- ын Ерөнхий Ассамблейд уулзаж ярилцсанаа тэмдэглээд ажил хэргийн уулзалт Токиод хийх боломж гаргаж байгаад, мөн Японы томоохон компаниудын төлөөлөлтэй энд уулзаж санал солилцох боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Ерөнхий сайд Монголын сумочдын гаргаж буй амжилт  нь тэдний хувьд хоёр улсын харилцаанд оруулж буй хувь нэмэр юм гэдгийг  онцолж  байлаа. Япон  улс Монгол улсын гуравдагч хөрш, иж бүрэн түншлэлээс  стратегийн түншлэлийн   харилцаанд хөгжиж байгаа хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа, мөн ирээдүйд уул уурхайн хөдөө аж ахуйн хувийн хэвшил гээд олон салбарын харилцааг шинэ түвшинд гаргах боломжтой байгаагаа Монгол улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр  тэмдэглэж байв.

    Энэ нь хоёр улсын харилцааг улам эрчимжүүлэхэд нэмэр болох учиртайг ч хэлж байсан. Ингэхдээ Монголын эрдэс баялагтаа тулгуурлан Японы байгальд ээлтэй техник технологийг хослуулан эх орондоо нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр байгуулан ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд уулзалтанд оролцогчдод хандан илэрхийллээ. Цөмийн эрчим хүчийг хамтран ашиглах санамж бичиг байгуулаад байгаа. Газрын баялагийг хамтран хайх талаар энэхүү санамж бичигт дурдсан бөгөөд цаашид төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздгээ хэллээ. Монгол улсын Засгийн газрын хувьд Таван толгой болон бусад үндэсний компаниудын хувьцааг дэлхийн зах зээлд борлуулах ажлыг өөдрөгөөр харж байгаагаа Ерөнхий сайд дурьдаад төмөр замыг уул уурхайтай холбох, мөн дулааны цахилгаан станц барих зэрэг  их бүтээн байгуулалтанд Монгол Японы хөрөнгө оруулагчид хамтран оролцох боломж байгааг дурьдлаа.

    Монгол улсын Ерөнхийлөгчийн Японд хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар хоёр талын Ерөнхий сайд нар санал солилцлоо. Уулзалтанд оролцсон Японы томоохон компаниуд тухайлбал Сумтитомо, Тошиба, Марубени, Сожитцу, Мутцуй Бусан  зэрэг компанийн төлөөлөгчид Монгол улстай хамтран ажиллаж байгаа тухайгаа мөн хөрөнгө оруулалтын орчны талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Монголд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж байгааг Японы хөрөнгө оруулагчид дурьдаад харин улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтыг хамгаалах тал дээр анхаарахын чухлыг тэд дурьдаж байсан.  Үндэстэн дамнасан томоохон аж ахуйн нэгжүүд манай улсын уул уурхай, ашигт малтмал дэд бүтцийн салбарт тэр дундаа Таван толгой,  уран, газрын ховор элементийг ашиглах талаар хамтран ажиллах сонирхолтой байгаа ажээ.

    Ерөнхий сайд  С.Батболд эдгээр хөрөнгө оруулагчидад хандан байр сууриа илэрхийлэхдээ гурван зүйлийг онцолж байлаа. Үүнд түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл технологийг нэвтрүүлэх чиглэлээр орж ирж буй хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд дэмжинэ, учир нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх бодлогыг баримталж байгаатай холбоотой гэдгийг тайлбарлалаа. Мөн таван толгой ховор элемент транзит тээвэр  зэрэг төслүүд дээр УИХ-аас шийдвэр гаргасан,  энэ нь нэг талд гадны консорциум нөгөө талд Засгийн газар гэсэн бүтэцтэй байгаа. Энэ бодлогыг барьж ажиллана гэдгээ Ерөнхий сайд С.Батболд хэлээд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

  • Канад Монголын хөрөнгө оруулагчид чууллаа

    Канад Монголын хөрөнгө оруулагчид чууллаа Манай улс Канад Улстай 1973 оны арваннэгдүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосноос хойш  37 жилийн дараа анх удаагаа Монгол Улсын Ерөнхий сайд Канадад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тиймээс ч Канадын тал Ерөнхий сайд С.Батболдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байна. Оттава хот дахь  Монголын Элчин сайдын яаманд болсон хүлээн авалтад Канадын Парламентын хоёр танхимийн дарга нар, гол гол яамдын сайд нар, нэр хүндтэй улс төрчид хүрэлцэн ирсэн бол есдүгээр сарын 30-ны өдөр Торонто хотод болсон Канад Монголын хөрөнгө оруулагчдын форумд олон улсын зах зээлд нэр хүндтэй Хойд Америкийн томоохон пүүс компанийн төлөөлөгчид нийлсэн 70 гаруй хөрөнгө оруулагчид оролцлоо. Тэдний дунд Монголд болон Америк Канадад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг  үндэсний  компаниудын төлөөлөл ч байв.

    Монгол Улсын Ерөнхий  сайд С.Батболд хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэхдээ улс орныхоо өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, хууль тогтоомжийн талаар товч мэдээлэл өгөв. Түүнчлэн Канад нь Монгол улсын хөгжлийн загвар орон болох ач холбогдолтой, энэ нь зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй хөдөө аж ахуй, барилга, үйлчилгээ, төрийн алба, боловсрол зэрэг олон салбарт  хэрэгжих боломжтойг Ерөнхий сайд тэмдэглээд харин энэ үйл явц нь харилцан ашигтай байх ёстой гэлээ.

    Мөн Монголд хөрөнгө оруулж байгаа Канадын хөрөнгө оруулагчдад давуу боломж олгохгүй харин тэдэнд бизнесээ найдвартай явуулах тогтвортой, хууль эрх зүйн нээлттэй, тунгалаг орчныг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллана гэдгээ  гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ. Торонто хотноо болсон энэхүү форумд “Rео Tinto”, “Centerro Gold”, “South Gobi”, “Ivanhoe Mines” зэрэг олон улсын зах зээлд бүртгэлтэй уул уурхайн томоохон компаниудаас гадна банк санхүү, худалдаа, даатгал, зөвлөгөө, үйлчилгээ, хөдөө аж ахуй, барилгын чиглэлийн компаниудын төлөөлөгчид оролцсон бөгөөд тэдний зүгээс Монгол Улсын  Ерөнхий сайд С.Батболдын Канадад хийж буй айлчлалд чухал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж байлаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг  байгуулах ажлыг эрчимжүүлэхийг хүссэн юм. 

    Ерөнхий сайд энэ үеэр хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих хууль эрх зүйн актуудыг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар УИХ- тайгаа ажиллаж байгаа,  Монгол Улсын хувьд түүхий эдээ гадагш нь зөөгөөд байх биш харин түүнд түшиглэсэн Канад стандарт загварын боловсруулах үйлдвэрүүд байгуулах сонирхолтой байгаагаа хөрөнгө оруулагчдад хэллээ

  • Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо

    Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 30-нд Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо. 1852 онд байгуулагдсан 157 жилийн түүхтэй тус бирж нь бүртгэлтэй уул уурхайн компаниудын тоогоороо  дэлхийд нэгдүгээрт, бүртгэлтэй нийт компанийн тоогоор хоёрдугаарт, Хойд Америктаа хамгийн томд тооцогддог юм байна. Тухайлбал, 2010 оны байдлаар тус Хөрөнгийн биржид уул уурхайн 1419 компани бүртгэлтэй байгаагийн 134 нь олон улсынх байна.

    Торонтогийн Хөрөнгийн биржид ашигт малтмал олборлох, үйлдвэрлэх, нефть, хий, аж үйлдвэр, судалгаа, хөгжлийн болон технологийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тус бирж дэлхийн эдийн засгийн гүн хямралын үе 2009 онд  65 их наяд долларын ашигтай ажилласан  тухай  Торонтогийн Хөрөнгийн биржийн зах зээл болон ТМХ группийн хувьцааны асуудал эрхэлсэн Ерөнхийлөгч Кеван Кован Ерөнхий сайд С.Батболдод ярилаа. 

     Тус биржид бүртгэлтэй уул уурхайн 19 компани Монголд үйл ажиллагаа явуулдаг байна. Манай улсын Засгийн газрын тэргүүн тус биржийн удирдлагауудтай уулзахдаа Монголын Хөрөнгийн биржийг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхээр ажиллаж байгаа, дэлхийн нэр хүнд бүхий хэд хэдэн бирж хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн, 157 жилийн арвин их түүхтэй Торонтогийн биржийн туршлагаас мөн суралцах сонирхолтой байна гэлээ. Мөн Монголын  Үндэсний компани анх удаагаа олон улсын зах зээлд хувцаа гаргах гэж байгаа тухай дурдав.

    Торонтогийн Хөрөнгийн биржийн удирдлага  Монголын Хөрөнгийн биржтэй бүх талаар хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайдад хэллээ

  • Канад дахь монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзав

    канад, уулзалтМөн өдөр Ерөнхий сайд Ванкувер хотноо хүрэлцэн ирлээ. Тус хотноо ажиллаж, амьдарч сурч байгаа 300-гаад Монгол иргэдийнхээ төлөөлөлтэй Засгийн газрын тэргүүн уулзаж улс орныхоо байдал,төр засгийн бодлого хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийнхээ талаар танилцуулав. Мөн Канадын хөгжлийн загварыг Монголдоо бий болгох боломжийн тухай үүнд хилийн чанадад тэр тусмаа Канадад мэргэжил эзэмшиж байгаа, энэ улсын хөгжлийн технологиос суралцаж байгаа монголчуудын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлолоо. Өнөөдөр улс оронд нэн хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд Засгийн газраас ихээхэн анхаарч байгаа, БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзахдаа техникийн нарийн мэргэжлээр Монголчуудыг сургах, төгсөхөд нь мэргэжлийн гэрчилгээ олгож өгөх хүсэлт тавиад байгаа тухай Ерөнхий сайд мэдээлээд одоо бид бусдын хөгжлийг гайхаж амьдрах  биш харин өөрсдөө эх орондоо тийм орчныг бүрдүүлэхийн төлөө санаачилгатай эрчтэй ажиллах юм бол Монгол Улс маань хурдтай хөгжих гараандаа ирчихээд байна гэж ярьсан юм

  • Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Канадтай хамтарна

    Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Канадтай хамтарна Канад улсад айлчилж байгаа Ерөнхий сайд С.Батболд аравдугаар сарын сарын 1-нд Ванкувер хотноо зохион байгуулсан Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцож үг хэллээ. Энэхүү арга хэмжээний үер Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Канад улсын Бритиш Колумби мужийн Ойжуулалт, хөрөнгө оруулалтын байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

  • Ахмад настан, азай буурлууд аа!

    ахмад, мэндчилгээМонгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй  зүтгэж ирсэн үе үеийн  ахмад  буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын өдрийн халуун мэндийг хүргэе!

    Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 19 дэх жилдээ, Монгол Улсад 17 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ. Монгол Улсын Засгийн газрын бодлогын төвд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд  ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

    Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын хүн амын насжилтын стратеги”-ийг 2009 онд баталсан нь ахмад настны аж байдлыг сайжруулах, тэдний нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эрүүл насжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх талаар  бодлогын чиглэлийг тусгасан анхны урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

    Хамтарсан Засгийн газраас байгалийн баялгийн орлогоо иргэддээ тэгш, шударгаар хуваарилах бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, эхний ээлжинд иргэн бүртээ 120.000 төгрөг олгож эхлээд байна. Ирэх оноос иргэн бүрт сар тутам 21000 төгрөгийг бэлнээр, үлдэх мөнгийг тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан бэлэн бусаар олгох болно. Ялангуяа,  ахмадууд   бэлэн бус  хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээ хүлээн авах боломжийг бүрдүүлэх нь чухал байна. 

    Засгийн газар  тэтгэврийг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хүрээнд  2010 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг  30,0 хувиар, мөн алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг 50.0-100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дайнд оролцсон ахмад настнуудад орон сууцны дэмжлэг олгох ажлыг 2009 оноос эхлүүлж өнөөдрийн байдлаар 992 ахмад дайчин энэ арга хэмжээнд хамрагдаад байна. Энэ онд багтаан 600  ахмад дайчдад  орон сууц олгох ажлыг хийж дуусгана гэдгийг дуулгахад таатай байна.
     
    Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно. Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан  буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  С.БАТБОЛД