Ангилал: Uncategorized

  • Японы Ерөнхий сайдтай уулзлаа

    Японы Ерөнхий сайдтай уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблэйн 65-р чуулганд оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Наота Кантай уулзаж хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Японы эдийн засаг худалдааны харилцаа улам өргөжиж байгааг, мөн иргэд хоорондын харилцан зорчих болон бусад салбарт хамтын ажиллагаа идэвхжиж байгааг Ерөнхий сайд нар тэмдэглээд хамтын ажиллагаагаа цаашид шинэ хэлбэрээр баяжуулах боломжийн талаар санал солилцлоо
  • Ардчилсан засаглалд эмэгтэйчүүдийн үзүүлэх хувь нэмрийн талаар хэлэлцэв

    Ардчилсан засаглалд эмэгтэйчүүдийн үзүүлэх хувь нэмрийн талаар хэлэлцэв Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд өнөөдөр Ардчилсан орнуудын нийгэмлэг, Дэлхийн эмэгтэй удирдагчдын  зөвлөлөөс хамтран  зохион байгуулсан “Ардчилсан засаглалд эмэгтэйчүүдийн үзүүлэх хувь нэмэр” сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцлоо. НҮБ-аас санаачилсан Мянганы хөгжлийн зорилтонд хүйсийн тэгш эрхийн талаар болон эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зэрэг асуудлыг тусгасан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нийгэм дэх эмэгтэйчүүдийн  улс төр, эдийн засгийн  оролцоо,  улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байлаа.

    Энэ удаагийн арга хэмжээнд саяхан Ерөнхийлөгчөөр томилогдсон Киргизийн Ерөнхийлөгч Роза Отунбаева оролцож тус улсын улс төр, эдийн засгийн байдал, нийгмийн хүрээний асуудлын талаар товч мэдээлэл өглөө. Манай Улсын Ерөнхий сайд С.Батболд тогтвортой нийгэм, хөгжлийн гол тулгуур нь ардчилал байдаг гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ Киргизийн ардчиллын үйл явцад амжилт хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

    Мөн тэрбээр ажиллах хүчний 51 хувийг эзэлж байгаа Монгол эмэгтэйчүүдийн цалин хөлсний хэмжээ хийгээд амьжиргаа, боловсролын түвшнийг нь дээшлүүлэх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхгүйгээр Мянганы хөгжлийн зорилтын нэг болох ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үзүүлэлт буурах нь тодорхой гэдгийг тэмдэглэж байлаа

  • “Санаачилгатай глобал удирдлага” уулзалтад үндсэн илтгэл тавилаа

    “Санаачилгатай глобал удирдлага” уулзалтад үндсэн илтгэл тавилаа Монгол  Улсын Ерөнхий сайд  С.Батболд өнөөдөр Түншлэлийн төлөөх алба болон Луиз Блуны сангаас зохион байгуулсан “Санаачилгатай глобол удирдлага” дээд хэмжээний уулзалтад  оролцлоо. Даяаршлын эрин үеийн өөрчлөлт болоод боломжийн талаар судалгаа явуулдаг тус сан нь 2004 онд байгуулагджээ. Энэ удаагийн дээд  хэмжээний уулзалтад дэлхийн 100 гаруй улсын төр засгийн тэргүүнүүд, Нобелийн шагналтнууд, нэр хүнд бүхий уран бүтээлчид  оролцож байна.

     Манай улсын Ерөнхий сайд С.Батболд “Түүхий эдийн ирээдүйн хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавьж Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, улс төр, хүний эрхийн талаар уулзалтад оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр уул уурхайн нөөц баялгийг тогтвортой нийгмийн хөгжилд зөв зохистойгоор хөрөнгө оруулалт хийх, мал аж ахуйн зах зээлийг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг цаашид нийлүүлэх, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг хэрэгжүүлэх бодлогыг хамтарсан Засгийн газраас баримталж байгаа гэдгийг илэрхийлж байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайдын оролцсон энэ арга хэмжээнд дэлхийд нэртэй эдийн засагчид тухайлбал, Принстоны их сургуулийн газрын тос, түүхий эдийн судалгааны төвийн эрдэмтэн, АНУ ын Газрын тосны институтийн доктор, Өмнөд Африкийн эдийн засагч  зэрэг нэр хүндтэй төлөөллүүд оролцлоо.

    Оролцогчид дэлхийн эрчим хүчний баялгийн гол нөөцийн ирээдүйн чиг хандлага,  үнэт ховор эрдэнэсийн олборлолт түүний зохицуулалт, цөмийн эрчим хүчний хэрэглээний чиглэлээр хэтийн төлөвлөлт, зах зээлийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Ийнхүү “Санаачилгатай глобал” удирдлага дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараагаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С. Батболд Люксембургийн Ерөнхий сайдын орлогч ноён Жан Эссэлборнтой уулзалт хийж Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн баримталж буй бодлогын талаар танилцууллаа

  • Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний бүгд хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний бүгд хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгНью-Йорк хот, 2010.09.22
    Ноён Дарга аа,

    Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

    Мянганы хөгжлийн зорилтууд /МХЗ/-ыг цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэх чиглэлээр юу хийж гүйцэлдүүлэв, дутуугаа гүйцээхийн тулд цаашид юу хийвэл зохистой талаар бид өнгөрсөн 3 өдрийн турш хэлэлцлээ. Бидний хэлэлцүүлгээс дараах тодорхой дүгнэлтийг хийж болохоор санагдаж байна.

    Шаардагдах хөрөнгө нөөц хангалттай байж, хүлээсэн амлалт үүргээ биелүүлэхийн зэрэгцээ хамтын үйл ажиллагаагаа эрчимжүүлбэл бид МХЗ-уудад хүрч чадна, тэгэх ч ёстой гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Бид бүгдийн санал нийлсэн энэхүү дүгнэлт нь Дээд хэмжээний уулзалтаас гаргах «Амлалтандаа хүрцгээе, МХЗ-уудын хэрэгжилтийг хамтдаа хангацгаая» хэмээх Төгсгөлийн баримт бичгийн гол агуулгатай нийцэж байгаа нь урам төрүүлж байна. Манай Засгийн газар эл баримт бичгийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно.

    Бидний урагшлах зам амар хялбар байхгүй нь ойлгомжтой. Дэлхий ертөнц өнөөдөр өөр хоорондоо шүтэлцсэн санхүү, эдийн засгийн, эрчим хүч, хүнсний хямрал, мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өсөн нэмэгдэж буй олон сорилтыг гэтлэн туулахыг оролдож байна. Дээр дурдсан олон хямралын сөрөг үр дагавар өнөөдрийг хүртэл хүрсэн хөгжлийн ололт амжилтыг ухраан, хөгжиж буй олон орны эмзэг, тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

    Эдгээр болон шинээр нэмэгдэж буй сорилтуудыг даван туулахад хөгжлийн төлөөх дэлхийн үр ашигтай түншлэлийг бэхжүүлэх шаардлагатай байна. Ийм түншлэл нь  улс үндэстний өөртөө эзэн байх, манлайлах эрхийг хүлээн зөвшөөрдөг, авсан амлалтуудаа, түүний дотор Монтеррей, Дохагийн хурал дээр авсан амлалтаа биелүүлдэг, эмзэг буурай хөгжилтэй, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлага, тэдгээрийн өмнө тулгарч буй сорилтуудыг анхааран авч үздэг байх ёстой.

    Дээр нь, нэн ялангуяа олон төрлийн хямрал давхцсан энэ үед, олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх, олон талт худалдааны Дохагийн  хэлэлцээг иж бүрэн, хөгжлийн чиг баримжаа бүхий үр дүнд хүргэх явцыг түргэвчлэх, бүс нутгийн интеграци, худалдааг өргөжүүлэх, хөгжиж буй орнуудын гадаад өрийн дарамтыг үр дүнтэй шийдвэрлэх  зэргээр Мянганы хөгжлийн 8 дахь зорилтын хүрээнд гаргаж буй хамтын хүч чармайлтыг олон улсын түвшинд  эрчимжүүлэх хэрэгтэй байна.

    Зөвхөн эдийн засгийн тогтвортой өсөлт дангаараа хангалтгүй гэдгийг МХЗ-уудыг хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 10 жил харуулж  байна. Эдийн засгийн тогтвортой өсөлт хүн бүр, ялангуяа ядуу хүмүүст эдийн засгийн боломж бий болгоход гар бие оролцох, түүнээс ашиг хүртэх, ажлын байр бий болгоход хүргэх ёстой бөгөөд нийгмийн үр дүнтэй бодлогоор түүнийг дэмжих нь зүйтэй. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэх үүднээс ийм бодлого баримтлахыг зорьж байна.

     МХЗ-уудын хэрэгжилтийн тухай Үндэсний 3 дахь илтгэлийн хүрээнд манай Засгийн газар  МХЗ-аар хүрсэн ахиц дэвшлийн байдалдаа нарийн дүн шинжилгээ хийж, дараагийн 5 жил болон түүнээс цааших хугацаанд хийж гүйцэтгэх эн тэргүүний зорилтуудаа тодорхойллоо. Дээрх илтгэлээс харахад манай МХЗ-уудын хэрэгжилт 66 хувийн биелэлттэй байна.

     Бүрэн дунд боловсролын сургуульд суралцагсдын эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тооны харьцаа, эн тэргүүний дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн тоо, нярайн эндэгдлийн бууралт, 5-аас доош насны хүүхдийн нас баралтын тоо зэрэг үзүүлэлтээр Монгол Улс МХЗ-уудыг хэдийнэ хангаад байгааг тэмдэглэхэд таатай байна.

     Энэ нь МХЗ-уудыг улс орны урт хугацааны хөгжлийн бодлого, төсөвтэй уялдуулж, МХЗ-уудын хэрэгжилтийг зохицуулах үүрэг бүхий Засгийн газрын дагнасан агентлагийг бий болгож, МХЗ-уудын үнэлгээний иж бүрэн мэдээллийн  санг байгуулж ажилласны үр дүн мөн билээ.

    Гэвч бусад зорилтын хувьд биелэлт нь “удаашралтай, эсвэл ухарсан” байдалтай байгааг тус илтгэл сэрэмжлүүлж байгаа.  Эдгээрээс хамгийн хүндрэлтэй нь ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах асуудал байна. Эдгээр сорилтыг үр дүнтэй шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрт хүртээхэд манай Засгийн газраас цогц бодлогыг хэрэгжүүлж байна. Чухал заримаас нь дурдвал:

    Бүтээлч хөдөлмөр эрхлэлт, ялангуяа аж үйлдвэрийн салбарт баялаг бүтээгч залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ажлын байр бий болгох нь тэргүүн зорилтуудын нэг мөн. Уул уурхай, зам, барилга зэрэг аж үйлдвэрийн салбарт нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын эрэлт хэрэгцээ их байна. Аж үйлдвэрийн эдгээр салбарт ажиллах мянга мянган хөдөөгийн залуучуудыг энэ намраас эхлэн үйлдвэрлэл, мэргэжлийн сургалтад хамруулахад шаардагдах нэмэлт хөрөнгө гаргах чухал шийдвэрийг манай Засгийн газар өнгөрсөн сард гаргалаа.

    Орлогыг тэгш хуваарилж, боломжийг жигд олгох, үр өгөөжтэй дэмжлэгийг шаардлагатай хүмүүст нь хүргэх зорилгоор манай Засгийн газраас эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, боловсрол эзэмших боломжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, тодорхой нөхцөлтэйгээр  бэлэн мөнгө олгох замаар Засгийн газрын бодлого үйл ажиллагааг илүү үр дүнтэй байлгахад бид байнга анхаарах болно.

    Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий мал аж ахуй эрхэлж буй хүн амынхаа 40 хувь болох хөдөөгийхний амьжиргааг тогтворжуулахад хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт хөрөнгө оруулах шаардлагатай байна. Өнгөрсөн өвөл л гэхэд хахир хатуу өвлөөс үүдэлтэй зудын гамшиг мянга мянган малчдыг амьжиргааны эх үүсвэргүй болгов. Зудын гамшиг манай улсын эдийн засаг, экологийн эмзэг байдлыг илүү тод томруун харуулж, МХЗ-уудын хэрэгжилтэд шууд нөлөөлөөд байна.

    Дээрх бодлогыг санхүүжүүлэх асуудал  нь томоохон зорилт мөн. Манай Засгийн газар хөгжлийн түншүүдтэйгээ цаашид хамтран ажиллаж, ялангуяа гадаад хүчин зүйлд өртөх эмзэг байдал, далайд гарцгүй байдлын сул талуудаа нөхөх талаар тэдний дэмжлэг туслалцааг авч ажиллах болно. Гэхдээ дотоод нөөц боломжоо дайчлах нь хамгийн чухал бөгөөд эл зорилгоор уул уурхайн орлого, роялти зэргээс бүрдэх “Хүний хөгжил сан”-г үүсгэн байгуулаад байна. Энэ сангаас эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн үйлчилгээний бусад салбарт дэмжлэг үзүүлэх учиртай. Бидний саяхан баталсан “Санхүүгийн тогтвортой байдлын тухай хууль” нь уул уурхайн баялгаас орж ирэх орлогыг ил тод, хариуцлагатай ашиглах, ядууралтай тэмцэхэд зориулсан эх үүсвэр болгон дайчлах бас нэг механизм  юм.

    Газрын элэгдэл, ялангуяа цөлжилт, бэлчээрийн даацын хэтрэлт, ойгүйжилт, усны хомсдол, биологийн олон төрөл зүйл устаж үгүй болох, хот суурин газрын агаарын бохирдол зэрэг асуудал сэтгэл ихээр түгшээж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл Монгол Улсын газар нутагт илт мэдрэгдэж байна. Газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд  өртөж, усны хомсдол газар авч байна. Энэ нь байгалийн гамшигтай хавсарсан үедээ хүний аюулгүй байдалд шууд  заналхийлж байна. Байгаль орчны доройтол, ялангуяа цөлжилттэй тэмцэх үүрэг амлалтаа биелүүлэх үүднээс бид Засгийн газрын тусгай хуралдааныг өнгөрсөн сарын сүүлээр говь цөлд зохион байгууллаа.

    МХЗ-уудыг хэрэгжүүлэхэд бэрхшээл их ч, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бат бэх түншлэл чухал юм. Энэ нь орон нутгийн удирдлага, төр засгийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог дотооддоо хангаж, хөгжлийн хоёр болон олон талт түншүүдийг хамруулбал зохистой. Миний бие үгийнхээ эхэнд хэлсэнчлэн, дээрх үр дүнд хүрэхийн төлөө манай Засгийн газар өөрөөсөө хамаарах бүхнийг хийхэд бэлэн байгааг эцэст нь дахин тэмдэглэе.

     Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Ерөнхий сайд С.Батболд байр сууриа илэрхийллээ

    Ерөнхий сайд С.Батболд байр сууриа илэрхийллээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганы хүрээнд болсон “Нэн эмзэг орнуудын онцгой хэрэгцээг хангах нь “ сэдэвт дугуй ширээний уулзалтад байр сууриа илэрхийллээ.

    Ерөнхий сайд С.Батболд “Ийм чухал сэдвээр дугуй ширээний уулзалт зохион байгуулж байгаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд талархлаа илэрхийлье. Монгол  Улс сүүлийн 20 жилд ардчиллыг хөгжүүлэхэд ихээхэн ахиц дэвшил олсон хэдий ч далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна” гэлээ. Ерөнхий сайд  транзит тээврийн зардлыг хөндөхдөө хөрш  зэргэлдээ БНХАУ-аас хамгийн ойрын боомт 1500 километрт байдаг.

    Транзит тээврийн зардал улам нэмэгдсээр байна. Монгол Улсын ДНБ-ний 8-10 хувийг транзит тээврийн зардал эзэлж байна. Энэ тоо манай улсын эдийн засаг, худалдааны хөгжилд ямархуу хүндрэл үзүүлж байгаа талаар  тайлбарлалаа. Өөр нэг анхаарал татсан хөндүүр сэдэв бол уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар малчдын болоод улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд  хэрхэн нөлөөлж байгааг Ерөнхий сайд мөн хэллээ.

    Өнгөрсөн өвлийн зуднаар нийт малын 23 хувь нь хорогдож, амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчид нутгаа орхиж хотруу нүүж ирж байна. Энэ тохиолдолд ажлын байр олноор бий болгох зайлшгүй шаардлага гарч байгаа бөгөөд  уул уурхайн салбарт ийм боломж бий гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд дурьдаад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн бодлого явуулж байгаагаа тайлбарлалаа.

    Мөн Монгол Улсын туршлага нэн ядуу, буурай хөгжилтэй эмзэг улс орнууд иргэдээ боловсролтой болгох, мэргэжил эзэмшүүлэхэд илүүтэй анхаарч, баялаг бүтээгчдийг бий болгох ёстойг харуулж  байна. Засгийн газрын зүгээс хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч байна гэлээ. Мөн эдийн засаг нь эмзэг, хөгжиж буй орнуудын хувьд  жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр зээл, төсөл хөтөлбөрт хамруулахад дэмжлэг чухал байгааг ч Ерөнхий сайд  С.Батболд “Нэн эмзэг орнуудын онцгой хэрэгцээг хангах нь” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцохдоо хэллээ

  • АНУ-ын МСС-гийн шинэ захиралтай уулзлаа

    АНУ-ын МСС-гийн шинэ захиралтай уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд   есдүгээр сарын 22- ны өдөр Нью-Йорк хотноо Мянганы Сорилтын корпорацын шинэ гүйцэтгэх захирал Д.Иоханес тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. АНУ манай улсын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирснийг, мөн тус улсаас хэрэгжүүлж байгаа Мянганы сорилтын сангийн хөтөлбөр Монголын ард түмний амьдралд шууд нөлөөлөх чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд уулзалтын эхэнд  тэмдэглэлээ.

    МСК-ийн удирдлага ч төслийн үр дүнд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ. АНУ-ын Мянганы сорилтын сангаас манай улсад 285 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс одоогийн байдлаар хөрөнгийн эрх,  хот орчмын бэлчээр, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, автозамын салбарт нийт 21,0 сая ам.долларын ажлыг хийж эхлүүлээд байгаа юм. 

    Ерөнхий сайд С.Батболд  Мянганы сорилтын сангийн шинэ удирдлагатай уулзахдаа   одоо хэрэгжүүлж байгаа төслийнхөө эрчийг нэмэгдүүлж хурдасгах, төлөвлөгдсөн зарим төслөө цаг хугацаанд нь эхлүүлэх нь чухал. Хэрэгжүүлж байгаа төслүүддээ Монголын бизнес эрхлэгчдийн оролцоог  нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг ноён Д.Иоханесаас хүслээ.

    Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Мянганы сорилтын гэрээ 2008 оны есдүгээр сард хүчин төгөлдөр болон хэрэгжсэн. Гэрээний үнийн дүнгийн 70 орчим хувийг бүрдүүлж байсан Төмөр замын төсөл хэрэгжих боломжгүй болсноос үүдэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсныг хоёр улсын хууль тогтоох байгууллагууд баталж, 2010 оноос шинэ хувилбараар амжилттай хэрэгжиж байгаа юм. Энэ төсөл нь  Монгол Америкийн  харилцаа, хамтын ажиллагаанд нэгэн чухал хуудас нээх болно гэж хоёр  тал үзэж байна

  • Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүнтэй уулзлаа

    Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүнтэй уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ес дүгээр сарын 20–ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүнтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Бан Гин Мүн хэлэхдээ Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд маш том ахиц гаргаж байгаа, ялангуяа Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах,эх хүүхдийн эндэгдлийг бууруулах,ерөнхий боловсролын сургуульд хүүхэд бүрийг хамруулахад гаргаж байгаа ололт амжилтыг өндрөөр үнэлээд энэхүү  мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцахаар Ерөнхий сайдын хувиар биечлэн оролцож байгаад ноён Бан Ги Мүн талархлаа илэрхийллээ.  Мөн НҮБ-ын  энхийг сахиулах үйлсэд Монголын цэрэг дайчид идэвхтэй, сахилга баттай оролцож үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад НҮБ-ын  ерөнхий нарийн бичгийн дарга талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболдод илэрхийлж  байв.

    Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах үйлсийг тэргүүлж байгаад Монгол улсын  Засгийн газарт баяр хүргэлээ.  Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх Засгийн газар хоорондын олон талт хэлэлцээрийг боловсруулж далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгээр хэлэлцүүлж батламжлахад бэлэн болгоод байгааг Ерөнхий сайд  энэ үеэр мэдээлж байв.

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  хүсэлтийн дагуу Монголоос оролцож байгаа бие бүрэлдэхүүн дэх эмэгтэй энхийг сахиулагчдын тоог олшруулахад Засгийн газар анхаарч буйг мөн тэмдэглэлээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт  түүний дотор цөлжилттэй тэмцэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор найм дугаар сард Өмнөговийн элсэн цөлд хийсэн Засгийн хуралдаанаас гарсан уриалгыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд  гардуулав

  • Ерөнхий сайд С.Батболд Жорж Соростой уулзав

    Ерөнхий сайд С.Батболд Жорж Соростой уулзав Монгол Улсад ардчилал хүний эрхийн институци тогтолцоог хөгжүүлэхэд ноён Соросын оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд С.Батболд өндрөөр үнэлж талархал илэрхийллээ. Уулзалтын үер Монгол Улс Соросын сангийн хамтын ажиллагааг цаашид хүмүүнлэг ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэх, иргэний нийгмийг төлөвшүүлэх, чөлөөт хэвлэлийн тогтолцоог хөгжүүлэхэд Соросын сангийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ.

    Ноён Ж.Сорос  дэлхийд алдартай хөрөнгө оруулагч бизнесмэн хүний хувьд Монгол Улсын эдийн засагт ашигтай хөрөнгө оруулалт хийх боломж байгааг хоёр талаас хүлээн зөвшөөрлөө. Уулзалтад УИХ-ын дэд дарга Г.Батхүү,УИХ-ын гишүүн Н.Ганбямба,Эрдэс байлаг ,эрчим хүчний сайд Д.Зоригт, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон Соросын сангийн удирдлагууд оролцлоо

  • АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзлаа

    АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзлааНҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож  байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга ноён Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үер хоёр талын харилцааны  болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

    Монгол Америкийн харилцааг  идэвхжүүлэх, өндөр дээд түвшний албан тушаалтнуудыг харилцан айлчлуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Фулбрайтын  тэтгэлгээр АНУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцав. Түүнчлэн  Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011 оноос даргалахтай холбогдуулан энэ талаар идэвхтэй хамтран ажиллахаар боллоо