Ангилал: Uncategorized

  • Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

    Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө Монгол Улсын улс төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Нам, төр, улсын удирдах дээд бүрэлдэхүүнд орж, тасралтгүй 44 жил зүтгэсэн энэ түүхэн хүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон МАХН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн хөшөөнд нь цэцэг өргөлөө.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээТөрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийг нэмэгдүүлэв.

    УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын төсөвт тодотгол хийж, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, эхчүүдэд олгох тэтгэмж, тусламжийн хэмжээг энэ оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, шаардагдах хөрөнгийг төсөвт суулгасан билээ.  Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдсон төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

    Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ

    Төрийн албан хаагчдын цалинг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэх тухай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Цалин нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, хэмжээг жигд 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон учир албан тушаалын цалингаас тооцдог бүх төрлийн нэмэгдэл мөн тийм хэмжээгээр нэмэгдэх болно.

    Төрийн албан хаагчдын дундаж цалин өнөөдрийн байдлаар 323,0 мянган төгрөг, үүний дотор төрийн захиргааны албан хаагчдынх 336,7 мянган төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчдынх 321,3  мянган төгрөг, төрийн тусгай албан хаагчдын 310,0 мянган төгрөг байгаа бөгөөд цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар төрийн захиргааных 437,7 мянган төгрөг, төрийн үйлчилгээнийх 417,7 мянган төгрөг, төрийн тусгай албаных 403,9 мянган төгрөгт хүрч  тус тус нэмэгдэх юм. Төрийн үйлчилгээний албан хаагчид нь ажил мэргэжлийн хувьд хэд хэдэн бүлэгт хуваагдах бөгөөд шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагын салбарын мэргэжлийн албан хаагчдын цалин төрийн захиргааны албан хаагчдын цалинтай ойролцоо түвшинд байгаа юм.

    Харин төрийн үйлчилгээний албанд ажилладаг бага тушаалын үйлчлэх албан хаагчдын цалин хөлсний дундаж бусад бүлгийнхээс 15,0 орчим хувиар доогуур байна.  Үүнд цаашдаа анхаарч тодорхой арга хэмжээ авах ёстой гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Төрийн албан хаагчдын хамгийн бага цалин 145134 төгрөг байснаа 188674 болж нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд 154,0 мянган төрийн албан хаагч хамрагдах  ажээ. 

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээ нэмэгдлээ

    Нийгмийн даатгалын  сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдэж байна. Үүний дотор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 81000 төгрөгөөс 105300 төгрөг болж, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 54000 төгрөгөөс 70200 төгрөг, дундаж тэтгэвэр 96600 төгрөгөөс 125500 төгрөг болж өсч байна. Нийт тэтгэвэр авагчдын 60,0 гаруй хувь нь бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй байна. Энэ арга хэмжээнд нийт 308,0 мянган хүн хамрагдах байгаа юм.

    Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж мөн нэмэгдлээ

    Энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин хүүхэд зэрэг асрамж халамж шаардлагатай хэсэгт олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр 30 хувиар нэмэгдэж байна.  Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэр 41400 төгрөг байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс 53820 төгрөг болж нэмэгдэх ажээ.  Энэ тэтгэврийг 52,0 мянган хүн авах юм байна.

    Хэвтрийн өвчтэй, байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин хүүхдийг асрамжиндаа авч асарч байгаа иргэнд тодорхой болзолтойгоор сар бүр мөнгөн тэтгэмж олгодог. Энэ нь том асрамжийн газруудыг байгуулж санхүүжүүлэхээс хямд өртөгтэй бөгөөд нийгэм хамт олон, ах дүү хамаатан садан дотор нь асрамжлах зорилготой үйлчилгээ юм. Өнөөдрийн байдлаар нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээ 24000 төгрөг байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс 31200 төгрөг болж нэмэгдэж байна.

    Нөхөн олговрын доод хэмжээ 105300 болж нэмэгдэнэ

    1997 онд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орж, тэтгэврийн насанд хүрээгүй иргэдийн тэтгэвэр зогсоогдсон юм. Гэхдээ эдгээр иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний мөнгө олгож байхаар Улсын Их Хурлаас тогтоосны дагуу сар бүр мөнгөн олговор олгож ирсэн билээ.  Анх нөхөн олговрыг 44000 хүн авч байсан бол одоо ихэнхи нь тэтгэврийн насанд хүрч тэтгэврээ авах болсноор одоо 84 хүн авч байна. Нөхөн олговрын доод хэмжээг нэмэгдүүлэхээр УИХ- ын тогтоолын төслийг өргөн барихаар тогтлоо. Энэ тогтоол батлагдсан нөхцөлд нөхөн олговрын доод хэмжээ 81000 төгрөгөөс 105300 болж нэмэгдэх ажээ. 

    Хүнд суртал дагуулсан тушаал, шийдвэрийг хүчингүй болгож эхэллээ

    Монгол улсын ерөнхий сайд С.Батболд 2010 оныг “ Бизнесийн орчны  шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд баялаг бүтээж байгаа хүмүүст саад болж байгаа   тушаал шийдвэрийг цэгцлэх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Энэ асуудал ч өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хөндөгдөж, шийдвэр гаргалаа.

    Зарим сайд, аймгийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарын холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа хэм хэмжээ тогтоосон  шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгох асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.Зарим сайд, засаг дарга нар буруу шийдвэр  болоод захирамж гаргавал хүчингүй болдог гэдгийг энэ шийдвэр  харуулж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам 2010 оны хоёрдугаар улиралд нийт 25 шийдвэрт дүгнэлт хүргүүлснээс 20 шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчилж, улсын нэгдсэн бүртгэлд дахин бүртгүүлсэн болон хүчингүй болгосон ажээ. 

    Засгийн газрын наймдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг сонсов

    Засгийн газрын 2010 оны наймдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Засгийн газраас наймдугаар сард хэрэгжүүлсэн ажлыг тоймлон дурдахад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Увс, Баян-өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь,Дорноговь аймгуудад ажиллаж орон нутгийн байдалтай газар дээр нь танилцан, иргэдтэй уулзалт хийж засгийн газраас улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг танилцуулан, тэдний санал хүсэлтийг сонслоо.

    Засгийн газрын 2010 оны 206 дугаар тогтоолоор “Монгол улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр худалдан авч нөөцөлсөн бензин, шатахууныг газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад гэрээний үндсэн дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж, орлогыг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэв.

    Хүний хөгжлийн сангийн тухай хууль, УИХ-ын 2009 оны 99,100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны гуравдугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж буй Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх ажлын явц 94.6 хувьтай байна. Энэ оны наймдугаар сарын 2-ноос эхлэн олгож байгаа 10 мянган төгрөгийн олголтын бичилтийг 249052 хүн хийлгэж, 73132 хүн буюу 2.7 хувь нь мөнгөө авчээ. 

    1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд батлагдсан нэрсийн дарааллын дагуу 87 ахмад дайчинд нэг өрөө байр олгох ажлыг зохион байгууллаа. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоолоор “ Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 3300 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. 

    Засгийн газрын 2010 оны 209 дүгээр тогтоолоор 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчийн төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагч өөрөө хариуцах, 2011 оны нэгдүгээр сараас эхлэн сургалтын төлбөрийн зохих хэсгийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн 2011 оны төсөвт тусгахаар шийдвэрлэв. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны уур амьсгал өөрчлөгдөж, цөлжилт эрчимтэй явагдаж байгаад Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойд “ Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал” –аар Засгийн газрын хуралдааныг зохион байгуулав.

    ОУВС-тай хамтарснаар сайн үр дүн гарчээ

    Монгол улсын Засгийн газар,ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн тогтворжуулах хөтөлбөрийн талаар ОУВС-гийн Захирлууудын зөвлөлөөс гарсан үнэлгээний тухай Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Дэлхийн эдийн засгийн хямралааас үүдэлтэй санхүүгийн хямрал монгол улсын төсвийн тэнцвэртэй байдал алдагдах нөхцөл байдал үүссэнийг харгалзан Монгол улсын Засгийн газар ОУВС-тай удаа дараалан хэлэлцээр хийсний үр дүнд 2009 оны гуравдугаар сарын эхээр эдийн засгийг тогтворжуулах Стэнд-бай хөтөлбөрийг тохиролцон, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр батлагдсан аж.

    Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран ажиллсан өнгөрсөн хугацаанд Монгол улсын төсөв, санхүүгийн байдлыг тогтворжуулаад зогсохгүй төсвийн алдагдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийг тогтворжуулсан байна. Ер нь тус сангаас өгч буй зөвлөмжүүд нь улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн ирээдүйг нэлээн бодитой харсан, болзошгүй  эрсдлийг нарийвчлан тогтоосон байдаг тул Монгол улсын эдийн засгийг цогц байдлаар тодорхойлсон байдаг ажээ. “Стэндбай” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд гадаад валютын нөөцийн хэмжээ ихэссэн, инфляцын түвшний өсөлт саармагжин эдийн засгийн байдлын тогтворжсон зэрэг тодорхой үр дүнгүүд гарсан байна.

    Мөн Засгийн газар хугацаа хэтэрсэн гадаад өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэснээр хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн, хоёр талт маргаантай байгаа өр, төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чаджээ. Ийнхүү хамтарсан Засгийн газрын үед анх удаа ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж дууссаныг Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэлээ.

    Газрын тосны онцгой албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт орууллаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. ОХУ-ын Роснефьт компаниас Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ энэ сард тн тутамд АИ-92 автобензин 42 ам.доллар буюу 56 мянган төгрөгөөр, дизелийн түлш 36 ам.доллар буюу 48 мянган төгрөгөөр өссөн. Харин А-80 автобензин 10 ам.доллараар буурсан байна. 

    УИХ-аас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоос орж ирж байгаа АИ-92 автобензинд 220 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 170 000 төгрөг болгож, харин А-80 автобензин болон дизелийн түлшинд олгож байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр үлдээж, 2010 оны есдүгээр  сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ. Ингэснээр АИ-92 автобензинд ногдуулах онцгой албан татварыг 50 мянган төгрөгөөр бууруулан Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч байна.

    Товчхон

    – Сангийн сайд С.Баярцогт  ирэх оны төсвийн төслийн талаар  засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. 

    -Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг 2010 оны эхний хагас жилийн явцын тухай танилцуулгыг Монгол улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан засгийн газрын гишүүдэд шинээр гаргах бодлогын баримт бичгийн уялдаа холбоог сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, шалгуур үзүүлэлт, үе шатыг тодорхой болгох зорилгоор үндэсний хөтөлбөр, төслийг батлан гаргахаас өмнө Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой санал солилцон шийдвэрлэж байхыг сайд нарт үүрэг болголоо.

    – Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар тодорхой саналуудыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.

    – УИХ-ын гишүүн Д.Зоригт, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Балдан-Очир нарын санаачлан боловсруулсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, мөн тодорхой саналуудыг хуулийн төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.

    – Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд эхний шатны үнэлгээ хийх ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Удирдлагын зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

    – Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд хуралдаан дээр гарсан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

    – “Улсын бүртгэлийн ажилтны өдөр”, “Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан” тэмдэг бий болгох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. 

    – Увс аймгийн Улаангом хотод Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит цогцолборыг бүрэн ашиглалтад оруулахад шаардагдах 300.0 (гурван зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрлөө. 

    – БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Баруун бүсийн авто замын төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгоё гэсэн Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо

  • Ерөнхий сайд манлайлагч залууст амжилт хүслээ

    Ерөнхий сайд манлайлагч залууст амжилт хүслээ Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  JCI Монгол байгууллагын 13 дугаар үндэсний чуулганд оролцож, амжилт хүслээ. Байгуулагдаад 18 жилийн нүүрийг үзэж байгаа тус байгууллага нь энэ жилийн хувьд үндэсний  чуулганаа хийж байгаагаараа онцлог юм байна. “ Өөрчлөлт нь өөрөө байя” уриатайгаар чуулах энэ удаагийн чуулганаар дүрмээ шинэчлэн найруулж, монголын цаашдын хөгжлийн асуудлаар сонирхолтой олон хэлэлцүүлэг хийхээр тус байгууллагынхан төлөвлөжээ.

    Засгийн газрын тэргүүн JCI Монгол байгууллагын 13 дугаар үндэсний чуулганд оролцогчдод хандан хэлэхдээ “ Дэлхийн дулаарлын эсрэг хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, идэвхтэй эх оронч иргэн байхад уриалсан үйл ажиллагаа, “манай байгууллага бол “ хэмээн бахархан ярих олон залуусын гал цогтой харцнаас би JCI байгууллагыг хэдийнээ эчнээ таньдаг болсон юм. Манай хамтарсан Засгийн газар саяхан дэлхийн цаг уурын дулаарлын эсрэг анх удаа элсэн цөлд хуралдаж, олон улсын анхаарлыг энэ асуудалд хандуулахыг зорьсон.

    Цаашид ч та бүхний дэвшүүлэн тавьж, шийдэл олохыг хүсч буй хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлье. Монгол улс 20 жил нэг нийгмээс нөгөөд шилжлээ. Одоо та бид алдаа оноогоо хамтдаа дүгнэж, хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх түүхэн хариуцлагтай цагт ажиллаж амьдарч байна. Улс орныг хөгжүүлэх хамгийн чухал хүч бол өөртөө итгэлтэй, манлайлагч иргэд тэр дундаа залуус та бүхэн гэдэгт би итгэдэг. Аливаа төрийн бодлогын гол үндэс нь хүн байдаг. Та бүхэн хүний хөгжлийн төлөө бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг. Эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллацгаая” хэмээн тэмдэглэлээ

  • Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманийг батламжиллаа

    Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманийг батламжиллаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дундговь аймгийн шинээр томилогдсон Засаг дарга Дамбабазарын Чандманийг хүлээн авч уулзаж, аймгийн Засаг даргын батламжийг нь гардууллаа. Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга Д.Чандманьд ажлын амжилт хүсээд, шинэ даргыг шийдвэрлэх олон ажил хүлээж байгаа, тэргүүлэх чиглэлээ зөв тогтоож, аймгийнхаа иргэдийг ажлын байраар хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулахыг зөвлөлөө. Мөн төрийн албанд олон жил ажилласан туршлагатай, эрдэмтэн хүний хувьд Дундговь аймгийн хөгжилд илүүтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа хэлээд аймгийнхаа усны асуудлыг нэн тэргүүнд шийдэхийг үүрэг болголоо.

    Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань нь хуучнаар Зөвлөлт Холбоот улсад Хөдөө аж ахуйн усжуулалт, механикжуулалтын их сургуулийг хөдөө аж ахуйн усжуулалтын инженер, МУИС-ийн ОУХДС-ийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн, доктор, профессор цолтой. Тус аймгийн Засаг даргаар томилогдох хүртлээ Усны судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажилласан. Мөн сүүлийн арваад жилд Дундговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, тус аймгийн Сайхан-Овоо сумын нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтай юм байна

  • Цэцэг өргөлөө

    Цэцэг өргөлөө Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг  Улс төрийн  хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг билээ. Тус өдрийг тохиолдуулан  Монгол улсын Ерөнхий сайд  С.Батболд болон төр засгийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Манай улс энэ өдрийг тэмдэглээд эдүгээ 14 жил болж байгаа ажээ. 1998 онд Цагаатгалын хуулийг баталснаас хойш 29 мянган хүнийг цагаатгаад байгаа юм байна.

    “1937-1947 онд шүүхээр 30 орчим мянган хүн шийтгэсний 21 мянгыг шууд буудан хороосон байдаг. Хэлмэгдүүлэлтийг гомдсон хэдэн хүний хийсэн хэрэг гэж ойлгох хандлага байдаг. Гэтэл монгол улсыг тэр чигээр нь хар үүл нөмөрсөн цаг үе байсан” хэмээн Улс төрийн хэлмэгдсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн  мэдээлэлдээ дурьдаж байв. Энэ өдрийг тохиолдуулан манай улсын бурхан шашны сүм хийдүүд хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан ном айлдаж, зул өргөх ажээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн аварга С.Батцэцэгт чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ

    Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн аварга С.Батцэцэгт чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Сүхбаатарын Батболд Чөлөөт бөхийн дэлхийн шинэхэн аварга Соронзонболдын Батцэцэгт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Мэндчилгээнд ”Москва хотноо зохион байгуулагдаж буй Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн  тэмцээнээс алтан медаль хүртэж “Дэлхийн аварга” хэмээх алдрын буухиаг эх орондоо залгуулсан Соронзонболдын Батцэцэг Танд болон  Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудад  Монгол Улсын Засгийн газрын  өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ баяр хүргэж  байгаагаа илэрхийлье.

    Сингапур улсад зохиогдсон Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадмаас Монголын тамирчид ихэр аваргыг төрүүлсэн баярт мөчөөс хойш сар хүрээгүй хугацаанд чөлөөт бөхийн төрөлд Дэлхийн аваргатай болсон тухай сайхан мэдээг эх орон, ард түмэн тань сэтгэл  догдлон бахдал дүүрэн хүлээж авлаа. Чөлөөт бөхийн төрөлд 35 жилийн дараа дэлхийн аваргын эрхэм алдрыг хүртсэн    С.Батцэцэг Таны тэвчээр хатуужил, хүч хөдөлмөр, оюун ухаан  тамирчид, залуучуудын бахархал болж араасаа олон аваргуудыг төрүүлнэ гэдэгт итгэж байна. Танд болон чөлөөт бөхийн багийн хамт олонд спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд” гэжээ.

  • Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (НҮБХХ) Суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглуг 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд хатагтай С.Синаноглуд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчөөр томилогдсонд нь баяр хүргээд, хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр ирснийг уулзалтын эхэнд тэмдэглээд, НҮБ-ын тусламж, дэмжлэг, хамтын ажиллагаа нь манай орны хөгжлийн зорилтуудад ихээхэн хувь нэмэр оруулдаг бөгөөд үүнд Суурин төлөөлөгчийн газар гол үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.

    НҮБ-ын Хөгжлийн Тусламжийн Хөтөлбөр нь (UNDAF) Монгол Улсын эн тэргүүний зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын системийн стратегийн үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог бөгөөд Монгол Улс UNDAF 2012-2016-г бэлэн болгоход бүрэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа гэдгийг тэрээр онцолсон юм. НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтуудад заасан үзүүлэлтүүдийн биелэлтийг Монгол Улс 2015 он гэхэд хангахын тулд чармайн ажиллаж багагүй амжилтад хүрсэн. Харин ядуурал, жендерийн эрх тэгш байдал, байгаль орчин зэрэг зарим зорилтын хүрээнд үзүүлэлтүүд нь удаашралтай байгаа бөгөөд үүн дээр Засгийн газар төвлөрөн ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

    Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хүрээ, хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлох, ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаагаа нэгтгэх зорилгоор Засгийн газар, НҮБ, ТББ, олон нийтийн төлөөлөл оролцуулсан семинар ойрын үед зохион байгуулах санаачилгыг Ерөнхий сайд гаргалаа. Хатагтай С.Синаноглу халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг улам дэлгэрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гээд, Монгол Улсын МХЗ-ын үзүүлэлтийг хангахын төлөө идэвхтэй ажиллаж байгааг өндрөөр үнэлж байгаагаа хэллээ.

    Түүнчлэн дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох цаг уурын өөрчлөлт, цөлжилтийн асуудалд Монголын Засгийн газраас онцгойлон анхаарч, тус асуудлаар говьд хуралдан тодорхой шийдвэрт хүрсэн явдал нь дэлхий нийтийг анхаарлыг тус асуудалд хандуулсан алхам болсон. Энэ нь Монгол Улсын бүтээлч санаачилга бөгөөд дээрхи асуудлыг шийдэх зориг төгс байгаагийн илэрхийлэл байлаа гэдгийг тэрээр онцолсон юм. Ерөнхий сайдын гаргасан санаачилгыг хатагтай С.Синаноглу бүрэн дэмжиж байна гээд, цаашид хөгжлийн бодлогын аливаа асуудлаар НҮБ хамтран ажиллаж, тусалж, дэмжихэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ

  • Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав

    Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Энэтхэг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас манай улсад суух Элчин сайдаар томилогдсон Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд  Сатбир Сингх, Хоанг Таун Тхинь нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, ажлын амжилт хүслээ. 
    Мөн Бүгд Найрамдах Франц Улсаас (БНФУ) Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жан-Поль Дюмоныг хүлээн авч уулзлаа.

    Монгол- Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд гаргахыг чухалчлав
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас (БНЭУ) Монгол Улсад суухаар шинээр томилогдсон Элчин сайд Сатбир Сингхийг 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол-Энэтхэг улсууд нь түүхэн уламжлалт оюун санааны хэлхээ холбоотой бөгөөд хоёр талын харилцаа эрт дээр үеэс улбаатай гэдгийг тэмдэглэлээ.

    Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны уламжлалт соёл, боловсролын салбарын харилцаа идэвхтэй хөгжиж байна. Цаашид хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд онцоллоо. Хоёр талын хамтын ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгоход цаашид анхаарч, тухайлбал тодорхой салбарууд дээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах боломжтой юм гэж Ерөнхий сайд хэлэв.

    Ноён Элчин сайд хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд харилцааны уламжлалт салбаруудаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллах болно гээд, харилцан албан уулзалт, айлчлал, солилцоог эхний ээлжинд байнгын, хэвшмэл болгохыг чухалчилж байгагаа илэрхийллээ. Энэтхэгийн томоохон, нэр хүнд бүхий хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахыг ихэд сонирхож байгаа. Есдүгээр сарын сүүлчээр Энэтхэгийн бизнесийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНЭУ-ын Уул Уурхай асуудал эрхэлсэн сайдыг айлчлуулах боломжийг судалж байна гэж Элчин сайд С.Сингх хэллээ.

    Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Франц Улсаас (БНФУ) Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жан-Поль Дюмоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. 

    Ерөнхий сайдыг Вьетнамд айлчлахыг урилаа
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдоод удаагүй байгаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Хоанг Таун Тхинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ. Хоёр орны хооронд бараа солилцоо нэмэгдэж, хүнс хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлал болон олон нийтийн байгууллагууд хооронд хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Хоанг Таун Тхинь нь 1977-1982 онд манай улсын ХААДС-ийг төгссөн, Монгол дахь БНСВУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан монгол зан заншил уламжлал, түүх соёлыг мэддэг, монгол хэл сайн эзэмшсэн дипломатч ажээ. Хоёр орны харилцааг шинэ түвшинд хөгжүүлэхэд Эрхэмсэг ноён Элчин сайдын манай орны талаарх мэдлэг том дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа Засгийн газрын тэргүүн С.Батболд илэрхийлэв.

    Мөн Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 14 дүгээр хуралдаан амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн комиссын шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход Элчин сайд Хоанг Таун Тхинийг идэвх гаргаж ажиллахыг хүслээ.

    Монгол Улс АСЕАН-ы орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд дурьдаад “АПЕК болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АСЕАН-ы хамтын ажиллагаанд оролцох манай эрмэлзлэлийг Вьетнам нөхөд маань цаашид ч дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ. Ноён Элчин сайд Хоанг Таун Тхинь уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг БНСВУ-д айлчлахыг урьсан Ерөнхий  сайдынхаа урилгыг дамжууллаа.

    2009 онд хоёр орны худалдааны эргэлт 8,9 сая ам.долларт хүрсэн бөгөөд Вьетнамын талын экспорт давамгайлж байгаа.  Боловсролын яамд хорондын хэлэлцээр болон хувийн зардлаар Монголоос 55 оюутан Вьетнамд, Вьетнамаас 19 оюутан манай улсад суралцдаг юм байна

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 8-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Малын гоц халдварт шүлхий өвчинд шаардагдах зардлыг шийдлээ

    Одоогийн байдлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Дорнод аймгийн голомт бүхий Матад, Халхгол, Булган сумдын мэдрэмтгий бүх мал, Дорнод аймгийн бусад бүх сум, Сүхбаатар аймгийн бүх сумын үхэр, Хэнтий аймгийн хил залгаа хоёр сумын үхэр, Дорноговь, Өмнөговь  аймгийн БНХАУ-тай хил залгаа сумдын бод ,бог мал буюу нийт 1.6 сая малыг вакцинжуулаад байгаа юм байна.

    Улсын нөөцөд уг өвчнөөс сэргийлэх вакцин дуусаад байгаа  аж.  Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад ,Булган сумдын зааг нутагт өвчтэй зээр, зээрийн сэг зэм их байгаа тухай мэдээллийг аймгуудын мал эмнэлгийн албадаас ирүүлжээ. Энэ асуудлыг өнөөдрийн   Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж,  малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа.

    Сүхбаатар, Дорнод аймагт  мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Сүхбаатар аймагт ариутгал, халдваргүйтэл хийх зориулалт бүхий “ ДУК” автомашин нэг, Сүхбаатар аймагт формалин 1176 литрийг улсын нөөцөөс олгож, 2010 оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол улсын Шадар сайд М.Энхболдод даалгалаа. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардал болон улсын нөөцөөс олгох автомашин, формалиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 140.0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж, Онцгой байдлын ерөнхий газарт олгохыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрөв. 

    Зөвлөх компаниар олон улсын нэр хүнд бүхий туршлагатайг нь сонгох чиг өглөө

    Сүүлийн жилүүдэд манай улсын төрийн байгууллагууд ээдрээ, түвэгтэй, их хэмжээний хөрөнгө, хүч шаардсан маргаанд татагдан гадаад орны шүүх, арбитрт хариуцагчаар дуудагдах явдал удаа дараа гараад байгаа бөгөөд цаашид ч  дахин гарч болзошгүй байгаа ажээ. Мөн үүнээс  гадна төрөөс дэд бүтэц болон уул уурхай, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа өнөө үед томоохон төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах чухал ач холбогдолтой байгаа аж.

    Иймээс нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөртэй холбогдон үүссэн маргаантай асуудлаар Монгол улсын эрх ашгийг төлөөлөн гадаад орны шүүх, арбитрт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох, цаашид шинээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн төслийн хүрээнд гэрээ, хэлэлцээр байгуулахад эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг олон улсын нэр хүнд бүхий туршлагатай зөвлөх компаниар гүйцэтгүүлэх  шаардлага байгааг харгалзан, Засгийн газрын хуралдаанаас зөвлөх компани сонгон шалгаруулах тухай тогтоол гаргалаа.

    Зөвлөх компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж, тухай бүрт нь Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж байхыг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгав.

    Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

    Засгийн газрын 2010 оны 77 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “ 2010 онд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах арга хэмжээний нэгдсэн жагсаалт”-ын дөрөв дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ. Ингэснээр  “Афганистан дахь энхийг сахиулах олон улсын ажиллагаанд… нисдэг тэрэгний техникийн , засвар үйлчилгээний сургалтын бүлэг, Бельгийн вант улсын зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн баг оролцуулах “  гэсэн заалт нэмэгдэж байгаа юм.  

    Хөдөлмөрийн үндэсний чуулганыг зохион байгуулна

    Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага, хөдөлмөрийн харилцаан дахь өөрчлөлт, тэдгээрийг эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай уялдуулах, ажлын байр нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэж сургах асуудлын хүрээнд салбарын яамд, мэргэжлийн сургалтын байгууллагууд, иргэний нийгэм, судлаачдын санал дүгнэлтийг сонсох зорилгоор ийм чуулганыг зохион байгуулах боллоо. “ Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт- зохистой ажлын байр” сэдэвт хөдөлмөрийн  үндэсний чуулганд шаардагдах хөрөнгийг  Засгийн газрын нөөцөөс  гаргахаар    хуралдаанаас  тогтлоо. Тус чуулганыг ирэх аравдугаар сард хийхээр төлөвлөж байгаа ажээ.

    Товчхон

    • Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем /RIMES/-ийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт нэгдэн орох нь зүйтэй гэж үзлээ. НҮБ-ын Хөгжлийн газраас тус системээр дамжуулан Монгол, Бутан, Энэтхэг, Мальдив, Балба, Пакистан зэрэг улсад уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн менежментийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ оны долдугаар сарын эхээр Энэтхэг улсад зохион байгуулагдсан хурлаас манай улсад 180000 ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ сараас хэрэгжиж эхлэх юм.  

    • Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    • “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зүйтэй гэж үзлээ. Тус хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэх эрхийг Монгол Улсаас Швейцарийн Холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Оргилд олголоо.

    • УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ. Тус сан нь Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилготой. Тодорхой ажил мэргэжилд зориулж шинээр сан байгуулах нь цаашид мэргэжил тус бүрээр сан байгуулах буруу жишиг тогтоох үр дагавартай гэж Засгийн газрын зарим гишүүд үзлээ. Мөн “Багшийн хөгжлийн сан”-гийн тухайд боловсролын асуудал эрхэлсэн сайдын төсвийн багцад тусгах замаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзээд сайд нарыг саналыг тусгаад төсөл санаачлагч УИХ-ын гишүүдэд уламжлахаар тогтлоо

  • Иргэдийн санал тогтоол боллоо

    Иргэдийн санал тогтоол боллоо Монгол улсын Ерөнхий сайд энэ зуны турш орон нутагт томилолтоор ажилласан билээ. Тэрбээр Засгийн газрын бодлого шийдвэр үйл ажиллагааг иргэддээ мэдээлж, малчдын амьдралыг газар дээр нь очиж танилцсан юм. Засгийн газрын тэргүүн одоогийн байдлаар баруун есөн аймаг буюу Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайд, говийн дөрвөн аймаг болох Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, төвийн бүсийн Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан Уул аймгуудад тус тус ажиллаад байна.

    Иргэдийн Засгийн газартаа итгэх итгэл улам нэмэгдэж, хамтарсан Засгийн газар хамтраад юм хийж чадаж байна гэх урам очсон газар бүрт анзаарагдаж байсныг Ерөнхий сайд баруун аймгуудад ажилласны дараа Засгийн газрын хуралдаан дээр танхимын гишүүддээ  мэдээлэл хийхдээ хэлж  байсан. Гүйцэтгэх засаглалын  тэргүүн орон нутагт ажилласан томилолтоороо аймаг бүрээр төлөвлөгөө гарган ажиллахаар болж байгаа бөгөөд баруун аймгуудынхаа төлөвлөгөөг баталлаа.

    Энэхүү төлөвлөгөөний дагуу засгийн газрын тогтоолд Ерөнхий сайд С.Батболд гарын үсэг зуржээ. Тус тогтоолд дурдсанаар “ Төвөөс алслагдсан баруун аймгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх болон тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тэдгээрт алслагдсан бүсийн нэмэгдэл олгох асуудлыг судалж, санал боловсруулан энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг Сангийн сайд С.Баярцогт болон НХХ-ийн сайд Т.Ганди нарт даалгасан байна. 

    Өөр нэг чухал заалт бол  “Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг  2011 оны улсын төсөв болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах”-ыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн “Хүнсний ногоо тарих, хадлан тэжээл бэлтгэх талаар иргэдээс гарч байгаа санаачилгыг дэмжиж, бага оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт хөнгөлттэй үнээр нийлүүлэх асуудлыг судалж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсөв, зээл, тусламжийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг ХХААХҮ-ийн сайдад даалгасан байна. 

    “Хөдөө аж ахуйн бирж болон мах боловсруулах үйлдвэрийн сүлжээ байгуулах, малгүй болсон малчдын банкны зээлийн өрийн зарим хэсгийг Хүний хөгжил сангаас иргэн бүрт хүртээх хишиг, хувиас нөхөн төлүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх аравдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг ХХААХҮЯ болон НХХ-ийн яаманд тус тус энэхүү тогтоолоор  үүрэг болголоо.

    “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, сангаас олгох зээлийн хэмжээ, нөхцөл шаардлагыг  өөрчлөх асуудлыг судалж шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авах”-ыг Т.Бадамжунай сайдад даалгав. “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр иргэд, төрийн бус байгууллагаас тавьсан санал хүсэлтийг нэг бүрчлэн судалж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллан шийдвэрлэх арга хэмжээ авах”-ыг БОАЖ-ын сайд Л.Гансүхэд мөн даалгалаа. “Могойнголын нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барих, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан, энэ есдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг ЭБЭХ-ий сайдад үүрэг болгов. 

    Энэхүү тогтоолын төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах арга хэмжээ авч байхыг Сангийн сайд С.Баярцогт, холбогдох сайд нарт, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасан байна. Ийнхүү  Ерөнхий сайдын орон нутагт ажиллах үеэр иргэдээс гарсан санал хүсэлт биеллээ олох эхний алхам  хийгдлээ