Ангилал: Uncategorized

  • Ерөнхий сайд Завхан аймагт ажиллав

    Ерөнхий сайд Завхан аймагт ажиллавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн төв Улиастай хотод хүрэлцэн ирэв. Тэрээр хүнсний захаар орж, махны үйлдвэр, нэгдсэн эмнэлэг, замын ажлын эхлэлтэй танилцлаа. Тэрээр Донойн нисэх онгоцны буудал хүрэх 17 км замыг хатуу хучилттай болгоход шаардлагатай хөрөнгийг 2011 оны төсөвт тусгахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгов. Ерөнхий сайд дараа нь улиастай хотын иргэдтэй уулзан төр, засгийн бодлого, шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсон хариу өгсөн байна.

  • Тайширын цахилгаан станцыг ашиглалтад оруулна

    Тайширын цахилгаан станцыг ашиглалтад оруулнаТайширын усан цахилгаан станцыг 9 дүгээр сард туршилтын журмаар ажиллуулахаар төлөвлөж байна. Үүнд шаардлагатай 250 мянган ам доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байх Тайширын усан цахилгаан станцын ажилтай танилцсаны дараа ийм шийд гаргалаа. Энэ дагуу Сангийн яам болон Эрдэс баялаг, эрчим хүчний яам шаардлагатай хөрөнгөний тооцоогоо гарган ойрын үед Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээж байна.

    Ерөнхий сайдыг баруун аймгуудад, ялангуяа Говь-Алтай аймагт иргэдтэй уулзаж, ярилцаж байхад байнгын эрчим хүчтэй болох хүсэлт олон гарч байсан юм. Санц туршилтын журмаар ажиллаж эхэлснээр Говь-Алтай, Завхан аймгийн төв, хэд хэдэн сум байнгын эрчим хүчний эх үүсвэртэй болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал дээрх хоёр аймаг бүхэлдээ гэрэл, цахилгаантай болох юм. Тайширын усан цахилгаан станцын усан сан шаардлагын хэмжээнд дүүрэхгүй байгаа учир одоогоор Тайшир, Жаргалан сумыг эрчим хүчээр хангаж байгаа. Хэрвээ дахин 2 метр гаруй нэмэгдвэл станц хэвийн хэмжээнд ажиллах боломжтой. Энэ  жил хур бороо ихтэй байгаа учир энэ жил усан сан дахь усны хэмжээ 10 метрээр нэмэгдсэн, 10 дугаар сар хүртэл хур бороотой байх төлөвтэй байгаа нь   найдлага төрүүлж байна.

    Тайширын усан цахилгаан станц барьснаас болж Завхан гол, түүнээс эх авдаг  Хяргас, Айраг нуур ширгэж үгүй болох нь гэсэн шүүмжлэл их байдаг ч үүнийг албаны хүн үгүйсгэлээ. Дэлхийн дулаарал, хур бороо багатай, гандуу байснаас голын урсгал татарснаас бус станц барьсантай ямар ч холбоогүй. Гурван турбиныхаа нэгийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж байгаа энэ жил гэхэд л Хяргас нуурын усны түвшин 3-5 см-ээр дээшилсэн. Энэ нь Завхан голын урсац хур бороо элбэг байх эсэхээс хамаарч байгаагийн илрэл. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл голын урсац анх байсан хэмжээнээсээ 3-4 дахин нэмэгдэнэ гэж Тайширын усан цахилгаан станцын төслийн удирдагч Ерөнхий сайдад хэллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 1997 онд Кувейт Улсын Эмир манай улсад айлчлах үеэр судалгааны 300 мянган кувейт динарын тусламж үзүүлэх болсноор Тайширын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх анхны алхам тавигдсан түүхтэй. Станц баригдсанаар Говь-Алтай, Завхан аймгийг байнгын, найдвартай эрчим хүчээр хангана гэсэн судалгаа, тооцоо гарч ажил эхэлсэн. Энэ дагуу төр, засгаас сүүлийн 3 жилд 50 гаруй тэрбум, сумдын цахилгаан шугам, дэд станцуудыг барихад 40 тэрбум, нийт 90-95 орчим тэрбум төгрөг зарцуулаад байна. 

    Дээрх хоёр аймгийг байнгын эрчим хүчтэй болгож, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голд дулааны станцыг 2011 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа. Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Могойн голын дулааны цахилгаан станц ашиглалтад орвол Говь-Алтай, Завхан аймагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, ажилгүйдэл, ядуурал буурахад ч тодорхой хэмжээний хувь нэмэр болох юм.

    Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын бүх аймаг, сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож, нэгдсэн сүлжээнд холбохыг зорьж байна. Дашрамд дурьдахад Тайширын усан цахилгаан станц 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ажиллаж, үйлдвэрлэсэн цахилгаанаа хэрэглэгчдэд анх хүргэж байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд 2 жилийн дараа яг энэ өдөр усан цахилгаан станцын ажилтай танилцаж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр болсонд станцын удирдлага, хамт олон баяртай байгаагаа илэрхийлж байлаа

  • Ерөнхий сайд С.Батболдын Говь-алтай аймгийн иргэдийн уулзалтанд хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболдын Говь-алтай аймгийн иргэдийн уулзалтанд хэлсэн үгЭрхэм  хүндэт Алтайчууд аа, Ард иргэд ээ,

    Та бүхэн тавтай сайхан зусаж  байна уу.

    Өндөр сүрлэг Алтайн уул шигээ алдар гавъяаны замналтай, өргөн уудам говь шигээ уужим тэнүүн сэтгэлтэй Говь-Алтайчууд Та бүхэнтэй нүүр тулан уулзаж ярилцах завшаан олдож  байгаад  туйлын  баяртай байна. Та бүхэн саяхан аймаг байгуулагдсаныхаа  түүхт 70 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Хэдийгээр аймгийн 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд ирж оролцож амжаагүй ч гэсэн  түүхт ойн баяр, наадмын чимээ төдийлөн алсраагүй, уралдсан хурдан хүлгийн хөлс хатаж амжаагүй байгаа энэ цаг үед Говь-Алтай аймагт ирсний хувьд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Говь-Алтай аймгийн нийт ард иргэд Та бүхэндээ түүхт ойн баярын халуун мэндийг дэвшүүлж, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

    Эх орны маань  баруун урд  хязгаарын  уудам их газар нутагт  аж төрөн амьдарч байгаа Та бүхний өвөг дээдэс, мөн өнөө үеийнхний дундаас улсынхаа тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчид, нэрт зохиолч, соён гэгээрүүлэгчид, төр нийгмийн зүтгэлтэнүүд, ардын армийн генералууд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн сайчууд олон арваараа төрөн гарсан билээ. Эх оронч, хөдөлмөрч энэ сайхан уламжлал нэр төрөөрөө Та бүхэн бахархах бүрэн эрхтэй.   

    Монгол улсын урт хугацааны хөгжлийн хувьд эрхэм нандин үнэт зүйл бол  байгалийн баялаг, ашигт малтмал бус харин  эрүүл чийрэг биетэй, эрдэм  боловсролтой, хөдөлмөрч, бүтээгч  Монгол хүн билээ. Говь-Алтай аймаг бусад аймгаас хамгийн анхлан аймгийнхаа урт хугацааны хөгжлийн цогц  хөтөлбөрийг боловсруулж, үүндээ “Хүний хөгжил”-ийг тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлон мөрдөж байгаа нь ихээхэн сайшаалтай. Энэхүү  хөгжлийн цогц бодлогын баримт бичигт тодорхойлсон зорилтуудыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө төр, орон нутаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хүч нөөцийг нэгтгэн дайчилж чадвал Говь-Алтайхан хөгжил дэвшлийн шинэ шатанд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

    Төр, засгийн хөгжлийн бодлогын тэргүүн эгнээнд Хүний хөгжлийн бодлого тавигдаж байгаа. Сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газраас хүн амын эрүүл мэнд, эх нялхасын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг эмчлэх, эдгэрүүлэх талаар ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, зохих боловсон хүчнийг бэлтгэж ирсний үр дүнд Монгол Улсын хүн амын өсөлтийн хурдац жилээс жилд нэмэгдэж, хүн амын цэвэр өсөлтийн хурдац 8-9,0 хувьд хүрч, 2010 оны эхний байдлаар хүн амын тоо 2736,0 мянгад хүрээд байна.

    Засгийн газраас зарлаж, саяхан хэрэгжүүлж эхлээд байгаа Хүн амын шинэчилсэн бүртгэл, тооллогын явцад бид ард иргэд, хүн амынхаа тоо, хүн ам зүйн байдлын талаар илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэлтэй болох юм. Сүүлийн жилүүдэд төрөөс өрх гэр бүл, хүүхдийг дэмжих чиглэлээр олон талын бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн дотор шинэ гэр бүлийн, шинээр төрсөн хүүхдийн мөнгийг олгож байгаагийн зэрэгцээ, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу 2010 оноос эхлэн иргэн бүрт тодорхой хэмжээний хувь, хишгийг олгож байгаа билээ.

    Хэдийгээр төр, засгаас хүн амынхаа эрүүл энхийг сахин хамгаалахын төлөө ихээхэн хүч хөрөнгө зарцуулж, эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож байгаа боловч халдварт өвчний гаралт, эх нялхасын эндэгдэл зэрэг анхаарал татахуйц, таагүй үзүүлэлт зарим аймаг, орон нутагт гарсаар  байна. Тухайлбал оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 15 эх төрөлтийн явцад эндсэний дотор Говь-Алтай аймагт 1 эх энджээ.

    Магадгүй алслагдсан сумдад яаралтай тусламж үзүүлэхэд хүндрэлтэй зарим асуудлууд байхыг үгүйсгэхгүй боловч улсын хэмжээнд нийт 14 аймагт эхийн эндэгдэл гаргаагүй байгаа бодитой, сайн жишээнээс сургамж авч, цаашид эх, нялхасын эндэгдэл гаргахгүй байх талаар бүхий л бололцоот арга хэмжээг, бүх түвшинд авч ажиллах шаардлагатай байна. Хүний амь наснаас илүү үнэт зүйл гэж үгүй билээ.  

    Манай ард иргэдийн байнгын анхаарал татаж байдаг өөр нэг асуудал бол боловсрол, сургуулийн тухай асуудал билээ. Төр засгаас бүх шатны боловсрол олгох тогтолцоог иж бүрнээр хөгжүүлэх, боловсрол олгох стандартыг олон улсын түвшинд хүргэх шинэ шаардлага, зорилтыг тавьж ажиллаж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн туршид бид гол төлөв сургуулийн анги, танхимын хүрэлцээ, барилга байрны асуудлыг түлхүү анхаарч үүнд улсын төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж ирсэн.

    Үүний үр дүнд өнөөдөр нийслэлээс бусад манай улсын 21 аймгийн 360 гаруй суманд үндсэндээ сургуулийн барилгын хүрэлцээ, хангамжийн асуудал үндсэндээ шийдвэрлэгдсэн гэж хэлж болохоор байна. Өнөөг хүртэл манай улсын төсвийн зарлагад боловсролын салбарын зардал хамгийн өндөр хувийн жинг эзэлсээр байгаа нь төрөөс энэ салбарт ихээхэн анхаарал тавьж ирсний илрэл юм.

    Цаашид хийгдэх их ба урсгал засварын асуудал гарах нь тодорхой. Одоо бид сургалтын материаллаг орчноос гадна боловсролыг олон улсын түвшинд хүргэж олгох, төгсөгчид гадаад хэлний өндөр мэдлэг чадвар эзэмшсэн байх, сургуулиа төгсөөд аливаа нэмэлт сургалт, бэлтгэлгүйгээр гадаад орны их, дээд сургуульд шууд элсэн суралцахуйц түвшинд боловсролыг олгодог байх зорилтыг Засгийн газар дэвшүүлэн тавьж, үүнийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг зорьж байна.  

    Хөдөө орон нутгийн боловсролын байгууллагуудад боловсон хүчний хүрэлцээ, дэд бүтцийн байгууламж хангалтгүй байх зэрэг зарим саад бэрхшээл өнөөг хүртэл тулгарсаар байгааг бид сайн ойлгож, үүнийг аль болох богино хугацаанд арилгахыг хичээж ажиллаж байна. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдоогүй байгаа Завхан, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьд эрчим хүчний хангамжтай холбогдсон бэрхшээл энэ ондоо багтаж шийдвэрлэгдэж эхэлнэ. Саяхан Алтай суманд Олон улсын санхүүгийн корпораци, Даян дэлхийн байгаль орчны сан зэрэг олон байгууллагын төслийн 2.7 сая ам долларын зээлийн хөрөнгөөр нарны эрчим хүчний станц байгуулж ашиглалтад өгсөн нь сумын сургууль, эмнэлэг зэрэг олон байгууллагын үйл ажиллагаанд томоохон ахиц, дэвшлийг авчирч байгаа гэдэгт итгэлтэй байна.

    Дашрамд дурьдахад Говь-Алтай аймгийн хувьд хэдийгээр эрчим хүчний хангамжийн асуудал хамгийн сүүлд шийдвэрлэгдэж байгаа боловч үүний зэрэгцээ байгаль орчинд хамгийн хал багатай, орчин үеийн технологи бүхий усан болон нарын эрчим хүчний цахилгаан станцууд баригдаж байгаа нь говийн эмзэг байгальд сөрөг хор нөлөөлөл бага үзүүлэх ач холбогдолтой, давуу талтай шийдэл болж байгаа нь олзуурхууштай юм. 

    Засгийн газраас мэргэжлийн боловсрол олголтыг дэмжин хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.  Говь-Алтай аймагт өнөөгийн байдлаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд жилд дунджаар  1000 орчим хүүхэд, залуус суралцаж, жил тутамд  250-260 гаруй залуус тодорхой мэргэжлийн ур чадвар эзэмшин төгсөж байна.  Цаашид Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр олгож байгаа ажил мэргэжлийн чиглэлийг зах зээлийн эрэлт хэрэгцээтэй илүү нягт уялдуулах, сургалтын явцад үйлдвэрлэл дээр дадлага олгох чиглэлийг зохистой хослуулах, өндөр хөгжилтэй орнуудын техник, технологид суурилсан сургалтыг түлхүү баримтлах шаардлагатай болж байна.

    Эрхэм хүндэт малчид аа,
    Малчин түмний өмч хөрөнгө болсон мал сүрэг, түүнээс гарч байгаа түүхий эд нь манай улсын эдийн засгийн тогтолцооны нэг чухал суурь болсоор байгаа билээ. Мал аж ахуйн салбарын ололт амжилт, эсвэл түүний гарз хохирлоос манай хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн салбар, гадаад худалдааны тодорхой хэсэг шууд хамаарч байгаа. Тухайлбал өнгөрсөн өвөл бидэнд тулгарсан байгалийн хүнд шалгуур, бэрхшээлийг бид мартаагүй байна.

    Байгаль цаг уурын гэнэтийн гамшигт үзэгдэл, зудын улмаас Говь-Алтай аймгийн  нийт өрхийн 43.4 хувь нь буюу 3580 малчин өрх зуданд ихээхэн нэрвэгдэж, аймгийн хэмжээнд оны эхэнд тоологдсон мал сүргийнхээ 35.0 орчим хувийг хорогдуулсан нь ихээхэн харамсалтай, гашуун сургамжтай үйл явдал юм.  Засгийн газраас Говь-Алтай аймагт  мал аж ахуйн салбарт өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулахад зориулан  улсын төсвөөс мөнгөн  дүнгээрээ 635 сая төгрөг,  гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламжаар 577,2 сая төгрөг, нийт 1 тэрбум 214, 2 сая төгрөгөөр тооцогдох тусламж, дэмжлэг үзүүлсэн.

    Байгалийн аюулт үзэгдэл, зудыг даван туулах, учирсан хохирлыг арилгах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын холбогдох Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган болон  Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцэн, тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласан. Манай улсын хувьд  хатуу өвөл буюу зуд анх удаа тохиолдож байгаа хэрэг биш, ахмадууд маань бичин жилийн зудын гашуун сургамжийг залуу малчиддаа хэлж, анхааруулсаар л ирсэн. Нэгэнт тохиолдож, өнгөрсөн зудаас сургамж авч, ирэх жилүүдэд өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, малыг оторлож таргалуулах, бэлчээрийг зохистой хуваарилж ашиглах, мал сүргийг паразит өвчнөөс хамгаалах, эрүүлжүүлэх зэргээр цаашид учирч болох өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, суралцах ёстой.

    Өнөөдөр билгийн тооллоор зуны адаг сарын 27-ны өдөр тохиож байна. Хуучин цаг тооллын дагуу намрын уур амьсгал орох өдөр гэсэн үг. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар сэрүүсч хүйтний ам наашилж байгааг сануулж байгаа билээ. Наадмын дараахан Засгийн газрын 7-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуй, эрчим хүчний болон зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай асуудлыг авч хэлэлцээд тогтоол гаргаж, улс орон даяар зохион байгуулалттай бэлтгэл ажил хангах үүрэг, даалгаврыг яамдын сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгөөд байна.

    Өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн Засаг дарга нар, салбарын яамд бус айл өрх бүр, малчин тус бүр хүйтний улирал эхлэхээс урьтаж, цаг хугацаатай уралдан олон талын бэлтгэл ажлыг хангасан байх шаардлагатай. Бид аливаа шийдвэрлэвэл зохих, бэрхшээлтэй асуудлыг ярилцаж, хэлэлцэхэд үйл ажиллагааны болон эрх мэдлийн зохистой бус “Төвлөрөл” нь ажил хэргийг зөв зохион байгуулж, хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэг хүчин зүйл юм. Иймээс Засгийн газраас төвлөрөлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

    Засгийн газраас улсын төсөв, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа, боловсон хүчний томилгоо, хяналтын  төвлөрлийг  багасгаж, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг  илүү тодорхой болгох замаар  иргэд  өөрийн асуудлаа өөрөө шийдэх  эрхийг нутгийн засаг захиргаанд шилжүүлэх зэрэг арга  хэмжээг авахаар төлөвлөж байна. Төвлөрлийг сааруулсан нөхцөлд аймаг, сумд, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж экспортлох,   энэ бүхэнд зайлшгүй хэрэгтэй эрчим хүч, зам, тээвэр, барилгын үйлдвэрлэлийн баазыг өргөтгөх арга хэмжээг өөрсдөө санаачлан гаргаж, хэрэгжүүлэх  боломж бодитойгоор нэмэгдэх болно.

    Говь-Алтай аймгийн хувьд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас  570,0 сая, орон нутгаас 30,0 сая,  оролцогч банкнаас 180,0 сая нийт 780,0 сая төгрөгийн эх үүсвэрийг аймгийн жижиг, дунд үйлдвэрийн дэд санд бүрдүүлжээ. Уг сангаас өнгөрсөн онд хүнсний үйлдвэрийн чиглэлд 18, ХАА-н салбарт 20, хөнгөн үйлдвэрийн салбарт 23, барилгын материалын үйлдвэрлэлд 5, худалдаа үйлчилгээний зориулалтаар 15, эм бэлдмэлийн зориулалтаар 1 төсөл, нийт 92 төсөлд санхүүжилт хийгдэж, зээл олголтын  үр дүнд 24 шинэ үйлдвэр, 274 ажлын байрыг бий болгоод байна.

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь хөдөө орон нутагт  зөвхөн үйлдвэрлэлийн салбарыг л хөгжүүлнэ гэсэн зорилт биш бөгөөд мал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл,  эрчимжсэн мал аж ахуй, өндөр ашиг шимтэй малд түшиглэсэн фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг зүй зохисоор нь хөгжүүлэх өргөн хүрээтэй бодлого юм. Манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар тодорхой зорилт тусгагдсан. Байгаль цаг уурын өөрчлөлт эрчимжиж, цөлжилт нэмэгдэж, бэлчээрийн даац жилээс жилд доройтож байгаа энэ цаг үед төв суурин газрын ойролцоо аль болох эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зохистой болохыг манай хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид зөвлөж байгаа юм.

    Бид барууны өндөр хөгжилтэй орнуудад фермерийн аж ахуйг хэрхэн хөгжүүлж, ашиглаж байгаа туршлагаас суралцаж нэвтрүүлэх хэрэгтэй.           Хөдөө аж ахуйн салбарын хувьд хөгжлийн харьцангуй өндөр түвшинд хүрч хөгжиж байгаа Канад улсын фермерийн аж ахуйн тэргүүн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ихээхэн өндөр үр ашигтай ажиллаж байгаа аж ахуй нэгж манай улсад өнөөдөр үйл ажиллагаагаа амжилттай эрхлэн явуулж байна. Энэ бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Л.Чинбат захиралтай “Гацуурт” компаний бүтээлч, хөдөлмөрч хамт олон юм.

    Удахгүй ХХААХҮЯ-аас санаачлан “Гацуурт” компаний жишээн дээр фермерийн аж ахуйг хэрхэн эрхлэн явуулж болох жишээг олон нийтэд үзүүлж, туршлагыг нь дэлгэрүүлэх зорилгоор өдөрлөг буюу олон улсын тогтсон нэршлээр “Фарм шоу”-г энэ 8 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Цагааннуур суманд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ өдөрлөгт манай бүхий л аймаг тус бүрээс тодорхой тооны төлөөлөгчдийг оролцуулах учир танай аймгийн төлөөлөгчид ч гэсэн өндөр хөгжилтэй орны фермерийн аж ахуйн тэргүүн туршлагатай өөрийн орондоо, газар дээр нь үйл ажиллагааны бүхий л явцыг нь үзэж танилцаж, судлах таатай боломж гарах болно.

    Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж ойртож, цөлжилт нэмэгдэж байгаа учир говийн нөхцөлд услалтын системийн ашиглалтыг сайжруулах, тариалах  талбайн хэмжээг нэмэгдүүлэх, га-гийн ургацыг өсгөх замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Шаардлагатай зарим нөхцөлийг бүрдүүлбэл хангайн сэрүүн бүсээс илүүтэйгээр говийн бүсэд илүү тогтвортой ургаж, арвин ургац өгөх боломжтой олон нэр төрлийн жимс жимсгэнэ, тэжээлийн ургамлыг говийн бүсэд тариалах нь илүү тохиромжтой гэдгийг манай судлаачид, агрономчид тогтоосон байдаг.

    Одоогоор үйл ажиллагаа нь эхлээд явагдаж байгаа Таяннуурын төмрийн хүдрийн болон илэрч байгаа бусад ашигт малтмалын илэрц, орд газруудыг түшиглэн, аймгийнхаа эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг бие даан хөгжүүлэх боломж  байгааг цаашид хэрхэн илүү үр өгөөжтэй ашиглах вэ гэдгийг олон талаас нь судлан боловсруулах, шаардлагатай бол салбарын яамд, мэргэжлийн хүмүүсийн туслалцаа дэмжлэг, зөвлөгөөг авч ажиллах хэрэгтэй.

    Тус аймгийн хувьд олон жилийн туршид тулгамдсан, бүрэн шийдвэрлэгдээгүй хүндхэн асуудлын нэг бол цахилгаан эрчим хүчний хангамж, эх үүсвэрийн дутагдал билээ. Эрчим хүчний байнгын, тогтвортой эх үүсвэрт холбогдоогүй байгаа Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ, Засгийн газраас ихээхэн анхаарал тавьж, өнгөрсөн 3 жилийн хугацаанд усан цахилгаан станцыг барьж байгуулахад 50 гаруй тэрбум төгрөг, сумдын 1800 гаруй км урттай  цахилгаан дулааны шугам, дэд станцуудыг барьж байгуулахад 40,0 орчим тэрбум төгрөг, нийтдээ 90,0-95,0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

    Усан цахилгаан станц нь байгаль орчинд хор нөлөө багатай, экологийн цэвэр үйлдвэрлэл гэж дэлхий нийтээр үзэж байгаа учир Засгийн газраас байгаль орчинд халгүй ийм төрлийн үйлдвэрлэлийг тууштай дэмжиж байгаа. Харин Тайширын усан цахилгаан станцын хувьд барьж байгуулах явцад цаг агаарын өөрчлөлт, хуурайшилттай цаг үе таарсан, бидэнд урьд өмнө судлагдаж ирсэн тухайн нутаг оронд жилд унах хур тунадасны дундаж хэмжээ өөрчлөгдөж, багассантай холбоотойгоор усан сангийн дүүргэлтэд төлөвлөснөөс илүү их хугацаа шаардагджээ.

    Усан сан дахь усны түвшин 6 дугаар сард 1680 метрт хүрсэн учир одоогоор жижиг тоноглолуудыг ажиллуулж Тайшир, Жаргалан сумдыг эрчим хүчээр хангаж эхэлсэн  юм байна. Энэ жил төвийн нутгаар бороо хур сайтай байсны үр дүнд усан сангийн дүүргэлт зохих түвшинд буюу 1696 метрт ойртож байгаа учир Эрчим хүчний удирдах газар, Төслийг удирдах нэгжийн зүгээс тус станцыг ирэх 9 дүгээр сараас эхлэн бүрэн хүчин чадлыг туршилтаар ажиллуулж, үйл ажиллагаа нь цаашид хэвийн явагдах боломжтой эсэхийг судлахаар төлөвлөсөн байна.

    Хэрэв станцын үйл ажиллагааны эхний туршилт, тохируулгын ажил цаг хугацаандаа хийгдэж, нааштай сайн үр дүн үзүүлбэл ирэх өвлийн улирлаас эхлэн станцыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхлэх боломжтой гэж манай эрчим хүчний мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Манай ажлын бүрэлдэхүүн маргааш Тайширын усан станцын өнөөгийн үйл ажиллагааны явц байдалтай газар дээр нь очиж танилцахаар төлөвлөсөн. Газар дээр нь станцыг барьж байгуулсан болон өнөөдөр ашиглалтын үйл ажиллагааг явуулж байгаа хүмүүстэй уулзаж, цаашид үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр эхлүүлэх, хэвийн жигд явуулах нөхцөл бүрэлдсэн эсэхтэй танилцаж, шаардлагатай бол зарим нэмэлт арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

    Үүний зэрэгцээ Завхан, Говь-Алтай аймгийн нийт хэрэглэгчдийг тасралтгүй байнгын эрчим хүчээр хангах, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голд дулааны станц байгуулахаар Засгийн газар шийдвэрлэж одоогоос сар гаруйн өмнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт шавыг нь тавьсан. Мэргэжлийн байгууллагын хийсэн техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу станцыг барьж байгуулах ажил саадгүй явагдвал ирэх 2011 онд багтаан  барьж дуусахаар төлөвлөсөн байна.

    Станцыг шалгаж зүгшрүүлэх, мэргэжлийн байгууллагууд, улсын комисс шалгаж, нягтлан хүлээн авах зэрэгт тодорхой цаг хугацаа шаардагдах болно. Ямар боловч Засгийн газрын үйл ажиллагааны бүрэн эрхийнхээ хугацаанд багтаан бид Монгол Улс орон даяараа эрчим хүчний найдвартай эрчим хүчний сүлжээнд бүх аймаг, сумдыг холбох зорилтоо хэрэгжүүлэхээр бид зорьж, хичээж байна. Ийнхүү Тайширын усан цахилгаан станцын ажил зүгширч, улмаар Могойн голын дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Завхан аймгийн ард иргэдийн олон арван жилийн турш хүлээж байгаа байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрт холбогдох зорилт хэрэгжих цаг хугацаа тун ойртож байна.

    Гэсэн хэдий ч энэ өвлийн бэлтгэл ажлаа сайтар базаагаарай. Засгийн газар ч дэмжиж, туслах болно. Аймгийн тулгамдсан гол асуудлууд болох Алтай хотын цэвэр усан хангамжийг сайжруулж, хүн амын эрүүл ахуйн шаардлагад нийцэхүйц ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зэрэг асуудлыг  шийдвэрлэхэд Засгийн газраас онцгой анхаарч ажиллаж байгаа. Аймагт эхний ээлжинд хүрэн нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох, тэдгээрт түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, аймгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэх боломж байна.

    Үүнд:
    • Цээл сумын Таян нуурын төмрийн хүдрийн олборлолтыг нэмэгдүүлэх  улмаар тус ордыг түшиглэн  төмөрлөгийн үйлдвэр байгуулах;

    • Чандманын Зээгт, Төгрөгийн Хүрэнгол зэрэг нүүрсний уурхайн олборлолтыг эрс нэмэгдүүлж, улмаар экспортод гаргах;

    • Нүүрснээс утаагүй шахмал түлш гаргах бага оврын үйлдвэр байгуулах;

    • Тайшир сум дахь цементийн түүхий эдийг түшиглэн цементийн үйлдвэр байгуулж дотоодын болон зэргэлдээ аймгуудын хэрэгцээг хангах зэрэг гэх мэт олон боломжийг та бүхэн орон нутагтаа санаачлан эхлүүлж, ажил хэрэг болгон хэрэгжүүлэх шаардлагатай.

    Бодитой санал, санаачлагыг Засгийн газар дэмжиж ажиллах болно.
    Дэд бүтэц, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээг ард иргэддээ ойртуулах, хүн амыг мэдээллээр хангах, ашигт малтмалын орд газруудыг эргэлтэнд оруулах, ашигт малтмалын нөөцдөө тулгуурлан боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ орны зах зээлд гаргах, хамтран ашиглалт явуулах, бүс нутгийн хөгжлийн талаар дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авч, зоригтой санаачилга гарган ажиллах хэрэгтэй.

    Алтай нутгийн нийт ард иргэдээ,
    Та бүхэндээ аймаг, орон нутгаа хөгжүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж, олон жилийн туршид тулгамдаж ирсэн олон талын асуудлуудаа шийдвэрлэж, улмаар мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутагтаа байгалийн баялаг, ашигт малтмалаа боловсруулах чиглэлээр бусад аймгуудаа үлгэрлэхүйц тэргүүний үйл ажиллагаатай, амжилт бүтээл дүүрэн аймаг болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.   
       
            Монгол Улс маань улам бүр цэцэглэн хөгжих болтугай.

            Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Алтайчууд авах ургацаа 1000 тонноор нэмэгдүүлнэ

    Алтайчууд авах ургацаа 1000 тонноор нэмэгдүүлнэГовь-Алтай аймаг газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, өнгөрсөн оноос тариалах талбайг 500 га-гаар, хураан авах ургацыг 1000-аас доошгүй тонноор нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Урьдчилсан байдлаар үр тариа 585,9 га-д, төмс 193 га-д, хүнсний ногоо 107 га-д, тэжээлийн ургамал 512 га-д, эмийн ургамал 131 га-д, жимс жимсгэнэ 82 га-д тариалаад байна. Говийн нөхцөлд услалтын системийн ашиглалтыг сайжруулж, шаардлагатай зарим нөхцөлийг бүрдүүлээд өгчихвөл говийн бүсэд хангайн бүсээс илүү ургаж, арвин ургац өгөх боломжтой олон нэр төрлийн жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал тариалах боломж байгааг Ерөнхий сайд С.Батболд тус аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.

  • Говь-алтай аймагт хөгжих боломж байна

    Говь-алтай аймагт хөгжих боломж байнаГовь-Алтай аймагт хүрэн нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох, тэдгээрт түшиглэсэн боловсруулах үйлдвэр байгуулж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэх боломж байна. Цээл сумын Таяннуурын төмрийн хүдрийн, Чандманын Зээгт, Төгрөгийн Хүрэн голын нүүрсний орд газар, Тайшир суманд цементийн орд газар бий.

    Эдгээр ордыг түшиглэн төмөрлөгийн үйлдвэр байгуулах, нүүрсний уурхайн олборлолтыг эрс нэмэгдүүлж, экспортод гаргах, нүүрснээс утаагүй шахмал түлш гаргах бага оврын үйлдвэр байгуулах, цементийн үйлдвэр байгуулж дотоодын болон зэргэлдээ аймгуудын хэрэгцээг хангах зэрэг олон боломжийг орон нутагтаа санаачлан эхлүүлж, ажил хэрэг болгох шаардлагатай байгааг Ерөнхий сайд С.Батболд аймгийн удирдлагуудад санууллаа.

    Дэд бүтэц, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээг ард иргэддээ ойртуулах, хүн амыг мэдээллээр хангах, бүс нутгийн хөгжлийн талаар дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авч, зоригтой санаачилга гарган ажиллах хэрэгтэй байна гэж Ерөнхий сайд хэллээ.

    ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ТУЛГАМДСАН АСУУДАЛ Ч БАЙНА

    Говь-Алтай аймаг Улаанбаатар хотоос 1050 км алслагдсан. 18 сум, 83 багтай. 15.5 мянган өрх, 55.4 мянган хүн амтай. Газар тариалангийн салбар сул хөгжсөн. Эдийн засгийн суурь салбар нь хөдөө аж ахуй. 2.1 сая толгой малтай. Баянхонгор-Алтай чиглэлийн хатуу хучилттай замыг ашиглалтад оруулах ажлыг түргэтгэх, Бургастайн боомтыг байнгын ажиллагаатай болгох, аймгийн төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээг шинэчлэх, “Алтай” чуулгын барилгын ажлыг дуусгах, аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулахад хөрөнгө, санхүүгийн болон бусад дэмжлэг, туслалцаа шаардлагатай байна.

    Эдгээрийг хууль, тогтоомжийн хүрээнд, үе шаттайгаар шийдвэрлэхийн төлөө байна. Асуудлаа боловсруулж Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, орон нутгийн удирдлагад Ерөнхий сайд үүрэг болголоо. Говь-Алтай аймагт үзэл бодлын зөрчилдөөн багагүй байгааг ч анхааруулж харилцан хамтарч, бие биенээ дэмжин ажиллаж байж амжилтад хүрнэ гэдгийг сануулав. Тэрээр Говь-Алтай аймагт ажиллахдаа тус аймгийн Чандмань сумын малчин Н.Намжилдоржид Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардуулж, аймгийн Засаг даргын Тамгийн газарт УАЗ 469 автомашин өглөө.

  • Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангахыг санууллаа

    Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангахыг санууллааӨнгөрсөн өвөл болсон байгалийн гамшиг, зудын улмаас Говь-Алтай аймгийн нийт өрхийн 43 хувь буюу 3580 малчин өрх зуданд өртөж, аймгийн хэмжээнд 715 мянган толгой мал хорогдон 764 өрх огт малгүй болжээ. Засгийн газраас ч үүнд анхаарч гамшгийг хохирол багатай даван туулахад нь зориулж  улсын төсвөөс 635 сая төгрөг,  гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламжаар 577,2 сая төгрөг, нийт 1 тэрбум 214, 2 сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлсэн юм.

    Гамшиг, зуднаас сургамж авч өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангах, малаа оторлож тарга тэвээрэг авахуулах, бэлчээрийг зөв хуваарилж ашиглах, малыг паразит өвчнөөс хамгаалах, эрүүлжүүлэх зэрэг ажил хийх ёстойг Ерөнхий сайд С.Батболд Говь-Алтай аймгийн удирдлагад анхаарууллаа. Гэхдээ зөвхөн орон нутгийн удирдлага гэлтгүй айл өрх, малчин бүр нөөц бололцоогоо дайчлан, цаг хугацаатай уралдаж хадлан, тэжээл бэлтгэх шаардлагатай байгааг ч сануулав.

    Говь-Алтай аймгийн удирдлагууд малгүй болсон өрхөө 2 үе шаттайгаар малжуулахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд “Малжуулалт-2010” төсөл боловсруулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, дэмжлэг авахаар ажиллаж эхэлжээ. Малгүй болсон 764 өрхөд Азийн хөгжлийн банкнаас 230 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 сумын 181 өрхөд 9 мянга гаруй мал, Цөм сүргийн аж ахуйд 1200 гаруй тахиа олгожээ. Аймгийн хэмжээнд 213 мянган мал төллөж, 100 мянга гаруй төл хүлээн авсан бөгөөд төл бойжилт 47 хувьтай байна. 

    БОЛОВСОН ХҮЧНИЙ ХҮРЭЛЦЭЭ, ДЭД БҮТЦЭД АНХААРНА

    Хөдөө орон нутгийн боловсролын байгууллагуудад боловсон хүчний хүрэлцээ, дэд бүтцийн байгууламж хангалтгүй зэрэг зарим саад бэрхшээл байгааг сайн ойлгож, аль болох богино хугацаанд арилгахыг хичээн ажиллаж байна гэж Ерөнхий сайд 2010 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв.     

    Төр, засаг боловсролыг олон улсын түвшинд хүргэж олгох, төгсөгчид гадаад хэлний өндөр мэдлэг эзэмшсэн, сургуулиа төгсөөд гадаадын их, дээд сургуульд шууд элсэн суралцахуйц түвшинд боловсрол олгодог байх зорилт дэвшүүлсэн. Ерөнхий сайд ажлаа хүлээж авсныхаа дараахан боловсролын салбарынхантай уулзаж,  энэ салбарт хийх ажлаа танилцуулж, үүрэг даалгавар өгч байсан.

    Засгийн газраас боловсролын салбарт хийж байгаа шинэчлэл, тухайлбал оюутны тооны хойноос хөөцөлдсөн, чанаргүй их, дээд сургуулийг татан буулгаж нэгтгэх, Оюутны хотхон байгуулах зэргийг хөдөө орон нутгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Говь-Алтай аймгийн хэмжээнд 650 үндсэн багш ажиллаж байгаагийн 263 нь бага ангийн багш юм. Аймгийн хувьд багшийн хангалт 99 хувьтай байгаа тухай аймгийн удирдлага танилцууллаа.

  • Засгийн газар бүх аймаг, сумыг найдвартай эрчим хүчтэй болгоно

    Засгийн газар бүх аймаг, сумыг найдвартай эрчим хүчтэй болгоноМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод хүрэлцэн ирэв. Тэрээр аймгийн “Айргийн хад” болон “Ентум” компаний үйлдвэр, удахгүй ашиглалтад хүлээн авах гэж байгаа эмнэлгээр орж байдалтай нь танилцсаны дараа Алтай хотын иргэдтэй уулзаж ярилцлаа. Саяхан 70 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтайчуудад Ерөнхий сайд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс баярын мэнд хүргээд  Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, бодлого, шийдвэрийн талаар танилцуулав.

    Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын бүх аймаг, сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож, нэгдсэн сүлжээнд холбохыг зорьж байна гэж Ерөнхий сайд  хэлсэн үгэндээ тэмдэглэв. Говь-Алтай аймгийн хувьд цахилгаан эрчим хүчний хангамж хамгийн тулгамдсан асуудал. Говь-Алтай, Завхан аймгийг эрчим хүчтэй болгохын тулд усан цахилгаан станц барихад зориулж төр, засгаас сүүлийн 3 жил 50 гаруй тэрбум, сумдын 1800 гаруй км урттай  цахилгаан дулааны шугам, дэд станцуудыг барихад 40,0 орчим тэрбум, нийт 90-95 орчим тэрбум төгрөг зарцуулаад байгааг ч тэрээр хэллээ.

    Байгаль орчинд хор нөлөө багатай учир усан цахилгаан станц барихыг Засгийн газар  дэмжиж байгаа. Тайширын усан цахилгаан станцын усан сан шаардлагын хэмжээнд дүүрэхгүй байгаа учир одоогоор Тайшир, Жаргалан сумыг л эрчим хүчээр хангаж байна. Гэхдээ энэ жил хур бороо ихтэй байсны дүнд усны хэмжээ нэмэгдсэн учир станцыг ирэх 9 дүгээр сараас эхлэн туршилтын журмаар бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөжээ.

    Говь-Алтай аймагт эрчим хүчний хангамж хамгийн сүүлд шийдвэрлэгдэж байгаа боловч байгаль орчинд хамгийн хор нөлөө багатай, орчин үеийн технологи бүхий усан болон нарын эрчим хүчний цахилгаан станц баригдаж байна. Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчтэй болгох, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голд дулааны станцыг 2011 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна. Тайширын усан цахилгаан станц жигд ажиллаж, Могойн голын дулааны цахилгаан станц ашиглалтад орвол гэрэл, цахилгаантай болох гэсэн Говь-Алтай, Завхан аймгийн иргэдийн хэдэн арван жил хүлээсэн хүсэл биелэх юм.

  • Хөшөөтийн уурхайн олборлолт 10-р сараас эхэлнэ

    Хөшөөтийн уурхайн олборлолт 10-р сараас эхэлнэ Одоогоор Хөшөөтийн уурхайн хайгуул хийгдэж, нөөцийн хэмжээг эцэслэн тогтоогоод байна. Ирэх 10-р сараас эхлэн олборлолт эхлэх бөгөөд энэ үед баяжуулах үйлдвэр ашиглалтад орно. Монгол Улсын Ерөнхий сайд Ховд аймагт ажиллах үеэрээр Хөшөөтийн уурхайд очин ажлын явцтай нь танилцлаа. Хөшөөтийн уурхай 85 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд тал нь коксжсон, тал нь энгийн нүүрс. 85 сая тонн нүүрсний нөөцийг зөвхөн Хөшөөтийн уурхай байгуулахаар хашаа хатгасан талбайн хэмжээгээр тогтоосон байна.

    Үүнээс өөр газар нүүрсний асар их нөөц байх бүрэн боломжтой гэж орон нутгийн удирдлагууд танилцууллаа. Хөшөөтийг хөндийлүүлэхгүй гэж нутгийн иргэд, иргэний нийгмийнхэн тэмцэл хийж байсан ч эцэстээ зөвшилцөлд хүрч ажиллуулахаар болсон гэж аймгийн Засаг дарга хэллээ. Хөшөөтийн уурхайд 800 гаруй Монгол хүн ажиллаж байна. Энд хэвтээ тэнхлэгтэй холбох 310 км хатуу хучилттай зам тавьж, гүүр барьж байна. Засгийн газрын тогтоол ёсоор концессийн гэрээ байгуулж, нүүрсний экспортын асуудлыг шийдэх юм. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ховд аймгийн Дулааны цахилгаан станцын ажилтай танилцсан байна.

  • Цэргийн гавъяаны улаан тугийн одон гардуулав

    Цэргийн гавъяаны улаан тугийн одон гардуулавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ховд аймагт ажиллахдаа Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган тус ангийг Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал  Ц.Бямбажав Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулсны дараа Ерөнхий сайд С.Батболд одонг 123 дугаар ангийн Байлдааны туганд зүүж өгөв.

    Тэрээр офицер, цэрэг дайчдад баяр хүргээд эх орноо хамгаалах ариун үйлсэд нь амжилт хүслээ. Цэргийн гавъяаны улаан тугийн одон хүлээн авах ёслолын дараа 123 дугаар ангийн цэрэг дайчид Ерөнхий сайдад хүндэтгэл үзүүлэн ёслолын жагсаал хийлээ. Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь 1922 онд байгуулагдсан. Ардын Хатанбаатар Магсаржав баруун хязгаарыг төвхнүүлээд буцахдаа 300 цэрэг үлдээсэн нь хожим Ховдын хороо гэж түүхэнд алдаршсан энэ ангийн суурь нь болсон юм. Ерөнхий сайд С.Батболд Ховд аймагт ийнхүү ажилласны дараа Говь-Алтай аймгийг зорилоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ховд хотын иргэдтэй уулзав

    Ховд хотын иргэдтэй уулзавБНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баруун босоо тэнхлэгийн хатуу хучилттай Манхан-Ховдын чиглэлийн 85,3 км хатуу авто замыг барихаар гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийж хоёр  хоногийн өмнө гэрээнд гарын үсэг зурсан.  Түүнчлэн  Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Баруун босоо тэнхлэгийн автозамын ажлыг энэ онд эхлүүлнэ. Эдгээр нь Ховд аймгийн иргэдийн амьдрах орчин бололцоог сайжруулж, барааны өртгийг бууруулан, амьжиргааг дээшлүүлэхэд тус дөхөм болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлснийг Ховд хотын иргэд баяртайгаар хүлээж авлаа.

    Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, тухайлбал ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэл, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх бодлого, боловсрол, бизнесийн салбарын шинэчлэл зэргийн талаар танилцуулж санал  бодлыг нь сонсов. 

    Иргэд ихэвчлэн Ахмадын өргөөний барилгын ажилд дутагдаж байгаа хөрөнгийн асуудлыг шийдэх, алслагдсан бүсийн нэмэгдэл олгох, их, дээд сургуулийн сургалтын төлбөр хэт өндөр байгааг таслан зогсоох, ажлын байраар хангах, хувиараа бизнес  эрхэлж байгаа болон малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх, дулааны станцыг засварлах, зам харилцааг сайжруулах, банкны зээлийн хүүг зохицуулах, чадварлаг боловсон хүчнийг нам, улс төрийн хүчнээр нь ялгаварлалгүй ажилд авч дэмжих зэрэг саналыг Засгийн газрын тэргүүнд тавьж байлаа.

    Ховд аймаг энэ жил бүтээн байгуулалтын олон ажил хийжээ. Тухайлбал Баруун Монголын бурхан шашны төв болох 108 суврагатай Ганданпунцагчойлон хийдийн цогцолбор, Усан спорт сургалтын төв, “Шинэ Ховд” нэртэй хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон барилга байгууламж болон 137 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.  Ховд хотын 21,3 км хатуу хучилттай замыг 2012 он гэхэд 32 км болгохоор төлөвлөн, ирэх жил болох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан 80 бүтээлч, шинэлэг ажил хийж байгааг  нь Ерөнхий  сайд онцолж, орон нутгийнханд баяр хүргэлээ. Хөшөөтийн уурхай зэрэг бүсийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил, хийж бүтээе гэсэн аливаа санал, санаачлагыг  Засгийн газар бүх талаар дэмжинэ. Гагцхүү ажил ил тод, нээлттэй, шударга байх ёстой гэж Ерөнхий сайд  хэлэв.

    Орон нутгийн удирдлагуудын ажлын шалгуурын нэг гол үзүүлэлт нь хэдэн ажлын байр бий болгосноор хэмжигдэж байгаа. Ховд аймаг өнгөрсөн жил 418 хүнийг ажилтай болгосон бол он гарсаар 600 гаруй хүнийг түр болон байнгын ажлын байраар хангажээ. Ирэх жил гэхэд энэ тоог 2000 болгохоор төлөвлөсөн байна. Өнгөрсөн өвөл тохиолдсон байгалийн гамшиг, зуданд Ховд аймаг өртөж 467 мянга орчим мал хорогдон 16 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Төр, засаг, гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 1,5 тэрбум төгрөгийн хандив тусламж авсан байна.

    Гамшиг, зуднаас сургамж авч орон нутгийн удирдлага, малчид, хэвийн хэвшил хамтран хүнд хэцүү үед хэрхэн хамтран ажиллах, өвлийн бэлтгэлээ хангах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэлжээ. Мөн малжуулах хөтөлбөрийн хүрээнд малгүй болсон 803 өрхөд нийт  264 сая төгрөг олгож байна. “Малчид хоршоо, нөхөрлөл хэлбэрээр хамтран ажиллах шаардлагатай. Гэхдээ дан ганц мал аж ахуй гэлтгүй газар тариалан эрхэлж, бүс нутгийн үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэгцээг өөрсдөө хангадаг байх нь чухал” гэж Ерөнхий сайд санууллаа.

    Аймаг энэ жил 2654,4 мянган га-д тариалалт хийж, үр тариа, хүнсний ногоо, тэжээлийн болон техникийн ургамал тариалалтыг өмнөх оноос 78,4-363,8 га-гаар нэмэгдүүлсэн байна. Ховд аймаг “Оюунлиг Ховд” хөтөлбөр боловсруулж “Хөдөлгөөн-эрүүл мэнд”. “Амны хөндийн эрүүл мэнд” аян өрнүүлэн, оюунлаг гэр бүл, багш, эмч, оюутан, сурагч шалгаруулж, нутагтаа шаардлагатай мэргэжилтнийг гэрээгээр сургаж эхэлжээ. Эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын  материаллаг бааз, ажлын байрны ажиллах нөхцлийг дээшлүүлэхэд өнгөрсөн онд 6,8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

    Гэвч үүний үр дүн төдийлөн харагдахгүй байгаа нь аймгийн хэмжээнд эх, бага насны хүүхдийн эндэгдэл, хүүхдийн сургууль завсардалт өмнөхөөс буурснаас харагдаж байгааг Ерөнхий сайд хэллээ. Иргэдийн хүсч байгаа Ахмадын өргөө, дулааны станц, алслагдсан бүсийн нэмэгдэл, орон нутгийн чанартай бусад асуудалд анхаарч эхнээс нь шийдвэрлэх болно. Төр, засгаас ард иргэд, орон нутгаа дэмжиж, хийж бүтээх боломжийг нь гаргана. Гэхдээ нөгөө талаас орон нутаг нөөц, бололцоогоо дайчлан ажиллаж, хариуцлагатай байх ёстой. Уул уурхайн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар цаашид хэдэн мянган ажлын байр бий болно. Үүнд иргэд ч бэлэн байж өөрийгөө боловсруулж, өрсөлдөх чадвартай байх ёстойг Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ санууллаа. Уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын тамгын газарт УАЗ-469 автомашин бэлэглэж, нэр бүхий хоёр иргэнд гэр олгохыг аймгийн удирдлагад чиглэл болголоо.