Ангилал: Uncategorized

  • Ерөнхий сайд Монголд элгэмсэг Сүзүки Мүнэог хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Монголд элгэмсэг Сүзүки Мүнэог хүлээн авч уулзлаа “Монголд япон машин олон байгааг харахад таатай байлаа” гэж Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Сүзүки Мүнэо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзахдаа хэлэхэд Ерөнхий сайд “Энэ бол манай улс Японыг хэрхэн дэмждэгийн илэрхийлэл” хэмээгээд түүнийг уулзалтын ширээнд урилаа. Сүзүки Мүнэо нь 1991 онд Японы Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад албан ёсоор анх удаа ирснээс хойш хэд хэдэн удаа айлчилсан. Японы парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүний хувьд Монголоос очсон төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг.

    Монголын ардчилал, шинэчлэлийг Японд болон олон улсын хүрээнд дэмжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн түүнд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах угтвар нөхцөл болно гэдгийг онцоллоо. Мөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Япон улсын Засгийн газрын хоёр үе шаттай зээлийг үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлээд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж Японы иргэд Монголд визгүй зорчих эрхтэй болсон. Манай улсын иргэдийг Японд зорчиход визийн ийм хөнгөлөлт үзүүлэхэд мөн дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

    Ноён Сүзүки Мүнэо нь өөрийн сонгуулийн тойрог болох Хоккайдогоос хувийн зардлаар 1992-1994 онуудад тус бүр таван тн элсэн чихэр, цагаан будаа, масло, гурил зэрэг хүнсний зүйл цуглуулж манай улсад бэлэг болгон илгээж байжээ. Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрөвдүгээр цахилгаан станцын тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөө орон нутгийг дизель цахилгаан станцаар хангах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, монгол найз нөхөд олонтой эрхэм юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээКОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТЫГ БАТЛАВ

    Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор “Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”,  2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Концессын тухай хууль батлагдсан юм. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд шууд нөлөөлөх бүтээн байгуулалтын ажлыг цаг алдахгүй эхлүүлэхийн тулд Засгийн газар Концессын зүйлийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа. 

    91 төсөл, арга хэмжээг тусгасан энэ жагсаалтыг баталснаар дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний томоохон бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй 7, 8 сард эхлүүлэх нөхцөл бүрдэж байна. Жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгах, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төсөлд хамруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт даалгав.

    Жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээний концессын гэрээг Төрийн өмчийн хороо тухай бүрд нь Засгийн газрын хуралдаанаар батлуулж, жагсаалтын биелэлтийн явц, хүрсэн үр дүн, хэрэгжилтийг жил бүрийн 1 дүгээр сард Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээж байна.

  • Алтаргана наадмын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Алтаргана наадмын төлөөлөгчдийг хүлээн авч уулзавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Алтаргана-2010 наадамд оролцохоор ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү, Чита муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгаас ирсэн буриад зоны төлөөлөгчдийг 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Хил залгаа бүс нутгийн ард түмнүүдын харилцаа, хамтын ажиллагаа, нөхөрлөл, түншлэлийг өргөжүүлэхэд Алтаргана наадам чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв.

    Улаанбаатар хотноо анх удаа болж байгаа энэ наадмын хүрээнд буриад түмний түүх, зан заншил, соёлыг монголын ард түмэнд, нийслэлчүүдэд таниулж, урлаг, спортоор өрсөлдөж байна. Хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд ч хувь нэмрээ оруулах энэ наадмыг зохион байгуулахад Улсын Их хурал, Засгийн газар, орон нутаг бүх түвшинд анхаарсан гэж Ерөнхий сайд хэлээд наадамд оролцож байгаа буриад зонд Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэв.

  • Эв нэгдлийн их баяр наадам

    Эв нэгдлийн их баяр наадам Өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдсэн буриад зоны  баяр  бахдлын цэнгүүн “Алтаргана- 2010” их наадмын нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо ийнхүү хэллээ. “Буриад түмний урлаг, соёл, спортын бүхий л ай  төрөл зүйлүүдийг  багтаасан Алтаргана наадам нь эв нэгдлийн, элгэн сэтгэлийн их баяр юм. Энэ наадамдаа хүн бүхэн их аз жаргал баяр баясгалан тээж хуран цуглардаг уламжлал хэдийнэ тогтож, хүлээн хүсдэг наадам болж өргөжин тэлсээр байна.

    Олон мянган жилийн уламжлалт, өв соёлыг түүчээлэн тээсэн буриад ардын ““Алтаргана-2010” хэмээх ес дэх удаагийн наадмын ажиллагаанд амжилт хүсье. Монгол тулгатны их голомт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо тохиож буй “ Алтаргана-2010” наадамд морилон ирсэн ОХУ, БНХАУ болон Монгол улсын төр, нийгэм,соёл урлагийн зүтгэлтнүүд, эртний их түүхт авьяас билэгт Буриад түмэн, эрдэмтэн судлаачид энэ наадамд оролцогч хүн бүхэнд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэнд дэвшүүлж, эрхмийн дээдийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай ” хэмээн ерөөл дэвшүүллээ.

    Энэ удаагийн наадмыг ес дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-ын Өвөр монголын буриадын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог гэж хэлж болох аж. Тийм ч учраас энэ жилийн “Алтаргана-2010” наадамд 1700 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал сумын буриадууд дууны  Алтаргана наадам зохиож эхэлснээс хойш уг наадам   олон төрлөөр өргөжиж, хоёр жил тутамд уламжлал болгон зохиогдох болжээ. “Алтаргана-2010” буюу энэ жилийн наадамд хүрэлцэн ирсэн буриадууд маань урлаг, соёл, спортын 15 төрлөөр өрсөлдөх юм байна. гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 20-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 20-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

    “Монгол Улсын иргэнд  хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоолын 3 дахь заалтад дор дурдсан өөрчлөлт оруулав. Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70,0 мянган /далан мянга/ төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс, үлдэх хөрөнгийг 2010 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн ногдох хэмжээгээр нь хуваан олгох ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, уг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод Засгийн газрын хуралдаанаас даалгав.

    ХӨГЖЛИЙН БАНК БАЙГУУЛНА

    Монгол Улсын Хөгжлийн банк байгуулж, дүрмийг нь хавсралт ёсоор батлав. Хөгжлийн банкны ажлыг 2010 оны 3 дугаар улиралд багтаан эхлүүлж, банкны гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулсны үндсэн дээр туршлагатай, чадварлаг, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэхийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгав.

    Хөгжлийн банк нь стратегийн ач холбогдол бүхий салбаруудад санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тухайн салбарыг дунд болон урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрээр хангах, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дотоод, гадаадын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд татан оролцуулах үндсэн зорилготой юм. 

    Засгийн газрын хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлснээр 100.0 тэрбум төгрөг тутам эдийн засгийн өсөлтийг 1 хувиар нэмэгдүүлэх боломжтой болно. Банкны санхүүжилтээр байгуулах дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийн обьектууд улсын хөгжлийг түргэтгэж, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлуулах, Дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгоход  чухал ач холбогдолтой юм. 

    Хөгжлийн банкны менежментийг анхнаас нь зөв хийж, ойлгомжтой, нээлттэй байлган, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн, өндөр чадвартай багаар удирдуулах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Төрийн өмчийн хорооны удирдлагад анхаарууллаа.

    АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Аж үйлдвэрийн цогцолборын төслийн ерөнхий зөвлөх, хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулах ажлыг зарлахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-нд даалгав. 

    Мөн “Сайншанд” болон бусад бүс нутагт байгуулах аж үйлдвэрийн паркуудыг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, төсөлд үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцох боломжоор хангах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг /Ч.Хүрэлбаатар/-т даалгав. 

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт дэвшилтэт техник, өндөр технологи бүхий кокс, хар төмөрлөг, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын, газрын тос боловсруулах үйлдвэрийг хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар барина. Ингэснээр боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, цемент, төмөр эдлэхүүний хэрэгцээг дотооддоо ханган, импортын хэмжээ буурч, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн шатахууны үнийг тогтвортой барих боломж бүрдэнэ.

    Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн цогцолбор, дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, хот төлөвлөлтийн шаардлагыг бүх талаар хангасан орчин үеийн хот байгуулах юм.  “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд 5-аас дээш жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам долларын хөрөнгө шаардлагатай. Иймээс төслийг санхүүжүүлэх хөрөнгийг санхүүгийн олон эх үүсвэрээс, үе шаттайгаар бүрдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж байна. 

    Байгуулагдах үйлдвэрүүдийг түүхий эдийн нөөц, дотоод, гадаадын зах зээл, ажиллах боловсон хүчний нөөц бэлтгэх, төмөр зам болон бусад дэд бүтэц барих ажилтай нягт уялдуулах нь чухал байгаа юм. Энэ дагуу техник, эдийн засгийн судалгааг үндэслэл сайтай хийж барьж байгуулах, хөрөнгө оруулагчдыг татах нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон улсын хэмжээнд нэр хүндтэй, туршлагатай зөвлөхийг нээлттэй шалгаруулалтаар сонгон авах нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. 

    “ЗӨГИЙН ҮҮР” ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Эх орынхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт чуулга уулзалт болж хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болох 350 гаруй хүн оролцсон юм. Энэ чуулга уулзалтаар яригдсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хөтөлбөр нь хилийн чанадад байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллаж, амьдрахад шаардлагатай бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын талаархи мэдээллийг гадаадад байгаа монгол иргэддээ хүргэх зорилготой.

    Мөн : 
    – Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, хамтран ажиллахад зуучлах, бизнесийн зөвлөх үйлчилгээ хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх

    – Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, бүтээн байгуулалтын тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлд онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллавал үзүүлэх цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгоно.  

    Өнөөдрийн байдлаар манай улсын 200 хүртэл мянган иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа гэсэн албан бус тоо байдаг бөгөөд энэ нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувь юм. Эдгээр иргэнийхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог улсынхаа хөгжлийн төлөө ашиглахад татан оролцуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. 

    Манай улс ойрын жилүүдэд эдийн засаг, нийгмийн олон салбарт бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөр, төслийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдон 2010-2015 онд 40 гаруй мянган ажлын байр шинээр бий болно. Үүний 6 мянга гаруй нь инженер, техникийн ажилтан байх шаардлагатай. Мөн өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэхээр байгаа юм. 

    ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    Монгол  Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр 9 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ юм. Энэ дагуу Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээг шинэчилэн байгуулсан. 

    Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын хилийг хамгаалах, улсын хилийн халдашгүй байдлыг хангах, хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөх хилийн дэглэм, түүнийг сахин хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчин 1988 оны гэрээнээс илүү боловсронгуй болно.  

    Түүнчлэн хоёр улсын, тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг төрийн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэр дээрх төрөл бүрийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах, байгаль орчныг хамгаалах, хилийн усыг зүй зохистой, илүү үр ашигтай байдлаар ашиглаж хамгаалах, зах зээлийн эдийн засгийн шаардлагаас үүдэн гарч буй хил дамнасан байгууламжийг шинээр барьж байгуулах, ашиглах, хилийн боомтыг бүрэн хүчин чадлаар ашиглах үүднээс үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг олон талт асуудлаар хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэж байна. 

    Хилийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын гэрээ нь 11 бүлэг, 50 зүйл, 14 хавсралттай юм. Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцэн Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

    ТОВЧХОН

    – Улсын Их хурлын гишүүн Э.Бат-Үүл, П.Алтангэрэл нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.

    – Концессийн зүйлийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ төр, засгийн бодлого маш тодорхой, олон нийтэд ил тод байх ёстой гэж Засгийн газар үзэн гишүүдийн саналыг тусгаж 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов. 

    – Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2011 оны төсвийн хязгаар болон 2012-2013 оны төсвийн хязгаарын төсөөллийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган хавсралт ёсоор баталлаа. Батлагдсан төсвийн хязгаарт багтаан 2011 оны төсвөө боловсруулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарын зарлагыг урсгал, хөрөнгийн зардал, эргэж төлөгдөх цэвэр зээл гэсэн 3 үзүүлэлтээр гаргажээ.

    – Иргэдээс 2010 оны эхний хагаст Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Эхний хагас жилд иргэдээс 1180 санал, өргөдөл, гомдол ирүүлснээс 1070-ыг нь нь шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, энэ тухай иргэдэд мэдэгджээ. 110 өргөдөл, гомдол, саналыг судлаж шийдвэрлэх гэж байна.

    – Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2010 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг сайшааж,  айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгав.

  • Ерөнхий сайдад ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид бараалхав

    Ерөнхий сайдад ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид бараалхав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 14 дүгээр хуралдаан Улаанбаатарт эхлэх гэж байгаатай холбогдуулан тус хуралдаанд оролцохоор ирсэн ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ны Ерөнхий сайд В.В.Путины мэндчилгээг ОХУ-ын Тээврийн сайд уламжиллаа.

    Ерөнхий сайд мэндчилгээг хүлээн аваад, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд амжилт хүсэв. Тэрээр Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, Засгийн газар хоорондын комиссын (ЗГХК) ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны ЗГХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар  ОХУ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ж.Стэйнберг: Монгол Улс нь ардчиллын загвар улс юм

    Ж.Стэйнберг: Монгол Улс нь ардчиллын загвар улс юм Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Төрийн Департаментын нэгдүгээр орлогч дарга Жеймс Б.Стэйнбергийг 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Монгол Улс, АНУ-ын сайн хөршийн, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, хоёр улсын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарын харилцаанд амжилт гарч байгааг тэмдэглэв. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг АНУ эхнээс нь тууштай дэмжиж, тусалж ирснийг Ерөнхий сайд дурдаад, өнөөгийн хоёр улсын харилцаа чанарын шинэ түвшинд гарч ирж байгааг онцлов.

    Тухайлбал Монгол Улс олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, сахин хамгаалах талаар тууштай бодлого явуулдаг бөгөөд дэлхийн халуун цэгүүдэд НҮБ, АНУ болон дэлхийн бусад оронтой хамтран энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгааг Ерөнхий сайд дурдлаа. Монгол Улс нь ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн нийгэм, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхээр туулж ирсэн сүүлийн хорин жилийн замналын баялаг туршлагаасаа дэлхийн аливаа улс оронтой хуваалцах, хэлэлцэх, ойлгуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг Ерөнхий сайд цохон  тэмдэглэлээ.

    Монгол Улсад АНУ-ын Мянганы Сорилтын сангийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг мөн тэрээр дурдаад, цаашид АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бизнесийн солилцоог хөгжүүлэх талаар ихээхэн боломж байгааг тэмдэглээд, Монгол Улс АНУ-тай боловсролын салбар, мэдээллийн технологийг хөгжүүлэх, технологи шилжүүлэх талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. АНУ-ын Төрийн Департаментын нэгдүгээр орлогч дарга Ж.Стэйнберг Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа АНУ ихэд өндрөөр үнэлдэг бөгөөд тус харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно гэв.

    Тэрээр Монгол Улсын дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах энхийн бодлогыг АНУ дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч дэмжих болно гэж хэллээ. Түүнчлэн Монгол Улсын олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд гаргаж байгаа хүчин чармайлтыг Ж.Стэйнберг өндрөөр үнэлж, Монгол Улсын ардчилсан замналаар туулж өнгөрүүлсэн туршлагаас хуваалцах, суралцах нь аливаа бэрхшээлтэй асуудалтай тулгарсан улс орны хувьд том ач холбогдолтой бөгөөд загвар байх болно гэдгийг онцлов.

    Мөн тэрээр Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн санал, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, АНУ-д монголын оюутан залуусыг сургах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, идэвхжүүлэх болно гэж мэдэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Сайхан үгээр хэлбэл хөгжлийн алтан үе бидний өмнө байна

    Сайхан үгээр хэлбэл хөгжлийн алтан үе бидний өмнө байна Өнөөдөр төрийн ордонд нээгдсэн “Эх орныхоо хөгжилд- бидний оролцоо” сэдэвт гадаадад байгаа монголчуудын анхдугаар чуулга уулзалтад оролцож мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол улсын ерөнхий сайд  С.Батболд ийн онцоллоо. Тэрбээр “ Шилжилтийн 20 жилээс эдийн засгийн хөгжлийн 20 жил рүү хөдөлсөн буухиаг манай Засгийн газар эхлүүлээд байна. Энэ цаг үе рүү яаж очих вэ гэдэг нь монголчууд та биднээс шалтгаална. Эдийн засгийн хөгжлийн шинэ зууныг гардан хийх аз завшаан, их хариуцлага бидний өмнө ирлээ” хэмээн тэмдэглэсэн юм.

    Өнөөдрийн байдлаар гадаадад 200 гаруй мянган монголчууд амьдарч байгаагаас энэ удаагийн чуулга уулзалтад 20 гаруй орноос 300 орчим эрдэмтэн, судлаачид, багш оюутнууд хилийн чанадаас ирж оролцож байгаа аж. Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар, бас саналаа  нэмэрлэхээр ирсэн эдгээр эрхэм зочдод ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлэхдээ урт цаас харж ярьсангүй. Энгийн, илэн далангүй яриа өрнүүллээ. Өнгөрсөн Засгийн газрын үед түүнийг гадаад харилцааны сайд байх үед хилийн чанадад амьдарч буй монгол улсын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөл анх байгуулагдаж байсан аж.

    Хэдийгээр интернэтээс улс орныхоо талаар мэдээлэл авч байгаа хэдий ч хамгийн гол нь ийнхүү уулзаж ярилцаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд  С.Батболд тэмдэглээд, гурван гол чиглэлд яриагаа хандууллаа. Манай улсын  хөгжлийн чиглэл  нь хүн руугаа чиглэж, үүнд анхаарлаа хандуулж чадвал хөгжлийн түлхүүр болж чадна гэдгийг онцлоод энэ нь гэр бүлийн үнэт зүйлс дээр тулгуурласан байх ёстойг тэмдэглэсэн юм. Бас Монголын үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого мартагдах ёсгүй аж. 

    Өөрөөр хэлбэл түүний  хэлснээр  монгол хүнээ хөгжүүлэх, монгол гэр бүл рүү чиглэсэн бодлого явуулах, монголын үндэсний аж ахуйн  нэгжүүдээ дэмжих энэ гурван зорилтыг Засгийн газар хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд ингэснээр чинээлэг дундаж давхарга бий болно гэдэгт  Ерөнхий сайд эргэлзэхгүй байгаагаа нуусангүй. Хүний хөгжил сангийн хуулийг баталснаар уул уурхайгаас олох орлогыг тэгш хуваарилах, монгол хүнээ хөгжүүлэхийн гол үндэс болсон боловсролыг дэмжих, мөн монгол хүн эрүүл байх  нэг гол зарчим даатгалын тогтлолцоог боловсронгуй болгох шинэтгэлийн томоохон ажлууд эхэлснийг дурдаж байв.

    Ирэх наймдугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10 мянган төгрөгийн хишиг, хувийг “ Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар төлөвлөж байгаа, 2011 оноос хишиг хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн сар бүр олгох нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байгааг тэмдэглэсэн. Хавтгайрсан халамж гэж ярьдагч энэ халамж нь болж өгвөл хүн амынхаа зорилтот хэсэг рүү чиглэсэн тэтгэлэг байх ёстойг тэмдэглээд, хүн амаа жинхэнэ утгаар нь бүртгэх бүртгэлийн ажил эхэлснийг ч мэдээлээд амжлаа. Эх орондоо ирсэн дээрээ шинэчилсэн бүртгэлдээ хамрагдахыг хилийн чандад суугаа монголчууддаа ерөнхий сайд уриалж байв.

    Өнгөрсөн 20 жилийн хугацаанд  улс төр, иргэний нийгэм руу чиглэсэн суурь тавигдсан болохоор одоо институци руу  бодлогоо чиглүүлнэ хэмээн Засгийн газрын тэргүүн онцолж байна. Өөрөөр хэлбэл шилжилтийн  20 жилээс одоо  эдийн засгийн хөгжлийн 20 жилийн буухиаг эхлүүлэх ажлыг  энэ Засгийн газар хийж бодитой үр дүнд хүрэх зорилт тавин ажиллаж байгааг ерөнхий сайд онцоллоо. Үүнийг Төмөр замын бодлогын  үзэл баримтлал, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудыг ашиглах  үндсэн чиглэл,  орон сууц болоод монгол мал зэрэг томоохон хөтөлбөрүүд  тус тус батлагдсанаар тайлбарлаж байлаа.

    Одоо эдгээр шийдлүүд ажил хэрэг болох ёстойг Монгол улсын Ерөнхий сайд  С.Батболд онцолж байв. Гадагш явж байгаа урсгалыг эх орондоо бий болгох, үүний тулд ажлын байр цалингийн түвшинг нэмэгдүүлэх талаар Засгийн газар бодит ажил хийх болно хэмээн бас дурдсан. Ялангуяа нарийн мэргэжлийн, ур чадвар шаардсан ажилтнуудын цалин хөлсний асуудалд ойрын үед өөрчлөлт гарах аж. “ Санхүү эдийн засгийн хямралтай байгаа ч иргэддээ чиглэсэн бодлогоо үргэлжлүүлэн ирэх аравдугаар сарын 1-нээс цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж төсвийн тодотголд тусгууллаа. Монгол хүн боломжийн цалин хөлс авч, хөдөлмөрөө зөв үнэлүүлж байх ёстой гэж боддог” хэмээн  Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дурдав.

    Түүнчлэн тэрбээр цааш дурьдахдаа” Гадаад улс орнуудтай харилцах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлын хүрээнд монголчуудаа хөгжүүлэх, нарийн мэргэжилд сургах, хөрвөх чадвартай иргэд бий болгоход анхаарч байна. Саяхан БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзахдаа монгол хүмүүсийг нарийн мэргэжилд сургахад анхаарах, энэ нь эргээд томоохон төслүүдэд Монгол солонгосын аж ахуйн нэгжүүд хамтрахад ажлын байраар хангагдах боломжийн тухай ярилцсан. Солонгост ажиллах гэж тус улсын ЭСЯ-ны гадаа хэдэн зуугаараа олон өдрөөр дугаарлан зогсдог байдлыг халж, эх орондоо боломжийн цалинтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бодлого гарган ажиллаж байна “ гэлээ.

    Бас Монгол улсын Засгийн газраас дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх Европын холбооны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт даган мөрдөгдөж буй зарчим, стандарт, хэм хэмжээг өөрийн оронд нутагшуулах ажлыг эхлүүлснээ дурдлаа. “Харийн оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа сайхан мэдээ бидэнд ирж байгаа.Бас тэд эх орон руугаа ирж байна. Тэдний ирсэн хойно яаж тэр мэдлэг боловсролыг нь ашиглах вэ гэдгийг одоо цөмөөрөө ярилцах хэрэгтэй” хэмээн ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд тэмдэглэж, эх орныхоо бүтээн байгуулалтад мэдлэг чадвар болоод биеээрээ оролцохыг тэдэнд  уриаллаа.

    Мөн энэ үеэр Ерөнхий сайд судалгаагаар шалгаруулсан номинацид тэргүүлсэн иргэдэд шагнал гардуулсан. Олон улсын тавцанд монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа өргөмжлөлтөнөөр эрдэмтэн И. Цэрэн-Ололт,түшигтэй хүнээр Англид амьдардаг багш Д.Цэрэнбат, шилдэг холбоогоор Их Британы монголчуудын холбоо шалгарчээ.

  • Ерөнхий сайдад Шинжаан-Уйгарын парламентын төлөөлөгчид бараалхав

    Ерөнхий сайдад Шинжаан-Уйгарын парламентын төлөөлөгчид бараалхав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах орны (ШУӨЗО) Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Алигэн Иминбахай тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа бүх салбарт шинэ агуулга хэлбрээр баяжин, улам өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

    Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг чанарын шинэ шатанд гаргахад хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд чухал үүрэгтэйг бөгөөд энэ механизм амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Тэрээр үргэлжлүүлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хил, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал бөгөөд Монголын тал Хятадын хил залгаа мужууд, Өөртөө засах орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн гэдгийг дурдав. Монгол, Хятадын хил дээр улирлын чанартай 13 боомт ажиллаж байгаагаас 4 боомт нь ШУӨЗО-ны нутаг дэвсгэр дээр байгаа. Эдгээр боомтуудын дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, заримыг нь байнгын ажиллагаатай болгох асуудлыг шийдвэрлэхийг Монголын тал зорьж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

    Мөн тэрээр хоёр талын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчимжүүлэх том боломж, бололцоо байгааг дурдаад, Монголын баруун бүсийн аймгууд мал аж ахуй, газар тариалан, туслах аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ШУӨЗО-той хамтран ажиллах, харилцан туршлага солилцох хүсэлтэй байна гэдгийг хэлэв. Үүний сацуу бие биеэ нөхөн ажиллах, хөрөнгө оруулалт, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэргүүний технологийг нэвтрүүлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Монголын тал дэмжиж ажиллах болно гэж Ерөнхий сайд хэллээ.

    А.Иминбайхай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, Монгол Улс, ШУӨЗО-ны худалдаа, эдийн засгийн харилцаа тоон дүнгээр байнга өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэлээ. Тэрээр Ерөнхий сайдын дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, зохих газруудад асуудлыг дэвшүүлэн, улмаар шийдэх талаар ажиллах болно гэж мэдэгдлээ. Уулзалтын төгсгөлд А.Иминбахай Монгол Улс, ШУӨЗО, тэр дундаа Монголын байруун аймгуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлэн, “хамтран хөгжихөд бэлэн байна” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр Ерөнхий сайд С.Батболд тодорчээ

    Эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр Ерөнхий сайд С.Батболд тодорчээ Эдийн засгийн чиглэлээр тойм судалгаа хийдэг томоохон сэтгүүл болох “ The Mongolian mining journal”-ийн уламжлалт санал асуулгын дүнгээр Засгийн газрын тэргүүн  энэ оны эхний хагас жилд монголын эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр тодорсон байна. 2010 оны эхний хагас жил нь Монгол улсын эдийн засагт онцгой сонирхолтой цаг үе бөгөөд хөгжлийн суурь болсон олон асуудлыг Засгийн газар шийдвэрлэж галт тэрэг хөдөлгөсөн гэж судалгаанд оролцогсод дүгнэснийг тус сэтгүүл онцолсон байна.

    Тиймдээ ч Ерөнхий сайд сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр нь дурдагдаж, улмаар тухайн мэдээллийнхээ 77.3 хувьд нь гол эзэн байснаараа энэ номинацийг тэргүүлжээ. Таван толгой, төмөр зам гэх мэт улс орны стратегийн ач холбогдолтой их ажлуудыг хөдөлгөсөн, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох алхмуудыг эхлүүлж, ТУЗ-д нь иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах ардчиллын салхийг хагалсан, бизнесийн шинэтгэлийн жил зарласан, эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулсан болоод бусад олон үйл ажиллагаагаараа  Засгийн газрын тэргүүн С.Батболд бусдаас онцгойрсон байна. Сэтгүүл зүйн мэргэжлийн байгууллага болох Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран тус судалгааг хийжээ.

    Уг номинацын шагналыг “The Mongolian mining journal” сэтгүүлийн редактор С. Болд-Эрдэнэ нарын сэтгүүлчид өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдод гардуулан өгсөн юм. Тэд “Эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан олон хүн номинацид нэр дэвшиж байснаас Ерөнхий сайд таны нэр хамгийн олон санал авсан” хэмээн тодотгож байв. Ерөнхий сайд шагналыг авсны дараа“ Засгийн газар  монгол улсаа хөгжүүлэхийн тулд эдийн засгийн шинэтгэл хийхийг гол зорилтоо болгон ажиллаж байна. Энэ чармайлтыг эдийн засагчид болоод сэтгүүлчид олж харан тодорхойлж байгаад баярлалаа. Цаашид Засгийн газар эдийн засгийн шинэтгэл хийхийн тулд олон ажил хийх болно. Эдийн засгийн ардчилалд томоохон ахиц гарах болно” хэмээн дурдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.