Ангилал: Uncategorized

  • Ерөнхий сайд Энэтхэгийн парламентын Ардын танхимын даргатай уулзлаа

    Ерөнхий сайд Энэтхэгийн парламентын Ардын танхимын даргатай уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Лок Сабха-гийн (Ардын танхимын) дарга Мейра Кумар, түүнийг дагалдан яваа төлөөлөгчидтэй 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлэхдээ Монгол Улс Энэтхэг Улстай олон жилийн уламжлалт, найрамдалт, нөхөрсөг харилцааг хөгжүүлж ирсэн бөгөөд энэ жил “дөрвөн тавын жил” буюу Монгол Улс Энэтхэг Улстай 1955 онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа ч бидний харилцааны түүх мянга гаруй жилийн уламжлалтай юм гэлээ.

    Ерөнхий сайд түүнчлэн хатагтай М.Кумарын Монгол Улсад хийж байгаа айлчлал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд том хувь хэмэр болно гэдэгт итгэлтэй байна гээд, парламент, соёл боловсрол, хүмүүнлэг, эрүүл мэндийн салбарт Монгол-Энэтхэгийн харилцаа өргөжин тэлж байгааг дурдаад, цаашид Энэтхэгийн талтай мэдээлэл технологи, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээлттэй байгаа бөгөөд эдгээр салбарт Монгол Улс Энэтхэг Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, идэвхжүүлэх хүсэлтэй байна гэлээ.

    “Далайд гарцгүй Монгол Улсын хувьд мэдээллийн технологийг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой хөгжлийн гарц болох бөгөөд бид монголын мэдээллийн технологийн хөгжлийн төв болох “Цахиуран хөндий”-г байгуулах зорилт тавин ажиллаж байна. Иймээс мэдээллийн технологийн салбарыг амжилттай хөгжүүлж байгаа Энэтхэг улсын туршлагаас суралцах, техникийн туслалцаа авах, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидэнд чухал ач холбогдолтой юм” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

    Мөн Энэтхэгт суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах, мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэх, мэргэжилтэн солилцох сонирхолтой байна гэдгээ уулзалтын үеэр Ерөнхий сайд илэрхийлсэн юм. Хатагтай М.Кумар Монгол Улс нь парламентын ардчиллыг амжилттай хөгжүүлж байгаа орон бөгөөд хоёр орны парламентын түвшний харилцаа, хамтын ажиллагаа, дээд хэмжээний харилцан айлчлалын механизм идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг гэв.

    Тэрээр Монгол Улс бол сонгуулийн тогтолцоо, ардчилал, парламентат ёсыг хөгжүүлж байгаа үлгэр жишээ орон бөгөөд Энэтхэгийн талд Монголын талаас суралцах зүйл их байгааг тэмдэглэлээ. Мөн хатагтай спикер “Манай хоёр улсын харилцаа нь юуны өмнө оюун санааны хэлхээ холбоон дээр тогтдог. Бид улс төрийн харилцан итгэлцэл, харилцан ашигтай эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсдэг” гэдгийг онцоллоо.

    Уулзалтын үеэр хатагтай М.Кумар Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу Энэтхэгийн талын зардлаар Энэтхэгийн их, дээд сургуульд жил бүр суралцуулах монгол оюутны тоог хоёр дахин нэмэгдүүлэх болсноо мэдэгдлээ. Мөн хатагтай М.Кумар хоёр тал цаашид мэргэжилтэй боловсон хүчин сургах, уул уурхай, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой юм гэлээ. Уулзалтын төгсгөлд Хатагтай М.Кумар түүнд болон түүнийг дагалдан яваа парламентын гишүүдэд монгол соёл заншил, урлаг, эрийн гурван наадам гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэдгээ Ерөнхий сайдад илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Ерөнхий сайд шилдэг тамирчдаа урамшууллаа

    Ерөнхий сайд шилдэг тамирчдаа урамшууллаа Олимпын наадам, тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн шилдэг 61 тамирчин, дасгалжуулагчдад Засгийн газраас 336 сая төгрөг олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпод бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд Тамирчдын өдрөөр дуулгалаа. Монголын Тамирчдын өдөр, Олон улсын олимпын өдөр, Монголын Үндэсний Спортын IV их наадмын хаалтын ажиллагаанд зориулсан Тамирчдын гала тоглолтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар тамирчдадаа хүндэтгэл илэрхийлж, зарим тамирчдад Засгийн газрын мөнгөн шагналыг гардуулсан юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд нийт тамирчин дасгалжуулагчдад хандаж хэлсэн үгэндээ “ Энэ жилээс улсын аварга шалгаруулах тэмцээнийг төрөөс санхүүжүүлэх эрхийг тодорхой шалгуур хангасан спортын холбоодуудад гэрээний дагуу олгож эхэлсэн нь энэ салбарт хийгдсэн шинэчлэлийн эхлэл гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого сайжирч биеийн тамир, спортын байгууллагуудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ч нэмэгдэж байна. Энэ онд нийслэл болон дөрвөн аймагт спортын шинэ ордонг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна” гэлээ.

    Мөн тэрбээр Засгийн газрын тогтоолоор 2010 онд Үндэсний спортын их наадмыг орон даяар гурван үе шаттайгаар үндэсний спортын 9 төрлөөр зохион байгуулан давхардсан тоогоор 450 мянга гаруй хүнийг хамруулсан нь Засгийн газраас батлагдсан “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх томоохон ажил боллоо гэдгийг онцолж байлаа.  Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогод суурилсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг ойрын үед боловсруулж Засгийн газраас батлах гэж байгааг дуулгасан юм. Тус хөтөлбөр батлагдсанаар төр, засгаас биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого чиглэл, иргэдэд хүргэх үйлчилгээ тодорхой болно гэж тус салбарынхан талархаж байна.

    74 дэх жилдээ тэмдэглэж буй Монголын тамирчдын өдрийн арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайд, Олимпод бэлтгэх Үндэсний хорооны дарга С.Батболд “Дэлхийн улс орнуудын эв нэгдлийн илэрхийлэл болсон Зуны олимпын 30 дугаар наадам хоёр жилийн дараа эхэлнэ. Монгол түмний баяр бахдалыг төрүүлсэн Олимпийн алтан медаль хүртсэн амжилтын буухиаг Лондонд үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар баг тамирчдаа Олимпын наадамд амжилттай оролцуулахад бүхий л боломжоо дайчлан ажиллана” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээБАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИД БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ ХУУЛИНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

    Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр тогтов. Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргаснаас хойш банкууд хуулийн зүйл, заалтыг гуйвуулан ашиглах хандлага ажиглагдах болсон байна.

    Банкны дийлэнх хөрөнгийг төр батлан дааж байгаа учир банкууд эрсдлийн удирдлагаа сулруулах, харилцагч банкны санхүү, төлбөрийн чадварыг үл харгалзан эрсдэл өндөртэй банкуудад хөрөнгөө байршуулж байгаа нь банкны системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх аюултай болжээ. Санхүү, төлбөрийн чадварын хүндрэлд орсон болон орж болзошгүй банкууд хэт өндөр хүү амлаж, өөрсдийн эрсдэл даах чадвараас их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж байгаа бөгөөд энэ нь банкны системийн зээлийн хүүгийн дундаж түвшинг бууруулахад ч сөргөөр нөлөөлж байна.  

    Тухайн банкинд зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалттай этгээд болон түүний холбогдох этгээдийн харилцах, хадгаламжийг төрөөс гаргаж байгаа баталгаанд хамруулан тооцож байгаа.  Энэ нь төлбөрийн чадваргүй болсон банкнаас зээл авсан харилцагчид зээлийн өрөө төлөхөөс зайлсхийх, хариуцлага хүлээхгүй байх боломжийг ч нэмэгдүүлж байна. 

    Иймд төрөөс батлан даах хөрөнгийн төрөл, хэмжээг хязгаарлах заалтуудыг хуульд нэмж тусгах шаардлагатай болсон гэж Засгийн газар үзлээ. Түүнчлэн төрийн баталгаанд хамрагдаж байгаа харилцах, хадгаламжийн үлдэгдлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын тусгай дансанд төвлөрүүлэхээр зохицуулснаар сонгодог хэлбэрийн хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлнэ. Энэ нь банкны системд хүндрэл үүсэхэд төр, улсын зүгээс төсвөөс зарцуулах хөрөнгийн зардлыг бууруулах ихээхэн ач холбогдолтой юм. 

    ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЭН ШИЙД ГАРГАВ

    Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд танилцуулав. Дорнод аймгийн Халхгол, Матад, Баянтүмэн, Булган сумын нутагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд 80,6 сая, зориудаар устгасан малын нөхөн олговорт 247,3 сая, нийт 327.9 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. 

    Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг чангатган, голомтыг устгах, мал сүргийг дархлаажуулах, өвчний тархалтад тандалт судалгаа хийж гарал үүслийг нь тогтоохыг холбогдох яам, Дорнод аймгийн удирдлагад даалгав. Шүлхий өвчний халдвар тархах эрсдэл өндөр байгааг харгалзан хорио цээр тогтоосон нутгаас малын шилжилт хөдөлгөөн хийх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхгүй байх, баяр наадам болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах, Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймагт зүүн аймгуудаас үржлийн мал шилжүүлэхийг 2 жилийн хугацаагаар зогсоохоор боллоо. 

    Халдварын голомт илрээгүй Дорнод аймгийн сумдаас зөвхөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлж, түүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох яам, байгууллага, аймгуудын удирдлагад даалгав. Халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага болон гамшгаас хамгаалах улсын албаны хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт үүрэг болгов. 

    Засгийн газраас гаргасан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод үүрэг болголоо.  Дорнод аймгийн дээрх сумдад шүлхий өвчний шинж тэмдэгтэй 1308 малыг устган булшилж, орчныг нь ариутгаж халдваргүйжүүлээд байна. 
     
    ТОВЧХОН

    •  Хүний хөгжил сангаас олгох  хишиг, хувийн хэмжээг нэмэгдүүлэн, сар бүр олгох тухай асуудлыг хэлэлцээд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ингэснээр Засгийн газар хүүхдийн мөнгийг ч олгох, халамжийн мөнгийг ч олгох байр сууриа хадгалж байна.

    • УИХ-ын гишүүн Ц.Батбаярын санаачлан боловсруулсан “Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн  төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагчид уламжлахаар болов. 

    • УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан “Монгол Улсын хуулиудын ангилал, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагчид уламжлахаар тогтов. 

    • “Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж, ХЗДХ-ийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлуулах тул Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдэв. Дээрх дүрмийг баримтлан санхүү бүртгэлийн маргаантай асуудалд шүүх нягтлан бодох бүртгэлийн  магадлагаа хийж дүгнэлт гаргаж байсан ч энэ чиглэлээр хийж байгаа шинжилгээний цар хүрээ өргөжиж байгаа учир шинэчлэх шаардлага гарчээ. 

    • Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний илтгэлийн төслийг хэлэлцэн дэмжээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх талаар арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2010 оны 11 дүгээр сард болох Хүний эрхийн Зөвлөлийн Ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдаан, 2011 оны 3 дугаар сард болох Хүний эрхийн Зөвлөлийн 16 дугаар чуулганаар Үндэсний илтгэлийг хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, гарах зардлыг хэлэлцүүлэн батлуулахыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгав.  

    • Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишерийн 2010 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Айлчлалын үеэр хөндөгдсөн Прага хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байр байрлаж байгаа хэсэг газрыг тус улсын Засгийн газрын хөрөнгөөр монголын өмч болгон худалдан авах боломжийг судалж, арга хэмжээ авахыг холбогдох  яамдын сайд нарт даалгалаа. 

    • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 5 дугаар хуралдааныг 2010 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв. 

    • Хувиргасан амьд организмыг Улаанбаатар хотын Буянт-Ухаа хилийн боомтоор нэвтрүүлэхээр тогтов. Үүнд олон улсын гэрээ, эрх зүй болон хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газрын удирдлагад үүрэг болгов. 2008-2009 оны байдлаар хувиргасан амьд организм ашиглан үйлдвэрлэсэн 26 нэр төрлийн энзим, 119 зүйлийн ургамал, 83 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, Е серийн 80 гаруй нэр төрлийн бодис бүртгэгдэн олон улсын зах зээлд борлуулагдаж байна. Хүнс, эмийн бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг гаднаас авдаг манай орны хувьд хувиргасан амьд организмын бүртгэл, хяналтыг сайжруулан олон нийтэд ашигтай болон эрсдэлтэй талыг нь нээлттэй мэдээлэх үүргээ олон улсын өмнө биелүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Иймээс хувиргасан  амьд организмыг нэвтрүүлэх хилийн боомтыг Буянт-Ухаа байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.  

    • Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн балансад бүртгэлтэй, нийслэлийн БЗД-ийн 9 дүгээр хороонд байрлах, төвлөрсөн дулаан болон цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй 30 айлын 6 орон сууцыг орон сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв. Энэ байранд 30 өрхийн 144 хүн 1972 оноос хойш амьдарч байна. 

    • “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц байдлын талаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих Үндэсний зөвлөлийн дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулав. 2009 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 4616 осол, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1387 гарч, 317 хүн нас барж, 918 хүн хүнд, хөнгөн бэртсэн байна. 

    • Сингапур Улсад 2010 оны 6 дугаар сарын 4-6-ны өдөр болсон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын “Шангри-Ла яриа хэлэлцээ-2010”, 6 дугаар сарын 11-ний өдөр Бельгийн Вант Улсын Бруссель хотноо болсон Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын уулзалтад Батлан хамгаалахын сайд Л.Болдын оролцсон тухай дүнтэй танилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “Нотолгоонд суурилсан худалдааны бодлого ба Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх хэлэлцээний арга хэрэгслүүд” сэдэвт гүнзгийрүүлсэн семинарыг нээлт

    “Нотолгоонд суурилсан худалдааны бодлого ба Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх хэлэлцээний арга хэрэгслүүд” сэдэвт гүнзгийрүүлсэн семинарыг нээлт

    Хатагтай, ноёд оо,
    Зочид, төлөөлөгчид өө,

    Энд хуран цугларсан та бүхний амрыг эрэн мэндчилье.

    Юуны өмнө, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэхүү семинарыг манай улсын Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулж буй НҮБ-ын Ази, номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисст талархлаа илэрхийлье. Семинарын сэдэв, агуулга нь манай улсын хувьд тулгамдсан зарчмын асуудлыг хөндөж байна. Ийм ч учир яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, агентлаг, газруудын удирдлага нарыг энэ арга хэмжээнд хамруулж байгаа юм. Шийдвэр гаргахад нотолгоо, судалгаанд суурилах нь хүний нөөц, боловсролын түвшин, техник технологийн ашиглалт зэрэг олон зүйлээс хамаарах бөгөөд шийдвэр гаргах механизм бүрдүүлэх, нотолгоонд үндэслэх соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

    Монгол Улс шилжилтийн үеийг дуусгаж, эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх зорилтын дор нийгэм, эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх түүхэн үедээ орж байна. Гэвч ардчилал, зах зээлийн эдийн засгийн асар их нөөц бололцоог хөгжлийн хүчин зүйл болгохын тулд сайн засаглал, ил тод, тодорхой, тогтвортой, ойлгомжтой бодлого, цэгцтэй хөгжлийн төлөвлөлт үгүйлэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор төрийн шийдвэр гаргах тогтолцоог нотолгоо, судалгаа, бодит тооцоонд тулгуурлах зарчимд шилжүүлэх нь цаг үеийн шаардлага нэгэнт болжээ.

    Өнөөгийн төр засгийн бүхий л түвшин, нийгмийн салбарт өвлөгдөж ирсэн нэг зүйл бол мөрөөдлийн жагсаалт мэтийн зүйл бичээд түүнийгээ төлөвлөлт гэж нэрлэдэг, түүнчлэн нээлттэй, ил тод хэлэлцүүлэг явуулж байж хамгийн оновчтой хувилбарыг сонгохын оронд үзэмж буюу баримжаагаар шийдвэр гаргахаа бодлого гэж нэрлэдэг явдал юм. Үүний дүнд дэвшүүлсэн олон сайхан зорилт цаасан дээр үлдэж, төр засгийн бодлого амьдралаас хол хөндий байна гэсэн шүүмжлэлд байнга өртөж байна. Энэ ужгирсан арга барилаас шийдвэртэй салах хэрэгтэй.

    Бодлого бол бодит нотолгоон дээр суурилсан байх учиртай. Шийдвэр гаргагч нарт асуудлыг боловсруулж танилцуулах үүрэг бүхий та бүгд бодит мэдээлэл дээр суурилан, тал талаас нь тунгаан хэлэлцэж, шүүсний үр дүнд хамгийн боломжийн хувилбаруудыг гаргаж ирэх учиртай. Ажлын ийм арга барилд нэн даруй суралцах нь чухал. Үүний тулд ажилд хандах сэтгэлгээгээ өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Энэхүү семинар нь нотолгоонд суурилсан худалдааны бодлого ба Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх хэлэлцээний арга хэрэгслүүд гэсэн тодорхой чухал сэдвийг хэлэлцэнэ. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь аливаа улстай хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал хэрэгсэл болон өргөжиж, цөөнгүй улс орон энэ хэлбэрийн хамтын ажиллагааг сонгон ажиллаж байна.

    Түүнчлэн, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явц хурдацтай хөгжиж байна. Сүүлийн 2 өдөр Улаанбаатар хотноо ээлжит байнгын хуралдаанаа зохион байгуулсан “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-ийн байгууллага нь үүний нэг жишээ юм. Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т ажиглагчийн статустай оролцож байгаа бөгөөд цаашид энэхүү Хэлэлцээрт гишүүн болох сонирхлоо илэрхийлсэн. Монгол Улс бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэн орсноор зах зээл улам нэмэгдэх, бараа, үйлчилгээний чанар, стандарт сайжрах, худалдааны эргэлт өсөх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Гагцхүү эдгээрийг тоон болон чанарын хэмжүүрээр нотлох судалгаа, аргачлал бидэнд хэрэгтэй байна.

    Хатагтай, ноёд оо,

    “Долоо хэмжиж нэг огтол” хэмээх манай ардын сайхан үг бий. Энэ үгийн мөн чанар, цаад утга нь сайтар бодон тунгааж, судалж, нотолж байж шийдвэр гарга гэсэн санаа мөнөөс мөн гэж бодож байна.

    Иймд энэхүү чухал сургалт, семинарт оролцогч Та бүгдэд шамдан суралцах, бас дээр нь түгээн дэлгэрүүлэх гэсэн хоёр чухал хариуцлага ногдож байгааг анхаарна биз ээ. Өөрөөр хэлбэл, энэхүү сургалтын үеэр заасан зүйлсийг хичээнгүйлэн сурч, түүний дараа өөрийн байгууллага, хүрээлэлд нэвтрүүлэн, төлөвшүүлэх нь та бүгдийн эрхэм зорилго байх учиртай юм. Нотолгоон дээр суурилсан бодлогын үзэл баримтлал нь эрүүл мэндийн салбарт анх хөгжсөн гэдэг. Та бүхэн семинарын энэ гурван хоногийн туршид манай нийгэмд нүүрлэж буй архаг согогийн угшлыг нотолгоон дээр суурилсан аргачлал хэрэглэн арилгах арга замын тухай ярилцаж, энэ талаархи мэдлэгээ баяжуулах болно.

    Эцэст нь энэхүү сургалт, семинарыг манай улсын Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулж байгаа НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс, түүний дотор Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа гүн талархлаа дахин илэрхийлье. Түүнчлэн, “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-ийн Байнгын хорооны хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах санаачлага гарган бидэнд өндөр итгэл үзүүлсэн Та бүхэнд баярласнаа дахин илэрхийлж байна.

    Семинарын үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Анхааран соёрхсонд баярлалаа.

  • Монгол улсын Ерөнхий сайд нотолгоонд суурилсан шийдвэрийн механизмыг чухалчиллаа

    Монгол улсын Ерөнхий сайд нотолгоонд суурилсан шийдвэрийн механизмыг чухалчиллааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилга болон ивээл доор “Нотолгоонд Суурилсан Худалдааны бодлого ба Ази-Номхон далайн Худалдааны хэлэлцээрт нэгдэх хэлэлцээний арга хэрэгслүүд” сэдэвт өндөр хэмжээний гурван өдрийн сургалт семинар Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд эхэллээ. Ази-Номхон далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ) нь НҮБ-ийн Ази-Номхон далайн Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөлийн (UNESCAP) гишүүн, хөгжиж буй орнуудад элсэн ороход нээлттэй бөгөөд харилцан ашигтай чөлөөт худалдааг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой преференцийн (худалддааын давуу эрхийн) олон талт гэрээ юм.

    Тус семинарын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлэв. Тэрээр семинарыг хамтран зохион байгуулж байгаа НҮБ-ийн Ази-Номхон далайн Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөлд талархал илэрхийлээд, Монгол Улс АНДХХ-рт элсэн орохын тулд шийдвэр гаргахдаа баримт, нотолгоон дээр суурилдаг байх зарчмыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Ерөнхий сайд “Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засгийг хөгжлийн өндөр шатанд гаргахад ил тод, тогтвортой, ойгомжтой, цэгцтэй хөгжлийн бодлого баримтлах хэрэгтэй байна.

    Бодлого болон түүнээс үүдэн гарах шийдвэр нь хүсэл мөрөөдлийн жагсаалт, үзэл бодол, онол баримжааны аливаа өнцөг дээр суурилах бус, харин нээлттэй хэлэлцэж, олон өнцгөөс шүүн тунгааж, бодитой нотолгоон дээр суурилсан байх учиртай. Иймээс бид ажилд хандах сэтгэлгээндээ шинэчлэл хийх хэрэгтэй. Долоо хэмжиж нэг огтло гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Энэ нь сайн бодож, тунгааж, нотолж байж шийдвэр гаргаж бай гэсэн үг бөгөөд үүнийг л бид хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж семинарт оролцож байгаа төрийн байгууллагуудын төлөөлөгчдөд хандаж хэллээ.

    Мөн Ерөнхий сайд АНДХХ-рт Монгол Улс элсэн орсноор Монголын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, Монгол Улс бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд өргөнөөр оролцох, худалдаагаа хөгжүүлэх таатай орчин бүрдэх ач холбогдолтой юм гэдгийг цохон тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Монгол Улсын Ерөнхий сайд “Чайна Дэйли” сонинд ярилцлага өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд “Чайна Дэйли” сонинд ярилцлага өглөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын өдөр тутмын Чайна Дэйли (China Daily) сонин Монгол Улсын тухай тусгай дугаар гаргах гэж байгааг тохиолдулан 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус сонины сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Ерөнхий сайд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллаагааг хөгжүүлж, чанарын өндөр түвшинд гаргахад хоёр талын дээд хэмжээний уулзалтын механизм чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж дүгнэв.

    Тус айлчлалаар хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх талаар хоёр орны Ерөнхий сайд нар тохиролцсон бөгөөд Монгол Улсад уул уурхай, хөдөө аж ахуйн түүхийн эдийг гүн боловсруулж, хятадын болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, транзит тээвэр, далайд гарах боомт гарцыг нэмэгдүүлэх зэрэг гол гол асуудлыг Монголын талаас тавьж Хятадын тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэдгийг тэрээр дурдлаа. Мөн Ерөнхий сайд Монгол Улсын байгалийн баялгийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүнтэй холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, манай улсын эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа, ялангуяа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах зэрэгт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдгийг онцоллоо.

    Монгол Улсын бизнесийн орчны талаар Ерөнхий сайд цаашид бизнесийн орчныг улам нээлттэй, ил тод болгох бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, Засгийн газраас тогтоосон тэргүүлэх салбарын хөгжлийг татвар, санхүү, зохицуулалтын бодлогоор улам эрчимтэй дэмжиж, эдгээр салбарт нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй тэргүүний технологитой, орон нутгийн хөгжлийг дэмждэг аж ахуйн нэгжүүдийн оролцоог улам өргөжүүлэх болно гэж хэлэв. Шанхай Экспогийн албан ёсны түнш болох Чайна Дэйли сонин нь БНХАУ-ын англи хэл дээрх анхны өдөр тутмын хэвлэл бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын гишүүд, ажилтан албан хаагчид, ажил хэрэгч хүмүүс зэрэг 2 сая гаруй захиалагч уншигчтай сонин юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдэллээ.

  • С.Батболд: Энэ бол эх үрсийнхээ төлөө бидний хийх ажлын эхлэл

    С.Батболд: Энэ бол эх үрсийнхээ төлөө бидний хийх ажлын эхлэл “Эхчүүдтэй уулзлаа, сэтгэгдэл өндөр, сайхан байна. Энэ бол эх үрсийнхээ эрүүл мэндийн төлөө бидний хийж, хэрэгжүүлэх ажлын эхлэл” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Шинээр төрөх эмнэлэг барихаар төлөвлөсөн байгаа. Эдгээр ажил үе шаттайгаар хэрэгжинэ. Хоёрдугаар амаржих газар болоод шинээр байгуулагдах төрөх эмнэлэг барих 19 тэрбум төгрөг энэ жилийн улсын төсөвт суусан. Шинэ төрөхийн барилгын ажлыг шуурхай, хамгийн гол нь чанар стандартын дагуу гүйцэтгэх үүргийг Эрүүл мэндийн яаманд өгсөн гэж Монгол Улсын Ерөнхий сайд засварын ажил нь дуусаж, өнөөдрөөс үйлчилгээ нь эхэлж буй Нэгдүгээр амаржих газрын үйл ажиллагаатай танилцахдаа хэлсэн юм. Мөн цаашдаа энэ салбарт төрөх эмнэлгээс гадна тогтолцоо, үйлчилгээ, эмчилгээ оношлогооны хүрээнд өргөтгөх олон ажил байгааг дурдлаа.

    Эхчүүдийнхээ үр хүүхдээ төрүүлэх аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх нь төр засгийн үүрэг. Энэ үүргийнхээ дагуу УИХ, Засгийн газраас үе шаттай ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь Нэгдүгээр төрөхийн засварын ажил байлаа гэж Ерөнхий сайд онцлов. Тус амаржих газрын бохирын шугамын гэмтлээс шалтгаалан нярайн халдвар дэгдэлт хэлбэрээр гарч, эмнэлгийн үйл ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 18-наас бүрэн зогсоосон. Байдал хүндэрсэн тэр үед  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаанбаатар хот болоод эмнэлгийн удирдлагуудтай уулзахдаа “Ойрын өдрүүдэд Засгийн газрын хуралдаанаар Нэгдүгээр  амаржих газрын их засварт шаардагдах төсвийн талаар хэлэлцэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдэх шаардлагатай байна” гээд Засгийн газрын хуралдаанаар хөрөнгийн эх үүсвэрийг шийдсэн юм.

    Ерөнхий сайд С.Батболд энэ талаар “Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарал тавьж Нэгдүгээр амаржих газрын засварын хөрөнгийн эх үүсвэрийг богино хугацаанд шийдсэн. Энэ нь засварын ажил бүрэн хэмжээнд, хугацаандаа хийгдэж дуусахад нөлөөллөө гэж бодож байна. Нэг талаас чанартай, нөгөө талаас стандарт хангах чиглэлээр шинэлэг ажлууд хийгдсэн гэж Эрүүл мэндийн яамны удирдлагууд, энэ ажлыг зохион байгуулсан хамт олон хэлсэн.  Нэгдүгээр амаржих газар өнөөдөр эхчүүдээ хүлээж авч байна. Бид сайхан үйл явдлын гэрч боллоо. Монголын үрс маш олон болтугай” гэлээ.

    Тус амаржих газрын дарга Д.Энхбаяр энэ үеэр “Бид барилгын засварын ажлаа энэ сарын 1-нд хүлээж авсан. Өнөөдрийг хүртлэх хугацаанд ариутгал, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийж, Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно гэсэн дүгнэлт гарсны дагуу эхчүүдээ хүлээж авч байна” гэлээ. 240 ортой Нэгдүгээр амаржих газарт энэ өдөр 26 эх эмчлүүлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

    “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төсөл, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Манай улсын хүн ам мах, гурил, сүү, цагаан будаа, элсэн чихэр зэргийг хүнсэндээ өргөн хэрэглэдэг. үүнээс дотоодын үйлдвэрлэлээр мах, сүүний хэрэгцээгээ 100 хувь, гурилын хэрэгцээгээ 44 хувь, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 100 хувь импортоор хангаж байна.

    Эдгээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ тогтворгүй байнга хэлбэлзэж байгаа нь иргэдийн амьжиргаа, худалдан авалтад сөргөөр нөлөөлж байна.Тиймээс хууль батлагдсанаар мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр, улаан буудайн гаалийн тарифын хувь хэмжээг шаардлагатай тохиолдолд Улсын Их хурал эрх олгосноор Засгийн газар өөрчилж байх эрх зүйн орчин бүрдэх юм.

    Ингэснээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдал хангагдаж үнэ тогтворжиж дотоодын үйлдвэрлэгчдийн ялангуяа гурил, улаан буудай үйлдвэрлэгчдийн санхүүгийн чадавхи сайжирч, бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх боломж бүрдэнэ. Мөн газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдсэнээр ажлын байр нэмэгдэж, тухайн салбарт ажиллаж байгаа иргэд, аж ахуйн нэгжээс улсын төсөвт оруулах орлогын хэмжээ өсөх юм. 

    Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ургац алдсан тохиолдолд гурил, улаан буудайг импортоор авч хүн амын хэрэгцээг хангах, ургац арвин жил хэрэгцээгээ дотоодоос бүрэн болон ихэнхийг хангах тохиолдол байнга гарч байна. Иймээс улаан буудай, гурилын үйлдвэрлэл, импортыг гаалийн татварын уян хатан бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа учир хуулийн төслийг боловсруулжээ.

    ХУУРАМЧ ЭМТЭЙ ТЭМЦЭНЭ

    Засгийн газрын хуралдаанаар ”Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратеги”-ийг сайшаалаа. Стратеги болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын багц болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 2 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав. 

    Манай оронд 1994 оны 10 дугаар сард анх хуурамч пенициллин, 2001 онд их хэмжээний хуурамч витамин В комплекс эмийг Буянт-Ухаа боомтод илрүүлэн устгаж байжээ. 2005-2007 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 147 нэрийн эмийг судалгаанд хамруулахад 28 нь стандартын бус, хуурамч байсан  нь манай зах зээлд хуурамч эм байгааг илтгэсэн үзүүлэлт юм. 

    Хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй, эмийн үндэсний зохицуулалт муу, мөрдөж байгаа хуулийн хэрэгжилт хангалтгүй, оногдуулах шийтгэл сул, авлига болон сонирхлын зөрчил их, олон давхар зуучлагчтайгаар нийлүүлэгддэг, нийлүүлэлтээс давсан эрэлттэй, өндөр үнэтэй, хамтран ажиллагч талуудын хамтын ажиллагаа сул зэрэг нь эмийг хуурамчаар үйлдвэрлэхэд нөлөөлдөг байна. 

    Үндэсний стратегид :
    • Эм, эмнэлгийн хэрэгсэл
    • Биологийн идэвхт бүтээгдэхүүн
    • Гоо сайхны бараа, нүдний шил, нүдний контакт линз зэрэг эрүүл мэндэд нөлөөлөх бүтээгдэхүүнийг хамруулсан байна. 

    Манай улсад хувийн өмчид тулгуурласан эм, эмнэлгийн хэрэгслийн 34 үйлдвэр, 136 ханган нийлүүлэх байгууллага, 1026 эмийн сан байгаа бөгөөд 821 эм зүйч, 1503 эм найруулагч ажилладаг. Монголчууд 30 гаруй улсын 200 үйлдвэрийн 1500 эм, ОХУ, Энэтхэг, БНХАУ-ын 41 үйлдвэрийн 67 эмийн түүхий эд, эх орны үйлдвэрийн 51 нэрийн эмийг бүртгэн эмчилгээ, оношлогоонд хэрэглэж байна. Мөн эмийн шинжилгээний лаборатори нь хийх ёстой шинжилгээний 60 гаруй хувийг л хийдэг гэсэн судалгаа гарчээ.

    ТАМИРЧДЫГ ШАГНАВ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, кураш бөх, таэквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, 2009 оны сүүлийн хагаст болсон жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, шатрын их мастер, самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2010 оны жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, пара таэквондо, сонирхогчдын шатар, жиу-жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан нэр бүхий тамирчид, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгохоор тогтов.

    АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫГ ДҮГНЭВ

    Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын 2009 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батласан журмыг үндэслэн 2009 оны үйл ажиллагааны үнэлгээгээр өндөр үнэлгээ авсан Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж, дээрх аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт тус бүрд нь нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор болов. 

    Үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс санал асуулга авч үнэлэн, дүгнэх ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж байх, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхи, үр нөлөөг дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

    ТОВЧХОН

    • Улсын Их хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Батбаяр, Р.Гончигдорж нарын санаачлан боловсруулсан “Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай” хуулийн төсөл болон “Мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтов. 

    Тухайлбал 1.0-18 насны хүүхэд бүрт сар тутам 20000 төгрөг олгох тохиолдолд 2009 оны статистик гүйцэтгэлээр нийт  981,6 мянган хүүхдэд жилдээ 235,6 тэрбум төгрөг шаардагдахаар байна. Энэхүү нэмэлт зардлыг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх нь тодорхойгүй байна. Улсын Их Хурал Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлахдаа хүүхдийн, шинэ гэр бүлийн, шинээр төрсөн хүүхдийн зэрэг нийгмийн халамжийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зохицуулж байсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон. Ийм шийдвэр гараад хагас жил болоогүй байх тул төслийг дэмжих боломжгүй байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзэж төсөл санаачлагчдад уламжлахаар боллоо. Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө аль алийг нь давхардуулалгүй нэг цонхоор явуулах нь зүйтэй гэсэн байр сууринаас Засгийн газар хандаж байна.

    • Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хооронд байгуулах “Терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцээд “Гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай” Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.

    • “Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

    • “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт оруулах тухай, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-”д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

    • Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторийн барилга барих, техникийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд монголын талаас шаардагдах хөрөнгийг хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.

    • Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2010 оны 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад хийх айлчлалын үеэр баримтлах удирдамжийг зүйтэй гэж үзэн Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

    • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг АНУ-ын Нью-Иорк хотноо болох НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үндсэн чуулганд 2010 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар оролцохыг зөвшөөрөв.

    • ОХУ-ын Москва хотноо 2010 оны 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд “ОХУ болон Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн орнууд-Глобалчлалын эринд” сэдэвт 14 дэх удаагийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцохыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод зөвшөөрөв.

    • Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн 63 дугаар ассамблейд оролцсон тухай Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Засгийн газрын гишүүдэд танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын Хөдөлмөрийн сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын Хөдөлмөрийн сайдыг хүлээн авч уулзав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Лим Тэ Хи тэргүүтэй БНСУ-ын төлөөлөгчдийг 2010 оны 6 дугаар сарын 16-н өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа гэдгийг дурдаад, өнгөрсөн хорин жилийн хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байдаг гээд цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны хөдөлмөрийн харилцаа чухал ач холбогдолтой гэдгийн онцлон тэмдэглэв.

    Ерөнхий сайд БНСУ-ын Засгийн газар манай олон мянган иргэдэд БНСУ-д ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээл, нийгэм эдийн засгийн тодорхой зорилтуудыг урагшлуулахад чухал хувь нэмэр болж байгааг тэмдэглээд, цаашид хоёр тал худалдаа, бараа эргэлтийг чөлөөтэй болгох, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагагаа хөгжүүлэх, ард түмэн буюу иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, түүний дотор иргэд харилцан зорчих, аялал жуулчлал хийхэд тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлэх гэсэн чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна гэв.

    Мөн Монгол Улсад БНСУ-ын хөрөнгө оруулалтыг зөвхөн жижиг, дунд үйлдвэрийн салбараар хязгаарлагдалгүй дэд бүтэц, хүнд үйлдвэр зэрэг эдийн засгийн том салбаруудад оруулах боломж байгаа бөгөөд үүнд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа олон мянган мэргэжилтэй монгол ажилчид том түшиг болж, ард түмний хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд “гүүр” болох болно. Иймээс монгол ажилчдад Солонгосын тал мэргэжлийн үнэмлэх олгох, Монголын талтай мэдээлэл солилцох байнгын механизмтай болох, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим нэг албан болон техникийн саадыг арилгах тал дээр анхаарвал аль аль талдаа алс ирээдүйд ашгаа өгөх алхам байх болно гэж Ерөнхий сайд онцоллоо.

    БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Лим Тэ Хи Ерөнхий сайдын санал санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд зохих албаны хүмүүст энэ тухай уламжлахаа мэдэгдлээ. Түүнчлэн тэрээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Солонгосын тал албаны болон техникийн талын саад бэрхшээлийг байхгүй болгоно гэдгээ мэдэгдээд хоёр орны хөдөлмөрийн харилцаан дахь хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Улсын Ерөнхий сайд Японы сэтгүүлчдийн асуултад хариулав

    Монгол Улсын Ерөнхий сайд Японы сэтгүүлчдийн асуултад хариулав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Японы телевиз, өдөр тутмын сонины сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Ерөнхий сайд Монгол Улс Япон Улстай иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байдаг гээд тус харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад хоёр орны ард түмний харилцааг хөгжүүлэх, үүний дотор аялал жуулчлалын салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж Монгол Улсын Засгийн газар Японы Улсын иргэдийг Монгол Улсад 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчуулах тухай шийдвэр гаргасан гээд, энэ алхам нь Японы жуулчдад Монгол Улсын ард түмэн, байгаль, зан заншил, соёл иргэншлийг танилцуулах том боломжиг бий болгож байгааг онцлон тэмдэглэлээ.

    Монгол Улс эдийн засгийн хөгжлийн үе шат руу шилжихэд уул уурхайн салбарын хөгжил онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж Ерөнхий сайд сэтгүүлчдэд хэлээд,  уул уурхайн салбарын хөгжилд том үүрэг гүйцэтгэх Тавантолгойн орд газрын хувьд Монголын Засгийн газар 51% буюу түүнээс дээш хувийг эзэмшиж, олборлолт, ашиглалт, гол нь байгаль орчинд халгүй дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, боловруулсан эцсийн бүтээгдэхүүн гаргах, нэмүү өртөг үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх дотоодын болон гадаадын компаниудтай харилцан ашигтай байх, ард нийтдээ үр өгөөжтэй байх зарчмыг баримтлан хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

    Монгол Улс олон улс, түүний дотор Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх, сахин хамгаалахад өөрийн боломж, туршлага дээр үндэслэн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрмэлздэг гэж Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдлээ. Мөн Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Н.Кантай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны уламжлалыг хадгалж, ололт амжилтаа улам бататгаж, Монгол, Японы иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх нийтлэг зорилтын хэрэгжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллана гэж мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.