Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын
“ЭМЭГТЭЙЧҮҮД-ХҮНИЙ ХӨГЖИЛ”
Монголын эмэгтэйчүүдийн үндэсний чуулганыг нээж хэлсэн үг
2010 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Төрийн ордон
Чуулганы төлөөлөгч эрхэмсэг Хатагтай нараа,
Хүндэт зочид оо!
Монгол Улсын нийт хүн амын тавь гаруй хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдээ төлөөлөн эх орныхоо өнцөг булан бүрээс цугларч “Эмэгтэйчүүд-хүний хөгжилд-2010” Үндэсний чуулганаа хийж байгаа Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны даргын хувьд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Сүүлийн жилүүдэд төдийлөн хийгдээгүй Эмэгтэйчүүдийн Үндэсний чуулган нь нийгмийн бүхий л салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны асуудалд төр засаг, иргэний нийгэм, олон нийтийн анхаарлыг хандуулсан чухал үйл явдал болж байна.
1206 онд байгуулагдсан Монголын эзэнт гүрний үеэс эдүгээг хүртэл үйлс гавьяагаараа мөнхөрсөн үе үеийн алдар цуутай эмэгтэйчүүдээрээ бид бахархдаг. Монголын эмэгтэйчүүд ард түмнийхээ зовлон, жаргалыг үүрэлцэж, улсынхаа түүхэн замналын хүнд эгзэгтэй үед ч шантаршгүй зүтгэж ирсэн. Энэхүү Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл Та бүхэн Үндэсний чуулгандаа үзэл бодлоо уралдуулж, тавьсан зорилтоо хэрэгжүүлэхээр их үүрэг хариуцлага өвөрлөн ирсэн нь дамжиггүй.
Монгол Улс чөлөөт эдийн засаг, ардчилсан тогтолцоог сонгосон өнгөрсөн 20 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо ямар түвшинд байсан бэ гэдгийг энэхүү чуулганаар дүгнэн ярилцаж, цаашдын нэгдсэн бодлогоо тодорхойлох нь ихээхэн чухал юм. Монгол Улс жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаарх олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрч, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-аас эхлэн олон улсын хүний эрхийн үндсэн гол актуудад нэгдэн ороод байгаа билээ. Энэ нь Монгол Улсад хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 4 дүгээр бага хурлаас баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас “Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг 1996 онд батлан 2002 он хүртэл, “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг 2002 онд батлан одоог хүртэл хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөр нь үндэсний хэмжээнд жендэрийн тэгш байдлын талаарх ойлголт, мэдээллийг түгээх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухаан, гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангахад тулгарч буй бэрхшээлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэс дараатай авч хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улсын Засгийн газраас Мянганы хөгжлийн зорилтууд болон “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаар тодорхой зорилтуудыг тусган хэрэгжилтийг зохион байгуулж байна. Нийгмийн бүх салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах асуудал хүний хөгжлийн бодлогын чухал хэсэг гэдгийг XXI зуунд дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөнийг манай бодлого боловсруулагчид анхааран үзэж буй гэдэгт итгэлтэй байна.
Энэ асуудлаар УИХ, Засгийн газар цөөнгүй бодлогын баримт бичиг баталсан. Харин одоо хэрэгжилт нь ямар байна вэ, дэлхийн жишгийн хаана нь байна вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Ардчилсан, нээлттэй засаглалд эмэгтэйчүүдийн оролцоо төдийгүй хөдөөгийн эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг онцгойлон авч үзэж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Төрөөс хүн бүрт хөгжлийг тэтгэсэн ижил боломжийг олгож, иргэн бүрээ чадавхижуулж, боловсролтой, эрүүл чийрэг, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай оюунлаг, хүнлэг Монгол хүнийг төлөвшүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.
Монгол төр хүчирхэг байсны нууцыг эрт цагаасаа “ХААН” ухаан “ХАТАН” ухааныг хослуулан уялдуулж ирсэнтэй холбон түүхчид нотолсоор ирсэн билээ. Тэгвэл бид улс орныхоо хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд, хүн амын 51,4 хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл, тэдний хүсэл зоригийг илэрхийлсэн дуу хоолой, санал бодлыг тусгаж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийх цаг нь болсон. Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод “Үндэсний парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувийг 2015 он гэхэд 30 хувьд хүргэх”, Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Жендэрийн тэгш байдлыг хангах бие даасан хуультай болох, бүх шатны боловсролын хөтөлбөрийн агуулгыг жендэрийн мэдрэмжтэй болгох, өмчийн болон хөдөлмөрийн харилцаан дахь тэгш оролцоог хангах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” гэсэн стратегийн зорилтуудыг дэвшүүлсэн.
Эдгээр зорилтууд тодорхой хэмжээгээр хэрэгжиж эмэгтэйчүүд бодлого боловсруулах, хууль тогтоох, улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдон ажиллаж ирлээ. Өнөөдөр орон нутгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нарын 16.2 хувь, төлөөлөгчдийн 30.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдын 71.7 хувь нь, улс төрийн албан хаагчдын 22,0 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байсаар ирлээ. Тэдний эзлэх хувийн жин 1992 онд 3.9 хувь, 2000 онд 12 хувь, 2004 онд 6.6 хувь, 2008 онд 3.9 хувьтай байна. Ардчилал шинэчлэлийн үйл явц эхлэхээс өмнөх үед эмэгтэйчүүдийн төрийн байгууллага дахь удирдлагын оролцоо 23-25 хувь байсантай нь харьцуулбал ухралт болсон гэдгийг дээрх үзүүлэлтүүд харуулна.
Дэлхийн улс орнуудын энэхүү асуудлыг шийдвэрлэх үндсэн арга зам нь ардчилсан сонгуулийн тогтолцоо байдаг. Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулганаар “УИХ-ын Сонгуулийн тухай хууль”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-иудыг хэлэлцэх гэж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Эдгээр асуудлаар эмэгтэйчүүд өөрсдийн байр сууриа нэгтгэн илэрхийлэх нь ач холбогдлоо өгнө гэж бодож байна. Монгол хүн бүр ажилтай, тогтмол орлоготой байх нь төр засгийн хамгийн чухал стратегийн зорилтын нэг. Засгийн газар энэ зорилгоор эдийн засгийн өсөлтийг хангах, жижиг дунд үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ.
Манай улс уул уурхайн баялагтаа түшиглэн Оюутолгой, Тавантолгойн зэрэг ордуудыг ашиглаж эхлэх, алт, зэс, төмөр, барилгын материалын томоохон үйлдвэрүүд, авто зам, төмөр замын, эрчим хүчний том сүлжээнүүдийг байгуулах зааг дээр ирээд байна. Эдгээр уул уурхайн баялгаас олсон хөрөнгийг эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийнхээ хөгжилд зарцуулах ёстой. Өнөөдөр бид амьдарч буй эх дэлхийдээ хэрхэн хандаж харьцаж буйгаа эмэгтэйчүүдийн нүдээр харж, өвөг дээдсийнхээ “хүн-байгалийн шүтэлцээг эрхэмлэсэн” гүн гүнзгий уламжлалыг сэргээн хөгжүүлэх цаг тулгараад байна. Үүнд эмэгтэйчүүд та бүхний дуу хоолой, байр суурь чухал нөлөө үзүүлэх учиртай.
Эхчүүд та бид үр хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшил, гэр бүлийн хөгжил, үнэт зүйлсийн талаар зөвхөн ярих төдий биш төрийн бодлогод онцгойлон тусгаж шат дараатай арга хэмжээ авах шаардлагатай болсон. Тиймээс гэр бүл, эмэгтэйчүүд, жендэр, хүүхэд залуучуудын асуудлаар Төрийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах агентлаг бий болгож ажиллуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа энд онцлон дурдъя. Иргэний нийгмийн байгууллагуудын хөгжлийг хангах, идэвхтэй ажиллаж ирсэн эмэгтэйчүүдийн ТББ-уудтай Засгийн газар бүх шатанд хамтран ажиллах болно.
Энэ бодлогын хүрээнд иргэний нийгмийг хөгжүүлэх бодлогын хөтөлбөр, ТББ-дын хуулийг шинэчлэх асуудлыг боловсруулж байна. Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд-Хүний хөгжил” Үндэсний чуулганаар Та бүхэн эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага, улс орны хөгжилд оруулж буй хувь нэмэр, цаашдын зорилтын талаар олон чухал сэдвийг хөндөн ажил хэрэгчээр ярилцаж шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Монгол орныхоо өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй эмэгтэйчүүд Төрийн ордонд хоёр дахь өдрөө чуулж байна. Тэд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Эмэгтэйчүүд-хүний хөгжил” сэдэвт Монголын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны дарга С.Батболд чуулганыг нээж хэлэхдээ “Монгол хүн бүр ажилтай, тогтмол орлоготой байх нь төр засгийн хамгийн чухал стратегийн зорилтын нэг.
МАХНЫ ЯАРМАГ ХУДАЛДААГ УЛИРАЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛНА
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, эрхэмсэг ноён Вэнь Зябао, эрхэмсэг хатагтай ноёд оо,
Монгол Улсын Ерөнхий С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хйих айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газар БНХАУ-ын Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих газартай хамтран “Монгол-Хятадын Худалдаа, Эдийн Засгийн Форум”-ыг 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд манай улсад 16 жилийн дараа, ноён Вэнь Зябогийн хувьд анхны албан ёсны айлчлал юм.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өөрийн ивээл дор зохиогдсон эмзэг бүлгийн болон асрахын хүүхдүүдийн зураг, урлалын үзэсгэлэнг гэргий Х.Отгонтуяа, хүүхдүүдийн хамт үзэж сонирхлоо. Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болсон энэ арга хэмжээнд “Амьдрах ухаан-урлахуйн төв”-ийн хүүхдүүд 500 гаруй бүтээлээ толилууллаа.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд зориулан илгээсэн Ерөнхий сайд С.Батболдын мэндчилгээ
Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн цэрэг, дайчдад зориулсан нөхөн сэргээх цогцолбор төв 2011 онд ашиглалтад орно. Олон улсын цэргийн болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын хувьд тухайн улсын газар нутаг, цаг уурын нөхцөл, ажиллагааны эрсдэлтэй байдал зэрэг нь эрүүл мэнд,сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм төв байгуулах болсон байна.