Ангилал: Uncategorized

  • Казахын ард түмэн Ерөнхий сайдыг аймгийнхаа ойд урилаа

    Казахын ард түмэн Ерөнхий сайдыг аймгийнхаа ойд урилааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Наурызын баярыг угтаж, казах иргэдийн төлөөллийг 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд  хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Сауле болон нийгмийн салбар бүрийн төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “НҮБ-аас Наурызын баярыг Олон улсын баяр болгон зарлаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өнгөрсөн сарын 23-ны шийдвэрээр Наурызын баярыг хүн төрөлхтний халдашгүй соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн.

    Өдөр, шөнө тэнцдэг энэ тэгш сайхан өдрийг казахын ард түмэн Та бүхэн Хаврын баяр болгон тэмдэглэдэг. Энэ сайхан баярын мэндийг Та бүхнээр дамжуулан нийт казах түмэндээ хүргэж аз жаргал сайн сайхныг ерөөе” гэлээ. Өвөлжилт хэдий хүнд хэцүү байгаа ч казах түмэн төр засгийн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой хэмээн чармайн ажиллаж байгааг аймгийн Засаг дарга С.Хавал хэлэв. Тэрээр 2010 онд тэмдэглэн өнгөрүүлэх Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдыг хүрэлцэн очихыг урьсан нутгийн иргэдийн урилгыг гардуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Европын стандартыг Монголд нутагшуулах зорилт тавьсан айлчлал өндөрлөв

    Европын стандартыг Монголд нутагшуулах зорилт тавьсан айлчлал өндөрлөв Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын анхны албан ёсны айлчлал Бүгд Найрамдах Унгар Улсад болж өндөрлөлөө. Тэрээр Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын хурлын дарга Катона Бела, Ерөнхий сайд Байнаи Гордон, Будапешт хотын захирагч Д.Габор, Эгэр хотын засаг дарга Хабиш Ласло зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрлээ.

    Айлчлалын гол зорилго Европын стандартуудыг монголд нутагшуулах, энэ чиглэлээр бодит ойлголцол, тохиролцоонд хүрэхэд чиглэгдэв. БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой хийсэн хэлэлцээрийн үеэр хөндөж ярьсан гол асуудлуудын нэг нь Европын стандартыг Монголд нэвтрүүлэх, үүнтэй холбогдсон туршлагаас суралцах тухай байв. Хоёр Ерөнхий сайд эн тэргүүнд Европын холбоотой байгуулах Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт энэ тухай тусгай заалтыг оруулж, санхүүжилтийнх нь асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллахаар тохиров. Мөн 2011 оноос БНУУ Европын холбоог тэргүүлэх болж байгаа нь энэхүү тохиролцоог урагшлуулахад тус дэмтэй болохыг хоёр тал цохон тэмдэглэлээ. 

    Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Унгар улсад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн даатгалын асуудлаарх зохих хэлэлцээрийг энэ ондоо багтаан шийдвэрлэхээр тохиролцов. БНУУ Улаанбаатар хотод байнгын оршин суух төлөөлөгчөө ажиллуулах мөн Улаанбаатар дахь Европын Холбооны аль нэг гишүүн улсын ЭСЯ-аар дамжуулан виз олгож байх зэрэг томоохон асуудлуудаар айлчлалын хүрээнд ойлголцолд хүрэв. Хоёр улсын худалдааны эргэлтийг бодитойгоор нэмэгдүүлэх, боловсролын салбарт хамтран ажиллах, Улаанбаатарын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, геофизикийн хамтарсан хүрээлэн байгуулах, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөл байгуулах, 25 сая ам. долларын хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлуудыг ярилцан шийдвэрлэхээр боллоо. 

    Унгар улсад ажиллаж, сурч байгаа Монгол иргэдтэй Ерөнхий сайд С.Батболд уулзаж, төр засгийн явуулж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг хоёр орны Засгийн газрын хүрээнд шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлэв. Ерөнхий сайд С.Батболдын айлчлал тусламж, дэмжлэг хүсэхээс илүү чанар шаардлагад нийцсэн стандартын бараа, бүтээгдэхүүн хийдэг арга, технологи шинэ менежмент, ноу-хаугаас суралцах чиглэлийг гол болгосноороо онцлог болж өндөрлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Өвтөш Лорандын их сургуульд зочиллоо

    Өвтөш Лорандын их сургуульд зочиллоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНУУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн их сургуульд зочиллоо. Тэрээр “Монгол-Унгарын соёл, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагаа 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлэв. Уг сургууль нь 70 гаруй жилийн өмнө Монгол судлалын анги нээж хичээллүүлсэн, Б.Ренчин 1956 онд тус сургуульд хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалж, анхны эрдмийн зэрэгтэй нэгэн болсон гэхчлэн онцлог үйл явдлууд нь хоёр орны түүх, соёл, нийгмийн харилцааг өргөтгөн хөгжүүлэх эхлэл болсон. Эдгээр онцлогыг харгалзан уг сургуульд зочилж буйгаа Ерөнхий сайд дурдсан.

    Хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойшхи жаран жилийн хугацаанд Унгар улс Монголд тусламж үзүүлж, бүтээн байгуулалт өрнүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Түүнээс гадна манай улсын 400 гаруй иргэн Унгарт их, дээд сургууль төгссөнийг хамгийн үнэтэй зүйл гэж Ерөнхий сайд С.Батболд цохон тэмдэглэлээ. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол, Унгарын эрдэмтэн судлаачид оролцож хоёр орны түүх, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааны талаар илтгэлүүд тавив.

    Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд БНУУ-ын Эгэр хотын Хэвэш мужид зочилж, хотын Засаг дарга Хабиш Ласло, мужийн захиргааны дарга Шош Тамаш хоёртой уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Унгарын түүхт хоттой танилцах завшаан олдсонд талархал илэрхийлж, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд чухал үүрэгтэйг тэмдэглэв.

    Эгэр хотын боловсролын салбарт зориулж буй хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжил, жижиг дунд үйлдвэрлэл, менежментийн бодлогыг сонирхож монголын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг санал болгов. Мөн аялал жуулчлал, дарс, мөөг, жимс жимсгэний үйлдвэрлэл хөгжсөн тус хотод ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзаж ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Европын стандартыг Монголд нэвтрүүлэхтэй холбогдуулан БНУУ-аас хууль эрх зүйн дэмжлэг авахаар болов

    Европын стандартыг Монголд нэвтрүүлэхтэй холбогдуулан БНУУ-аас хууль эрх зүйн дэмжлэг авахаар болов БНУУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд С.Батболд тус улсын Улсын Хурлын дарга Катона Белатай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн мэндчилгээг уламжилж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч ирснийг дурдав. Энэ бодлогын хүрээнд УИХ-ын байнгын хороодын шугамаар хамтын ажиллагааг эн тэргүүнд идэвхжүүлэх талаар санал солилцлоо.

    Тус улсын Ерөнхий сайд Байнаи Гордон Европын стандартуудыг Монголд нутагшуулах асуудлаар боломжтой дэмжлэг үзүүлэхээр болсон. Тиймээс үүнтэй холбогдуулан хууль эрх зүйн зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн даатгалын асуудлаар хийх хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад анхаарлаа хандуулахыг хүсэлт болголоо.

    БНУУ-ын Хурлын дарга Катона Бела Ерөнхий сайд С.Батболдын тавьсан асуудлуудад дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг илэрхийлэв. Цаашид хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Парламентын үүрэг оролцоо чухал болохыг өгүүлж байнгын хороодыг чиглэлээр нь идэвхтэй ажиллуулахад анхаарахаа илэрхийлэв. Мөн БНУУ 2011 онд Европын холбоог тэргүүлнэ.

    Тухайн үед Европын стандартыг монголд нэвтрүүлэх зэрэг Европын холбоогоор дэмжүүлэх асуудлуудад анхаарч бэлдэхийг чухалчиллаа. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНУУ-ын Хурлын дарга Катона Бела хоёрын албан ёсны уулзалт амжилттай болж, худалдааны эргэлтийг бодитойгоор нэмэгдүүлэх, Европын стандартыг нэвтрүүлэхтэй холбогдуулан хууль эрх зүйн дэмжлэг авах, парламент хоорондын харилцааг өргөжүүлэх, тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нийгмийн даатгалыг шийдвэрлэх зэрэг асуудлаар санал нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Унгарын Ерөнхийлөгч Европын стандартыг монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

    Унгарын Ерөнхийлөгч Европын стандартыг монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч Шойом Ласлод бараалхав. Ерөнхийлөгч Шойом Ласло БНУУ Европын холбооны гишүүн орон болсноос хойш анх удаа Монгол улсын Ерөнхий сайд албан ёсоор айлчилж буйд ач холбогдол өгч хамтын ажиллагааны ирээдүй их байгааг онцлон тэмдэглэв.

    2011 оноос БНУУ Европын холбоог даргална. Тиймээс тухайн үед Европын холбоо, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сайхан боломж бий болж байгааг хэллээ. Мөн БНУУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга байхдаа хууль эрх зүйн туршлагаас хуваалцахаар Монгол Улсад айлчилж байснаа өгүүлж, цаашид уур амьсгал, хөдөө аж ахуй, геофизик, геологийн салбарт хоёр орон хамтран ажиллах ирээдүйтэйг дурдав.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр анхны албан ёсны айлчлалаа Унгараас эхэлж байгаа нь санаандгүй зүйл биш гэлээ. Тэрээр Монголтой адил нийгмийн нэг тогтолцоонд байсан БНУУ нь Европын холбоонд элсэхдээ түүний нөхцөл, шалгуур, стандартыг ханган улс орноо түргэн хурдацтай хөгжүүлж буй бэлэн туршлагыг судалж, өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх зорилт тавьж байгаагаа тайлбарлалаа.

    Хоёр орны хооронд улс төрийн дээд, өндөр түвшинд тогтсон яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр болохыг тэмдэглэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндийг Монгол Улсад айлчлах урилгын хамт уламжлав. Мөн Унгарын хөгжлийн түүхээс суралцах, уул уурхай, экологи, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллах санал гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Унгар улсаас анхны албан ёсны айлчлалаа эхлэв

    Унгар улсаас анхны албан ёсны айлчлалаа эхлэв Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны албан ёсны айлчиллаа Бүгд Найрамдах Унгар Улс /БНУУ/-аас эхэллээ. Айлчлалын хүрээнд С.Батболд БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой уулзлаа. Тэрээр Европын холбооны стандартуудыг бүхий л салбарт хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтоо биелүүлэх үүднээс Европын холбоотой байгуулах “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Европын стандартыг Монголд нэвтрүүлэх тухай тусгай заалт оруулах болсныг мэдээлж, уг асуудлаар Унгар улстай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамгаалах Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжихийг Унгарын талд мөн хүсэлт болголоо.

    Ерөнхий сайд Байнаи Гордон эдгээр саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, ялангуяа 2011 онд БНУУ Европын холбоог тэргүүлэх  хугацаандаа Европын стандартуудыг нутагшуулах зорилт тавьж байгаа монголын саналд дэмжлэг үзүүлж, өөрсдийн мэргэжилтнүүдээ ажиллуулахад бэлэн байгаагаа дурдав. Ерөнхий сайд нарын хэлэлцээний хүрээнд Унгар улсад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, Улаанбаатарын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, геофизикийн хамтарсан хүрээлэн байгуулах, боловсрол, соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөл байгуулах, 25 сая. ам долларын хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлыг ярилцан шийдвэрлэхээр боллоо. 

    Хоёр орны Ерөнхий сайдын уулзалт, хэлэлцээрт Монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Эрдэнэчимэг, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Монгол-Унгарын парламентын бүлгэмийн дарга Р.Буд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар зэрэг албаны хүмүүс оролцов. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордон нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийж айлчлалын ач холбогдол, хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Будапештийн “Алтан түлхүүр”-ийг гардан авлаа

    Будапештийн “Алтан түлхүүр”-ийг гардан авлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Будапешт хотын захирагч Д.Габортой уулзав. Ерөнхий сайд С.Батболд Будапешт хотын дарга, хотын захиргааны ажилтан, нийт оршин суугчдад талархал илэрхийлж хоёр орны нийслэлийн харилцааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Будапешт хотын захирагч Д.Габор Ерөнхий сайд С.Батболдод оршин суугчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, энэ айлчлал нь хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгааг онцлон дурдлаа.

    Уулзалтын үеэр Будапешт хотын дарга Д.Габор хоёр орны хооронд найрамдал харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан ах дүү хотуудын харилцааг билэгдэн Монгол Улсын Ерөнхий сайдад Будапешт хотын “Алтан түлхүүр”-ийг гардуулж өгөв. Ерөнхий сайд С.Батболд Унгарын хөгжлийн туршлагаас суралцах, хоёр орны хамтын ажиллагааг улам өргөтгөх үүд хаалгыг нээх түлхүүрийг гардан авсандаа баяртай байгаагаа илэрхийлэн хотын хүндэт зочны “Алтан дэвтэр”-т сэтгэгдлээ бичиж үлдээв.

    Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Будапешт хотын дарга Д.Габор нар усны чиглэлийн боловсон хүчин бэлтгэх, Биокомбинат орчим үерийн усны далан барих, техник эдийн засгийнх нь үндэслэлийг хийх, соёлын өвийг хамгаалах, иргэдийн хурлын ажиллагааг идэвхижүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав гэж Засгийн газрын  Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болголоо

    Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болголоо Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболдод Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Уоллер бараалхлаа. Уулзалтын үеэр Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг Дэвид Уоллер албан ёсоор мэдэгдэж баяр хүргэв. Ерөнхий сайд С.Батболд ГХ-ны сайд байхдаа энэ саналыг хөндөн тавьж байсан юм. Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болгосноор Олон улсын атомын энергийн агентлаг нь холбогдох санхүүжилтийг хандивлагч орнуудтай хамтран шийдвэрлэх юм байна. Ийнхүү Монгол улсад азийн бүсийн эрүүл мэндийн томоохон загвар төв бий болох боломж бүрдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Канцлер В.Файманнтай уулзлаа

    Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Канцлер В.Файманнтай уулзлаа Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсад хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр тус улсын Холбооны канцлер Вернер Файманнтай уулзаж, Вена хотноо болсон Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тохирсон зүйлсийг бүрэн хэрэгжүүлэхээр тохиролцов.

    Комиссын хуралдааны шийдвэрийн дагуу дулааны цахилгаан станцад нүүрсний утааг механик болон химийн аргаар шүүдэг Австрийн туршлагыг Монголд нэвтрүүлэх, Улаанбаатар хотод хог боловсруулж дулаан гаргах үйлдвэр барих, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шинэчлэх шуудуугүй технологи нэвтрүүлэх, Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, усалгаатай газар тариалангийн загвар аж ахуй байгуулах зэрэг төслийг хэрэгжүүлэхээр болов. 

    Европын Холбооны стандартыг Монголд нэвтрүүлж, нутагшуулах үүднээс тус холбооноос буцалтгүй тусламж авах Монголын хүсэлтийг дэмжихийг Ерөнхий сайд С.Батболд БНАУ-ын Холбооны Канцлер В.Файманнаас хүсэв. Уг стандартуудыг нэвтрүүлэх  манай сонирхолыг Канцлер ойлгон дэмжиж буйгаа илэрхийллээ.

    Ерөнхий сайд С.Батболд боловсролын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаа өргөжих боломжтойг цохон тэмдэглэж, Австрийн Боловсрол, судалгааны салбар дахь олон улсын хамтын ажиллагааны агентлагаас хэрэгжүүлдэг тэтгэлэг, хөтөлбөрүүдэд Монголын оюутнуудыг албан ёсоор хамруулах хүсэлт тавьсан. Энэ саналыг канцлер В.Файманн хүлээн авч боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор эн тэргүүнд Монгол Улсын БСШУ-ны сайдыг Австрид айлчлуулахаар тохиров.

  • Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудлаар Европын холбоотой хамтран ажиллахаар болов

    Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудлаар Европын холбоотой хамтран ажиллахаар болов

    Бүгд Найрамдах Австри Улсад ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд С.Батболд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Перрин де Бришамботой уулзлаа. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь эдийн засгийн салбарт Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудалд ихээхэн анхаарч, Европт бараа бүтээгдэхүүнээ экспортлоход нэлээд бэрхшээлтэй тулгардаг Монгол Улсыг дэмжихээ илэрхийллээ.

    Ерөнхий сайд С.Батболд Ази, Европыг холбосон транзит тээврийг Монголоор дамжуулбал хамгийн дөт замын нэг болохыг дурдаж, энэ чиглэлээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэв. Уг асуудлаар энэ оны тавдугаар сарын 24-26-нд БНЧУ-ын Прага хотноо болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны чуулга уулзалтад Монгол улсаас төлөөлөгч оролцуулахаа мэдэгдлээ.

    Мөн Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудлыг ирэх онд Монгол Улсад болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон Азийн түнш орнуудын ээлжит бага хурлаар хэлэлцэх нэг гол сэдэв болгох саналыг дэвшүүлэв. Транзит тээврийг хөгжүүлэх чиглэлээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, тус байгууллагын гишүүн болон түнш орнуудтай хамтран ажиллах нь далайд гарцгүй манай улсын хувьд Ази, Европын зах зээлийг холбох томоохон боломж бий болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.