Ангилал: Uncategorized

  • Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөл хуралдав

    Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөл хуралдавМянганы Сорилтын Сангийн Удирдах зөвлөлийн хурал 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд, Удирдах зөвлөлийн дарга  С.Батболд хуралдааныг удирдав. Хурлаар Мянганы Сорилтын Сангийн 2009 оны Худалдан авалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, 2010 оны эхний хагас жилийн худалдан авалтын төлөвлөгөөг батласан байна.

    Мөн “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ хийх тухай”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай”, “Олон нийтийн сургалт, сурталчилгааны компанит ажил гүйцэтгэх тухай”, “Машин, механизмын засвар, үйлчилгээний багш бэлтгэх туршилтын төсөл хэрэгжүүлэх тухай” гэрээтэй танилцав. Мөн хурлаар П.Батсайханыг Замын төслийн, С.Мангалыг Эрчим хүч, хүрээлэн буй орчны төслийн, П.Баярмагнайг Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирлаар тус тус томилов

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010.02.24

    Монгол Улсын Засгийн газрын 12-р хуралдаан болж УИХ-ын зарим гишүүний санаачлан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргав.

    –    Улсын Их хурлын гишүүн Э.Мөнх-Очир, Р.Амаржаргал нарын санаачлан боловсруулсан “Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд хуулийн төслийг бүхэлд нь дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагч нарт уламжлахаар тогтов.

    –    Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Л.Гантөмөр нарын санаачлан боловсруулсан Төрийн аудитын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчдад уламжлахаар болов.

    –    Улсын Их хурлын гишүүн Н.Ганбямба, Н.Энхболд, Я.Батсуурь, Д.Дондог, Ц.Сэдваанчиг нарын санаачлан боловсруулсан “Өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган хууль санаачлагч нарт уламжлахаар тогтов.

    –    Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    –    Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Оюуны өмчийн хувьд мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хөгжил, олон улсын чиг хандлагад нийцсэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” зорилтыг хэрэгжүүлэх шаардлагын дагуу “Барааны тэмдгийн хуулийн тухай” Сингапурын гэрээнд нэгдэн орохыг соёрхон батлуулахаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

    ТОВЧХОН:

    –    2010 оны 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын III хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, комиссын Монголын хэсгийн дарга Х.Баттулгад даалгалаа.

    –    Компьютерийн кирилл ба монгол үсгийн нэгдсэн кодын MNS 5552:2005 стандартыг төрийн байгууллагын албан хэрэгт мөрдүүлэхээр шийдэв. 

    –    Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2009 оны жилийн эцсийн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын болон Байнгын хороодын тогтоол, Засгийн газрын шийдвэрийн заалт, арга хэмжээ бүрийг хяналтад авч, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, биелэлтийг тогтоосон хугацаанд нь бодитойгоор тайлагнах, 2009 оны эцсийн байдлаар тасарсан болон хэрэгжилт нь удааширч байгаа асуудлыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сайд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    –    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 3 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагч талын зардлаар ажлын айлчлал хийхийг зөвшөөрөв.

    –    Төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс оруулсан төрийн захиргааны нэр бүхий албан хаагчдад төрийн захиргааны тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн төрийн захиргааны нэр бүхий албан хаагчдад эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгох тухай асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.

    –    Мал өвөлжилтийн нөхцөл байдал онц хүндэрсэнтэй холбогдуулан хөрш орон, олон улсын байгууллагаас ирүүлсэн тусламжийн зарим бараа, материалыг хуваарилах талаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан тусламжийн бараа, материалыг тухайн зориулалтынх нь дагуу өвөлжилт хүндэрсэн аймгуудад хуваарилахыг зөвшөөрч, тээвэрлэлт, зарцуулалтад  хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод даалгав.

    –    Засгийн газрын хэрэгжүүлэгч Автотээврийн газрын балансад бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 20 айлын орон сууцыг сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүйгээр хувьчлах болов.

    Томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг сонсов

    2 дугаар сарын 17-18-наас энэ өвчин хөдөө аймгуудад дэгдэлт байдлаар илэрч эхэлсэн байна. Нийслэлийн хэмжээнд 2 дугаар сарын 22-нд 1174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 322 хүүхэд шинээр хэвтэж, 302 хүүхэд эдгэрч гарсан байна. 23-ны өдөр 235 хүүхэд шинээр хэвтэж 126 хүүхэд эдгэрч гарчээ. Томуу, томуу төст өвчин 2 сараас 2 хүртэлх насны хүүхэд хатгалгаа байдлаар хүндрэх хандлагатай байна. Дүүрэг, аймгуудын нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал хэт ихэсч, өрхийн эмнэлгүүд ердийнхөөс 4 дахин илүү ачаалалтай болж нэг оронд 3 хүүхэд ноогдож байна.
    Жич: 

    Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны төгсгөлд нийслэлийн амаржих газруудад гараад байгаа өнөөгийн хүндрэлтэй байдлын талаар мэдээлэл бэлтгэн зохих албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлаар ирэх баасан гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    Томилгоо

    Азадын Баатарцогтыг Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилов.
    А.Баатарцогт 1957 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

    – 1975 онд дунд сургууль
    – 1975-1980 онд Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль
    – 1988-1991 онд Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академи
    – Москва хотноо цэргийн дээд курс, Англи Улсад хэлний курс тус тус төгссөн.
    – Оператив-тактикийн цэргийн командын мэргэжилтэй. Хошууч генерал цолтой.
    – 1980-1985 онд хилийн дугаар ангид хилийн албаны тасгийн туслах, тасгийн дарга
    – 1985-1988 онд Хилийн ба ДЦУЕГ-ын штабт чиглэлийн дарга, тасгийн дарга, штабын дарга
    – 1991-1998 онд УАБХЕГ-ын Хилийн цэргийн штабт ахлах офицер, хэлтсийн дарга
    – 1998-2004 онд Москва дахь ЭСЯ-нд хилийн албаны төлөөлөгч, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга
    – 2004-2009 онд Хил хамгаалах ерөнхий газарт дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан. Төрийн албанд 29 жил, Дипломат албанд 6 жил ажилласан юм.

  • Ерөнхий сайд оюутны хотхоны төсөл зохиох ажлын хэсэг байгуулах үүрэг өглөө

    Ерөнхий сайд оюутны хотхоны төсөл зохиох ажлын хэсэг байгуулах үүрэг өглөө Засгийн газраас төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэн оюутны хотхон байгуулах замаар боловсролын шинэчлэлийг эхлүүлэх  тухай шийдвэр гаргасан билээ. Энэ арга хэмжээний хүрээнд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Оюутны хотхон байгуулах асуудлаар холбогдох албаны хүмүүс зөвлөлдлөө. Зөвлөгөөнийг Ерөнхий сайд С.Батболд удирдав. Тэрбээр зөвлөгөөнд оролцогчдод хандаж “Боловсролын салбарын шинэчлэлийг хийхдээ их, дээд сургуулийн шинэчлэлийг яаж, ямар арга замаар оновчтой хийх талаар санал солилцохоор цуглараад байна.

    Их, дээд сургуулийн шинэчлэлийн гол зарчим нь сургалт, түүний чанарын асуудал байх ёстой. 40 сургуулийг 6 болгон цөөрүүлснээр шинэчлэл хийгдэнэ хэмээн үзэж болохгүй. Гол нь чанарын хойноос хөөцөлдөх нь энэ шинэчлэлийн зорилго юм. Оюутнууд төгсөхдөө ажлын байртай, тэр ажлынхаа байранд тэнцэх боловсрол дадлагатай, ажлын шаардлага хангах хэмжээнд хүрсэн  байх нь чухал.

    Ийм түвшинд хүргэхийн тулд дараах асуудалд анхаарах хэрэгтэй. Үүнд:
    •    Оюутны хотхон байгуулна гэдэг нь зөвхөн байр, газрыг нь шийдэхасуудал биш, сургалтыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлтэй холбох нөхцөлбололцоогоор хангагдсан байх.
    •    Хотхоны байршил, бүтцийг оновчтой тогтоох нь чухал. Хотхон хотоо тойроод таруу байх уу, нэг дорцогц байдлаар байгуулагдах уу гэдгийг эдийн засаг, экологи, хотынболомжтой уялдуулан судлах.
    •    Ингэсний дараа хотхоны дэд бүтцийг байгуулах судалгаа, тэр нь хэр хэрэгжих магадлалтайг тогтоох.
    •    Хөрөнгөө яаж олох арга боломжоо эрж хайх.
    •    Одоо амьдарч байгаа байруудаа хэрхэн, ямар хэлбэрээр үр ашигтай ашиглах боломжийг судлах.
    •    Эцэст нь шинэ хотхон бүх талын стандартыг хангасан байх.
    •   Байгаль орчны нөлөө, хотын утаа, агаарын бохирдол зэргийг зайлшгүйхаргалзах зэрэг шаардлага, шалгуурыг хангасан байх хэрэгтэй юм.

    Энэ бүхнийг харгалзсан иж бүрэн төсөл боловсруулах хэрэгтэй байна. Иймээс энэ ажлыг эрхлэх Ажлын хэсэг байгуулан ажиллахыг даалгаж байнагэлээ. Ажлын хэсгийг шуурхай ажиллан төслөө боловсруулж  ойрынхугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулах  үүрэг өглөө. Зөвлөгөөнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УМХЕГ-ындарга Я.Содбаатар нар эрхэлсэн ажлынхаа чиглэлээр мэдээлэл хийлээ. ОдоогоорБуянт-Ухаа болон  ШУТИС-ийн оюутны хотхон гэсэн хоёр зураг төсөлболовсруулан техник, эдийн засгийн үндэслэлийг нь тооцоолоод байгаа юм байна

  • Монголын стандартын хоцрогдол, шинэчлэлийн талаар ярилцав

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны нэгдүгээр сарын 18-нд УМХЕГ-ын албан хаагчидтай уулзахдаа Европын орнууд шинэ стандартыг нутагшуулж амжилтад хүрсэн түүхийг судалж хэрэгжүүлэх хэрэгтэйг дурдаад эдгээр орноос туршлага судлах чиглэлээр ГХЯ, Гадаад харилцааны сайдтай хамтарч захидал илгээх, ажил хэрэг болгохыг үүрэг болгосон юм. Энэ ажлынхаа хүрээнд Монгол Улсад стандартыг хөгжүүлэх талаар 2010 оны 2-р сарын 23-ны өдөр зөвлөлдөх уулзалт хийв.

    Уулзалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Стандартчилал, хэмжилзүйн газар, УМХЕГ, МҮХАҮТ-ын удирдах бүрэлдэхүүн,  мэргэжлийн болон холбогдох байгууллага, бизнесийн салбарын төлөөллийг хамарсан өргөн бүрэлдэхүүн оролцлоо. Ерөнхий сайд уулзалтад оролцож байгаа бүрэлдэхүүнд хандаж “Монгол Улсад  одоогоор нэн тэргүүнд анхаарлаа хандуулах шаардлагатай олон салбар байгаагийн нэг нь стандартын шинэчлэл юм хэмээн би үзэж байна. Ийм учраас Европын стандартыг эх орондоо нутагшуулж, Монгол Улсад стандартыг хөгжүүлэх, олон улсын шинэ стандартын жишгээр сэтгэж, ажиллаж амьдрах арга замын талаар зөвлөлдөн санал бодлоо солилцохоор Та бүхнийг урьсан юм.       

    Та бүхэн стандартын өнөөгийн байдал, шинэчлэх шаардлага, арга замын талаар тун тодорхой ярьж, бас оновчтой санал санаачлага гаргаж байгаа нь энэ асуудал анхаарал татсан, тулгамдсан асуудал болжээ гэдэгт бидний санал нэгдэж буйг харуулж байна. Аливаа ажил хэрэг, үйл ажиллагаа нь хэм хэмжээтэй, тоглоомын дүрэм нь ойлгомжтой болж байж л тоглолт хийгдэх нь мэдээж. Стандарт бол чухамдаа хөгжлийн тулгуур, хөшүүрэг нь юм хэмээн хэлж болно. Бас өрсөлдөх чадварын том үзүүлэлт, үндэсний аюулгүй байдлын асуудал мөн.

    Манай үндэсний стандартууд үйлдвэрлэгч, хэрэглэгч, олон улсын зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа нь шинэчлэл хийхийг шаардаж байгаа гол шаардлага юм. Стандартыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хянах ажил хоцрогдсон нь үйл ажиллагааг тодорхойгүй болгож, сөрөг үр дагаврыг үүсгээд байна. Стандартыг шинэчлэх үйл явцыг Засгийн газар дангаараа шийдвэрлэж амжихгүй. Үүнд мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагаас эхлээд үйлдвэрлэгчид, бизнесийн салбарынхан, иргэдийн хамтын хүчин чармайлт, бүх нийтийн оролцоо хэрэгтэй юм.

    Бүгдээрээ хамтран одоогийн стандартаас  авах, гээхийн ухааныг хослуулан шинэчлэл хийх нь гол зорилт боллоо. Стандарт зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээдэг тогтолцоо алдагдсан нь олон үйл явдлаар батлагдлаа. Хүмүүс архинд, хүүхэд хоолонд хордож байхад стандартынхан ямар ч хариуцлага хуваалцсангүй өнгөрлөө. Түүнчлэн стандартуудаар дарамталдаг, Стандартчилал хэмжилзүйн газрынхан стандартуудаар бизнес хийж мөнгө олох хэрэгсэл болгодог гэсэн шүүмжлэл их байгаагаас гадна авилгад өртөх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ бол хамгийн хариуцлагагүй үйлдэл учраас цогцоор нь авч үзэн шийдвэрлэх шаардлагатай байна.

    Цаашид хүний хөгжил, өрсөлдөх чадвар, амьдрах орчныг сайжруулах, төрийн алба, үйлчилгээний стандартыг боловсронгуй болгох, Европын холбоо, Болгар зэрэг орны стандартыг судлан нэвтрүүлэх чиглэлээр ажиллах стандартуудад хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоодын санал хүсэлтийг тусгадаг тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй юм. Иймээс Монгол Улсад  стандартыг хөгжүүлэх талаар бодлого боловсруулах чиглэлээр Ажлын хэсэг байгуулах үүрэг өгч байна гэлээ. Уулзалтад оролцогчид санал бодлоо ярилаа

  • “Төв азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор” байгуулна

    “Төв азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор” байгуулнаШинжлэх ухааны академи /ШУА/-ийн удирдлагууд 2010 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор”-ын төслийн талаар танилцууллаа. Уг цогцолбор нь хотын 0 цэгээс 40 км, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас засмал замаар 24 км, Хөшигтийн хөндийд баригдах шинэ онгоцны буудлаас 30 км-ийн зайд байрлалтай. Палеонтологийн музей, Хүннү судлалын музей, ХХ зууны монголчууд-Галерей, Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв музей, Эзэн Чингисийн музей, соёлын музей, спортын талбай, автомашины гараж, зогсоол, үйлчилгээний төв, захиргааны барилга, зочид буудал зэрэг 11 байгууламжтай байх юм.

    “Энэ цогцолбор бий болсноор гадаадын төдийгүй дотоодын аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бүрдэнэ. Монгол судлал, ялангуяа, хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн эзлэх байр суурийг судлахад үнэтэй хувь нэмэр оруулах судалгаа шинжилгээний маш том төв байх болно” гэж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин онцоллоо.  Түүх, соёлын том, сайхан төв байгуулах санал, санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийлээд музейд дэлгэн харуулах соёлын өв, үзмэрүүд улсын хамгаалалтад байх учиртай. Иймээс төр, засаг тодорхой дэмжлэг үзүүлнэ гэв. Тэрбээр “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор” хувьцаат компани байгуулж Хөрөнгийн биржид хувьцааг нь арилжих боломжийг судлахыг ШУА-ийн удирдлагуудад зөвлөлөө.

    2011 онд төв Азид нүүдэлчдийн анхны төр улс байгуулагдсаны 2220 жил, 2012 онд Эзэн богд Чингис хааны сүүдэр тохиосны 850 жилийн ой тохиох юм. “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор”-ын эхний шатны ажлыг 2010-2012 онд, хоёрдугаар шатыг 2013-2015 онд гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ

  • Монгол улсын Ерөнхий сайд “Оны алдартан” өргөмжлөлөө гардлаа

    Монгол улсын Ерөнхий сайд “Оны алдартан” өргөмжлөлөө гардлааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сониноос жил бүр шалгаруулдаг “Оны алдартан”-аар тодорлоо. Тус сонин нь энэхүү арга хэмжээг есөн жилийн тэртээх могой жил тухайн онд ажил үйлс, алдар гавьяагаараа монгол түмнээ манлайлсан хүмүүсийг олны танил эрхмүүдийн саналаар тодруулж эхэлснээс хойш энэ жил ес дэх жилдээ, есөн алдартнаа шалгаруулсан юм. “Харшлалт” хэмээх шороон үхэр жилийн алдартнуудыг нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон 100 эрхмийн саналаар тодруулахад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг айргийн тавд нэрлэжээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шороон үхэр жилийн “Есөн алдартан”-д өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагааны үеэр,
    “Үхэр жилийн есөн алдартны нэг болсондоо баяртай байна. Нэр хүндийн хэрэг боллоо. Надад том хариуцлага үүрүүллээ гэж  хүлээж авч байна. Миний төлөө санал өгсөн хүмүүст талархаж буйгаа илэрхийлье. Улиран одож буй шороон үхэр жилд  Засгийн газар багагүй ажлыг хийсэн. Төмөр бар жилдээ   ажлаа үргэлжлүүлж, Монгол Улс, ард түмнийхээ төлөө бодитой зүйлийг хийж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

    2010 оныг Засгийн газар Бизнесийн шинэтгэлийн жил болгож зарлалаа. Манай оронд иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, улс орныхоо хөгжлийг сайжруулах стратегийн ордууд бий.  Эдгээр ордыг ашиглах төсөл хэрэгжүүлэхдээ ард түмнийхээ ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих болно. Ашигт малтмал, стратегийн ордуудаас олсон ашгийн дээжээс  “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан бар жилийн босгон дээр иргэддээ түгээж эхэллээ. Одоохондоо бэлэн мөнгө түгээж байна. Цаашдаа эмнэлэг, боловсролын салбар болон орон сууц, даатгал, хадгаламжийн хэлбэрээр түгээх зорилт тавин ажиллаж байна. 

    Ингэснээр иргэд хувь хишгээ өөрийн хүссэн хэлбэрээр авах сонголтыг бий болгож өгч байгаа юм. “Өнөөдөр” сониноор дамжуулан нийт монголчууддаа төмөр барс жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.   

    “Оны алдартан“ өргөмжлөлд “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танаа
    Монголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх 100 эрхмийн саналаар XVII жарны харшлалт хэмээх шороон үхэр жилийн 9 алдартны нэгээр тодорсон танд энэхүү өргөмжлөлийг өргөн барив. Монгол түмнээ манлайлсан таны хичээл зүтгэл хөдөлмөр бүтээл, амжилт ололт үеийн үед монгол түмний дээдлэх алдар дуурсах бахархал болох болтугай. Танд цог хийморь аз жаргалыг ерөөе. “Өнөөдөр” сонин 2010 оны 2 сарын 13 Улаанбаатар хот” гэжээ.

    Шороон үхэр жилийн алдартнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр, Жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Боксын дэлхийн аварга П.Сэрдамба, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ДБЭТ-ын дуучин С.Мөнгөнцэцэг, Сүмогийн их аварга Д.Дагвадорж, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар тус сонины ес дэх удаагийн “Есөн алдартан”-аар тодорч өргөмжлөлөө гардлаа

  • Ерөнхий сайд ахмад дайчин М.Лашид гуайтай золгов

    Ерөнхий сайд ахмад дайчин М.Лашид гуайтай золговЦагаан сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Говь-Алтай аймгийн уугуул, ахмад дайчин М.Лашид гуайнд очин амар мэндийг нь эрж золгов. М.Лашид гуай 8 хүүхэд, ач зээ нийлсэн 30 гаруй хүүхэдтэй болж өдгөө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд энх тунх амьдарч байна. Тэрбээр 1939,1945 оны дайнд оролцон, Говь-Алтай аймагтаа сум, нэгдлийн дарга, Гаалийн хорооны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явжээ.

    Ерөнхий сайд С.Батболд өндөр настан М.Лашид гуайтай улс орны хөгжил, цаг үе, өвөлжилтийн байдлын талаар халуун дулаан яриа өрнүүлж гарын бэлгээ гардууллаа. Засгийн газар улс орны хөгжлийг урагшлуулах томоохон ажлыг гүйцэлдүүлэхээр зүтгэж байгааг М.Лашид гуай үнэлж зоригтой ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ. Тэрбээр өндөр насыг нь хүндэтгэн шинийн нэгний өглөө ирсэнд нь талархаж Ерөнхий сайдад “Орчлонгийн уран барилгууд” нэртэй ном дурсгасан байна.

  • С.Батболдын Засгийн газрын 100 хоног хөгжлийн гараанд хөтөлж чадсан уу?

    С.Батболд: Иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажиллана 100 хоног. Энэ бол ердөө 3 сар, дээр нь ганц 7 хоног. Хүлээсэн, гиюүрсэн хүнд урт мэт боловч зорьсон, яарсан хүнд бас бага хугацаа. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар 46 насандаа томилогдсон Сүхбаатарын Батболд Засгийн газрыг тэргүүлээд 100 хонож байна. Хамтарсан Засгийн газрын шинэ тэргүүн “БИД ХАМТДАА ЧАДНА” гэж ажлынхаа гараан дээр мэдэгдсэн юм. Өнгөрсөн 100 хоногт хамтдаа юу амжуулсныг сонирхъё.
     
    1 хоног. Сүхбаатарын Батболд Монгол улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдож УИХ-д “Бид хамтдаа чадна” гэж хэлсэн. Тэрээр Монгол хүн бүрийг ажилтай, боловсролтой, эрүүл болгох, төрийг ард иргэддээ ойрхон байлгах, улс орныхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөгжлийн хурдаа нэмэх, олон улсын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэх, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх талаар шинэ үзэл санаа дэвшүүлж ХҮНИЙ ХӨГЖИЛ-д анхаарсан, улс орныхоо эдийн засгийг сайжруулсан Ерөнхий сайд байхаа тэмдэглэсэн юм. 
     
    2 хоног. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ХБНГУ-ын Холбооны Канцлер  Ангела Меркел, Япон Улсын Ерөнхий сайд Хатояма Юкио, БНСУ-ын Ерөнхий сайд Жон Үн Чан, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Гордон Браун, БНЭУ-ын Ерөнхий сайд Манмохан Сингх зэрэг  олон удирдагчдаас амжилттай ажиллахыг хүссэн талархлын цахилгаан хүлээн авав. 
     
    9 хоног. Монголыг ТАВАНТОЛГОЙ, ОЮУТОЛГОЙ-гоос илүү МОНГОЛ ТОЛГОЙ хөгжүүлнэ гэсэн үгээ боловсролын салбарынханд хандаж хэлэв. 
     
    9 хоног. Дэлхийн түвшинд өрсөлдөх боловсролыг эх орондоо бий болгох, боловсролын салбарт КЕМБРИЖИЙН СТАНДАРТЫГ нэвтрүүлэх зорилт тавьснаа олон нийтэд зарлав.  
     
    9 хоног. Их дээд сургуулийн тоог цөөлж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, их дээд сургуулийг хотоос нүүлгэж кампус хэлбэрээр хөгжүүлэхээ илэрхийлэв.  
     
    9 хоног. Төрийн сангийн зардлаар гадаадад ар өврийн хаалгаар биш ард түмний хүүхдийг явуулдаг болох нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ хавраас эхэлж зарлахыг үүрэг болгов.  
     
    21 хоног. Ард иргэддээ хувь, хишиг хүртээх, халамжийн давхардсан тогтолцоог өөрчлөх зорилгоор “ХҮНИЙ ХӨГЖИЛ САН”-гийн тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулав. 
     
    26 хоног. Монголын нэрийн хуудас болох “МОНГОЛ ЭРДЭС”, “МОНГОЛ ЭРЧИМ”, “МОНГОЛ ДЭД БҮТЭЦ” компаниудыг байгуулж олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах шинэ санаачилга гаргалаа  
     
    32 хоног. Хөдөө орон нутгийн анхны томилолтоороо өвөлжилт хүндэрсэн Төв, Дундговь аймагт ажиллаж эрчимжсэн мал аж ахуйн шинэ стандартыг нэвтрүүлэх, орон нутгийн удирдлагуудтай хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлэх, отрын бүс нутгийг байгуулах, малчдын эрүүл мэндийг хамгаалах байр сууриа илэрхийлж тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. 
     
    34 хоног. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ гэж томъёолж, улс орынхоо баялгийг монголчууд өөрсдөө дэлхийн зах зээлд гаргадаг болох зорилт дэвшүүллээ.
     
    34 хоног. Төрийн мэдлийн компаниудыг ашигтай ажиллуулахын тулд удирдлагыг нь улс төрийн биш бизнесийн агуулгаар томилох, компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх талаар байр сууриа илэрхийлэв. 
     
    40 хоног. НОГООН ЭДИЙН ЗАСАГ-ийг хөгжүүлэх, “НОГООН ЗӨВШӨӨРӨЛ”, “НОГООН ТАМГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж ажлыг нь эхлүүлэв.  
     
    43 хоног. Ардчилсан өөрчлөлтийн 20 жилийн ойд зориулсан хуралд оролцож ардчиллыг ТОГТОЛЦООНЫХ нь хувьд бэхжүүлэх, ардчиллыг олон улсын нийтлэг жишгээр хөгжүүлэх, ардчилсан тогтолцоог нийтэд ижил тэгш үйлчилдэг хэм хэмжээ, үйл явцаар баталгаажуулах, иргэний нийгмийн төлөвшлийг дэмжих саналууд гаргав. 
     
    43 хоног. АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын 188 сая ам долларын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхийг шийдвэрлэснээ олон нийтэд зарлав. 
     
    45 хоног.  Төмөр замын сүлжээг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэн батлуулах үүрэг өглөө. 
     
    46 хоног. Халх голын бүс нутагт “Атрын IV аян”-ыг эхлүүлэх,  МАХ СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙГ 21 аймагт барьж байгуулан ашиглалтад оруулах зорилтыг дэвшүүлэв. 
     
    47 хоног. Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг ард түмнээ алагчилж ялгаварладаггүй, дуу хоолойг нь сонсдог, аливаа халамж үйлчилгээг хүрэх ёстой эзэнд хүргэдэг байхыг үүрэг болголоо.
     
    48 хоног. Бизнес, хувийн хэвшлийнхэнтэй уулзаж IPO хийх, эдийн засгийг дархлаажуулах, компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийг боловсруулах, гадаадад сурч боловсрол, мэргэжил эзэмшсэн иргэдээ эргэн ирж ажиллаж амьдрах орчинг төр хувийн хэвшлийнхэн хамтран бүрдүүлэхийг эхлүүлэв.  
     
    52 хоног. Ураны ордуудыг ашиглалтанд оруулахын тулд олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүгийн тодорхой эх үүсвэрийг бий болгох санал гаргаж арга хэмжээ авч эхлэв. 
     
    54 хоног. Орон нутгийн удирдлагад төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдлийг олгох, ТЕНДЕРИЙН хууль эрх зүйн орчинг өөрчилж ил тод, шударга, хөндлөнгийн хяналттай болгох санал гаргаж төсвийн шинэчлэлийг эхлүүлэв.
     
    61 хоног. Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг ЦОГЦООР нь хийх, хувь хүн гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж Улаанбаатарын эмнэлгүүдийн тогтолцоог эргэж харахаа мэдэгдэв. 
     
    61 хоног. Эрүүл мэндийн салбарт зарцуулагдах ихээхэн хэмжээний мөнгө гадаад урсгалтай болсныг зогсоохын тулд эрүүл мэндийн салбарыг олон улсын стандартад нийцүүлэх үүрэг өглөө. 
     
    63 хоног. 2010 оныг “БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЖИЛ” болгон зарлав. 
     
    70 хоног. Иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулах, бүртгэлийн тогтолцоог сайжруулах асуудлыг эхлүүлэв. 
     
    71 хоног. Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг түшиглэн байгуулах компаниудыг олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах, эдийн засагт ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн өмчит компанийн үйл ажиллагааг сайжруулах,  гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар батлуулав.  
     
    75 хоног. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын ажлын хэсэг ажиллуулж, өвс тэжээлийн үнийг бууруулах шийдвэр гаргаж хэрэгжүүлэв.
     
    76 хоног. Төсвийн шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлогынхоо хүрээнд “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн төслийг санаачилж УИХ-д өргөн барив. 
     
    77 хоног. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах үүрэг өглөө. 
     
    79 хоног. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар олон нийтээс нээлттэй санал авч шийдвэрлэдэг байх журам тогтоов. 
       
    82 хоног. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг нэвтрүүлж хяналт шалгалтын үр дүнтэй тогтолцоог бий болгохыг үүрэг болголоо.
     
    82 хоног. Олон улсын стандартыг нэвтрүүлнэ гэсэн байр суурийнхаа дагуу Болгар, Унгар зэрэг Европын орны шинэ стандартыг нутагшуулж амжилтад хүрсэн түүхийг судалж хэрэгжүүлэх чиглэлээр Гадаад харилцааны сайдтай хамтарч захидал илгээх, ажил хэрэг болгохыг Мэргэжлийн хяналтынханд үүрэг болгов. 
     
    82 хоног. Монголын Силикон Ваалий буюу мэдээллийн технологийн парк  ЦАХИУРАН ХӨНДИЙГ байгуулах санаачилга гаргаж хэрэгжүүлэх чиглэл өгөв.
     
    82 хоног. Бүх төрлийн ярианы үйлчилгээг газар зүйн байрлалаас үл хамаарсан үнэ тарифтай болгов.
     
    82 хоног.  Интернетийн үйлчилгээг бүх нийтийн хүртээл болгох зорилгоор үнэ тарифыг 4 дахин хямдруулах шийдвэр гаргав.
     
    84 хоног. Төрийн төрийн өмчийн 42 их, дээд сургуулийг 16 болгож боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэв. 
     
    89 хоног. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн тулд “УТААГҮЙ УЛААНБААТАР” хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа. 
     
    90 хоног. АНУ-ын их, дээд сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх санаачилга гаргаж Фулбрайтын хөтөлбөрийг өргөжүүлж 50:50 хувийн санхүүжилттэй тэтгэлгийн хамтарсан сан байгуулав. 
     
    90 хоног.  Томоохон эмнэлгүүдийн дэргэд хөдөөний иргэд болон өвчтөн амьдрах орон байр гаргах, шинээр баригдах эмнэлгүүдэд дээрх стандартыг хэвшүүлэхийг холбогдох хүмүүст нь үүрэг болголоо. 
     
    91 хоног. Малын тоо толгой өссөн ч малчдын орлого нэмэгдэхгүй байгаа, өвөлжилтийн хүндрэл, мал аж ахуйн салбарт эргэлтийн шинжтэй бодлого явуулах ёстойг онцолж УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан “МОНГОЛ МАЛ” үндэсний хөтөлбөрийг дэмжлээ. 
     
    96 хоног. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслах “Малчин түмэндээ тусалцгаая” хандивын аяныг Засгийн газраас зохион байгуулж 1 тэрбум 404 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал цуглуулж эхний удаа 150 машин буюу 250 тэвш тусламжийн бараа бүтээгдэхүүн орон нутагт хүргүүлэхээр гаргаж өгөв.  
     
    97 хоног. ТАВАНТОЛГОЙН орд газрыг 100 ХУВЬ төрийн өмчлөлд байлгаж гадны хөрөнгө оруулагчдыг гэрээгээр ажиллуулах санаачилга гаргав. 
     
    98 хоног. “ХҮНИЙ ХӨГЖИЛ САН”-гаас иргэн бүртээ эхний ээлжинд 70.000 төгрөг олгож, ард түмэндээ байгалийн баялгаас хишиг, хувь хүртээх МАХН, АН-ын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлж эхлүүлэв. 
     
    100 хоног. “Монголын эдийн засгийн форум”-ыг анх удаа санаачлан зохион байгуулж уул уурхай, хөрөнгийн зах зээл, улс орны өрсөлдөх чадвар, бүртгэлийн тогтолцоо, байгаль орчин “ногоон эдийн засаг”, төсвийн шинэчлэлийн асуудлаар олон талын оролцоог хангасан нээлттэй хэлэлцүүлэг явуулав. 
     
    “Бид хамтдаа чадна” гэж ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгэм, Засгийн газрын гишүүдээ бүтээн босголтод дуудсан Засгийн газрын 100 өдрийн ажлын заримаас дурдвал ийм байна. Уриа, яриа, улс төрийн хийрхэл бус бүтээлч санаачилга, бодит ажил ундарсан 100 хоног ард хоцорчээ. Эхлүүлсэн, санаачилсан ажил болгоны эцсийн үр дүнг ард олонд хүргэхийн тулд нэг хоног ч үнэтэй…

  • Ерөнхий сайд С.Батболд гадаадын сэтгүүлчидтэй уулзав

    Ерөнхий сайд С.Батболд гадаадын сэтгүүлчидтэй уулзавЕрөнхий сайд С.Батболд “Доу Жоунс” агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Хөрөнгийн биржээ менежментийн хувьд сайжруулах, олон улсын стандартад нийцүүлэх бэлтгэл ажил хийх болно. Үүний тулд тендер зарлаж, бидний шаардлагад нийцэх гадаадын мэргэжилтнүүд, банкируудаас бүрдсэн өндөр чадвар бүхий багыг бүрдүүлэх юм. Цаашдаа олон улсын хөрөнгийн биржид ашигт малтмалын, дэд бүтцийн болон энергийн нөөцөөрөө гарах болно. Ашигт малтмал, стратегийн ордуудаас олсон ашгийг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэдэд түгээж эхэллээ.

    Одоогоор бэлэн мөнгөөр түгээж байна. Цаашдаа эмнэлэг, боловсролын салбар болон орон сууц,даатгал, хадгаламжийн хэлбэрээр түгээх зорилт тавин ажиллаж байна.  Энэ нь иргэдэд хувь хишгээ өөрийн хүссэн хэлбэрээр авах сонголтыг бий болгож өгөх юм” гэж хариуллаа. Түүнчлэн “Манай орон голцуу түүхий эд нийлүүлдэг орон. Байгалийн нөөцөөс олж байгаа ашгийн нэгээхэн хэсгийг боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулах төлөвлөгөөтэй байна. Түүхий эдийг боловсруулах шатанд хүрч чадсанаар иргэд ажлын байрны болон хөрөнгө мөнгөний дутагдалгүй болох зэрэг олон ашигтай талууд бий болох юм” хэмээв.

      –Хөрөнгийн эх үүсвэрээ зөв тодорхойлох нь чухал–

    Ерөнхий сайд С.Батболд “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөв. Монголд анх удаа болж байгаа эдийн засгийн чуулган болон уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар сурвалжлагч асууж хариулт авлаа. Эдийн засгийн чуулганы үеэр үндэсний хөгжлийн асуудлаар төр, засаг, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн гээд бүх талын төлөөлөл хамтарч илэн далангүй ярилцаж байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. 

    1997 онд “Ашигт малтмалын тухай хууль” батлагдсан. Гэвч энэ хуулиар гадаадынханд давуу эрх олгож  монголчуудын эрх ашиг хохирсон гэсэн шүүмжлэл гарснаас тал талын эрх ашгийг тэнцвэржүүлэх, ил тод, ойлгомжтой байх, тогтвортой, шударга орчинг бий болгохыг зорьж байна. Гадаадынхан Монгол Улсын байгалийн баялгийг ашиглан олон улсын хөрөнгийн зах зээл дээр 20 тэрбум ам.долларыг босгосон. Харин одоо монголчууд өөрсдөө дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлд гарч мөнгө босгох хэрэгтэй. Бид гадны улс орнуудаас техникийн туслалцаа, зөвлөгөө авч богино хугацаанд амжилтад хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байна. Хөрөнгийн эх үүсвэрээ зөв тодруулж бодит хөрөнгө хуримтлуулах нь чухал юм гэв.

    — Ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина–

    Ерөнхий сайд С.Батболд Блүмберг агентлагийн сурвалжлагчид ярилцлага өглөө. Сурвалжлагч байгалийн нөөц баялгаа дэмий сүйтгэж ирсэн олон улс орон түүхэнд байдгийг дурьдаад, Монгол Улс чухам ямар замаар амжилтад хүрэх гэж байгааг Ерөнхий сайдаас сонирхов. Ерөнхий сайд “Бусдын алдаа болон туршлагаас суралцах хэрэгтэй. Ашигт малтмалтай холбоотой асуудлуудын хүрээнд аль ч оронд Засгийн газрын байр суурь баримталж буй бодлого, чиглэл нэн чухал байдаг.

    Уг чиглэлийг тодорхойлох үүднээс гадны хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдтэй төдийгүй дотоодын мэргэжилтнүүдтэйгээ санал солилцож байна. Энэхүү асуултын хариуг олж, саад бэрхшээлийг даван туулах арга замыг олох зорилгоор эдийн засгийн чуулганыг зохион байгуулсан. Манай оронд иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, улс орны хөгжлийг сайжруулах гол хөшүүрэг болох олон стратегийн ордууд бий. Таван Толгойн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхдээ ард түмний ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьж, түүний дараагаар бусад бусад орнуудтай гэрээ хэлэлцээр хийх нь зүйтэй юм” гэлээ.

  • Форумд Ц.Элбэгдорж үг хэлж, Эрнандо де сото лекц уншлаа

    Форумд Ц.Элбэгдорж үг хэлж, Эрнандо де сото лекц уншлааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан, манай оронд анх удаа болж буй “Монголын эдийн засгийн чуулга”-ны хоёр дахь өдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Чуулганыг санаачлагч болоод идэвхтэй оролцож буй төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Их чухал, ач холбогдолтой чуулган болж байна. Энэ чуулганыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа“ гэж онцлов.

    Эдийн засгийн анхдугаар чуулганы хүндэт зочин нь  дэлхийн шилдэг эдийн засагчийн нэг, Перу улсын иргэн Эрнандо Де Сото юм. Тэрбээр тус чуулганы индрээс “Бүртгэлийн тогтолцооны ач тус, өмчийн эрхийг баталгаажуулах нь хөгжлийн үндэс” сэдвээр лекц уншлаа. Бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, нээлттэй ярилцлага хэлбэрээр өрнөж буй Монголын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр “Улсын бүртгэлийн шинэчлэл”, “Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл”, “Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” гэсэн гурван салбар хуралдаанаар үргэлжилнэ. Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 18.00 цагаас болж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хаалтын үг хэлнэ