Blog

  • Оюутны хотхоны бүтээн байгуулалтыг энэ зун эхлүүлэх үүрэг өглөө

    Оюутны хотхоны бүтээн байгуулалтыг энэ зун эхлүүлэх үүрэг өглөө Монгол Улсын хөгжлийн цөм, оюуны уурхай болсон оюутан залуучууд тав тухтай орчинд суралцаж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болох учиртай. Тэдний суралцах орчин, шаардлагыг хангасан оюутны хотхон байгуулах бүтээн байгуулалтын ажлыг энэ зун эхлүүлэх үүрэг даалгаврыг Монгол Улсын Ерөнхий сайд, ажлын хэсгийн дарга С.Батболд холбогдох албан тушаалтнуудад өглөө. Их сургуулийг хотхоноор хөгжүүлэх ажлыг удирдах ажлын хэсгийн хурал 2010-05-20-нд Төрийн ордонд боллоо.

    МУИС, ШУТИС, СУИС, Боловсролын их сургууль, Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийг Их сургуулиудын нэгдсэн хотхонд төвлөрүүлж, хотхоныг Улаанбаатар хотоос 40 гаруй км хол орших Налайх дүүргийн зүүн хэсэг, “Шивэрт”-ийн хөндийд байршуулах хувилбар дээр ажлын хэсэг тогтлоо. Хотхон байгуулах газар нь 1000 гаруй га бөгөөд  ойр орчинд нь газар олгохгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярт үүрэг болгов.

    Хотхоныг оюуны дагавар хот байдлаар байгуулах хувилбарыг  ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж бүтээн байгуулалтын ажлыг даруй эхлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн юм. Ингэхдээ “ШУТИС, мэдээлэл технологийн сургууль, аж ахуйн нэгжүүдийг “Цахиурын хөндий”-д багтаах асуудлыг хамтад нь шийдэхийн чухлыг онцоллоо. Оюутны хотхон байгуулах нь нэг талаасаа залуучуудын сурах орчныг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг давхар шийдэх давуу талтайг Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, Улаанбаатар хотын замын түгжрэл, төвлөрөл саарна, нийслэлийн иргэдийн тав тухтай амьдрах орчин сайжирна гэж үзэж байна.

    Өнөөдөр, оюутнуудын нийтийн тээврийн зардалд нийслэлийн төсвөөс жилд 18-20 тэрбум төгрөг зарцуулж буй бөгөөд хотхоны асуудал шийдэгдсэнээр хот энэ хөрөнгөө хөгжлийн бусад зүйлд зарцуулах боломж бүрдэх юм. Улсын их, дээд сургуулиудыг нэгтгэн оюутны хотхонд төвлөрүүлэхээс гадна хувийн их, дээд сургуулийн Оюутны хотхоны байршил, газрын асуудал энэ хурлаар мөн хөндөгдлөө. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Улсын их, дээд сургуулийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ хувийн томоохон сургуулиуд санаачилгаараа нэгдэх, үйл ажиллагаагаа чанаржуулах бодлого явуулбал төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой.

    Хувийн сургуулиуд 5-10 мянган оюутан нэгтгэж чадсан тохиолдолд хотхоны газрын асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ асуудлыг хамтад нь судалж, холбогдох байгууллагууд, хувийн их, дээд сургуулиудын нэгдсэн холбоод, удирдлагуудтай уулзаж ярилцан, саналыг нь сонсох хэрэгтэй” гэлээ. Оюутны хотхон байгуулах ажлыг улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг энэ хурлаар мөн ярилаа. Ерөнхий сайд хэлэхдээ “Оюутны хотхоныхоо санхүүжилтийг Засгийн газрын түвшинд гадаадын зээл тусламж, төслийн хүрээнд суурийг нь сайн тавих  хэрэгтэй.

    БНХАУ-аас тусламжийн хүрээнд 270 сая юаньтай тэнцэх эх үүсвэрийг оюутны хотхоны суурь барилгад ашиглаж болно” гэсэн юм. Оюутны хотхоныг төсөвт дарамт үзүүлэхгүйгээр байгуулах бүрэн боломжтойг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хурлын үеэр хэллээ. Оюутны хотхонд их сургуулиудын дунд нэгдсэн том мэдээллийн төв буюу номын сан, биеийн тамирын заал танхимууд, худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны газрууд байх зарчмыг баримталж байна. Их сургуулиудын лаборатори, тэнхимүүдийн мэдэлд байгаа өндөр үнэтэй, нарийн багаж тоног төхөөрөмжүүдийг төвлөрүүлэн, нийт оюутан, багш, мөн төрийн болон төрийн бус, бизнесийн бүх байгууллагын захиалга хүсэлтээр үйлчилдэг “Нэгдсэн судалгааны болон туршилтын төв” байгуулна.

    Ингэснээр МУИС-ийн профессор багш нар, магистрант, докторантууд, ШУА-ийн хүрээлэн, төвүүдийн эрдэм шинжилгээний ажилтнуудын тархай бутархай байдлыг арилгаж, оюуны хүчээ нэгтгэн шинжилгээ судалгааны ажлуудыг хамтран хийдэг, гарсан үр дүнг нь бизнес, санхүүгийн байгууллагуудтай хамтран үйлдвэрлэлд шуурхай нэвтрүүлдэг улс орны хөгжилд бодитой нөлөө үзүүлдэг механизмыг бүрдүүлэх нь Оюутны хотхоны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж ажлын хэсэг үзэж байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн одоогийн байршил, үйл ажиллагаа нь хотхон хэлбэрт дөхөж очсон, цаашид элсэлт дорвитой нэмэгдэхгүй тул Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд хэвээр байршуулж, хөгжүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Хамтарсан мэдэгдэл

    Хамтарсан мэдэгдэлМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишер нар 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар хэлэлцээ хийв. Талууд 20 жилийн өмнө хуучин социалист орнуудад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын түүхэн хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэн хөгжил рүү хөтөлсөн өргөн, таатай боломжийг бий болгосныг тэмдэглэв.

    Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс нь нийтлэг үнэт зүйлс, ардчилал, чөлөөт эдийн засагт тулгуурласан иж бүрэн хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлж байна. Талууд иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах, байгаль орчин, хөдөлмөр болон шилжин суурьшилтын чиглэлээр эрчимжүүлэх, өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Түүнчлэн, талууд Хамтарсан хороо нь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал механизм болохыг тэмдэглэв. Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.

    Монголын тал хоёр талын батлан хамгаалах салбарын холбогдох газрууд хоорондын харилцааг сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Талууд боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагаа, түүний дотор Монгол оюутнуудыг Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуулиудад мэргэжил эзэмшүүлэх асуудлын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд явуулж буй идэвхтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

    Талууд Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийг эцэслэн байгуулахын ач холбогдлыг тэмдэглэв. Монголын тал Бүгд Найрамдах Чех Улс Европын Зөвлөлийг 2009 онд тэргүүлж байх хугацаанд Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын зүгээс үзүүлсэн дэмжлэг, түүний дотор Бүгд Найрамдах Чех Улс Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх явцыг урагшлуулахад чухал түлхэц үзүүлснийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

    Монголын тал Монгол Улсын Засгийн газраас тавиад буй дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Европын Холбооны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт даган мөрдөгдөж буй зарчим, стандарт, хэм хэмжээг өөрийн оронд нутагшуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдэв. Мөн талууд дээрх чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов. Чехийн тал Европын Холбооны зарчим, стандарт, хэм хэмжээг нутагшуулахад Монгол Улсад бүхий л талын дэмжлэг үзүүлэх, туслах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Монголын тал Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газарт хөгжлийн хамтын ажиллагаа үзүүлж, тэргүүлэх орныхоо нэгд Монгол Улсыг багтааж, тусламж үзүүлж ирсэнд гүн талархал илэрхийлэв. Чехийн тал Монгол Улсын ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засаг руу хийсэн шилжилтийн явцдаа олсон амжилтыг нь үнэлж байгаагаа илэрхийлэв. Талууд Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Я.Фишерийн 2010 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр орны ард түмний харилцааг бэхжүүлэх, өндөр дээд хэмжээнд харилцан айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

    Улаанбаатар хот, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

  • Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишер Монгол улсад айлчилж байна

    Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишер Монгол улсад айлчилж байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга, ноён Ян Фишер 2010 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Энэ айлчлал нь тус улс 1993 онд байгуулагдсанаас хойш Чехийн талаас Засгийн газрын даргын түвшинд хийгдэж байгаа анхны айлчлал, манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа энэ жил болж байгаагаараа онцлог юм.

    БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер, хатагтай Дана Фишерова нарыг Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэргий Х.Отгонтуяагийн хамт угтан авав. БНЧУ-ын Засгийн газрын даргад Төрийн хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хөгжимт хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ. БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар гэргийн хамт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

    Европын Холбоотой хамтрахад Чех Улс гүүр болно
    Төрийн ордны “Баганат” танхимд байрлуулсан хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын ганцаарчилсан уулзалтаар БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишерийн албан ёсны айлчлал эхэллээ. Өндөр ач холбогдолтой энэ айлчлал хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад том түлхэц болж, мөн БНЧУ нь Монгол Улсын Европын Холбоотой хамтран ажиллах гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.

    Уулзалтаар улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтран ажиллах талаар ярилцлаа. Европын Холбооны нийгэм, эдийн засгийн бүх салбарт даган мөрдөгдөж байгаа стандарт, хэм хэмжээ, шалгуур нөхцлүүдийг Монголд нутагшуулах талаар санал солилцов.

    Европын стандартыг нутагшуулах Ерөнхий сайд С.Батболдын саналыг Чехийн тал дэмжлээ
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишер нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд хүндэт зочноо эх орондоо тавтай айлчлахыг хүсээд улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн найрсаг дотноор хүлээн авсанд талархаж байгаагаа БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер хэлэлцээний эхэнд илэрхийлээд миний энэ айлчлал түүхийн уламжлалт харилцааг шинэ шатанд гаргаж, бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

    Улс орны хурдацтай хөгжлийн тулгуур болсон салбаруудаа хөгжүүлэхэд Засгийн газар анхаарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засаг сүүлийн 3 улирал дараалан өсөлттэй гарсан тухай мэдээлэл өгөв. Хоёр улсын харилцааны түвшинг чехийн тал “стандартаас дээгүүр” гэж томъёолсонтой Ерөнхий сайд санал нэгтэй байгаагаа илэрхийлж сайн харилцаагаа “иж бүрэн түншлэл”-ийн харилцааны түвшинд хүргэх цаг болсныг тэмдэглэв. Европын стандартыг нутагшуулснаар Монгол Улс дотоод төдийгүй олон улсын тавцанд хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах замаар эдийн засгаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    Европын стандартыг нэвтрүүлснээр Евро бүсийн гишүүн орнууд болон ижил стандарттай бусад оронтой хийж байгаа худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих түнш орны тоо нэмэгдэнэ. Европын Холбооны шалгуурыг богино хугацаанд хангасан БНЧУ-ын туршлагаас суралцах сонирхолтой байна. Европын Холбоонд элсэхэд бодлого, аргачлал, хүний нөөц болон зохион байгуулалтыг хэрхэн тохируулж, хэвшүүлсэн БНЧУ-аас мэдээлэл, техникийн туслалцаа авахдаа баяртай байх болно.

    Стандартыг нэвтрүүлж чадсанаар Европын Холбооны зах зээлд Монгол Улсаас 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүй гаргах эрхээ эдлэх боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Мөн Европын Комиссын “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Хэлэлцээний үеэр хөндөгдсөн нэг гол асуудал нь хоёр улсын хооронд жижиг, дунд үйлдвэр, хувийн хэвшлийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай байлаа.

    Худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар талууд ярилцав. Монгол, Чех Улс нь өнөөдөр дэлхийн халуун цэгт ардчиллыг хамгаалан бэхжүүлэхэд хамтдаа байгаадаа бахархаж байгааг талууд тэмдэглэв. Батлан хамгаалахын салбарт харилцаа тогтоон, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох, энхийг сахиулах үйл ажиллагаа, техник, технологи болон бусад чиглэлээр хамтрах, Чех Улсын их, дээд сургуулиудад суралцах монгол оюутны тоог нэмэх болон боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг Ерөнхий сайд санал болгов.

    Мөн хоёр улсын хооронд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг шуурхай, үр дүнтэй болгох талаар хоёр улсын Засгийн газрын тэргүүн байр сууриа илэрхийлэв. “Эрдэнэт” хотыг бие даасан усны эх үүсвэртэй болгох, хотын орчинд тойронд байгаа мал сүрэг, хүн амыг усаар хангах” төслийг 2010-2011 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд хамтран ажиллах, барилгын дэвшилтэт технологи нэвтрүүлэх, барилгын материалын үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

    Нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон газрын бохирдлын хэмжээг тогтоон, бохирдлыг арилгах, уул уурхайн нөхөн сэргээлтийг сайжруулах, эрсдлийн менежментийн үнэлгээ хийх, ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр Чехийн талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв. Хэлэлцээний үеэр иргэд хоорондын харилцааны асуудлыг хөндөн ярив.  БНЧУ-д олон монгол иргэн хөдөлмөр эрхэлж байгаа учир нийгмийн хамгааллын асуудлыг илүү боловсронгуй зохицуулсан хэлэлцээрийг байгуулахаар холбогдох яамд ажлаа эхэлсэн. Үүнийг ойрын хугацаанд ажил хэрэг болгож гарын үсэг зурах хэрэгтэй байгааг цохон тэмдэглэв.

    БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер Ерөнхий сайд С.Батболдтой санал нэгтэй байгаагаа илэрхийлж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломж хоёр улсад байна. Үүнийг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллахыг холбогдох сайдууддаа хэлэлцээний үеэр үүрэг болгов.

    Боловсрол, шинжлэх ухааны салбар болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улс, БНЧУ хэлэлцээр байгуулав
    Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хооронд 2010-2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбар болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хооронд 2010-2012 онд Соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт монголын талаас БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Чехийн талаас Элчин сайд Вацлав Йилек нар гарын үсэг зурав.

    2010-2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбар болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт :
    •    Харилцагч талууд боловсролын талаар баримт бичиг, удирдлага, зохион байгуулалтын тухай болон бага, дунд, мэргэжлийн, дээд боловсролын талаар мэдээлэл харилцан солилцох
    •    Талууд хүсэлтийн дагуу боловсролын систем болон боловсролын талаарх хууль, тогтоомжийн шинэчлэлийн тухай мэдээлэл харилцан солилцох
    •    Хүсэлтийн дагуу залуучуудын хүрээний эрх зүйн өөрчлөлт, эдгээртэй холбоотой мэдээлэл, баримт материал харилцан солилцох
    •    Талууд өөрийн орны түүх, газар зүй, соёлын талаар мэдээлэл, баримт материал харилцан солилцох
    •    Боловсролын болон шинжлэх ухааны зохиол, бүтээл солилцох, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, сургалт семинар, симпозиумд харилцан оролцох
    •    Дээд боловсролын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон хөгжлийн төв хоорондын хамтын ажиллагааг дэмжих
    •    Жил бүр хоёр улсын их, дээд сургуульд бакалавр, магистрын сургалтын 20 сарын тэтгэлэг олгох бөгөөд сургалтын хугацаа 2-9 сар байх
    •    Монгол хэл, уран зохиол, слав судлалын зуны сургалтад 3 оюутан суралцуулах зэрэг асуудлыг тусгасан байна.  

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хооронд 2010-2012 онд соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт :
    •    Харилцагч талууд хэлэлцээрийг хэрэгжүүлэх хугацаанд боловсролын тогтолцоо, боловсролын салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэл болон өөрийн орны түүх, газар зүй, соёлын талаарх мэдээллийг харилцан солилцох
    •    Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинжээчдийг жил бүр 15 хоногоос хэтрэхгүй хугацаагаар 2 орны сургууль, боловсрол, шинжлэх ухааны асуудлыг судлахаар харилцан солилцох
    •    Багш нарыг жил бүр 2 сарын хугацаагаар солилцох
    •    Монголын тухай судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, монгол хэл, соёлын мэдлэгийг түгээх үүднээс жил бүр Монгол Улсад зохиогдох монгол хэл, уран зохиолын зуны сургалтад Бүгд Найрамдах Чех Улсын 3 оюутныг сургах зэрэг асуудлыг тусгасан байна. Монгол Улс, БНЧУ харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэх болов

    Холбогдох баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэргүүн Ян Фишер нар  хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийж сонирхсон асуултад нь хариулав. Ерөнхий сайд хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ БНЧУ-ын стандартыг монголд нутагшуулах, Европын Холбооны өндөр шалгуурыг богино хугацаанд амжилттай давсан туршлага нь бидэнд чухал болох, далайд гарцгүй орны хувьд транзит тээвэр болон худалдааг хөнгөвчлөх талаар хуримтлуулсан туршлага хэрэгтэй байгааг тэмдэглэв.

    Монгол Улсын Европын Холбоотой хамтран ажиллахад нь БНЧУ бүх талаар дэмжиж, туслах болно. Энэ хүрээнд манай улс туулж гарсан туршлагадаа тулгуурлан нэмүү өртөг шингэсэн Европын стандартыг монголд бий болгоход дэмжихэд бэлэн. Цаашид дэлхийг хамарсан эдийн засгийн хямралаас гарах, гэтлэн давах чиглэлээр хамтарч ажиллах болно гэж БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер хэлэв. БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишерийн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол-Чехийн бизнес форум энэ өдрүүдэд Гадаад харилцааны яаманд болж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Хувь хишгийг гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх хэлбэрээр олгоно

    С.Батболд: Хувь хишгийг гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх хэлбэрээр олгоно“Засгийн газар байгалийн баялгаас ард иргэдэд хувь хишиг хүртээхдээ гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх хэлбэрээр олгох бодлого баримталж байгаа” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Гэр бүл ба эмэгтэйчүүд” дугуй ширээний ярилцлагыг нээж хэлэхдээ онцоллоо. Монгол Улсын Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороо, Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү уулзалт Төр Засгийн үйлчилгээний “Элит” төвд 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  болж, Засгийн газрын гишүүд, гэр бүлийн асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.

    Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Тэгш байдлын Үндэсний хорооны дарга С.Батболд “Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, хүн бүхний хамгийн ойр асуудал. Тийм ч учраас Ерөнхий сайд болоод УИХ-ын чуулганд хэлсэн анхныхаа үгэнд гэр бүлд чиглэсэн бодлогод онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Гэр бүлийн бодлогыг хүний хөгжилтэй холбох цаг ирсэн. Төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд зайлшгүй тодотгол хийх хэрэгтэй болоод байна. Энэ зорилгоор Засгийн газар, УИХ-аас “Хүний хөгжлийн сангийн хууль”-ийг дэмжсэн нь гэр бүлээр дамжуулан хүний хөгжлийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсрол, даатгалын үйлчилгээг боловсронгуй болгох нөхцөл боломжийг өргөжүүлж байгаа” гэсэн юм.

    Мөн тэрбээр гэр бүлийн боловсролын шинэлэг ойлголтыг төлөвшүүлэхэд иргэний байгууллагууд тэр дундаа эмэгтэйчүүд, гэр бүл, жендэрийн тэгш эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд онцгой үүрэгтэйг дурдаад “Эмэгтэйчүүдэд оруулж буй аливаа хөрөнгө оруулалтаар дамжин гэр бүл, үр хүүхдүүд,  монгол хүний хөгжил, улс орны хувь заяа шийдвэрлэгдэнэ” гэлээ.

    Дугуй ширээний ярилцлагад оролцогчид “Хүний хөгжил ба гэр бүлийн бодлого”, “Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал”, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Гэр бүл ба эмэгтэйчүүд” зэрэг илтгэл сонсож, асуулт хариулт өрнүүллээ. Тэд гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд гэр бүлийн хөгжлийн асуудлаар хангалттай олон зорилт тусгагдсан хэдий ч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах төрийн бүтэц үндсэндээ бүрдээгүй, гэр бүлийг хөгжүүлэх чадавхижуулах чиглэлээр тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэх эдийн засгийн баталгаа байхгүй байна гэдэгт санал нэгдэж, төр засагт хандан зөвлөмж гаргахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Төрийн өмчит компаниудын ТУЗ-д иргэний нийгмийн төлөөллийг оруулна

    Төрийн өмчит компаниудын ТУЗ-д иргэний нийгмийн төлөөллийг оруулнаТөрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлд иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн, чадвартай хүмүүсийг оруулахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгов. Тэрээр 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг хүлээн авч уулзсан байна.

    Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа хаалттай, эрх мэдэлтэй хүмүүс бараа, бүтээгдэхүүн шахдаг гэсэн шүүмжлэл иргэдийн дунд их  байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч засаглалыг нь сайжруулж, боловсронгуй болгох, үр ашгийг нь дээшлүүлэх, ил тод байдлыг нь хангаж, ойлгомжтой байлгахын тулд ийм шийд гаргажээ. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх Засгийн газрын зорилтын хамгийн гол хэсэг нь төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын ажлыг сайжруулах учир байгууллага бүрийг веб сайттай болгож эхэлсэн.

    Мөн Төлөөлөн удирдах зөвлөлд нь хараат бус гишүүний тоог нэмэх чиглэл баримталж байгааг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар Ерөнхий сайдад танилцууллаа. Өгсөн удирдамж, чиглэлийн дагуу Төрийн өмчийн хороо журмаа боловсруулан эхнээс нь ажил хэрэг болгож байгааг Ерөнхий сайд үнэлсэн байна. Тэрээр төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага бусдад үлгэр дууриал үзүүлсэн, тэргүүний байх ёстой гээд төлөвлөснөө эхний хагас жилд багтаан хэрэгжүүлж олон нийтэд мэдээлэхийг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд :Тариаланчид шинэ стандарт, техник, технологи нэвтрүүлж байна

    С.Батболд :Тариаланчид шинэ стандарт, техник, технологи нэвтрүүлж байнаТариаланчид шинэ стандарт, менежмент, техник технологи нэвтрүүлж урам зориг дүүрэн байна. Төр, засаг ч газар тариалангийн салбараа тууштай дэмжинэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрбээр 2010 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Борнуур, Жаргалант суманд ажиллан хаврын тариалалтын ажлын явцтай танилцсан юм. Ерөнхий сайд энэ өдөр Борнуур сумын услалтын системийн далан, ус хуваарилах сувгийн өнөөгийн байдлыг газар дээр нь үзэж, БНСУ-ын Канвон мужийн хүлэмжийн аж ахуй, усалгаатай тариалан эрхэлж байгаа “Алтанхөшиг”, “Ундрах шар булаг” ХХК, Жаргалант сумын “Хөх баян булаг” ХХК, “Сав” хоршооны тариалангийн талбайд очлоо.

    Борнуур суманд байгаа услалтын системийн далан, толгойн барилга, ус хуваарилах суваг, шуудуу 1964 онд ашиглалтад орсон. 3 сая м/куб ус нөөцлөн 1120 га талбай услах хүчин чадалтай ч 1995 онд үерт автан далан нь сэтэрчээ. Засварт шаардлагатай 528 сая төгрөгийг энэ жилийн төсөвт суулгасан бөгөөд ирэх хаврын тариалалтаас өмнө засч дуусна гэж ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Ерөнхий сайдад танилцуулав. Услалтын систем ашиглалтад орсноор тариалах талбай нэмэгдэж олон ажлын байр бий болон нэгжээс авах ургацын хэмжээ ч нэмэгдэх юм. Борнуурчууд энэ жил 1220 га-д үр тариа, 650 га-д төмс, 450 га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 450- га-д улаанбуудай, 260 га-д төмс, хүнсний ногоо тариалаад байна.

    Үүний дараа Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс Борнуур сумтай шууд харилцаатай БНСУ-ын Канвон мужийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Солонгосчууд 2004 онд 1500 м/кв талбай бүхий услалтын иж бүрдэл системтэй 10 хүлэмжийг 110 сая төгрөгөөр байгуулжээ. Энд жилд 16 нэр төрлийн нарийн ногоо тариалж, 17.5 тонн ургац хураан авч борлуулан 10 гаруй сая төгрөгийн ашигтай ажилладаг. 4 хүнийг байнгын, 10 хүртэл хүнийг түр ажлын байраар хангаж байна.

    Одоогийн байдлаар 8 нэр төрлийн 13.0 мянган үрслэг бойжуулж, 2 мянган ширхэг үрслэг борлуулан, 600 м/кв талбайд өргөст хэмх, 0.3 га-д төмс, хүнсний ногоо тариалжээ. БНСУ-ын Канвон мужийн байгуулсан хүлэмж, энд ажиллаж байгаа хүмүүсээс бусад аймаг, сум туршлага судлан, тухайн орон нутагтаа нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд С.Батболд салбарын сайдад үүрэг болгов. Ерөнхий сайд Борнуур сумын “Алтан хөшиг”, “Ундрах шар булаг” ХХК-ний  хаврын тариалалтын ажлын явцтай танилцлаа. Дээрх хоёр компани газар тариалан, мал аж ахуй, гадаад, дотоод худалдааны чиглэлээр 1999 онд байгуулагдсан.

    Өөрийн гэсэн зоорьтой, талбайгаа бүрэн хашаажуулж, өндөр хүчдэл,  цахилгаан шугам сүлжээтэй, гүний худаг гарган суваг, шуудуу татаж талбайгаа услаж байна. “Алтан хөшиг” ХХК  50 га талбайтай, Япон Улсын трактор, төмсний комбайн, үрлэгч, төмс сортлогч болон төмсний иж бүрэн техниктэй. Сумынхаа ажилгүй 70 гаруй хүнийг ажлын байраар хангаж, жил бүрийн 8 дугаар сарын эхнээс эрт ургацын төмс хураан, нийслэлчүүдийн хэрэгцээнд 30-40 тонныг нийлүүлдэг тухай компаний гүйцэтгэх захирал Т.Балдангомбо Ерөнхий сайдад танилцууллаа.

    “Ундрах шар булаг” ХХК 20 га талбайтай. ОХУ-ын трактор, төмсний комбайн, үрлэгч, төмс сортлогч болон төмсний иж бүрэн техниктэй. Сумын тариалан эрхэлж байгаа иргэдэд техникээр үйлчилж, 40 гаруй хүнийг ажлын түр байраар хангадаг. 2008 оноос “Монгол төмс” хөтөлбөрт хамрагдан Голланд Улсын Импала, ХБНГУ-ын Витара, Астила сортын төмс тарьж байна. Жилд дунджаар 10-15 га-д төмс тариалан нийслэлчүүдийн хэрэгцээнд 30-40 тонныг нийлүүлдэг юм.

    Компаний гүйцэтгэх захирал Н.Батбаяр нь 18 жил газар тариалан эрхэлж байгаа бөгөөд 2009 онд “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарчээ. Үүний дараа  Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хөх баян булаг” ХХК, “Сав” хоршооны тариалалтын ажлын явцтай танилцав. “Хөх баянбулаг” ХХК энэ жил 3 мянган га-д улаанбуудай тариалах бөгөөд нийт талбайн 95 хувьд нь тариалалтаа хийжээ. 2,4 тэрбум төгрөгөөр АНУ-аас шинэ техник авч ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал АНУ-ын нэг комбайн, трактор гэхэд л ОХУ-ын 7-8 комбайн, тракторын ажил хийдэг тухай  компаний захирал танилцууллаа.

    Энэ компани 2006 онд 3027 га-д улаанбуудай тариалж, тарих үрээ 100 хувь нөөцлөн, улсад 3469 тонн ургац нийлүүлж “Улсын аварга тариаланч хамт олон” цол хүртсэн. Мөн компаний захирал Ж.Ариунболд атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор Монгол Улсын гавъяат механикжуулагч цол, тэмдгээр шагнуулжээ. “Сав” хоршоо 56 га талбайд төмс, малын тэжээл, хүнсний ногоо тариалахын зэрэгцээ саалийн үнээний фермерийн аж ахуй эрхэлдэг. Жилд байгалийн хадлан 300-400 тонныг бэлтгэж өөрийн хэрэгцээнд болон зах зээлд борлуулдаг. Төмс, хүний ногоо тариалж, хураах, хадлан, тэжээл бэлдэх техник, хэрэгслээр бүрэн хангагдсан. Цаашид газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлж, хослуулах зорилт тавьжээ.

    Ерөнхий сайд С.Батболд “Хөх баян булаг” ХХК, “Сав” хоршооны хамт олны ажлыг үнэлж 120 м/кв талбай бүхий хүлэмжийг усалгааны системийн хамт хүлээлгэн өгсөн байна. Газар тариалангийн бүс нутагт ажилласан Ерөнхий сайд С.Батболд хаврын тариалалтын ажлын явцад сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Тариаланчид Засгийн газраас дэвшүүлсэн “Атрын 3 дахь аян”-ыг дэмжиж урам зориг дүүрэн байна. Бид хамтын хүчээр үр тариа, гурил, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоос хангах нөхцөл бүрдлээ. Тариаланчид шинэ стандарт, менежмент, техник технологи нэвтрүүлж байгаа нь ажиглагдаж байна. Төр, засгаас ч газар тариалангийн салбараа дэмжих бодлогыг тууштай баримтлана. Арвин их ургац авах ирэх намар эргэн уулзая гэв.

    Энэ жил улсын хэмжээнд 282.2 мянган га-д үр тариа, 13.2 мянга га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 12.2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариална. 410.0 мянга тонн үр тариа, 158.5 мянган тонн төмс, 93.3 мянган тонн хүнсний ногоо хураан авч улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангаж, 274.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэх зорилт тавьсан. Тариалангийн үндсэн бүс нутагт тариалалт 5 дугаар сарын 3-наас эхэлсэн ч шөнөдөө хүйтэрч, хөрс хөрч байгаагаас 3-5 хоногоор хойшилсон. Тариалалт энэ сарын 9-нөөс жигдэрч өнөөдрийн байдлаар 15.2 хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

  • С.Батболд: Улаанбаатар минь өнгөө засаж, олон сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болох болтугай

    С.Батболд: Улаанбаатар минь өнгөө засаж, олон сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болох болтугай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2010 оны бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ажиллагаанд оролцож, гацуур мод тарилаа. Мод тарих үндэсний өдрөөр нээлтээ хийж буй энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн БНСУ-ын Үндэсний хорооны ажилтнууд, нийслэлийн иргэд, хүүхэд залуус, хэвлэл мэдээллийнхэн оролцож 300 гаруй мод, бут суулгалаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр “Нийслэл хотын иргэд ая тухтай, цэвэр орчинд амьдрахын тулд сайхан ногоон байгууламжууд байгуулах учиртай. Ийм орчин бүрдүүлэхэд хүн бүрийн хүчин чармайлт, хичээл зүтгэл чухал.  Нийслэл хотод олон арван барилга сүндэрлэн босож байгаа, үүний зэрэгцээ олон сайхан цэцэрлэгт хүрээлэнг бид байгуулах учиртай. Хотын удирдлагууд өнгөрсөн жилээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй болох санал санаачилга гаргаж ийн ажиллаж байгаа нь сайшаалтай байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд хүн болгон оролцож, мод  тарихыг уриалж байна. Улаанбаатар хот минь өнгөө засаж, олон сайхан ногоон хүрээлэнтэй болох болтугай” гэсэн юм.

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хорооны нутаг, Туул гол дагуу нийт 670 га талбайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн. 55 га талбайд нь 3000 гаруй мод, бут, сөөг тарьж, усалгааны систем,  хамгаалалтын хашаа болон төв хаалганы дэргэдэх 400 автомашины зогсоол барьж эхлэн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Тус талбайд автозогсоол, явган талбай, түргэн үйлчилгээний цэг, задгай театр, хиймэл усан тохой, усан оргилуур, дугуйн зам, саравч барьж амралт зугаалгын цогцолбор төв байгуулах бөгөөд ерөнхий төлөвлөгөөний дагуу 2013 оноос ашиглалтад өгч эхлэх ажээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дараа нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг байгуулах ажилд оролцлоо. Тус цэцэрлэгт Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон мод тарьсан юм. Хорооны иргэд Ерөнхий сайд болон албатуудынх нь тарьсан модыг арчлан тордож ургуулахаа амласан билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Зам засварын ажлын талаар үүрэг өгөв

    үүрэг, даалгавар, зам засварМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярыг хүлээн авч уулзан зам засварын ажлын явцын талаар товч мэдээлэл сонсож үүрэг өгөв. Зам засвартай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэн түгжрэл үүсч, иргэдийн бухимдал ихэсч байгаа учир энэ чиглэлээр ямар зохицуулалт хийж байгааг Ерөнхий сайд асууж тодрууллаа.

    2010 оны 5 дугаар сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотод Гурвалжингийн гүүрний зэрэг томоохон засварын ажил хийгдэж байна. Зам засварын ажил болон гэрлэн дохионы шинэчлэлийн төсөл хэрэгжиж байгаа учир Замын цагдаагийн газраас нэмэлт хүч татан ажиллуулж байна. Мөн автомашины хөдөлгөөнийг цагийн зохицуулалт болон дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулах талаар судалгаа хийж байгаа тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр танилцууллаа.

    Цаашид аль зам, уулзварыг засах талаар иргэдээс санал асуулга авдаг болох, засварын ажилтай холбогдуулан хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа тухай иргэдэд эртнээс ойлгомжтой мэдээлэх, хөдөлгөөний зохицуулалтаа сайжруулж байж засварын ажлаа хийж байхыг үүрэг болгов. Томоохон худалдааны төв, захууд амардаг өдөр, эсвэл ажил эхлэхээс өмнө, ажил тарсны дараа зам засварын ажил хийдэг байх, засварын чанарт онцгой анхаарах, чанаргүй хийсэн аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, дахин сонгон шалгаруулалтад оруулахгүй байх чиглэл баримтлахыг Ерөнхий сайд анхааруулж  хийж байгаа ажлынхаа үр дүнг 14 хоногийн дотор эргэн танилцуулахыг үүрэг болгов.

    Энэ жил нийслэл хот 35 газарт зам засварын ажил хийх бөгөөд улс, хотын  төсөв, эргэн төлөгдөх нөхцөл гэсэн гурван эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэл хотод 140 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайдад хувийн хэвшлийнхэн саналаа уламжиллаа

    Ерөнхий сайдад хувийн хэвшлийнхэн саналаа уламжиллааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй 2010-05-10-нд Төрийн ордонд  уулзалт ярилцлага хийлээ. Ерөнхий сайд уулзалтыг нээж “Таван толгойн орд газрыг ашиглах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ томоохон төслийн гол зарчим нь Монгол Улсын хөгжилд хамгийн бодитой үр өгөөжөө өгөх талаас нь анхаарах. Засгийн газраас Таван толгойн ордыг ашиглах ерөнхий зарчмаа гаргасан. Одоо нэлээд тодорхой болгох үе шатандаа ирлээ. Үндэсний аж ахуйн нэгжүүд тодорхой санал барьж байгаа. Өнөөдрийн уулзалт үүний нэгэн том илэрхийлэл юм” гэлээ.

    МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл уулзалтын үеэр “Таван толгойн ордыг үндэсний хувийн хэвшилтэй хамтран ашиглах санал”-ыг Монгол Улсын Ерөнхий сайдад гардуулахдаа “Монголын хувийн хэвшлийн байгууллагууд 20 нас хүрч, эрийн цээнд хүрлээ.  Монгол Улс Таван толгойн ордоо ашиглахдаа чадахаа өөрсдөө хийе, чадахгүйгээ хамтраад хийе” гэж хэлж байлаа. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллийн саналыг сонсож, харилцан ярилцлага өрнөсний  дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд “Үндэсний аж ахуйн нэгжүүд тодорхой санал санаачилга гаргаж байна.

    Жижиг, дунд үйлдвэр, том компаниудын төлөөлөлтэй нээлттэй ярилцаж байна. Бүх шатандаа энэ санал санаачилгыг сонсох учиртай, бид сонсож байгаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Зөв, олонхийн, нийтийн, улс орны, төрийн бодлогынхоо эрх ашгийг зөв тусгасан саналуудыг хүлээж авч, хэлэлцүүлнэ.  Үүн дээр үндэслэсэн төрийн бодлого гарна. Бид нэлээд хэдэн жил, ялангуяа, сүүлийн хэдэн сард нэлээд идэвхтэй ярилаа. Энэ ажлаа шуурхай болгох эрчимжүүлэх  шаардлага байна. Тийм учраас та бүхэнтэй уулзаж ярилцлаа. “Таван толгой” төслийн үр ашиг, өртгийг Монголдоо шингээх, Монголын ард түмэн, иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоо боломжийг хангасан байх ийм бодлого хамгийн түрүүнд тавигдаж байгаа ” гэж уулзалтыг хааж хэлсэн үгэндээ онцлов гэж Засгийн газрын Хэвлэл  мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцов

    Сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцов Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани, Австралийн Үндэсний Их Сургуулийн улс төрийн ухааны багш, профессор, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн төслийн олон улсын зөвлөх Бэнжамин Райли нарыг 2010 оны 5-р сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд УИХ-аар хэлэлцэх гэж байгаа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийн ач холбогдлын талаар санал солилцов.

    Тэрээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын сонгуулийн тогтолцоог шинэчлэхэд зөвлөмж үзүүлэх төсөл хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улс Парламентын сонгуулийн мажоритар, пропорционал, холимог аль ч хэлбэрийг сонгосон дагалдах эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг онцлов.

    Мөн Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал нь нийгмийн сэтгэлгээ, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх асуудалтай нягт холбоотой байна гэдгийг тэмдэглэлээ. А.Усмани Монгол Улсын сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн ажилд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр тусламж үзүүлэхэд бэлэн гэв.

    Б.Райли Монголын эрх зүйн систем, газар нутаг, засаг захиргааны онцлогийг харгалзан үзэж сонгуулийн тойргуудыг тодорхой хэмжээгээр хадгалах нь зүйтэй гээд Монголын улс төрийн системийн хувьд хоёр намын тогтолцоонд шилжих нь ач холбогдолтой бөгөөд ардчилал шинээр тогтоосон улс орнуудын дийлэнх нь энэ практикийг хэрэгжүүлэхийг зорьж байгааг Ерөнхий сайдад уламжиллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.