Blog

  • Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов

    Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Гонконгийн удирдлагуудтай  уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд Гонконгийн засаг захиргааны тусгай бүсэд зочилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан банк, санхүү, боловсрол, хөрөнгийн зах зээлийнх нь туршлага монголын талын сонирхолыг татаж буйг тэмдэглэн эдгээр салбаруудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

    Гонконгийн амбан захирагч Доналд Цан Ерөнхий сайд С.Батболдын тавьсан хүсэлтийг дагуу шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтран ажиллаж Монголын залуусыг олноор сургах боломжтой гэлээ. Гонконгийн биржүүдээр дамжуулж монголын компаниудыг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд туслах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавьж буй бизнесменүүдийг ирж туршлага судлахыг урилаа.   

    Уулзалтын үеэр талууд худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнтэй санал нэгдэв. Энэхүү ажлын айлчлалын үр дүнд Гонконгийн шууд хөрөнгө оруулалтыг Монголд татан оруулах, аялал жуулчлал, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх үүднээс Улаанбаатар Гонконгийн хооронд шууд нислэг хийх асуудлыг яаралтай шийдвэрлэхээр боллоо. Мөн Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулахыг талууд дэмжив.

    Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн явц, ажлын айлчлалын үр дүн, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуудлаар Dowjones болон Thomson Reuters агентлаг, The Wall Street Journal сонинд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Европын стандарыг Монголд нутагшуулахад Дани Улс дэмжлэг үзүүлэхээр болов

    Европын стандарыг Монголд нутагшуулахад Дани Улс дэмжлэг үзүүлэхээр болов

    Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Данийн Вант Улсын Ерөнхий сайд Ларс Лакке Расмуссэн, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Хоёрдугаар Дэд Ерөнхийлөгч Мохаммад Карим Халилитэй уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд Данийн Вант Улсын Ерөнхий сайд Ларс Лакке Расмуссэнтэй Боаогийн хурлын үеэр уулзаж буйдаа талархал илэрхийлж хоёр орны хоорондын худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд өндөр хэмжээний уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэдгийг цохон тэмдэглэв.

    Мөн Дани Улс Монголын ардчилсан өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж чөлөөт хэвлэлийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой Данидагийн төсөл, боловсролын салбарын дэмжлэгийг өндөрөөр үнэлдэгээ тэмдэглэв. Дани Улс нь Европын холбооны гишүүний хувьд Европын стандартыг Монголд нэвтрүүлэхэд туслаж дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа өгүүлэв. Данийн Ерөнхий сайд Ларс Лакке хоёр орны харилцаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, бизнес эдийн засгийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх санал нэг байгаагаа дурдлаа. Данийг гуравдахь хөршөө гэж тооцож болно гэдгийг онцолж Монгол Улсын Ерөнхий сайдын нутагшуулах гэж буй Европын стандарыг нэвтрүүлэхэд бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхээр болов.  

    Энэхүү уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Хоёрдугаар Дэд Ерөнхийлөгч Мохаммад Карим Халилитэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Боаогийн эдийн засгийн чуулга уулзалтын талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар БНХАУ харилцан ашигтай байх зарчим баримтлахаа илэрхийлэв

    Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар БНХАУ харилцан ашигтай байх зарчим баримтлахаа илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпинтэй уулзаж, Боаогийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэж, өндөр дээд хэмжээний уулзалтууд хийх боломж болгосонд талархал илэрхийлэв. Мөн харилцан ашигтай нэмүү өртөг бүрдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлон дурдлаа. Уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, авто болон төмөр зам зэрэг дэд бүтцийг хөрш орнуудтайгаа хамтран хөгжүүлэх, далайд гарцгүй орны хувьд дамжин өнгөрөх тээврийн яриа хэлэлцээг ахицтай явуулах зорилттойгоо өгүүллээ.

    БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин санхүүгийн хямралын нөхцөлд ч хоёр талын санаачилгын үр дүнд худалдаа, эдийн засгийн харилцааны үзүүлэлт сайн байгааг дурдаж, үлгэр жишээ болохуйц томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэцийн салбарыг хөгжүүлэх боломжтойг онцлов. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаарх Монголын байр суурийг БНХАУ-ын тал чухалчилан үзэж, НҮБ-ын хүрээнд байгуулсан холбогдох баримт бичигүүдийн дагуу харилцан ашигтай байх зарчим баримтлахаа цохон тэмдэглэв.

    Монгол Улс нь Боаогийн чуулга уулзалтыг санаачилагчийн хувьд идэвхитэй оролцож Азийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэрээ оруулж ирсэнийг өндөрөөр үнэлдэгээ илэрхийллээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд амралтын өдрүүдэд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож ногоон эдийн засгийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэн дэлхийн удирдагчидтай санал солилцсон уулзалтууд өндөрлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.  

  • БНАЛАУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа

    БНАЛАУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын үеэр БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасонтой уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд хоёр орны харилцаа өндөр дээд хэмжээнд идэвхтэй хөгжиж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал болохыг онцоллоо. Мөн цаашид хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлж, боловсрол эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтойг дурдав. НҮБ-ын дэмжлэгтэйгээр Монголд байгуулахаар болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж  далайд гарцгүй орны хувьд нийтлэг эрх ашгийнхаа асуудлаар уламжлалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцлоо.

    Харин БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон хоёр орны найрамдлын байгууллага, холбоо байгуулах хэрэгтэйг онцолж, мал аж ахуйн хамтарсан төсөл хэрэгжүүлж, малчдыг сургахад тусламж хүслээ. Уулзалтын хүрээнд хоёр орны мал аж ахуйн хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийг судалж, энэ жил Вьентьян хотноо Монгол-БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар талууд ярилцав. Уулзалтад Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр нар оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Байгальд ээлтэй технологи ашиглаж дэд бүтцээ хөгжүүлнэ

    Байгальд ээлтэй технологи ашиглаж дэд бүтцээ хөгжүүлнэ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4-р сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужид зохиогдож буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтийн хуралдаанд оролцлоо. Ерөнхий сайд С.Батболд улс орондоо ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ бодлогынхоо хүрээнд тус чуулга уулзалтын нээлтийн үеэр “Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэн Азийн бодит сонголт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

    Илтгэлдээ ногоон эдийн засаг бий болгох асуудлаар Азийн орнууд бодлого үйл ажиллагаагаа нэгтгэх, дэлхийн улс орнууд эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх шаардлагатайг санхүүгийн хямралын сургамж харуулсан талаар өгүүлэв. Дэлхийн эдийн засгийн хямрал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд Боаогийн хурал чухал хувь нэмэр болох төдийгүй хүчтэй, эрүүл, өрсөлдөх чадвартай Азийг бий болгоход ч нөлөөлнө гэж Ерөнхий сайд С.Батболд дүгнэлээ.

    Мөн хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих, байгальд ээлтэй технологийг ашиглах замаар уул уурхай, төмөр зам, барилгын үйлдвэрлэл зэрэг дэд бүтцийн салбараа хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаагаа онцлон дурдлаа. Ерөнхий Сайд С.Батболдын тавьсан илтгэлийн талаар Боаогийн хурлын зохион байгуулагчид болон оролцогчид байр сууриа илэрхийлэн Монгол Улс байгалийн нөөцөө ашиглан хөгжилд хүрэх зорилтуудаа амжилттай биелүүлэхийг хүсэв. 

    Боаогийн чуулга уулзалтын нээлтэд Азийн улс орнуудын удирдлага, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл бүхий 1000 гаруй хүмүүс оролцлоо. Энэхүү чуулга уулзалтын үеэр “Хөрөнгийн зах зээл: Азийн эдийн засгийн өөрчлөлтийг санхүүжүүлэх нь”, “Их 8-аас 20-ийн бүлэгт шилжих нь: шинэ бүтэц, шинэ дүрэм, шинэ тоглогчид”, “Хүлэмжийн хий багатай эрчим хүч: Азийн бүс нутаг дэлхийг тэргүүлж чадах уу?”, “Өсөлтийн талаар эргэн бодохуй”, “Хэрэглээнд шилжих нь: Азийн загвар” зэрэг сэдвээр салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд өрнөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 

  • S.Batbold gave a speech at the Annual Boao Forum for Asia

    S.Batbold gave a speech at the Annual Boao Forum for Asia Speech by S.Batbold, Prime Minister of Mongolia
    at the 2010 Annual Boao Forum for Asia “Green Recovery: Asia’s Realistic Choice for Sustainable Growth”
    10 April 2010, Hainan province, Peoples’ Republic of China

    Excellency Mr. Xi Jinpin,
    Vice President of the Peoples’ Republic of China
    Excellencies,
    Ladies and Gentlemen,

    It gives me a great honour and privilege to be a keynote speaker at this annual conference of the Boao Forum for Asia.

    At the outset, I would like to express my sincere gratitude to the Board of Directors of the BFA for inviting me to this forum and to the Government of China – our friendly and good neighbor – for its warm welcome and hospitality.

    Since its inception, Boao Forum serves as an important venue for promoting close interaction and cooperation among countries and business communities in Asia and finding common solutions to key challenges facing this region.

    The impact of the recent global financial and economic crises is still deep. Thanks to decisive and concerted action by governments, most notably China, markets show positive signs of recovery. But it is slow and fragile.

    At the same time many countries face a host of challenges including the restructuring of their economies. I believe that economic restructuring is largely a lesson to be drawn from the global economic crisis. And it also poses a challenge to many in light of reaching a global agreement to fight climate change.

    In this context, the theme of this year’s conference is timely and vital to bring our voices and ideas together on building a strong, healthy and resilient Asia with the aim of ensuring a long-term economic growth and sustainable development.

    Many Government and business leaders all over the world recognise the need to take actions to build a green economy notably through restructuring. This will also be part of concerted efforts of the international community in response to possible crises in the future. From Asia, South Korea and China top in the world in terms of committing substantial part of their fiscal stimulus packages to green investment.  

    However, a real challenge facing countries with substantial natural resources is how to move from a resource-extensive economy into resource-efficient one. Therefore, it is becoming essential for them to pursue policies in order to achieve sustainable growth within the shortest possible period because mounting development challenges, in particular addressing poverty, unemployment, health and education, housing and air pollution require a lot of resources.

    At the same time, it is very encouraging to note that there are more innovations, technologies and best practices available not only in the developed countries but also in developing ones.

    Excellencies,
    Ladies and Gentlemen,

    For Mongolia, the development goal is multiple as I mentioned above. Therefore, I define my Government’s policy as ‘the combination of development for the people and people for the development’. This certainly attributes sustainable growth. 

    It is in this context that the Government of Mongolia is seriously considering various options to move from a “brown economy” to a “green one” through green investment and environmentally sound technologies for development of mining, railway and building sectors. However, moving from coal and oil for meeting energy needs in the country will take some years, if not decades. This is a dilemma for our development.

    I believe that the impact of climate change is significant on the sustainable development. Therefore, actions at regional level are needed first to address the impact of climate change if global sustainable development is to be achieved.

    In this regard, I welcome China’s efforts to respond to climate change. China was the first developing country to adopt and implement a National Climate Change Program. China has made considerable efforts in energy conservation and pollution reduction in recent years and set its target for cutting greenhouse emissions. These actions will have a profound impact on sustainable development not only in China, but also in the region and beyond.
      
    Mongolia is highly vulnerable in ecological terms. Therefore, it becomes challenge for us to effectively exploit natural resources in a sustainable manner.

    Other concerns we face today are inappropriate grazing patterns and agricultural practices, which place extreme pressure on the land. Prolonged drought throughout the country, especially in the Gobi desert over the past few years has caused water shortages in many places, forced nomads to migrate to other areas, where the concentration of livestock gives an additional burden to the pastureland. Almost 90 per cent of the territory has become vulnerable to desertification and land degradation. Today desertification affects areas as close to as the capital city Ulaanbaatar at an alarming speed.   

    Mongolia’s economy is mainly based on agriculture and mining. Development of Oyutolgoi gold and copper deposit is underway and a dozen of other strategically important minerals’ deposits are to be developed soon. Presently, mining sector accounts for 30 percent of GDP and 80 percent of total export. And it is inevitable that we will maintain the natural resource-based economic development for some time. At the same time, we will ensure that this development pattern have a minimum possible impact on the environment and nature.

    I would like to conclude this speech by a famous saying: “We have not inherited this earth from our forefathers but borrowed it from our future generation”. Therefore, we should leave a better living place and safe environment to our next generation. 

    Thank you for your attention.

  • С.Батболд: МАХН хариуцлагатай, ёс зүйтэй байх нь монгол төр хариуцлагатай, ёс зүйтэй байхын баталгаa

    С.Батболд: МАХН хариуцлагатай, ёс зүйтэй байх нь монгол төр хариуцлагатай, ёс зүйтэй байхын баталгаaМАХН-ын XI Бага хурлын үеэр МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын “Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдал, сахилга хариуцлагын тухай” асуудлаар тавьсан улс төрийн илтгэл

    Намын Бага хурлын гишүүд, Эрхэм журмын нөхөд өө,

    Энэ удаагийн намын Бага хурал улс төр, нийгэм, эдийн засгийн онцлог нөхцөл байдалд болж байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх хугацаа тэхий дундаа орчихоод байгаа үед, эдийн засгийн хямрал байгалийн цас зудын уршгаар малчид, улмаар олонхи иргэдийн аж амьдрал хүндхэн цохилтод ороод байгаа үед, улс орны эдийн засаг, бүтээн байгуулалтын томоохон үсрэлт хийх үед, нийгмийн тодорхой хэсэг нь хувьсгалд уриалж, дийлэнх хэсэг нь тогтвортой байдлыг хүсэмжилж байгаа үед болж байна.

    Иймд та бидэнд улс орныхаа хувь заяа, намынхаа дотоод амьдралын талаар хэлэлцэн ярилцах зүйл олон байна. Намын дүрмийн байгууллага болох Бага хурал бүрэн эрхийнхээ хүрээнд ямарч асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрхтэй. Энэ хурлаас нийт нийгмийн болоод намын дотор амьдралын холбоотой чухал шийдвэр гарна гэдэгт итгэж байна. Ингээд Бага хурлын гишүүд та бүхэнд болон намын нийт олондоо хандан дараах хоёр чиглэлээр би байр сууриа илэрхийлье.      

    Нэг. МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилт, хэрэгжилтийн явц, цаашдын зорилт

    Манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө том зорилт дэвшүүлсэн. Эх орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг өөд татахын төлөө та бид хамтаараа хэлэлцэж тогтсон зорилтууд, түүнийгээ биелүүлж чадна гэсэн амлалтууд юм. Иргэдийн маань дийлэнх олонх нь үүнд итгэж найдаж, сонголтоо өгсөн. Энэ итгэл найдварын сонголтын хариуд тайлагнах хугацаа талдаа орох гэж  байгаа. Тиймээс бид юуг хийж чадсан, юуг хийж байгаа, үлдээд буй хугацаанд юуг хэрхэн яаж хийхээ нухацтай ярих нь зүйтэй.

    УИХ-аар баталсан хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт манай намын сонгуулийн хөтөлбөрийн амлалт, зорилтууд тусгагдсан. Иймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах нь манай намын нэн тэргүүний зорилго гэдгийг онцлон хэлье. МАХН, АН сонгуулийн үеийн ширүүн сөргөлдөгчид, засгийн эрхийн төлөө үргэлжийн өрсөлдөгчид мөн боловч улс үндэстнийхээ эрх ашиг, нийгмийн хөгжлийн төлөө өнөөдөр хамтран ажиллагсад, нэг баг болж ажиллах тийм л хувь зохиолтой учирсан. Бэрхшээл зовлонг хамтдаа туулж байна.

    Хамгийн гол нь Засгийн газрын зорилтууд, хөтөлбөр төслүүд хэрэгжиж байвал ард түмэнд ашигтай, улс оронд хэрэгтэй. Энэ бол манай намын эрхэм зорилго мөн. Манай намын 90 жилийн түүхийн туйлбартай мөрдсөн жанжин шугам бол олон түмний эрх ашиг байсан. Өнөөдөр ч тийм, хойшид ч тийм байх болно. Энэ том эрх ашгийн зарчимд суурилсан Засгийн газрынхаа үйл хэргийн төлөө тууштай зүтгэх нь манай намын гуйвашгүй байр суурь нэр төрийн хэрэг байх ёстой.

    Өнгөрсөн хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан томоохон асуудал амьдралд бодитой хэрэгжүүлэх баттай эхлэлийг тавьсан. Үүнд олон жил гацаанд байсан Оюу толгойн гэрээг батлуулснаар стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах их ажлын үүд хаалгыг нээсэн. Оюу толгойн гэрээ хэлцлүүд өнөөдөр олон хэл ам, хардалт сэрдэлтийг дагуулж байгаа ч алсдаа ард түмэнд ач тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Ач тус, үр өгөөжтэй байлгах эсэх нь та бидний нэгдсэн ойлголцол, хамтын зүтгэл, тууштай бодлогоос хамаарна.

    Үүний зэрэгцээ уул уурхайн салбараас олох ашгаасаа хишиг, хувь хэлбэрээр иргэддээ хүртээх нийгмийн баялгийн хувиарлалтын эрхзүйн орчныг бүрдүүлж, хишиг хувиарлалтын сангийн савны амыг нээсэн. Мөн иргэний бүртгэлийн буюу төрийн ой санамжийн төгөлдөршүүлэх ажлыг эхлүүлсэн. Бүртгэл мэдээллийн төгөлдөршил нь нийгмийн баялаг хувиарлалт, төрийн халамж үйлчилгээг ил тод, шударга байлгах зорилготой. Иргэдийнхээ өмч хөрөнгийг баталгаажуулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад ач тустай. Иймд энэ ажлын эрчийг сулруулахгүй, эцсийн үр дүнг гартал ажил хэргийг явуулах нь чухал байна.

    Сонгуулийн шударга тогтолцоо, төрийн албыг бэхжүүлэх ажил эхэлсэн. “Атрын гуравдугаар аян” зэрэг аж ахуй, үйлдвэр бизнесийн хүрээнд тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Зарим боломжийн үр дүн, амжилтууд ч гарсан. Эдгээр алхмууд бол Засгийн газрын хөтөлбөр түүгээр дамжаад манай намын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж буй тул үүнийг энд дурдаж буй. Засгийн газраас “Хүний хөгжлийн сан”-гаас иргэддээ эх орны хишиг, хувь байгаа боломжийнхоо хэрээр бодитойгоор хүртээж эхэллээ. Боловсролд шинэ стандарт нэвтрүүлэх, бизнесийн орчинг шинэчлэх, хувийн хэвшилд боломж нээх, улсын салбар төрийн өмчит байгууллагуудын үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, барилгын үйлдвэрлэл болон үйлдвэржүүлэлтийг эрчимжүүлэх гээд бодлого зорилтоо тодорхойлон ажиллаж байна.

    Засгийн газар сүүлийн хуралдаанаараа аварга гэж хэлэхүйц томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. “Таван толгой”, “Иргэн бүрт 1.5 сая төгрөг”, “Шинэ төмөр зам”, “Утаагүй Улаанбаатар” гээд үнэхээр том төслүүд. Бас л гарцаагүй хийх ёстой ажил. Цаашид цаг алдаж болохгүй тулгарсан асуудлууд. Хэрэгжүүлэхэд амаргүй зорилтууд. Мэдээж бэрхшээл саад, хэл ам, шүүмжлэл үгүйсгэл гарна. Тиймээс саад бэрхшээлийг давж, санасан зорьсон ажлаа хэрэгжүүлэхийн төлөө бид бүгд улам эрчимтэй ажиллах шаардлага нэмэгдэж байна. Нөгөө талаас хамтарсан Засгийн газарт дэмжлэг хэрэгтэй байна. Улс төрийн намын нэг гол үүрэг бол өөрийнхөө Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлэх явдал билээ.

    Энэ дэмжлэг олон хэлбэртэй байж болно. Бодлогын шийдвэр гарган дэмжих, чиглэл зөвлөгөө өгөх, бодлого зорилтоо хэрэгжүүлэх боломж олгох, үйл ажиллагааг нь сурталчлан таниулах, гишүүд дэмжигчид, иргэдийнхээ оролцоог идэвхжүүлэх бас алдаа дутагдлыг засч залруулах ажил хэрэгч шүүмжлэл хүртэл дэмжлэг мөн. Хамгийн гол нь улс төрийн, нийгмийн тогтвортой байдлаар хангах явдал нь хамгийн чухал дэмжлэг байх болно. Өнөөдөр нийгмийн тодорхой хэсгийн санаа бодол тайван бус, төр засагтаа итгэх итгэл сайнгүй байна. Энэ нь нэг талаас эдийн засгийн хямралын нөлөөгөөр үйлдвэрлэл, бизнесийн үр ашиг буурч, үнэ ханш өсч, ажлын байр хомсдож, амьжиргааны түвшинд нөлөөлж байгаатай холбоотой. Бас байгаль цаг уурын цас зудын гамшиг малчдын санаа сэтгэл, ажил амьдралд хүнд цохилт болж, түүнийг дагаад нийгмийн бүлгүүдийн нэлээд хэсгийн амин зуулга хүндэрсэнтэй холбоотой.

    Бас аль ч салбарт төрийн нэрийн өмнөөс ажил хариуцаж буй зарим хүмүүсийн хариуцлагагүй байдал, шударга бус харилцаа нь гал дээр тос нэмж бүрч бухимдуулж байгааг хэлэх хэрэгтэй. Ийм нөхцөлд байдлыг улс төрийн зарим нэг хөдөлгөөн, нам хүчин өөрийн сонирхолдоо ашиглахын тулд хүндрэл бэрхшээлийг хөөрдөн дэвэргэх, нийгмийн сэтгэл зүйгээр тоглох, олон түмний санаа бодлыг үймүүлэх, зориудаар тогтворгүй байдал үүсгэх зохион байгуулалттай гэмээр үйл ажиллагаа явагдаж байгааг анзаарахгүй байж болохгүй.

    Гэхдээ энэ бүхнийг цөөн тооны хүмүүсийн явуулга, хатгаас хэмээн үл тоомсорлож бас болохгүй. Тиймээс нийгэмд явагдаж байгаа эдгээр үзэгдлийн хөрс суурь, шалтаг шалтгаан, мөн чанарт гүн гүнзгий үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхой болгох нь энэ удаагийн бага хурлын анхаарлын төвд байх ажлуудын нэг мөн. Нийгмийг хамгийн ихээр бухимдуулж буй асуудал нь ажилгүйдэл, ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал юм. Ардчилсан нийгэмд хүний хамгийн үндсэн эрхийн нэг нь болох нь эдийн засгийн эрх бүрэн хангагдаагүй байгаа нь энэ нийгмээ шударга бус байна гэж маш олон иргэд үзэхийн үндэс суурь болоод байна. Энэ нөхцөл цаашид улам даамжирах юм бол эргэлт буцалтгүй гэж үзэж байсан ардчилсан хөгжлийн замд ч саад бэрхшээл үүсэхийг үгүйсгэх аргагүй юм.

    Ажлын байрыг олноор бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих төслүүдийг цаг алдалгүй шийдэж, нийгмийн баялгийн тэгш шударга хувиарлалтын асуудалд онцгой анхаарах шаардлагатай болж байна. Иймд 21 зууны Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хурд, өнгө аясыг тодорхойлох томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөн эхлүүлэхэд нам онцгой анхаарах шаардлагатай боллоо. Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарлаад буй том төслүүд үүнд чиглэгдэж байгаа юм.

    Эдгээр төслүүдийг ажил хэрэг болгож эхэлбэл ажилгүйдлийн түвшин буурч, эдийн засгийн өсөлт түргэсч, олон нийтийн хүсэмжилж буй эдийн засгийн шударга ёс бэхжихэд чухал хувь нэмэртэй байх учиртай. Иймд намын Бага хурлын гишүүдийн зүгээс эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх арга зам, цаг хугацааны талаар санал бодлоо уралдуулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Дээрх томоохон төслүүдийн зэрэгцээ Засгийн газар дараах зүйлүүдийг онцгой анхааралдаа авч тодорхой алхамуудыг хийхээр ажиллаж байна.

    Энэ өвлийн цас зудаар одоогийн байдлаар зургаан сая орчим мал хорогдож, малын гаралтай түүхий эдийн үнэ огцом буурч эдийн засагт сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ малчдын амьжиргаа, нийгмийн байдалд онцгой хүндрэл учруулж байна. Өвлийн цас зудны дараах энэ жилийн удаан хаврыг аль болох бага алдагдалтайгаар даван туулахад малчиддаа тус дэм үзүүлэх, тэдний нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын асуудалд онцгой анхаарах шаардлага цаашид ч үргэлжлүүлэн тавигдах юм. Иймд цас зудаас үүдсэн хүндрэлийг даван туулахад малчдад дэмжлэг үзүүлэх урт хугацааны хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулж, УИХ-даа танилцуулж хэрэгжүүлнэ.

    Засгийн газраас өргөн барьсан “Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийг УИХ-аар баталсан бөгөөд цаашид “Монгол мал” хөтөлбөрийг Засгийн газар  дэмжиж УИХ-аар батлуулна. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэх урт хугацааны арга хэмжээг цас зудны цаг үеийн асуудлаас үл хамааран  хэрэгжүүлэх болно. Ингэснээр малчин хүнийг дэмжих, мал аж ахуйн салбараа дэмжих, цаг үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулах цогц бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө бүрдэх юм.

    Хэдийгээр нөхцөл байдал амаргүй байгаа ч энэ удаа төсвийн тодотголын хүрээнд цалин тэтгэврийг нэмэгдүүлэх саналыг Засгийн газар УИХ-ын хаврын чуулганд оруулна. Цалин, тэтгэвэрийг цаашид ч нэмэгдүүлэх бодлого баримтлана. МАХН-ын нийгмийн бодлого чиглэлийн дагуу гэр бүлийг дэмжих асуудлыг нухацтай хэлэлцэж УИХ-д холбогдох саналаа оруулна. Эдгээр арга хэмжээг хэлэлцэж хэрэгжүүлснээр гэр бүлийг дэмжих, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, ахмад настанд үзүүлэх дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх, малчид, жижиг аж ахуй эрхлэгчид, ажилгүй иргэдийг эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалд бүрэн хамруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоонд шинэчлэл хийхэд тодорхой ахиц гарах юм.

    Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УИХ дахь манай бүлгийн гишүүд, МАХН-аас санал болгож сонгогдож, томилогдсон сайд, дэд сайд зэрэг улс төрийн албан тушаалтнууд өөрийн эрхлэх ажлын хүрээнд хэрхэн анхаарч ажилласнаас Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт шийдвэрлэх хэмжээгээр хамаарна гэдгийг өмнөх Бага хурлын илтгэлүүдэд дурьдагдаж байсан. Эдгээр хүмүүсээс намын өмнө хүлээх хариуцлагыг хамгийн товчоор тодорхойлбол, намаас амласан хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж, эрхэлсэн ажлаа чанартай гүйцэтгэх ёстой, эс бөгөөс энэ ажилд тэнцэхгүй гэсэн дүгнэлтэд хүрэх болно. Энэ тодорхойлолт аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагад намаас сонгогдож, томилогдсон албан тушаалтанд нэг адил хамаарна гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

    МАХН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газраас намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар орон нутгаас тайлан авч дүгнэлт хийжээ. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Иргэдийн хурлын тэргүүлэгчид нь жил бүр хэлэлцэж Засаг дарга нарынхаа ажлыг үнэлэхэд бүгд л “хангалттай” гэж дүгнэжээ. Гэвч “хангалттай” гэдэг тоон үнэлгээ нь бодит байдал дээр очихоороо иргэд сонгогчдын үнэлгээнээс зарим тохиолдолд зөрчихөөд байна. Цаасан дээрх тайлан мэдээ, амьдрал дээрх ажил байдал зөрж байгааг МАХН-аас санал болгон сонгогдож, томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, улс төрийн албан тушаалтнууд, бүх шатны Засаг дарга, ИТХ-ын дарга нар онцгой анхаарах ёстой.

    Та бидэнд сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүлэхээс өөр зам, өөр гарц байхгүй. Үүний тулд дараах арга хэмжээг авах нь зүйтэй. Үүнд, нэгд, шат шатны намын байгууллагууд, МАХН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар, УИХ-ын МАХН-ын бүлэг мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлж дүгнэх, хариуцлага тооцох, дүн шинжилгээ хийх, мэдээллээр хангах үүрэг бүхий цомхон чадварлаг бүтэц бий болгон эрчимтэй ажиллахыг чиглэл болгож байна. Та бид намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар зөвхөн энэ удаа хэлэлцэж байгаа биш ээ. МАХН-ын Бага хурлын VI хуралдаанаар “Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд намын бүх шатны байгууллагын үүрэг”-ийн тухай асуудал хэлэлцсэн. Одоо давтан ярьцгааж буй маань санамсаргүй хэрэг биш. МАХН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын тухайд нэг нарийн бичгийн даргын ахалсан ажлын хэсэг байгуулж, Намын бага хурлын гишүүдээс татан оролцуулж дээр хэлсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийг онцгойлон анхааръя.

    Хоёр. Улс төрийн намын хөгжил, нийгмийн шаардлага.

    Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь аливаа эрх барьж буй намын гол зорилт, үндсэн үүрэг мөн. Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн зэрэгцээ алсын хараа, хөгжлийн стратегиа байнга боловсронгүй болгож, нийгмийн шаардлагыг үнэлж дүгнэх хэрэгтэй. Улам бүр хурдтай өөрчлөгдөж буй нөхцөл байдалд улс төрийн нам дасан зохицож, үргэлж шинэчлэгдэн хөгжиж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх буюу урагшлах хөдөлгөөний манлайд явах ёстой.

    Манай нам Монгол Улсаа хөгжүүлэх, нийгмийн харилцааг улам боловсронгуй болгоход тэмүүлсэн байнгын тасралтгүй үйл явцыг 89 жилийн туршид тэргүүлж, санаачилж, манлайлж ирсэн. 20-р зуунд улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж, орчин цагийн аж үйлдвэр, нийгмийн байгууламжуудыг бүтээн байгуулсан бахархалтай түүхийг бидний өмнөх үеийнхэн үлдээсэн.  Ардчилсан Монгол төрийг бэхжүүлэхэд МАХН чухал үүрэг гүйцэтгэсэн. Гүйцэтгэсээр байна. Ардчилалыг тогтолцооны хувьд Монгол Улсад бүрэлдүүлэх, хүний үндсэн эрх, эрх чөлөө, чөлөөт сонгууль, хэвлэлийн эрх чөлөө зэрэг үнэт зүйлийг төлөвшүүлэхэд өнгөрсөн хугацааны ихэнх үед нь засгийн эрх барьж байсан улс төрийн хүчний хувьд МАХН зонхилох хувь нэмэр оруулсан.

    Харин одоо та бид 21 зууны Монгол Улсын бүтээн байгуулалтын шинэ төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэн, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, ардчиллын шинэ үе шатыг манлайлж, төрийг ард түмэндээ илүү ойр, ил тод, ёс зүйтэй байлгаж чадвал МАХН-аараа бахархах түүхийг дараа үеийхэндээ өвлөн үлдээж чадна. Манай нам олон түмний нам, ард иргэдтэйгээ ямарч үед хамт явж ирсэн нам. Тиймээс өнөөдөр ч, хойшид ч ард олныхоо дунд байж тэднийгээ сонсож, хүсэл мөрөөдөл, зовлон шаналалыг нь мэдэрч ажиллах учиртай.     

    Өнгөрөгч Бага хурлаас хойш энэ чиглэлээр багагүй ажил хийсэн.  “Нийгмийн ардчиллын аян”-ыг эхлүүлж үүнээ 2010 онд “Ард түмнээ сонсох” жил болгон үргэлжлүүлж байна. “МАХН-XXI ЗУУНД” намын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан намын бүх шатны байгууллагын түвшинд хэрэгжүүлж эхэллээ. Эл хөтөлбөрийг боловсруулахдаа олон мянган хүнийг хамарсан хэлэлцүүлэг, уулзалт ярилцлага зохион байгууллаа. “Намын ажилтны улсын зөвлөгөөн”-ийг намын бүх шатны байгууллагууд, идэвхтэн сонгуультны дунд зохион байгуулж, намын асуудлаар санал солилцлоо. Эдгээр арга хэмжээ намын үзэл баримтлал, үнэт зүйлс, бүтэц зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн дүрмийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно.

    Энэ бүх хэлэлцүүлэг, саналаас үзэхэд нийгмийн шударга ёсны эрэлхийлэл, хүсэмжлэл улам бүр олон нийтийг хамарч байгаа нь бидэнд мэдрэгдлээ. Нийгмийн шударга ёсны хүсэмжлэл гагцхүү эдийн засгийн агуулгатай биш юм. Төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээ ялгавартай, ижил тэгш бус, авилгал хээл хахууль мэдэгдэхүйц буурахгүй байгаа, төрийн бүх шатны байгууллагын хариуцлага дээшлэхгүй байгаа нь ядуурал, ажилгүйдлээс дутахааргүйгээр олон нийтийн дургуйцэл, эгдүүцэлийг хүргэж байгаа нь ойлгомжтой.

    Монгол Улсад ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэг эхлээд 20 жил өнгөрсөн ч шударга бус, хууль бус үйлдэлтэй тэмцэх ажилд хүн бүхэнд мэдрэгдэхүйц ахиц үр дүн гарахгүй, харин ч бүр энэ бүхэнд дасаж, байдаг зүйл мэтээр санаа амарлангуй хандах явдал газар авч байгаад олон нийт дүгнэлт өгч байна. Санаа амарлангүй хандлага нь өдөр тутмын түвшинд иргэдэд үзүүлж буй төрийн төрөл бүрийн үйлчилгээ хөшүүн хойргоос эхлээд гар цайлгахаас наана ажил төрөл урагшилдаггүй гэсэн иргэдийн гомдлоор илэрхийлэгдээд удаж байна.

    Ийм байдлыг засаж залруулах, цаашид гаргуулахгүй байхын тулд нийтэд ижил тэгш үйлчилдэг ардчилсан нийгмийн хэм хэмжээ, ардчилсан институцийн үйл ажиллагааг улам бэхжүүлж хөгжүүлэх шаардлага байна. Энэ шаардлагыг манай МАХН мэдэрч, ардчиллын шинэ түрлэг, түүнийг боловсронгуй болгох дараагийн үе шатыг тэргүүлж, санаачилж, манлайлж явж чадах эсэхээс ойрын хэдэн арван жилүүдэд улс төрийн тавцан дахь намын байр суурь шаалтгаална. “Ард түмнээ сонсох” жилийн хүрээнд олон нийтээс манай намд хандан дэвшүүлж буй нэг асуудал бол төрийн бүх шатны байгууллагын хариуцлагын тухай сэдэв юм.

    Төрийн аль ч шатанд байгаа худал хуурмаг явдал, хууль бус үйлдлийг олон нийтийн зүгээс эрх баригчидтай, юуны өмнө манай намтай шууд холбон ойлгож, илт шүүмжлэх болоод байна. Энэ нь ч бас үндэслэлтэй юм. Монгол Улсын сүүлийн 89 жилийн түүхэнд 85 жил төрийн эрхийг дангаараа эсвэл хамтран барьж байсан улс төрийн ууган хүчин бусдаас илүү хариуцлагатай, ёс зүйтэй байхыг олон нийт хүсч хүсэмжилж байгаагийн илрэл. МАХН хариуцлагатай, ёс зүйтэй байх нь монгол төр хариуцлагатай, ёс зүйтэй байхын баталгаа юм.  

    Иймд МАХН, түүний тэргүүлж буй Засгийн газар улс төрийн хариуцлагын асуудалд төрийн удирдлагын бүх шатанд онцгой анхаарах цаг болжээ. Үүнтэй холбоотойгоор бид намын гишүүний хариуцлагын тухай нухацтай ярьж, бодитой хэрэгжүүлэх шаардлага бий болоод байна. Намаас улс төрийн дэмжлэг авч төр, засгийн хариуцлагатай ажил албанд очингуутаа намаасаа нүүр буруулдаг, төрөл арилждаг, намын хамт олноо мартдаг, намын бодлогоо дэмждэггүй, намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл зүрх, хүчин чармайлт гарган ажиллахаа умартдаг зохисгүй байдал манай намд бүү байг гэж намын хамт олон маань хүсэж байгааг хүн бүр ойлгох ёстой.

    Намын нэрээр улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдсон гишүүд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан тохиолдолд намын дүрмийн дагуу шат шатанд тодорхой дүгнэлт хийж, цаашид нь тодорхой хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, шат шатны сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байх хүртэл хариуцлага тооцож хэвшихийг олон нийт ч, манай намын гишүүд ч шаардаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Иймд хариуцлагыг тооцох арга хэлбэрийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Саяхан Удирдах Зөвлөлийн хурлаар “МАХН-ын Бага хурлын гишүүдийн ажлыг үнэлж, дүгнэх журам”-ыг баталлаа. Энэхүү батлагдсан үзүүлэлтүүдээр гишүүн тус бүрийг МАХН-ын Хяналтын Ерөнхий хороо, Ёс зүйн хороо, МАХН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газраас хамтран дүгнэж, МАХН-ын Удирдах Зөвлөл болон МАХН-ын Бага хуралд мэдээлж байхаар шийдвэрлэлээ.

    Энэ бол намаас санал болгож, сонгогдож томилогдсон албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх нэг чухал хөшүүрэг байхын зэрэгцээ цаашид намаас аль нэг албан тушаалд дахин санал болгох гол хэмжүүр байх болно. Үүнтэй холбогдон намын дүрмийн холбогдох заалт, хэсгүүдэд МАХН-ын Удирдах Зөвлөл, Хяналтын Ерөнхий хорооны саналыг үндэслэн намын сахилга, хариуцлагын холбогдолтой заалтуудад зарим нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон байна. Тухайлбал, намаас санал болгож сонгогдож, томилогдсон албан тушаалтны эрх үүргийг нарийвчлан тодотгох, тэдний зүгээс намын эв нэгдэл, нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргавал улс төрийн хариуцлага тооцох хэрэгтэй гэж гишүүдийн дундаас санал гаргаж буйг анхаарлын гадна орхиж болохгүй.

    Сонгуульд өрсөлдөгч хүчнийхээ талд илт ажилладаг, нам дотроо нэр дэвшихийн тулд мөнгө, хөрөнгө амладаг, тараадаг, хууль дүрмийн бус үйлдлүүд гаргадаг, намын эв нэгдэл, эрх ашиг, нэр хүндэд илт хохирол учруулахуйц худал мэдээ, мэдээллийг түгээдэг баримт байна гэж гишүүд шүүмжилж байгаа. Намын гишүүний хувийн сахилга бат бол дүрэм журамд захирагдахын зэрэгцээ ёс зүйгээр хэмжигдэх учиртай. Хувийн явцуу эрх ашиг, хүсэл зорилгоо нам, төрийн ажлаас дээгүүр тавихыг олон нийт жигшин үздэг боллоо. Үүнд намын шат шатны байгууллагууд дүгнэлт хийж, зориуд анхаарч ажиллах ёстой. Энэ бол МАХН-ын үйл ажиллагааны шинэчлэлийн нэг гол чиглэл байх ёстой.

    Энд намын гишүүдийнхээ хариуцлагын талаар түлхүү ярьж байгаа нь хариуцлагыг юуны өмнө намаас томилогдсон, сонгогдсон албан тушаалтнуудтай тооцож чадаж байвал бид төрийн нийт албан хаагчдаас хариуцлагыг бүрэн хэрэгжүүлэхийг шаардах ёс зүйн эрхтэй болох юм. Бүх шатанд, улс орны хэмжээнд сахилга батыг бэхжүүлж, хариуцлага тооцож, зарчим журамгүй, эмх замбараагүй байдалтай тэмцэж ажиллах цаг болсон байна. Үүнийг ард түмэн үгүйлж, хүсч, бас шаардах боллоо.

    “Нийгмийн ардчиллын аян”, “Ард түмнээ сонсох” жил, “МАХН-XXI ЗУУНД” намын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах арга хэмжээний явцад нэг зүйл тодорхой харагдлаа. Тэр нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд намын манлайлалыг хангахын тулд МАХН-ын шинэчлэлийг, бүх талаар гүнзгийрүүлэн эрчимжүүлэх явдал юм. Намын шинэчлэлийн хэлбэр, агуулгын асуудлыг “Ард түмнээ сонсох” жилийн хүрээнд намын бүх шатны байгууллагаар хэлэлцэх нь зүйтэй. Үүнд үзэл бодлын шинэчлэл, төрийн алба хаагчид намын харъяалалгүй болсонтой холбогдуулан нам иргэний нийгэм, үйлдвэрчний эвлэлийн багууллага, төрийн бус байгууллагуудтай харилцаа холбоо, хамтын ажиллагааны асуудал чухлаар тавигдаж байна.

    Үзэл бодлын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ чөлөөт зах зээлийн тогтолцоог тэтгэж, нийгмийн баялгийн хувиарлалтын шударга ёсыг сахих, улс орны эв нэгдлийг хангаж, тогтвортой байдлыг бэхжүүлэх, хөдөлмөрч зан чанарыг урамшуулж, боловсрол, өрсөлдөх чадварыг тэтгэх, эрх чөлөөт тогтолцоог бэхжүүлж, санаачилгыг урамшуулах манай намын ардчилсан социалист болох нийгмийн ардчилалын үнэт зүйлсэд онцгой анхаарах ёстой гэж үзэж байна. Эдгээр асуудлыг намын ээлжит Их хурлаар хэлэлцэх нь зүйтэй.

    Бидэнд бас үйлдэл, үйл ажиллагааны шинэчлэл чухал болно. Хуулийг хэлбэрэлтгүй баримтлах, алдаа дутагдлынхаа төлөө уучлал гуйж чаддаг, засаж залруулдаг байх соёлд ч суралцууштай. МАХН улс төрийн шийдвэр гаргахдаа дотроо олон талаас нь шүүн ярилцаж, тунгаан хэлэлцэж ирсэн. Цаашид ч энэ уламжлалт аргаа барьж ажиллана. Олонхиороо асуудлаа шийдэж, улс төрийн шийдвэр нэгэнт гарсан бол тохирсон зүйлээ намын хэмжээнд бүгдээр ягштал биелүүлэх нь бодлогын сахилгын шалгуур үзүүлэлт байх ёстой.

    Бодлогын сахилгыг чанд сахих нь намын дотоод ардчиллыг, шүүмжлэлтэй намын гишүүдийн үзэл бодол, чөлөөтэй хэлж ярих эрхийг хааж, боогдуулж буй хэрэг огтхон ч биш билээ. Ходоод хагаравч тогоондоо, гэдэг хуучны үг бий. Шүүмжлэл, санал бодлын зөрөлдөөн, үл ойлголцол байдаг л зүйл. Манай намын хувьд энэ бүх асуудал дотооддоо шийдэж ирсэн уламжлалтай.  

    Бага хурлын гишүүд, журмын нөхөд өө,
    Манай намын түүхт 90 жилийн ой 2011 онд тохионо. Намынхаа 90 жилийн ойг угтан намын бүх үүр, сум, дүүрэг, аймаг,  нийслэлийн намын хороо, Удирдах Зөвлөл тус бүртээ 9 бүтээлч ажлын аян өрнүүлж байна. Монголын ард түмэн, намынхаа гишүүд, дэмжигчдийн дэмээр намын маань Төв байрны ажил урагштай явагдаж байна. Энэ талаар Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх дарга Та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх аа. Намынхаа 90 жилийн ойгоор нээлтээ хийх боломж бүрдэнэ гэж найдаж байна.

    Намынхаа Төв байрыг ард иргэд, гишүүд дэмжигчдээс ирүүлсэн саналын дагуу “Тусгаар тогтнолын ордон” хэмээн үеийн үед үүрд нэрлэхээр намын Удирдах Зөвлөлөөс шийдвэрлэснийг мэдэгдэхэд таатай байна. Намын гишүүд дэмжигчдийн дунд хандив цуглуулах хөдөлгөөн идэвхтэй өрнөж байна. Тусгаар тогтнолын цагаан ордноо барихад хандив, тусламж үзүүлж буй байгууллага, хамт олон, намын гишүүд дэмжигчдэдээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа намын нийт гишүүдийн өмнөөс илэрхийлье.

    Бага хурлын гишүүд, журмын нөхөд өө,

    Монгол Улсынхаа маргаашийн дүр төрх нүүр царайг бид өнөөдөр зөв сонголт хийн тодорхойлж өөрийн үзэл бодлоо сонсгохгүй бол төрийг хүчгүйдүүлж, Монголчууд монголчууддаа дайсагнаж, хүчирхийлэлд уриалан дуудах явдал газар авч өдөр тутам шахам цацах болсныг анзааралгүй өнгөрүүлэх арга алга.

    Бидний эцэг дээдэс ”эвт шаазгай буга барина” хэмээх ухаант үгийг өвлүүлэн үлдээсэн байдаг. Намын гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж талцал зөрчлийг намжаан улс орныхоо эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, нийгмийн хөгжлийг бататгах үйлсийн төлөө хүчээ нэгтэн бүгд хамтран ажиллая. Монгол орны эв нэгдлийн илэрхийлэл болсон Үндсэн хууль, түүний дагуу байгуулагдсан төр засгийн тогтвортой байдлыг хангаж, УИХ, хамтарсан Засгийн газрыг улс орны хөгжил, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажиллуулах нь зүйтэй гэсэн бодлогыг манай нам одоо ч барьж байна.

    Иргэд сонгогчдын маань манай намд итгэсэн итгэлийн гал өөдөө байна. Бид итгэлийг зүтгэлээр хариулж, гишүүд дэмжигчдээ сайн зохион байгуулж, хүсэл тэмүүлэл, эрч хүчийг нь бадрааж чадвал ард түмний маань заяа түшиж, эх орныхоо хөгжлийн баталгааг түүчээлэн явах манай намын ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болно. Энэ нь гагцхүү та бидний сэтгэлийн хат, итгэлийн оч, зүтгэлийн үр, сахилга батаас хамаарах болно оо. Бид хамтдаа чадна.

    Анхаарал тавьсан журмын нөхөд Та бүхэндээ баярлалаа.

  • С.Батболд МАХН-ын дарга боллоо

    Ерөнхий сайд С.Батболд МАХН-ын дарга боллоо МАХН-ын бага хурлын ХI хуралдаан өнөөдөр төрийн ордонд болж байна. Хурлын үеэр тус намын дарга С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав. Тэрээр “МАХН-ын үе үеийн дарга нар нийгмийн захиалгаар гарч ирдэг. Ерөнхий сайд С.Батболд ч нийгмийн захиалгаар гарч ирж байна. Өнөө үед улс орны эдийн засгийн хөгжлийг авч явах, бизнесийн орчинг бүрдүүлэх, эдгээр зорилтыг шийдвэрлэхэд эдийн засгийн мэдлэг туршлагатай удирдагч хэрэгтэй байна. Ерөнхий сайд С.Батболд үүнд яг тохирно” хэмээн хэлж намынхаа 25-р их хурлын дүрмийн дагуу МАХН-ын даргад Ерөнхий сайд С.Батболдын нэрийг дэвшүүллээ.  

    МАХН-ын дарга С.Баярын санал болгосны дагуу бага хурлын гишүүдийн дунд санал хураалт явагдав. Санал хураалтанд МАХН-ын бага хурлын 194 төлөөлөгч оролцсоноос 98,4 хувийн саналаар Ерөнхий сайд С.Батболдыг МАХН-ын даргаар сонгов. Мөн Ерөнхий сайд С.Батболдыг МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонголоо. Тэрээр МАХН-ын даргаар итгэл үзүүлж томилсон гишүүддээ талархал илэрхийлж, намын тамгаа хүлээн авсаныхаа дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдал, сахилга хариуцлагын тухай” асуудлаар улс төрийн илтгэл тавилаа.

  • Хуулиудын төсөл өргөн барив

    Хуулиудын төсөл өргөн барив

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4 дүгээр сар 8-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр, “Агаарын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн төсөл, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, хуулийн төсөлтэй холбогдуулан нэр бүхий хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг өргөн барилаа.

    Улс эх орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх, нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэхтэй холбоотой зарим хууль, тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Ойрын үед олон чухал асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг өргөн мэдүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв.
       
    “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдсанаар:
    •    Төмөр замын дэд бүтцийн хөгжилтэй уялдан хөрш орнуудтай эдийн засгийн тэнцвэртэй харилцаа хөгжинө
    •    Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, Монгол Улс эрчимтэй хөгжих нөхцөл хангагдана
    •    Хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах төмөр замын шинэ гарц нэмэгдэж, эрэлт ихтэй гуравдагч орны зах зээлд ашигт малтмалаа шууд нийлүүлэх боломж бүрдэж, далайн боомтуудад гарцтай болно
    •    Экспорт, импортын ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээвэр нэмэгдэнэ.

    “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр :

    Хөтөлбөрт хотын агаарын бохирдлыг зөвшөөрөгдөх хэмжээнд нь хүртэл цэвэршүүлэхийн тулд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх зорилтууд, үйл ажиллагаа, шаардагдах хөрөнгийн тооцоог цогцоор нь тодорхойлсон байна. Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг сайжруулан дэд бүтэц шинээр бий болгох, гэр хорооллыг барилгажуулах, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвортой ажиллаж, амьдрах нөхцөл, бололцоог сайжруулахын тулд эрх зүйн болон эдийн засгийн орчин бүрдүүлэх, аймаг, бүсийн төвүүдийг нийслэлтэй болон хилийн боомтуудтай холбосон хатуу хучилттай зам барих, аймгийн төв, бүсийн төв, суурингуудыг цогцоор нь тохижуулан хөгжүүлэх, орон нутагт нийгмийн дэд бүтэц бий болгох юм.

    “Агаарын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”

    “Агаарын төлбөрийн тухай хууль” батлагдсанаар бохирдуулагч нь төлбөр төлөгч байх зарчим хэрэгжинэ. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ухамсарлаж, агаар бохирдуулах үйл ажиллагаагаа хянах механизм бий болох юм. Ингэснээр агаарын бохирдлыг багасгах талаар санаачлага гарч, зөвхөн эдийн засгийн ашгийг харах бус байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн сонгох нөхцөл бүрдэнэ. Хууль батлагдсанаар төлбөрийн чадвар хангах, нарийвчилсан      төлбөр тооцооны механизм нэвтэрч, нийгмийн эмзэг бүлгийнхэнд утаагүй, цэвэр түлш хэрэглэж эхлэх санхүүгийн бодит бололцоо бүрдүүлэх тогтолцоо бий болох юм.

    “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлт

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, бизнесийн орчны шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлого, зорилтын хүрээнд хяналт, шалгалтыг олон улсын жишигт ойртуулж боловсронгуй болгох. Үүний тулд аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хяналт, шалгалтын ил тод, нээлттэй байдлыг хангаж, эрсдэлд тулгуурласан хяналт, шалгалт хийх асуудал хуульчлагдах юм.

    “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга

    Хүн амын өсөлтийг даган хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсч, төлөвлөлтгүй суурьшил бий болж, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээний салбар доголдох зэрэг олон хүндрэл гарах болсон. Нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн өөрчлөлтийг харгалзан, нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг, нийслэлийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, нийслэлийн санхүү, өмчийн харилцааг боловсронгуй болгох, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Хамтарсан Засгийн газар иргэн бүртээ 1.5 саяыг өгнө

    С.Батболд: Хамтарсан Засгийн газар иргэн бүртээ 1.5 саяыг өгнө Манай орны нийт ард иргэд ээ, 
    Та бүхэн минь тавтай сайхан хаваржиж байна уу?

    Хаврын урь орж, их ажлын улирал эхэлж буй энэ цаг мөчид Хамтарсан Засгийн газрынхаа нэрийн өмнөөс нийт ард түмэндээ хандаж байна. Би Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хүлээн авснаас хойш 155 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд хүний хөгжилд анхаарч, төсвөө батлуулж, 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, “Хүний хөгжил сан”-гаас иргэддээ эх орны хишиг, хувь хүртээх ажлыг эхлүүлж, Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж, боловсрол, хөрөнгийн зах зээл, дэд бүтцийн салбарын бодлогын шинэчлэлийг эхлүүллээ.

    Үүний зэрэгцээ цас зуд, нийтийг хамарсан ханиад томуу, банк санхүү, эдийн засгийн хямрал давхцсан “хатуу” өвлийг та бид хамтдаа туулж байна. Засгийн газар хямралыг сөрөн давах, цас зуданд өртсөн малчиддаа тусламж дэмжлэг үзүүлэх, халдварт өвчинтэй тэмцэхэд ихээхэн цаг хүч, багагүй хөрөнгө зарцууллаа. Цагийн эрхээр байгалийн ая зан зөөлрөвч, зудыг даван туулах, хохирлыг барагдуулах зэрэг шийдлээ хүлээсэн нийгмийн асуудлууд тулгамдаж байна.

    Хамтарсан засгийн газар эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө үйл ажиллагаагаа эрчимжүүлж, гол түлхүүр асуудлуудад хүч анхаарлаа төвлөрүүлнэ. Бид Монгол хүн бүрийн амьдралд энэ өөрчлөлтийн үр шимийг мэдрүүлэхийн төлөө ажиллана. Тиймээс Хамтарсан Засгийн газар өдөр тутмын шийдэх ёстой асуудлаас гадна эдийн засагт хөгжил дэвшил авчирах үндсэн дөрвөн том төслийг эхлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэснээ нийт ард иргэд та бүхэндээ танилцуулж байна. 

    Нэг: “Тавантолгой” төсөл
    Хамтарсан Засгийн газрын ойрын хугацааны хамгийн том зорилт бол Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал юм. Байгалийн арвин нөөц баялагтай энэ орд газар дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын анхааралыг татаж байгаа. Манай засгийн газар энэ ордыг ашиглах талаар хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахдаа Монгол улсынхаа үндэсний эрх ашгийг баримтлана. Тиймээс Тавантолгойн орд газрыг 100 хувь төрийн өмчлөлд байлгана. Энэ үндсэн зарчимд тулгуурлан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг гэрээгээр ажиллуулна.

    Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээг байгуулснаар уул уурхайн салбарт дахин нэг том төсөл хэрэгжих боломж бүрдэнэ. Тавантолгойн ордыг түшиглэж төмөр зам, цахилгаан станц, хот тосгон барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт өрнөнө. Энэ төслийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрс баяжуулах, угаах, коксын, металлургийн, барилгын материалын үйлдвэр барих, түүнийг дагасан бүх ажил үйлчилгээнд нэн тэргүүнд үндэсний компаниудыг дэмжин оролцуулж, олон мянган хүнийг ажилтай болгоно. Бид энэ удаад түүхий эдээ гаргах биш, бүтээгдэхүүн болгох зорилт тавьж байна.

    Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар “Хүний хөгжлийн сан”-гаас хэрэгжүүлэх арга хэмжээний орлогын эх үүсвэрийн ихэнх хэсэг бүрдэнэ. Тиймээс Таван толгойн орд газрын асуудлыг “Хүний хөгжлийн сан”-гаас хишиг, хувь хүртэх асуудалтай хамтад нь шийдвэрлэнэ.  

    Хоёр: “Иргэн бүрт 1.5 сая төгрөг” төсөл
    Бид 2008 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхээр иргэн бүртээ хишиг, хувь хүртээх “Хүний хөгжил сан”-г санаачилан байгуулж, эхний ээлжинд 120.000 төгрөг олгох шийдвэр гаргасан. Үлдэгдэл мөнгийг хэзээ, ямар хэлбэрээр өгөх талаар өнөөдөр би байр сууриа илэрхийлье. Монгол Улсынхаа иргэн бүрт 1.5 сая төгрөгийг энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд тэтгэвэрийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны төлбөрийн эрх, бэлэн мөнгө өгөх гэсэн хэлбэрүүдээр олгоно.

    Эдийн засгийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхгүй байх үүднээс эхний ээлжинд иргэн бүрт “Хүний хөгжил сан”-гаас дунджаар 500.000 төгрөгийг үе шаттайгаар, бэлнээр олгохоор төлөвлөөд байна. Өнөөдөр манай малчид, ажилгүй иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь тэтгэврийн даатгалд хамрагдаж чадахгүй байна. Одоогоор 800 мянга орчим иргэн тэтгэврийн даатгалд, 400 мянга орчим иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байна.

    Эдгээр иргэдийн даатгалын төлбөрийг “Хүний хөгжлийн сан”-гаас төлж, 2011 оноос эхлэн тэтгэвэр авч, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болгоно. Энэхүү арга хэмжээ нь нийгмийн шударга ёсыг тогтоох, орчин үеийн энэрэнгүй төрд зайлшгүй байх нийтийг хамарсан тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх зөв бодлогын эхлэл болох учиртай. Их, дээд сургуулийн оюутнууд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагсадын сургалтын болон дотуур байрны төлбөр, ерөнхий боловсролын сурагчдын сурах бичиг, хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцас авах, төрөл бүрийн сургалтанд хамрагдаж мэргэжил эзэмших, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийлгэх, орон сууц худалдан авах урьдчилгаа болон зээлийн хүү төлөхөд зориулагдсан төлбөрийн эрх зэрэг хувилбаруудаас сонголттойгоор олгоно.

    Гэхдээ уул уурхайн баялагийн хишиг, хувиа иргэд ямар хэлбэрээр хүртэхийг судалгааны үндсэн дээр тогтооно. Тухайн төрөлд шаардагдах мөнгийг “Хүний хөгжил сан”-гаас жил бүр гаргуулж байхаар төсвийн төсөлд тусгуулж ажиллана. Ингэж ард түмнийхээ нийтлэг хүсэл сонирхол болсон боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд хөрөнгө оруулалт хийх замаар шийдвэрлэж байгаа нь эдгээр салбарт томоохон хөгжил дэвшил авчирах төдийгүй, нийгэм эдийн засаг, төсөв, санхүүд үзүүлж болзошгүй дарамтыг хүндрэл багатай даван гарах нөхцөл бүрдэнэ.

    Гурав: “Шинэ төмөр зам” төсөл
    Уул уурхайн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүтээгдэхүүний борлуулалт, тээвэрлэлтийг үр ашигтай байлгахад дэд бүтэц, төмөр замын асуудал эн тэргүүний зорилт болон тавигддаг. Тиймээс манай Засгийн газар хөгжлийн хэтийн төлөв, улс үндэстнийхээ эрх ашигт нийцсэн төмөр замын дэд бүтцийг барьж байгуулахыг гуравдахь том төсөл болгон зарлаж байна. Төмөр замын дэд бүтэц нь гол тэнхлэгийг урт хугцааны бодлогын хүрээнд үүсгэж, олон уурхай, хүн ам төвлөрсөн газруудыг дайрч эдийн засгийн болон нийгмийн ач холбогдолтой байх гэсэн үндсэн шалгуураар тавигдана.

    Үүнд хамгийн ач холбогдолтой маршрутыг баруун хязгаараас эхлэн Тавантолгой-Сайншанд-Чойбалсанг дайрч зүүн хязгаарт хүрсэн хөндлөн тэнхлэгийн төмөр зам хэмээн үзэж байна. Энэ зам нь алсдаа дорнод болон төв, говийн бүст буй зэс, нүүрс, төмөр, уран, нефтийн ордуудыг найдвартай дэд бүтцээр хангахын зэрэгцээ Зүүн хойд азийн бүс нутагтай эдийн засгийн өргөн харилцаа өрнүүлэх бололцоог нээх болно. Мөн Тавантолгой зэрэг томоохон орд газруудыг зах зээлтэй нь холбосон замуудыг барьж байгуулах нь ач холбогдолтой гэж үзэж байна.

    Монголын эдийн засгийн харилцаа нэг, хоёр бус олон гарцтай байвал уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл найдвартай, тогтвортой байна. Энэ зам монголын нийгэмд тулгарч байгаа олон бэрхшээлийн нэг болох боловсруулах үйлдвэрлэлийн хөгжилд юугаар ч орлуулшгүй дэмжлэг, хурдасгагч болно. Төмөр замын хэвтээ тэнхлэг нь босоо тэнхлэгийн дагууд байгаа зэс, төмрийн ордын бүтээгдэхүүнийг түүхийгээр нь зөөх явдалд цэг тавих учиртай. Энэ нь хүн ам зүйн шинэ төвлөрөлүүдийг үүсгэж, үйлдвэржилтийг дэмжин, ажилгүйдэл ядуурлыг бууруулхад томоохон түлхэц болно. Төмөр замын үндэсний сүлжээ, хэвтээ, босоо тэнхлэг бүрэн ашиглалтанд орсноор улс орны дотоод дахь эдийн засаг, соёлын солилцоо ч түргэсэх нь дамжиггүй .

    Дөрөв: “Утаагүй Улаанбаатар” төсөл
    Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй дөрөв дэхь том төсөл бол “Утаагүй Улаанбаатар” юм. Утаа, агаарын бохирдол нь зөвхөн өвлийн саруудад л сөхөгддөг, жил бүр ярьж, хөрөнгө мөнгө урсгадаг асуудал баймааргүй байна. Хавар боллоо, агаарын бохирдол багаслаа гэж асуудлыг урьдынх шигээ тайван орхихгүй. Харин ч агаарын бохирдол багасч байгаа энэ цаг мөчөөс тодорхой арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ.
      Утааны цаана олон асуудал бий. Хамгийн ихээр санаа зовоож байгаа нь иргэдийн эрүүл мэнд, ая тух. Төр засаг иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг хангах ёстой. Бид энэ үүргээ биелүүлнэ.

    “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг “100 мянган айлын орон сууц” болон авто замын салбарт хэрэгжүүлэх төсөл, ажлын байр бий болгох, ногоон эдийн засгийг хөгжүүлэх арга хэмжээнүүдтэй уялдуулан шийдвэрлэнэ. Гэр хорооллыг барилгажуулж, 35 байршилд 75.000 айлын орон сууцны цогцолборыг эмнэлэг сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, төвлөрсөн инженерийн байгууламж, дэд бүтцийн хамт цогцоор нь төслийн хугцаанд шийдвэрлэх зорилтыг өмнөө тавилаа.

    Ингэхдээ орон сууцжуулах, бүтээн босголтын үйл ажиллагаанд ажилгүй иргэдийг хамруулан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургаж, олон мянган ажлын байртай болгох нь манай Засгийн газрын бас нэг том зорилт байх болно. Энэ хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд нийслэлийн маань хүн амын 70 хувь нь нийтийн орон сууцаар хангагдаж, байгаль орчинд ээлтэй тээврийн үйлчилгээ нэвтэрч, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 20 ам метрт хүрч хот маань шинэ ногоон Улаанбаатар болж өргөжин хөгжинө. Ингэснээр Засгийн газрын ногоон эдийн засгийн бодлого ч нийгмийн салбар бүрт эрчимтэй нэвтэрнэ.

    Нийт иргэд ээ,
    Ард иргэдийн амьдрал, улс орны эдийн засаг, нийгэм, бүс нутаг, нийслэлийн хөгжилд дорвитой түлхэц өгөхүйц энэ дөрвөн том төслийг хэрэгжүүлэхийн төлөө Хамтарсан Засгийн газар үлдэж буй бүрэн эрхийнхээ хугацаанд бүхий л бололцоо чадлаараа ажиллах зориг эрмэлзэлтэй байна. Хамтарсан Засгийн газрын ажлын эхний үр дүн ч гарч байна. Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болж урьдчилсан төлбөрийн хоёр дахь хэсэг болох 50 сая. ам доллар орж ирнэ. Энэ нь “Хүний хөгжлийн сан”-гаас ард иргэдээ хишиг, хувь хүргэхэд чухал нэмэр болно.

    Мөн Улаанбаатар хотод ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнөөдөр Нийслэлийн Засаг дарга, “Оюу толгой” ХХК-тай хамтын ажиллагааны баримт бичиг гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд “Оюу толгой” ХХК 36 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, нийслэлд 3000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор боллоо. Цаашид бидний хийх ажил улам их байна. Тиймээс энэ удаагийн УИХ-ын хаврын чуулганаар улс орны хөгжлийн ирээдүй хэтийн дүр зургийг тодорхойлсон асуудлуудыг бэлтгэж, хэлэлцэн шийдвэрлүүлэхээр Засгийн газраас өргөн барина. Биднийг асар их хүчин чармайлт, томоохон хөрөнгө оруулалт, ядрал, шантрал, зовлон бэрхшээл ч хүлээж байгаа. Аз жаргал, сайхан амьдрал, хөгжил дэвшил зөвхөн тууштай зүтгэл, хамтын хүч, нэгдмэл сэтгэлээр л ирдгийг өнгөрсөн жилүүдэд бид хангалттай ойлгож авсан.

    Засгийн газар ямар ч асуудал тулгарсан ард иргэдээсээ нуухгүй, та бүхэнд үнэнийг дуулгаж,  түмэн олныхоо саналыг со нсож ажиллах болно. 
    Эдийн засгийг тарамдуулж, урагшлах хөгжлөөс хойш чангааж байгаа утгагүй улс төржилт, талцал, хуваагдал, худал хуурмаг цуу ярианд цэг тавьж, бодит ажил, бүтээлч санаачлага, бүтээн байгуулалтын төлөө нэгдэн ажиллацгаая.

    Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн ардын мэргэн үг бий. Төр засаг хөгжлийн боломжийг бүрдүүлэхийг хичээнэ. Хүн бүр  өөрийнхөө хувь заяаны жинхэнэ эзэн байж, Монгол улсаа 21 зуунд шинээр бүтээн босгох ажлаа эхлүүлж, цээж тэнэгэр хараа дээгүүр алхах тийм цагийг бий болгож, түүхийн нэгэн үеийн эхлэл нь, бүтээгч нь, үр хойчийн их бахдал нь байхын төлөө хичээн ажиллахыг та бүхэндээ уриалж байна. 

    Хамтарсан Засгийн газар энэ бүхний төлөө хичээн ажиллах болно
    Анхаарал тавьсанд баярлалаа