Blog

  • Олимпын медальтнуудад Засгийн газрын мөнгөн шагнал гардууллаа

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Лондонгийн XXX олимпийн наадамд амжилттай оролцож, жүдо бөхийн -100 кг жинд мөнгөн медаль авч, Монгол Улсын олимпийн анхны хос медальтан болж түүхэн амжилт гаргасан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт 60 сая, 73 кг-ийн жинд хүрэл медаль авсан олон улсын хэмжээний мастер С.Ням-Очирт 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Баттулгыг 45 сая төгрөгөөр урамшуулах шийдвэр гаргалаа. Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан  Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах  журмын дагуу ийн урамшууллаа. 


    Шагналыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны төсвийн багц дахь спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрлөө. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөнгөн шагнал гардуулахдаа та хоёрын барилдааныг сэтгэл огшин үзсэн. Бяр чадал, тэсвэр тэвчээрээ гайхуулж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан дүү нараараа ах нь үнэхээр бахархаж байгаа гээд тэдэнд эрүүл энх, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Зуны олимпийн XXX наадамд жүдогийнхны гаргасан амжилтын буухиаг бусад тамирчид маань үргэлжлүүлж, Лондонгийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтаа мандаж, Төрийн дуулал эгшиглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр мөн илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

  • Ерөнхий сайд айлчлалаа түр хойшлууллаа

    Ерөнхий сайд С.Батболд 2012 оны зуны олимпод оролцож байгаа Монголын тамирчдаа дэмжихээр ИБУИНВУ-ын нийслэл Лондон хот руу өнөөдөр мордох байсан ч эл айлчлалаа түр хугацаагаар хойшлууллаа. Айлчлалаа хойшлуулсан нь Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, зөвшилцөж байж гаргасан шийдвэр бололтой. Мөн гүйцэтгэх засаглалын тэргүүн төр засгийг шинээр эмхлэн байгуулж улстөрийн намуудтай зөвшилцөх ажлыг шуурхайлахад Ерөнхий сайдын хувьд байлцах ёстой гэсэн шийдэлтэй нь бас холбоотой юм. 

    Ерөнхий сайд С.Батболд ИБУИНВУ-ын нийслэл Лондон хот руу айлчлах төлөвлөгөө нь хоёр сар орчмын өмнө төлөвлөгдөж батлагдсан юм. Энэ нь Монгол Улсаар хязгаарлахгүй дэлхийн бусад орны төр, засгийн өндөрлөгүүд тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч нь олимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцдог бол Ерөнхий сайд нь олимпийн хаалтын ажиллагаанд оролцож, тамирчдаа дэмжин, амжилтыг нь баталгаажуулж урам зориг өгч, улмаар олимпийн медальтнуудаа эх орондоо авч ирдэг эрхэм уламжлалт харилцаатай холбоотой юм

  • Зам засвар болоод өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    ~ Монгол Улсын Засгийн газар 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа ~

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд улсын хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа зам засварын болон бусад төсөл хөтөлбөрийн ажлыг улам эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх, бүх шатны төрийн байгууллагын ажлыг сулруулахгүй, хариуцлагатай хандаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт энэ хурлын үеэр үүрэг болголоо. 

    Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрлөө

    БНХАУ, Кувейт улс болон Абу-Дабигийн сангийн зээлийн хөрөнгөөр түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж ашиглалтад оруулсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн зээл төлөх хугацааг 40 жилээс багагүй, зээлийн хүүг жилд 0,75 хувиас ихгүй байх нөхцөлөөр зээл авсан үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн дээрх компаниудтай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг Сангийн сайд болон ЭБЭХ-ний сайд нарт зөвшөөрлөө. Монгол Улсын Засгийн газар гадаад орон, олон улсын байгууллагаас урт хугацааны төслийн зээл авч Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

    Эдгээр цахилгаан станц нь жилд 36,0-38,0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн өөрийн дотоод хэрэгцээнд болон хэрэглэгчдэд нийлүүлэхээр  зураг төсөл нь хийгдсэн. Өөрөөр усан станцуудын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь техникийн болон усан хангамжийн хэмжээнээс хамаарч хязгаарлагдмал байгаа. Энэ хоёр станцаас эрчим хүчээр хангагддаг баруун таван аймгийн ард түмний амьжиргааны чадавх, ард иргэдээс гарах зардлын түвшингээс шалтгаалан цахилгаан эрчим хүчний үнийг станцын зардлыг нөхөх хэмжээнд хүргэн тогтоох боломжгүй.

    Иргэдийн амьдрах, ажиллах, сурч боловсрох тохитой нөхцөл бүрдүүлэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн амьдралын чадавхиа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор баруун аймгуудын 100-200 кВт-аас ихгүй ачаалалтай бүх сумдын төвийг цахилгаанаар хангахаар өндөр хүчдлийн шугам сүлжээнд холбосон нь  цахилгаан эрчим хүчний алдагдлыг нэмэгдүүлж, ашиглалтын зардлыг өсгөж байгаа зэргээс зээлийн хүүгийн төлбөрийг гүйцэтгэх эдийн засаг, санхүүгийн чадавхгүй байгаа талаар ЭБЭХ-ий сайд Д.Зоригт танилцуулж байлаа.   

    Ирэх онд олон улсын зургаан тэмцээн зохион байгуулна

    Олон улсын холбоодын дэмжлэг, Монгол Улсын спортын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн 2013 онд манай улсад олон улсын чанартай зургаан тэмцээн зохион байгуулахаар өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Буудлагын спортын Ази тивийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээн, “Чингис хаан-2013” жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, байт харвааны Азийн Гран-При тэмцээн, Монгол туургатны хүүхдийн наадам, Бодибилдинг фитнессийн залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар боллоо.

    Олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах талаар жилийн өмнө шийдвэр гаргаснаар төсвийн төлөвлөлтийг сайжруулах, тэмцээний бэлтгэл ажлыг хангах, тамирчдын бэлтгэл сургуулилтыг зөв зохион байгуулахад ач холбогдолтой байдаг.  Эдгээр арга хэмжээний зардлыг 2013 оны төсвийн багцдаа тусган санхүүжүүлж, тэмцээний бэлтгэлийг бүрэн хангуулж, зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгалаа.

    Товчхон

    • Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад энэ оны хоёрдугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 92,8 хувьтай байгаа талаар тэрбээр мэдээллээ. 
    • 2013 онд Оюутны спортын III  их наадмыг орон даяар 4 үе шаттайгаар эх орондоо болон гадаадад суралцагч монгол оюутнуудын дунд спортын 15 төрлөөр зохион байгуулна. 
    • Дэлхийн болон бүсийн мэргэжлийн уралдаан, тэмцээнд онцгой амжилт гаргасан гоо засалч, түүний дасгалжуулагч, хувцас урлаачид Засгийн газраас мөнгөн урамшуулал олгох журмыг баталлаа.
  • Медалийн буухиа үргэлжилж, Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна

    “Лондон 2012”  зуны XXX олимпийн жүдо бөхийн 73 кг-ийн жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Сайнжаргалын Ням-Очирт  Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд баяр хүргэлээ. Мөн түүний багш, дасгалжуулагч нарт талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Олимпод оролцож байгаа Монголынхоо нийт баг, тамирчдад Засгийн газрын тэргүүн С.Батболд амжилт хүсээд, медалийн буухиаг үргэлжлүүлж, Лондонгийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбааг олонтаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэллээ.

  • Капитал банк орон сууцны зээл олгох боломжтой

    ~ Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бага, дунд орлоготой иргэдэд 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажлын хүрээнд Капитал банкнаас ирүүлсэн хамтран ажиллах саналын талаар Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Капитал банкийг өөрийн болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр иргэдэд 6 хувийн хүүтэй зээл олгох үйл ажиллагаанд оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

    УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл  ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгох ажлын хүрээнд Хөгжлийн банкнаас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах эхний шатны санхүүжилтийг Засгийн газрын баталгаат 580.000 ам.долларын бондыг 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалах замаар татан төвлөрүүлээд байна.

    Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн нийт эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудыг эхний ээлжинд өөрийн хөрөнгөөр хөнгөлөлттэй зээл иргэдэд олгуулах, өөрийн хөрөнгөөр зээл олгосны дараагаар үүнтэй нь уялдуулан Хөгжлийн банкнаас бага хүүтэй, урт хугацаат хөрөнгийн санхүүжилтийг хийх бодлогыг баримталж ирсэн. Банкуудыг өөрийн хөрөнгөөр зээл олгуулах ажлыг эхлүүлэх болон энэ үед үүсэх харилцааг зохицуулах зорилго бүхий “Арилжааны банкнаас өөрийн дотоод эх үүсвэрээр иргэдэд олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг тохиролцох гэрээ”-ний загварыг Сангийн сайдын тушаалаар баталж, арилжааны банкуудаас уг гэрээний дагуу хамтран ажиллах нөхцөл, боломжийн талаар бичгээр санал авсан байна.

    Арилжааны банкуудаас Төрийн банк болон Капитал банкнаас өөрийн хөрөнгөөр хөтөлбөрийг санхүүжүүлэн хамтран ажиллах санал ирүүлсний дотор Капитал банк дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах саналтай байгаагаа илэрхийлж, тэдний саналыг гэрээнд тусгасан нөхцөлд өөрийн эх үүсвэрээр 5-10 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтойг мэдэгдээд байгаа юм байна.

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр” болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

    Хөтөлбөр төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжаар бүрдүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа.

    Энэхүү хөтөлбөр нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх, мэдээлэл сурталчилгааг явуулахдаа оновчтой хэлбэрийг сонгон авч, тэдний нас биений онцлог, сонирхол, мэдээлэл авах шаардлага хэрэгцээнээс хамааран орчин үеийн сургалтын дэвшилттэй талыг ашиглах зорилготой юм.

    Ноосны урамшууллаас хоцорсон малчдад урамшууллыг нь олгоно

    Монгол Улсын Засгийн газар УИХ-ын тогтоолын дагуу 2011 оноос малчдад анх удаа ноосны урамшуулал олгож эхэлсэн. Энэ урамшуулалд ондоо багтаж 21 аймаг, нийслэлийн 236 сум, дүүргийн 41851 малчин хонь, тэмээний ноосоо үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлснээс 32977 малчин өрх ноосны урамшууллаа авчээ.

    Ноосоо тушаасан хэдий ч бичиг баримтын зарим бүрдүүлэлтээ дутуу ирүүлснээс 7744 малчин өрх урамшуулалд хамрагдаж чадаагүй байсан бөгөөд энэ урамшуулалд шаардагдах хөрөнгийг энэ оны төсөвт төсөвлөсөн ноосны урамшуулалд олгох эс үүсвэрээс нэг удаагийн арга хэмжээ болгон олгох тухай  Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

    Хэнтийн Бэрхэд гал унтраах анги байгуулна

    Хэнтийн аймгийн Бэрх хотод гуравдугаар зэрэглэлийн гал унтраах 42 дугаар ангийг шинээр байгуулах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.

    Бэрх хот нь 968 өрх, 3183 хүн амтай, хүн амынхаа тоогоор аймагтаа гуравт ордог байна. Монголросцветмет нэгдлийн  харьяа Жоншны үйлдвэрийн дэргэд гал унтраах анги 1981 онд байгуулагдаж, Галын тусгай албаны хоёр автомашин бүхий бүрэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад Жоншны үйлдвэр зогссоноор 1991 онд татан буугдсан юм байна. Сүүлийн жилүүдэд тэнд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжин, барилга байгууламж нэмэгдэж, хил залгаа Батноров, Биндэр суманд үйлчлэх боломжтой болохыг харгалзан гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үүрэг бүхий мэргэжлийн анги, салбарыг байгуулснаар аймаг, орон нутгийн ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, гамшигтай тэмцэх чадварыг нэмэгдүүлж, гамшгийн тоо болоод хор хохирлыг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

    Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадам болно

    Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны соёлын байгууллага ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Зүүн Азийн хүүхдийн урлагийн наадмыг энэ оны наймдугаар сарын 21-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.   

    Уг наадам нь Азийн соёлын төрөл зүйлийг хамгаалан хөгжүүлэхэд хүүхэд залуучуудыг оролцуулах, энхтайвныг тогтоох, хөгжүүлэх зорилготой. БНХАУ, Япон, БНСУ, Монгол улсад зохион байгуулагдаж байсан бөгөөд манайд хоёр дахь удаагаа болох гэж буй юм.  

    Наадамд эдгээр орнуудын Засгийн газрын төлөөлөгч, ЮНЕСКО-ийн ерөнхий захирал, бие төлөөлөгч, Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга, сайн үйлсийн элч нар оролцдог бөгөөд энэ үеэр ЮНЕСКО-ийн Зүүн Азийн дэд бүсийн орнуудын Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болдог уламжлалтай ажээ.

    Товч мэдээ

    • Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабалыг ажлаас нь чөлөөлж, Ц.Нанзаддоржийг тус хорооны даргаар томиллоо. Төрийн албанд 18 жил ажилласан туршлагатай Цагааны Нанзаддоржийг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэл томиллоо.
    • Усны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан сав газрын захиргааны бүтэц, орон тоо, төсвийн жишгийн тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болж, төсвийн зарлагын норм, норматив, бүтэц болон орон тооны жишиг хязгаарыг мөрдүүлж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
    • Ойн талбайн норматив, байршил батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Уг тогтоолоор аймаг, нийслэлд байгуулагдах сум дундын ойн ангийн хариуцах ойн талбайн норматив, байршлыг хавсралт ёсоор баталж, дээрх нормативыг үндэслэн хариуцсан нутаг дэвсгэртээ сум дундын ойн ангийг байгуулж тэдгээрийн бүтэц, орон тооны дээд хязгаар, дүрмийг батлахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 2008 оноос сумын болон сум дундын ойн анги байгуулагдаж эхэлсэн бөгөөд 22 ойн анги  ажилладаг юм байна.
    • Газрын тосны хайгуулын “Төхөм-Х урд” талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар, “Монголын Алт” ХХК-ийн хооронд 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
  • ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр болж, цаг үеийн 10 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ ~

    Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын дүн, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай найман заалт бүхий Засгийн газрын тогтоол гаргалаа. Өнгөрсөн жил Засгийн газраас мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар бэлтгэл сайтай байсан төдийгүй тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж ажилласны үр дүнд 1.2 сая хадлан, 46.8 мянган тн үйлдвэрийн тэжээл бэлтгэж өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг улсын хэмжээнд 86.6 хувьтай ханган түүхэнд хамгийн их хадлан бэлтгэсэн он жил болж, мал сүргийг өвөл хаврын улиралд гарз багатай даван гарчээ.

    Энэ оны хагас жилийн байдлаар оны эхний нийт малын 0.8 хувь буюу 275,6 мянган толгой мал зүй бусаар хорогдсон нь олон жилийн дунджаас бага  байгаагаас гадна оны эхний нийт хээлтэгчийн 89.8 хувь төллөж гарсан төлийн 99.0 хувь бойжин одоогийн байдлаар 14.4 сая төл үүний дотор 300.0-аад мянган ихэр төл хүлээн авч манай улсын мал сүрэг 50.3 сая толгойд хүрчээ. Хаврын тариалалтын хувьд улсын хэмжээнд 372.3 мянган га-д тариалалт хийснээс 306.1 мянган га-д үр тариа, 16.1 мянган га-д төмс, 7.0 мянган га-д хүнсний ногоо, 10 мянган га-д малын тэжээлийн, 32.3 мянган га-д тосны ургамал, жимс жимсгэнэ 687.0 га-д тус тус тариалжээ.

    Тиймээс дээрх нааштай үзүүлэлтүүдийг улам бататгахын зэрэгцээ анхаарвал зохих асуудлуудаас сургамж авахын чухлыг Засгийн газрын танхимын гишүүд хэллээ. Өнгөрсөн жил орон нутагт мах бэлтгэлийн ажилд дутуу анхаарснаас болж хаврын улиралд Улаанбаатар хот болон хүн ам олонтой томоохон хот суурин газруудад нөөцийн махны хомсдол үүсч, үнэ өсөх хандлага гарсан тул 2013 оны хаврын махны нөөцийг хангалттай түвшинд бэлтгэх зорилгоор аймаг, нийслэлийн хэмжээнд бэлтгэж нөөцлөх махны хэмжээг тогтоон өгөх, мөн дотоодын зах зээлийг хамгаалах, махны хангамжийг тогтворжуулах зорилгоор махны экспортыг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хязгаарлахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд даалгалаа.

    Мөн түүнчлэн ургац хураалтын бэлтгэлийг хангах зорилгоор ажиллах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, ургац хураалт хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууныг тасалдалгүй хангах, хангамжийг хэвийн байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,зуны цаг агаарын хэт халалт, ган, үер зэрэг байгалийн үзэгдлийн үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах, гамшигт үзэгдэл тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох яамдын сайд нар болон Аймаг,нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ИХ ЗАСВАРЫН АЖЛУУДАА ХИЙЖ БАЙНА

    Мөн өдрийн хуралдаанаар Түлш, эрчим хүчний салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай  ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт танилцууллаа. Тус асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган биелэлтэд нь хяналт тавьж, бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    2012 оны 6 дугаар сарын 19-ны байдлаар төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын хэмжээнд 198394.4 тонн нүүрс, 1816.6 тонн мазутыг нөөцлөөд байгаа бөгөөд нүүрс нөөцлөлтийн ажил 96.8 хувийн биелэлттэй байна. “ТБЦДС” ХК болон цахилгаан түгээх сүлжээ компаниуд 2012-2013 оны өвөлжилтөнд бэлтгэх ажлаа төлөвлөсөн графикийн дагуу тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийн ашиглалтыг дээшлүүлэх ажлуудыг хийж, их засварын ажил 18 хувьтай, Улаанбаатар, Дархан хотын дулааны шугам сүлжээний компаниуд тавдугаар сарын 15-наас дулааны төв шугамын засварын ажлыг эхэлж дулааны төв болон салбар шугамуудад нягтын шахалт хийх, сольж шинэчлэх, үйлчилгээ тохируулга хийх зэрэг их засварын ажлууд 25 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулгадаа дурдлаа.

    Мөн сайдын мэдээлснээр нүүрсний салбарын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бэлэн нүүрсний нөөц 1075.0 мян.тн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 55 хувиар илүү байгаа ажээ. “Багануур” ХК-ийн найдвартай ажиллагаа, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулж техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зориулж техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд  болон дизель түлшний нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулан 3.2 тэрбум  төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө. Мөн Завхан аймгийн Улиастай сумын дизелийн цахилгаан станцын дизелийн түлшний зардалд шаардлагатай байгаа 574. 5 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.

    ШИНЭЭР ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЛЭЭ

    Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг зохион байгуулсан дүнг Монгол Улсын Шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга М.Энхболд танилцуулахдаа ажлаа цаг хугацаанд нь зохих түвшинд зохион байгуулсныг тэмдэглэлээ. Мөн шинээр цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван үе бүхий модон тавцан шинээр хийн, сандал түрээслэн байрлуулж суудлын тоог 2056-гаар нэмэгдүүлсэн байна. 

    Энэ жилийн наадамд Улсын даян аварга 1, улсын аварга 2, арслан 6, гарьд 5, харцага 15, начин 54, аймаг цэргийн цолтой бөхчүүд 182, сумын цолтой бөхчүүд 141, залуу бөх 54 барилджээ. 120  гаруй цэрэг барилдуулахаар бэлтгэсэн ч 40 нь барилдсан юм байна. Үндэсний бөхийн барилдааны дүрэмд тухайн бөх ам авахаар зарласнаас хойш 5 минутын хугацаанд ам авах, ослын даатгалд даатгуулсан бөхийг баяр наадамд барилдуулж байх өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд бөх ам авах явцад үзэгчдийг бухимдуулдаг, хүлээлгэдэг явдал гараагүйг онцолж байлаа. Засгийн газрын хуралдаанаас наадмын бэлтгэл ажлын хүрээнд зам засвар, тохижилт үйлчилгээний хүрээнд хийсэн ажлыг сайшаасан байна.

    22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд Дархан-Эрдэнэтийн замын уулзвараас 22-ын шалган бүртгэх товчоо хүртэл 4,2 км замын нэг урсгалын асфальтбетон хучилтыг хийж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлсэн, Баруун Нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх гүүрийн барилгын ажил, Нарантуул худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг дуусгасан нь хотын замын ачааллыг бууруулахад ач холбогдолтой болсон зэрэг наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг Засгийн газрын хуралдаанаас үнэллээ. Баяр наадмыг зохион байгуулах 9 салбар хороонд нийт 151 хүн ажиллажээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Монгол Улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг хэмжил зүйгээр дэмжих, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, Хэмжил зүйн зөвлөлийн дүрмийг баталлаа.
    • Монголын хөрөнгийн биржийн Стратеги хамтын ажиллагааны гэрээний дагуу Лондонгийн хөрөнгийн бирж группэд энэ 2012 онд төлөх 8.7 сая ам.долларын төлбөрийг арилжааны банкнаас зээл авч төлөхийг зөвшөөрлөө. Авсан зээл, зээлийн хүүгийн хамт эргэн төлөх эх үүсвэрийг төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгалаа.
    • Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Солонгос улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. 
    • Увс аймгийн Боршоо хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын тогтоолоор батлахаар тогтлоо.
    • “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистик” Улаанбаатар хотын группийн анхдугаар хуралдааныг энэ оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд үүнд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
    • 2012 оны эхний хагас жилд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газарт хандан нийслэл, орон нутгийн иргэдээс нийт 1180 санал, өргөдөл, гомдол, ирүүлжээ. Эдгээрийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, энэ тухай албан бичиг иргэдэд хүргүүлсэн байна. Иргэдийн саналын 90 гаруй хувьд нь тодорхой хариу өгч, тавьсан асуудлыг нь шийдсэн байна.
  • Ерөнхий сайд С.Батболд түрүү соёолонгийн эзнийд зочлов

    Их Монгол Улс байгуулсны 806,  Ардын хувьсгалын 91 жилийн түүхт их ойн баяр наадмын хурдан морины соёолон насанд  газар газрын шандаст 236 хүлэг уралдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Х.Түмэнбаярын галд зочлон уяач, морь унаач хүүхдэд баяр хүргэн, гарын бэлгээ гардуулсан байна. Тэрээр улс орны өнцөг булан бүрт дэнж хотойтол дэлгэр сайхан наадаж байгаа  ард иргэддээ түрүү соёлонгийн уяан дээрээс баярын мэндчилгээ хүргэлээ.


    Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс соёолон насны хурдан хүлгийн хурдаар хөгжихийн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг эрч хүч, хийморийн хамт өргөн дэвшүүлэв. Соёолон насны хурдан морины уралдаанд  Манлай уяач,”Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор аман хүзүүдэж,   Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн хүрэн, Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал, Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр айргийн тавд хурдалсан юм.

  • С.Батболд: Улс орны минь амьдрал дээшилсэн сайхан жил гарч байна

    ~ Жил бүрийн наадмын өдөр төр засгийн удирдлагууд сур харвааны талбайд очиж цэц мэргэнээ сорин тэр жилийн өнгөө тодруулдаг билээ. Мөн түүнчлэн хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Ингээд Ерөнхий сайдын мэндчилгээг хүргэж байна ~


    Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын мэнд хүргэж мэндчилж байна. Энэ жил нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Улс орны минь амьдрал дээшилсэн сайхан жил гарлаа. Мал сүрэг 50 саяд хүрлээ, газар тариалангийн салбарт ч өндөр амжилт үзүүлж өөрсдийн тарьсан ногоогоороо улс орноо хангадаг боллоо.

    Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж эдийн засгийн өсөлт 20 шахам хувьд хүрлээ. Ийм сайхан амжилттай он жил боллоо гэж товчхондоо дүгнэж хэлмээр байна. Нийт монголын ард түмэндээ наадмын баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, бөхчүүд нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байхын ерөөлийг дэвшүүлье.