1. Австрид хийсэн ажлын айлчлал
• НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны Гүйцэтгэх захирал Антонио Мариа Костатай уулзаж хоёр тал Авлигалтай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуурамч эм бэлдмэлийг гадаадаас оруулахгүй байх, мансууруулах бодисын ургацын тархалтыг тогтооход шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
• Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Воллертой уулзаж ОУАЭА-аас Монгол Улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг ноён Д.Воллер албан ёсоор мэдэгдсэн онцгой үйл явдал болсон. Монгол Улс хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болсноор ОУАЭА холбогдох санхүүжилтийг хандивлагч орнуудтай хамтран шийдвэрлэх бөгөөд ингэснээр Монгол Улсад Азийн бүсийн эрүүл мэндийн томоохон загвар төв бий болох юм.
• НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын /ЮНИДО/ Ерөнхий захирлын орлогч Ёшитору Урамототой уулзаж Монгол Улсад Европын стандартыг бүхий салбарт цогцоор нь нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцсон бөгөөд ЮНИДО Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарт Европын холбооны стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр туслалцаа дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
• Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Перрин де Бришамбаотой уулзаж ЕAБХАБ эдийн засгийн салбарт Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудалд анхаарч, Монгол Улсыг Европд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
• Австрийн Холбооны канцлер Вернер Файманнтай уулзаж Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тохирсон зүйлсийг бүрэн хэргэжүүлэхээр хоёр талаасаа шаргуу ажиллахаар тохиролцов.
– Европын Холбооны стандартыг Монголд нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон бөгөөд австрийн тал энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн.
– Боловсролын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон. /Австри Улсын Боловсрол, судалгааны салбар дахь олон улсын хамтын ажиллагааны агентлагаас хэрэгжүүлдэг тэтгэлэг, судалгааны хөтөлбөрүүдэд Монголын оюутнуудыг албан ёсоор хамруулах хүсэлт тавьсан. Боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор канцлер В.Файманн манай улсын Боловрол, соёл, шинжлэх ухааны сайдыг Австрид айлчлахыг албан ёсоор урьсан/.
– Ерөнхий сайд С.Батболд Холбооны канцлер В.Файманныг Монгол Улсад айлчлахыг урьсан.
2. Унгарт хийсэн албан ёсны айлчлал
• Айлчлалын үеэр БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын Хурлын дарга Катона Бела нарт бараалхаж, Будапешт хотын засаг дарга Демски Габортай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэл, зорилгын талаар санал солилцов.
• Энэхүү айлчлал Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаарай онцлогтой. Айлчлалын үеэр өнгөрсөн 60 жилийн хугацаанд хийсэн ажлаа эргэн дүгнэж, цаашид хамтран ажиллах ямар боломж байгааг өргөн хүрээтэй хэлэлцлээ. Хоёр тал цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ дахин нотолж, чиглэлээ тодорхойлон тогтоолоо. Хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, байгаль орчныг хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон батлан хамгаалах салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг тодотголоо. Тухайлбал, хоёр орны худалдааны хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх үүднээс бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулж, харилцан мэдээлэл солилцож, шууд хамтран ажиллах, унгарын зүүн хилийн төмөр замын “Захонь” боомтоор Монголоос ачигдсан Европ рүү нийлүүлэгдэх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудал хариуцсан монгол, унгарын хамтарсан компани байгуулах, Геофизикийн хүрээлэн байгуулах, газрын гүний усны эрэл хайгуул хийх, Улаанбаатарын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, Биокомбинатыг шинэчлэх зориулалтын 25 сая ам. долларын хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх, цөлжилттэй тэмцэх, далайд гарцгүй орны хувьд олон улсын форум, чуулга уулзалт дээр хамтран ажиллахаар тогтов.
• Айлчлалын нэг гол зорилго нь Европын стандартуудыг Монголд нутагшуулах, энэ чиглэлээр бодит ойлголцол, тохиролцоонд хүрэх явдал байв. Энэ зорилго биелэгдлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны Ерөнхий сайд нар Европын Холбоотой байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн явцын талаар санал солилцов. Мөн 2011 оноос БНУУ Европын Холбоог тэргүүлэх болж байгаа нь энэхүү тохиролцоог урагшлуулахад тус дэмтэй болохыг хоёр тал цохон тэмдэглэлээ.
• Унгар Улсад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн даатгалын асуудлаарх зохих хэлэлцээрийг энэ ондоо багтаан шийдвэрлэхээр тохиролцов.
• БНУУ Улаанбаатар хотод байнгын төлөөлөгчөө ажиллуулах, мөн Улаанбаатар дахь Европын Холбооны аль нэг гишүүн улсын ЭСЯ-аар дамжуулан виз олгож байх зэрэг томоохон асуудлуудаар айлчлалын хүрээнд ойлголцолд хүрэв.
Байгалийн гамшиг болон зуданд нэрвэгдсэн малчдад Швейцарийн хөгжлийн агентлаг 500,000 франкийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боллоо. Тусламжийг гамшигт хамгийн их нэрвэгдээд байгаа баруун 5 аймгийн 20 сумын 9 мянган өрхийн 36,000 иргэнд /ойролцоогоор/ зориулах юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн Суурин зохицуулагч Феликс Феллман 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзахдаа энэ тухай хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Наурызын баярыг угтаж, казах иргэдийн төлөөллийг 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон нийгмийн салбар бүрийн төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “НҮБ-аас Наурызын баярыг Олон улсын баяр болгон зарлаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өнгөрсөн сарын 23-ны шийдвэрээр Наурызын баярыг хүн төрөлхтний халдашгүй соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын анхны албан ёсны айлчлал Бүгд Найрамдах Унгар Улсад болж өндөрлөлөө. Тэрээр Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын хурлын дарга Катона Бела, Ерөнхий сайд Байнаи Гордон, Будапешт хотын захирагч Д.Габор, Эгэр хотын засаг дарга Хабиш Ласло зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНУУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн их сургуульд зочиллоо. Тэрээр “Монгол-Унгарын соёл, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагаа 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлэв. Уг сургууль нь 70 гаруй жилийн өмнө Монгол судлалын анги нээж хичээллүүлсэн, Б.Ренчин 1956 онд тус сургуульд хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалж, анхны эрдмийн зэрэгтэй нэгэн болсон гэхчлэн онцлог үйл явдлууд нь хоёр орны түүх, соёл, нийгмийн харилцааг өргөтгөн хөгжүүлэх эхлэл болсон. Эдгээр онцлогыг харгалзан уг сургуульд зочилж буйгаа Ерөнхий сайд дурдсан.
БНУУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд С.Батболд тус улсын Улсын Хурлын дарга Катона Белатай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн мэндчилгээг уламжилж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч ирснийг дурдав. Энэ бодлогын хүрээнд УИХ-ын байнгын хороодын шугамаар хамтын ажиллагааг эн тэргүүнд идэвхжүүлэх талаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч Шойом Ласлод бараалхав. Ерөнхийлөгч Шойом Ласло БНУУ Европын холбооны гишүүн орон болсноос хойш анх удаа Монгол улсын Ерөнхий сайд албан ёсоор айлчилж буйд ач холбогдол өгч хамтын ажиллагааны ирээдүй их байгааг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны албан ёсны айлчиллаа Бүгд Найрамдах Унгар Улс /БНУУ/-аас эхэллээ. Айлчлалын хүрээнд С.Батболд БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой уулзлаа. Тэрээр Европын холбооны стандартуудыг бүхий л салбарт хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтоо биелүүлэх үүднээс Европын холбоотой байгуулах “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Европын стандартыг Монголд нэвтрүүлэх тухай тусгай заалт оруулах болсныг мэдээлж, уг асуудлаар Унгар улстай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамгаалах Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжихийг Унгарын талд мөн хүсэлт болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Будапешт хотын захирагч Д.Габортой уулзав. Ерөнхий сайд С.Батболд Будапешт хотын дарга, хотын захиргааны ажилтан, нийт оршин суугчдад талархал илэрхийлж хоёр орны нийслэлийн харилцааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Будапешт хотын захирагч Д.Габор Ерөнхий сайд С.Батболдод оршин суугчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, энэ айлчлал нь хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгааг онцлон дурдлаа.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболдод Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Уоллер бараалхлаа. Уулзалтын үеэр Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг Дэвид Уоллер албан ёсоор мэдэгдэж баяр хүргэв. Ерөнхий сайд С.Батболд ГХ-ны сайд байхдаа энэ саналыг хөндөн тавьж байсан юм. Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болгосноор Олон улсын атомын энергийн агентлаг нь холбогдох санхүүжилтийг хандивлагч орнуудтай хамтран шийдвэрлэх юм байна. Ийнхүү Монгол улсад азийн бүсийн эрүүл мэндийн томоохон загвар төв бий болох боломж бүрдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.