Blog

  • Ерөнхий сайд сайхан бичигтэнд шагнал гардуулав

    Ерөнхий сайд сайхан бичигтэнд шагнал гардуулавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монголын сайхан бичигтэн-2009” улсын уралдааны шагналтнуудад шагнал гардууллаа. Уралдаанд 21 аймаг, нийслэлийн дүүрэг бүрээс нийт 1000 орчим сайхан бичигтэн  бүтээлээ ирүүлж дөрвөн ангилалд өрсөлджээ. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийн монгол хэлний багш Б.Сэнгээ мэргэжлийн багш нарын дундаас шалгарсан бол уралдааны хамгийн олон оролцогчтой 1-10 ангийн сурагчдаас “Их засаг” лицей дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч А.Анармаа тэргүүлжээ.

    Харин насанд хүрэгчдийн ирүүлсэн бүтээлээс МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн Эх бичиг судлалын хоёрдугаар дамжааны оюутан Э.Эрдэнэзуугийн бүтээл шалгарсан байна. Монгол бичгээр дагнасан, долоо хоног тутмын “Хүмүн бичиг” сониноос зохион байгуулдаг энэ уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид МУИС, МУБИС-д элсэх урилга, төрийн сангийн 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн төлөө өрсөлддөг ажээ. Энэ ангиллын эхний хоёр байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хоёрдугаар дунд сургуулийн сурагч Б.Лхамхүү, Завхан аймгийн Баянхайрхан сумын дунд сургуулийн сурагч Б.Лхагважав нарын дөрвөн хүүхэд шалгарсан байна.

    Сайхан бичигтнүүдэд шагнал олгосон Ерөнхий сайд С.Батболд тэдэнд хандаж “Уламжлалт сайхан бичгээ сурталчилж, ард түмэндээ хүртээл болгох ариун үйлсийг түгээж байгаа багш, сурагч та нартаа баяр хүргэхээр Засгийн газрын хуралдаанаас завсарлага аваад ирлээ. Үүх түүх, бичиг соёлоо бид ахмадуудаасаа өвлөсөн, хойч үеийнхэндээ нандигнан уламжлуулах үүрэгтэй. 11 ангийнхны өрсөлдсөн ангиллаас нэг, хоердугаар байр эзэлсэн дөрвөн сурагчийг Төрийн сангийн тэтгэлгээр сурах эрхээр шагнадаг байсан бол энэ удаад гуравдугаар байрт шалгарсан дөрвөн хүүхдэд мөн ийм боломж олгож байна” хэмээн хэллээ. Ерөнхий сайд дараа нь МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд дэлгэсэн “Монголын сайхан бичигтэн-2009” уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг үзэж сонирхов

  • Засгийн газрын ээлжит 5 дугаар хуралдаан болж олон чухал асуудал хэлэлцэн шийдвэр гаргав

    Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд боловсролын салбарынхантай уулзсан уулзалт дээр хэлсэн үгэндээ “Бид дээд боловсролын үнэлэмжийг дээшлүүлж, энэ салбарт эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийхийг амьдрал Та биднээс нэхэж байна. Юуны өмнө өөрчлөлтийг төр өөрөөсөө эхлэх ёстой. Төрийн өмчийн 40 гаруй сургуулийг нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийж, чанартай боловсрол олгодог томоохон сургуулиуд болгох шаардлага байна” хэмээн онцлон тэмдэглэсэн билээ. Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан энэхүү асуудлыг хэлэлцэн тогтоол гаргаж төрийн өмчийн зарим их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож дор дурьдсанаар өөрчлөн зохион байгуулахаар болов.

    Үүнд:
    •    Улаанбаатарын их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Гааль, эдийн засгийн дээд сургуулийг МУИС-д;
    •    Соёлын дээд сургууль,  Дүрслэх урлагийн дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Радио, телевизийн дээд сургуулийг СУИС-д;
    •    Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг ШУТИС-д  тус тус нэгтгэхээр шийдвэрлэв.

    Мөн:
    •    МУИС-ийн харъяа Завхан аймаг дахь Эдийн засгийн сургууль, Орхон аймаг дахь сургуулийг МУИС-ийн салбар;
    •    ШУТИС-ийн харъяа Орхон, Сүхбаатар, Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийг ШУТИС-ийн салбар;
    •    Монгол Улсын Боловсролын их сургууль (МУБИС)-ийн харъяа Архангай аймаг дахь Багшийн коллежийг МУБИС-ийн салбар;
    •    ЭМШУИС-ийн харъяа Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны коллежийг ЭМШУИС-ийн салбар;
    •    СУИС-ийн харъяа Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллежийг СУИС-ийн салбар;
    •    МУБИС-ийн харъяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг Ховд аймаг дахь Ховдын их сургуулийн салбар болгон өөрчлөх болов.

    Түүнчлэн:
    •    ХААИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийг МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд нэгтгэх;
    •    ХААИС-ийн Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар сургуулийг Ховд аймаг дахь “Хөгжил” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэгтгэх;
    •    Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийг татан буулгах;
    •    Үйлдвэрлэл, урлалын сургууль, Монгол-Солонгосын техникийн коллеж, Улаангом коллежийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн зохион байгуулах;
    •    Монгол-Солонгосын техникийн коллежийн харъяа Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг зогсоож Монгол-Солонгосын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн салбар сургууль болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

    Ерөнхий сайд сургуулиудыг нэгтгэх үйл ажиллагаа зөв бөгөөд  чухал юм. Сургалтын чанар яваандаа дээшилнэ. Ижил мэргэжлээр давхардуулан сургадаг доголдол арилна. Сургалт эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоо сайжирна. Нэгтгэх үйл ажиллагаа нь сургуулиудын статусын хувьд нээлттэй хэвээр үлдэх зарчмыг баримтлах ёстой.

    Иймээс шинэчлэлийнхээ эдийн засаг, эрх зүйн оновчтой орчныг бий болгож, эерэг, сөрөг талуудыг нь  онцлон анхаарч харгалзан үзсэний үндсэн дээр багш, оюутан, иргэд, олон нийтэд зөв ойлголт төрүүлэх чиглэлд сайтар ажиллах хэрэгтэй. Ингэснээр төрийн өмчийн 42 сургуулийг 16 болгон цөөрүүлэх боломж бүрдэнэ гэсэн үүрэг өглөө. Энэхүү арга хэмжээг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.

    Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв

    Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудлуудыг тусгалаа. Үүнд:

    •    Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллах хэм хэмжээ тогтоосон зохицуулалтыг шинээр тусгах;
    •    Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагыг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, бүс нутаг, нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн гаралтын түвшинг харгалзан цагдаагийн төв байгууллагын дарга аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн байгуулах;
    •    Цагдаагийн төв байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нутаг дэвсгэрийн болон төрөлжсөн цагдаагийн байгууллага, харъяа албадын зохион байгуулалтын бүтэц, орон тоог цагдаагийн төв байгууллагын дарга батлах;
    •    Цагдаагийн албан хаагч хүч хэрэглэхгүйгээр үүргээ гүйцэтгэх боломжтой бол биеийн хүч, гардан тулааны мэх хэрэглэхийг хориглох замаар биеийн хүч, гардан тулааны мэх хэрэглэх ерөнхий хүрээ хязгаарыг зааж өгөх;
    •    Аймгийн төвөөс бусад суманд 5-аас жил ажиллаж байгаа цагдаагийн зарим албан хаагчдад ажилласан 5 жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож байх, түүнчлэн тэдгээрийн эхнэр /нөхөр/-ийг орон нутгийн байгууллагаас ажлаар хангаагүй нөхцөлд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож эсхүл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх тусламж олгож байх;
    •    Албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй болсон бол албан хаагчдад гэмтлийн зэргийг нь харгалзан 3 жил хүртлэх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;
    •    Аймгийн төвөөс бусад суманд алба хааж байгаа цагдаагийн албан хаагчдад хүнсний хангалт олгох;
    •    Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа бүрэн эдэлж чадаагүй цагдаагийн албан хаагчдад албан тушаалын цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал, нийтээр амрах баярын өдөр, шөнө, илүү цагаар болон хоног бүрийн амралтын өдөр ажилласан цагдаагийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол албан тушаалын цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зэрэг заалт орлоо.

    Бензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварыг шинэчлэв
                        
    Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас “Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргав.

    УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас:

    •    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж буй 90 хүртэл октантай автобензинд  онцгой албан татвар “0” байсныг 120.000 төгрөг болгож;
    •    90 ба  түүнээс дээш октантай автобензинд 80.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 90.000 төгрөг болгож;
    •    Дизелийн түлшинд 30.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж, гаалийн албан татвар “0” байсныг 5 хувь болгон 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ногдуулах;
    •    Алслагдсан боомтоор орж ирж буй дизелийн түлшинд 49.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг “0” болгох;
    •    Бусад автобензинд ногдох онцгой албан татваруудыг мөн “0” болгохоор шийдвэрлэв.

    2 дугаар сарын 14,15 шинийн нэгэн

    Монгол зурхайн /Төгсбуянтын цаг тооны бичиг/ тооцоогоор Цагаан сарын баярын хаврын тэргүүн шар бар сарын шинийн нэгэн нь аргын тооллын 2010 оны 2 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд тус тус тохиож байна. Өөрөөр хэлбэл, 2010 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн  Бямба /долоо хоногийн амралтын өдөр/ гарагт хаврын тэргүүн сарын битүүн, 14-ний өдрийн Ням /долоо хоногийн амралтын өдөр/ гарагт шинийн нэгэн, 15-ны Даваа гарагт шинийн нэгэн, 16-ны өдрийн Мягмар гарагт шинийн хоёрон таарч байна.

    Эл асуудлыг хуралдаанаар хэлэлцээд холбогдох хуулиудыг үндэслэн 2010 оны 2 дугаар сарын 14,15,16-ны өдрүүдийг Цагаан сарын баярын амралтын өдөр байхаар тогтов.

     Товчхон:

    •    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн 2009 оны 12 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд ҮАБЗ-д оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.
    •    БСШУ-ны сайд Ё.Отгонбаярыг 2010 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн Департаментын урилгаар АНУ-д айлчлуулах нь зүйтэй гэж үзэж, айлчлалын удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
    •    ХБНГУ-ын Мюнхен хотноо 2010 оны 2 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулах “Олон улсын аюулгүй байдал” сэдэвт бага хуралд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдыг оролцуулахыг зөвшөөрч, ажиллах удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар шийдэв.
    •    Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгох” талаар хийж байгаа ажлынхаа явцаас танилцуулав.
    •     Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нийгмийн даатгалын салбарын өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх арга
    хэмжээний тухай танилцуулав.
    •    Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3 дахь заалтыг үндэслэн хурдан морины шигшмэл болон бүсийн уралдааны 2010 оны хуваарийг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар болов

  • Монголын силикон ваалий-цахиуран хөндий байгуулна

    Монголын силикон ваалий-цахиуран хөндий байгуулна Хот хоорондын, хотын доторх ярианы тарифыг адил болгов

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт ажиллан тус салбарынхантай уулзав. Ерөнхий сайдын чиглэл болгосноор харилцаа холбооны үйлчилгээний үнэд мөрдөж байгаа хот хоорондын, хотын дотор гэсэн ялгаатай тарифыг тэгшитгэж ижил тарифтай болголоо.  Энэ тухай гэрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо,  технологийн газар, харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Монголын цахилгаан холбоо  компанийн захирлууд гарын үсэг зурав.

    Үүний үр дүнд өмнө нь газар зүйн байрлалаас ихээхэн зөрүүтэй байсан бүх төрлийн ярианы үйлчилгээ аймаг, хот хоорондын гэж ялгалгүй анх удаа ижил түвшинд хүрч, тоон технологийн хуваагдлыг багасгах зорилт нэг алхамаар урагшилсан үр дүн гарлаа. 2 дугаар сарын нэгнээс интернетийн үнийг мөн газар зүйн байрлалаас үл хамаарч ижил тарифт шилжүүлнэ  гэж Ерөнхий сайд хэлэв. Ерөнхий сайд тус салбарынхантай уулзахдаа интернэтийн урсгалыг нэмэгдүүлэх, үнэ тарифыг хямдруулах, бүх нийтийг компьютержүүлэх зэрэг зорилт амжилттай хэрэгжиж, орон даяар нэвтрүүлэг цацах телевизийн тоог нэмэх, шилэн кабелийн гол сүлжээ үүсгэх зэрэг ажил эрчимтэй өрнөж байгааг хэлсэн үгэндээ тэмдэглэв.

    1970-аад оны үед АНУ-ын зүүн эрэгт хэт төвлөрсөн хөгжлийн төвийг саармагжуулж баруун эрэг рүү шилжүүлэх зорилгоор байгуулсан мэдээллийн технологийн кластер бол дэлхий дахинаа Силикон Ваалий буюу Цахиуран Хөндий хэмээн алдаршсан. Өндөр технологийн бизнесийн кластерийг хөгжүүлэх жишиг болсон энэ загвар, стандартаар Монголынхоо Силикон Ваалий-Цахиуран Хөндийг хамтдаа байгуулах санаачилга гаргаж судалж үзэх ёстой. Монголынхоо Цахиуран Хөндий байгуулах газраа нийслэлийн ойролцоо сонгож, их дээд сургуулиудын хотхоныг төвлөрүүлж, технологийн дэд бүтцээр бүрэн тоноглосон  сургууль, цэцэрлэг зэрэг орчинг цогцоор нь шийдсэн үлгэр жишээ хот болгон хөгжүүлж болно гэж Ерөнхий сайд хэллээ. 

    Засгийн газраас боловсролын салбарт хийж буй шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийг нэгтгэж хотын ойролцоо байршуулах бодлоготой Цахиуран Хөндийг уялдуулах, мэдээллийн технологийн боловсрол  олгодог тусгай хөтөлбөр бүхий дунд сургууль байгуулахаас эхлээд мэргэшсэн ажилтан бэлтгэх, бакалавр, магистр, докторын зэрэг олгодог сургалтын тогтолцоо байгуулж болно. Энэ дагуу БНЭУ-ын Засгийн газрын 20 сая ам.долларын зээлээр “Аутсорсингийн төв” байгуулах, мэдээллийн технологийн мэргэжлийн, дунд болон Их сургууль байгуулах цогц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэв.

    Кластер дахь шинээр үүссэн компаниудийн амжилттай хөгжих нэг үндэс нь хөрөнгийн зах зээл. Учир нь Вээнчер хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа хөрөнгийн зах зээлтэй шууд холбоотой. Манай улсын хувьд кластерийг шинээр хөгжүүлэхээр зорьж буй хөрөнгийн зах зээлтэй уялдуулах нь зөв. Энэ асуудлыг бүгдээрээ судалж шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах ёстой гэж хэлэв. “Монгол Улсын сансарын холбооны үндэсний хиймэл дагуул”, “Мэдээллийн технологийн сургалт үйлдвэрлэлийн хотхон” төслийн хүрээнд улс орныг бүхэлд нь хамарсан өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг байгуулах томоохон ажил энэ онд үргэлжлэн хийгдэнэ.

    Төсөл хэрэгжсэнээр иргэд мэдээлэл солилцох, нийгмийн олон төрлийн үйлчилгээ хүртэхийн зэрэгцээ гадаад улс оронтой бизнесээ хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх техник, технологийн өргөн боломж бий болох давуу талтай. Сүүлийн жилүүдэд аутсорсингийн чиглэлээр олон улсын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж буй компани цөөн боловч бий болж байгаа нь сайшаалтай. Программ хангамжийн дотоодын зах зээлийнхээ хэрэгцээг манай улсын компаниуд амжилттай хангасаар байгааг зохих ёсоор дэмжинэ. Банкны болон төрөл бүрийн бүртгэлийн систем, вэб суурьтай программ хангамжийг боломжийн түвшинд амжилттай хөгжүүлж байгаа ч чанарын асуудлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Харин вэб контентийн чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг компани, байгууллага цөөн байгааг анхаарах хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэлэв.  

    Төрийн болон хувийн хэвшлийнхний мэдээллийн систем хэт доогуур байгаад дүгнэлт хийх, программ хангамж, мэдээллийн үйлчилгээний салбарын өсөлт төдийлөн ахихгүй байгаагийн учир шалтгааныг сайн судалж арга хэмжээ авахыг тэрбээр үүрэг болголоо. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбараа түшиглэн мэдлэгт тулгуурласан нийгмийг бий болгох асуудлыг төрийн бодлогоор дэмжинэ. Үүнд энэ салбарынхны үүрэг оролцоо, идэвхи санаачилга, хариуцлага чухал үүрэг гүйцэтгэнэ. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх зорилтыг хангахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлого, зохицуулалтын болон зохион байгуулалтын арга хэмжээг эрчимжүүлж бусад улс орнуудаас хоцрохгүй байхыг онцлов.    

    Улс орны кодчлол, төрийн цахим ойг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажил  хийгдсэн ч нийт иргэд, албан байгууллагыг нэг мөр ойлголттой болгох, нэгдсэн журмаар мөрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин болон эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх ажил хүлээгдэж байна. Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог төгөлдөржүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөн, хаягжилтын систем, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг боловсронгуй болгох, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүнд суртлыг арилгах, банк, санхүү, даатгал, халамжийн үйлчилгээ зэргийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулахад мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологи, шийдлийг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бий гэж Ерөнхий сайд хэлэв.   

    Цаашид энэ салбарын давуу талуудыг төрийн бодлогоор яаж дэмжих вэ гэсэн салбарын цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх, ингэхдээ эрдэмтэн судлаачид, бусад улс орны туршлага, хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагын санал дүгнэлтийг чухалчилан авч үзэхийг Ерөнхий сайд үүрэг болгов. Цахим гарын үсгийн хууль, Цахим хэлцлийн хууль зэрэг багц хуулийн төслийг эцэслэн Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих, хөдөөгийн харилцаа холбоо, интернэтийн үйлчилгээг 2012 он хүртэл хөгжүүлэх тусгай хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, уялдаа холбоо бодлого, зохицуулалтын арга хэмжээгээр дэмжих, Засгийн газраас баталсан салбарын томоохон хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс орныг хамарсан нэгдсэн нэг том мэдээллийн систем, төв байгуулж болох эсэх асуудлыг судалж шийдвэрлэх чиглэл өгөв. 

    Мэдээлэл, холбооны сүлжээний шинэчлэлт, өргөтгөлийг үргэлжлүүлэх, интернэтийн урсгалыг нэмэгдүүлэх, үнэ өртгийг хямдруулах, өндөр хурдны утасгүй интернэт, хөдөлгөөнт телевиз зэрэг шинэ төрлийн үйлчилгээг өрсөлдөөн, зохицуулалтын орчноор дэмжих, хөдөө орон нутагт интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим боловсрол, онлайн сургалт, цахим эмчилгээний нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, хэрэглээ үйлчилгээг нэвтрүүлэх, программ хангамж, гадаад дотоод аутсорсинг, оюуны багтаамж бүхий үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэх, төрийн үйлчилгээ, төрийн байгууллагуудын дотоод ажил, албан хэрэг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлага байгааг Ерөнхий сайд хэлэв

  • Шинэ стандарт нэвтрүүлэхийн тулд сайд нар Европын улсуудад захидал илгээнэ

    Шинэ стандарт нэвтрүүлэхийн тулд сайд нар Европын улсуудад захидал илгээнэ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлаа хүлээн авсны дараа УИХ-д үг хэлэхдээ бусад улс орны стандарт, дэвшилтэт аргуудыг судалж, нэвтрүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн билээ. Стандартын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд манлайлах үүрэгтэй оролцож Болгар, Унгар зэрэг Европын орны шинэ стандартыг нутагшуулж амжилтанд хүрсэн түүхийг судалж хэрэгжүүлэх, туршлага судлах чиглэлээр Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны сайдтай хамтарч захидал илгээх, ажил хэрэг болгохыг Мэргэжлийн хяналтынханд Ерөнхий сайд үүрэг болгов.

    Дээрх орнуудын стандартын шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгжид мөрдүүлэхэд хяналт, шалгалтыг чиглүүлэх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны үндсэн зорилтын нэг байх ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллахдаа ийм үүрэг өгсөн байна.   

    Ерөнхий сайд эхлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийн ажилтай танилцлаа.

    Нэгдсэн төв лаборатори 7,5 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Шинэ лаборатори ашиглалтад орсноор бараа, бүтээгдэхүүнийг олон улсын стандарт, аргачлалын дагуу шинжилж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болох хими, физик, биологийн хүчин зүйлийг илрүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой болох юм.

    Биотехнологийн салбар эрчимтэй хөгжиж, хүнсний чанар, аюулгүй байдал хурцаар тавигдаж байгаа өнөө үед хяналт шалгалтыг өндөр нарийвчлалтай, мэргэжлийн түвшинд гүйцэтгэх лабораторийн чадамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Нэгдсэн төв лабораторийн барилгыг ашиглалтад оруулах, Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторуудыг бэхжүүлэхэд Засгийн газар   шаардлагатай арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд хэлэв.

    Дараа нь Ерөнхий сайд С.Батболд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очин ажилтнуудтай уулзав.

     “Хүн, малын хөл хориот өвчин“, “Амьсгалын цочмог халтай хам шинж өвчин”, “Шувууны томуу”, “Гар, хөл, амны өвчин”, “Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдвар” зэрэг шинэ болон сэргэж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах, таслан зогсооход Мэргэжлийн хяналтынхан багагүй үүрэг гүйцэтгэснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндэсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах, төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж, бодитой үр дүн, ахиц дэвшил гаргаж байна. 

    Засгийн газар, Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран “Бизнесийн хяналтын шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаа. Судалгаанаас харахад манай улс хамгийн их хяналт, шалгалт хийдэг Бүгд Найрамдах Тажикстан Улсаас 15 хувиар, Бүгд Найрамдах Белорус Улсаас 8 хувиар илүү хяналт, шалгалт хэрэгжүүлж байна. Энэ нь хяналт шалгалтын тоо, давтамжийг бууруулах, уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэгжих, хэрэгжихгүй олон дүгнэлтийг цөөрүүлэх цаг болсныг харуулж байна.

    Хяналт шалгалтыг аж ахуйн нэгж, байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэт хутгалдах, зөрчил дутагдал эрж хайх, бизнес эрхлэгчдийн хийж бүтээх цаг  хугацааг алдагдуулах, хүнд суртал, чирэгдэл гаргах, торгож шийтгэх, айлгаж сүрдүүлэх арга барилаар явуулахгүй байх  хэрэгтэй. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг орхигдуулах, авлигад өртөн өргөсөн тангаргаа хөсөрдүүлэх зэрэг зохисгүй үйлдэл, хууль бус үйл ажиллагаа гарсаар байгаатай Засгийн газар хэзээ ч эвлэрэхгүй” гэлээ. 

    Аливаа  үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, аргачлалд нийцүүлэхэд онцгой анхаарах нь хяналт шалгалтын үр дүнтэй тогтолцоо. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, хэм хэмжээ нь хяналтын амар хялбар аргачлал юм. Мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллагын удирдлага, улсын байцаагчдын ур чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, давтан сургах, нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, баталгааг сайжруулах талаар бодитой ажил хийх шаардлагатай байгаа.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд нэн түрүүнд төр, хувийн хэвшлийн хийх ажлыг тодорхой зааглах нь чухал. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар түүний харъяа байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээг оновчтой тогтоож, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, төсөв санхүүгийн сахилга хариуцлагыг бэхжүүлэхэд тавих хяналтаас бусад чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай. Бизнес эрхлэгчдийн дотоодын хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, компанийн сайн засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад анхаарах хэрэгтэй. 

    Аливаа зөвшөөрлийг автоматжуулж, аажим бүртгэлийн тогтолцоонд шилжих, хууль, тогтоомжийн хэрэгжилт, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, тендерээр гүйцэтгэж байгаа ажлын явц, хийсэн шалгалтын мэдээллийг яам, төрийн байгууллагуудад хүргүүлж, биелэлтийг хангуулах талаар хамтран ажиллаж үр дүнг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тайлагнаж байх нь зөв. Хилийн хяналтыг шинэчлэх, хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох чиглэлээр санал боловсруулж Засгийн газраар шийдвэрлүүлэн ажлын явц, үр дүнг тайлагнаж байя. 

    Засгийн газраас барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажиллагааг хөнгөвчилсөнтэй холбогдуулан уг ажлыг ил тод, хүндрэл чирэгдэлгүй хэрэгжүүлж, барилгын чанар, аюулгүй байдлын хяналтыг шинэ шатанд гаргах, орчны тохижилт, ногоон байгууламжийг зураг төслийн дагуу бүрэн гүйцэтгүүлэн, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангуулахад онцгой анхаар. Олон улсын жишиг шаардлага болсон “Check list” буюу “Хяналтын хуудас”-ыг нэвтрүүлж, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог бий болгон, бизнес эрхлэгчдэд учруулдаг хяналт шалгалтын дарамтыг бууруулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө түлхүү өгөх хэлбэрт шилжих хэрэгтэй байна гэлээ

  • Ерөнхий сайд цан цохин 3631 дэх арилжааг эхлүүлэв

    Ерөнхий сайд цан цохин 3631 дэх арилжааг эхлүүлэв Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдсаны 19 жилийн ойг тохиолдуулан Хөрөнгийн биржид зочлон 3631 дэх арилжааг эхлүүлэх цан цохилоо. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага, боломж байгааг дурьдаад 2010 он Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг идэвхитэй хөгжүүлэх шинэ үе шатыг тавьсан он жил болно гэдэгт итгэлтэй байна.

    Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах талаар дэмжиж ажиллана. УИХ-д саяхан өмч хувьчлалын үндсэн чиглэлийг өргөн барьсан. УИХ удахгүй энэ үндсэн чиглэлийг хэлэлцэж батална хэмээн найдаж байна.  Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулан боловсронгуй болгох нь хөгжлийн хөшүүрэг- хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал түлхэц  болох юм. Та бүхнийг хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулаарай хэмээн хүсч байна” гэлээ.

    Хүн төрөлхтөн хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгдог замаар замнаад 500 жил болжээ. Улс орны эдийн засагт сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг урт хугацаанд хямд өртөгтэйгээр татах ажлыг зохион байгуулах  хэрэгцээ тулгарлаа. 2010 он үндэсний томоохон хувьцаат компаниуд байгуулагдаж, хувьцаа нь дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж, Монгол Улсад санхүүгийн шинэ эх үүсвэр бий болж ашиглагдаж эхлэх анхны жил юм. Хөрөнгийн биржийн 19 жилийн ойг тохиолдуулан биржийн үйл ажиллагааг харуулсан “Хубилай хааны зарлиг” уран сайхны кино бүтээжээ

  • Боксчин Ч.Цэвээнпүрэвт төрийн далбаа гардуулж амжилт хүсэв

    Боксчин Ч.Цэвээнпүрэвт төрийн далбаа гардуулж амжилт хүсэвМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Мэргэжлийн боксын хөнгөн жингийн дэлхийн удаа дараагийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэвийг хүлээн авч уулзав. Ч.Цэвээнпүрэвийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын тамирчин  энэ оны 2 дугаар сард нутагтаа болох мэргэжлийн боксын 2 холбооны дэлхийн аваргын халз тэмцээнд дуудсан байна. Энэ тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүсч Ч.Цэвээнпүрэвт Төрийн далбаа гардуулав.

    Гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэв “Эв найрамдлын хүч” төрийн бус байгууллага байгуулан хүүхэд, залуус, ард иргэдийг эрүүл аж төрөх, зөв хооллох, эрүүл мэндээ хамгаалах, спортоор хичээллэх зэрэгт нь туслах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ төрийн бус байгууллагын ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлэн цаашид хамтран ажиллана гэлээ