Blog

  • Замын ачааллыг 30 хувь бууруулах шинэ зам ашиглалтад орлоо

    Сая гаруй хүн амтай Улаанбаатар нийслэлийн иргэдийг багагүй бухимдуулдаг асуудлын нэг нь замын түгжрэл. Анх 500-600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн Улаанбаатар хотод өнөөдөр улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нь энэхүү бухимдлын гол зангилаа. Гэсэн ч Монгол Улсын Засгийн газар иргэдээ тав тухтай, бухимдал чирэгдэлгүй байлгахын төлөө анхаарч олон ажил хийж байгаагийн нэг нь яах аргагүй замын өргөтгөл, шинэчлэлийн ажил юм.

    Улаанбаатар хотын автозамд 2008 оноос хойш онцгойлон анхаарч, Улсын болон нийслэлийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 42,5 км автозам шинээр барьж, 67,9 км автозамыг өргөтгөн шинэчилж, нийтдээ 110 гаруй км замын барилгын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ онд шинээр 144 км замын ажил хийхээр эхлүүлээд байгаа нь өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын нийлбэртэй тэнцэхүйц  ажлыг 2012 онд хийхээр төлөвлөж, эхлүүлсэн манай улсын эдийн засаг өсөлттэй байгаагийн тод илрэл гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлж байна.

    Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, “Их тойруу” тойрог замыг бүтэн тойрог болгоход чухал ач холбогдолтой замын нээлт өнөөдөр боллоо. Бидний нэрлэж заншсанаар 120 мянгатын аюулгүйн тойргоос зүүн тийш 2 км шинэ зам барьж, төмөр замын гармыг хийж гүйцэтгэснээр аюулгүйн тойрог зүүн талаараа Нарны замтай шууд холбогдлоо. Нарны замыг Баянмонгол хороололтой шууд холболоо ч гэж тайлбарлаж бас болох юм.  Ингэснээр Энхтайвны гүүр, Замын цагдаагийн газрын өмнөх төмөр замын гармын ачаалал 30 хувь хүртэл буурна гэж мэргэжилтнүүд хэлж байна.

    Энэ замыг нээсэнтэй холбогдуулан М:55 буюу “Баянмонгол хороолол-Бага тойруу” гэсэн нийтийн тээврийн  шинэ чиглэлийг өнөөдрөөс иргэдийн үйлчилгээнд явуулж эхэллээ. Ингэснээр Баянзүрх дүүрэгт сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон “Баянмонгол”, “Кристал таун”, “Дүнжингарав” зэрэг орон сууцны хорооллын оршин суугч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хотын төвөөс шууд хүргэх боломж бий болж байна. Энэ үйлчилгээг “Эрдэм транс” компани үзүүлэх бөгөөд 10 минут тутамд нэг  автобус явуулах юм байна.   

    Өглөө ажилдаа, орой гэртээ хүрэх, өдөр ажлаа амжуулахад замд зарцуулах хугацаа ийн богиносож байгаа нь хамгийн чухал юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд нээлтийн арга хэмжээнд оролцохдоо хэлээд хэдийгээр 2 км гэдэг том тоо биш ч энэ зам дунд тойргийг бий болгох гол зангилаа юм. “Их тойруу”-г бүтэн тойрог болгох бүтээн байгуулалт ид үргэлжилж байна. Энэ ажил төмөр зам дээгүүрх “Нарны гүүр”-н гарц энэ оны 11 нэгдүгээр сард ашиглалтад орсоор дуусгавар болно. Гэхдээ удахгүй болох баяр наадмын өмнө эл гүүрэн гарцын зорчих хэсгийг нээж ажиллуулах юм гэсэн мэдээллийг Засгийн газрын тэргүүн С.Батболд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ЭНЭ ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 484 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙНЭ

    2012 онд эрүүл мэндийн салбарт 484 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд энэ нь 2008 онтой харьцуулахад 2,3 дахин өссөн гэсэн үг юм. Тэгвэл хөрөнгө оруулалт мөн онтой харьцуулахад 7,8 дахин нэмэгджээ. Энэ хөрөнгөөр улсын хэмжээнд 80 гаруй эмнэлгийн барилгыг шинээр барьж, 30 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмжөөр хангасан байна. Түүнчлэн Эрүүл мэндийг дэмжих сангаас зарцуулах хөрөнгө 10 дахин нэмэгдсэн бөгөөд энэ сангаас гарах мөнгийг иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахад зарцуулах юм.  Мөн өнгөрсөн 4 жилд өрхийн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулж, клиникийн томоохон эмнэлгүүдийг бүгдийг нь өргөтгөсөн нь энэ салбарынханд ихээхэн урам өгчээ.

    Эдгээр цогц арга хэмжээний дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирч, дундаж наслалт өссөн, Мянганы хөгжлийн зорилтын гол үзүүлэлт болох эх, 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан гээд олон эерэг үзүүлэлт гарсан талаар эмч, ажилтнууд ярьж байна. Энэ бүхэн эрүүл мэндийн салбарынхантайгаа хамтарч ажилласны үр дүн. Цаашид олсон ололт, амжилтаа улам баталгаажуулах ёстой гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эмч, ажиллагсадтай уулзахдаа онцоллоо.

    Тэрээр ажлаа хүлээн авсныхаа дараа хамгийн түрүүнд боловсрол, эрүүл мэндийн салбарынхантай уулзан санал бодлыг нь сонсож, төр, засгаас бодлогын ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгийг тодотгож байсан юм.

    Харин энэ удаа өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, үр дүн нь бодит амьдралд хэрхэн мэдрэгдэж байгаа талаар өөрсдөөс нь сонслоо.

    Өнгөрсөн 4 жилд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай зэрэг 10 орчим хууль батлуулсан нь энэ салбарт маш том дэвшил авчирсан. Засгийн газар ч “Үндэсний түргэн тусламжийн үйлчилгээ” зэрэг 30 орчим үндэсний хөтөлбөр, төсөл батлан хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    Засгийн газар цалин нэмсний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын ажилтанд нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам баталсан, 36, 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжтэй болсон, тухайлбал өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 3 жил тутам 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг, зөвхөн энэ онд гэхэд л 679 орон сууцыг Эрүүл мэндийн яаманд хуваарилан хөнгөлөлттэй зээлд хамруулсан, төрийн зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа зэрэгтээ эмч, ажилтнууд баяртай байна. 

    Ерөнхий сайдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аян энэ салбарынхны хүсэн хүлээж байсан, нүдээ олсон арга хэмжээ байсныг эмч, ажилтнууд хэлж, өвчтэй хүүхдүүдийг эмчлэх дараагийн шатны ажилд урам зориг дүүрэн орно гэдгээ хэлж байлаа. Мөн БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” байгуулах хүсэлтийг Ерөнхий сайд болсных нь дараа уламжлахад биечлэн санаа тавьж, 2014 он гэхэд ажил хэрэг болгохоор болсонд талархал илэрхийллээ. Цаашид батлагдсан хууль, үндэсний хөтөлбөр, төслүүдийн  хэрэгжилтийг эрчимжүүлэх, зарим эмнэлгийг зориулалтын байртай болгох, нийгмийн асуудлыг нь шийдэх, резидэнт эмчид тэтгэлэг олгох, гадаадад сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүлэхэд түлхүү анхаарахыг Засгийн газрын тэргүүнээс хүсч байлаа.

    Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллан, өргөсөн тангарагтаа үнэнч явдаг эрүүл мэндийн салбарынхны хүсэлтийг цаашдын ажилдаа тусган, шийдвэрлэх болно гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Засгийн газар эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүнээ хөгжүүлэхэд зарцуулна. Хүний хөгжилд төрийн зохицуулалт илүү байх ёстой. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарч төсвийн мөнгийг ахиу зарцуулна. Эрүүл байх нь сайн сайхан амьдралын үндэс. Иймээс иргэдээ эрүүл улмаар боловсролтой, ажилтай, орлоготой, орон сууцтай болгож, тэтгэвэр, халамж, даатгалын оновчтой тогтолцоонд хамруулахын төлөө байна гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “Нарантуул”-д худалдаа эрхлэгчдийн ажлын байр 25 жилийн баталгаатай боллоо

    15 мянган хүн лангуу түрээслэн худалдаа эрхэлж, өдөрт л хот, хөдөөний 20 гаруй мянган хүн зорьж очдог “Нарантуул” худалдааны төвийн лангууны түрээсийн төлбөр 1999 онд байсан тэр хэмжээндээ өнөөдрийг хүртэл хэвээр байгаад талархаж байдгаа худалдаа эрхлэгчид Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдоор дамжуулан журмын нөхөр, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд  нь уламжиллаа. Тэд тус худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзсан юм.

    Худалдаа эрхэлдэг нэг хүн цөөхнөөр бодоход 10 гаруй хүний амьдралыг авч явдаг байна. Тэдний нэг, гутлын наймаа хийдэг иргэн Баттай Ерөнхий сайд С.Батболд эхлээд хөөрөлдлөө. Тэрбээр лангууны түрээсэнд сар бүр 40 гаруй мянган төгрөг төлдөг, ашиг орлого сайн байгаа. Хүүхдийн зуны гутал, углаашийг дунджаар 10 мянга орчим мянган төгрөгөөр борлуулж байгаа” гэлээ. Тэднийг ийн ярих зуур хажуу орчмын лангууны түрээслэгчид цуглаж ярианд оролцлоо.

    Ерөнхий сайд аа, бидэнд битүү зах хэрэггүй ээ, Дүнжингарав шиг өндөр барилга бүр шаардлагагүй. Тэндхийн нэг лангууны түрээсийн сарын төлбөр нь сая 200 мянган төгрөг. Ийм өндөр түрээс төлөөд ажиллаж, амьдарна гэвэл бид дийлэхгүй. Ийм захтай болчихвол лангууны түрээс нэмэгдэнэ, үүнийг дагаад бид барааныхаа үнийг нэмэхээс аргагүйд хүрнэ. Тэрнээс гадна завсар хийж хугацаа алдана, энэ хугацаанд бид үйлчлүүлэгчдээ ч алдана шүү дээ гэхчлэн ярьж байв. Мөн бидний эрүүл мэндэд анхаарал тавьж байдагт Батболд дарга танд талархдаг шүү гэцгээж байлаа. 

    Харин өвлийн гурван сард хүндхэн байдаг нь үнэн. Эрээний зах шиг болгоод л, дулаан тавиад өгчихвөл асуудал байхгүй. Хөдөө, орон нутгийн иргэд маань ийм байдалд маань дуртай, тэд гял цял болсон байшинд орчвол ирж худалдаа хийгүй. Манай лангууны түрээс нэмэгдэггүй тул бид барааныхаа үнийг нэмэхгүй өдий хүрсэн. Хямгийн хямд бараа Нарантуулд байдаг нь үнэн” гэж байлаа. Харин тэдний  хамгийн их сэтгэл зовдог асуудал нь ажлын байраа алдах. Энэ тухайгаа Ерөнхий сайдад дуулгахдаа ”Манай Нарантуул” зах газарт орох гэж байгаа нь үнэн юм уу” асуулаа. Энэ асуултад бодит хариулт өгөхийг Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн Засаг даргын албыг энэ 4 жилд хашсан, НИТХ-д МАН-аас нэр дэвшигч Г.Мөнхбаяраас хүссэн юм. Тэрбээр “Нарантуул”-ын газрын гэрчилгээг 25 жилээр сунгасан гэж хэлсэн нь худалдаа эрхлэгчдийн хувьд гэнэтийн мэдээ байж, алга ташин хүлээн авлаа.

    Илэн далангүй халуун яриа өрнөж, дулаан сайхан уур амьсгалтай болсон “Нарантуул”-ын худалдаа эрхлэгчидтэй хийсэн уулзалтын нэгэн сэдэв нь тэдний хувьд чухал асуудал болоод байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн тухай  байлаа. Бараг 1990-ээд оноос хойш тасарсан даатгалын шимтгэлээ тэд төлдэг болжээ. Жижиг бизнес, худалдаа болон өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Үйлдвэр худалдааны сайд байхаасаа орлогоос үл хамаараад тогтмол шимтгэл төлдөг болгох эрх зүйн орчныг бий болгохын төлөө ажилласан бөгөөд энэ нь үр дүнд хүрчээ. Тэд одоо нийгмийн даатгалын шимтгэлдээ сард хамгийн бага нь л гэхэд 13 мянган төгрөг тушаадаг байна.

    Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд “Нарантуул“-д худалдаа эрхлэгчдийг Тусгаар тогтнолын ордонд урьж, уулзсан юм. Энэ үеэр цаг хугацаатай  уралдаж ажил амьдралаа залгуулдаг эдгээр хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн асуудал нь шийдэгдсэнд түүнд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “Нарантуул” захад даатгалын байцаагч ажиллуулж өгөхийг хүсч байсан юм. Энэ дагуу тус төвд нийгмийн даатгалын байцаагч ажиллаж, тэдний даатгалыг газар дээр нь, өөрөөр хэлбэл ажлын байранд нь хураадаг болсон байна. Ерөнхий сайд ч энэ тухай хэлээд энэ бол эхний л алхам. Бид одоо нийгмийн даатгалын нөхөн төлбөрийг төр хариуцан хийх асуудлыг ирэх дөрвөн жилийн эхний ажлуудын нэг болгохоор хөтөлбөртөө тусгасан гэдгийг онцолж хэллээ. Энэ ажил хэрэг болбол 1990 оноос хойш тасарсан шимтгэл нөхөгдөх боломжтой болно гэж онцолж байлаа. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын босго нь 200 сая хүртэл төгрөг байна. Өөрөөр хэлбэл, жилийн ийм орлоготой иргэд НӨАТ төлөхгүй гэсэн үг юм. Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бизнесийг дэмжих бодлогыг Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг ч тус намын дарга С.Батболд хэлсэн.

    УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу маань Дэнжийн мянгын зах дээр худалдаа наймаа эрхэлж бизнесийн амьдралаа эхэлсэн. Дараа нь та бүхэнтэй хамтран нүүлгэж энд авчирсан. Тиймээс ч энд ажилладаг хүмүүсээ хөл дээр нь босгохын тулд түрээсийнхээ төлбөрийг нэмдэггүй, 1999 оны хэмжээнд барьж өнөөг хүрсэн байна. Манай нам жижиг бизнес эрхэлж амьдрал ахуйгаа авч яваа ийм хүмүүсээ дэмжинэ, чинээлэг дундаж давхрагын хэмжээнд хүргэх зорилт тавьж ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд С.Батболд ярилаа.

    Ерөнхий сайд зах дээр лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг хүмүүстэй уулзаж,  ийн ярьж явахад нь олон хүн түүнтэй гар барьж, мэндчилэн  ажлын амжилт хүсэж байлаа. Тэдний нэг нь морин хуур худалдаалдаг нэгэн өвгөн байв. Тэрбээр лангуу байхгүй, хүмүүсийн дундуур явж морин хуур зардаг тухайгаа Ерөнхий сайдад хэлээд тантай тааралдсандаа ихэд баяртай байна, миний хуур бол бэлгэдлийн хуур гэхдээ сайхан хөгтэй шүү гэж бараагаа “рекламдаад”, “Үлэмжийн чанар”-ыг аялгуулан хөгжимдлөө. Хөгжим нь ямар үнэтэй болохыг нь Ерөнхий сайд сонирхоод худалдаж авсан юм.   

  • С.Батболдын Засгийн газар боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн

    Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд төрийн энэ өндөр албыг аваад хамгийн анхлан боловсролын салбарынхныг хүлээн авч уулзсан. Ингэхдээ Монголыг Тавантолгой, Оюутолгой биш Монгол толгой хөгжүүлнэ гэж хэлээд энэ салбарыг тэргүүлэх салбар хэмээн анхаарч ажилласан юм. Тэргүүлэх чиглэлээ болгосон салбарынхантайгаа Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Соёлын төв өргөөнд уулзлаа. С.Батболдын Засгийн газар боловсролын салбарт сүүлийн 20 жилд хийж амжаагүй тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 4 жилд боловсролын салбарын хөрөнгө оруулалт 5 дахин нэмэгдсэн байна.

    2009-2012 онд 139 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 74 хичээлийн байр, 37 дотуур байр, спорт заалны 35 барилгыг шинээр барьж ашиглалтад орууллаа. Үүнд 120 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний үр дүнд цэцэрлэгийн хүчин чадлыг 11,8 мянган ороор, хичээлийн байрны суудлын тоог 31,2 мянгаар, дотуур байрны орны тоог 4,7 мянгаар тус тус нэмэгдүүлж, 405 гэр цэцэрэг байгуулжээ. 

    Гэсэн ч харамсалтай нь нийслэлд шилжин суурьших хөдөлгөөн их байгаатай холбоотойгоор Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүргийн зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, зарим цэцэрлэгийн ачаалал хэтэрч байгаа зэрэг бэрхшээл байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд багш, ажилчидтай уулзахдаа энэ тухай ярилцаад асуудал байгаа, Засгийн газар аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаагаа тэмдэглэлээ. Мөн Монгол Ардын нам дөрвөн жилийн өмнө багш нарын цалинг хоёр ба түүнээс дээш удаа нэмнэ гэсэн амлалтдаа хүрсэн. Цаашид цалингийн нэмэгдлийг үнийн өсөлтийг давж өсгөж байхаар шийдвэрлэнэ гэдгээ ч тэрбээр онцолж байлаа.

    Сурагчаасаа бэлэг, мөнгө авдаг гэхчлэн элдэь хэл ам гарч багш хэмээх алдрын нэр хүнд муу байгаа талаар багш нар сэтгэл зовж байгаагаа хэлж байсан юм. Энэ асуултад Ерөнхий сайд С.Батболд хариулахдаа Ардын нам ардын багшийн нэр хүндийг өндөрт өргөж, хамгаалсаар ирсэн. Ш.Сүрэнжав гуайн алдарт “Багш” найраглалд хөшөө босгосон. Нийслэл хотдоо Багшийн хөгжлийн ордон байгуулсан, багш нар маань сурч, мэргэжил мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх ордонтой болсон. Одоо 21 аймагтаа ийм ордон байгуулахаар төлөвлөсөн талаараа хэлж байлаа.

    2009 оноос хойш шинээр 15 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж,  45 мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэлээ.

    Засгийн газрын Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг Оюутолгой компанийн санхүүжилтээр хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүдээр 43 сургалтын байгууллагад 23 мэргэжлээр 3300 иргэдийг сургаж байгаа бөгөөд эхний ээлжинд 800 гаруй хүн төгссөний 70 хувь нь ажлын байртай болоод байна.   

    Их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэхээр Их сургуулийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

    Дээд боловсрол олгох сургуулиудыг цөөлж, чанартай боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлэх талаар тууштай арга хэмжээ авч төрийн өмчийн 42 сургуулийг 15 болгож цөөллөө.

    Ерөнхий боловсролын сургалтын стандартад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлж, энэ стандартаар хичээллэх, дэлхийн монгол иргэнийг бэлтгэх  төрийн өмчийн ерөнхий боловсролын гурван сургуулийг шинээр байгуулж, үндэсний 31 лаборатори сургууль байгууллаа.

    20 гаруй жилийн өмнө татан буугдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг Засгийн газрын шийдвэрээр байгуулж, энэ институт байрлах Багшийн ордныг ашиглалтад орууллаа гэхчлэн С.Батболдын тэргүүлсэн  Засгийн газар олон асуудал шийдвэрлэсэн юм.

    Боловсролын багц хуулийг УИХ-аар батлуулснаар суралцагч, багш, нийгмийн  ажилтныг урамшуулах, тэдний нийгмийн баталгааг хангах талаар олон чухал асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдээд байгаа. 

    Энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар боловсролын байгууллагын ажиллагсдыг таван жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, сургууль цэцэрлэгийн багш, удирдах ажилтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутам дээшлүүлэх, 25 ба түүнээс жил ажилласан бол тэтгэвэрт гарахад нь 24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох зэргээр тусгасан байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболд “Автобус-1” компанийнхантай энэ өдрийн өглөөг угтлаа

    Сая гаруй хүнтэй нийслэлчүүдээ ажил албанд нь явгалалгүй залгуулж, хамгийн эрт ажилдаа гарч, хамгийн орой ажлаасаа буудаг ажилчид бол автобусны жолооч болон кондукторууд байдаг. Тэдний төлөөлөл буюу “Автобус-1” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын хамт олонтой нэгэн өглөөг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  хамт өнгөрүүлж, тэдний санал бодлыг сонсч, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон ажлуудын талаар яриа өрнүүллээ.  

    Өглөө ажилдаа гарахаас өмнө буюу 5 цаг 50 минутад  энэ уулзалт болсон бөгөөд ажилдаа  цугларсан олон ажилчид компанийхаа үүдэнд Засгийн газрын тэргүүнээ угтан авсан юм. Материаллаг баазын хангалт муутай, парк шинэчлэл хийгдээгүй, хуримтлагдсан өр төлбөртэй гэх мэтээр зовлон тоочдог байсан автобус компаниуд нэг үеэ бодоход хөл дээрээ зогсч, ажил нь жигдэрчээ. Ялангуяа сүүлийн 4 жилд Нийслэлийн нийтийн тээврийн салбарт 46.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, үүний 31.0 тэрбум төгрөгөөр 2009 онд 400 шинэ автобус худалдан авснаар  парк  100 хувь шинэчлэгдсэн нь  хамгийн том амжилт юм хэмээн Ерөнхий сайд тэдэнтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэлээ.

    Үүнийг хийж чадсандаа нийслэлийн иргэний хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч баяртай байгаа сэтгэгдлээ тэдэнтэй хуваалцсан юм. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахад 1.0 тэрбум гаруй төгрөг, үйл ажиллагааны алдагдал, үнэ тарифын зөрүүд 9.1 тэрбум төгрөг, шатахууны үнийн зөрүүд 395 сая төгрөгийг тус тус энэ Засгийн газрын үед шийдсэнийг ч дуулгалаа. Үүний үр дүнд нийтийн тээврийн үйлчилгээний цар хүрээ, хүртээмж улам нэмэгдэж, чиглэлийн тоо 18 хувь, автобусны тоо 30 хувь, чиглэлийн урт 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлтүүд гарсан байна.

    Нийтийн тээврийн үйлчилгээ авто замын хөгжлөөс шууд хамаардаг. Энэ асуудалд Засгийн газраас онцгой анхаарсны үр дүнд авто замын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ. Тухайлбал 2008 оноос хойш 42.5 км авто замыг шинээр барьж, 67.9 км авто замыг өргөтгөн шинэчилж, нийт 110.4 км авто замын барилгын ажил хийгдэж, энэ ажлууд нийслэлчүүдийн нүдэн дээр тэдний хяналтад дор явагдсан гэдгийг Ерөнхий сайд тэдэнтэй уулзах үеэрээ тэмдэглээд, гэхдээ бүх асуудал бүрэн цэгцэрчихээгүй гэдгийг ч дурьдлаа. Тийм учраас Монгол улсын Засгийн газар, Монгол Ардын Нам нийслэлчүүдийнхээ нийтийн тээврийн үйлчилгээг шийдэх асуудлыг цаашид цогцоор нь, асуудлыг том юм уу хүнд гэж бэрхшээлгүй барьж шийдэхийн төлөө байна гэдгээ онцоллоо.

    Үүнд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт метро, тусгай замын автобусны үйлчилгээ, мэдээлэл технологийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр зорьж байгааг хэлээд, ажлын гараагаа өглөө бүр эрч хүчтэйгээр эхэлдэг тэдний нэг өглөөг хараад тун баяртай байгаагаа  илэрхийллээ. Мөн тэдний алтан шар зам өлзийтэй  байхын ерөөлийг дэвшүүллээ. Улаанбаатар хотын хүн ам 1.2 саяд хүрч, нийт иргэдийн 60 гаруй хувь нь өдөр тутам нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж, өдөрт давхардсан тоогоор 600 мянган зорчигч тээвэрлэж байгаагаас харахад тээврийн байгууллагуудын үүрэг хариуцлага улам нэмэгдэж байгааг ч тэдэнд сануулж байсан юм.

    58 жилийн түүхтэй тус “Автобус-1”  үйлдвэрийн газар нь 600 гаруй ажилчидтай, өдөрт нийслэлийн 11 чиглэлд 88-100 автобус үйлчилгээнд гарч, 60 гаруй мянган хүнд үйлчилдэг томоохон газар аж. Засгийн газраас тус паркийн хөдлөх бүрэлдэхүүнийг 100 хувь шинэчилж өгсөнд талархаж үүнд ихэд урамшиж байгаагаа “ Шар хад-1” бригадын жолооч Б.Дамдинсүрэн нөхдөө төлөөлж илэрхийлсэн бол, нийтийн тээврийн стандартыг хангаж ажиллаж 2011 онд Нийслэлийн нийтийн тээврийн тэргүүний байгууллагаар шалгарсан амжилтаа  тус байгууллагын орлогч дарга Б.Даваасүрэн илтгэж байв.

    Гүйцэтгэх засаглалын тэргүүн тус үйлдвэрийн газрын засвар үйлчилгээний станцаар орж ажил байдлыг нь шалгахын зэрэгцээ энэ өдрийн өглөөний шугамын гаралттай ч танилцаж амжлаа. Парк шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийх, автобусны үнийн эргэн төлөлтийн асуудлыг чөлөөлж өгөх, 100 мянган айлын орон сууцны хөнгөлөлттэй зээл, хөтөлбөрт хамруулж өгөхийг “Автобус-1” компанийнхан Ерөнхий сайдаас хүсч байсан. Нийслэлчүүдийнхээ төлөө цаг нартай уралдан ажилладаг тэдний нийгмийн асуудал цаг ямагт Засгийн газрын анхаарлын төвд байдаг төдийгүй ялангуяа тэдний орон сууцны асуудлыг онцгойлон анхаарах болно гэдгийг дуулгасан нь сайхан мэдээ байв.

    Энэ өдрийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, “Автобус-1 ОНӨҮГ-ын ТУЗ-ын дарга Б.Баатарзориг нар оролцлоо. Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг энд хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн салбар хөгжил дэвшилд хүрсэн гэдгийг онцлоод  ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын ажил чухал хэмээлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

  • 1 САЯ ТӨГРӨГӨӨ БУЦААН ТӨЛЖ ХУВЬЦААГАА АВЧ БОЛНО

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр болов. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой асуудлыг хэлэлцэн журам баталсан, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгжийн тоог нэмсэн, гэр хорооллын иргэдийн хэрэглээний усны үнийг хөнгөлсөн зэрэг нь онцлох сэдэв байлаа ~

    Үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдах, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ дагуу 1 сая төгрөгөө бэлнээр авсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаа эзэмших хүсэлтэй бол 1 сая төгрөгөө буцаан төлж, хувьцаатай болох боломжийг дээрх журмаар бүрдүүлсэн байна. Ийм хүсэлтэй иргэд байвал тухайн сум, хорооны нийгмийн ажилтандаа хандах шаардлагатай юм.

    Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газар иргэдэд хувьцаанаас гадна 1,5 сая төгрөг өгөх ёстой гэж сонгууль дөхсөн үед зарим нам улс төржиж байгааг сайд Д.Хаянхярваа буруутгалаа. Тэрээр хэлэхдээ “Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдэд 1,5 сая төгрөгийг бэлэн, бэлэн бус, хувьцаа гэсэн хэлбэрээр өгнө гэж тусгасан. Энэ хүрээнд Засгийн газар өмнө нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудад хишиг, хувийн эхний хэсгийг хүртээсэн.  Энэ сарын сүүл гэхэд үлдсэн 670 мянган төгрөгийг өгч дуусгана. Мөн хишиг, хувиа эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, орон сууцны төлбөрт төлөхтэй холбоотой журмыг ирэх 7 хоногт гаргана. Ингэснээр энэ Засгийн газар амлалтаа бүрэн биелүүлж байгаа юм” гэж онцоллоо.

    Засгийн газрын хуралдаанд сайд Т.Ганди мөн танилцуулга хийсэн байна.

    Үүнтэй холбогдуулан 1 сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгөөр хүртэх хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаа больж, хувьцаа авах хүсэлт гаргасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг энэ сарын 25-ны өдрөөр тасалбар болгон нэгтгэж “Үнэт цаасны төвлөрсөн төлбөр, тооцоо, хадгаламжийн төв” компанид хүргүүлэхийг даалгалаа. 5 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд 1 532 853 иргэн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаад байсан. Гэсэн ч хувьцааны талаархи ойлголт бага, мэдээлэл хангалтгүй, хугацаа богино байсан учир хүсэлт гаргаж амжилгүй хоцорсон иргэн цөөнгүй үлджээ. Мөн ашиг тусыг нь мэдэрсэн иргэд хувьцаагаа худалдах хүсэлтээ буцааж, хувьцаа авах өргөдөл ирүүлж эхэлжээ. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын хувьд энэ оны төсөвт хөрөнгө нь тусгагдсан тул журмын дагуу хүсэлтийг нь үргэлжлүүлэн хүлээж авахаар болсон байна.

     “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООГ 36-ГААР НЭМЛЭЭ

    Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд орон сууцны барилга, хотхон, хороолол барих 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг  Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 4299 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд талаас илүү хувь нь 55 ам.метр хүртэл талбайтай орон сууц байна. Нийт орон сууц, хотхон, хорооллын 3245 нь нийслэлийн зургаан дүүрэгт, 1054 нь бүсийн тулгуур төв хот, аймгийн төвд баригдах юм. Засгийн газрын хуралдаанаар мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрийн талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байсан юм. Үндсэн зээлийн хүү, Хөгжлийн банкнаас олгох зээлийн хүү, үйл ажиллагааны зардал болон валютын ханшны зөрүүнээс болж зээлийн хүү жилийн 12-13,5 хувьд хүрэхээр байна. Энэ нь төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих чиглэлээр олгож байгаа зээлийн жилийн 7 хувийн хүүтэй байх бодлоготой нийцэхгүй байгаа юм. Иймээс Засгийн газар 7 хувийн хүүгээс давсан зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэж байхаар тогтлоо. Ингэснээр энэ онд 5580 ажлын байр шинээр нэмэгдэн, 2600 орчим ажлын байр хадгалагдаж, үйлдвэрийн салбарт өсөлт гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил бүр 2 хувиар өсөх боломж бүрдэнэ гэж Засгийн газар тооцоолж байна.

    ИРГЭД ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭР УС ХУДАЛДАН АВЧ БАЙГААГ ӨӨРЧИЛНӨ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх тухай асуудлыг авч хэлэлцлээ. Усны тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, “Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” УИХ-ын тогтоолыг үндэслэн, гэр хорооллын иргэдийн ус хэрэглээ, эрүүл ахуйн шаардлагатай хэмжээнээс доогуур байгаатай холбогдуулан Засгийн газраас тогтоол гаргалаа. Уг тогтоолоор Улаанбаатар хот болон төв суурин газрын гэр хороололд амьдарч буй иргэдийн усны үйлчилгээний үнийг тухайн орон нутагт, орон сууцанд амьдарч буй иргэдийн төлж буй хэмжээнд хүртэл бууруулах саналыг Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд оруулж, шат дараатайгаар шийдвэрлүүлэхийг сайд Ц.Дашдорж, Д.Цогтбаатар нарт даалгалаа.

    Одоо мөрдөгдөж байгаа усны үйлчилгээний төлбөрийг бууруулснаар ус ханган нийлүүлэгч байгууллагуудад үүсэх алдагдлын энэ жилд ногдох хэмжээг тогтоож шийдвэрлэхийг сайд Д.Хаянхярваа, цаашид жил бүрийн төсөвтөө тусгаж байхыг аймаг, нийслэлийн Засаг нар нарт үүрэг болгов. Ингэснээр гэр хорооллын иргэдийн усны төлбөр нь  2.5 дахин багасч байна. Орон сууцны иргэд нэг литр усыг 40 мөнгөөр хэрэглэдэг бол гэр хорооллынх нэг төгрөгөөр худалдан авдаг юм. Олон улсын байгууллагын судалгаагаар хүн өдөрт 20-25 литр ус хэрэглэх ёстой байтал, манай гэр хорооллын иргэд 10 хүрэхгүй литр ус хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна.

    Өөрөөр хэлбэл хүний наад захын хэрэглээгээ хангахад шаардагдах хэмжээнээс маш бага хэмжээний ус хэрэглэдэг байжээ. Гэр хороолол  болон орон сууцанд амьдарч байгаа иргэд нь дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдаж байгаа эсэхээр шалтгаалан зөрүүтэй төлбөр төлж байсныг Засгийн газрын хуралдаанаар ийн эцэс болголоо. Дэлхийн зах зээлийн үнээр ундны усаа авч байсан хотын гэр хорооллын иргэд үнэ ханший  шударга тогтолцоо руу шилжих суурь тавигдлаа. 

                ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ БЭХЖҮҮЛНЭ

    “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх  хүрээнд Сангийн яам  болон Бүгд Найрамдах Франц Улсын Натиксис банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Зээлийн хөрөнгөөр 50 орчим нэр төрлийн оношлогоо, эмчилгээний, сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, 6 сарын хэрэглээний эмнэлгийн хэрэгсэл, 2 жил хэрэглэх сэлбэгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн эмч, мэргэжилтэн, инженер техникийн ажилтан нарыг сургалтад  хамруулж, төвийн өргөтгөлийн барилгыг барьж дуусгах зэрэг олон ажил хийх юм. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь жилд 13 мянга орчим хүнийг хэвтүүлэн эмчилж, 6500 гаруй мэс засал хийн, хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар жилд 160 орчим мянган иргэнд буюу өдөрт 300 хүртэл хүнд үйлчилдэг байна. 

    “ХАТАН ТУУЛ” ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА

    Туул голын сав газарт “Хатан Туул” хөтөлбөрийг 2012-2016, 2017-2020 он гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж, хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Туул голын эх, голд цутгаж байгаа гол, горхийг хамгаалах ажил хийнэ. Тухайлбал Туул голд далан барьж  урсацын тохируулга хийх юм. Мөн Туул голын сав газрын энгийн хамгаалалтын болон Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдсэн мужийн заагийг тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл орон нутаг, улсын тусгай хамгаалалтад авахаар хөтөлбөрт тусгажээ.

    Түүнчлэн хотын болон Туул гол сав газарт ажиллаж байгаа бүх цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийн, бохир усны цэвэрлэгээг стандартын шаардлагад бүрэн нийцүүлнэ. Туул голын савд элс, хайрга зэрэг ашигт малтмал хайх, олборлохыг бүрэн зогсоож, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ. Мөн зарим ажлыг олон улсын байгууллагын зээл, тусламж, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх юм байна.

    ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ МОНГОЛ УЛСАД БУЛШЛАХ ТУХАЙ АСУУДАЛ ОГТ БАЙХГҮЙ ГЭЖ ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР МЭДЭГДЛЭЭ

    Цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахаар зэхэж байгаа тухай буруу ташаа мэдээ хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр гарах болсонтой холбогдуулан Цөмийн энергийн газраас авч хэрэгжүүлсэн ажилтай Засгийн газрын хуралдаанаар танилцлаа. Үүнтэй холбогдуулан няцаалт гаргаж, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглахад Засгийн газраас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах арга хэмжээг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахыг Цөмийн энергийн газарт даалгалаа.

    Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах нь гэсэн яриа ямар ч үндэслэлгүй учир үүгээр улс төр хийхгүй байх ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа. Цөмийн энергийн газар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн Монгол Улс Үндсэн хуулиндаа цөмийн хаягдлыг нутаг дэвсгэртээ булшлахыг хориглосон учир худал мэдээлэл тарааж иргэдийн сэтгэл зүйгээр тоглохгүй байхыг уриаллаа.  

    ТОВЧ МЭДЭЭ

    • 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэн дэмжив. Үүнтэй холбогдуулан тайланг аудитын дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 2011 оны төсвийн гүйцэтгэлийн орлогыг 3,351,389 /гурван их наяд гурван зуун тавин нэгэн тэрбум гурван зуун наян есөн сая/ сая төгрөг, зарлагыг 3,621,676.2 /гурван их наяд зургаан зуун хорин нэгэн тэрбум зургаан зуун далан зургаан сая хоёр зуун мянган/ сая төгрөг хэмээн тайланд тусгасан байна.
    • Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэн Засгийн газрын тогтоол гаргалаа. Манай улсад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил урьд өмнө байгаагүй далайцтай өрнөж байна. Энэ онд хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 2000 онтой харьцуулахад 50 дахин нэмэгдсэн нь үүний нотолгоо юм. Иймээс цаашид хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн  сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн удирдлагуудад тодорхой чиглэлүүдээр үүрэг өгсөн байна. Түүнчлэн төсвийн зардлыг хэмнэлттэй зарцуулах, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллахыг төсвийн эрх баригч нарт даалгажээ.
    • Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардал нь 870 сая төгрөг байх юм байна.  Үүний 120 сая төгрөгийг төсвөөс гаргахаар боллоо.
    • Урт нэртэй гэгдэх хуулийн хүрээнд тогтоосон хилийн заагтай давхацсан алтны шороон ордын 124 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэхэмжилсэн нөхөх олговорт болон тусгай зөвшөөрлийн талбайд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэхийг сайд Д.Хаянхярваа, Д.Зоригт нарт даалгалаа. Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс байгаль орчинд учруулсан хохиролд 102 тэрбум 255 сая төгрөг авахаар байгаа бол 57 зөвшөөрөл эзэмшигчдэд 94 тэрбум 440 сая төгрөг олгох тооцоо гарчээ.  
    • Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, соёрхон батлуулахаар УИХ-д хэлэлцүүлэхээр тогтлоо.
    • Энэ оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын IV хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ц.Дашдоржид даалгалаа.
    • Академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагнал олгох журам, шагналын энгэрийн тэмдэг, үнэмлэхийн тодорхойлолтыг баталлаа. Эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан, технологийн салбарын зүтгэлтэнд их эрдэмтдийн нэрэмт шагнал олгож байх юм. Академич Б.Ренчингийн нэрэмжит шагналыг 5 хүртэл хүнд 5 жилд нэг удаа, Ц.Дамдинсүрэнгийнхийг 3 хүртэл хүнд 3 жилд нэг удаа, Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг 2 хүртэл хүнд 3 жилд нэг удаа олгож байхаар тогтлоо.
  • ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ХОХИРОГЧДЫН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Хоршоодод мөнгөө өгөөд алдсан иргэдийн хохирлыг барагдуулах боломжийн талаар энэ үеэр ярилцсан байна. Ерөнхий сайд хэлэхдээ “Өмнө нь нийт хохирлын 50 хувийг төрөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр барагдуулсан. Үлдэх 50 хувийг мөн ийм хэлбэрээр шийдэх гарц харагдаж байна. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслийг Засгийн газар зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжилсан. Хэдийгээр амаргүй ч гэсэн асуудлыг шийдэхийн төлөө байна” гэв.

    Битүүмжилсэн хөрөнгө үнэгүйдсэн, тухайн үед ажилдаа хайхрамжгүй хандсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцох тухай яригдана гэдгийг  тэрээр тэмдэглэлээ. Хоршоодын хөрөнгийг битүүмжилсэн, иргэд хохирлоо барагдуулах боломж муу, бага хэмжээний хохиролтой иргэдийн амьдрал доройтсон, олон хүний эрүүл мэнд тааруу байгаа тухай уулзалтын үеэр хөндөгдлөө. Нийт 8300 хохирогчтой, хэдэн тэрбум төгрөгөөр яригдах энэ асуудлыг Засгийн газрын тэргүүн анхааралдаа авч, шийдвэрлэхийн төлөө байгаад  Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны Удирдах зөвлөлийн гишүүд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

    Өмнө нь төрөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 36 тэрбум төгрөгийг хохирогчдод олгосон бөгөөд өнөөгийн байдлаар 21 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлээгүй байна. Хадгаламж зээлийн хоршоодын нийт хохирогчдын ихэнх нь буюу 58 орчим хувь нь 5 сая хүртэл төгрөгийн хохирол хүлээсэн гэсэн судалгаа гарчээ.

  • Гэр бүлийн хөгжилд саад болж буй асуудлыг цогцоор нь авч хэлэлцэж байна

    Монгол улсын Засгийн газраас санаачлан “Гэр бүл-Нийгмийн хөгжил” Үндэсний чуулганыг төрийн ордонд зохион байгууллаа. Гэр бүлийн хөгжилд саад болж байгаа олон тулгамдсан асуудлыг цогцоор нь авч хэлэлцэн тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гарцын талаар нухацтай ярилцах, гэр бүлийн талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэлийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох зорилгоор энэхүү Үндсэний чуулганыг зохион байгуулж байгаа юм байна.

    Тус чуулганд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ “ Манай ард түмэн “Бие хүн –өрх, гэр бүл- улс, нийгэм” гэсэн гурвалсан холбооны зарчмыг дээдлэн ”Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн сургаалаар үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн сайхан уламжлалтай билээ. Ухаант ардын маань энэхүү сургаал өнөө үед улам бүр ач холбогдолтой болж байна. Үүнийг хамгийн энгийнээр илэрхийлбэл хүмүүжилтэй, боловсролтой хувь хүн, төлөв түвшин гэр бүл хөгжингүй, боловсронгуй нийгмийг бүрдүүлнэ гэсэн үг юм.

    Тийм ч учраас Засгийн газраас энэ удаагийн чуулганыг “ГЭР БҮЛ – НИЙГМИЙН ХӨГЖИЛ” гэсэн сэдвийн дор зохион байгуулахаар шийдвэрлэлээ” хэмээн тэмдэглэсэн юм. Статистикийн тоо баримтаас үзвэл Монгол Улсад ядуурлын түвшин 2010 оны байдлаар 39,2 хувь байсан бол 2011 онд 29,8 хувь болж буурсан дүнтэй байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг бий болгох, бизнесийн орчныг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, ялангуяа байгалийн баялагаас олж буй орлогыг иргэддээ тэгш хүртээмжтэй хүргэх талаар явуулсан бодлогын үр дүн тодорхой хэмжээнд гарч байгаагийн илрэл хэмээн Засгийн газрын тэргүүн тэмдэглээд,  гэсэн хэдий ч эдийн засгийн жилийн дундаж өсөлт харьцангуй өндөр, 10 орчим хувь байхад гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа нь өсөлтийн үр дүнг хүн ам, гэр бүлд илүү оновчтой, үр ашигтай хэлбэрээр хүргэх шаардлагатай гэсэн үг юм. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг хувь хүн, гэр бүл хүртэх хамгийн дөт арга зам нь өсөлтийг бий болгоход оролцох явдал гэж үзэж байна.

    Тиймээс уул уурхай зэрэг өсөлт өндөртэй салбаруудаас орж байгаа орлогоор хөрөнгө оруулалт хийж бүтээмжтэй, өндөр цалин хөлстэй, тогтвортой ажлын байр бий болгохыг нэн тэргүүнд зорьж байна. Энэ чиглэлээр хөрөнгө нөөцийг төвлөрүүлж, удирдан зохион байгуулах замаар 3-4 жилд 300 орчим мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой гэсэн тооцоо байгааг онцоллоо. Түүнчлэн “ Гэр бүлийн оршин тогтнох анхдагч нөхцөл болсон орон байрын хангамж хүрэлцээ хангалтгүй байна. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл нийт өрхийн 24,9 хувь нь нийлмэл буюу нэг орон байранд амьдарч байна. Өөрийн гэсэн орон байргүй гэр бүл ялангуяа, залуу гэр бүл тав тухгүй орчинд амьдарч, энэ орчноос зугтсан хүүхэд залуус тэнэмэл амьдрал, буруу зуршилд татагдаж байна. Тиймээс Засгийн газар хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах талаар тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

    Тухайлбал, “40000 айлын орон сууц” хөтөлбөр, төрийн албан хаагчдийн орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндслэн “100 мянган орон сууц” хөтөлбөрийг эхлүүлж, жилд 6 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхлээд байна. Орон сууцны эдгээр хөтөлбөр нь тодорхой хэмжээний тогтмол орлоготой хэсэгт үр дүнгээ өгч байна. Харин бага орлоготой болон залуу гэр бүлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатай байна. Энэ талаар НҮБ-ын Хабитат зэрэг байгууллагуудаас суралцаж, өрх, гэр бүл өөрсдийн гараар орон нутгийн материал ашиглан байр сууцаа барих хөдөлгөөнийг өрнүүлэн дэмжих болно.  

    Орчин үед өмч хөрөнгө эзэмших, захиран зарцуулах, өвлөхөөс эхлээд гэр бүлийн гишүүдийн харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлагатай холбоотой олон асуудлыг уламжлалт хандлагаас өөрөөр авч үзэх цаг нь болсон байна. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг ч боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Гэр бүл нь амьдралаа холбосон хосуудын аз жаргал, харилцан хүндлэл, үүрэг, хариуцлагын тэнцвэртэй хослол, үр хүүхдийн өсч торних таатай орчин байх ёстой. Хүн ам, гэр бүлийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд энэ зарчим маш тодорхой тусгагдсан байдаг билээ. Тиймээс гэр бүлийн харилцаанд энэ зарчмыг тууштай баримталж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор манай Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байна.

    Өнөөгийн гэр бүлийн харилцааны асуудлыг шинэ хандлагаар авч үзэж тусгасан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна” гэлээ. Мөн өнөөдрийн энэхүү “ГЭР БҮЛ- НИЙГМИЙН ХӨГЖИЛ” үндэсний чуулган нь төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн болж байгаа нь цаг хугацааны хувьд чухал ач холбогдолтой юм. Учир нь УИХ-ын сонгуулийн дараа бүрэлдсэн шинэ Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө энэхүү үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж шийдвэрийг харгалзан үзэж, монгол гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа тодорхой асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ.

    “Гэр бүл- Нийгмийн хөгжил” үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон нийслэл, орон нутгийн 350 гаруй иргэдийн төлөөлөл оролцож өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.