Blog

  • ДЭНЖИЙН МЯНГА ОРЧМЫН ГЭР ХОРООЛЛЫГ ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

    Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх ажил бодит биеллээ олж, өнөөдөр Чингэлтэй дүүргийн 9,10-р хороо, 7-р хороолол орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүллээ. Дан ганц ярих биш, ярьсан зүйл бодит ажил болж байгааг  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүлэх арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ тэмдэглээд  үүний дүнд нийслэлийн агаарын бохирдол буурч, гэр хорооллыг орон сууцжуулах ажил бодитоор хэрэгжиж, ард иргэд маань ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрээр дээрх ажлыг гүйцэтгэгч “Улаанбаатар дулаан”компани болон бусад холбогдох байгууллагуудыг ажлаа чанартай, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.


    Дээрх ажил хийгдсэнээр Чингэлтэй дүүргийн 39-р сургууль, 124-р цэцэрлэг, шинээр баригдах спорт цогцолбор, амины орон сууц, аж ахуйн нэгжүүдийн барилгууд, 7 дугаар хороолол, Дэнжийн мянгын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр баригдах нийтийн орон сууцнууд төвлөрсөн дулаанд холбогдох юм байна. Түүнчлэн халаалтын улиралд хоёр мянган тонн түүхий нүүрс шатааж агаар бохирдуулдаг дунд хүчин чадлын 10 гаруй нам даралтын зуух, ердийн галлагаатай 200 гаруй халаалтын зуухыг зогсоосноор агаарын бохирдлын бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Байгаль орчны яамны “Цэвэр агаар”сангийн 3,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа энэ ажил ирэх 9-р сард ашиглалтад орох ажээ.

    Цаашид бусад гэр хорооллыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг үргэлжлүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно хэмээн Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт ярилаа. Түүнчлэн дэлхийн банкны төслийн хүрээнд дулааны шугам хүрэх боломжгүй гэр хорооллын  айлуудыг хэсэгчилсэн байдлаар цэвэр бохир усны шугамд холбох ажлыг хийх юм байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.    

  • Тариаланчдад шатахууны хөнгөлөлт үзүүлсэн нь том дэмжлэг болжээ

    Тариаланчид тариалангийнхаа үрэлгээг ид хийж байна. Энэ жилийн хувьд Засгийн газраас тариаланчдын хувьд байнгын бэрхшээл болдог шатахууны асуудалд нэлээд анхаарсан нь тэдэнд урам зориг өгчээ. Өөрөөр хэлбэл 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр шатахуун олгож байгаа нь эргэлтийн хөрөнгөө заавал зарж байж шатахуунаа авдаг байсан тэдний хувьд таатай нөхцөл болсон байна. Намар бүтээгдэхүүнээ борлуулсны дараа үлдсэн хувийг нь төлөх боломжоор хангаж өгсөн нь том хөнгөлөлт боллоо гэсээр Сэлэнгэ  аймгийн тариаланчид Засгийн газрын тэргүүнээ угтлаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ  бодит хөрсөнд хэрхэн бууж байгаа, мөн тэдэнд ямар бэрхшээл тулгарч байгааг сонсохоор Ерөнхий сайд С.Батболд  өнгөрсөн баасан гаригт Сэлэнгэ аймагт ажиллаж, Баянгол  сумын “Түмэн бут” ХХК-ийн тариалалалтын явцтай танилцаж,  тариаланчидтай уулзлаа.


    Энэ жил Сэлэнгэ аймгийн хувьд  тариалалт 50 хувьтай, харин Баянгол сумын хувьд 42 хувьтай явж байгаа юм байна. Засгийн газрын тэргүүнээ ирэх сургаар тариалан эрхэлдэг 20 гаруй компаний захирлууд ч тариалангийн талбайд цугларсан байв. Хур тунадас бага орсон хэдий ч газрын гүндээ чийг сайн хуримтлагдаж, тариалалт хэвийн сайн явагдаж байна хэмээн  “Түмэн бут” ХХК-ийн захирал Л.Алимаа ярилаа. Эднийх эргэлтийн 600 га газартай бөгөөд энэ жилийн хувьд Дэрс хот, Цагаанчулуут хэмээх газрууддаа үрэлгээгээ хийгээд эхэлжээ.” Алтайский 535 “ сортын үрээр эдний компани дөрөв дэх жилдээ тариалалт хийж буй бөгөөд ажил хэвийн сайн явагдаж байгааг онцоллоо.

    Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа тодорхой арга хэмжээнүүдийн үр дүнд газар тариалангийн салбарт хүндрэл гэх асуудал бага болжээ. Энэ тухайгаа ч тариаланчид Ерөнхий сайдад дуулгаж байсан бөгөөд харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг, ялангуяа үр тарианы комбайнуудаа шинэчлэх  зорилт дээр нь дэмжлэг үзүүлэх боломжийн тухай, мөн үр тариагаа хадгалах сав, түүнчлэн  борлуулалтын асуудлыг ч тэд хөндөв.

    Харин Засгийн газрын тэргүүн тэдэнд таатай мэдээ дуулгасан. Манай газар тариалангийн том компаниуд нэг үеэ бодвол бэхэжсэн болохоор одоо жижиг, дунд компаниудыг түлхүү анхаарах бодлого явагдаж байгааг хэлсэн нь тэдний хүсэлттэй бүрэн нийцлээ. Тухайлбал,татварын бодлогоо томчуудад биш жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хандуулж байгааг, зээлийн эх үүсвэрийг бага хүүтэй урт хугацаатайгаар тэдэнд зориулж байгааг, техник тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас  хөнгөлж чөлөөлөх хугацааг  2016 он хүртэл сунгасныг тариаланчидтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэж байв. Мөн түүнчлэн жижиг,дунд хэмээн хавтгайрч ярьдагийг цэгцэлж, тэдгээрийг нэлээн тодорхой болгож өгснийг ч дурьдлаа.  Хадгалах сав болоод борлуулалтын асуудал Засгийн газрын анхаарлын төвд бийг ч онцоллоо.

    Харин тариалангийн салбар маань уул уурхайн салбартай энэ зэрэгцэж, хос морь болох алхмууд тавигдсан нь шинэ мэдээ байв. Өөрөөр хэлбэл БНХАУ-д 100 мянган тонн үр тариаг экспортлохоор яриа хэлцэл хийж эхэлжээ. Энэ Засгийн газрын үед энэ ажлын эхлэл тавигдсан нь сайхан хэрэг гэлээ.  Ийнхүү тариаланчдын ажил жигдэрч, гурав хоногийн ажил үлджээ. Тариаланчидтай уулзсаны дараа Ерөнхий сайд С.Батболд тариалангийн талбайдаа үрэлгээ хийж байгаа  тариаланч Эрдэнэбаатартай уулзаж, санал бодлыг нь сонслоо. 4 дэх жилдээ ажиллаж байгаа тэрбээр  өнгөрсөн жил жил  нийтдээ 5.2 сая төгрөгийн цалин авсан гэнэ. Жил ирэх тусам цалин нь нэмэгдэж байгаа , газар тариалан эрхэлнэ гэдэг урамтай сайхан ажил хэмээн Эрдэнэбаатар ярилаа.

    Үүний дараа Засгийн газрын тэргүүн тус сумын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний талбайд хүрэлцэн очиж тариаланч, ногоочидтой уулзлаа. Баянгол сум нь 1600 өрх, 5700 хүн амтай аж. Эдгээрээс  350 гаруй өрх нь ногоо тарьдаг юм байна. Үрийн төмсний шинэчлэл 100 хувь хийгдэж, вирусгүй төмс тариалж эхэлжээ. Тус сум амьдрах орчин, үйл ажиллагаагаа ногоонжуулж, ногоон сум болох хөтөлбөр дэвшүүлсэн нь Ерөнхий сайдаас сайшаал хүртлээ. Энэ ажлын эхлэл болгож ОХУ-ын Эрхүү хотоос 100 ширхэг давжаа алимны мод авчирч суулгаж байгаа юм байна. Иргэддээ лизингээр энэ суулгацаас өгөх ажээ. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар ч Засгийн газраас тодорхой зорилт тавьж байгаа гэдгийг гүцэтгэх засаглалын тэргүүн  тэдэнд дуулгаж,  дэлхийн хүнсний хангамжид хүнсний ногоогоор нэмэрлэх томхон бодлого ч энд хөндөгдлөө.

    Ногоочдын тавьсан гол санал нь олон төрлийн ногоо тарьж байгаа хэдий ч түүнийгээ борлуулах, хадгалах сав зоорьны асуудал хүндрэлтэй байгааг дурьдаж байв. Энэ асуудлыг Ерөнхий сайд анхааралдаа авч, дэмжинэ гэдгээ тэдэнд дуулгалаа. Холбогдох сайдад үүрэг өгч,  ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулах даалгаврыг өглөө.

    Баянгол сум улсын тэргүүний сум болов

    Сэлэнгэ аймгийн Баянгол сум улсын тэргүүний сумаар шалгарчээ. Тус сумыг тэргүүний сумаар шалгаруулсан гэрчилгээ, тугийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд гардуулан өглөө. Монгол улсын 330 гаруй сумаас шалгаран Баянгол сум энэ жилийн улсын тэргүүний сум болсон байна. Шагналыг 100 сая төгрөг дагалддаг ажээ. Хөдөлмөрч сумынхнаар бахархаж байгааг ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд  онцлоод, хамтын хөдөлмөрийг үнэт зүйлс болгосон нь танай сумын амжилтын үндэс юм гэдгийг дурьдлаа.

    “Сэлэнгэчүүд монгол улсынхаа хүнсний хэрэгцээг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд үүний дотор Баянгол сумынхан ажил үйлсээрээ манлайлж иржээ. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаас тэргүүний сумыг шалгаруулах үзүүлэлтийг  дүгнэж,өнөөдөр танай сумын ажилтай танилцаж явахдаа энэ шалгаруулалт нүдээ олсон шагнал болжээ гэдэгтэй би санал нэг байна. Ажилсаг бүтээлч сум учраас төр засгийн зүгээс ч дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой гэж бодогдлоо. Танай суманд анхны бүлэг үүсч, бүлгээрээ хамтарч ажлаа хийдэг нь хамгийн сайн үзүүлэлт юм. Хадлангаа 7-хон хоногийн дотор хамтраад авчихдаг нь сайхан сэтгэгдэл төрүүллээ. Сумын айл болгон ногоон эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, үүнийг манлайлж байгааг хараад бахархаж байна. Үүнээ гадна танай сумын сургууль улсын тэргүүний сургууль болсон нь маш сайн хэрэг” хэмээн Засгийн газрын тэргүүн Баянгол сумын ард иргэдэд хандаж хэлсэн үгэндээ онцлоод, тэдэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

    Сэлэнгэ аймгаас ийнхүү хоёр дах удаагаа улсын тэргүүний сум шалгарч байгаа юм байна. Баянгол сумын хувьд хөгжлийн түүхээ иргэн бүртэйгээ холбон тайлбарлаж байсан бөгөөд энэ ч утгаараа уг  ёслолын ажиллагаагаа иргэн бүрийн баяр болгосон байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймагт ажиллахаар 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэрээр тус аймгийн Баянгол сумын үр тарианы “Түмэн бут”, “Баруун хараа өгөөж” компанийн хаврын тариалалтын ажилтай танилцан, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж санал, бодлыг нь сонсох юм. Мөн Улсын тэргүүний сумаар шалгарсан Баянгол сумын удирдлага, нутгийн иргэдэд гэрчилгээ, туг гардуулахаар төлөвлөжээ. Манай улс энэ жил 330 мянган га талбайд үр тариа, үүнээс 320 мянга га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалах юм.

    Ингэснээр 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулна. Өнгөрсөн жил манай улс жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангаж чадсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАА ДЭМЖСЭН БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ БОЛЛОО

    69 хоногийн дараа Лондон хотноо болох зуны XXX олимп, паралимпийн XIV наадамд хүч чадал, авхаалж самбаагаа сорих тамирчдаа дэмжсэн гүйлт 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо. “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриатай энэ гүйлтэд 5 мянга орчим хүн оролцсоны дотор 8 настай балчираас эхлээд 80 настай азай буурал ч байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Лондонгийн олимпод бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд олимпийн тамирчдаа дэмжихээс гадна бие бялдраа чийрэгжүүлэх, эрүүл амьдрахын ач тусыг сурталчлах зорилгоор энэ гүйлтэд оролцсон байна. 


    Тэрээр гүйлтийг нээж хэлсэн үгэндээ эрүүл биед саруул ухаан оршдог гээд тамирчдаа дэмжихийн зэрэгцээ иргэд өөрсдөө нийтийн биеийн тамир, спортоор хичээллэж байхыг уриаллаа. Мөн Лондонгийн олимпод манай тамирчид Бээжингийн олимпод гаргасан амжилтаа бататгаж, улмаар ахиулан улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүх нийтийн гүйлт цаашид улс орон даяар үргэлжлэх бөгөөд хамт олон, гэр бүл, клуб, багаараа Улаанбаатар-Лондон хотын хоорондын зай болох 12250 км замыг туулах юм байна.

    Өнөөдрийн гүйлтийг Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулжээ. Манай улс Лондонгийн олимпод оролцох 29 эрх аваад байгаа бөгөөд олимпийн наадмуудаас нийт 21 медаль хүртээд байна.


  • С.БАТБОЛД: ИРГЭДЭЭ ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ ХҮНСЭЭР ХАНГАХ ЗОРИЛТ БОДИТ АЖИЛ БОЛЖ БАЙНА

    “Монгол Улсын Засгийн газраас иргэдээ эрүүл, чанартай, импортоос хараат бус хүнсээр хангах зорилт биелж байна. Тухайлбал өнгөрсөн жил гэхэд л улсын хэмжээнд жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангаж чадсан нь үүний нэг нотолгоо” гэж Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Тэрээр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нээлттэй өдөрлөгт оролцохдоо ингэж хэлэв. Тус яам “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд өнгөрсөн 4 жилд хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ иргэдэд тайлагнаж, мэдээлэл өгөн, цаашид хэрэг болох ажил хэрэгч саналыг нь сонсож байгаа юм.


    “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт өнгөрсөн жилүүдэд хийсэн ажил чамгүй, үр дүн ч боломжийн байна. Цаашид энэ ололт амжилтаа бататгаажуулахын төлөө зүтгэнэ. Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их бий” гэж Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал”, “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр, “Таван Эрдэнэ” арга хэмжээ, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбараа дэмжих зэргийн хүрээнд Засгийн газар цогц арга хэмжээ авч байгааг тэрээр дурдав. Яамны танилцуулгаас үзвэл Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 38 зорилт, 96 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд хэрэгжилт 96.3 хувийн биелэлттэй байна.

    Тухайлбал жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангадаг болсон, 13 сая төл хүлээн авч бойжуулснаар малын тоо 36 сая хол давсан нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй амжилт бөгөөд энэ жил 15 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байгааг салбарын яам онцоллоо. Ноос, ноолуур, арьс шир, оёдол, сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, ундаа, өндөг, жимс, жимгэний үйлдвэрлэл жил дараалан өссөн бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид 288 тэрбум төгрөгийн зээл авч, 16 тэрбум гаруй төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ бүхний цаана хэдэн арван мянган ажлын байр хадгалагдан, олон тооны үйлдвэр, үйлчилгээ, цех шинээр ашиглалтад орсон гэсэн үг юм.

    “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам энэ сарын 25-ныг дуустал хуваарийн дагуу Д.Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа иргэдэд тайлагнаж, санал, бодлыг сонсон зөвлөгөө өгч, төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс хүргэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ИРЭХ 7 ХОНОГООС 1 САЯ ТӨГРӨГИЙГ ӨГЧ ЭХЭЛНЭ

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    Бэлэн мөнгө авах хүсэлт гаргасанахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг нь ирэх 7 хоногоос Улаанбаатар хотоос эхэлж олгоно гэж Сангийн сайд Д.Хаянхярваа хэллээ. Ингэхдээ 4, 5 дугаар сарын мөнгийг хамтад нь өгөх юм байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбоотой тогтоолын хэрэгжилттэй Засгийн газрын хуралдаанаар танилцан ийм шийдвэрт хүрчээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгө эсвэл хувьцааны алиныг нь сонгох хүсэлтэй байгаа талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам тодотгосон байна.

    Танилцуулгаас харвал 2012 оны 05 дугаар сарын 15-ны байдлаар 1 сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авна гэдгээ 272 582 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн илэрхийлж өргөдлөө гаргажээ. НХХЯ 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн иргэдийн өргөдөл, хүсэлтийг мөн хүлээн авч эхэлсэн. 05 дугаар сарын 15-ны байдлаар 738 917 мянган хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтэй байна. Эдгээрийн 717 748 нь буюу нийт өргөдөл гаргасан иргэдийн 97 хувь нь хувьцаагаа зарж бэлэн мөнгө авах, 21 мянга нь орон сууц худалдан авсны төлбөр, 394 хүн боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр хэлбэрээр авах хүсэлт гаргажээ.

    Засгийн газрын хуралдаанаар мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийн талаар яригдлаа. Энэ асуудлыг ирэх 7 хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдан эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байна. Нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосны дараа 6 дугаар сарын 1-нээс үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдаж эхлэх юм. Иргэдийг 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах зорилгоор Төрийн банкинд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр мөн 50 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд ирэх 7 хоногт шилжүүлэхээр болжээ. Босоо тэнхлэгийн замын ажил, төмөр замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг бүрэн шийдвэрлэсэн гэж Сангийн сайд Д.Хаянхярваа хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “УБТЗ” НИЙГЭМЛЭГИЙН ДҮРМИЙН САНГ 125 САЯ АМ.ДОЛЛАРААР НЭМНЭ

    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг 125 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ дагуу энэ оны төсвийн тухай хуульд заасан 150 тэрбум төгрөгийг ам.долларт шилжүүлэн 07 дугаар сарын 02-ны дотор “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх дансанд төвлөрүүлэх юм. Үлдэгдэл 20 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах бөгөөд нэмэлт эх үүсвэр батлагдан, шилжүүлэх хүртэл хугацаанд арилжааны банкнаас зээл авч дүрмийн санг бүрдүүлнэ..

    Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу талууд тус бүр 125 сая ам.доллар гарган нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх болсон юм. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэг техникийн шинэчлэл хийх, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, ачаа илгээгч, хүлээн авагчийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хөдлөх бүрэлдэхүүн авах зэрэг боломж бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “ДОРНОД ГАЗРЫН ТОС” КОМПАНИ БАЙГУУЛНА

    Дорнод аймгийн Чойбалсан хотод төрийн өмчийн оролцоо 34 хувиас багагүй байхаар тооцон газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” компани байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Харин бусад хувийг эзэмших аж ахуйн нэгжийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, компанийн дүрмийг боловсруулан батлуулахыг Төрийн өмчийн хороонд даалгав. Үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийн төрийн эзэмшлийн хувийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох хувь хөрөнгө, Хөгжлийн банкны нэмэлт санхүүжилтээс гаргах боллоо. “Дорнод газрын тос” компани ашиглалтад орсноор газрын тос боловсруулан бүс нутгийн болон улсын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломж бүрдэх юм.

     ЕРӨНХИЙ САЙДЫН ТОМИЛОЛТЫН МӨРӨӨР ХИЙХ АЖИЛ 94 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн хугацаанд бүх аймагт ажиллан орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж төр, засгийн бодлого, шийдвэр, зорилтын талаар мэдээлэн, тэдний санал, хүсэлтийг сонсож, заримыг нь газар дээр нь шийдвэрлэж байсан билээ. Ерөнхий сайдын томилолтын мөрөөр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Сайдын танилцуулгаас үзвэл 120 заалт бүхий төлөвлөгөөний 113 заалт нь бүрэн хэрэгжсэн байна.

    Тухайлбал Баян-Өлгий аймгийн Даян, Улаан-Уулын хилийн боомтоос Цагааннуур, Улаанбайшинтын боомт хүртэл хатуу хучилттай зам тавих орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтийн дагуу 1.5 тэрбум төгрөгөөр босоо тэнхлэгийн замын ажлыг эхлүүлжээ. Мөн Улиастай-Доной чиглэлийн 35 км, Хатгал-Мөрөн, Мөрөн-Тэрхийн цагаан нуур чиглэлийн замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах бөгөөд Арвайхээр хотын дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөхөд шаардагдах 3 тэрбум төгрөгийн ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон байна.

    Түүнчлэн Ховд аймгийн Булган суманд махны үйлдвэр барих хүсэлтийг салбарын яам судлан дэд бүтэц, бусад нөхцлийг тооцон Ховд аймгийн төвд байгуулах болсон, аймгийн төвийн замын шинэчлэл, засварт шаардагдах 4 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн, нэр бүхий аймгуудад Засаг даргын Тамгын газрын барилга, цэнгэлдэх хүрээлэн, сургууль, эмнэлэг, спортын цогцолбор барих болсон, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр томоохон олон ажил хийснийг дурдаж болох юм. 

    Төлөвлөгөөнд тусгагдсан нийт заалтаас 4 нь хэрэгжээгүй буюу судлах, 3 нь хэрэгжих шатандаа байна. Тухайлбал Дархан-Уул аймагт олон улсын санхүүжилтээр 150 ортой бүсийн хэмжээний Эх, хүүхдийн төв байгуулах ажил хэрэгжих шатандаа байна. Танилцуулгатай холбогдуулан цаашид хэрэгжээгүй болон хэрэгжих шатандаа байгаа асуудлуудад анхаарч, шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгах, бусад эх үүсвэрт хамруулахыг Засгийн газрын гишүүдэд хуралдаанаас даалгалаа.

    ТОВЧ МЭДЭЭ

    • УИХ-ын гишүүн Д.Батбаяр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан дотооддоо үйлдвэрлэсэн 250 мл багтаамжтай, 20 хүртэлх хатуулгатай архийг онцгой албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ. Хэрвээ татвараас чөлөөлбөл үнэ нь хямдарч, архины хүртээмж, хэрэглээ өсч болзошгүй учир зарчмын хувьд дэмжих боломжгүй гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн байна.
    • УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан Цагдаагийн  байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг уламжлахаар болов. 
    • УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Очирбат, Д.Зоригт нарын санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжлээ.  Нэр бүхий гишүүд Чингэлтэй хайрхан уул орчмын нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахыг төсөлдөө тусгасан байна.
    • Европын Сэргээн босголт, хөгжлийн банкин дахь Монгол Улсын хувьцааг тус бүр нь 10 мянган еврогийн нэрлэсэн үнэ бүхий 89 ширхэг хувьцаагаар нэмэхээр боллоо. Манай улс тус банкны 210 ширхэг хувьцааг эзэмшдэг юм байна.
    •  “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын дүнг УИХ-д танилцуулахаар боллоо.
    • Монгол, Румын Улсын хоёр талын харилцааг зохицуулж байгаа гэрээний үйлчлэлийн тухай Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцээд зүйтэй хэмээн үзэж, протоколд гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар болов.
    • “Ажиллах хүч солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилттэй танилцаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. Одоогоор БНАСАУ-ын 1627 иргэн манай улсын барилга, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр, хоол хүнсний салбарт хуулийн дагуу ажиллаж байна.
    • Төрийн өмчийн хороо, БНСУ-ын “Саммок шиппинг” далайн тээврийн компанитай хамтран БНСУ-д бүртгэлтэй далайн тээврийн хамтарсан компани байгуулах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
    • Дотоод хэргийн их сургуулийн эзэмшилд байгаа, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 90 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь хувьчлахаар боллоо.
    • Энэ оны I улиралд төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 7237 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрийн шийдвэрлэлт 87 хувьтай байгаа гэсэн дүн гарчээ. Тэгвэл нутгийн захиргааны байгууллагууд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 90 хувийг шийдвэрлэсэн байна. Иргэд ихэвчлэн гэр, орон сууц, ажлын байртай болох, газар эзэмших, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал хүсч төрийн захиргааны төв байгууллагад хандсан бол нутгийн захиргааны байгууллагууд дээрхээс гадна зуданд малгүй болсон малчдын нийгмийн асуудлыг шийдэх, зээл хөнгөлөх, ажлын байр нэмэгдүүлэхтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авчээ.
    • Лондон хотноо болох олимпын их наадамд манай тамирчдын багийг “Ногоон хөгжлийн төлөө” уриатай оролцуулахаар боллоо.
  • Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ

    Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь сайжруулах ажил нэн тэргүүний шаардлага болоод байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд энэ салбарт хөрөнгө хүч зарцуулах ажлыг урагшлуулахад онцгойлон анхаарал тавьж ирсэн.   Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын багагүй хувийг автозамын салбар эзэлж, энэ салбарт сүүлийн жилүүдэд томоохон ажлууд хийгдэж эхэлсэн. Эдгээрийн нэг нь өнөөдөр Яармагийн гүүрнээс нисэхийн товчоо хүрэх замд хийж буй замын ажил юм гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэллээ. Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртлэх 13,7 км автозамын ажил өнөөдрөөс эхэллээ.


    Нисэх онгоцны буудлаас хотын төврүү хүргэх  автозам удахгүй олон улсын стандартад нийцсэн, Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн стандарт руу явж байгаа юм байна гэдгийг нотлох  зам болно гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Ингэхдээ хамгийн гол нь иргэд маань түгжрэлгүй, ачаалал багатай замаар шуурхай зорчих нөхцөлийг энэ зам хангаж өгөх юм гэдгийг ч Засгийн газрын тэргүүн онцоллоо. Хот гадагшаа тэлж байна. Үүний нэг илэрхийлэл нь Хөшигийн хөндийд олон улсын онгоцны шинэ буудал барихаар саяхан шавыг нь тавьсан. Яармагийн энэ зам цаашдаа шинэ онгоцны буудалтай холбогдох учиртай. Тиймээс ч энэ чиглэлд олон улсын жишигт нийцсэн хурдны зам онцгой шаардлагатай байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглээд энэ ажлын эхлэл болсон автозамын ажил өнөөдөр эхэлж байна гэж хэллээ.

    Урин дулаан цаг ирж, зам барилгын ажил эхлэх ид цагаар зам, барилгын ажлын тендер зарлаж хугацаа алддаг байдал ард хоцорсон. Тендерийг эрт зарлаж, дүгнэдэг болсон нь зам барилгын ажлын үргэлжлэх хугацааг уртасгаж чадсан арга хэмжээ болсон гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр тэмдэглэхийн зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх энэхүү автозамын ажлыг чанартай гүйцэтгэж, цаг хугацаанд нь бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхийг нийслэлийн удирдлагууд болоод гүйцэтгэгч компанийнханд үүрэг болголоо. Автозамын ажилд шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газар шуурхай шийдэж өгч байгаад талархаж байгаагаа Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр энэ үеэр Ерөнхий сайд С.Батболдод илэрхийлээд энэ автозамын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хүлээлгэж өгөхөө амлалаа.

    Өнөөдөр улаан шугамаа хүлээн авч, ажил нь эхэлж байгаа энэ зам 13,7 км урт, хоёр урсгалтай, 6 эгнээтэй, 28-46 м өргөн  далантай байхаар зураг төсөл хийгдсэн бөгөөд ирэх оны 10 дугаар сард хүлээлгэн өгөх юм байна. Замын уртын дагуу 13 цэгт ус зайлуулах хоолой, 3 цэгт гүүр, ус зайлуулах байгууламж, гадна гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламж зэрэг ажлууд хийгдэх юм байна. Энэ ажлыг “Шинжаан Лу Тун”, “Эйч Кей Би интернэшнл холдинг” компаниуд гүйцэтгэх ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.