Blog

  • “Лондон 2012” наадамд манай тамирчид “Ногоон хөгжлийн төлөө” уриатай оролцоно

    Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжлийг дэмжиж, энэ чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж буй. Энэхүү зорилтыг олон улсын хэмжээнд хөхиүлэн дэмжих, сурталчлахаар дэлхийн эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадамд манай баг тамирчид “Ногоон хөгжлийн төлөө” уриатайгаар оролцох гэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд бүх нийтээр мод тарих энэ өдөр мэдэгдлээ. Ерөнхий сайд С.Батболд мод тарих энэ өдөрт нэгдэж  дархан цаазат Богдхан уулын Энхтайвны аманд гацуур мод суулгалаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан болон “Лондон 2012” олимпийн наадамд оролцох баг тамирчдын төлөөлөл Ерөнхий сайдтай хамт мод тарьж, Олимпийн нэрэмжит ойн төгөлд хувь нэмрээ орууллаа.


    Богдхан уул манай улсын хамгийн анхны (1778 он) дархан цаазат уул. Байгаль орчиндоо хүйтэн сэтгэлээр хандвал яаж сүйдэж, нүд хальтрам болдгийг энэ нүцгэрсэн уулын ам нотолж байна. Богдхан уулаа ургамал мод тэгширсэн сайхан болгохын төлөө хамтдаа цуглаад мод тарилаа гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн бид өвөг дээдсээсээ онгон дагшин байгаль дэлхий хүлээж авсан. Хойч үеийнхэндээ унаган төрхөөр нь хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн хүмүүс. Энэ үүргээ биелүүлэхийн тулд заавал их томыг амлах хэрэггүй. Байгаль дэлхийдээ хайртай байж, түүнд чин сэтгэлээсээ хандаж, мод тарихад л болох юм гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд онцолж байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд “Лондонгийн олимпод оролцох тамирчиддаа медалийн арвин ургац хураах бэлэгтэй ерөөл дэвшүүлэхийн хамт тарьсан мод маань төгөл болж арвижих болтугай”  хэмээлээ Богдхан уулын Энхтайвны аманд энэ өдөр Ногоон хөгжлийн төлөө уриатай Олимпийн төгөл “мэндэлж”, тус төгөлд 5000 орчим мод суулгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

    Дорнод аймагт гарсан гал түймрийг унтрааж байсан аврагчид харамсалтайгаар амь насаа алдсанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эмгэнэл илэрхийллээ. Ерөнхий сайд эмгэнэлдээ “Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтрааж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн  гурван гал сөнөөгч амиа алдаж, зарим аврагч түлэгдэн, эрүүл мэндээрээ хохирлоо.

    Аврагчдын гэр бүл, ах дүү, найз нөхөд, онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байна. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эд хөрөнгө, газар нутгаа алтан амиараа авран хамгаалсан зоригт хөвгүүдээрээ эх орон, ард түмэн нь үргэлж бахархан дурсаж байх болно” гэлээ. 

    АМЬ НАСАА АЛДСАН БОЛОН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙГАА АВРАГЧДЫН АР ГЭРТ МӨНГӨН ТУСЛАМЖ ОЛГОНО

    Дорнод аймгийн Баяндун сумын “Шивэртийн-Ам” хэмээх газар 05 дугаар сарын 06-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан аймгийн Онцгой байдлын хэлтсийн бүлгийн дарга, дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлагч С.Бат-Эрдэнэ нар амь үрэгдэн, ахлах ахлагч Г.Багабиш, дэд ахлагч А.Болорсүх нар түлэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүд өнөөдрийн хуралдааны үеэр гүн эмгэнэл илэрхийллээ. Нөхцөл байдлын талаар Шадар сайд М.Энхболд хуралдаанд танилцуулсан байна.

    Түймэр унтрааж байх үед салхины чиглэл өөрчлөгдсөнөөс болж 28-38 насны гурван аврагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Аймгаас ирүүлсэн мэдээллийн дагуу Шадар сайд М.Энхболд амь үрэгдсэн албан хаагчдыг оршуулах комисс байгуулж, нөхцөл байдлыг шалгаж тодруулах үүрэг өгсөн байна. Мөн түлэгдсэн 2 аврагчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Намсрай тэргүүтэй ажилтан, эмч, сувилагч нараас бүрдсэн багийг нисдэг тэргээр Дорнод аймаг руу өчигдөр 18 цагт явуулжээ. Өнөөдөр өглөө 07 цаг гэхэд түлэгдсэн аврагчдыг Түлэнхийн төвд авчран эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна. Мөн онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүний хэмжээнд гашуудал зарлажээ.

    Мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг өглөө. Үүссэн нөхцөл байдлыг тодруулж, дүгнэлт хийх, цаашид ийм явдал гаргахгүйн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай тухай санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд М.Энхболдод даалгав. Амь насаа алдсан болон түлэгдэж биеийн байдал нь хүнд байгаа аврагчдын ар гэр, эмчилгээний зардалд зориулж Засгийн газрын нөөц сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргахаар боллоо. Шадар сайд маргааш Дорнод аймагт ажиллан амь үрэгдсэн албан хаагчдын ар гэрт Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, мөнгөн тусламжийг хүлээлгэж өгөн, аймгийн Онцгой байдлын бие бүрэлдэхүүнтэй уулзах болсон байна. Шадар сайд М.Энхболд Засгийн газрын хуралдааны дараа Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа аврагчдаа эргэж, эмч нартай нь уулзжээ.

    ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ КОНЦЕССЫН ЭРХ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төмөр замын салбар дахь томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбоотой шийдвэр гаргалаа. Хуралдаанаар Сайншанд-Тавантолгой чиглэлийн 225 км, Ухаахудаг-Сайншанд чиглэлийн мөн 225 км төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх эрх олгох концессын гэрээний төслүүдийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжсэн байна. Төмөр замын суурь бүтэц барих концесст төрийн оролцоо, хяналтыг хангах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийг оролцуулахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байна.           

    Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах хугацаанд төрийн мэдлийн 51 хувийг төлбөртэй болон гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжоор хангах, хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэлэхдээ Оросын талтай дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлт үзүүлж, боломжийн өрсөлдөх чадвартай байх тохиролцоог ажил хэрэг болгох нь зүйтэй гэдгийг санууллаа.   

    ЭНЭ ХАВАР 330 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙНЭ

    Энэ хавар улсын хэмжээнд 330 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөөд байгаа тухай сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнээс 320 мянга га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалах юм. Энэ жил 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулахыг зорьж байна.

    Энэ жил тариалалтад дутагдах үрийг 40 хувийн, эхний ээлжийн тариалалтад шаардагдах шатахууныг мөн 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож байгаад тариаланчид ам сайтай байна. Техник, хэрэгслийн засвар 80 гаруй хувьтай байгаа бөгөөд үр тарианы комбайн, төмсний иж бүрдэл техник, будаа хадгалах элеватор зэргийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, БНХАУ-ын зээлээр өндөр хүчин чадалтай 80 гаруй трактор, комбайн, бага оврын 8400 гаруй тракторын иж бүрдлийг нийлүүлж байна.

    Өнгөрсөн жил манай улс жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангаж чадсан юм. Мөн хуралдаанд сайд Т.Бадамжунай “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн ажлын талаар танилцууллаа. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг салбарын сайд тэмдэглэсэн байна. Танилцуулгаас үзвэл өнгөрсөн жил улсын хэмжээнд 13 сая төл хүлээн авч бойжуулснаар малын тоо 36 сая хол давсан нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй амжилт юм. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 74 ажил хийхээр төлөвлөснөөс дунджаар 96.6 хувийн биелэлттэй байгаа бөгөөд 46 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна.

    ЗАРИМ НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХЫГ ДЭМЖЛЭЭ

    Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Төв аймгийн Эрдэнэ сумын зарим хэсгийг Хан Хэнтийн нурууны дархан цаазат газар болгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд зөвшөөрч, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Заг Байдраг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн голын ай сав газар, Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших Өндөрхаан уул, тэдгээрийн орчмын газар нутаг, Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумын зарим хэсгийг Их газрын чулууны байгалийн нөөц газрыг байгалийн цогцолборт газрын ангилалд оруулахыг дэмжлээ.

    Түүнчлэн байгалийн нөөц газрын ангилалд Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумын нутгийг дамнан орших Хар Азаргын нуруу, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Хүрээмандал уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумын нутгийг дамнан орших Баянцагааны тал, Хэнтий аймгийн Дархан уул, Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэн Тооно уул, Увс аймгийн Хяргас сумын Булганхангай уулыг оруулахыг зөвшөөрсөн байна. Харин Увс аймгийн Давст сумын нутагт орших Мөнгөт Цахир уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дархан хаан уул, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хангал нуур, Батширээт сумын Биндэрьяа хан уул, тэдгээрийн ойр орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газарт хамруулан улсын тусгай хамгаалалтад авахаар Засгийн газар санал болголоо.

    ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРСААР БАЙНА

    Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 28 хоногийн шатахууны нөөцтэй байгаа тухай “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй Зөвлөл”-ийн дарга, Сангийн сайд Д.Хаянхярваа танилцууллаа. Танилцуулгаас үзвэл А-80 автобензин, АИ-92 автобензин 39, дизелийн түлш 24 хоногийн нөөцтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Шатахууны үнэ нэгдүгээр сартай харьцуулахад 105-280 төгрөгөөр, дизелийн түлшний үнэ 04 дүгээр сарын сүүлийн 7 хоногт 80 төгрөгөөр буураад байна. Улсын нөөцөд хоёрдугаар сард 2522 тонн автобензин худалдан авч нөөцөлсөн. Мөн төсвийн хөрөнгөөр 10196 тонн дизелийн түлшийг энэ сард багтаан авахаар гэрээ хийж байна. Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглээд байгаа юм.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Энэ удаагийн айлчлал манай хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтооход чухал түлхэц үзүүллээ гэж Засгийн газар үзсэн байна.
    • Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны 04 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болжээ. Энэ айлчлал хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх талаар ярилцан тохирч, уламжлалт найрсаг харилцааг ахиулсан чухал ач холбогдолтой боллоо гэж Засгийн газар дүгнэж байна.  
    • Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг хэлэлцээд сайд нарын гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
    • Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    • “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаархи, танилцуулга, зөвлөмжийн төслийг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлахаар тогтлоо. 4 тэргүүлэх чиглэл, 13 зорилтын хүрээнд 87 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн оны эцсийн байдлаар хэрэгжилт 64.8 хувьтай байна. Үндэсний хөтөлбөр нь иргэн, төр, олон нийт, хувийн хэвшлийн оролцоотойгоор иргэдийг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангах, эрүүл аж төрөх нөхцөл бүрдүүлэх, Монгол брэндийн органик хүнс бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхи  бий болгох зорилготой юм.
    • Засгийн газар оны эхний улиралд иргэдээс 396 санал, өргөдөл, гомдол хүлээн авсны 290-ийг нь шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлж, 79-ийг нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэдийн дийлэнх олонхи нь улс орны эдийн засаг, нийгмийн амьдралтай холбоотой асуудлаар Засгийн газартаа ханджээ. Тайлант хугацаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, саналын 88 хувьд нь хариу өгсөн байна.
    • Овоот толгойн ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудалтай танилцлаа.
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулахаар тогтлоо. Төвийн барилга байгууламж,орон тоо, багшлах боловсон хүчин, сургалтын орчинг сайжруулахад шаардлагатай хөрөнгө зэргийг шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
  • Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, генерал М.Ганхүү нараас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдлын талаар танилцуулга сонслоо. Ерөнхий сайд С.Батболд төрийн тусгай хамгаалалтад байгаа Н.Энхбаярын биеийн байдлын талаар удаа дараа танилцуулга сонсож, дээрх хүмүүст үүрэг даалгавар өгч байгаа юм.  


    Үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд урьдчилан хорих газарт очиж түүнд  хоёр удаа явуулын үзлэг шинжилгээг хийлгэсэн юм. Энэ үндсэн дээр Эрүүл мэндийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай байгаа тухай хүсэлт гаргаснаар түүнийг Нэгдсэн Хоёрдугаар эмнэлэгт өнөөдөр авчирсан байна.

    Эмнэлэгт ирснээс нь хойш нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс хойш дахин тодруулж сонсоод Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн байдалд үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг  Эрүүл мэндийн сайд, ШШГЕГ-ын дарга болон  Төрийн тусгай хамгаалалтын удирдлагуудад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Сю Цайхоу тэргүүтэй төлөөлөгчдийг 2012 оны тавдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон энэ үед эрхэм зочид ирж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ. Стратегийн түншлэлийн харилцааны нэгэн тулгуур салбар болох батлан хамгаалахын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, харилцан айлчлал хийх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд дурьдлаа.


    Өнгөрсөн хугацаанд хятадын талаас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр туслалцаа үзүүлж ирсэнд, мөн үүний зэрэгцээ Монгол улсын зэвсэгт хүчний шинэчлэлд тодорхой дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан “Монгол Хятадын энхийн төлөө төв” нь хоёр ард түмний найрамдлын бэлэгдэл төдийгүй Монголын цэрэг дайчид энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоход чухал дэмжлэг болж буйг ч онцолж байлаа.

    Харин эрхэм зочид цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, айлчлалынхаа бүрэлдэхүүнд өндөр дээд албан тушаалтнууд орж явааг дуулгасан юм. Түүнчлэн хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдыноруулсан хувь нэмрийг хятадын ард түмэн үнэлдэг хэмээн тэд онцлоод, хоёр орны цэргийн салбарын хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэхэд энэ айлчлал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


  • Гүүрэн гарцын гол зам нь наадмаас өмнө ашиглалтад орно

    Улаанбаатар хотын хувьд  утаа, замын түгжрэл, хогны асуудал хамгийн тулгамдсан зүйл болоод байгаа билээ. Замын түгжрэлийг наанадаж 20 хувиар багасгах  нэгэн гүүрэн гарцыг Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн хүрээнд барьж байна. Төмөр зам ба Нарны зам дээгүүр баригдах энэ гүүрэн гарцын ажлын явцтай Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр танилцлаа. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн жилийн яг өдийд уг гүүрний ажлын явцтай танилцсан бол  энэ удаа өөрийн өгсөн үүргийн хэрэгжилтийг хэрхэн биелүүлж байгааг шалгахын сацуу тулгамдаж байгаа асуудлыг нь сонсохоор, бас шийдэж өгөхөөр ийн ирсэн юм.


    Нийтдээ 895 м урт байгууламж бүхий уг гүүрэн гарцын ажлын явц 80 хувьтай явж байна гэсээр төслийн баг Ерөнхий сайдыг угтлаа. Нийслэл хотод одоо байгаа хоёр гүүрийн ачааллыг багасгаж, Удаанбаатар хотын автозамын нийт хөдөлгөөний аюулгүй, жигд  байдлыг хангах зорилго бүхий уг гүүрэн гарц нь  бүхэлдээ энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох юм байна. Тус ажлын явцтай танилцсаны дараа Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    Ерөнхий сайдаа, та сая бүтээн байгуулалтын томоохон ажилтай танилцлаа.Та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

    Монгол улсад маань олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Үүний нэг нь энэ гүүрэн гарцын ажлын явц юм. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд энэ ажил явагдаж байгаа бөгөөд   ажлын явц цаг хугацаандаа чанартай явагдаж байна гэж харлаа. Нийслэлийн хувьд олон тулгамдсан асуудал байдгийн нэг нь замын түгжрэл  бөгөөд үүнийг шийдэхэд энэ гүүрэн гарц ихээхэн ач холбогдолтой. Энэ гүүр ашиглалтад орчихвол замын түгжрэлийг 20 хувь бууруулна гэж ажлын хэсгийнхэн мэдээлж байна. Энэ бол эдийн засгийн болоод нийгмийн, цаг хугацааны  хувьд ихээхэн чухал учраас зориуд ач холбогдол өгч өөрийн биеэр ийнхүү  ирж танилцаж байна. Гүүрийг хугацаандаа болон чанарын  өндөр түвшинд оруулахын тулд ямар бэрхшээл байна гэдгийг асууж сонирхлоо. Тэдний хувьд ямар нэг бэрхшээлтэй асуудал байхгүй гэдгээ хэлж байна. Энэ бол маш сайн хэрэг. Нийслэлчүүдийг бухимдуулж байгаа хэдхэн асуудал байдаг. Үүний нэг нь замын түгжрэл бөгөөд үүнийг шийдэхэд энэ гүүрэн гарц маш чухал ач холбогдолтой юм.

    Хугацаандаа энэ гүүр ашиглалтад орох болов уу?

    Тун боломжийн юм хэллээ. Хугацаандаа буюу энэ оны хоёрдугаар хагасд ашиглалтад оруулна гэж ажлын хэсгийнхэн хэлж байна. Би болж өгвөл наадмаас өмнө ашиглалтад оруулахыг хичээгээрэй гэж жилийн өмнө ирэхдээ   үүрэг өгч байсан. Гол гарцын  урсгал зам нь бараг ашиглалтад орчихно гэж байна.  Бусад ажлууд нь цаг хугацаандаа орно гэж тэд мэдээллээ. Өгсөн чиглэл боломжийн, гүйцэтгэл нь 80 хувьтай явж байгааг , ажлын явц сайн байгааг харлаа.

    Дахиад ийм 6 гүүрийг Улаанбаатар хотод барина гэж байгаа. Санхүүжилтыг шийдэх боломж ер нь хэр байгаа вэ?

    Жил ирэх тусам нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг тавьж байгаа энэ үед санхүүжилт хийх боломж улам бүр нэмэгдэж байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилтууд тавигдсан байгаа. 6 гүүр мөн нийслэлийн замыг сайжруулах, шинээр барих ажлыг  хийж, эдгээрийг шийдэх санхүүгийн нөхцөл боломж байгаа. Гол нь  цаг хугацаандаа  чанартай хийгдэх нь Нийслэлийн болон салбарын яамдын үйл ажиллагаанаас шалтгаалах юм. Тиймээс шуурхай ажиллах чиг үүргийг Ерөнхий сайдын хувьд өгсөн. Биелэлтэд нь ч хяналт тавина гэдгээ мэдэгдсэн гэлээгэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


  • “АРДЫН ЗАСАГ-АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТ” АЯН ЖАНЖНЫ ТАЛБАЙГААС ЭХЭЛЛЭЭ

    Монгол Улсын Засгийн газар хийж бүтээсэн ажлаа ард иргэддээ тайлагнах зорилгоор “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аян өрнүүлж эхэллээ. Аяны хүрээнд Засгийн газар, бүх яам, харьяа агентлаг хийж бүтээсэн ажлаа иргэддээ нээлттэй тайлагнаж, тэдний санал, бодлыг сонсон зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх юм. Аяны нээлт 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Засгийн газрын бүх гишүүн оролцлоо.

    Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ Засгийн газраас хийж бүтээсэн томоохон ажил, үр дүнгийн талаар иргэдэд товч танилцуулсан байна. Эдийн засгийн бодит өсөлт 2008 онд 8.9 хувь байсан бол энэ онд 17.3 хувь болж өссөн, 2010 онд 39.2 хувьтай байсан ядуурлын түвшин өнгөрсөн онд 10 орчим хувиар буурч, Монгол Улс бага орлоготой орноос дунд орлоготой орны ангилалд шилжсэн, ажилгүйдэл 7.7 хувь хүртэл буурсан, хүний хөгжил, эдийн засгийн үзүүлэлт, өрсөлдөх чадвараараа олон улсын түвшинд байр сууриа ахиулсан  нь Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын бодит үр дүн гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн онцлов.

    Түүнчлэн байгалийн баялгаас анх удаа хувь эзэмших боломжийг бий болгож, иргэн бүрт 1 сая 500 мянган төгрөг олгох амлалтаа бодитоор биелүүлэх нөхцлийг бүрдүүлсэн, ард иргэдээ орон сууцжуулахын тулд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг батлан, аль болох олон өрхийг хамруулах зорилгоор 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн, сүүлийн гурван жилд 180 мянган ажлын шинэ байр бий болгон, 60 жилийн хугацаанд байгаагүй төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэх ажлыг энэ Засгийн газар эхлүүлж “Эрүүл хүүхэд” аянд хамрагдах ёстой нийт хүүхдийн 50 гаруй хувийг хамруулж байгааг ч тэмдэглэлээ. Мал сүрэг 36 сая толгойд хүрч сүүлийн хэдэн жил байгаагүй амжилтад хүрсэн, хөнгөн үйлдвэрийн тоо мөн онтой харьцуулахад 80 гаруй хувиар өссөн, мах, сүү, төмс, буудайгаа 100 хувь, хүнсний ногооны 53.6 хувийг дотоодоосоо хангадаг болсныг Ерөнхий сайд дурдлаа.

    Ерөнхий сайдын хэлснээс үзвэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд цэцэрлэгүүдийн санхүүжилтийн хэмжээ 2.5 дахин нэмэгдэж 36 тэрбум төгрөгөөс 91 тэрбум болтлоо нэмэгдсэн байна. 2009-2011 онд дунд сургуулийн багшийн дундаж цалин 264 мянган төгрөг байсан бол өнгөрсөн онд 381 мянга болж 44.5 хувиар нэмэгджээ. Эдийн засгийн өсөлт гарах нэг хэрэг. Үүний үр шимийг иргэдийнхээ амьдралд наалдуулахын тулд Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх олон ажил байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Юутай ч цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг шат дараатайгаар 2-2.5 дахин нэмснээр төрийн албан хаагчдын цалинг дунджаар 630 мянга, тэтгэврийн дундаж хэмжээг 224 мянга, өрхийн сарын дундаж орлогыг 2011 онд 586 мянган төгрөгт хүргэсэн. Сар бүр “Хүний хөгжил сан”-гаас 21 мянган төгрөгийн хишиг, хувийг иргэн бүртээ хүртээж байгаа зэргийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Өөрөөр хэлбэл Ардын засаг амласан ёсоороо цалин, хөлсийг 2 дахин, тэтгэвэр, тэтгэмжийг 2.5 дахин нэмлээ. Цаашид инфляцитай уялдуулж ард иргэдийнхээ өрхийн орлогыг эрс нэмэгдүүлэх бүх талын арга хэмжээг авах юм байна. Өнгөрсөн 4 жил бүхэлдээ урт хугацааны эдийн засгийн тогтвортой, удаан хугацаанд хадгалагдах өсөлтийн суурийг тавьсан, шинэ бүтээн байгуулалт, төмөр зам, эрчим хүч, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, эрүүл мэнд, боловсролын салбараа эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн, иргэдээ ажилтай, орлоготой байх боломжийг бий болгосон жилүүд байсныг Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэв.

    Засгийн газрын тэргүүнийг танхимын гишүүдийнхээ хамт индэр дээр байх үед нэгэн иргэн гэнэтийн бэлэг барисан нь энэ өдрийн үйл явдлыг чимлээ. 6 хувийн орон сууцны зээлд хамрагдаж улмаар гэр хорооллоос тохилог сууцанд шилжин амьдрах болсондоо талархаж байгаагаа нэгэн залуу илэрхийлж цэцгийн баглаа Ерөнхий сайд С.Батболдод барилаа.

    Аяны нээлтийн үеэр Ерөнхий сайдын хэлснээс үзвэл шинээр томилогдсон сайдуудын 100 хоногийн ажил, Засгийн газрын 4 жилийн амжилт, бүтээл улс оронд хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтын суурийг тавьжээ гэж дүгнэж болох юм. “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд зохион байгуулсан өнөөдрийн өдөрлөгт оролцож байгаа бүх яам, агентлагийн ажилтай Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд танилцаж иргэдтэй ч ярилцав. НХХЯ өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувьцаа, эсвэл бэлэн мөнгө гэсэн хувилбараас алийг нь сонгох талаар асуумж авч дуусч байгаа тухай сайд Т.Ганди танилцууллаа. Асуумжаас үзвэл 200 гаруй мянган иргэн мөнгөө авах хүсэлтэй байгаа бол 100 гаруй мянган иргэн хувьцаагаа авна гэдгээ илэрхийлжээ. НХХЯ энэ сард багтаан дүнгээ нэгтгэн Засгийн газарт танилцуулах ёстой гэдгийг Ерөнхий сайд сануулав. 

    Иргэд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт, ажлын байрны талаар НХХЯ-ныхнаас сонирхож байсан бол Бүртгэлийн ерөнхий газрынхан цахим үнэмлэх, иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах гэсэн олны хөлд дарагдаж байлаа. Тэтгэвэр нэмэгдсэнд туйлын баяртай байгаагаа Ерөнхий сайдтай гар барьж уулзахдаа илэрхийлэх өндөр настан олон байлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ажлын байрны лавлагаа авч, анкет бөглөн Хөдөлмөрийн биржид бүртгүүлж байгаа залуустай ярилцан, санал бодлыг нь сонсов. Хөдөлмөрийн биржийнхэн ажилд орох хүсэлтэй иргэдийг газар дээр нь бүртгэн мэдээллийн нэгдсэн сандаа оруулж байна. Өнөөдөр гэхэд л 50 гаруй хүн ажилд орохоор бүртгүүлжээ.

    Удахгүй УИХ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болохтой холбоотойгоор Бүртгэлийн ерөнхий газрынхан амсхийх завгүй ажиллаж байна. Тус газрынхан сонгогчдын бүртгэлийг гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэний үнэмлэхийг цахим үнэмлэхээр солих ажлаа төлөвлөсний дагуу явуулж байна.  Тухайн иргэн www.registrationmongolia.com, www.burtgel.mn цахим хуудсанд нэвтэрч иргэний үнэмлэх болон регистрийн дугаараа оруулан сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ мэдэх боломжийг ч бүрдүүлсэн тухай Бүртгэлийн ерөнхий газрын дарга энэ үеэр танилцуулж байв.

    “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа 6 хувийн хүүтэй зээл олгох журмын талаар нарийн ойлголт авах гэсэн олон хүн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхантай уулзаж байсан бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцах хүсэлтэй залууст зөвлөгөө өгч байв. “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт аян”-ы хүрээнд зохион байгуулсан энэ өдөрлөгийн үеэр иргэд өөрт хэрэгтэй мэдээ, мэдээлэл, зөвлөгөө,  төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь нэг цэгээс авч чадсандаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Цаашид бүх яам, агентлаг тухайлсан нэг өдөр тус бүртээ нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм.

  • ЕРӨНХИЙ САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

    Дорнод аймагт гарсан гал түймрийг унтрааж байсан аврагчид харамсалтайгаар амь насаа алдсанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эмгэнэл илэрхийллээ. Ерөнхий сайд эмгэнэлдээ “Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтрааж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн  гурван гал сөнөөгч амиа алдаж, зарим аврагч түлэгдэн, эрүүл мэндээрээ хохирлоо.

    Аврагчдын гэр бүл, ах дүү, найз нөхөд, онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байна. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эд хөрөнгө, газар нутгаа алтан амиараа авран хамгаалсан зоригт хөвгүүдээрээ эх орон, ард түмэн нь үргэлж бахархан дурсаж байх болно” гэлээ.

  • Төрийн байгууллагууд хувийн компаниас хандив, санхүүгийн дэмжлэг авахыг зогсооно

    Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг дэмжихэд Засгийн газар онцгой анхаарч байгаа. Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахалдаг бөгөөд санаачлигыг  хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг тасралтгүй, тогтвортой ажилладаг. Энэхүү зөвлөл нь Засгийн газар, компани, төрийн бус байгууллагын гэсэн гурван талын хамтын ажиллагааг хангасан төдийгүй хамтарч үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй явуулж болдгийг харуулсан засаглалын нэг хэлбэр юм.


    Уул уурхайн орлого хэдээр нэмэгдэж, тэр орлого хаашаа орж, юунд зарцуулагдаж байгаа, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд  байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа зэрэг асуудлыг олон талаас нь үндэс судалгаатай гаргаж  тавих, байгалийн нөөцийг үнэлэх, нэг үгээр хэлбэл, уул уурайн салбарын үйл ажиллагааг нийгэмд нээлттэй ил тод болгох нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилга хэмээх байгууллагын гол зорилго юм. Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг дэмжих Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж тус зөвлөлийн дарга, Ерөнхий сайд С.Батболд хурлыг нээж хэлэхдээ :

    – Манай Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд тус санаачилгын олон улсын баталгаажуулалтад орж, санаачилгыг хэрэгжүүлэх “нэр дэвшигч” орон байснаа 2010 онд “хэрэгжүүлэгч” дэлхийн 4 дэх орон болсон гэдгийг тэмдэглээд Үндэсний зөвлөл 3 удаагийн тайлан гаргасан бөгөөд энэ удаагийн хурлаараа  5 дахь тайлангаа хэлэлцэж байна гэлээ. Тайлан гаргаж байгаа болон тайланд хамрагдаж байгаа компанийн тоо жилээс  жилд нэмэгдэж байна. 2006 оны нэгдсэн тайланд 25 компани хамрагдаж байсан бол энэ удаагийнханд 101 компани орсон. Мөн тайлангаар илэрч байгаа зөрүү жилээс жилд багасч байна. Энэ бол Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг Монголд Улсад хэрэгжүүлж байгаагийн бодит үр дүн, сайн үзүүлэлт юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцолж байлаа.

    Үндэсний зөвлөлийн гишүүдийнхээ санал, зөвлөмжийг сонссоны дараагаар Засгийн газрын тэргүүн С.Батболд дараах зүйлүүдийг даалгавар болгож анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Ингэхдээ төрийн байгууллагууд ой, баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэхдээ хувийн компаниудаас хандив авахыг зогсоох нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлоод энэ талаар асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Харин цэцэрлэг, сургууль, соёлын төв зэрэг нийгмийн салбарт өгсөн хандивыг иргэдэд ил тод зарлаж мэдээлж байх шаардлагатай гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.      

    Мөн уул уурхайн салбарт лицензийн наймаа хэмээн газар авдаг, хайгуулын ажлыг зохих ёсоор гүйцэтгэлгүйгээр зөвхөн лиценз нэрээр наймаа хийдэг хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд хатуу анхаарууллаа. Үүний тулд өнөөдөр сул чөлөөтэй лицензгүй, орон нутгийн тусгай  хэрэгцээнд байгаа бүх газрыг Засгийн газрын нөөцөд авч, цаашид гагцхүү УИХ-ын шийдвэрээр Үндсэн чиглэлийн дагуу нөөцөөс гаргаж байх арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг ч тэрбээр тэмдэглэлээ.

    Засгийн газрын тэргүүн энэхүү хуралдааны үеэр Ашигт малтмалын газрын шинэ дарга Г.Алтансүхэд тусгайлан үүрэг өглөө. Ашигт малтмалын газарт бүтцийн өөрчлөлт хийж, ёс зүйтэй, хууль эрхзүйн хүрээнд ажиллах чадвартай хүмүүсийг ажиллуулахыг даалгалаа. Ашигт малтмалын газар авилгалд өртөмтгий, элдэв хэл аманд байнга орооцолдож байдаг. Үүнийг цэвэрлэх арга бол ёс зүйтэй, хуулийн мэдлэгтэй хүмүүсийг сонгон ажиллуулах юм гэдгийг анхаарууллаа.

    Гол усны эх бүрэлдэх газар, ой модны сав газар ашигт малтмал олборлохыг хориглох хуулийн хэрэгжилт удаашралтай байгаа. Ирэх долоо хоногт асуудлыг Засгийн газрын хуралд танилцуулж эхний 240 гаруй лицензийг цуцлах шаардлагатай гэдгийг ч мөн Засгийн газрын тэргүүн сануулаад энэ ажил дэндүү удаашралтай явж байгаад шүүжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн юм. Мөн стратегийн ач холбогдолтой орд газруудын нэмэлт жагсаалтыг УИХ-д оруулахгүй удаж байна гэсэн шүүмжлэл байна. Энэ бол зүй ёсны шүүмжлэл. Иймд ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлж өргөн барихыг үүрэг болголоо.

    Байгаль орчны асуудлаа нэгдүгээрт тавья, үүнд зохицсон төрийн бодлого, технологийн бодлого, эдийн засгийн шийдлүүдийг дэмждэг байхыг Засгийн газрын тэргүүн хэлээд ногоон хөгжил, ногоон хувьсгал, ногоон эдийн засаг гэж их ярьж байна. Үүнийг “моодны яриад” болноод өнгөрөх төдий биш бодит ажил болгохын тулд бодлогын зохицуулалтыг хэрхэн хийх вэ гэдэгт бодитой санал санаачилга, ажлыг санал болгохыг Үндэсний зөвлөлийн гишүүддээ зөвлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг практиктай шууд холбоно

    Өндөр мэргэжилтэй, өрсөлдөх чадвартай мэргэжлийн боловсон хүчнээ Монгол Улс өөрсдөө бэлтгэж чадаж байвал гадаадын мэргэжилтэн авах шаардлагагүй болно. Засгийн газраас мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, олон  арга хэмжээ авсны үр дүнд мэргэжлийн сургуулиудын хүчин чадал нэмэгдэж, иргэд, нарийн мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч мэргэжил эзэмших эрмэлзлэл өргөжин тэлсээр байгаа төдийгүй энэхүү боломж бүрдээд байгаа юм. Залуучуудын сурах боломжийг өргөтгөхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагуудтай уялдаа холбоотой байж, хамтран ажилахыг Засгийн газар зорьж байна. Хамгийн гол нь төгсөж гарч байгаа залуучууд ажлын байраар бүрэн хангагдсан байх, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлийг чадварлаг эзэмшсэн байх ийм боломжийг бий болгохын төлөө зорьж ажиллах учиртайг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлж байгаа юм.

    Монгол Улсын Засгийн газрын энэхүү бодлогыг хэрэгжүүлэх гол цөм нь Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл юм. Энэхүү зөвлөлийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд даргалдаг бөгөөд ээлжит хуралдаанаа өнөөдөр Төрийн ордонд хийлээ. Хурлаар тус зөвлөлийн 2011 оны үйл ажиллагааны тайлан, ирэх хичээлийн жилд суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоо болон сургалтын жилийн зорилтыг тодорхойллоо. Өнгөрсөн хичээлийн жилд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 19 мянган залуучууд суралцсаны 70 хувь нь ажлын байраар хангагджээ. Ирэх хичээлийн жилд нийт 76 сургалтын байгууллагад давхардсан тоогоор 204 мэргэжлээр 28000 гаруй хүн суралцахаар саналаа ирүүлснийг хуралдааны үеэр танилцууллаа.

    Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн  дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд “Сургалтын чанарт анхаарахаас гадна суралцлагчийг хувь хүн, бие хүн болж төлөвшихөд анхаарах шаардлагатай байгааг хэллээ. Мөн ажлын байраар хангагдсан 70 хувь гэсэн тоог нэмэгдүүлэх, 80, 90 хувьд хүргэхийн төлөө ажиллах учиртай гэдгийг анхаарууллаа. Үүний тулд дадлага давамгайлсан сургалтыг чанаржуулах шаардлагатай. Ингэхдээ суралцагчийг үйлдвэрлэлийн дадлага хийсэн аж ахуйн нэгж, үйлдвэрийн газартаа жинхэнэ ажилтнаар орох бололцоог хангахын төлөө хичээж ажиллах учиртайг хэлээд энэхүү бодлогыг дэмжсэн ажил олгогчид төрөөс ямар дэмжлэг үзүүлж болох талаар дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

    Мэргэжлийн сургалтын гол цөм нь үйлдвэрлэлийн дадлага. Сүүлийн жилүүдэд дадлага хийх бааз суурь сайжирч байгаа гэдгийг албаны хүмүүс тодотгоод өнөөдрийн байдлаар дадлагын 60 орчим хувийг сургалт үйлдвэрлэлийн төв дээрээ хийх боломжтой байгаа гэдгийг хэлж байлаа. Сургуулийн бааз, үйлдвэрлэлийн дадлага хоёр орчин нөхцөл зэргээсээ хамаарч эрс ялгаатай. Практик  дадлагаа хийсэн газарт нь ажилд оруулах нь тухайн хүнийг тогтвор суурьшилтай ажиллахад ихээхэн нөлөөлнө гэдгийг Шадар сайд онцлоод 2012-2013 оны хичээлийн жилийг  “Дадлагын сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх жил”-ээр зарлахаар энэхүү хуралдаанаас шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас  мэдээллээ.