Blog

  • Ерөнхий сайд С.Батболд ЮНИДО-гийн захирлыг хүлээн авч уулзлаа

    НҮБ-ын Үйлдвэр  хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла энэ сарын 7-8-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ЮНИДО-гийн ерөнхий захирлыг өнөөдөр хүлээн авч уулзахдаа “Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа гаргасан миний хүсэлтийн дагуу Монгол Улсын аж үйлдвэрийн бодлогын үндсэн чиглэл” судалгааны баримт бичгийг ЮНИДО өөрийн зардлаар хийж ирүүлсэнд талархаж байгаа гэдгээ тэмдэглэлээ. Энэхүү баримт бичигт тулгуурлан тус байгууллагатай томоохон хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавих болно  гэдгийгч мөн тэмдэглэлээ.


    Монголын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд ЮНИДО-гоос үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Ерөнхий сайд С.Батболд товч мэдээлэл өглөө. Монгол Улсын эдийн засаг хурдтай, эрчимтэй хөгжлийн замд орж байна. Эдийн засаг өнгөрсөн онд 17,3 хувийн өсөлттэй гарсан. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний олборлолт эрчимтэй өсөж, экспортын хэмжээ нэмэгдсэн нь энэ өсөлтөд нөлөөлсөн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд уул уурхайн салбарын хөгжлийн зэрэгцээ эдийн засгаа төрөлжүүлэн орлогын эх үүсвэртэй болох, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга,  дэд бүтэц, банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгаа гэдгийг дурьдлаа.

    Монгол хүн бүрийг ажлын байртай болгох, үүний тулд шинэ аж үйлдвэржилтийн бодлого явуулах зорилт тавиад байгаагаа хэлээд энэ зорилтыг хэрэгжүүжлэхэд ЮНИДО-гийн дэмжэг туслалцаа чухал болохыг  Засгийн газрын тэргүүн С.Батболд чухалчилж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайдыг цаг зав гарган уулзсанд ЮНИДО-гийн ерөнхий захирал, ноён К.Юмкелла талархаад энэ айлчлалынхаа үеэр Гадаад харилцаа, Хүнс, хөдөө аж ахуй, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдтай уулзах хөтөлбөртэй гэдгээ хэллээ. Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО-той хамтран хэрэгжүүлж байгаа Техникийн хамтын ажиллагааны цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаан загалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо

     

    Монгол Улсын Засгийн газар Үндэсний Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж нар гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа. Улаанзагалмайн нийгэмлэг нь аливаа улсад ганц байх зарчимтай, тусгай эрх бүхий байгууллага юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэрээ байгуулж байгаа нь нэг байгууллагын эрх ашиг, явцуу хүрээний асуудал огт биш. Монголын төр засаг хүмүүнлэгийн чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг бий. НҮБ-д гишүүнээр элсэхдээ ч Улаан загалмайн нийгэмлэгт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах үүрэг амлалт авсан байдаг гэдгийг энэ үеэр хэлж байлаа.

    Харамсалтай нь өмнөх хугацаанд Үндэсний улаан загалмайгаа бид  эрүүл мэндийн салбар мэтээр, төрийн бус байгууллагатай адилтган харилцаж төр улаан загалмайн хамтын ажиллагааны эрх зүйн тогтолцоог бүрэн зохицуулж чадаагүй ирсэн гэдгийг ч Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглэлээ. Төр засаг Улаанзагалмайтайгаа хамтран ажилладаг, төрөөсөө санхүүгийн дэмжлэг авч байж хүчирхэг хөдөлгөөн болж хөгждөг дэлхий нийтийн жишиг байдаг гэдгийг Ерөнхий сайд дурьдаад Засгийн газар хамтын ажиллагаагаа зөв тогтолцоонд оруулж шинэ шатанд гаргах, дэмжлэг үзүүлэх, чадамж чадавхийг нь  нэмэгдүүлэхийн тулд ийм гэрээ байгуулсан гэдгээ онцоллоо.

    300 гаруй мянган гишүүнтэй МУЗН-ийн дэргэдэх Залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөн нь 60 гаруй мянган гишүүнтэй ажээ. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг хүндэт гишүүнээрээ өргөмжиллөө. “Сайн санааны үзүүрт тос гэдэг. Хүүхэд залуучууд та бүхнээс эрч хүч, сайхан энерги цацарч байна. Өнөөдөр манай улсад ийм сайн сайхан сэтгэл хэрэгтэй байна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүндэт өргөмжлөл авсныхаа дараа хэлээд ийм сайн сайхны үрийг хүүхэд залуучууд та бүхэн тарьж байгаад баяртай байна гэлээ. Мөн сайн үйлсийн эгнээндээ элсүүлсэнд талархаад хүмүүнлэгийн үйлсийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

    Бусдын тусын тулд бие сэтгэлээ зориулж оюун санааны амар амгалан, энэрэл нигүүлслийг хайрлаж, хүмүүсийг ёс суртахууны шинэ хандлагад уриалан дуудсан хүмүүнлэгийн баатруудыг энэхүү арга хэмжээний үеэр мөн танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нигүүлсэнгүй үйлстнүүдийн шагналыг гардуулж баяр хүргэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • БАРУУН БҮСИЙГ ЭРҮҮЛ БҮС БОЛГОН ЗАРЛАХ АСУУДЛЫГ НААШТАЙГААР ШИЙДВЭРЛЭХЭЭ ХЭЛЛЭЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 5 дугаар сарын 3-ний өдөр манай улсад анх удаагаа айлчилж байгаа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Бернард Валлаг хүлээн авч уулзлаа. Мал аж ахуй салбар нь манай улсын эдийн засгийн гол тулгуурын  нэг төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод голлох  байр суурь эзэлдэг. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Энэ хүрээнд малчдыг мэргэшүүлэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, вакцинжуулах бодлогыг тэргүүн зорилтоо болгож, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Таван эрдэнэ”  зэрэг томоохон арга хэмжээг орон даяар  авч хэрэгжүүлж байгаагаа дуулгаад цаашид энэ чиглэлээр дэлхийн олон улсын байгууллагуудтай  хамтран ажиллахын чухлыг онцоллоо.


    Үүний дотор мал сүргийг өвчин, эмгэгээс эрүүлжүүлэх бодлогыг нэн тэргүүний зорилт болгон дэвшүүлж, баруун бүсийг эрүүл бүс нутгийн статуст хамруулан, олон улсын түвшинд зарлах ажлыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага ойрын хугацаанд судлаж, шийдвэрлэнэ гэдэгт илтгэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн энэ үеэр  илэрхийллээ. Ноён Бернард Валла энэ үеэр  “Өнөөдөр дэлхийн нийт байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэх болсон. Энэ ч утгаараа ориганик бүтээгдэхүүн үнэд орж байгаа энэ үед махыг эрүүлжүүлэх, эрүүл, цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргах асуудлаар манай байгууллага Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.

    Мөн тэрээр энэ оны 08 дугаар сард Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага өөрсдийн шинжээчдээ илгээж, баруун бүсийг эрүүл бүс болгон зарлах асуудлыг эцэслэнэ гэдгээ дуулгалаа. Түүнчлэн мал эмнэлгийн албаны бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаад баяртай байна гэлээ.

  • Ерөнхий сайд С.Батболд Манлайлагч оюутнуудад өөрийн нэрэмжит тэтгэлгийг гардууллаа

    Аливаа үе өөрийн сорилт боломжийг даван туулдаг, бидний үе шилжилтийн 20 жилийн гол ачааг нуруундаа үүрэн явж байгаа бол та  бүхний өмнө ардчилал зах зээлийн хоёр дах үе болох хөгжлийн тодорхой үеийг үүрэх хариуцлагатай цаг иржээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын эдийн засгийн хөгжил 17 хувийг даван яваа хамгийн хурдтай, хамгийн өндөр боломж руу чиглэж яваа энэ үед та бүхний өмнө энэ боломжийг бодит болгох ийм хариуцлагатай үе ирж байна гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын оюутны холбооноос зохион байгууулсан оюутнуудын чуулга уулзалтад оролцохдоо онцлон тэмдэглэлээ. Амралтын өдөр  буюу 2012 оны тавдугаар сарын 5-ны өдөр төрийн их танхимдаа  ирээдүйн боловсон хүчнүүд  ийн чуулсан бөгөөд өндөр хөгжлийн энэ торгон  агшинд залуучуудынхаа үгийг сонсч, Засгийн газартаа зөвлөмж өгч байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн талархаж байлаа.


    Монгол улсын хөгжил дэвшлийн олон боломж нөхцөлүүдийг ажил хэрэг болгох зүйл нь  өрсөлдөх чадвартай  Монгол толгой өөрөө юм гэдгийг тэрбээр онцлоод, оюутнуудын өмнө тулгарч байгаа нийгмийн олон асуудлыг Засгийн газар шийдэж байгааг ч энэ үеэр дурьдлаа. Түүнчлэн төрийн оролцооны зарим чиг үүргийг Монголын оюутны холбоонд шилжүүлэх боломжтойг, мөн тэдний байрны асуудлыг  шийдэхээр болсон нь оюутнууддаа барьсан бэлэг байв. Мөн энэ чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд С. Батболд 2011-2012 оны хичээлийн жилд сурлага, урлаг спортоор үеийнхнийгээ манлайлсан 46 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлгээ гардуулсан нь тэдэнд барьсан дараагийн  баярт мэдээ байлаа. МУИС-ийн оюутан Л.Лхагва-очир, ЭМШУИС-ийн оюутан Г.Мөнхтуул, “Ач” дээд сургуулийн оюутан Ц.Булган, СЭЗДС-ийн оюутан Э.Буянхишиг, Ховд Их сургуулийн оюутан Ц.Жаргалмаа, “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутан Г.Хандсүрэн нарын  улсын болон хувийн их сургуулийн хот хөдөөгийн салбарын оюутнууд Засгийн газрын тэргүүнийхээ нэрэмжит тэтгэлгийг  ийн хүртэж, тус бүр 800 мянган төгрөгийг гардан авлаа.

    1000 оюутныг хамарсан тус чуулга уулзалт “ Манлайлал-Оролцоо- хөгжил” сэдвээр болж, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор   зохион байгуулагдсан юм. Дөрвөн үндсэн сэдвээр салбар хуралдаанаа хийж, гарсан санал санаачилгыг нэгтгэн Монголын нийт оюутан суралцагчдад  илгээлт болон танилцуулахаас гадна  Засгийн газарт зөвлөмж болгон  хамтран ажиллах ажээ. Оюутан суралцагчдын нөөц бололцоонд тулгуурлах байгаль хамгаалах үндэсний Эко аян өрнүүлэх, сургалтын төлбөр сургалтын чанар шууд хамааралтайгаар өсдөг байх тогтолцоог бүрдүүлэх, эзэмшиж буй мэргэжлийн чиглэлийн дагуу  цалинтай дадлага, цагийн ажил хийх боломж бүрдүүлэх, оюутан суралцагчдын нийгэм дэх нэр хүндийг өсгөх зорилгоор сар бүрийн нэг өдрийг “Оюутны хөдөлмөрийн өдөр” болгон зарлаж, нийгэмд тустай бүтээлч ажлыг хийх, төрийн алба эрхлэх хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг цэргийн жинхэнэ албанд бэлтгэх, уул уурхайн орлогын хуваарилалтыг боловсронгуй болгож халамжийн тогтолцоог хязгаарлан номын сан, эрдэм шинжилгээний лаборатори зэрэг оюунлаг бодит хөрөнгө оруулалт руу чиглүүлэх, оюутан суралцагчдыг  хүү багатай зээлд хамруулж бизнес хийх боломжоор хангах зэрэг санал санаачилгууд уг чуулга уулзалтаас гарсан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Мэндчилгээ

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, ажиллагсад Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 

    ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн 1991 онд ху­ралдсан чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн 5 дугаар сарын 3-ныг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласнаас хойш дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй сэтгүүлчид энэ өдрийг өргөн тэмдэглэж заншжээ. Хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ухамсарлах, мэргэжлийн ёс зүйгээ дээдлэх ёстойг сануулах зорилго бүхий энэ өдрөөр Монголын сэтгүүлчид ч мэргэжил нэгт дэлхийн андуудтайгаа дуу хоолойгоо хүчтэй нэгтгэж ирлээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөд хувь нэмэр оруулах нь” сэдвийн дор тэмдэглэж орон орны ган үзэгтнүүд нэгдэж байна.

    Монгол Улсын Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг хангах, хараат бус сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө хэвлэл мэдээллийн салбарын бүхий л байгууллагуудтай нээлттэй, ил тод  хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг санаачлан УИХ-аар 2011 онд батлууллаа. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаад байна. Энэхүү хуулийн төслийг ойрын хугацаанд батлан гаргах нь хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа, цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэртэй юм. Энэчлэн ард түмний дуу хоолой, чөлөөт индэр болсон дөрөвдэх засаглалаа улам хөгжүүлэх, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохын төлөө төр, засгийн зүгээс анхааран ажиллаж байна.

    Монгол оронд чөлөөт хэвлэл хөгжиж, хэвлэлийн салбар өргөжиж, дөрөвдэх засаглалынхаа үүргийг нэр төртэйгээр биелүүлж ирсэн. Гэсэн ч олон улсын байгууллагын дүгнэлтээр манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтсан хэвээр байна. Ардчилал, эрх чөлөөний хэмжүүр болсон чөлөөт хэвлэлийн дархлааг бэхжүүлж, хэвлэл мэдээллийн “Бүрэн эрх чөлөөтэй” улс хэмээн бардам хэлэх өдрийг бэлгэдэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.   

    Ёс зүйтэй чөлөөт хэвлэл улам хөгжиж, сэтгүүлч Та бүхний үг үнэн, үзэг хурц байх болтугай.

             Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд

    2012-05-03

  • ХУВЬЦААГАА ХУДАЛДАХ БОЛ 05 ДУГААР САРЫН 20-НЫ ДОТОР ХҮСЭЛТЭЭ ГАРГАНА

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Энэ өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдах, төмөр зам барих, говийн бүс дэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зэргийн талаар хэлэлцэн шийдвэр гаргасан байна ~

    “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцууллаа. Энэ дагуу хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах иргэдийн хүсэлтийг 05 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон хүлээн авах болсон байна. Энэ хугацаанд хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй иргэд болон бэлэн мөнгө хэлбэрээр 1 сая төгрөгийн хишиг, хувиа хүртэх хүсэлт гаргаагүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг хувьцаа авах хүсэлтэй гэж тооцох боллоо. Хувьцаагаа худалдах иргэдийн судалгааг 06 дугаар сарын 01-ний дотор гаргахыг сайд Т.Гандид даалгалаа. Хувьцаа худалдахтай холбоотой мэдээллийг хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслээр олон нийтэд зарлан таниулах юм байна.

    ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

    “Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх концессын гэрээ болон  “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ. Энэ дагуу холбогдох сайд, агентлагын дарга нар холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулах үүрэг хүлээсэн байна. Мөн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах хугацаанд төрийн мэдлийн 51 хувийг төлбөртэй болон гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжоор хангах, хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалах асуудлыг дээрх гэрээнүүдэд тусгахаар боллоо.

    ЗАСГИЙН ГАЗАР ГОВИЙН БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    Тавантолгой, Оюутолгой орчмын газарт байгаль орчны үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлж, тухайн бүс нутгийн малчдын өвөлжөө, хаваржаа нь уул уурхайн эдэлбэр газарт орсон тохиолдолд нөхөн олговор олгох асуудлыг судлан, эрх зүйн орчин бүрдүүлэхийг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Мөн түүхий нүүрс, төмрийн хүдэрт экспортын татвар ногдуулах санал боловсруулж шийдвэрлүүлэх, “Замын-Үүд” боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолбор, зам талбайн өргөтгөл болон цогцолбороос гаалийн рентген хяналтын талбай хүртэлх 2.3 км хатуу хучилттай замыг энэ оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ.

    “Замын-Үүд” боомтод авто тээврийн хөдөлгөөн нэлээд түгжирдэг байна. Иймээс хяналт шалгалт явуулах талбайг өргөтгөх, ачааны машины шалган нэвтрүүлэх цогцолбороос БНХАУ-ын Эрээний боомт хүртэл 1 км, цогцолбороос төмөр замын шилжүүлэн ачих 3 дугаар терминал хүртэлх 8 км зам барих хөрөнгийг эхний хагас жилд багтаан зээл, тусламж, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах бүтцийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

    Иргэдийг сургах, ажлын байраар хангах тухай хуралдаанаар яригдсан байна. Энэ дагуу уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай мэргэжлээр ажилгүй иргэдийг бүртгэн мэргэжил олгох, мэргэшүүлэх, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд сургах, уул уурхай, бусад үйлдвэрт монгол иргэдийг ажилд оруулах зэрэг цогц арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

    ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮРИЙГ БАТАЛЛАА

    Энэ онд Засгийн газар тэтгэврийг 2 үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгуулсан билээ. Эхний ээлжинд тэтгэврийг 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 35 мянган төгрөгөөр нэмсэн. Тэтгэвэр нэмэгдүүлэх хоёрдах шатны арга хэмжээг тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор хэрэглэх цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох арга хэмжээтэй хамт хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Итгэлцүүрийг шинэчлэн батласнаар Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180 мянга 300 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 145 мянга 200 төгрөг болж байна.

    Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан энэ шийдвэрийг 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Ингэснээр одоогийн 165 мянган төгрөгийн дундаж тэтгэвэр 222,9мянган төгрөгт хүрч байна. Энэ нь өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 75 хувь, энэ оны 04 дүгээр сарын 01-ний байдалтай харьцуулахад 35 хувь, 2008 оныхтой харьцуулахад 2,3 дахин нэмэгдэж байгаа юм.  Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193,4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон. Эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 63 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48,9 мянган төгрөгөөр нэмэгдлээ. 

    ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ, МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОНО

    Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дээрх нэмэгдэл, мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг ирэх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтсон байна. “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, ажиллагсдад тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл, мөнгөн урамшлыг  сар бүр олгоно.  

    Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан, үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгох юм. Алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагад явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа ажилтанд тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувиар тооцсон нэмэгдэл хөлсийг дуудлагаар явсан тохиолдол бүрт олгож байх боллоо. Энэ шийдвэр нь эрүүл мэндийн  салбарынхны ажлын үр дүн дээшилж, тогтвор суурьшилтай, идэвх санаачлагатай, хариуцлагатай байх зэрэг олон хөшүүрэг бий болгоно гэж Засгийн газар үзэж байна. Түүнчлэн ажиллагсдын үндсэн цалин сард 10-15 хүртэл хувиар нэмэгдэн, нэмэгдлийн дундаж хэмжээ нь үндсэн цалингийн 38 хувь болж, ирэх оноос дундаж цалин нь 600 мянган төгрөгт хүрэх юм байна.

    Г.АЛТАНСҮХИЙГ АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОВ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргаар Галсангийн Алтансүхийг томиллоо. Г.Алтансүх нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Олон улсын харилцааны магистр. Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт судлаач багш, Тагнуулын төв газарт ахлах ажилтан, Тагнуулын ерөнхий газарт газрын орлогч дарга, хэлтсийн дарга, АНУ-д суугаа Элчин сайдын яаманд III нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан.

    Г.Алтансүх төрийн албанд 26 жил ажиллаж байгаа бөгөөд тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлагыг нь харгалзан Ашигт малтмалын газрын даргаар томилжээ.  Ашигт малтмалын салбарын асуудал өнөөдөр эдийн засгийнх гэхээсээ илүүтэй үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж байгаа учир Улсыг аюулаас хамгаалах сургууль төгсөн энэ салбарт ажиллаж олон жил ажилласан хүнийг томилж байгаа нь учиртай гэдгийг Засгийн газрын тэргүүн хуралдааны үеэр хэлж байлаа.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, төрийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр байнга эрчимтэй ажиллаж байхыг бүх сайд, Засаг дарга, агентлагийн дарга нарт даалгалаа. Мөн “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг мөрдөж хэвшүүлэх, нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл боловсруулахдаа сонирхлын бүлгийн саналыг тусгах, нөлөөллийн шинжилгээ хийх, шийдвэртээ жил бүр хяналт, шинжилгээ хийж, шинээр батлагдсан хууль, тогтоомжид нийцүүлэн тухай бүрт нь нэмэлт, өөрчлөлт оруулж байх, хуулиар тусгайлан эрх олгоогүй асуудлаар журам, дүрэм гаргах, эрх хэмжээгээ хэтрүүлэхгүй байхыг даалгажээ. Мөн нэр бүхий сайд нарын гаргасан зарим шийдвэр хууль, тогтоомжтой зөрчилдөж байгаа тул хүчингүй болголоо.
    • Өнгөрсөн онд аймаг, нийслэлийн ИТХ, Тэргүүлэгчдийн ажилд гарсан үр дүн, дэвшилттэй арга барил, цаашид анхаарах асуудлын талаар өгсөн чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг ИТХ-ын дарга нарт зөвлөмж болголоо. Мөн ажлаа шуурхай, ил тод явуулах, шийдвэр гаргах түвшинд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог өргөжүүлэх, орон нутгийн Хурлын сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж, сонгогчдыг идэвхтэй оролцох нөхцөл, бололцоогоор хангаж, дэмжлэг үзүүлэхийг зөвлөв.
    • Иргэний шинэчилсэн үнэмлэхний ажлын явц болон УИХ-ын сонгуульд шинэчилсэн үнэмлэх ашиглах боломжгүй болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага танилцуулав.
    • Энэ оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 4600 тонн үрийн улаанбуудайг газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд худалдахаар боллоо. Буудайн борлуулалтын орлогоор энэ оны 12 дугаар сард багтаан үрийн улаанбуудайн нөөцийг нөхөн бүрдүүлэхийг Шадар сайд М.Энхболдод зөвшөөрөв. Нэг тонн үрийн улаанбуудайг 680 мянган төгрөгөөр тооцож, 40 хувийн урьдчилгаатай олгох болсон байна. Энэ жил улсын хэмжээнд 318 мянган га-д улаанбуудай тарихаар төлөвлөжээ.
    • УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.
    • УИХ-ын гишүүн Я.Батсуурь Орон сууцны тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах, гишүүн П.Алтангэрэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулсан байна. Төслүүдийг хуралдаанаар хэлэлцэн хэд хэдэн саналыг уламжлахаар тогтлоо.
    • Гишүүн Р.Раш Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Э.Бат-Үүл, Батж.Батбаяр, Х.Тэмүжин нар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг хэлэлцэн, зарчмын хувьд дэмжиж тодорхой саналуудыг уламжлахаар болов.
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшилд байгаа 59 айлын 60-I, 60-II байрны орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь хувьчлахаар боллоо. 118 өрхийн 373 иргэн оршин суудаг дээрх хоёр байр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг юм.
    • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах стратеги, стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Төслийг хэлэлцэх явцад Засгийн газрын гишүүд санал хэлэхдээ согтуугаар автомашин барьж байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэдгийг тэмдэглэж байлаа.
    • Түшээт хошой Чин ван, Түр Засгийн газрын тэргүүн, Сангийн анхны сайд Г.Чагдаржавын хөшөө дурсгалын цогцолборыг “Чагдаржав сан” өөрийн хүч, хөрөнгөөр Дундговь аймгийн төвд босгосон байна. Иймээс энэ санд Засгийн газрын нөөц сангаас тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэх боллоо.
    • “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох нь зүйтэй гэж үзэн УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. Олон улсын академи нь авлигын эсрэг сургалт, судалгаа явуулах, мэргэшсэн шинжээчдийн бүлэг бий болгох зэрэг үндсэн 5 чиглэлээр ажиллах юм байна.


  • БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу тэргүүтэй төлөөлөгчдийг 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа.  Хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт амжилттай өргөжин тэлж байгаа энэ үед эрхэм зочны айлчлал болж байгаа нь ач холбогдолтой гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Дөнгөж сая хоёр улсын эрүүл мэндийн сайд нар эрүүл мэндийн яамд хоорондын дөрвөн жил хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь  чухал арга хэмжээ боллоо гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод, БНХАУ-ын Засгийн газраас биеийн тамир, спортын цогцолбор барихад гүн туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийллээ.

     

    Цаашид ч Монгол улс ийм цогцолборууд барих төлөвлөгөө бий бөгөөд энэ тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр хөндөн ярилцав. Түүнчлэн хоёр улсын эмнэлэгийн салбарын хамтын ажиллагаа, түүний дотор боловсон хүчин, сургалтын асуудал дээр нягт хамтран ажиллахаас гадна уламжлалт эмнэлэгийн салбарыг ч орхиж болохгүйг тэмдэглэж байсан юм. Харин эрхэм зочны хувьд анх удаагаа монгол улсад  албан ёсны  айлчлал хийж байгаадаа баяртай байна гэлээ.  Монгол улсын  ЭМЯ-н дээр хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь манай хоёр улсын хамтын ажиллагаа улам хөгжин тэлж байгаагийн том жишээ гэдгийг тэмдэглэлээ. Мөн түүний айлчлалын бүрэлдэхүүнд ӨМӨЗО-ны эрүүл мэндийн газрын төлөөлөгчид ч явж байгааг дуулгасан юм.

    Хоёр улсын эрүүл мэндийн  яамд нь  хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар халдварт өвчний тандалт судалгаа, уламжлалт анагаах ухаан, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр хамтран ажиллах юм байна. Мөн хоёр улсын хилийн шугамын дагуух нутаг дэвсгэрт шинээр болон сэргэж буй халдвар, бэлгийн замаар дамжих халдвар болон бусад халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийх, судалгааны үр дүнг харилцан хуваалцаж ажиллахаар болж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


  • ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ДАХИН 23 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

    Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэврийг нэмэх зорилт тавьсан. Энэ дагуу энэ оны 2 дугаар сарын 1-нээс цалинг эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр нэмсэн бол дараагийн шатанд буюу 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмж байна. Ингэсээр цалин нийтдээ 53 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд дундаж цалин 630 мянган төгрөгт хүрлээ. Дундаж цалин 300 мянган төгрөг байсан 2008 онд Засгийн газар цалинг 20 хувь, 2010 онд 30 хувиар нэмж 2011 оны байдлаар 410 мянган төгрөгт хүргээд байсан юм.

    ЗАСГИЙН ГАЗАР ДУНДАЖ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 222 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОЛОО

    Засгийн газар 2012 оны 5 дугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоо байгаа 165,0 мянган төгрөгийн дундаж тэтгэврийн хэмжээ 222,9мянган төгрөгтхүрлээ. Энэ нь өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 75 хувь, энэ оны 4 дүгээр сарын 1-ний байдалтай харьцуулахад 35 хувь, 2008 оныхтой харьцуулахад 2,3 дахин нэмэгдэж байгаа юм. Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193,4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон. Эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 63,0 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48,9 мянган төгрөгөөр нэмэгдлээ.

    Хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180,300 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 145,200 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоохоор төлөвлөж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийнитгэлцүүр батлах, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг Засгийн газар энэ долоо хоногийн хурлаараа хэлэлцэх юм. Ийнхүү С.Батболдын Засгийн газар цалин, тэтгэвэр,зарим тэтгэмжийг нэмэх  амлалтаа биелүүллээ.