
Blog
-
Эдийн засгийн боломжийг бодит ажил болгоход ТОП-уудын үүрэг их гэдгийг Ерөнхий сайд онцоллоо
Монгол Улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийн улс орныхоо эдийн засаг, бизнесийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж дүгнэдэг ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалт арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож шилдгүүдэд шагнал гардууллаа. Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэн бүтээж байгаа та бүхний хичээл зүтгэлийн үрээр өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 17,3 хувьтай гарсан нь түүхэн явдал боллоо гэдгийг Ерөнхий сайд үгийнхээ эхэнд тэмдэглээд энэ бол монголчууд бидний тэр дундаа бизнес эрхлэгчид та бүхний амжилт, хамтын бүтээл юм гэлээ.

Монгол Улсын эдийн засаг энэ эрчээрээ өсөх хандлага, төсөөлөл байна. Энэ бол Монгол Улс, монголчууд бидний бол том боломж. Энэ боломжийг бодитой болгох гол хүч нь бизнес эрхлэгч, баялгийг бүтээгч та бүхэн юм. Гэхдээ энэ боломжийг бодит зүйл болгох хамгийн том хариуцлагыг Засгийн газар үүрэх учиртай. Эдийн засгийн хөгжлийн боломжоо урт хугацаанд тогтвортой, бизнесийн орчныг таатай, өрсөлдөх чадвартай байлгах, бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх бодлого гаргах нь Засгийн газрын үүрэг гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод энэ бодлогынхоо суурийг тавьж хэрэгжүүлж байна. Улам эрчимжүүлэх шаардлага байгаа гэдгийг дурдлаа.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уриаллаа. Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг энэхүү арга хэмжээг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Засгийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 дэх удаагаа боллоо. ТОП аж ахуйн нэгжүүдийг амжилт бүтээл, тогтвортой үйл ажиллагаа, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрээр нь шалгаруулдаг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ДАХИН 23 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ
Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэврийг нэмэх зорилт тавьсан. Энэ дагуу энэ оны 2 дугаар сарын 1-нээс цалинг эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр нэмсэн бол дараагийн шатанд буюу 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмж байна. Ингэсээр цалин нийтдээ 53 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд дундаж цалин 630 мянган төгрөгт хүрлээ. Дундаж цалин 300 мянган төгрөг байсан 2008 онд Засгийн газар цалинг 20 хувь, 2010 онд 30 хувиар нэмж 2011 оны байдлаар 410 мянган төгрөгт хүргээд байсан юм.
ЗАСГИЙН ГАЗАР ДУНДАЖ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 222 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОЛОО
Засгийн газар 2012 оны 5 дугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоо байгаа 165,0 мянган төгрөгийн дундаж тэтгэврийн хэмжээ 222,9мянган төгрөгтхүрлээ. Энэ нь өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 75 хувь, энэ оны 4 дүгээр сарын 1-ний байдалтай харьцуулахад 35 хувь, 2008 оныхтой харьцуулахад 2,3 дахин нэмэгдэж байгаа юм. Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193,4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон. Эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 63,0 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48,9 мянган төгрөгөөр нэмэгдлээ.
Хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180,300 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 145,200 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоохоор төлөвлөж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийнитгэлцүүр батлах, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг Засгийн газар энэ долоо хоногийн хурлаараа хэлэлцэх юм. Ийнхүү С.Батболдын Засгийн газар цалин, тэтгэвэр,зарим тэтгэмжийг нэмэх амлалтаа биелүүллээ.
-
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД АЛТАН МӨРДӨСТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсад цэргийн цол-генерал цол бий болсон өдрийг тохиолдуулан Засгийн газрын тэргүүн С.Батболд 2012 оны 4 дүгээр сар 27-ны өдөр генералуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий гэдэгчлэн тэрхүү цэрэг эрсийн мөрөөдлийг бодит биелэл болгож чадсан генералууд та бүхнээр цэрэг эрс, Монголчууд бид үргэлж бахархдаг хэмээн Ерөнхий сайд С.Батболд алтан мөрдөстнүүдтэй уулзах үеэрээ тэмдэглэлээ. Мөн тэрээр энэхүү өндөр хариуцлагатай үүрэг, нэр төрөө өргөж явахын зэрэгцээ цаашид улс орны хөгжил дэвшил, батлах хамгаалахын шинэчлэлд өөрсдийн хувь нэмрийг оруулан, хойч үе шинэ залуу офицеруудад арга туршлагаа харамгүй хайрлан, төр засаг, ард түмэндээ өмөг түшиг болж явна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар зэвсэгт хүчин, тэр дотроо зэвсэгт хүчний сор болсон генералуудын асуудлыг бүхий л талаар дэмжиж ирсэн төдийгүй цаашид ч энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал генерал цолны нэмэгдлийн асуудлыг УИХ-ын тогтоолын түвшинд бус хуулийн төсөл боловсруулж, шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын тэргүүний хувьд дэмжинэ гээд төслийг ойрын хугацаанд боловсруулахыг салбарын сайдад үүрэг болголоо.
1944 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анх генерал цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Эрэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 хүнд олгосон түүхтэй. Эдүгээ энэ эрхэм хүндэт цолыг 158 хүн хүртээд байна.
-
ИРЭХ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 15.2 ХУВЬТАЙ БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~
Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт, энэ салбарын бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл, мал аж ахуйн салбарын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 15.2 хувьтай байна. Үүнд уул уурхайн салбарын өсөлт 24.8, уул уурхайн бус салбарынх 13.3 хувь байна гэж Засгийн газар үзлээ. Эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувийн бодит өсөлттэй гарсан нь уул уурхайн бүтээн байгуулалт, гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээл дэх өндөр үнэ, цаг агаарын таатай байдалтай холбоотой байлаа.
Тэгвэл ирэх онуудад эдийн засаг өсч байгаатай холбоотойгоор инфляци 13.1 хувьтай байх таамаглал дэвшүүлсэн байна. Цаашид суурь инфляцийг барих Засгийн газрын бодлого, арга хэмжээ, эрэлтийг дэмжих бодлого барихгүй гэвэл инфляцийг нэг оронтой тоонд оруулах боломжтой гэсэн эерэг төсөөлөл гарчээ. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт үргэлжлэх, дэд бүтэц, бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хөрөнгийн урсгал, алт, зэсийн дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ өсөх зэргээс шалтгаалан валютын ханш ирэх онуудад чангарах төлөвтэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн /Хүний хөгжил сангийн тухай гэх мэт/ төслийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, гишүүдийн гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
ЗАСГИЙН ГАЗАР ӨНГӨРСӨН САРД АЧААЛАЛ ИХТЭЙ БАЙЖЭЭ
Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Өнгөрсөн сард Засгийн газрын хийсэн ажлыг дүгнэвэл ачаалал ихтэй, энэ хэрээр улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй олон томоохон шийдвэр гаргасан сар болж өнгөрчээ. Засгийн газар тайлант хугацаанд иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийн хишиг, хувийг 06 дугаар сарыг дуустал хүртээхээр шийдвэрлэсэн. Мөн 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон 16 хүртэлх насны хүүхэд, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан нь тогтоогдсон 16 насанд хүрсэн иргэнд “Хүний хөгжил сан”-гаас олгох нэг сая төгрөгийг энэ оны 2 дугаар улирлын сар бүрийн сүүлийн хагаст хуваан олгохоор болсон юм.
Түүнчлэн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд барих “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалтыг баталжээ. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Төмөр замын салбарт авах зарим арга хэмжээний тухай”, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай хэлэлцэн тодорхой шийдвэр гаргасан байна. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан саналыг судлан үзээд зарим их, дээд сургууль, коллежи болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлагатай харилцан тохиролцож, хичээлийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулах болжээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын танилцуулгаас үзвэл манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого энэ оны 2 дугаар сарын гүйцэтгэлээр 674.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 41.7 тэрбум төгрөгөөр буюу 5.8 хувиар давж биелжээ. Энэ нь 2011 оны мөн үеэс 207.1 тэрбум төгрөг буюу 44.3 хувиар өссөн гэсэн үг юм. Нэгдсэн төсвийн зарлага 2012 оны 2 дугаар сарын гүйцэтгэлээр 1425.5 тэрбум төгрөг зарцуулахаас гүйцэтгэлээр 682.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн нэгдсэн төсвийн зарлагын 47.9 хувийг санхүүжүүлсэн байна. Засгийн газар өнгөрсөн сард 6 удаа хуралдаж, 55 асуудал хэлэлцэн 16 асуудалтай танилцжээ. Үүнээс 33 асуудлыг Засгийн газрын тогтоолоор, 34 асуудлыг тэмдэглэлээр, 2 асуудлыг Ерөнхий сайдын захирамжаар шийдвэрлэсэн байна.
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан “Нийгмийн салбарыг дэмжих” хөтөлбөрийн хоёрдахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хоёрдахь шатны санхүүжилтийн хүрээнд 1 тэрбум 550 сая иен буюу ойролцоогоор 20 сая ам.доллар авах боломж бүрдээд байна. Энэ хөрөнгийг макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн үр ашгийг дээшлүүлж, ядуу иргэдийг хамгаалах шинэчлэл хийх, эмийн үнийн хөнгөлөлтийн хүрээг нэмэх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс санхүүжүүлэх болон сурагчдын сурах бичгийг төрөөс даах ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, хүүхдийг тэжээлийн дутагдлаас сэргийлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн өргөн хүрээний хомсдол үүссэн үед шаардлагатай вакцин эм, эмнэлгийн бусад хангамж нийлүүлэх тогтолцоо бий болгох, гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг цогц ажилд зарцуулахаар тохиролцоод байна.
АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд зайлшгүй буулт хийсэн тохиолдолд хилийн хяналтыг гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зохицуулалт бүрдүүлэх, холбогдох журмыг боловсруулан баталгаажуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын паспорт хяналтын нэгдсэн сүлжээний программ хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг шуурхай шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.
Түүнчлэн агаарын тээврийг хялбаршуулахтай холбогдсон үйл ажиллагаа, арга хэмжээ нь аялал жуулчлал, олон улсын худалдааны хөгжилд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох, үнэлгээ өгөх боллоо. “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр” 181 заалттай бөгөөд 2011 оны байдлаар 154 заалт бүрэн хэрэгжиж, 21 заалт 30-90 хүртэл хувийн биелэлттэй, 6 заалт хэрэгжээгүй байна. Хөтөлбөрийн дундаж хэрэгжилт 92 хувьтай гэсэн тооцоо гарчээ.
ТОВЧ МЭДЭЭ
- УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо. Гишүүн Д.Одхүү хотын захын гэр хорооллоос төвийн сургуульд суралцдаг сурагчдыг тээвэрлэх, тусгай зориулалтаар тоноглосон автобус худалдан авч хилээр оруулахад дээрх төрлүүдийн татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлдөө тусгасан байна.
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг дэмжин гишүүдээс гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөл 7 бүлэг 28 зүйлтэй бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн төсөөлөл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.
- Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого, Мянганы хөгжлийн зорилтод үндэслэн боловсруулсан 73 үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 75.4 хувьтай, төсвийн болон гадаад орны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа 129 төсөл 85.5 хувийн биелэлттэй байна.
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцсэн байна.
- “Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг үнэлэх, зарцуулах журам”, “Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсний талаархи мэдэгдэл”-ийн маягтыг баталлаа.
- Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн ажлын явцын талаар сайд Ц.Дашдорж танилцууллаа. Нисэх буудлын шавыг энэ сарын 23-ны өдөр тавьсан бөгөөд 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Манай улс Хөшигийн хөндийд 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугам татаж, дэд өртөө байгуулах, хурдны замаар холбох, нисэх буудлыг холбоо, мэдээллийн шилэн кабелиар холбох ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх юм.
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг 18 мгв-ын цахилгаан станц, цэвэр усны эх үүсвэрийн барилга, байгууламжийг цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авлаа.
- Үндэсний төв архивын шинэ цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орохтой холбогдуулан шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах нийт 5.1 тэрбум төгрөгийг энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Мөн архив болон стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж нэмж авахад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахаар болжээ.
- Үндэсний номын сангийн шинэ барилга барихад шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгах, бусад эх үүсвэр бий болгон хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шинэ барилга барихад урьдчилсан байдлаар 16 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байна.
- Энэ оны Төвийн тухай хуульд тусгагдсаны дагуу “Мэдээлэл холбооны сүлжээ” компаниас 6.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх, төвлөрүүлсний дараа хугацаа хэтэрсэн бусад өр, урт хугацаат зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөлтийг 4 жилээр хойшлуулахаар боллоо. Энэ нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, үйлчилгээний үнэ тарифыг бууруулах, хамрах хүрээг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх зорилготой юм.
- “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-ыг баталлаа. Дулааны цахилгаан станцын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад зориулж олборлосон нүүрснийхээ 70-аас доошгүй хувийг нийлүүлж, эрчим хүчний системийн нүүрсний нийт хэрэглээний 20-иос доошгүй хувийг дангаараа хангадаг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлөх, түүнчлэн дулаан хангамжийн эх үүсвэрт нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр нь түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс хөнгөлөх тухай журамд заажээ.
- Говь-Алтай аймгийн Тайшир, Дорноговь аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт байх газар хөдлөлтийг судлах сүлжээ станц байрладаг газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Тусгай хэрэгцээнд авсан газрын талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуулын талбайн эвдэгдсэн газарт зөвшөөрөл эзэмшигч этгээдээр нөхөн сэргээлт хийлгэж хүлээн авах юм байна.
- Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг энэ оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 15-нд явуулахаар боллоо. Тооллого нь мэдээллийн иж бүрэн систем бүрдүүлэх, салбарын төлөвлөлт, бодлого боловсруулалт, гарч байгаа шийдвэрийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдэд шийдвэр гаргах, ажлаа явуулахад зориулсан нарийвчилсан мэдээллийн эх үүсвэр бий болгох ач холбогдолтой юм.
- Энхийг сахиулагчдын олон улсын өдөр 5 дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ. Энэ дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээг орон даяар өргөн хүрээнд зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт даалгасан байна.
- Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилтыг Монгол Улсад зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болов.
- Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- ОХУ-ын Москва хотноо болсон М.И.Глинскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, Монакогийн Вант Улсын Монте Карло, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаан, АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцон тэргүүн болон хоёр, гуравдугаар байр эзэлсэн нэр бүхий уран бүтээлчдэд нийт 200 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо.
-
С.БАТБОЛД: ЦЭВЭР ОРЧИНД АМЬДРАХАД БИД БҮГДИЙН УХАМСАР, ҮҮРЭГ ОРОЛЦОО ХАМГААС ЧУХАЛ
Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлын нэг бол яах аргагүй хог хаягдал. Үүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхгүйгээс гудамж талбайд хог хаягдах, орчныг бохирдуулах, хотын өнгө үзэмжийг доройтуулах гээд олон сөрөг үр дагавартай. Гэтэл нийслэлд хог ачих автомашины хүрэлцээ муу, байгаа хэд нь хогтойгоо цуг хаягдахад хүрээд байна. Тэгвэл өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Цэвэр агаар сан”-гаас нийслэлийн 9 дүүрэгт Солонгос Улсын Hyundai үйлдвэрийн хог тээврийн тусгай зориулалтын 28 автомашиныг хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ Засгийн газар ард иргэдийнхээ тав тухтай амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө онцгойлон анхаарч, олон ажил хийж хэрэгжүүлж байгааг тэмдэглээд үүний нэг тод жишээ бол өнөөдрийн арга хэмжээ юм гэдгийг онцоллоо. Түүнчлэн энэхүү тусгай зориулалтын автомашин нь нийслэл хотын цэвэр цэмцгэр байдлыг хангахад ихээхэн тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна гээд хамгийн гол нь бид бүгдийн ухамсар, үүрэг оролцоо чухал гэдгийг хэллээ.
Хоггүй цэвэр цэмцгэр орчинд амьдрахын тулд шийдвэрлэх олон асуудал бий. Наанадаж хогийн цэгийг 24 цагийн ажиллагаатай болгож, гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Ерөнхий сайд энэ ажлыг 6-р сардаа багтааж дуусгахыг Байгаль орчин,аялал жуулчлалын сайд болон хотын удирдлагуудад үүрэг болгоод цаашид Улаанбаатар хотын хогны менежментийг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн хог боловсруулах үйлдвэр байгуулах, орчин үеийн стандартыг нэвтрүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг даалгалаа.
-
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хүсэлтэд хариу өгөв
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ ТАНАА
Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай
Монгол Улсын иргэдэд 1 сая төгрөг, хувьцаа олгох талаархи Улсын Их Хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх тухай Таны хүсэлттэй танилцан дараахь хариуг өгч байна.
Нэг. Юуны өмнө МАН-АН-ын хамтарсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх, хувьцаа эзэмшүүлэх талаархи зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх, хувьцаа гаргах талаархи Монгол Улсын хууль тогтоомжийг МАН, АН-ын хамтарсан Засгийн газраас олон удаа шийдвэр гарган хэрэгжүүлсэн. Засгийн газар аливаа томоохон шийдвэр гаргахын өмнө Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг томилж, тухайн асуудлыг эрх зүй, санхүү, эдийн засаг, мөнгөний бодлого, инфляци, хөрөнгө оруулалт, хүний хөгжил, нийгмийн хамгаалал зэргээр тал бүрээс нь судалж, бодлогын хувилбар боловсруулж хэлэлцэн шийдвэр гарган, хэрэгжүүлж, уялдуулан зохицуулж байсныг Та мэдэж байгаа.
Хоёр. АН Засгийн газраас гарсан ч манай Засгийн газар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтоо хэрэгжүүлэх, түүний дотор иргэдэд 1 сая төгрөгийн хишиг, хувь хүртээх, хувьцаа олгох талаар өмнө нь баримталсан бодлого, зарчмаа өөрчлөөгүй бөгөөд энэ хугацаанд Улсын Их Хурлаас баталсан болон Засгийн газраас гаргасан өнөөдөр мөрдөж байгаа хүчин төгөлдөр шийдвэрийг үргэлжүүлэн хэрэгжүүлж байгааг үүгээр нотолж байна.
Гурав. ”Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоол гаргаж, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн /олгох иргэний шалгуурыг журамд тодорхой заасан/-д 1.0 сая хүртэлх төгрөгийн хишиг, хувийг бэлнээр хүртээхээр шийдвэрлэж, Хүний хөгжил сангийн 2012 оны батлагдсан төсвийн хүрээнд энэ оны 2 дугаар улиралд багтаан сар сараар хуваан олгоно. Энд улсын төсвийн орлого жил бүрийн I улиралд хангалтгүй бүрддэг, мөн их хэмжээний мөнгө бэлнээр гаргавал инфляцийг нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг нөхцөлийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан болно. Энэхүү шийдвэрийн дагуу дээр дурдсан хүмүүст 1 сая хүртэлх төгрөгийн эхний хэсгийг олгохоор холбогдох яам, агентлаг бэлтгэлээ базааж, иргэд ч материалаа бүрдүүлж байгаа болно.
Мөн хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд тусгагдсан иргэнд сар бүр олгодог 21 мянган төгрөгийг (бэлэн мөнгөний хишиг, хувиа)уламжлал ёсоор олгож, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, оюутны сургалтын төлбөр зэрэг бэлэн бусаар олгох хөрөнгийг батлагдсан журмын дагуу зохион байгуулж байна.
Дөрөв. “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн Засгийн газрын 116 дугаар тогтоол гаргалаа. Уг тогтоолдИргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Улсын Их Хурлын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор тогтсон.
Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах иргэний хүсэлтийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах, Улсын Их Хурлын 2012 оны 39 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “б”-д заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжүүдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авах талаар өөрийн харьяалагдах татварын хэлтэст 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хувьцааг нэрлэсэн үнээр нь тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулах, аж ахуйн нэгжид худалдсан хувьцааны орлогоос бүрдэх хөрөнгийг иргэдээс худалдан авах хувьцааны төлбөрийг санхүүжүүлэх, эсхүл иргэдийн хүсэлтийг үндэслэн иргэдийн банкны зээл болон орон сууцны төлбөрт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийн талаархи саналыг Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр 2012 оны 5 дугаар сарын 1-ний дотор нэрлэсэн үнийг зохих журмын дагуу тогтоох, хувьцаагаа худалдах иргэдийн хувьцааг багцалж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах нөхцөл, боломжийн талаар судалж, Засгийн газарт танилцуулах зэргийг мөн уг тогтоолд заасан болно.

-
Хөшгийн хөндийд нисэх онгоцны шинэ буудал баригдаж эхэллээ
Монголын иргэний нисэхийн анхны онгоц хөөрч, нислэг үйлдэж байсан Хөшгийн хөндийд олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Улаанбаатар хотоос 60 гаруй км-ийн зайд тус шинэ буудал баригдах юм байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ буудлын шав тавих ёслолын ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт иргэний агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлж, Төв аймгийн Хөшгийн хөндийд олон улсын нисэх буудал байгуулж Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбоно гэж тусгагдсан нь ийнхүү биелэлээ олж байна гэдгийг онцоллоо.

Хур бууж, газрын хувьд шар тос болж байгаа энэ өдөр шав тавих ёслол болж байгаа нь их бэлэг дэмбэрэлтэй хэрэг болж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн энэ үеэр тэмдэглээд, хөгжилд түүчээ нэмсэн чухал арга хэмжээ гэдгийг ч хэлсэн юм. “Энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд манай Засгийн газар , Япон улсын олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2008 онд 28.8 тэрбум иений төсөвт өртөгтэй олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах хөнгөлттэй зээлийн гэрээ байгуулсан гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцлоод, энэхүү олон улсын шинэ буудал нь агаарын тээврийг олон улсын стандартын түвшинд хүргэж, иргэний агаарын тээврийн тогтвортой хөгжлийг хангахад онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.
Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг түшиглэн төмөр зам, авто болон ачаа тээврийг гүйцэтгэх томоохон төв бий болохоос гадна Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбогдох мөн наад зах нь 100 мянга гаруй хүн амтай шинэ дагуул хотыг бид барьж байгуулах болно хэмээн Ерөнхий сайд С.Батболд шав тавих ёслолын ажиллагааны үеэр онцолж байлаа. Түүнчлэн энэ шинэ буудлыг барьж байгуулснаар манай улсын нутаг дээгүүр өнгөрч байгаа баруун Европ, хойд Америкийг зүүн өмнөд Азитай холбосон агаарын замуудын нислэг буудаллах боломж нээгдэж, энэ нь Монголд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн ажлын байрууд олноор бий болж, бусад томоохон байгууламжуудад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орох таатай боломж бас нээгдэнэ гэдгийг ч дурьдлаа.
Төслийн хүрээнд үерийн усны хамгаалалт далангийн барилга байгууламж, цахилгаан дамжуулах 110 киловатт-ын шугамын болон холбоо мэдээллийн шилэн кабель татах бүтээн байгуулалтын ажил эхний удаад ийнхүү эхэллээ. Ёслолын ажиллагаанд Монгол улсын Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд, Д.Дондог болон Япон улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шимизү, Японы олон улсын хамтын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Исогой болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.
Тус ёслолын ажиллагааны үеэр лам хуврагууд ном гүрэм айлтгаж, хүндэт зочид тусгайлан бэлтгэсэн талбай дээр цай, арвай буудайны дээжийг өргөж, ёслол үйлдлээ. Шинэ буудал баригдсанаар онгоц хөөрч буух зурвас нь 2 талын оролт гаралттай болж, нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, үйлчилгээний хүрээ өргөжих, зорчигчдын ая тухтай аялах таатай нөхцөл бүрдэхээс гадна олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын тавьж буй шаардлага, стандартын түвшинд хүргэх зорилтыг биелүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа ажээ.
Нийтдээ 30 гаруй барилга байгууламжууд баригдах бөгөөд зорчигч үйлчилгээний терминал нь нэг цагт 1100 зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай байх юм байна. Иж бүрэн барилга байгууламжаас бүрдсэн олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор Аэродромын хяналтын код 4D-ээс 4E-д шилжих бөгөөд 2019 он гэхэд олон улсын болон дотоодын нислэгээр жилд 1 сая 650 мянган зорчигчдод үйлчилж, 11900 тн ачаа тээвэрлэдэг болох юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.